# #

Зураас (Өгүүллэг)

24 Сэтгэгдэлүүд:


“Ямар нэгэн хүн миний явах дуртай тэр зүг яаравчлан алхаж байлаа. Яагаад ч юм би түүний ард гарчихаж. Үе үесхэн сэвших салхинд түүний задгай үс намирч, нарны туяа завсраар нь сүвэгчлэн гялалзаж, нүдийг минь гялбуулна. Нар миний явдаг тэр зүгээс манддаг болохоор тэр. Уг нь их л уран тансаг, сэтгэл хөдлөм зураглал боловч надад тэгж бодогдсонгүй. Хурдхан шиг л урд нь гармаар санагдана. Хяслантай нь тэр гүйцэгдэхгүй байлаа. Тэр явсаар, би дагасаар . . . Яг бодсончлон миний хар хадан хананд тулан ирж, гартаа байгаа ирт чулуугаар зурах гэж байх шиг. Би тэсгэлгүй хашгирлаа. Тэр огцомхон эргэж улаанаараа эргэсэн аймшгийн нүдээр над руу цоргин ширтэв . . .”
Би давхийн сэрлээ. Хамаг биеийн хөлс асгарчээ. Ашгүй зүүдэлсэн юм байж. Санаа амарч байгаа юм байлгүй уртаар амьсгаа авч, цээж уужрав. Түүнийг сэмхэн харвал тэр амаа хагас ангайгаад хурхирч байлаа. Хаа очиж нойр сайтайд нь баярлах шиг болдгийм. Дөнгөж үүр цайж байгаа нь манай оромжны цоорхойгоор гийх саарал гэгээнээс андашгүй. Одоо удахгүй нар мандана. Хармын төрлийн хар дарсан муухай зүүдээр сэрсэн ч бүх юм хэвийн байгаад бага ч болов дотор уужирч нар гартал унтъя гэж санан хэвтрээ засахад чилсэн биед таатай мэдрэмж төрнө. Гэхдээ доороо дэвссэн сүрлийн чимээг аль болох гаргахгүйг хичээнэ. Сайндаа ч биш л дээ, зүгээр л түүнийг сэрээмээргүй санагдсаных. Тэр надад саад болохгүй байсан нь дээр. Би нүдээ анин унтах гэж хичээсэн авч унтсангүй. Гэхдээ бас нүдээ нээсэнгүй. Аньсан чигтээ бодол болон хэвтэх нь тааламжтай байлаа.
“Би түүнийг танихгүй. Бас яагаад тэр надтай төстэй ч юм шиг харагддагийг мэдэхгүй. Харин тэр ярьдаг, дэндүү их ярьдаг. Ярихдаа дандаа миний мэдэхгүй зүйлийг маш ихээр ярьдаг юм. Бодвол өөрт нь таалагддаг байх. Надад их ч юм зааж өгсөн дөө. Бас намайг нэг үгээр (нэрээр) дуудахыг хичээнэ. Би тэрэнд нь дургүй. Тэр заавал намайг дуудаж байх ямар хэрэгтэй гэж. Эхлээд би түүнтэй яаж уулзлаа байз. Аа, тийм. Тэр намайг сэрээсэн юм байна. Анх би түүнийг сонсохгүй байж билээ. Эсвэл тэр дуу гаргахгүй зүгээр л ам нь ангалзаж байгаад сүүлдээ дуу орсон байж магадгүй л юм. Түүнээс хойш бид хоёр үргэлж цуг байгаа. Уйтгартай байгаа биз. Тэр дандаа миний мэдэхгүй зүйлс ярих хирнээ санаж байна уу? гэж асуух нь төвөгтэй. Үнэндээ бол түүний бүх ярианд дуртай юу гэвэл үгүй л дээ. Гэвч өөр ярилцах хүн байхгүй тул би сонсож л байдаг юм”
Би эргэж хэвтээд түүнийг сэмээрхэн ажлаа. Тэр унтсаар л байна. Унтаж л байг, одоо удахгүй нар мандахаар би нөгөө хад руугаа явж зураасаа зурна. Би ямар нэгэн тааламжит амттан амандаа хийсэн мэт нүүрэндээ жаргал тодруулаад бодлоо үргэлжлүүллээ.
“Би тэр зураасыг зурахдаа дэндүү дуртай. Зураас маань уртаараа ерөөсөө миний хамгийн богинохон хуруутай адил. Нэг өглөө яг нар мандаж байхад би тэр тас хар ханан хадыг олж, яагаад ч юм дээр нь зураас зурмаар санагдсан юм. Хуруугаараа зурахад миний хуруунаас тас хар шүүс ялгараад олигтой зурагдахгүй болохоор нь нэгэн уртавтар чулуу олж ирлэв. Түүнийг ирлэх гэж хичнээн удсан гээ. Гэхдээ л ирлэж чадсан юм. Ирлэж суухдаа үүгээр ханан дээр зурахад надад ямар нэгэн тааламж төрөх юм шиг санагдаад тэсч ядан байж билээ. Миний зөв байсан юм. Ирмэгт чулуугаараа анх зурахад хавиралт гараар дамжин мэдрэгдэх нь хачин сонин санагдсан. Сонин гэж дээ, сайхан гэмээр юмуу. Энэ мэдрэмж л намайг энэ олон зураасыг зуруулсандаа. Анх зурсан хар шүүстэй зураасаа улам тодруулсан хэдий ч уртасгаагүй. Тэгээд зураасаа харж их удаан суусан юм. Гараар дамжсан мэдрэмж, чихэнд сонсогдсон хавиралтын дуу чимээ нь үргэлжлэн сонсогдсоор байсан юм. Нэг мэдсэн чинь нар шингэх дөхжээ. Оромж руугаа явахдаа өдөржингөө харсан зураасаа алга болчих гэж байгаа юм шиг эргэн, эргэн харсаар байж билээ. Маргааш нь дахиад яг нар мандаж байхад ирж зурлаа. Сэтгэл ханахгүй дээрээс нь дахин тодруулж гүнзгий сорви болгов. Тэгээд гэнэт тэр намайг сэрээснээс хойш хэдэн удаа нар мандсаныг бодож тэр тоогоор гурван зураас нэмж зурлаа. Түүнээс хойш нар гарах тоолонд очиж зурдаг ажилтай болсон доо.
Хүрр! хүрр! гээд үрэхээр гараар дамжиж ирэх тэр чичирхийлэл хичнээн сайхан гээ. Сүүлдээ би энэ зураасыг л зурж суух гэж амьд байгаа юм шиг мэдрэж төрдөг боллоо. Тэгээд ирэхээр зураасаа, ирмэгт чулуугаа, ханан хадаа, бодол хөврүүлэн суух энэ мөчөө хүртэл хэн нэгнээс харамладаг юм билээ. Тийм учраас л түүнийг энэ зүг рүү явуулах дургүй болсон хэрэг. Ирмэгт чулуугаа хүртэл нуух хэрэгтэй. Хаана ч нуусан тэр яаж ийгээд олчих юм шиг бодогдоод түгшинэ. Гэхдээ нэг нууц газар олсон юм. Хэсэгхэн бутан дунд байх жижигхэн нүхэнд ирмэгт чулуугаа нуудаг боллоо. Энэ бут яг хаана байдгийг нь мэдэхгүй ч би чулуугаа авах хүсэл төрсөн үедээ л гаргаад авчихдаг байв. Надаас өөр хэн ч мэдэхгүй. Зураасаа зурж суухад ер бусын нам гүм амирлангуй орчинд орж хачин их жаргалтай болдог байлаа. Гэхдээ урд өдөр нь тэр надаас олон юм шалгааж зовоосон үед бол өөр л дөө. Өөрөөр хэлвэл тэрний ааш авир миний хамгийн жаргалтай мөчид ч гэсэн нөлөөлж байдаг гэсэн үг. Нэг удаа тэр
- Чи яагаад юу ч ярихгүй байгаа юм бэ?
- Мэдэхгүй
- Юу мэдэхгүй гэж? Хоёулхнаа байж чи надтай ярихгүй байхдаа яадгийм. Чи ч ёстой адгийн шаар юм даа
- Би яримааргүй байна гэтэл нүд нь улаанаараа эргэлдэн дүрлийж
- Яагаад? яагаад? . . . гэж хоёр гараа сарвалзуулан цамнав. Тэр ууртай харагдсангүй, харин ч инээдтэй харагдахаар нь
- Дахиад
- Юу дахиад гэж?
- Дахиад саяынх шигээ хашгираач
- Энэ чамд тийм инээдтэй байна уу?
- Чамд ч бас
- Надад яалаа гэж инээдтэй байх юм?
