# #

Ааваа . . . 1

20 Сэтгэгдэлүүд:

- Ааваа! та минь энэ оргүй ертөнцийн хаах нь явна даа
- Энд, яг хажууд чинь, чамтай хамт явна
- Айн! Тийм гэж үү? Та намайг цочоочихлоо
- Харин тэглээ хүү минь. Аав нь өөрийгөө мартчихаж. Аав нь чамтай үргэлж л хамт байгаа
- Ингэж л хамт байх байсан юм бол яах гэж явсан юм бэ?
- Хүүдээ муу муухай бүхнийг үзүүлэхгүй гэсэндээ л тэр. Миний хүү ойлгож л байгаа
- Юун муу муухай гэж?
- Өвчин . . . Өвдөх гэдэг чинь тийм ч сайхан зүйл биш байна шүү дээ.

- Та биднийг тэгтлээ их зовоогүй шүү дээ
- Аав нь яалаа гэж хүүхдүүдээ зовоох билээ. Тэгж болдоггүй юм.
- Гэхдээ та бидэнтэй цугтаа байсан бол . . .
- Байсан бол уу? байсан бол та нар минь өдий болтол шаналсаар байх байсым. Жинхэнэ өвдөлт аавыг нь хэрхэн мэрэн идэж, бүх яс минь үе үеэрээ мултарч байгааг мэдрэх байсым. Өвчиндөө шаналсан өвгөн хүн тэсвэрээ баран орилохыг харах байсан. Орчлон хорвоод гомдсон гомдлын дууг юу боллоо гэж аав хүүдээ сонсгохов дээ.

- Та их хол явсан уу?
- Тиймээ, миний хүү! Аав нь ихээ хол явсан. Гэхдээ энэ хол гэдэг чинь чи бидний мэддэг тэр зай биш шүү дээ.
- Тэгээд ямар гэж?
- Дахиж ирэхгүйгээр хол.
- Дахиж ирэхгүйгээр гэдэг чинь уртын хэмжүүр гэж үү? Та энд, миний хажууд байна гээ биз дээ?
- Үгүй ээ, Уртын биш холын хэмжүүр . . .

- Хүү нь таны номыг хэвлүүлсэн.
- Тийм байна лээ
- Та яаж мэдээв? Би амжаагүй ш дээ.
- Аав нь хэвлүүлнэ гэдгийг чинь мэдэж байсан. Тэр ч байтугай чамайг номоо тэвэрчихсэн, хачин их харууслын нулимстай гүйж явна гэж төсөөлдөг байлаа.
- Намайг амжаагүйд, үнэндээ бол тэр үед ухаараагүйд хүүдээ гомддог уу?
- Үгүй дээ. Ээж, аав нар хэзээ ч хүүхдэдээ гомддоггүй юм ш дээ.

- Та ядарч явна уу?
- Үгүй дээ, Энд ядрах юм алга. Зүгээр л ганцаардаж байна. Ийм удаан хугацаанд ганцаараа байж үзээгүй болохоор тэр байх л даа
- Эмээ наана чинь байна уу?
- Аав нь ээжийгээ олоогүй л явна. Ер нь таардаггүй бололтой юм. Хязгааргүй юм байна шүү дээ, энд. Хий дэмий л та нар луугаа эргэж буцах юм. Энэ харин буруу бололтой.
- Яагаад ч юм би таныг боссон ч, хэвтсэн ч, суусан ч, зүгээр л алхсан ч бодож, бодох тусам амилах юм.
- Харин тийм л болохоор аав нь улам бүр алсрах хэрэгтэй байна.
- Гав ганцаараа юу?
- Яг үнэндээ бол та нараас өмнө аав нь ганцаараа л байсан юм шүү дээ. Тэгэхээр хүү минь чи аавынхаа гишгэж явсан шороог хөдөлгөж, илбүүлж байсан салхиар үнсүүлж, үзэж байсан нарыг өдөр өдрөөр харж, аавынхаа үргэлжлэл болж яваа байгаа болохоор аав нь энэ хязгааргүйн гүн рүү уусан одох хэрэгтэй. Цаг нь ч болсон байх.
- Би таныг маш их санандаа.
- Тиймээ, миний хүү аавыгаа санана. Тийм учраас л чи миний хүү юм шүү дээ.
- Ааваа, та санадаг уу? Би таван настай л байсан байх. Та надтай өдөржингөө нуугдаж тоглож билээ. Сүүлдээ та бүр олдохгүй болчихоод би уйлаад л . . . одоо бодоход их инээдэмтэй. Та тэгэхэд хаана нуугдчихсан байсан бэ? Ааваа!
- . . .
- Та сонсож байна уу?
- . . .
- Ааваа! . . . Та хайччихваа? Явчихаж байгаа юмуу?
- . . .
- Арай бүр биш биз дээ? Та дуугарал даа.
- . . .
- Ааваа! . . .
Бүрэн эхээрээ...

Эргүүлэг. (Өгүүллэг)

20 Сэтгэгдэлүүд:

