# #

Хор - 2 (өгүүллэг)

Гэтэл Зоригоо бид хоёр ижилхэн үйлчилгээ явуулах тул хоолоо хуваанаа гэсэн үг. Нэгэнт тус тусдаа ажиллах болсон болохоор энэ маань хуваах биш хоолоо булаацалдах гэдэгтэй утга ойролцоо очиж байлаа. Хүн чанарын хувьд надаас гарч байгаа маш муухай чанар гэдгийг мэдээд л байсан хэр нь энэ гудамжнаасаа явахыг хүсэхгүй байв. Өөрийнхөө энэ тааруухан чанарыг “Зах зээлийн өрсөлдөөн” гэсэн мэргэн ч юм шиг, муйхар ч юм шиг үгээр хаацайлж байлаа. Үнэндээ бол надаас хэн ч асуугаагүй л дээ. Би л өөрөө өөртэйгөө ярьж, дотоод хүнтэйгээ тэрсэлдэж байсан хэрэг. Тэгээд дотоод хүний маань ялалтаар өндөрлөж би энэ гудамжиндаа үлдэхээр боллоо. Энэ урт гудамжны аль нэг өнцөгт байр олж болох байсан боловч Зоригоогийн хэлдгээр их барьсан ч үмхий, бага барьсан ч үмхий гэдгээр тэгэхээс тэгэх гэсэн юм шиг Зоригоогийн харалдаа замын эсрэг талд түрүүхэн хааж, хаягийг нь буулгасан байрыг түрээсэллээ. Надад угаасаа шинэлэгээр ажиллах санаа их байсан болохоор гоё гэрлэн чимэг зоож, машины зогсоол гаргалаа. Хүмүүстэй аль болохоор найрсагаар харьцахыг хичээж байв. Эхэн үедээ гэрэл гэгээ цацарсан сайхан л байв. Хааяа хуучин байр луугаа харахад харанхуй даагаад тэртээд өнгөрсөн зууны хуучин түүх шиг яг л хуучнаараа. Яагаад ч юм надад “миний хийж байгаа болгоныг Зоригоо харж, аягүй бол надад атаархаж байгаа даа” гэсэн ер бусын бодол эргэлддэг болов. Яагаад ийм бодол хургаж байгаагаа би ойлгосонгүй. Бодвол үе үехэн ам зөрдөг байснаас үүдээ юм болов уу. Тийм байлаа ч гэсэн энэ тийм зохистой, зөв бодол биш нь мэдээж юм. Гэсэн ч надад ийм бодол сэм сэмхэн эргэсээр, бас ч гэж энэ бодолдоо сэтгэл ханамжтай байдаг байв. Хааяа даа ажил аятайхан байвал гудамжны үзүүрийн одоо энэ сууж байгаа бааранд ирж ганц нэг хүйтэн пиво шимнэ. Юм юм л эхэндээ их аятайхан байв.
Хэдийгээр үйлчлүүлэгчидтэй найрсгаар харьцаж байсан ч тэдэнд зааж зөвлөх дургүй байлаа. Сүүлд ажилд авсан хоёр залуудаа ч гэсэн хүнд юм хэлж өгөхийг зөвшөөрдөггүй байсан юм. Манайхан чинь их сонин хүмүүс шүү дээ. Болж өгвөл асууж хэлүүлж аваад л өөрөө хийчих санаатай. Олон жилийн хичээл зүтгэлээр олж авсан мэдлэгээ хүнд зүгээр хэлж өгчихөөд өөрсдөө юу хийж сууж байх болж байна. Яаж бизнес хийх болж байна. Тийм учраас би хүнд юм хэлж өгөхийг хүсдэггүй байсан юм.
