# #

Алсад зорчсон Жийжээ

Тавдугаар хэсэг

Өөрсдөө хичнээн сайхан байгаа ч аавыгаа баахан сандаргачихсандаа охин санаа нь зовж, дуугайхан дүмбийх аавыгаа хааяа хааяа харан бас ч гэж гэмшин явна. Харих замдаа охин нь
- За өнөөдөр ямар хоол, хаана идмээр байна? гэхэд Догоо
- Харин ээ гэх нь Жийжээгийн амыг харж байгаа бололтой
Жийжээ дотроо “муусайн хүүхдүүд бид хоёрыг юм үзүүлэх л гээд чадах ядахаараа л байна даа. Охин маань овоо болсон ч гэлээ тэрүүхэн хооронд хүүхдээрээ зан нь хөдлөөд тэр айхтар юман дээр намайг суулгачих шиг боллоо” хэмээн түрүүнээс хойш юунд ч юм бөглөрөөд байсан нь онгойж ядаж байтал Догоо
- Хүүхдүүд чинь юм асуугаад байгаа юм биш үү. Яачихаад байгаам дээ жаахан хүүхэд шиг. Алив алив гэхээр улам л цаашилчихдагийм зүгээр гэж их л уцаарлангуй дуугарч байна.
“энэ маань хүртэл эвгүйцэж орхиж” хэмээн хүүхэд Жийжээ хоёрын хооронд тарчилж суугаа Догоогоо өрөвдөж “Царай нь цонхийчихоо юу даа. Цуг л яваад байгаа хэр нь царайгаа ч харах сөгөөгүй л яваа юмаа даа бид. Хүн ижил дасал болсон хоол унднаасаа холдох хэцүү. Ер нь ч тэгээд энэ Ухаа ягаан монгол хоолонд хэр бол. Хоол унднаасаа эхлээд хоорондоо зөрдөг бол цаашдаа хичнээн удаан амьдраа аж” гэж бодонгоо энэ байдлаас эвтэйхэн гарахын тулд
- Монгол шөлтэй хоол идвэл зүгээр шиг гэж маш тайвнаар хэллээ
- Өө тэгвэл сайхан хар шөл хийж өгөх үү? гэхэд “дээр дэлгүүрт байгаа махнууд нь учиргүй цэвэрхэн юм харагдсан бодвол их угаадаг болов уу. Шөл шингэнтэй байж мэднэ” гэж бодож амжсан Жийжээ
- Гурилтай хоол хийчих. Аав нь эндхийн гурилыг амсаж үзмээр байна гэж заллаа. Сүүлийн хэд хоног ер ингэж өөрийнхөө үндсэн чанараар юм бодоогүй санагдан өөрөө өөртөө гайхах шиг болоод “түрүүний суусан тоглоом хүнээс юм гаргана уу л болохоос оруулна гэж баймгүй юм даа” хэмээн бодож явлаа.
- Хоолондоо хэмээн хөгжилтэйхэн хашгирах охины дуунаар бүгд ширээндээ сууцгаалаа.
- Хавирга чанасан идээрэй гэх. Жийжээд бол махыг нь шулсан хэдэн яс л харагдана. Гэсэн ч яахав монгол хүмүүс юм болохоор нэг нэгийг аван зулгаалаа. Санасаныг бодоход дажгүй амттай юм. Ар хонхорцогонд нь хүртэл овоо өөх байхыг бодоход тарган л мал байсан бололтой. Жийжээ шөлийг нь оочингоо “за тэгж таарнаа” гэж өөрийнхөө бодлыг бататгана. Догоогийн хөлс нь бурзайж харагдана. Ухаа ягааныг хартал нимгэн цаасаар хошуу амаа байн байн арчаад л байхаас биш дажгүй цохиж байна шүү. “Энэ нөхөр хоол нь л байвал хаа ч байгаад байж мэдэхээр юм” гэж бодно. “Одоо л энэ охинтойгоо ярьдаг юм билүү дээ. Цаашдаа ер нь яах шүү санаатай байгаа юм бол. Харин яасхийж эхэлдэг юм билээ. Энэ хүүхдийн амьдрал учраас учиргүй уурлаад байх ч нэг их сайн биш байх” гэх мэтээр бодох нь хүүхдийнхээ амьдралд санаа зовох бусад эцгүүдийн л адил аж.
- За байз маргааш чинь одоо яах билээ? хэмээн өнөөдрийг маргаашаас эхэллээ.
- Маргааш эртхэн гараад эндээс бараг гурван цагийн газар америкийн нийслэлийг үзнэ. Тэнд цагаан ордон, төрийн ордон, тэгээд л дурсгалын цогцолборууд гээд энд ирсэн хүний үзэхгүй буцаж болохгүй газрууд бий. Бас тэндхийн музейнүүд бий л дээ. Даанч бидэнд энэ удаа тийм их цаг алга. Харин буцах замдаа Жиймий танд нэг юм заавал үзүүлнэ гээд л байгаа. Хэдийгээр өөр мэргэжилтэй ч гэсэн Жиймийгийн хамгийн сонирхдог зүйл гэхүү дээ.
- Юу юм бол доо аав нь мэдэх юм болов уу
- Та мэднээ. Бүр мэдэхийн дээдээр, гэхдээ одоохондоо нууц
“За даа Ухаа ягаан бид хоёр надад юм үзүүлэх ч яамай. Яаж охины минь авч үлдэх вэ л гэж бодож байгаа биз. Энэ охин бүр толгой нь эргэж гүйцэж дээ. Овоо бондгор бор юм байсан одоо бараг нүднээс гарах нь. Энэ олон хүүхэд дотроос ганц надтай төстэй нь гэж дотроо эрхлүүлсээр буруутаж байх шиг байна” хэмээн бодол нь орооцолдоод юунаас эхлэхээ мэддэггүй ээ.
