# #

Зуслангийн автобус (Өгүүллэг)

9 Сэтгэгдэлүүд:

Алхсаар, хот руу явах автобусны буудалд ирэв. Түмэн янзын хүн тээсэн зуслангийн автобус халамцуухан хүн шиг хоёр тийш найгасаар ирж явна. Их үдийн халуунд болоод тэр үү уйтай ч юм шиг, залхуутай ч юм шиг харагдана. Гэхдээ хүүхэд байхын л зуслангийн автобус гэдэг нэг тийм гэгээлэг сэтгэгдэл төрүүлдгийг санаж зогсов. Намайг оронгуут нэг охин годхийн босож
- Ахаа та ийшээ суу гэхэд нь ийш тийш харвал надад хэлсэн нь үнэн байв. Харангуутаа л суудал тавьж өгөхөөр насанд би нэгэнт ирчихэж дээ гэж бодоход бас л сонин. Тэгэлгүй дээ, миний иргэний үнэмлэхний арын солих хугацаа нь 0000 он юм чинь аргагүй.
За энэ ч яахав. Автобусанд зарим хүн хөгжим сонсож, зарим нь уншиж, зарим нь нүдээ анин унтагч болж буух буудалдаа хурдхан хүрэхийг мөрөөддөг бол юм эрээчих хоббитой хүний хувьд тийм биш. Энэ олон “характер”-ийг нэг доор цуглуулж, яг адилхан нөхцөлд оруулдаг их сонин бас “сайхан” орчин шүү дээ. Анхаарлаа төвлөрүүлж, чихээ сортойлгож чадвал “олз омог” гэдэг овойж өгнө. Гэхдээ тэрийгээ мэдэгдэхгүйг хичээнэ. Тэгэхгүй бол 0000-той хүн ийш тийш сэртэлзээд байвал эвгүй шүү дээ.
За тэгээд зун цагийн автобус гэдэг нимгэн, хөнгөн бүсгүйчүүдээс авхуулаад нүд бүлтийлгэх, чих дэлдийлгэх хүн олонтой. Харин нөхцөл байдал тийм ч таатай биш. Халуун, бүгчим, хүнд агаарын үнэртэй, удаан, угзчаа гудчаа ихтэй, урагшаа хойшоо найгаатай, уур унтуу оргилоотой. Миний ойролцоохон зогсох хоёр бүсгүй ярьж байна.
- Гөлийсөн юм чинь урд шөнө ирсэнгүй
- Яасын?
- Хэн мэдэхэв. Үнэн худал нь мэдэгдэхгүй юм яриад л... Юу гэж бодоод байгаа юм. Намайг хоёр хүүхэдтэй энэ уулын мухарт хаячихаад тэнээд байж болно гэж бодоод байгаа юм уу, хаашаа юм гээд нүд ам нь жирвэгнээд ирлээ.
- Очоод алаад өгөөч, алаад өг гэж хажууд нь зогсох хүүхэн шургав.
- Муу дарваак. Хэдэн төгрөг олдгийгоо юу гэж боддог юм зүгээр... гээд ярьж дуусаагүй байтал автобус нэг муухай чахран тоормослож, бүсгүйчүүд хуйд автсан аргалын бүтээлэг шиг юмнууд тэр урагшаа хашгичсаар арилж өгөв. Бухимдагч бүсгүйн царай хүрэнтээд одоо л хагарах нь дээ гэмээр болоод явчихав. Хэрвээ би “Чи л нөхрөө буруугаар бодсоноос тэр шүү дээ” гэсэн бол даринд шүдэнз зурах мэт болох байсан байх.
Хаалга хийгээр шахагдан онгойж хэдэн хүмүүс орж ирсний түрүүнд туранхай, махлаг хоёр хөгшин авгай
- За хоёр чуганц (чавганц) орж ирсэн шүү. Ээ дээ хүүхдүүд минь, сандал тавиарай гэсээр орж ирэв. Миний суудлын харалдаа эсрэг талын хос сандлын наад захын залуу босож тэдэнд нэг сандал тавьж өглөө. Бодвол тэр 0000-гүй байх. Цаана нь суух хүн жаахан хавчих ая үзүүлснээр эхлээд махлаг чуганц сууж, наана нь туранхай чуганц арай ядан өгзөгнийхөө талаар сандайлав. Тэгснээ ойрхоноор нь намайг хялам, хялам харна. Бас ч үгүй уурлаад байгаа янзтай. Тэд хэзээ хаана эхэлсэн нь мэдэгдэхгүй яриаг үргэлжлүүллээ. Махлаг нь
- Тэгээд би чинь Англиас хоёр чемодан хувцастай ирсэн шүү дээ. Одоо тэрийгээ өмсөж бардаггүй. Энэ харахгүй юу. Хөнгөн, зөөлөн аятайхан божийнх байгаа биз дээ? гээд олон хүний дундуур судас нь хагарсан бүдүүн хөлөө урагш сунган үзүүлэв. Наад ирмэгт нь суусан чуганц эвгүй л хөдөлвөл сандлаасаа мултарчих гээд байсан тул янзгүй царай гаргаж сууснаа яаж чимээгүй байхав гэсэн янзтай
- Уг нь зүгээр л юм. Би ч ийм юм өмсөхдөө тулаагүй ээ. Надад намдаад байдгийм гэлээ. Гайхуулагч чуганц хэсэг чимээгүй сууснаа том цээжээ займчуулан хөдөлж энгэртээ унжих зүүлтээ заах гэж наадахыгаа эгээтэй л унагачихсангүй.
- Чи энийг харж байна уу? Энийг манай охин ноднин явуулсан юм шүү дээ. Гарааж саалэ (garage sale) гэдэг дэлгүүрээс авсан гэсэн. Жаахан хуучин л юм билээ. Магадгүй өнөө хатан хааных нь юм ч байж мэднэ, базарваань
- Чи наадахаа өчигдөр надад хэлэх чинь билээ
- Өө тэг лүү гээд мөрөөрөө нудчин автобусаар нэг нуг нуг инээд алдаад
- Үгүй тэгээд үхэхийн хооронд энэ их юмаар яах ч юм билээ гэж бодохын ха ха гэхэд нөгөө авгай байдгаараа ярвайгаад
- Наад дуугаа аяд л даа энэ чинь. Ганцаараа галзуу хүн шиг чарлаад явах юм
- Үгүй, чи ер нь ингэхэд яагаад л язав татав гээд унав даа. Ааштай гэдэг нь зүгээр
- Язагнаад байх юу байсын. Сандлын буланд яая гэж явахад чи гэж нэг юм яасан ч их хөдөлдгийн гэлээ. Хэрэг бишдэж байгааг ойлгосон би босоод
- Та ийшээ суух уу? гэхэд тэрээр миний сандалд шилжих зуурт түрүүнээс хойш шилбэлзсэн туранхай царайд нь үл мэдэг оч гэрэлтэв. Сэтгэл нь жаахан бүгээрсэн туранхай чуганц
- Юу гэсэн бэ? хө гэж нөгөөхдөө их л наалинхай хандахад харин махлаг чуганц маань суудал дээрээ бондгос гээд буруу харлаа. Хачин их дургүйцэж байгаа бололтой. Туранхай нь ч мөчөөгөө өгсөнгүй цонх руу ширтлээ. Энэ хоёр нэг хэсэгтээ ярилцахгүй нь тодорхой болсон тул би жаахан урагшлахаар тэмүүллээ.
Дараагийн буудлаас хүрэн торгон дээл өмсөж, хар булгарин гутал хөлдөө жийж, бүрх малгай дагзандаа торгоосон хүрэн бор эр, араас нь мөн хүрэн торгон дээл ижилсүүлсэн эхнэр нь бололтой туранхай бор хүүхэн эр нөхрөө хормойдсоор ороод ирлээ. Ойрд хараагүй ийм дүр төрх миний сонирхолыг таталгүй яахав. Тэдэнд мэдэгдэхгүйгээр гишгэм, гишгэмээр дөхлөө. Зорчигчид тэдний өмнөөс халууцав уу гэмээр төвөгшөөсөн харцаар хяламхийхэд эхнэрийнх нь хонин бор нүд эргэн тойрноосоо гэрэвшин хяргана. Хүрэн эр харин анзаарч байгаа юм алга. Нударгаа хойш нь хэдэнтээ сэгсэрч, хир зурайсан хумстай далбигар том гараараа дээр санжигнах бариулаас атгасан хэдий ч тэнцвэрээ тэгтлээ сайн олохгүй байгаа бололтой
- Хн! Нэг зуны л хоёр тугал ш дээ, үхсэн . . . гэж хүний гэхээсээ илүү өөрийн бодолдоо хариулав уу гэмээр сийгүүлэв. Халамцуу ч байж мэдэхээр юм.
- Ямар юмны тугал гэж. Шүд нийлсэн хоёр шар шүү. Хүүхдийн сургуульд өртөглөнө гэчихээд
- Хээцэс, ямар Хэрлэнгийн хөндийд хивж зогсоо хоёр зуун үхрээ туугаад ирсэн биш
- За засс, наад дуугаа аяд
- Муу хоёр өгөр таараагүй бол ч . . . гэж хүрэн эр сул гарынхаа хоёр хуруугаараа уруулаа шилэмдлээ
- Харсаар байтал хавсайдаад байхад чи хоёуланг нь тавьж байдаг. Үхсэн хойноо тоглодог бол доо
- Танай ахаас л болж байхгүй юү. Аягүй бол үгсээ биз тэр хоёр өгөртэй
- Үгүй ерөө. Тэр хоёрыг чинь агуулчих газар чамд тэгээд байсан юм уу? Юм л бол муу ахыг минь дандаа гоочилж байдгийн. Тус болоогүй ч гай болоогүй л байх шүү гэх мөртөө бор хүүхний хоолой цахиртаад ирэв.
- За за, тэгээд юу юуны духанд хүрэлгүй хоолойгоо боогоод, хэржигнээд бай. Ямар амь амьдралаа алдчихсан биш. Энэ хот газар угаасаа л гар хоосон, нүд сохор хүмүүсийн холхидог газар. Хүний ам руу орчих гэсэн нөхдүүд мэр сэр бий гэх нь миний тархи руу татаад авах шиг болов. Хүмүүсийн аазгай хөдлөв бололтой хэрүүлийн харцаар тэднийг ээрч эхлэхэд бор хүүхэн нөхрийнхөө араас нудраад
- Алив бууя гээд чангаалаа.
- Мөн юмуу? гэсэн харцтай улаан нүд эргэлдүүлснээ үүд рүү чиглэх зуураа
- Чи ер нь тэр хүүхдийг сургууль мургууль гэж энд хорихоо боль. Алаад идчих мал, агтлаад унах адуу, айлсаад буучих нутгийн олон байна. Нэг хүнд өөр юу хэрэгтэй юм гэж үглэсээр бууж одлоо. Автобус тоос бужигнуулан хөдлөхөд замын хажууд хөглөрсөн хоёр нөхөр салхинд гарч санаа нь амарсан аятай энгэрээ сэвж харагдав.
- Хн! Үхрийнхээ бөгсийг ширтээд насыг барахгүй юу гэж сонсогдох төдий шивнэхээр нь харвал нэг үрчгэр хөх нөхөр надтай харц тулснаа адууны умс шиг хөх нүүрээ үрчийлгэн инээх мөртөө харцанд нь оносон үг олж хэллээ гэсэн аятай омог шуу өнгө арвалзав. Яагаад ч юм би түүнээс холдмоор санагдаад жаахан урагшлахад ар шилээр хүйт татах шиг санагдав.
Удалгүй урд хаалгаар хоёр булцгар хүүхэн амьсгаадан орж ирлээ. Нэг нь ув улаан уруултай, нөгөө нь шав шар банзал өмсчээ. Улаан хошуут
- Ёох! Энэ халууныгээ, урсах нь ээ
- Урсаж л байвал бид хоёрт л сайн биз дээ гээд жуумагнав.
- Хүүе ээ! Тэгснээс . . . хивэг идвэл сайн гэнэ ээ
- Тийм үү?
- Мнхг, бүр гурайгаад өгдөг гэнэ. Би бүр идээд эхэлчихсэн ш дээ гэхэд улаан хошуут нөгөөхийгөө турж уу яаж вэ гэсэн харцаар дээш доош нь их л нухацтай харсан боловч тэгтлээ олз олоогүй бололтой
- Ээ дээ үнэн үү? Хивэг гэхээр нэг л эвгүй юмаа
- Дөнгөж өчигдөрөөс гээд байхад даа. Чи идэх үү?
- Жаахан хүлээе ээ, Тэр ч тураана, энэ ч зүгээр гэж идсээр байтал амсаагүй, залгиагүй юм үлдэхээ байлаа гэхэд шар банзалт ширэв татахад бие нь дагаад бондгос хийлээ.
- Тэгээд надаар туршлагын туулай хийх гээд байгаа юм биз дээ гэж намжирдав. Улаан хошуут
- Хэн тэгсийн? Тэгээд ч энэ чинь чиний олсон санаа. Хэрэв үр дүнтэй байвал чи надаас хэд хоногийн өмнө ч болтугай турна ш дээ гэхэд шар банзалтын харцанд оч харваж
- Нээрээ, чи намайг түрүүлээд турчихвал яах вэ? гэхэд улаан хошуут дуугарсангүй
- Тэгвэл яана? гэж шар банзалт адгасан өнгөөр дахин шавдуулахад
- Чи бид хоёр одоо арван хоёр жил найзалж байна. Анх танилцахдаа л турах тухай ярьж байсан санагдах юм гэхэд хоёр бүсгүй зэрэг шахам санаа алдаад автобусны цонхоор харагдах тэртээх Дамбадаржаагийн арын уулын сэтэрхий онийг ширтлээ.
Сэтгэлд минь “Яриаг нь хэрэггүй ч сонсов уу даа” гэсэн эмзэг манан хүүгээд ирэх шиг болов. Ямар ч хүн өөрийн гэсэн гоо сайхантай шүү дээ. Дэмий юманд ингэтлээ гуних хэрэггүйдээ дүү нар минь гээд хэлчихмээр ч юм шиг.
Тэгтэл миний суган доор шахам зэрэгцээ сандлаас гомдолтой нь аргагүй шуухитнах чимээ сонсогдлоо. Харвал хүүхэн залуу хоёр суух агаад бүсгүй уруу царайлан тонгойж, залуу нь аргадах мэт мөрөөр нь тэвэрсэн байв. Бүсгүйн нүд улайж, аньсганд нь нулимс цийлэгнэнэ. Гартаа цаасан алчуур үрчийтэл базсаныг үзвэл уйлаад нилээн удсан шинжтэй. Тэгсэн хэрнээ бусдад мэдэгдэхгүйг хичээвч нулимс нь төд удалгүй аягаа халиад урсах аж. Бүсгүй нусаа татан шуухитнаад алчуураар нүдээ дарна. Залуу тэвэрсэн гараа үл ялиг чангалах нь бүсгүйгээ аргадаад байгаа бололтой. Залуугийн харцанд ч гэсэн гуниг үелзжээ.
- Нэгэнт л ийм юм болсноос хойш одоо өөрийгөө зовоогоод яахав дээ гэж залуу намдуухан хэрнээ хүнгэнэсэн дуугаар хэлэхэд бүсгүй нулимстай нүдээр залуу руу аргадангуй харж
- Намайгаа ойлгоорой. Муу ч гэсэн хүүгийн минь эцэг болохоор . . . гээд цааш нь үг хэлж чадахгүй ээрэхэд залуу бүсгүйг улам бүр өөртөө шахан
- Тэгэлгүй яахав даа хань минь. Одоо сэтгэлээ барь. Уйлж, унжаад хүүгээ айлгачихна гэж хүнгэнүүлээд духанд нь уруулаа нааж удаан гэгч нь үнэрлэх ажээ. Тэднийг харуут миний тархи, зүрх, сэтгэл гурав тас тэврэлдэх шиг санагдаад нэг их урт санаа алдлаа. Автобусны онгорхой салхивчаар сэрхийсэн хэсэгхэн салхи бүгчим халууныг цуу татан сэнгэнэв.
Нэг харсан чинь миний буух буудал дөхөж байна. Хаалга руу эргэтэл нэгэн бөгтгөр өвгөн, тав орчим насны жаахан хүү хоёр хөтлөлцөн зүтгэсээр хаалганы дэргэд зогсов. Бас буух бололтой. Өвгөн автобусны явдал, хүүгийн чирэлт хоёрт илт түүртэх ажээ. Хүү оч гэрэлтсэн хар нүдээр өвөөгөө ширтэж байснаа
- Өвөө та яагаад ийм далий болсын? гэж асуулаа. Бөгтөр гэж байгаа бололтой.
- Амьдралд дарагдаад тэрээ, хүүхээ гэхэд хүүгийн харцандаа шооч, дүрсгүй гэрэл гялалзуулан ход ход инээж
- Ийм хүнд амьдрал байдаг гэнэ ээ
- Байдаг юмаа хүү минь.
- Худлаа яриад л . . . Таны нуруунд юу ч байхгүй байна ш дээ.
- Одоо ч байхгүй л дээ
- Тэгээд тэгшрээч. Тахийгаад л байхын гэхэд би өөрийн эрхгүй мушийлаа. Хүү надаас гэрэвшсэн янзтай өвөөгийнхөө цаагуур оров. Өвөө нь намайг анзаарсан шинжгүй
- Нэг л өдөр ачаагаа буулгана аа хүүхээ. Тэгээд л нэг мөсөн тэгширнэ шүү дээ гээд судас нь атирсан ясархаг гараар хүүгийн толгойг илэв.
Энэ үед автобус зогсож, хаалга хийгээ дуугаргасаар онгойлоо. Буугаад хэд алхсан хэдий ч хүү өвгөн хоёр луу эргэж харахгүй байж чадсангүй. Хүү нэг гараараа өвөөгийнхөө гараас атгачихсан нөгөө гараараа ямар нэгэн юм тайлбарлан зангаж байгаа харагдана. Яагаад ч юм сэтгэл нэг л өег болчихжээ. Түмэн янзын амьдрал тээсэн зуслангийн автобус хоёр тийш хөгжилтэй гэмээр ганхсаар дараагийнхаа буудал рүү давхиж одов.

УБ. 2015 оны өвөл
Бүрэн эхээрээ...

