# #

Б.Цэцэнсод. "Модон цэргийн түүх" (өгүүллэг)

4 Сэтгэгдэлүүд:

Нарс модны үнэр ханхалсан орхигдсон байшинд хэт том хүрэн царсан ширээ, түүнээс дутахааргүй том тас хар өнгөөр будсан сандал, хананд өлгөөтэй сахалтай хүний хөргийг эс тооцвол энд өөр юу ч байхгүй.

Царсан ширээн дээр эгнэн жагссан өөр хоорондоо яг ижил нэлээд хэдэн модон цэргүүд байх бөгөөд тэднийг урласан мужаан нь мартчихсан юмуу эсвэл залхуу нь хүрсэн үү бүү мэд/нэгээс бусдад нь/ гарт нь ямар ч буу үзэгдэхгүй бөгөөд тэднийг зөвхөн өмссөн малгай, дүрэмт хувцсаар нь л цэрэг гэж танихаар ажээ. Харин сайн ажиглаваас тэд бүгд хөл, гар, чих, нүд, хамартай ч зөвхөн амгүй бүтээгджээ.

Жагссан цэргүүдийн урд талд гартаа буу барьсан цорын ганц эрхэм ямар нэг зүйл хэлэх гээд чадахгүй буутай гараа дэмий л савчуулна. Учир нь түүнд ч бас ам байхгүй. Түүний юу бодож, юу ярьж байгааг хэн ч сонсохгүй мөртлөө бүгд л толгой дохин хүлээн зөвшөөрнө. Модон цэргүүд түүний нүд рүү эсвэл гар луу биш зөвхөн гартаа барьсан буу рүү нь нүд салгалгүй ширтэнэ. Магадгүй буутай эрхэм амгүй гэдгээ мэддэгүй ч байж болох юм.

Тэр бусдаас арай өөр өнгөтэй ажээ, бусад модон цэргүүдийг зүлгүүрдчихээд будаагүй байхад яагаад ч юм түүнийг будаад гарт буу бариулсныг үзэхэд модон цэргүүдийг урласан хүн түүнд арай их цаг зарцуулжээ...

Буутай эрхэм гараа савчуулсаар ядарсан бололтой гараа буулгаад хананд өлгөөтэй сахалтай хүний хөрөг рүү цоо ширтчихэв. Тэр өөрийгөө түүнтэй харьцуулж байгаа бололтой толгойгоо, нүдээ, хамраа тэмтэрч үзсэнээ ам байхгүйгээ мэдсэн бололтой ихэд уурсан урьдын адил баахан гараа савчууллаа. Удалгүй тэр нэг зүйл сэтгэсэн бололтой түүнийг гараа савчуулаад зогсож байхад үргэлж л хүлээн зөвшөөрөн толгой дохиж байдаг нэг цэргийг гарган түүний гарт /хаанаас олсоныг бүү мэд/ жижигхэн хадаас өглөө. Тэр хамрын доод хэсэг рүү болон хөрөг рүү заагаад ямар нэгэн зүйл ойлгуулах гэж ядна. Цэрэг ч учрыг ойлгохгүй баахан мунгинсанаа сая л нэг ойлгов бололтой түүний хамрын доод хэсэгт хөндлөн зураас татлаа.

Одоо орхигдсон байшингийн нам гүм байдал үгүй болж ганцхан хүний дуу хадах боллоо. Харин түүний буутай гараа савчуулах нь өөрчлөгдсөнгүй. Тэр өдөржингөө өөрийн бууны хүч чадлын тухай болон бусад хүмүүсд ам хэрэггүй тухай номлоно...

Буутай эрхэм ширээний хажууд байрлах сандал ширээний тавцангаас нэлээд доогуур байсныг өөрийн хэмжээнд үл таарна хэмээн үзэж сандлыг ширээн дээр гаргаж түүн дээр сууна.

Тэр сандал түүнд дэндүү томджээ.

Энэ байдлаар нэлээд хугацаа өнгөрлөө. Цэргүүдийн дохион зангаагаар ойлголцох чадвар ч нэмэгджээ. Нэгэн шөнө зальжин нүдтэй нэгэн цэрэг бусдыгаа уриалан цуглуулав. Тэд дохио зангаагаар ярьж байсан болохоор буутай эрхэм сонссонгүй, учир нь тэр ширээнээс дэндүү дээр заларсан билээ.

Зальжин цэрэг дохио зангаагаар бусаддаа ийн ойлгуулав.

Буутай эрхэм биднийг дэндүү дарангуйлж байна, түүний бууг нь булаан авах хэрэгтэй, тэр буугүйгээр юу ч биш, Та бүхэн надад туслах ёстой, Хэрвээ та бүхэн надад тусалбал би бүх цэргүүдэд ам зорж өгөөд, дуртай өнгөөр чинь будах болно хэмээн амлав. Цэргүүдийн ихэнх нь үүнийг дэмжив. Харин цөөн хэдэн цэрэг түүний сүр хүчинд итгэсээр байлаа.

Ингээд нэгэн өдөр “Буу булаах” ажиллагаа явагдав. Буутай эрхмийн гараа савчуулан, сүр хүчийн тухай номлолоо айлдаж байх тэр агшинд тэд бүгд зэрэг дайран түүнийг унагалаа...

Жагссан цэргүүдийн урд талд зогсох зальжин эрийн гарт буу мөн жижигхэн хадаас харагдана. Ширээн дээр байсан сандлыг буулгасан бөгөөд буутай эрхэм/одоо буугүй болсон/-ийг сандлын хөлд хүлжээ.

Тэр амласан ёсоор бүгдэд нь ам зорж бас олон өнгийн будаг олж өглөө...

Ягаан, улаан, хар, цагаан гэх мэт төрөл бүрийн өнгөтэй цэргүүд зогсоо зайгүй шулганалдана. Урьд ганц хүн ярьж түүнийг хэн ч сонсдоггүй байсан бол одоо бүгдээрээ ярьж хэн ч хэн нэгнээ сонсохоо больжээ. Гэхдээ буу зальжин цэргийн гарт байсан хэвээр байлаа...

Хэдий хугацаа өнгөрснийг бүү мэд нэгэн өдөр буун дуу тасхийлээ. Бүгд цочирдон буун дуу гарсан тэр зүг рүү харвал, гартаа буу барьсан цэрэг зальжин инээмсэглэн зосох бөгөөд урьд өмнө дуулдаж байгаагүй өндөр дуугаар ийн өгүүлэв.

Бид бүгд дэндүү их ярьж байна, хэн нэгэн удирдах ёстой юм байна. Би... би өнөөдрөөс Та бүхнийг удирдах болно хэмээн гараа савчуулан хэллээ...

Цэргүүд урьдын адил нэгэн эгнээнд жагсана. Тэдний урд талд буу барьсан зальжин цэрэг зогсох бөгөөд тэрээр өөрийгөө Цэрэг гэж дуудахыг хориглон “Эрхэм”-ээ гэж дуудахыг санал болгов. Цэргүүдийн зарим нь дэмжин алга ташихад цөөхөн хэд нь эсэргүүцэв. Шинэ буутай эрхэм тэдгээр цөөн цэргүүдийн амыг нь цаасаар хаах тушаал гаргалаа.

Яагаад гэвэл тэд дэндүү их ярьж байна гэж үзсэн учраас...

Одоо байдал өөр болжээ. Нэг хүн ярьж бусад нь сонсохгүй биш, бүгдээрээ ярьж бусад нь сонсохгүй биш, нэг хэсэг нь ярьж бусад нь сонсохгүй болжээ.

Буутай Эрхэм нэг шийдвэр гаргалаа... буулгасан сандлын дахин ширээн дээр тавьж түүн дээр зөвхөн цаасаар амаа таглуулаагүй цэргүүд амьдрах эрхийг олголоо.

Тэр сандал тэдэнд дэндүү томджээ...
Бүрэн эхээрээ...

П.Батхуяг: "Атаархлаас хол . . . (Эссэ)

4 Сэтгэгдэлүүд:

Жинхэнэ "Амь"-тай эссэ,

АТААРХЛААС ХОЛ...
/hybrid essay/ ААВ Д.ПҮРЭВХҮҮГИЙН ГЭГЭЭН ДУРСГАЛД ӨРГӨВ.

Оргүй хоосон дотор ч ямар нэгэн дуу чимээ оршиж байна. Оргүй хоосон гэдэг ердөө доторхоо маш чанад нууж чадсан зүйлсийг хэлдэг ажээ. Тийм зүйлс бидний амьдралд элбэг бус учраас л тэдгээрийг ер бусын “гайхамшиг” мэтээр бишрэн шүтэх нь түгээмэл. Угтаа бол хамгийн энгийнээс энгийн, хамгийн ойлгомжтойгоос ч ойлгомжтой зүйл байж болно. Түүнтэй адил “ҮХЛИЙГ” бид дэндүү өргөмжилсөн учраас олон хүнд “аймшиг” мэтээр төсөөлөгдөх болсон юм. Гэтэл “ҮХЭХ” гэдэг магадгүй хамгийн энгийн, зүгээр л нүдээ аних шиг зүйл байхыг үгүйсгэхгүй. Эсвэл шүлсээ хаях шиг хялбар зүйл ч юм билүү? Их л бүдүүлгээр тооцоход “АМЬДРАХААС” л лав хүнд зүйл гэж би хувьдаа ойлгодоггүй.
-Хүү минь, амьдрах одоо чиний яриад байгаа шиг тийм амар зүйл ч биш дээ? Эр хүн юу эсэхийг үзнэ гэх вэ? АМЬДРАЛД. Гол нь ямар ч үед нэг л зангаараа байх хэрэгтэй дээ? Өгсөж уруудах аль ч цагт. Тэр л эр хүнд чухал юм билээ?
-Аав, өөр чухал зүйл юу байна.
- ХАЙРЛАХ. Бусдыг өр зүрхнээсээ хайрлалгүйгээр чи хэзээ ч аз жаргалыг мэдрэхгүй. Энэ аавынх нь үг биш л дээ? Оюутан байхдаа нэг номноос уншиж байсан юм. / тамхи гаргаж асаагаад /
-Даанч өөрийгөө хайрласаар яваад дуусдаг нь олон юм. Өөр бас нэг юм байна.” ҮЗЭН ЯДАХ”. Чи үзэн ядахыг таньж мэдэхэд энэ амьдралдаа хэдий олон цаг зарцуулна. Төдий чинээ ямар ч үр бүтээлгүй өнгөрүүлнэ. /инээснээ/ Энэ бас л аавынх нь үг биш номноос уншсан юм.
- Ямар номноос.../ шүлэг бичдэг жижигхэн дэвтрээ өврөөсөө гаргаж, номын нэр бичихээр.../
-АМЬДРАЛ. Зохиолчийнх нь нэрийг хэн ч санадаггүй юм.
Зуны нов ногоон хөндий, уул толгод, байлдааны ГАЗ-66 машины хүчирхэг мотор хүнгэнэнэ. Борооны түрүүч алсын ууланд цайрч, машины цонхон дээр ганц нэг дусална. Аав минь хажуугийнхаа цонхыг ялимгүй доошлуулж, тамхиныхаа ишийг шидэж орхив. Зүүхэнтээ нуурын захад хэдэн адуу өвс хазлан зогсох харагдана. Амьдрал ямар үед сайхан бэ? Ямар үед хамгийн хэцүү төвөгтэй вэ? Хариултыг нь хүн насаараа хайсаар ололгүй буцдаг бололтой. Буцдаг гэснээс ирсэн газар руугаа буцах, тэгвэл хаанаас ирээд хаашаа буцдаг байж таарах вэ? Заримдаа “АМЬДРАЛ” төгсгөлгүй үргэлжлэл мэт санагдах, үгүй бол бүгд төгсгөл мэт санагдах нь хамаг эргэлзээний эхлэл. Ер нь оргүй хоосны тухай бодох “БОДОЛ” ч мөн адил оргүй хоосон юм.
-ШУДАРГА. Манай удмыханд энэ үг хамгийн чухал шүү. Шударга амьдрах их хэцүү л дээ? Заавал ямар нэгэн золиос шаарддаг юм. Зарим нь чамаас ”чи шударга амьдралаа гээд юу хожив” гэж асуух үе ч бий. Тийм үед өөрөө бодож олсон бэлэн хариулттай л байх хэрэгтэй дээ? Ам асуух хүн дайснуудаас чинь биш харин ч итгэлтэй дотно нөхдөөс чинь гардаг юм даа? Энэ АМЬДРАЛ уу?
-Яагаад заавал манай удмынханд гэж. Тийм хэцүү юм бол шударга амьдрах хэрэг байна уу? Хожим ам асуух хүмүүст хэлэх “ҮГ” олдохгүй бол яана.
- /их л янзгүй харснаа/ Хожим өөрөө л шийдэж дээ? Хүү минь. Хэн болж юу хийж явахаа. Тэгээд ч чиний яаж явахыг би харахгүй л дээ?
Замын хажууд зориуд босгосон ганц шон харагдана. Орой дээр нь сар шувуу сэм суужээ. Саяхан үүгээр мотоциклтэй хүн явсан бололтой, дугуйнх нь мөр их л тод харагдана. Бороон дунд хоёр гэр цайран байна. Одоо гэрт сэрүүхэн, зууханд хуурай аргал дүрэлзэж байгаадаа хэмээн төсөөлөхөд даарч байснаа мартаж дулаацах шиг болно. Аав минь дахин нэг тамхи гаргаж асаагаад шуналтайгаар соров. Бүх юмс зөвхөн “ЦАГ ХУГАЦААНД” үлджээ. Дурсамж бол гүн ухаанлаг төсөөллөөр ердөө л цаг хугацаа ажээ. Үхэл ч бас цаг хугацаа байхыг үгүйсгэхгүй. Олон дүр төрх, зан араншин, үзэл бодол, хүсэл мөрөөдөл цаг хугацаа нь дотор хадгалагдан үлдэнэ. Юуг нь ч устгаж болдоггүй “ЦАГ ХУГАЦААНЫ ФАЙЛ”-ыг хамгийн энгийнээр АМЬДРАЛ гэж үздэг ч байж болох юм.
-Яагаад харахгүй гэж. Үр ачаа үзэж өндөр наслах сайхан шүү дээ? Та эмээгийн ярьдгаар “муу амлалаа”, муу амлах ч муу даа?
-Хүү минь, хүмүүс амьдралын олон зүйлийг ойлгодог. Бас олон зүйлийг хагас дутуу ойлгодог. Түүнээс ч олон зүйлийг огт ойлгодоггүй. Аав нь энэ амьдралаас ганцхан зүйлийг сүүлийн үед сайтар ойлгоод байгаа юм.
-Юуг.../гайхан харна/
-Богино наслахаа. /санаа алдав/
Зуны үдшийн сэрүүн эргэн тойрныг нөмөрчээ. Машинаас буугаад хоёул майхнаа босгов. Гал асааж, тогоонд гоймонтой шөл буцална. Шаазан аягатай халуун хоол гар түлэх шахсанд сандран тавих газар хайваас, аав их л янзгүй хамраа үрчилзүүлж,” бариад идээч” гэв.
-Гар түлэх нь гэсэнд:
-Эр хүний амьдралд ширээтэй өдөр дандаа тааралдаад байдаггүй л юм даа? Хоолтой өдөр ч тааралдахгүй байж мэдэх юм шүү. Гар түлэгдэх яах вэ? Сэтгэлээ түлчихсэн эрчүүд л хэцүү санагддаг юм.
-Сэтгэлээ түлэхээ...
-/толгой дохиод/ Тиймээ. Сэтгэлээ түлэх...
Шөнийн тэнгэрт түг түмэн одод, түүнээс ч олон –ОДОД
Шүлгийн содон мөрүүд шиг гялалзаж харагдана.
Аясын салхи, замын дэргэдүүр явган гүйгээд
Амьдрал амсхийлт, агшин төдий, зуурдын явдал мэт санагдана.
-Аав, аа. Амьдралдаа ганцхан зүйл өөрчил гэвэл та юуг өөрчлөх вэ? Майхны үүдээр саран шагайна. Тэртээд нохой хуцах бүдэг бадаг дуулдана. Бодвол ойрхон айл байгаа бололтой. Аавын зүгээс тамхины, орос машины, бензин тосны тааламжтай содон үнэр салхиар ирнэ. Хэсэг чимээгүй байснаа:
-Чам шиг дэмий балай шүлэг бичиж явсан үеээ гэв. Би дотроо тэрхэн зуур маш ихээр гомдов. Шүлэг бичих дэмий балай явдал гэж үү? Сонин юм. Яагаад ч шүлэг бичих дэмий зүйл биш. Хорвоо дээрх хамгийн утга учиртай зүйл бол шүлэг бичих.
-Яагаад шүлэг бичих дэмий балай явдал гэж.../хүд, хүд инээх дуулдаж/
-“АТААРХАЛ”-аас хол амьдармаар санагдах цаг миний хүүд ирж мэдэх л юм. Тэгвэл шүлэг бичиж явсан он жилүүддээ харамсвал яана.
-Хэзээ ч үгүй. Би л лав харамсахгүй. Харин ч баярлаж бахдах болно. Тэгээд ч би заавал зохиолч болно. Тийм итгэлтэй, ямар ч эргэлзээгүй хэлсэнд минь эргэлзсэн байдал аавын минь царайд тодорсон байж таарна. Өмнө нь намайг нэг удаа тэгэж “тэнэглэхэд” минь царай нь их л арга барагдсан байдалтай харагдаж билээ.
-“АТААРХАЛ”-аас хол амьдрах хэцүү болов уу?
-Аав нь бусдыг атаархуулж амьдраагүй учраас сайн мэдэхгүй юм. Гэхдээ мэддэг хүмүүс нь их л хэцүү гэх юм билээ. Атаархлаас хол амьдаръя гэвэл хүмүүсээс хол амьдрах хэрэгтэй болох байх даа. Хүмүүсээс хол амьдраад хүмүүсийн тухай бичиж болох уу?
Зуны шөнө богинохон. Майхны хаяагаар гэгээ татжээ. Уулсын сүглэгэр сүүдэр голоор уруудаад аварга амьтад усанд цувж яваа мэт харагдана. Голын тохойд галуу гоог гоог дуугарна. Бодвол хар галуу л байж таарна. Хүн гэдэг хөл гартай “ХҮСЭЛ” юм шиг санагдана. Бөв бөөрөнхий ХҮСЛҮҮД л хүлэг морьд мэт уралдаж байдаг өрсөлдөөний “ЗАМ” амьдрал юм гэж үү? Замдаа бие биенийгээ атаархаж тангаралдана. Онцгүй юм. Хэрэв тийм аймаар уралдааны ”ЗАМ” юм бол нэг их олон жил АМЬДРАХ ХҮСЭЛ надад л лав төрөхгүй.
Яг жинхэнэ түүх бол өөр л дөө? Арван долоон жилийн өмнө 10 сарын 12-нд орчлон дээр аавгүй болж, амьдрал хагацлын тухай жинхэнээсээ анх удаа бодож эхэлсэн юм. Түүнээс хойш яг жилийн дараа 12 сарын 10-нд охинтой болж, би өөрөө аав болоод АМЬДРАЛ гэдэг сурах бичгийн хоёрдугаар бүлгийг уншиж эхэлсэн билээ.
ОДОО Ч ААВААСАА “АТААРХЛААС ХОЛ СУУХ САЙХАН БАЙНА УУ” ГЭЖ АСУУДАГ Ч ХАРИУЛТ НЭГ Ч СОНСООГҮЙ, ЭЭ.