- За яахав мэддэг юм байвал ч яахав. Миний охин ч одоо яг ямар сургуульд сурдаг юм дээ. Би чинь чамайг хэлний сургуульд сураад л болох юм гэж ойлгоод байгаа. “За одоо л эхлэх нь дээ. Маргааш л болов уу гэж бодсонсон. Ямар холоос эхэлж байнаа” хэмээн охин бодож амжив.
- Хэлнийхээ дамжааг дүүргэсэн. Одоо монголоор бол хөдөө аж ахуйн зах зээлийн эдийн засаг гэдэг юмаар л сурч байна.
- Сурах ч яахав сайн л хэрэг. Чамайг сурч боловсорч байвал ээж бид хоёр нь баярлах л байна. Гэхдээ чамайг хэзээ харих бол гэдэг дээр л жаахан санаа зовох юм. Энэ хүн байна. Хэн хэн нь нутагтаа байх гээд хэцүүхэн амьдрал л чамайг хүлээж байна даа.
Энд байгаа залуусыг харахад ажил төрөл хийгээд сайхан байгаа боловч хэл ус, ёс заншилаа бүр мартаж байгаа харагдах. Би буруу санаж байж болох юм. Гэхдээ энд нэг л биш. Бүх юм нь замбараагүй, нэг л их хавтгайрчихсан улс л харагдах юм. Сайн яривал эх орноо ч мартах нь уу гэмээр. Арай ч тэгэхгүй л байх л даа. Гэхдээ ард чинь эх орныг чинь харь хүмүүс ухаж төнхөөд, төрд байгаа хэдэн улстай нийлээд хамаг юмыг нь зөөгөөд дуусахдагаа янз нь. Би ч яахав арав таван малын бараа харж явтал насыг барах биз. Биднээс хойш ер нь юу болох бол. Бид л хэлэхгүй бол хэн та нарт хэлэхэв. Бусад айлын хүүхэд юм бол тээр шаагаад “өөрийнхөө хүүхдийг л хичээ” гэх биз. Төрсөн юм болохоор чамайг арай тэгэхгүй байх гэж санана гэж хэлэх нь их л биеэ барьж байгаа шинжтэй.
Аавынхаа яриаг нилээн удаан чагнаж суусан охин нь
- Аав минь дээ. таныхаа үгийг юу гэж тээр шааж үзэхэв дээ. Харин ч загнуулж, зэмлүүлэх аав ээжтэй байгаадаа баярлаж байна. Тиймээ олон залуус эх орноосоо гаран хүний газар хэл, ёс заншил хийгээд эрдэм номонд нь шамдан суралцаж байна. Тэд бүгд л урдаа тавьсан зорилготой яваа. Магадгүй таньд бол учир замбараагаа алдсан мэт харагдаж байгаа. Яагаад гэвэл та нарын урьдын бодож хүсэж байснаас одоо байдал улам бүр өөр болоод байгаа болохоор тэр. Та намайг юм сур, үзэж хар гэж Хүрэнтийн хөндийгөөс хот бараадуулсан байх. Тэгээгүй бол таньтай би энэ дайны ярьж чадахгүй, бараг та намайг сонсох ч үгүй байсан байх. За энэ ч яахав нэг их гол зүйл биш. Энд байгаа залуучууд ч тэр ер залуучууд ямар өргөн хүрээнд бодож сэтгэж, юмыг өөр өнцгөөс харж байна гэж бодож байна. Өнөөдөр хүн бүр монголоо гээд байгаа хэр нь дэлхийг монголдоо тохируулах гээд байх шиг байна. Гэтэл бид дэлхийг бодож монголоо дэлхийн өнөөгийн байдалд тохируулж авч явах цаг нэгэнт болсон байна ааваа. Дэлхий даяараа өөрчлөгдөж, даяарчлагдаж таны хэлдгээр хавтгайрна гэдэг нь болоод байгаа юм. Үүнд бид бэлэн биш байх шиг. Монголоо хэвээр нь хав дараад байх биш харин бид улам бүр нээгдэж, дэлхийд танигдах хэрэгтэй байх. Тэгээгүйгээс бидний уртын дууг, үндэсний хувцасыг маань хүртэл хулгайлж байна. Энэ монголынх гэж хэн ч мэдэхгүй болохоор тэр шүү дээ. Япон, солонгос гэх мэт бусад орнуудын бүх зүйлийг дэлхий мэднэ. Гэхдээ тэд устаагүй. Мэдээж үүнд төрийн ухаан хэрэгтэй. Тэдэнд одоо алт энэ тэр гэх юм байхгүй. Гэтэл сайн сайхан л байна. Гол нь тэр алтанд байгаа юм биш. Бид алтаа дараад хэвтээд байвал байх л байх. Бид юмаа өгөхгүй гэвэл бусад орон ч гэсэн хөгжил дэвшилээсээ өгөхгүй л гэнэ. Ер нь хүн төрөлхтөн өөрсдийнхөө үүцийг задлахаа хүрвэл хэзээ нэгэн цагт задлах л болно. Харин тэд бол үүнийг чадна.
