# #

Ижилгүй заяа.


(зураглал)
Өглөө үүр хаяарахаас өмнөхөн боссон хархүү хөхүүртэй хүйтэн айргийг бүлүүрээр хэд бүлж тосыг нь хөдөлгөнгөө хул аягаар гурав хөнтрөн, чимчигнэсэн уруулаа эрхийгээрээ дарж арчаад, гарч уяатай хоносон гялалзсан сортой хар голтой улаан хээр морио эмээллэж, цантай уургаа нударгаараа шудраад, морь нь эргэцэх агшинд уургаа тулаад мордох нь харсан хүнд даана ч нэг жавхаатай. Уяандаа жихүүцэж хоносон хээр морь эзнийхээ хантайралтанд сагалдраганыхаа мөнгөн чимгийг хазаарын товгор товруунд харшуулан, амгайгаа харжигнуулан ангалзаж, цээж өргөн хүзүү гэдийж, толгойгоо хоёр тийш нь хаялан солбилзож, хөлөө өндөрхөн хаялан ергөх шогшихын хооронд дэгэлзэх нь үнэхээр хөнгөн хөлтэй, яалт ч үгүй залуу хүний унаа гэмээр. Залуугийн суганд хавчуулаатай суналзсан хэдэн алдын урт уурга морины явдалд нахилзан үзүүр ёзоор нь газар шүргэн алдана. Зээрийн хүзүүний ширийг идээлэн элдэн хийж, гурамсалж сүлжсэн суран хуйв уурагны даялзах тоолонгоор модоо ороолгон дуугаргана. Адуугаа өвсний сор, сөл хөөж зайдуу хоноглдогийг мэдэх залуу явдлаа жаахан ширүүсгэн мориныхоо амыг султгахад түрүүнээс хойш хий дэвхцэн хэнхдэг сугаараа хөлс чийхруулан явсан хээр морь нь газар эвхэн сунаж, хурц туурайнд нь нойтон чийгтэй газрын хөрс туурайн хэлбэрээр онхилогдон тэртээ хойно үсэрч, тал дээр тал саран хээ дурайн үлдэнэ. Эр бор харцагыг исгэрэн дөрөөн дээрээ дэрийтэл босож наран сөргөө давхихад нарны туяа хойд бүүргэнд нь туяарч, залуугийн хөөргөн бүсэлсэн дээлийн богинохон хормой чадлаараа дарцаглаж, бүрх малгай шилэн дээр нь сагалдрагандаа торон давхих нь ёстой л нэг морин дээр ургаж төрөө юү гэмээр.
Хээр морин ижлээ танин үүрсэхэд хар дэлтэй хул азрага хамраа дуугарган нойтон туурайгаараа газар цавчилан адуугаа тойрлох нь нэн сүртэй. Ташаа өндөр, бүрээ хамарласан сортолзсон хэдэн морьд захдуу хоноод өнгөлөг.
Унага дааганы дэл хэрээрээ ургасан хэдий ч босоогоороо, хонины хоргол ч холбирхооргүйгээр зоолж, хондлойных нь хонхорт шиврээ борооны ус тогтмоор байгаа нь таргыг ч нэг зунзайлгажээ. Адуугаа гурылан хураахад сүүл толгойгоо өргөн унгалдан ухасхийх нь бие чилж, хөл хөссөний шинж.
Залуу адуугаа хусан гадсандаа чивчрэх зэлнээ хураахуй ногтондоо зүгширсэн унага зэлэндээ бараг өөрсдөө очоод чагтлуулах нь зуны хэдэн сардаа ханьсаж ижилстлээ уюулсных.
Зах хязгааргүй мэт үргэлжлэх цэлийсэн өргөн тал, гүвээ толгод, үгүй ер нь дэлхий ээж тэр аяараа л налгартан шарласан нь сайтар загссан намрын өрөм гэлтэй.
Намар оройн уруул чимчигнэсэн хүйтэн айрган дээгүүр хөвөх хөх тос мэт ганц нэг дов довцог, тарвага зурамны дош ногооноороо бусад газраараа шарласан тул нилээн гүн ногоон харагдана. Хөмсөглөн хүрээлэх мөөгөн хүрээ хөхөмдөглөн хөхөртөж үлдсэн ажээ.
Шөнөдөө хүйтэн хонож, үүрээр цан хяруу унаж, өглөөдөө сэрүүн байгаа тул наран ургаж элч нь ээнэгшихийн алдад хүн малгүй л тааламжтай байх ажээ. Намаржаандаа налайх хот айлаас аргалын цэнхэрхэн утаа салхины аясаар аядуухан суунаглаж хөндийгөөр нэг цэнхэрлэн туурцаглан туялзах нь хайхрамжгүйхэн татсан уран бийрийн татлага аятай. Урд хярын хэдэн тарвага арьсандаа багтаж ядан амандаа өвс зуухаас ч залхууран нүхнийхээ аман дээр “эднийхэн бужигнаад явчихлаа өнөөдөр ч үзэх юмтай боллоо доо” гэсэн янзтай хярцгаана. Ганц нэг мөндөл саваагүйрхэн сортолзон хошгирох нь “тоглох амьтан байна уу” гэсэн аятай.