ГАРЦААГҮЙ ПҮРЭВХҮҮГИЙН БАТХУЯГ
2013-10-12
Бүрэн эхээрээ...

Мягмар гаригийн монологи

5 Сэтгэгдэлүүд:

Утас дуугарч байна. Авлаа

- Байна уу? Бумбаарай юу? Оххом! (хоолой засах авиа) Гангаа нь байна. Тийн. Танай контейнерийн түлхүүр танайд бий гэнэ. Ганхавх байна. Ах нь офицерүүдийн ордны зүүн талд . . . тэгээд танайхан сайн биз? Оххом! түлхүүр нь байвал хоёр ширээ хэрэг байна. Миний хүүгийн ажил нь . . . ах нь энд нэг өрөө түрээслээд, түлхүүр чинь танайд байгаа биз дээ? Ах нь уншиж байгаа. Муу аав нь байсан бол . . . даанч зав гарахгүй юм. Ганц нэг хүний хордлого мордлого тайлсан шиг суувал тэдэнд ч, надад ч хэрэгтэй юм. Тийн аштай юу. Оххом! Бичээд байх хэрэгтэй. Ганхавх байна. За тэгээд ахдаа хэлээрэй . . .за . . . за . . . Оххом! гэсээр утас тасарлаа. Би ганц үг ган хийж амжсангүй.

Энэ яриаг хэрийн хүн ойлгохгүй ч би ойлгоно. Энэ бол миний ганц авга ах Ганхавх (сайхан монгол нэр) гэдэг насаараа хүүхдийн эмч хийсэн одоо далан дөрөвтэй өвгөн. Дарь-Эхэд хамаатны хашаанд нэг контейнер байх бөгөөд орон сууцанд шигдсэн ойрын ах дүү нар тэнд новшоо чихдэг гэж байгаа. Тэндээс л хоёр ширээ авах гэхдээ түлхүүр асууж байгаа бололтой юм. Байсгээд л хоолойгоо засдаг нь хэвшил болчихсон. Нэг өгүүлбэрийг эхлээд дуусгалгүй дараагийнхийг залгуулан ярина. Тэгээд эргээд эхнийхээ өгүүлбэрт орно. Дундуур нь хоолойгоо засна. Тэгээд өөр нэгийг эхлэнэ. Эхлэхдээ дундаас нь эхлэнэ. Хөгширсөндөө биш. Залуугийн тэгж ярина. Намайг багад Гангаа ах гэж их ганган, сайхан бас их сүрлэг ах байдагсан. Одоо харвал нэг өвгөн байж мэдэх ч миний хувьд одоо ч гэсэн сэтгэлд минь тэр л сайхан ах хэвээрээ. Аавыг минь өөд болсноос хойш аавтай адилхан ч харагдах шиг. “Үхрийн хугархай хавирга гэдэг өгүүллэгийн Норов бол яг би мөн” гэж ярих. Манайхан гэж сав л хийвэл идчих гээд байдаг улс. Удмаараа. Эмээ маань “Эвий гэж идэж байгааг нь манайхны л хүн юм даа” гэж танихгүй хүнийг ч хамаагүй хэлж л суудагсан. Аав маань хүртэл хааяахан орохоор өмнө минь юм овоолчихоод “Ид, ид миний хүү” гээд цорвойдог хүн байв. Аавын нэг ах, нэг эгч, нэг дүү нь өнөө амьд сэрүүн. Боов, боорцог сүү, тарагхан бариад хааяахан нэг тойрдог гэж байгаа.
Өнөөдөр Гангаагийнд очих гээд гартал машин явдаггүй өдөр (мягмар) байж таарав. За тэр ч яахав. Барс захаар орж үхрийн ганц сайхан хавирга аваад (зориуд) очно гэж бодож яваа. Барс руу тавиад ортол үхрийн ястай мах 7500, Халаасаа ухтал ердөө 20000 төг. Хүрэх нь тодорхой. Тавиултал 1кл 800гр 13600 төг. Авчихаж байгаа юм. Бас нэг сүү 1900, дээшээ гараад нэг зөөлөн боов авч байна. Голоороо цагаантай хорхойны нэртэй (яг санахгүй юм) Худалдагч нэрийг нь хэлэх үед “энэ хорхой ямар амттай байдаг бол” гэж бодож зогссон болохоос цээжилсэнгүй. Ингээд халаасанд 3400 төг үлдэв. Өнөөдөр мөн л зах ажилладаггүй өдөр (мягмар) тул нарны замаар микро явдаггүй болж таарав. Автобус явдаг шиг санагдаад хүлээлээ, байдаггүй. Уг нь замын цагдаагийн газар өнгөрөөд Натур төвийн харалдаа буух гээд байгаа. Тэгтэл хоёр гартаа том тортой юм барьсан надаас нас нилээн залуувтар бүсгүй миний хажууд ирлээ. Бас л унаа хүлээж байгаа нь тодорхой. Бумбаарай сэтгэж байнаа. “Энэ лав такси барина. Хуваачихъя” гэж бодож байгаа юм. Ойролцоогоор 1400 гарна. Хуваавал 700 орчим болно. Буцах мөнгөтэй гэсэн үг.
- Өөрөө хаа хүрэх вэ? гэтэл
- Амгалан гэчихээд хэрэггүй ч хэлэв үү гэсэн янзтай намайг дээрээс минь доош нь нэвт шувт ширвээд эгээтэй л харцаараа хамаг хувцсыг минь шувталчихсангүй.
- Би замын цагдаа өнгөрөөд л буух юм. Хуваачих уу?
- Тэгье л дээ. Манай эрчүүд нээрээ сэтгэнэ шүү гээд инээлээ. Нэг машиныг ганцхан дохиод л зогсоож байгаа юм. Тэр түрүүлж, би дараалж (замд буух) сууцгаав.
- Хаа явах вэ?
- Амгалан
Жолооч урамтай нь аргагүй хаазаа гишгэж байна. Хоёулаа хувааж байгаагаа жолоочоос нуугаад байгаа бололтой. Яагаадыг бүү мэд. Бие бие рүүгээ сэм хараад чикадаад байгаа. Замын цагдаагийн газар өнгөрч, гүүр давангуут гэнэдүүлэх маягтай
- Би бууна. Зогсдоо гэвэл такси зогслоо. Бүсгүй над руу инээмсэглээд харцаараа мөнгөө нэхэж байна. Халаасандаа гараа шургуулж имэрч, имэрч 1000-г гаргалаа. Цэвэрхэн ч сугаллаа. 300 харимаар ч юм шиг. За за ямар нэхэлтэй нь биш. Хүүхэн рүү сарвайтал
- Юу вэ? Манайх хүртэл 4000 гардаг ш дээ
- Тэгээд?
- Хуваана гээ биз дээ?
Тэрүүхэн хооронд “Нээрээ ч тийм билүү” гэж бодогдоод явчихлаа шүү.
- Тийм биз дээ? гэх хахирган дуунаас цочих маягтай болж
- Аан, тиймээ тийм гээд дахиад 1000-г нэмчихлээ.
- Манай эрчүүл нээрээ, голоо цохисон сонион . . . гэсээр хаалга хаагдаж такси хаазаа гишгэлээ. Нэг л биш санагдаад болох биш. Бодоод байсан чинь би яах гэж түүнтэй такси хувааснаа ер ойлгосонгүй. Ганцаараа явбал 1400 л гарах газар шүү дээ . . .

Ахынд ирлээ. Ах алга.
- Өө Бумбаарай гээд Оюун эгч (эхнэр нь) үнсэв.
- Гангаа хаачаав?
- Цаадах чинь намайг бодвол ажилтай хүн шүү дээ
- Энийг ахад . . . (ууттай хавиргаа сарвайв)
- Ээ хөөрхий дөө. (хоолой нь зангирав) Одоо хэлчихвэл ажлаа хаяад гүйгээд ирнэ. Орой сайхан чанаж өгье. (Идэх юмгүй дээ биш л дээ. Энд манайхны нэг тийм симбол явагдаад байгаа юм.) Бараг хоёр цаг орчим ярьж суугаад ахынхаас гарлаа. Гангаа руу залгав.
- Оххом! ... Хэн бэ?
- Бумбаарай байна.
- Аан, миний хүү юу? Ганхавх байна. Тийн. Оххом! Ах нь гэрээсээ өглөө л гарсан. Нэг өрөө түрээслээд. Чи юмаа бичиж байгаа биз? Ах нь ойрд бие их сайн байгаа . . . (арай хийн тасалж)
- Та нөгөө түлхүүр гээд. Би танайд орхиод . . .
- Юун түлхүүр? Ах нь аваагүй. Надад байхгүй. Тийн. Оххом! Би тэгж хэлсэн бил үү? Ах нь уншилгүй яахав. Уншиж байгаа. Оройдоо л гэртээ харина. Тийн. Тэгээд ширээтэй болчихсон л доо
- За, за ахаа би дараа ирнээ.
- Тэгье, тэгье танайд очъё. Оххом! . . . дүүд .. . дүүд.
“Би юу хийгээд, хаана явнаа” гэсэн бодол зуралзана. Халаасандаа гараа шургуулж тэмтэрвэл гэртээ харих 1400 төг байгаа л юм шиг. “Одоо л хүнтэй хуваахгүй юм шүү” гэж бат нот бодож байгаа юм . . . За, за манайхан гэж нэг иймэрхүү . . .
Ингэхэд, хүн ирээдүйгээ мэдэрч болдог л юм байна . . .
Бүрэн эхээрээ...

Доржзовдын Энхболд. Идэрцог (Өгүүллэг)

11 Сэтгэгдэлүүд:

