Нэг
Миний сэтгэлийн нэгээхэн мухарт хуучны нэгэн сандал байдгийм. Хэн, хэзээ түүнийг тэнд лав гэгч нь суулгаж орхисныг би мэдэхгүйгээс хойш одоо хэнд хамаатай гэж. Гагцхүү агь үнэртсэн тэр модон сандал дээр би өглөө болгон ирж, алс тэртээг ширтэн нам гүмийг анирдан суух дуртай.
Үүр цүүрийн завсраар ингээд суухаар үлгэр туульсын эгэлгүй ертөнц үелзээд ирдгийм. Одоо мөдгүй эртэч хэдэн бялзуухай айдаст нүдээ гялтгануулан ирж, эртний хэлээр нарыг дуудан жиргэх болно. Би тэднээс өхөөрдлийг мэдэрдэг. Өхөөрдөл гэдэг орчлонгийн хамгийн энхрий мэдрэмж байх. Төд удалгүй тэдний дуудсан тэг дугираг хуучин нар шинэхэн гэрлээ цацруулсаар тэнгэрийн хаяанаас мандахад цэв цэнхэр гариг маань цээлхэн хоолойгоор дуулах болно. Айдсаа гээсэн өнөөх хэдэн бялзуухай нарны цацраг дамжин нисэж одно. Нар угаасаа л итгэл найдварыг тээгч байх.
Моддын навчис салхин сэвшээг хөглөж, мөчир мөчиртөө бүжнэ. Морьд хаа нэг тургилангаа молор эрдэнийн толгой хаялж, балар эртний зүүдэнд умбана. Шүүдэрт шумбасан гоо өвс гэзгээ шувтран жингэнэх болно. Аргалын утаа тэнгэрт суунаглаж, амар амгаланг татлах болно. Айлын бүсгүй ашдыг ерөөж, алтан наранд сацал өргөнө.
Ай даа . . . арав арван жилээр алсарч хоргодмоор ертөнцдөө агь үнэртсэн модон сандал дээр алсыг ширтэж, анирыг анирдан суунам би . . .
Бяцхан бялзуухай хаанаас ирээд, хаашаа оддогийг би мэдэхгүй.
Хоёр
Миний зүрхний аглагхан ховдолд эртний нэгэн сандал байдгийм. Хэн, хэзээ түүнийг тэнд зориуд орхисныг мэдэхгүйгээс хойш одоо хэнд хамаатай гэж.
Гагцхүү арц үнэртсэн тэр модон сандал дээр өдөр болгон ирж, гүн хөх тэнгэрийн гүелзэх мандалыг бэдрэн суух дуртай.
Тас хар тэнгэрт туссан цавьдар нарны шаргал туяа түүнийг гүн хөх болгодгийг мэдэрнэм. Жин үдийн энэ цагаар халсан агаарын дүнгэнээн хамаг жингээрээ дэлхийг дарна. Тэнгэрийн хянганд тогтсон хурган цагаан үүлнээс хэдхэн дусал, бодол чийглэн унана. Унахгүй ч байж мэднэ.
Ирвэлзэж, жирвэлзсэн охин-зэрэглээн дундуур дэрвэлзсэн эрвээхэй эргэлдсээр ирж, цэцэгсийн дэлбээнд өөрийн ертөнцийн ховыг ярина. Эрвэлзэж дэрвэлзсэн өнөөх хэдэн эрвээхэй бас л хаа нэг тийш явж одно. Эднээс би эмзэглэлийг мэдэрдэг.
Хөх аргал дээр суусан хээрийн согтуу чогчого халамцуудаа хамаг нууцаа дэлгэнэ. Хагсаж хагарсан модон тэргэн доор халтар банхар урт хэлээ унжуулан урд насны нүглээ наминчилна. Гүү саамны хооронд гэрийн сүүдэрт үүрэглэх хүү өөрийнхөө үүсгэлийн усан далайг туучин үнэгчилнэ. Дуниартан хэвтэх их тал, дун цагаан цасыг хүсэмжлэнэ.
Ай даа . . . Зуу зуун жилээр зуларч хорогдмоор үймэн зүүмэн ертөнцдөө арц үнэртсэн модон сандал дээр гүн хөх тэнгэрийн гүелзэх мандалыг бэдрэн суунам би . . .
Эрвээхэй чухам хаанаас ирээд хаашаа оддогийг би мөн л мэдэхгүй.
Гурав.
Миний бодлын алсхан үзүүрт хөсөг нүүдлээс гээгдэж хоцорсон дотны нэгэн сандал байдгийм. Хаанахын, хэний нүүдлээс үлдсэнийг хэлж мэдэхгүйгээс хойш одоо хэнд хамаатай гэж. Гагцхүү амрагийн үнэртэй тэр модон сандал дээр үдэш болгон ирж, орчлонгийн хязгаараас зөвхөн намайг л гэж оносон охин сэтгэлийг сүслэн бодох дуртай.
Тас тэврэмээр, тасдаж идмээр, тачъяадан гийнах цангаж ангасан тэр мэдрэмж хаанаас ирдгийг би мэдэхгүй ч амрагийнхаа үнэрт хамар цоргиж, яргаж цахалсан тэр гиншээн чих эрвэгнүүлэхэд урангоо түүнийхээ уруул завсраар урсан оддогийг би мэднэ. Амраглал гэдэг магадгүй ашид мөнхийн мэдрэмж байх.
Одоо удахгүй нар таширлан унаж, олон уулсын цаагуур тунирхаж одно. Нар хаанаас ирж, хаашаа буцдагийг би мэдэхгүй. Гагцхүү уяхан цагаан манан уулын оройг таалж, шөнөжин ураг холбогдоод өглөө үүрээр бялуурч үлдэнэ.
Чагтнаас мултарсан унага эхээдээ чавхдаж, эхлээрийн чандад зэрэглээ болон дэгдэнэ. Адууны хөлөөр боссон тоос, алаг хорвоогийн жамыг учирлана. Сээхэлзүүр өвсөнд чийг унаж, сэрлийн уянгаар янаглан тэврэлдэнэ. Ялаа хүртэл янаглалын тухай онол хүүрнэдэг.
Ай даа . . . Мянга мянган жилээр аргамжаатай үлдмээр арга билгийн энэ орчлонд амрагийн үнэртэй модон сандал дээрээ намайг л гэж оносон охин сэтгэлийг сүслэн бодсоор суунам, би . . .
Шувуу шиг ирдэг, эрвээхэй шиг эргэлддэг, амраг шиг янагладаг ямар нэгэн “юм” надад байдгийм байна. Ерөөс, нар надаас мандаж, надад жаргадаг.
Түмэнбаярын Бум-Эрдэнэ
Бүрэн эхээрээ...
Мянга мянган жилээр . . .
"Салалт" (Өгүүллэг)
Сарнай Зоригтыг сугадан алхана. Намар оройн тогтуунд хотын гудамжаар хайрын хаврыг мэдэрч алхана гэдэг бас л нэг жаргал. Сарнай гэнэтхэн түсхийтэл инээд алдав.
- Яасан бэ?
- Саяын алиалагчдыг бодоод. Хөөрхөн юмаа. Эд яаж ийм юм бодож олдог байна аа?
- Бөмбөлөгөө хагалаагүй бол ч тэр хоёрын хайр өнгөрсөөн. Ингэхэд тэд тэр бөмбөлөгөө хийх гэж зовсон байх даа?
- Бөмбөлөгтөө хайртай ч гэсэн хагалахаас өөр замгүй юм даа
- Харин тийн. Пүдхийтэл мөргөлдөөд л хоёр тийшээ өнхрөөд унахын. Тэгээд хашрахгүй дахиад л бие биен рүүгээ гүйх нь хөөрхөн тээ. . .
Зоригт Сарнай хоёр циркийн үзүүлбэр үзчихээд харьж яваа нь энэ. Хөөрхий алиалагчийн хөгтэй явдлыг хөгжилтэй нь аргагүй ярьж, яг л залуухан охин шиг инээх Сарнай Зоригтын сэтгэлийг улам нялхруулна. Аз жаргал гэдэг атгаад авсан хүндээ алхам бүрт мэдрэгддэг сэтгэлийн амттан ажээ.
Циркийн манеженд томоо гэгчийн хийн бөмбөлөгтэй эр эм хоёр алиалагч зөрөлдөн алхана. Тэд өөр өөрсдийнхөө бөмбөлөгийн сайхныг илэрхийлж, илж таална. Төдөлгүй бие биенээ олж харан сэтгэл алдарч, хөтлөлцөн алхана. Хийн бөмбөлөг нь том учир гар нь арай чүү гэж хүрэх ажээ. Улам бүр дотносох тэд тэврэлдэн үнсэх гэвч яагаад ч хүрэхгүй. Асар их хүчин чармайлт гарган холоос гүйж ирэн тэврэх гэвч хийтэй бөмбөлөг хоорондоо мөргөлдөж тэд тэртээ хол үсэрч унана. Босож ирээд дахин оролдоно. Үзэгчид тэгэх тоолонд элэглэн шоолцгооно. Бүр эвхэрч унан инээлдэнэ. Эцэстээ алиалагчид бөмбөлөг саад болоод байгааг ойлгож, хагалахаар шийднэ. Эхлээд эрэгтэй нь харамсаж байгаа хэдий ч зоригтойгоо илтгэн хагалав. Гэтэл мөн л хоёр биенээ тэвэрч, үнсэж чадсангүй. Тэгээд эмэгтэй нь бас л харамсан байж хагалав. Өөрсдийнхөө хамгийн хайртай бөмбөлөгийг хагална гэдэг тэднээс ихээхэн сэтгэлийн тэнхээ шаардах ажээ. Гэвч эцэстээ тэд бие биенээ тэвэрч, үнсэж, хайрлаж чадаж байв. Алиалагчдын үзүүлсэн сюжет энэ.
