# #

Цаг Цог хоёр

Үүрээ сандаачуулан арзагналдах шоргоолж мэт явган хүмүүс зөрөлдөн сүлжилдэх өргөн гудамжнаа Цогоо таксинаас бууж тэдний дунд орж, яарахгүйгээр үл барам хамаг биеэ сул хаян зарим нэгийг мөргөн, шүргэн гэлдрэнэ.Үзвээс царай зүс нь ноомойн унжиж, галгүй хоёр нүдээр газар шагайж, хоёр гар нь сул унжин өөрийн биенээс тусдаа мэт хаа нэг савчин, бодолд дарагдан сэтгэлээр унасан нь илт.
“Үгүй! Шүрээ өөр хүнтэй явалдаж байна гэж үү, даана ч дээ. Хүн ажлаа хийгээд, цалингаараа ажил амьдралаа залгуулаад явж байхад араар маань өөр хүнтэй зугаалаад л явж байдаг байх нь.
Ингэхэд би ер нь яасийн? Яалаа гэж…” гэхчилэн өөрөөсөө асууж, уурлаж бухимдах эсвэл гомдож тунирхсан нь аль нь үл ялгагдан цээж хөндүүрлэн алхална. Гэтэл гэнэт
- Хүүе ! Байр хам гэх зэвүүн дуу сонсогдоход харвал байрных нь нэг хэцүүхэн гар “ашгүй нэг шаналгах хүн таарлаа” гэсэн шиг арзайтал инээж зогсох ажээ.
Урд нь юм л бол ганц юмны мөнгө, эсвэл гуя, бүр байчихаад таван зуу, гурван зуу гэхчилэн шаналгах энэ хэдэн юмнаас тойрч бултан явдаг байсан бол сая бодолдоо алмайраад анзаарсангүй.
- За бараг уудаггүй хүн чинь яасан? Шартсан шинжтэй харагдах чинь гээд л юунаас яаж эхлэхээ андахгүй тэр гар царайны баргар байгааг анзаарснаар яриа эхлэв. Цогоо сул гараа өмднийхөө халаасанд хийтэл сая таксинаас хариулсан хоёр мянган төгрөг гарт нь тэмтрэгдэв. Тэгтэл гэнэт “энэнтэй нэг юм хуваагаад уучихъя” гэх сэтгэгдэл төрчихөв. Өөрөө ч гайхахшиг. Тэгсэнээ мэдсээр байж
- Чи завтай юу? Хэрвээ завтай бол ганц юм ноолчихуу? гэж сүрхий царайлав. Өнөөх ч яахав уухайн тас гуниг хуваалцаж байгаа аятай байвч баярласан сэтгэлээ нууж ядна.
Байрныхаа орцонд цувралдан орж Цогоо халааснаасаа өнөөхийгөө гаргатал нөхөр архийг нь харангуутаа огиж байгаа харагдлаа. Цогоо шилний хөнгөн цагаан бөглөөг чимхэн урж онгойлгоод нөхөрт өгөхөд огин огин салгансан гараар авсан нөхөр
- Би хүн рүү харж ууж чаддагүй юмаа гээд цааш харан шилээр нь тонгойлгон залгилав. Араас нь харахад түүний хамаг бие нь салганаж, дагзан дээрхи малгай нь чичирч байх ажээ. Тэгээд өрөөсөн гараараа амаа таглан шилтэйгээ Цогоод өгөхөд хамаг нус нулимс нь цувран хүн харахын тамтаг алга. Ингэн ингэн уух гэж байдгаа гэж бодсон Цогоо амруугаа шилтэйг гудартал буруу хоолой нь таарсануу эсвэл угаас чаддагүй дээ тэрүү хоолой зураад хахаж цацан байж хоёр балгаад буцаав. Тэгээд
- Манай гэрийн хүн сая гудамжинд нэг залуутай зугаалаад сүйд бүр уур хүрчихлээ гэтэл
- Аан, чи тэгээд царай дарчихсан яваа юмуу? Муусайн хүүхнүүдийг ёстой будаа болгох хэрэгтэй. Тэр залууг ч гэсэн … ер нь хүүхнүүдийг даврааж болохгүй. Танай хүн хэдтэй билээ? гээд хариу ч сонсолгүй
