# #

Нурам - 16 (тууж)

Гэхдээ ямар ч сонголт хийсэн байлаа гэхэд би түүнийг буруутгаж чадахгүй гэдгээ мэдэж байв. Хэрлэн яагаад ч юм надаас харц дальдраад байх шиг. Суурь надад ярьснаа түүнд хэлчихнэ гэж баймгүй юм даа. Энэ хоёр холбоо бариагүй байх учиртай даа гэж гайхаж байлаа. Сансар сурснаараа Хэрлэнг бараадан дөхнө. Гэвч хөдөө байдаг шигээ зоригтой харагдсангүй. Однар, Лхагва гээд бусад нь харин Хэрлэнг нэг их оролдоод байсангүй. Гэрийн бараа харсан эрчүүд угаасаа л ингэдэг зантай л даа.
- Одоо тэгээд яах билээ? гэж Однар асууж байна. Тэр ерөнхий утгаар салааныхаа ирээдүйг асууж байгаа нь ойлгомжтой.
- Яахав. Хөдөө явсан тайлангаа тавина. Та нар одоохондоо амьтны анхаарал татаад байлгүй байзнаж бай гэж анхааруулаад гарлаа.
Удирдлагадаа тайлангаа тавив. Энэ хавар тус аймагт ажиллахдаа өөрт ажиглагдсан оновчтой хийгээд дутагдалтай талуудыг харьцуулав. Ийм тусгай салаа байж болох хэдий ч техник тоног төхөөрөмжөөр тусгайлан хангахгүйгээр ийм өрөвдөм тусгай гэгдэх салаа байх нь хэр оновчтой болохыг эргэж харахыг удирдлагадаа санууллаа. Үнэхээр тусгай төхөөрөмжөөр хангагдсан, тусгай нөхцөлд бэлтгэгдсэн, онц шаардлагатай үед тухайн нөхцөл байдалд тохирсон тодорхой шийдвэр гаргах онцгой эрхтэй, байгалийн ямар ч хүнд нөхцөлийн өмнө зогсож чадахуйц хүчин чадалтай байвал тусгай гэгдэх салааг байгуулж нийт улсын хэмжээнд бэлэн бэлтгэлтэй ажиллавал болохгүй юмгүй. Түүнээс биш энэ хаврын бидэн шиг хүрз шүүрхэн барьсан арваадхан хүн байх нь энд тэнд очиж хүчээ тарамдуулахаас цаашгүй. Бид бол дайчилгаанаас ялгагдах юмгүй байсан. Яг үнэндээ байгаль дэлхий хур бороо хайрлаагүй бол сүүлд гарсан түймрийг бид унтрааж дийлээгүй юм ш дээ гэдгээ хэлчихээд гарлаа.
Удирдлага миний тайланг анхааралтай сонсож, хүлээцтэй хандсан байв. Тэр хуралдаанаар “Тусгай” гэгдэх салааг цаашдаа байлгахаар тогтохгүй хүчин чадлыг сайжруулахад шаардлагатай хөрөнгийг төсөвт суулгаж өгөхийг хүссэн хүсэлт засгийн газарт гаргахаар шийдвэрлэсэн байв. Ингэхдээ зүгээр салаа төдий биш бүр мэргэжлийн салааг байгуулахыг чухалчилсан байв. Энэ асуудал нааштайгаар шийдэгдэхэд уул уурхайн компаниудын замбараагүйдэл, олз ашиг олохын тулд байгаль орчиныг хорлон