Хэл ярианы хувьд гэвэл олон оронд залуучууд маань байгаа. Тэд бүгд л байгаа газрынхаа хэл яриаг холиод л ярьж байгаа. Бид ч гэсэндээ саяхан л орос хэлээр холиод л ярьдаг байсан. Одоо ч гэсэн манайхан ганц нэг үг орсоор хэлдэг л байх. Тэглээ гээд ганц нэг хүн хэлээ мартана уу болохоос, хэл устахгүй болов уу. Бидэнд үүнээс илүү санаа зовох юм их байна даа. Хэзээ хүмүүс өөрийнхөө төлөө хоногийн хорин дөрвөн цаг багадаж байгаа мэт завгүй ажиллаж, түүнийг нь төрийн бодлого хэзээ зөв зохицуулж чадна тэр цагт л энэ улс эх орон хөгжих байх. За за та бид хоёр ч ёстой нэг халуурна гээч нь боллоо. Охин чинь энэ залуучуудын хамгийн ухаалаг нь биш шүү дээ. Надаас ухаантай эрдэмтэй, сайн залуучууд зөндөө бий. Тэд бол надаас илүүг сэтгэж бодож, тунгааж, шаналж яваа гэдэгт би итгэж байна гэх мэтээр хөврүүлэн ярьж суугаа охиноо харин Жийжээ их тоож байлаа. Охин нь цааш нь
- Энэ хүний тухайд гэвэл хайр сэтгэл л юмдаа аав минь. Би монгол эрчүүдээ ерөөсөө муу муухай гэж боддоггүй. Хэдэн ах нартайгаа, аавтайгаа зүйрлүүлж, тэднийг уул шиг л сайхан хүмүүс гэж бодож явдаг. Яахав охиных нь хайраа өгсөн анхны хүн нь энэ хүн байж таарсан хэрэг. Хүнд хайртай болж түүгээрээ хайрлуулж, хамт байна гэдэг сайхан л байдаг юм байна.
Мэдээж ээж та хоёр нутаг усныхандаа ч хэлж чадахгүй хэцүүхэн л байдаг байх. Гэвч охин нь энэ хүнийг өнөөгийн байдлаар шууд орхиж чадахгүй нь. Тэгээд ч муу охиныг нь хүн хайрлаж, хүндэлж, бас сонсож байна гэдэг таньд ч гэсэн сайхан санагдах байх гэж бодож байна. Хоорондоо үнэхээр таарахгүй бол больж ч бас болдог л газар л даа гээд аавыгаа юу гэх бол гэж түгшин сууна. Тэгсэнээ залгуулан
- Өө тийм. Охин нь ядраад зүдрээд тураад байгаа юм бишээ. Энэ европ хувцас монгол хүнд, дамаан бүр таргавтар хүнд нэг их тохироод байдаг эд биш юм. Тэгээд ч эрүүл мэндээ бодсон ч хөнгөн шингэн байвал дээр санагдсымаа ааваа гэх нь нэг мөсөн хамаг юмаа хэлээд тавьчихъя гэсэн янзтай.
Охиныхоо яриаг сонсож суухдаа Жийжээ “хүн юм үзэж нүд тайлах тусмаа бодож сэтгэх нь уужим саруул болдог гэдэг нь үнэн байж мэдэхээр байна. Ихэнх ярьж байгаа юм нь миний бодож байгаатай таарахгүй байгаа хэдий ч юу юугүй эсэргүүцэж болохооргүй санагдаад байх чинь. Нээрээ залуучууд маань юмыг арай өөрөөр харж эхэлж байгаа юм боловуу даа. Энэ ахыг нь эд нар дундаа овоо юм гэж боддог ч улс эх орны ирээдүйн тухай нэг их ам ангайгаад байсныг санахгүй юм” хэмээн бодож сууснаа
- Аав нь ямар юмны наад цаад учрыг сайн тунгаах биш дээ. Та нар л сайн сайхан байвад болох нь тэр гэж дүйвүүллээ. Үнэндээ бол тийм л дээ. Эд л сайн сайхан байвал Жийжээд болох нь тэр.
- Харин энэ хүүгийн бодол санаа ер нь ямар байдаг юм бол? гэхэд өөртэй нь харьцаж байгааг муухан ойлгосон Жиймий Урнаа руу хартал өнөөх нь орчуулж өгөв. Хариуд нь
- Би монголд ажиллаж амьдарч байсан. Монголчуудын тухай, монголчууд гадаад хүнд охидоо өгөх дургүй тухай гээд өөрийнхөө хэмжээнд бага сага мэднэ. Гэхдээ би Урнаад хайртай. Би нэг л амьдарч байгаа юм чинь мэдээж алдаж эндэхийг хүсэхгүй. Өөрт оногдсон энэ хайраа би үргэлж хайрлаж явах болно. Та бүхэн санаа битгий зовоорой гэснийг орчуулж өглөө.
“Ингээд хэлчихээр л бид тайвширна гэж юу байхав. Гэхдээ бид одоо охиныхоо аяыг харахаас өөр үггүй юм” гэж бодсон Жийжээ
- Та нар л хоорондоо эвтэй найртай байвал би юу гэхэв дээ гэхэд гар гараа атгалцан суусан хоёр баяр гэрэлтсэн царайгаар бие биенийгээ харна.
Догоо хоёр хүүхдийг духан дээр нь үнсэж, ах нь Ухаа ягаан руу нүд ирмэж харагдана.
- Өглөө эрт босох юм бол эртхэн хажуулъя гээд Жийжээ босоход Догоо дагалдав. Гэвч элдэвийг бодон хэвтэх Жийжээгийн нойр хулжсан байлаа…
