Захиа ирлээ.
Нэгэн монгол эмч, нэгэн монгол эр, нэгэн монгол ааваас бидэнд талархалын захиа иржээ хүмүүсээ! Үүнийг та бүхэндээ ямарч засваргүйгээр хүргэе. Шинэ оны өмнө сайхан мэдээ дуулгах сайхан юмаа.
Баярлалаа! ах дүү нар минь та нартаа баярлалаа
Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт монгол ахан дүүс та нартаа энэ өдрийн түмэн амгаланг эрэн мэндчилж байна. Намайг Ж.Оюунтөгс гэдэг. Би та бүхний сэтгэлийн их дэмээр өөрт тохиолдсон нэгэн баярт мэдээг дуулгах гэсэндээ яаран догдолж, хөл алдан баярлахын ялдамд та бүхэндээ баярлаж талархсанаа илэрхийлэх гэж энэхүү захиагаа бичиж сууна.
Хэдхэн сарын өмнө “Өөрийн хайрт ханьдаа тохиолдсон аюулт өвчнөөс ангижрахад (элэг шилжүүлэн суулгах хагалгаанд) сэтгэлийн дэмээ харамгүй туслаач” гэж интернэтийн эдгээр сайтууд болон сонингуудаар дүү Т.Бум-Эрдэнээрээ дамжуулан тусламж хүсэж байсныг санаж байгаа байхаа. Сайн санаат олон түмнийхээ буянд санхүүгийн асуудал маань бүтэж, хагаалгаанд ороод, одоо бараг хоёр долоо хоног өнгөрч байна. Хагалгаа маш амжилттай боллоо. Мэдээж бид цаашдаа маш хариуцлагатай байж, эмчилгээний горим барих хийгээд бас бус асуудлууд байгаа ч гэсэн бид хагас сарын өмнөхийг бодвол одоо тэс өөрийг бодож, сэтгэж, мөрөөдөх чадвартай болж чадсандаа маш их баяртай байна. Бид одоо ирээдүйг гэрэл гэгээтэйгээр харж, гурван хүүхэдтэйгээ элэг бүтэн амьдрах итгэл дүүрэн боллоо. Тиймээ! Хань минь бидэндээ, үр хүүхэддээ, наддаа эргэн ирлээ. Үүн шиг аз жаргал гэж үгүй бизээ. Шинэ оны босгон дээр муу муухай бүхнийг ардаа хийж чадсандаа баярлаад, баярлаад ханамгүй. Энэ бүхэн бол та бүгдийн минь ихийг их, багыг бага гэлтгүй хайрласан сэтгэлийн дэмээр бүтсэн гэдгийг бид хэзээ ч мартахгүй. Та бүхний минь сэтгэлийн дулаан илч биднийг ивээлээ. Бидэнд шинэ амьдрал бэлэглэсэн монгол ахан дүүс та нартаа өөрийнхөө өмнөөс, хүүхдүүдийнхээ өмнөөс, ах дүү хамаатан садныхаа өмнөөс, хамгийн гол нь өдөр өдрийн нарыг шимтэн харж, өөрөөс тасарсан алаг үрсээн тэврэх, өнгө алаг хорвоогийн амьдралын агшинг ахин амсах хувь тохиосон ханийнхаа өмнөөс баярласан талархсанаа дахин дахин илэрхийлж байгааг минь хүлээн авна уу.
Би өөрөө эмч хүн. Ард түмнийхээ эрүүл энхийн манаанд цаашдаа өөрийн мэдэх, чадах бүхнээ дайчлан бүх чадлаараа ажиллах болноо.
Ингээд монгол ахан дүүс та нартаа шинэ ондоо хамгийн гол нь эрүүл энх, уужуу саруул байж, өөрсдийн эрхэлж, зорьж буй үйлсдээ улам их амжилт олж, хоорондоо эвтэй найртай, бие биендээ хайртай байхын ерөөлийг дэвшүүлье!
Шинэ жилийн баярынхаа цэнгүүнд оролцож, шинэхэн цасны доор дуу хуур хөөр баясалаар дүүрэн цэнгэж, хөгжмийн хөнгөн эгшгэнд хөгжилдөнхөн, эргэлдэнхэн бүжицгээгээрэй.
Мэхийн ёсолсон: Ж.Оюунтөгс .Ж. Чулуунцэцэг, хүү: О.Оч, охин: О.Солонго, бага хүү: О.Баясгалан болон ээж, ах дүү нараас нь.
Бид “хүний амь аварлаа” хүмүүсээ! Үүнээс илүү сайхан үйл гэж хаа байхав дээ. Та бүхэндээ ах дүүсийнхээ өмнөөс баярлаж талархаж байгаагаа илэхийлье.
Т.Бум-Эрдэнэ 25.12.2008
Бүрэн эхээрээ...
Сэтгэлийн дэм - 6 буюу захиа ирлээ
Зүрх (Өгүүллэг)
“Яг л нүд зовхи хоёрын завсраар гүйгээд байх юм. Ямар сонин юм бэ. Тэг дугираг, цагираг хэлбэртэй юм гээч” гэж бодон бүсгүй сэргэлээ. Тэрээр зөөлхөн, алгуурхан нүдээ нээлээ. Их л гэрэлтэй өрөө байх ажээ. Тэр дээр, бүүр дээр бөв бөөрөнхий, цав цагаан гэрлийн бүрхүүл байна. Өөр юм харагдсангүй. Нүдэнд нь харагдаж буй бүхэн мэлийсэн цагаан. Тэгтэл тэртээ хол юмуу эсвэл тэрүүхэн тэнд юмуу хүмүүсийн ярих нь бөглүүхэн сонсогдов. - Ухаан орлоо. Сэрлээ. Нүдээ нээлээ гэцгээнэ. “Тийм байна. Би сонсоод байгаа юм байна” Бүсгүй зовхио алгуурхан, бүр аажуухан буулгалаа. Гэтэл зовхин завсар нь гэрлийн бүрхүүлийн бөөрөнхий дүрс яг л хар цагаан гэрэл зургийн хальс шиг эсрэгээр бүрэлзэнэ. Наагуур нь түрүүний цагираг хэд хэдээрээ дээш доош гүйж харагдана. Нүдээ гараараа удаан нухсаны дараа нэг тэгдэг дээ, яг тэрэн шиг. Тэгтэл гэнэт тэнцвэр алдаж эхлэв. Харанхуй ангал руу хариугүй уначих гээд байх шиг санагдан тэнцвэрээ олох гэсэндээ хоёр гараа сарвагас хийлгэн арай хийж тогтлоо. Дэргэд нь байгсад
- Хүүе! хараа, хуруу нь хөдлөх шиг боллоо гэх нь сонсогдов. “Хүн унах гээд байдгаараа хичээн тэнцэж байхад чинь” гэж гоморхон багынхаа зангаар уруулаа унжуулах гэсэн чинь аманд нь юу ч юм зуулттай байх юм. Нүдээ нээтэл гэрлийн бүрхүүл арай тодорчээ. Гэрэл тодрох тусам нүдний угаар хатгуулан жирвэгнэнэ. Дахин нүдээ зугуухан анилаа. Дахиад л өнөөх цагирагууд хэд хэдээрээ хөвнө.
“Юу билээ. Би ингэхэд хаана байгаа билээ? Аан! тийм, эмнэлэгт шүү дээ. Яагаад эмнэлэгт гэж? Нээрээ би чинь хагалгаанд орж байсан шүү дээ. Тийм, тийм хагалгаа. Тэгвэл би амьд гэж үү? Аль эсвэл бүүр холын хол яв. . . чих. . . сан . . . гэж үү
Үгүй ээ, үгүй. Арай үгүй байлгүй дээ. Хурдхан мэдэх юмсан. Ээжээ! ээжээ! Та хаа байнаа” Энэ үед зүрхний аппаратын дүүд! дүүд! гэх дохио хурдсав. Бүсгүйд зах хязгааргүй харанхуй хонгил руу хашгирч, тэндээс хөндий хоосон цуурай эргэн ирж байх шиг мэдрэмж төрж байлаа.
