# #

Хөтөл давсан монгол - 2 (Өгүүллэг)


“Эдний мал ер нь бидэнд ямар хамаа байнаа” гэсэн янзтай Шүр байж ядан дороо хавчигнан зогсоно. Хурдхан шиг туслаад өгчихгүй гээд адгаж байгаагий нь Тогтох бол гадарлаж л байгаа. Тогтох тэднийхний малыг харчих санаатай ийш тийш хараачлан шингэж буй нарны доогуур саравчлахад түүний бодлыг таах мэт залуу
- Хэдэн хүүхэд малтайгаа урдуур яваа. Газар нь арай цагаан юм. Бид хэд түрүүлж очоод төвхөнчих санаатай яваа ухаантай. Мөдхөн нар унах нь, гэгээтэй дээр гэрээ шовойлгоно байгаа гээд өндийхөд Тогтох юм хэлэх гэж ам нь ангалзана. Хажуугаас нь Шүрийн нүд ам татагнаад сандаргана. Тэгж тэгж Тогтох нэг юм
- Хэрвээ боломж байвал бидэнд туслах арга байна уу? гэж зориг муутайхан хэлэхэд
- Харанхуйгийн ажил бүтэмж муу. Маргааш өглөө тэрэгтэй чинь ноцолдохуу даа гэлээ. Тэр үнэхээр цаг хугацаанд баригдсан шинж алга. Тогтоход хэлэх үг олдсонгүй.
- За тэгье дээ гээд Шүр лүү хартал нүд нэг их эргэлдсэнээ нөгөө залуугаас
- Бид нар уг нь жаахан яаруухан яваа юм л даа ахаа. Боломж байвал одоо гаргалцаад өгөхгүй юу? гэтэл
- Одоо энэ бүрэнхийд тэмээ мал үргээд сүйд болноо. Манай энэ хэд машин техник бараг үзээгүй мал. Тэгээд ч та нар энэ харанхуйд жаахан ийшлээд л суучихвал хэн та нарт туслах юм. Өшөө дахиад хэд ч хоноо билээ, тийм үү дээ? Айн? гэхэд түүний үг үнэний хувьтай тул хэлэх үг олдсонгүй. Цэнхэр дээлтэй бүсгүй нөхрөө даган босож, хормойгоо гөвөөд тэмээнүүдээ ээлж дараалан сөөглөн хэвтүүлэхийг харсан бага хүү нь
- Ээжээ, ээжээ тэр эгчийг хараа. Тэмээнүүдэд нэг үг хэлээд бүгдийнх нь хөлийг нь нугалаад суулгачихлаа. Циркийн тэмээ юм шиг байнаа гэж хашгирав. Машин руугаа явж байсан Тогтох хүүгийнхээ өмнөөс нүүр нь улалзавч харуй бүрийд үл мэдэгдэнэ. Хүүхэн залуу хоёр ч олон юм ярилгүй хомноотой ачаагаа буулгаж эхлэв. Хэвтсэн тэмээний хоёр талд гаран тэнгийн ачаанаас уруулаа хагас зуумар болоод сэвхийтэл өргөх бүсгүйг харж зогссон Шүр гайхсандаа амаа ангайн гөлрөнө. Гэтэл голын хүрэн тэмээний тэгнээтэй ачаанаас хоёр хүүхэд шовос гээд гараад иртэл тэгнэ чинээ саналгүй харж зогссон Шүр нүдэндээ итгэсэнгүй цочсондоо
- Эжий минь ээ! гэж муухай хашгиран арагшаа ухасхийхэд хоёр хүүхэд нь даган хаа нэг тийшээ зугатав. Тэдний дуунаар тэмээний толгой ольсхийж, морьдын чих солбилзов. Халтар нохой хоолойгоо хүржигнүүлэн хаашаа хамаагүй хуцах аядав. Яг энэ үед машинаасаа майхан саваа авчирч байсан Тогтох санаа нь зовсондоо Шүр лүү хяламхийж
- Аятайхан бай л даа чи одоо гэж шивнээд
- Алив надад туслаач, майханаа барья гэлээ.