Өглөө эртхэн гарсан хэд давхисаар Америкийн нийслэлд ирлээ. Бас л хөл үймсэн газар аж. Ерөнхийлөгчийн байшин гэж нэг цагаан байшин. Бусдаасаа арай жижигхэн юм. Эргэн тойрон хаа бол хаана тэр байтугай дээр нь хүртэл буутай хүнээр мануулжээ.
- Энэ одоо нөгөө Бууш билүү тэрийгээ ингэж манаж байгаа хэрэг үү?
- Зөвхөн Буш биш. Ерөөсөө ерөнхийлөгчийгөө ингэж л хамгаалдаг. Чухам хэн байх нь хамаагүй гэхэд Жийжээд мөн л сонин сонсогдоно. Тэгээд л цааш нь үзээд л байх. Төрийн ордон гэж сүртэй сайхан эд. Төрөө хүндлэх нь эндээс эхэлдэг болов уу гэмээр. Линколн гэдэг ерөнхийлөгчийн дурсгалын цогцолбор нь бусдаасаа арай том аж. Маш олон хүн ирж үзэх юм. Жийжээ
- Энэ одоо их л сүрхий хүн байсым байхдаа гэхэд охин нь
- Энэ орон өлсгөлөн гуйланчлал, авилга, ядуурал, алаан хядаан гээд өнөөдөр манайд тулгарч байгаа бүхнийг үзээгүй биш үзсэн. Манайхаас том орны хувьд зовлон зүдгүүр нь ч бас их л байсан байх. Яг тэр сүйрэх сэхэхийн эгзэгтэй үед энэ хүн төрийг тэргүүлж байсан юм даа. Ард түмний өөрсдийгөө гэх сэтгэлийг чөлөөтэй тавьж, тэднийг хоорондоо эв түнжинтэйгээр зэрэгцэн орших нөхцөлийг бүрдүүлж, тэднээс гарсан ашигтай болгоныг зөв зохион байгуулж, удирдан чиглүүлж, улс эх орныг хүнд байдлаас гарахад энэ хүний оруулсан хувь нэмэр их учраас энэ хүнийг америкчууд бусад ерөнхийлөгчдөөсөө илүүд тавин үздэгийм гэлээ.
- Хувь нэмэр гэждээ энэ хүний л заавраар яваагүй гэсэн үгүү?
- Яалаа гэждээ аав минь. Олуулаа хэлэлцэж зөвшилцөж байж л үр дүнд хүрнэ шүү дээ. Яахав тэр бололцоог гаргасан байж болно.
- Ерөнхийлөгч хэмээн амандаа үглэх Жийжээ хэдийгээр энэ хүний цагаан хөшөөг харсан хэрнээ шал өөрийг бодож зогслоо.
“Ерөнхийлөгч гэдэг ч яахав ерөнхийд нь удирдах гэсэн үг байх. Гэтэл манайд тэгэж чадаж байгаа билүү. Чингис гэдэг чинь Тэнгис гэсэн үг гэдэг. Тэнгис гэдэг далай тэнгис шиг агуу их гэсэн утгатай ч бас нөгөө талаасаа тэр олон гол горхи нийлсэн ерөнхий гэсэн ойлголт байж болох. Манайх чинь аль дээр цагт л ерөнхийлөгчтэй байсан юм бишүү. Гэхдээ цаг үе өөр болсон болохоор тэр үеийнх шиг захирч болохгүй нь мэдээж” гэх мэт бодлоо зулзагалуулж зогссоноо
- За за мэдэхгүй . Маниасаа хэтэрсэн асуудал бололтой гэж үглэх авч тэрүүхэн хавилдуу нэг сэжим байгааг гадарлаж байлаа. Хүнд бас юм нь хүрэхгүй байна гэдэг байдаг л бололтой…
Тэндээсээ цаашлан цэргийн бунхан үзэж явахдаа Жийжээ
- Энэ одоо манайхаар юм бол Алтан өлгий гэсэн үгүү? гэтэл
- Бараг л тийм. Гэхдээ эднийх Америк орны төлөө эрэлхэгээр тулалдаж алтан амиа өргөсөн цэрэг дайчдаа л энд мөнхөлдөг. Түүнээс дарга сайд нарыг биш гэх нь Жийжээд мөн л содон сонсогдоно. Энэ мэтээр бараг хагас өдөр явцгаагаад буцах болов. Өдөр ирэх тусам Жийжээгийн бие нь тавирч, цочиж сандрах нь багасаж байгаа ч нутагтаа байгаа шиг тайван байна гэж юу байхав.
Буцах замдаа тэд явсаар эндхийн хөдөөний айлд ирлээ. Үүнийг л Ухаа ягаан Жийжээд үзүүлэхийг хүссэн аж. Жийжээ нэг их сүрхий хаягийг харж
- Энэ юү гэнэв?
- Жаакийн фаармер гэж байна гэлээ.
- Энэ одоо тэгээд хөдөө газар нь уу? гэх нь ихэд гайхсан шинжтэй. Жийжээ энд бие нь нилээн тавирч нуруугаа үүрэн алхлана. Нилээн том хашаанд хэд гурван адуу байна. “Харваас тоомсогдоо. Харахад биеийн гоёл ихтэй юм. Хөлийн шилбэ энэ тэрийг нь харахад нэг дор их хол явж чадахгүй л болов уу даа чи” гэж бодно.
- Энэ одоо тэгээд хаана бэлчихэв?
- Ердөө л энэ хашаандаа. Бэлчих ч гэждээ. Биеийн чилээ гаргаж, нарлаж л байгаа юм гэнэ.
- Хүнээс дээр эд юм хөөе. Тэгтэл Ухаа ягаан нөгөө хэдийг дуудан цааш нилээн том байшинд орлоо. Мундаг том үхрүүд тэнд байх аж.Ухаа ягаан одоо нилээд сэргэн тэр бүгдийн тайлбарлан явах аж. Мэдээж Урнаа орчуулна.