Борооны түрүүчээс амжиж ажил руугаа орох гээд гүйж явтал саяхан манайд нягтлангаар орсон шинэ охин, залуу юм гэсэндээ өмнүүр гүйж ороод хаалгаараа арай л хамар хавччихсангүй. “Хаалга нээгээд хүлээж байхгүй юмаа гэхэд хаачихгүй байж болоогүй л юм байх даа” гэсэн шүү юм санавч өрөөндөө орж амжсандаа бага зэрэг тайвширсан намайг - Ёох! Эгээтэй л бороонд цохиулчихсангүй гээд үс гэзгээ сэгсэрэхэд манайхан хариу дуугарсангүй. Намайг олигтойхон норгож амжаагүйдээ бухимдах мэт азарган бороо цонхон цаанаас нижигнүүлэн балбана. Борооны хэдэн том дусал миний нимгэн цагаан цамцны минь энэ тэнд цоохортуулан норгож, нэвтэрсэн тул биеийн зарим хэсэг гэрэлтэж, үсэн дээр дуссан хэдэн дусал үсийг маань үл ялиг долгионтуулсан нь намайг улам аятайхан харагдуулж байгааг би мэдэж байлаа. Тиймээс сандлын түшлэг дээр үргэлж тохоотой байдаг ноосон цамцаа шүүрэн авч өмсөхийг урьтал болгосонгүй. Тэгтэл Цэрэн ах түрүүлж
- Хувьтай хүн хурнаар гэж үнэн юм даа. Манай Доогий бороо дагуулсаар ирлээ гэж нилээн нялуун өнгөөр хэллээ. Түүний дууны өнгөнд бас харцанд нь би дургүй. Яг л барьж аваад идчих гэж байгаа юм шиг тэр шунамгай харцыг удаан харахын аргагүй. Толгойгоороо халзарч яваа хижээл насны энэ ах анхандаа их л намбалаг аятайхан хүн санагддаг байснаа сүүлдээ нэг л бишээ. Тэгтэл булангийн ширээнд суудаг гурван хүүхний нэг Булган
- Хн! Ойрд энэ усан бороо үнэхээр залхааж байнаа. Өдөр бүр шавшаад уйтгартай гэдэг нь гэж шилбэлзэх нь юу гэж хариулахаа мэдэхгүй байсан надад тус болох шиг. Цэрэн ах халааснаасаа алчуур гарган сарвайлаа. Би санаа зовсондоо
- Надад салфетка байгаа гэж хэрэндээ хурдхан хэлсэн боловч тэр огт сонссон шинжгүйгээр “Чи авах л ёстой” гэсэн аятай ширээн дээр тавьчихаад эргээд суучихлаа. Миний дотор арзасхийсэн боловч юу ч гэж хэлж чадсангүй. Түүний эзэрхий ч гэмээр энэ авир нь өөриймсүү гэхээсээ илүүтэй Долгормаа аль хэдийн минийх болсон гэж бусдад харуулах гэсэн мэт санагддаг тул би үнэн голоосоо дургүй ч гэлээ яаж ч чаддаггүй юм.
Үүд сэвхийн онгойж усан хулгана болтлоо норсон Боргил орж ирлээ. Цамц, өмд, үс үгүй ер нь түүнд хуурай юм алга. Бас тэгээд инээмэр аядчихаж. Цэрэн ах
- Дүү хүү ч бүр шальбийтлаа нороод, осгож үхэх нь шив. Эр хүн болох ч болоогүй байна даа. Яана даа яана гэж ирээд л тавлав. Миний дотор нэг юм зарсхийж эгээтэй л амаар гарчихсангүй. Би ухасхийн босож, нөгөө ноосон цамцаа түүнд нөмөргөн, Цэрэнгийн өгсөн алчуурыг гарт нь атгуулаад
- Алив яваад наад цамцаа тайлаад энийг өмс. Аягүй бол салхи савир авчихна гэж ээж нь ч юм шиг, эгч нь ч юм шиг хэлчихээд бас л санаа зовлоо. Адтайгаараа Булган л анзаарав бололтой харцандаа үл мэдэг шооч гэрэл анивалзуулав. Би өөрийн жолоогүй мэт энэ үйлдэлдээ ичмэглэж, үсээ өөрийн бус хүний гараар илж байгаа юм шиг эв хавгүйхэн илмэр аядаад ширээндээ суулаа. Өрөөнд нэг хэсэг чив чимээгүй ноёлох нь тэр. Гагцхүү Булган тэргүүтэй гурван хүүхний компьютерийнхээ товчлуурыг учир зүггүй балбах дуу л сонсогдоно.
“Тэд гэв гэнэтхэн л ажлаа хийгээд эхлэв гэж. Зүгээр л хоорондоо мессенжерээр шивнэлдэж байгаа нь тэр. Би сая Боргил руу өөрийн эрхгүй ухасхийж эднийг ярих яриатай болгочихлоо. Бид хоёрын явдлыг эд гадарлахаар барахгүй мэдэж байгаа. За тэгээд өөрт дийлдэхгүй байгаа энэ сэтгэл зүрхийг ер нь яалтай ч билээ дээ. Хүний сэтгэл гэдэг жолоогүй ээ гэж хэн хэзээ хэлчихсэн юм бол доо. Зүв зүгээр ажлаа хийгээд, нөхрөө хайрлаж, үрээ энхрийлээд явсан намайг өдөр шөнийн алинд ч гэлээ бодолд оруулан манаруулж орхидог золигийн ч залуу болдоо чи. Залуу ч гэж дээ хүүхэд ч гэмээр юм уу. Бодохоор эгдүүтэй гэдэг нь. Анх компьютерийн инженер гээд орж ирэхэд нь л яагаад ч юм дахин, дахин хармаар санагдаад байж билээ. Яаж ч бодсон миний нөхрөөс илүү гарахааргүй л дээ. Гэтэл юунд нь тэгтлээ их сэтгэл алдсарсан юм бол? Магадгүй түүний инээмсэглэлд нь юм болов уу? Яг түрүүний шалба нороод орж ирсэн шигээ инээмсэглэж байсан байх. Түүнээс хойш энэ хагас жилийн дотор их ч юм болоод өнгөрч дээ. Худалч хүнд би бараг өөрөө гүйж яваад өвөрт нь орчихов. Өвөртөө оруулсан гэвэл болох ч юм уу. За, за мэдэхгүй. Гэхдээ ямартаа ч гэсэн хүссэндээ хүрэх сайхан л юм билээ. Залуу, хүүхэд шахуу юм болохоороо өөрөө л жаргахаа урьтал болгодог ч гэлээ түүнтэй хамт байж, түүний гэнэн гэмээр яриаг чагнан тэвэрч хэвтэх сайхан л байдаг юм. Гэлээ гээд тийм сайхан нөхрөөсөө салж ийм юм мэдэхгүй хүүтэй хань ижил болно ч гэж юу байхав. Гэхдээ л сэтгэл гэдэг жолоогүй юм даа” хэмээн бодолд дарагдан суутал хажууд миний цэцгэн хээтэй аягыг хэн нэгэн чимээ гарган тавив. Гайхан хартал ус уумаар байсныг мэдсэн аятай Цэрэн ах надад халуун ус авчирсан байлаа. Уг нь Боргил аваад ирсэн бол би ямар их баярлах байснаа төсөөлөмгүй. Даанч Цэрэн . . . Чимээгүй байгаад байж болсонгүй
- Аан! Баярлалаа гэж аажуухан хэллээ. Өнөө гурав маань яаж энэ мөчийг алдахав гэсэн шиг дахиад л тачигнуулж гарав. Зүгээр ч үгүй жиг жуг хийн хоорондоо инээлдэхийг нь яана. Миний яс хавталзсаар. Харин Цэрэн ах мэддэг эсэх нь тодорхойгүй. Аягүй бол мэдэхийн дээдээр мэдэж үүгээрээ сэтгэл нь дүүрдэг ч байж мэдэх юм.
“Энэ хэдэд ч ёстой нэг зугаатай сэдэв болж байгаа л даа. Хүний мууд дуртай гэдэг нь” гэж санаад өчигдөр орхисон ажлаа жаахан явуулах санаатай хавтсаа авах гэтэл ямар нэгэн нүд намайг ширтэж байгааг би мэдрээдэхлээ. Мэдээж нөгөө Цэрэн. Би түүн рүү харахгүй байгаа ч гэсэн мэдэж байлаа. “Энэ усыг нь уухаас. Тэгэхгүй бол ингээд гөлрөөд салахгүй. Үнэхээр төвөгтэй. Хааяа бүр цочмоор шүү” гэж санаад би усыг авч оочлоод буцааж тавих зуураа өнөө цоргисон нүд алга болсныг ажаад санаа амрах шиг болов.
“Энэ хүн үнэхээр сонин хүн юмаа. Гөлөн, гөлөн ширтээд л, яаж ийж байгаад тал засчих гээд л, эв нь таарвал бүр гар хөл барьчих гээд л, бас үе үе анхаарал халамж үзүүлчихнээ болоогүй. Ухаандаа надад их сайн юм шиг байгаа юм. Өдий насны хүн ингээд байх нь сонин ч юм шиг, муухай ч юм шиг. Ядаж байхад өрөөний хүүхнүүдийн жиг жуг нь ядаргаатай. Эртээр Булган гэж аманцар юм “Цэрэн ахын мөрөөдлийн охин” гэж ирээд л ёстой нэг бах нь ханасан маягтай арзайтлаа шоолж гэнэ. Зэвүүн амьтан. За, за Булган ч яахав боломж л гарвал ангалзаж байдаг амьтан. Харин энэ Цэрэн ахыг яая даа байз. Яаж ч болдоггүй хүн гэж энэ байнаа. Та битгий ингэж бай л даа гээд хэлчихвэл өөрийгөө их юманд бодлоо энээ тэрээ гэвэл одоо хаашаа харж үхнээ. Үгүй тэгээд тэгэхгүй гэхээр өөрт нь ч төвөгтэй, надад ч зовлонтой юм” гэж элдвийг бодсоор сая нэг юм компьютерээ асаах гэтэл асдаггүй ээ. Залгуур юмыг нь үзвэл миний мэдлээс гарсан нь ойлгомжтой. Боргилыг дуудахаас. Түүний нэрийг санахаар хүнд бодлуудаас ангижирч, хөл хөнгөрөх авч бас хэл амны бай болох вий гэхдээ нэг их хөл хөөрцөг бололгүй гарлаа. Өнгөрсөн хагас жилийн хугацаанд ингэж анхаарал болгоомжтой байснаа санасангүй. Гэхдээ л би түүнийг харна гэхээс яарч байв. Магадгүй ойрд түүнтэй учраагүй болохоор хүсэхийн дээдээр хүсч байсан ч байж болох юм. Үнсүүлмээр, үнгүүлмээр, хазуулмаар үгүй ер нь галзуурмаар байсан байж магад. “Хүссэн үедээ уулзаад байж чаддаггүйд нууц амрагуудын сайхан нь оршдог байж ч болох юм. Тэгээд ч дарсыг дарах тусам амт ордог гэдэг шиг учралыг хясах тусам надад сайхан ч юм шиг санагддаг шүү” гэсэн аальгүйхэн бодолд өлгөгдсөөр өрөөнөөс гарлаа. Боргилын өрөөгөөр шагайвал тэр байсангүй. Өрөөнийх нь залуу над руу ч харалгүйгээр хуруугаараа дээшээ заахыг бодоход дээд давхарт гарсан бололтой. Угаасаа энэ байгууллагын бүх компьютер жигд ажиллана гэж байх биш. Заавал хэн нэг нь дуудаж л байдаг хойно доо гэсэн шүү юм санан дээд давхрын хонгилд гараад иртэл Боргил, өнөө өглөөхөн намайг дайрчих шахсан охины гарыг атгачихсан зогсож байх нь тэр. Бас болоогүй ээ миний ноосон цамцыг бэлхүүсээрээ уячихаж. Би хурдхан шиг хаалганы цаагуур орлоо. Зүрх маань цээжиндээ багтахгүй дэлсэнэ. Нөгөө охин
- Нойтон цамцаа солиочээ
- Юугаараа солихов дээ
- Наад ноосон цамцаа өмсөхгүй юү
- Аан! Энэ үү? Доод давхрын нэг эгч өгсөн юм. Сунгачихвал хар төвөг. Тэгээд ч одоо бараг хатаж байна дөө.
- Бас цамц өгдөг эгчтэй, айн?
- Компьютерээ засуулах гээд тэгсийм байгаа биз дээ гэж тунирхахад
- За, за тоглосон юм. Угаасаа чи чинь халуухан цустай юм чинь дор нь хатаах байлгүй тэ. Найз нь орлоо. Нөгөө ахлах чинь шилбэлзээд унана гээд оров бололтой хаалга хаагдах сонсогдов. Би ч хэрээрээ хурдан доошлов. Хүний яриа санаандгүй чагнах чинь яасан ч эвгүй байдаг юм. Тэгээд өөрийнхөө тухай ийм яриа сонсоно гэж зүүдэлж ч явсан биш.
- Өө, яасан Доогий гэх Боргилын дуу ард сонсогдтол явлаа. Би байдгаараа биеэ барьж
- Аан, чи энд байсан юм уу? Миний компьютер асдаггүй ээ гэж арай ядан хэлээд хурдхан шиг өрөө рүүгээ чиглэлээ. Зүгээр үедсэн бол түүний халуухан гараас атгах л байсан байх. Харин энэ удаа бол юун тэр гар мар. Түүний гайхах мэт хоёр гараа алдлан мөрөө хавчих дүрсийг хаалганыхаа шилэнд туссан сүүдрээс хараад дотроос хамаг л юм ураад хаячих шиг болов. Өрөөндөө нилээн ширүүхэн орсон юм байлгүй тэд огцомхон надруу харахад нь би биеэ барилаа. Төдөлгүй Боргил орж ирээд миний дэргэд ирж
- Яасан? гэж асуув. Тэр намайг аргадах гэсэн аяс дүүрэн нүдээр ширтэнэ.
- Мэдэхгүй ээ. Асахгүй байна гэж би ширүүхэн хариуллаа
- Яасан юм бол доо? Алив үзье гээд доош тонгойх зуураа миний гуянд хүрлээ. Хамаг бие зарсхийн уурлаж байсан уур хаашаа ч юм алга болчихов. Тэр ширээн доор байдаг процессорын араар ямар нэгэн юм үзэж байснаа
- Ягаан . . . гэж амандаа шивнэн надр уу сэрэл тачаалын оч бадарсан харцаар харах нь тэр. Би энэ харцыг харах тоолондоо мэдрэлээ алддаг гэхэд болно. Өөрийн мэдэлгүй хоёр гуяа татвас хийлгэн хавчив. Тэр өнөө өглөөхөн өмссөн миний ягаан дотоожийг харсан хэрэг байж. Удсан ч үгүй компьютер асаж, бидний романтик аялгуу дуусахаас өөр аргагүй болов. Боргил гарч хаалга хаагдсаны дараа түүнийг хаана яваа бол гэхээс миний уур дахиад л бадарч эхэллээ.
“Би яасан тэнэг юм бэ? Дөнгөж сая намайг хөнгөхөөн хуурч, мангартуулж байгаад л гарчихлаа ш дээ. Одоо бодвол нөгөө охиндоо намайг яасан тухайгаа ярьж, шоолж байгаа биз. Ёстой нээрээ . . . За тайвшир, тайвшир . . .” гэж аль болох биеэ барихыг хичээж
“Түүнийг хардах эрх надад байхгүй. Намайг бодвол залуухан, царайлаг охин байна лээ ш дээ. Тэгээд ч надад юм бүхэн байна. Би хайртай л юм бол түүнд саад болох учиргүй . . .” гэж бодтол дотоод сэтгэлийн хаа нэгтэйгээс хахир хүйтэн дуугаар
“Үгүй ээ, үгүй. Энэ нэг л болохгүй байна. Шал худлаа ингэж өөрийгөө хуураад байхдаа яахав дээ. Юу гэнэ вэ? Доод давхрын эгч компьютерээ засуулах гэхдээ өгсөн гэв үү? Тиймээ, тийм би хөгшин нь үнэн. Нэртэйгээр нь бүр нэг муу эмгэн өгсөн гээд хэлчихгүй яагаав” Одоо л нэг болж байх шиг. Бодол хурцдах тусам гараад гүйчихмээр боловч би ямар жаахан охин биш дээ гэсэн бодлоор өөрийгөө хорьж байлаа. Ашгүй дэлгэцэн дээр хүүгийн минь инээж буй зураг урсаж, багтарч үхэх гэж байсан бодлоос түр ч атугай зайлууллаа. “Нээрээ ч дээ, би одоо юу болж байнаа? Үр хүүхэд, хань ижилтэй хүн шүү дээ би чинь” хэмээн бодож суутал Цэрэн ах миний хажууд ирж