Ачаатай арагнаас гарсан хоёр хүүхэд гадны улсаас бишүүрхэн эцэг эхийгээ тойрон хэсэг байзнаснаа хүүхэд л юм болохоор сониучирхан Тогтохын хоёр хүү рүү аажим аажимаар дөхнө. Том нь Тогтохын багатай ойролцоо болов уу. Бага нь бүр бага ажээ. Үсийг нь хусаад жаахан согсоо үлдээчихсэн нь үдшийн намуун салхинд сэвэгнэн хийснэ. Хоёулаа ув улаан хацартай, энгэр нь халтартсан дээлтэй. Бага нь баадай өмсчихөж. Нусаа шур шурхийлгэн татаж, үлдсэн хэсгийг нь гарынхаа араар шудрах тэр хоёр амьтан хорголон хар нүдээр тэднийг цоолчихвий гэмээр гайхан ширтэнэ. Тогтоход бол хөөрхөн л юмнууд харагдана. Тогтох ч гэсэн багадаа ийм юмнуудын л нэг байсан байж мэднэ. Тогтох Шүр хоёрыг майханаа барих гэж уяа бүч, тулгуур багана гээд элдвийн олон төмрийнх нь учрыг олох гэсээр байтал нэг мэдэхнээ нөгөө эр эм хоёр идээ цагааны бололтой багавтар бор гэрийг аль эдийн босгочихно тэр. Тэр хооронд ажил нь бүтэмж муутай, хээр гадаа хонож яваадаа багтарч ядах Шүр
- Чамаас болж хээр хонож, үзээгүйгээ үзэх нь. Машин барьж чадахгүй юм бол үхсэнээ хийж наашаа явсан юм. Алив өнөөх миний нутаг, төрсөн газар орон гээд л үхчих гээд байдаг. Ганц судаг тойроод гарчихаж чадахгүй. Энэ хоёр хүүхэд ч гэсэн шумууланд бариулж гүйцлээ. Шөнө зүүдлээд унтахгүй ээ одоо . . . гээд л зай завсаргүй үглэдэг нь болов.
- Чи ингэж яншаад байхаар эндээс түшиж байгаа ч гэж нэг багана түшүүлэв. Тэдний тод өнгөтэй эрээн майханаас тэмээ мал үргэн сортолзож, эзэн нь хашгирч гууглан малдаа чимээ өгч байгаа харагдана.
Ийнхүү хот хөдөөгийн хоёр айл Дөмөнгийн хөндийд хоноглох болов. Нар аль хэдийн шингэжээ. Толгой хорогдох оронтой болчихоор хэн хүний сэтгэл жаахан тайвширдаг юм хойно доо. Нэгэнт энд хонох нь тодорхой болсон тул Шүрийн үглэх бага зэрэг татрав. Хүүхдүүд ч гэсэн хэдийгээр хоёр хоёроороо хуваагдсахийн байгаа ч бас ч гэж бөөндөө шүү. Эв нь таарвал тоглочих санаатай. Тогтохын бага гүйж ирсэнээ ээждээ
- Ээжээ тэр хүүхдийг хараа боовоо гаргачихаж
- За за айлын хүүхэд ямар байх нь ямар хамаатай юм гэснээ Тогтох руу харж
- Нээрээ ялаа шумуул идчихдэггүй л юм байхдаа. Ядаж л шороо тоос гээд хэцүү л баймаар юмаа гэхэд
- Хөдөөний хүүхдүүд ингэж л хүн болдог юм шүү дээ. Харин чи цаана чинь чихэр ёотон байвал эдэнд өгөөч гэлээ. Шүр сая гэнэт санав бололтой цүнхээ ухан атга атга чихэр хоёр хүүд өгөв. Өөрөө хүүхэдтэй эх хүний хувьд иймэрхүү юманд Шүр харин нэг их юм яриад байхгүй ээ зайлуул. Хүүхдүүд хувиа аван гэрлүүгээ гүйлдэнэ. Бага нь ганц нэгийг унагаав бололтой эргэж буцан тонголзоно. Тогтохынх хиам талх гээд бэлэн юмаар хооллов. Дөмөнгийн хөндий тэр чигээрээ нам гүмхэн. Дэлгээтэй орхиосон тэмээн хомноо, тэнгийн ачаа, чөдөр тушаа гээд цаашлаад униар татсан хөндийн тэрүүхэн тэнд идээшлэх хэдэн тэмээ, чөдрийн хоёр морь гээд нүдэнд торох бүхнийг майхны амаар харан суухдаа Тогтох
- Хөдөө нутгаа гэж мөн ч сайхан байгаа юм шүү. Монгол гэдэг маань энд л нэг жинхэнэ утгаараа байгаа юм даа гэж юунд ч юм санаа алдан хэлэхэд
- Хн! Ёстой чиний л монгол байхдаа. Гэрэл цахилгаан ч үгүй, ус унд ч байхгүй юу нь тэгтэлээ сайхан байгаа юм? гэхэд
- Чи ойлгохгүй ээ гэж Тогтох сунжруулан хэлээд
- Чи харахгүй байна уу? Тайван амгалан, хүмүүс нь ч гэсэн хүнээрээ. Яриа хөөрөө нь энгүүн элдвийн буруу зөрүү бодолгүй. Хүүхнүүд нь ч гэсэн дээ олон үггүй, байгаагаараа гэтэл Шүрийн юм нь хөдлөөдөхөв
