# #

Нурам - 2 (тууж)

- Үгүй ээ, зүгээр л . . . Цэргийн шижигнэсэн залуу надад таалагддаг юм. Тэвхэлзээд л, цаанаа нэг жавхаатай
- Тэгвэл чи аль нь миний найз байгаасай гэж бодож байна?
- Арай намхавтар нь
- Чиний аз болж дээ.
- Хүүе! Сэлэнгээ, тэгвэл чи намайг нөгөө залуутай нь танилцуулаад өгчих тэгэх үү?
- Болж байгаа юм уу? Найз бүсгүйтэй байвал яана
- Яахав дээ. Аз жаргалынхаа төлөө нэг алхам хийгээд үзэхэд болохгүй юм байхгүй шүү дээ. Зүгээр л энд тэндэхийн цонхоор хараад зогссоноос л дээр гэж бүр нүдээ гялалзуулж ирээд л хэлсэн гэсэн. Тэр үеэс хойш Сэлэнгэ тэр хоёр их ойр болсон байгаа юм.
Сэлэнгээд ч гэсэн аятайхан санагдаж. Учир нь хоёр найз залуутай хоёр хүүхэн үерхээд л гэдэг ч юмуу, эсвэл Суурийг нэг хүнтэй үерхүүлчихвэл дөрвүүлээ болж тэгширнэ ч гэж бодсон уу нэг л тийм залуу насны романтик бодолд автсан байх. Залуу байхад аливааг их өнгөлөгөөр хардаг шүү дээ. Тэгээд надад тэр бүсгүйн тухай дээрх бяцхан түүхийг хэлсэн юм. Хацар алгадсан өвлийн жавар жаахан цаашилж, хаврын урь хэзээ язаагүй наалинхайтах дөхчихсөн үеэр Сэлэнгэ бид хоёр тэднийг танилцуулах төлөвлөгөө боловсруулж хамтдаа кино үзэхээр болж билээ.
- Тийм аятайхан охин уу? Айн? гэж Суурь кино театр явах зуураа байн, байн асуухыг бодоход шинэ охинтой танилцах нь түүнд таалагдсан бололтой.
- Чи зүгээр л унана гээд л бодчих. Харин хаашаа харж унахаа өөрөө мэдээрэй. Сэлэнгээ ч бас тэгээд байна лээ.
- Тэр нь ч юу вэ. Би ч бас харсан болгоныхоо өмнө унаад байдаг эр биш шүү
- За тэр томрох яахав. Цаад хоёр чинь хүлээгээд сүйд байгаа. Хурдлая
- Сэлэнгэ тэр хоёр тийм сайн найзууд уу?
- Үгүй яахав дээ, нэг сургуулийн хоёр байхгүй юу даа. Бид хоёрыг Сэлэнгээтэй уулзах гээд очиход харсан гэсэн. Чи тэглээ гээд хамраа сөхчихвөө. Яахав дээ, таалагдвал тэр л биз, таалагдахгүй бол одоо яая гэхэв.
- Бараг л таалагдахгүй байхаа даа. Би ч хэрийн охин тоох биш
- За солиороод бай. Тэгж хандах юм бол Сэлэнгээ уурлана шүү
- Чи ч Сэлэнгэ, Сэлэнгээ гээд бүр ухаан алдчих юмаа. Суугаагүй байж ингэж байгаа юм чинь суухаараа ер нь мөлхөнө шүү гэхээр нь нөгөө л эр эмийн талаарх маргаан эхлэх вий гэж санаад яриаг булзааруулах санаатай
- За, за тэр яахав. Шогших уу? Ирчихсэн хүлээж байгаа байх гэхэд
- Тэгье гэж байна. Бид өглөө болгон кросс хийдэг болохоор хэрийн газар гүйчихдэг байлаа. Театрын булан харагдангуут гүйхээ больж огт гүйгээгүй хүмүүс болох гэж хувцас хунараа янзлаад тэвхэлзтэл алхсаар булан тойрлоо. Театрын үүдэнд Сэлэнгээ нэг бүсгүйтэй зогсож байлаа.
- Тэр, тэр ирчихсэн байна. Харж байна уу?
- Аль, аль?
- Үүдэнд, эрээн пальтотой
- Аан, харсан, харсан гээд нүд нь гялалзаж байна. Хоёул захаа янзалж, малгайгаа тэгшлээд яваад очлоо. Үнэндээ бол би ч тэр бүсгүйг хараагүй байсан юм. Дүрэлзсэн алаг нүдтэй, зэгзгэр тэгшхэн биетэй бордуу охин байв. Өөлөх юм бол хамар нь л жаахан намхан юм даа гэж бодож байсан юмдаг. Сэлэнгээ байж ядсан өнгөөр