Өчүүхэн (Өгүүллэг)

13 Сэтгэгдэлүүд:

Томоо их дэлгүүрийн гадна шатаар өгсөхдөө “Хүн ирэхийг хүлээх үү, яах вэ” гэж бодол болон явтал нэг бүсгүй хажуугаар нь яарсан аятай точиг, точиг гэсээр өнгөрлөө. “Ямар юмандаа яарахаараа ингэтлээ сайварладаг байна аа” гэж бодох зуур бүсгүй гаднах хаалгаар орохыг хараад хар хурдаараа гүйлээ. Гүйх зуураа “Хүүхэн хараад яг мартах гэж байна шүү дээ” гэж тэр өөрийгөө багахан зэмлэж амжив. Хаалга хаагдахаас өмнө арайхийн орж амжтал бүсгүй дотор хаалгыг түлхэж байгаа харагдана. Тэр мөн л ухасхийж хаагдахаас өмнө бүтэн биеэрээ орох гэж зүтгэхдээ бүсгүйн өсгий дээр гишгэж орхив. Бүсгүйн царай хувьсхийж эргэж хараад Томоотой харц тулах мөртөө дальдарч, ум хумгүй явж одлоо. Хүнд хаалга онгойлгож өгдөг тэнэг хүүхнийг Томоо араас нь өрөвдөсхийн харж зогссоноо “Аргагүй дээ чи” гэсэн янзтай ихэмсэг царайлан цахилгаан шатны зүг нуруу цэх, толгой гэдгэр алхлаа. Гаднаас орохдоо хүнээр хоёрын хоёр хаалгыг давхраар нь онгойлгуулж чадсандаа тэр үү сэтгэл нь нэг л таатай. Хүнхэр нүднийх нь угаар хүйтэн аархал жирвэлзэн зайрмагтана.
Тэрээр зургаан давхарт гарах гэж хоёр цахилгаан шатны аль нэгнийг хүлээн зогслоо. Баруун шат нь зүүнээсээ үл ялиг хоцрон уруудаж яваа нь хаалганы дээр асах давхрын тооноос харагдах ажээ. Энэ хооронд хүмүүс нэмэгдсээр байгаа боловч яагаад ч юм бүгд л Томоогоос зайтай зогсоно. Хар үнэгэн малгайг хазгайдуухан тавьсан дэгжин хүүхэн товор товор алхсаар ирснээ Томоог харуут зог тусан зайлж ямар нэгэн аюулаас сэрвээтсэн зээр шиг сэртэлзэв. Юу нь болохоо байчихсан юм бүү мэд хүмүүс ингээд байдгийг тэр гайхахаас цаашгүй. Ер нь хүмүүс түүнээс учиргүй дөлөмтгий. Түүнд хамгийн их ойртсон, тэр байтугай зүрх сэтгэлийн тухай ярьж үзсэн Сараа гэдэг хүүхэн хүртэл нэг л өдөр өөрийнхөө тэнэгийг гайхсаар явж одсон. “Чиний гутлын хоншоор, нүдний шил, чиний цамцаа товчилсон чинь хүртэл миний зэвүүг хүргэдэг. Чиний инээхийг би үзэн яддаг. Чамд угаасаа инээд ч зохихгүй. Чиний нүд бол чөтгөрт л байх нүд” гэж амьсгаагаа давхцуулан байж хэлээд явчихсан юм. За тэр хамт олон бол бүр ойлгомжтой. Уг нь Томоо зожигрохыг хүсдэггүй л дээ. Ажлынхан нь ямар нэгэн юм болоод мөнгө төгрөг цуглуулахад тэр бусдын жишгээр л өгнө. Ганц нэг орой гадуур гарахад Томоо цуг явах хэдий ч нэг л мэдэхэд гав ганцаар булан тохойд торойж суух. Тэрээр энэ бүхэнд одоо ижил дасал болж дээ.
Цахилгаан шатанд орох хүмүүс яагаад ч юм яардгийн адилаар Томоо ч гэсэн “Аль бүхээгт нь орвол түрүүлж дээшээ гарах бол” гэж бодно. Түрүүчийн бүхээг ирж, ихэнхи хүмүүс тийшээ бөөгнөрч, зарим нэг нь өөрийгөө арай түрүүлж ирснээ ойлгуулах гэж түрэмгийлэн давшилна. Томоо ч гэсэн зүтгэвэл орж ядах юмгүй. Тэртээ тэргүй бүгд л түүнээс зай авахыг хүсэх тул зарим нь үлдэнэ гэдгийг мэдэж байгаа. Гэхдээ Томоо зүтгэсэнгүй. Учир нь “Энэ бүхээгт олон хүн орсон тул давхар болгонд зогсоно гэсэн үг” гэж магадлалын онол бодоод арай сүүлдэж ирэх дараагийн бүхээгт цөөн хүнтэй орохоор шийдлээ. Өнөөх хар үнэгэн малгайтай бүсгүй болон бусад пиг дүүрэн хүнтэй эхний бүхээг хаагдахтай зэрэгцэн дараагийн бүхээг нээгдлээ. Томоо хэд хэдэн хүний хамт оров. Тэд аль болохоор түүнд ойртохгүй захалцгаана. Томоо мэдэрсэн хэдий ч анзаараагүй хүн болон унжуу хамрынхаа уг дээр тохсон зузаан шилний цаанаас гөлөгнөх шар ногоон нүдээр давхрын тоо ээлжлэн солигдох бяцхан дэлгэцийг үелзүүлэн ширтэнэ.
“Хажуугийн бүхээг аль давхарт яваа бол. Дор хаяж арав гаран хүн орсон. Хэрвээ миний бодсон зөв бол дөрөв, тавдугаар давхруудад зогсож л таараа. Тэгэхээр би зургаан давхарт түрүүлж гарна” гэж бодохоор түүнийг сэтгэл үл ялиг тайвширч, гэрлийн очис хацар, нүүр лүү нь үсчих шиг жирвэгэх нь таатай ч юм шиг. Дэлгэцэнд тоо ээлжилсээр. Гэтэл Томоод “Нөгөө бүхээгнээс буух хүнгүй шууд л зургаан давхарт гарчих юм биш байгаа” гэсэн бачуухан бодол багалзуурдаад ирэв. Ямар нэг асуудалд анхаарлаа төвлөрүүлэхээр Томоогийн цээжинд ч юм уу, тархинд ч юм уу үл ойлгогдох бачуурал үүсэж бүр нүүр нь чинэрээд ирдэг гэж байгаа. Үүнийгээ мэддэг болохоор тэрээр өөрийгөө сайн барихыг хичээдэг юм. Хичнээн хичээсэнд нүүр нь халуу шатаад эхлэв. Нөгөө ирвэгнээд байсан очис галын цучил болон хувирах шиг. Тэгэхээс тэгэх гэсэн шиг бяцхан дэлгэцэнд асах тоо тав дээр очоод гацчихлаа. Нэг настайвтар авгай энэ давхарт буух гэсэн юм байж. Авгай том торондоо түүртсэндээ ч биш зүгээр л ямба нь ийм юм болов уу гэмээр удаан хөдөлсөөр арай хийж нэг юм гарав. Байж ядсан Томоо эгээтэй л араас нь түлхчихсэнгүй. “Шуналын хар тулам ингэж хүнд гай болохоор гэртээ л хэвтэж байхгүй энүүгээр салгалж явдаг нь юу вэ” гэж Томоо тархиа сийгүүлэн бодлоо. Бүхээгний хаалга хариугүй хаагдах гэж байтал түүний араас бас нэг залуу
- Өө, тав уу? гэхэд хэн нэг нь
- Тийм гэж шивнэх үед хаалга зууралдсаар хаагдав.
- Би буух байсын. Наадахаа дарчихдаа гэхэд товчлуурын дэргэд зогсох нэгэн онгойх товчийг дарлаа. Томоогийн хамаг цус нь хөөрч, хацар шанаанд нь тунарч ирэв. Хаалга мөн л зууралдан байж онгойх нь өчнөөн жил өнгөрчих мэт удах авч Томоо тэссээр л байгаа. Гэвч тэрээр дотроо “Түрүүний бууж байхгүй салгалсан муу новш” гэж хахирган өнгөөр хашгирч байв. Залуу санаандгүй эргэж Томоотой харц тулах мөртөө хамаг үс нь босов уу гэмээр болж чичрүүдэсээ дарах гэсэн шиг биеэ займчаад хурдхан арилж өгөв. Томоо “Новшийн муу өгөр” гэж эгээ л хашгирчихсангүй. Хий дэмий л шүднийхээ завсраар сийгүүлэн гаслаад хүмүүсийн дунд байгаагаа санан уруулаа жимийлээ. Түүний сэтгэл улам бүр шагалзан шазвалзав.
“Хэрэггүй л энд орлоо. Нөгөөхөд нь суусан бол өдийд бууж байхгүй юу” гэж бодохоор дахиад л гасламаар. Ядаж байхад бүхээгний хаалга гол гогдох мэт удаан хаагдах аж. Болдог бол хоёр талаас нь шахчихмаар. “Хоцорсоон, хоцорсон. Новш, новш” гэж байж ядсан Томоо хий дэмий хоёр хөл дээрээ займчаад хөшингө харцаар адар ширтлээ.
Хүмүүс түүнийг ажиглаад байх шиг санагдахаар нь үл анзаарагч болон давхар бүрийн тайлбарыг амандаа, гэхдээ бусдад бас ч гэж сонсогдохоор уншив.
- Дөрвөн спортын хувцас ... бараа ... таван давхар цахилгаан бараа ... дандаа бараа ... гэснээ новш гэж амандаа хэлчихээд хүзүүгээ хөдөлгөхгүйгээр харцаар аягандаа эргэлдүүлж бусдыг ажиглавал онц юм мэдэгдсэнгүй.
Бүхээг дуртай дургүй дээшилсээр арайхийн зургаан давхарт зогссон ч мөн л хаалга нь онгойх гэж жил болчих шиг санагдана. “Хажуугийн бүхээг аль хэдийн ирээ биз” гэж санахаар Томоогийн шээс савирчихаа алдана. Хаалга үнэн онгойв уу, худал онгойв уу Томоо урдаа байгаа хүнээ яав гэмээр түлхсээр гарч ирээд хажуугийн хаалгыг харан
- Түй, муу новш . . . гэж хэн хүнийг цочтол хэлээд хий нулиман шал дэвсэв. Хүмүүс оголхийн дөлөөд эргэн, эргэн харсаар явж одлоо. Томоо нитгэрсэн улаан царайгаа шингэрүүлэх гэсэн мэт уртаа гэгч нь санаа алдаад хажуугийн хаалганы өмнүүр өнгөртөл ард нь бүхээг дөнгөж ирсний дохио болсон “Донн” гэсэн чимээ сонсогдлоо. Томоо чихэндээ итгэлгүй эргэн хартал хаалга удаавтар онгойж дотроос нь хар малгайт хүүхэн болоод бусад хүмүүс уван цуван гарч ирцгээхийг шилтэйгээ нэг, шилээ авч нэг харав. Томоогийн худаг мэт гүн ухархайн тэртээ ёроолд юуны ч юм оч гялс хийж, нүүрнийх нь чинэрээ сулараад ирэх нь тэр.
Их дэлгүүрийн зургаан давхарт Томоо мөн л нуруу цэх, толгой гэдгэр алхаж явна. Гэнэтхэн түүнд дэлгүүрээс гарахад түрүүний тэнэг хүүхэн шиг хүн урд нь таардаг болов уу, яадаг бол гэсэн бодол бодогдоодохлоо . . .

2015. 01.16 УБ хот.
Бүрэн эхээрээ...

1 Сэтгэгдэлүүд:

Бороотой өглөө иржээ
Хүслээр болов.
Бодлоо норгож зогслоо
Хайр төрөв.
Хаанаас ирдэг юм бол
Энэ их сэтгэлийн уянга, бас
Хаашаа оддог юм бол
Тэр их уяралын шаргиа . . .
Сэтгэл чандын ийм л орон зайд
Нэг дүүрч, нэг хоосорсоор
Дүрт биеийг элээж
Тоот насыг үрэх нь дээ . . .

Т. Бум-Эрдэнэ. 2015.4.30. 7:45 Бүрэн эхээрээ...

* * *

4 Сэтгэгдэлүүд:

Харанхуй шөнөөр хөгшин нохой
Хий хардан хуцах, тийм нэг мэдрэмжийг
Халуухан янаг минь хаа нэгтэй
Хархан үсээ урсган гинших, тийм нэг мэдрэмжийг
Дулаан хөнжилд эргэж хөрвөөвч
Дурлалын мөсөнд биеэ тумлайдах, тийм нэг мэдрэмжийг
Холын хүний хүндхэн амьсгааг
Ойрын хүний дэргэд сонсох, тийм нэг мэдрэмжийг
Анаад анаад ирээгүй ганцхан мөр үгс
Аньсган дундуур зуралзах, тийм нэг мэдрэмжийг
Хайнгадуухан харцтай хөгшин янхан шиг гудамжаар
Халамцуухан гэлдрэх, тийм нэг мэдрэмжийг
Хар дарсан зүүд шиг хачин хүйтнээр инээж ирснээ
Хаашаа ч юм уйлсаар одох, тийм нэг мэдрэмжийг
Хүйтний чичрүүдэс дунд халууныг оочлох шиг
Хөлөрч ирээд хүйтнийг залгилах, тийм нэг мэдрэмжийг
Урдуур шургасан гурван адууны аль нэгнийх нь толгойд
Уургын хуйвыг даялуулах, тийм нэг мэдрэмжийг
Амьсгаа даран сортолзох хээнцэр нэгэн ангийн
Амин газар нь гурван бие барих, тийм нэг мэдрэмжийг
Мэдэхгүй газарт зорчсон аавын минь араас
Миний сүнс, мэнд асуухаар тасрах, тийм нэг мэдрэмжийг
Урд шөнө унтсан хэрнээ унтаагүй юм шиг
Унтаагүй атлаа үүрд нойрсох, ийм олон мэдрэмжтэй найрсжээ.

Т. Бум-Эрдэнэ. 2015.04.21 4:15
Бүрэн эхээрээ...

Нурам - 18 (тууж)

20 Сэтгэгдэлүүд:

Гэтэл тэрээр
- Би энэ бүхэн илчлэгдэхгүй өнгөрчих вий гэхээс би айж байна. Түүнээс миний энэ эвдэрхий бие одоо хэнд хэрэгтэй гэж. Цаана чинь бүхэл бүтэн уул шатчихаад байна шүү дээ. Одоо тэнд урсдаг байсан гол, ургадаг байсан мод бүгд байхгүй болсон.
- Энэ бүхэнд та өөрөө буруутнуудын нэг болж үлдэх нь дээ? гэтэл Суурь хөлсөө арчихдаа арын эгнээнд суугаа Хэрлэнг олж харав. Тэгснээ ус авч уув. Би түүнийг биеэ барихыг хичээж байна гэж ойлгов. Суурь
- Бид хойч үедээ итгэл найдвар үлдээх ёстой. Тэгэхээр миний хэн байх, хэн болохоос энэ үл хамаарна гэж бодож байна гэж хэлэхэд Суурийн хоолойны өнгө эрч хүчтэй сонсогдов. Тэрээр цааш нь сэтгүүлчдийн асуултанд маш товчхон бөгөөд оновчтой хариулсаар байлаа. Энэ хэрэг хэзээ хүртэл сунжирч, хэрхэн яаж шийдэгдэх нь тодорхой биш. Мэдээж эрхэм гишүүн өнөөдрөөс эхлэн бүх телевиз болон сонингуудтай хаалтын гэрээ гээчийг хийж өөрийнхөө талаар муу мэдээлэл цацахгүй байх бүх арга хэмжээг авна. Тэгээд шүүх, прокурорын байгууллагад хандана. Өнөө цагийн олигархи гэж нэрлэгддэг бүлгүүдийн ажил ингэж эхэлдэг. Гэхдээ бид өөрсдийн зүгээс чадах хэмжээгээрээ тэмцэнэ. Хэрвээ ямар нэгэн байдлаар хэрэг дарагдах шинжтэй болвол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжих болно. Энэ тухай бид хэдийгээр ярилцаагүй ч бидний сэтгэл зүрх үүнд бэлэн байгаа нь мэдрэгдээд байгаа. Харин хэрхэн яаж Суурийг болон өөрсдийгөө аюулгүй байдалд байлгах вэ гэдэг л байна. Өнөө маргаашдаа ямар нэгэн түгшүүр илрээгүй ч энэ бол зайлшгүй ирэх зүйл. Алдар нэр, алт эрдэнэст шунагсдын эзэрхийлэл, дарангуйллын төмөр тор энэ орныг тэр чигт нь хэрчихэж. Даанч харамсмаар. Энэ хэргийн сэжүүрийг илрүүлж чадвал үүнтэй төстэй олон, олон хэргийг зөв сөхөж дөнгөнө. Суурийн хэлдгээр бид хойч үеийнхэндээ итгэл найдварыг үлдээх ёстой. Үүнд манай багийнхан, Хэрлэн, миний хүүхдүүд, гудамжаар юу ч бодолгүй инээмсэглэж яваа залуус бүгд орно. Намайг гудамжны буланд цохисон залуусч бидний ирээдүй мөн.
Би түүнийг өөрийн найз гэж хэлэхэд нүүр бардам санагдана. Тэр буруутан, тэр гэмт хэрэгтэн. Гэхдээ тэр гэмээ ойлгосон зоригтой буруутан. Атаа жөтөө, шунал тачаал буглаж бугшсан өнөө цагт ийм буруутан бараг л бурхан гэсэн үг.

* * *
Сүүлийн хэд хоног сэтгэлд буглаад байсан түгшүүр Хэвлэлийн бага хурлаас хойш улам нэмэгдлээ. Суурийн өмнөөс тэр шүү дээ. Тэр хэрэгтэн болно. Бас тэр амьд явах ёстой. Хүний амьдралд саяхан том байр суурь эзэлж байсан асуудал хэдхэн мөчийн дараа юу ч биш болж хувирдаг бас сонин шүү. Одоо Суурийн хайр сэтгэлийн асуудал түүний амь дүйсэн энэ цаг хугацааны дэргэд өчүүхэн зүйл болж орхих шиг. Эсвэл энэ бүхэн хэзээ нэгэн цагт шийдэгдэж, харин хайр сэтгэлийн асуудал гох дэгээ болон хоцрох ч юм бил үү хэн мэдлээ. Би сэтгэл түгшээсэн бодолд дарагдахаараа уруу царайтай болчихдог талтай. Нилээн оройтсоор гэртээ ирвэл Суурь унтаж байв. Сэлэнгээ надад хоол цай хийж өгөнгөө
- Битгий ингэж оройтоод бай л даа. Санаа зовоогоод байх юм.
- Юундаа санаа зовох вэ дээ хө.
- Тэр хэвлэлийн бага хурлаас чинь хойш бүр алхам тутамдаа айж явна.
- За за би дахиж оройтохгүй дээ гэтэл Сэлэнгээ сая нэг юм тайвшрав бололтой санаа алдаад
- Хэзээ энэ хэрэг чинь нэг тийшээ шувтардаг юм бол доо гээд Суурийн байгаа өрөө рүү хяламхийгээд сэрчихвий гэсэн аятай шивнэв.
- Удахгүй байлгүй дээ гэж худлаа хэлэв. Үнэндээ бол хагас жил эсвэл бараг жил тойрон ч болж магадгүй л дээ.
- Худлаа яриад бай. Наад царай зүс чинь унжийгаад нэг л биш. Би чамайг мэднэ ш дээ
- Яахав дээ, хуулийн дагуу л шийдэх биз. Хамгийн гол нь Суурьт өөрт нь их аюултай болчихлоо. Томчуултай холбоотой болоод ирэхээр Суурийн амыг таглах гэх нь гарцаагүй гэтэл Сэлэнгээгийн царайд айдас нүүгэлтэж
- Яанаа . . . арай манайд байгааг мэдчихсэн юм биш байгаа
- Гайгүй байхаа
- Гэхдээ чамайг эмнэлэгээс авч гарсныг мэдэж байгаа ш дээ. Сая бас чи тэр хурал дээр дэргэд нь байсан. Тэд чинь тэнэг улс биш ш дээ. Гэр орныг минь самраад хаячих юм биш байгаа. Тэгээд бас хүүхдүүд . . . Ёох! Юу л болоод байна даа
- Тийм ч юм болохгүй л дээ. Харин одоо мөрдөгдөж байгаа хэргийг шууд хэвлэл мэдээллээр цацах нь өөрөө хууль бус. Гэтэл цаад Суурь чинь “Би тэртээ тэргүй хууль зөрчсөн хүн. Энэ хэргийг ингэж л шууд олонд дэлгэхгүй бол дарагдаж мэднэ. Дараа нь намайг устгана гэнэ биз. Миний амь ямар ч үнэгүйгээр үрэгдвэл харамсалтай биз дээ” гээд зүтгээд байгаа юм.
- Хөөрхий дөө, гүжирмэг ч гэсэн уг нь хүн юм байгаа юм ш дээ
- Харин тийм. Суурийн оронд би байсан бол ийм шийдвэр гаргаж чадах байсан болов уу гэж хааяа бодогдох юм
- Миний өвгөн байсан бол анхнаасаа ийм хэрэг хийхгүй байсан л даа. Ингэхэд нээрээ, танай салааг яах болсон бэ?
- Нэг юм үлдэх нь ч үлдэх байхаа. Энэ жилээс овоо суурьтай үзэх юм шиг байна. Намайг тусгай салаа байгуулах судалгаа шинжилгээний багт хамруулж магадгүй байх.
Сэлэнгээ босож гал тогооны өрөөний хаалгыг хаагаад
- Нөгөө охин нь ирэв үү? гэж сониуч нь хөдөлсөн шинжтэй нүдээ гялтгануулж ирээд асуулаа.
- Хэн?
- Заа, хэн байдгийн. Яагаав, энэ Суурийн . . . Охин гэх юмуу, хүүхэн гэх юм уу?
- Аан, Хэрлэн үү? Ирсээн, ирсэн
- Ирж л таараа ш дээ. Тэгээд ямархуу байна? Суурийн тухай ярьж байна уу гэж байхад чинь. Мэдсээр байж ойлгоогүй царай гаргаад яагаад байгаа юм? гээд ширэв татаж байна.
- Надтай юу боллоо гэж тийм нандин юмаа ярив гэж дээ.
- Чи нэг ярьж байгаад энэ хоёрыг уулзуулвал яасын. Тэгээд болвол нэг тийшээ эс болвол хоёр тийшээ болно биз.
- Энэ суумгай болсон хүнийг тэр охин одоо тоохгүй байх аа. Тэгээд ч хэрэг төвөгт орооцолдчихлоо. Угаасаа эмнэлэгт байхад нь ирээд учраа ололцсон юм шиг байна лээ. Бөөн уур уцаар болцорсон байсан. Би чамд ярьсан ш дээ
- Яахав дээ. Хүн чинь сэтгэлийн амьтан юм хойно хэн хэн нь учраа олохсон гэж бодож л байгаа байлгүй. Дахиад нэг оролдоод үз л дээ.
- Суурь уурлана аа. Бидний хооронд битгий гүйгээд байгаарай гэж өөрөө хэлсэн юм чинь
- Тэр нь ямар хамаатай юм. Энэ хүнд чинь одоо сэтгэлийн түшиг хэрэгтэй байна. Чи бид хоёр гэртээ хооллож ундлаад байх юу ч биш. Сэтгэлээрээ цадах хэрэгтэй байна. Тэгвэл ядаж шийдсэн шийдвэртээ урам зоригтой ч болох юм бил үү.
- Бүр гай болвол яана.
- Энэ хүний бүх барцад нь урдаа гарчихсан. Одоо түүнийгээ давах тэнхэл хэрэгтэй байна. Ойлгож байна уу? гэж адгав.
Сэлэнгээгийн хэлж байгаа нэгэн бодлын зөв. Ер нь юуны ч тухай бай удаахан ярих юм бол Сэлэнгээгийн зөв болж хувирдаг юм. Энэ удаа ч гэсэн тэгж л байх шиг.
- Хэрлэн миний үгэнд орох болов уу?
- Юу ч гэсэн яриад л үз. Орвол тэр л биз. Орохгүй бол одоо яая гэхэв. Чи чинь л их сүрхий хэрсүү хүн гээд байсан биз дээ. Тэгээд ч хэзээ хойно “Би нээрээ нэг уулзаад үзэхгүй яав даа” гэж харамсах ч юм бил үү гэлээ. Сэлэнгээгийн энэ үг Хэрлэнтэй уулзах сэжим болов.
- Юу ч гэсэн очихоос доо гэж би амандаа бувтналаа.