- Үгүй ээ ерөө. Чи ч тэгж л бодож байгаа л даа. Нэртэйгээр нь намайг нэг гандсан дээл эгэлдрэглүүлээд, цагаан ултай эмээгийн гутал өмсгөчих. Тэгээд амаа хамхиад, пад хар царайлаад яйжийгаад сууж бай гэл дээ чи.
- Чи наад амаа. Хүн сонсчихвол яана. Юунд ингэж хэрүүл өдөж байдаг юм гэхэд Шүр сэхээ авав бололтой
- Тэгж байгаа, тэгж байгаа чи. Би ер чиний дотор чинь сууж байгаа юм шиг мэдэж байна. Энэ хүүхэн шиг болчихоосой гэж чи хүсээд л байгаа байлгүй гэж шивнэж үгэллээ.
Харин нөгөө айл хээрийн цай буцалган ааруул өрөмхөн хөвүүлэн цайлж хонох шинжтэй. Хоорондоо юу ч юм ярилцан дүнгэнэж, залуу үе үе хүг хүг инээж, хүүхэн ч гэсэн ямар нэгэн юм тасралтгүй ярьж байгаа нь бүдэгхэн сонсогдоно. Гэтэл Шүр гэнэт юм санасан шинжтэй
- Тогтохоо, эд нар гайгүй байгаа. Шөнө биднийг сүйд хийчих юм биш биз дээ. Янз бүрийн юм сонсогдоод л байдаг шүү гэж шивнэн асуухад
- За юү гэждээ. Чи ер нь яасан хачин юм боддог юм. Монгол хүн чинь уг нь цоожгүй хаалгатай, хоёргүй сэтгэлтэй сайхан ард түмэн байсан юм шүү гэснээ цааш нь юу ч гэж яриад нэмэргүйг мэдэх тул хий дэмий л санаа алдаснаа
- Харин энэ залууд ганц шил юм задалдаг юм билүү гэхэд
- Юү гээд солиороод байгаа юм бэ. Согтуу хөлчүүдээ яадаг ч юм билээ. Аягүй бол орвонгоороо . . . гэснээ үгээ тасалж долоовор хуруугаараа хоолойгоо зурж үзүүлээд
- Ингүүлчих ч юм билүү гэхэд Шүрийг харсан Тогтохын инээд ч хүрэх шиг, уур ч хүрэх шиг. Хоёр нүдээ алаглуулж ирээд үнэнээсээ хэлж байгаагий нь бодохоор өрөвдмөөр ч юм шиг. Миний санаж байгаа энэ хүний бодож яваа хоёр тэнгэр газар шиг ялгаатай юм даа. Харсаар байтал өөрсдийгөө ингэж өөрчлөгдөж байгаагаа бодохоор юунд ч юм бухимдмаар.
Тэрээр майханаас гарч, гадаа орчныг ажин тамхилан зогсоно. Уг нь сар хээр хоносон сайхан шөнө санж. Гурван тэмээ, хоёр адуу тэрүүхэн тэнд идэшлэн байгаа нь тодхон харагдана. Морьд сүүлээ шарваж, хаа нэг тургилна. Тэмээний буйл бурантаг хүртэл сэртийж сүүдэртэнэ. Тэр ч байтугай өвсний толгойд бөнжигнөх шүүдэрс сарны туяанд гялтаганах нь илхэн. Замын явдалдаа ядарсан уу яасан нөгөө залуугийнх лаагаа унтраагаад төдөлгүй хурхирах дуу тэдний нимгэн гэрээс тодхон дуулдана. “Уг нь бид хот, хөдөөгийнх л болохоос ойролцоо насны нэг үеийн залуус. Ийм сайхан нутагт таарсан замын улс байна сайхан сэтгэлээр бие биендээ хандаж, байгаа байгаа орчныхоо тухай ярьж хөөрч, ганц нэг зуу татсан шиг хоносон бол. Даана ч манай энэ гэж шазав татав хийгээд юун ярьж суух манатай. Эд ч гэсэн дээ хөөрхий өдөржин морин дээр агсагдаад ядарсан ч байхаа даа. Хөдөөний амьдралаа гэж нэгэн бодлын бас л хүнд шүү. Дуу шуу багатай мөрөөрөө улс байх шиг байна. Тэр муу эхнэр нь ер нь ганц үг хэлэв үү? Үгүй л байхаа даа. Эсвэл би анзаарсангүй юү. Би ч гэж би. Миний чихэн дээр Шүрийн дуу л хадаад байхаас өөрийг ч бараг сонсохгүй болчихож дээ. Эмэгтэй болгон манай Шүр шиг байвал энэ хорвоо ертөнц ер нь юу болох бол” хэмээн бодсоноо айл болгонд Шүр шиг хүн байна гэж төсөөлж бодов бололтой инээмсэглэн толгой сэгсрэв. Тэрээр тамхиа таатай нь аргагүй сороод тэнгэрт анивчих оддыг ширтэн зогстол майхны амаар Шүрийн толгой цухуйж