сүйтгэж, санаатайгаар хөнөөх явдал хавтгайрч улс орон даяар гаарч байгаа байдал нөлөөлсөн байх талтай. Тусгай салааны хүн хүчийг болон техник тоног төхөөрөмжөөр хангах асуудлын хүрээнд судалгаа хийх ажлыг Онцгой байдлын эдийн засгийн болон судалгааны албанд даалгасан шийвэр ч гарав. Ямартай ч гэсэн энэ бүгдээс харахад манай салааны цаашдын ирээдүй тодорхой болж байв. Үүнээс гадна Хурандаатай Эрдэнэ Хайрхан шатсан хэргийн сэжиг таамгийн талаар би ганцаарчлан уулзаж ярилцсан юм. Хурандаа
- Чиний гаргасан таамгууд мөн Базараагийн шинжилсэн шинжилгээний хариуд тулгуурлан Цагдаагийн газарт хүсэлт гаргасан. Тэд ажлаа эхэлсэн. Их тулгат компаний дотоод үйл ажиллагааг шалгах шаардлага гарсан. Түрүүчээсээ сэжигтэй гэж үзсэн хүмүүсээс байцаалт аваад эхэлсэн гэсэн. Миний олж сонссоноор бол “Их тулгат”-ын цэвэрлэгээний бригадын ахлагч иргэн Содномыг сэжигтнээр татсан сурагтай. Бодвол чиний яриад байсан шар залуу гэдэг мөн байх. Харамсалтай нь тэр залуу одоогийн байдлаар олигтой юм ярихгүй байгаа бололтой. Надад энэ хэрэг үнэхээр том хүмүүстэй холбоотой юм болов уу гэсэн таамаг байна. Учир нь энэ асуудлыг чимээгүй болгох талаар надад хүртэл нөлөөлөх гэж оролдоод байх шиг санагдах боллоо гээд Хурандаа нуруугаа үүрэн холхисоор цонхон тушаа очиж зогсов. Би Хурандаагийн бодлогоширсон зовнингуй царайг сая л анзаарав. “Хурандаад мэдэгдэхүйц шахалт орж ирнэ гэдэг чинь үнэхээр дээгүүр чичиргээ үүсээд байгаагийн шинж дээ” гэж энэхэн хооронд бодож амжив. Тэгтэл Хурандаа миний бодлыг тасдан
- Уул уурхайн яам болон Байгаль орчны яам ч гэсэн анхаарал хандуулж эхэлсэн. Гэтэл Их тулгатын үндсэн эзэн нь их хуралд сууж байдаг. Ийм учраас асуудал хаашаа ч эргэж болзошгүй. Ер нь энэ хэрэг жижиг сэжүүрээс эх авсан гэхэд нилээн өндөр авах шинжтэй. Чи ч гэсэн болгоомжтой байхад илүүдэхгүй. Энэ хэргийг илрүүлэхэд бидэнд гарцаагүй нотолгоо, эсвэл хэн ч үгүйсгэж чадахааргүй гэрч хэрэгтэй. Энэ талаар чи бодож явна биз. Түүнээс биш тэр тамхины иш төдийхөн бол нэг их хол явахгүй. Нөгөө нөхөр “Би төөрсөн, даарсан. Тэгээд гал түлсэн. Яагаад болохгүй гэж?” гээд байгаа сурагтай. Яаж ч болохгүй юм гэж байдаг юм шүү. Бодолтой яваарай гэснээр бидний яриа өндөрлөв.