- Хүүхнүүд гуч дөхөөд ирэхээрээ дандаа тэгж заваардаг байхгүй юү хэмээн онолдож
- Орой ирэхэд нь хараарай уруулын будаг нь арилсан байвал тэгээд л өнгөрөө гэж мэд. Илжиг, эхнэр хоёрыг өдөрт нэг амбаардаж байх хэрэгтэй за, би бол тэгдэг л байлаа гэхчилэн шүлс амаа үсчүүлж эхлэв. Ер нь иймэрхүү байдалтайгаар удаад хэрэггүйг мэдэх тул Цогоо
- За, за чи наадахыгаа өөртөө үлдээчих би гэрээрээ орчихоод эргээд гарахгүй бол болохгүй гээд салахын түүс болов. Өнөөх
- Миний хэлсэнийг мартаваа өдөрт нэг за гээд өвөртөхөө тэмтрэн тэмтрэн цааш гуйвчин салгаллаа. Цогоо нөгөө гайнаас салж дээш өгсөх зуураа “өдөрт нэг гэнэ шүү тийм ч юм гэж байдаггүй байхаа” гээд гэнэтхэн муу ханиа өмөөрөв.
Түрүүн таксины цонхоор харахад тэр залуу нь ямар нэгэн хөгжилтэй юм ярьж байгаа бололтой ухраагаараа яваад л. Өөдөөс нь эхнэр нь гараараа амаа таглан нүдээрээ инээж байгаа харагдсан. Эхнэрийнхээ нь тэр инээмсэглэлийг Цогоо бараг мартахаа шахжээ. Хэзээ ч билээ дээ авчирч өгч байсан эрээн даавуун хослолоо өмсчихсөн, үсээ задгай тавиад, хүзүүгээрээ охиныхоо цагаан сараар олсон алчуурыг зангидсан нь их л зохисон харагдсан. Үсээ задгай тавихаараа зохидог л юм байна. Би анзаараагүй гэж үү? Үгүй ингэхэд орой унтахдаа үсээ боолттой чигээрээ л унтдаггүй баймаар юм.
Цогоо гэрийнхээ үүдэнд ирж хаалгаа нээн онгойлгоход хаалга нь даана ч нэг ёозгүй чахран дуугарна.
- Энэ хаалга ямар муухай дуугардаг болоо вэ? хэмээн сая л анзааран амандаа үглэн дотогш орлоо. Үүдний хонгил харанхуйвтар тул гэрлээ асаан харав. Унтраалгы нь тойроод гарын хир тогтжээ. Гутлаа тайлан хуучирсан хивсэнцэр дээгүүр алхлан цааш өрөөнд ороход гэр нь цаанаа нэг бүүдгэр өнгө буурай ажээ. Өсгий нь нилээд майжийсан хоёр гутал нь “одоо нэг амрав” гэсэн янзтай сөөлжин унав.
Гадуур хувцасаа ч тайлалгүй сандал дээр хэсэг цомцойн суулаа. Гал тогооноос юмуу хаа нэгтэйгээс эвдрээд дутуу хаагдсан цоргоноос зай завсаргүй ус дуслах нь сонсогдоно. Уг нь эхнэр нь гэрээ чадлаараа л цэвэрлэсэн бололтой. Ханан дээр нь хуучирч, өнгө нь гандсан хуримын зураг нь өлгөөтэй байх нь бараг л хэзээ ч билээ дээ гэж бодогдохоор. “Би ер нь энэ зургийг анзаарч хардаг билүү” гэж бодохын зуур босож очин ер үзээгүй зураг үзэж байгаа мэт харав. Зурган дээр дундаа хэн нэгний өгсөн цэцгийг барьсан хуримын хувцастай хоёр хүүхэд гэмээр залуугийн зураг байх аж.
- Одоогоос найман жилийн өмнө хэмээн амандаа бувтнав. Хажууханд нь хоёр хүүхдийнх нилээн багын зураг байх. Энэ жил багыгаа сургуульд орох ёстой санаж амжив. Эхнэрийнх нь нүдээрээ даруухан инээмсэглэх төрх нь яг л түрүүний залуутай явж байхдаа харж байсан тэр төрх ажээ. Би одоо бараг энэ төрхийг анзаарахаа больжээ дээ.
