# #

Д.Хадбаатар. “Гэгээн Муза”-гаас төрсөн бараан бодол.

Бүтэн жил хүлээсэн ”Гэгээн Муза” наадам боллоо. Харамсалтай нь энэ жилийн наадам гэгээн бус сэтгэгдэл төрүүлэв. Ямар ч их улстөржилт, ямар их бялангачлал тэр тайзыг эзэгнэв ээ. “Алтан, ариун” гэж өргөмжилдөг театрын тайзан дээр согтуу хүн гарч ирэхийг үзлээ. Нөгөө үнэтэй туньтай шагналыг нь согтуу найруулагч солгой гартаа атгачихаад шүлсээ хаях нь халаг найгахыг хараад урлагийн ариун сүмийн өмнөөс гашуудав. Тэр найруулагч мундаг байж болно. Бас театраа, жүжигчдээ, ерөөсөө урлагийг огт хүндэлдэггүй байж болно. Үзэгчдээ, театрт хайртай мянга, мянган хүнийг үл хүндэтгэсэн ёс зүйгүй авир гаргахыг хараад харамсав. Халаглав. Бялангачлалын тухай хэлэх ч үг алга. Баатар найруулагч шагналаа гардаж аваад тайзан дээр толгой нь эргэсэн үү яасан нүдээ анин хэсэг зогсов доо. Тэгээд нүдээ нээтэл хэн харагдсан гээч. Соёлын сайд, газрын дарга хоёр нь. Эрүүл, согтуудаа нэг л зантай, хэнд ч хэлье гэснээ сийхгүй хэлчихдэг найруулагчийн нүдэнд тэрхүү баярт мөчид нүдэнд нь сайд харагдана гээд бод доо. Энэ өөрөө хамгийн том эмгэнэл, хамгийн том парадокс байхгүй юу. Улстөрөөс, ялангуяа даргаас хамгийн ангид байх ёстой салбар, ариун талбар бол урлаг юм. Өнөөдөр бидний худалдаж авсан зүсэм талхнаас эхлээд үмх маханд хүртэл улстөр шингээстэй хачин гажиг тогтолцоон дунд бид амьдарч байна. Ядаж урлаг нь энэ бүхнээс ангид байя л даа. “Загас толгойноосоо өтжээ” л гэж бодогдсон. Шоглоод хэлэхэд, Баатар найруулагч арай л дутуудуулсан юм. Тайзан дээрээс дарга харангуутаа уйлсан бол бүр илүү драмтай харагдахгүй юу. Даанч тархи толгой нь дайвалзаж, нүд нь эрээлжлээд нулимс нь гараагүй байх л даа, хөөрхий.
Найруулагч Найдандорж бүр юу гэв ээ. Үзэгч олон, ард түмний өмнөөс сайддаа баяр хүргэе гэнэ үү. Мөрөөрөө яваа олон түмний нэрийг барьж сайдад баяр хүргэдэг хэн бэ, тэр хүн. Өөрөө зулгуйдах мөрөөрөө зулгуйдахгүй. Ёстой гутах шиг боллоо. Нийгмийн арай гэгээтэй хэсгийг төлөөлж байгаа хүн шүү дээ. Бас найруулагч гэж байгаа. Нэг ёсны нийгмийн сэтгэлзүйн эмч, домч ухаантай юм. Моралийн хувьд Найдандорж найруулагч одоо энэ амнаасаа бурхан гаргаад байгаа хүүхнээс ялгаагүй авирлана лээ. Сайд, даргад юуны буруу байх вэ, манай урлагийн хэд л урдуур нь бөнжигнөж гүйгээд сүйд. Ядахад театрын тухай дуу дуулсан хоёр гавьяат дарга нарын гар хөлийг илээд байв уу, яав тэр богинохон давчуу хугацаанд. Товчхондоо бол, драмын театрын даргын төлөөх далд өрсөлдөөн хөшигний ард хэдийнэ эхэлчихэж л гэж ойлгогдсон. Тэгээд л манай хэдэн найруулагч хоолой нь сааралтаад, уйлан дуугараад дээшээ хайр зарлаад байсан байх. Уг нь тэд өөрсдийгөө хамгийн шулуун шударга хүмүүс гэж нэрлэдэг юмсан. Манай урлаг хэдийдээ ингэтлээ даргад долигоносон, зулгуй хүмүүсээр дүүрчихэв ээ. Шулуухан хэлэхэд манай драмын урлагийн өнөөгийн өнгө төрхийг ийм бялангач байдал ямар их доош нь хийж байна вэ? Жүжигчид баян тарган хүмүүс биш нь үнэн л дээ. Гэхдээ энэ нь урлагийн ариун, эрхэмсэг нэр хүндээр даргын гутлын шороог арч гэсэн үг биш билээ.