- Та хоёр чинь яасан их хүлээлгэдэг юм бэ? Хөлдөх нь байна ш дээ. Би ч яахав. Энэ шинэхэн бүсгүйгээ эгээтэй л өөр эрчүүдэд алдчихсангүй гэхэд Сүрнээ ичингүйрч Сэлэнгээг нударч байсныг би ер мартдаггүй юм. Суурь яагаад ч юм дуугарсангүй. Би Суурийг “яасан бэ” гэсэн харцаар ширвээд
- Цэргийн улс гэдэг чинь тушаалаар шүү дээ гэж өмнөөс нь догирхов.
Сэлэнгэ
- За танилц гэхэд Суурь
- Суурь . . . үнэндээ бол Батсуурь л даа. Хүн болгон Суурь гэдэг юм. Бүр ухаан орохоос минь эхлээд шүү
- Сүрнээ. . . уг нь Лхамсүрэн л дээ . . . гэхэд Суурь түүний үгийг тасалж
- Хүн болгон л Сүрнээ гэдэг Бүр ухаан орохоос чинь эхлээд биз дээ гээд гарыг нь атгасан чигтээ бөөн инээдэм болов. Суурь ч энэ дайны юм хэлээд хөгжөөхөө мэдэлгүй дээ. Тэд хоорондоо анхны харцаараа л таалагдах шиг болсныг Сэлэнгээ бид хоёр хоёулаа мэдэрч бас ч гэж баярлаж байлаа.
- За орох юм уу? Эсвэл эндээ зогсоод байх уу? гэсэн Сэлэнгээгийн дуунаар бид театрт орж билээ. Тэр цагаас хойш тэр хоёр үерхэж, бид дөрвүүлээ болж нэг хэсэг гаравч, оровч гэдэг нь болсон доо. Сэлэнгэ Сүрнээ хоёр ч бие биендээ ойртсон байх. Гэхдээ жил хүрэхгүй хугацааны дараа Сүрнээ бүсгүй гэнэтхэн сургуулиа орхин хаашаа ч юм алга болж, Суурь бид хоёрын дунд ахиж эвлэхээргүй ан цав үүсчихнэ гэж тэрхэн үед хэн хэн маань хэрхэн санах билээ дээ. Бид нэг хэсэг сайхан байсан. Тэр үеийн залуусын адилаар бид ч гэсэн ирээдүйгээ үргэлж гэрэл гэгээтэйгээр зөгнөн мөрөөдөж, сургуулиа төгсөөд хотод үлдэж хотын хүмүүс болон сайхан амьдрах тухай, бүх л амьдралын турш хэзээ ч салахгүйгээр үерхэж нөхөрлөх тухай, хэзээ хойно хэдэн цагаан толгойтой хөгшид болчихоод хөзөр тоглож суух тухай гээд залуу улс юу эсийг хөөрцөглөн мөрөөдөх билээ дээ.
* * *
- Нээрээ чи бид хоёр ч гэсэн тэрнээс хойш асууж сурагладаггүй мөн ч муухай юмаа даа гэж намайг хэлэхэд Сэлэнгэ
- Ангийнхнаас нь асуусан л даа.
- Үгүй ээ үгүй, бүх амьдралдаа . . . өдий хүртэл . . . гээд үгээ таслахад
- Харин тийм ээ . . . За за хөгшөөн, одоо энийг бодож гуниглаад яахав. Харин цаашдаа яах вэ? Одоо очихоор цаадах Суурь чинь ер нь яах бол?
- Манай хүн зуунги нь ч зуунги л даа. Гэхдээ цаг хугацаа бүхнийг элээдэг л гэдэгсэн.
- Би Суурийн зан тэгж гэнэтхэн эргэж, хөөрхий тэр охиныг гомдооно гэж бодож байсангүй. Зурган дээр нь сараачлаа гэж тэгтлээ уурлах хэрэг юу байсан юм бол? Хүүхэдтэй болчихлоо гэж тэгж уурласан хүн Сүрнээд хайртай байгаагүй хэрэг л дээ.
- Тэр зургаа хатгаад суухаараа өөр хүн болчихдог шиг санагддаг байж билээ. Хажуугаас нь харахаар гайхмаар ч юм шиг, аймаар ч юм шиг. Тэр нүдний харц энэ тэр нь нэг л өөр шүү.
- Шизо мизо гэдэг нь байсан юм болов уу?
- Мэдэхгүй л дээ. Ер нь хатуу хүн дээ. Ясны цэргийн л хүн гэж хэлэхэд Сэлэнгээ юм хэлсэнгүй.