Цогоо цааш нь хана дагуулан шохой нь бага зэрэг шарласан таазыг харан хөврүүлэн бодно. Гэхдээ яагаад ч юм эхнэрээ түрүүнийх шиг үзэн ядаж муугаар бодсонгүй.
“Хөөрхийд минь хүний өмнө өмсөх зүүх ч юм ямар байх бишдээ. Санаа нь байдгаараа л гоён байж өмссөн нь тэр дээ. Хүн шиг, надад ийм тийм юм хэрэгтэй гэж зовоосныг би л санахгүй юм. Тийм дээ ч тэрүү одоо хүзүү хоолойд нь гялалзаж гялтайх ч юм байхгүй дээ гэж өрөвдөх ч шиг. Энэ гэр орон маань ямархуу байнав. Аль дэвэн галавт хуриманд нь хүмүүс өгсөн хоёр ор, ширээ сандалхан. Одоо хуучираад бүр бүүдийж орхиж. Би ер нь яаж шүү амьдарч яваа эр юм болдоо. Хэдийгээр архи тамхи гээд байхгүй ч гэсэн амьдралд зайлшгүй байх ёстой арчаа, амжиргаа гээч юм надад ер нь байна уу? Тэр ч байтугай эхнэрээ хэрхэн хайрлаж байгаа юм бол? Бараг л худалч хүнд царай зүсий нь мартах шахсан байх юм. Энэ хайр мөн үү? Ийм нөхцөлд, ийм гэр оронд эмэгтэй хүн тэсэж байж чадна гэж үү? Харин өдий болтол хань минь яаж нэг байгаад байсан юм бол?
Миний хань надад хайртай нь л тэр. Хар багын л бидэн хоёр бие биенээ гэж, болно бүтнэ гэж гүйж байж суусан биш билүү. Гэтэл одоо . . .” гэхчилэн элдвийг бодон хана дагуулан хараа тэнүүчилсээр явахаа байсан хөхөөтэй цаган дээр хараа нь тусна. Энэ цагийг ангийнхан нь өгч байсансан. Мань эр цонхон дээр очиж салхивчаа нээтэл нэг нугас нь санжаад хэн нэгэн зэс утсаар торгоочихож. Цогоо л лав биш.
Онгорхой цонхоор зөөлхөн сэвэлзсэн салхи түүний нүүрийг илбэн сэвэлзэж нүдээ хагас аньж зогссон Цогоо гэнэтхэн шийдмэгхэн эргэж үүдний өрөөнөөс оёдлын машины тос авч хаалганыхаа нугас руу хийчихээд гал тогоо руугаа орлоо . . .
Одоо хүүхдүүд ирэх дөхөж байгаа. Удалгүй бас нөхөр нь ч ирэхийг мэдэх бүсгүй орцны хаалгаар нэг л хөнгөн орж ирсэн атлаа гэрийнхээ хаалга дөхөх тусам яагаад ч юм яаж ийшээ орно доо гэсэн аятай алхаа нь саарах ажээ. Цүнхнээсээ үснийхээ боолтыг гаргаж үсээ боонгоо хаалга аяархан онгойлгож орсон Шүрээ нилээн гайхан эргэн тойрноо ажина. Угаалгын өрөөнд, баннандаа хамаг хөшгөө хийгээд дээр нь угаалгын нунтаг цацаад орхиж, гал тогоонд, гал дээр тагийг нь хагас онгойлгосон саванд шөлтэй хоол буцлах нь сонсогдоно. Ширээн дээр махны модны хажууд хутга болон хутга ирлэдэг шинэхэн хайрга байгаа нь үзэгдэнэ. Их сонин. Том өрөөгөөр шагайвал хөшгийг нь авчихсан болоод тэрүү өрөө нэг л саруулхан, нөхөр нь салхивчны нугас сольж байгаа бололтой хамаг анхаарлаа төвлөрүүлэн хацраа унжуулан зогсох нь хүүтэйгээ нэн адилхан ажээ.