Миний бизнес эхний сардаа учиргүй бужигнаж, намайг Зоригоогийн байр луу хэдхэн өдөр бахархалтайгаар харуулаад л намслаа. Шинээр нээсэн болохоор хүмүүс сонирхсон юм шиг байгаа юм. Гэхдээ би бууж өгөөгүй. Бас өөр нэг залууг ажилд авч, компьютер засна гэж давхив. Жижиг сажиг цахилгаан бараа оруулж, зарах гэж үзэв. Хэдийгээр би шинэ санаа гаргаж, хэр хэмжээгээрээ сарвалзсан ч яагаад ч юм урагштай болохгүй байв. Харин Зоригоогийнх яг л хэвээрээ. Бараг ажиллаж байгаа эсэх нь ч мэдэгдэхгүй. Гэхдээ тэр бүүдгэр нүхэн дотроо түүнийг хороо цэнэглээд л сууж байгаа гэж бодохоор нэгэн таагүй бодол сэрвэзсээр байв. Миний доторх могой үе үе амь орж мурчигнах болов. Уг нь бол Зоригоо надад хордож үхэж баймаар, гэтэл эсрэгээрээ. Тиймээс ч тэднийх рүү хараад байх нь надад нэг л дарамттай. Ажил багасаад байгаа болохоор хийх байхаа олж ядсан би хүссэн хүсээгүй Зоригоогийн байрыг харах л болж таарна. Тэгэхдээ “би үхсэнээ хийж энд байр түрээслэвээ” гэж өөрийгөө хараадаг боллоо. Нөгөө сэтгэл ханамж ч бүр байхгүй болсон. Би юунаас болсон юм мэдэхгүй ямар нэгэн юманд хордож, атаархаж өөрөө өөрийгөө тамлаж байв. Магадгүй, би ажлаа урагшлуулах гэж байдгаараа салбагнаад байгаа хэр нь олигтой болж өгөхгүй байхад тэнд нэг амьтан бараг зүгээр суугаад л миний хэрийн байгаа гэж бодохоор тэр байх. Үлгэрлэвэл хоёр хүн уралдлаа гэж бодоход нэг нь дээгүүр хараад ганц нэг алхаад л, харин нөгөөх нь хөлс баасаа цувуулаад л утга учиргүй хар эрчээрээ чавхдаад байвал тэр ямар юмных нь уралдаан байх вэ дээ. Яг тэрэн шиг л юмаа даа. Өдөр ирэх тусам би Зоригоод уур хүрч, атаархаж байлаа. Миний дотор хоосорчихоод түүнийгээ би атаа хорсолоор цэнэглэж байх шиг. Эсвэл нөгөө могой бүрэн сэргээд дээр доргүй гүрвэлзэн мөлхөх шиг болдог байв. Уг нь бол бид хоёр одоо хоорондоо ямар ч хамаагүй шүү дээ. Гэтэл хороо цэнэглээд л сууж байгаа түүнийг би бодолдоо авчирч, заримдаа бүр дэргэдээ байгаа юм шиг ганцаараа хэрэлддэг байв. Энэ бол өвчин л дөө.
Би бизнесээ нээснээсээ хойш дампуурах хүртлээ буюу өнгөрсөн зургаан сарын хугацаанд Зоригоотой уулзаагүй. Бид хоёр бие биендээ ямар гэм хийсэндээ тэгсэнийг би мэдэхгүй. Гэхдээ л түүн дээр очих сэтгэл надад төрөөгүй юм. Одоо ингээд сүйрчихсэн юм чинь бүр ч очихгүй нь мэдээж. Хамаг юмаа хаагаад, бүх юм дууссан хойно ч гэсэн би түүнийг бодсоор байхыг бодоход би атаархаад л байгаа юмаа даа. Түүнээс би түүнийг санасных лав биш байх.
Би бодолдоо болоод нилээн суужээ. Баарны гол танхим бүүдгэр гэрэлтэй ч гэсэн гаднаас орж ирэгсэд сайн харагдаж байв. Тэгтэл хаалга зөөлхөн онгойж нэг залуу орж ирсэн нь Зоригоо байлаа. “Даарин дээр давс гэгчээр энэ ч бас юув дээ” гэж бодохоор дотор шатаад явчихав. “Архи уудаггүй, тамхи татдаггүй хүн энд юу хийж яваа юм бол? Байдгаа гөвчихсөн намайг тавлах гэж яваа юм байх даа. Тэгнэ л дээ энэ” гэж бодож суулаа.