- Ягаан гэж жоготой нь аргагүй хэлэв. Энэ үгийг сонсоод мэл гайхаж, цэл хөхрөнө гэдэг нь болов. “Очиж, очиж энэ миний салтаан доогуур өнгийсөн байна гэж баймгүй юмдаа” гэж бодсон хэдий ч би өөрөө тийм ч итгэлтэй биш байлаа. Учир нь би яах аргагүй ягаан дотоожтой юм чинь. Би гайхсан царайгаа нууж чадалгүй
- Юу . . . уу? Та юу гэвээ? Юун ягаан? гэж намайг ээрч мууран байж асуухад тэрээр
- Ягаан . . . Чиний уруулын өнгө ягаан гэдэг байгаа. Би бүр уур ч хүрэх шиг. Уурласандаа авчирч өгсөн усыг нь нүүр рүү нь цацчихмаар санагдсан ч бас л биеэ барив. Үгүй ээ тэгээд бодоод байсан чинь гэнэтхэн инээд хүрээд явчихав. Ягаан байхдаа яахав дээ. Боргилын хэлснийг энэ бас хэдийдээ сонсчихдог байнаа. Ёоё! нээрээ, элэг авнаа. Би бүр тэсэхээ байхдаа амаа даран жуумагнаж байснаа эгээтэй л тас, тас хийтэл инээсэнгүй. Гэтэл харин Цэрэн ах намайг инээлгэж чадсандаа урамшсан бололтой ихэд додигор царайлан над руу жоготой гэгч харж, дахин
- Ягаан гэдэг байгаа. Надад бүр хэлэх ч үг олдсонгүй. Ямар тэнэгтээд бай гэлтэй нь биш.
Өнөөдөр нээрээ ямар гээчийн өдөр вэ? Аягүй бол би ингэж, ингэж нэг их уйлах байхаа. . .
Үдийн цайны цаг болсон ч юм идэх дур хүрсэнгүй. Шууд ажлаа хаяад гэртээ харьчихаж бас чадсангүй. Тэгтэл үдээс хойш “Энэ хагас сайнд салхинд гарна” гэсэн яриа өрөө өрөөгөөр нисэж эхлэв. Яагаад ч юм надад энэ зугаалгаар л Боргилтой “учир зүйгээ олъё” гэсэн бодол харвав. Хагас сайн хүртэл цаг хугацаа яаж өнгөрснийг анзаарсангүй. Ямартаа ч гэсэн байж л байсан байх. Ухаан санаанаас минь Боргил гардаггүй. Босон суун бодогдох нь нэгэн бодлын төвөгтэй. Яг үнэндээ түүнийг хардаад байгаагаа мэдэрч байв. Хагас сайн арайхийж нэг юм боллоо. Одоо л түүнтэй ярих цаг гэж бодсоор ирлээ. Чухам юугаа ярих гээд байгаагаа ойлгосонгүй. Бид ямар гэр бүл, тэгээд салах гээд байгаа биш. Боргилыг тэр охиноосоо боль гэх эрх надад байх биш. Гэлээ ч гэсэн миний дотор тийм бодол эргэлдсээр байсан юм. Хүмүүс цугласаар, би түүнийг харцаараа хайж, хүлээсээр . . . Ирэхгүй болохоор автобусандаа суухаас ч дургүй хүрнэ. Цэрэн ах жижиг цонхоор толгойгоо цухуйлган
- Доогий! Чи орохгүй юм уу? Одоо бараг суудалгүй болох нь байна шүү. Би чамд сандал авчихлаа. Одоо юу юугүй хөдлөх нь гэж хавийн амьтанд дуулдахаар хашгирав. Миний дургүй хүрсэн гэж яаваа.
“Та яасан ядаргаатай юм бэ? Хэн таныг надад сандал ав гэсийм, таны халамж надад хэрэггүй. Битгий хүнд гай болоод бай” Энэ миний түүнд хэзээ ямагт хэлэхсэн гэж боддог үг. Гэвч би хэзээ ч хэлж байгаагүй юм. Тэгтэл тэртээ байшингийн булангаас Боргил нөгөө охиноо хөтөлсөөр гүйж ирээд надтай
- Сайн уу? Доогий эгчээ гэж мэндэлчихээд гүйгээд орчихлоо. Бас нөгөө инээдгээрээ инээчихэж. Энэ инээд ямар муухай болохыг би анх удаа анзаарав. Надад хэлэх үг байтугай босож суух орон зай ч байхгүй мэт болов. Хэрвээ намайг зуун хувь ойлгодог хүн байсан бол жигтэйхэн их өрөвдөх, эсвэл бах таваа ханатал шоолох байсан байх. Би ямар хөгийн байдалд орж байгаагаа ойлгох тусам дотор харанхуйлна. Тэглээ гээд ямар цүнхээ үүрээд яваад өгөлтэй биш.
- Залуусаа сууцгаа, хөдөллөө шүү гэх жолоочийн дуунаар би автобусанд дуртай дургүй орлоо. Нээрээ л бүх суудал дүүрчихэж. Боргил нөгөө охин хоёрт суудал хүрээгүй тул автобусны голд зогсоно. Цэрэн ах хажуудаа нэг суудал авчихсан намайг даллах аж. Нүднийхээ булангаар Боргилыг харсан авч нөгөө охиныхоо чихэнд нэг юм шивнэн инээлдэнэ. Тэр намайг харахгүйг хичээж байгааг би мэдэж байлаа. Нэг үеэ бодвол бид бие биенийхээ аягийг ойлгохтойгоо болчихож дээ. Би шуудхан яваад Цэрэн ахын хажууд суулаа. Боргилыг хараг ч гэж бодсон байж магадгүй. Ингэж дуртай, дургүйгийн хоёр туйл зэрэгцэн сууж зам хороох болов. Цэрэн ах биш өөр залуу байсан бол бүр налчих юмсан. Би ч гэсэн хөөрхөн аяглаад байж чадна шүү дээ. Даанч . . .
Автобус хөдөлж донсолгоонд зогсож яваа хүмүүс, тэр дундаа нөгөө хоёр бие биенээ түших нэрээр тэврэлдэн инээлдэх нь харин ч бүр жаргалтай байгаа бололтой. Тэд нүднээ ил харагдах нь надад бүр зовлонтой. “Би ямар элийгээ хийж энд яваа юм бол” гэж бодохоор нулимс бүрэлзэн хий дэмий доош харна. Хүмүүс хэдийдээ ч юм халцгаачихаж. Тэдэн дунд Цэрэн ах шиг жаргалтай яваа амьтан алга. Яг л санасан бүхнээ атгасан хүн шиг л харагдана. Бодвол надтай цуг сууж яваадаа л хөөрцөглөж байгаа бололтой. Түүнээс нэг тийм ахмад тэгсэн атлаа эр хүний үнэр үнэртэнэ. Би ер нь түүнтэй урьд нь ийм ойрхон байснаа санахгүй. Хаанаас ч юм надад бас аягатай архи хүрээд ирлээ
- Аян замд хээ юу байхав, татчих гэж Цэрэн ах хэлж байна. Яагаад ч юм энэ удаа түүний үгэнд дургүйлхсэнгүй ууж орхилоо. Гашуун гэж учир алга. Хурдхан шиг ус балгав. Хүмүүс дуулсаар. Надад “Би ер нь яасан гэж урвайж хүнд муугаа үзүүлж явах ёстой юм” гэсэн бодол төрж байна. Гэлээ гэхдээ хахаж цацталаа инээж наргиад байж чадсангүй.
Явсаар, хүрэх газартаа ирлээ. Уг нь уултай, устай, модтой байгалийн үзэсгэлэнтэй л газар юмсанж. Даанч, Боргил тэр охинтойгоо эрхлэлдэхийг харах тусам би улам бүр ганцаардаж, хүмүүсийн баярлалдан хөөрч, бужигнах нь надад ямар нэгэн битүү юманд байгаа юм шиг мэдрэмж төрүүлнэ. Би ганцаараа баймаар, магадгүй уйлмаар санагдаад болсонгүй. Хэний ч юм атгуулсан ганц пивийг бариад хажуугийн модот уул өөд авирлаа. Дулаахан л юм шиг байсан чинь уулынхаа оройгоор сэнгэнэсэн хүйтэн салхитай аж. Бүр жихүүцэх янзтай. Гэлээ гээд ямар буцалтай биш. Хүнээс далдхан газар ганцаар баймаар хүсэлдээ хөтлөгдөн цааш жаахан яваад хоёр өвдгөө тэврэн суулаа. Бодвол цэцэгс найгаж, эрвээхэй нисэж, шувууд жиргэж л байсан байх. Гэвч энэ бүгд надад огт хамаагүй мэт. Ядаж байхад мөр нүцгэн хувцастай тул улам их чичрүүдэс хүрнэ. Замд уусан хоёр гурван хундага архи хий дэмий л тархи манаруулахаас биш дулаацуулсангүй. Ямар ч утга учиргүйгээр барьсан пивоноосоо ганц нэг балгав. Яагаад ч юм надад ялагдал нүүрлээд байх шиг сэтгэгдэл төрнө. Түүний минь харцыг татаж чадсан тэр охинд би ямар уурлалтай биш. Үнэндээ бол би түүнд атаархаж үхэх гэж байгаагаа мэдэрсээр байлаа. Яаж ч болдоггүй юм гэж хорвоод байх л юм даа.
“Тэр хоёр муудчихаасай. Тэгвэл би хэнээс ч айж ичилгүйгээр Боргилыгоо тэврээд аргадахсан. Бүр энхрийлж үнссэн ч яахав” гэсэн хүүхдийн гэмээр гэнэн, хэзээ ч биелэхээргүй тийм мөрөөдөлд автан суув. Ер нь шалтаг л гарвал уйлах нь ээ дээ янз нь. Бие даарч, чичрүүдэс хүрэн хамаг арьс бэржийчихэж. Хий дэмий л өвдгөө улам чанга тэвэрлээ.
“Боргилоо чи ямар өөдгүй юм бэ? Ядаж энэ хайр сэтгэлээ миний нүднээс далдхан байлгаж болоогүй гэж үү дээ. Би ч бас эмэгтэй хүн шүү дээ. Чамд сэтгэл зүрх гэж алга уу” гэж гаднаа биш ч дотроон би гиншин уйлж, хайлан урсаж байлаа.
Гэтэл гэнэтхэн хэн нэг нь надад цамц нөмөргөв. Цочин хартал Цэрэн ах
- Уйтгарлаад яахав дээ. Чи бүр даарчихлаа гээд гараа миний мөрөн дээгүүр давуулан суулаа. Түүний дуу хоолойны энхрийд биш зүгээр л хажуу тийшээ унаж байсан юм шиг түүний цээжинд нүүрээ наан мэгшиж гарлаа. Түүний цамцнаас өнөөх ахмад, эр хүний үнэр үнэртэнэ. За, битгий уйл л даа, тайвшир энээ тэрээ гэх болов уу гэсэн тэгсэнгүй харин ч бүр
- Уйл, уйл. Сайн уйлаад ав. Дотор чинь онгойж мэднэ гэж хачин энгүүн хэлэхэд нь би өөрийн эрхгүй цээжинд нь улам бүр шигдэв. Тэр палигар том гараараа миний нулимсыг арчин эхлээд духан дээр, дараа нь нүдэн дээр, хацар дээр үнсэж байлаа. Харин би хүүхэд шиг эхэр татан уйлна. Нэг мэдсэн чинь би хамаг биеэрээ хярсан туулай адил хумигдан түүний бахим тэврэлтэнд чанга гэгч нь тэврүүлсэн байв. Яг юу болоод байгааг сэхээрэх сөхөө байсангүй. Одоо бүр уруул ам, хүзүү хоолой, хэнхдэг цээж гээд дуртай газраа үнсэж, яг юу болоод байгааг ухаарах тэр мөчид бүх зүйл хожимдсон байв. Тэр ч бүү хэл надад аятайхан ч санагдсан байж болох юм. Хамаг яс заадлаараа салж, янгинан үйрч байх шиг болж, байдаг чадлаараа тэнчээлэн тийрч, чарламаар байвч надтай урьд өмнө нь хэзээч таарч байгаагүй эзэрхийлэн түрэмгийлэх эрч хүчтэй тэр ширүүн авир, янаглалын дор би чимээгүйхэн гиншихээс өөрийг хийж чадахаасаа нэгэнт өнгөрсөн байлаа. Тархи уруу ч юмуу, зүрх руу ч юмуу нэгэн хачин ад зэтгэрийн урсгал харваж, тэр чигээрээ тэсрэх нь үү дээ гэлтэй болсноо гэнэтхэн юуг ч юм алдаад асгачих болж хамаг бие сулбайн суларлаа. Орчин тойронд чив чимээгүй ноёлоно. Тэр намайг үргэлжлүүлэн зөөлөн, зөөлөн үнсэнэ. Энэ бүгд хэдий тааламжтай ч гэлээ би түүнээс ичсэндээ нүдээ нээж, харж чадсангүй. Хий дэмий л хэнд ч юм гомдсон гомдлын зураа хоолой хорсгон дээш огшсоор хоёр нүдний аньсагаар урсаж эхэллээ.
- За тайвширдаа. Битгий уйл. Чи их сайхан бүсгүй шүү. Чамд ямар ч эр хүн татагдана гэж тэр үглэх завсраа намайг үнсэнэ.
- Та одоо яв. Хурдхан яв гэж намайг намуухан хэрнээ эрсхэн хэлээгүй бол тэр салахгүй байсан байх. Тэр хувцас хунараа янзлан хэсэг шуухитнан сууснаа намайг дахин үнсэх гэж тонгойход нь би түүнийг түлхлээ.
- Ингэсгээд хурдхан очоорой. Санаа зовно шүү гэж хэлээд явж одлоо. Миний дотор арзаганан үсээ үгтээж, гарт таарсан болгоноо урж сарламаар санагдав. Гэхдээ би ингэлээ гээд ч яах юм билээ. Өөрийхөө арчаагүй тэнэгээс болсон хойно одоо яахав. Хэзээ ч хань болохгүй нэгэн хүүгийн араас жаахан охин шиг аальгүйтэн гүйж явж, амаа ангайсан арслангийн аманд бүдрээд уначих гэж. “Одоо тэр Цэрэн ёстой нэг авъя гэснээ авчихсан хүн шиг таахалзаж, ялсан цэргийн алхаагаар алхаж яваа биз. Боргил ч гэсэн нөгөө охиныхоо хэдэн талд гарч шалчийсан гүзээ шиг улцагнаж яваа. Эрчүүдээ гэж, хөгийн ч юм шиг, хогийн ч юм шиг хаашаа ч юм дээ. Ер нь бол зэвүүн л амьтад юм даа та нар. Манай нөхөр ч гэсэн дээ хаана ч юу хийж явдаг юм билээ. Намайг бодвол хувь илүү ухаантай л гэж найдахаас. Гэртээ л хурдан харимаар байна. Хүүгээ тэвэрч хэвтэхсэн. Хорвоогийн хамгийн хоргүй эр хүн тэр л байх. Харина, харина л гэнэ. Нөхрийнхөө царайг яаж харнаа. Чи минь намайгаа ингээд хэвтэж байгаа гэж зүүдлээ ч үгүй яваа ш дээ. Цэрэнгийн царайг, Боргилын царайг, цаашлаад ер нь хүмүүсийн царайг яаж харнаа. Эдэнтэй цуг нэг доор ажиллаж чадна гэж үү. Би ямар тэнэг юм бэ? Би гэдэг амьтан ямар гээчийн хувь заяанд хөтлөгдөөд ийм байдалд орчихов доо. Уйтгар дагуулан үргэлжлэх энэ бор бор хоногуудыг би яаж өнгөрөөх юм бол? . . .” Хоёр нүднээс асгарах нулимс хацар даган урссаар ам руу орох нь хачин их гашуун байлаа. Би хий дэмий тэнгэр ширтэн мэлмэрүүлж, хоёр гараараа шинэ өвсний шүүсийг ялгартал зулгааж суув.
Яг урд минь хоёр салаа цав цагаан хус хамтдаа юу ч болоогүй мэт салхинд наашаа нэг, цаашаа нэг найгахыг юу ч бодолгүй дэмий л гөлөрч суулаа . . .