- Хүүеээ! Үлийгээ хийгээд гадаа зогсоод байгаа юм бэ? Орж унтаач. Өдөржингөө энэ ямбий машинд чинь сэгсрэгдээд нуруу тасарчих гээд байхад гэж Шүр шивнэн зандрав. Тогтох айлын улсыг сэрээчихвий гэх дээ хурдхан шиг майхандаа шурган орлоо. Шүр тэр үүдэнд юу ч юм хийж майхны амтай ноцолдож байгаад эргэж Тогтоход наалдан хэвтээд
- Яанаа зүгээр байгаа?
- Яав л гэждээ. Сайхан монгол хүмүүс л байна.
- За за монгол монгол гээд ойрдоо солиороод байх юм. Бид монгол биш юм уу? гайхуулах гэж зүгээр гэхэд Тогтох уртаар санаа алдан
- Бид монгол биш болжээ гэдгийг өнөөдөр л сайн ойлгож авлаа. Өнөөгийн бид нар нэгэн бодлын ичмээр ч юмаа даа гэхэд
- Үгүй ерөө чи тэгээд нэг хятад авгайтай зовж яваа амьтан юм биздээ гэхэд Тогтох эхнэрээ шоолонгуй инээмсэглэж “Тэмээ гэхээр ямаа гэдэг янзын амьтан шүү. Юу ч гэж хэлээд ойлгохгүй хүнийг яалтай ч билээ дээ” гэж бодсоноо
- Шүрээ, Чи тэр хүүхнийг энэ орой ер нь ам ангайсныг үзсэн үү? гэтэл
- Харин тийм. Ер юу ч ярихгүй юм. Бидэнтэй мэндэлсэнийг бодоход хэлтэй л баймаар юм. Аягүй бол энэ нэг хар юм нь олон юм ярилаа гээд уурладаг юм болов уу. Хөөрхий манай энэ хөдөөний хүүхнүүдэд гэж гэр бүлийн хүчирхийлэлд автсан улс. Эдэнд жендэрийн асуудал үнэхээр хэрэгтэй байгаа байхгүй юу гэж Шүр нэг их ухаантай царайлахад Тогтох түсхийтэл инээд алдчихав.
- За үхсэндээ хүн шоолсон юм. Хорвоо дээр ганцхан чи л ухаантай нь юм уу? гэж Шүр уурлах тунирхахын завсар хэлэв. Тогтох инээдээ барьж ядан жуумагнана. Үгүй бас тэгээд хурал дээр илтгэл тавьж байгаа юм аятай майхны дээвэр лүү жижигхэн могжгор гараараа савчиж ирээд л “жендэр жендэр” гэсний нь бодохоор инээд нь хүрээд болох биш. Уг нь Тогтох шал өөр юм бодож байсан юмсанж. Хэлэх ч үг олдсонгүй. Шүр түүний харцаараа ширвэж
- За за юун айлгүйтчихсэн юм. Ангалзаад байлгүй унтаж үз. Аягүй бол маргааш үүлгэртэж явж бас нэг юм руу ороод хээр хонох юм болно зүгээр гэсээр Шүр тонтогонон цааш эргэлээ. Тэгтэл майхны хаяагаар нэг амьтаны амьсгаадан уухилж, шиншлэх чимээ гарахад Шүр байдгаараа сандран
- Яанаа. Хэлээгүй юу. Энэ гадаа хүн байнаа. Ингээд үхдэг байжээ гэж шивэгнэн айсандаа Тогтохын суганд шигдэв. Тогтох жаахан чагнаж байснаа
- Эдний халтар нохой байнаа. Чи цаад хүүхдүүдээ сэрээчихэв гээд чих тавин чагнаж байгаад хэн хэн нь нам унтжээ.
Нэг мэдсэн чинь морь малын чимээ гараад, майхны гадаа хүн хоолой засах дуунаар Тогтох сэрэв. Нар аль хэдийнээ мандсан бололтой майханд гэгээ татаж, битүү халсан майханд нам унтсан бололтой. Майхны наран талын дээвэр дээр шөнөдөө бээрч хоносон ялаанууд далавчаа хавиран дүнгэнэлдэн сууцгаана. Тогтох нүд нь аниатай шахам амьтан гарах гэж майхныхаа амны цахилгаантай ноцолдоод болдоггүй. Сайн хартал нэг муу хумсны толион чинээ шар цоожоор цоожилчихож.