Үүнийг Сарнай дахин дахин бодож, бодолдоо болон хөгжилтэйхэн инээж яваа юм. Сарнайгийн зөөлөн хар үс салхин аясаар намилзаж, сахилагагүй гэмээр очис тохь суусан харцанд нь зочин юм шиг гэрэвшинэ.
“Өдий насанд ийм сайхан бүсгүй надад заяах гэж. Би ч бас азтай моньд шүү” гэж Зоригт нэгэн бодлын бүсгүйгээр, нөгөө бодлын өөрөөрөө бахархаж явав. Бахархахаас ч яахав. Энэ хоёр дөч гарсан хойноо учирч, эргэх хорвоогийн эерүү аашинд ээнэгшсээр ойрмогхоноос Зоригт Сарнайгийнд ирж нэг гэртээ оржээ.
Хоёул инээлдсээр, хөтлөлцсөөр, хослохын жаргалд умбасаар гэртээ ирцгээв. Сарнай угаалгын өрөөнд ортол зах нь яльгүй хиртсэн Зоригтын эрээн цамц өөрийг нь хүлээх мэт хөглөрөн хэвтэнэ. Хоёр ч хоног хэвтэж байгаа цамцыг Сарнай угаах гэтэл яагаад ч юм “энэ чинь өөр хүний цамц” гэсэн хөндлөнгийн салхи исгэрээд ирлээ шүү. Ер нь Зоригтыг энд ирснээс хойш гадны хүн гэх нь ч хаашаа юм гэхдээ л энэ минийх биш гэсэн бодол үе үехэн тэгж бодогдоод байх нь сонин. Зоригт ч гэсэндээ “танай энэ, танай тэр” гэж ярьдаг. Тэгэхээр өөрийнх нь зөв ч юм шиг. Сарнай цамцыг тэр чигт нь орхиод жаахан хоол бэлдэхээр гал тогоо руу явлаа. Мах гаргаж, ногоо арилгах зуураа “Ямар хоол хийдэг билээ” гэж бодов. Уг нь өөрийнхөө хүслийг чагнавал хуурай хоол идмээр. Гэвч Зоригтоос асуухгүй бол, эртээрхэн хоолноос болж ам зөрсөн санагдана. Шөл идэх байсныг нь мэдэлгүй хуурга хийсэн хэрэг л дээ. Тэрийгээ санан асуух санаатай том өрөөнд ортол Зоригт хамаг хувцсаа тайлаад шидчихсэн нүцгэн тэрийж харагдав. Түүний энэ байдал Сарнайд аятай санагдсангүй. Гэнэтхэн дургүй нь хүрээд асуусангүй эргэлээ. “Үгүй ер, хийгээд өгсөн хоолыг идвэл идэг, байвал байг” гэж бодогдож байна. Сарнай үе үехэн хуйрагнаад ирдэг энэ сэрэхүйгээ дарах санаатай дуу аялав.
Дөч гартлаа ганцаар амьдарсан Сарнай хүссэн хоолоо идэж, дуртай үедээ унтаж, сэрсэн цагтаа босож, хэнээс ч хамааралгүй явсансан. Гэтэл хүнтэй суучихаар тиймгүй ажээ. Ямар нэгэн үйлдэл байтугай амнаас гарах үгээ хүртэл хянах ёстой болдог нэгэн бодлын төвөгтэй. Сарнай энэ бүхнийг нөхөрт гарсан найз бүсгүйчүүдийнхээ амьдарлаас анзаардаг байсан болохоор мэдэхгүй биш мэднэ л дээ. Гэхдээ ингэтлээ мэдрээгүй явж.
Гэлээ гээд одоо яах билээ дээ. Ямар тэгтлээ их зовоод ч яваа биш. Заримдаа Зоригтыг “Ингэж зөрүүдэлж байхаар зүгээр л татаад үнсчихээсэй” гэж бодох үе байдаг л юм. Даанч Зоригт энэ хүслийг нь анзаарахгүй нь харамсалтай. Эрчүүд ийм насандаа өөрсдийгөө хаан мэт гэрийн хойморт намбайгаад л байх ёстой гэж боддог шиг байгаа юм. Тэрэндээ ч дуртай бололтой. Гэтэл бүсгүй хүн гэдэг чинь үргэлж л хайрлуулж, халамжлуулж байх дуртай улс. Тэр тусмаа хожуу ханилсан бүсгүйчүүд бүгд л тийм байдаг байх. Анх учрахдаа Зоригт
Нөхөргүй хүүхнүүд
Тэврүүлж хэвтэх дуртай байдгийм
Нөмгөн сэтгэлдээ тэд
Нөмөр нөөлөг хайж явдгийм . . . гэж ирээд л уншихад Сарнайд нэг их сайхан санагдаж билээ. Одоо л нэг өөрийг нь ойлгох хүнтэй таарсан санагдсан байх. Тэр яагаад ч юм санаа алдав.
Зурагтын суваг эргүүлж суусан Зоригт “Энэ маань юу хийгээд байгаа юм бол? Уух юм дөхүүлчихгүй юм байх даа” гэж бодоод угаалгын өрөө рүү орлоо. Өчигдөр ч билүү, уржигдар ч билүү тайлсан цамц нь яг хэвээрээ хэвтэж байв. “Өө, энийг базаад гаргачихад юу нь болдоггүй байнаа” гэж бодсоноо
- Хайргүй нь л тэр байхгүй юу гэж өөрөө өөртөө хариулаад цамцаа угаах санаатай авав. Гэтэл яагаад ч юм болсонгүй.
- Гаднаас орж ирчихээд аяга цай ч дөхүүлчихгүй, ганц цамц ч угаачихдаггүй эхнэр гэж хаа байсан юм гэж уцаартай хэрнээ сулавтар үглэв. Найз нарынх нь эхнэрүүд хааяахан яваад ороход цай хоол дөхүүлэхээс авхуулаад угааж арчихдаа нөхрөө гар хүргэдэггүй л юмдаг. Тэр байтугай хүссэн хоолыг нь хэлсэн юм шиг л хийгээд өгчихнө. Хүний эхнэр ийм байхад манай энэ эртээр яав. Найз ороод ирэхэд огт хөдлөхгүй зэрэгцээд л суугаад байх юм. Ямар ресторан биш дээ. Аргаа бараад “Цаана чинь хүнд амсуулчих юм юу байна? Дөхүүлэх үү хө” гэхэд “Миний хань очоод аваад ирэх үү” гээд л хошуугаа цорвойлгоод байгаа юм шүү дээ” гэж бодлоо. Зоригтын цээжинд зүүрмэглэж хэвтсэн саарал гуниг цочин сэрэх шиг болов. Тэрээр цамцаа буцааж шидчихээд Сарнай руу очин
- Сарнай . . . Миний хань хөгшнийхөө цамцыг базчихгүй яагаа вэ хө гэж хэрээрээ эелдэгхэн хэллээ. Гэтэл Сарнай
- Миний хайр өөрөө угаачих юм уу гэж хөөрхөн аалиар хариу барив. Зоригт нэг л олигтой уурлаж болдоггүй. Цөхөрсөн янзаар
- Үгүй ээ, чи нээрээ . . . гээд үгээ ч гүйцээж чадахгүй түгдрэхэд Сарнай хоолоо хутгангаа
- Нээрээ юу гэж? Би нээрээ яасан билээ? Хоол хийгээд байхын гэж үү? Тэгвэл больчих юм уу? гэж илт өдсөн өнгөөр хэлэв.
- Больчихооч
- Чи цатгалан байгаа юм уу? Тэгвэл би тийм биш байна л даа.
- Гаднаас орж ирээд аяга уух юм дөхүүлчихэж болохгүй юу
- Энд байгаа ш дээ. Аль хэдийн чанасан. Миний хань хийгээд уучихгүй. Гар хөл нь зүгээр биз дээ гэж цаанаа бүр нэг ёжтой хэлэхэд Зоригтын дотрыг хоолны хутгуураар ухаад хаячих шиг болов. Гэсэн ч тэрээр аргаа барсан шинжтэй ээрч, түгдэрч байснаа цааш эргэлээ. Сарнай хойноос нь харах хэдий ч царай өгсөнгүй. Зоригт том өрөөнд ороод юу хийж явснаа санах гэсэн мэт хэсэг гөлрөв. Тэр уурандаа багтраад байгаа бололтой.
Зоригт ганц бие явахдаа сайхан байжээ. Хэн нэгэнд найдах гэсэн ойлголт байхгүй. Өөрөө л хийчихнэ. Дуртай цагтаа гарч орно. Хаа явж, хэнтэй уулзсанаа тайлагнаад байх шаардлагагүй. Хааяахан ганц нэг дотроо халаачихад нэг их хулганаад байхгүй. Эхнэртэй эрчүүд цаанаа нэг дүлэгнүүр, зарим нэг юманд хорголоо тоолоод, гортойгоод ч байгаа юм шиг харагддагийг ганц нэг найз нарынхаа байдлаас мэднэ л дээ. Даанч ийм хэцүү байдгийг мэдэрч явсангүй.
Тэр гараа угаах гэж явснаа гэнэтхэн санаж угаалгын өрөөнд ортол өнөөх цамц нь дахиад л хууч хөдөлгөх гэсэн мэт хэвтэж байв. Цээжний гүнээс үл мэдэг хөндүүр гиншээд ирэх шиг болов. Үүндээ ч тэр үү уур нь оволзоод ирэв.