2011.07.17 УБ хот

Бүрэн эхээрээ...

Зөөлөн зөөлөн бодол долгилно

6 Сэтгэгдэлүүд:


Эх орны хоймор нутгаар аялсан аян замын тэмдэглэл

“2011 он - Усны жил” Энэ үг сонин ч юм шиг сонсогдож байж болох юм. Гэвч бодит байдал ийм жил болгон зарлах хүртэлээ өөрөөр хэлвэл ус ямархан чандмань эрдэнэ болохыг дэлхийн хүн зон ойлгож эхэлж байна гэсэн үг. Зөвхөн усаар ч тогтохгүй ногоон байгаль дэлхийгээ онгон дагшин хэвээр нь авч үлдэх нь хүн төрөлхтний хүсэл мөрөөдөл, цаашдын амьдралын гол зорилго болон хувирч байна. Үүнээс монгол улс ч гэсэн хоцрохгүй байх шаардлага өдөр оройн хоолноос ч илүүтэйгээр тавигдаж эхэллээ.
“Хаан их сарьдаг – Хатан далай ээждээ” хүндэтгэл үзүүлэх танин мэдэхүйн эко аялалыг Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас зохион байгууллаа. Уг үйл ажиллагааг дэмжихээр олон компаниуд, хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцож50 гаруй хүний бүрэлдхүүн дээр агтчин жолооч нар нэмэгдэн бараг 90 - ээд хүний бүхэлдхүүнтэй том баг болон өргөжив.
Ахин давтагдашгүй үзэсгэлэнт, өвөрмөц тогтоцтой, цэнгэг усны нөөцөөр арвин Хөвсгөл нуурыг машинаар, мориор, явганаар, усан онгоцоор тойрон аялахаар төлвөлжээ.