- Еээ! . . . гээд Тогтохыг мунгинаж байтал Шүр араас нь
- Май энэ түлхүүр аваач мангараа
- Үхсэнээ хийж түгжсэн юм гэхэд Шүр
- Яадгийн яадгийн гэж хөнжлийн завсраар шазав татав хийнэ. Өглөө нүдээ хуулаад л хэрэлдэх маягийн юм болов. Майхан дотроо түнтэгнэж түнтэгнэж нэг юм гарч иртэл яг хажууд нь нөгөө залуу гайхсан янзтай зосгож байв. Тогтохын ичсэн зовсон гэж юүхэв. Нүүр нь шатах шиг болж халуу дүүгнэ. Ичсэндээ хий дэмий л
- Манай энэ хүүхдүүд . . . гээд үгээ гүйцэж чадсангүй ээрэн түгдэрсэнээ инээмэр аядав. Тэд аль хэдийнээ босоод бүр гэр бараагаа хүртэл хураагаад ачаалахад бэлэн болжээ. “Хэдий завандаа вэ” гэж бодохын сацуу нар гартал унтсан өөрсдөөсөө баахан ичив.
- За хө эртхэн танай машиныг гаргах уу даа. Бид ч гэсэн газар дөхөхгүй бол бас зайтай гэсээр том хүрэн атаа хөтлөөд ирэв. Тэрээр суран аргамжаагаа хуйлан мөрөндөө өлгөжээ.
Тогтох сандуу мэндүү гутлаа угалж, яваан дундаа цамцаа өмсөнө. Залуугийн дэргэд явахад түүнээс хээрийн нар салхи хийгээд гандмал даавууны үнэр ханхлана. Хүрэн ат шөнөжин идсэнээ хивж ногооны үнэртэй халуун амьсгаа нь тэр хоёрын ар дагзанаас мэдрэгдэнэ. Төдхөн намгарахаг газар тэмээн тавагны хэлбэрээр хонхойн ус шүүрэн тогтож, гишгэгдэлд налсан зөөлөн ширэг өвс ширхэг ширхэгээр сэрийлдэн босно.
Муу саарал тэрэг нь шаварт нэг хоноод бүр өнгөө алдан нурмайж харагдана. Өчигдөр шавраас гаргах гэж байгаа нь энэ гээд баахан хольхуулаад, шавраар будаад хаясандаа тэр байх л даа. Шавар луу яаж оръё доо гэсэн шиг Тогтохыг гишгэж ядан шавар тойрон алцагнаж явтал нөгөө залуу түрийтэй том гутлаараа шал пал хийлгэн туучуулаад явж орчихов. Авч явсан сурныхаа үзүүрээр машины урд талаас гогцоолдон уяад битүү үзүүрийг нь тэмээнийхээ хэнхдэгээр ороон урд бөхнийх нь урдуур зөрүүлэв. Тэгээд
- За хө машинаа асаагаад тэмээг зүтгэхлээр дэмнээд өгөхийг бодоорой хө. Гарчих байхаа гэж амгалан нь аргагүй хүнгэнүүлэн хэлэв. Тогтох ч яахав дэгэн, дэгэн гэж гүйсээр машиндаа сууж мотороо асаагаад залууг тэмээгээ ороолгонгуут даган хаазлав. Дугуйн эргэлтээр ус шавар сарр сарр хийн ийш тийш цацрав. Тэмээ ч эхэндээ үргэж цовхчоод учраа олсонгүй юү эхний оролдлого болсонгүй. Дараагийн удаа Тогтох нэг киноноос санаа авч тэмээг зүтгэнгүүт сигналаа дартал тэмээ цочсондоо хоёр овгос гээд л гаргачихна тэр. Тэмээний араас чирэгдэн хэсэг явахад машины дугуйнд шавар хавирах нь сонсогдоно. Залуу сураа тайлж, хэсэг бусаг шаврыг нь ханцуйгаараа шудраад алдалж татан эвхэнэ. Сурны дотор талаар шар хальс нь шаргалтаж, тос даан харагдахыг бодоход энэ жил идээлж элдсэн шинэхэн сур бололтой. Сурны үзүүр ончирч зангирсаныг залуу адууных шиг иржийсэн тагжгар цагаан шүдээр хэдхэн зулгаагаад тайлчихав. Түүний аманд сур идээлсэний шорвог шүүс амтагдав уу гэлтэй жаахан ярвайсхийсэн ээ нулимж байгаа харагдав. Тэгэхэд Тогтох “Яасан сайхан шүдтэй юм. Уулзсанаасаа хойш анзаараагүй юм байх чинь” гэж хаа хамаагүй юм бодож зогсов.