Идэрцог тавдугаар ангид сурч байснаа сургуулиас хөөгдчихөв. Ер сургуулиас хөөгдөнө гэдэг тийм амар юм байдаг гэж санаагүйдээ духных нь хөлс нэг сүрхий бурзайгаад багш нарын хурлаар хам хум ороод л бүх хэрэг шувтарчээ. Долдугаар ангид хэрхэн мацаж хүрэх, хүрсэн хойноо хэрхэн дүүргэх ухаанаа ололгүй яс нь хавтайж явсан түүний хувьд бүх хэрэг ийм амархан шийдэгдсэнд яамай юм болсон хэдий ч Болормаа бодогдохоор л ичгүүртэй санагдаад байлаа. Уг хэрэг нээрэн ч амархан шийдэгджээ. Хотоос нэг том дарга, аймгаас хоёр жижгэвтэр даргатай цуг ирж сургуулийг бужигнуулахад Идэрцог гайтчихжээ. Уг нь тэр шалгалтанд ганц Идэрцог өртөөгүй боловч бусад хүүхэд гайтаагүйг бодоход хамгийн хүнд асуулт нь Идэрцогт оногдсон бололтой. Ложвоо багш нь дарга нарт Идэрцогийг хичээж мэрийж танилцуулав. Хувийнх нь хэргийг том ногоон дэвтэртэйгээ давхар барьж байгаад л
- Нэр Идэрцог, нас арван тав. Гуравдугаар ангидаа нэг, тавдугаар ангидаа нэг улирсан. (Идэрцог хумсаа маажин, нусаа татав) Эмнэг сургалтын сургуулийн аварга, үндэсний бөхийн аварга. (Идэрцог танхим руу харан инээмсэглэв) Намар сургуулийн хашаанаас тарвас хулгайлдгийг нь эс тооцвол төлөв томоотой (Идэрцог дахиад л тонгойн хумсаараа оролдон нусаа татав) Азаар дарга нар тэрхүү тарвасны хэргийг төдий л ойшоосонгүй. Гурван даргын голд суугч мантгар цагаан дарга асуултаа асуулаа.
- Гучин хоёр оны эсэргүү бослогын хамгийн гол толгойлогч нь хэн билээ дээ? Түүхийн хичээлээр үзсэн байна. За тэрнийг нэрлэчих. Танхим тэр аяараа даргын тэрхүү үгийг хүлээж байсан юм шиг нам гүм болчихов. Хүүхдүүд шивнэлдээд ч болсон ярьж байсан бол Идэрцогт амар байх байлаа. Гэтэл тэгсэнгүй. Хэрвээ одоо анги дотор хар хорхой гүйж гэмээ нь олон хөлийн чимээ нь тодхоон сонсогдохоор байлаа. Идэрцог ч хөлсөө чийхруулан бодож гарлаа. Бүх хэд хэдэн янзаар бодлоо байдаггүй. Тархи толгойд нь тэрхүү толгойлогч биш харин ч янз бүрийн хивсэн тохом, Шагдар гуайн хамартаа буйл ч хүргэж үзээгүй хэдэн ат бодогдоод байлаа.
“Хэзээ ч юм түүхийн хичээл дээр үзэх нь ч үзэж дээ. За байз ямар хүн байсан юм бол. Бөх байрын хүн байсан юм болов уу. Толгойлогч гэхээр сүрхий л хүн байх нь дээ. Захирал шиг ширүүн хүн байж таарах нь. Эсэргүү гэхийг бодоход манай талын хүн биш байж таарах нь. Япон гээч нь юм болов уу.” Идэрцогийг хамрынхаа хөлсийг шудран шудран номхон зогсохыг нь хараад түүхийн багшийн санаа илт зовж байгаа бололой
- Идэрцогоо, яагаав нөгөө ногоон малгайт, ногоон малгайт хэн билээ гэтэл мөнөөх голд суугч мантгар цагаан дарга “Танаас асуугаагүй байна” гэж загнаж байгаа бололтой ганц ширэв татаад таг дуугүй болгов.
“Мөн ч мундаг дарга юм даа. Түүхийн багшийг нам болгочихлоо. Захирлаас том дарга байх нь” гэж бодсоноо “Ногоон малгайтай гэнэ үү, ноосон малгай юм болов уу, даавуу малгай болов уу” гээд үргэлжлүүлэн бодож гарчээ. Хариу орж ирсэнгүйд нусаа шурдхийтэл таттал голын дарга
- Тайван сайн бод бид чамайг ер яаруулахгүй, сандрах юм алга гэхэд бүх балмагдаж хөлс нь урсаж эхлэв. “Содном ах бол түгдрэлгүй л хариулчих байсан даа” гэж бодтол өмд нь татагдаж богинодоод нурууных нь гүн ац ховил ил гарчихсан явдаг нь санагдаж золтой л инээчихсэнгүй. Содном бол сумынх нь ганц бөх аймгийн начин хүн шүү дээ. Дөчийн хоёр бидон олсоор холбоод хориод алд гүн Хоолой худгаас хэнэг ч үгүй ус татан хоёр зуу гаруй тэмээгээ усалчихдаг хүн шүү дээ. Идэрцогийг байтугай сумын аль л сортой залуусыг ердөө л гар аччихдаг хүн. Тэгтэл энэ муухай асуултын түүнээс биш Идэрцогоос асуудаг ажээ. Ийнхүү балмагдан гайхашран зогстол тэртээ холоос нэг хүн шивнэх шиг болов. Идэрцог ч ангийнх нь хэн нэгэн аминд нь орох гэж байгааг ойлгоод сурсан зангаараа
- Аан хэмээн дарга нар руу цээж түхийлгэн зүтгэнгээ арагшаа хичээнгүйлэн чагнавал Хайдав л бололтой нэг хүүхэд
- Сүхбаатар. . .Сүхбаатар гэх нь осолдохгүй тод дуулдав. Идэрцогийн нуруун дээр шатаж байсан галыг хэн нэгэн хүн үлээгээд унтраачих шиг болон жавхлантайгаар инээмсэглэн дарга руу ойртоод
- Сүхбаатар хэмээн ам бардам хэллээ. Дарга нар ч ашгүй дээ таачихлаа гэж таашааж байгаа бололтой
- Хэн гэний? гэлцэн сэрийгээд өндийгөөд ирэв.
- Сүхбаатар, ногоон даавуун магайтай Сухбаатар
Захирал хачирхан шогширч, багш нар доошоо тонгойн хуруу гараараа оролдоцгоон таг боллоо. Мантгар цагаан дарга хойшоогоо гэдийн зангиагаа засаад
- Юу ч гэхэв дээ, захирлаа, багш нараа, санаатай санаатай гэхэд үүнээс яаж хэтрүүлэх вэ, тийм биз. Боллоо, бид хөрөнгөө өөр юманд зарцуулъя. Та нар эндээ өөрсдөө учраа ол. Бас ногоон даавуун малгайтай шүү. Даавуу байхдаа яахав дээ.
Идэрцогт ичгүүртэй санагдаад явчихав. “Хээ ноосон малгайтай гээд хэлчихгүй ёстой буруутлаа” хэмээн бодлоо. Ингээд л бүх юм гүйцсэн хэрэг.
Идэрцогийг худалдаа бэлтгэлийн ангийн тэргээр бригад руугаа явахаар дэлгүүрийн гадаа байж байтал Хайдав ирж уулзжээ.
- Найзыгаа уучлаарай ийм юм болчихно гэж санасангүй. Зүгээр л тоглож байсан чинь...
- За юунд маягладаг юм. Даалгавар маалгавар гэж толгойгоо маажиж суухгүй санаа амар боллоо. Би удахгүй хар тайлгаа сургаж унаад ирнээ. Чи тэгэхээр миний шинэ хивсэн тохомыг үзээрэй.Ёстой гангарч өгнө дөө. Чи ороох уу? гэснээ суун тусаж түрийнээсээ дугуй хайрцагтай тамхи гаргаж ирэв.
Идэрцог нээрэн ч гангарсан билээ. Сар гаруйн дараа үнэгэн лоовууз сөхчихсөн, ган ханхалсан сэгсүүргэн дээл өмсөж, дүнгэнэсэн хар тайлаг унаж, мөн тийм улаан ат хөтөлчихсөн тавьж ирэв. Хар цагаан хоёр өнгийн түүдэг өнхчүүлж томсон тавхайвчтай, шинэ улаан хивсэн тохомтой, урд бөхөнд нь эр суран бугуйл гогцоорсон хар тайлаг чухам эр хүний унаа байлаа. Идэрцог байрны өмнө ирүүтээ хар тайлагнаасаа үсрэн буугаад тавхайвчнаас нь шүүрэн ганцхан эргэлдүүлээд хэвтүүлэв. Хар тайлаг ч аяганаасаа нүдээ нисгэн алдан шуухираад хэвтэн тусуут дүнгэнэн босох тэрхэн чөлөөнд Идэрцог богцоо мулт татан авав. Байрны хүүхдүүд Идэрцогийг танин гарч ирцгээсэн авчарслан шиг сүртэй хоёр атнаас нь эмээн ойртож чадахгүй дугуйран зогслоо. Идэрцог яралзтал инээмсэглэн Хайдавыг дуудаж
- За хүүхдүүдээ наана чинь ааруул ээзгий чанасан мах бий. Бор ходоодоо божийтол цохицгоо. Богцыг минь харин эргүүлж өгнө шүү. Ном их л сурцгааж байгаа биз дээ? Өнөө орой бүжигтэй гэл үү. Ах нь унаагаа янзалчихаад бүжгэнд орноо хэмээн бүр нэг аавын цээж оргилоо. Дуу нь ч бүдүүрч танигдахгүй шахам болжээ. Тэгээд л явчихсанаа шөнө, гэрэл унтрахаас арай өмнөхөн хөвгүүдийн тасагт ороод ирэв.
- Хайдав аа, миний дүү нэгнийхээ өвөрт унтчих. Ах нь орон дээр чинь хажуулая. Өглөө эрт явна гээд томоор эвшээлгэж
- Ёо ёо, Сэржийн Жаргалтай баахан танц эргэчихсэн чинь бүүр хөлс гоожиж, хөл янгинаж орхив байна. Нялуун гэдэг нь нуль үнэртэй ус. Маргааш өнөө хоёр тайлаг сэрлэгнээд ойртуулахгүй болчихов байна. Энэ хүүхнүүд ер нь яахаараа ингэж үнэртэй усанд дэвтэж явдаг лүднүүд вэ хэмээсэнд долдугаар ангийн хөвгүүд “Пөөх, мөн ланжгараа” хэмээн шүтэж биширсэн харцаар ширтэцгээн орон дээрээ өндийлдөөд иржээ. Арга ч үгүй биз. Сэржийн Жаргал гэдэг сумын эвлэлийн үүрийн дарга сумандаа толгой цохих шаавай бүсгүй шүү дээ. Гэтэл Идэрцог түүнтэй уйдатлаа бүжиглэсэн байдаг. Хүний азаа гэж мөн сайхан даа. Идэрцог булчин гүвийсэн цээжээ гарган нүцэглээд гараар сэвэн тамшаалснаа дугуй хайрцагтаа тогшлон тамхи ороож жаргав. Хэн нэг нь тэссэнгүй
- Идэрцог ахаа тамхинаас чинь ганц орооё гэвэл
- Та нар номын улс дөнгөх юмуу даа. Багш нар чинь загнаад унахгүй биз. Өнөө орос хэлний Гэрэлмаа байгаа юу?Бас ч давгүй хүүхэн шүү гэлээ.
- Та Жаргал даргатай суух гэж байгаа юм уу?
- Бодож байж болноо. Бүдээ эмч гэж надад сайн болчихсон нэг амьтан байдаг. Миний энэ муу цээжийг чинь байн байн чагнаж үзнэ гээд амар заяа үзүүлэхгүй зовоочихно шүү дээ. Тэвхийгээд эгдүүг нь хүргээд байдаг биз. Бас намайг хайрлаад л тамхи битгий татаа уушиг чинь муудчихна гээд л үглэчихнэ шүү дээ. Айдаа ... хэмээн санаа алдсанаа
- Харин та нар хүнд хэлэв ээ, энэ тухайгаа хэн нэгнээс сонсчихвол эвгүй шүү гэж захилаа. Нэг л мэдсэн хөвгүүдийн нойр бүтэн сэргээд
- Жаргал дарга илүү
- Үгүй, Бүдээ эмч хамаагүй хөөрхөн гээд нүдээ гялалзуулан маргалдаж гарлаа. Идэрцог их л жаргалтай хүний харцаар тэднийг ажиглан тамхиа татаж хэвтсэнээ
- Чишш! гэлээ. Хүүхдүүд чимээгүй болов.
- Хамаагүй шуугилдвал байрны чинь багш ороод ирнэ шүү. Миний хөтөлж яваа улаан тайлагийг хараа биз дээ? Тэрнийг чинь Жаргал Бүдээ хоёрын хэн азтай нь унана даа.
- Аа яа яа
- Туйлаад хаячилгүй дээ.
- Жаргал дарга бол яаж ч туйлсан унахгүй л дээ.
- Манай ангийн Бурмаа, Жаргал даргын дайны хүүхэн болох болов уу.
- Бушуухан энэ муу долоог нь төгссөн болж хөдөө гарахсан.
- Цагаан хуудас авчихвал яанаа.
- Сүрдүүлж байгаа юм. Цаг нь тулахаар цагаан хуудсаа заяа нь өгөхгүй.
- Идэрцог ах аа, тамхинаас чинь дахиад нэг орооё.
- Хөөе маанаг минь хошуугаа түллээ цаана нь зөндөө байхад чинь үхсэндээ сувдаглаад байгаа юм бэ?
- Алив, би асаагаадахъя. Чи зүгээр юу ч үгүй шүлсдээд хаячих юм.
- Бацаанууд одоо унт унт. Ах нарынхаа яриагих чагнавал чих чинь дэлбийчихнэ. Унтахгүй сэрийлдээд байвал чинь хагархай Ёндонг дуудаад аръяан дүг хийгүүлчихнэ шүү.
- За за унтах л гэж байхад чинь. “Бацаанууд” хагархай Ёндонгийн сургаар хулхи нь бууцгаан хөнжил рүүгээ шургацгаасан боловч хий л эвшээцгээн нүд нь очттон гялалзаж, Идэрцогийг бишрэн ширтэцгээнэ. Тэгээд хэсэг зуур нам гүм болтол Идэрцог аяархан атлаа бүр нэг сэтгэлийнхээ гүнээс ярьж эхэллээ.
- Хоёр хүүхэнтэй байна гэдэг чинь ёстой там байдаг юм байна. Нэгд нь нүүр өгөөтөхөөр нөгөөдөх нь учиргүй гомдчих юм. Би ч хувьдаа Жаргалыг л илүү гэж боддог л доо. Тэр чинь тэгж байгаад их нохой зальтай лүд байгаа юм. Надад сайн гэдгээ авсаар мэдэгдэхгүй хүн. Ухаандаа өнөөдөр бүжгэн дээр тэмдэггүй ирлээ гэж шал худлаагаасаа загнаад байгаа юм. Намайг хөлөөвийн үүдэнд Бүдээтэй мэнд зөрүүлээдхийг харчихсан байхгүй юу. Тэгээд сайхан мэдээрэй чи гэж байгаа царай нь тэр. Лүд чамайг. Улаан тайлгаа буруу зөвгүй болгож номхруулж байгаад Жаргалыгаа мордуулна даа. Харин та нарт гэхэд хөдөөгүүр гайгүй хүүхнүүд ер алга. Гайгүйчүүл нь төв дээр бөөгнөчихөж. Би ч цэрэгт яваад жолооч болноо. Эсвэл Батаа дарга шиг нэгдлийн орлогч болчихоод ирнэ. Тэгээд л дарга нарын байранд шинэ гэрээ барина даа.
- Та Жаргал даргад захиа өгөх үү? Хэнээр өгүүлсэн бэ?
- Хн. Захиа өгнө гэдэг чинь та нар шиг шалдан банди нарын ажил. Би бол нүдээ ирмэхэд л гүйцээ. Тэгэхээр надад талтай нь хариу ирмэцгээнэ.
- Жаргал дарга, Бүдээ эмч хоёр ирмэсэн гэж үү?
- Ирмэхээр барах уу даа хэлээд байхад чинь. Тэгэхдээ та нар томчуудын ядлыг ойлгох яагаа ч үгүй байна даа. Мартсанаас Болормаа намайг дурсдаг юм болов уу
- Тэрүүгээр яах юм. Маягтай амьтан байгаа юм. Саяхан альгебр дээр сайн авчихлаа гээд л уйлаад байсан. Би тэгж авсан бол хагартлаа баярлах байсан даа. Гэхдээ хохоь нь. Бүлгэмийн зөвлөлийн дарга энэ тэр гээд бүр хамраа сөхчихсөн байсан юм.
- Тэр чинь Банзрагч багшийн Сүхээтэй захиагаар харилцдаг. Захианыхаа төгсгөлд ЯТОЛ гээд биччихэд гэсэн ха ха ха
- Ятол гэдэг нь юу гэсэн үг юм?
- Хэн мэдэх вэ? Суувал сууя гэсэн орос морос үг юм байгаа биз
- Би та нарт нэг нууц юм ярих уу?
- За тэг тэг
- Харин хэнд ч хэлж болохгүй шүү
- Яалаа гэж дээ бид нарт итгэхгүй байхдаа яахав дээ
- Би нэг удаа Гэрэлмаа руу ирэмсэн юм
- Аль?
- Яагаав орос хэлний
- Пээ, тэгсэн чинь?
- Ойлгохгүй байна лээ. Нүд нь байдгаараа бүлтийгээд л . . . Идэрцог? “Идье суудаа” гээд байхгүй юу. Надад идэх юм байгаагүй юм чинь. Багшаа байхгүй гэсэн чинь уурлаад модоороо толгой дундуур татаад хаяж байгаа юм даа. Мэдсэн бол тэрнийг нь хэлдэг байж.
- Ятолыг уу?
- Тийм
- Ха ха ха ганц алуулахгүй юу
- Яагаад?
- Тэр чинь нөхөртэй гэхчүүлээ
- Пөөх, нээрээ юу? Тэгвэл ч ёстой балрах байж шүү. Нөхөр нь гэж аягүй бол бас нэг оросоор гулигсан нүдний шилтэй цонхигор юм байгаа даа
- Тийм биз
Тийнхүү тэд нар шөнө дөл болтол ярьж, ярьж төгсгөлд нь нэг сайн тамхилцгааж аваад унтацгаав. Идэрцогийн тамхи ч дуусжээ.
Жаргал улаан тайлагийг нь уначихаж. Тэгээд л инээмсэглэн гуядаж байна. Гуядаад л байх юм. Улаан тайлаг хэнэг ч үгүй хэвж хэвтэнэ. Тэгтэл ч Жмаргал уурлаж эхэллээ. Идэрцогийг загнаж байгаа бололтой. Идэрцог ч ихэд ичиж, очоод бурантагнаас нь уурлан угзчитал улаан тайлаг хөгшин ат шиг бархираад л өндөлзөөд байхаас боссонгүй. Жаргал ч улам хилэгнэн уурлаж нүд нь гялалазан Идэрцогийн энгэр рүү долоовор хуруугаар чичин ангалзав. Тэмдэггүй явааг нь харчихсан бололтой. Тэгснээ улаан ьайлагийг нь орхичихоод сумын захиргаа руу эргэж ч харалгүй гүйгээд явчихав. Идэрцог хойноос нь уйлагнан гүйтэл Бүдээ эмч эмнэлэгийнхээ цонхоор ирмэж байгаа харагдав. Идэрцог ч Жаргалыг хөөхөө больчихоод эмнэлэг рүү орлоо. Бүдээ эмч цээжээ гарга гэж байгаа бололтой дохихоор нь цамцаа тайлтал цээжээр нь сэрүү татаад явчихав.
- Мнг
- Бос чи
Идэрцог сэрж нүдээ нухлан өндийтөл байрны багш байдгаараа хилэгнэчихсэн зогсож байх нь тэр. Хөнжлийг нь хуу татаад зэрэгцээ ор луу чулуудчихжээ.
- Бос чи. Золбинтдог газраа золбинтохгүй. Хэн чамайг ийшээ орж ирж хүүхэд уруу тат гээв. Энэ сургуулийн ариун нэр төрийг хөөдсөн чинь багадаад байна уу? Заваан цус чинь хамаг хүүхдийн ор дэр бөөстүүлээд хаячихлаа. Байранд хэнэггүй орж ирж хэвтчихээд ийш тийш нь бөөс цацлаад бас болоогүй тамхи татаж заваарна гэнээ чи гэснээ ардуур нь эгнэн жагссан хүүхдүүд рүү эргэж
- Та нарын хэн чинь энэнтэй нийлж тамхи татсан бэ? хэмээн байцааж гарлаа. Нусаа шор шор татлан зогсоо хүүхдүүдийг хараад Идэрцог их л ичгүүртэй санагдсанд өөртөө бүх хэргтийг хүлээх нь хавьгүй хялбар санагдаад
- Гаадан багшаа, би л татсан юм. Миний буруу эдний хэн ч татаагүй гэв. Гаадан багш хөмсөг нуируулан шазуур зуун харснаа
- Чи бид хоёрын багш шавь болоод гийгүүлдэг ч гайгүй хэвтнээ. Наад шүлстэй хогоо түү чи хэмээн зандрав. Идэрцог тонголзон байж тамхины ишнүүдийг түүгээд пийшин рүү хийтэл
- Цаад хогоо аваад араас дагаад яв гэжээ. Идэрцог тохом богц хоёроо элгэндээ хумьж тэврээд дагалаа. Тэр хоёр захирaлын өрөөнд орж байрны багш болсон явдлыг сүр чимэг оруулан хэлж мэдэгдчихээд гараад явав. Захирал ч одоо баллаж тавина даа гэж бодохоос Идэрцогийн хамаг бие хөлөрч газар доогуур л орчихмоор санагдаж зогслоо. Нөгөө сайхан улаан үнэгэн лоовууз тааран алчуур шиг л гарт нь үнгэгдлээ. Тэгтэл захирал санаанд оромгүй тайван зөөлөн дуугаар
- За Идэрцог хаагуур манаргаж яваад ирэв дээ гэлээ
- Хөдөөгүүр л...
- Мөн мөн. Сургулиа, дотуур байраа санаад байна уу?
- Үгүй ээ ... Тиймээ ... Үгүй ээ зүгээр л хүүхдүүдтэй уулзах гээд л ...
- Эмнэг их сургаж байна уу? Энэ сайхан дээлийг чинь хэн оёж өгөөв? Унаа хөтөлгөө хоёр ат чинь хэний тэмээ вэ? Арай хээрээс бугуйлдчихаагүй биз дээ?
- Энэ дээлийг Цэрмаа эгч оёж өгсөн юм. Тэр хоёр чинь Шагдар гуайн тэмээ, намайг зүгшрүүлээд өгөөрэй гэсэн юм.
- За тийм байж. Дотуур байранд гадны хүн хонож болохгүйг мэднэ биз?
- Мэднэ. Зүгээр л ...
- Тэгвэл торгуулна даа. Аль эсвэл дөрөвдүгээр ангид гурван сар сууна уу? Аль нь дээр вэ?
- Торгуулая.
- Мөнгөтэй юм биз дээ?
- Би хүнээс зээлээд өгч чадна.
- За даа чамайг хэнээс хэзээ мөнгө олоод ирнэ гээд хүлээж суухав. Тэрний оронд тохмоор чинь л торгохоос доо. Овоо ч шинэвтэр юм.
- Захирлаа би дөрөвдүгээр ангид сууя.
- Тохмоо өгмөөргүй байна уу?
- Тийм
- Мөөн, чиний дураар болдог юм уу?
- Захирлаа энэ чинь хүний тохом. Шагдар гуайн ...
- Юу, чинийх биш юмсан уу?
- Бараг мөн л дөө. Гэхдээ одоо тэдний хэдэн тайлгийг унаашруулаадахвал бүр өгнө гэсэн юм.
- За тэгвэл ч яахав. Хөлөө явж хөлсөө идэж байгаа хэрэг болох нээ, тохмыг чинь үлдээхээс дээ. Гэхдээ чи нэг асуултанд хариулна даа. Хариулж чадвал явуулна, чадахгүй бол ч одоо яая гэхэв дахиад сурна даа. Тэднийг ийн ярилцаж суутал хаалга чимээгүй нээгдэж орос хэлний Гэрэлмаа багш ороод ирэв. Идэрцогт өнөө гайтай ЯТОЛ гэдэг үг бодогдоод тэссэнгүй шал ширтэн гөлөлзтөл хөлс нь дахиад л сад тавьчихав.
- Хүүеэ, Идэрцог. Здраствуйте. мартаагүй биз дээ
- Мартаагүй
- Сонин сайхан юутайв дээ гэдгээ бас мартаагүй биз. За хэлээч . . .
- Что нового (болиосой доо юугаа шалгаадаг бол)
- Хорошо. Баярлалаа. Чи нээрээ мартаагүй байна. Ашгүй тэгтэл захирал Гэрэлмаа багшийг дуудсанаа нэг зүйл чухалчлан шивнэв.
- За за хэлээтхэе. Тэрийгээ аваад ир гэх үү?
- Тэгэлгүй яахав. Яаралтай гэж хэлээрэй
Идэрцог сургуулиас их л баяртай гарав. Богц нь бүр түнтийчихсэн явав. Өмд, цамц, ажлын хар гутал, сатиных нь содон үнэр ханхалсан хөвөнтэй тэрлэг чихчихсэн хойно арга ч үгүй биз. Сургуулийн хашааны үүдэнд очмогц захирал тохмыг нь өгч
- За Идэрцог минь сургуулиараа ирж байгаарай. Байраараа ч гэсэн орж гарч яваарай. Харин би нөгөө асуултаа мартах шахаж байгаа юм байна шүү гэсэнд тархи толгой нь цасан шуурга шиг л маналзан ямар нэгийг эрэн зогсоо чөлөөгүй ажиллаж гарчээ.
“Ногоон малгайтай дарга чинь хэнсэн билээ, за байз хэн билээ? Шагдар гуайгаас асуугаатахгүй одоо яадаг билээ” хэмээн сандчиж гарчээ.
- Ямар ч эмнэг тэмээг Содном начин шиг урд хоёр хөлийг нь холбож тэврээд толгойгоороо омруу руу нь ольж унагаж сурав уу? Ер нь их хүч орно юм уу? Захирал ингэж асуусанд гайхан харжээ. “Үгүй ер иймхэн юм асуух даа яах вэ дээ” гэж бодсондоо золтой л хэлчихсэнгүй.
- Чадалгүй дээ. Хүч ордоггүй юмаа, харин эв л хэрэгтэй хэмээн бардам хариулаад анх удаа захирлын нүүр өөд харан инээмсэглэв.
- За тэгвэл сайн яваарай. Баяртай. Ирж байна биз?
- Ирж байнаа
Идэрцог хар тайлагаа унаж, улаан атаа хөтлөн зогдор хөдөлгөсөөр сумын төвийн хойд толгой дээр гарч эргэн харав. Сумын төв гэж хөглөрсөн бараан юм Шар хулсны хумсны толио шиг жоохоон хонхорт багтаж ядан чихдэлцсэн харагдана. Үгүй ер ийм жаахан газар мөн ч олон хүн суух юм даа. Чихэлдэлгүй шиг болоод байдаг юм байх даа гэж бодсоноо “За тэр ч яахав, харин санасныг бодвол Захирал, орос хэлний Гэрэлмаа ч тэр ер нь багш нар чинь сайн хүмүүс байна шүү дээ. Харин тэр ногоон малгайтай дарга чинь хэн юм бол? Шагдар гуайгаас марталгүй асуух юм шүү. Аягүй бол Гаадан шиг л тээхийсэн амьтан байхаа даа. Содном гуай шиг начин байсан болоосой. Тавын даваанд Гааданг начин болчих санаатай хээхийж байхад нь амлаж аваад пидхийтэл тонгорчихоод хэнэг ч үгүй дэвээд явчихсан хэмээн ганцаар ярьснаа
- За тэр ч яахав. Дахиад л байранд хонохоо болих минь гэнгүүт “Чүү” хэмээн эрмэгхэн дуугараад тэртээд цэнхэртэх Дэлгэрхангай уулыг чиглэн ширүүхэн тэшүүллээ.
Бүрэн эхээрээ...