- Энэ бол махны чиглэлийн фаармер гэнэ. Энд байгаа том том үхрүүд бол ердөө наймаас арван сартай үхэр гэнэ.
- Манайхаар бол хязаалангаас дээш насны л харагдаж байна.
- Тэгээд арван хоёр, гурван сартай болоод л нядалгаанд орох гэнэ.
- Пэй! тугалаараа л байгаа амьтас байна даа хөөрхий.
- Тийм. Тэгэхгүй бол мах нь хатуурна гэх.
- Юугаар тэжээхээрээ ингэж таргалж байна?
- Эрдэнэ шиш, бордоо, за тэгээд бас бус витамин. Гэхдээ энэ чиглэлийн үүлдэр гэж маш чухал үзүүлэлт бий л гэнэ
- Тэр эрдэнэ шиш гэдэг чинь тэгээд хаа ургахав?
- Хаа л бол хаа. Монголд ч цагий нь тааруулж чадвал ургана. Хүн малгүй л дурладаг эд. Доор нь байгаа модны үртэс, зоргодос зэргийг харснаа “чийгий нь ингэж авдаг байх нь” гэж бодсон Жийжээ
- Энэ тэгээд бэлчинэ гэж байхгүй юү?
- Үгүй ердөө ингээд хөдөлгөөнгүй шахам байлгаад, шахаад бордоод байгаам
- Энэ үхрүүд төрснөөсөө хойш өвс зулгааж үзээгүй гэнэ. Ийм үүлдрийн хөлдөөсөн үр бас олдож болдог тухай ч дурдаад авлаа. Жийжээ энэ бүгдийг сонсож явахдаа Ухаа ягааныг овоо амьдръя гэсэн бодолтой хүн байж мэдэхээр байна хэмээн тоов. Тэндээс Жийжээ хоргодон хоргодон гарлаа. Гараад ирсэн нь нэг морь эмээллэчихэж.
- Аав унаж үзэхүү? гэнэ. Догоо л тэндээс
- Зангий нь мэдэхгүй байж ясаа хэмхчүүлчихэв л гэнэ.
Жийжээ ер нь яаж зүгээр байхав мордлоо. Жаахан тойроод явсан нилээн хөнгөн хөлтэй бололтой. Жаахан шогшуулсан нь овогноод болох биш. Бодвол эмээл юмандаа л байгаа юм болов уу. Нэг харсан охин нь айлын эзэнд мөнгө өгч байгаа харагдана. Машиндаа суугаад хөдөлсөний дараа охиндоо
- Чи түрүүн мөнгө өгөвүү дээ?
- Тийм, та морь унасан юм чинь. Энд чинь юм болгон мөнгө шүү дээ ааваа.
- Хн.. Муу туучийг монголд юм бол азрага адуу сэлгүүлж унуулаад гурван өдрийн газар давхиулах юмсан гэлээ. Жийжээ бол харин энийг чадахын дээдээр чадна.
Ийнхүү хэдхэн хоногийн аялал өндөрлөх тийшээ хандаж. Үлдсэн ганц хоногт нь эх охин хоёр дэлгүүрээр баахан таваргаж тэрэнд, энэнд гэсээр барав. Жийжээ харин гарахыг төвдсөнгүй. Цагдаа магдаа санаанд нь орсон байж ч мэднэ…
…Хар хөх өнгийн жийп машин зам хороон давхиж явна. Урт холын аянаас Жийжээ өчигдөр Улаанбаатарт бууж хүүгийндээ нэг унтчихаад одоо Хүрэнтийнхээ хөндий рүү давхиж яваа нь энэ. Хүү нь ажил ихтэй тул энэ удаа тэр хоёртой явсангүй. Догоо явдалдаа ядарсануу яасан нам унтаж, харин Жийжээ үзсэн харсан хийгээд энэ тэрхэнийг эргэцүүлэн бодол болон явна. Урд нь бол толгой нь эргээд л сандраад байдаг хот өчигдөр тэгж нэг их сандраад байсангүй. Харин ч буцаад буух эх оронтой хүн гэдэг ямар сайхан болохыг мэдрэх шиг. Харьцуулах юмтай болсон болоод тэрүү “энэ отын хог шороо, агаар, мөн хүмүүс хоорондын харьцаа нэг л бишээ” гэж урд нь ер анзаарч байгаагүй зүйлээ анзаарсан байлаа. “Нээрээ л хүүхдүүдийн хэлээд байгаагаар энэ улс оронд арай өөр хүмүүс, арай өөр арга барил, бас нилээн сэтгэл хэрэгтэй болсон шиг. Зарим нэг нь юм үзэж сурахаар явсан байхад үлдсэн нэг нь энд ёстой нэг эзэн шиг нь байж байх хэрэгтэй юм байхаа даа. Ер нь тэгээд тэр орныг тэр ард түмэн л өдий дайны болгосон гэдэг. Тэгвэл монголыг бид л авч явах нь гарцаагүй үнэн. За за энэ ч маньд томдсон асуудал. Харин тэр Ухаа ягааны үзүүлдэг фаармер гээч чинь их сонирхол татаад байгаам даа. Нэг үхрийн зардлаар хоёр үхэр тэжээгээд таван үхрийн үнэ хүрдэг бол ч мөн алаад өгвөө. Болохгүй ч юм бас биш шүү. Малын тоо багасаж чанар нь ихсэнэ гэсэн үг. Одоо өвс бэлчээр ховордож байгаа энэ үед би нэг баахан тавцан босгоод хаа холдохов. Жаахан мөнгө хэрэг болно. Хүү байхад учир нь олдох биз. Харин