Тэр эргэн тойрноо гүйлгэж харснаа шууд л надруу чиглэн ирж ширээнд суугаад олон сар уулзаагүй гэхэд мэнд ус ч асуусангүй. Бодвол онцгүй хариулт ирнэ гэдгийг мэдэж байсан бололтой. Үйлчлэгчийг дор нь дуудаж, нэг шил архи хоёр зууш захиалав. Захиалга иртэл тэр мөн л дуугарсангүй. Архиа хоёр стаканд хийж нэгийг надруу түлхээд
- Наадахаа барьчих гэснээ өөрөө торох ч үгүй татаж орхив. Хэзээ язааны уудаг хүн шиг байх түүнийг би гайхаж байлаа. Бид гурав, гурав татлаа. Угаасаа дэвсгэртэй байсан би жаахан халах маягтай болоод ирэв.
- Чи чинь уудаггүй биш билүү?
- Уух хэрэгтэй болоод л
- Яасан?
- Яахав дээ чамтай ууя л гэж санахгүй юү гээд дахин хийлээ.
Бид хоёрын яриа эвэлж өгөхгүй байсаар эхний архи дууслаа. Гэтэл Зоригоо дахиад захиалав
- Чи үнэхээр уумаар байгаа юм бол энийг би төлнө шүү гэлээ. Хэдийгээр дампуурсан ч өнөөдөртөө архи авчих чадалтай байгаагаа үзүүлэх гэж тэр. Тэр юм хэлсэнгүй. Архи гэдэг яахав дээ орсон хойноо хүний доторхыг заавал шахаж гаргадаг адын чөтгөр. Бие тавирч, сэтгэл санааны байдлаас тэр үү би доторх могойныхоо хамт халамцаж эхэллээ.
- За тэгээд оюутан цагийн андаар юу байна даа гэж төгссөнөөсөө хойш уулзаагүй хүн шиг асуув.
- Зоригоо яахав дээ байдгаараа л байна. Харин чамаар?
- Яахав. Дампуурлаа. Чи хараа биздээ?
- Харсаан. Одоо тэгээд яая гэж бодож байна?
- Яах юу байдгийн, дахиад л сэтгэнэ. Намайг дампуурлаа гээд зарим хүмүүс бүр хөөрөөд байх шиг байна тийм үү? гэж өдсөн маягтай асуулаа. Архины л гай л даа. Гэхдээ л түүнийг харахаар уур хүрээд байсан юм чинь
- Харин л дээ.
- Миний найз ч гэсэн уудгүй мөртлөө уугаад л. Чамд ч гэсэн ер бусын өдөр бололтой.
- Би ер нь уудаг юм шүү дээ.
- Сонин л юм даа. Би л чамайг уудгийг чинь мэдэхгүй юм байна.
- Чи мэдэхгүй ээ. Миний уудгийг байтугай чи намайг ч мэдэхгүй
- Тэгвэл чи их өөр хүн байжээ.
- Байжээ биш. Би угаасаа л та нараас өөр хүн гэж царай төрх нь нилээн ширүүсэн хэлэв.
- Та нар гэж хэнийг хэлээд байгаа юм?
- Бүгдийг хэлж байна. Манай ангийнхан, бас чи. Ерөөсөө надаас бусдыг хэлж байна.
- Чи тэгээд юугаараа өөр юм дээ? гэж гэж ширүүхэн асуулаа. Уусан архинаас болсон уу, эсвэл миний унаган зан түлхсэн үү дотор минь шатсаар байлаа. Тэр ч гэсэн нилээд халсан харагдана.