- Чи өөрийнхөө хувцсыг угаадаг л биз дээ? гэж байдгаараа хашгирахад үүнийг нь Сарнай бүр хүлээж байсан аятай
- Тэр чинь минийх юм чинь тэгэлгүй яадгийн гэж гал тогооноос орилов. Үүнийг сонссон Зоригт угаалгын өрөөнөөс ухасхийн гарч ирээд
- Чи ер нь ингэхэд яахараа . . . яахаараа . . . гээд багтарсандаа цааш нь үргэлжлүүлж чадахгүй байгаа бололтой баахан амьсгаадан зогсов.
- Яахаараа юу гэж? Би чиний цамцыг угаах гэж чамтай суугаагүй ш дээ
- Тэгээд . . . Тэгээд яах гэж суусын? гэж Зоригт уурандаа ямар ч утгагүй асуултыг учиргүй хашгирч асуулаа. Асуух ч гэж дээ зүгээр л дэлбэрчихэв. Ингэснээр Зоригтын хувьд байдал хүндрээд ирэв. Бөхөөр бол хөлөө алдчихлаа гэсэн үг л дээ. Гэвч ингээд л буугаад өгчих ч бас хаашаа ч юм бэ дээ.
- Чиний орилохыг чагнах гэж л лав суугаагүй шүү гэж Зоригт чангахан хэлэх гэсэн чинь нэг л эрчээ авч чадалгүй зүгээр л нэг гиншээн маягтай юм болчихов. Түрүүний балмагдал түүний хэрүүлийн энерцийг бууруулсныг анзааралгүй дэмий оролдлого хийж. Үндэсний бөхөөр бол ингээд л унаа. Гэвч ялагдахгүй гэсэн хүслийн гялбанцар Зоригтын цээжний мухарт байгаа учир чөлөөт бөх болгоод доошоо хараад хэвтчихэж байгаа юм. Нэг оноог бол аль хэдийн алдсан. Харин одоо нэмж оноо алдахгүй хамгаалах хэрэгтэй.
“Одоо л энэ над руу сэхээ самбаагүй дайрна даа” гэж бодон зогстол Сарнай энэ моментыг ашиглах сөхөөгүй байгаа бололтой хоолоо хутгаад зогсов. Тэгэхээр нь Зоригт байдлыг өөртөө ашигтайгаар эргүүлчих санаатай хоёр гараа алдлан, мөрөө өргөж “одоо яах вэ дээ” гэсэн үйлдэл хийгээд додигорхон эргэлээ. Энэ үйлдэл Сарнайгийн аазгайг хөдөлгөв бололтой араас нь ирж
- Ингэхэд чи надаас л элдвийг шаардаад байхаас намайг ойлгодог юм уу? Үгүй биз дээ. Энэ амьдралынхаа эв зүйг байтугай миний аашийг олоод явчих ухаан чамд байгаа юм уу? гээд завсар өгөлгүй үглэж эхлэв. Завсар өгсөн ч Зоригтод хэлэх үг байсангүй. Хий дэмий л “Түрүүн шал дэмий мөрөө өргөлөө” гэж бодов. Гэвч Сарнай зогссонгүй
- Зүгээр л нэг татаад үнсчихийн оронд чи уурлаж, тунирхахаас өөр юм байхгүй. Би дандаа чамайг аргадаад гүйгээд байж чадахгүй гэснээр Сарнай нуман тулгууртай шахаж эргүүлэх мэх хийгээд Зоригтоос өчнөөн оноо авчих нь тэр.
“Тэгвэл одоо үнсчихдэг юм бил үү” гэж бодоод хартал Сарнайгийн нүд нь гялтганаад нэг л эвгүй. “Худлаа даа, худлаа. Одоо л ингэсэн дээр нь нам даръя гэж бодож байгаа. Ёстой зэвүүн” гэж бодоод Зоригт
- Хэзээ би чамд тунирахчихаав? гэж хэдэрлэв. Түрүүчийнхийг бодвол дуу шуу нь овоо өндийх нь өөрт мэдэгдээд ирлээ шүү. Шүүгчийн шүгэл тасхийж, ашгүй хэвтээ байдлаас босгох шиг.
- Дандаа. Цаг үргэлж л чи надаас анхаарал халамж нэхдэг биз дээ? Худлаа юу? Айн? гэж хэлээд Сарнай Зоригтыг хариу хэлж зүрхлэхээргүй харцаар харлаа. Арай хийж өндийнгүүт хоёр хөлд нь давхар хамчих нь тэр л дээ. Гэвч Зоригт ингээд л ялагдчихыг хүссэнгүй. Хамаг хүчээ шавхан
- Тэгээд чи ер нь юу хүсээд байгаа юм бэ? Салах гээ юү? гэж хашгирлаа. Дээх нь нэг удаа ингэж орилоод Сарнайг овоо сулруулсан удаатай.
- Салсан ч яадгийн. Ийм амьдрал гэж юу байдгийн гэж Сарнайгийн хэлэх нь шийдэмгий ч сонсогдох шиг эвгүй. Гэсэн ч нэр хичээж
- Сал . . . сал . . . Юм л бол сална, сална гэдэг чи. Явж үз зүгээр. Тэгээд ч чи бид хоёрын хооронд эвлэх юм гэж алга. Зайлахгүй юү чи гэж Зоригт хамгийн сүүлчийн аргаа хэрэглэлээ. Тэр өөрийнхөө юу хэлснийг ч анзаарах сөхөө байсангүй. Тэгтэл Сарнайгийн хоёр нүд магнай дээрээ гараад ирэх нь тэр. Хүний нүд ингэж дээшилдгийг анх удаа харсан Зоригт гэнэт ухаарч “би юу хэлчихэв” гэсэн янзтай бодолхийллээ.
- Өө хө, хөөрхий. Та гариг андуураагүй биз? Энэ дөрвөн хана одоо таных уу, тээ? Ёстой нөгөө хойноос ирээд юу минийх гэдэг билээ, тэр нь болж байх шив дээ гэж Сарнайг хэлэхэд Зоригт сая нэг юм уурандаа болоод хол андуурснаа ухаарав. Дэвжээн дээр нухуулж, нухуулж арай хийж завсарлахаар нь амрах булангаа андуурч очсон бөхтэй тун дөхүү юм болов. Байдал нэгэнт ийм болоод ирэхээр ичих мичих ч өнгөрч байгаа юм. Одоо зүгээр дөргүй бух шиг зүтгэхээс өөр арга Зоригтод үлдсэнгүй.
- Аа тийм л дээ, энэ таны гэр. Тэгвэл би зайлаад өгье л дөө
- Зөв, зөв. Би чамайг өдий дайны ухаантай гэдгийг чинь мэднэ л дээ гэж Сарнай түүнийг улам тавлав. Зоригт ухасхийн энд тэндээс өөрийн гэх бүхнээ цуглуулж, нэгэн цүнх рүү ууртай нь аргагүй шидлэх зуураа
- Үхсэн хойноо амьдрал бол доо. Яршиг л байна зүгээр гэж амьсгаагаа давхцуулан үглэж байснаа түүний хөдөлгөөн бүрийг дагуулан харах Сарнай руу
- Чи юуг нь хараав? Чиний юмыг л авчихгүй
- Чамайг л юмаа үлдээчих вий гэж санаа зовж байна. Дараа нь тэрийгээ ч авъя, энийгээ ч мартаж гээд ирдэг биз дээ гэж хоёр гараараа ийш тийш нь заан
- Тэр чинийх, энд бас нэг юм үлдээчихэж гэж хойд эх шиг аашлав. Нэг мэдсэн чинь Зоригт хачин хурдан хөдөлж байгаагаа анзаарч, “Эндээс гараад хаачих билээ” гэж бодохуйд хөдөлгөөн нь удааширлаа. Тэгээд
- Чи миний мууг үзэх яахав. Цаад хоол чинь түлэгдлээ
- Идэх хүн байх биш түлэгдэж л байг гэж Сарнай тоомжиргүй хэллээ.
- Хоол нь ч яахав сав нь . . . гэж Зоригт сулхан дуугарахад
- Сав нь нь ч гэсэн манайх гэхэд Зоригтод хэлэх үг олдсонгүй. Тэгтэл ашгүй Сарнай гал тогоо руугаа нэг юм орлоо. Зоригтын цүнх юу юугүй дүүрч, гарахад ойртоод ирэв. Тэрээр шууд л гараад явчихаж чадсангүй. Хий дэмий юмаа хайж буй хүн болж ханын шүүгээ, тавиур энээ тэрээг онгично. Оволзоод байсан уур уцаар ч хаачив, мэдэхгүй. Гэвч “Сарнай намайг хориглох болов уу, Тэгвэл шууд л орцны хаалга хүртэл гарах юм шүү” гэж бас бодогдоно. Гэтэл Сарнай хорих нь битгий хэл хэзээ гарах нь вэ гэсэн шиг гал тогооноос гардаггүй. “Хөөш, хорихгүй бол явлаа шүү” гэлтэй нь биш. Тэгсээр байтал Зоригтод гарахаас өөр зам үлдэхгүй нь бололтой.
Хонгилын хананд өлгөөтэй байх толинд өөрийгөө нэг харав. Үс нь өрвийгөөд, өнгө зүс ч гэж алга. Хөөгдөж байгаа амьтанд ямар юмны гоо сайхан байх билээ дээ. Гэхдээ л “гэрээс гарах гэж байгаа хүн байна даа” хэмээн бодож сам хайлаа. Гай болж тэрүүхэнд нэг сам хэвтэх. Үсээ самнах зуураа галын өрөө рүү хялам, хялам хийлээ. Байдаггүй ээ. Тэгжээ зогстол нэг санаа олоод
- Гудамжинд хонох юм чинь энд нэг бие засчихаад зайлъя гэж Сарнайд сонсогдохоор хэллээ. Хариу алга. Зоригт угаалгын өрөөнд орлоо. Өнөөх хэрүүлийн эзэн эрээн цамц элдэвлэх мэт хэвтэж л байв. Мань эр тэндээ нилээн суулаа. Сарнайгаас сураг ажиг алга.