Зовох, зовох тусам . . .

2 Сэтгэгдэлүүд:


Бичих, бичихдээ яарах
Бишдэх, бишдэхдээ яргах
Бухимдах, бухимдалдаа ялагдах

Хаях, хаяхаараа босох
Харамсах, харамсахдаа гуних
Шаналах, шаналсандаа урах

Эхлэх, эхлэхдээ цэлмэх
Эрчлэх, эрчиндээ чангарах
Эцэслэх, эцэлсэнээ уншуулах

Атаархах, атаархсандаа магтах
Ханилах, ханилахаараа хараах
Зүхэх, зүхэхэд нь бардамнах

Өөр, бүр өөрийг сэдэх
Өдөр хоногуудад тасчуулах
Зүтгэх, зүтгэсээр амьдруулах

Боорлуулах, боорлуулахдаа жаргах
Бодох, бодох тусам дотогшлох
Анирлах, анирлсаар алсрах . . .

Хааяа гэнэтхэн шүлэг бичдэг хүн болох гэж тэнэгтдэг гэж байгаа
Бүрэн эхээрээ...

"Шар хөвийн зэрэглээ" (Өгүүллэг) Доржзовдын Энхболд

8 Сэтгэгдэлүүд:

Лог шар нэг их удаанаар хэнгэнэтэл амьсгал татсанаа бөмбөгнөтөл гунганав. Хариуд нь гялаан цагаан хэмээх сүрлэг том ат суль үмхлэх зуураа сүү гашлам чичрүүлэн гунганахад Гажидмаагийн сэтгэл жигтэйхэн ээдэрч учир зүггүй мэгшин уйлмаар, аль эсвэл хөмхийгөө зуугаад дусал нулимс ч унагалгүй барайчихмаар нэг л хачин болоод явчихав. Цээжинд нь ямар нэг юм зангирчихаад ер тавьсангүй. Дэмий л ингэж ижилддэг мал байдгаа даа гэж бодоод лог шарынхаа бандгар гуян дээр тэнзэн ташуураар падхийтэл гуядав. Лог шар түүний нь хариуд лаадага лаадага алхаж явснаа тэмээн сүргийн захад ирмэгц санаа амрах мэт зогтусан, хүүгэтэл цагхаалаад шээж эхлэв.Тэрхэн зуур гялаан цагаан, бага цагаан, өндөр хөх, буурал өвдөгт, идэр бор таван бүдүүн ат сүргээс тасран нүүгэлтэн наашилсаар ирж Лог шарыг тойрон үнэрлэцгээв. Гэтэл Лог шарын өрөвлөг бууралтсаныг үзээд Гажидмаа гайхан мэлэрч орхив.

Гялаан цагаан, Идэр бор хоёр энэ хэдээсээ нэг ах. Ингээд бодохоор хэдэн ат нь хорин тав зургаа хүрчихжээ. Гэхдээ тэмээ яг л хүн шиг бууралтдагийг анх удаа анзаарч мэдэв. Цаг хугацаа гэгч мөн ч хурдан өнгөрч одох юм даа. Саяхан л энэ хэд тайлаг байж, аав нь анх хомнож сургаад жинд явж байсан даа. Гэтэл одоо аав нь ч алга, ижий нь ч алга. Харин хүү нь байна. Нас нь найм өнгөрөөд одоо хэдхэн сарын дараа естэй болно. Гэтэл Гажидмаа хань бараа татаад сургуульд өгч чадсангүй. Ирэх намраас л хэцүүднэ. Захирал хэтээсээ амаргүй хүн.