- Юм болгоноороо. Миний бодож, сэтгэж байгаа болгон та нарынхаас өөр байсан. Та нарын байж байгаа сүргийн хэв шинж, үхмэл сэтгэлгээнд чинь би дургүй байдаг юм. Бөөнөөрөө ууж идэж дарвина. Цуг яваагүйгээ гоочилно. Ил далд муу муухайгаар ярина. Хэдэн хуушуур олдсон ч үхэх гэж байгаа юм шиг булаацалдаж иднэ. Та нарт бол хөгжилтэй сайхан л байсан байх. Харин надад бол өлсгөлөн ноход олдсон зутангаа том томоор үмхэлж байгаа юм шиг харагддаг байсан. Идэхээ бодохоос идэж байгаа хуушуурынхаа мөнгийг яаж олох вэ гэж та нарын хэн чинь боддог байсан юм? Зарим нь аргаа барахдаа бусдаасаа нуугдаж иднэ. Тэр нь бүр өрөвдөлтэй. Өөрсдөөсөө жаахан өөрөөр сэтгэдэг хүний үзэхгүй. Тэр сүргээсээ гарган хаяна. Тэгээд ч зогсохгүй үзэн ядах нь бүр аймшигтай. Хэн нэгнийг ангиараа арзайтал шоолон инээлдэхдээ хэзээ ч тэр хүнийхээ дотоод сэтгэлийг чагнахгүй. Тийм болохоор өрөвдөхгүй, хайрлахгүй. Тэгсэн хэрнээ хамт олон гэж худлаа солиорцгооно. Шалгалт гэхээр хуулах гэдэг үг та нарт давхар сонсогддог. Зорилгогүй, арчаагүй. Та нар ийм л байсан.
- За за боллоо боллоо. Яасан их сургадаг юм гэснээс өөрийг би хэлж чадсангүй. Яагаад гэвэл түүний хэлж байгаа болгон үнэн байсан юм. Би хэдий халамцуу ч түүний яриаг урд байгаагүйгээр анхаарч суулаа. Тэгээд үнэнд ялагдаж буй хүний дуугаар
- Чи ч гэсэн хуулдаг л байсан биздээ? гэж хамгийн сүүлийн амьсгал татах мэт арчаагүй асуултыг аргацаах байдлаар асуулаа.
- Хуулдаг байсаан. Гэхдээ би өөрөө өөрөөсөө хуулдаг байсан юм.
Харин би түүнээс хуулдаг байсан. Согтуу ч гэсэн би ойлгоод л байв. Тэгтэл тэр хэсэг чимээгүй сууснаа
- Магадгүй та нар оюутан цаг хамгийн хөгжилтэй үе гэж санадаг байх. Та нар шиг хүмүүст бол харин хамгийн гунигтай үе юм шүү дээ. Гэхдээ би та нарыг зөвтгөх ганцхан юм байгаа юм. Та нар зөвхөн оюутан үедээ биш анх сургууль цэцэрлэгээс эхлэхдээ л энэ сүргийн сэтгэлгээнд орж эхэлдэгт байгаа юм л даа.
- Чи тэгээд тийм л өөрөөр сэтгэдэг байсан бол тэр үед нь хэлчихгүй яасан юм?
- Тэр үед та нарын хэн чинь намайг сонсож, хүлээн зөвшөөрөх байсан юм. Бүгд л би, би гэж орилсон хэрнээ бүгд бие биендээ атаархаж, хорссон тийм л улс байсан биздээ. Хүнд итгэх сайхан итгэл та нарын хэнд чинь байсан юм? гэж хэлэх тэр үед миний тархи руу нэг юм ян хийтэл хатгаж байлаа. Тэр цааш нь
- Хэдэн төгрөгтэй явдаг болохоор л намайг гадуурхдаггүй байсан байх. Чи ч гэсэн энэ тал дээр тэдний л нэг байсан. Та нарт хөгшин, зарим нь бүр үхмэл сэтгэлгээтэй л болохоос залуу наснаас өөр сайхан юм байгаагүй шүү дээ анд минь гээд уртаар санаа алдан дахин нэг татлаа. Тэр яагаад ч юм олон жил дотроо буглаж байсан юмаа надад ярьж байх шиг санагдав. Миний уур хүрч байсан ч гэсэн би түүнийг эсэргүүцэхгүй байсан нь сонин. Миний доторх могой намайг дагаад гулдайж хоцров.