ажиллах хүн л хэрэг болох байх. Малаа барсан улс бий нь ч бий. Арга ядсан улс уг нь хүний аяардуу л байдаг. Гэвч энэ тухай бодох арай эрт байна. От сууринд уг нь газар өмчилж байна л гэж яригдах болсон. Хөдөөгүүрээ яаж шүү өгч байгаа бол. Уг нь энэ голын тохой руу газар нь арай ээвэр, чийгтэйсэн. Тэр эрдэнэ шиш гээч юмаан байг гэхэд тэжээл таривал болохгүй ч юмгүй. Ерөөсөө энэ өнгө өнгийн шилтэй юм байгаа дээр маргаашнаас сумын төв орж сураг ажиг тавинаа” хэмээн бодолдоо улайран явна. Тэгсэнээ “Жийжээгийн фаармер” гэсэн том хаяг нүдэнд нь төсөөлөгдөхөд
- Хээцэс хэмээн өөрийгөө шоолон жуумагнана.
Толгойгоо тонгосхийн санжигнуулан унтах Догоог харсанаа чааваас даа саяын хэд хоног цай нь холдоод ядраа байхаа даа. Хүүхэд юм үзүүлж байна гээд л сэтгэл нь хөөрөөд ядарснаа ч мэдэхгүй яваа. Бид хоёр ч яахав энд ингэж яваад л насыг барна. Одооны хүүхдүүд доторхоо нээж ярихдаа бидний үеийнхээс хувь илүү болжээ дээ. Бидний үед ч хайр сэтгэл гээчээ тэр болгон хүнд, тэр тусмаа эх эцэгтээ ярих нь байтугай дурсаж ч байгаагүй. Бидний тийм гал халуун хайр энэ тэр ер нь юу байсым бол. Одоо бодоход бид бие биендээ хайртай л байсан байх даа. Гарч орох хоорондоо “өнөө орой ирнэ шүү” гэж хэлчихээд морь тэргэн дээр унтах, унтах юу байхав дээ хүлээж байх чам дээрээ ирж, шөнөжин нялхарч, ярьж хоночихоод өглөө нь их хашир нөхөр мориныхоо нойтон хомоолыг ийш тийш нь тараахаа мэдсэн хэр нь морин туурайгаар өглөөний мянга мянган шүүдэр өшигчүүлэн гэр лүүгээ зурайсан жим үлдээгээд явчихдаг байж билээ. Мөн ч нялхаараа байж дээ. Тэнд л бидний хайр байсан юм байхаа даа. Нээрээ л бидний юм бүхэн өөр юмаа.
Эцэс төгсгөлгүй мэт үргэлжлэх энэ хөдөөний амьдрал бидэнд, дамаан монгол хүүхнүүдэд маань даана ч нэг хүнд юм даа.
Гүүгээ тавьчихаад, сүү сааль татрахаар энийгээ нэг сувилалд явуулъя байз. Тэр үеэр цай хоолноос өөр базаалтай ажил байх биш. Учиргүй цагийн сайхан биш ч гэсэн яахав дээ.
Нутгийн захад орж ирэх тусам Жийжээгийн бие бүрэн тавигдаж, бодол санаа нь эзнээ олох мэт уужирч нутгаа хараачлан явна. Хадатын арын хунхуйд ганц хүн ганхан, ганхан өвс хадаж зогсоно. Түүнийг харсан “Ишш! Лутаа шив дээ. Энэ муу хүү ч гэсэндээ хүний үгээр амьтан. Алийн болгон миний аяийг харахав. Хэдэн мал тасалж өгөөд бэлчээр захлуулан нүүлгэе байз. Ганц өдөр өөрийнхөө дураар малаа бэлчээж, ганц орой ч болов адуугаа өөрийнхөө санасан зүгт гилэг. Ухаа ягааны хэлдгээр энэ хүү ч гэсэн нэг л удаа амьдарч байгаа шүү дээ. Харин ч охиныг минь хайрлаж хүндэлж байна” хэмээн бодно Жолооч хархүү
- Жийжээ гуай овоон дээр буухуу?
- Тэгье хүүхээ.
Тэд бууцгаалаа. Богинохон хугацаанд туулсан урт холын аянаас нутгийн овоонд дөрөө мулталж байгаа нь энэ. Намрын сэвшээ хонгор салхи сэвэлзэн хацар нүүрийг санасан мэт сэвэлзүүлэн илбэнэ. Жийжээ ийм газар ер нь эй сий-гээр яах вэ дээ гэж санана. Хүрэн толгойт өвсөө найгуулан ганхах Хүрэнтийн хөндий хүүгээ хүлээх мэт гуниглан байснаа гэнэтхэн сэв сэв салхилж хаанаас ч юм гарсан хэсэгхэн үүлнээс хэд гуравхан дуслаад авав. Эцэг өвгөдийнхөө өвлүүлж үлдээсэн энэ газар нутаг эрхгүй бие сэтгэлд нь уяатай байдгийг сая мэдэрсэн Жийжээ “энэ нутагт л би төрж, өссөн. Энэ хөндийдөө л би уусан шингэнэ дээ” гэж бодохын зуур түүний жижигхэн бор нүднээс уярал хайрын ганц нулимс гарч алгуурхан доошлоно. Хүн байх ёстой газраа л байсан нь дээр байдаг аж. Энэ бүгдийг ажсан мэт Догоо
- Өвгөөн одоо хөдлөхүү дээ. Жолооч хүү арагшаагаа яарч байгаа гэсэн гэж аядуухан дуугарав.
- За тэгье дээ гээд Догоогийн гараас татан бослоо. Амьдралд сайхан юм их бий…