* * *
Сургууль төгсөөд би хотод тэр Зүүн аймагт хувиарлагдав. Мэдээж энэ шийдвэрт Суурь дургүй л байсан байж таараа. Учир нь тухайн үеийн залуус ихэнх нь л хотод үлдэхийг мөрөөсдөг байв. Гэтэл би хотод, тэр хөдөө.
Харин сургууль төгсөх үед бид бараг харьцаа тасарсан үе байсан болохоор надад түүний тухай бодох зай байгаагүй. Хотод үлдсэндээ баярлаад хөл газар хүрэхгүй гүйж Сэлэнгээдээ хэлж байсан юмдаг. Суурь бид хоёрын амьдралын харгуй тэр нэг оройноос хойш өөр өөрийн сэтгэл зүрхний голдирлоо даган урсан одсон байлаа. Бид хоёр залуу цагийн омголон зангаасаа болсон уу ямар ч л байсан хэн хэн маань өөрсдийгөө эргэж нэг хараагүй явсаар өдий хүрчихэж.
Бид хоёр дотуур байрны нэг өрөөнд амьдардаг боловч Сэлэнгэ Сүрнээ хоёр нэмэгдсэнээр хоёр бие маань дөрөв болж, өрөөгөө ээлжлэн эзэгнэхээс өөр аргагүй болж байлаа. Бараг л худалч хүнд түрүүлж ирсэн хос нь түлхүү эрхтэй байсан гэж бодно. Сэлэнгээ маань хичээл номондоо шамдан бараг орой болгон шахуу ном шагайн сууж, би түүнийг хүлээсээр оройтно. Суурь Сүрнээ хоёр умгар ганц өрөөндөө аль хэдийн эзэн суучихна. Тэгэн тэгсээр би байрнаас гарч Сэлэнгээтэй тэдний эгчийнд толгой хорогдов. Эгчийнх нь Хайлаастад байх. Биднийг ойлгосон юм болов уу даа гэрийнхээ арын хуучин байшинг суллаж өгснөөр чадруухан оюутан бид гал голомтоо бадраасансан. Амьдрал гэдгийг ямар мэдэх биш дээ. Ёстой зүрх сэтгэлийнхээ дуудлагаар л явцгааж байсан байх л даа. Манай хоёр чухам ямар байсан юм бол? Бодвол бидэнтэй л адил байсан байх. Суурь бид хоёрын төгсөх жил байсан болохоор хэн хэн маань шамдаж л байсан. Би ч өрхийн тэргүүн гэдэгтээ бүрэн итгэчихсэн, цаашдаа яаж амьдрах талаар бодолд дарагддаг болчихсон байлаа.
Харин Суурь маань хөндлөнгөөс харахад зугаа цэнгэлд хөглөгдөн явах шиг санагддагсан. Тиймээ, Сүрнээ тэр хоёр жаргалтай байсан гэж одоо бодогддог. Удалгүй Сэлэнгэ маань төрж, мантгар цагаан хүү гаргаж өглөө. Би гэж хөл газар хүрэхгүй амьтан Суурь дээр гүйж ирэв. Сүрнээ алга. Суурь зургаа хатгаад сууж байна. Намайг ирсэнд нэг их ч сүйд болсонгүй. Угаасаа зургаа зурж байхдаа тэгдгийг нь би мэднэ. Гэхдээ л ирсэн шалтгаанаа хэлтэл надад баяр хүргэж, эрчүүд болсон хойно яахав дээ ганц шил юм авч өрөөндөө суулаа.
- За хөгшин нь ч яахав сайхан хүүтэй боллоо. Та хоёр минь хэзээ . . . гэтэл тэр тамхи сорох зуураа гараа савчин миний үгийг тасалж