- За за энэ ч яахав. Би уусандаа болоод баахан юм ярьчихлаа. Ажлын хувьд гэвэл намайг хүнд зөвлөлгөө өглөө гэж чи надаас салаагүй шүү дээ. Чи ч өөрөө мэдэж байгаа. Зүгээр л чи бид хоёрын дотоод хүмүүс хоорондоо таардаггүй. Худлаа гэхгүй байх. Хүн харахад хичнээн таардаггүй байсан ч гэлээ чи бид хоёр дотоод сэтгэлээ мэдэрдэг байсан. Чи миний тухай сайн муугаар бодож л байдагтай адилхан би ч бас чиний тухай бодож л байдаг юм даа. Чухам зүгээр сайнаар уу, муугаар уу гэдэг нь л ялгаатай. Чи одоо өнгөрсөн бүх хугацаанд Зоригоог сайнаар бодож байсан нь их үү, муугаар бодож байсан нь их үү гэдгийг санах гээд үзээрэй. Ямар нэгэн хариу гарна. Өөрийгөө хуурах гэж битгий оролдоорой. Бас надад хэлэх гээд ч хэрэггүй. Бодит байдал ийм л байдаг юм гэж тэр хэллээ.
Зоригоо одоо надад нэг их ухаантан гэхээсээ илүү зүгээр л асар их ном уншсан хүн шиг л санагдаж байлаа. Тиймээс би түүний үгийг сөрөх тэнхэлгүй болчихсон байв. Магадгүй тэр арай өөрөөр сэтгэдэг хүн байж болох л юм. Учир нь тэр намайг яг л миний дотор орчихсон юм шиг мэдэж бас өөртөө итгэлтэйгээр ярьж байлаа. Тиймээ, би Зоригоог сайнаасаа илүү муугаар бодсон нь олон байв. Жишээлхэд л тусдаа байсан сүүлийн зургаан сар л гэхэд би түүнийг нэг ч удаа гэгээтэйгээр бодоогүйгээр барахгүй өөрийнхөө бараан бодолдоо итгэж заримдаа бүр ямар ч учир шалтгаангүйгээр үзэн яддаг байсныг яана. Энэ бол зүгээр л атаархал, хар хорын сэтгэл байж гэж бодох зуур нэгэн сонин асуулт надад төрөв.
- Чи ер нь намайг найзын хувьд гэх юм уу даа нааш нь, өөр лүүгээ татаж энэ бүхнийг ойлгуулах гэж оролдож байсан уу? гэлээ. Үүний цаана “Чи тэгээгүй байж одоо намайг зэмлээд яахнав дээ” гэсэн утга хавчуулж өгсөн юм. Тэгтэл
- Оролдсоон. Бүр оюутан байхаасаа.
- Яаж? . . . Үгүй ээ яаж гэж дээ. Чи надад хамт ажиллах санал тавьж . . . гээд үгээ дуусгаагүй байтал
- Энэ ажил бол яах вэ. Энэ чинь амин зуулгын л юм. Энийг битгий их юманд бод. Чи бид хоёр арай өөр юм яриад байгаа шүү дээ. Жишээ нь би чамайг маш сайн сонсдог байсан. Энэ чинь л чамд юм ойлгуулах гэж оролдож байгаа арга. Би чамайг сонсож чадаж байхад чи намайг сонсох л ёстой байсан юм. Хүнийг сонсож чадна гэдэг чинь өөрийгөө сонсож чадна гэсэн үг. Тэгээд сонссон хоёр юмаа харьцуулахаар нэг юм болноо доо. Тэгэхэд та нар зөвхөн өөрийгөө сонсгох ёстой мэт хашгачин чарлаж, бусдад тулгадаг. Тэгээд өөрийнхөө зөв гэж андууран өөрийгөө ч хяналтгүй болгочихдог гэлээ.