- За яая гэхэв энэ жил орхизноё. Харин энэ жил л гэдгийг мартаж болохгүй шүү гэж тун айхтар хэлсэн дээ. Хүү нь сургуульд ороод эгч шигээ сүрхий сураад байж чадах юм уу, үгүй ч юм уу бүү мэд. Багаасаа баахан эрхэлчихсэн болохоор байранд сууж барахгүй л байх даа гэж бодогдоно.
- За хар хүү гуай морь харж гүйцэв үү? Яагаад ч юм нэг жаахан аальгүйтмээр санагдаад Гажидмаа лог шардаа ингэж хэлжээ. Лог шар нь хүзүү сунган ижил хэдээ үнэрлэн шээсээр л зогсоно. Ер энэ хэдэн атны бие гэж уул, бөх гэж хөгжим юм. Нэгэнтээ сумын төвд хотоос урлагийн бригад ирэхэд Гажидмаа нэг хачин хөгжим үзэж билээ. Их л бүдүүн бараг эр хүнэрхүү хэлбэр төрхтэй тэр хөгжим үнэхээр л эр хонгор дуутай эд байсан даа. Нэр нь л таагүй. Конторбаас гэж байгаа. Тийн хэлэхийг нь дуулаад ангийнх нь охид ам хамраа ханцуйгаар таглан годгонолдож "Паах баас байхдаа ч яахав дээ" гэлцэн аальгүйтсэн. Гажидмаа ч аальгүйтсэн л байх. Харин унаа мориныхоо зоо хондлойг ханцуй нударгаараа илбэн арчих хүн шиг хөгжмөө алгаар илбэн байсан хөгжимчин тийн маяглахад нь уурласангүйгээр барахгүй бусдын харц хариулан Гажидмаа руу ирмэж билээ. Тэгээд л тэр хоёр бүжгэн дундуур гараад явчихсан юм даа.
Лог шар шээж дуусчээ. Гажидмааг цангинатал хэд гуугачуут тэмээ нь хумигдаж хэдэн хөгшин ингэ түүчээлэн гэрийн зүг дуулгавартай нь аргагүй алхалж гарав. Тийн цувах сүргийн дундаас хэдэн бүдүүн атных нь бөх сүмийн ганжир мэт сугсалзаж харагдана. Харахад нүд дүүрээд аргагүй л нэг хөгжим дөө. Хэдэн жилийн өмнө энэ хэдэн сугсалзсан сайхан бөх юу ч үгүй шалчийж, эргүүлээд гөвчихсөн уут шиг болж билээ. Мөн ч бэрх өвөл тохиож билээ. Гэвч гэрээ ачаад явахад хацар нүүр рүү зүү шивэх мэт часхийлгэх хар жавраас сүргээ нөмөрлөөд л хэдэн сумын нутаг дамнан алхалж онд орцгоосон. Хэдэн биеэ үзүүт л гунганан сүжирцгээнэ. Сүргээсээ тасраад амихнаараа салхидчих нь бий. Гэхдээ л сураг тасрана гэж үгүй. Гурав хоноод л усандаа суналзан орж ирцгээнэ. Харин зун шавар шалбааг дэлгэрэхэд л нэг авах нь алга болцгооно. Тийм үедээ ч холд яваа хүн мэнд мэдэж захидал ирүүлэх адил бууж мордсон хүн бүр ямар нэгийг хэлж ирнэ.
- Танай хэдэн ат тэнд тэгж явна. Энд ингэж явна. Тэр нь тийшээ хараад тэгж зогсож харагдана лээ гэхчилэн ярина. Тийм л мал даа. Гажидмаа хүүдээ яарах тул лог шараа шавдуулан шир шир алхууллаа, Тэмээ нь лог шарын тавир том алхаанд түрэгдэх мэт яаруухан урагшилна. Харуй бүрий болоотхоор хүү нь айж эхэлнэ. Эхийнхээ дэргэд л хэсүүрхэж өвөөгийнхөө гаансанд тамхи нэрэн таахалзахаас нялх амьтан чинь айлгүй ч яахав. Одоо борцоо дэвтээж гурилаа элдчихээд тэмээ харагдаасай хэмээн гадаа бөртийтөл зогсож байгаа. Торомтой ингэндээ явахаараа тэмээн дээрээ унтаж ташуур гээдэг гэмтэй. Тэр Гажидмаад ганц тэнз үлдэж хүү нь гэрээ харах болсон хэрэг, Гажидмаагийн аав тээр жил жингээс ирэхдээ "Цана гээч юманд ийм таяг хэрэглэдэг юм гэнэ, Yгүй тэр хотынхон ер яасан дундардаггүй сониуч саваагүй улс байдаг юм. Мань мэтдээ бол энэ цагираг шиг юмыг нь аваад хаячихвал боломжийн аятайхан ташуур болмоор эд шиг санагдаад" гэсээр нэг их саваа шиг савх мод авчраад өөрөө нэг хоёрыг л барьсан байх. Ааваасаа хойш түүнийг бараандаа хураагаад мартчихсан нь чухам хэрэг болж билээ. Хүү нь унаа тэмээнийхээ бөхийг тэвэрч үүрэглээд өвөө эмээ хоёрынхоо ташуурыг гээсний дараа Гажидмаа гэнэт мөнөөх савх модыг санаж бараагаа ухаж ухаж гаргаж өгсөнсөн. Хүү нь ч ёс шиг гээсээр, саяхнаас тэр их савх мод ч дууссан.
Намбайтал хивэн цувж явсан сүргээс жоотгонуур нэрт шар ингэ захлан гараад саариганан гүйх гэхээр нь Гажидмаа нэг сайн цангинатал зандраад ижилд нь нийлүүлэв. Тэр мөн ч жоотгонодог амьтан даа. Ботго тормоо ч тоохгүй. Хөгшин залуу атанцар бууранцар л байвал дагаад саариганадаг мал. Малд ч бас ийм хэтрүү амьтан байдаг аж. Нэрийг нь мөн ч онож өгсөндөө. Ботго байхдаа л тэгж харагдаад байсан хэрэг. Сааж байгаад нүд рүү нь харахад аль нэг эр сүвтэй юм руу сүүмийтэл ширтчихсэн ивлэж байдаг амьтан. Тийм ад дүүрэн малыг чинь юу ч гэхэв дээ.
Сультай элсэн хоолой гаталсан тэмээн сүрэг нь одоо хайрга шир ширхийлгэн алхална. Энэ бол замын зунд орсны тэмдэг. Гажидмаа ийш тийш хараачлан лог шараа үе үе падхийтэл гуядан шавдуулж өнчин дэрст гэгдэх хотгорыг өнгөртөл өтгөрч эхэлсэн бүрийн дундуур гэр нь аяга хөмөрчихсөн мэт бараантан үзэгдэв. Тэгтэл гэрийн нь гадаа нэг лүглэгэр юм байх ч шиг үгүй ч шиг оргив. Хичээж харах тусам нүдэнд нь ус гүйгээд сайн ялгарч өгсөнгүй. Гэр өөдөө ойртох тусам харуй бүрий өтгөрч төдөлгүй гэр нь үзэгдэхээ болив. Тийнхүү харанхуй наашлан наашилсаар агдлан тэврэх мэт эргэн тойрон харанхуйд уусаад гагцхүү тэмээн сүргийнх нь шир ширхийн алхлах чимээ үлдэн хэсэг зуур явтал гэнэт хажууханд нь гал дүрэлзэн хүү нь гэрийнхээ чигийг мэдэгдэв. Мөнөөх гэрийн гадаа байх ч шиг үгүй ч шиг оргиод байсан юм нь өндөр ачаатай машин байжээ. Хамар амыг нь хөлдөж орхих вий хэмээн гайгүй хичээнгүйлэн туурга берзээнтээр бүтээсэн юмсанж. Гажидмаа түүнийг нь мэдээгүй тул харанхуйд тэмтчиж яваад хөглөрсөн туурганы үзүүрт бүдэрч унав. Гэвч цухалдсангүй. Хол ойрын чимээ сонсгох гийчин ирсэнд аминдаа хөөрөн дэгдэгнэж орхижээ. Хүү нь тосож ирүүт л,
- Ижий манайд хүн ирсэн гэж мэдээжийн зүйл шулганаад халуун саванд цай хийгээд тавьчихсан, хоолоо гал дээрээ хийчихсэн. Арай л гаргаагүй байгаа. Та ороод дулаацаж бай. Би лог шарыг тушиж тавьчихаад торомнуудаа уячихая тэгэх үү ээжээ хэмээн урсгалаа. Хүү нь ч бас хүний бараанаар хөөрч баярлаж орхижээ. Тэгээд лог шарыг хөтлөөд гүйгээд явчихав. Тэмээн сүрэг хэвтшээ эрцгээн үнэрлэн холхилдсоноо тус тусын хэвтрээ олж түрүүчээсээ намс намсхийтэл хэвтэж эхлэв. Уяулж сурсан торомнууд нь л зэлэн дээрээ бараантана. Хээлтэй ингэнүүд хэвтэшээ засан пад падхийтэл дэвслэнэ. Гажидмаагийн зүрх гэнэт гижигдэн цохилож ямар улс ирээ юм бол гэж бодогдов. Гэр өөдөө алхалангаа үс гэзгээ сандрангуй илж янзлаад алчуураа тайлан авч жимбийтэл боогоод тэмээн дээр хэлхийн унжиж орхисон хормой хотоо тэгшлэн бүсээ чангалав. Тэгээд тоос товрог болсон байх вий гэж бодон нүүрээ хэдэнтээ шувтран арчаад үүднийхээ сурнаас татлаа.
Галын өмнө том том дөрвөлжин хээтэй хүрэн улаан цамц өмсөж ханцуйг нь шуусан идэр насны шар хүн гурил тасдаж суулаа. Тэрээр ер хэзээний энэ айлын гэрийн эзэн мэт өөриймсөг хэнэггүй нэгэн ажээ. Энэ байдлыг нь үзээд Гажидмаагийн дотор сэрхийн, авгай нь эзгүй айлд шөнө дөлөөр ороод оччихсон мэт гэрэвшин ичингүйрч орхив. Хаалга онгойх чимээнээр мөнөөх хүн өлийн харснаа
- Аа та юу? Сайн явав уу. Бузгай жаварлаг байдаг шүү, даарав уу. За дулаац дулаац би одоохон цай аягалаатхая гэнгүүт босон харайж шургуулганаас аяга гарган цай аягалав. Гажидмаагийн дотор бөглөрч хачин жигтэйхэн бадайрч “Сайн явлаа" гэхээс өөр үг унагаж чадсангүй. "Юүхэв ээ би өөрөө аягалаад уучихая" гэж хэлмээр байсан авч чадсангүй. Илүү нэг л үг хэлбэл нулимс нь сад тавьчих гээд байжээ. Ер эр нөхөр нь нэг хоёр сар эзгүй яваад ирсэн мэт ээл дулаан санагдахын сацуу хэнд ч юм, магадгүй энэ хэнэггүй эрд ч юмуу цөхөртлөө гомдож явснаа гэнэт мэдэв. Алчуураа их л удаан тайлж орон дээрээ тавиад аягатай цайг авч гараа дулаацуулахын тулд хоёр алган дээрээ ёроолыг нь ээлжлэн бөмбөрүүлсээр шимж уулаа. Мөнөөх эр эрэгнэг дээрээс тавагтай боорцог авчрангаа ам хуурай байсангүй.
- Намайг Шархүү гэдэг л дээ. Аймгийн баазынх. Танай суманд жаал гурил будаа хүргэхээр явтал энэ хойно гэнэтхэн тэрэгний бөгс эвдрээд хамт явсан тэрэг маань чирч танай гадаа авчирсан нь зол боллоо. Тэгээд яахав, аяны хүн айлын эрхээр гэгчээр хоол хийгээд л сууж байна гэчихээд хүнгэнүүлэн инээж,
- Тоглосон юм тоглосон юм. Ганц орой ч бол гараа амраагаад аваг гэж саналаа. Ер нь жолооч бид чинь хоолыг муугүй хийдэг юм шүү дээ. Олон жил хээр хөдөө хоол цайгаа аялуулсаар явтал гарт орчихдог юм. Харин танай Тулга сүрхий эр юм гээч гурилыг мөн сайн зуурч байдаг шүү гээд давхарлан тавьсан гурилаа тасдаж эхлэв. Гурил таслах гэж ёстой л жиргэж өгдөг эр ажээ. Заазуур жирс жирсхийгээд бүхэл тэвхгэр гурил гоймон адил жиргэгдэн үлдэнэ. Гажидмаа түүнийг хараад л суумаар санагдав. Гэр нь урд урдахаасаа илүү гял цал болчихсон ч юм шиг, халуу дүүгээд сайхан ч гэж юүхэв. Ёстой л "ёох" гэж хэлээд унаад өгмөөр санагдав. Уг нь өдийд чинь юун ингэж суухтай манатай. Хотон дотроо л тормоо эрээд тэмтчиж явдаг шүү дээ. Тэгээд л шөнө дөлөөр орж ирмэгц хүүтэйгээ гангар гунгар хийсээр хоолоо хийж лааны гэрэл сүүмэлзүүлэн хоолоо идээд хэвтэнэ. Гэтэл энэ орой хүү минь айж бий болов уу яаж байгаа бол гэж огт бодогдсонгүй, тормоо уячихаад л ороод ирнэ биз дээ гэж бодов. Хүний хань бараа гэдэг ийм байдаг ажээ. Манайх чинь сайхан айл байна шүү гэж яагаад ч юм бодогдоод ирэв. Дутуу юм алга. Хүлээн авагч, оёдлын машин, эрээн авдрууд, тэр авдар шигээ эрээлж будсан ор, дээр нь дэвссэн хивс. Урьд нь яагаад ч юм энэ бүхнээ нарийн сайн анзаарч хардаггүй байсан мэт санагдана. Гэр нь ч нэг л цэлийж цайвартаад ч байх шиг. Тэгээд унь тоононыхоо хээг харах гэсэн шиг дээшээ өлийснөө “Хүүе манайх чийдэнтэй болчихож" гэж хэлчихээд учиргүй баярлан алгаа хооронд нь үржээ.
- Аа хунлятрын гэрэл оруулсан юм, сайхан байгаа биз.
- Сайхан юмаа.
- Таныг Гажидмаа гэдэг шиг билээ.
- Тийм тийм. Хүү маань бүхнээ ярьж амжаа байлгүй дээ.
- Тэгсээн. Yе үө мод толгойгоо зуугаад подхийтэл завилаад авах юм. Тэгээд л бид хоёр чинь хөврүүлж алдаж байлаа шүү дээ. Сумын уурын зуухны галч Намжил хар тайлагаа өгчих гээд, их шалдаг бололтой юм. Мань эрд үнэ өртөг нь нэг л боломжийн бус санагдсан бололтой юм. Бас Даш гэдэг хүний хүү Дариймаа гэдэг хүүхнийг гуйгаатахсан чинь цаад Дариймаагийн нь аав ээж юу гэсэн юм дээ нэг л болж бүтэхгүй үг хэлээд Дашийн хүү нь өгсөн захидлаа буцаагаад авчихсан бололтой юм.
- Өө тэр ч бүр энүүхэнд, надад эрхэлчихсэн юм. Алийв та одоо тухал тухал. Би даргиулчихая гээд Гажидмаа бүсээ тайлж дан тэрлэгээ эрэлхийлбэл
- Тэрлэгээ эрээд байна уу цаад орны чинь хөл рүү тавих шиг болно лээ бид хоёр чинь гэр цэвэрлэхдээ л тааруу юм. Хавийн шүүрдэхээс арай л анги байдаг шүү гэснээ "За эмэгтэй минь одоо гэрээ мэддээ" гэсээр босож баруун хойморт гарч завилав. Гажидмаа тэрлэгээ сольж өмсөөд цай аягалж барилаа. Тэгээд гал дээрээс хоолоо гаргаж байтал хүү нь орж ирээд баруун орныхоо дэрэн доогуур юуг ч юм эрэн ухаж ухаж,
- Ээжээ энийг хараа, Шархүү ах өгсөн юм гэв. Гажидмаа хүү рүүгээ хармагц "Хүүе яавлаг" гэж алин цагийн мартагдчихсан охин хонгор аалиар дуу алдаад үсэрч очоод шүүрээд авах хорхой ассан нүдээр ширтэв.
- Май. Энэ нь таных. Энэ нь минийх.
- Яах нь вэ. Миний хүү өөрөө л ид.
- Өөр зөндөө бий. Би уутанд хийгээд хошлонгоос зүүчихсэн. Хөлдөхөөрөө мууддаггүй юм гэж Шархүү ах хэлсэн юм. Тийм ээ ахаа гэлээ.
- Ммг.
Тэр гурав их л жаргалтайгаар хөлсөө чийхруулан хооллоцгоогоод шагай хамав. Шархүү санаатай санамсаргүй алин болох нь бүү мэд ёс шиг хожигдох ажээ. Хуруу гар нь барвийгаад хүрз шиг атлаа сандчин чичигнэж хам хум шүүрэхдээ долоо наймыг л авна. Илүү багтааж чадахгүй, заримдаа андарганаасаа хождож тэвдэхдээ мөнөөх атгасан хэдийгээ ч савируулан алдаж эх хүү хоёрыг оройжин хөгжөөв. Гажидмаа сэтгэлийн угаас ингэж инээж хөхрөлгүй удсан санагдана. Заримдаа нугалан суусан өвдөг нь Шархүүгийн өвдгийг шүргэхэд ч юм уу, аль эсвэл Шархүү сандарч тэвдэж самардаж явахдаа хуруу гараараа биеийг нь шүргэхэд агзасхийн жирвэлзэнэ. Энэ тоглоомд Гажидмаа нэг хүү нь хоёр удаа хожив. Гажидмаагийн залхуу гэнэтхэн учир тоймгүй хүрч хэдэнтээ эвшээлгээд,
- Ёох бүр ядарч орхилоо. Миний хүү одоо унтацгаая. Шархүү ах нь ч ядарч байгаа. Алив ижий нь орыг нь засаад өгье гэсэнд
- Аа ээж. одоо ганцхан л тоглочихоё л доо тэгэх үү гэж тоглоомын амтанд орсон хүү нь шаллаа. Тэгтэл Шархүү нэг л эервүү зөөлөн инээмсэглэснээ "Маргааш бас нөгөөдөр тэрний цаад өдөр тоглоё. Ах нь үнэндээ ядраад байна тэгэх үү Тулгаа гэж эвтэйхэн гуйсанд хүү хөөрөн баярлаж "За тэгье, яг тоглоно шүү" гээд морь харахаар гарахдаа Шархүүг бараадлаа. Орондоо ороод хэвттэл нэг хоёр эвшээлгээд л мөнөөх их нойр нь хаашаа ч юм нисэн одож гэнэтхэн учир зүггүй гиюүрч тэгснээ "Шархүү босоод ирвэл яанаа" хэмээн анх удаа хирдхийн бодов. Төдөлгүй баруун орны зүгээс хүүгийнх нь хурхирах сонсодсонд "Муу хүү минь бүр ядарч орхилоо доо, хамжаа дэмжээ байхгүй, нэгдлийн энэ олон малтай цаашдаа яанадаа” хэмээн бодогдоход хаврын их хавсрага нүүрээд нь маналзах шиг болов. Гэнэтхэн хоймрын ор зөөлөн шажигнаж Шархүү юү юүгүй босоод ирэх шиг болсонд нүдээ тас аньчихав. Тэгснээ чимээгүй болчихоор нь сэмхэн сүүрс алдаад нүдээ нээвэл тоононы сүүмгэр туяа халхлан ханхайтал зогсож байх нь тэр.
- Гажидмаа цаашаа хэвтэхгүй юу гэсэн тасалданги дууг нь сонсоод Гажидмаа алив нэгийг эргэцүүлж амжсангүй хана руугаа эргэн зайчилтал шүлс гудхийтэл залгих чимээтэй зэрэгцэн ялимгүй хөлс, басхүү машинд суухад л үнэртдэг цаанаа л нэг аяг зөөлөн таатай ч гэмээр үнэр үнэртүүлсээр хөнжлийнх нь сэжүүр доогуур шургаад ороод ирэв. Хэн хэн нь дуугарсангүй. Шархүү хоолойгоо зөөлөн зассанаа нэг гараа Гажидмаагийн бэлхүүс доогуур шургуулан тэвэрч өөр рүүгээ эргүүлэв. Гажидмаа уртаар санаа алдсанаа өндийж дан тэрлэгээ тайллаа. Хаа хамаагүй холын хол одон гаригт оччихоод түүндээ учиргүй хөөрөн хөөрөн дэгдэгнэж гүйх мэт жигтэй бадайрч хамаг л ухаан санаа нь нэг алдран нэг буцаж ирэн хөлд орж яваа хүүхэд шиг учир зүггүй хөөрлөө. Хэдэн ингэний нь дэлэн чандайтлаа чинэрэн саамширч гүйлдэн ирснээ, өөрсдөө ивлэн сүү нь дуслах адил болов.
- Шархүү
- Аа
- Хүү сэрчих вий дээ.
Гэвч түүнээ хэлэв үү үгүй юү өөрөө мөн л Шархүүгийн ааш авирт шингэн ороод ухаан санаа бүдэгрэн эзгүй загийн төгөл дунд Шархүүтэй хоёулхнаа айл гэр болон тоглож суугаа балчирхан охин мэт болж байлаа. Тэгтэл өөрөө ч мөн хүн Жоотгонуур, Жоотгонуур Гажидмаахан болчихсоноо ухааран ичиж хөнжлийн сэжүүрээр нүүрээ нууснаа "Одоо яая гэхэв дээ, хэнээсээ ч ичиж нуугдах билээ дээ" хэмээн бодоод тайвширч цээжээ ялимгүй гарган сэрүүцэв. Гэрт анир гүм болж Шархүүгийн зүрх луг луг цохилох нь мэдэгдээд хотонд тэмээн сүрэг нь нэгэн зэрэг ичиг ичиг гэх адил шивэр шивэр хивэх нь тодхон дуулдав. Орчлонгийн энэхэн чөлөөнд юу болоотхов гэх шиг говийн шөнийн хурц одод тооноор нь шагалзана.
- Шархүү!
Цаадах нь зүүрмэглэж байсан бололтой давхийн цочиж "Аан" гэлээ.
- Битгий унт л даа.
- Өө за заа би зүүрмэглэчихэж, одоо унтахгүй ээ, давгүй.
- Хоёулаа гарах уу?
- Морь хармаар байна уу?
- За яршигдаа гэснээ Гажидмаа хөнжлийн сэжүүрээр амаа даран нугдганан инээгээд Шархүүгийн ихэд үсэрхэг суга руу гараа хийн гижигдэж "Yгүй ээ би чамд Жоотгонуур, Идэр бор хоёрыг үзүүлэх гэсэн юм” гэлээ.
- Тэмээ юмуу?
- Тийм, нэг нь ингэ, нөгөө нь харимал ат байхгүй юу.
- Аа. Тэд яахав дээ ямар алга болчих юм биш маргааш л үзье.