“За байз, одоо гарахаар яадаг бол? Зайл, зайл гэх болов уу? Байз, байз гэх болов уу? Зайл, зайл гэвэл ч өнгөрч. Харин байз, байз гэвэл бүр албаар гарч айлгах юм шүү” гэж бодлоо. Итгэл найдвар гэдэг эр хүнд хэзээ ч гэсэн байж байдаг хойно доо.
Зоригт хумсаараа шүдээ тогшин хий дэмий баахан сууснаа цаг хожих санаатай өнөөх цамцаа авч зах, ханцуй гээд нилээн нухацтай угаалаа. Нэг их цаг оролгүй дуусчих юм. Ахин нэг угаалаа. “Энүүхний төлөө ингээд гарахдаа тултлаа хэрэлдсэн байх гэж” хэмээн бодогдож байна. Үгүй тэгээд жорлондоо суугаад байлтай биш . . . хулгаж, хулгаж гарч ирлээ. Одоо ч ёстой явахаас өөр замгүй дээ.
Цүнхээ барьсаар бүх өрөөгөөр тойрч явлаа. Салах ёс маягтай юм хийж байгаагаа Сарнайд мэдэгдчихвэл бас зүгээр байдаг. Сэтгэл гэдэг бөөн уй. Сарнай таг чиг. Тэгсэн ч “Чамд хэлэх үг алга уу?” гэж доошоо оролтой биш. Тэгэн тэгсээр Зоригт хаалганд тулаад ирлээ дээ. Түлхүүрээ удаахан эргүүлэх гэтэл торр гээд л юу юугүй онгойчихов. Зоригт шүлсээ гүд хийтэл залгиад
- За, за баяртай. Хаалгаа . . . гэж арай чүү гэж хэллээ. Тэгтэл Сарнай
- Одоо энэ харанхуйд хаачих гээд байгаа юм? Хоол ундаа ид л дээ. Тэнэгтэж ханахгүй хүн юмаа чи гэхэд Зоригт “Хаачсан ч яадаг юм. Ямар хөөгдөөд суугаад байлтай нь биш” гэж хэлмээр санагдсан ч хоолой дээр нь нэг юм зангирчихаад амнаас нь гарсангүй. Хаалганы бариулаас барьсан чигтээ гацаж орхив. Сарнайг ирээд татах болов уу гэсэн тэндээ юу ч юм хийгээд ирдэггүй. Гаръя аа гарч болдоггүй, үлдье ээ үлдэж болдоггүй лүд оргив. Өнөө орцны хаалга хүртэл явж айлгах ч байдаггүй. Хэрвээ гарвал араас дуудахгүй бол бүр өнгөрөх гээд байдаг. Ашгүй тэгтэл Сарнай
- Чи яачихав аа? Энэ хоолоо ид гэж хэлээд ширээн дээр тавагтай хоол тавих нь сонсогдов. Дууных нь өнгө бүр нэг өөриймсөг шүү. Зоригт цүнхээ барьсан чигтээ гал тогоонд оров. Миний явах хэвээрээ шүү гэдгээ харуулах гэсэн үү эсвэл өрөвдүүлэх гэсэн үү алин болох оо тэр өөрөө ч ялгасангүй. Сарнай түүнийг харж жуумганаснаа инээдээ барьж ядан нуг нуг хийв. Зоригтын инээд хүрсэн ч инээхгүйг хичээн тааз гөлөрлөө. Үгүй, тэгээд дуугай зогсоод байлтай биш тунирхсан өнгөөр
- Яахав дээ, сүүлийн удаа ганц хоол идчихье гэхэд Сарнай түүний үнэхээр үнэмшилтэй жүжиглэж байгаа царайг хараад бүр тэсэхээ байж тас, тас хийтэл инээв. Энэ удаа Зоригт ч тэссэнгүй. Амандаа хийсэн хоолоо үсчүүлэн байж инээв. Сарнай
- Сүүлийн удаа ч гэх шиг хи хи гэж гэдэлзэж байснаа
- Чи нээрээ ганган эрээ . . . гэрээсээ хөөгдөж байж бас үсээ самнахтайгаа гээд элгээ эвхэн инээлээ. Хоёул биесээ шоолж нулимсаа гартал инээлдэв. Тэгснээ гэнэтхэн чимээгүй боллоо. Хэн хэн нь дуугарсангүй. Зөвхөн Сарнайгийн нэг их уртаар санаа алдах нь зүрх ёг хийлгэмээр сонсогдоно. Сарнай
- Хоол нь түлэгдчих шиг боллоо. Амтагдаж байна уу?
- Хоолны түлэнхий яахав дээ. Сэтгэлийн түлэнхий л хэцүү юм гэж Зоригт харамссан өнгөөр хэлээд бас л чимээгүй боллоо. Дахиад л чив чимээгүй.
- Зоригоо, одоо тэгээд цаашдаа хоёулаа яах ёстой юм болоо? Надад үнэхээр мэдэх юм алга гэж Сарнай чимээгүйг эвдэн хэлэхэд Зоригт бодолхийлэн хэсэг сууснаа
- Хоёулаа алиалагч болъё гэв. Юу ч ойлгоогүй Сарнай
- Юу . . . уу? гэж асуулаа. Түүний харцнаас “Энэ юу хэлчихэв” гэсэн гайхшрал салсангүй.
- Чи бид хоёр ч гэсэн зөвхөн өөрийгөө гэсэн том бөмбөлөгтэй юм байна. Хичнээн хэцүү ч гэсэн бид хийн бөмбөлөгөө хагалах ёстой байх гэж Зоригт хэлэв. Сая учрыг нь ойлгосон Сарнай хэсэг бодолхийлснээ харцанд нь сахилгагүй очис гялсхийж, Зоригтын суганд хуруугаа хийн хөдөлгөөд, өхөөрдөм өнгөөр
- Эхлээд эрэгтэй нь хагалаад байсан байх шүү гээд нөгөө өрөө рүү гүйчихэв.
- Аа тийм бий чи . . . гээд Зоригт араас нь ухасхийлээ. Ширээний дэргэд хувцас чихсэн цүнх хэзээ онгойхоо хүлээн гайхсан янзтай үлдэв.
Түмэнбаярын Бум-Эрдэнэ. 2014. 08. 26нд
Бүрэн эхээрээ...
Яруу найрагч Лхамсүрэнгийн Ганзул "Монгол"
Хөөг.., хөөгхөн туугаад
Монгол нүүдэл хөдлөнө
Сөөг.., сөөгхөн аргадаад
Монгол нүүдэл амсхийнэ
Хөрөстийг тойрохоос нааш
Үл зогсох нүүдэл юм
Хөврөгч он тооллоос цааш
Оршсоор байх Монгол юм...
Багцтай сумны шидийг
Эртний дэлхий мэднэ
Барсын нүүдэлд ноцсон
Цөөврийн домог гэрчлэнэ
Хөсөг тэрэгний явдалд
Ээжүүд бүүвэйтэйгээ
Эрчүүд уухайтайгаа ангаж,
Хэдэн зуун дамжсаныг
Хүү, охин минь мэдтүгэй!..
Цаг хугацааны цаанаас
Аяншсан хөсөгтөн ирсэн нь
Бид юм!
Цамцандаа зүрхээ боож...
Хүн чанараа тээж... ирсэн нь
Бид юм!
Догшидыг номхотгож
Гомдол, цөхөрлийг ойлгуулсан нь
Бид нь юм
Бурханыг өлгийдөж
Хүн болтол бүүвэйлсэн нь
Бид юм!
Чиний хацар улаанхан байгаа чинь охин минь
Жавар туулж ирсэний гэгээн гэрч юм
Чиний сэтгэл дулаахан байгаа чинь хүү минь
Жамаас урваагүй үнэний алтан илч юм...
Чиний бодол тунгалагхан байвал охин минь
Цус чинь Монголоороо оршихын үнэн юм
Чиний ухаан гүн цэлмэг байвал хүү минь
Яс чинь Монголоороо үлдэхийн туйл юм...
Харавсан хөх сумныхаа
Тусах газрыг баримжаалан
Харанхуй гүнээс нүүсэн
Бидний энэ нүүдэл
Аралтай тэрэгний ачаа дундалж
Буудаллах цаг ирнэ
Ай... зээ... гээ түрээд
Өнө мөнхийг дуулна
Гэвч...
Алагхан хорвоог тойрч ниссэн алтан зэвтэй сум нь
Альхан газар хүрч, хэний зүрхэнд тусахыг
Агуу их Монголын мэргэн дээдэс мэднэ...
Бүрэн эхээрээ...
Бурхан зүг (Өгүүллэг)
Хааяа хэн нэгэн дагаад байх шиг санагддаг даа. Яг тийм мэдрэмж гэнэтхэн төрөөд орхив. Эргэн тойрноо хартал юм мэдэгдсэнгүй. Бодоод байхад хүн хар танихгүй хөдөөгийн энэ аймагт дөч хол давсан намайг хэн л дагав гэж дээ. “Гэр орноосоо хол явахаар нойр, хоолны хэм алдагдаад ингэдэг юм болов уу” гэж хүртэл бодов. Би гэрээс гараад бараг хоёр долоо хоносон гэдэг чинь бас л овоо хугацаа. Наашаа ирэхдээ зам товчилох гэж засмалаас гарч, шороон замаар давхиж яваад хуучин чулуун карьерын ухаад орхисон нүхэн дээгүүр харайлгаад эгээтэй л сүйд болчихоогүй. Машинаа л эвдсэнээс өөр сонин содон зүйл энэ томилолтын хугацаанд болоогүй юмсан. Гэтэл өнөөдөр нэг л жигтэй. Бас цаанаа нэг хөндүүр. Юу юугүй намар оройн жиндүү салхи цонх сарлах шиг сэтгэл хонгиноод ирэв. Гэнэтхэн юу болчих нь энэв дээ гэж бодохоор урагшаа алхах шинжгүй. Архи уусны маргааш шиг зэрзийгээд явчихлаа. Хий дэмий л халаасаа тэмтчин байж тамхиа гарган асааж хэд соров. Өөрийгөө яг яагаад байгааг ойлгож ядан эргэцтэл нүдний буланд нэг их танил гэмээр царайтай эмгэн жижигхэн цагаан байшингийн цаагуур бөртөс гээд орчих шиг болов.