Энэ яриа явсаар анх бааранд орж ирсэн миний сэтгэлийн ганихарлыг мартагнуулсан байв. Зоригоогийн яриа надад өнөөдөр арай өөр маягтайгаар бууж байв. Магадгүй би түүний хэлснээр Зоригоог би сонсож байсан байж болох юм.
- Чи тэгээд намайг бүр эртнээс биш юмаа гэхэд саяын өнгөрсөн зургаан сарын хугацаанд хий дэмий цонхоороо хараад сэтгэлдээ тавлаж суухаар ингээд нэг ярьчихгүй яав даа гэж намайг хэлэхэд
- Би чамайг явснаас хойш ажиллаагүй юм шүү дээ гэдэг байгаа. Энийг сонсоод миний дотор ямар нэгэн юм сул асгачих шиг л боллоо. Нөгөө могой намайг хаяад хаа нэг тийшээ алга болов. Хэлэх ч үг олдсонгүй. “Би чухам хэн юм бэ, Хэн байсан юм бэ, Хэн болчихоод байгаа юм бэ” гэдэг ч юм уу мэдэхгүй ээ мэдэхгүй нэг тиймэрхүү бодол орж харууслын лантуу гэж байдаг бол түүгээр нэг дэлсүүлээд авах шиг боллоо. Өнгөрсөн хугацаанд би өөрөө өөртэйгөө л ярьж, өөрөө өөрийгөө боомилсоор өнөөдөр дампууран суугаа ажээ. Би Зоригоогийн хажууд жив жижигхэн амьтан байв. Би түүнийг арай өөр хүн юм гэдэгт итгэж эхэллээ. Гэхдээ оройтжээ.
Тэрээр талдаа орсон архинаас дахин нэг хийж, намайг ч хүлээлгүйгээр татчихаад босоход
- Жаахан суухгүй юмуу? гэж би гуйх хүсэхийн завсар асуусан байлаа
- Одоо болноо
- Чи оюутан байхдаа ч уудаг байсан уу?
- Тийм, гав ганцаараа. Гэхдээ тийм ихээр биш л дээ
- Яагаад бидэнтэй уудаггүй байсан юм бэ? Ядаж нэг удаа ч гэсэн
- Та нартай уувал уусны утга учир алдагдана шүү дээ. Архийг заавал согтох гэж биш өөр зорилгоор ууж болно шүү дээ гэснээ гараа нэг савлаад
- За,за иймэрхүү юм ярихаар зөрөх юм болох байх. Гэхдээ ганцхан чи биш шүү. Энэ эргэн тойрны бүх хүн нэгэн хэвийн сэтгэдэг юм гээд намайг хагас дутуу тайвшруулах аядаад
- За би явах боллоо. Хэрвээ хэрэг гарвал хөгшин дээрээ очоорой. Би маргаашнаас ажиллаж эхлэнэ. Тэгэхгүй бол энэ гудамж хэцүүднэ байх гээд цааш эргэлээ.
Тиймээ! Зоригоо бид хоёрын дотоод хүн яг ижилхэн бололтой юм, сонин юм шүү. Ийм яриа сонсоогүй бол энэ үгний төлөө би Зоригоотой алалцахад ч бэлэн байх санж. Гэтэл одоо надад тийм сэтгэл даанч алга. “Би чам дээр ямар нүүрээрээ очихов дээ” гэж бодохдоо Зоригоо энийг ч бас бодож амжсан байгаа гэдэгт итгэж байлаа. Тэгтэл тэр хоёр алхаснаа эргэн харж
- Аан тийм! Тэр хүмүүст зөвлөлгөө өгдгийн хувьд бол зөвлөхөөр хүмүүс, өөрсдөө оролдож байгаад улам эвддэг байхгүй юу. Тэгээд тэд сэтгэл харамгүй зөвлөсөн “сайн” хүн дээрээ ирж гурав дахин их үнээр засуулдаг юм гэж хэлээд нүдээ ирмээд гараад явлаа. Тэр үед би амандаа өөрийн эрхгүй
- Новш! . . . гэж хараалаа. Чухам хэнийг харааснаа өөрөө ч сайн ялгасангүй . . .