Машин гаргахад нэг их цаг орсонгүй. Тэднийг эргээд иртэл Шүр хүүхдүүдтэйгээ дөнгөж майхнаас гарч ирж байлаа. Шүр машин гаргасаныг хараад
- Өө! ингээд л болчихно энэ үү? гэж царай нь гийхийг бодоход баярлаж байгаа нь илт. Тэгсэнээ гэнэт хувирч
- Энүүхэний төлөө хөдөө нэг хоночих гэж Тогтох руу нүд буландав. Тогтох харин энэ удаа нэг эр хүн шиг
- Алив цаанаасаа нэг шил архи, дүнсэн тамхи, талх боов юу байна нэг уутанд хийгээд аль гэж нилээд шийдэмгий дуугарсан тул Шүр ч олон юм ярилгүй гаргаад ирэв. Тэр хооронд залуу аль хэдийн хүрэн атаа ачаалчихав. Тогтох түүнийг авч
- За хө! замд таарч их тус боллоо. Энэ нэг жаахан чихэр боовхон. Хүүхдүүддээ өгөөрэй гэхэд залуу авч өвөртлөөд
- За гялайлаа. Та нар одоо гэрэл гэгээтэйд алзахгүй бизээ. Сайн яваад хүрээрэй гэлээ.
Чихэр боов гэх сургаар аль хэдийн тэмээнд тэгнэгдсэн арган дотроос халтайсан хоёр юм шоволзож, хорголон хар нүдээ гялтагнуулан харах нь хөөрхөн гэж. Шарга морьтой бүсгүй мөн л чимээгүйхэн инээмсэглэн
- Баяртай сайн яваарай гэж цорын ганц бүтэн өгүүлбэр хэлэв. Ийнхүү бяцхан жин хөдөлж, тэдний хажуугаар өнгөрөхөд хүүхний унаж явсан шарга морь хамар амандаа орох ялаанаас төвөгшөөн тургив. Тогтохын хоёр хүү бондогосхийн цочиж ээж рүүгээ ухас хийснээ том хүү нь эргэн харж
- Тэр морь нулимаад байна ааваа гэж авлаа. Тогтох хүү рүүгээ нэг үг хэлэх гэснээ “Үгүй ээ бид гэж нэг иймэрхүү монголоо алдчихсан янзтай байхад энэ хүүхдүүд арга ч үгүй юм байхаа даа” гэж бодон хүүгийнхээ мөрөн дээр гараа тавин жингийн араас харан зогсоно.
- Замын улсад туслаад өгдөг сайн улсууд байна шүү гэж Шүрийн амнаас анх удаа аятайхан үг унав. Түүнийг нь дэмжиж Тогтох
- Монголчууд гэж иймэрхүү л улс байсан юм. Одоо ч ийм улс ховордоо. Зүгээр хот орон газрын хүмүүс таарсан бол шан харамж нэхэх байсан биз гэхэд Шүр
- Бид сая тэгээд хөлсий нь чамгүй л өглөө шүү дээ. Үүнээс илүү яадаг юм
- Тэр чинь үнэ хөлс бишээ хө. Сэтгэл юм шүү дээ. Хөлс. сэтгэл хоёрын хооронд ялгаа их бий гэж Тогтох шүүрс алдан хэлэв. Морьд тургилж, тэмээд гув гув дуугаран хэзээ очих газраа хүрнэ дээ гэмээр аажуухан цаашлана. Энэ бяцхан хөсөг, энэ гэр бүл тэр чигээрээ энэ хөндий, энэ байгалийн нэгэн хэсэг мэт зохицон харагдана. Харин энэ төмөр машин, майхан сав, тэдний хувцас хунар гээд хэтэрхий тод, хэтэрхий хүйтэн эдгээр юмс лав байгалийнх бишээ.
Яагаад ч юм бүү мэд тэдний араас харахад Тогтохоос нэг л юм салгаад аваад явчих шиг хөнгөн гунигт автана. Тэгсэнээ тэд сая нэг юм гэнэт ухаан орж майхан саваа хураах юм болон бужигнаж эхлэв. Хүү нь тэдний яриаг чагнаж байсан бололтой аавдаа ирж
- Ааваа тэр хүмүүс жинхэнэ монгол хүмүүс юм уу? гэхэд Тогтох өөрийн адил европ хувцас өмсөж, шавар тогтсон пүүз угласан хүүгээ харж байснаа хүүгийнхээ толгойг илж