“Ямар аймаар юм бэ? Би айж байна . . . айж байна. Би үхчихсэн юм гэж үү. Энэ яриад, дүнгэнэлдээд байгаа хэн юм бэ? Би сонсоод, ойлгоод байна шүү дээ. Эд л намайг хашгираад байхад сонсохгүй юм. За байз, байз. Түр хүлээе. Учир нь олдох байгаа”
Дахиад нүдээ анилаа. Гэрлийн бүрхүүл хар дүрс болон зовхинд үлдэнэ. Өнөөх ижил дасал болсон цагирагууд хөвсөөр байна. Хоорондоо мөргөлдөөд хоёр тийшээ ойж байна гээч. “Эрэгтэй хүний дуу гарч байна. Энэ хэн бэ? Эрхэмээ минь энэ чи мөн үү” Дээрээс нь хүн тонгойх шиг болов. “Эрхэмээ мөн байгаасай” Түүний аниатай зовхинд халуун амьсгаа мэдрэгдэв. “Энэ Эрхэмээгийн үнэр биш байна. Би хаа ч байсан түүнийхээ үнэрийг мэднэ”
- Энэ охин сэргэлээ. Одоо удахгүй орчноо мэдрэх болно гэж хэн нэг нь хэллээ. Нүдээ аажуухан нээлээ. Тиймээ түүний дээрээс амны хаалт зүүсэн гурван хүн тонгойж байлаа. Тэдний толгойны хажуугаар бөв бөөрөнхий гэрлэн бүрхүүл тэртээ дээр харагдана. Түрүүчийнхийг бодвол бүсгүй бүгдийг тодоор харж байв. Тэд бүгд нүүр нь битүү учир хэн нь хэн бэ гэдэг нь мэдэгдэхгүй байх нь нэг л аймаар.
Бүсгүй хамгийн түрүүнд нөхрөө хайлаа. “Эрхэмээ! чи хаана байнаа? Би эргээд ирлээ шүү дээ хань минь. Нээрээ! Хань минь гэснээс би чинь хүүтэй шүү дээ. Хүү минь, хүү минь. Миний хүү!. . .” гэж байдгаараа хашгирлаа. Гэвч нөхөр хүүхэд нь байтугай чанх дэргэд нь байгаа хүмүүс түүний хашгирахыг сонсохгүй байлаа. Харин дийд! дийд! гэж ойрхон дуугарахыг сонсож, дэлгэцэн дээр гүйх ногоон гэрэл рүү анхаарцгаана. Дараа нь аавыгаа, ээжийгээ дуудлаа. “Ээжээ! ээжээ! эд нар намайг сонсохгүй байна шүү дээ. Та хаана байгаа юм бэ? Охин нь энд байна, Эргээд ирлээ” Бас л хариу алга. Яагаад ч юм бүсгүй энэ л дарааллаар бүгдийг дуудлаа. Амьдрал яагаад ийм дараалал тогтоодог юм бол бүү мэд.
Тэдний хэн нь ч энэ өрөөнд байсангүй. Тэд хүлээлгийн өрөөнд байлаа. Хүү нь машин түрэн тоглож, нөхөр нь тамхи татан цонхоор ширтэж, аав нь ээжийг нь “Ядаж чи минь тайван бай” гэж тайтгаруулж, ээж нь л харин “Охин минь! охин минь!” гэж дуудан “бурхан минь! охины минь оронд намайг аваач” гэж зай завсаргүй шивнэж байсан юм.
Энэ бол зүрх шилжүүлэн суулгах хагалгаа амжилттай дууссаны баталгаа, бүсгүйг сэрээх үеийн дүр зураг. Тиймээ! бүсгүй бүрэн сэрлээ. Одоо энэ зүрхийг өөрийн болгож авах нь бүсгүйн бие махбодь болон сэтгэл санаанаас ихэнх хувь нь шалтгаалах хэрэг. Бүсгүйн дээрээс эмч тонгойн
- Урнаа чи намайг харж байна уу? “Тиймээ би харж байна. Гэхдээ та хэн бэ? би танихгүй байна” Гэвч эмч сонссонгүй
- Би ойлгож байнаа. Чи одоохондоо ярьж чадахгүй. Тэгэхээр чи миний асуусан асуултанд нүдээрээ хариулаарай. Чи чинь маш хөөрхөн нүдтэй охин байна шүү дээ. Тэгэхээр чи чаднаа гэж зоригжуулаад
- “Тийм” гэхээр нэг удаа, “Үгүй” гэхээр хоёр удаа нүдээ цавчаарай за юу гэж зөөлхөн хэллээ. “Яагаад заавал нүдээрээ гэж. Би яриад л байна шүү дээ” гэж бүсгүйг хэлэхэд эмч мэдээж сонссонгүй. “За яахав таныхаар л болохоос”
- Чи намайг харж байна уу?
... Нэг удаа анив.
- Урнаа гэж чиний нэр мөн үү?
... Нэг удаа. . .
- Маш сайн байна. Өнөөдөртөө ингээд болно. Чи амрах ёстой. “Байз л даа. Манайхан хаана байгаа юм бэ? Миний хүү . . . Байзаач дээ”
- Чи өдөр өдрөөр сайжрах болно. Одоо ганцхан тайван л амрах хэрэгтэй за юу? “Өө! хүн юм асуугаад байх чинь . . .” бүсгүй аргаа барахдаа
... Хоёр удаа анивчив.
- Үгүй гэнээ. Өнөөдөртөө болноо охин минь. Одоо амрах хэрэгтэй гэж эмч хэллээ. Энэ удаагийн ярилцлага үүгээр төгслөө. Бүсгүйн нүднээс болор нулимс шүүрэн гарч, шанааг нь даган гялтаганан унав. Үүнээс өөр яах ч билээ дээ.
“Тиймээ би нээрээ зүрхний өвчтэй байсан шүү дээ. Би үхэж байсан. Үхэх ёстойгоо би ч, манайхан ч бүгд мэдэж байсан. Гэтэл үхээгүй юм байж. Тэр байтугай надад зүрх шилжүүлэн суулгасан гэв үү? Өөр хүний зүрх миний цээжинд байгаа гэсэн үг үү. Тэгж л таарах нь” Энэ үед зүрх нь байж ядан дэлсэж байгааг тэр мэдрэв. Маш хүчтэй. Бүр хэдэн хавиргыг нь өвчүүнээс нь хадаж байх шиг нүднэ. Дүүд! дүүд! гэж аппарат дуугарч байв.
Хүүхэн өвчнийг мэдэрч эхлэв. Үнэхээр цээжин бие нь өөрөөс нь салах гэхдээ хаа нэг тийшээ зүтгэж байх шиг мэдрэгдэж, бүх яс нь нэг нэгээрээ салж байх шиг шархирна. Зүрх нь маш хүчтэй савлаж, доргионд нь тархи ангалзана. “Би үхлээ шүү дээ. Намайг авраач ээ. Эрхэмээ. . . миний хүү . . . ааваа, ээжээ. . .” гэж яг л түрүүнийхээ дарааллаар хашгирсаар байв. Гэвч тэд сонсохгүй. Харин сувилагч
- Эмчээ зүрхний цохилт нь хурдасаад, даралт өөрчлөгдөж байна.
- Өвчин намдаах тариа хий. Хөөрхий минь маш их өвдөж байгаа. Бүр тэсэхүйеэ их. Аргагүй шүү дээ. Одоохондоо бүтэн юм нэг ч байхгүй байгаа гэж хэлээд эмчийн гарах нь бүсгүйд сонсогдоно.
Урнаа хэдэн сарын өмнө хагалгааны дараа ингэж л ухаан орж байсан. Эмчийн хэлснээр тэр өдөр ирэх тусам илааршсаар. . .
Урнаагийн гэр бүл тэр чигээрээ аз жаргалтай байгаа. Хорвоод ганц олдох ханиа, төрсөн ганц охиноо алдах гэж байсан тэд баярлахгүй гээд яахав. Урнаа ч гэсэн дүүрэн жаргалтай. Хүүдээ ээж нь амьд байж, хүүгийнхээ гэрэлт ирээдүйг харан хамтдаа олон жил амьдарна. Тэр ч байтугай түүнд дүү гаргаж өгнө. Хүүгээ хөтлөн, хань ижлээ сугадан, нарт ертөнцөд нүүр дүүрэн алхана. Үүн шиг жаргал гэж хаа байхав. Тэр яг хоёр удаа төрсөн юм шиг азтай. Шинэ зүрх нь хааяа нэг сэтгэл хөдөлсөн үед хүчтэй дэлсэхээс өөр зовиур үгүй. Эмнэлэгээс гарах ч дөхөж байв. Харин ганцхан бодол Урнааг зовооно. “Энэ ямар хүний зүрх бол”
- Түг. . түг. . түг түг . . . түгшүүртэй
“Зүрх гэдэг чинь ямар бөөр биш. Ганцхан байдаг эрхтэн. Тэгэхээр энэ зүрхний эзэн одоо энэ ертөнцөд байхгүй байж таараа. Хэн бол? Ямар хүн байсан бол?” гэж бодоход зүрх нь
- Түг түг түг түг түг түг цохилон галзуу юм шиг савчин, тархи ангалзуулна.