* * *
Яагаад ч надад Суурийг Хэрлэнтэй уулзуулах ёстой мэт бодогдоно. Суурийн мууг үзэх гэсэндээ биш зүгээр л түүний сэтгэлд эргэлдээд байгаа энэ их шаналгааг нэг тийш нь болгох хэрэгтэй мэт. Гэхдээ би энэ бүхнийг бодож санаа чилээх эрхтэй хүн нь мөн үү, биш үү. Суурь болохоор намайг эр эмийн хооронд бүү жороол гээд байгаа. Ямартай ч байсан Хэрлэнтэй уулзъя даа гэж бодсоор түүнтэй уулзъя гэж тохирсон газраа ирлээ.
. . . Хэрлэн, энгийн даашинз өмсөөд төдийлөн урт ургаагүй үсээ сул тавьсан нь үзэсгэлэнтэй харагдана.
- Чи их өөр харагдаж байна
- Амраад тэгсэн байх л даа.
- Би чамтай уулзах гээд . . .
- Харин таныг гэнэт ярихаар гайхлаа. Уг нь нөгөөдөр цугла гэсэн биз дээ?
- Тийм л дээ, гэхдээ . . . За байз юунаас эхэлдэг юм билээ дээ. Чамайг Суурь дээр очвол зүгээр юм болов уу гэж бодох юм. Магадгүй хүлээгээд байдаг байж болох шүү дээ. Хүн гэдэг чинь цаг ямагт хэн нэгнийг хүлээж байдаг хойно. Магадгүй, чи одоохондоо хүлээхийн тухай мэдэхгүй байх л даа гэтэл Хэрлэн над руу нэг их сүрхий харснаа
- Хэрвээ та завтай бол би хүлээх гэж юу байдаг тухай танд ярьж өгсөн ч болох байна. Таныг хүсвэл шүү дээ гэлээ. Хэрлэнгийн харцанд өс хонзон гэхээр арай хатуудмаар үзэн ядалт гэхээр хаашаа ч юм ямартай ч гэсэн нэг тийм хурц оч гялсхийв. Тэр ингэж ярив.
- Аавынхаа тухай ээжээсээ л сонсож байснаас би амьдралдаа түүнийг хараагүй. Гэхдээ би хүүхдийн сэтгэлээр аавыгаа хүлээдэг байлаа. Хэзээ нэгэн цагт би чиний аав чинь байна гээд нэг өндөр сүрлэг сайхан аав ороод ирэх юм шиг, тэгээд намайг тэртээ дээр өргөөд л . . . хүзүүн дээрээ суулган гудамжаар алхана гэж үргэлж бодож, тоглохдоо хүртэл аав ирлээ гэж тоглодог байв. Найман насандаа ээжээсээ өнчин хоцрохдоо ч гэсэн түүнийг хүлээж л байсан шүү гэж хэлэхдээ Хэрлэнгийн хоолой сааралтаж, нүднийх нь аяганд нулимс дүүрч ирснээ биеэ барих нь ийм байдалд олон удаа ороо болов уу гэмээр санагдана. Тэгээд Хэрлэн
- Миний аавыгаа хүлээсэн хүлээлт сүүлдээ хурдхан шиг насанд хүрэхсэн гэсэн хүлээлтээр солигдсон юм
- Насанд хүрэхээ . . .?
- Тийм, насанд хүрэх. Би насанд хүрч түүний амьдралыг бусниулахсан гэж хүсэх болсон. Сүүлдээ шийдсэн. Магадгүй энэ үзэн ядалтаас үүдсэн байх л даа. Ээж маань намайг оюутан байхдаа олсон гэдэг юм. Миний эцэг болох хүн эрүүл чийрэг, тухайн үеийн охидуудын харааг булаахаар сайхан залуу байсан гэдэг. Ээж маань түүнтэй учирч чадсандаа ямар их баяртай, жаргалтай байсан гээ. Гэтэл тэр хүн миний ээжийн чин сэтгэлийн хайрыг мэдэхийг хүсээгүй. Эмэгтэй хүн хайртай хүндээ хамаг бүхнээ, тэр тусмаа бүхэл бүтэн амьдралаа хүртэл зориулдагийг тэр хүн ойлгоогүй. Ойлгохыг ч хүсээгүй. Зүгээр л хог цаас шиг базаад хаячихсан. Бүр намайг олсныг мэдсээр байж тэр шүү дээ гээд Хэрлэн яриагаа түр орхин өөр тийш харж зогслоо. Бодвол тэр бодол санаагаа төвлөрүүлж байсан байх. Би түүнд ямар нэгэн юм хэлэх ёстой эсэхээ ч мэдэхгүй зогсов. Тэгтэл Хэрлэн
- Тэгээд би түүнийг судалж эхэлсэн. Тэгтэл тэр ээжийн хэлсэн тэр л байгууллагтаа ажиллаж байсан. Гэр бүлгүй байв. Гэр бүлтэй байсан ч би түүнийг салгаж дөнгөнө гэж бодож байлаа. Ямар ч байсан түүнийг жаргалтай байлгахгүй гэж бодсоор арай гэж хорин нас хүрсэн дээ. Надад түүний ярьж байгаа нь сонин ч юм шиг, хачин ч юм шиг санагдаж эхлэв.
- Тэгээд чи санасандаа хүрээ юу? гэж асуучихаад учиргүй санаа зовов. Хүний мууд дурласан хөгийн ч юм болчих шиг. Хэрлэн над руу тогтуун харснаа
- Чадсангүй ээ, чадах ч үгүй юм шиг байна. “Хүний амьдрал санаснаар болдоггүй юмаа” гэж ээж минь хэлдэг байсан. Тэр л үнэн бололтой гээд санаа алдлаа.
- Амьдралаа тэгж эхлээд яахав дээ. Харин ч хүний ёсоор сайн сайхан явбал ээж чинь баярлана. Тэнгэрт хальсан улс чинь тэндээсээ харж л байдаг юм гэсэн гэж хэлэхтэй зэрэг тархи зүрх хоёр руу нэг юм манасгээд явчихлаа.
- Чи чинь ингэхэд . . . гээд би Хэрлэнг хартал тэр хэн нэгэнтэй хачин адилхан харагдав.
- Таныг ээж “Маш ухаантай хүн гэж байнга ярьдаг байсан” гэж тэр хэллээ.
- Чи чинь Сүрнээгийн охин байна ш дээ. Яагаад энэ бүгдийг одоо ярьж байдаг хүүхэд вэ? гэхэд тэр
- Би нэгэнт шийдчихсэн байсан болохоор яаж танд хэлэх вэ. Тэгээд ч миний анкетанд Лхамсүрэнгийн Хэрлэн гэж байгаа л даа. Та нар л анзаараагүй.
- Чи ч ёстой золигийн хүүхэд юмаа.
- Танай эхнэр Сэлэнгээ гэдэг хүний азтайд ээж маань их баярладаг байсан юм шүү. “Тэр хоёртоо би тээр дараа болоод яахав” гэж дандаа ярьдаг байлаа.
- Дараа болох юу байхав дээ гэж намайг шүүрс алдахад
- “Би өөрийнхөө сонголт, өөрийнхөө шийдвэрээр л явсан. Үүнд тэр хоёрын минь буруу гэж байхгүй” гэж ээж маань намайг яг л том хүн өөдөөс нь харж суугаа юм шиг ярьж байсан гэж Хэрлэн ярьлаа.
Миний дотор харанхуйлж эхлэв. Сэлэнгээ бид хоёр Сүрнээгээс холдсон цагаасаа эхлээд ор тас мартсан гэхэд болно. Тэр хүний бодож байгаа бидний байж байгаа хоёр мөн чих зөрүүтэй ажээ. . Бид ер нь ямар гээчийн хүмүүс болцгоосон юм бэ? Хаана байна тэр нөгөө яриад байдаг хүн чанар, хүний сайхан сэтгэл чинь гэж хаа нэгтэйгээс хэн нэгэн миний чихэнд шивнэх шиг.
- Би ахмад Суурийг эмнэлэгт байхад нь очиж уулзчихаад дараа нь нэг л хоосон болчихсон. Бүр хов хоосон. Багаасаа эхлэн энэ хүнтэй л уулзаж, энэ хүнээс ээжийнхээ гомдлыг тайлна гэж бодож явсан маань утгагүй болчихсон гэж Хэрлэн миний бодлыг таслав.
- Би чамайг ирээд явсны дараа эмнэлэг дээр очсон л доо. Суурь нэг хэсэг гүн хямралд орсон байсан.
- Магадгүй ээ, тэгсэн байх. Тэр надад эхлээд итгээгүй. Тэгээд би энэ зургийг түүнд үзүүлсэн юм гээд Хэрлэн надад бор дэвтэр завсраасаа нэгэн цаас гаргаж өгөв. Авч үзвэл Суурь сууж, хажууд нь Сүрнээ зогсоод авхуулсан зургийг нөгөө цэгэн зургийн аргаар зуржээ. Гэтэл Сүрнээгийн гэдсийг нь урагш нь цондойлгон томруулж хэдэн цэг хатгачихсан байв. Тэр нь сүүлд нэмсэн болов уу гэмээр эв хавгүйхэн харагдана.
- Наад гэдсийг нь ээж өөрөө нэмж зурсан юм гэсэн. Уг нь намайг олсноо хэлэх гээд яаж хэлэх ухаанаа олохгүй амьхандаа их романтик маягаар хэлэх гэж оролдсон санаа нь. Тэгсэн чинь зураг сараачсан хэрэгт ороод юун нөгөө анхны хүүхдээ олсон хөөр баясал, хайр сэтгэл. Алгадуулаад, түүгээр ч зогсохгүй бүр салахдаа тулах шалтаг болсон юм гэнэ лээ. Би ээждээ зовлон л авчирсан байх гэлээ. Энэ бүхэн надад цочирдмоор сонин байв. Хэрвээ Хэрлэн өөрөө биш хэн нэгэн хөндлөнгийн хүн надад энэ тухай хэлсэн бол би бараг итгэхгүй байсан биз.
“Би ингэж гайхшаа барж байхад Суурь тэгтлээ бахардах нь аргагүй. Тэр нэг өдөр даанч бүр нэг галзуу юм шиг байсан юмаа. Гэхдээ л намайг ороод зууралдаад авахад ганц ч үг ганхийгээгүй. Айхтар чанга байгаа юм шүү. За тэр ч яахав. Энэ охин цаашдаа яана даа” гэж бодоод
- Одоо тэгээд энэ бүхнийг яаж нэг тийш нь болгоно доо, охин минь гэж гуйсан ч юм шиг зөөлөн өнгөөр хэлэхэд Хэрлэн нэг их санаа алдаад
- Цаашдаа юу? Цаашдаа би бууж өгнө өө гэв.
- Хэнд?
- Хувь заяаны эргүүлэгт. Би одоо яах вэ гэж олон хоног бодсон. Гэтэл одоо болно, миний охин одоо хүссэнээрээ амьдар гэж тэр хэлсэн гэж Хэрлэн хэлэв.
- Хэн? Хэн чамд хэлсэн гэж? гэвэл Хэрлэн намайг дүрлийтэл харж байснаа
- Ээж. . . гэлээ. Би түүнийг гайхсандаа хэлэх үгээ олсонгүй.
- Би ээжтэйгээ үргэлж цуг байдаг юм. Нас барсан өдрөөс нь эхлээд л хамт байсан гэж боддог гээд гунигт автсан харцаар тэнгэрийн хаяа ширтлээ. Хөдөө байхад нэг дэвтэр тэвэрчихээд алсыг ширтэн суудаг яг л тэр төрхөндөө орчихов. Тэр цаг үргэлж ээжтэйгээ хамт байсан нь үнэн ажээ.
- Би энэ зун ажилд яваад юу гэж ойлгосон гээч. Ой бол манай гариг дээрх хамгийн төгс нэгдлийн хэлбэр гэж. Амьдрал ч гэсэн яг л ой гэсэн үг. Тэнд бүх юм байх мөртөө бүгд хоорондоо гайхамшигтай сайхан зохицож чадсан байдгийг анзаарсан шүү. Би амьдралыг дэндүү өөрөөр бодож явжээ гээд Хэрлэн хархан нүдээ гялтгануулан инээмсэглэлээ. Түүний хажууд хэн ч байсан сэтгэл нялхарч, хүний орчлонгийн сайханд уярмаар ажээ.
- Миний дүү тэгээд юу хүсэж байна даа? Ямар нэгэн тус хэрэгтэй бол Сэлэнгээ эгч бид хоёр нь чадахаараа туслана шүү гэхэд
- Би юу? Би аавтайгаа хамт амьдарнаа гэж итгэл дүүрэн хэлээд “Энийг ч харин нэг чадна шүү” гэсэн харцаар намайг ширтэж байлаа.
Тиймээ, тэр чадна. Тэр эцгийгээ дууриасан хатуу чанд охин гэдэгт би итгэнэм.

Төгсөв. 2013. 07. 29. УБ хот.
Бүрэн эхээрээ...

Нурам - 17 (тууж)

9 Сэтгэгдэлүүд:

- Тэр гэж хэн билээ?
- “Их тулгат”-ын эзэн. Бид түүнийг Ах гэж нэрлэдэг юм.
- Тэгэхээр энэ бол ямартай ч чиний санаа биш гэсэн үг, тийм үү?
- Тэгж өөрийгөө хаацайлахыг хүсэхгүй байна. Би энэ хэрэгт гүн хутгалдсан хүн. Тэгээд Эрдэнэ Хайрханыг төлөвлөгөөтэйгөөр шатааж эхэлсэн. Тэр нэг өдөр чиний хэлсэн таамаглалууд бүгд зөв байсан. Тэд хэсэг хэсгээр нь гал тавих. Харин миний үүрэг бол аль болох хоцорч очих, галыг унтраалгүй газар авхуулах, унтраахдаа хойрго хандах ёстой байлаа. Тэр үүргээ ч маш сайн биелүүлж эхний жил өнгөрөхөд Эрдэнэ Хайрханы бараг жаран хувийг шатаачихсан байсан. Энэ завсар “Их тулгат”-ын эзэн их хуралд сонгогдсон. Тэгээд тэр улам хүчирхэг болсон мэт санагдаж байв. Ах биднийг өдөр шөнөгүй шахаж шаардаж байв. Бид гэдэг нь надаас гадна тэдний компанийн цэвэрлэгээний бригадын ахлагч, өөр бас нэг залуугийн хамт байсан. Улмаар цэвэрлэгээний бригадыг шатсан ойг цэвэрлэх нэрээр оруулж амжсан.
- Гэрээгээр . . .?
- Тэгэлгүй яахав. Бид алдаа хийхийг хүсээгүй. Гэтэл энэ жилээс эхлээд Ах биднийг хурдал, түргэл. Дэндүү удаан байна. Энэ жилдээ багтааж наад уулаа нүцгэл. Би энд ердөө хэдхэн жил сууна. Намайг эндээс буухад манай компани наад уул руу чинь аль хэдийн орсон байхын тулд энэ жил л үлдлээ. Хурдал гээд шахаад эхэлсэн.
- Тэр шахаад байх, чамд шахуулаад байх шалтаг байж дээ?
- Байлгүй дээ. Тэр том байшинг юугаараа барих билээ. Бидний цалин гэж юу байдаг билээ чи мэднэ ш дээ. Тэгээд ч би энэ хөдөө хээр бүх насаараа хаягдаад нэг олдсон амьдралаа шал утгагүй өнгөрөөж байна гэсэн бодолдоо итгэчихсэн байсан үе. Та нарыг цол ахиж, цалингаа нэмүүлж байхад би тэнд хөдөө хөхөрч, гадаа гандаж явсных өдий дайны эрхтэй гэж өөрийгөө зөвтгөж байлаа. Ер нь бас нэг бодлын иймхэн цалин авчихаад үхэл дундуур гүйгээд байх нь тийм ч шударга биш санагддаг байв. Ялангуяа амь насаа алдаж байгаа цэл залуухан хүүхдүүдийг хараад харамсдаг байсан. Нэг мэдсэн чинь би өөрөө ч гэсэн залуу насаа хөдөө хээр гал дунд л өнгөрөөсөн байдаг. Тэгээд л энэ бүхэн тэнэг хэрэг юм байна гэж бодох болсон . Төөрч л явсан бодол байгаа биз? Гэтэл энэ улс эх оронд юу болж байгааг харж байгаа биз дээ? Ард түмний нэртэй болгоныг арга зальтай нөхдүүд өөрийн болгоод дууслаа шүү дээ гээд Суурь тамхиа сороод
- Тиймээ, би тэр хүнээс их мөнгө авсан. Урд нь гартаа барьж байгаагүй их мөнгө. Анхандаа гайхамшиг гэдэг гарт ороод ирэх шиг л болсон.
- Тэр үед л чи өөрийгөө алдаж дээ.
- Өөрөөсөө гадна хүн чанараа, итгэл үнэмшлээ алдсан. Мөнгө дагасан амьдрал гэдэг нэг л орчихвол эргэж гарч болдоггүй юм билээ. Тэгээд л тэр хүний гарт өдөр өдрөөр орж эхэлсэн. Ахын шахалт сүүлдээ гэр орондоо ч тайван байх аргагүй болтол ирсээр байсан.
- Тэр шар залуу гар хөл нь мөн биз?
- Тэр ч мөн. Гэхдээ жинхэнэ зуудаг нохой нь тэр сорвитой залуу. Түүнд хүнийг өрөвдөх хайрлах гэдэг ойлголт байхгүй. Би хэрийн хүнээс айдаггүй. Гэтэл түүнээс л жаахан жийрхээд байдаг юм.
- Хурандаагийн хэлснээр бол тэр шар залууг сэжигтнээр хорьсон гэсэн. Харамсалтай нь олигтой ам ангайхгүй байгаа юм шиг байна лээ.
- Тэд сандарч байгаа. Сандарсандаа үүнд холбоотой бүх хүний амыг хумхиж байна гэж хэлэхдээ Суурийн хоолойны өнгө ууртай ширүүн болж ирэв. Надад гэнэт түгшүүрт бодол төрж эхлэв.
- Тэд арай чамд . . .? гээд асуултаа дуусгаагүй байтал Суурь тасалж
- Дөнгөж сая ирээд явлаа, Галаа гэхэд түүний харцанд уур уцаар гэхээсээ илүүтэй үзэн ядалт улалзаж байв.
- Хэн? Нөгөө Ах чинь үү?
- Үгүй ээ, Сорвит
- Тэр чинь олдохгүй байгаа гэсэн ш дээ
- Олохгүй бол олдохгүй шүү дээ. Тэр миний өрөөнд орж ирээд энэ . . . гээд хажуугийн сандал дээр байх нойтон толбо болсон дэрийг заагаад
- Дэрээр дараад эгээтэй л бүтээж алсангүй. “Чамаас бусад нь амаа хамхиж чадна. Харин чи л хичээгээрэй” гээд дараад хэвтчихсэн.
- Унтаж байхад чинь үү?
- Би сэрүүн байсан. Гэхдээ сэрүүн байлаа гээд би хөдөлж чадахгүй юм чинь. Ингээд дуусдаг юм байж дээ л гэж бодогдсон шүү. Тэгтэл дэрээ буцааж авснаа “Үхэл амьдрал хоёр хөрш байдаг юм гэж Ах хэлүүлсэн шүү, амаа мэдээрэй” гээд гараад явсан. Тэгээд л чам руу залгасан хэрэг.
- Одоо тэгээд яая гэж бодож байна? гэж санааг нь сонсох санаатай асуутал тэр дуугарсангүй.
- Хэрвээ чи дургүйцэхгүй бол надад нэг санаа байна гэвэл тэр бас л чимээгүй.
- Энэ бүгдийг чи илчлэх хэрэгтэй. Ганц батлах хүн нь чи л байна. Гэхдээ энэ дэндүү өндөрөө авчихсан болохоор маш аюултай бас эрсдэлтэй гэхэд Суурь над руу ширүүн харснаа
- Би илчлэхгүй бол чи хэлэх үү? Одоо чи бүгдийг мэдэж байгаа шүү дээ гэж тулгаж асуув. Тулгамдсан энэ асуултанд би шуудхан хариулж чадсангүй.
“Хэрвээ би цааш нь хэлвэл Суурийн амьдрал орвонгоороо сүйрнэ. Сайн ч, муу ч насан багын андууд. Хэрвээ бидэнд ойлголцоогүй үе байсан бол тэр нь хүний хорвоог таних гэж бие биенээ хурцалсан гэж ойлгож болно. Бидэн шиг андуудын хооронд уурлах шалтаг байхад биесээ уучлах шалтгаан байж л таарна. Тэгвэл ийм үед хүн яах ёстой вэ. Хэрвээ би шударга үнэнийг хэлэхгүй бол өөрөө өөрийгөө хуурна гэсэн үг. Магадгүй, насан туршдаа гэмшилтэй үлдэж ч болох юм. Энэ сэжиг таамгийг олж харсан өдрөөсөө эхлээд л тэдэнтэй тэмцэхээр шийдсэн тэр эр зориг, итгэл үнэмшилээ уландаа гишгэх болно гэсэн үг. Хүмүүс намайг найзынхаа мууг үзсэн новшийн амьтан л гэж бодох байх. Гэтэл манай багийн хоёр сайхан залуу гэхэд л юуны тулд алтан амиа алдсан болж байна вэ? Сайн сайхны төлөө шүү дээ. Хүн амиа алдаж байхад миний нэр төрөө алдах юу ч биш санагдана. Би өөрөөсөө урваж чадахгүй л болов уу” хэмээн нилээн бодсоны эцэст
- Би энэ бүгдийг хэлнээ. Намайг уучлаарай Сууриа. Чамд хичнээн хэцүү байгааг ойлгож байна. Гэхдээ энэ болж байгаа бүхэн зөвхөн чиний тухай асуудал биш гэдгийг чи ойлгож байгаа байх. Тэгээд ч чи намайг энэ хэргийн хойноос яваасай гэсэндээ сая надад бүгдийг ярьсан гэж ойлгож байна гэж хэлчихээд түүний довтолгооныг хүлээлээ. “Чи миний мууг үзэх гэж үнэхээр хорхойсож байх шив дээ. Чамд тэр алдсан цолноос чинь өөр юм бодогдохгүй байна уу, новшоо” гээд л хашгирч гарах болов уу гэтэл харин тэр
- Чи зөв ойлгожээ. Би чамайг өөрөөсөө ухаантай гэж итгэдэг байсан. Заримдаа энэ бодолдоо уур хүрч байж сууж яддаг байж билээ. Аз болж чи яг хэвээрээ байна. Гэхдээ чи цааш нь энэ тухай яриад хэрэггүй, битгий . . . гэж маш тайвнаар хэлээд над руу гуйсан харцаар харснаа
- Би айж байна гэж үгээ гүйцээлээ. Би түүнийг уурандаа багтарч ядна л гэж бодож байсан болохоос ингэж гуйна чинээ бодоогүй. Гэтэл одоо би энэ харцыг яах вэ гэж бодож байтал тэрээр цааш нь
- Би өөрөө энэ бүгдийг илчлэнэ гэж палхийтэл хэлэх нь тэр. Би тэрүүхэн хооронд гайхсандаа гацаж орхив.
- Чи гайхах хэрэггүй. Би бүр хэвлэлийн бага хурал зарлана. Хэдийгээр би гавъяа байгуулаагүй ч энэ явдлыг улс орон даяар шууд олны анхааралд оруулахгүй бол болохгүй боллоо. Би тэгэх л болно. Батсуурийг тэд нар ингээд л айлгачихна гэж яаж санаа вэ. Бие минь хэмхэрсэн ч бодол санаа минь эвдрээгүй байна гэж өөртэйгөө ярьж байгаа юм шиг хурцдаж ирснээ өөрийгөө тайвшруулах гэсэн мэт амьсгаа аваад
- Одоо бодоход миний амьдрал тэр чигээрээ алдаагаар дүүрэн, хэзээ нэгэн цагт өнгөрсөн бүхнээ эргэж харахгүй юм шиг явж. Харин одоо бол тэгэхгүй ээ. Хэдийгээр оройтсон байж болох ч надад одоо үнэнээс өөр юм хэрэггүй. Үнэн гэдэг оройтдоггүй байх гэж бодож байна. Энэ бүгдийн дараа үхсэн ч гомдол алга гээд тэрээр хөмхийгөө зуулаа. Тэр шийдэхээрээ ийм царай гаргадгийг би мэднэ.
Тэр шөнөдөө би Суурийн дэргэд хоносон юм. Маргааш нь шууд л эмнэлэгээс гаргалаа. Хотод ийм байдалтайгаар очих айл түүнд байхгүй тул би гэртээ аваачихаар болов. Хүн хараас асууж байж нэг тэргэнцэр худалдаж авлаа. Хаа очиж тэрээр элдвийн ааш гаргасангүй. Харин түүний харц юутай ч зүйрлэмгүй гунигаар дүүрч байсым.

* * *
Нэгэнт ийм байдалд хүрсэн тул Хурандаатай хурдхан уулзаж болсон бүх процессыг ярив. Гэхдээ өөрийн найз Суурийн хувь заяанд санаа зовж байгаагаа ч хэлэхээ мартсангүй.
- Ахмад Батсуурийн хувьд даанч тоогүй. Батсуурь шиг жинхэнэ эрчүүд л энэ албанд зүтгэх ёстой. Гэтэл тэднийг маань өнгө мөнгөний хорвоо худалдаж авчихаад байх юм. Гэхдээ тэр хүн хар амиа бодолгүйгээр хорвоод байж болох хамгийн хорон санааг илчлэх гэж байгаа нь ихээхэн зориг шаардахын зэрэгцээ өөртөө аюултай эрсдэл дагуулж байна. Үүнийг бид үнэлэхгүй байж болохгүй гэж Хурандаа хэлэв. Харин надад Суурийн үйлдэл маш их ухаарал, гэгээрэл мэт санагдаж байлаа.
- Ахмадыг бүрэн хамгаалалтанд авах хэрэгтэй. Би энэ талаар цагдаагийн болон зохих байгууллагынханд мэдэгдэнэ гэхээр нь
- Хэрэггүй байхаа. Тэдний чих хаа ч наалдсан байж мэднэ. Тэгснээс манайд чив чимээгүй байж байгаад хэвлэлийн бага хурлыг гэнэтхэн хийсэн нь дээр байх гэвэл
- Бид хэзээ ч эрсдэл гаргаж болохгүй. Өндөгөө дарсан шувуу шиг л болгоомжтой бас соргог байх хэрэгтэй. Би ахмад Батсуурийн өмнөөс харамсаж байна. Гэхдээ үнэнээ илчлэх зоригтой байгаад нь бахархаж . . . үгээ тасалж хуруугаа гозойлгосноо
- Үгүй ээ, баярлаж байна. Гэмт хэрэг үйлдсэнийх нь төлөө төдийгүй гэмт хэрэг үйлдэх санаа төрснийх нь төлөө ч цээрлүүлвэл зохино гэдэг үг байдаг. Гэмт хэрэг гэдэг ийм л хатуу үйлийн үртэй шүү дээ. Хэвлэлийн бага хурлаас цааш хэрэг шийдтэл мөн ч их зай бий. Тэр бүрийд эрсдэл өндөрсөнө гэдгийг өөрт нь сайн ойлгуулаарай.
- Мэдлээ. Манай салааныхны талаар ямар шийд гарсан бол?
- Танайхан Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд сургалтанд хамрагдана. Тэнд ямарч байсан гурван сарын сургалт явагдана. Хөрөнгийг нь манай байгууллага гаргаж байгаа. Харин сургалтын хугацаанд хэнээр ахлуулах талаар надад саналаа хэлээрэй гэх нь намайг тийш нь явуулахгүй юм байна гэж ойлгогдов.
- Чамайг энд судалгааны багт оруулна. Энэ багийн ирээдүй чиний хийсэн судалгаа, хийсэн төслөөс ихээхэн хамаарна гэсэн үг гэснээ ширээн дээрээсээ нэгэн цаас авч надад өгөөд
- Танай холбоочин Хэрлэн хуулийн сургуульд тэнцсэн тул гарах өргөдлөө өгсөн. Хэдийгээр энд ороод удалгүй гарч байгаа нь тиймхэн боловч хүн сурч боловсрох гэж байхад бид садаа болж болохгүй гэлээ. Яриа нэгэнт дууссан тул би ёслоод гарах гэтэл
- Аа тийм, миний өмнөөс ахмад Батсуурьт талархаж байгааг минь хэлээрэй гэлээ. Түрүүнээс хойш Хурандаагийн сэтгэлд Суурь эргэлдсээр байсан аж. Тэрээр энэ албанд зүтгэж байсан нэгэн залуугийнхаа тухай халаглаж байгаа нь гарцаагүй.
Манайхан өдөрт ирдгээрээ ирсэн байв. Би Хурандаагийн хэлсэн шийдвэрийг тэдэнд танилцууллаа. Манайхан “За ашгүй, яах гээд байгаа нь ойлгогдохгүй байснаас энэ ч дээр” гэцгээхэд “Одоо тэгээд юугаа сурч, хуйхаа маажна даа” гэцгээх нэг нь ч байв. Тэгтэл Однар
- Хэр зэрэг чадалтай баг болох нь манай Галаа даргын арга ухаанаас хамаарах нь дээ гэж байна
- Намайг байхгүйд ахлах ахлагч Однар багийн ахлагч байх болно. Бусад хичээл сургалтандаа сайн анхаарч шамдаарай. Тэгтэл Сансар
- Хэрлэн яах вэ? Даргаа
- Хэрлэн Хуулийн сургуулийн оюутан болсон. Тэгэхээр бидэнд өөр холбоочин ирэх байх гэлээ. Бүгд чимээгүй болцгоочихов.
- Та нар минь хурдтай, эрчтэй, чадварлаг, гялалзсан, орон даяар үлгэр дууриал болохоор баг байх ёстой шүү гэж ширүүхэн хэллээ. Бүгд
- Мэдлээ гэж хүнгэнэв. Хэрлэнг багтаа үлдээгүйд хэн хүнээс илүү харамссан хүн бол Сансар. Хүүхдээр юм бол тэр бараг уйлж байсан байх. Би түүний мөрийг алгадаж
- Чи яагаад ингэтлээ уйтгарлаа вэ?
- Үгүй ээ, зүгээр. Би уйтгарлаагүй.
- Чи Хэрлэнд хайртай юмаа даа? гэтэл “Та яаж мэдээв” гэсэн шиг над руу бүлтийтэл харав.
- Чи харваас л мэдэгдэж байна гэхэд тэрээр толгойгоо маажиж
- Хэрлэн үнэхээр хөөрхөн охин тээ? Даанч намайг тоохгүй л дээ
- Яагаад? гэж би асуучихаад “Би хэрэггүй асуулаа” гэж бодлоо. Хэнд ч гэсэн ойлгомжтой байхад би түүнийг зовоох ямар хэрэг байхав дээ.
- Хэрлэн Батшуурь ахмадад хайртай гэж манайхан хэлшэн гээд доошоо харлаа. Надад хэлэх үг олдсонгүй. Гэхдээ энэ залуугийн сэтгэлийг сэргээх үг заавал хэлэх ёстой.
- Сансараа, Хайрлаж дурлана гэдэг чинь огт буруу зүйл биш. Алдаа ч биш. Тиймээс чи өөрийнхөө хайрын төлөө итгэл алдартлаа явах хэрэгтэй. Гэхдээ өөрийнхөө л хайрын төлөө ш дээ. Сэтгэлээ чагна, мэдрэмжиндээ итгэ. Сэргэлэн цовоо бай гээд түүний мөрийг дахин элэгсэгээр алгадлаа. Сансар чухам юу ойлгосон юм бүү мэд толгой дохино. Үнэндээ миний хэлсэн энэ хэдэн үгнээс өлгөөд авчихмаар юм байсан гэхэд эргэлзмээр. Учир нь би Сансарыг Суурь Хэрлэн хоёрын хоорондуур ор гэж хэлж чадахгүй. Тэгсэн атлаа чи одоо өөр юм бод. Хэрлэн чамд хүртээлгүй гэж бас болохгүй.
- Тэгнээ, би заавал зүтгэнэ. Тэр намайг ойлгоно тээ? гэж Сансар харцандаа оч гялтгануулан хэллээ. Надад харин хэлэх үг олдсонгүй. Хий дэмий толгой дохив.

* * *
Суурь эмнэлэгээс гарснаас яг нэг сарын дараа хэвлэлийн бага хурлыг зарлалаа. Зарласнаас хойш ердөө хоёрхон цагийн дотор хэвлэл мэдээллийн танхим пиг дүүрэн хүнтэй болов. Гэнэт зарласан гэхэд манай хэвлэлийнхэн шуурхай болсон бололтой.
Хурал эхэлж гаднаас Суурийг тэргэнцэртэй нь оруулж ирэв. Суурь яриагаа товчхон атлаа шуудхан эхэлсэн юм.
- Намайг Батсуурь гэдэг. Би Онцгой байдлын албанд насаараа ажилласан хүн. Гэсэн атлаа би гэмт этгээдүүдтэй нийлж нэг сайхан уулыг тэр чигээр нь шатаачихаад сууж байна. Би өөрийн буруугаа хүлээж, энэ үйлдэлдээ тохирох ял зэмийг үүрэхэд бэлэн байна гэлээ. Хурал эхлээд удаагүй байтал Хэрлэн сэмхэн орж ирээд арын эгнээнд очиж суухыг би харав. Суурь цааш нь үүнээс гадна энэ уулыг хэний төлөө, ямар зорилгоор, хэн хэнтэй үгсэн нийлж шатааснаа өнөөдөр илчлэх болно гэж эхлээд тэрээр юу ч үлдээлгүй бүгдийг он сар өдөртэй нь, оролцсон хүмүүсийг овог нэр, албан тушаалтай нь илчлэв. Үүний дараагаар Суурь, сэтгүүлч, сурвалжлагч нарын бужигнасан олон асуултанд нэг бүрчлэн хариулж байв. Нэг сурвалжлагч
- Та Улсын их хурлын гишүүний захиалгаар бусадтай хамтран энэ гал түймрийг санаатайгаар үйлдэхэд оролцсон гэлээ. Та хүн гүтгэж байгаа юм биш биз?
- Энэ бол туйлын үнэн. Мэдээж энэ хурлын дараагаар тусгай хүчнийхэн үнэн мөнийн эрэлд гарна. Их тулгат компанийн эзэн байсан одоогийн их хурлын гишүүний захиалга. Тус компанийн нэр бүхий хоёр ажилтан үүнд хамаарна.
- Яагаад заавал энэ Эрдэнэ Хайрхан уулыг гэж?
- Эрдэнэ Хайрхан уул нь доороо маш их алтны ордтой нь тодорхой болсон. Гэтэл ой мод болон голын эх болон ай сав газар хайгуул хийх, ашиг малтмал олборлолт хийх хориотой байдаг. Тиймээс Эрдэнэ Хайрханы ойг шатааж, усыг ширгээснээр энэ хорионд орохгүй болох ёстой байсан юм.
- Та юуны улмаас энэ бүхнээ хүлээхээр шийдэв? Танд өгөх ёстойгоо дутуу өгсөн үү?
- Үгүй дээ, тэд өгөхөө өгсөн. Би энэ тухай их бодсон. Эцэстээ би өөрийгөө олж авъя гэж шийдсэн. Магадгүй оройтсон байж болох ч дахин ийм муухай хэрэг энэ оронд битгий гараасай гэж бодсон.
- Та хэзээ тахир дутуу болсон бэ? Юуны улмаас?
- Би хоёр сар хагасын өмнө ой хээрийн түймэртэй тэмцэж байгаад шатаж буй модонд даруулж унасан. Үүнээс болж насаараа суугаа болсон.
- Тахир дутуу болсон чинь хэргээ илчлэхэд хүргэв үү?
- Тийм байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ эрүүл үлдсэн байсан ч би ингэх л байсан байх
- Одоо танд Улсын их хурлын гишүүний зүгээс маш их дарамт шахалт ирнэ. Цаашлаад амь насанд чинь нөлөөлж мэднэ. Айж байна уу?
- Айж байна гэж Суурийг хариулахад танхим даяар битүүхэн шуугиад явчихав.

Үргэлжлэл бий...
Бүрэн эхээрээ...