Эхний өдөр буюу уулын сорви эдгээсэй :
Хатгал сумаас гарч “Могой мод” буюу хүслээ шивнэх модон дээр очсоноор аялал эхлэв. “Могой мод” гэж нэрэндээ таарсан мушгирч ургасан мод байлаа. Хүн бүхэн хүсэл мөрөөдөлтэй байж, түүнийгээ хаа нэгтэй билэгшээн шивнэдэг нь хүний тэр тусмаа монгол хүний нэгэн чанар болохоор энэ модонд олон хүн ирдэг нь түүнд өргөсөн хадаг яндар, өргөл барьцаас илхэн. Зүсэр бороо зүсэж уйлганасан үеэр ирсэн нь явуулын бидэнд улам ч ихээр итгэл үнэмшил төрүүлж, бүгд л ямар нэгэн юм шивнэцгээж байлаа.
Эндээсээ хөдлөөд бид Жанхайн даваагаар давж Онголог нуурын хөвөөгөөр өгсөн Чөчүгийн давааг даван Хясаан сайр хэмээх газарт хоноглохоор ирцгээв.
Нанжин Хатгалыг барааг
Нарийн Жанхай хаагаад
Өргөн Хатгалын барааг
Өндөр Жанхай хаагаад . . . гэж нутгийн зон олон дуулдаг аж.
Онголог нуур гэдэг Хөвсгөл далайн баруун урд орших салаа гэж болохоор нуур ажээ. Бид Жанхайн давааг өгсөж явахдаа “геологи”-ийн нэртэй зам уулыг тэр чигт сөөлжүүлэн тавьсаныг харж яагаад ч юм харамын сэтгэл төрсөн юмдаг. Угаас энэ нутгийн байгаль, уул толгод, ширхэг чулуу болгоныг харамлахгүй байхын арга байсангүй. Гэтэл тэр жил маш ихээр сонсогдсон фосфоритын ордыг ашиглах яриа 1989 онд төгсгөл болсон тухай сонсоод сэтгэл бага ч гэсэн уужрах шиг. Гэхдээ л тэр Уран дөш уулыг эмжин хэвтэх замын сорви бидний харааг татаж, энэ сорви эргэж сэдрэлгүйгээр тэндээ л эдгэрч үлдээсэй гэсэн гуниг сүлсэн бодол уйлагнуур бороог далимдуулан улам лавширч байлаа.
Хоёр дахь өдөр буюу сормуусаараа униар сөхнө:
Хясаан сайр гэдэг аманд хоносон биднийг угтсан манант өглөө аялалын маань удаах өдөр болох юм. Урд шөнө нь борооноор ирж майхан саваа хагас дутуу барьж хоноглосон бид жинхэнэ Хөвсгөл далайнхаа эрэгт ирснээ мэдээгүй юм. Шинэ газар орон, шинэ орчин гэдэг хүний сонирхлыг үргэлж л татаж байдаг тул бид эртлэн сэрцгээж, майхан, майхнаасаа хар толгойгоо шоволзуулан цухуйцгаав. Үүр хаяарахтай зэрэг шөнөжингөө хэдэн зуун мянган дусалтайгаа гайхуулах гэсэн мэт шаагилдан байсан бороон дусал татарч, униар манан хөшилдсөн байлаа. Чийг. Анхны мэдрэмж энэ гэвэл хүн гайхах байх. Гэхдээ л майхан сав, гутал хувцас, модод, навчис, өвс, цэцэгс, агаар, тэр ч байтугай чулуу хүртэл чийгтэй байсым. Чийгээ дагаад сэтгэлд тийм нэг зөөлөн мэдрэмж хүн болгонд төрсөн байх. Бүгд л ам амандаа энэ өглөөний сайхныг магтацгаана. Далайн эрэгт очсон аялагч нар өөрт оногдсон сормуусаараа униар мананг сөхөн нуурын мандлыг ширтэцгээнэ. Яагаад ч юм надад яруу найрагч Цогдоржийн Бавуудоржийн
Эрдэнийн сормуусаа униарт дүрж унтах, адуу
Монголын их амар амгалан . . . гэсэн мөр санаанд орж байлаа.
Яг л санаа дагасан мэт бидний ард морьдын төвөргөөн зөөлөн хөрсийг товшиж, адуу тургилах чимээ чийгт мананг цуулж ирэв. Учир нь эндээс бид цааш мориор аялах ёстой учир бидэнд газарчлах газарчид маань адуугаа хураан ирж буй нь энэ аж. Уярам, зөөлөн бүхэнд хөглөгдөн байсан аялагчдын сэтгэл дороо хувирч харцанд нь гэрэл гийж, унаж эдлэх, уухайлж дуулах цог хийморь бүрэлдэж, магадгүй зарим нэгэнд нь унаа маланд бусдаас арай дөнгүүрээ харуулчихсан гэх хүсэл төрсөн ч байхаа ядахгүй. Хүн бүр өөртөө таалагдсан морьдоо сонгосон. Хэдийгээр агтчид аль номхон гэсэн морьдоо авчирсан авч, жил жилийн өдийд морь унаж сурсан, сураагүй янз бүрийн аялагч жуулчдаас жигшсэн зарим нэгэн морьд аашаа үзүүлж байв. Гэхдээ хаа очиж цөөхөн юм билээ. Унаа морьд гэж байх хооронд түрүүнээс хойш аав шиг минь насны нэгэн ах анхаарал татаад болсонгүй. Аяны жижигхэн майхныхаа аманд гурван чулуун дээр тулсан бяцхан тогоондоо цай буцалган суугаа тэр ахын байр байдал, гэрээсээ цүнхэлж гарсан аягандаа олон хүний гал тогооноос олдвол дүүрэн шиг эс олдвол дундуур ч хамаагүй юм хүртчих гээд яваа биднээс эрс ялгаатай байсан болохоор тэр байх л даа. Очирбат хэмээх тэр ах бидний ачаа барааг дөхүүлж яваа жолооч юм байна. Түүний юунд ч үл түүртэх энгүүн хэрнээ хөврүүлэн ярих яриа намайг татахгүй байхын арга байсангүй. Олон жил тээврийн тэрэг барьсан жолооч гэх тэрээр тэтгэвэрт гарснаасаа хойш Далай ээжийнхээ буянаар гадна дотны жуулчдад газарч хийсээр яваа гэнэ. Бие дааж англи хэл сурсныг нь нутгийн олон ам магтан ярих ажээ. Энэ Далай ээж бол зөвхөн Хөвсгөлчүүдийнх биш, Монголчуудынх ч биш дэлхийн далай гэж би боддог. Үүнийг дэлхийн зон олон бүгдээрээ хамгаалах ёстой хэмээн ярих нь сонсож суусан бидний чихэнд биш зүрхэнд хэлэх шиг. Алсын аянд аяншаад урд даваан дээгүүр гараад ирэхэд ус үнэртээд л . . . ай даа мөн ч сайхан шүү гэж нэг их санаа алдан хэлээд нуурын мандал дээгүүр хүрэн нүдээ гүйлгэн, их усны долгис дамнуулан хэлэхэд би хурдхан шиг нуурын мандлыг ширтсэн. Түүний нүдэнд яг энэ нуур шиг тув тунгалаг нулимс цийлэлзсэн байхаа ядахгүй. Хэдийгээр түүнийг хараагүй ч гэлээ миний хамрын уг шархирах шиг болсон болохоор би тэгж бодсон хэрэг. Түүний амьсгаанд хүртэл мэдрэгддэг ус гэж бодохтой зэрэг өнөө өглөөхөн надад мэдрэгдсэн чийг санаанд харваж тэр ах уруу эргэж харвал дүү хүү цай уу, аяны хүн хамаатай юу гээд өөрийнхөө аяганд цай хийж өгсөн. Нойтон гишүүний утаа шингэсэн шингэхэн хар цай оочилж суухад орчлон тэр чигтээ л надруу шингэж байх шиг санагдаж билээ. Энэ хэсэгхэн ярианы өнгө бүхэлдээ нуурын тухай, далайн ээжийн тухай, түүний нэгэн хүүгийн дотоод зөөлний тухай байлаа.
Аялагчдийн түрүүч хөдөлж эхлэх үед ах нь яах вэ моторт хөлөгтэй хүн, харин дүү хүү газар дөхөхгүй юү дээ гэх ахын үг аялж явааг минь сануулав. Морь унаж чадахгүй дээ биш, зүгээр л бодолд автах гэсэндээ эхний замчинг даган алхаж эхэллээ. Байгалийн сайхан яаж цогцлохоороо ингэдэг байнаа гэж шүүрс алдмаар сайхан байгаль ажээ. Өглөөний манан аль хэдийн алга болчихож. Цэцэгс гэдэг газраар нэг, уулаар нэг, нугаар нэг, бүр байчихаад сэтгэлээр минь нэг зулаатай. Нуурын хөвөөг дагасан хурц, хурц оргилтой, онь хэцээр нь цас хунгарлан харагдах хайрханууд байх хэдий ч энэ бүгдийг Далай ээж хэмээх энэ их усан ундаалж, уур амьсгалыг нь зөөллөж байдаг болохоор жинхэнэ төгс үзэсгэлэн бүрдсэн нь хатуу зөөлөн хослон байдаг орчлон гэдгийг харуулж байгаа нь тэр юм байхаа даа. Яг л бүсгүй ялдам ааль, эх хүний ачлал шингэсэн сэтгэл уяраав уу гэлтэй.
Аялал маань ар урдаа орж хөвөрсөөр байлаа. Ар, Өвөр хөндлөн, Бэлхийн ам, Хөх өвсний ам, Бахаагийн ам, Норогын амаар дамжсаар Бага хар усны аманд хоноглохоор болж хүн малын хөлийн чилээг гаргахаар майхан юугаа барьцгаасан. Бидний гэтлэн туулсан ам болгон их бага хэмжээний гол горхи урсаж байсым. Хэрвээ Хөвсгөл нуурт зуун гол цутгадаг бол далай гэж нэрлэе гээд тоолсон нь ерөн есөн гол цутгаж байсан гэсэн аман гэмээр яриа байх ажээ. Үнэндээ бол ерэн зургаан гол цутгадгийг албан ёсоор бүртгэсэн байх юм. Харин ганц Эгийн гол Хөвсгөл нуураас эх аван Сэлэнгэ мөрөнтэй нийлэн Байгаль нуур тийш урсан оддог ажээ. Улсын тусгай хамгаалалтын албаны ажилтнууд хамгаалалтанд авсан газраа өртөөчлөн хариуцдагийн адилаар мөн л биднийг өртөөчлөн хүлээн авч, үдэн гаргаж байлаа. Бидний ойлголтоор бол байгаль хамгаалагч гэсэн үг л дээ. Автобус, машинаар аялаж явсан ч гэлээ бидэнд өнөөдрийн морин болоод явган аялал тийм ч хүнд санагдаагүй юм. Байгалийн сайхныг бишэрч, дуртай цагтаа Далай ээжийн уснаас чадлынхаа хэрээр залгилж явсан болохоор тэр байх. Юм элбэг байх шиг, түүгээрээ халгиж цалгиж явах шиг сайхан зүйл хаа байхав дээ. Тэр нь тэгээд хамгийн нандин эрдэнэ болох ус шүү дээ . . .
Гуравдахь өдөр буюу бүтэн сар тэнгэр мөрлөнө:
Яаж зүгээр байх вэ гэсэн аятай шөнө дунд бороо бага зэрэг шиврээд авахыг өдөржин алхаж ядарсан хэдий ч нойрон дундаа мэдэрч хонов. Майхнаасаа гараад ирэхэд өнөөх цагаан манан үүгээр, түүгээр хурган майхныг, моддыг, цэцэгсийг, морьдийг, өөр хэн нэгнийг, бас намайг ч гэсэн тойрон эрхлэнэ. Бид яг тэнгэр газар тэврэлдсэн тэр савслаганд зогсож байна уу гэмээр санагдсан. Өглөө эртлэн боссон аялагчид агтчиндаа тусалж, майхан саваа түргэхэн хурааж, ачаалахыг нь ачаалж, өчигдөрийнхийг бодвол хаана юу хийж яваагаа мэддэг шинжтэй болсон харагдана. Тэртэй тэргүй нуурын хөвөөнд тул нүүр гараа угаахаар очоод ийм тунгалаг усанд гараа дүрэхэд ч гэсэн хайран юмдаа гэж санагдсаныг нуугаад яахав. Энэ нуурын усыг хүмүүс тунгалаг гэж, хэн нэгэн түүнийг юунаас ч юм хамгаалах ёстой гэж, үгүй ядахдаа яагаад энэ нуурыг Далай ээж хэмээн хүндэтгэн нэрлэдэгийг тэгэхэд ойлгосон гэвэл хүн болгон намайг яасан хойлог хүн бэ дээ гэж бодох байх. Гэхдээ мянга хэлэхээр нэг үз гэдэг үгийн учир энэ л байсан болов уу. Ёроолынх нь чулууг, дээр нь хөвж яваа загас жараахайтай нь цуг тоолоход нэг их төвөг орохооргүй санагдана. Зарим нутгийн далай ёроолдоо хамаг нүгэл хилэнцээ нуучихдагийг би сонсож л байсан. Өөрийн нүдээр ч харсан. Гэтэл Монгол нутгийн энэ нуур нуух ёстойгоо ч нуудаггүй аж. Ийм усыг цэнгэг гэхээс ч яахав. Зүйрлэвэл хамгийн цайлган бүсгүйн гэнэн сэтгэл гэлтэй. . .