“Хэн билээ энэ эмгэн чинь” гэж бодсон хэдий ч оноож чадсангүй. Өөрийн эрхгүй түүний араас чиглэх нь тэр. Хэн болохыг нь олчих санаатай тархиа самарсаар байшингийн булан тойртол өнөө эмгэн яг өөдөөс мэлс гээд нүүрээ тулгав. Цочсон гэж юүхэв. Эгээтэй л ухаан тавьчихсангүй.
- Ээ эцэг чинь ... гээд дуу алдаж, хэсэгхэн хугацаанд сааталд оров. Хэр удсанаа анзаарсангүй. Нэгэн бодлын зүүд ч юм шиг. Эмгэн ч алга болсон байв. Бодоод байсан чинь би түүнийг бүүр түүрхэн санаад байх шиг.
“Байз, байз. Энэ царай . . . Энэ нөгөө авгай биш биз! Мөн дөө, тэртээ он жилүүдийн өмнө таарсан тэр авгай мөн болж таарах нь ээ”
Би эхнэртэйгээ хорин хоёр насандаа гэрлэсэн юм. Анхны хайр гэж хүмүүсийн ярьдаг тэр хайр л даа. Хоёр дахь хайр гэж надад таараагүй болохоор би өөрийнхөө хайрыг анхных гэж бас мэдэхгүй. Хэдий залуудаа суусан ч гэлээ миний амнаас тэр болгон хайртай гэдэг үг гардаггүй байсан шиг байгаа юм. Манай хүн анхандаа их тунирхдаг байснаа одоо ч нэг их тоохоо ч байсан даа. Сая намайг энэ ажилд явахад энгэр заамыг минь засаж өгөнгөө над руу нэг их горьдсон харцаар харснаа
- За за. Чи ямар хэлэх биш дээ. Гэхдээ надад хайртайг чинь мэдэх юм хойно доо гэж байсан юм байна. Би мөн л духан дээр нь үнэрлэхээс өөрийг хэлээгүй. Би ч хайртай л даа. Хэлдэггүй л болохоос.
За тэгээд бид хоёр гэрлээд гурван жил болж байтал миний ханьд нэг гай гэмээр юм таарч нэг л өдөр ухаан алдаад уначихав. Би эмнэлэг рүү жирийлгэдэг ажилтай болсон тэр үед надад яг саяынх шиг хүн дагаад байгаа мэдрэмж төрөх нь тэр. Чаддагаараа эргэж харахаас өөр яах билээ. Гэтэл яах аргагүй нэг авгай дагаад байна шүү. Тэр үед би дөнгөж хорин тавтай л байсан болохоор дөч нилээн гарсан түүнийг авгай гэхээс яахав. Намайг зогсчихоор зогсоно, явахаар явна. Эхлээд гайхлаа. Дараа нь айлаа. Намайг алдчихаараа сандарч байна гэж жигтэйхэн. Ийм байдалтай хэд гурав хонолоо. Хамгийн ойрын хүн болох эхнэртээ хэлмээр байвч тэр маань ухаан орохгүй удав. Өөр хүнд хэлэх гэхээр надад хэн ч итгээ билээ. Тэгээд ч залуу хүнд ичих, нэрэлхэх гээд юм юм байсан байх. Ямар ч байсан хэнд ч хэлсэнгүй. Гэхдээ өдөр бүр гэнэтхэн хаанаас ч юм гарч ирээд дагаад байгаа түүнтэй уулзмаар санагдаад болдоггүй. Тэгээд түүнийг дагахаар шийдлээ. Гэтэл эгч авгай нэг хүн тойров уу үгүй юу алга болчихоод байх нь сонин. Аргаа барж гүйцлээ. Түүний хаа байдаг, хэн болохыг мэдэж чадсангүй.
Нэг удаа эхнэрээ сахиж хоночихоод
- Ямар нэгэн юм болвол надад заавал мэдэгдээрэй гэж сувилагч хүүхэнд гэрийнхээ утсыг өгвөл тэр толгой дохиж байна. Тэр үед гар утас гэж байсангүй. Эмнэлэгийн үүдээр гараад иртэл өнөө авгай хүлээсэн янзтай зогсож байх нь тэр. Хэдэн өдөр хөөцөлдсөн хүнтэйгээ ингээд нүүр тулчих юм чинээ санаагүй болохоор цочсон гэхэд багадахаар шахуу юм болов.
- Чамтай нүүр тулах өдрийг мөн ч их хүлээлээ гэж өнөө эгч авгай хэлж байна.
- Танд юу хэрэгтэй юм бэ?
- Чи үнэхээр адилхан юм
- Хэнтэй адилхан гэж? гэж асуухдаа би ч түүнийг гайхав. Учир нь тэр авгай миний мэдэх хэн нэгэнтэй их төстэй харагдлаа.
- Та ер нь яагаад намайг дагаад байгаа юм? Ингэхэд та хэн бэ?
- Чи эхнэрийнхээ төлөө санаа зоволтгүй дээ гэж байх юм. Би бүр гайхаж хоцров. Яахаараа энэ авгай миний эхнэрийг, ер нь манай амьдралыг мэддэг билээ. Мэдлээ гээд энэ хүнд ямар хамаа байна аа гэж бодохоор адайр ч төрөх шиг.
- Миний амьдрал танд тийм ч хамаатай гэж бодохгүй байна шүү гэж нилээн ширүүхэн хэлчихээд дургүйгээ илэрхийлэх гэхдээ жишүү харлаа. Тэр дуугарсангүй. Гэхдээ миний хажуугаас ширтсээр байгаа нь мэдрэгдсээр байв.
- Чиний сэтгэл тогтворгүй байгааг ойлгож байна. Чи түүнд чин сэтгэлээсээ хайртай юу?
- Би бас хариулах ёстой юу?
- Хариулсан хариулаагүй би харж байна л даа
- Тэгвэл юуг нь асуусан юм?
- Чи түүнд мэдэгдэх хэрэгтэй. Эмэгтэй хүн сайн сайхан үгэнд дуртай байдгийм.
- Энэ миний хэрэг
- Би чамайг ядарч байгааг ойлгож байна л даа. Гэхдээ гэр хүртэл чинь цуг явахыг зөвшөөрөөч гэж татгалзахын аргагүй зөөлөн дулаан өнгөөр хэлэв. Би дуугараагүй ч татгалзалгүйгээр цааш алхав. Харин эгч авгай намайг бүр сугадаад авав. Хичнээн эвгүй байсан ч гараа татсангүй. Түүний толгой дээрээс харж байхыг бодоход өндөр намаараа манай эхнэртэй адилхан юм. Яагаад ч юм бөөрнөөс халуу төөнөх нь цаанаа нэг тааламжтай, сайхан санагдана. Төдхөн бид автобусанд өөд өөдөөсөө харж сууцгаалаа. Өглөө эрт болохоор автобусанд эль хульхан. Одоо л би түүнийг нүд дүүрэн харж болохоор боллоо. Нас тогтсон эмэгтэй рүү залуухан хүү ширтээд суух нь эвгүй байж болох ч түүнээс харц салгаж чадсангүй. Нүдний харц, байгаа төрх тэр бүү хэл уруул дээрхи бүдэгхэн мэнгэ гээд яагаад ч юм ойр дотно санагдана. Харц нь ямар дөлгөөхөн гээ. Тэр надаас санаа зовов бололтой харцанд нь ичингүйрэл илрэв. Өдий насны хүн ингэж залуухан бүсгүй шиг ичдэг байх гэж. Нимгэн ягаан уруул нь мушийж ирснээ шоолонгуй инээмсэглэлээ. Тиймээ, би түүнд шоолмоор, хөгийн харагдаж байгаагаа мэдэж байсан ч биеэ барьж дийлэхгүй байв. Ер нь би түүнд ховсдуулсан байх. Харцаа байтугай сэтгэлээ салгаж чадахгүй байна шүү дээ.
- Би чамайг эхнэртээ ийм хайртай байгаад баярлаж байна гэж тэр авгай хэллээ.
- Ийм гэдэг чинь юу гэсэн үг юм?
- Үгүй яахав дээ, Би мэдэрч байгаагаа л хэлж байна гэж тэр үл ойлгогдох үг хэлэв. Гэхдээ түүний дуу хоолой, ярианы хэлбэр жаахан нас ахисан л болохоос сэтгэлд ойрхон сонсогдоод байх юм. Яг тэр гээд оноочихож чадахгүй гайхшаа барж суулаа.
- Хайр гэж юу болохыг чи ер нь мэдэх үү? гэж тэр асуулаа. Ийм насны огт танихгүй хүн надтай энэ сэдвээр ярилцах гээд байдаг нь утгагүй санагдсан тул дотроо эгдүүцэж эхлэв. Тэгээд бүр эхнэр өвдсөн үед шүү.