Нурам - 16 (тууж)

6 Сэтгэгдэлүүд:

Гэхдээ ямар ч сонголт хийсэн байлаа гэхэд би түүнийг буруутгаж чадахгүй гэдгээ мэдэж байв. Хэрлэн яагаад ч юм надаас харц дальдраад байх шиг. Суурь надад ярьснаа түүнд хэлчихнэ гэж баймгүй юм даа. Энэ хоёр холбоо бариагүй байх учиртай даа гэж гайхаж байлаа. Сансар сурснаараа Хэрлэнг бараадан дөхнө. Гэвч хөдөө байдаг шигээ зоригтой харагдсангүй. Однар, Лхагва гээд бусад нь харин Хэрлэнг нэг их оролдоод байсангүй. Гэрийн бараа харсан эрчүүд угаасаа л ингэдэг зантай л даа.
- Одоо тэгээд яах билээ? гэж Однар асууж байна. Тэр ерөнхий утгаар салааныхаа ирээдүйг асууж байгаа нь ойлгомжтой.
- Яахав. Хөдөө явсан тайлангаа тавина. Та нар одоохондоо амьтны анхаарал татаад байлгүй байзнаж бай гэж анхааруулаад гарлаа.
Удирдлагадаа тайлангаа тавив. Энэ хавар тус аймагт ажиллахдаа өөрт ажиглагдсан оновчтой хийгээд дутагдалтай талуудыг харьцуулав. Ийм тусгай салаа байж болох хэдий ч техник тоног төхөөрөмжөөр тусгайлан хангахгүйгээр ийм өрөвдөм тусгай гэгдэх салаа байх нь хэр оновчтой болохыг эргэж харахыг удирдлагадаа санууллаа. Үнэхээр тусгай төхөөрөмжөөр хангагдсан, тусгай нөхцөлд бэлтгэгдсэн, онц шаардлагатай үед тухайн нөхцөл байдалд тохирсон тодорхой шийдвэр гаргах онцгой эрхтэй, байгалийн ямар ч хүнд нөхцөлийн өмнө зогсож чадахуйц хүчин чадалтай байвал тусгай гэгдэх салааг байгуулж нийт улсын хэмжээнд бэлэн бэлтгэлтэй ажиллавал болохгүй юмгүй. Түүнээс биш энэ хаврын бидэн шиг хүрз шүүрхэн барьсан арваадхан хүн байх нь энд тэнд очиж хүчээ тарамдуулахаас цаашгүй. Бид бол дайчилгаанаас ялгагдах юмгүй байсан. Яг үнэндээ байгаль дэлхий хур бороо хайрлаагүй бол сүүлд гарсан түймрийг бид унтрааж дийлээгүй юм ш дээ гэдгээ хэлчихээд гарлаа.
Удирдлага миний тайланг анхааралтай сонсож, хүлээцтэй хандсан байв. Тэр хуралдаанаар “Тусгай” гэгдэх салааг цаашдаа байлгахаар тогтохгүй хүчин чадлыг сайжруулахад шаардлагатай хөрөнгийг төсөвт суулгаж өгөхийг хүссэн хүсэлт засгийн газарт гаргахаар шийдвэрлэсэн байв. Ингэхдээ зүгээр салаа төдий биш бүр мэргэжлийн салааг байгуулахыг чухалчилсан байв. Энэ асуудал нааштайгаар шийдэгдэхэд уул уурхайн компаниудын замбараагүйдэл, олз ашиг олохын тулд байгаль орчиныг хорлон сүйтгэж, санаатайгаар хөнөөх явдал хавтгайрч улс орон даяар гаарч байгаа байдал нөлөөлсөн байх талтай. Тусгай салааны хүн хүчийг болон техник тоног төхөөрөмжөөр хангах асуудлын хүрээнд судалгаа хийх ажлыг Онцгой байдлын эдийн засгийн болон судалгааны албанд даалгасан шийвэр ч гарав. Ямартай ч гэсэн энэ бүгдээс харахад манай салааны цаашдын ирээдүй тодорхой болж байв. Үүнээс гадна Хурандаатай Эрдэнэ Хайрхан шатсан хэргийн сэжиг таамгийн талаар би ганцаарчлан уулзаж ярилцсан юм. Хурандаа
- Чиний гаргасан таамгууд мөн Базараагийн шинжилсэн шинжилгээний хариуд тулгуурлан Цагдаагийн газарт хүсэлт гаргасан. Тэд ажлаа эхэлсэн. Их тулгат компаний дотоод үйл ажиллагааг шалгах шаардлага гарсан. Түрүүчээсээ сэжигтэй гэж үзсэн хүмүүсээс байцаалт аваад эхэлсэн гэсэн. Миний олж сонссоноор бол “Их тулгат”-ын цэвэрлэгээний бригадын ахлагч иргэн Содномыг сэжигтнээр татсан сурагтай. Бодвол чиний яриад байсан шар залуу гэдэг мөн байх. Харамсалтай нь тэр залуу одоогийн байдлаар олигтой юм ярихгүй байгаа бололтой. Надад энэ хэрэг үнэхээр том хүмүүстэй холбоотой юм болов уу гэсэн таамаг байна. Учир нь энэ асуудлыг чимээгүй болгох талаар надад хүртэл нөлөөлөх гэж оролдоод байх шиг санагдах боллоо гээд Хурандаа нуруугаа үүрэн холхисоор цонхон тушаа очиж зогсов. Би Хурандаагийн бодлогоширсон зовнингуй царайг сая л анзаарав. “Хурандаад мэдэгдэхүйц шахалт орж ирнэ гэдэг чинь үнэхээр дээгүүр чичиргээ үүсээд байгаагийн шинж дээ” гэж энэхэн хооронд бодож амжив. Тэгтэл Хурандаа миний бодлыг тасдан
- Уул уурхайн яам болон Байгаль орчны яам ч гэсэн анхаарал хандуулж эхэлсэн. Гэтэл Их тулгатын үндсэн эзэн нь их хуралд сууж байдаг. Ийм учраас асуудал хаашаа ч эргэж болзошгүй. Ер нь энэ хэрэг жижиг сэжүүрээс эх авсан гэхэд нилээн өндөр авах шинжтэй. Чи ч гэсэн болгоомжтой байхад илүүдэхгүй. Энэ хэргийг илрүүлэхэд бидэнд гарцаагүй нотолгоо, эсвэл хэн ч үгүйсгэж чадахааргүй гэрч хэрэгтэй. Энэ талаар чи бодож явна биз. Түүнээс биш тэр тамхины иш төдийхөн бол нэг их хол явахгүй. Нөгөө нөхөр “Би төөрсөн, даарсан. Тэгээд гал түлсэн. Яагаад болохгүй гэж?” гээд байгаа сурагтай. Яаж ч болохгүй юм гэж байдаг юм шүү. Бодолтой яваарай гэснээр бидний яриа өндөрлөв.

* * *
Хурандаагийн өрөөнөөс гараад хар хурдаараа чавхадсаар гэртээ ирж Сэлэнгээгийн хийсэн хоол цайг аваад эмнэлэг явлаа. Хөлдөө нэг улавч углаад Суурийн тасаг руу нь явж байтал араас нэг сувилагч гүйж ирснээ
- Та Батсуурь гуайн ар гэрээс явна уу? гэнэ. Түүний сандарсан царайг хараад
- Тийм. Яасан бэ? Тэр зүгээр үү?
- Зүгээрээр барах уу?Эгээтэй л энэ хүнд чинь алуулчихсангүй ах минь
- Юу гэсэн үг вэ? Орноосоо ч босож чадахгүй хүн шүү дээ. Чи хүн андуураагүй биз?
- Та эхлээд эмчтэй уулз. Эмч ар гэрээс нь хүн ирвэл заавал уулзуул гэсэн. Тэгээд ч Батсуурь гуай таныг өрөөндөө оруулахгүй байх гэлээ
Тортой юмаа санжигнуулсаар эмчлэгч эмчийн өрөөнд орлоо.
- Манай хүн яасан юм бол?
- Яах юу байхав дээ. Хашгирч орилоод, гартаа таарсан болгоныг авч шидлээд, нүдэндээ харсан болгоноо харааж ерөөгөөд энэ эмнэлэгээр нэг юм боллоо. Бид ямар сайндаа сэтгэцийн эмнэлэгт ханддаг юм уу гэж бодож байна. Яаж ашгүй дэргэд нь өөр өвчтөн байгаагүй юм, зүгээр гээд бүр нэг залхсан янзтай хэллээ.
- Зүгээр байж байгаад тэглээ гэж үү? Ямар нэгэн юм болоогүй биз?
- Хэн мэдэхэв. Нэг хүүхэн ирээд явсан гэсэн. Тэглээ гээд галзуу юм шиг л аашлаад байхдаа яахав дээ. Энэ чинь эмнэлэг болохоос ямар тэрний аашаа гаргадаг газар уу?
- Одоо тэгээд яаж байна?
- Мэдэхгүй. Хаалга онгойлгохоор л юм шидээд байгаа хүнийг чинь бид яаж мэдэх юм. Одоо цагдаа дуудна.
- Би нэг уулзаад ирье дээ гээд гартал
- Ер нь иймэрхүү янзтай байвал энэ хүнээ аваад гарсан нь дээр шүү. Бид ажлаа ч хийж чадахгүй, өвчтөнүүд ч тайван байж чадахгүй байна гэж араас анхаарууллаа. Суурийн өрөөний хаалгыг тогшвол хариу алга. Зөөлхөн түлхээд шагайтал Суурь хачин ууртай царайтай юм орон дээрээ сууж байна. Намайг харангуутаа харцанд нь гал улалзах мэт болоод хажуудаа байсан аягаа авч шидлээ. Би ч бултах мөртөө ухасхийн очиж, хоёр гарыг нь бугалагаар нь тэврээд авлаа. Хөдөлгөхгүй санаатай. Түүнийг тайвширтал ингэж л байхаас өөр үггүй. Тэгтэл Суурь
- Надаар хэд дахин тоглох гэсэн новшнууд вэ? Яахаараа заавал би гэж? хэмээн хахирган хоолойгоор орилоод эхлэв. Тэр үндсэндээ галзуурчээ.
- Чи чинь гэнэтхэн юу болоод байгаа юм бэ?
- Тавь л даа чи муу. Чи ч гэсэн тэдний нэг. Та нар өөрсдийгөө гэмгүй царайлсан бурхны элч гэж санана уу? Үгүй л байхгүй юу. Та нар намайг тамлаж бах таваа хангахын тулд уван цуван ирсэн сэтгэл зүрхний тамын гийчид. Чи муу миний бөгсийг ухах гээд л энд тэнд шиншилж явдаг бууны нохой шүү дээ. Үгүй гээч. Тийм биш л юм бол чи яахаараа дандаа ийм үед гэнэтхэн гарч ирдэг юм бэ? Хэл л дээ чи. Чадахгүй ш дээ. Чи бол зүгээр л тамын гэрч байхгүй юу. Цаад эрлэгийн элч чинь чам шиг эм зантай юмнуудыг боолчилдог юм. Мэдэв үү чи? Тавиач намайг гэж байдгаараа учир замбараагүй орилж миний тэврэлтийг тавиулахыг оролдов. Тэглээ гээд би тэлчлэх зоргоор нь алдчихсангүй. Нилээн ноцолдсоны эцэст түүний хөдөлгөөн нь удааширч, дуу нь суларч, төдөлгүй мөрөө чичигнүүлж эхлэв. Тэр уйлж байлаа. Тийм том хүдэр эр тийм чимээгүйхэн уйлах нь сонин.
Түүний мөр чичигнэн чичигнэсээр аажмаар хөдөлгөөнгүй болов. Өмссөн цамц нь чийг дааж, эр хүний хөлсний үнэр эм тариатай холилдон үнэртэнэ. Нилээн удлаа. Тэр сая нэг юм тайвширч байгаа бололтой
- Бид ингээд л зууралдаад байх уу? Наад гар шиг юмаа тавь л даа
- Галзуурсан хүнийг өөр яах ёстой юм?
- Одоо зүгээрээ, жаахан бачуурчихаж. Алив больцгооё гэлээ. Би итгэл муутайхан барьцаа сулруулав. Тэр хөдөлсөнгүй. Харин нэг их санаа алдаад
- Би бүр итгэчихэж. Өдий наслахдаа хэрийн юманд итгээгүйсэн. Гэтэл энэ охинд үнэнээсээ итгэчихэж. Новш шүү гээд толгой сэгсэрснээ
- Мөн ч болоогүй байна даа гэх нь дотроо их л шатаж байгаа бололтой. Түүний нүүрэнд муухан инээмсэглэл тодровч харж буй бүхнээ үзэн ядаж байгаа нь ил байв. Түүнийг юу болоод байгаа тухайгаа ярих болов уу гэтэл таг дуугай болчихов. Нилээн хүлээсний эцэст авч ирсэн цай хоолоо үлдээгээд
- Чи тэгээд надад юу ч ярихгүй юм биз дээ? гэвэл таг.
- Одоо чамайг элдвийн ааш гаргаад байхгүй гэж ойлгож болох уу? Энэ эмч сувилагч нар чамаас айгаад байна гэвэл цонх руу гөлөрсөн чигтээ толгой дохив.
- За за, би маргааш ирье. Эмч нарт одоо айлтгүй гэж хэллээ шүү гэвэл мөн л чимээгүй. Надад гарахаас өөр зам үлдсэнгүй. Тэндээс гарч эмчийн өрөөнд ороод
- Одоо зүгээрээ, би сая уулзчихлаа.
- Үнэн юм уу?
- Юу ч гэсэн та орох уу? Би үүдэнд нь зогсож байя гэвэл эмч түрүүлэн явах зуураа
- Туршилт хийж байгаа юм шиг болох нь шив дээ. Ер нь ингэхэд ямар хүүхэд биш дээ, та нар одоо гэсээр явлаа.
Суурийн өрөөнд эмч орж, би үүдэнд нь үлдэв. Элдвийн чимээ сонсогдсонгүй. Би гадаа нь чагнаад байлаа.
- Уучлаарай, ах нь жаахан багтраад . . . гэхэд
- Ойр ойрхон ингэж багтраад байвал хэцүү л юм байна гэж эмч хэлэх сонсогдлоо.
Гэрээдээ гэлдрэх зуураа би Суурийн тухай л бодож явав.
“Нэг хүүхэн ирсний дараа ингэсэн гэхээр Хэрлэн ирсэн байж таарах нь. Бодвол тэр бид цаашдаа хамт байж чадахгүй л гэсэн байх. Хэрлэнгийн буруу ч биш. Тийм залуухан охин насаараа тахир дутуу хүний тэргэнцэр түрнэ гэж бодохгүй л байх. Тэгээд бас ийм насны зөрүүтэй шүү. Тэгээд л больё гэсэн байх. Харин Суурийн ингэж их уурлаж, уцаарлахын учрыг ойлгохгүй юм. Иймэрхүү хандлага түүнийг эрүүл байсан ч ирж болох л байсан ш дээ. Гэтэл ингэж сүйд болдог нь сонин юм. Эртээрхэн л Хэрлэнг ирэхгүй байсан нь дээр гээд байсан биш билүү” гэж бодож явснаа гудамжны сандал харагдахаар тамхиа асаагаад сууж авлаа. Түүний тухай бодох гэж л тэр байх.
“Өдий насандаа залуухан охинд дурласан гээд байгаа. Ийм дурлал үзээгүй болохоор ямар байдгийг нь мэдэхгүй юм даа. Үгүй тэгээд бас ч гэж хэцүү л байдаг байхаа даа. Дурлал бол дурлал шүү дээ. Дурлал гэдэг нэгэн бодлын хамгийн богинохон хугацаанд үүсдэг асар гүн итгэл үнэмшил шиг санагддаг. Бараг тийм ч байх. Тэр нь нураад унахаар ингэсэн байх л даа. Сэтгэлээр их унах шалтгаан түүнд хангалттай их байна. Уг нь омголон адуу шиг л явсан хүн шүү дээ” гэсэн бодол миний тархинд Суурийг өмөөрөн эргэлдэж байв.

* * *
Тэр орой би Сэлэнгээд болоод өнгөрсөн бүгдийг ярив.
- Өө хө бүр нялхарчихдаг юм байна. Дурлал гэдэг чинь тийм айхтар юм байдаг билүү гэж Сэлэнгээ тоомжир муутайхан ёжилж байна.
- Тэрнийг одоо үгээр идээд яахав дээ. Нэгэнт л бүх зүйл болоод өнгөрч байна.
- За засс. Би нэг их бах таваа хангаад байгаа юм алга. Жаахан охинд сэвүүлчихээд юун сүртэй юм. Очиж, очиж эмнэлэг дээр тэгж галзуураад байхдаа яадаг юм.
- Чи юунд нь бухимдаад байгаа юм? Ямар энд ирээд хэдэн аягыг чинь хага шидчихсэн биш
- Чи нэг их өмөөрөөд сүйд болоод байх юу байсын гээд учиргүй шилбэлзэж байна. Энэ ч Сэлэнгээгийн хувьд цагаа олоогүй, утгаа ч олоогүй ааш байв. Гэхдээ түүнд ингэж хэлснээс чимээгүйхэн орондоо орсон нь дээр гэдгийг би мэдэлгүй яахав. Хүүхнүүд гэж заримдаа хэрэггүй юманд ааш нь гозолзсон улс байдаг хойно одоо яахав гэж бодсоор орондоо орлоо.
Шөнө дунд утас хангинах шиг болов. Нойрноосоо сэрж ядан байтал Сэлэнгээ намайг нударч
- Утсаа аваач ээ гэж уцаарлах дуунаар хагас дутуу сэрмэглэн тэмтэрсээр утсаа авбал
- Галаа, чи боломжтой бол хүрээд ирээч гэж Суурь хэлж байна
- Энэ шөнө дөлөөр үү? гэж намайг нойрмоглоход
- Надад тусламж хэрэгтэй байна Галаа гээд миний үгийг сонсолгүй утсаа тасаллаа. Би яаравчлан хувцаслав.
- Яасан бэ? гэж Сэлэнгээ бувтнав.
- Чи хэвтэж бай. Гайгүй байх гээд гарлаа. “Бие нь тэгтлээ муудмааргүй юмаа. Уг нь гарах тухай яригдаж байсан юмсан” гэж бодсоор Суурийн тасагт яваад ортол Суурь орон дээрээ хагас өндийчихсөн сууж байлаа.
- Яасан бэ? Бие чинь гайгүй юу? гэхэд
- Бие ч гайгүй ээ. Харин болохгүй юмнууд болоод байна. За байз юу гэж тайлбарламаар юм бэ дээ гээд хэсэг бодолхийллээ. Тэгж их сандарч ирснээ бодохоор ийм тайван байгаад нь гайхах ч шиг. Тэр ямар нэгэн том шийдвэрт хүрэх гэж байгаа нь мэдрэгдээд байв.
- Энэ бүгдийг сонсоод чамайг ямар байдалтай болохыг мэдэж байна л даа. Гэхдээ чамайг тэвчээртэй сонсоорой гэж хүсэх байна. Одоо надад харамсах юм алга. Хүн харамслаа барна гэж байдаг л юм байна гээд Суурь шүлсээ гүдхийтэл залгих нь яг л хамаг хүчээ шавхаж байгаа хүн шиг санагдав. Түүний харцанд уйтгар гунигийн манан урд нь хэзээ ч байгаагүйгээр нүүгэлтэж байв. Энэ яавч эгэл жирийн биш гэдэг нь тодорхой байсан тул түүний юу ярихыг хүлээхээр шийдлээ.
- Би тэр уулыг шатаачихсан юм ш дээ гэж тэр шуудхан хэллээ. Би чихэндээ итгэсэнгүй.
- Юу . . .? гэтэл тэр хуруугаа гозойлгон намайг чимээгүй байхы г дохиод
- Энэ бүр хоёр жилийн өмнөөс бодлоготойгоор эхэлсэн ажил. “Их тулгат”-ын эзэн тэр үед УИХ-д сонгогдоогүй байсан үе. Тэдний хайгуулын бригад Эрдэнэ Хайрхан ууланд асар их алтны нөөцтэй байгааг тодорхойлсон хэрэг.
- Тэр ууланд хайгуул хийх ёсгүй биз дээ?
- Ёсгүй юм гэж энэ улс оронд байхгүй болоод удаж байна шүү дээ. Өөрөөр хэлвэл хууль бусаар л хайгуул хийсэн гэсэн үг. Усны ундаргатай, араараа битүү модтой энэ хайрханд яагаад ч олборлолт хийхийг зөвшөөрөхгүй байсан. Тэгээд тэр надтай уулзсан юм.
Үргэлжлэл бий . . .