Ширээн дээр нэгэн цаас байх агаад түүнийг харвал хананы цаас тэд, будаг тэд, шохой бас болоогүй жижиг сажиг авцаа өгцөө гэх мэт багахан тооцоог нямбайлан зоочихож. Хажуугийн сандлын түшлэгэн дээр нөхрийнх нь тохойг нь нөхсөн бор хүрэм нь тохоотой. Энэ бүгдийг харж нөхөртөө баярлан сэтгэл нь илт сэргэсэн Шүрээ уг хүрмийг аль цагт сургуулиа төгсөхдөө авсаныг санаж "миний хань чинь бас ч гэж инженер хүн шүү дээ" гэж бодогдов. “Ерөөсөө энэ сарын цалин буухаар ганц хүрэм авч өгнөө. Байр гэрлийн мөнгийг ганц удаа жаахан унжихад яав л гэж” хэмээн санав. Хүүхэн хоёр гараа зөрүүлэн тэвэрч, хөлөө солбин, мөрөөрөө хаалганы хацар налан энэ бүгдийг ажиглан зогсохдоо саяхан орцонд орохдоо нэг их гэрэл гэгээнээс бүүдгэр харанхуй руу ирж байгаа мэт бодогдож байсан нь оргүй арилж харин ч юу, юу ч үгүй хий хоосноос өөрийнхөө байх ёстой орон зайд ирсэн мэт бодогдох нь гайхалтай.
Гэтэл гэнэт хананы цаг торхийн дуугарч бяцхан хөхөө хэдэнтээ донгодоход хүүхэн залуу хоёр цочин зэрэг бие биенээ харав. Гэтэл Цогоо ам нээж
- Үгүй! чи яасан чимээгүй орж ирээв? гэтэл эхнэр нь
- Нээрээ! энэ хаалганы дуу бүр байхгүй болчихож, бас энэ цаг амь орчихож гэх нь ихэд баярласан шинжтэй.
Цогоо эхнэр лүүгээ зөөлхөн дөхөж мөрөөр нь тэвэрч үснийх нь боолтыг авангаа
- Миний ханьд үсээ задгай тавих нь их зохидог шүү гэлээ. Хариуд нь Шүрээ
- Үнэхээр тийм үү? хэмээн нүдээрээ инээхийг харсан Цогоо “намайг ч гэсэн ингэж хардаг л юм байна” хэмээн бодохын зуур уруул нь будагтайгаа байсанд олзуурхаж, хамар нь шархирахад хурдхан шиг эхнэрийнхээ толгойг үнэрлэн үнсэв. Ханийнхаа анхилхан үнэрийг эргэн санахын зуур цээжиндээ улам чангаар тэврэхэд цээж нь чичирхийлж байлаа. Харин бүсгүйн нүднээс энэ өдрийг хүлээж цөхөрсөн мэт ганц доголон нулимс аядуухан гарч Цогоогийн энгэрт шингэв.
Хүн ер нь мэдэхгүй юмаа мэддэггүйтэй адил мань хоёр ч гэсэн мэдэхгүйгээ хэвээр нь үлдээх гэсэн шиг бие биенээсээ элдвийг асууж шалгаасанүй ээ.
Гэнэтхэн гал дээр юм даргих шиг болоход Цогоо нэг их том хэл гарган
- Цаана чинь хоол гэхэд хүүхэн годхийн гал тогоо руу гүйх нь саяхан гэрлэсэн шинэхэн хосууд гэлтэй.
Намарших шинж орсон бүгчимхэн зуны үдэш сэвсхийсэн сэвшээ хонгор салхи байгаль дэлхийг сэргээдэгтэй адил амьдрал гэдэг юухан хээхэн дээр тогтож, тэр бүгдийг алгачилалгүй арчилан хайрлаваас амьдрал өөрөө эргээд агуу баян тансагаа хэнээс ч харамладаггүй ажээ. Арчилж эс тордовоос алт хүртэл өнгөө алдах буюу.
Онгорхой цонхоор сэвэлзсэн сэвшээ салхины үзүүр өрөөгөөр дураар сэлгүүцэн, эхнэрийнх нь задгай тавьсан үсийг зоргоор нэг оролдож, даашинзны хормойг сэм сэмхэн намируулах нь Цогоод нэн таатай . . .