* * *
Хурандаагийн өрөөнөөс гараад хар хурдаараа чавхадсаар гэртээ ирж Сэлэнгээгийн хийсэн хоол цайг аваад эмнэлэг явлаа. Хөлдөө нэг улавч углаад Суурийн тасаг руу нь явж байтал араас нэг сувилагч гүйж ирснээ
- Та Батсуурь гуайн ар гэрээс явна уу? гэнэ. Түүний сандарсан царайг хараад
- Тийм. Яасан бэ? Тэр зүгээр үү?
- Зүгээрээр барах уу?Эгээтэй л энэ хүнд чинь алуулчихсангүй ах минь
- Юу гэсэн үг вэ? Орноосоо ч босож чадахгүй хүн шүү дээ. Чи хүн андуураагүй биз?
- Та эхлээд эмчтэй уулз. Эмч ар гэрээс нь хүн ирвэл заавал уулзуул гэсэн. Тэгээд ч Батсуурь гуай таныг өрөөндөө оруулахгүй байх гэлээ
Тортой юмаа санжигнуулсаар эмчлэгч эмчийн өрөөнд орлоо.
- Манай хүн яасан юм бол?
- Яах юу байхав дээ. Хашгирч орилоод, гартаа таарсан болгоныг авч шидлээд, нүдэндээ харсан болгоноо харааж ерөөгөөд энэ эмнэлэгээр нэг юм боллоо. Бид ямар сайндаа сэтгэцийн эмнэлэгт ханддаг юм уу гэж бодож байна. Яаж ашгүй дэргэд нь өөр өвчтөн байгаагүй юм, зүгээр гээд бүр нэг залхсан янзтай хэллээ.
- Зүгээр байж байгаад тэглээ гэж үү? Ямар нэгэн юм болоогүй биз?
- Хэн мэдэхэв. Нэг хүүхэн ирээд явсан гэсэн. Тэглээ гээд галзуу юм шиг л аашлаад байхдаа яахав дээ. Энэ чинь эмнэлэг болохоос ямар тэрний аашаа гаргадаг газар уу?
- Одоо тэгээд яаж байна?
- Мэдэхгүй. Хаалга онгойлгохоор л юм шидээд байгаа хүнийг чинь бид яаж мэдэх юм. Одоо цагдаа дуудна.
- Би нэг уулзаад ирье дээ гээд гартал
- Ер нь иймэрхүү янзтай байвал энэ хүнээ аваад гарсан нь дээр шүү. Бид ажлаа ч хийж чадахгүй, өвчтөнүүд ч тайван байж чадахгүй байна гэж араас анхаарууллаа. Суурийн өрөөний хаалгыг тогшвол хариу алга. Зөөлхөн түлхээд шагайтал Суурь хачин ууртай царайтай юм орон дээрээ сууж байна. Намайг харангуутаа харцанд нь гал улалзах мэт болоод хажуудаа байсан аягаа авч шидлээ. Би ч бултах мөртөө ухасхийн очиж, хоёр гарыг нь бугалагаар нь тэврээд авлаа. Хөдөлгөхгүй санаатай. Түүнийг тайвширтал ингэж л байхаас өөр үггүй. Тэгтэл Суурь
- Надаар хэд дахин тоглох гэсэн новшнууд вэ? Яахаараа заавал би гэж? хэмээн хахирган хоолойгоор орилоод эхлэв. Тэр үндсэндээ галзуурчээ.
- Чи чинь гэнэтхэн юу болоод байгаа юм бэ?
- Тавь л даа чи муу. Чи ч гэсэн тэдний нэг. Та нар өөрсдийгөө гэмгүй царайлсан бурхны элч гэж санана уу? Үгүй л байхгүй юу. Та нар намайг тамлаж бах таваа хангахын тулд уван цуван ирсэн сэтгэл зүрхний тамын гийчид. Чи муу миний бөгсийг ухах гээд л энд тэнд шиншилж явдаг бууны нохой шүү дээ. Үгүй гээч. Тийм биш л юм бол чи яахаараа дандаа ийм үед гэнэтхэн гарч ирдэг юм бэ? Хэл л дээ чи. Чадахгүй ш дээ. Чи бол зүгээр л тамын гэрч байхгүй юу. Цаад эрлэгийн элч чинь чам шиг эм зантай юмнуудыг боолчилдог юм. Мэдэв үү чи? Тавиач намайг гэж байдгаараа учир замбараагүй орилж миний тэврэлтийг тавиулахыг оролдов. Тэглээ гээд би тэлчлэх зоргоор нь алдчихсангүй. Нилээн ноцолдсоны эцэст түүний хөдөлгөөн нь удааширч, дуу нь суларч, төдөлгүй мөрөө чичигнүүлж эхлэв. Тэр уйлж байлаа. Тийм том хүдэр эр тийм чимээгүйхэн уйлах нь сонин.