“За тэр эхлэх нь. Бодвол энэ зүрх уурлаад байгаа бололтой. Ёо ёо л доо. Өвдөөд байна шүү дээ” ийм тохиолдол Урнаад өдөрт хэд тохиолдох боллоо. Нэг өдөр тасгийнхаа үүдэнд ирээд хоёр хүүхний
- Харин тиймээ. Азтай азтай. Цаад хүн нь хорин хэдхэн настай залуу байсан гэсэн.
- Аз л гэх юм даа. Дээд ял авсан л болохоос хүн шүү дээ уг нь гэж санаандгүй ярихыг хальтхан сонсоод өрөөндөө орж чадалгүй буцав. Урнаа хэний тухай ярьж байсныг мэдэхгүй ч өөрийнхөө тухай юм шиг санагдан сэтгэл нь эвгүйрхэнэ. Санаа дагаад тэр үү зүрх нь
- Түг түг түг түг . . . тавгүйрхэн дэлсэв.
Үүнээс хойш Урнаа цээжин дотроо өөр нэг хүнтэй юм шиг боллоо. Ямар нэгэн юм болвол зүрхээ чагнах нь ихсэв. Мэдээж тэр зүрх ямар бодож сэтгэж, ярих биш. Гэхдээ л Урнаад тийм сэтгэгдэл төрнө. Түүнээсээ болоод тэр үү ямар нэгэн юманд дүрсхийн уурлах нь ихсэв. Яагаад ч юм “Тэр хүн яг л ийм огцом ширүүн ааштай байсан байх” гэж бодогдоно.
Заримдаа . . . Заримдаа бүр хачин. Сараалжин төмөрнөөс гав зүүсэн хоёр гараараа зууран, гуниг цөхрөл нүүгэлтсэн нүдээр гөлрөх хоригдол шиг шинэхэн зүрх нь бороолон эдгэсэн хавирганых нь завсраар өөрийг нь ширтээд байх шиг санагдана. Түүний нүд нь гунигтай л болохоос дүрлэгэр, гялтгар хар. Тэрийг нь батлах гэсэн шиг зүрх нь жигтэйхэн хурднаар
- Түг түг түг түг хийн дэлссээр. . .
Нөхөр нь эргэлтээр ирэх болгондоо үхэл хагацлын хар ангалаас эргэж ирсэн эхнэрээ хайрлаж, энхрийлэн үнсэх гэнэ. Урнаа өөрөө үнсүүлмээр байвч хэн нэгэн хаа нэгтэйгээс хараад байх шиг санагдан цааргална. Эсвэл . . . “Тиймээ тийм энэ зүрх дургүй байх шиг байна. Тэгээд л уурлаад л . . .”
- Түг түг түг түг . . . ууртайгаар савчина.
“Эрэгтэй хүний зүрх болохоороо дургүй байдаг байхаа даа”
Харин хүүгээ үнсэхэд төдийлөн дэвхцээд байхгүй шүү. Гэхдээ Урнаа хүүгээ үнсэж байхдаа зүрхээ чагнадаггүй ч байж болох юм.
Тэрээр юм болгон дээр ингэж зүрхээ чагнах нь үнэхээр хэцүү байлаа. Ийм хэцүү байхад эмч нь
- Охин минь чи их сайхан эдгэж байна. Хэрвээ хүсэж байвал маргааш ч гэсэн гарч болно шүү гээд байх нь хачин. Урнаа өөрт байгаа энэ сэтгэлийнхээ зовлонг эмчдээ хэллээ.
- Надад үнэхээр хэцүү байна эмчээ. Би ингэж үргэлж хоёр хүн шиг амьдрах гэж үү?
- Охин минь аан! гэж бай. Чиний дотор өөр хүн орчихоод байгаа юм байхгүй. Магадгүй чи зүрхнийхээ тухай ямар нэгэн таагүй юм сонссон байх. Манайхны зарим ахархан ухаантай атаархуу нэг нь амнаасаа айхтар бодлогогүй үг унагадаг юм. Гэхдээ энэ бол бэрхшээл биш ээ охин минь. Хамгийн том бэрхшээл чинь үхэл юм шүү дээ. Чи түүнийг ардаа аль хэдийн орхисон. Чиний дотор байгаа энэ зүрхийг эзэн нь сайн дураараа донор болгон өөрөө гарын үсэг зуран байж өгсөн юм шүү дээ. Хэдийгээр буруу юм хийсэн ч гэсэн хойд төрөлдөө сайн сайхан байхыг боддог нь хүний зан. Тэгэхээр чи зөвхөн өөрийнхөө төлөө биш, гэмээ цайруулах гэж байгаа тэр хүний төлөө урт удаан, жаргалтай амьдрах ёстой юм даа. Тэгж байж гэмээж нь бид чинь хүмүүн төрөлтөн гэдгээ тэнгэр бурханд харуулдаг юм шүү дээ. Ганцхан чи ч биш бусдаас эрхтэн авсан бүх л хүн ингэж боддог юм.
Урнаагийн нулимс чимээгүйхэн урсана. Тэр нулимсаа арчиж
- Тэгээд янз бүрийн таагүй юм болохоор л энэ зүрх улам их дэлсэх юм.
- Тэгэлгүй яахав охин минь. Энэ чинь амьд хүний, амьд зүрх шүү дээ. Тэгэхээр чиний сэтгэлийн хөдлөлөөр цусны чинь эргэлт ихэсдэг учраас түүнийг чинь гүйцээж шахах гэж зүрх чинь хурдан ажиллаж байгаа нь тэр. Түүнээс биш . . . гэж үгээ таслан хэсэг байзнаснаа
- Чи заавал уурлаж догдолсон үедээ ч биш зүгээр энгийн эсвэл баяр баясгалантай үедээ ч гэсэн зүрхээ чагнаарай. Тэр чамд бас баярлан булиглаж байх болно. Тэр үед нь чи зүрхтэйгээ яриад үзээрэй л дээ за юу. Зүрх ч гэсэн баярладаг юм шүү дээ гэлээ.
Эмчийн энэ намуухан итгэлтэй яриаг сонсоод Урнаагийн сэтгэл нь онгойж, сүүлчийн хэд хоног дарагдаад байсан хар бодлууд дотроос нь цуварч хөврөн гарах шиг санагдана. Тэгтэл эмч түүнийг бодлыг улам чимэх гэсэн шиг
- За охин минь маргаашнаас гарах бэлтгэлээ хийгээрэй. Гэрийнхэн чинь хичнээн их хүлээж байгаа гэж бодно. Удахгүй шинэ жил ч болох нь хүү чинь ээжгүйгээр яаж баяраа тэмдэглэх билээ, тийм үү дээ гэхэд Урнаагийн сэтгэл бага зэрэг онгойн, баярын нулимстай нүдээр эмчийгээ харан суулаа. Эмч нь
- Чи одоо чагна даа гэхэд нээрээ зүрх нь мөн л баярлан догдолж байх шиг
- Түг түг түг түг. . . хийн хөгжилтэйхэн цохилно. Урнаа эмчийнхээ үгэнд итгэж эхэллээ. Эмч хүн өвчтөнтэйгөө сэтгэлээрээ цуг байдаг ажээ.
Ямар нэгэн чимээ түүнийг сэрээлээ. Тэр өнгөрсөн шөнө сүүлийн хэдэн сар магадгүй сүүлийн хэдэн жил байгаагүйгээр сайхан унтжээ. Нойр нь үнэхээр ханасан байлаа. Урнаа зүрхээ чагнав.