- За бараг л тийм дээ миний хүү гэлээ. Тэгтэл Шүр тэндээс
- За та хоёр одоо ямар юмны чинь монгол зонгол гээд том том юм ярьдаг юм зүгээр. Чи одоо өөрөө л өвчигнөх мөрөөрөө өвчигнөхгүй хүүхэд уруу татаад. Их бага хоёр нийлчихээд одоо л сүйд болж гэнэ. Энэ юмаа хураагаач. Одоо ингэсээр байтал бас шөнө боллоо. Би л дахиж энэ эзгүй зэлүүд газар чинь унтаж чадахгүй шүү. Ямар чоно нохой биш. Урд шөнө доороос чийг даагаад унтаж ч чадсангүй. Энэ хоёр бөөр салсан байх өө, салсан байх . . . гэх түүний үглээн тасралтгүй үргэлжлэнэ. Тогтох Шүрийг харж нэг толгой сэгсэрснээ. “За за ингэж үглэж л байвал жаргаж байдаг хүн юм байхаа даа” хэмээн эхнэрээ өршөөн бодов. Өөр ч яах ч билээ.
Одоо энэ хөндийн нам гүмийг Шүрийн хаа хамаагүй үглэх, машины төмөр хаалга хап яп хийх чимээ л хаа нэг эвдэнэ. Гэсэн ч цэцэгс цомирлогоо дэлгэн дээшээ тэнгэр өөд сарвайж, тэртээ дээр хоёр жижигхэн шувууд бие биетэйгээ хөөцөлдөн нисэлдэж Дөмөнгийн шинэ өглөө эхэлдгээрээ эхлэх ажээ. Тогтох майхан юмаа хурааж машиндаа хий зуураа бяцхан жингийн хойноос үе үе харц гүйлгэсээр байлаа. Тэд зэрэглээн дунд намилзан цаашилсаар. . . Яагаад ч юм Тогтоход тэдгээр хүмүүс зүүд зэрэглээ ч юм шиг. Эсвэл үлгэр домог нүдний нь өмнүүр хөврөөд өнгөрөх шиг мэдрэмж төрөх нь сонин. Тогтох хамаг юмаа ачаад эргэж хартал бяцхан нүүдэл аль хэдийн Цагаан хөтлийг алгуурхан давж яваа харагдлаа. “Малын хөл гэж хорон юмдаа. Хэзээ хүрнэ дээ гэж бодогдохоор л байсан. Намайг ганц майхан хураах хооронд л тэнд хүрчихэж байна шүү дээ” гэж бодон Тогтох тэнгэр газрын савслага руу орох мэт Цагаан хөтлийг давж буй ганц бараан дурсээс харцаа салгаж чадахгүй байлаа “Урдны улс нэгэн бодлын сайхан байжээ. Хөдөө талдаа эрх дураараа, энэ сайхан байгальдаа эзэн нь болж. Үнэн хэрэгтээ бол нэгэн хэсэг нь байж. Хүмүүс бид хөгжих ёстой л байх. Хөдөөнийхөн маань хэцүүхэндээ хэцүүхэн л байх шиг. Ёстой Шүрийн хэлдгээр жендэрээс авхуулаад юм юм л хэрэгтэй нь үнэн. Гэвч эдэнд маань хүний сэтгэлийн сайн сайхан чанарууд байсаар л байна шүү дээ. Гэхдээ одоохондоо. Өдөр ирэх бүр биднээс холдсоор байгаа бүхэндээ бид авах гээхийн ухаанаар хандах ёстой юм даа” гэж Тогтох, бичигч хүний зангаар болоод өнгөрсөн эсвэл бодогдоод өнгөрсөн бүхнээ базан дотор хүнтэйгээ ярилцана. Түүний шар царайд их холын хүслээсээ үлдэж хоцорсон хүний үл ялиг гуниг сүүмэлзэж Цагаан хөтлийн хэцийг ширтэн зогсоно. Ард нь машины хаалга онгойх чимээ сонсогдож
- Өнөөдөр ингэхэд явах уу, үгүй юү? Ахиад эндээ хонох гээд байгаа юм уу? Юугаа гөлрөөд зогсчихдог юм? гээд Тогтохыг юм хэлэх нь үү гэсэн янзтай хэсэг хүлээснээ
- Өө чихгүй толгой гэх Шүрийн амандаа үглэх нь сонсогдоно. Энэ удаа Тогтох хариу хэлсэнгүй. Тэгтэл хүү нь аавынхаа дэргэд гүйж ирснээ
- Ааваа ааваа! тэрийг хараа. Нөгөө жинхэнэ монгол хүмүүс чинь уул даваад, тэнгэр лүү орчихлоо . . .
- Тийм ээ миний хүү тэд явчихлаа . . .