Наадмын шалгуурын тухайд бол үнэндээ бантан болжээ. Тамир гэж хүүд “Гэгээн Муза”-г дагалдуулан соёлын яамны шагнал гардууллаа. Наадмыг зохион байгуулагч С.Сарантуяагийн хүү л дээ. Ээжийнхээ зохион байгуулсан наадмаас хүү нь шагнал авч болохгүй гэсэн хууль Монголд байхгүй. Гэхдээ тэр хүү үнэхээр энэ шагналыг авахаар ур чадвартай юу, бусад жүжигчдээсээ товойж тодорсон авьяастан мөн үү гэдэг эргэлзээтэй. Уг нь урлагт арын хаалга байдаггүй л гэж ярьдаг юм билээ. Хүүгээ урмыг нь сэргээж, авьяасыг нь хурцлахаас илүүтэй хорлож байна уу л гэж санагдсан. Тээр жил ардын уранзохиолч Бавуугийн Лхагвасүрэн “Болор цом”-ын ерөнхий шүүгчээр ажиллаж байхдаа хүү Хасарыгаа түрүүлэх даваанаас хасчихаж байсан. Харгис хатуу юм шиг хэрнээ их холыг харсан ухаан байж дээ гэж цаг мөч улирах тусам бодогддог юм. Бас нэг анзаарагдсан зүйл гэвэл наадмын зохион байгуулагчдын зүгээс “Гэгээн Муза”-гийн шалгаруулалтын төрлийг жил бүр шахам л хөдөлгөж, нэмж хасч өөрчилсөн байдаг. Наадамдаа гэхээсээ илүүтэй, шагнуулах хүндээ зориулан хийдэг энэхүү “засвар” арга хэмжээг улам бүр ойлгомжгүй болгодог юм. Драмын урлагийг гадарладаг хүнд бол “Гэгээн Муза”-гийн шалгаруулалтын төрөлд тухайн жилд ямар өөрчлөлт орсноор нь хэнийг шагнах гэж байгаа нь ойлгомжтой байдаг гэж ярьдаг юм билээ. Үнэн бол харамсалтай л юм.
За, тэгээд нөгөө домог шиг яригдсан, 30 жилийн дараа тайзнаа дахин амилсан “Гамлет”-ийн найруулагч Наранбаатарт хүүхэд чихрээр хуурч байгаа аятай шүүгчдийн нэрэмжит шагнал гардууллаа. Наранбаатар тэр шагналыг хүүхдээрээ авахуулсан нь ч болсон юм. Сүр дуулиан, жүжгийн өөрийнх нь чансаа, найруулагч, жүжигчдийнх нь ур чадвар, оролцсон хүмүүсийн хүрээ, үзэгчдийн тоо, тасалбарын үнэ гээд аль ч утгаараа энэ жилийн аварга бүтээл бол “Гамлет” байлаа. Энэ жилийн шилдэг найруулагч бол маргаангүй Наранбаатар байв. Үнэндээ хэлэх үг олдсонгүй. Найруулагч Наранбаатарын хувьд театртаа, Ерөнхий найруулагч гэсэн албан тушаалдаа “Орших уу, эс орших уу” гэсэн асуултыг тайзны ард өөрөө өөрөөсөө асуугаад зогсч байсан дүр зураг яагаад ч юм нүдэнд харагдаад болдоггүй. Өмнөх жилүүдийн “Гэгээн Муза” наадмын шалгаруулалт арай л ханатай болдог байж дээ. Аливаа хиймэл, хуурмаг гял цал зүйлс нүд хуураад өнгөрдөг ч сэтгэл хуурч чаддаггүй. Тийм аяглалтай нүүр тулсан хүн баярлахаасаа илүүтэй гомдол тээгээд үлддэг. Тийм л сэтгэгдэлтэйгээр жилдээ нэг удаа болдог театрын хамгийн том баярыг үзнэ гэж төсөөлсөнгүй.