Гажидмаагийн урам жигтэйхэн суларч "Нээрэн тийм л дээ. Шархүүд юу нь сонин санагдах билээ" хэмээн сулбуухан бодтол Шархүү гэнэт сэргэн түүнийг тас тэвэрч нугалсан хөлийнх нь тахим руу бадируун хөлөөрөө их л өөриймсөг жийн тэнийлгээд шанхыг нь илбэн сөхөж хацар дээр нь удаанаар үнэрлэн үнссэнээ улмаар тэндээ халуун оргиулан озтол Гажидмаагийн хаахнаас гараад байгаа нь үл мэдэгдэх халуун сайхан хүсэл оргилон бадраад нүдээ анилаа. Нэг мэдсэн үүр цайж байв. Тооноор нь сандарч цочсон бөөн бүгээн адуу дэргэтэл хатиран ороод ирэх мэт цайвар гэгээ садран цутгаж гэрийн доторхи тавилга тодорч эхэлмэгц Шархүү нэгэнтээ суниагаад түүнийг ихэд халуун дотноор тэврэн үнэрлэн таалснаа босоод явав. Гажидмаа хоромхон зуур дугхийн нүднийхээ хорыг гаргуут босож цайгаа чаналаа. Yе үе дуу аялмаар ч шиг, бие нь ихэд хөнгөрч шөнөжин унтаагүй хир нь ядарсан шинж даанч үгүй оргиод орж гарч шалвалзлаа. Шархүү хоймрын ор дүүргэн гараа алдалчихаад унтаж байна. Гүйн очуут өвөр рүү нь хүйтэн гараа шургуулан эрхлэж наадмаар санагдсан их хүслээ ичиглэн шоолчихоод торомтой ингээ шувтарахаар гарлаа. Лог шар нь тушаатайгаа тэмтэчсээр яваа гялаан цагааны хажууд ирээд хэвчихэж. Жоотгонуур Идэр борын нөөлөг их илчинд халууцсан аятай бөөрийг нь налаад байдгаараа тарайчихсан хивж хэвтэнэ. Өөрөө ч мөн л ийм байсан байхдаа. Идэр бор үе үе ихэд янцаглан цатгалдаж хэвтэнэ. Харвал хоймрын ор дүүргэн унтаж хэвтээ Шархүү шиг Хөөрхий амьтан, юундаа ингэж ханаж цаддаг байнаа. Өнөөдрөөс хэдэн хоног уяж сойж уналгүй болохгүй нь. Өөх тосыг нь жоохон ч атугай дундруулж хайлуулж хом бөхийг нь нимгэлж, өгөхгүй бол хур хүчиндээ хуурамч цатгалдаад шинэ ногоо идэж шалихгүй чихэлдэхнэдээ, Буур нь хэдхэн хоногийн өмнө ороондоо галзууран алдаж байсандаа гэмших мэт нүд анилдуулан хоосон шүд хяхатнуулан сүргээс зайдуу хавчигнан чичрэн хэвтэнэ. Шартчихсан хүн шиг. Түүнд одоо Жоотгонуур ч тэр ер юү ч байсан хахь хамаагүй болсон бололтой. Хээлтэй ингэнүүд нь ихэд чихэлдэн янцаглалдаж сүүжилдэхийг үзвэл түрүүчийн ботго юү юүгүй цухуйх нь бололтой.
Гажидмаа гэнэтхэн "Yгүй ер эдэн шиг нэг төрөхсөн" гэж бодогдоод явчихлаа. Эхчүүдийг асрах гэрт эмнэлгийн асрагч сувилагч нараар асруулж тойлуулан шөл ууж төрсөн эхчүүдтэй дэвэн дэлхийн юм хамж шимэн ярьсан шиг хэд хонохсон. Тэгтэл сувилагч орж ирээд л "За эхчүүдээ хүүхдээ хөхүүлэх цаг боллоо. Учир тоймгүй нялуурцгаагаад хөхүүлэх цаг хэтрүүлбээ. Амныхаа самбайг зүүцгээ авчихваа та нар, хүүхдэд ханиад хүрчихнэ шүү" гэж чухам өөрөө төрүүлээд өгч байгаа юм шиг л ихэмсэглэнэ шүү дээ. Тэр ч бас сайхан. За тэгээд л эхчүүд энд тэндгүй л хүүхдийнхээ өлгийг задлан тайлж нэг мэдсэн мөнөөх их таван ханат нялх хонгор үнэрээр халгиж орхино. Мөн ч таатай даа. Нээрэн нэг хүүхдийн булбарай зулай үнэрлэхсэн, би ч жилийн жилд л баахан ботгоны өрвөлөг л үнэрлэх юм шив дээ" хэмээн хөл алдсан бодол хөврүүлсээр хэдэн торомтой ингээ дор нь шувтарчихав. Түвэгсээд ч байх юм байсангүй. Торомтой ингэ нь бараг ширгээд чүү ай хоёр гурван цайны сүү л өгөв. Цайгаа сүлж энэ хоёрыгоо сэрэхээр л нэгмөсөн уухаас гэж бодоод ороо хураав. Шархүү энэ сэжүүрээс л сөхсөн байхдаа гэж санагдаад урьд шөнийх нь хөлгүй их жаргал цэнгэл бас л дутуудсан мэт санагдаж дотроо жуумалзан Шархүүг ширтээд "За гайгүй ээ" хэмээн шивнээд инээмсэглэн эргэв. Тэгтэл ч тэмээ нь босоцгоон холхилдоод эхэлцгээсэн тул гарч билчээрт нь гилчихээд загийн ганц хоёр өгөр хожуул хормойлсоор ирвэл нөгөө хоёр нь сэрчихсэн хоёр том хүн шиг дүнгэр дүнгэр ярьж хэвтэв. Тус тусынх нь аяганд өрөм тос үйгээд цайг нь аягалан орны нь өмнө тавилаа. Хүү нь сурснаараа орон дээрээ дөрвөн хөллүүт хөнжлөө хэдрээд цайгаа оочсоноо "Ижий надад яавлаг өгөөч" гэлээ.
- За заа цайгаа уучих. Дараа нь тожигнуулна биз. Шархүү орон дээрээ өндийгөөд хувцсаа эрж бөгтөгнөв.
- Цайгаа уучихаад аажуу уужуу босооч дээ.
- Сураагүй юм чинь эвгүй оргиод байна шүү. Босоё доо.
- Цайлж хэвтрээ хангаад босохгүй дээ. танай төвийнхөн ч нээрээ яарч адгаж босоод л хагас хугас цайтай л ажил руугаа шогшоод сурчихсан байдаг байхаа даа.
- Yгүй нээрээ, би одоо юундаа ч яарах билээ. Тухтайхан шиг цайлаад л босдог хэрэг үү дээ гэж Гажидмаа руу шунал дундраагүй харцаар ширтэн инээмсэглэтэл мөнөөх айхавтар харц нь энгэр заамны нь завсраар шургаад ороод ирэх болоод Гажидмаа дэмий л захаа тэмтэрч тэгшилж янзаллаа.
Нар дээр хөөрч жавар гэсэж уясаад ирэхээр Шархүү хөлдүү төмөр дүн дан хийлгэн машинаа ухаж төнхөж гарлаа. Байсгээд л "Тулгаа хүү минь нагтнаа аваад аль" гэнэ. Тэгснээ “Ээ хөөрхий наадах чинь дорцоов байна шүү дээ. Чи ер нь жолооч болж нэг л барахгүй нь ээ дээ" гээд инээж дуулдана. Гажидмаа дуу аялан орж гарангаа тогоо дүүрэн борцтой будаатай цай чанаж, илүү гэртээ ороод ганц гүзээ цагаан тосоо гарган ирж булангаас нь их л томоор эмтлэн авлаа. Ингэ нь ид ширүүн ботголж, шилэрсэн ингэний хойноос зүг чиггүй жонжуулж жонжуулж ботгыг нь дүүрч ядарсаар ирээд цайнд үйж уухад ядаргааг гаргууд тайлж амсхийлгэдэг идээсэн билээ. Харин энэ удаа эргэлзэж тээнэгэлзэлгүй хагалж орхив. Харамссан ч үгүй. Басхүү гэртээ оруут зүүн хоймрын авдраа уудлан ингэний нэрмэл гарган шар тос хийгээд зуухны хүхээн дээр тавьчихаад гэрээс гарч "Хөөе, жолооч нар цайгаа уу" хэмээн авдрынхаа мухраас хурган дээлээ гаргаж нар салхи амтлуулан хэцэн дээрээ тохож байгаа хүний адилаар сэтгэлийн гүнээс нургиулан дуудав. Хариуд нь их бага хоёр эр хүн хоёр өөр өнгөөр "За за одоохон очлоо” гэхийн сацуу өглөө ижлээс нь барьж уясан идэр бор гэнэтхэн жоотгонуурыг үгүйлэв үү, аль эсвэл эзнийхээ тэрхүү эервүү наалинхай дуунд уярч гуниглан сүүрслэж байгаа нь тэр үү хэнгэнэтэл гунгалан бурантагных нь үзүүрээс чангааж сарвайх уяа загаа тойрон эргэлдэв. Шархүү яаруу давчуу цайлж, халааж өгсөн архийг хам хум уунгуут түргэлэн гарч дахиад л мөнөөх төмрөө тожигнуулж эхлэв. Ер хичнээн ч удсан юм бүү мэд Гажидмаа "Энэ чинь хүний хүн, явуулын хэрмэл эр, тэгэхээр бушуухан л явахсан гэж яаралгүй яахав дээ” гэсэн гашуун бодол төрөөд хоолой нь юунд юм торж нулимс нь гилтэлзэн гарч иртэл "Байтлаа хүүхэд шиг уйлах нь үү дээ" гэж өөрийгөө зэмлэн унан алдсан нулимсаа ханцуйгаар шудруут тэмээндээ явъя даа хэмээн бодож гэрээс гарав. Нар баруун тийш нилээн хэвийжээ. Шархүү Тулга хоёр нэг том бөөрөнхий төмөр машиныхаа хажууд салгаад тавьчихсан доторхийг нь ухаж төнхөж байна. Yзвээс тэр нь дахин хэрэглэгдэхгүй болтлоо эвдэрчихээд доторхи жижиг сажиг юмных нь аль л бололцоотой гайгүйг нь түүж байх бололтой.
Нар жигтэй таатайхнаар ээсэн ээвэр дулаан өдөр байсанд "Ер нь өнөөдөр хүүгээ явуулъя байз" гэж бодогдоод ирэв, Салхинд гараад ирэг. Дандаа л гэрийн мухар сахиж байх гэж юу байх вэ. Муу хүү минь бүр уйдаж гансарч орхио, хээр гадаа явж. цангинатал дуулаг гэж санаад хүүгээ дуудав.
- Миний хүү, идэр бороороо яваад тэмээгээ хураагаад ир.
- Аа ээж, та явчих л даа. Би зөндөө их ажилтай байна шүү дээ.
- Ээжийнх нь бие зарайгаад халуураад байхад чи тоох ч үгүй юм. За яахав, яахав. Би хээр хөдөө халуурч дагжиж яваад тэмээ малаасаа унаад үхээд өгье л дөө. Аль тэр тохом гаргаад тохоод аль.
Хүү эхийнхээ царай өед аймсран харснаа "Ээжээ та амьсгаадаад байна шүү дээ" гэсэнд "харин тэгээд яагаав. За за бушуул" хэмээн зандарчээ. Хүү нь ч гэр рүүгээ год харайн оров. Гажидмаа машин доогуураа хэвтээд юм оролдон байгаа Шархүүг нэгэнтээ хараад гуниглан сүүрс алдуут идэр бор руугаа очин бурантагийг нь тайлан хөтөлсөөр гэрийн хаяанд авчран сөглөж хэвтүүлтэл хүү нь үстэй дээлээ өмсөж дулаалчихсан тохмыг нь тэвэрч түүртэж бүдэчсээр гарч ирэв.
- Ижий би яваад ингээ хураагаад ирье. Харии нэг яавлаг аваад явъя тэгэх үү гэжээ. Гажидмаа "Эвий минь дээ" хэмээн дотор сэтгэлдээ дуу алдаж өөрийн үйлсгүй муухай санаагаа зүхсээр,
- За яахав дээ миний хүү. Хоолоо хийгээд байж бай. Торомныхоо хөлдүүсийг арилгаарай гэсэнд хүү тоосонгүй.
- Ээж би харин өнөөдөр бууз л идмээр байна. Та хөмлөн зоодой шулж байгаад амттай бууз хийгээрэй. Тэгээд та хоёр хоолоо идэлгүй намайг хүлээж байгаарай. Би ааруул өвөртөлчихсөн. Тээр хараа.
- За тэгвэл өөрөө мэддээ, явбал яваад ир. Ээж нь сайхан бууз хийгээд хүлээж байя битгий их оройтоорой. Тэмээгээ ширүүхэн алхуулаад ирээрэй.
Хүү мордоод "чүү" хэмээн давчихад харвал гарт нь ташуур байсангүй.
- Миний хүү хүлээгээрэй. Гажидмаа ийн хэлчихээд гэр рүүгээ гүйж ороод үлдсэн ганц тэнзээ барин гарч ирэв.
- Ээжээ надад дээс л өгчих.
- Барь барь миний хүү. Хээр билчээр дээр хүн хар таарвал муухай. Хүү үг дуугүй инээмсэглэн ташуурыг авч гуядтал идэр бор хаашаа явахаа сайн мэдэж байгаа бололтой тэртээ өмнө этгээдэд сүүмэлзэгч их бага хайрханыг чиглэн хамар шуухитнуулан тэшлээ.
- Миний хүү! Мэдээтэй яваарай унаа чинь авч шуугих вий.
- За аа ээжээ.
Гажидмаа хотныхоо хөлдүүсийг хүрз малтуураар гялав цалавхийтэл цэвэрлэчихээд илүү гэрээс мах оруулан гурилаа зуурав. Төдөлгүй Шархүү ч орж ирэв.
- Машин тэргээ ашгүй янзалж гүйцэв үү.
- Гүйцэхтэй мантай юм болжээ. Шинийг л тавихаас биш бүр болшгүй болчихож. Гажидмаа зуухан дээрээс бүлээсгэсэн ус авч Шархүүгийн гар дээр хийж өгөөд томхон шиг загийн хожуул авчирч гал руугаа хийчих санаатай гарав. Тэгтэл зууханд багтчихмаар жижгэвтэр юм үгүй болжээ. Бас л түлээ үүрэх ажилтай болох нь хэмээн сэтгэлдээ дэмий нэг үглээд үлдсэн хожуулуудын хамгийн жижгийг чулуун дээр бяцлаж хагалах санаатай өргөх гээд даасангүй, дэмий жаал оролдоод аргал хормойлон орвол Шархүү түүнийг хармагц учрыг ойлгосон бололтой юм ч хэлсэнгүй зөрөөд гарчээ. Тэгтэл ч гадаа заг бяцлах дуулдлаа. Гажидмаа ч тэссэнгүй гартал мөнөөх даагддаггүй бүдүүн бүдүүн хөх загнуудыг толгой дээрээ сэгнийтэл өргөснөө "Сүй сүй” хэмээн чулуун дээр буулгана. Тэр тоолон заг нь ёолох мэт чихраад тас тас үсрэнэ. Гажидмаагийн нар ганц гарчээ. Болж хуна золигуудыг их элэг бариад даагдахгүй байдаг билүү та нар. Хоромхон зуурын дотор гадаах загийг нь бутлаж дуусгаад явган сууж гар дээрээ овоолоод босохдоо Гажидмааг харж инээмсэглэн "Маргааш нэг номхон ат аваад үлдэх юм шүү хэдүүлээ түлшээ базаанаа" гэлээ.
Гажидмааг хараахан төрөөгүй байгаа нялх ботгоны өөвийсөн өрвөлөг, бамбагар зөөлөн тавхай сэлтийг сэтгэлдээ эргэлдүүлэн хар цагаан хоёр өнгийн түүдгээр эргүүлэгтэй уяа томж суутал үе үе түүний зүг нүд буландан харж баруун хоймор ном уншин сүүжилдэж хэвтсэн Шархүү тэссэнгүй босож ирээд араас нь тэврэн авч гэдрэг нь дарав.
- Хүүе л дээ, хүн хүрээд ирнэ гэснээ инээд алдан өндөлзөв.
- Чи ер нь сайхан хүүхэн юмаа. Харах тусам улам л сайхан болоод байх юм.
- Мөөн, өөр юу гэмээр санагдах юм, Аймаг орны хүүхнүүд ч харин сайхан байдаг байх шүү
- Миний хувьд ч тэр сайхнууд нь хүртээлгүй шүү дээ. Ер нь бол байдаг л байлгүй дээ, Миний хувьд ч ямар азаар машин маань энд ирж эвдэрвээ гэж бодоод учиргүй баярлаж байна даа. Гэхдээ би улсын хойшлуулашгүй ажилтай, чи эндээ нэгдлийн энэ олон малтай, бид хоёр яаж ч болсонгүй нэг үйлийн үр ургууллаа даа.
- Хүрээд ир л дээ. Хүү бид хоёр чамд аль байдгаа л зориулна гэж хэлэн алдаад хэлээ хазан тэслээ. Мөнөөх хөгжимчин яалаа мөн л ийм үг хэлж байсан. Хааяа нэг үзэгддэг тоо бүртгэгч ч ялгаагүй, холхиж байснаа л тэсэлгүй сум руугаа яардаг. Энэ Шархүү ч эгээ адил. Тэгэхээр тэр үйлийн үр гээч нь чухамдаа би өөрөө юм байна. Яая ч гэхэв дээ. Гоёо шиг л гав гашуун үйлийн үр чигээр өтлөх учиртай юм байхдаа. Шархүү түүний тахим цээжээр гараа оруулан сэвхийтэл өргөж орон дээр нь тавиут тэртэй тэргүй сулран чирэлдсэн бүсийг нь тайлж эхлэв.
- Хүн хүрээд ирнэ шүү дээ.
- Энэ эзгүй элсэн дунд хэн л ирэв гэж. Эсвэл чамд ирдэг хүн байдаг юм уу. За хэлчих нээрэн байдаг уу.
- Байтлаа хардах нь шив дээ. Надад хэн л ирэхэв дээ. Энгүүн яваа тэмээ малын эрэлчин алийг хэлж мэдэх билээ, гэнэтхэн ороод ирэхэд нь орон дээрээ жарвайтал хэвтэж байвал муухай.
- Энд бас сайхан байна шүү. Нам гүм, хэн ч байхгүй. Бид хоёр л байх шив дээ.
- Чи төв суурины хүн удахгүй уйдна л даа.
Шархүү хариуд нь юм хэлсэнгүй харин суганых нь товчийг имэрч мултлаад энгэрийг нь задгайлж эхэлсэнд,
- Шархүү байзна би хоймроор гээд Гажидмаа үгээ ч гүйцээсэнгүй нөмгөн хэвээр босож хоймрынхоо орыг хонхойлж эхэлжээ. Тэр хоёр хэсэг зуур зүүрмэглэж орхижээ. Гажидмааг зүүдэндээ цочин тийрээд сэртэл гал нэгэнт зогсоод гэрт зэвэр даажээ. Тооноодоо харснаа "Хүүе хүү минь ирэх болчихжээ" хэмээн уулга алдаад дан тэрлэгээ шүүртэл цээж нь хөлөрчихсөн унтаж байсан Шархүү ч цочин сэрж ухасхийв. Хоёул яаран гүйлдэж ор дэрээ хураагаад буузаа хийжээ. Гурвуул өвдөг өвдөгөө нийлүүлэн сууж мөн л шөнө дөл болтол шагай хамлаа. Хүү ташуурыг нь гээчихээд ирсэн авч Гажидмаа загнаж аашилсангүй. Ээжийнх нь бие сайжирч инээж хөхөрч байгаад хүү нь ч баярлаж ташуур гээсэн гэмэрхлээ мартагнан шагай хамж суусан хэвээр үүрэглэв. Гажидмаа орыг нь засаж хүүгээ унтуулаад эргэтэл Шархүү тоононы дор санжиганах гэрлийн унтраалгыг чадхийтэл даржээ. Нэг л мэдсэн тав зургаа хоногт Гажидмаагийн бие хөшүүн залхуутай байдаг нь оргүй болж арилаад зүйрлэвэл намар орой бороонд таана монгол нялхарсан их тал цэмцийн ногоорохын адил хөнгөн цолгиун болж орхив. Юуханд ч гэлээ инээд нь хүрч үе үе гижигдүүлсэн мэт тасхийтэл инээх авай. Мөнөөх засварын улсуудыг ирээд хоргүйхнээр шоглон наргихад ч савыг нь огт хоосон буцаасангүй.
- Тийм, тэгсэн юм Танай Шархүүг мөн сайн аргамжлаа даа. Харин та нар очуут л дарга даамлууддаа хэлээд нааш нь ойр ойрхон явуулж байгаарай гэж хэлэх мөртлөө тас тасхийтэл инээсээр байжээ. Оройхон хирд тэд тэргийг нь засаж өгөөд аймаг руугаа буцацгаав. Шархүү маргааш нь сум руу явахаар шийдэж хонолоо. Тэр шөнө ер бусын богинохон шөнө байсан бөгөөд аймгийн төвд суугч царай зүс бие бялдараар өөрөөс нь хахь хамаагүй дор атлаа тэн хэмжээгүй их аз жаргалын эзэн болсон Шархүүгийн атигар давжаахан хүүхэнд тэсэлгүй атаархсан атаархал дарагдаж сэтгэл санаа цэлмэн "За боллоо" гэж бодогдож амжаагүй байтал үүр цайж эхлэв.
- Шархүү чиний авгай нээрэн тийм царай муутай юм гэж үү?
- Чиний хаана ч хүрэхгүй.
- Тэгээд яагаад суучихсан юм бэ? Салж болохгүй юм гэж үү дээ, Шархүү би чамд дасчихлаа би яах юм бэ? Чи намайг хайрлаач дээ.
- Яараад л суучихсан юм. Чамайг энд ингээд байж байх юм гэж мэдсэн биш дээ. Авгайгаасаа салж чаддаг юм гэхэд хүүхдүүдээсээ салж чадахгүй хүн шүү дээ би. Тэд маань одоо зам ширтээд бэтгэрч байгаа. Манай бага гэж яана, намайг чинь ёстой дагиж өгдөг эр шүү дээ.
Гажидмаа хөнжлийнхөө сэжүүрээр нүүрээ дараад гашуунаар мэгшин уйлав. Шархүү түүнийг өөр рүүгээ шахан аргадаж тэврэх гэхээр цээж рүү нь гараар тулан цахдаж гэдийв. Шархүү ч аргадах гэж дахиж хүчилсэнгүй. Тэгэхээр нь яв яв хэмээн дохиж түлхвэл босоод явжээ. Тийнхүү хэнэг ч үгүй босоод явчихна чинээ санаагүйдээ гэнэт учиргүй харамсан нулимсаа шудран арччихаад босож араас нь очин баахан ноололдов. Нар юү юүгүй мандах дөхжээ. Гажидмаа анх удаа гэрэлт халуун нарыг сэтгэлдээ ад үзэн зандарсан авч нэгэнт өнгөрчээ. Орчлон хорвоо, түүнийг гэрэлтүүлэн гийгүүлэгч ээлт наран би чамд ямар буруутай үйл хийсэн билээ дээ гэх адил зүүн уулын араас цухуйж торгон утас мэт ширхэг нь тооноор гулган орж ирээд жаазтай зурагных нь буланд амсхийх аятай гялтайж байлаа...