- Тэгээд, инээдгүй юм бол чи зүгээр л бай даа гэхэд тэр бүр их уурлаж хажуудаа байсан болгоныг авч чулуудав. Би инээгээд л байлаа. Тэр бүр сүүлдээ байж ядахдаа байдгаараа орилж, толгойтой үсээ зулгааж, цээжин биеэ сарлан маажив. Түүний биш миний цээжнээс хар нулимс урсах нь сонин. Би гэнэт инээхээ болилоо. Түүнээс айсандаа биш гайхсандаа. Яагаад гэвэл түүнийг өөрийгөө зулгааж, маажих тусам миний толгой өвдөж, цээж хөндүүрлэсэн болохоор гайхсан хэрэг. Тэр яг надад байдаг шиг хоёр мөөмтэй байсан нь бас нэг сонин. Тэр өдрийн маргааш зураасаа зурж суухдаа түүнийг бодсон чинь яг л бороо орж, салхи исгэрэх шиг болоод эхлэхээр нь байдгаараа хурдан үрж эхэлсэн. Гэхдээ л зураасныхаа хэмжээг алдаж болохгүй гэсэн бодол надаас салаагүй. Тэгэхээр би өдөр өдөрт өөр өөр юм бодож зурдаг ч бодлоосоо хамаарч зураасаа өөрчилдөггүй гэсэн үг л дээ. Сүүлдээ зураасаа тоолж нэг гарын хуруутай адилхан болохоор нэг дугуйд хийдэг болов. Нэг гарын хуруу тав байдаг гэдгийг тэр надад зааж өгсөн юм. Түүгээр ч зогсохгүй тэр надад арав, зуу, мянга, арван мянга гэж тоонууд үргэлжилдэг гэж заасан юм. Тэгээд би дээшээ зуун дугуй болгоод дахин доороос эхэлдэг байв. Миний зурааснууд нар гарах тоолонгоор ихэссээр байгаа. Хоорондоо ижилхэн болохоор надад их хөөрхөн санагдаад байдаг юм даа. Өнөөдөр ч гэсэн би нар гарахаар хар хад руугаа явна. Харин ганцаараа л явмаар байна. Босохдоо түүнийг сэрээж л болохгүй. Өдий болтол тэр надад саад болоогүй ч нэг л өдөр миний зураасыг өрсөөд зурчих юм шиг хар төрөөд байдаг юм. Би ганцаараа л зурах ёстой. Энэ бол зөвхөн миний л зураас шүү дээ . . .
Удалгүй гадаа шувууд жиргэж эхэллээ. Босох цаг маань болсон тул сэмээрхэн гарлаа. Тэртээ алсаас нарны туяа шаргалтана. Хором мөч өнгөрөх тусам тэр туяа улам ихэснэ. Шүүдэрт чийгтсэн өвс хөл доор чимээгүйхэн нална. Нэн тааламжтай ч одоохондоо л ингэж байгаа юм. Наранд халчихаараа хөлийн тавхай руу хатгаад зовлонтой гэж. Гэхдээ ямар ч үед яваад сурчихаж дээ. Би хар хад руугаа яармаар, гүймээр санагдаж байсан ч өөрийгөө хүчлэн хорьж байлаа. Учир нь эрт очвол зугаат ажил маань эрт л дуусна гэсэн үг. Би үүнийг хүснэ гэж үү. Би дээгүүр, алсыг харан аажуухан алхалж буй мэт боловч дотроо нисч явав. Хар ханан хад маань яг л урьдын хэвээрээ. Хэвээрээ ч байлгүй яахав дээ. Бутан дундах нүхнээсээ ирт чулуугаа аван зураасаа зурж эхлүүт миний ухаан санаа өөрт хамааралгүйгээр хаашаа ч юм алсарч одно.
“Би нэг их манан дунд гүйж явах юм. Манан өвдөгнөөс доош байх бөгөөд хөлд ороолдон гогцоорч, хөлийн мөр яг цасан дээр гишгэсэн мэт тэртээгээс эхлэн зурайна. Хөв хөх тэнгэрт солонго татна. Солонго тийм тод өнгөтэй байхыг би урд нь анзаарч байсангүй. Тэгтэл тэр солонгыг тогтоож байсан юм нь уначихав уу гэлтэй өнгө өнгөөрөө доош урсаж, яг шалбааг шиг энд тэнд тунаран тогтов. Би дундуур нь тэдгээр өнгүүдийг үсчүүлэн гүйхдээ хөхиүн баясаж инээхэд хэн нэгэн намайг даган инээлээ . . .”
Юу вэ? хэн бэ? Би гав ганцаараа байсан ш дээ. Хэн ингэж инээдэг билээ? Би гайхсандаа бодлоо хаян ийш, тийш харлаа. Тэр харагдсангүй. Хоёр гар маань өнөө зураасаа хичээнгүйлэн зурсаар байх ажээ. Яах аргагүй л хүн дуугарсандаа. Тэгээгүй бол би яахин бодлоо таслах билээ. Би дахин огцомхон эргэж харлаа. Хадны дэргэдэх зэгс юунд ч юм намилзан хөдлөв.
“Яг өнөөх чинь байна. Унтаад үлдсэн гэж бодсон чинь дагаад ирсэн юм байхдаа. Чи муу миний зураасыг зурах гэж хорхойсоо юу? Тэгэхгүй шүү. Чамаар зуруулна гэж байхгүй. Чи яг хаана байна? Надад харагдахгүйг хичээж нуугдаж байх шив. За яахав жаахан хүлээе” гэж санаад үл анзаарагч болон зураасаа цааш нь үргэлжлүүлэхэд дахин бодол урсана.
“Усан бороо шаагин асгарсан тул өнөөх тунарсан будагнууд тэр чигтээ холилдов. Өнгөнүүд хоорондоо дээр доороо орон ноцолдож, зарим нь зэвүүн саарал хоолойгоор орь дуу тавин чарлалдаж байв. Холилдохдоо ингэж их зовдог юм байхдаа зайлуул. Тэгэн тэгсээр тамир тэнхээ нь барагдаж буй бололтой чарлах дуу нь суларч хоорондоо холилдон нэлийсэн саарал юм болов. Тунарсан саарал шаврыг харж суутал дотор нь хэн нэгний нүдний харц намайг цоо ширтэж байгааг олж хараад би цочсондоо эгээтэй л хашгирсангүй. Айсандаа ч тэрүү, цочсондоо ч тэр үү эргэж зэгс рүү харвал тэндээс мөн л хоёр нүд ширтэж байх шиг”
Хамаг юмаа алдах гэж байгаа юм шиг совин төрж энэ бүхнээ харамлахдаа ухасхийн босож, муухай архиран ар нуруугаараа хадан ханаа халхаллаа. Надаас айсан уу эсвэл тэнд угаасаа юу ч байгаагүй юу ямартаа ч гэсэн нам жим болж, салхины аясаар зэгс намилзсаар байлаа. Зураасаа хурдхан дуусган, ирт чулуугаа нөгөө бутандаа нуусан хэдий ч миний санаа тэгтлээ ч амарсангүй. Нөгөө бодолд байсан цагаан мананг хар хадныхаа өмнүүр далдлах санаатай хөшиг мэт татаад, бага ч гэсэн сэтгэл уужран оромжиндоо арайхийн буцаж ирлээ. Их ядарсан бололтой. Харин өнөөх чинь хэвтэж л байх юм. Би гайхлаа. Яагаад гэвэл тэр өдийд босчихсон байдаг юм л даа. Нэгэнт өнөөдрийнхөө зураасыг зурчихсан болохоор түүнийг сэрээхэд гэмгүй тул мөрнөөс нь татаж эргүүлээд цочсондоо муухай хашгиран огло үсэрлээ. Түүний нүд нь алга болж оронд нь онгорхой хоёр нүх үлдсэн байлаа. Би буцаад гүйх гэтэл
- Чи хаачих нь вэ? гэж араас асуув. Би айсандаа
- Би . . . би . . .
- Чи зүгээр үү?
- Зү . . . зүгээр
- Аан! Гэхдээ л чи их сонин байна даа
Би түүний энэ энгүүн дууг сонсоод бага зэрэг тайвширч аажуухан эргэж харвал тэр зүв зүгээр болчихсон сууж байв. Нүд нь ч гэсэн байж байх юм.
- Чиний нүд чинь . . .
- Чи санаа зоволтгүй ээ. .........рээ (намайг дууддаг миний дургүй үг)
- Чиний нүд чинь байсан юм уу?
- Байлгүй яахав дээ. ...........рээ
- Чи намайг ингэж битгий дуудаж бай гэж хэлсэн байхаа
- Тэгсэн
- Тэгээд юундаа дуудаад байгаа юм?
- Энэ чинь чиний нэр шүү дээ
- Үгүй. Би ийм нэртэй баймааргүй байна.
- Тэгээд хэн гэх гэж?
- Хэн ч гэмээргүй байна. Ер нь би нэрээр яах юм. Хүн намайг дуудах шаардлагагүй.
- Яагаад тэр вэ?
- Би амар амгалан баймаар байна.
- Амар амгалаан? Амар амгалан гэж юу байдаг юм? гэж тэрээр нилээн шавдуухан асуулаа.