Бидний аялал нуурын баруун захыг хөвөөлөн явсаар Их хар усны рашаан дээр түр саатав. Урд нь Харз усны рашаан гэж нэрийддэг байсан ч одоо Хар усны рашаан гэх болжээ.
Нутгийн ардын яриагаар бол энэ хоёр нэр хоёул зохихоор ажээ. Өвөлдөө харзалдаг тул хун шувуу өвөлждөг гэнэ. Сонин юм шүү. 414 км эргийн нийт урттай, 2760 км кв усны гадаргын талбайтай, хамгийн уртдаа 136км, хамгийн өргөндөө 36,5км хүрдэг ийм том нуур хөлдөөд дээгүүр нь машин тэрэг сүнгэнэн давхидаг байхад үүнээс 500-хан м орчим зайд орших энэ харз хөлддөггүй. Хавар цөн түрэхээс өмнөхөн энэ харцны усыг харлатал загас орж ирдэг. Түрсээ шахах гэж тэр гэнэ. Тиймээс хар усны рашаан гэх болсон гэнэ. Тэр үеэр шувууд чуулж, рашаанд ирж амрагчид гараа шургуулаад загас барьсан шиг, рашаанаа ууж амардаг гэж нутгийн олон ам булаалдан ярих ажээ. Үүнийг сонссон хэн бүхэн тэр үеэр нь ирж үзэхсэн гэж дотроо бодож байсан байх. Ундрага бүрээс ундрах булгийг нүдний, ходоодны, толгойны гэх мэтээр ангилан самбар хадсан нь нилээд эмх замбараатай харагдана. Манай багийнхан хэнээс юугаараа дутахав гэсэн шиг самбаруудыг уншиж явсаар нэг нэг булганд дугаарлана. Үүнээс харахад хэн нь хаагуураа согогтойг нь хэлүүлэлтгүй мэдчихмээр. Арга ч үгүй биздээ хот газрын улс нэг очсоных гэж санаа биз.
Тэндээсээ цааш явцгаалаа. Урагшлах тусам бидний явах зам бүдгэрч, намаг шалбааг нэмэгдсээр Сант хэмээх хайрханы өвөрт хүрээд бидний мэдэх болсон Очирбат ахын маань машин явахаа больж ягтаа туллаа. Үүнээс цааш машин явах газар үгүй ажээ. Гал тогооныхоо ачааг буулгаж үдэллээ. Эндээсээ бүх ачааг моринд ачаалах тул зарим нэг залуус маань явган алхагчдын багт шилжив. Гэхдээ бидэнтэй цуг мөчөөгөө өгөлгүй алхсаар байсан бүсгүйчүүд байсан л юм. Харин Очирбат ах маань биднийг буцаад Хатгалд ирэхээр уулзана гэж болзоод жижигхэн цагаан “аавын цээж”- нийхээ хажууд гараа далласаар хоцров. Уг нь би түүнтэй ая эвийг тааруулж байгаад ихээхэн хууч хөөрнө дөө гэж бодсон ч чадаагүй болохоор цээжин цаана бага зэрэг гуниг хүүгсээр хөдөлсөн. Хожим бид буцахдаа Хатгалд шөнө дөлөөр ирсэн тул Очирбат ахтай дахиж уулзаагүй юм. Бодвол тэр дахиад л нутаг орныхоо сайхны тухай сэтгэл огшоож, энэ нуур зөвхөн монголынх биш дэлхийн нуур юм шүү гэж ухаан сийрүүлж, эсвэл бүүр холоос ирэхэд ус үнэртдэг ай даа мөн сайхандаа гэж хэн нэгэнд хэлэн хамрыг нь шархируулж суугаа байх л даа . . .
Бид улам бүр цаашилсаар байлаа. Байсгээд л ус, намаг туулдаг тул усны гуталнаас салах арга байхгүй. Гэтэл усны гутал гэдэг явган явахад их халгаатай. Хөл чийг татаж, улдахаас авхуулаад зовлонг зохиож яриад байвал их л болох байх л даа. Гэвч бид чинь тунгалагаараа дэлхийд гуравт ордог, дангаараа манай орны цэнгэг усны 93%-ийг эзэлдэг, 500 жилд нэг удаа усаа цэвэршүүлдэг өвөрмөц тогтоцтой нуурын хөвөөгөөр, жинхэнэ онгон дагшин нутгаар явж байгаа улс шүү дээ. Тэгэхээр энэ бол зовлон биш шүү дээ.
Хажуугаар өнгөрөх бүсгүйчүүд маань морьтойгоо цэцэгсийг, шингэж буй нартай нь цуг өшигчиж одох шиг харагдана. Надтай цуг явсан нэгэн залуу хайран цэцэг гишгэчээд хаячихлаа гэж харуусахад нь үгүй дээ тэд гишгэж байгаа юм биш тэдний гишгэсэн газраас цэцэг дэлгэрч байгаа юм гэж бодсон хэдий ч хэлээгүй. Магадгүй тэр үнэн голоосоо харамссан байж болно шүү дээ.
Бид явсаар Жиглэгийн ам хэмээх газар эртхэн буудаллав. Хөвсгөл нуурын яг голд “Модон хүй” хэмээх ногоон модоор бүрхэгдсэн арал байх бөгөөд энэ нь бидний буусан Жиглэгийн амны харалдаа байж таарав. Бодвол зохион байгуулж буй хүмүүсийн алсын хараа байсан биз. Хар үгээр бол Хөвсгөл нуурын хүйс нь гэсэн үг л дээ.
Майхан юугаан барьцгааж, хэсэгхэн амраад л залуус маань түрүүний өнгөцхөн гишгүүлээд өндийсөн цэцэг адил сэргэцгээж төдхөн галын наадам, тоглоом наргиан болцгоов. Тэднийг харсан хэн ч гэсэн өдөржин алхсан гэж хэлэхээргүй байлаа. Угаасаа залуу нас гэдэг өөрөө ертөнцийн чимэг юм даа. Тэгтэл “Модон хүй” арлын цаанаас ерөөс бидэнд л зориулж буй мэт бүтэн саран тэнгэр мөрлөн өндийх нь тэр. Бүр тэг дугираг шүү. (зураг) Сэтгэл хөдлөөгүй хүн тэр орой байхгүй байх. Хүн бүр хашгиралдан, зарим нэг нь зургийн аппарат руугаа гүйцгээж байв. Магадгүй зарим нь гар гараа “атгалцсан” ч байж болох юм. Хүн гэдэг сэтгэлийн амьтан юм хойно доо . . .
Дөрөв дэхь өдөр буюу адуу тургилна:
Би юуг ч юм үргээчих гэж байгаа юм шиг шүүдэр өшиглөн, сэмхэн гишгэлсээр нуурын эрэгт ирж жаал суулаа. Надаас өөр хүн сэрээгүй бололтой. Өнгөрсөн шөнийг бид бороогүй хоножээ. Гэлээ гэхдээ өнөөх униар будан хэвээрээ. Саран мандаж байсан “Модон хүй” арлын цаанаас одоо наран ургаж харагдана. Яг л нэг сайхан бүсгүй инээж буй мэт. Салхи ч үгүй тогтуун болохоор нуурын мандал ямар ч хөдөлгөөн үгүй. Өнөөх өнгө өнгийн цэцэгс ер юу ч болоогүй юм шиг, дохих ч үгүй нэг янзаараа. Цаг хугацаа хүртэл тэр чигтээ зогссон юм шиг нам жим. Модны захад унааны хэдэн морьд л харин үүрэглэх зуураа сүүлээ шарваж, хаа нэг тургилах нь намайг гарцаагүй амьд байгааг мэдрүүлэх мэт. Анир үргээж адуу тургилна гэсэн дууны үг санаанд орно. Дуулчихмаар ч юм шиг. Гэхдээ харамсалтай нь би дуу дуулснаас утгыг нь ярьсан нь дээр хүн л дээ . . .
Төдөлгүй манай тогооч нар сэрж буй бололтой дүнгэнэлдэж, зарим нь усанд явж, нуурын мандлыг хөдөлгөв. Зарим нь түлээ хагалж, орчны шувуудыг сэрээв. Зарим нь гал түлж, утаагаар нь уран бийрийн татлага татав. Аялагчдын шинэ өглөө эхэлж байгаа нь энэ. Гэхдээ энэ өдөр чухам ямар өдөр эхэлж байгааг бид хэрхэн мэдэх билээ. Өнөөдрөөс эхлэн нуураасаа холдож, олон олон даваа гүвээг даван хоёр хоног явж байж эргэн нуурынхаа хөвөөнд ирэх хамгийн оргил, хүнд хүчир зам харгуй биднийг угтаж байлаа. Бид цайлж дуусаад Жиглэгийн амаа өгсөн Шар зүрхний даваа өөд мацаж эхэллээ. Бараг хоёр цаг гишгэж байж даваан дээрээ гарсан. Хамгийн гол нь олон хүн явсан болохоор сүүлчийнхээ хүнийг хүлээж цаг нилээн алдаж байв. Тэгэхгүй гээд ч яах билээ. Зүг чиггүй битүү ой, намаг балчиг дунд хэн нэгнийгээ гээж болохгүй шүү дээ. Уул нурууд маань оройгоосоо эхлээд л намагтай байх нь хачин. Шар зүрхний даваагаас Гичирийн шавагтай намгаар уруудсаар Хачимын голыг гаталтал цаана нь дахиад Хэц даваа хэмээх даваа биднийг хүлээж байх нь тэр. Өвдгөөр татсан шаваг намаг, мөрөөр татсан бургасан дундуур чиг мөргүй зүтгэнэ гэдэг тийм ч амар биш бололтой. Тэгээд урдын адил нуурын цэнгэг ус мэлтэлзэж байх юм байхгүй. Ам ангах хэдий ч дараагийн гол мэдээж урд байгаа давааг давсны дараа байгаа. Гэхдээ бидний хэн маань ч зогсоогүй юм. Хатуу хэцүү тулгарах тусам хүн бүр дор бүрнээ өөрсдийгөө хурцалж байсан гэдэгт би лав итгэлтэй байлаа. Уулс өндөрсөх тусам надад эх орныхоо хоймор өөд яваа гэсэн нэгэн сонин мэдрэмж төрж эхэлсэн. Яг л монгол хүн гэрийнхээ хоймор өөд зүглэхдээ ямар бардамхан байдаг билээ тийм нэг итгэл төрөх мэт бодогдож байлаа. Хэц даваа уруудан Тэмээн хүзүүний голыг гаталж явахдаа энэ бүгдийг эргэцүүлж явсан юм. Газар сэндийчсэн ормыг харж энэ ч ёстой гахайн орон юм даа тийм үү гэж хөтчөөсөө асуухад гахайгаар зогсохгүй ээ баавгай, буга хандгайнаас авхуулаад байхгүй ан байхгүй баян нутагдаа гэж сэтгэл нь бүр нэг бялхсан аятай инээмсэглэл тодруулан хэлэхэд нь усныхаа гуталд эгээ л бүдэрч унаагүй би баавгай чоно гэхээр хэдий айгаагүй ч еэ гялай, еэ гялай гэж хашгирч чадаагүй л юм даа.
Тэмээн хүзүүний голыг арайхийж ардаа хийсэн бид Өлийн давааны өвөрт хоноглов.
Майхнаа үнэн босгосон уу, худал босгов уу ямартай ч гэсэн шургаж ороод хоёр нүднийхээ зовхийг хамгийн хурднаараа аницгаасан.