... Шархүү бүхээгтээ орж хаалгаа хапхийтэл хаав. Тэгээд түлхүүрээ түлхэхийн өмнө гэрийнхээ үүдэнд бөртийн зогсох хоёрыг харлаа. Хүү нь эхийнхээ гэдсэнд шахан наалдаад нулимс тунасан нүдээр ширтэж байна. Энэ нь тунасан нулимсны цаадах сэргэлэн хар нүд юуг хэлнэв. Ингээд л хаашаа ч хамаагүй яваад өгөхсөн гэж байгаа ч юм болов уу, эсвэл энэ муухай дуутай хүйтэн төмөр тэрэг байгаагүй бол Шархүү ах энд л байж байх байсандаа гэж өгүүлнэ үү бүү мэд. Тэрээр сайртаж хагарсан могжгор гараараа эхийнхээ хормойг хумиж базсаныг нь л зэгсэн сайн анзаарч харав. Энэ л жижиг бор гараар шагайг бөөн бөөнөөр нь хамж байсан. Хөөрхий дөө. Харин тэр хүү юү ч захисангүй. Хүүхдүүд нь ийш тийшээ явах бүрд нь ааруул ээзгий ч юм уу үгүйдээ л гэхэд гоёо захиж бөөн шагшаан шулганаан болдог энэ хүү тэгсэнгүй. Гажидмаагийн нүдэнд мөн л нулимс гялтайж харагдавч түүнээ унагахгүйсэн хэмээн хүчилж байгаа бололтой мушийтал инээмсэглэн хүүгийнхээ түнжгэр зулайг зөөлөн бор алгаараа илж зогсоно. Хэдхэн цагийн өмнө энэ л дулаан алгаар өөрийнх нь цээжийг ингэж л халуу оргитол илж агдлан тэвэрч тоононы бүдэгхэн туяанд цээжээ цайвартуулан аяглаж байсансан. Ийн бодтол дахиад л нэг хономоор санагдан тэсэлгүй шүлсээ гүд хийтэл залгив. Боломжийн л хүүхэн дээ. Харин эхнэрийн Дорлигийнд өгөөрэй гэсэн яавлагийг яаж ч болсонгүй эднийд өгчихөв байна. Хожим мэдчихээд цамнаад унахааргүй нэг аятайхан шалтаг олж хэлэх юм шүү. Сум орох замдаа л бодоод олчихдог хэрэг хэмээн бодсоноо нойр дутуугийн эрхээр өөрийн эрхгүй эвшээж орхижээ. Тийн эвшээтэл нүдэнд нь ус урсах мэт болоод тэрхүү урссан их үер хүү эх хоёрыг хамаад явчих шиг болсонд нүдээ нухаад харвал тэр хоёр гэрийнхээ үүдэнд зогссон хэвээр л байжээ, Шархүү нэгэнтээ тамшаалж тамхиа асаангуут түлхүүрээ түлхэж тэргээ хэд хүчтэй хаазлан нургиулж аваад хөдөллөө. Тэр яваад өгөв. Тэрхүү сүр бараатай машины зогсож байсан газарт түүний талын талд ч хүрэхгүй, хонхойж хоосорсон хөлдүү төмөр ямар нэг олон нүдтэй амьтан "Намайг ингээд орхичихлоо гэж үү" хэмээн гайхах адил онгойж харласаар үлдэв.
- Өө золигдоо, энэнийгээ зайлуулчихаарай гэж хэлэхээ мартчихсан байна шүү дээ. Бид хоёр яагаад ч даахгүй байхдаа хэмээн Гажидмаа харамсан бодсоноо "Yгүй ер нь тэмээ мал үргэлж туйлаад байхгүй болж гэм нүдний буланд өртөсгээд байж байг дээ хэмээн цайруулан уужирлаа. Машины дуу холдон холдсоор Шар хөвийн дөрөлжөөд мацан гарч харагдсанаа зэрэглээнд сэмрэн сэмэрсээр алга болов. Хотонд гялаан цагаан гэнэт хэнгэнэтэл гунганалаа. Ижил хэдэн атаа үгүйлж дээ. Бүгд эр сүвтэй атлаа ингэтлээ ижилддэг мөн сонин амьтад шүү.
- Ингэсгээд ижий нь тэмээ рүүгээ явъя даа. Миний хүү борцтой гурилтай хоол хийгээрэй. Ижийгээ оройтвол гал гаргаарай.
Хүү нь хариу дуугарсангүй, харин эхийнхээ хормойг шүүрэн угзарч юунаас ч юм нүдээ нуух адил нүүрээ даржээ.
Бүрэн эхээрээ...