- Амар амгалан гэж нэргүй байхыг хэлдэг юм. Чамд хэн ч хэрэггүй бас хэнд ч чи хэрэггүй байхыг амар амгалан гэдэг юм гэж намайг бачимдан чарлахад тэр хоёр гараа өргөж
- За, за болтугай, болтугай. Ингэхэд бид хоёр чинь юун тухай ярьж байлаа. Аан, тийм. Нүд . . .
- Чиний нүд зэгсэн дунд байсан
- Тийм гэж үү?
- Тийм, Ер нь чиний нүд үргэлж миний ард байдаг. Яах гэж тэр вэ?
- Ёстой мэдэхгүй юм байна. Чи л тэгж боддог байх.
- Үгүй, үргэлж тийм байдаг. Чи битгий булзааруулаад байгаарай.
- За, за тийм болог
- Чи яагаад эсэргүүцэхгүй миний хэлсэн болгоныг за за тийм болог гээд байгаа юм?
- Мэдэхгүй л дээ
- Би мэднэ. Чи сайхан ааштай байгаа юм байна.
Тэр хариу хэлсэнгүй. Би ч дуугарсангүй. Хэн хэн маань таг чиг болов. Гэхдээ би түүнийг сэмхэн, сэмхэн харсаар байлаа. Түүнийг ч гэж дээ зөвхөн нүдийг нь. Тэр нүдтэйгээ байсан ч тийм ч тааламжтай санагдахгүй байлаа. Түүний энэ нүд надад заримдаа хэтэрхий ойр дотно харагддаг гээч . . .
Удалгүй шөнө болж би дахиад л маргаашийн нарыг хүлээж эхэллээ. Нөгөө л зураасаа зурах гэж тэр шүү дээ. Хүлээсээр байгаад нэг мэдэхэд унтчихаж.
“Хоёр нүд өнхөрсөөр над дээр ирэх юм. Хоорондоо учиргүй муудалцжээ.
- Та хоёр яагаад муудалцаад байгаа юм бэ?
- Энэ нэг муу царай алдсан юмнаас болж байгаа юм
- Та хоёр чинь ялгахын аргагүй адилхан л юм байна шүү дээ
- Ялгаатай
- Ямар?
- Энэ баруун, би зүүн нүд
- Хэн тэгж байна?
- Тийм байсан юм.
- Одоо тэгээд тийм байсныг хэн мэдэх юм бэ? Би лав тэгж ялгаж харахгүй байна
- Тэгвэл би чиний ухархай руу ороод үзүүлье л дээ.
- Үгүй ээ, үгүй. Тэгж болохгүй ш дээ.
- Болноо болно гээд тэр хоёр нүд над руу дайрлаа. Би айсандаа гараараа нүүрээ дартал
- Чи ингэтлээ айх хэрэг юу байна?
- Яагаад айж болохгүй гэж? Би дөрвөн нүдээр яах юм?
- Чамд угаасаа нүд байхгүй байна ш дээ
- Юу . . . ?” Би маш муухай орилж сэрлээ. Зүүдэлсэн юм байж. Хажуудхаа хартал тэр гараад явчихаж. Хаашаа тэр вэ? Миний хад руу явчихсан байж таарах нь. Намайг яарсаар иртэл тэр хананы өмнүүр татсан мананг аваад хаячихсан ямар нэгэн юм хийж байлаа. Миний дотор харлаад явчихав.
- Чи энд юу хийж байгаа юм? гэж намайг бачимдан асуухад
- Юу ч хийгээгүй
- Тэгээд яагаад . . . энд гэснээ түүний хийж буйг хараад
- Чи зурж байна ш дээ новшоо гэж хашгирахад тэр
- Болдоггүй юм уу?
- Болохгүй мэдэв үү, болохгүй. Энэ миний зураас. Зөвхөн би л зурах болно.
- Тийм л дээ. Гэхдээ би ганцхан зурчихъя л даа
- Үгүй гэж байна гэж би байдгаараа хашгираад түүн рүү дайрлаа. Тэр тийм ч амархан дийлдсэнгүй. Бид хоёр дээр доороо орон яг л миний бодолд гарсан олон өнгөнүүд шиг хуйлран ноцолдов. Гэхдээ би арай илүү байлаа. Яагаад гэвэл би бүх бие сэтгэлээрээ түүнийг эсэргүүцэж, миний амьд яваагийн гол утга учир болсон зураасаа түүнд өгөхгүй гэж тэмцэж байсан болохоор тэр байх. Тэр намайг бодвол зураас зурах туршлагагүй байсан болохоор гартаа юу ч үгүй, харин би өнөөх хүссэн үедээ гаргадаг ирт чулуугаа атгачихсан тулалдсан тул тэр өөрийн эрхгүй надад ялагдаад зайдуухан газар очиж суулаа. Би түүнийг хичнээн үзэн ядаж байсан ч нэгэнт ялсан тул тайвшрав. Түүнийг нэг мөсөн хөөчих гэснээ зураас яаж зурдагаа үзүүлмээр, онгирмоор санагдаад болох биш. Тэр яасан их атаархах бол гэхээс сэтгэлд нэн таатай. Тэртэй тэргүй тэр намайг дийлэхгүй юм чинь яах вэ дээ. Би ирт чулуугаараа хадан ханан дээр зурлаа. Хоёр чулуу хоорондоо хавирч чичиргээ нь гараар дамжин ар дагзанд мэдрэгдэхэд миний түрүүний уур унтуу тэр дороо арилчих шиг. Хавирах чимээ нь чихэнд хяхтнаад л . . . Би энэ удаа ямар нэгэн бодолд хөвөрч чадсангүй. Учир нь тэр намайг хараад сууж байгаа тул анхаарлаа сарниулж болохгүй. Аягүй бол дайрах ч юм билүү. Дайрахгүй байлаа гэхэд зураасаа хэрхэн зурж байгаагаа харуулж, горьдоож, голыг нь харлуулмаар санагдана. Би тэгэхээс тэгэх гэж дуу аялан удаан гэгч нь зурж байлаа. Нүднийхээ булангаар түүнийг үе үе ажина. Хөөрхий тэр үнэхээр горьджээ. Яг л хоол горьдсон өлсгөлөн нохой шиг. Хамгийн өрөвдөлтэй нь түүний нүд. Амьдралдаа тийм гуниг дүүрэн нүдийг хараагүй. Гэнэт надад түүний сайн талууд бодогдож эхлэв.
“Анх намайг хэн сэрээлээ? Тэр . . .
Би хэнтэй хань бараа болон энэ зурсан зураас шигээ олон нарыг үзлээ? Түүнтэй . . .
Хэн надад гарын хурууны тоог тав гэж, хоёулаа нийлээд арав болдог гэж хэллээ? Тэр . . .
Тэгээд л би зураасаа тав таваар нь дугуй дотор хийдэг болсон. Бас арав, зуу, мянга арван мянга гэдэг тоог тэр л надад зааж өгсөн. Тиймдээ ч би өнөөдөр гэхэд хоёр мянга дөчин дөрвөн дугуйг зурчихаад байна шүү дээ. Тэгэхээр энэ бүгдийг бодоод байхад түүгээр ганц зураас зуруулчихдаг ч юм билүү? Ердөө ганцхан шүү дээ” гэж бодлоо. Би түүн рүү аядуухан харж, зөөлөн даллав. Тэр намайг харсан ч харсандаа итгээгүй бололтой суусаар байв. Дахин нааш ир гэж дохилоо. Тэр эргэн тойрноо нэг харснаа өөрийгөө заав. Намайг толгой дохиход итгэж ядсаар ирлээ. Ирт чулуугаа түүнд өгөхөд чичирсэн гараараа чулууг авч миний зураасыг гүйцээх гэсэн боловч ядарсандаа ч юмуу, айсандаа ч юмуу эсвэл анх удаа зурж байгаа болохоор ч тэрүү гар нь чичирч салгалаад зурж чадахгүй байлаа. Намайг туслах санаатай ойртоход тэр надад үнэхээр баярласан байгаа нь харагдана. Түүний чулуу атгасан гарыг давхар атган ханыг хавируулан зурлаа. Энэ хавиралтаас миний авдаг таашаал бид хоёрт зэрэг, зэрэг ирэх нь тэр. Гэхдээ тархинд биш зүрхэнд мэдрэгдээд байх шиг. Хэт их хичээсэндээ болоод бид хоорондоо улам бүр ойртсон байлаа. Түүний үл ялиг чичирхийлэл, халуухан бие, айсан эсвэл ичсэндээ улайсан хацар, сандарсандаа давчдах амьсгаа энэ бүхэн нь надад тэс өөр мэдрэмжийг төрүүлж байгааг тэр мэдээ болов уу? Магадгүй л юм. Бас түүний хаанаас нь ч юм ер бусын үнэр үнэртэх шиг. Шорвог ч юм шиг, исгэлэн ч юм шиг, нялуун ч юм шиг, бүр байчихаад танил ч юм шиг чухам ямрыг нь ялгасангүй. Бид хоёр нүдээ анилаа.