- Тэр талаар одоо санахын ч хэрэггүй. Цаадах чинь бас хүүхэд энээ тэрээ гээд яриад л байна лээ. Одоохондоо тийм юм саналтгүй гэж би хэлсэн
- Яаж байгаа юм? Эмэгтэй хүн чинь хүсэж л байгаа шүү дээ.
- Хн! Амьдрал гээчийг мэдэхгүй, юу юу ч үгүй байж бас юун хүүхэд. Ёстой санадаггүй юмны нэг тэр байхаа гэснээ гэнэт намайг анзаарав уу гэлтэй
- Тэгэхдээ хөгшөөн, та хоёрыг хэлж байгаа юм биш шүү гээд нэг сонин инээлээ. Надад нэг л сонин шоолоод байгаа юм шиг санагдаад болсонгүй. Шилтэй архи ч доошлоод ирлээ. Залуу хүнд гомдох шаралхах зүйл тэгэсгээд л олддог хойно дотор нэг юм сэрвэлзээд байх нь тэр. Тэгтэл Суурь
- Муусайн хүүхнүүдийг дураар нь тавьж болохгүй. Тэд амьдралын нарийн ширийнийг шийдэж байх шаардлагагүй. Тэр тусмаа надад хамааралтай бол бүр хэрэггүй. Би Сүрнээд хэлдэг юм. Аливааг өөрийнхөөрөө шийдэх гэж битгий оролдоорой гэж
- Тэгэхээр тэр хүн чинь ямар ч эрхгүй гэсэн үг үү?
- Тийм их эрх хэрэгтэй юм уу?
- Уг нь бид чинь тэгш эрхтэй биз дээ? гэтэл тэрээр нэг их муухай ярвайж
- Одоо чи тэгээд тэгш эрхтэйгээр шийдсэн үү?
- Юуг?
- Энэ төрсөн хүүхдээ. Нэг л өдөр чамд Сэлэнгээ жирэмсэн болсноо хэлээ биз дээ?
- Тэгсэн. Тэгээд ч сайхан л байсан юм чинь. Чи тэр агшин мэдрэх юм бол . . .
- Мэдрээгүй болохоор мэдэхгүй гэж байгаа юм биз дээ. Юун ч романтик юм билээ дээ
- Тэгээд чи юу гэх гээд байгаа юм? гэж нилээн ууртай асуулаа. Угаасаа түрүүнээс хойш цээжин дотор нэг юм эрвэлзээд байсан юм чинь. Тэр над руу “Өө тэнэгээ” гэсэн янзтай басамжлангуй харснаа
- Үгүй яахав дээ. Миний найз өөрөө л ойлгох болж дээ. Мөдхөн харна даа. Амьдрал гэдэг хичнээн тансаг сайхан болохыг гэж их донжтой доромж өнгөөр хэлэхэд миний уур тэсэрч түүний шанаанд өөрийн эрхгүй буулгаад авлаа. Мэдээж хариу ирнэ гэдэг бодолтой байсан би зодолдоход бэлэн байв. Тэгтэл тэр шанаагаа нэг арчаад
- Хүүтэй болсон хүн чинь ингэлгүй яахав. Гэхдээ чи миний хэлснийг санах өдөр ирж л таараа. Би чиний хүүг биш, чиний бодлыг эсэргүүцэж байгаа юм шүү. За одоо баяртай. Би зураг зурж байна гээд хатгаж буй зурагныхаа урд очиж намайг орж ирэхэд байсан байрлалдаа суулаа. Надад хэлэх үг ч олдсонгүй. Урдах шилэн аягатайгаа авч уугаад аягаа хэрэндээ ширүүхэн тавиад үүдэнд очиж гарахаасаа өмнө эргэж харвал тэр цаашаа харсан чигтээ гараа өргөж дохив. Надад гарахаас өөр арга үлдсэнгүй. Тиймээ, тэр эмэгтэй хүнийг өөрөөсөө дээгүүр тавихыг хэзээ ч бодож байгаагүй байх.