- Түг . . .түг . . .түг . . . намуухан цохилно. Тэр түүнээс эрт сэржээ. Нүдээ нээж хэсэг хэвтсэнээ “Өнөөдөр хоёулаа гарна” Урнаа өөрийн эрхгүй ингэж бодов. Тэр эмчийн хэлсэнээр зүрхтэйгээ зөөлөн аядуухан ярьж байгаа нь энэ. Тэрээр өндийж зөөлөн үсэрхэг материалаар хийсэн улавчаа углахдаа
“Чи нэгийг нь, би нөгөөг нь”
- Түг . . .түг . . . түг. . . бас л намуухан. Тэр энэ харьцаанд дуртай байгаа бололтой. Урнаа нойр ханасаны илрэл болгож нэг сайхан суниагаад цонхон дээрээ ирлээ. Тэрээр халаадныхаа энгэр лүү баруун гараа зөөлхөн шургуулж, эрхий хуруугаар хөхөө түшин, дөрвөн хуруугаараа хөхнийхөө доороос ивэн өргөхөд, зүүн суганаас нь эхлээд хөхнийх нь доогуур ороон өвчүүн дээгүүр нь дээш өгссөн гүрэлзсэн ухаа ягаан сорвины гүвдрүү дунд хуруу тэгээд алганы хонхороор дамжин эрхий хуруунд мэдрэгдэнэ. Эмч энэ сорвийг “Одоохондоо ийм байгаа ч яваандаа юу ч мэдэгдэхгүй шахам нарийхан цагаан сорви болон үлдэнэ” гэсэн юм. Урнаа сорвио энхрийлэх мэт илэн бодолд дарагдана.
Ертөнцийн шинэ өглөө тэднийг ийн угтаж байлаа. Цонхны шилэн дээр цасан ширхэгүүд талстаараа гялтганан унана. Урнаа намрын сүүлээр л ирж хэвтсэнсэн. Одоо арван хоёр сар гарч, өвөл бараг дундаа оржээ. Удахгүй шинэ он гарна.
“Өнөөдөр хоёулаа эмнэлэгээс гарна. Гоё байна уу?”
- Түг . . түг . . түг . . жаахан хурдсав.
“Надад ч гэсэн гоё байна. Чи ч сандарч л байгаа байх л даа. Гэхдээ зүгээрээ би чамд дасч байгаа шиг чи ч гэсэн тэдэнд дасах болно. Чамайг эрэгтэй хүний зүрх байсныг би мэднэ. Гэвч чи одоо эмэгтэй хүний, эх хүний зүрх болсон. Чи хайр энхрийлэл шингэсэн тийм зүрх болно. Чиний урдны эзэн ямар хүн байсан, тэр хүн юу хийсэн нь надад хамаагүй ээ. Магадгүй чи ч гэсэн тэр хүний хийх гэж байсан зүйлд дургүй байсан байж болно шүү дээ тийм үү?”
- Түг түг түг түг . . . бүр хурдлав.
“Тийм байхаа. Би ч гэсэн тэгж бодож байна. Тэр хүн буруу юм хийхэд нь чи их айдаг. Айсандаа бүр даардаг байсан байх.
- Түг түг түг түг . . . чичрэх шиг
“Тэр хүнийг би одоо гэмээ цайруулсан гэж бодож байна. Яагаад гэвэл тэр хүн миний амийг аварсан. Миний хүүг ээжтэй нь үлдээсэн. Бас . . . бас чамайг ч гэсэн амьд үлдээлээ зүрх минь
- Түг түг түг түг . . . зөвшөөрөх мэт
“Тиймээ тийм чи баярлаж байгаа. Би ч гэсэн хязгааргүй баярлаж байна. Чи бид хоёр хоёулаа азтай. Магадгүй намайг ахиад хүүхэд гаргаарай гэсэн байх даа”
- Түг түг түг түг . . . час улаан болсон байх
“ Хи хи. Яасан? Чамд эвгүй байна уу? Зүгээрээ. Чи одоо миний зүрх шүү дээ. Эрхэмээ ч гэсэн намайг хайрладаг шигээ чамайг хайрлах болно. Магадгүй, намайг аварсан болохоор чамд улам их хайртай болох байх. Харин чи битгий ичээд байгаарай”
- Түг түг түг түг . . . сандрангуй
“Ичимхий гэдэг нь. Эрэгтэй хүн чамайг хайрлана гэхээр сонин байгаа юм уу”
- Түг түг түг түг . . . ичингүйрэн
“Үгүй дээ чи чинь одоо минийх шүү дээ. Удахгүй би хэвлийдээ үрээ тээж, зөөлөн булбарайхан хөхөнд минь уураг ивлэхийн цагт чи минь хэзээ ч урдынх шигээ айж, даарахгүйгээ мэдэрч, минийх болсон гэдэгтээ итгэх болноо. Тэр үед чамаас эх хүний цагаахан сэтгэл ундрах болно.
- Түг . . . түг . . . түг . . . намуухан
“Тийм ээ итгэж болно. Би чамд сайхан хайрын халамж, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, хүүхэд багачуудын жаргалтай инээд, өглөөний ув улаахан нар, тув тунгалагхан агаар, шөнийн гялалзсан одод, шүлэг нойрны сайхан зүүд гээд сайхан бүхнийг үзүүлнээ”
- Түг түг түг түг . . . догдлонгуй
“Тэгнээ тэгнэ. Удахгүй. Одоо ингээд хувцас ирэнгүүт л хоёулаа гарна шүү дээ. Бас чамд шинэ өглөө, шинэ жил, шинэхэн цасыг үзүүлнэ. Бүр олон олныг үзүүлнэ”
- Түг түг түг түг . . . яарангуй
“Яарч байна гэж үү? Би ч бас яарч байна”
Хаалга онгойх чимээнээр бүсгүйн бодол тасарсан ч сайхан бодлын гэрч болсон инээмсэглэл нүүрэнд нь тэр хэвээрээ үлдэнэ. Сувилагч
- Урнаа чиний хувцас ирлээ. Ингээд хонгорхон бүсгүй минь гарах боллоо доо. Чи минь гамаа сайн хийгээрэй. Чамд сайн сайхныг . . . гээд ямар нэгэн юм хоолойд нь торох шиг болоход үгээ таслан хэсэг байзнаад
- За алив үнсье гээд нүдэндээ цийлэгнэсэн нулимсаа нуух гэхдээ Урнааг удаан тэвэрлээ. Энэ сувилагч бүсгүй ч гэсэн хүний амь аврахад гар бие оролцсон. Хүмүүн бид бие биенээ аврах шиг хамгийн сайхан үйл хаа байхав.
Урнаа гарч ирлээ. Гадаа гараагүй удсан тул нарны гэрэлд түүний нүд гялбана. Гэвч түүний дотроос гэрэлтэх баярын гэрэл нарнаас хүчтэй. Гэхдээ наранд гялбана гэдэг бас л сайхан. Тийм ээ! Урнаа гэрэлт энэ ертөнцдөө эргэн хөл тавьж байгаа нь энэ. Эрхэмээ тэвэр дүүрэн цэцэг бэлэглэлээ. Хүү нь ээждээ хоёр гараа сарвалзуулан гүйн ирж үнсүүллээ.
- Түг түг түг түг . . . сандрангуй
“Би чамд хэлээгүй юү. Гэхдээ сандрах хэрэггүй ээ. Тэд бүгд чамд баярлаж байгаагаа илэрхийлж байгаа юм”
Амьд хүнд, эх хүнд, тэр тусмаа энэ хорвоод эргэж ирсэн хүнд үүнээс илүү сайхан юм гэж хаана байна. Бид хамгийн сайхан юмаа төдийлөн анзаардаггүй бололтой. Эрхэмээ эхнэрээ тэврэн чанга гэгч нь үнсэж
- Би чамдаа хязгааргүй . . . бүр хязгааргүй их хайртай гэлээ
- Түг түг түг түг. . .түг түг сандран догдолно
“Ичээд байгаа юмуу? Амьдрал хайрласан атгахан улаан зүрх минь би ч гэсэн чамд хайртай” гэж Урнаа өрөөсөн гараараа зүрхээн даран бодоод нөхөртөө
- Би ч гэсэн чамдаа хайртай. . . гэж хэллээ. Түүний царайд хязгааргүй баяр гэрэлтэнэ.