- Та хүүтэй бол түүнтэйгээ энэ талаар яривал зүгээр биш үү гэж уцаарлангуй хэлээд царайг нь харуутаа хэлсэн үгэндээ харамсах шиг болов. Намайг ширтэж байсан түүний энхрийхэн гэмээр харц тэр дороо тийм гунигтай болохыг харахад сайхан байсангүй. Би бага зэрэг бантсандаа хурдхан шиг
- Та ингэхэд хань ижилтэй л биз дээ?
- Байхаар барах уу. Хачин сайхан ханьтай, гурван хөөрхөн хүүхэдтэй. Эр хүний хайрыг жинхэнэ утгаар нь амталж яваа хүн.
- Тэгвэл та мань мэтийн залууг эргүүлээд байх хүн биш л байна даа гэтэл эгч авгайн харцанд нэг их сэтгэл ханамж суунагласнаа, судас нь гүрэлзсэн бор гараараа миний гарыг илэв. Тэгээд
- Амьдрал чамд хачин их баярлах болно. Учир нь чи эмэгтэй хүнийг яаж хайрлахыг мэддэг хүн байна. Хайрын бурхан гэж байдаг бол чи тэр зүгт л явах байх гэлээ. Энэ яриа надад таалагдахгүй ч гэсэн биеэ барьж
- Та яаж мэдээв?
- Чи тийм нэг хүнтэй учиргүй адилхан юм гэж хэллээ. Би түүнийг мөн л ойлгосонгүй. Ерөөсөө уулзсан цагаасаа л ойлгоогүй дээ. Автобус зогсоход тэр бууж ганц нэг хүн зөрж суув. Би баяртай ч гэсэнгүй. Буусан хойноо ч цонхны цаанаас ширтсээр байгааг мэдсэн ч харахгүйг хичээн суулаа. Гэхдээ тэр зүгээс халуу төөнөөд ч байх шиг. Автобус хөдөлж, эрчээ авах үед ард суусан хүн
- Хүүе залуу, танай эгч буудал дээр уначихлаа гэж надад хандан хэллээ. Цонхоор хартал буудал дээр хүмүүс бөөгнөрч харагдав. Дараагийн буудалд зогсонгуут эрчээрээ гүйсээр очвол тэнд байсан хүмүүс аль хэдийн алга болжээ. Нэг бүсгүй байснаас асуувал мөрөө хавчихаас өөрийг хэлсэнгүй. Одоо харихаас өөр яахав.
Гэртээ орж ирвэл утас дуугарч байна. Автал
- Эмнэлэгээс ярьж байна. Эхнэр чинь цагийн өмнө ухаан орлоо. Танд хэлэх гэсэн чинь утсаа авахгүй юм. Унтчихаа юу гэх сувилагч хүүхний дуу гарч байна. Эргээд эмнэлэг рүү чавхадлаа. Эхнэр маань ухаан алдсан шигээ гэнэтхэн ухаан орчих нь тэр. Хэд хоногоос эмнэлэгээс гарлаа. Эмч хэлэхдээ “Эпилепси гэдэг уналт таталтын далд хэлбэрийн үзэгдэл байдаг. Гэхдээ танай эхнэрийнх шиг ингэж олон хонодоггүй л юм даа” гэж эргэлзэж гайхсан өнгөөр хэлснээс өөр яг энэ гээд хэлчихээр онош тодроогүй юм.
Өнөө эгч авгай дахин харагдсангүй. Үнэнийг хэлэхэд би түүнийг сэмхэн хайж, худалч хүнд уулзахыг мөрөөсөж байсан ч байж магад. Түүний харцыг, дуу хоолойг дахин нэг сонсохсон гэж тэр. Сэтгэлээс гарахгүй нэг хэсэгтээ л намайг зовоосон санагдана. Мэдээж, ганцаараа байх үед шүү дээ. Эхнэртэйгээ байхад өөр бусдыг бодох завсар зай надад байдаггүй юм. Миний орчлон гэж ерөөсөө л энэ хүн юм байхаа даа.
Түүнээс хойш хорь гаран жил өнгөрчээ. Цаг хугацаа хурдан өнгөрдөг тухай энэ тэндээс уншиж л байснаас биш ийм хурдан өнгөрдгийг мэдрэхгүй явж. Ёстой л он цагийг туулсан хүний мэдрэмж бололтой. Харин өнөөдөр . . . Өнөөдөр дахиад л энэ хүн . . .
Эмгэнийг хараачлан явсаар аймгийн холбооны байшинг тойрохдоо түрүүнийх шиг цочих вий гэж ихэд болгоомжлов. Тэр шуудангийн дэргэдэх модон сандал дээр сууж байна. Зөөлхөн дөхсөөр хажууд нь ирвэл эмгэн доош харсаар байх юм. Бөхийж ирээд царайг нь харвал тэрээр туниа муутайхан уйлж байв.
- Та яасан бэ? Яагаад уйлаад байгаа юм? гэхэд тэр дуугарсангүй.
- Би андуураагүй бол та олон жилийн өмнө надтай нэг удаа таарсан хүн мөн байх шиг байна. Яагаав, автобусанд суугаад хэсэгхэн цуг явсандаа гэхэд эмгэн толгой дохиж байна. Мөн нь ч мөн шүү.
- Танайх энд байдаг юм уу?
- Үгүй
- Тэгээд та энд юу хийж яваа юм бэ? Хамт яваа хүн байгаа юу?
- Үгүй.
Цааш нь асуух гэсэн асуучихаар, ярьчихмаар зүйл олдсонгүй. Хий дэмий л хоёул чимээгүй суулаа. Тэгж, тэгж эмгэн нэг их урт санаа алдсанаа
- Би ганцаараа болоод удаж байнаа. Хорин жил . . . гэлээ. Би сайн ойлгоогүй ч дуугай байж болсонгүй.
- Ээ, намайг уучлаарай. Би мэдсэнгүй. Хүүхдүүд чинь . . .?
- Байлгүй яахав. Тэд маань сайн сайхан яваа гэснээ хуруугаараа хэсэг оролдов. Энэ үйлдэл нь мөн л харсан юм шиг. Ер нь тэртээ хорин жилийн өмнө таарахад ч ойрхон санагддаг байсан тэр л янзаараа байх нь сонин.
- Бидэнд боломж таарах ч юм бил үү гэж бодсондоо л би энд явна гэж эмгэн бас л ойлгомжгүй юм ярив.
- Юун боломж? гэж асууж байхдаа би “энэ эмгэн арай тэр жилийнх шигээ галзуу гэмээр санаагаа бодсоор явдаг юм биш биз дээ” гэж бодож байлаа. Гэтэл
- Энэ бүгдийг засах . . . гээд эмгэн зүрх шивсэн гунигтай харцаар намайг ширтэв. Яагаад ч юм өр өмрөөд явчихлаа.
- Таны юу яриад байгааг би ойлгохгүй байна гэхэд
- Чи намайг яаж олов? гэж тэс өмнөө юм асуув.
- Хүн араас дагаад байх шиг мэдрэмж төрөөд. Тэр жил ч гэсэн бас ингэсэн. Тэгсэн та миний араас явж байсан. Таныг автобусны буудал дээр унахыг харсан. Дараагийн буудлаас гүйгээд ирэхэд та алга болчихсон байсан гэж зай өгөлгүй хэлвэл
- Тэр яахав ээ. Одоо би чамд нэг юм аминчилж хэлье. Чи битгий яваарай. Ялангуяа машинаар . . . гэж хэлээд эмгэн нэг их гуйсан харцаар харлаа. Түүний энэ харц хаа нэгтэй, магадгүй би сэтгэлдээ хардаг байж болох эсвэл намайг он цагийн турш ширтсэн болов уу гэмээр тийм харц аж. Би гайхсан гэхээсээ илүү мэлэрч орхив. Гэнэт миний гар утас бид хоёрыг цочтол чанга дуугарав. Утсанд манай даргын нэр харагдана.
- Хэн бэ? гэж эмгэн айсан өнгөөр асуув.
- Манай дарга гэж хэлчихээд эмгэнээс жаахан холдлоо.
- Та яачихав аа? Босоогүй байгаа юм биш биз дээ? гэж нилээн шавдуухан асууж байна. Даргын яриан дундуур цэнэг дуусаж байгааг анхааруулан дүүд . . . дүүд . . . дуугарна. Бас л цэнэглэхээ мартсан бололтой.
- Үгүй ээ, би очиж явна. Одоохон
- Хурдлаарай . . . гээд утас тасарлаа
“За байз, эмгэн бид хоёр юу ярьж байлаа” гэсэн бодол эргэлдсээр эмгэний дэргэд ирэв.
- Чи тэр үед таниагүй. Одоо бол бүр танихгүй гэж эмгэн тэнгэрийн хаяаг гөлрөн нэг тийм хөшинг өнгөөр хэлэв. Би юу гэж хариулахаа мэдэхгүй дэмий л
- Таны юу яриад байгааг би ердөө ч ойлгохгүй байна. Хэрэв танд ямар нэгэн тус хэрэгтэй бол надад хэлээч. Эс бол манай дарга дуудаад, би яарахгүй бол горьгүй нь гэтэл
- Чи автобусаар эсвэл онгоцоор яваарай. Битгий . . . гэхэд нь тэсгэлгүй яриаг нь тасалж
- Ингэхэд та хэн юм бэ? Би таныг таних ёстой юу? Хамаатан уу? Бид хоёр ямар холбоотой юм бэ? гээд бас л зай өгөлгүй асуулаа.
- Чи бид хоёр холбоотой. Бас холбоогүй. Гэхдээ энэ одоо хамаагүй.