Тав дахь өдөр буюу зөөлөн зөөлөн бодол долгилно
:
Хурдан унтав уу та нар гэсэн шиг хурдан үүр цайсан байлаа. Хүн бүр сайхан амарч чадсан нь тэдний хөдөлгөөнөөс харагдаж байв. Бидэнд одоо Хушт Өлийн давааг даваад хориод км яван Шар булан гэдэг газар очих ёстойг урд орой нь аялалын удирдагчаас мэдэж авсан тул яаравчлан хөдөлцгөөлөө. Өлийн даваа өөд харин ч нэг их торолгүй гарчихсан хэрнээ цааш уруудах нь мөн ч уужуу ажээ. Нэг голыг бараг хорин долоон удаа хөндлөн гаталж явсан гэвэл итгэхэд бэрх. Бид ядарсан хэрнээ хоорондоо хэн нэгнийгээ шоолж, уул хадны сайхныг биширч, зарим нэг маань хотод үлдсэн найз нөхдөө ч дурсаж байх шиг. Санаж байгаа юм биш л дээ зүгээр л бид өөрсдийгөө сатааруулж, ядарснаа үл анзаарах, нэг үгээр хэлвэл явган явж сурсан байлаа. Харин санасан юм гэвэл уржигдархан салсан Хөвсгөл нуураа л их санасан байв. Шавар шалбааг таарахаар бараг л хараамаар болох авч энэ тэнд тогтсон шалбаагны усыг хараад би танил нэгэн найрагч бүсгүйн хэлснээр хэсэгхэн тэнгэр тастаад тавьчихсан юм шиг санан “өхөөрдөх”-ийг хичээж байв. Нээрээ ч үнэндээ тэгж харж болох л юм билээ.
Аялалын баг Шар булангийн тохой тойруут, далайгаа харсан бид эх рүүгээ сарвайтал давхих унага (арай гоёдчихов уу) адил гүйлдэцгээв. Энэ тохойд биднийг машин тосох ёстой. Бидний морин болон явган аялалын маршрут шувтарч байна гэсэн үг. Харин машинууд маань хэзээ ирэх бол? . . . Моринд агсагадаж, явганд улдсан аялагч нар ямар нэгэн байдлаар машин ирэхгүй байх вий дээ гэсэн нууцхан эмээдэстэй байсан ч гэлээ хэдхэн цаг амрахад бүх хүнд эрч хүч эргэн ирнэ гэдгийг би ойлгож байлаа. Аялагчид унтах нь унтаж, тоглох нь тоглон, хэвтэх нь хэвтэнэ. Нуурын мандал дээгүүр гүелзэх долгион ширтэн хэсэг суув. Нэгэн хэмээр тэгсэн хэрнээ хэзээ ч тасрахгүй мэт ар араасаа давтагдан ирэх бяцхан “давалгаан”-ыг харж суухад тэндээс зөөлөн, зөөлөн бодлууд долгиолон ирэх шиг, давхар давхар ухаан үелэж ирэх шиг, харин энэхэн агшинг ухаарч эс чадвал эргээ нэг мөргөөд л буцаад явчих шиг сэтгэгдэл төрнө. Хүн, байгаль, амьдрал бүгдээрээ яагаад ийм нандин эс ширхэгтэй байдаг юм бол гэж гайхмаар . . .
Төдхөн хүмүүсийн инээлдэх нь миний бодлыг сарниаж орхилоо. Харвал тэд хоорондоо бие биенээ шийтгэж тоглож байгаа бололтой. Залуу хүүхэн хоёр бие биендээ хайртай хэмээн чангаар хэлээд нилээн зайнаас дөрвөн хөллөн мөлхөж харагдана. Томоогүй ч юм шиг харагдах хэрнээ хайртай хэмээн хашгирч тоглоно гэдэг чинь тийм ч муухай зүйл биш болохоор миний бодол дарагдсан нүүрэнд ч гэсэн инээмсэглэл тодорсон байлаа. Аяншиж ядарсан хэдий ч бас тоглохтойгоо байгаа нь сайхан. Гэхдээ машин хэзээ ирэх бол? . . .
Саяхан цэлмэг байсан тэнгэр гэнэтхэн бүрхээд ирэв. Одоо бид салхи бороо, шавар намагт хэдийнээ танил болсон тул тэгтлээ нэг их сандарсангүй, майхнаа босгоцгоолоо. Тус тусынхаа майханд орсон бид машин мөд ирэхгүйд нэг их гомдоллосонгүй. Майхан, майхандаа дүнгэр дүнгэр ярьсаар нэг мэдэхэд унтацгаажээ.
Зургаа дахь өдөр буюу шиврээ бороонд зогсоно:
Босоорой, босоорой гэх танил биш дуунаар сэрвэл дөнгөж үүр цайж байлаа. Бидний хүсэн хүлээсэн зургаан фургон, нэг ачааны машин шөнө дунд ирсэн бололтой шиврээ бороон дунд зогсох нь багадаа үзэж байсан байлдаантай киноны хэсэг ч юм шиг харагдсан. Бид майхнаа тэр дор нь хурааж ачааны машинд ачаатайгаа өгөөд өөрсдөө оногдсон фургондоо сууж хөдөллөө. Анх аялалд гарч байснаа бодвол ихээхэн шалмаг болцгоосон байв. За, дуу аялаад л явж өгнө шүү дээ гэх жолоочийн дуу өглөөхөн биднийг сэрээсэн танил биш дуу болохыг мэдээд түүнийг харвал хамар нь сартайгаад шар л биш болохоос Мөнх-Эрдэнэ арслантай төстэй хүн байлаа. Яагаад ч юм би түүнтэй танилцаж үг солихыг хүснэ. Шавар намагтаа орос машины сайныг хэлэх үү, манайхны жолооч нар нутаг усныхаа зам харгуйг мэдэхийг хэлэх үү, хотын улсын дэргэд нэрээ хичээж яваа манай жолооч амандаа дуу исгэрсэн шиг жолоогоо мушгингаа хэн нэгэн харж байна уу гэсэн аятай хааяа нэг хүмүүсийг эргэн харах нь цаанаа нэг маадгардуухан. Бат-Эрдэнэ гэж өөрийгөө танилцуулсан энэ эр цэргийн хүн байж байгаад эрт тэтгэвэртээ гарсан нэгэн ажээ. Үе үехэн орос руу гарч наймаа хийчихдэг гээд оросоор хэрийн хүнээс дутахааргүй ярьчих тэрээр нутгийнхаа уул усны үүх түүхийг дов сондуултай нь мэднэ гэх нь миний сонирхлыг улам бүр татна. Цаашаа давхисаар байгаль хамгаалагч Ухнаа гуайнд ирлээ. Хавь ойрын саахалтынхан нь биднийг ирнэ гэж аль хэдийнээ мэдсэн тул гэр гэрээсээ барьсан талх, цөцгийн тосоо тэвэрсээр ирцгээсэн нь энэ нутгийнхан ихээхэн зочломтгой зантай болох нь харагдана. Өнгөрсөн жил Хэнтий аймгийн хойд сумдаар явж байхад дүнзэн байшинтай, цөцгийтэй, барьсан талхтай, басгантай яг л ийм аж төрлийн ахуй харагдаж байсан санагдана. Аялагчид бас зүгээр байсангүй нутгийн ардын дунд сугалаа явуулж өөр өөрсдийнхөө зүгээс бэлэг сэлт өгөн баярласан талархснаа илэрхийлж байлаа. Харин тэдний хувьд нэг өдөр ч гэсэн алс нутгийн гийчидтэй инээж хөхрөлдөн байгаа нь л их том бэлэг болж буй нь мэдрэгдэж байсан. Шиврээ бороон дунд гар даллан үдэж буй тэднийг машиныхаа цонхоор харж явахдаа тэдэнд хоорондоо бараг ялгамгүй маш олон маргаашууд хүлээж байгаа гэж бодогдоод шинэ, шинэ зочид их ирээсэйдээ гэсэн хачин сонин хүсэл төрж билээ. Хэдэн мянган жил хэдэн үеэрээ амьдраад ирсэн тэдэнд миний энэ
бодол илүүц байх нь мэдээж юм. Тэр шөнөдөө бид давхисаар Ханх сумын төвд ирж нэгэн жуулчны баазад амарцгаав. Энэ бааз харин нэг их сэтгэл хөдөлгөөгүй юм. Хотын ойролцоо байдаг жирийн л нэг үйлчилгээ харьцаа муутай, ур дүйгүй, хүний төлөө гэхээсээ хэдэн төгрөг хүнээс салгах гэсэн нь давамгайлсан гэр баазуудын нэг л байсан даа.
Долоо дахь өдөр буюу Тольт хайрхан :
Энэ өдрийн үдээс хойш гэхэд Сүхбаатар хөлөг онгоцны тавцан дээр гарсан байх ёстой тул бид өглөө яаравчлан хөдөллөө. Ханх сумаас бараг 90 км зайд Борсогын ам гэдэг газар уг онгоц хүлээж байгаа. Энэ нь одоо бидний мэдэх болсон “Модон хүй” хэмээх арлын харалдаа гэхдээ нуурын зүүн эрэг юм. Зам хэдий бартаатай ч машин гэдэг урамтай унаа юмсанж. Хэрвээ бид нуурын баруун талаар явдаг шигээ алхаж явсан бол ахиад гурван өдөр алхах байсан биз. Ханх сумаас гарч давхисан бид Далай ээжийн 13-н овоог тахих ажиллагаанд оролцлоо. Жилдээ нэгээс хоёр удаа тахидаг энэ овоог аялалыг зохион байгуулагч Даваабаярын санаачлагаар 2005 онд дахин сэргээсэн гэнэлээ. Хамгийн харамсалтай гэмээр нэгэн түүх нь энэ овооноос сайндаа л 20 хүрэхгүй алхмын хажууд хуучин 13-н овооны суурь байх бөгөөд энэ нь буруу байрлал байсан тул уг овоог босгосон тэдгээр хүмүүс дандаа цаг бусаар бие барсан гэж ярьлаа. Ийм ялихгүй ч гэмээр алдаанаас болж тэдгээр хүмүүс нас барсан гэхээр харамсмаар санагдсан юм. Хориодхон алхам зөрүүлсний төлөө шүү. Хэдийгээр газар устайгаа холбогдох гэгээн бэлэгдэл болсон овоог тахих нь нарийн асуудал боловч тэдгээр хүмүүс уг нь бас л Даваабаяр дарга шиг ард олондоо устаж үгүй болсон овоог нь босгож өгсөн буянтай л санаа гаргагсад байсан байж таараа. Тэр үед нь мэддэг чаддаг хүн нь байсан бол хэлээд өгчихгүй яав эсвэл хуучны хүмүүсээс асууж ул суурьтай хийхгүй яав даа гэсэн бяцхан харуусал төрж байсан юм. Овоог үе дамжсан тахилч лам Г.Жанцан тахиж Бүрэнхаан уул, Далай ээжээ аргадсан. Энэ мөчид надад гэрийнхээ хойморьт гарсан эзэн хүний сэтгэгдэл төрөхөд өөртөө ихэд гайхаж байсан юмдаг. Тэртээх Зүрх шарын нурууг давж явахдаа бодсон тэр бодол биелж байсан болохоор тэр байх. Яг энэ агшинд надад нэгэн зүрх шимшрүүлсэн бодол төрсөн юм. Үүнийгээ би тэмдэглэлийнхээ төгсгөлд хэлмээр санагдаад түр хойш нь тавихаар шийдлээ.
Тахилгын ажиллагаа дуусаад нэг их удалгүй Тольт Бүрэнхаан уулын оройгоорх үүлэн сэмэрч толь мэт харагдах мөнх цасаа үзүүлсэн. Ирсэн болгонд харуулаад байдаггүй энэ хайрхан бидэнд нүүрээ буруулаагүй юм. Бүрэнхаан уулын зүүн талд Хатанхаан уул баруун талд таван хүү нь болох Наранхүү, Саранхүү, Галхүү, Эрдэнэхүү, Одхүү гэсэн таван сайхан хайрхан харагддаг юм билээ. Эх орны минь хойморт ийм гэр бүл гэмээр уулс дүнхийж суудаг гэдгийг мэддэггүй би бас харалган нөхөр байгаа биз. Үүнээс цаах нь бидний таван үеэрээ тахиж ирсэн Бух ноён, Бурхан баавай гээд манай нутгийн хайрханууд одоо хилийн цаана байдагдаа хэмээн шүүрс алдан ярьж суухдаа тахилч лам нүдэн дэх харууслаа нуугаагүй юмаа. Тэр ч байтугай одоо энэ Бүрэнхаан ууланд оросууд Христийн загалмайгаа бетондож орхисон байна лээ гэхдээ уурсаж байгаа нь харагдсан юм. Тэрээр манай төр хоймор нутгийнхаа энэ хайрханыг ядаж гурван жилдээ нэг тахьчихдаг бол зүгээр юм даа гээд шүүрс алдсым. Үүнийг сонсоод хэрвээ тэгдэг бол ядаж хил хязгаартаа ч гэсэн нэмэртэй юм даа гэсэн бодол хөвөрч суулаа. Ер нь бидэнд байгаль, эх дэлхий, хил хязгаараас өөр юу хэрэгтэй гэж . . .
Тахилгын ёслол дуусаад тахилч ламдаа эх нутаг, ард иргэд дээр нь бас өөрсдийнхөө сайн сайхныг даатгаад цааш хөдөлсөн бид 6 цаг давхиад Борсогын амыг даваад ирэхэд Хөвсгөл нуурын мандал дээр Сүхбаатар хөлөг биднийг хүлээн зогсож байх нь тэр. Уг хөлгийн болоод монгол улсын усан онгоцны цорын ганц ахмад нь Л.Бадамдорж гуай юм билээ. Хөлөг онгоцны захирал Үржинбадам эгч узелийн чанга яригчаар биднийг хүлээж байсан тухайгаа зарлаж мөн биднийг авчирсан жолооч нарт баярласан талархсаныг минь дамжуулж амжив. Хөлөг Хатгал тийш жолоо залан далайн чийглэг салхийг энгэр заам, дух магнайгаар сэнгэнүүлсээр хөдөллөө. Аялагчид маань хөлгийн тавцан дээр гарангуутаа ямар нэгэн их үйлсийн ард гарчихсан мэт баярлалдан хөөрч, зарим нь хөгжмийн аянд дуулалдан бүжиглэж, зарим нь бие биенийхээ хаягийг солилцож, зарим нь хамтдаа зургаа татуулж байлаа. Хэдхэн хоногт их л сүрхий дассан нь илт. Далайн усыг хага яран зүтгэх онгоцны хитэг дээрээс шингэж буй нарыг харж зогсоход цаанаа нэг уйтай ч юм шиг.
Хага ярагдсан ус цаашаа давалгаалан одох нь сэтгэлээс ямар нэгэн юм зулгаагаад зулрах шиг гунигтай. Эрэг дээр нь чимээгүйхэн суухад зөөлөн, зөөлөн бодлууд илгээдэг мөртлөө дундуур нь туучин зүтгэхээр ингэж их ярдаглан цамнадгийн учир юу юм бол? Магадгүй бид энэ далайтайгаа зөөлөн, зөөлөн харьцах ёстой юм байх аа даа . . .
Одоо бид 6-хан цаг давхиад Хатгал орно. Тэндээ нэгэн амралтын баазад хоноод өглөө эртлэн Улаанбаатар хотынхоо зүг яаравчлан хөдлөнө. Залуус шуугилдсаар байлаа. Элдвийн сугалаа, дуудлага худалдаа, зураг хөрөг гээд тэдэнд уйдах зав байсангүй. Зарим нь онгоцны энд тэнд зогсон элдвийг, магадгүй ирээдүйг хүүрнэлдэн явна. Зуны орой залуу улс юу эсийг ярихав дээ. Хөндлөнгөөс нь харахад ч гэсэн сайхан шүү дээ. Магадгүй тэд бүх амьдралдаа энэ аялалыг, бас нар ташсан энэ үдшийг мартахгүй ч юм билүү.
Хатгалын усан онгоцны буудалд ирэхэд аль хэдийн харанхуй болсон байв. Биднийг буунгуут “Хөвсгөл-Сант” амралтын баазынхан угтаж авсан. Хатгалаас тав орчим км зайд Хүзүүвчийн шил хэмээх газар байрлах уг баазад ирээд тэдний амрагчдын төлөө гаргаж буй сэтгэл зүрхийг гайхаж барахааргүй санагдсан. Ханхад хоносон баазтай харьцуулахад эднийх хүний төлөө гэдэг нь тохижуулсан байр сууц, хийсэн хоол унднаас нь бэлхнээ харагдана. Гадныханд зориулж л ийм их хөрөнгө гаргасан байхдаа гэж намайг хэлэхэд “Гадна дотныхон нь ялгаа юу байхав дээ. Ирж амраад л сэтгэл өндөр буцвал болох нь тэр. Ер нь бизнесийг хүний төлөө л хийж байж оршин тогтнодог гэж би ойлгодог” хэмээн ярих энэ баазын эзнийг Г.Мөнхбат гэдэг юм билээ.
Сүүлчийн өдөр буюу өмнийн тоосноос болгоомжил
Сайхан хоол идэж, усанд орж, зурагт үзсэн шиг амарсан бид өглөөний цайгаа уугаад автобусандаа суун хотын зүг жолоо заллаа. Аялалыг зохион байгуулсан Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалтын газрын дарга Л.Даваабаяр, хамт олныхоо хамт биднийг Хатгалын урд хяр дээр гаргаж өгсөн. Юугаараа баян түүгээрээ дайлна гэгчээр биднийг хоёр хайрцаг утсан загас өгч, сэржим өргөсөөр хоцорсон.
Төд удалгүй аялагчид маань бие биенийхээ мөрийг түшин унтацгааж эхлэв. Харин би автобусны цонхоор ширтэж явахдаа “Эх орныхоо хоймороос харахад үүдээр нь (Өмнөговь)
шороо тоос бужигнаж буй мэт сэтгэл төрж зүрх ихээхэн шимширсэн юм. Учир нь өнөөдөр үүдэнд бужигнаж буй тоос маргааш хойморт (Хөвсгөлд) сандчаах вий дээ” гэсэн зүрх шимшрүүлсэн бодлоо гэнэт саналаа. Ер нь бидний эко аялалын цаад үндсэн зорилго нь энд оршиж байгаа юмаа даа янз нь . . .