Гадаа өвлийн намуухан өглөө. Шинэхэн цасан будран орж эхлэв. Гудамжинд хүмүүс нөгөө л урдынх шигээ байдгаараа, ямар нэгэн юманд яарцгаан, хаа нэг тийшээ алхацгаана. Тэдний хэн нь ч Урнааг ийм үүх түүхтэй гэж мэдэхгүй. Мэдрэхгүй. Тэд үхэл амьдралын заагийг одоохондоо мэдэхгүй. Тэр нь ч дээр. Урнаа будран орох цас руу нүдээ анивчуулан харж, алгаа тосоход цасан ширхэг түүний жижигхэн цагаан гар дээр зөөлхөн буун баярын нулимс шиг бөнжийн хайлна. Тэр ахин учирсан бүхнээ ээлж дараалан шимтэн шимтэн харж, өглөөний цэнгэг агаараас цээж дүүрэн амьсгална.
“Тээр, би чамд сайхан юм бүхнийг үзүүлнэ гэж хэлээгүй юү. Одоо ингээд эхэлж байгаа нь энэ дээ”
- Түг түг түг түг . . . итгэж ядан
“Харин . . . харин . . . би чамдаа ганцхан юмыг л үзүүлж чадахгүй нь дээ”
- Түг түг түг түг түг . . . гайхангуй
“Юу вэ ? гэж үү. Зүрх минь би чамдаа анхны хайрыг л амсуулж чадахгүй нь . . .”
- Түг . . . түг . . . . . . .түг . . . түг . . . гунигтай
“Уучлаарай . . .”
12. 17. 2008
Бүрэн эхээрээ...
Хөтөл давсан монгол - 2 (Өгүүллэг)
“Эдний мал ер нь бидэнд ямар хамаа байнаа” гэсэн янзтай Шүр байж ядан дороо хавчигнан зогсоно. Хурдхан шиг туслаад өгчихгүй гээд адгаж байгаагий нь Тогтох бол гадарлаж л байгаа. Тогтох тэднийхний малыг харчих санаатай ийш тийш хараачлан шингэж буй нарны доогуур саравчлахад түүний бодлыг таах мэт залуу
- Хэдэн хүүхэд малтайгаа урдуур яваа. Газар нь арай цагаан юм. Бид хэд түрүүлж очоод төвхөнчих санаатай яваа ухаантай. Мөдхөн нар унах нь, гэгээтэй дээр гэрээ шовойлгоно байгаа гээд өндийхөд Тогтох юм хэлэх гэж ам нь ангалзана. Хажуугаас нь Шүрийн нүд ам татагнаад сандаргана. Тэгж тэгж Тогтох нэг юм
- Хэрвээ боломж байвал бидэнд туслах арга байна уу? гэж зориг муутайхан хэлэхэд
- Харанхуйгийн ажил бүтэмж муу. Маргааш өглөө тэрэгтэй чинь ноцолдохуу даа гэлээ. Тэр үнэхээр цаг хугацаанд баригдсан шинж алга. Тогтоход хэлэх үг олдсонгүй.
- За тэгье дээ гээд Шүр лүү хартал нүд нэг их эргэлдсэнээ нөгөө залуугаас
- Бид нар уг нь жаахан яаруухан яваа юм л даа ахаа. Боломж байвал одоо гаргалцаад өгөхгүй юу? гэтэл
- Одоо энэ бүрэнхийд тэмээ мал үргээд сүйд болноо. Манай энэ хэд машин техник бараг үзээгүй мал. Тэгээд ч та нар энэ харанхуйд жаахан ийшлээд л суучихвал хэн та нарт туслах юм. Өшөө дахиад хэд ч хоноо билээ, тийм үү дээ? Айн? гэхэд түүний үг үнэний хувьтай тул хэлэх үг олдсонгүй. Цэнхэр дээлтэй бүсгүй нөхрөө даган босож, хормойгоо гөвөөд тэмээнүүдээ ээлж дараалан сөөглөн хэвтүүлэхийг харсан бага хүү нь
- Ээжээ, ээжээ тэр эгчийг хараа. Тэмээнүүдэд нэг үг хэлээд бүгдийнх нь хөлийг нь нугалаад суулгачихлаа. Циркийн тэмээ юм шиг байнаа гэж хашгирав. Машин руугаа явж байсан Тогтох хүүгийнхээ өмнөөс нүүр нь улалзавч харуй бүрийд үл мэдэгдэнэ. Хүүхэн залуу хоёр ч олон юм ярилгүй хомноотой ачаагаа буулгаж эхлэв. Хэвтсэн тэмээний хоёр талд гаран тэнгийн ачаанаас уруулаа хагас зуумар болоод сэвхийтэл өргөх бүсгүйг харж зогссон Шүр гайхсандаа амаа ангайн гөлрөнө. Гэтэл голын хүрэн тэмээний тэгнээтэй ачаанаас хоёр хүүхэд шовос гээд гараад иртэл тэгнэ чинээ саналгүй харж зогссон Шүр нүдэндээ итгэсэнгүй цочсондоо
- Эжий минь ээ! гэж муухай хашгиран арагшаа ухасхийхэд хоёр хүүхэд нь даган хаа нэг тийшээ зугатав. Тэдний дуунаар тэмээний толгой ольсхийж, морьдын чих солбилзов. Халтар нохой хоолойгоо хүржигнүүлэн хаашаа хамаагүй хуцах аядав. Яг энэ үед машинаасаа майхан саваа авчирч байсан Тогтох санаа нь зовсондоо Шүр лүү хяламхийж
- Аятайхан бай л даа чи одоо гэж шивнээд
- Алив надад туслаач, майханаа барья гэлээ.
Ачаатай арагнаас гарсан хоёр хүүхэд гадны улсаас бишүүрхэн эцэг эхийгээ тойрон хэсэг байзнаснаа хүүхэд л юм болохоор сониучирхан Тогтохын хоёр хүү рүү аажим аажимаар дөхнө. Том нь Тогтохын багатай ойролцоо болов уу. Бага нь бүр бага ажээ. Үсийг нь хусаад жаахан согсоо үлдээчихсэн нь үдшийн намуун салхинд сэвэгнэн хийснэ. Хоёулаа ув улаан хацартай, энгэр нь халтартсан дээлтэй. Бага нь баадай өмсчихөж. Нусаа шур шурхийлгэн татаж, үлдсэн хэсгийг нь гарынхаа араар шудрах тэр хоёр амьтан хорголон хар нүдээр тэднийг цоолчихвий гэмээр гайхан ширтэнэ. Тогтоход бол хөөрхөн л юмнууд харагдана. Тогтох ч гэсэн багадаа ийм юмнуудын л нэг байсан байж мэднэ. Тогтох Шүр хоёрыг майханаа барих гэж уяа бүч, тулгуур багана гээд элдвийн олон төмрийнх нь учрыг олох гэсээр байтал нэг мэдэхнээ нөгөө эр эм хоёр идээ цагааны бололтой багавтар бор гэрийг аль эдийн босгочихно тэр. Тэр хооронд ажил нь бүтэмж муутай, хээр гадаа хонож яваадаа багтарч ядах Шүр
- Чамаас болж хээр хонож, үзээгүйгээ үзэх нь. Машин барьж чадахгүй юм бол үхсэнээ хийж наашаа явсан юм. Алив өнөөх миний нутаг, төрсөн газар орон гээд л үхчих гээд байдаг. Ганц судаг тойроод гарчихаж чадахгүй. Энэ хоёр хүүхэд ч гэсэн шумууланд бариулж гүйцлээ. Шөнө зүүдлээд унтахгүй ээ одоо . . . гээд л зай завсаргүй үглэдэг нь болов.
- Чи ингэж яншаад байхаар эндээс түшиж байгаа ч гэж нэг багана түшүүлэв. Тэдний тод өнгөтэй эрээн майханаас тэмээ мал үргэн сортолзож, эзэн нь хашгирч гууглан малдаа чимээ өгч байгаа харагдана.