"ҮР ХАРАМ" туужийн түүврээс
Бүрэн эхээрээ...

Нурам - 15 (тууж)

7 Сэтгэгдэлүүд:

* * *
Нэг өдөр Суурь дээр очлоо. Суурь өдөр хоногоор тэнхэрч байгаа ч тэрээр дахин хөл дээрээ босохгүй нь тодорхой болжээ. Тэр сэтгэлээр унасан нь илт байлаа.
- Би амьдралд гэрэл гэгээ байдаг гэдэгт арай чүү гэж итгэж эхэлсэн юмсан. Чи бод л доо, эмэгтэй хүнийг хүртэл ойлгож эхлэх шиг болсон. Би одоо л хүн болж байна даа. Энэ бүх мэдрэмжүүдийг ахиад алдахгүй юмсан. Хайр сэтгэл, хань ижил, магадгүй үр хүүхэдтэй ч болчих юм бил үү гэсэн итгэл төрж эхэлсэнсэн. Гэтэл чи хар даа . . . гээд хөнжлөө ярж
- Ийм болчих юм гэлээ. Түүний харц харамслаар дүүрэн байв. Тэр Хэрлэнгийн тухай ярьж байгаа нь ойлгомжтой. Ингээд байгаа хүний өөдөөс чи санаатай гал тавьсан гэж яаж хэлэх билээ. Тэр миний өөр юм бодож байгааг сая анзаарав уу гэлтэй хараад
- Би чамд огт хамаагүй зүйл яриад байх шиг байна аа даа
- Үгүй ээ, яалаа гэж. Ингэхэд Хэрлэн ирсэн үү? гэж дүйвүүллээ.
- Ирээгүй. Битгий ирээсэй ч гэж бодож байгаа. Одоо тэр хүүхэд над дээр ирээд яах юм? Орчлонгийн хамгийн утгагүй юм гэж тэр байхаа гээд нэг их санаа алдав.
- Магадгүй, хамгийн утгатай нь ч болох юм бил үү гэж хэлэхдээ би олон юм бодсонгүй. Тэгтэл Суурийн харцанд намайг зэвүүцсэн зэвүүцэл тодорч
- Яасан? Намайг одоо жаахан даапаалж, доромжилмоор санагдаад байна уу? Энэ муу ямар босоод ирэх биш юу ч гэсэн яадаг юм гэж санагдаад байна уу? Болно болно. Чи намайг юу ч гэж доромжилж болно.
- За, би ер илүү дутуу юм бодолгүй хэлчихлээ. Чи юунд дандаа ингэж ярдаглаж байдаг юм бэ? Эр эмийн хэрүүл шиг ийм юм ярилаа гээд юу өөрчлөгдөх юм. Эргэн тойрондоо байгаа хүмүүсийг яахаараа өөрийнхөө эсрэг байна гэж бодох ямар үндэс байгаа юм? гэвэл тэр бас ч гэж юм бодоод байгаа бололтой чимээгүй болов.
- Тэр намайг аварсан байдаг. Гэтэл би одоо “Энэ намайг гал дундаас чирч гаргах уу” гэж хашгирч байснаа тодоос тод санаж сууна. Хэрвээ Хэрлэн ороод ирвэл би ямар нүүрээрээ түүнийг харах вэ? Тиймээс би түүнийг миний амьдралд дахин битгий харагдаасай гэж бодож байна. Хүнд бас санаа зовох, ичих үе гэж байх юмаа гэж нилээн хүлцэнгүй өнгөөр хүүрнэлээ. Энэ үнэн байж мэднэ. Тийм их бардам явсан хүн ийм байдалд орохоор ямар байдгийг мэдэхгүй юм.
“Сэтгэл санааны асар их хэлбэлзэл дунд амьдардаг хүмүүсийн амьдрал сонирхолтой, олон янзын тод өнгөтэй байдаг байх. Харин би бол бардам хүн биш. Тэгэхээр миний үзэл бодол, аливаад хандах хандлага Суурийнхийг бодвол нэг л өнгөтэй, уйтгартай байж болох юм” гэж бодогдож байлаа. Бид хоёр мөн л чимээгүй сууцгаав.
- Эмэгтэй хүн эр хүний толгой дээр гарахаараа яадгийг, хэтэрхий хүлцэнгүй эр хүний хүзүүг амьдрал буулгаараа хэрхэн дардгийг би хүүхэд ахуйн амьдралаараа мэдэх юм гэж Суурь энгийнээр өгүүлэв. Би түүнийг гайхан харвал
- Чи гайхаж байна уу? Аргагүй дээ. Чи бид хоёр бие биенээ мэддэг юм шиг хэрнээ огт мэдэхгүй шүү дээ. Би чиний багын амьдралыг мэдэхгүйтэй адил чи миний ямар амьдрал туулж хүн болсныг мэдэхгүй. Тийм биз? гэж асуулаа. Энэ үнэн байв. Би түүний бага насыг үнэхээр мэдэхгүй. Нэг өрөөнд тэгтлээ удаан амьдарчихаад яагаад бид энэ тухай ярилцдаггүй байсан юм бол?
- Тийм шүү, бид бие биенийхээ бага насыг мэдэхгүй юм байна гэхэд
- Би хойд эхийн гар дээр өссөн л дөө. Гэхдээ энэ нь тэр хүн намайг тэгтлээ их зовоодог байсан гэсэн үг биш. Зүгээр л намайг ааваас минь салгачихсан юм. Манай аав тэр хүүхэнд хэтэрхий их эрх мэдлийг өгснөөс сүүлдээ өөрөө гудамжинд гарахад хүрсэн л дээ гээд уртаар санаа алдлаа. Манайх хаана яаж амьдрах, мөнгө төгрөгөө хэрхэн зарцуулах гээд гэрт, гадаагүй бүх асуудлыг тэр хүн мэддэг байв. Манай аав цалингаа гар дээрээ авч үзээгүй гэвэл итгэх үү? Сүүлдээ эцгийн минь амнаас гарах үг бүрийг хянаж цагдаж, хэнд юу гэж хэлэх, хэнээс юу гэж асуухыг нь хүртэл зааж, зурдаг болсон байсан. Эцэстээ намайг эмээ рүү явуулахыг шийдэж байхад хүртэл миний эцэг тэр нэг юмныхаа өөдөөс ган гэж ганц үг хэлээгүй юм ш дээ. Намайг тэр гэрээс явснаас хойш ердөө жил хагасын дараа эцэг маань гэрээсээ хөөгдсөн юм даа гэхэд нь би түүн рүү гайхсан харцаар харвал
- Тийм арчаагүй. Эр хүн гэдэг тийм арчаагүй байж болох уу? Энэ хайр уу? Энэ одоо хамтын амьдрал уу? Тэр үед л би эм хүн эрх мэдэлд хандаггүй юм байна гэдгийг мэдсэн юм.
- Аав чинь . . .?
- Архи . . . Арчаагүй хүнийг архи өөрөө уучихдаг юм билээ. Тийм учраас л би эмэгтэй хүнийг толгой дээрээ гаргахгүй гэж бат нот боддог болсон доо. Өсвөр насны хүүхэд нэг юмыг сэтгэлдээ хоногшуулчихаар тавьдаггүй юм билээ. Тэр л зөнгөөрөө би өдий болтол амьдарсан. Хэнд ч бууж өгөхгүй. Миний бодсон санасанд садаа болсон болгоныг би үзэн ядсаар ирсэн. Тэдний нэгэнд чи багтдаг байсан. Чи бид хоёр амьдралын замаар хөндийрсөн нь чамайг үргэлж бодоод байхгүй болгосон болохоос, чамайг ор тас мартуулсан юм биш. Гэтэл чи миний амьдралд дахиад л гараад ирсэн. Чамайг ирэх сургаар миний дотор нойрсож байсан чиний тухай хар бодлууд сэрж эхэлсэн. Гэтэл зүгээр ч үгүй чамайг дагаад Хэрлэн ирсэн. Би бүр галзуурах шахсан. Чамд шатсан уураараа танай салааныхантай харьцаж байлаа. Гэтэл . . . гэснээ Суурь үгээ тасалж, бодлоо цэгцлэх гэсэн мэт тамхи гарган асаалаа. Эмнэлэгт болж байгаа юм уу? гэсэн харцаар би түүнийг харвал
- Хаалгаа хаагаад, цонхоо онгойлгочих. Би хааяа ингээд татчихдаг юм. Босож чадахгүй хүнийг эд яав л гэж гээд тоосон ч шинжгүй сорж гарав. Би хаалга цонхыг хэлснээр нь болгов. Суурь тамхиа хэд хэд сороод
- Гэтэл нэг л өглөө сэрээд орондоо хэвтэж байтал Хэрлэнгийн инээмсэглэсэн төрх бодогдоод ирсэн. Эхэндээ нэг их юм бодсонгүй. “Яагаад байгаа муу шулам бэ” л гэх ухааны юм бодогдож байв. Гэтэл цай уусан ч, сахлаа хуссан ч боссон ч суусан ч бодогдоод болохоо байдаг байгаа. Шар сэмжилнэ гэж нэг үг байдаг гэсэн тэр нь юм болов уу ч гэж бодох шиг. Сүүлдээ цухал төрдөг юм билээ. Ямар сайндаа танай салааныхныг бэлтгэл хийлгэнэ гэж арын талбай дээр гүйлгэж байхав. Амьхандаа үйлийг нь үзэж өөртөө зэвүүцэл төрүүлэх гэж байгаа нь тэр. Тэгтэл яасан гээч. Хөлс нь цутгасан Хэрлэн улам сайхан харагдаад болдоггүй. Түүний халууцаж мэнчийсэн улаан хацар, хөлсний үнэр нь хүртэл сайхан санагдах шиг. Хашаан дээр хатаах гээд тохчихсон нэвт норсон кителээс нь нэг тийм гэхийн аргагүй эм үнэр үнэртээд байсан даа гээд тэрээр шүүрс алдлаа.
Энэ завсар би ямар нэгэн юм ярих ёстой байсан байж магадгүй. Гэвч надад ярихаас сонсох нь илүү санагдах тул түүнийг хүлээлээ.
- Өдөр хоног өнгөрөх тусам түүнийг харахсан гэж, болж өгвөл хажууд нь очихсон гэхдээ танай тасаг руу гүйчих гээд болдоггүй. Түүний үнэрийг ч үнэртэх гээд байсан байж магадгүй. Дурлал гэдэг тийм л юм билээ. “Намайг хоттойгоо танилцуулаа ч” гэж Хэрлэнгийн хэлсэн тэр өдрийг чи ч гэсэн санаж байгаа байх. Тэгэхэд би гайхсан чиг, баярласан чиг. Тэр энгийн даашинз өмсөж, үсээ задгай тавьсан нь улам эрхэмсэг, эмэгтэйлэг харагдуулж байв. Хот ч гэж дээ тоос шороонд дарагдсан тосгоноо юу гэж хэлвэл таалагдах бол гээд их л санаа зовж байсан юмдаг. “Танай хотыг бодвол жижигхэн байгаа биз дээ?” гэвэл “Аливаа юм жижиг байх тусмаа сэтгэлд ойр байх шиг байдаг юм. Магадгүй, би ийм л хотод амьдрах дуртай байх” гэж тэр хэлсэн. Би түүний амнаас ийм догь үг гарна гэж огт бодоогүй болохоор гайхсан л юм. “Чи гэрийнхнийхээ тухай яриач” гэхэд “Надад эцэг эх байдаггүй юмаа” гэлээ. Надад өрөвдмөөр санагдсан. Би ч гэсэндээ бараг л өнчин өрөөсөн өссөн болохоор түүний ганцаардлыг ойлгож, мэдэрч байлаа. Тэгээд түүн рүү хартал Хэрлэн намайг цоргих шахам ширтэж байснаа “Хэрэггүй дээ. Би өрөвдүүлэх дургүй” гэсэн. Надад түүний ингэж хэлэх нь ямар их таалагдсан гээ. Хүүхнүүд чинь юм л бол нус нулимстайгаа холилдож орхидог. Тэр тэгсэнгүй. Гэхдээ түүнийг эвгүй байдалд оруулчихгүй санаатай “Үгүй ээ, үгүй. Би нэг их хүн өрөвдөөд байдаг ч хүн биш. Би чамайг их хэрсүү охин юмаа л гэх гэсийн. Ярьж байгаа чинь том хүн шиг л юм гэхэд “Би том хүн ш дээ. Насанд хүрсэн” гэснээ сэтгэл гижигдсэн цойлгон инээдээр учиргүй инээгээд “Би угаасаа л үеийнхэнтэйгээ ярих дургүй. Яагаад ч юм яриа таардаггүй юм. Яг юу гэх гээд байгаа нь ойлгогдохгүй, дүлэгнэлдээд л, жаахан хүүхэд шиг утгагүй” гэхээр нь “Тэгвэл ахмад хүнтэй бол . . .?” гээд түншээд орхисон чинь “Тулхтай, ухаантай, бас шийдэмгий эр хүнтэй ярилцах сайхан. Ядаж юу гэх гээд байгаа нь ойлгогдоно. Яриа ч эвлэнэ” гэж ирээд л их хөөрхөөн гээд Суурь Хэрлэнг санаандаа дүрслэв бололтой инээмсэглэлээ. Түүний харц нялхарсан харагдана. Тэгснээ
- Тэр анхны уулзалтаасаа эхлээд намайг соронз мэт татсан. Түүний нүд хөмсөг, уруул бүгд сэтгэлд дотно. Ялангуяа харц нь жаахан охиных шиг биш, яг л нас тогтсон ухаалаг эмэгтэйн харц шүү. Насаараа намайг ширтэх юм шиг санагдсан нь одоо бодоход тэнэг л юмаа даа. Тэр шөнөдөө би түүний зургийг зурж эхэлсэн. Нүүрийг нь тэр тусмаа харцыг нь хурдхан гаргахсан гэж яарч байлаа. Тэгэх л юм бол би түүнийг үргэлж дэргэдээ байлгах юм шиг санагдсан. Хэрлэн өөрийн гэсэн бодолтой, хэвлүүхэн яриа хөөрөөтэй. Миний бодсоноос тэс өөр охин. Ямар сайндаа л би түүнтэй уулзах тоолондоо насны зөрөөгөө мартчихдаг юм гээд Суурь одоо яг түүний дэргэд байгаа юм шиг эсвэл намайг хажуудаа байгааг мартчихаад гав ганцаараа өөрөө өөртөө ярьж байгаа юм шиг инээмсэглэв. Тэрээр цааш нь
- Дурлал намайг ахин тоож байхад одоо л алдаж болохгүй юм шүү гэж би бодож байлаа. Энэ охинд дурласан дурлалаар Сүрнээгийн өмнө хийсэн нүглээ наминчилж, энэ дурлалаар түүнээс уучлалт гуйж болох юм шиг төсөөлөгдөж явсан юм шүү. Энэ бүхэн хоорондоо хэр авцалдах байсныг мэдэхгүй ч ингэж л бодож байсан. Чамд тэнэг ч санагдаж магадгүй гээд тэр дотор байгаагаа нэг мөсөн дууслаа гэсэн шиг уртаар санаа алдлаа.
Тэр үнэхээр дурлажээ.
- Та хоёрын хооронд хайрын сэдэл үүслээ гэдгийг цаадах чинь мэдсэн болов уу? гэж намайг болгоомжтой асуувал
- Мэдсэн л гэж бодож байна гэж сулавтар хариулахаар нь
- Чи тийм ч итгэлтэй биш байгаа юмаа даа? гэвэл
- Чиний юу гэх гээд байгааг би ойлгож байна л даа. Бид хоёр унтаагүй
- Би тэгж асуух гэсэн юм биш ээ
- Унтах нь битгий хэл үнсэлцээгүй. Намайг үнсэх гэхээр тэр духаа л өгдөг юм. Би ч гэсэн тэгтлээ шунаглан дайраагүй. Одоо бодоход тэр маань ч болж гэхээр би гайхан харвал
- Яахав дээ, хэрвээ унтаж хэвтээд янз бүр болчихсон бол өдийд салж хагацахад төвөгтэй байж мэднэ ш дээ. Харин одоо түүнд намайг мартахад амар. Надад ч гэсэн тийм хэцүү биш.
- Ямарч байсан хайр сэтгэл гэдгийг тэр мэдсэн юм байна. Тэгэхээр та хоёр уулзах ёстой юм биш үү? гэхэд
- Хэрэггүй. Тэр охин одоо амьдралынхаа мөрийг хөөг. Би одоо садаа болохыг хүсэхгүй байна.
- Садаа болохдоо ч гол нь биш л дээ. Ядаж . . . гэтэл тэр миний үгийг тасалж
- Чинийхээр бол тэгээд би тэрний өмнө босъё босож чадахгүй, сууя сууж чадахгүй ийм арчаагүй царайлчихаад байж байвал сайхан уу?
- Чи ядаж миний юу гэх гээд байгааг сонсохгүй юм уу?
- Тэгээд бас хайр майр яриад шүү гэж цухалдлаа.
- Чи түүнд баярласнаа илэрхийлж болно шүү дээ
- Яагаад? Намайг ийм тахир дутуу амьтан болгож үлдээсэнд үү?
- Нэгд, тэр чамайг ийм болгоогүй. Хоёрт, тэр чамд яг ямар муу юм хийсэн юм бэ? Айн? Хэлээд орхи л доо. Чамайг галаас аварч, чамд хэсэгхэн хугацаанд ч болов хайр сэтгэл гэж юу байдгийг мэдрүүлж. Чиний хэлж байгаагаар бол чамайг орчлон хорвоог арай өөрөөр харахад чинь тусалж. Гэтэл чиний байж байгааг.
- Магадгүй ээ, магадгүй. Чиний зөв юм шиг байна. Гэхдээ би урдынх шигээ хайр сэтгэлийн тухай түүнтэй ярих нь битгий хэл бодохын ч хэрэг алга. Харин зүгээр, хэзээ нэгэн цагт таарвал баярлалаа гэж хэлэх ёстой гэдгээ ойлгож байна.
- Манай салааныхан мөдхөн цугларна л даа.
- Эр эм хоёрын хооронд илжиг бүү жороол гэж үг байдаг. Чи л бидний хооронд янз бүрийн юм ярьж битгий гүйгээрэй. Би хүсэхгүй байна. Надад одоохондоо сэтгэлээ онгойлгоод ярьчих хүн байхгүй болохоор л энэ бүхнийг чамд ярьчихлаа.
- Би ярихгүй ээ. Харин тэр надаас асуувал би оч л гэх байх даа
- Чамаас асуухгүй. Тэр бие даасан бодолтой, чадвартай охин.
- Чи боломж гарвал түүнтэй уулзах л юм байна. Тийм үү?
- Баярлалаа гэдгээ хэлнээ гэж Суурь хэллээ.
Суурь түүнтэй уулзахыг маш их хүсэж байгаа юм байна гэдэг нь надад ярьж хэлж байгаа байдал, сэтгэл хөдлөлөөс нь мэдэгдэж байлаа. Харин тэр охин одоо энэ хүнийг тоохоосоо өнгөрсөн байхаа даа гэж бодохоор гунигтай ч юм шиг. Тэгж их дур зоргоор мэт гялалзаж явсан хүн одоо ийм болчих нь хичнээн харамсалтай. Амьдрал гэдэг хатуудаа хатуу.