“Дахиад л цав цагаан манан дунд бид бие биенээ тэврэн эргэлдэж, бидний хөл гар чухам аль нь хэнийх болох нь мэдэгдэхээ больтол ороолдсон байлаа. Би түүний гарыг тийм зөөлөн, чийглэг байдгийг урьд нь мэдэрч байсангүй. Үс нь ч гэсэн. Яг л миний ирт хутгаа нуудаг тэр хэсэгхэн бут шиг намирсан зөөлхөн ажээ. Миний юм уу эсвэл тэрний юм уу ямар нэгэн гар тэр хэсэгхэн бутанд хүрэх тоолонд бид хоёр дуу дуугаа авалцан гийнаж байлаа. Бид эргэлдэж, өнхөрч, дээр доороо ороход манан биднийг алсуур даган эргэнэ. Бид нисэх мэт, шумбах мэт эсвэл бүр хөвөх мэт хаашаа хамаагүй оргилно. Яг өнөөх бодолд орших өнгөнүүд шиг холилдож, өнгө өнгөөр ээлж дараалан дэлбэрч, тэсэрч байлаа. Сүүлдээ солонго шиг хойшоогоо нумарч байдгаараа хашгирдагийн даваан дээр” бидний гар хаднаас салж бодол сарнилаа. Зураасаа яг хэмжээгээр нь зураад дууссан байв. Бид хоёр жаргалтай байлаа. Хадныхаа наагуур цагаан манангаа унжуулан орхилоо. Буцаад оромж руугаа явж байхдаа бие биен рүүгээ жаргал цацруулан инээмсэглэн байсан ч гэлээ би дахиад түүнтэй хамт зураас зурах эсэхээ мэдэхгүй байлаа. Яагаад гэхээр би түүний нүднээс ганцаараа л зурах гэсэн хүсэл цухалзаж байгааг олж ажив. Хэрвээ миний ажсан үнэн бол яах вэ? Би үүнийг зөвшөөрөхөд бэлэн үү? Өрөвч, өрөвч гэхэд би тийм өгөөмөр билүү? Үгүй шүү дээ. Би өнөөдөр түүнд нааштай хандсан, хариуд нь ямар нэгэн тааламж мэдэрсэн ч гэлээ энэ хана, зураас, ирт чулуу, түүнийг дагасан бодол хүртэл зөвхөн миний л өөрөө өөртөө зориулж олсон таашаал. Үүнийгээ хэнд ч алдах ёсгүй. Алдах гэснээс түрүүн бодол дунд яагаад ирт чулуу нуудаг бут санаанд оров. Яагаад байн байн түүний гар тэрүүгээр эргэлдээд байв? Арай энэ муу миний чулуугаа нуудаг газрыг мэдчихсэн юм биш биз. Магадгүй шүү. Ер нь яагаад надад сүүлийн үед нүдний тухай бодол бодогдож, зүүд зүүдлэгдэх болов? Энэ үнэхээр сонин. Би энэ талаар яагаад бодоогүй юм бол? Оромжиндоо ирж хэвтсэн хойно надад ийм л бодлууд ээлж дараалан орж, тэгэх тусам түүнийг улам бүр хардах болов. Цаашдаа тэгээд яах? Нүд . . . нүд . . .
Миний бодолд цухалзаад байгаа энэ сонин санааг зөв гэдэгт яаж итгэх вэ? Итгэхгүй гэхээр цаашдаа зураасаа үргэлж түүнтэй хамт зурдаг болох нь ээ дээ. Үгүй ээ, үгүй би тэгмээргүй байна.
- Яаж? . . .яаж? Би өөрөөсөө ийн асуусаар унтаж чадахгүй тарчилж гүйцлээ. Би дахин нэг сайн амьсгаа аваад
- Гүйцээ. Би шийдлээ. Тэр нүдгүй болох ёстой. Харахгүй болчихвол хэзээ ч миний хадан хананд очиж чадахгүй, намайг хэрхэн яаж зурж байгааг ч харахгүй. Энэ л хамгийн зөв шийдэл. Би ухасхийн босоод ирт чулуугаа гартаа атган түүн рүү дайрлаа. Тэр ч гэсэн миний чулуутай гарыг барьж амжив. Чулуугаа түүний нүд рүү чиглүүлэн зүтгүүлэхэд тэр салгалсан гараараа өдөөс түлхэнэ. Түүний нүд рүү чулууны ир шархиран ороход гараар ямар нэгэн мэдрэмж дамжин тархинд ирж өвдөлт болж байв. Хамгийн сонин нь миний нүд яг л ухуулж байгаа мэт өвдөх нь би ингэж өвдөж байна шүү дээ гэсэн дохио байх. Ямартаа ч гэсэн хоёр нүднээс нь салгаж чадлаа. Түүнээс үсэрсэн хар өнгийн шүүс миний нүд рүү үсэрсэн юм байлгүй би ч гэсэн харахгүй болж байв. Өвдөлт тэгж их мэдрэгдэж байсан ч гэлээ түүнийг надад дахиад саад болохгүйгээр хаашаа ч юм явж одох болно шүү дээ гэж бодохоор сайхан санагдаж байлаа. Тиймээ, тэр явж байна. Гэхдээ намайг дагахгүй байхын аргагүй даллаад байх юм. Би үүнийг яагаад тооцоолоогүй юм бол оо . . .

* * *
- Тэр өөрөө ингэж чадна гэж үү?
- Чаднаа. Учир нь ийм хүмүүс өөртөө дэндүү итгэлтэй байдаг юм.
- Энэ цагаан даавууг яагаад хананы наагуур татсан юм бол?
- Мэдэхгүй. Бодвол энэ зураасуудаа хэн нэгэнд харуулахыг хүсээгүй болов уу.
- Шөнөдөө зурдаг хэрэг үү? Танайх чинь нэгдсэн унтраалгатай биш билүү?
- Тийм. Гэхдээ гадаах талбайн гэрэлтүүлэг шөнөжин асаатай байдаг.
- Нүдээ юугаар ухсан байж таарах вэ?
- Халбаганы ишийг ирлэж үзүүрлэсэн байсан
- Та нар чинь шалгадаггүй байсан юм уу? Зэвсэгтэй нь үлдээж байдаг
- Эмэгтэй хүн чинь хаанаа ч гэсэн нуучих юм. Бид арай тэгж сэтгэсэнгүй.
- Цаашдаа анхаарах л болж дээ.
- Яг тийм. Одоо бүх өвчтөнг шалгаж байгаа.
- Энэ хүн ингэхэд хэдий хэр хугацаанд энэ өрөөнд байсан юм?
- Яг хорин найман жил
- Ганцаараа юу?
- Гав ганцаараа. Сонин нь тэр үргэлж орныхоо дан пүршин дээр нь унтдаг байсан.
- Хачин л юм. Ингэхэд, тэр ханан дээр хэдэн зураас байсан бэ?
- 10220 зураас
- Тэгэхээр хорин наймд хуваах уу? Эсвэл гурван зуун жаран тавд хуваана гэсэн үг үү?
- Аль, аль нь болноо ерөнхий эмч ээ
- Тоо бодуулах нь л дээ. Мөн хөгжилтэй юм болох нь ээ ха ха . . .
Тэдний яриа хонгилын үзүүрт алсарч, сарласан ханатай өрөө нэгэнт эзэнгүй болсон тул төмөр хаалга нь ёолох мэт чихран савлана . . .


2011. 03. 23 УБ хот
Бүрэн эхээрээ...

Блогоор аялсан түүх - 16 буюу уншигчаас ирсэн зураг

11 Сэтгэгдэлүүд:


Миний нэг уншигч гэж ирээд л бичихээр зарим нэг нь “энэ чинь одоо юу болчихоов” гээд гайхах байх даа. Гэхдээ л яах аргагүй нэгэн уншигч маань энэ зургийг “Энэ яг тань шиг зураг” бичээд надад явуулсан (e-mail) байв. Яагаад тэгж тодорхойлсныг мэдэхгүй юм. Гэхдээ л энэ зургийг анх харахад сэтгэлд ойрхон, дулаахан, зүрхэн хавьцаа номхрох мэдрэмж төрсөн. Энэ уншигч маань намайг огт хараагүй хүн л дээ. Тэгсэн атлаа л тэгж хэлсэн юм. Тэгэхээр нь улам нарийвчилж
- bi ug ni aduu shig bish honi shig l hun dee гэхэд
- ugui ee. ene zurgiig buheld ni harahaar tanii dotood huntei chini ih tustei sanagdaad baidag umaa. Ta evguigeer bitgii bodooroi гэсэн юм. Миний өөрийн тухай биш миний бичсэн хэдэн өгүүллэгийн дотоод ертөнцтэй адилхан гэх гэж байгаа юм байна гэдгийг тэр даруй л ойлгосон ч надад сайхан санагдсан шүү. Тэгээд блогныхоо толгойд тавихаасаа өмнө уг зургийг харж, их удаан сууж билээ. Харах тусам сэтгэл нэг л уягдаад гэх үү дээ.