* * *
Төгсөлтийн шалгалт гээд сургуулиасаа нилээн оройтоод гэр лүүгээ яарсан амьтан гүйж яваад Сүрнээтэй гудамжинд таарав. Царай нь нэг л унж дорой харагдана.
- Сайн уу? Ямар сонин хүн явж байх юм? Манайхаар ороо юу?
- Орлоо, орлоо. Танай хүү овоо болчихжээ. Хөөрхөн юмаа гэж байна. Түүний харц тийм гунигтай байхыг би урд харж байсангүй. Гэхдээ яасан, юу болсон гээд асууж бас чадахгүй эргэцэж зогстол
- За за танай хоёр гэж чамайг л хүлээсэн улс байна. Хурдхан шиг оч гээд Сүрнээ үгийн зөрөөгүй явж одлоо. Миний баяртай гэж хэлэхийг ч тэр сонссонгүй. Гайхахаас өөр юм надад үлдсэнгүй.
Гэртээ иртэл Сэлэнгээ нүд нь эргэлдээд ууртай харагдана.
- Зэвүүн амьтан байна шүү дээ, танай тэр Суурь. Гөлийсөн юм гээд л хачин
- Яасан? Юу болоод гэнэтхэн хүн муулаад унав?
- Яах юу байдаг юм. Хүүхэд жирэмсэн болгочихоод бас зодоод байхдаа яадаг юм.
- Юу? Зодохоо . . .? Тийм байхаа, Сүрнээ сая надтай буудал дээр таарлаа. Царай нь нэг л урвагар харагдсан юмаа.
- Тэгэлгүй яадаг юм. Жирэмсэн болчихоод хэлэх аргаа олохгүй амьхандаа баярлуулах санаатай зураг зураад өгсөн чинь базаж шидээд, чи шийддэг юм биш энээ тэрээ гээд юу ч гэсэн юм бэ дээ бүү мэд. Хөөрхий амьтан сая ирж жаал уйл аваад явлаа. Үгүй ерөө, тэр муу одоо юу вэ? Үхэн алдаад л жил тойрон гүйж явсан юм байж цагаа тулахаар эрчүүд ийм л байхгүй юу. Хүүхдээр тэгж тоглоод байхдаа яадаг юм гээд л урсгаж өглөө. Намайг хувцсаа солих гэхэд
- Чи наад хувцсаа тайлж яах гээв? Очиж тэр найз шүү юмандаа хэлээч. Айлын охин хүүхэд жирэмсэн болгочихоод хаях гээд байгаа юм уу хаашаа юм? гэхээр нь би гэдэг амьтан ум хумгүй гарч, байрандаа эрчээрээ хүрч очвол Суурь хамаг юмаа ундуй сундуй болгочихсон сууна. Намайг яваад ороход тун таагүй харцаар харж
- Яасан Сэлэнгээ чинь явуулав уу? Намайг очоод балбаад өг гээ биз?
- Чи юу яриад байгаа юм бэ?
- Чамайг мэдэхгүй хэн байсан юм. Чи болсон хойно Сэлэнгээгийнхээ амнаас гарах биш. Бараг үх гэсэн ч үхэх юм байгаа байлгүй.
- Чинийхээр бол тэгээд яах ёстой юм? Сэлэнгээтэй хэрэлдээд л, уйлуулж орилуулаад гаргах ёстой юу?
Үргэлжлэл бий...

4 comments:

би said...

Дотор давчидчихлаа, бушуухан унших юмсан.

Frank said...

Таны энэ зогсолтууд яг л онож хатгасан сум шиг л байх юм. Торгон мэдрэмж л гэж хэлэхээс өөр үг санаанд үл буух..

Бум said...

Frank: Зогсолт яахав дээ 4:4-н нүүрээр явахаар ингэж таараад бна.
Би: Болж өгвөл ойрхон 1 хоног өнжөөд тавина аа. Хөдөө гадаа явчихгүй л бол хэ хэ

bilgeedb said...

удаан хүлээж тэсэхээргүй л байна даа
Ах минь:D