* * *
Манайхан цугларлаа. Хөдөө байснаа бодвол бүгдээрээ өнгө засчихаж. Хэрлэн ч гэсэн жаахан бор дуу л болохоос хотын хүүхэн болсон байв. Би түүнийг урдахаасаа тэс өөрөөр харж байгаа нь сонин. Тэр бол дурлал амсаж буй бүсгүй. Уг нь санаагаар юм бол одоо л аз жаргалын үзүүрээс атгачихсан нисэж байх ёстой. Гэтэл арай биш юмаа. Түүний харцнаас уй гунигийг, магадгүй цөхрөлийг олж харав. Тиймээ, тэр гунигтай, зүрх нь шаналантай байгаа нь илт. Яагаад гэдгийг зөвхөн би л ойлгож байгаа. Тэр одоо “Суурийг яах вэ?” гэсэн ац бодолд шаналж яваа. Ийм залуухан зүрх “чухам ямар сонголт хийх бол” гэдэг нь надад ч сонин.

Үргэлжлэл бий . . .

"ҮР ХАРАМ" туужмйн түүврээс
Бүрэн эхээрээ...

Нурам - 14 (тууж)

5 Сэтгэгдэлүүд:

Яриа миний санаснаас илүү гүн эхэлчих шиг.
- Тэгээд таньд аль талаасаа илүү харагдсан юм бэ дээ. Та надад үүнийг хэлсэнгүй.
- Манай хүн ч жаахан ширүүн л дээ гэж хэлэхдээ “эмэгтэй хүнд” гэсэн үгээ хаслаа.
- Би жинхэнэ эр хүнд дуртай. Тэр тусмаа тулхтай, ухаантай бас шийдэмгий. Тийм эр хүнтэй ядаж ярилцахад ч сайхан байдаг юм гэж хэлээд Хэрлэн “Тэгвэл та яахын” гэсэн шиг ширтлээ. Түүнтэй яриа өдсөн энэ хэдхэн хоромд би түүний аманд багтсаар байгаад таарав. Түр ч атугай зай авах гэсэндээ ч биш бүр хэлэх үг олдоогүй тул хий дэмий гараа халаасандаа хийн алсыг харж зогслоо.
- Би угаасаа үеийнхэнтэйгээ нийлдэггүй. Тэд хэтэрхий жаахан, хэтэрхий арчаагүй байдаг юм гэж араас хэлж байна. Түүнийг яг түрүүний харцаараа араас харж байгаа гэдгийг мэдрээд байв. Гэсэн ч дуугарсангүй.
- Та хэл л дээ. Хайр гэж яг юу юм бэ? гэж байна. Энэ асуулт намайг түүн рүү харахад тус болж мэдэхээр санагдлаа.
- Хайр гэж үү? гээд эргэв. Тэр намайг өөрт нь таалагдахгүй хариулт хэлвэл юу юугүй тасчих нь уу гэлтэй харж байлаа. Би зөв хариулах ёстойгоо ойлгов. “Хэрвээ эерэг хариулт хүлээж байсан бол ингэж харахгүй дээ” гэж бодож амжсан би
- Хайр бол өндөгний хальстай хор юм шүү дээ гэхэд Хэрлэнгийн харц яльгүй уярах нь анзаарагдав.
- Хэврэгхэн гэж жигтэйхэн. Хагалахгүй бол хэдэн зууныг ч өнгөрөөж мэднэ. Даанч бид тэгэсгээд л хагалчихдаг болохоос гэхэд Хэрлэн инээмсэглэснээ
- Та бас романтиклаж чадах юмаа гэнэ.
- Ингэхэд чи хэдтэй билээ?
- Хорь
- Аан
- Яасан?
- Би нэг удаа чиний насан дээр байсан юм байна гэхэд Хэрлэн түсхийтэл инээснээ
- За за ойлголоо би буруу ярьчихаж гэлээ. Бидний энэ өдрийн яриа тэгсгээд өндөрлөлөө. Хэрлэн миний санасан шиг жаахан биш ажээ. Хэдий завандаа тэр ийм том болж төлөвшсөнийг ер ойлгосонгүй. Эндээс би түүнийг ахмад эрэгтэй хүн сонирхдог, үеийнхэндээ байхааргүй өвөрмөц охин юм гэж ойлгов. Манай салааныхны хэдэн маанагийн маазралт түүнд ёстой үдийн будаа гэгч болохоор санагдана. Ялангуяа Сансар бол бүр жижигдэнэ. Гэхдээ Хэрлэн Сансарт цаагуураа нэг талтай хандах нь эгч нь дүүгээ халамжлах мэт санагдах болов. Магадгүй би л тэгж мэдрээд байсан байж болох юм.

* * *
Хэд хоног дүлэгнэж байгаад хурандаатай ярилаа. Өөрт байгаа бүх сэжиг таамгаа хэллээ.
- Одоо тэгээд Эрдэнэ Хайрхан уул ямар байдалтай байна.
- Дүнхийсэн хар юм л байна. Би Их тулгатын цэвэрлэгээний бригад мөдхөн тийшээ орно гэж бодож байна. Тэгвэл тэнд бариад авчих юм үзэгдэхгүй байх. Одоо ч гэсэндээ олны хөл их дарсан. Тоймтой юм байгаа гэдэгт итгэхгүй байна.
- За ойлголоо Галаа, би энд ярилцъя. Ямар ч байсан чи сайн ажилласан байна. Танай салааг газар чийгшиж, ногоо цухуйхад эргээж татна гээд утсаа тасаллаа.
Хурандаатай яриад удаагүй байтал аймгийн цагдаагийн хэлтсээс нэг ахмад ирж надтай уулзлаа.
- Дээрээс бидэнд Эрдэнэ Хайрханд хөл хорь, үзлэг хий гэсэн тушаал ирсэн. Мөн тантай уулзаж үзсэн харсныг чинь асуу гэсэн гэлээ. Би өөрийн үзсэн харснаа тамхины ишнээс бусдыг хэлсэн ч таамаглалаа хэлээгүй. Тэр ахмад тийм ч анхааралтай биш сонсож, алба юм даа гэсэн байдлаар протокол бичээд гарын үсэг зуруулж
- Тэгвэл тийм ч сүр болох юм байхгүй юм шив дээ гэлээ. Би мөрөө хавчаад өнгөрөв.

* * *
Хаврын шар өдрүүд ар араасаа хөвөрч, модод нахиалж, зуны дэлгэр цаг өнөө маргаашгүй болжээ. Бидэнд тийм ч олон дуудлага ирсэнгүй. Нэг үдэш манай залуус хашаандаа сагс тоглож би тэднийг харж суув. Яагаад ч юм Хэрлэн харагдсангүй. “Дэвтрээ тэврээд л нэг газар суугаа биз” гэж бодов. Тэгтэл сараалжин хашааны цаанаас нэг банди гүйж ирснээ
- Ахаа, таныг тэнд нэг эгч уулзъя гэнээ гэлээ
- Хаана?
- Тэр хашааны цаана гээд заав. Харвал хүн харагдсангүй. Намайг эргэлзсэнийг анзаарсан хүү
- Тэр, тэр хашааны буланд
- Өөрөө ирэхгүй яасан юм?
- Ичээд байна гэсэн
Би гайхаж орхилоо. “Энэ аймгийн төвд намайг таньдаг эмэгтэй хүн байх. Тэгээд бас ичих” гэж бодогдоно. Гэхдээ суугаад байж чадсангүй. Нэг их яаралгүйхэн тийшээ чиглэлээ. “Үгүй ээ, ингэхэд Хэрлэн юм болов уу. Гэхдээ ичих гэх. Ичихээ энэ хүүд хэлсэн байна гэхээр биш ээ. Энэ нэг л биш” гэж бодож явсаар хашааны булан тойртол улаан нүүрэн дээр дөрвөлжин тоосго гарч ирээд манараад явчихлаа. Нүүрээ даран суун тусахад хэдэн залуус тал, талаас баахан өшиглөөд пижигнээд алга болов. Эвхэрч, өнхөрч байхдаа тэдний араас харсан боловч нэгд холдсон, хоёрт тэр гээд хэлчихээр таних биеийн хэлбэр харж чадсангүй. Цусаа тогтооох гэж хамраа даран хэсэг суулаа. Харин ч хаа очиж нэг их хүчтэй цохисонгүй. Тоосгондоо л болохоос гарын бяд нь гайгүй юм. Түүнээс биш алж ч болохоор цохилт. Буцаад иртэл манайхан “Хэн бэ? Яасан бэ? Хаана вэ?” гээд бүчээд авлаа. Хэрлэн
- Энэ чинь одоо юу болж байнаа? Цагдаад хэлээч ээ гэхээр нь
- Одоо ч бараг хэрэггүй биз дээ. Харин та нар гадуур дотуур ганц нэгээрээ явж болохгүй шүү гээд Однарыг
- Чи яг одоо ийш тийш сэмхэн байшин цонх булан тохой болгоныг сайн хар. Нүдэнд торох юм байна уу гэсээр байр луугаа орцгоолоо.
Ээлжинд гарсан сувилагчаар мөстэй жин авчруулж тавиад хэвтэж байтал хэн нь дуудсан юм мэдэхгүй хоёр цагдаа ороод ирлээ.
- Ямархуу залуус болохыг хараагүй юм байж. Хоорондоо юм ярьцгаав уу? Дуу хоолойг нь сонсов уу?
- Үгүй ээ, намайг унав уу үгүй юү хэд өшиглөчихөөд арилаад өгсөн. Тэрхэн үед өсвөр насны хүүхдүүд болов уу л гэж бодогдсон. Яагаадыг мэдэхгүй байна гэж өөрт санагдсанаа хэллээ.
- Яагаад таныг бүр дуудан байж хүүхдүүд зодох билээ? Тийм шалтаг шалтгаан танд бодогдож байна уу?
- Би ер ойлгохгүй л байна даа гэхэд Хэрлэн хажуугаас
- Нутаг орныг нь галын аюулаас хамгаалах гэж ирж байхад ингэж хандахыг юу гэж ойлгох вэ? Ёстой сонин газар юм даа
- Манай эндхийнхэн ч уг нь гайгүй л байдаг юмсан. Яасан юм бол доо гэсэн тойруу утгатай үг цагдаагийн амнаасаа гаргав. Хэрлэн эгдүүцсэн янзаар
- Тэгээд одоо яана гэсэн үг вэ? Хэзээ хаана тоосгоор цохиулах бол гэж бодож явах хэрэг үү?
- Та бидэнтэй ингэж яриад яахав дээ гэж нэг цагдаа хэдэрлэх маягтай хэлэхэд
- Та нар ядаж хай л даа. Ажлаа хий л дээ. Үгүй ядаж бид олно гэсэн итгэл төрүүл л дээ. Миний яаж ярих таны ажлаа хийхэд саад болохгүй биз дээ? Эсвэл ингэж хэдэрлээд байвал олж өгөх ч үгүй гэх гээд байгаа юм уу? Та нараас ер нь гуйгаагүй шүү.
- Бид танд тэгж хэлснээ санахгүй байна.
- Та нарын байж байгаа байдал тэгж хэлээд байна. За за ер нь дарга нартай чинь уулзах ёстой юм шиг байна гэж Хэрлэн цочир ууртай хэллээ. Ингэж уурлана чинээ бидний хэн нь ч санасангүй. Хоёр цагдаа хүртэл гайхсандаа гэхээсээ илүү албан үүргээ гэнэт ухамсарлав уу гэлтэй.
- Бид байгаа бүх боломжоороо хайна. Та нар санаа зоволтгүй гэсээр гарцгаалаа. Гэхдээ тэд бид заавал олно гэж хэлсэнгүй. Харин би Хэрлэнг “Өөртөө байхааргүй биеэ даасан чадвартай охин юм байна даа” гэж бодож хэвтэв.
Аймгийн цагдаа нар тэдгээр залуусыг олоогүй юм. Би гомдол мэдүүлсэнгүй. Надад тэднийг биш арай томхон юм хөөцөлдсөн нь дээр санагдана. Нас биенд хүрээгүй шахуу залуус байсан гэдэгт би итгэлтэй байсан хэдий ч эдгээр залуус яах гэж ингэв? Хэний заавраар ингэв? гэдэг нь надад таавар хэвээр үлдэв. Битүүдээ би цэвэрлэгээний бригадын шар залууг хардсан хэдий ч тэдгээр залуус манайхныг хот руу буцан буцтал миний нүдэнд харагдаагүй. Эрдэнэ Хайрхан ууланд ч энэ цэвэрлэгээний бригадыг оруулаагүй юм.
Энэ жил хур ус ихтэй сайхан зун болох нь мэдэгдэж байв. Учир нь түймэр унтраасан тэр борооноос хойш гэхэд хоёр ч удаа нойтогноод авсан байлаа. Нутгийн зон олон ч дэлгэр сайхан зун болох байх гэсэн амтай байсан юм.

* * *
Бидэнд таван сарын эхээр буцах тушаал ирэв. Эргээд гэртээ ирэхэд хичнээн сайхан. Зам замын дундаас гэртээ харих зам сайхан гэсэн нэгэн найрагчийн мөр хичнээн үнэн юм дээ. Сэлэнгээ маань хүүхэд шиг баярлаж, хоол цай барин миний энд тэнд гарч гүйгээд л . . . Эмэгтэй хүн баярласнаа үүнээс илүү яаж илэрхийлэх билээ. Тэгээд бүр нөхөртөө шүү.
- Чи Суурь дээр очив уу?
- Би Базараатай хамт очсон л доо. Цэхвэлзээд л жигтэйхэн байх болов уу гэсэн чинь харин гайгүй шүү. “Золтой л явчихсангүй. Та хэдийн царайг харах хувьтай л юм байна” гээд л
- Овоо доо. Дээрээс нь унасан мод толгойд нь овоо юм оруулж л дээ.
- Яахнав, хөөрхийг. Өвчин зовлонд уначихаад байхад нь үгээр ч болов дэмжих байтал гэж Сэлэнгээг хэлэхэд “Нээрээ ч дээ, яасан гэж түүнийг тийм муухайгаар бодох билээ” гэж бодогдоод
- Өнөөдөр хоёулаа очъё доо. Чи нэг аятайхан хоол унд хий
- Тэгье дээ, хоол унд юухан байхав дээ насаараа л хийлээ гээд хөөрхөн талимаарч, бас ч гэж айлгүйтэх маягтай хөнгөмсөхөд миний тархи руу юу ч юм манасхийж байна. Бид бие биенээ санажээ. Хүнд хайртай байх, түүнээ хүсэн хүлээх, хүрээд ирэхэд нь баярлах, бие биенээ хайрлан энхрийлэх, хоёр биендээ оногдсон хэсэгхэн цаг мөчийг ханатлаа, халууцатлаа, ер нь л тэр гэж тоймломгүй тийм их аз жаргал дунд умбаж өнгөрөөнө гэдэг амьдралын хамгийн сайхан мөч ажээ.
Сэлэнгээгийн хийсэн хоол цайг барьсаар эмнэлэг явлаа. Нүүр амнаас бусад нь бараг битүү боодолтой болсон Суурь орныхоо цээжин хэсгийг хагас өндийлгөн суужээ.
- За та нар буугаад ирчихсэн үү? Энэ жил овоо чийг унах шиг боллоо
- Өчигдөр л ирцгээлээ. Харин чиний бие. . .?
- Би ч үхсэнээс ялгаагүй болчихлоо. Хөл дээрээ босохгүй гэж бодохоор заримдаа бачимдаад байж ядах үе байх л юм. Гэхдээ нэг үеэ бодвол бас ч гэж гайгүй ээ.
- Юу гэсэн үг вэ? Сэтгэлээр чанга байна шүү хө. Хөл дээрээ босож л таараа. Харин эмчилгээгээ л сайн, гүйцэд хийлэх хэрэгтэй.
- Хэлэхэд ч амархан л даа. Би ч урд нь амьдралыг алганд байдаг л гэж бодож явлаа. Гэтэл тийм биш бололтой юмаа.
- Ингэхэд, манайхнаас хүн ирэв үү? гэж асуухдаа би дотроо Хэрлэнг бодож байв. Суурь ч гэсэн намайг ойлгов бололтой муухан мушийж
- Танай салааныхан харагдсангүй ээ. Тэгээд ч өчигдөр л ирцгээсэн юм бол өдийд унтацгааж байгаа биз. Залуу улс гээд хэсэг чимээгүй суулаа. Бидний яриа нэг олигтой эвлэж өгөхгүй нохой амлана. Тэгтэл тэр чимээгүйг эвдэж
- Ингэхэд Эрдэнэ Хайрхан хэр зэрэг. . .?
- Түнтийсэн хар овоо л болсон. Хэрвээ хэн нэгэн тийм болоосой гэж хүссэн бол тийм л болсон гэхэд Суурь над руу нэг их сүрхий харснаа
- Хүснэ ч гэж юу байхав дээ гээд харц нь ширүүсч байна. Гэхдээ түүний харцанд урдын ихэмсэг бардам байдал гэхээсээ илүүтэй ийм байдалд орсондоо харуусан бахардсан өнгө илэрч байв. Би энэ яриаг цааш нь үргэлжүүлэхийг хүссэнгүй. Гэхдээ Хурандаа дээр орохдоо сэжиг таамгаа бодитой болгох хэрэгтэй байна гэсэн бодол давхар бодогдож байв. Дөнгөж уулзсан болоод ч тэр үү эсвэл ерөөс бидний сэтгэл зүй гэнэтхэн өөр нөхцөлд байгаа болохоор ч тэр үү бид тэгэсгээд өндөрлөхөөс өөр аргагүй болов.
Суурьтай уулзсаны дараа Хурандаатай уулзахаар очлоо. Намайг бодож сэжиглэж буй бүхнээ ярьсны дараа Хурандаа
- За тийм байж. Тэгэхээр Базараатай уулзаж шинжилгээнийхээ хариуг баталгаажуулж ав. Би цааш нь энэ бүгдийг хэлж ярина. Чиний ярьсан бүхэн үнэний сэжимтэй санагдана. Хамгийн гол нь бидэнд буурьтай нотолгоо чухал. Хэрвээ үндсээ сайн тавьбал үр дүнд хүрэх нь гарцаагүй. Үнэндээ ч энэ улс амьтны шунал арай хэтэрлээ. Олз ашиг олж л байвал орон нутгаа юман чинээ бодохоо байж гэж бодолдоо нилээд ундууцав уу гэлтэй дүрэлзэж ирснээ
- Гэхдээ батлагдаагүй санаанд багалзуурдуулж болохгүй. Тэгэхээр эгээрэл гэгээрлийг харахаа байдаг гэмтэй гэж надад ч юм шиг, өөртөө ч юм шиг хэллээ.
- Мэдлээ, Би Базараатай уулзаад ямар хариу гарсныг танд илтгэе гэсээр хурандаагийн өрөөнөөс гараад Базараагийн өрөө рүү орлоо. Нөгөө л нүүр дүүрэн инээмсэглэлээрээ намайг угтав. Хүн ер нь инээж л явбал зүгээр юм даа гэж бодогдоно
- За баатар минь өнөө хоёр чинь яг л нэг хүнийх шүү. Шүлсний найрлага, шүдний зуулт гээд бүгд яг мөн гэж Базараа их л итгэлтэй хэлэв.
- Баараагүй биз? Учир нь би ганцхан энэ хариултаар чинь их том чулууг хөдөлгөх гээд байна шүү дээ
- Өдий болтол би аливааг шинжлэхдээ одоогийнх шиг ийм итгэлтэй байсангүй гэчихвэл арай худлаа болох байх. Гэхдээ энэ удаадаа би эзэн сууна шүү гэж тэрээр бардам хэллээ. Надад “Юм ингээд эргээд ирвэл би чухам яадаг билээ” гэж бодогдож байна. Учир нь энэ бүхэнд Суурь чирэгдэж магадгүй болохоор дотор эвгүйцсэн ч байж болох. Гэхдээ би одоо зогсож чадахгүй. Шар залуу тэнд гал тавьж явсан. Би тэр шөнө саад болоогүй бол гал гарах л байсан. Тэр бас Суурийнд архидаж хоносон байдаг. Тэгээд дараа нь манай салааг санаатайгаар Бүрэнгийн нуруунд олон хоног “хорьсон”. Тэр хооронд Эрдэнэ Хайрханыг санаандаа тултал шатаасны дараа манай салааг буцааж татсан. Энэ бол санаатай үйлдэл л дээ. Хэрвээ миний бодож байгаа үнэн байж гэмээ нь надад л сайн. Гэтэл надад энэ бүх зүйл хүнд хэцүү болж байлаа. Ядаж Суурь эрүүл саруул байсан бол хачин дээр байхсан.Үнэн гэдэг заримдаа яаж ч болдоггүй цалам ажээ. “Өнөө Галаа чинь Суурийн бөгсийг ухах гэхдээ амарч ч чадахгүй үүгээр гүйж явна” гэсэн яриа Ерөнхий газраар нэг тарсан ч байж магад. Гэтэл үүний цаана ямар эрээ цээрээгүй сувдаг санаа энэ улс орон даяар угаар нагаар ханхлуулан уугиж байгаа ч тэр бүр хүн ойлгохгүй. Би бодолдоо дарагдаад нилээн хэд хоночихлоо. Яг үнэндээ байгаа бүх сэжиг таамгаа яаж батлахаа мэдэхгүй байв.