Түүний мөр чичигнэн чичигнэсээр аажмаар хөдөлгөөнгүй болов. Өмссөн цамц нь чийг дааж, эр хүний хөлсний үнэр эм тариатай холилдон үнэртэнэ. Нилээн удлаа. Тэр сая нэг юм тайвширч байгаа бололтой
- Бид ингээд л зууралдаад байх уу? Наад гар шиг юмаа тавь л даа
- Галзуурсан хүнийг өөр яах ёстой юм?
- Одоо зүгээрээ, жаахан бачуурчихаж. Алив больцгооё гэлээ. Би итгэл муутайхан барьцаа сулруулав. Тэр хөдөлсөнгүй. Харин нэг их санаа алдаад
- Би бүр итгэчихэж. Өдий наслахдаа хэрийн юманд итгээгүйсэн. Гэтэл энэ охинд үнэнээсээ итгэчихэж. Новш шүү гээд толгой сэгсэрснээ
- Мөн ч болоогүй байна даа гэх нь дотроо их л шатаж байгаа бололтой. Түүний нүүрэнд муухан инээмсэглэл тодровч харж буй бүхнээ үзэн ядаж байгаа нь ил байв. Түүнийг юу болоод байгаа тухайгаа ярих болов уу гэтэл таг дуугай болчихов. Нилээн хүлээсний эцэст авч ирсэн цай хоолоо үлдээгээд
- Чи тэгээд надад юу ч ярихгүй юм биз дээ? гэвэл таг.
- Одоо чамайг элдвийн ааш гаргаад байхгүй гэж ойлгож болох уу? Энэ эмч сувилагч нар чамаас айгаад байна гэвэл цонх руу гөлөрсөн чигтээ толгой дохив.
- За за, би маргааш ирье. Эмч нарт одоо айлтгүй гэж хэллээ шүү гэвэл мөн л чимээгүй. Надад гарахаас өөр зам үлдсэнгүй. Тэндээс гарч эмчийн өрөөнд ороод
- Одоо зүгээрээ, би сая уулзчихлаа.
- Үнэн юм уу?
- Юу ч гэсэн та орох уу? Би үүдэнд нь зогсож байя гэвэл эмч түрүүлэн явах зуураа
- Туршилт хийж байгаа юм шиг болох нь шив дээ. Ер нь ингэхэд ямар хүүхэд биш дээ, та нар одоо гэсээр явлаа.
Суурийн өрөөнд эмч орж, би үүдэнд нь үлдэв. Элдвийн чимээ сонсогдсонгүй. Би гадаа нь чагнаад байлаа.
- Уучлаарай, ах нь жаахан багтраад . . . гэхэд
- Ойр ойрхон ингэж багтраад байвал хэцүү л юм байна гэж эмч хэлэх сонсогдлоо.
Гэрээдээ гэлдрэх зуураа би Суурийн тухай л бодож явав.
“Нэг хүүхэн ирсний дараа ингэсэн гэхээр Хэрлэн ирсэн байж таарах нь. Бодвол тэр бид цаашдаа хамт байж чадахгүй л гэсэн байх. Хэрлэнгийн буруу ч биш. Тийм залуухан охин насаараа тахир дутуу хүний тэргэнцэр түрнэ гэж бодохгүй л байх. Тэгээд бас ийм насны зөрүүтэй шүү. Тэгээд л больё гэсэн байх. Харин Суурийн ингэж их уурлаж, уцаарлахын учрыг ойлгохгүй юм. Иймэрхүү хандлага түүнийг эрүүл байсан ч ирж болох л байсан ш дээ. Гэтэл ингэж сүйд болдог нь сонин юм. Эртээрхэн л Хэрлэнг ирэхгүй байсан нь дээр гээд байсан биш билүү” гэж бодож явснаа гудамжны сандал харагдахаар тамхиа асаагаад сууж авлаа. Түүний тухай бодох гэж л тэр байх.
“Өдий насандаа залуухан охинд дурласан гээд байгаа. Ийм дурлал үзээгүй болохоор ямар байдгийг нь мэдэхгүй юм даа. Үгүй тэгээд бас ч гэж хэцүү л байдаг байхаа даа. Дурлал бол дурлал шүү дээ. Дурлал гэдэг нэгэн бодлын хамгийн богинохон хугацаанд үүсдэг асар гүн итгэл үнэмшил шиг санагддаг. Бараг тийм ч байх. Тэр нь нураад унахаар ингэсэн байх л даа. Сэтгэлээр их унах шалтгаан түүнд хангалттай их байна. Уг нь омголон адуу шиг л явсан хүн шүү дээ” гэсэн бодол миний тархинд Суурийг өмөөрөн эргэлдэж байв.