Цаг хугацаа зогссон мэт амар амгалан ийм оронд анир үргээж сүүлчийн шувууд ганганалдан гуниг үлдээн сандрангуй буцах нь уйтай.
Тун удалгүй хол ойроос морьтон цуглаж, цал буурал өвгөн хуураа барин тэргүүлж, цагаан цартай идээгээн барьсан эзэгтэй дагалдаж, хувин сугавчилсан хүүхнүүд дараалж, хүүхэд багачууд хөлөөр хөгжилдөн гүйлдсээр гүүн зэлнээ ирвээс.
Уургач залуус ураа гайхуулж, урдуураа гарах эмнэг хангалын араас ухасхийхэд уургач морьд зогсоогоосоо хөдлөсөн ч сүүл даган нэхэж, толгойг биш хошууг харж, урагш сунан уурга даялан шидэх агшинд морины хондлойд хоёр дөрөө ханхийн харшидах нь сонсогдоно. Хуйв даялан эргэж хангалын толгойд оров уу үгүй юү уургач аргамаг зогтусан найман ганзага цацруулан, дөрвөн туурай шийрлэн, чийгт хөрсийг сийлэн, борви сүүл нь газарт хүрэн алдан, ташуу шаасан гадас адил суух нь энэ адгуус зөвхөн энэ эрдэмд хэрхэн сурсанаа гайхуулах мэт. “Одоо ч залгаа л мэдэж дээ” хэмээн залуу урд бүүргэн дээгүүрээ даван нэг тонгойгоод эмээлийнхээ араар сууж байдгаараа гэдийн татах агшинд бүрх малгай бүчиндээ санжин унжина. Энэ бүгдийг харахад ёстой л нэг харах нүдний урам, халуун насны ааг, ховорхон заяатны удам, хосгүй нэгэн эрдэм болой.
Суран хуйв хангал адууны чамархайнд нь чивчирэн чангарахад залуус ухасхийн очиж чихдэн дарж сэв хийтэл мордон хоёр суганд нь хөлөө жийн мундааных нь согсооноос атган гэдийхэд хуйваа султган авахуй уурандаа багтрах адгуус, учраа мэдэх залуу хоёр хорвоогийн үйлийг хоёр биендээ ойлгуулах нь энэ дэлхийн хаана ч үгүй эгэлгүй нэгэн гайхамшиг.
Нэгэнт ялаа шумуулын цаг өнгөрсөн тул хөнгөн гартай нэгнээр шижигнэсэн хэдэн үрээг хөнгөлж, хөрстөд ховорхон хурдан ажнай болоорой хэмээн ерөөж,
Түй түй түрр түрр хэмээн шившиглэн үлээж босгоно.
Гэрийн эзэн тамгаа улайтгаж, гэргий бүсгүй сацлаа өргөж, ууган унагаа ивэлгэж эцсийн удаа татаад, уучлалт гуйх мэт духыг нь нэгэнтээ илэн чихтэх агшинд зүүн гуя нь янгинан хорсгож, хярвас ханхалуулан нутаг олондоо данслагдан нум суман тамга тодровоо…Тунгалаг хархан нүднээс нь шүүдрийн дусал шиг нулимс бөмбөрөн сормуусанд нь торох нь энэ хорвоогийн эхний зовлонг амсав гэлтэй.
Баруун онийг тэгнэн хэвтэх намар оройн навсгар шар нар уруудан адуун сүрэг алгуурхан цуврана. Эхээ даган гэлдрэх унага ногтны оромтой толгойгоо эхийнхээ борвинд шөргөөж, гуя нь хорссондоо сүүлээ шаравчин, эргэн эргэн янцгаалдах нь ижилдэж дассан зэл юугаа үгүйлэх мэт.
Залуу хархүү гүүн зэлээ алдлан алдлан эвхэж, хусан гадсанд нь айраг дусааж, ирэх жилийн төл бүрэн бүтэн байх өлзий дүүрэн ерөөл айлтгана.
Удам дамжсан хуураа өвгөн татаж, найрын дугараа эхлэхэд уртын сайхан дуугаа даган, ганхан ганхан түрцгээлээ. Унааны хэдэн морьд адуугаа даган байж ядан уяандаа эргэцэн янцгаана. Өвлийг өнөтэй, хаврыг ханатай давахыг бэлэгдэж энэ жилийн отгон наадаанаа их ажлын хажуугаар амжиж, амжуулж хийж байгаа нь энэ.
Сарны мөнгөн туяа мөөгөн цагаан гэрүүдийг сувд адил цайруулан цацарч, саахалтын тэртээ газарт адуу тургилж хононоо…