- За, за танд миний тус хэрэггүй юм шиг байна. Ажлаас дуудаад байгаа учир явлаа гэж хэлчихээд эмгэнийг орхин цааш хүчээр хэд алхлаа. Сэтгэлд нэг юм ёг хийчихээд цаанаасаа нэг зовиуртай. Энэ эмгэн чухам хэн бэ? Ямар тус хэрэгтэй болоод намайг ээрчихэв? Яагаад энд яваа юм бол? Яагаад ийм дотно, дулаахан санагдана вэ? гэсэн элдвийн асуултаар өөрийгөө булсаар нилээн холдоод эргэж хартал эмгэн хаашаа ч юм явчихаж. Гайхмаар. Бүр гайхах ч багадмаар.
Эргэж хургасаар эргүүтсэн царайтай юм ажил дээрээ иртэл дарга
- Та чинь утсаа авахгүй яачихав аа? Энүүхэн хоёрын хооронд мянган жил болчихын
- Сая нэг сонин юм болоод . . .
- Таны тэр сонин яахав. Охин чинь ярья гээд түрүүнээс хойш залгасан. Яаралтай л юм шиг байна. Ядаж байхад утас чинь цэнэггүй гээд байхын. Май гээд утсаа сарвайлаа. Утсыг аван хурдхан шиг залгатал
- Аав уу? Яанаа . . .Ээж . . . ээж . . .
- Ээж нь яаваа?
- Ээж эмнэлэгт байгаа. Ухаангүй. Уг нь өнөө өглөө хэсэгхэн ухаан орсноо эргээд ухаан алдчихлаа
- Яачих нь тэр вэ?
- Мэдэхгүй, автобуснаас буугаад л уначихсан гэнэ. Тантай ч гэнэ үү, та залуухан байсан ч гэнэ үү. Мэдэхгүй ээ, баахан юм яриад байсан. Та хурдхан ирж чадах уу? Би айгаад байна
- Аав нь одоохон. Миний охин тайван бай. Ээж нь залуудаа бас нэг ингэсэн юм. Гайгүй байх. Ээжийнхээ дэргэдээс битгий холдоорой. Аав нь одоо гарлаа гэж сандчин хашгираад утсаа таслав. Миний яриаг сонсож байсан дарга маань
- Яасан бэ? Цэдэв ахаа
- Манай хүн уначихаж гэнэ . . .ухаангүй . . . эмнэлэгт . . . шоконд . . . гэсэн хэдэн үгийг хэн ч ойлгохгүйгээр хэллээ. Миний байгаа байдал хэнийг ч сандаргахаар байсан биз.
- Яах вэ? Яамаар байна? Цэдэв ахаа
- Би хурдхан хот оръё. Чи машинаа өгчих. Миний машин эвдэрчихсэн
- Та жолооч аваад явах уу?
- Энд хүн хүч муу байхад бас нэгийг нь авч яваад яахав. Би өөрөө . . . гээд түлхүүрийг нь аваад гарлаа. Нэг мэдсэн чинь аймгаас гарсан замаар давхиж байв.
“Яачихав даа хань минь. Овоо хэдэн жил зовиургүй байсансан. Юу болчихов доо” гэж бодох гэхээсээ гаслан гийнэж явлаа. Яарч байгаа учир гэнэтхэн зам товчлохоор шийдэж шороон зам руу орлоо. Хүчтэй, хурдтай жип гэдэг ийм замд үнэхээр урамтай. Гэсэн ч гэлээ надад бол удаан л байлаа.
“Чи минь тэсээрэй. Хань нь одоохон. Ердөө зургаахан цагийн дараа давхиад очно. Намайгаа очихоор чи минь ухаан орно. Чамдаа хичнээн хайртайгаа одоо хэлнээ. Залуудаа хэлээгүй үг бүхнээ өдий насандаа уяран догдлон байж хэлнэ. Хань минь, би чамдаа хайртай. Насан залууд учирсан чамтайгаа насны хяруу унатлаа ханилахдаа сэтгэлдээ холын хүний мөр гаргаагүй шүү гэдгээ хэлнэ. Нөгөө эгчийн тухай ч, энэ эмгэний тухай ч чамд ярина. Харин тэдэнд элгэмсээд байсан сэтгэлийнхээ тухай ярих уу, болих уу. Нуугаад байгаа ч юм биш л дээ. Чамайгаа гомдоочих вий л гэж тэр”
Би бодолдоо ороогдох хэдий ч замын энхэл догол, эргэлт тойрууг гарган давхисаар байлаа. Гэтэл гэнэтхэн тэр эмгэний уруул дээрх мэнгэ санаанд буув.
“Яагаад миний ханийн мэнгэтэй тийм төстэй байв аа? Ингэхэд энэ эмгэн, тэртээх он жилүүдийн өмнөх эгч хоёр чухам хэн бэ?” гэж бодогдох зуур түүний “Чи тэр үед таниагүй, одоо бол бүр танихгүй. Хорин жилийн өмнө би ганцаараа болсон” гэсэн үгс чихэнд хангинах шиг болоход би машинтайгаа агаарт хөвж байгаагаа мэдэв. Би өнөөх ухаад орхисон карьерын нүхэн дээгүүр харайж байгаа ажээ.
Газраас тасарна гэдэг ямар сонин мэдрэмж вэ? Хань минь чамдаа би хайртай. Би заавал хэлнэ. . . Заавал . . .
2014. 06. 02.
Бүрэн эхээрээ...
Нэргүй шүлэг
. . .
Нэг залуухан хүү
Надад заахаар шийджээ
Тэгээ, тэг
Яагаад болохгүй гэж
Ирж буй чамайг
Явж буй би л ойлгоно
Хориодхон настай чиний зүрхэнд
Хорвоо тэр чигтээ багтаа л биз
Намайг нэг удаа наана чинь явахад
Нар хүртэл ердөө л
Над шиг, хорьтой л байлаа ш дээ
Тэгэхээр дүү минь
Адуу манахаас бусдыг
Ах нь чамаар заалгая . . .
Бүрэн эхээрээ...
Нэргүй шүлэг
Өчигдөр би зусландаа очив
Өнө холыг мөрөөсөн жаал гөлрөв
Энэ жилийн сүүлчийн цасан дор
Хэдэн хөх яргуй
Эгээ л хүүхэд шиг
Эрхэлж гүйцсэн хэвтэнэ
Хөөрхөн гэж жигтэйхэн
Мөдхөн тэд толгой дараалан хагдарч
Сэтгэлийн мухарт гэгээ цацчихаад
Хаашаа ч юм нисэж одно
Хэдэн хаврын яргуй тэнд буйг
Хэзээ нэгэн цагт би л очиж тоолно . . .
Бүрэн эхээрээ...
Нэргүй шүлэг
. . .
Цав цагаахан би бутарч бударсаар
Хав хар орчлонгийн өнгийг засав.
Хүн төрөлхтөн өглөө сэрүүтээ
Хүрзээ бариад над руу дайрна.
Хорвоог харлуулахдаа тэд
Хачин бяртай, бас
Хосгүй баяртай.
2014.05.09
Бүрэн эхээрээ...
Нэрэлхэлгүйгээр - 9 буюу Үл ойлгогдох угтвар үг.
Үл ойлгогдох угтвар үг “Энэ бүхэн хамгийн сүүлчийнх” гэж мэдрэх агшин ямар байдаг бол?...
Найз нь өнгөрсөн амьдралдаа өөрийгөө зовсон гэж бодохгүй байна. Гэхдээ амьдралын төлөө бусдаас илүү, магадгүй чамаас ч илүү тэмцсэн гэдгээ сайн мэддэг.
Өдөр болгон гэртээ харьдаг байх нь охины минь мөрөөдөл байсан шиг байгаа юм.
Орчлон хорвоо гэдэг угаасаа нэг хүслийг биелүүлэхдээ нөгөө хяслыг бий болгодог юмаа даа янз нь.
* * *
Дөрвөн зуун арван есөн жилийн өмнөх хүмүүсийн хайр дурлал өнөөгийнхнөөс ялгаатай юу? Өнөөдрийн хүмүүс хайр дурлалын төлөө үхэж чадах уу? Үхвэл хэн буруутай вэ?
Алдар хүүгийн санааширснаар “Бид ер нь ямар орчлонд амьдардаг юм бол?” гэж бодмоор. “Хэн ийм орчлонг бий болгодог юм бол?” гэсэн асуултаар хариулагдах байх...
* * *
Би энэ зуны ажилд яваад юу ойлгосон гээч. Ой бол манай гариг дээрх хамгийн төгс нэгдлийн хэлбэр гэж. Амьдрал ч гэсэн яг л ой гэсэн үг. Тэнд бүх юм байх мөртөө хоорондоо гайхамшигтай сайхан зохицож чадсан байдгийг анзаарсан шүү. Би амьдралыг дэндүү өөрөөр бодож явжээ гээд Хэрлэн хархан нүдээ гялтгануулан инээмсэглэлээ. Түүний хажууд хэн ч байсан сэтгэл сэргэж, урам орохоор ажээ.
* * *
Эр хүн хорвоогийн судаг нуга даган урсаж амьдрах ёстой юу?
Нүд алдам их хөндийд тарлантаж цоохортсон харгана зэргэлээн дунд бүрэлзэж, тахиралдаж мухиралдсан нарийхан цэнхэр гол наагуур цаагуур нь тойрч, он оны уртад ядарч тамирдсан мэт мушгиран урсах бөгөөд түүний нэгээхэн тохойд нулимс тоссон мэнгэ аятай ганц мод тэртээ доор сүүмийн харагдана.
Энэ бол Харганатын хөндий, Харганын гол, хайр сэтгэлийн гэгээн түүхийн орь ганц гэрч өнчин хайлаас, Хандаа Сугар хоёрын унасан нутаг, угаасан усаа...
Түмэнбаярын Бум-Эрдэнэ
Бүрэн эхээрээ...
Дэлхийн хамгийн богинохон өгүүллэгүүд...