Гэрийн гадаа машаан тоос татуулан ирж зогсоно. Машаанаас буусан Догоо гоё ганган хувцастайгаа хөл дор шахуу таарсан хөмөрсөн тогоог авч цааш нь гадаах зуухны арлуу тавиад, эргэхдээ газар унасан саврыг авч гэрийн хошлонд хавчуулж харагдана. Жийжээ ч ялгаагүй хойд арлуу саравчлан нэг хүүхдийг Лутаа руу явуулах гэснээ
- Хүүе өвөө нь үнсээгүй билүү гээд үнсэж.
- Ирээд эмээгээсээ чихрээ аваарай гэнэ. Хойд гэрээс хүүхдүүд гүйж яваа харагдана. Машинаас буусан даруйд л эдний амьдрал эгэл жирийнээр цааш үргэлжилнэ...
Төгсөв.

16 comments:

ganga said...

"дэлхийг монголдоо тохируулах, монголоо дэлхийн өнөөгийн байдалд тохируулж авч явах" гэсэн үг ихийг бодогдуулам сайхан хэлсэн байна шүү. Ном болж хэвлэгдэхээр нь худалдаж авнаа. Амжилт хүсэев

ariuka said...

yum yumiig bodogduulmaar yostoi saikhan bichjee. gadaadad nyalhaaraa ochson bolon tend tursun huuhduud tani shig etseg ehtei baival tedniig mongol hel soyloo geene gej ailtgui yum baina. tand ajliin bolon uran buteeliin undur amjilt husey

бж said...

Yamar hurdan duuschihvaa, gehdee mash saihan tusgsul... Unshsan chini dotor neeh saihan ch yum shig, gunigtai ch yum shig, yum yum bodogdood hachin bainaa. Neeree yum uzej nud tailna gedeg l bolloo sh dee, Jiijee guai, Dogoo egch 2-iin huvid. Heseg hugatsaand ene hoyortoi hamt amidarchihsan chini bur ertnii tanil ch yum shig ih dotno sanagdaad... odoo ch neg hesegtee l uguileh baih daa. Gehdee dahin dahin unshij uulzaj bainaa...
Urnaagiin yaria mash ih zuil bodogduullaa. Olon zuv zuitei sanaa, boduushtai zuiliig ohinii yariagaar ilerhiiljee. Chinii bodoj baigaa shig amidral uzej, uhaan bodol ni tegshirsen surhii zaluuchuud gazar saigui baigaa gej bodoj yavdag yum.
Yamar ih taalagdaj, setgel hudulj baigaagaa gargan heleh, ilerhiilehed ug dutagdaad bainaa. Yutai ch gesen maaash ih bayarlalaa l gej helye. Tsaashid olon olon saihan buteel tuurvil hiij bidniihee melmiig myalaaj baigaarai. Amjilt huseye.

peakfinder said...