16 comments:

БЭ said...

ямар ч гоё гоё үгээр зүйрлүүлдэг юмбдээ, ингэж нэг монгол хэлээн эзэмших юмсан, донжий нь олоол нүдэнд харагдтал бичих юм, энэ бол бидний эх орон.

бж said...

гайхалтай! Бумаа маань номоо хэзээ хэвлүүлэх гэж байгаа вэ? Олон хүний ширээний ном болох байх даа. сэтгэлд ургаж нүдэнд харагдтал уран үгээр дүрслэх юмaa.
Хэдэн жилийн өмнө хөдөө эмээгийндээ унага тамгалахыг нүдээрээ харж билээ. Өрөвдмөөр юм байна лээ. Нүднээс нь том том нулимс бөмбөрөөд л. Ямар их өвдсөн бол гэж бодохоос хамаг бие шархирах шиг болсон.

byambaa said...

Bumaa ahiin blog mongol unertdeg bolson bnaa.
iim saihan zuil oird unshaagui, saihan bnaa.

duu ni bas ug ni mgl unertsen blog bailgah geed chadahgui, oird jaahan sonin sonin zuil bichchihsen. sorry.

tegj bgaad saijan mgl unertsen zuil bichnee.

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

тэлмэн: Тиймээ бидний эх орон хамгийн хамгийн...
ганаа_бж: Хамгийн өрөвдөлтэй үеийг нь чи хэлчихлээ. Би оруулах гэсэн боловч зохиомж маань гуниг агуулчих гээд болоогүй
Бямбаа: Өдөр ирэх тусам нутгаа санаад байгаа
өөрийнхөө нутагт амьдарч чадахгүй байгаа заяандаа багахан гуниад л суудаг даа ах нь. Би чиний блогоор өдөр бур орж байгаа. бичлэгүүдийг чинь уншаад Одоо залуучууд та нар арай өөр шүүмжлэлтэй хандах нь зөвөө гэж бодож байгаа.

бж said...

Yoh, chi namaig yamar ih ailgavaa?? Bur itgeed hachin yum bollooshd. Ingej baigaad klapan haagdval yana???

peakfinder said...