Нар ташсан зуны тогтуухан, сайхан орой юм. Өдөржин хорж зогссон энэ хэдэн адуу оройн сэрүүнд ганц нэг хазалж, зарим нэг нь биеийн чилээ үргээж харагдана. Өвсний өнгө, цэцэгсийн толгой, адууны тарга хийгээд цаагуур идээшлэх унаганы дорвийг үзвэл тийм ч аажуу зуны орой биш нь тодорхой. Намгархаг, чийглэг газар идээшиж буй хирнээ энэ хэдэн адуу байж ядан ялаархаад байгаа юм харагдахгүйг бодохоор өвсний гарц барагтайхан, ялаа шумуул багатай, сэв сэв хийсэн сэрвэгэр салхитай нутаг бололтой. Адууны цаадтайх хоёр толгой тийм ч өндөргүй юм. Учиргүй баруун зүгийн нутаг биш байхаа. Ажаад байхад манай нутагтай тун ч төстэй, сэтгэлд ойрхон санагдана. Манай нутаг гэснээс манай нутаг хотоос холгүй хэдэн бор толгод байдаг юм. Хөшигтийн хөндий, Эрдэнэ толгой, Эрэг-Ус, Авдар толгой, Хоолтын даваа, Дэнгийн Ам, Дойд, Дэжидийн Хунхуй, Цагаан тэмээт, Цагд-Уул, Урд, Хойд Баян гэсхийгээд бараг хот залгачихна. Үүгээр дуусчихаж байгаа юм биш л дээ. Манайхны нутаглаж байсан нутаг үүгээр байдаг хэрэг. Хүн ер нь өсөж төрсөн тэр л хэдэн өвөлжөө, хаваржаа, өгсөж уруудаж явсан гол усаа, ухаан орж, өсөж торнисон тэр л нутгаа миний нутаг хэмээн томъёолдог бололтой юм. Магадгүй, эх орон хэмээх агуу том ойлголт ч гэсэн маш энгийн сэдэлтэй энэ л орчноос эхлэлтэй байдаг болов уу. Яагаад би тэгж бодов гэхээр би бас ч үгүй нилээн хэдэн жил хүний нутагт амьдарсан хүн юм. Тэнд байсан нутагт нэгтнүүд маань “Эх орноо санаад” гэж их ярина. Би өөрөө ч ялгаагүй дээ. Үүнээс үүдээд эх орон гэж яг юу вэ гэж өөрөөсөө их асуудаг байлаа. Эх орноо санаж байна гээд л Хөвсгөл нуур ч юмуу, эсвэл Алтай Хангайн нурууг, бүр байчихаад өмнийн их говийг өдөр шөнөгүй бодоод байгаагүй л юмдаг. Миний санаад байсан юм гэвэл эцэг эх, элгэн садан, өсөж төрсөн хэдэн бор толгод, сурсан сургууль, болсон болоогүй хэдэн найз гээд зөвхөн өөрийгөө хүрээлж байсан тэр л орчинг боддог байлаа. Тэгээд сүүлдээ ер нь явж, явж эх орон гээд байгаа чинь ердөө л энэ юм биш үү гэж бодогдсон. Үнэн байхаа. За зарим нэг сүрхийвтэр улс нь намайг тун өчүүхэн нөхөр юм гэж бодох л байх. Гэхдээ л нэг их хол зөрөхгүй байхаа.
Зундаа өвөө эмээдээ тавиул болон очдог байсан хот газрын над шиг амьтанд миний мэдэх дээрх нутгийг монголдоо байхдаа миний нутаг, хилийн дээс алхсан үедээ миний эх орон хэмээн төсөөлж, бодож, заримдаа бүр санаж явдаг юм. Хожмоо гадна дотны байгалийн сайхан тогтоцтой, уул ус нь жигдэрсэн сайхан нутгаар нүд хужирлан байхдаа ч сэтгэл зүрхэнд минь өнөө л хэдэн бор толгод минь торойж, яагаад ч юм бусдын нутагтай харьцуулшгүй сайхан санагдаж байх юм билээ. Ер нь төрсөн нутаг, эх орон гэдэг өөр бусад юутай ч гэсэн харьцуулшгүй, харьцуулахыг санаархаад ч хэрэггүй юм билээ л дээ. Зөвхөн надад ч биш бүх монгол хүмүүст эх орон гэдэг хамгийн нандин зүйл байдаг байхаа.
Тээр жил манайх Дэнгийн амны адаг гэж цахилдаг хөхөрсөн нутагт зусаж байлаа. Хүний өөрийн нийлсэн над мэтийн нэг баахан тавиулаад. Хүүхэд л юм болсон хойно муудалцахгүй байна гэж юу байхав. Нэг авга ахтайгаа ам мурийгаад, хоорондоо бас гар зөрүүлээд авсан ч байхаа магад. Их л бага байсан санагдана. Манай муу Ажаа (эмээ) бид хоёрыг тэр энэ, буруу зөв гэж ялгалгүй хэд сайн ороолголоо. Зүгээр ч үгүй уурганы хуйваар шүү. Шап шуп гээд сүртэй ч гэж жигтэйхэн, өвдөж байна ч гэж хачин. Муусайн улаан дуднүүд. Ингээд яс булаалдсан ноход шиг байх юм бол Хойд Баянгийг хоёр талаар ороод зайлаарай л гэж байна. За ингээд хөөгдлөө л гэж бодох. Хамгийн гол нь Хойд Баян гэдэг хайрханаас цааш юу ч байхгүй мэт санагдаад хамаг л юм хоосорчих шиг. Манайх түүнээс цааш гарч нутгалдаггүй болохоор тэр байх. Тэнд өөр хүмүүс л байдаг гэж ойлгосон хэрэг. Ах бид хоёр гэж нэг нь аргалын дэргэд, нөгөө нь чингэлэгний буланд чимээгүйхэн уйлж суух. Чанга уйлвал дахиад ч гөвүүлж мэднэ. Тун удалгүй Ажаа маань биднийг хоёр бөөрөндөө сулгаад миний хүүхдүүд хоорондоо битгий муудалцаж бай. Хэдий зулай зулайгаа гишгэж төрөөгүй ч та нар чинь цусаараа холбогдсон ах дүүс шүү дээ. Хоорондоо эвтэй бай. Хүний орчлон гэдэг сайхандаа сайхан, хатуудаа хатуу шүү хүүхдүүд минь. Энэ цаг төр ч яагаа билээ гэж ирээд л их том хүмүүст хэлж буй мэт хөврүүлөн хэлээд бид хоёрыг ээлжлэн ээлжлэн үнэрлэж билээ. Бидэнд тэр хэлж буй бүхнийг ойлгохоос илүү Ажаагийнхаа зөөлөн аядуу дуу хоолойнд нь уярсандаа уйлж л суусансан. Одоо бодоход яасан ч алсыг хараатай, үнэн үг хэлж байсан юм. Бидний ном судраас уншдаг нөгөө их Алунгоо эх энэ тэр чинь бол дэргэд минь л байсан юм байна лээ дээ. Бид л мэдээгүй болохоос. Ажаа гэдэг бидний хувьд их “том” хүн байсан даа. Ажаад үнсүүлнэ гэдэг хамгийн том хишиг. Бас Ажаад шийтгүүлнэ гэдэг хамгийн том гэсгээл байж билээ.Ажаа маань ерөн таван насыг зооглоод тэнгэрт халихад би бараг дөч шүргэсэн том эр болсон хирнээ итгэж өгөхгүй, худлаа юм шиг санагдаад ямар сайндаа горьдсон харцаараа энэ тэндээс хайж, хашаа хороо, илүү гэр үгүй ээ ер нь хаанаас ч юм гараад л ирэх юм шиг санагдаад байж билээ. Бид Ажаагаа Хойд Баянгийнхаа нар хурсан нэгэн зөөлхөн энгэрт нутаглуулсандаа. Одоо хааяахан нутгаараа очихдоо өөрийн эрхгүй л тэр энгэр өөд нүд гүйлгэн хардаг гэж байгаа. Газар нь эдгээд бараг мэдэгдэхээргүй болсон байна лээ. Харин нутаг маань нэг л тийм салхинаас өөр эзэнгүй мэт, айл нь нүүдэллээд явчихсан намар оройн намаржаа шиг эль хульхан оргиод болдоггүй юм. Амьдрал хөөгөөд хот орноосоо гарахгүй байсаар нутаг маань сэтгэл дотор минь аглагшиж буй бололтой. Мэдээж хэн нэгэн тэр нутагт амьдарцгааж л байгаа. Тэгсэн хирнээ л нэг л эзгүй. Нар хэдэн настай вэ гэж нэг хөөрхөн хүүгээс асуусан чинь хүү нар таван настай гэж хариулсан юм гэдэг. Нээрээ тэр хүүгийн хувьд нар таван настай шүү дээ. Яагаад гэвэл тэр хүү өрөө тавтай байсан хэрэг. Яг тэрэн шиг Ажаа минь байхгүй болохоор нутаг маань эзгүй л юм шиг мэдрэмж төрдөг дөө. За за нэг мэдсэн чинь бүр далийж өгч. Хэдэн адууны зураг харчихаад таг өөр юм сараачаад суух мөн ч “сум”-тай хүнээ дээ би. Гэхдээ л бодол санаа гэдэг жигүүртэй, эсвэл бүр жигүүргүй юм болохоор хаа хамаагүй хэсүүчлэх юмаа. Нээрээ, би блогтоо өөрийнхөө тухай байтугай бодол санаагаа ч оруулдаггүй юм байх чив.