Тайз баярлуулах учиртай олон улсын театрын өдөртэй давхцан буй энэ наадам жүжгийн зохиолчоо үл хүндэтгэдгийг бас мэдрэв. “Бид жүжиг хиймээр байна, сайн бүтээл гаргамаар байна. Зохиол алга” гэж цээжээ дэлддэг театрынхан жүжгийнхээ зохиолчийг хүний тооноос хасчээ. Японы алдарт “Гэнжийн туульс” романаас сэдэвлэн Б.Галааридын бичсэн “Эсрэг дурлал” жүжгийг Найдандоржийн найруулгаар тавьж бараг зохиолчоос бусад нь шагнал авлаа. Шагнал нь яах вэ, жүжгийн зохиол болгож бичсэн хүнээ ядаж нэрийг нь дурдалгүй өнгөрч байгаа нь бүдүүлэг хэрэг юм. Энэ үл тоомсорлол ганцхан жүжиг дээр, зөвхөн Б.Галааридад ч тохиолдож байгаа хэрэг биш. Ерөөсөө Монголд сайн зохиол байдаггүй гэж үргэлж цээжээ дэлддэг тухайн найруулагчийн санаатай үйлдэл гэж тайлбарлахаар байгаа юм. Ер нь Монголд Б.Мөнхдорж нарын цөөн хэдхэн найруулагчийг эс тооцвол бусад нь бүгд л “би”- гээр өвчилсөн, зөвхөн өөрийгөө өргөмжлөн магтах дуртай, агуу ихийн дэмийрэлд автсан хүмүүс байдаг. Зүйрлэвэл, “Эсрэг дурлал” жүжиг нь морьгүй хүүхэд давхиж ирээд улсын наадмын түрүү авчихаж байгаатай агаар нэг юм. Жүжгийнхээ зохиолчийг наадамдаа ч уриагүй юм гэсэн. Урих эсэх нь тэдний хэрэг, асуудлын гол нь жүжгийн сайн зохиолч Монголд байдаггүй гэсэн найруулагчийн, театрын зарим нэг хүмүүсийн үг хэл, үзэл бодлын илэрхийлэл өдгөө манайдаа ганцхан байдаг ариун сүмийн цаашдын хөгжил, уран бүтээлийн чадал чансаа, шинээр төрөх олон сайхан зохиол хийгээд зохиолчдын урам зоригийг бөхөөж байгаад л гол аюул нь оршино. Театр сайн зохиолгүй, зохиолчгүй, жүжигчингүй, тайз засалч, зураач, хөгжмийн зохиолчгүй зөвхөн Найдандорж шиг, Баатар шиг сайн найруулагчийн буянд л хөл дээрээ тогтдог юм гэж үү? Үгүй байх гэж бодож байна.
Олон улсын тодотголтой энэ удаагийн наадамд гаднаас хоёр хүн ирсэн байв уу, яав. Ингээд л олон улсынх болчихож байгаа юм. Ер нь иймэрхүү нүд, чих хуурсан наадмууд шил шилээ даран сүр дуулиан болон хөөсөрч, улам бүр түгэн дэлгэрч буй нь харамсалтай. “Гэгээн Муза”-г ийм наадмын нэг биш байгаасай гэсэн сэтгэлээр л энэхүү шүүмжийг бичиж байна.
Би бол үзэгч. Гэхдээ шударга үзэгч. Театрын унах, босохыг үзсэн, энэ урлагийг үргэлж дэмждэг мянга мянган үзэгчийн нэг. Театр маань Муза нэртэй гялгар цомоо түгээх гэж ямар их сүр дуулиан болдгийг мэдэхийн хувьд жүжигчидтэйгээ хамт догдолж суудаг тийм л үзэгч. Би драмын урлагт хайртай. Их олон сайн жүжигчин, дэндүү олон сайхан дүрүүд одоо ч миний зүрх сэтгэлд хадгалаастай, амьд халуунаараа бий. Харин урлагийн бурхад маань, энэ ариун сүмийн эзэд өөрсдөө урлагаа хайрлахгүй байгаа нь миний сэтгэлийг шархлуулж байна.