1. Нэг удаа Хемингуэй ямар ч хүний сэтгэлийг
хөдөлгөж чадах 4 үгтэй өгүүллэг бичиж чадна
гэж мөрийцжээ. Тэр энэхүү мөрийндөө ялсан
байна: “Хүүхдийн бойтог зарна. Хэрэглээгүй.”
2. Фредерик Браун хамгийн богино аймшгийн
өгүүллэг зохиожээ: “Дэлхий дээр үлдсэн
хамгийн сүүлийн хүн гэртээ сууж байтал
хаалгыг нь тогшив.”
3. О.Генри нь уламжлалт аргаар буюу холбоос,
өрнөл, зангилаатай бичсэн богино өгүүллэгийн
тэмцээнд ялжээ: “Жолооч тамхиа асаачхаад хэр
их бензин үлдсэнийг харахаар бензиний сав
руу өнгийжээ. Талийгаач дөнгөж 23-тай
байжээ.”
4. Англи улсад “Хатан, бурхан, секс, нууц.”
гэсэн сэдвүүдийг хөндсөн богино өгүүллэгийн
тэмцээн болжээ. Ялсан өгүүллэг нь: “Өө Бурхан
минь, би хэнээс жирэмсэлснээ мэдэхгүй байна –
гэж хатан орилжээ.”
5. Хамгийн богино намтар гэсэн төрлөөр Франц
улсын нэгэн настай эмэгтэй ялжээ: “Урьд нь
миний нүүр толигор, банзал үрчгэр байж.
Харин одоо эсрэгээрээ.”
Бүрэн эхээрээ...
Д.Урианхай: Мөнхийн шалтгаан
Тэнгэрийн тунгалаг зэрэглээнд болжмор жиргэж л байвал би амьд явна!
Тэр шувуунд би хачин их хайртай!
Тэртээ уулын хормойд ой шуугиж л байвал би амьд явна!
Тэр эгшгэнд би хачин их хайртай,
Хайраар би амьдардаг аа!
Хээр талаар морьтой хүн таваргаж л явбал би амьд явна!
Тэр бараанд би хачин их хайртай!
Хэдэн унага голын зүлгэнд тоглож л байвал би амьд явна!
Тэр амьтдад би хачин их хайртай,
Хайраар би амьдардаг аа!
Өвөлжөөнөөс намрын хиаг ханхалж л байвал би амьд явна!
Тэр үнэрт би хачин их хайртай!
Өвлийн шуурганд уруудсан мал бүрэн хонож л байвал би амьд явна!
Тэр баярт би хачин их хайртай,
Хайраар би амьдардаг аа!
Хаврын үдэш гадаа бороо шивэрч л байвал би амьд явна!
Тэр шивнээнд би хачин их хайртай!
Харц хөлчингө амраг цээж налаад сууж л байвал би амьд явна!
Тэр амьсгалд би хачин их хайртай,
Хайраар би амьдардаг аа!
Тооно эртний бор гэрт гал шаргалтаж л байвал би амьд явна!
Тэр амгаланд би хачин их хайртай!
Толгодын намжаа оройгоор зам зурайж л байвал би амьд явна!
Тэр аниргүйд би хачин их хайртай,
Хайраар би амьдардаг аа!
Аялгуу содон Монгол үгээр хүмүүс ярьж л байвал би амьд явна!
Тэр хэлэнд би хачин их хайртай!
Ариун нь мөнх Монголоор дэлхий дутаж л байвал би амьд явна!
Тэр оронд би хачин их хайртай,
Хайраар би амьдардаг аа!
Бие цуг орчлонд мөнх амьдрах шалтгаантайдаа
Би яагаад ч үхэхгүй ээ!..
Бүрэн эхээрээ...
Яруу найрагч Л.Моломжамц "Хэзээ ба хожмыг өгүүлэх зангирмал үгс" Болор цомд түрүүлсэн шүлэг
Хорвоо дээр би ирж байснаа ч санах шиг алсад тэмүүлэн буйгаа ч тунгаах шиг
Хувьхан заяа тэнгэрээс тольдон намрын бороо цонхны цаана ч бас Сантын минь талд ч хөшиглөж байх шиг
Хорин жилийн тэртээд үлдсэн, аль эсвэл намайг үлдээсэн эмгийн минь дуу ч сэтгэлд хүүрнэн байх шиг
Хоног өдрүүдийг туулсан залуугийн мөр, шаргалхан хавтаст ном дотор биед минь сэрчигнэн буйг ч хуудас хуудсаар нь уншиж суунам
Зүсэрч байгаа бороо өнөөх л миний дотор буй гэнэхэн насны минь бүлэг дурдатгалууд
Хэдэн мянган үсэгний цаана нуугдах багын амрагийн дуртмал царай, зангирмал үгс, уйлсан нулимс
Зүйлийн хорвоод төөрүүлсэн олон зам, түүний дундаас миний олж чадсанаа гайхах нэг л үнэн бодомж
Хэзээ ба хожим дахин олоход хэтийдсэн бүдэг дэнлүүт үдшүүдээ ч гайхан бахдаж байна
Энэ миний дотор буй тэр л хуудсууд зарим нь их тод, зарим нь хэт бүдэг, урсаж балартсан
Энэ намрыг л ганцхан давж чадаад үгүйрэн хийсч одох нь их юм
Энэ миний сэтгэлд буй сүүлчийнхээ хүчээр тодроод сарнин урсаж буй дурсамж бүхнээ би
Эцэнгэр намрын бороот салхи, тогоруудын гэрэлт хүзүүнд зүүн уйтгарлан үлдэж буйгаа ч ойлгох юм
Миний дотор шувуу шиг бууж ааль юугаа дэлгэсэн мартагдахын аргагүй хонгорхон охинд ч
Миний багадаа унадаг байсан хайртай хүлгийн минь тунгалаг нүдэнд ч
Дэндүү багад минь одсон ч энхрий дотно хайрлан ширтдэг байсан ээжийн минь хөрөгт ч
Хэзээ ба хожим дахин ингэж учрахгүйн тулд л би зүүгдэн уймардаг ч байж болох юм
Этгээд намрын бороо цонхон цаана сэтгэл уйлан элэглэвч,
Эгэл нандин дурсамж дурсамж бүхнийг минь салхиaраа хийсгэн үгүйрүүлэвч
Эх нутгийн минь аглагт хэвтэх норсон чулуудын болор гэрэл бүхэн цугаар
Хэзээ ба хожмын минь зүгт уйтгарлашгүйн хүчээр сацарнам бусуу даа.
Бүрэн эхээрээ...
Яруу найрагч О.Цэнд-Аюуш "Эх орны тухай бодол"
Гүйцэт боловсорч ханаад хальсаа тэмтэрч байгаа жүрж шиг нартай
Гүү зогсоогоороо унтаад зүүднээсээ сэрж чадахгүй байгаа юм шиг талтай
Гүнрүүгээ түрсэн үндэс эрдэнийн чулууг тойрч байгаа юм шиг сартай
Гүүр хуучирч хөхрөөд урсан одож байгаа юм шиг салхитай
Эх орон минь
Цагаан согоо манан зуугаад амаржиж байгаа юм шиг үдэштэй
Цасыг биедээ зузаан түрхээд нойрсож байгаа толгод шиг гунигтай
Цангасан тэмээн дотроос зэрэглээ үүсч байгаа юм шиг говьтой
Цамцны минь товчийг арван долоотой охин цэцгээр орлуулж байгаа юм шиг үзэмжтэй
Эх орон минь
Эр зоригт бүргэд тэнгэртээ хаанчилж ханаад
Элгээ цөмөртөл газардсан юм шиг хөндийтөй
Эртний бурхад мөнхийн төгс галбирыг олоод
Эх хүн үрээ хүлээж нимгэрэхийг үзэж тэвчихгүй
хөдөлж чадахгүй байгаа юм шиг уулстай
Эрдэнийн гөрөөсний нулимс уран сормуусаас нь унаж байгаа юм шиг бороотой
Эвдэрхий буурал тэрэгний дугуйг эмээ минь өргөж босгоод явсан юм шиг солонготой
Эх орон минь
Алтан гүцний нарийн цоргыг тэлж
Гадаа далайн эрэг гарч ирэх гээд байгаа юм шиг гол мөрөнтөй
Амраг бүсгүй минь гансран үлдээд
Аглагт нь сууж дуулсан юм шиг ой модтой
Ариг цагаан ингэ сүүгээ дуслуулан гүйж ирж байгаа юм шиг ирэх цагтай
Айлын нүүдэл тэртээ алсыг тэмтэрч байгаа юм шиг буцах цагтай
Эх орон минь
Бүрэн эхээрээ...
Цагаан сарын холбогдолтой маш сонин ярианууд...
- (Утсаар) Эгчээ та юу хийж байна?
- Юм хумаа угааж байна. Ах чинь ирээд боовоо хийнэ.
* * *
- Балдан гуайн ууцыг чаналаа. Шулдайсан юм болчихож. Уг нь өвчүүг нь чанавал дээр байсын.
* * *
- Хаачих гээд яараад байгаа юм бэ?
- Эмээгийн махыг татах гээд.
* * *
- Дондовын боов муруй болоод байна гэнээ. Доор нь мод тавихаа мэддэггүй юм байх даа.
* * *
- Хүүе ээ, аавыг юунд ганцааранг нь явуулсан юм бэ? Автобусанд явж байгаад боовоо хугалчихсан байна.
* * *
- Балдан гуайн ууц хугарчихаж гэнээ
- Хөөрхий хөгшин, одоо яанаа
- Залгахаас
- Яаж.....?
- Яах юу байдаг юм. нурууных нь голоор нарийн төмөр шургуулаад_ махыг нь оёхгүй юу?
- Айн....?
гэх мэтээр явах юм бна.
Бүрэн эхээрээ...