Uneheer bidend bodoh yum ih baigaa shuu.
Hun yum uzej nud tailahiin ach holbogdliig bas ih saihan haruuljee.
Dahaid ihiig bicheerei.

БЭ said...

Аяаяаяа, за юутай ч нэг төгслөө, тэгэхдээ бас л арай л өөрөөр төгсөх мэт санагдаж байсан. Бага зэрэг товчилчихоо юу даа. Жийжээгийн наанатай цаанатай юмны учирыг ухаж боддог жинхэнэ монгол эрийн гүндүүгүй зан маш их таалагдлаа. Гаднаа бие жижиг ч Жийжээгийн дотор эмээлтэй хазаартай морь багтаастай л явдаг юм байна. Хүний дээд болсон хар цагаан санаагүй сэтгэл зөөлөнтэй Догоогийн дүр, ах захаа хүндэлдэг илүү дутуу үг хэллэггүй ажилсаг Лутаа, Гадаадад хүнтэй суусан ухаан билэг охины дүр гээд л олон сайхан дүрүүд байна. Охины аавдаа хэлсэн үгнүүд да ялангуяа олон зүйлийг тунгаахад хүргэв. Бумаа ахдаа баярлалаа, таны уран бүтээлд улам их амжилт хүсэе!

Eric said...

Би өглөө болгон ажил дээрээ ирээд хамгийн түрүүнд шалгадаг зүйлсийн нэг бол таны бичлэгүүд болоод байна. Шинэ бичлэгийг чинь уншаад маш сайхан сэтгэгдэл төрөн авьяас, чадварыг тань бахадхын зэрэгтцээ яг л эх орондоо очсон мэт сэтгэгдэл төрдгөө нуух юун. Гэхдээ бас тэрэнтэй зэрэгцээд уншаад яг дууссаныхаа дараахан өдөр, тутмын амьдралдаа эргэн ороход нээх тийм нэгэн танихгүй орчинд эргэн ирсэн юм шиг мэдрэмж төрдөг юм. Тэр үедээ цонхоор харангаа хэдэн хором бодлогшрон суухад сайхан Монгол эх нутгаа ямар их санадаг гээч. Гадаадад байгаа Монголчуудынхаа сэтгэлийн утсыг хөндөж, бас тэгээд олон зүйл бодогдуулсан ийм сайхан өгүүллэгүүд бичсэн Таньд баярлалаа.

Ирээдүйн уран бүтээлд тань амжилт хүсье!

Жаагий said...

Олон талаас нь харуулсан сайхан өгүүллэг байлаа. Буцаад ирэхэд салхи нь үнсээд угтах эх оронтой байхын жаргалаа гэж...

Arsun said...

Сайхан юм аа. Хvлээх ч бас сайхан шvv. Жиижээ, яах бол гээл. Уран бvтээлийн өндөр амжилт хvсэн ерөөе. Баярлалаа.

бж said...

Bumaa, Ganga-iin blogt blog ezemshigchiin zuvshuurulteigeer comment ni il haragddag tiim tohirgoo hiisen yum shig baisan. Bicheed publishdsan bol heseg hugatsaanii daraa garaad irdeg yum bilee. Shuud publishdsanii daraa bol haragdahgui. Zarim Anon-uud heregtei hereggui comment uldeedgees bolj tiim tohirgoo hiihed hursen baih.Chinii comment odoo orson baihaa. Shalgaad uz dee.

бж said...

Com-t chini orchihson baina.

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

Хаа байгаа Хүрэнтийн хөндийгөөс богинохон хугацаанд маш хол явж, маш ихийг үзэж чадсан Жийжээ Догоо хоёртой минь үргэлж хамт байж, инээх цагтаа ниээж, харамсмаар үед нь өрөвдөж цаг үргэлж цугтаа байсан (уншсан) та бүгддээ маш их баярлалаа.

gegeen said...

oo eniig ta bichsen yum u. usa-n mglchuudiin web-r sonin.mn-r tarchihsan bn lee. bi bas iim marzan yum haaya unshih durtai. ingej bichij chadahguigees hoish unshaad l ineegeed l baij baihaas. amjilt shuu

Anonymous said...

хэхэ...өнөөдөр л уншиж дууслаа...Хүний амьдарлын хэсэгхээн хугацааг олон талаас харуулсан сайхан бичлэг болжээ....

Anonymous said...

dashka: Sayahanaas medeed bugdiig n unshij baigaa, gehdee setgegdel bichij amjaagui shunaad l unshaad baisan. Ene Jiijeeg unshsan chin goyo sanagdaad, duusgachihaad bichjiina. Ehleed baahan ineelee suuld n neeh saihan amisgaa avaad goyo duuschiinoo, tanii uran buteeld amjilt husie :)

Badman said...

Үнэхээр агуу зохиол байна шүү. Хамаг ажлаа хойш нь тавьж байгаад л бүтнээр нь умшиж дуусгах шив.

NRG said...

Estoi yanztai bailaa. Eej aav eh nutgaa sanachihlaa. Uneheer amidraltai oguulleg bn. Olon shan buteel gargaarai. Amjilt husie