* * *
Тэр орой би Сэлэнгээд болоод өнгөрсөн бүгдийг ярив.
- Өө хө бүр нялхарчихдаг юм байна. Дурлал гэдэг чинь тийм айхтар юм байдаг билүү гэж Сэлэнгээ тоомжир муутайхан ёжилж байна.
- Тэрнийг одоо үгээр идээд яахав дээ. Нэгэнт л бүх зүйл болоод өнгөрч байна.
- За засс. Би нэг их бах таваа хангаад байгаа юм алга. Жаахан охинд сэвүүлчихээд юун сүртэй юм. Очиж, очиж эмнэлэг дээр тэгж галзуураад байхдаа яадаг юм.
- Чи юунд нь бухимдаад байгаа юм? Ямар энд ирээд хэдэн аягыг чинь хага шидчихсэн биш
- Чи нэг их өмөөрөөд сүйд болоод байх юу байсын гээд учиргүй шилбэлзэж байна. Энэ ч Сэлэнгээгийн хувьд цагаа олоогүй, утгаа ч олоогүй ааш байв. Гэхдээ түүнд ингэж хэлснээс чимээгүйхэн орондоо орсон нь дээр гэдгийг би мэдэлгүй яахав. Хүүхнүүд гэж заримдаа хэрэггүй юманд ааш нь гозолзсон улс байдаг хойно одоо яахав гэж бодсоор орондоо орлоо.
Шөнө дунд утас хангинах шиг болов. Нойрноосоо сэрж ядан байтал Сэлэнгээ намайг нударч
- Утсаа аваач ээ гэж уцаарлах дуунаар хагас дутуу сэрмэглэн тэмтэрсээр утсаа авбал
- Галаа, чи боломжтой бол хүрээд ирээч гэж Суурь хэлж байна
- Энэ шөнө дөлөөр үү? гэж намайг нойрмоглоход
- Надад тусламж хэрэгтэй байна Галаа гээд миний үгийг сонсолгүй утсаа тасаллаа. Би яаравчлан хувцаслав.
- Яасан бэ? гэж Сэлэнгээ бувтнав.
- Чи хэвтэж бай. Гайгүй байх гээд гарлаа. “Бие нь тэгтлээ муудмааргүй юмаа. Уг нь гарах тухай яригдаж байсан юмсан” гэж бодсоор Суурийн тасагт яваад ортол Суурь орон дээрээ хагас өндийчихсөн сууж байлаа.
- Яасан бэ? Бие чинь гайгүй юу? гэхэд
- Бие ч гайгүй ээ. Харин болохгүй юмнууд болоод байна. За байз юу гэж тайлбарламаар юм бэ дээ гээд хэсэг бодолхийллээ. Тэгж их сандарч ирснээ бодохоор ийм тайван байгаад нь гайхах ч шиг. Тэр ямар нэгэн том шийдвэрт хүрэх гэж байгаа нь мэдрэгдээд байв.
- Энэ бүгдийг сонсоод чамайг ямар байдалтай болохыг мэдэж байна л даа. Гэхдээ чамайг тэвчээртэй сонсоорой гэж хүсэх байна. Одоо надад харамсах юм алга. Хүн харамслаа барна гэж байдаг л юм байна гээд Суурь шүлсээ гүдхийтэл залгих нь яг л хамаг хүчээ шавхаж байгаа хүн шиг санагдав. Түүний харцанд уйтгар гунигийн манан урд нь хэзээ ч байгаагүйгээр нүүгэлтэж байв. Энэ яавч эгэл жирийн биш гэдэг нь тодорхой байсан тул түүний юу ярихыг хүлээхээр шийдлээ.
- Би тэр уулыг шатаачихсан юм ш дээ гэж тэр шуудхан хэллээ. Би чихэндээ итгэсэнгүй.
- Юу . . .? гэтэл тэр хуруугаа гозойлгон намайг чимээгүй байхы г дохиод
- Энэ бүр хоёр жилийн өмнөөс бодлоготойгоор эхэлсэн ажил. “Их тулгат”-ын эзэн тэр үед УИХ-д сонгогдоогүй байсан үе. Тэдний хайгуулын бригад Эрдэнэ Хайрхан ууланд асар их алтны нөөцтэй байгааг тодорхойлсон хэрэг.
- Тэр ууланд хайгуул хийх ёсгүй биз дээ?
- Ёсгүй юм гэж энэ улс оронд байхгүй болоод удаж байна шүү дээ. Өөрөөр хэлвэл хууль бусаар л хайгуул хийсэн гэсэн үг. Усны ундаргатай, араараа битүү модтой энэ хайрханд яагаад ч олборлолт хийхийг зөвшөөрөхгүй байсан. Тэгээд тэр надтай уулзсан юм.
Үргэлжлэл бий . . .

"ҮР ХАРАМ" туужийн түүврээс

6 comments:

би said...

хммммммм, битгий дуусаасай гэж бодон бодон уншив

Бум said...

Би: хэ хэ Дуусахаас аргагүй

miracle said...

Өө бүр алттай холбоотой бсиймуу? Тэгээл хамаг модыг нь цэвэрлээд, голыг нь ширгээчихсийн бна л даа. Аймар юм. Та энийг арай бодит юмнаас сэдэвлээгүй биз дээ?

Баярлалаа

Бум said...

miracle: Анх нэг мэдээ сонссон. Урт нэртэй хуультай холбоотой. Гэхдээ ингэж галдсан энээ тэрээ биш л дээ. Тэгээд л бодоод хэ хэ

miracle said...

Муухай юмаа. Алтны төлөө уул, усыг устгана гэж бодохоор

Frank said...

Нэгдсэн улсын Салхит хотоос мэнд дамжуулья. Бодсончлон л болж байх..
Алсын аянд явах зуур аль хэдийн хоёр бүлэг нийтлэгдсэн байхуй :)

Энэ ер нь юу л болдог бол. Сонирхол үнэхээр татаж байна төгсгөл нь..