Ямартай ч гэсэн дээрх зургийг явуулсан уншигчдаа баярлсанаа илэрхийлье. Хожимдсон байж магадгүй юм. Гэхдээ блогныхоо толгойд оруулсныг үзээд сэтгэлд нь таатай байсан байх гэж найдна. Хүн гэдэг сэтгэлийн амьтан юм болохоор бид юуханыг ч гэсэн алагчилалгүй ойлгох сэтгэлээр, дэмээр, итгэлээр, урмаар, урд хойдохоосоо ухаарал авах гэж дурсамжаар, уярлаар, хамгийн гол нь хүн болж төрсний хамгийн нандин учиг болох хайраар энэ орчлонг дүүргэн, дүүргэн амьдрцгаадаг юм шиг байнаа . . .
Бүрэн эхээрээ...

Маниус ч азтай юмаа. (Өгүүллэг)

15 Сэтгэгдэлүүд:

- Өвгөөн! Ингэхэд чи хурдхан яваад ирэх арга байна уу? Үгүй юү?
- Юунд тэр вэ? гэснээ өвгөн Ориг гэнэт санав бололтой
- Аан! Тийм л дээ. Хүн гэж жигтэйхэн болоо байхдаа, одоохон гарахгүй бол горьгүйтэх байх
- Уг нь энэ хар хүйтэнд өөрөө салгалж явахаар хүүхдүүдэд тэр итгэмжлэх гэдгийг нь гаргаад өгчихвөл чамд л амар юм даа.
- Үгүй шүү хө. Эх орны минь хишиг. Ховилт зүрхээ цохилуулж, хорвоогийн тоосыг хөдөлгөж яваагийнх өөрөө очиж авна шүү хө.
- За тэгээд л нэг их олон юм ярьдагийн зүгээр. Чиний энэ хэнхэг зан уу, төвөгтэй гэдэг нь. Хүүхэд л гүйлгэвэл барав биш үү
- Тэгэхгүй ээ хө. Өөрөө авч чадахгүй бол аваад юүхэв. Тэндээ үлдэг цаашаа гэсээр хөвөнтэй дээлээ өмсөж, бүсээ ороов.
- Жиндэхгүй юм уу наадах чинь?
- Цаг наашилж байхад гайгүй биз
- Дээгүүрээ хүрмээ давхарласан нь дээрээ. Амьтан бужигнаад их оочертой байна гэсэн. Аягүй бол даарчихаад нуруу туруу гээд хэвтчих гэж байгаа юм.
- За, за хэвтсэн ч яадаг юм. Уг нь бол бүр ёслолын хувцастай очиж авах ёстой юм. Би л чадахгүй байгаа болохоос гэж үглэнгээ энгэр дээрх хоёр одонг тэгшлэх өвгөнөө харсан эмгэн нь ихэд өрөвдсөн янзтай
- Ишш! Өвгөн минь дээ. Наадхыг чинь одоо хэн тоох вэ дээ. Бараг хүүхэд нохойн доог болох байлгүй.
- Шоолох нэг нь шоолж л байг. Байлдаж яваад авсан нь үнэн л юм чинь.
- Одоо чинь биднийг социализмын үлдэгдэл гээд бараг чулуугаар шидэх нь холгүй байна шүү дээ цаагуур чинь
- Шидвэл шидэж л байхаас. Үхэж өгөхгүй зовлогыг одоо яах болж байна гэх өвгөн чухам хэнд ч юм хий цухалдсанаа
- Үгүй ингэхэд эд ер нь хичнээн галзуурлаа гээд бидний залуу насыг яах юм. Ёстой яаж ч болдоггүй юмны нэг тэр байхаа гээд амьсгаадахад эмгэн нь
- За, за явж үз дээ. Одоо тэгээд өнөө үгээ зулзагалуулаад зогсчих гэж байгаа юм. Эртхэн шиг аваад ирвэл юм юмханд хэрэг байна гэлээ. Ориг ноосон малгайгаа толгойдоо углаад гэрээс гарлаа. Түүний араас хаагдаж буй хаалганы завсраар
- Буцахдаа хажуугийн дэлгүүрээс нэг давс . . . гээд цааш сонсогдсонгүй.
Өвлийн шар нар тэртээ зүүнтэйд утаа униар хөшилдсөн гүймэл хөх жаварт алгадуулах мэт үлбийн шарлана. Уг нь өглөөний агаар санж, гэвч хот газрын агаар гэдэг ямар олиг байхав. Үе үехэн хялмайлах цасан ширхэгүүд үгүй ээ бас юм юм цайруулчих аятай будрана. Ясархаг шанаатай өндөр ёнхигор шар өвгөн амьтны асгасан угаадас юман дээр халтирч уначихгүйг хичээн тэмтчин яваа ч “хүн харахад үхэх гэж байгаа юм шиг бээцийгээд муухай ч юмуу” хэмээн санан, нуруугаа тэнийлгэн хараагаа гудамжны үзүүр тийш шидэх нь залуугийн хээнцэрдүүхэн зангаа тавихгүй санаатай. Эмгэний хэлдэг хажуугийн дэлгүүр дөнгөж онгойж буй бололтой худалдагч нь болох бондгор бор хүүхэн үүднийхээ цасыг шүүрдэж байгаа нь энэ гэж хэдэн тийш нь савчиж байснаа өвгөнийг харж
- Сайн уу? Ориг гуай. Яасан эрт яваа юм? Цэрэн эмээ байгаа юу? Ойрд харагдаагүй
- Сайн хүүхээ. Байгаа, байгаа. Чаддагаараа намайг жанжлаад л гэртээ суугаа.
- Аан гээд хүүхэн дэлгүүртээ орлоо.
“Манай өнөөх л хааяадаа гурил будаахан зээлчихсэн байдгийг бодоход гайгүй ааштай охин шиг байгаа юм” гэж бодоод дотор нь эерэгжин цаашлав.
Хорооны хажууханд байрлах жижигхэн шавар байшингийн өмнө олон хүн багширан овооролдож, ам амандаа шаагилдах нь чихнээ нэг л тааламжгүй сонсогдоно. Тэдний амнаас цоргих цагаан уур муу умгар байшинг ороон даялж хашаа ч юм замхарч одно. “Мөн ч олон хүн байна даа. Яажшуухан нэг юм авдаг юм билээ дээ” хэмээн санааширсан хэдий ч “өөр ч ямар ажилтай биш дээ байж л байвал болчих байгаа” гэж санаад Ориг өвгөн сэтгэлээ шулуутгалаа.