Ийнхүү хот хөдөөгийн хоёр айл Дөмөнгийн хөндийд хоноглох болов. Нар аль хэдийн шингэжээ. Толгой хорогдох оронтой болчихоор хэн хүний сэтгэл жаахан тайвширдаг юм хойно доо. Нэгэнт энд хонох нь тодорхой болсон тул Шүрийн үглэх бага зэрэг татрав. Хүүхдүүд ч гэсэн хэдийгээр хоёр хоёроороо хуваагдсахийн байгаа ч бас ч гэж бөөндөө шүү. Эв нь таарвал тоглочих санаатай. Тогтохын бага гүйж ирсэнээ ээждээ
- Ээжээ тэр хүүхдийг хараа боовоо гаргачихаж
- За за айлын хүүхэд ямар байх нь ямар хамаатай юм гэснээ Тогтох руу харж
- Нээрээ ялаа шумуул идчихдэггүй л юм байхдаа. Ядаж л шороо тоос гээд хэцүү л баймаар юмаа гэхэд
- Хөдөөний хүүхдүүд ингэж л хүн болдог юм шүү дээ. Харин чи цаана чинь чихэр ёотон байвал эдэнд өгөөч гэлээ. Шүр сая гэнэт санав бололтой цүнхээ ухан атга атга чихэр хоёр хүүд өгөв. Өөрөө хүүхэдтэй эх хүний хувьд иймэрхүү юманд Шүр харин нэг их юм яриад байхгүй ээ зайлуул. Хүүхдүүд хувиа аван гэрлүүгээ гүйлдэнэ. Бага нь ганц нэгийг унагаав бололтой эргэж буцан тонголзоно. Тогтохынх хиам талх гээд бэлэн юмаар хооллов. Дөмөнгийн хөндий тэр чигээрээ нам гүмхэн. Дэлгээтэй орхиосон тэмээн хомноо, тэнгийн ачаа, чөдөр тушаа гээд цаашлаад униар татсан хөндийн тэрүүхэн тэнд идээшлэх хэдэн тэмээ, чөдрийн хоёр морь гээд нүдэнд торох бүхнийг майхны амаар харан суухдаа Тогтох
- Хөдөө нутгаа гэж мөн ч сайхан байгаа юм шүү. Монгол гэдэг маань энд л нэг жинхэнэ утгаараа байгаа юм даа гэж юунд ч юм санаа алдан хэлэхэд
- Хн! Ёстой чиний л монгол байхдаа. Гэрэл цахилгаан ч үгүй, ус унд ч байхгүй юу нь тэгтэлээ сайхан байгаа юм? гэхэд
- Чи ойлгохгүй ээ гэж Тогтох сунжруулан хэлээд
- Чи харахгүй байна уу? Тайван амгалан, хүмүүс нь ч гэсэн хүнээрээ. Яриа хөөрөө нь энгүүн элдвийн буруу зөрүү бодолгүй. Хүүхнүүд нь ч гэсэн дээ олон үггүй, байгаагаараа гэтэл Шүрийн юм нь хөдлөөдөхөв
- Үгүй ээ ерөө. Чи ч тэгж л бодож байгаа л даа. Нэртэйгээр нь намайг нэг гандсан дээл эгэлдрэглүүлээд, цагаан ултай эмээгийн гутал өмсгөчих. Тэгээд амаа хамхиад, пад хар царайлаад яйжийгаад сууж бай гэл дээ чи.
- Чи наад амаа. Хүн сонсчихвол яана. Юунд ингэж хэрүүл өдөж байдаг юм гэхэд Шүр сэхээ авав бололтой
- Тэгж байгаа, тэгж байгаа чи. Би ер чиний дотор чинь сууж байгаа юм шиг мэдэж байна. Энэ хүүхэн шиг болчихоосой гэж чи хүсээд л байгаа байлгүй гэж шивнэж үгэллээ.
Харин нөгөө айл хээрийн цай буцалган ааруул өрөмхөн хөвүүлэн цайлж хонох шинжтэй. Хоорондоо юу ч юм ярилцан дүнгэнэж, залуу үе үе хүг хүг инээж, хүүхэн ч гэсэн ямар нэгэн юм тасралтгүй ярьж байгаа нь бүдэгхэн сонсогдоно. Гэтэл Шүр гэнэт юм санасан шинжтэй
- Тогтохоо, эд нар гайгүй байгаа. Шөнө биднийг сүйд хийчих юм биш биз дээ. Янз бүрийн юм сонсогдоод л байдаг шүү гэж шивнэн асуухад
- За юү гэждээ. Чи ер нь яасан хачин юм боддог юм. Монгол хүн чинь уг нь цоожгүй хаалгатай, хоёргүй сэтгэлтэй сайхан ард түмэн байсан юм шүү гэснээ цааш нь юу ч гэж яриад нэмэргүйг мэдэх тул хий дэмий л санаа алдаснаа
- Харин энэ залууд ганц шил юм задалдаг юм билүү гэхэд
- Юү гээд солиороод байгаа юм бэ. Согтуу хөлчүүдээ яадаг ч юм билээ. Аягүй бол орвонгоороо . . . гэснээ үгээ тасалж долоовор хуруугаараа хоолойгоо зурж үзүүлээд
- Ингүүлчих ч юм билүү гэхэд Шүрийг харсан Тогтохын инээд ч хүрэх шиг, уур ч хүрэх шиг. Хоёр нүдээ алаглуулж ирээд үнэнээсээ хэлж байгаагий нь бодохоор өрөвдмөөр ч юм шиг. Миний санаж байгаа энэ хүний бодож яваа хоёр тэнгэр газар шиг ялгаатай юм даа. Харсаар байтал өөрсдийгөө ингэж өөрчлөгдөж байгаагаа бодохоор юунд ч юм бухимдмаар.
Тэрээр майханаас гарч, гадаа орчныг ажин тамхилан зогсоно. Уг нь сар хээр хоносон сайхан шөнө санж. Гурван тэмээ, хоёр адуу тэрүүхэн тэнд идэшлэн байгаа нь тодхон харагдана. Морьд сүүлээ шарваж, хаа нэг тургилна. Тэмээний буйл бурантаг хүртэл сэртийж сүүдэртэнэ. Тэр ч байтугай өвсний толгойд бөнжигнөх шүүдэрс сарны туяанд гялтаганах нь илхэн. Замын явдалдаа ядарсан уу яасан нөгөө залуугийнх лаагаа унтраагаад төдөлгүй хурхирах дуу тэдний нимгэн гэрээс тодхон дуулдана. “Уг нь бид хот, хөдөөгийнх л болохоос ойролцоо насны нэг үеийн залуус. Ийм сайхан нутагт таарсан замын улс байна сайхан сэтгэлээр бие биендээ хандаж, байгаа байгаа орчныхоо тухай ярьж хөөрч, ганц нэг зуу татсан шиг хоносон бол. Даана ч манай энэ гэж шазав татав хийгээд юун ярьж суух манатай. Эд ч гэсэн дээ хөөрхий өдөржин морин дээр агсагдаад ядарсан ч байхаа даа. Хөдөөний амьдралаа гэж нэгэн бодлын бас л хүнд шүү. Дуу шуу багатай мөрөөрөө улс байх шиг байна. Тэр муу эхнэр нь ер нь ганц үг хэлэв үү? Үгүй л байхаа даа. Эсвэл би анзаарсангүй юү. Би ч гэж би. Миний чихэн дээр Шүрийн дуу л хадаад байхаас өөрийг ч бараг сонсохгүй болчихож дээ. Эмэгтэй болгон манай Шүр шиг байвал энэ хорвоо ертөнц ер нь юу болох бол” хэмээн бодсоноо айл болгонд Шүр шиг хүн байна гэж төсөөлж бодов бололтой инээмсэглэн толгой сэгсрэв. Тэрээр тамхиа таатай нь аргагүй сороод тэнгэрт анивчих оддыг ширтэн зогстол майхны амаар Шүрийн толгой цухуйж
- Хүүеээ! Үлийгээ хийгээд гадаа зогсоод байгаа юм бэ? Орж унтаач. Өдөржингөө энэ ямбий машинд чинь сэгсрэгдээд нуруу тасарчих гээд байхад гэж Шүр шивнэн зандрав. Тогтох айлын улсыг сэрээчихвий гэх дээ хурдхан шиг майхандаа шурган орлоо. Шүр тэр үүдэнд юу ч юм хийж майхны амтай ноцолдож байгаад эргэж Тогтоход наалдан хэвтээд
- Яанаа зүгээр байгаа?
- Яав л гэждээ. Сайхан монгол хүмүүс л байна.