“Драмын мэргэжлийн жүжигчдийн төв” нэртэй театрын дэргэдэх төрийн бус байгууллага энэ наадмыг зохион байгуулдаг. Нэгэнт мөнгө санхүүг нь өөрсдөө олдог юм чинь бодлогыг нь бас атгана. Энэхүү шагналыг УДЭТ энэ жил найм дахь удаагаа авч байгаагаа Цэрэнсамбуу дарга гайхуулаад амжив. Өөр өрсөлдчихөөр театр гээд байх юм байхгүй газар чинь одоо өөрсдөө л аваад байлгүй яав л гэж. Тэгээд ч наадмыг зохион байгуулдаг “Драмын мэргэжлийн жүжигчдийн төв” нь театрынхаа дэргэд байдаг юм чинь. Өөрсдөө санаачлаад, өөрсдөө мөнгөө олоод, өөрсдийгөө найман жил дараалан шагнана гэдэг нөгөө баян хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү гэдэг шиг дурын л хэрэг. Гэтэл энэ мэт наад цаад учир жанцан, наадам тойрсон бантан, балгийг нь мэдэхгүй, мэдээлэл тааруу иргэд улс орон дамнасан сүртэй том наадам боллоо гэж ойлгож, үнэхээр мундаг улсууд нь шагнал гардлаа гэсэн бодолтой үлддэг.
Ийм л театрыг цөөн хэдхэн хүн ард түмний нэрийн өмнөөс өмчилж, үзэгчдийн хүсэл сонирхлыг үл харгалзан нэр алдар булаалдсан талбар болгон ашиглаж байна. Зохиол байхгүй гэж халаглана. Өч төчнөөн мөнгө ярьж толгой сэгсэрнэ. Зохиолчийнхоо хөдөлмөрийг үл тоомсорлон, хөлс хүчээрээ босгосон алдар гавьяаг нь өөрсдөө алтан титэм болгон углаж орхиод, тайзан дээрээс гургалдайн дуугаар шударга үнэний тухай, урлагийн мөн чанар, ариун сүм, алтан тайзны тухай цээж дэлдэн ярих нь ичмээр, бас гутмаар. Эцэст нь хэлэхэд, би театрын шүүмж судлаач, ямар нэг мэргэжилтэн бус. Энгийн л нэг үзэгч. Жүжиг бүрийг алгасалгүй үзэж, жүжигчин бүрийн тоглосон дүрүүдийг арьс, махаараа мэдрэх шахдаг жирийн л нэг театрт дуртай иргэн. Хэн ямар жүжигт тоглож, хэн нь дүрээ илүүтэй товойлгон гаргасныг тэр театрынх нь даргаас илүү мэднэ гээд хэлчихэд хилсдэхгүй биз. Гэвч олон олон шагнал нүдээ үл олов. Олон олон авьяастнууд лобби, бялдуучлал хоёрын ард гонсгор үлдэв үү гэж бодогдоод байна. Наадам, шагнал яах вэ, гол нь урлагаа, түүнийхээ хөгжлийг хөлдөө чирмээргүй байна. Хэдий ийм боловч, театраа хүндэтгэж, тайзан дээр, тайзны ард амьдралаа өнгөрүүлж байгаа олон олон уран бүтээлчдийг хүндэтгэх сэтгэлийг минь нэг удаагийн наадам бусниулж чадахгүй л болов уу. Монгол ёсоо бодоод энэ жилийн наадам сайхан боллоо гэж хэлье дээ. Тэр нь их цөөхөн хүний хувьд шүү.

Д.Хадбаатар

6 comments:

Anonymous said...

өөрийн чинь пост юм байх л гэж бодлоо. уншигчидаа төөрөлдүүлэхгүйн тулд зохиогчийн нэрийг дээр нь бичнэ үү. энэ нь арай соёлтой биз.

Бум said...

Анон: За тэгье

Anonymous said...

зооз ийм юм болсийн бий

Anonymous said...

Баатар найруулагчтайгаа бараг адилхан юм биш үү Хадбаатар гэдэг хүн. Сэтгүүлчдийн эвлэлийн даргаа зусардах гэж байж ядахдаа шүүмж бичиж байгаа л санагдлаа

Arsun said...

Жүжгийн зохиолыг нь бичсэн хүнийг дурддаггүй, сонин юм. Юм үнэнээрээ л сайхан.

Anonymous said...

Which is aωеsome infοrmation Andy, glad to heаr you've managed to utilize e cigs rather than cancer stays. I've ѕimplу no illusiоns that electronic cigarettes
are a health product but comρаred to the risks posed bу tοbacсo рroductѕ
they hаve tο be describеd as a better choicе.


Also visit my blog: http://www.tchat-f.org/JWHAnna