14 comments:

peakfinder said...

Neeree haa haanaa bodmoor l yum bichjee. Udaan hamt baihaaraa negiigee bas baga anzaardag bolchihdog tal baidag yum uu daa. Yostoi goyoor bichsen baina shuu.

ZAYA said...

Яасан тэвчээртэй бүсгүй вэ? Би бол үглээд асуудлыг хүндрүүлж мэднэ шүү. Эмэгтэйн талаас харвал хүлээцтэй байх нь дээр юм байнаа.

бж said...

Yamar huurhun uguulleg boloo ve??? Chi neeree nudnii nulims tsiilelztel bichih yumaa...
Hair gedeg aguu saihan bolovch tsag urgelj l ungulj zulgej baihgui bol toosond daragdaj, zeverch, unguu aldan hundii hooson bolj ulddeg ed dee...
Harin ch 2-uulaa ih uhaalag hoyor yumaa. Tsogoo Shuree 2...

Anonymous said...

hehe, tsogoo shuree 2- uhaantai bana gej uu? Zohiolchiin medremj l aguu bna, shuree, tsogoo 2--n tuhaid gevel shiidliig ni zohiolch hiijaagaamsgt, ter 2 bish. ta neeree tun mundag zohiolch shuu, ayasaar ni, evteihen, zoolhon, tegeed gegeeleg.

Anonymous said...

hehe, neeree bodson chin tsogoo shuree 2 bailgui yahav dee, humuus neeree zohiol dotroo ortson bainasht, tegsen egch lag zohiolchiig ni ajigalsan guij yavnasht,

artagnan- артаньян said...

Хийсвэрдүү эсвэл, маш ховор дүрүүд гэснээс заавал тэр талаас нь харах хэрэггүй байх л даа. Гол утга нь өөртөө бурууг хүлээж чадах чадавхийг харуулсан юм байна. Амьдралаа аварч үлдэх.... Агуу ууч сэтгэл... Зөв ойлгосон бол уу.

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

пийк: Тэгдэг ч байж мэднэ. Хэрэв тэгээгүй бол тэгчихвий л гэж
заяа: Хүлээцтэй байх сайн гэвч хэзээг мэдэхгүй хүлээх нь хэр үр дүнтэй бол
ганаа: уг нь ухаантай юм. ухаантайгы нь гаргах гэхээр хэт нурших гээд болдоггүйээ
нана: Сайн уу? чамайг таг болохоор өвдсөн эсвэл нүүсэн бүр байчихаад унтчихсан юм байх гэж бодлоо хэхэ
Харин тиймээ энэ өгүүллэг миний бодсон шиг холбогдож өгөхгүй л байна. Бодвол миний чадамж жаахан дутаад байх шиг. харахад нэг л хүчээр эвлүүлчих шиг болоод байнаа
артаньян: Дүр нь уг нь байж болно. Болох ч юу байхав энэ байтугай юмны дараа үр хүүхэд, нас мас г.м орчноосоо болдог уу, хайр нь дийлдэг үү, эсвэл өөр сонголтгүй байдаг уу ямарч байсан эвлэрсэн улс зөндөө. Гагцхүү би л өөрийнхөө санасанд хүртэл гаргаж чадахгүй байна. Уг нь Цогоо Шүрээ 2-нхоо мууг үзчихгүй аятайхан ойртуулчъя л гэж санасын

Anonymous said...