- За за монгол монгол гээд ойрдоо солиороод байх юм. Бид монгол биш юм уу? гайхуулах гэж зүгээр гэхэд Тогтох уртаар санаа алдан
- Бид монгол биш болжээ гэдгийг өнөөдөр л сайн ойлгож авлаа. Өнөөгийн бид нар нэгэн бодлын ичмээр ч юмаа даа гэхэд
- Үгүй ерөө чи тэгээд нэг хятад авгайтай зовж яваа амьтан юм биздээ гэхэд Тогтох эхнэрээ шоолонгуй инээмсэглэж “Тэмээ гэхээр ямаа гэдэг янзын амьтан шүү. Юу ч гэж хэлээд ойлгохгүй хүнийг яалтай ч билээ дээ” гэж бодсоноо
- Шүрээ, Чи тэр хүүхнийг энэ орой ер нь ам ангайсныг үзсэн үү? гэтэл
- Харин тийм. Ер юу ч ярихгүй юм. Бидэнтэй мэндэлсэнийг бодоход хэлтэй л баймаар юм. Аягүй бол энэ нэг хар юм нь олон юм ярилаа гээд уурладаг юм болов уу. Хөөрхий манай энэ хөдөөний хүүхнүүдэд гэж гэр бүлийн хүчирхийлэлд автсан улс. Эдэнд жендэрийн асуудал үнэхээр хэрэгтэй байгаа байхгүй юу гэж Шүр нэг их ухаантай царайлахад Тогтох түсхийтэл инээд алдчихав.
- За үхсэндээ хүн шоолсон юм. Хорвоо дээр ганцхан чи л ухаантай нь юм уу? гэж Шүр уурлах тунирхахын завсар хэлэв. Тогтох инээдээ барьж ядан жуумагнана. Үгүй бас тэгээд хурал дээр илтгэл тавьж байгаа юм аятай майхны дээвэр лүү жижигхэн могжгор гараараа савчиж ирээд л “жендэр жендэр” гэсний нь бодохоор инээд нь хүрээд болох биш. Уг нь Тогтох шал өөр юм бодож байсан юмсанж. Хэлэх ч үг олдсонгүй. Шүр түүний харцаараа ширвэж
- За за юун айлгүйтчихсэн юм. Ангалзаад байлгүй унтаж үз. Аягүй бол маргааш үүлгэртэж явж бас нэг юм руу ороод хээр хонох юм болно зүгээр гэсээр Шүр тонтогонон цааш эргэлээ. Тэгтэл майхны хаяагаар нэг амьтаны амьсгаадан уухилж, шиншлэх чимээ гарахад Шүр байдгаараа сандран
- Яанаа. Хэлээгүй юу. Энэ гадаа хүн байнаа. Ингээд үхдэг байжээ гэж шивэгнэн айсандаа Тогтохын суганд шигдэв. Тогтох жаахан чагнаж байснаа
- Эдний халтар нохой байнаа. Чи цаад хүүхдүүдээ сэрээчихэв гээд чих тавин чагнаж байгаад хэн хэн нь нам унтжээ.
Нэг мэдсэн чинь морь малын чимээ гараад, майхны гадаа хүн хоолой засах дуунаар Тогтох сэрэв. Нар аль хэдийнээ мандсан бололтой майханд гэгээ татаж, битүү халсан майханд нам унтсан бололтой. Майхны наран талын дээвэр дээр шөнөдөө бээрч хоносон ялаанууд далавчаа хавиран дүнгэнэлдэн сууцгаана. Тогтох нүд нь аниатай шахам амьтан гарах гэж майхныхаа амны цахилгаантай ноцолдоод болдоггүй. Сайн хартал нэг муу хумсны толион чинээ шар цоожоор цоожилчихож.
- Еээ! . . . гээд Тогтохыг мунгинаж байтал Шүр араас нь
- Май энэ түлхүүр аваач мангараа
- Үхсэнээ хийж түгжсэн юм гэхэд Шүр
- Яадгийн яадгийн гэж хөнжлийн завсраар шазав татав хийнэ. Өглөө нүдээ хуулаад л хэрэлдэх маягийн юм болов. Майхан дотроо түнтэгнэж түнтэгнэж нэг юм гарч иртэл яг хажууд нь нөгөө залуу гайхсан янзтай зосгож байв. Тогтохын ичсэн зовсон гэж юүхэв. Нүүр нь шатах шиг болж халуу дүүгнэ. Ичсэндээ хий дэмий л
- Манай энэ хүүхдүүд . . . гээд үгээ гүйцэж чадсангүй ээрэн түгдэрсэнээ инээмэр аядав. Тэд аль хэдийнээ босоод бүр гэр бараагаа хүртэл хураагаад ачаалахад бэлэн болжээ. “Хэдий завандаа вэ” гэж бодохын сацуу нар гартал унтсан өөрсдөөсөө баахан ичив.
- За хө эртхэн танай машиныг гаргах уу даа. Бид ч гэсэн газар дөхөхгүй бол бас зайтай гэсээр том хүрэн атаа хөтлөөд ирэв. Тэрээр суран аргамжаагаа хуйлан мөрөндөө өлгөжээ.
Тогтох сандуу мэндүү гутлаа угалж, яваан дундаа цамцаа өмсөнө. Залуугийн дэргэд явахад түүнээс хээрийн нар салхи хийгээд гандмал даавууны үнэр ханхлана. Хүрэн ат шөнөжин идсэнээ хивж ногооны үнэртэй халуун амьсгаа нь тэр хоёрын ар дагзанаас мэдрэгдэнэ. Төдхөн намгарахаг газар тэмээн тавагны хэлбэрээр хонхойн ус шүүрэн тогтож, гишгэгдэлд налсан зөөлөн ширэг өвс ширхэг ширхэгээр сэрийлдэн босно.
Муу саарал тэрэг нь шаварт нэг хоноод бүр өнгөө алдан нурмайж харагдана. Өчигдөр шавраас гаргах гэж байгаа нь энэ гээд баахан хольхуулаад, шавраар будаад хаясандаа тэр байх л даа. Шавар луу яаж оръё доо гэсэн шиг Тогтохыг гишгэж ядан шавар тойрон алцагнаж явтал нөгөө залуу түрийтэй том гутлаараа шал пал хийлгэн туучуулаад явж орчихов. Авч явсан сурныхаа үзүүрээр машины урд талаас гогцоолдон уяад битүү үзүүрийг нь тэмээнийхээ хэнхдэгээр ороон урд бөхнийх нь урдуур зөрүүлэв. Тэгээд
- За хө машинаа асаагаад тэмээг зүтгэхлээр дэмнээд өгөхийг бодоорой хө. Гарчих байхаа гэж амгалан нь аргагүй хүнгэнүүлэн хэлэв. Тогтох ч яахав дэгэн, дэгэн гэж гүйсээр машиндаа сууж мотороо асаагаад залууг тэмээгээ ороолгонгуут даган хаазлав. Дугуйн эргэлтээр ус шавар сарр сарр хийн ийш тийш цацрав. Тэмээ ч эхэндээ үргэж цовхчоод учраа олсонгүй юү эхний оролдлого болсонгүй. Дараагийн удаа Тогтох нэг киноноос санаа авч тэмээг зүтгэнгүүт сигналаа дартал тэмээ цочсондоо хоёр овгос гээд л гаргачихна тэр. Тэмээний араас чирэгдэн хэсэг явахад машины дугуйнд шавар хавирах нь сонсогдоно. Залуу сураа тайлж, хэсэг бусаг шаврыг нь ханцуйгаараа шудраад алдалж татан эвхэнэ. Сурны дотор талаар шар хальс нь шаргалтаж, тос даан харагдахыг бодоход энэ жил идээлж элдсэн шинэхэн сур бололтой. Сурны үзүүр ончирч зангирсаныг залуу адууных шиг иржийсэн тагжгар цагаан шүдээр хэдхэн зулгаагаад тайлчихав. Түүний аманд сур идээлсэний шорвог шүүс амтагдав уу гэлтэй жаахан ярвайсхийсэн ээ нулимж байгаа харагдав. Тэгэхэд Тогтох “Яасан сайхан шүдтэй юм. Уулзсанаасаа хойш анзаараагүй юм байх чинь” гэж хаа хамаагүй юм бодож зогсов.
Машин гаргахад нэг их цаг орсонгүй. Тэднийг эргээд иртэл Шүр хүүхдүүдтэйгээ дөнгөж майхнаас гарч ирж байлаа. Шүр машин гаргасаныг хараад
- Өө! ингээд л болчихно энэ үү? гэж царай нь гийхийг бодоход баярлаж байгаа нь илт. Тэгсэнээ гэнэт хувирч
- Энүүхэний төлөө хөдөө нэг хоночих гэж Тогтох руу нүд буландав. Тогтох харин энэ удаа нэг эр хүн шиг
- Алив цаанаасаа нэг шил архи, дүнсэн тамхи, талх боов юу байна нэг уутанд хийгээд аль гэж нилээд шийдэмгий дуугарсан тул Шүр ч олон юм ярилгүй гаргаад ирэв. Тэр хооронд залуу аль хэдийн хүрэн атаа ачаалчихав. Тогтох түүнийг авч
- За хө! замд таарч их тус боллоо. Энэ нэг жаахан чихэр боовхон. Хүүхдүүддээ өгөөрэй гэхэд залуу авч өвөртлөөд
- За гялайлаа. Та нар одоо гэрэл гэгээтэйд алзахгүй бизээ. Сайн яваад хүрээрэй гэлээ.