- Тэр урдуур болиоч ээ. Ямар балиар амьтан бэ гэж хахирган дуугаар нэгэн тагжгар хар авгай зэвүүрхэн хашгирахад бусад нь өлгөн авч
- Ингэдэг байхгүй юу муусайн юмнууд
- Болиоч ээ та нар
- Нэг эгнээндээ орооч ээ, тэгвэл амар ш дээ
- Цагдаа магдаа алга уу? Хэрэгтэй үед ингээд алга болчихдог юм
- Аягүй бол дотроо цай уугаад сууж байгаа биз гэхчилэн ам амандаа шаагилдана. Тэдний амнаас олигтой үг нэг цухуйхгүй ажээ. Тэгтэл ч удалгүй хамгаалалтын албаны бололтой дүрэмт хувцастай том биетэй залуу гарч ирээд тэднийг нэг эгнээнд орохыг шаардан, зарим нэг урдуур зүтгэсэн этгээдийг түлхэхийг нь түлхэж, сугалахыг нь сугалан хараал урсган байж овоо журманд оруулав. Ориг өвгөн дарааллын ард зогсов. Хоёр одон гялалзуулсан түүнийг бас л ямар нэг юм хэлээд урдуур салгалах вий гэсэн аятай хялав цэхэв хийх олны нүднээс өөрт нь дургүй байгааг Ориг төвөггүй ойлгоно. Тэгэх тусмаа та нараас гуйхгүй юм шүү хэмээн бодох тэрээр тэднийг ер анзаараагүй царайлж, дээхнүүр харан зогсоно. Залуу зандан явахдаа тэвхэлзсэн офицер явсан тэр нь хэр барагтай юм хүнээс гуйж нэр нүүрээ барахгүй гэсэн бодол нь бүх амьдралынх туршид ноёлсон хэвээр яваа билээ. Дарааллын дунд хуучны загварын ногоон пальтотой залуухан эмэгтэй ой гарантай болов уу гэмээр хүүхдийг дааж ядан тэвэрч зогсох бөгөөд хүүхэд даарсан уу яасан мэдэгдэхгүй зогсоо зайгүй чарлана. Бас зүгээр ч үгүй ар дагзаараа савах мэт хойшоо цахлахад эх нь одоо л алдчих болов уу гэмээр харагдана. “Ааштай моньд байх нь. Тас ороолгох юмсан” гэж Ориг өвгөн дотроо бодох хэдий ч хүний хүүхдийг яалтай билээ. Хүүхний ард түрүүний хахир дуутай хар авгай зогсоно. Үе үехэн тамхи гарган нэг их улаан хумстай хар хуруундаа хавчуулаад ийш тийш харан ярвалзах нь яавч зохимжгүй харагдана. Ориг яагаад ч юм түүнийг харчихгүйг хичээн өөр тийш хараа шилжүүлэвч нэг мэдэхэд түүнийг анзаарчих ажээ. Түүний ард буюу Ориг өвгөний урд царай зүс баргардуу, хувцас хунар барагтайхан гурван залуу зогсож таарав. Тэднээс уугаад удсан архины эхүүн үнэр ханх тавина. Бодвол өчигдөржингөө савсан бололтой. Шургачиж унасан юм болов уу даа гэмээр шанааныхаа товгор дээр шинэхэн ягаан сорвитой өрөвгөр залуу амны хаалт зүүсэн малигар шар залууд хандан
- Манай энэ овоо гараа. Бичиг баримтаа бүрдүүлчихээд энд зогсож байдаг. Тэгэхэд чинь мань мэтэд бол байхгүй шүү дээ гэхэд хүйтэнд бээрээд хамрынх нь үзүүрээс усан нус цухалзах өндөр хөх залуу түүнийг дэмжин
- Наадах чинь гавал байхгүй юү. Багадаа бүр ямар байсан гээч. Одоо ч гэсэндээ бидний бодоогүйг бодно шүү дээ гэж тал засахад магтуулагч залууд их л таатай байгаа нь хир болсон амны хаалтны дээгүүр гялтганах шар ногоон нүднээс илт. Тэрээр
- Ухаан юу байхав дээ. Санаа ш дээ. Өгч байгаа дээр нь авч байх хэрэгтэй ш дээ. Иргэний идэвх гэж үүнийг л хэлээд байгаа байхгүй юү гэж нөгөө хоёртоо ихэд томорхоно. Өндөр хөх
- Чи байгаагүй бол ч өнөөдөр өнгөрсөн байх аа. Хурдлаасай гэж дарааллын дээгүүр өлөлзөх нь ихэд яарчээ. Тэд бие биедээ тал засан инээлдэж байснаа ардаа зогсоо Оригийг зэрвэсхэн хараад биеэ барьцгааж, царайгаа төв болгоно.
Тэгтэл тун удалгүй хоёр залуу ирж өвгөний ард зогслоо. Тэдний хувцас хунар нь нөгөө хэдийг бодвол арай дээр юм. Гэхдээ тэд бас л нойр муутай хоносон нь илт.
- Хурдхан шиг очиж даагаа нэхмээр байнаа. Бүр шар гозолзоод гэхэд
- Харин тиймээ. Энэ ч мөдгүй дээ. Урдуур таньдаг царай байна уу, үгүй юү чи хараач
- Наадуул чинь урдуур дайрлаа гээд боож үхнээ. Уг нь гялс юм байна лээ.
- Ингэхэд, тэр мууд ямар их мод гүйж байнаа. Ёндоотой гар юм даа
- Чиний тэр сүүлийн савдаг чинь буруу байхгүй юү. Харваас гарт нь пүл (full) орчихоод байхад мэддэггүй юм уу?
- Яаж мэдэх юм бэ? Чи мэдсэн юм бол дохих нь яасан юм
- Би чамруу хараад л байсан ш дээ. Ер нь тэгээд сайн унших л хэрэгтэй ш дээ.
- Хүн ёстой жинхэнэ азаартчихаад байхад . . . гэх яриа өвгөний ард сонсогдоход “Жоохон л юмнууд харагдсан бас тоглодог байх нь” гэж санаад эргэж харахад өнөө хоёр Оригийг нэг, энгэр дээрх тэмдэгийг нэг харан дуугаа хураав. “Үгүй ээ яахав ээ. Хүнээс бас эмээхтэйгээ байнаа” гэж санан Ориг өвгөн хоолойгоо засаад урагшаа харвал ард нь
- Харваас хэнхэг залгачихсан өвгөн байна
- Чшш! Чимээгүй ээ. Аягүй бол үглээд унана.
- Харин тиймээ. Манай өвөө гэж бас нэг ийм юм байдаг юм гэх шивнээг сонсогдоход Оригийн дотор ямар нэгэн уур хилэн оволзовч биеэ барьж байгаа нь түүний ягаарч буй шанаа түүшнээс андашгүй. Тэднийг алгадаад авмаар санагдавч яаж ч болохгүйдээ хавчигдан ханцуй дотроо хий дэмий гараа базлан зогсоно.
Хүүхдийн час хий орилох дуу Оригийн бодлыг тасалдууллаа. Өнөө ногоон пальтотой хүүхний хүүхэд гэдэлзэн чарлана. Эх нь хий дэмий хүүхдээ сэгсчивч тусыг үл олно. Дараалалд зогсогсод хүүхдийн дуунаас тээршааж буй нь илт.
- Энэ хар хүйтэнд хүүхэд авч ирээд байхдаа яадаг юм
- Үгүй яахав дээ, урдуур орох гэсэн башир арга. Өөр яав л гэж гэхчилэн эх охин хоёрыг нүд үзүүрлэцгээнэ. Гэтэл Оригийн өмнө зогсох өнөөх гурвын нэг болох амны хаалттай залуу
- Наад хүүхнээ урдуур оруулчихаач дээ. Хүүхэд нь даарчихлаа. Ганц хүн ш дээ гэж хэлчихээд өгөөмөр сэтгэл гаргасныг нь хүмүүс мэдэв үү гэсэн аятай эргэн тойрноо додигор харлаа. Нэг ч хүн дэмжихгүй нь дээ гэж боддогийн даваан дээр өнөө атигар авгай
- Тэгвэл яасан юм бэ? Энэ хоёр амьтан хөлдлөө гэхэд
- Тэгээ тэг. Ядаргаатай юм
- Өөр хүн оруулахгүй шүү. Хүүхэд мүүхдээ орхих нь яадаг байнаа гэхчилэн дараалалд зогсогсод дуртай дургүй дэмжих нь үнэндээ хүүхдийн чарлахаас залхсан нь илт. Тэгтэл өнөөх амны хаалттай залуу дахиад л
- Энэ өвгөнийг ч гэсэн оруулчихаач гэхэд
- За одоо болио боль бас юун өвгөн бэ гэж хэн нэг нь дуугарав
- Одон медиалаа зүүснийг бодоход гавъяатай л хүн байлгүй гэж хүндэлсэн гэхээсээ илүү шоолсон маягтай хэлэхэд хүмүүс бүгд Ориг өвгөн лүү харцгаав.
- За тэгээд хурдлаач дээ
- Орвол орооч дээ тэгээд хөдөлж ядах юмаа гэж ам амандаа дүнгэнэлдэв. Хүүхэдтэй хүүхэн итгэж ядан байгаа бололтой эргэн эргэн харсаар орлоо. Харин Ориг өвгөн орсонгүй. Хүмүүс, тэр дундаа түүний өмнө зогсоо гурван залуу гайхсан янзтай харснаа
- Та орохгүй юм уу? гэхэд өвгөнд өөрийг нь нэг л дорд үзсэн мэт санагдаад болсонгүй. Гэхдээ үүнийгээ гаднаа юу боллоо гэж мэдэгдэхэв дээ.
- Үгүй ээ хүүхээ. Ах нь ээлжээ болохоор оръё.
- Заа, за. Энэ хүйтэнд даарч л байгаа юм бодсон чинь . . .
- Өдийний хүйтэн гэж ямар юм байхав. Баярлалаа хүүхээ гэчихээд “Эдний архи уусан нь надад ямар хамаа байхав дээ. Эдэнд муухай аашиллаа гээд ч яах юм билээ” гэсэн шүү юм бодож зогстол өнөөх тагжгар авгай
- Тэгвэл би орлоо гээд юм хэлэх завдалгүй хүүхний араас орчихов.
- Өө, тэр авгайг оруулчихлаа ш дээ
- Энэ өвгөнөөс болж байгаа юм. Орох мөрөөрөө орохгүй гэцгээв. Гэтэл өвгөний ард өнөө хоёр залуугийн
- Тээр, хэлээгүй юү. Үнэн хэнхэг.