huchindsen yum algaa hoo, bi yag bodjiisiin, ilerhiileh arag dotor ni yamar ch huchirhiillin shinj aguulagdaagui, ih saihan zongooroo bolson bna.
bichij baigaa arga ni ooroo huchirhiilel bolson zohioluud manaid duuren l bna, setgel zurh ni huchirhiilel, hargislalaas salaaguin shinj gej bododgiiin, odoo manaidaa neleed nertei, hodolmorch zohiolchid hurtel. medlegt tulguurlasan, zurh setgel medremjdee tulguurlasan 2 yanziin zohiolchid bh shig bgaan, ooroor helbel huchirhiilegch-ustgagch shinjtei zohiolch bna, hairlagch- buteegch shinjtei zohiolch bna.bi uran zohioliin onol monol medkuuld, tehdee setgel zurheeree ingej mederdgiin. humuust hairgui hunees sain zohiol garahgui. Ene zohiol chin hoo, hair l nevchsen baina gej sanagdav. hair gedeg chin anhaaral, ajiglahiig mash ih aguuldag boltoi, hairgui hun ajiglaj, anhaardaggui. zuvhon uuriinhooo heregtsee, ooriinhoo erh ashgiig l bodno, ter Tsogoo hoo ooriigoo doromjlogdloo gej handsan bol ter ooriigoo bodoj, orooliig anhaarch, oor honiig bodoj uzehgui bgaan shinj baih bsan. zuv uu? TEr zugeer l Ego ni l sharhlah bsiin, esregeer gedeg chin ternii hair ih, ego jijig. "Bi" baihgui ued l hair heregjih bolomjtoim gej, za hunii zohioliig tailbarlasiim shig bolchloo, soorii.

Pearle Deppsu said...

Agaa mini bannertai bolson shuu. blog deeree nemeerei. Uu neeree bas minii ner chin Дэппси биш Дэппсу шүү дээ

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

нана: их сайхан байнаа харилцан ярилцаад, надад л лав хэрэгтэй л байна. Анхааралтай хандсанд баярлалаа.Энэ л хамгий н гол нь.
Дэппсу: Ах нь нэрийг нь буруу биччиж уучлааарай. Би блогны нэрнүүдийг молголоор гадаад нэрийг нь дуудлагаар нь бичих санаатай л бантангий нь хутгаад суугаа. Нөгөө юмы нь дахгүй тавинаа за

Uunee said...

Сайхан өгүүллэг болсон байна шүү. Амьдралд их ухаан хэрэгтэй. Энэ өгүүллэгийн баатрууд ухаантай хүмүүс шиг санагдлаа. Хэзээ ч анзаарч чаддаггүй тэр үнэт зүйлс хүний хажууханд байдаг гэдгийг илэрхийлсэн юм шиг бодогдож байна. Амьдрал ийм л болохоор баян байдаг.

oyunaa said...

Estoi goe oguulleg bna aa. Bi yag uilah gej baina. Hair aa gej hachin saihan hernee halamj anhaaral urgelj neheh uym daa. Tanid amjilt husie.

Anonymous said...

бие биенээ итгэх хайрлах хүндэтгэх сэтгэлийн тэнхээ хэн хүнд амар заяадаггүй юм даа

Anonymous said...

erunhii utgaar ni olon comment hj boloh ch, hamgiin saihan ni timing mash saihan taaruuljee. Yag l busguin setgel ergej ehelj baih ued zaluu ni teriig olj harj zuv uhaarsanaar amidralaa avarch bgag haruulj. Zarimdaa hechneen uhaarlaa ch hojimdoh gdg zuil amidrald baidag bile, tiimees l bid medremjtei bj, amidraliin nugachaand biy biyne martchihgui anzaarch yavah ni mash chuhal yumda.
Bumaa ahdaa uran buteeliin undur amjilt husey!
Yag l amidraliin uhaan ni saihan zadarsan hunees garahaar sanaa bnda.Tanii oguulleguud taalagddag shu, uguulleguudees tani mongol ahuigaa dahin dahin medreh yumda.