Чихэр боов гэх сургаар аль хэдийн тэмээнд тэгнэгдсэн арган дотроос халтайсан хоёр юм шоволзож, хорголон хар нүдээ гялтагнуулан харах нь хөөрхөн гэж. Шарга морьтой бүсгүй мөн л чимээгүйхэн инээмсэглэн
- Баяртай сайн яваарай гэж цорын ганц бүтэн өгүүлбэр хэлэв. Ийнхүү бяцхан жин хөдөлж, тэдний хажуугаар өнгөрөхөд хүүхний унаж явсан шарга морь хамар амандаа орох ялаанаас төвөгшөөн тургив. Тогтохын хоёр хүү бондогосхийн цочиж ээж рүүгээ ухас хийснээ том хүү нь эргэн харж
- Тэр морь нулимаад байна ааваа гэж авлаа. Тогтох хүү рүүгээ нэг үг хэлэх гэснээ “Үгүй ээ бид гэж нэг иймэрхүү монголоо алдчихсан янзтай байхад энэ хүүхдүүд арга ч үгүй юм байхаа даа” гэж бодон хүүгийнхээ мөрөн дээр гараа тавин жингийн араас харан зогсоно.
- Замын улсад туслаад өгдөг сайн улсууд байна шүү гэж Шүрийн амнаас анх удаа аятайхан үг унав. Түүнийг нь дэмжиж Тогтох
- Монголчууд гэж иймэрхүү л улс байсан юм. Одоо ч ийм улс ховордоо. Зүгээр хот орон газрын хүмүүс таарсан бол шан харамж нэхэх байсан биз гэхэд Шүр
- Бид сая тэгээд хөлсий нь чамгүй л өглөө шүү дээ. Үүнээс илүү яадаг юм
- Тэр чинь үнэ хөлс бишээ хө. Сэтгэл юм шүү дээ. Хөлс. сэтгэл хоёрын хооронд ялгаа их бий гэж Тогтох шүүрс алдан хэлэв. Морьд тургилж, тэмээд гув гув дуугаран хэзээ очих газраа хүрнэ дээ гэмээр аажуухан цаашлана. Энэ бяцхан хөсөг, энэ гэр бүл тэр чигээрээ энэ хөндий, энэ байгалийн нэгэн хэсэг мэт зохицон харагдана. Харин энэ төмөр машин, майхан сав, тэдний хувцас хунар гээд хэтэрхий тод, хэтэрхий хүйтэн эдгээр юмс лав байгалийнх бишээ.
Яагаад ч юм бүү мэд тэдний араас харахад Тогтохоос нэг л юм салгаад аваад явчих шиг хөнгөн гунигт автана. Тэгсэнээ тэд сая нэг юм гэнэт ухаан орж майхан саваа хураах юм болон бужигнаж эхлэв. Хүү нь тэдний яриаг чагнаж байсан бололтой аавдаа ирж
- Ааваа тэр хүмүүс жинхэнэ монгол хүмүүс юм уу? гэхэд Тогтох өөрийн адил европ хувцас өмсөж, шавар тогтсон пүүз угласан хүүгээ харж байснаа хүүгийнхээ толгойг илж
- За бараг л тийм дээ миний хүү гэлээ. Тэгтэл Шүр тэндээс
- За та хоёр одоо ямар юмны чинь монгол зонгол гээд том том юм ярьдаг юм зүгээр. Чи одоо өөрөө л өвчигнөх мөрөөрөө өвчигнөхгүй хүүхэд уруу татаад. Их бага хоёр нийлчихээд одоо л сүйд болж гэнэ. Энэ юмаа хураагаач. Одоо ингэсээр байтал бас шөнө боллоо. Би л дахиж энэ эзгүй зэлүүд газар чинь унтаж чадахгүй шүү. Ямар чоно нохой биш. Урд шөнө доороос чийг даагаад унтаж ч чадсангүй. Энэ хоёр бөөр салсан байх өө, салсан байх . . . гэх түүний үглээн тасралтгүй үргэлжлэнэ. Тогтох Шүрийг харж нэг толгой сэгсэрснээ. “За за ингэж үглэж л байвал жаргаж байдаг хүн юм байхаа даа” хэмээн эхнэрээ өршөөн бодов. Өөр ч яах ч билээ.
Одоо энэ хөндийн нам гүмийг Шүрийн хаа хамаагүй үглэх, машины төмөр хаалга хап яп хийх чимээ л хаа нэг эвдэнэ. Гэсэн ч цэцэгс цомирлогоо дэлгэн дээшээ тэнгэр өөд сарвайж, тэртээ дээр хоёр жижигхэн шувууд бие биетэйгээ хөөцөлдөн нисэлдэж Дөмөнгийн шинэ өглөө эхэлдгээрээ эхлэх ажээ. Тогтох майхан юмаа хурааж машиндаа хий зуураа бяцхан жингийн хойноос үе үе харц гүйлгэсээр байлаа. Тэд зэрэглээн дунд намилзан цаашилсаар. . . Яагаад ч юм Тогтоход тэдгээр хүмүүс зүүд зэрэглээ ч юм шиг. Эсвэл үлгэр домог нүдний нь өмнүүр хөврөөд өнгөрөх шиг мэдрэмж төрөх нь сонин. Тогтох хамаг юмаа ачаад эргэж хартал бяцхан нүүдэл аль хэдийн Цагаан хөтлийг алгуурхан давж яваа харагдлаа. “Малын хөл гэж хорон юмдаа. Хэзээ хүрнэ дээ гэж бодогдохоор л байсан. Намайг ганц майхан хураах хооронд л тэнд хүрчихэж байна шүү дээ” гэж бодон Тогтох тэнгэр газрын савслага руу орох мэт Цагаан хөтлийг давж буй ганц бараан дурсээс харцаа салгаж чадахгүй байлаа “Урдны улс нэгэн бодлын сайхан байжээ. Хөдөө талдаа эрх дураараа, энэ сайхан байгальдаа эзэн нь болж. Үнэн хэрэгтээ бол нэгэн хэсэг нь байж. Хүмүүс бид хөгжих ёстой л байх. Хөдөөнийхөн маань хэцүүхэндээ хэцүүхэн л байх шиг. Ёстой Шүрийн хэлдгээр жендэрээс авхуулаад юм юм л хэрэгтэй нь үнэн. Гэвч эдэнд маань хүний сэтгэлийн сайн сайхан чанарууд байсаар л байна шүү дээ. Гэхдээ одоохондоо. Өдөр ирэх бүр биднээс холдсоор байгаа бүхэндээ бид авах гээхийн ухаанаар хандах ёстой юм даа” гэж Тогтох, бичигч хүний зангаар болоод өнгөрсөн эсвэл бодогдоод өнгөрсөн бүхнээ базан дотор хүнтэйгээ ярилцана. Түүний шар царайд их холын хүслээсээ үлдэж хоцорсон хүний үл ялиг гуниг сүүмэлзэж Цагаан хөтлийн хэцийг ширтэн зогсоно. Ард нь машины хаалга онгойх чимээ сонсогдож
- Өнөөдөр ингэхэд явах уу, үгүй юү? Ахиад эндээ хонох гээд байгаа юм уу? Юугаа гөлрөөд зогсчихдог юм? гээд Тогтохыг юм хэлэх нь үү гэсэн янзтай хэсэг хүлээснээ
- Өө чихгүй толгой гэх Шүрийн амандаа үглэх нь сонсогдоно. Энэ удаа Тогтох хариу хэлсэнгүй. Тэгтэл хүү нь аавынхаа дэргэд гүйж ирснээ
- Ааваа ааваа! тэрийг хараа. Нөгөө жинхэнэ монгол хүмүүс чинь уул даваад, тэнгэр лүү орчихлоо . . .
- Тийм ээ миний хүү тэд явчихлаа . . .
Бүрэн эхээрээ...