"Жаргалмаа" (өгүүллэг) Доржзовдын Энхболд

5 Сэтгэгдэлүүд:

Дэндэв юунаас ч болсныг бүү мэд гэнэт сэржээ. Гэрт нь жавар хургаж дух зулай руу нь сэрүү татна. Хотон дахь малаа ямар нэгэн юм болсон байх вий хэмээн чимээрхэн чагнаархвал нам гүм. Зүүн урд зүгт хүрэн шарынх нь хүүгтэл амьсгал татах нь даавуу цуулах мэт тод сонсогдоно. Энэ ч гарцаагүй гявантай мал юм даа гэж бодлоо. Гявантай үхэр ийнхүү хөр цасан дээр хэвтдэг, хэвтрийг нь үзвэл цас ногоон туяатай болж хайлмагтсан байдаг гэж сонинд бичсэнийг уншаад хүрэн шарынхаа хэвтрийг очиж үзвэл цас нээрэн л ногоон туяатай болчихсон байсан сан. Тэгсэн үхрийн гяван гэдэг асар үнэтэй түүхий эд гэсэн сонины үсэг харагдах шиг болоод хүрэн шараа хайрлахдаа нулимс нь гарахаа шахжээ. Юуных нь түүхий эд байхав дээ. Ээж нь яалаа даа. Хэдэн жил зовж шаналан явснаа хот орж цөснөөсөө шүдэнзний толгойн чинээ хоёр гурван чулуу авахуулсан, мэс заслаас гарч ирээд тэнхэртлээ мөн ч зүдэрч удаж билээ. Тэгтэл тэр муу үхээрийн гурван чулуу хүний гяван болох нээ. Мөн ярьдаг улс шүү. Эмч залуу тэр чулуунуудын нэгийг хямсаагаар чимхэн байж харуулаад "За, ээжийн чинь зовлон энэ дээ. Энэ л цөсний амыг таглаад зовоогоод байж. Одоо айлтгүй ээ" гэж инээмсэглэн хэлсэн сэн. "Харин энэ, одоо бол зовлон биш, ердийн л нэг алаг чулуу. Ээжийн минь биед байсан юм даа гэж бодоод авч хадгалбал хадгал, гаргаад хаячихвал ч хаячих, юутай ч хүүд нь өгчихье" гээд Дэндэвт нөгөө гайтмаруудыг өгч билээ. Дэндэв тээнэгэлзсэн авч тайлбар тавьж чадсангүй аваад л даалиндаа хийчихжээ. Анхандаа хаячихъя гэж бодсон боловч нэг л болсонгүй явсаар л байж. Ижийгээсээ хойш хаячих вий гэхээс л байн байн гаргаж үздэг болж билээ. Түүнийгээ Хандармаад ч үзүүлээгүй. Харин Жаргалмаа бол мэддэг байсаан. Жаргалмаа... Дэндүү айвуу тайвуу, дэндүү налгар наазгайдаа Дэндэвийг Хандармаад алдсан даа. Өглөөнөөс үдэш болтол үсээ ч нэг олигтойхон илчихгүй, бүсээ ч чангалаад бүсэлчихгүй, нэг л үлхийсэн юм явдагсан. Хэдэн хүүхэдтэйгээ ноороод л, миний заяа тавилан оногдсон газар энэ дээ гэсэн шиг гэрийн зүүн талд явган сандал дээр эргэлдэн хоол цай юүхэн хээхэн зэхэж уймарсаар өдрийг барна. Дэндэвийг шөнө дөлөөр орж ирж байхад ч хүний урманд хаачаад ирэв гэж асуухгүй гүн нойронд автчихсан унтаж л хэвтэх. Хүний сэтгэл гэдэг өдөр өдрөөр хувирч, алд алдаар хулждаг ажээ. Дэндэв анхандаа хөөрхий минь ядарч дээ гэж боддог байснаа нэг л мэдсэн "Хн, үхэн алдаад байж байгааг нь" гэж боддог болчихсон байж билээ. Жаргалмаа жаргал даасангүй. Хувьтайгаараа Хандармаа жаргалын эзэн болсноор тэр гурвын дундах нууц зөрөг төгсгөлдөө хүрсэн билээ.

Хэдэн сарын өмнө Жаргалмаагийн бие муудаж, хот хүрээ рүү эмнэлэг бараадан явлаа гэж сонссон авч газар холдоод очиж чадсангүй. Өнөө хэдэн хүүхэд яаж байдаг шуу бол доо гэж оройдоо санаашран бодовч төдөлгүй Хандармаагийн хайр энхрийлэлд автаад мартагнаж, гүн нойрондоо автана. Тэгээд ч намар эртэлж орсон цас улам нэмэгдээд хол ойрыг зорьж ч чадсангүй. Энэ цасанд басхүү улс амьтны хөл хоригдсон биз, орж гардаг хүн ч үгүй болж, уулын мухарт аргагүй л нэг хашигджээ.

Дэндэвийн нойр хулжчихаад буцаж ирсэнгүй. Хандармааг зөөлөн нударч, "босно байгаа" гэсэн авч цаадах нь амандаа ямар нэгийг гүвтнэснээ цээжээр нь яг тэвэрч тайвуухан нь аргагүй намуухан хурхирч гарлаа. Дэндэвийн сүүж чилээд өөрийн эрхгүй өндийжээ. Гарвал орчныг түнэр харанхуй нөмөрч, одод өнгөлүүлсэн эрдэнийн чулуу мэт ногоон, хөх, улаан өнгөөр ээлжлэн туяарна. Гэрийнх нь зүүн өмнө зүгт хүрэн шар нь лүглийн хэвтээд хүүгтэл амьсгална. Морь харчихаад эргэтэл хөлд нь нэг юм тээглэх шиг болсноо нөмгөлсөн дээлийнх нь хормой доогуур гутлынх нь түрийнээс дээхнүүр халуу асгаад явчихлаа. Банхар нь гүйж ирээд долоов бололтой. Ер ингэж нялуурдаггүй сэн юу болох нь энэ вэ. Дэндэв банхрыгаа яв чи хэмээн зандартал ухасхийн бусгах шиг болжээ. Дэндэв гэрийн зүг явтал банхар араас нь нэг л их харамсалтайгаар ширтэх шиг бодогдож, хоёр далных нь хооронд халуу дүүгээд явчихав. Дэндэв арай ч ширүүлчихэв үү дээ хөөрхийг гэсэн шүү юм бодоод гэртээ оров. Хандармаа унтсаар. Дэндэв галаа өрдөж, цайгаа чанаж уув.

Нэг л мэдсэн гэгээ орж хоймрын авдар дээрх аав, эжий хоёрынх нь зүмбэр жаазтай зурагнууд тодроод ирсэн байлаа. Аав нь тээр жил Дэндэвийг нэг их урамшуулж билээ. Тэр нь сүйдтэй юм байгаагүй ч Дэндэвийн сэтгэлд мартагдашгүй нандин бодол болж үлдсэн юм. Унагаа барьж байсан зуны эхэн сарын тэр өдөр Дэндэв арван дөрөв хүрч явлаа. Цас хайлуулж унасан унагадынх нь ороо догшин гэдэг хэлэх юм биш. Дэндэв нэг унага гоходчихоод навсайсан юм чирэгдээд алга болжээ. Гэвч алдсангүй шүд зуусаар нэг сиймхий дээр нь уллаж авуут ямар ч гэсэн тогтоож билээ. Тэгтэл аав нь тэртээ холоос "эр хүн" гэж хэлэх нь адуу пижигнэсэн их дуун дундаас тов тодхон сонсогдох нь тэр... Дэндэвийн цээжинд нар ургах шиг болсон доо. Өглөөд хоёр хөгшнийхөө зургийг харж суухад аавынх нь хэлсэн тэр үг сэтгэлд нь хангинах шиг болно. Тийн суутал жаазтай зурган дундаас нэг зураг харцыг нь татлаа. Гурван сөөсгөр охин нь гэрийн хаяа бараадан тоглож байна. Зураг авч байгааг тэд мэдсэнгүй. Дундах нь багадаа ааруул өгч байгаа бололтой сарвайжээ. Энэ бол дүүгийнх нь хийсэн ажил. Зураг авах дуртай, хүүхэд эрхлүүлэх нь дэндчихсэн хүн билээ. Энэ зургийг ч гэсэн хэрхэн авсан дүр нь Дэндэвт харагдах шиг болно. Инээд нь яасан хүрч байсан бол. Тэр ер нь тэгдэг хүн. Хүүхэдтэй хүүхэд болж шуугиад Дэндэвт загнуулсан нь нэн олон. Мөнөөх зургийг хартал хэдэн хүүхэд нь дахиад л бодогдож, "Ер нь ойрын үед очиж нэг эргэе" гэж шийдээд хэдэн малдаа өвс тэжээл хаяж өгөхөөр гарлаа. Тэгтэл гэрийнх нь хаяанд нэг муу нооройсон гичий хэвтэж байх нь тэр. Ямар гээчийн үзээрийн амьтан хаанаасаа гараад ирдэг байна аа гэхээс Дэндэвийн цухал хөдөлж "Яв, чи" гэж зандраад газраас чулуу шүүрэгчийн дүр эсгэтэл нөгөө гичий цаашаа зуларч хэдэн алхам харайсан боловч хачин номхон гөлөрсөн нүдээр ширтээд гинших мэт зөөлөн дуу гаргав. Дэлэн хөх нь салбайтал унжиж, нэг нь хөлдөж хагарсан болов уу гэлтэй цус шүүрсэн байхыг нь хараад гэнэт өрөвдөж "Хөөрхий дөө, зовсон амьтан юм. Юун эрт гөлөглөдөг лүд вэ. Хэдэн гөлөг нь осгочихоо доо, жаал хоол өгчихвөл салахаа больчихдог болов уу" гэсэн ээдрэгдсэн бодолдоо тээнэгэлзэн хэсэг зогссоноо яавал ч яаг, дүүрсэн хэрэг гэж бодоод оройн хоолны үлдэгдлээс банхрын идүүрт хийгээд гичий рүү түлхлээ. Тэнэмэл гичий түүнийг нь үнэрлэсэн ч үгүй, харин алс хойт зүгийг харан гингэнэтэл улив.

Дэндэвийн зүрх рүү ёгхийтэл хатгуулах шиг болоод тэр амьтны тухай ямар нэг төсөөлөл төрж, өвсний хашаанаас морио гарган эмээллэж, яаруу давчуу мордтол гичий түүний бодлыг ойлгосон мэт хойт зүгийг барин, "энэ зүдэрсэн амьтнаас ийм хүч бас гардаг аа" гэж гайхмаар сунан дүүлж гарав. Дэндэв ч хоцорчихгүйг хичээн морио гуядан, гуядан цогиулав. Гичий давхисаар Дуулгат хэмээх сүрлэг уулын өмнүүр духны хөндлөн сорви мэт зурайн байдаг гүн жалга руу харайн оров. Дэндэв ямар юм үздэг бол гэхээс дэнслэн, дэнслэн дагаж явлаа. Тэгтэл жалганы мухарт нэг муу тарзны өөдсөн дээр гурван гөлөг бие биеэ байдгаараа шахан бөмбөгнөтөл чичирчихсэн хэвтэж байх нь тэр. Морь нь тэднээс үргэж хамраа тарчигнуулан дэвхэцлээ. Дэндэв бууж морио тушаад өнөө гурав руу очуут дуу алдан шогширч, гурван гөлгийг цувуулан хормойлтол дороос нь дахиад хоёр гарах нь тэр. Харин тэр хоёр нэгэнт осгоод хэрэг нь өнгөрсөн байлаа. Гэвч амьд гурвынхаа илчинд бөөр нь бүлээн байх нь тэр.

Дэндэвийн нүдэнд нулимс гүйлгэнэж "Би чинь даанч дээ, хүн шүү дээ" гэж дуу алдаад мориндоо мордон гэрийн зүг давхилаа. Нөгөө хэдэн гөлгийг өвсөн дотор тавьчихаад гэртээ ч орсонгүй, Жаргалмаагийнд очихоор мориныхоо хар гүйхээр давхив. Хандармаа нөмгөн гараад ирчихсэн араас нь гайхсан янзтай харж байснаа "Хүүе, өвчит минь, морь тамлаж хаачих нь вэ" хэмээн хашхирч байна. Нэг дөмөгхөн хариу хэлчихье гэж бодоод эргэн хартал нөгөө нооргор гичий нэг их ноолгор харцаар араас нь шимтэн харж байхыг үзээд юу ч хэлсэнгүй морио хорстол нь гуяджээ.
Бүрэн эхээрээ...

Яруу найрагч Б.Одгэрэлийн нэгэн шүлэг.

4 Сэтгэгдэлүүд:


Ангаж, хатаж явахад амсуулсан
Аяга хүйтэн ус шиг
Цаг зуурханд зөрөөд өнгөрдөг
Царайлаг хүүхнүүдэд би талархдаг

Түрхэн зуурын гутрал, уналтыг минь тэд
Түргэн тусламжийн тэрэг шиг аваад оддог
Амьдралд дурлахад, хатуужихад, дуртгал сэргэхэд
Анзаарагдамгүй, тийм л учралууд замын дэнлүү шиг гийгээд

Санах, мартах, цэнгэх, зовохтой зэрэгцэн
Санаандгүй, харамгүй ээлжлэн байдаг
Сүмийн хандмаа, номын зураг шиг
Сүйт хүүхний тухай гэгээн төсөөлөл шиг

Тэр хүүхнүүд хэзээ ч зовлон амладаггүй
Тэгээд ч бид эхлээд шаналлын тухай боддоггүй.



Б.Одгэрэл. Үл таних зочин. 24 дэхь тал. Бүрэн эхээрээ...