25.04.09

Төгсөв.



37 comments:

Gansukh B said...

Баярлалаа. Үнэхээр сайн болжээ. Үүнийг уншсан хэн бүхэн өөртөө нэг дүгнэлт хийнэ байх. Би ч гэсэн.

Unknown said...

Goyo boljee. yum bodogduulj bnaa. amjilt husye.

amor said...

баярлалаа, их гоё үзэл бодол, санаа ...
магад, аанхаа, яг тийм гээд уншаад дуусгав, баярлалаа..

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

Ганаа: баярлалаа. Заримдаа бид нэг иймэрхүү л байх шиг байх юм
Зоригоо: Баярлалаа.Ирж байгаарай

Бум said...

Амор: Тэгсэн болоо, болоо хэ хэ

Anonymous said...

гоёоo болжээ олох хүмүүст уншуулж ухааруулаарай

Mongolhadagtai said...

estoi goe bichsen bn
hugjiltei,surgamjtai

A.Амарсайхан said...

Гансүхийн хэлдгээр би ч гэсэн нэг юм бодлоо шүү

Tsetsensod said...

Bid bugdeeree l iimerhuu aldaag zasah bolomjguigeer hed udaa gargaj bsan bol doo.. aimaar..
Hun, ug, amidral, zovtgol, bas buruutgal... gaihaltai

oyunaa said...

hun buhen ooroo ooriinhoo dotor oor neg ertonts uusgechiheed terendee het itgej amidrah yum daa...

Har-tsag said...

Tiim ee tiim uudgui gej helj bolohgui bas sain hun gej helj bolohgui tiim humuus baidag yum shuu dee. gehdee tuund nobsh gej helj bolno doo

Anonymous said...

Tanias shine yum unshsan udur neg l saihan udur boldog shuu. Shine yum tavihiig chini huleegeed l yavj baidag. Bidnii heden unshigchid iim zohiolchtoi neg tsag ued taarsan ni az yum daa. Setgel gonsoilgohgui baigaa shuu, harin ch esregeer ni. Uran buteeliin ulam undur amjilt husie.

Бум said...

vsreeree: Баярлалаа. Бодлын манан хүүгүүлмээр сайхан зураг бна
Амараа: Амараа ч зөндөө л юм бодож амжсан даа
Цэцэнсод: Хүн гэдэг юм юмтай амьтан юм даа
Оюунаа: Хүний дотоод бодол уг хүнээ үнэнээр илэрхийлж байх шиг. Гэхдээ гаднаасаа мэдэгдэхгүй юм даа
Хар цаг: Түүнд ч хэлж болно бас өөртөө ч хэлж болно
Анон: Өө за баярлалаа. Бид энэ цаг үедээ байгаа хэн бүхэнд баярлах ёстой байх аа

Чепак said...

Tasarhai boljee

Anonymous said...

"Бид энэ цаг үедээ байгаа хэн бүхэнд баярлах ёстой байх аа" gedgiig yutai holboj oilgoh ve? Yagaad bid neg tsag ued amidarch baigaa hun buhend talarhah yostoi gej? Buruu yum asuusan bol uuchlaarai!

chinguunjav said...

Goe uguulleg bna

Бум said...

Чепак: Чиний блогийг харсан их гоё болсон бна лээ.
Анон: Яахав дээ. Чи надтай нэгэн үед таарсандаа баярлаж бна гэхээр нь урамшаад л ер нь хүн болсных сайн ч бай муу ч бай тэр үеийнхээ бүх хүмүүст л баярлаж байх нь зөв юм гэсэн утгаар хэлсэн юмаа
Чингүүнжав: Баярлалаа

Juljagahan said...

Bodmoor eguulleg bolj...
Gehde oroi suuj unshsanaas bolson u? neg l yu bodohoo medehgui ym shig bodoj chadahgui bn. Daraa tuhtai bodii... xexexe zajluurtai hool ch amttai bdg shu, Gyalaialaa Bumaa ah!

Gesnees ene doorh bichleguud oruulsan chin yostoi ih taalagdaj bn. ene blogiin eguulleg buteeluudees gadna uur bas durtai ymnii neg bolloo :-D
Boldoggui bor gonjoom heveeree ch bur goy bolood bhiimaa xexe :-)

Ганчимэг said...

оюутан цаг нүдний өмнүүр жирэлзэв. сургамжтай өгүүлэл байна.

Erhtsas said...

Хэлэх үл үлдсэнгүй ээ Бумаа ахаа. Маш их бодол л төрж байна

бж said...

Andiin blogt unuudur honoh duhluu shuu.
Tuhlan baij ene uguullegiiig chini ug useg aldalgui unshlaa. Bur dahin dahin unshlaa. Tun ch saihan bichjee. Ergetsuulj bodoh yum ch ih l baina sanj...
Hun neeree muuhai shuu. Bi ch bas uuriinhuu tuhai bodood avlaa... Neg ih gegeetei saihan yum alga l baina shuu...