- Харин тиймээ. Одон зүүчихээрээ ингэдэг юм байлгүй. Эд нар одоо ичихэд яадаг байнаа.
- Хүн харна л гэж боддог юм байгаа биз гэх яриа чих дэлсэхэд өвгөн Ориг тэсэлгүй эргэж харвал хоёр залуу ер юм яриагүй шинж гарган дээгүүр харан гөлийв. Дараалал нилээн урагшилж хэн хүнгүй л орох дөхөж байтал дахиад л ард нь
- Энэ өвгөн одоо ингэж зогсохоор зүүж яваа одонгоо зарчихвал хөөрхөн үнэ хүрчих юм биш үү гэснээ биесээ нудран инээлдэх нь сонсогдов. Үүнийг сонссон өвгөний зэвүү дургүй хоёр зэрэг хүрэх авч “За даа эд нартай би юугаа ярих вэ дээ. Дайн тулаан гээч юмыг эд үзээгүй. Тийм улс чинь эх орон гэж юу байдгийг, түүний төлөө хүн яаж тэмцдэгийг хараагүй юм чинь мэдэх үү. Мэдэхгүй болохоор эх орон гэж чухам яг болохыг тэгтлээ сайн ойлгох уу. Эд чинь дэлбэрэх бөмбөг, исгэчих сумыг сонсоогүй. Саяхан л инээж явсан нөхөр нь нүдэн дээр нь хэдэн хэсэг болон тасран унахийг хараагүй юм чинь энэ одон чухам ямар үнэтэй, ямар утгатайг яаж ойлгоо аж. Эх орныхоо хилийн баганыг үзээгүй. Энэнээс цааш миний эх орон бий гэж бодож байгаагүй болохоор одоо чухам юуны дараалалд зогсоогоо ч ойлгохгүй шүү дээ. Бид ч яахав энгэртээ зүүгээд өөртэйгөө цуг шоолуулаад дуусаж. Харин одооныхны тоймоо алдсан шагналыг бодвол бас ч гэж барагтай байжээ” хэмээн элдвийн юм бодож зогстол орох ээлж нь юу юугүй тулаад ирлээ.
Дэвтэрээ үнэмлэхтэйгээ шилэн хаалтны доогуур шургуулан өгтөл залуухан охин шурхийтэл авч пад, падхийтэл хэдхэн тамгалаад дэвтэр дээр нь хоёр ширхэг улаан аравт, нэг ширхэг хөх мянгатын дэвсгэрт тавиад буцааж өглөө. Өвгөн Ориг өглөөнөөс хойш үүнийг л авах гэж энэ олон хүмүүстэй дараалалд зогсжээ. Тэрээр дэвтэрээ мөнгөтэйгөө цуг хам хум өвөртлөөд гарав. Өвгөн гадаа хэсэг зогслоо. Утаатай ч гэсэн сэнгэнэсэн агаар халууцсан биеийг сэргээх гэсэн мэт жаварлана. Түрүүний хялмайлж байсан цас одоо бүр малгайлах аятай. Тэр өглөөнийх шиг яарсангүй. Юундаа ч яарах билээ. Төдхөн ард хаалга дуугарч өнөө хоёр залуу гарч ирснээ
- Гялалзахгүй бол өнөөдүүл чинь тарчихна шүү.
- Харин тиймээ. Ядаж байхад ямар их хүн бэ
- Одоо энэн дээрээ л босно шүү. Хамаагүй савахгүй шүү . . . гэлцсээр их л яарч буй бололтой гудамж уруудан шовор шовор хийн явж одов. Өвгөнийг анзаарсан ч үгүй. Тэдний араас харжээ зогсохдоо өвгөнд яагаад ч юм учиргүй их уй төрөв. Зүгээр олдсон юм гээд баярламаар авч тэгсэнгүй.
“Бид ингэж ч явах гэж дээ. Бүр ард түмэн зон олноороо шүү. Энэ эх орны төлөө хичнээн олон эрс алтан амь, бүлээн цусаа урсгалаа. Миний мэдэхийн тоймгүй олон юмдаг. Миний мэдэхгүй хэдэн зуун дамжсан тэр олон эрсийн эх орноо гэсэн итгэл үнэмшил ингэсгээд хумс хумсханаар үрэгдэж буй гэж бодохоор баярлаж бахархахын арга алга даа. Гэтэл өнөө цагийн бид хар үүрээс харуй бүрий болтол дараалалд зогсож, харааж, ерөөж, доромжилж бараг л бие биенийгээ барьж идэх нь холгүй хувааж идэж суух гэж. Яг л гуринхатсан ноход угаадас булаалдах мэт. Уг нь их л агуу хүний хойч үе юмсан. Юу ч гэхэв дээ. Хэлэх ч үг олдохгүй юм даа” хэмээн санааширсан бодлынхоо хүлээсэнд бачууран алхахад хөл доор нь шинэхэн хялмай цас ёолон чахарна.
Өвгөн гэрийн зүг элдвийг бодон гэлдэрч яваад өнөөх булангийн дэлгүүрийг харахтайгаа зэрэг эмгэнийхээ захисан давсыг санаж, тийш зүглэн гэлдэрлээ. Дэлгүүрийн өмнө түрүүний дараалалд зогсож байсан гурван залуу ганц шил юм дундаа барьчихсан тойруулж буй бололтой их л сайхан ааш нүүрэндээ гэрэлтүүлэн зогсоцгоож байснаа өвгөнийг хараад яагаад ч юм гэм хийсэн хүн шиг хулмалзав. Өвгөнийг хажуугаар нь өнгөрөхөд ард
- Ийшлэе гэж хэн нэг нь хэлэхэд
- Ямар хамаатай юм. Бид чинь хуваарьт юмаа л хүртэж байгаа биз дээ.
- Тэр яах вэ. Зүгээр л жаахан холдоё
- Дахиад нэгийг авчих л даа.
- За тэгнэ дээ тэгнэ. Алив нааш ир хэмээн ярилцах нь сонсогдоно.
Өвгөн үл сонсогчийн дүр үзүүлэн дэлгүүрт орвол хүүхэд уйлагнана.
- Алийг авах гэсийм дээ тэгээд. Би чамд зөндөө л юм авч өгсөн байгаа биздээ гэж эх нь уцаарлав. Харвал бас түрүүн зогсож байсан эх охин хоёр ажээ. Охин нь хоёр гартаа мөхөөлдөс, чихэр барьсан хирнээ сэтгэл нь ханахгүй байгаа бололтой нэг жигнэмэг зааж чарлана. Хүүхний суганд хиам өндөг, талх, бас нэг жижиг шил архи сэлтхэн рүү харагдана.
“Яасан ч их юм авдаг хүүхдэв дээ. Үгүй бас тэр архи нь ч юув” гэж бодох зуур эх нь
- Одоо байхгүй. Мөнгө дуусаа. Чи хар гэж охиндоо ганц тавьт атгасан хоосон гараа үзүүлэхэд охин нь хойш саван чарлав. Хүүхэн охиноо
- За битгий маяглаад бай. Мөнгө байхгүй гээд байхад яах гээд байгаа юм гээд гараас нь гудачсаар гарч одлоо. Тэдний араас харж зогссон Ориг толгой сэгсрэн
- Эд үнэхээр мөнгөө барчихвуу? гэхэд худалдагч
- Тэглээ. Хорин нэгэн мянга ч юу байхав дээ. Хамарт ч үгүй аманд ч үгүй юм чинь
- Танайх ч овоо орлоготой байгаа юм байнаа.
- Хэдхэн өдөр л ингэдэг юм. Тэгээд л буцаад өр зээлдээ орцгооно доо зайлуул гэх нь ойр хавийнхаа хүмүүсийг хэлж байгаа бололтой. Тэдний дунд хоёр хөгшин ч тууж яваа. Өвгөнийг давсаа аваад гарахад өнөөх гурван залуугийн нэг зөрөн оров. Гадаа нь хоёр биш дөрвөн залуу хүлээх ажээ. “Хэдийдээ дөрөв болчихов доо эд чинь” гэж бодов.
- Цаадахад чинь одоо хэр юм байгаа вэ? гэж хэн нэг нь асуухад
- Лав хоёрын мөнгөө байгаа.
- Засаг ч биднийг нэг юм уулгаад байхаа мэдэх юмаа гэхэд нэг л өлгөж
- Улс баян бол иргэн баян гэж энэ дээ гэж хөөрцөглөв.
- Иргэн баян бол гээч. За тэр ч яахав. Нээрээ, манай монгол ч одоо л нэг сэхлээ авч байгаа гэнэ шүү. Дэлхий чинь тэр аяаараа манайхыг сонирхож байна ш дээ цаана чинь. Маниус ч азтай юмаа . . . гэх тэдний ярих нь өвгөний чихэнд дультраатан сонсогдсоор авай . . .


Түмэнбаярын Бум-Эрдэнэ 2011. 03. 02 нд УБ хот

Бүрэн эхээрээ...