Та нээрээ нүдэнд харагдатал бичих юмаа. Гэрээ саначихлаа байна. Монгол хүн сонин шүү, хаана ч явсан нутгаа санаж гансардаг. Би ч гэсэн нас ахих тусам улам их гансардаг болоод байгаа, мөд очихгүйгээ мэддэг болохоор бүр улам их санадаг юмаа. Нээрээ нэг сайхан айраг уух юмсан (хн гэж санаа алдав). Намрын айраг бол ч бүр янзтай шүү.

Uunee said...

Үнэхээр л нүдэнд харагдаж чихэнд сонсогдтол сайхан бичсэн байна. Монгол орны үзэсгэлэн, Монгол морины чадал, Монгол хүүгийн ид хав гэж ийм л байдаг юм даа гэмээр гайхалтай дүрсэлжээ.

Zoljargal Gantumur said...

good good ta ch sain yumaa

Zoljargal Gantumur said...

huue yaaj google account aa sign in hiih ve comment bichej l sign hiihiin humuusiin bolog engej buzralmaargui b.hiin?

ZAYA said...

Нээрээ тамганы баяр дөхөж байгаам байна ш дээ. Хөдөө явах юмсан гэж өөрийн эрхгүй бодогдлоо.

бж said...

saya demii tenej yavaad Dayar mongol deer bichsen eejiin tuhai bichlegiig chini unshaad... eejiigee bur sanachihlaa baina.

eebee said...

oe yseg chin' haragdahgyi yum chi arialiig songovol haragdah baih minii blog deer ene computerees oe,v yseg hoer haragdaj baina. Bi arial-iig songoson, blogiin fondoos

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

ганаа:эмчилгээ гэж...
пийкфиндэр:айргийн амт нь чимчигнэсэн алтан намрын өнгө юмаа
үүнээ:дэлхийд ганцхан заяа энэ шүү
золоо: баярлалаа
заяа: би ч бас явмаар л байна
ганаа: тийм нилээн эртний бичлэг байх
ээбээ: нэт-рүү орохдоо mozilla firefox-ийг ашиглавал зүгээр шиг санагддаг

Unknown said...

yostoi nudend haragdtal saihan bichjee. tanii blogiig ih unshdag bolson. goy shuu!! bas ih bayarladag shuu!!

урагш сунан уурга даялан шидэх агшинд морины хондлойд хоёр дөрөө ханхийн харшидах нь сонсогдоно.
ene oguulberiig l sain oilgoj uguhgui baigaan nutag nutag uur baidag baih l daa gehdee ihevchlen uurga heregledeg nutagt duruu holboos baidag gej oiglodiin ta ali nutag bilee?

rusty_nail said...

bi tanii bichleguudiig urdaas ni hoish ni huuguul unshaad bgaa. odoo end yavj bn. Alsad zorchson Jiijee uneheer taalagdsan. Bargiin yumand ineegeed bdaggui hun chini hajuudah joloochoo tsochtol tsochtol ineeseer unshij duusgasan. ineed beleglehiin hajuugaar bas yum boduulj senhruulsen ih goyo uguulleg boljee.
harin ene Ijilgui zaya bol zugeer l kino bolj. unshaal dur zurag ni shuud nudend haragdaj bn lee. tiimdee ch zuraglal gesiim boluu. hediigeer huduu turj usuugui, morinii tolgoid uurga hayaj uzeegui hedii ch iim l ijilgui zayand, mongol hun bolj tursunduu ih l omogshiv.

rusty_nail said...

bi tanii bichleguudiig urdaas ni hoish ni huuguul unshaad bgaa. odoo end yavj bn. Alsad zorchson Jiijee uneheer taalagdsan. Bargiin yumand ineegeed bdaggui hun chini hajuudah joloochoo tsochtol tsochtol ineeseer unshij duusgasan. ineed beleglehiin hajuugaar bas yum boduulj senhruulsen ih goyo uguulleg boljee.
harin ene Ijilgui zaya bol zugeer l kino bolj. unshaal dur zurag ni shuud nudend haragdaj bn lee. tiimdee ch zuraglal gesiim boluu. hediigeer huduu turj usuugui, morinii tolgoid uurga hayaj uzeegui hedii ch iim l ijilgui zayand, mongol hun bolj tursunduu ih l omogshiv.