Бум said...

Жулжагхан: Хэ хэ нуршуу болсон бна гээд шүүмжлүүлж байгаа хүмүүст
Доорх бичлэгүүд хааяа сонсож суухад сайхан юмаа. хүнээс ийм аялгуу төрдөг гэхээр сонин, бахархмаар
Ганчимэг: Оюутан цагаа гэж . . .
Эрхцас: Өөрийгөө чагнахад тх сонин мэдрэмж төрмөөр юм билээ
Ганаа: Чамд гэгээлэг юм зөндөө байгаа дөө.

ganga said...

Neeree neg ue Canon ajilluuldag business olon hun erhelsen. Odoo internet Cafe gedgiin havsarga mayagaar yavdag bololtoi yum bilee. Bum ch, uuruu dund ni orood yag ene ajliig hiichihsen huns hig l bichih yum.

artanyan said...

За гоё юм байнаа, заавал дараа нь орж ирж гүйцээнээ. Дүү нь сая орж ирчээд, нүд анилдааск хэ. Нээрээ, сайн байна уу Бумаа ахаа. Хэ мэнд мэдэхийг мэдэхээ байж.

serenade said...

Ёстой сайхан, сонирхолтой өгүүллэг бн. Шимтэн уншлаа. Амжилт хүсье.

shontook said...

gaihaltai. ta shu bumaa ahaa.

Бум said...

Ганга: Юм ховор цагийн буянтай үйлчилгээ байх. Гэхдээ манайханд одоо ч хэрэгцээтэй байдаг гэсэн
Артаг: Сайн уу. Танай уралдааны материал алга болсон нь харамсмаар юм болсон бна лээ. Юмаа яаж хамгаалмаар юм дээ байз
Серенаде: Баярлалаа. ирж байгаарай
шонтоок: Чи шүү бас

tungaamnh said...

uurtuu er n dugnelt hiimeer yum bna shuu

Миний цаг said...

Миний найз таны энэ бичлэгийг надад уншуулсан л даа. Тэгээд бичсэнээр нь танд, уншуулснаар найздаа талархал илэрхийлье. Таны өгүүллэгүүд таалагдлаа. Уран бүтээлийн амжилт хүсье.

Bum said...

Tungaamnh: HUn bur l tegmeer baigaa yum
Minii tsag: Harin tiin bna. Bi tanaihaar bolon tanai naiz One day gedeg blogoor orj uzlee. Ta nart bayarlalaa. Mun ta 2-iig blogtoo tatchihsan shuu

buleen said...

bi bainga blogoor chin orj chinii ertontsod saataj bdag
chamd sainiig husie.buleen88@yahoo.com husvel mail bicheeree
bi shuleg sonirhoj orolddog yumaa

tagm said...

Oird zav muutai setgegdel eroosoo yldeesengyi !!
Manai Mongolchuudiin niitleg zan chanardaa ene chin... neg heseg neg gazar ajillaj baigaad sain surch amjaagyi baihdaa Ceejee deldeed eheldeg um daa...

Uul ni umiig mash sain surchihaaad tegeed ooroo deer ni nemeeed um setgevel zygeeer baih shig baidgiin,,,

Blog chin ih goy boljee. Ene blogiin tolgoin deeree yamar goy zurag tavia ve? Byyr neg saihan zyyni jihyyn ogloonii narnii javar sengenej baigaam chig sanagdchihlaa...

tagm said...

Esvel nar jargahiin omnoh namuuhan ydesh.....

ZAYA said...

Гоё өгүүлэг болсон байнаа.

Anonymous said...

Gojo boljee. Zorigoog ih sain hun baina gej bodoj bsan bolohoor ch teruu tugsgul ni taalgdsangui.

Цасчихэр said...

yaag minii dotroo bodoj, uzen yaddag chanaruudiig erduu l SURGIIN UZEL geed l 2hon uger helchihsen bn shuu dee. uneheer bishirch bn.

Anonymous said...

дандаа л их гоё юм бичих юмаа