Үргэлжлэл бий . . .

"ҮР ХАРАМ" туужийн түүврээс
Бүрэн эхээрээ...

Нурам - 13 (тууж)

7 Сэтгэгдэлүүд:

- Харин тиймээ, юу юугүй тулчихаад байна. Бид ч энэ уулыг харсаар байгаад алдах нь дээ
- Тэр яахав ээ, хүнээ л бодоорой гэхийг би арай чүү гэж сонсов. Суурийн хэлж байгаа туйлын үнэн. Ийм цагт хүнээ л бодохгүй бол яахан болох.
Ойр орчим олигтой харагдахгүй, битүү хар утаа хоолой хорсон гашуу оргиулна.
- Хэрлэн хаагуур байнаа?
- Цаана чинь нэг их холгүй байх ёстой. Би дуудах уу?
- Хэрэггүй, хэрэггүй. Би өөрөө гээд яагаад ч юм миний мөрөн дээр алгадчихаад явж одов. Хүний сэтгэл гэдэг юуханд ч гэсэн хөдөлж л байдаг юм хойно “Яасан юм бол доо” гэж бодогдож л байх. Би станцаа авч залуусаа хойш нь татах команд өглөө.
Доошоо, бэлд бууж ирсэн хойноо хүнээ бүртгэвэл Хэрлэн ирсэнгүй. Станцаар залгавал хариу байдаггүй. Би гэлтгүй манайхан бүгд сандарлаа.
- За та нар ямар ч байсан цуруу татах жим, сайр олохыг бод. Би эргэж Хэрлэнг хайя гэхэд Однар
- Өө, яалаа гэж, хамтдаа явцгаая. Энэ их утааны хаана гэж та ганцаараа явах юм. Тэгээд ч энэ олон нүд таны хоёроос л дээр байж таараа гэлээ.
Тэдний царайг харахад одоо миний үгэнд орохгүй нь тодорхой байв. Би түрүүлж, тэд миний араас гинжин тархалт хийн буцлаа.
Энд тэндгүй шатсан мод хөндөлдөн унаж, шад пад дуугаран, хар утаа хуйлран, галын дөл угалзарна. Гэвч энэ сүрдэм дүр төрх бидэнд нэгэнт ижил дасал болчихож.
- Ахлах дэшлэгчээ энд байна гэж Сансарын хашгирах дуу надаас холгүй сонсогдов. Би чимээ гарсан зүгт гүйсээр ирлээ. Тэгтэл Сансар
- Энд, энд... энэ доор орчихшон гээд бөөрөөрөө унаад шатаж байгаа нэг их том модыг заагаад орилоод байв. Итгэхэд нэн бэрх. Дүрэлзсэн улаан гал заагаад байгаа юм чинь яаж ч итгэх билээ.
- Хэн орсон гээд байгаа юм бэ? гэхэд
- Хэрлэн, Хэрлэн. Харсаар байтал гүйгээд оршон. Би юу гэж худлаа ярих юм бэ гэж хашгирав. Нээрээ ч яалаа гэж худлаа хэлэх вэ дээ? Тэгтэл гайхалтай нь их гал болсон модны доороос нуруугаараа бөгтөрсөн нэг хүн гараад ирэх нь тэр. Харвал түүний хувцас галд автан ноцож байгаа харагдав. Бид гүйж очих гээд чаддаггүй. Хий дэмий л тойрч гүйцгээлээ. Тэгтэл гарч ирсэн хүн маань бас нэг гал авацлсан том хар юм чирсээр ухарч харагдана. Галын дөлөөс мултарав уу үгүй юү бид битүү юмаар хоёуланг нь дараад авлаа. Хэсэг байзнаад хучлагаа автал нүүрээ битүү юмаар ороосон Хэрлэн түүний дор хөдөлгөөнгүй болсон Суурь хоёр байв. Энд тэнд авалцсан галыг нь хурдхан шиг унтраагаад Хэрлэнгийн нүүрний боолтыг автал нүүр нь гайгүй, үс нь умарсан, гар чих нь галд долоолгосон байв. Харин Суурь нилээн түлэгдэлттэй харагдана. Ухаан тавьчихаагүй бололтой. Хүрэх тоолонд ёолох нь түлэгдсэндээ ч биш яс үс нь хугарч гэмтсэнээс зайлахгүй. Манайхан түүний цээж бөгсөн доогуур гадуур хүрмээ шургуулан дамнуурга маягтай болгоод доош нь авч явлаа. Хэрлэн хэсэг тасралтгүй ханиалгаж байснаа гайгүй болов. Биеийг нь асуутал
- Би гайгүй. Энэ хүний амийг авраач, би танаас гуйж байна гээд нулимс асгаруулан хэлэв. Утаанаас уу, уйлж байгаа нь тэр үү ялгагдсангүй.
- Тэгэлгүй яахав. Бид цөмөөрөө амьд үлдэнэ. Алив явъя гээд түүнийг сугадан доош явлаа.
Хэрлэнгээс шатсан даавуу, хуйхлагдсан үсний үнэр үнэртэж байлаа. Биднийг машин дээр ирэн иртэл Хэрлэнгийн нүднээс нулимс тасарсангүй.
Суурь ч гэсэн явдлын сэгсэргээнд хамаг яс нь салах мэт өвдсөн байх. Тэрээр яраглан гиншсээр байв. Ямартай ч гэсэн хоёуланг нь аваад аймгийн төв рүү давхилаа. Төд удалгүй аймгийн эмнэлэгт ирэв. Хэрлэнд энд тэнд нь наалт, боолт тавиад гаргав. Харин Суурийг
- Хот руу яаралтай явуулахгүй бол болохгүй. Түлэгдэлт ихтэй, нуруу нь гэмтэж, аарцаг бяцарсан байна. Унааны асуудал хүнд байна гэхээр нь албанаас нэг тэрэг гаргуулахаар болов. Суурийг машинд суулгах тэр агшинд Хэрлэн түүний нүүрэнд нүүрээ бараг тулгаад
- Та тэсээрэй. Битгий үхээрэй. Надад танаас өөр хэн ч байхгүй шүү гэж хэлж байв. Тэднийг хараад аргагүй л дурлаж дээ гэж бидний хэн хэнд маань бодогдсон доо.
Би яаж ч бодоод тэднийг тэр модон дор орчихсоныг ойлгосонгүй. Сансар болохоор Хэрлэнг тэр гал руу орсон гээд байдаг. Тэгэхээр тэр мод Суурийн дээрээс унаж, араас нь Хэрлэн орсон байх магадлалтай. Харин тэр их гал руу гүйж орно гэдэг эрүүл ухаанд багтамгүй.

Бидний буцаад иртэл манайхан галаас үндсэндээ холдсон учир арай тайвширсан байлаа. Бөөгнөрөөд сууж байтал Лхагва юу ч бодож суусан юм бүү мэд
- Ахмад даанч нэг онгироод байсан юмаа гэж ямар ч бодлогогүй ам алдахад Хэрлэн
- Тэр чамд ямар гэм хийгээв? Юу ч хараагүй, юу ч мэдэхгүй байж амныхаа зоргоор чалчаад байх даа яадгийн. Нэг чинь бараг үхэх гэж байна гэж хашгираад босоод явчихав. Бид бүгдээрээ Лхагвааг зэмлэсэн харцаар харлаа. Тэгсэн тэгээгүй тэр гэмшсэн байх. Энэ үед би тэртээ цаана цаашаа хараад зогсчихсон Хэрлэнг Суурьт үнэн сэтгэлээсээ дурлажээ гэж итгэсэн юм. Гэхдээ энэ бүхэн хэнд хамаатай гэж. Хоорондоо л болж байвал болох нь тэр. Юуны түрүүнд энэ хайрханы галыг унтраах, дараа нь Суурийн биеийг асууж сурах тийм л гарц байлаа.
Бид энэ удаагийн галтай бараг хоёр долоо хоног ноцолдсон боловч үнэндээ дийлээгүй. Хурмаст тэнгэр ивээлээ хайрлаж, нэг л шөнө хүйтэн бороо асгаснаар бидний гар бие, сэтгэл зүрхийг амраав. Гайхамшиг гэдэг л тэр байх. Бид, биднээр тогтохгүй энэ гал түймэрт ажилласан бүх бие бүрэлдхүүн, сайн дурынхан ягтаа тултал ядарсан байсан юм. Гал нэгэнт унтарсан тул бид аймаг руу явж, Эрдэнэ Хайрхан гэж нүүрс шиг овойсон хар юм түнтийж үлдэв. Энэ бол дөрвөн сарын сүүлч байлаа.
Бид аймагт ирсэн ч хот руу татагдсангүй. Буусан өдөр бид гэртээ ирсэн юм шиг байцгаалаа. Усанд орох нь орж, утсаар ярих нь ярьцгаана. Манайхан ядарсан уу л болохоос Хэрлэнгээс бусад нь түлэгдэж барьсангүй. Эндээс явснаас хойш сар гаран болсон байв. Би ч гэсэн гэрлүүгээ залгалаа.
- Амьд уу? Ямар удав аа? Яасан бол гэхээс байж сууж чаддаггүй. Чи минь тэгээд зүгээр биз?
- Зүгээрээ, жаахан ядарснаас бусдаар давгүй. Харин Суурь наана чинь эмнэлэгт байгаа
- Харин тийм гэнэ. Би санаа зовохдоо танай ажлаар очсон чинь Базараатай таараад Суурин тухай сонслоо
- Чи тэгээд аяга шөл бариад очив уу?
- Үгүй ээ, Ам асууж байгаа юм шиг санагдах байх гэж санаад чадсангүй.
- Үгүй ээ чи . . .
- Тэгээд ч эхний хэдэн өдөр ухаангүй шахам байсан гэсэн. Би асуусан л даа. Харин одоо бол хэн хүнийг ялгаад байгаа сурагтай.
- Ямар ч байсан нэг очоо. Бие хааг нь асуу
- За,за нэгийг нь дагуулаад очъё. Харин чи зүгээр биз?
- Бид зүгээр. Бороо ороогүй бол дийлэхгүй янзтай. Унтарлаа гэхээр л дахиж гараад болдоггүй.
- Мөдхөн бууна биз дээ?
- Хэзээ буу гэнэ тэр цагт л бууна.
- Бүтэн л эргэж ирээрэй дээ гэсэн нөгөө л үгээ хэлснээр төгсгөлөө.
Хэдэн өдөр байрандаа амарцгаасан тул хүн бүр дор бүрнээ тайвширсан харагдана. Залуу хүн гэдэг нойр хоол нь бүтэн болчихвол сэргэхдээ амархан байдаг хойно аргагүй. Хэрлэн ч гэсэн нэг үеэ бодвол гайгүй болов. Тэр үсээ халимаг болгон засуулаад
- Би хөөрхөн болж уу? гээд сахилгагүй ч юм шиг инээмсэглэв. Залуу бүсгүй хүн гэдэг ямарч үедээ аятайхан харагдаж чаддаг хойно доо.
Нэг өдөр Суурь тэр хоёрт юу тохиолдсоныг нь асуувал
- Би та нарын араас явж байгаад нэг харах нь ээ ганцаараа болчихож. Тэгтэл Хэрлээн гэж хашгирах сонсогдохоор нь хартал Суурь ахмад над руу ухасхийж байв. Тэр агшинд миний дээрээс нэг их гал ирэх шиг болсон чинь би тэртээ хол үсэрсэн. Унаж явахдаа Суурь ахмадын дээрээс мод унаж байхыг хальтхан харсан. Би нүүрээ юугаар ч билээ ороогоод түүний араас орсон
- Айгаагүй юү?
- Айх тухай бодоогүй. Тийм завдал ч болоогүй
- Хүний амь аварч байгаа хүн чинь яалаа ч гэж айх тухай бодохов дээ
- Тэр тухай ч бас бодоогүй гээд Хэрлэн намайг ширтлээ.
- Чамайг яг гал руу орж байхыг Сансар харсан шиг байгаа юм. Тэгээд л энд, энд гээд хашгираад бид очсон л доо.
- Амьдрах л ёстой байсан юм байлгүй дээ гээд Хэрлэн санаа алдлаа.
- Амьдрах ёстой гээд би үгээ чирж, уртаар санаа алдав.

* * *
Базараатай ярих уу, болих уу гэж хэдэн өдөр дүлэгнэв. “Миний бодсон битгий л батлагдаасай” гэж гэнэтхэн бодогдох нь сонин. Юунаас болоод тэгж бодсоноо ойлгосонгүй. Суурийн байгаа байдлаас ч байж болох л юм. Үнэндээ бол муухай л даа. Бэртэж гэмтээд бараг хүний гарт орчихсон байхад ар хударгаар нь ажлыг сандаачаад байгаа юм шиг. Лав олигтой эрийн зан биш. Гэтэл би энэ сэрдэх сэжиглэх ажлаа аль эрт эхэлчихсэн байдаг. Юутай ч гэсэн Базараатай ярих л хэрэгтэй болов.
- Сайн уу хө. Сүйд болжээ танай тэнд гэсээр Базаараа утсаа авлаа.
- Сайн сайн. За тэр яахав. Нөгөө хоёр юу болов?
- Эндээ гэж хэлэхэд нэг л хүнийх байна лээ дээ.
- Яг уу?
- Шүлс болоод шүдний зуулт нь яг. Хэрвээ биш бол би халагдсан ч болно.
- Итгэлтэй байгаа чинь сайн байна. Ямар ч байсан илтгэл бичээд хавсаргаарай.
- Өө тэр мэдээж. Харин танай салаа хэзээ ирэх гэж байна?
- Удахгүй байхаа. Чи Сэлэнгээтэй цуг Суурь дээр нэг очоодохооч. Цаадах чинь ганцаардаад байна гэнэ.
- Намайг ч нэг их сайн таних биш дээ
- Тэр нь яахав ээ, Хань болоод өг
- За тэгэхээс дээ даргаа
Базараатай ярьсны дараа сэтгэл түгшээд нэг л дараатай болж орхилоо. Уг нь одоо хурандаатай яривал болох. Гэтэл сэтгэл төвдөж өгсөнгүй. Суурь тэр цэвэрлэгээний шар залуутай ямар сүлбээтэй вэ? Яагаад тэр залуу шөнө дөлөөр Эрдэнэ Хайрханд гал тавих гэж оролдсон бэ? Яагаад манай салааг Бүрэнгийн нуруунд хэрэггүй шахам олон хонуулав. Энэ хооронд Эрдэнэ Хайрханд тийм том гал гарсан шалтгаан юу вэ? Суурь үүнд холбоотой юу? гээд надад түм буман асуултууд тодорхойгүй байлаа. Хий таамгаас өөр юмгүй. Хоёр тамхины иш бүрэн баталгаа болно гэж үү? Хурандаад энэ бүгдийг танилцуулах арай л эрт шиг санагдана. Хэлэхгүй гэхээр би юунаас, хаанаас эхэлж энэ бүхнийг мухарлах вэ? Бодоод, бодоод бодын шийр дөрөв гэгч нь энэ болж байлаа. Би бодолд орж гөлийсөнтэй адилхан манай салааныхан ч гэсэн орон дээрээ адар ширтэн хэвтэхээс өөр зүйл хийсэнгүй. Хэн одоо биднийг бэлтгэлд гар гэж хөөх вэ. Үнэндээ бол хангалттай ядарцгаасан тул тэр талын юм бодох ч хэрэггүй. Хэрлэн ч гэсэн бодолд дарагдан хаа бол хаана өнөөх жижиг дэвтэрээ тэврэн үзэгдэх. Одоо түүнтэй маазарч марзаганах ч хүн үгүй болж.
Цаг тавирдгаараа тавирч, айлгүй хаврын ааш нэг үеэ бодвол овоо нугарсан байв. Өдөр сунаж, өглөө оройдоо нар уртассаар байлаа. Хэрлэн хашаан доторх сандал дээр өнөөх дэвтэрээ дэлгэн ямар нэгэн юм бичиж сууна. Би тамхиа соронгоо аажуухан гэлдэрсээр очив. Тэр мөн л урьдынх шигээ жижиг цаасаа дэвтэртээ хавчуулж хаагаад, намайг ирсэнд дургүйцээгүйгээ илтгэж инээмсэглэлээ. “Инээмсэглэл заримдаа хориг ч болдог, эсрэгээрээ уриалагхан ч болгодог юм байна даа” гэж бодож амжлаа. Би бага зэрэг түгдэрч
- Уучлаарай, энэ миний хэрэг биш л дээ, гэхдээ яагаад ч юм асуумаар санагдаад болдоггүй.
- Асуу л даа. Танд үнэхээр хэрэгтэй бол би хариулъя гээд над руу нэг их сүрхий харлаа. Халимаг үс нь түүнийг нилээн оворжуулсан уу эсвэл үргэлж цуг байсан болоод тэр үү Хэрлэн урдынх шигээ жаахан охин харагдсангүй. Харин ч бүр харц нь тогтоод цаанаа нэг тохь суусан шиг санагдана. Гэхдээ мэдээж надаас хамаагүй дүү байлгүй яахав.
- Нэг их хэрэгтэй биш л дээ. Гэлээ гээд цаг нөгцөөх гэсэн ч юм биш гэхэд
- Тэгвэл амны зугаа болгох гэсэн юм уу? гээд тэр мөнөөх л хөшинг харцаараа ширтлээ. Үнэндээ бол энэ нөхцөл байдалд тэр надаас илүүрхэж байв. Уг нь би илүү дутуу юм ярихаа больчихмоор. Гээд болих гэхээр ийм жаахан охинд амаа таглуулж, шилээ маажилтай биш. Бас нэрлэхмэр болоод ч байх шиг.
- Юу л даа, чи мэдэх үү үгүй юу Суурь бид хоёр оюутан цагийн найзууд л даа.
- Мэднээ, Та нарыг юунаас болж муудсаныг ч мэднэ
- Өө тийм үү? Чи их юм мэддэг юм байна
- Ахмад өөрөө надад ярьж өгсөн л дөө.
- Аан, уг нь нэг их муудсан ч юм байхгүй л дээ. Амьдралыг үзэх үзэл таараагүй гэх үү дээ. Тэгээд л бид сургуулиа төгсөөд өөр өөрийн замаар явцгаасан юм.
- Мэдээж хоёр эр хүн цуг амьдрахгүйгээс хойш тэгэлгүй яахав.
- Суурийг би сайн талаас нь яримаар байна л даа
- Өвчтэй болохоор нь уу?
- Үгүй ээ яалаа гэж. Эрүүл байсан ч би энэ талаас нь л ярих байсан. Ер нь бол байна шүү дээ хүнд заавал сайн зүйл байдаг юм шүү
- Муу ч бас байна биз дээ?
- Байлгүй яахав. Хүнийг би бурхан буг хоёрын тэнцэтгэл гэж боддог
- Ямар хүнд, аль талаасаа харагдах вэ гэдэг нь л чухал юм шив дээ гэж Хэрлэн асуух гэхээсээ илүүтэй миний хэлэх гэсэн дараагийн дүгнэлтийг хэлж орхив
Үргэлжлэл...
Бүрэн эхээрээ...