Түмэнбаярын Бум-Эрдэнэ 2011.06. 24 нд Хөвсгөлөөс УБ орох замд
Бүрэн эхээрээ...

Эх орны хоймор нутаг (Зураг)

14 Сэтгэгдэлүүд:


Өнгөрсөн 6 сард эх орныхоо хоймороор аялаад ирлээ. Энэ аялал нь ахин давтагдашгүй үзэсгэлэнт, өвөрмөц тогтоцтой, цэнгэг усны нөөцөөр арвин Хөвсгөл нуурыг машинаар, мориор, явганаар, усан онгоцоор бүтэн тойрон аялахаар төлөвлөгдсөн байв.
Аялалын багийхны хэсэг автобусандаа:

Майхнаасаа гараад ирэхэд цагаан манан үүгээр, түүгээр хурган майхныг, моддыг, цэцэгсийг, морьдийг, өөр хэн нэгнийг, бас намайг ч гэсэн тойрон эрхлэнэ. Бид яг тэнгэр газар тэврэлдсэн тэр савслаганд зогсож байна уу гэмээр санагдсан.

Үүр хаяарахтай зэрэг шөнөжингөө хэдэн зуун мянган дусалтайгаа гайхуулах гэсэн мэт шаагилдан байсан бороон дусал татарч, униар манан хөшилдсөн байлаа. Чийг. Анхны мэдрэмж энэ гэвэл хүн гайхах байх. Гэхдээ л майхан сав, гутал хувцас, модод, навчис, өвс, цэцэгс, агаар, тэр ч байтугай чулуу хүртэл чийгтэй байсым. Чийгээ дагаад сэтгэлд тийм нэг зөөлөн мэдрэмж хүн болгонд төрсөн байх. Бүгд л ам амандаа энэ өглөөний сайхныг магтацгаана. Далайн эрэгт очсон аялагч нар өөрт оногдсон сормуусаараа униар мананг сөхөн нуурын мандлыг ширтэцгээнэ. Яагаад ч юм надад яруу найрагч Цогдоржийн Бавуудоржийн
Эрдэнийн сормуусаа униарт дүрж унтах, адуу
Монголын их амар амгалан . . . гэсэн мөр санаанд орж байлаа.


Байгалийн сайхан яаж цогцлохоороо ингэдэг байнаа гэж шүүрс алдмаар сайхан байгаль ажээ. Нуурын хөвөөг дагасан хурц, хурц оргилтой, онь хэцээр нь цас хунгарлан харагдах хайрханууд байх хэдий ч энэ бүгдийг Далай ээж хэмээх энэ их усан ундаалж, уур амьсгалыг нь зөөллөж байдаг болохоор жинхэнэ төгс үзэсгэлэн бүрдсэн нь хатуу зөөлөн хослон байдаг орчлон гэдгийг харуулж байгаа нь тэр юм байхаа даа. Яг л бүсгүй ялдам ааль, эх хүний ачлал шингэсэн уярам сэтгэл уяраав уу гэлтэй.

Цэцэгс гэдэг газраар нэг, уулаар нэг, нугаар нэг, бүр байчихаад сэтгэлээр минь нэг зулаатай.

Хажуугаар өнгөрөх бүсгүйчүүд маань морьтойгоо цэцэгсийг, шингэж буй нартай нь цуг өшигчиж одох шиг харагдана. Надтай цуг явсан нэгэн залуу хайран цэцэг гишгэчээд хаячихлаа гэж харуусахад нь үгүй дээ тэд гишгэж байгаа юм биш тэдний гишгэсэн газраас цэцэг дэлгэрч байгаа юм гэж бодсон хэдий ч хэлээгүй. Магадгүй тэр үнэн голоосоо харамссан байж болно шүү дээ.

“Могой мод” гэж нэрэндээ таарсан мушгирч ургасан мод байлаа. Хүн бүхэн хүсэл мөрөөдөлтэй байж, түүнийгээ хаа нэгтэй билэгшээн шивнэдэг нь хүний тэр тусмаа монгол хүний нэгэн чанар болохоор энэ модонд олон хүн ирдэг нь түүнд өргөсөн хадаг яндар, өргөл барьцаас илхэн. Зүсэр бороо зүсэж уйлгансан үеэр ирсэн нь явуулын бидэнд улам ч ихээр итгэл үнэмшил төрүүлж, бүгд л ямар нэгэн юм шивнэцгээж байсым.

Яг далайн төвд "Модон хүй" хэмээх арал байх юм. Далай ээжийн хүйс гэлтэй

"Хадан хүй" хэмээх энэ арал дээр хавартаа 30 гаран төрлийн шувууд чуулан жаргадаг гэнэ

Аялагчид Зүрх Шарын даваан дээр явганаар гараад амарч суугаа нь

Зуны дунд сард цасан дээр үсэрч тоглоход яах вэ дээ . . .

Энд ер нь юм ургахгүй байхын арга алга. Аягүй бол долоо хоног хөдөлгөөнгүй зогсвол би ч гэсэн соёолж мэднэ шүү. Надтай төстэй ч юм уу хэ хэ

Ёроолынх нь чулууг, дээр нь хөвж яваа загас жараахайтай нь цуг тоолоход нэг их төвөг орохооргүй санагдана. Зарим нутгийн далай ёроолдоо хамаг нүгэл хилэнцээ нуучихдагийг би сонсож л байсан. Өөрийн нүдээр ч харсан. Гэтэл Монгол нутгийн энэ нуур нуух ёстойгоо ч нуудаггүй аж. Ийм усыг цэнгэг гэхээс ч яахав. Зүйрлэвэл хамгийн цайлган бүсгүйн гэнэн сэтгэл гэлтэй. . .

Байсан гэдгээ батлах гээд л . . .

Харин доод талын гурван зурганд тайлбар өгөхгүй. Та нар яг юу бодож байгаагаа үлдээнэ биз ээ. Ямар ч байсан миний сэтгэлийг хөдөлгөсөн болоод зургийг нь авсан байх
Нэг:

Хоёр:

Гурав:

Аян замын тэмдэглэлээсээ шууд copy хийсэн болохоор тайлбар тохироогүй байж мэднэ шүү
Бүрэн эхээрээ...