Наран ээсэн хаврын налгархан өдөр ээрэм талд цас нэгэнтээ хайлж, энд тэндгүй шалбааглан хаа нэг нуга судагт хур цасны үлдэгдэл амь бөхтэйгээр харлан цоохортоод байгаль дэлхий нялхарч, атирсан биенийхээ зоог тэнийлгэнэ.
Хөрст дэлхий аагаараан гэсэж, өт хорхой хийгээд өвс ургамалын үндэс амь орж, үржил шимээр ивэлсэн газар эхийн мөөмийг ховдоглон үмхэлж байна уу гэлтэй. Бор борхон толгодын энгэр ээвэр газарт бурзайн шаргалтах хэсэгхэн борог өвс бүтэн өвөл цасанд шалчийтал дарагдсан хэлбэрээ хадгалан бодол болох мэт хэвтэх агаад хаа зарим нэг салхинд сэрвэлзэн сэгэлзэх нь дахиж ирэхгүйгээр одсон насаа дурсах мэт. Харин нялх ногоод соёолон, хөөрхий борог өвсөн дундуур наран зүг тэмүүлэн зэргэлдээх үеийн нөхөдтэйгээ уралдан, хашгичин гарч ирнэ.
Гэнэн цайлган насандаа ч болоод тэрүү, гэрэлт ертөнцөд цухуйж чадсандаа тэрүү өөрийг нь юуханаас ч хамгаалан манаж хэвтэх урд жилийн борог өвсийг үл тооно. Урд жилийн борог өвсний доорхи уржнан жилийн өвгөн борог өвс өөрийнх нь үндэсийг хооллон өнгө зүс нь харлан хаг болон хэвтэхийг бол бүр анзаарахгүй. Анзаарахгүй ч юу байхав ерөөс тэр мэдэхгүй.
Гагцхүү ганган ногоон биеэ гялтагнуулж, нарны алтан цацраг, анхны бороон ариухан дуслыг танхилхан биендээ шингээж, өнгөний сайхныг цэцэгсийн хамт хослуулан, үнэрийн анхилууныг өргөн талаар нэг агаарын мандалд униартуулахыг хичээх мэт. Өнгөрсөн жил өөрийгөө ямар байсныг, өвгөн борог өөрийг нь хэрхэн ачласныг, орчлонгийг эрээн барааныг одоо л нэг ойлгож байна уу гэлтэй харьцуулж борог өвс өвгөн боргийн дээр, өнөө жилийн нялхасын ёроолд атиран нугарч хэвтэнэ.
Ноднин жилийн хавар бас л ийм байсан даа би. Болгоомжгүй багын зангаар салхины аясаар сэгэлзэж, бороо борооны түрүүчид баярлан ганхалзаж, болох болохгүй юмыг үл анзаарч, энэ бяцхан довон дээр ганцаараа юм шиг дэрвэлзсэнсэн. Дуутай бороог дагаж мөндөр цохидгийг, дуугүй бороо зүсэрч нар үзүүлэхгүй найм хоноход шалбийтал нороод навсайж унадагийг, эсвэл үндсээ баахан тарчлааж өөрийнхөө биеийг хорчийж хонхойтол шимээд ч юу ч гарахгүйгээр хатаж харангаддагийг мэддэггүйсэн. Энэ бүгдэд миний доор хэвтээ хаг болсон энэ хөөрхий хамгаалж намайг аварсныг тэр үед би мэдээгүй л юм даа. Бусадтай уралдан сугсарч бузгай хурдан ургаж үхэр малын хоол болдогийг энэ нялх амьтан яаж ч мэдэх билээ дээ хөөрхий. Бэржгэр хатуу хэлээрээ битүү нэг ороогоод татах агшинд чиний өмнөөс би амруу нь урьдчилж орохыг чи мэдэхгүй, буцаад эрүү нь эргэж буухаараа бузгай зөрж буудгийм. Тэр агшинг бид тэнгэрийн аз гэдгиймдаа. Бултаж бид ямар чадах бишдээ.
Нар налайсан налгар намар гэж байдгийм. Салхи салхины аясаар эм цэцэгсийн тоос энүүгээр тэрүүгээр эргэлдээд л ээдээ мөн чиг сайхан шүү. Олондоо олон тэд. Олдоно доо олдоно тэд. Сэрүүн намар наашлаад, сэрчиг сэрчиг салхи гунигаар үлээхэд сэм сэмхэн санаа алдах шиг сэрвэгэр эрэвгэр үзүүрээс чинь сэтгэл гундтал цайраад эхэлдгийм. Ээдээ! энэ орчлон хатуудаа хатуу .
Цаг цагийн хатуу эхлэж цасны түрүүч унахад, гандаж гундсан чи гайгүй сайн нугарч үндэсээн даран хэвтэх болно. Чиний доор би үржил шимээ газарт шингээн өгөрч харлан унах болно. Амьдрал гэдэг угаасаа л ийм шүү дээ.
Гэхдээ одоо чамайг хавар зун намар гээд хачин урт, дэндүү тансаг амьдрал хүлээж байнаа. Сугсайтал ургаж, сагсайтал цэцэглээрэй. Энэ сайхан дэлхий чиний үнэрт мансууран нялхарч, чиний өнгөнд баярлан бахархадгийм шүү дээ.
Бодол болон хэвтэхдээ мань борог бас болоогүй ээ хажуу хавиргынхаа борогтой хань татах мэт орооцолдон гогцоорно…
2020 World Photography Awards Book (PDF)
3 years ago
8 comments:
Bichleg chini ih taalagdlaa. Yer ni zaaval neej hardag bloguudiin maani neg l dee, uuriin chini blog...
Hunii amidral yag l iim shuu dee, negiig bodogduulj bna...
Ooriig chin' duuraigaad goyo comment bichih gesen yuroosoo chadahgui yumaa.
Neeree amitai buhen oortei taarsan zovlontoi bas jargaltai baidag baihaa.
Бодол болон хэвтэх борог өвсийг магтан дуулъя. Буурал орчлонгийн түүхийг борог өвс бичилцэж л байгаа.
Saihan bichchee, ene odriin mend
Жаргал зовлон ээлжилж байж л амьдрал улам урамтай сайхан ш дээ. Гоё бичсэн байна. Улам гоё бичлэгүүд оруулж байгаарай. Миний заавал үздэг блогын нэг болоод байгаа шүү.
гунигтай л байна!
энэ гунигийг өөрөөсөө хайж олсон болхоор бусдаар аргадуулж тэдэнд талархаж хариуд нь хайрлах хүсэл алга, гэвч энэ нь одоохондоо лдоо! харин сэтгэлтэй минь ижилхэн бусдыг харж өөрийгөө цэгнэе сэмхэн бас зүрхээ чагнаад тэднийг сонсоё!
гунигтай л байна..,
ганаа: хорвоогийн амьдрал ерөөсөө лийм байх. Тиймдээ ч амттай
пийкфиндэр:тэр үнэн шүү
үүнээ: гоё мөр байна
ээбээ: чамд бас мэнд.
заяа: орж ирэх болгонд чинь баярлаж байгаа
өсөннэмэх: ах нь сайн ойлгосонгүй уучлаарай
Post a Comment