21 comments:

Anonymous said...

Bayarlalaa hurdhan tavisand..

Togtohiin dotorhiig Temeetei hymyys avch yavad hoosolchihtoi adil bas hoosorchihloo....

Ynendee odoo manai hodooniihon ch bas l mash ih oorhclogdoj baigaa shyy dee.. Byyr hot gazraas als hodooniihon l iimerhyy baij magad.. Gehdee niigmee dagaad hogjih ni yahiin argagyi zov bolovch hulgai zelgiinees avahuulaad hodoonii hymyys ch taivan amidarch chadahaa bolison bna lee.. Yynee dagaad muu sanaa suugaaal... zarim ni hereg tovog hamt hiigeel...

Shyriig harin arai l heterhii yglee bolgochihoj... he he he
Hoorhii amitan nohriinhoo duugaig nohdgiin bolov uu ?? :-P

zuud said...

сайхан зохиол болжээ. Хөтөл давах жингийн цуваатай хамт сэтгэл эзгүйрээд явчихлаа.
Баярлалаа.

Buya said...

сайхан зохиол болжээ.
Шүрийн майхангаа түгждэг дээр нь инээгээд инээдээ бариж чадахгүй эвгүй хоолой амнаас гараад ажилийнхан гайхаж байгаа бололтой хэхэ.
бүр сайхан сэтгэл сэргээд ирлээ.
таны дараагын зохиолыг хүлээж сууя.

Anonymous said...

шүрийг хэтэрхий үглээ болгожэ, эуж үглэж байгаа хэсгийг нь уншихаар жоохон бухимдаад байхын. бусдаар бол ч бууз хуушуур байна.
тэр майхан түгждэг нь бас инээсэн кэкэ

Arsun said...

Huduu yawaad ireh shig bolloo, saihan boljee.

Док said...

гайхалтай. Үнэхээр сайхан болжээ. Нээрээ л Монгол харагдаж байна.

Би нэлээн бага байсан юм. Тэгэхэд Монгол Алтайн нурууг давж нүүсэн өвөөгийндөө очихоор аав, дүү бид 3 машинтай явж байгаад Алтайн нурууны Тамчийн даваагаар давж харанхуйд машинаа шаварт суулгаж билээ. Тэгэхэд аав бид 2ыг харагдаж байгаа айлуудад очиж хоноод өглөө машинаа гаргая гэхэд бид 2 татгалзаж аавыгаа суугаагаар нь хонуулж байж билээ. Тэгээд өглөө нь хэдийгээр 6 сар болох гэж байсан ч битүү цастай тэр газар орйхон байсан айлуудын хүмүүс хүрч ирээд л машиныг аавтай нийлж гаргаад, өвөөгийн гэр хаана байгааг зааж өгөөд бид цааш явсан юм. Хэдий олон жилийн өмнөх явдал ч гэсэн энэ өгүүллэгийг уншсан чинь яг л кино шиг харагдаж байна нүдний өмнө. Тэгэхэд дуудаагүй байхад ирээд тусалсан тэр хөдөөний сайхан хүмүүсийн сэтгэлийг одоо ч бас боддог юм

Док said...

Бас...
Нээрээ одоо Монгол хүмүүс яг л ингэж өөрчлөгдөж байгаа шүү. Хөдөө гэж юу, хөдөөний хүмүүс, амьдралыг мэдэхгүй болж байна улам бүр. Хөдөө одоо ч гэсэн амьдардаг хүмүүсээс бусад нь.
Хөдөөний хүмүүс ийм сайхан сэтгэлтэй, хоёргүй сэтгэлтэй гэж яг үнэн шүү. Нэлээн хожим хэдхэн жилийн өмнө өвөөгийндөө байж байтал замын жолооч нар ирсэн чинь замын хүүхдүүд ядарч яваа гээд л өвөө эмээ 2 минь хоол цай болооод л... Яг нөгөө нүүдэл тосоод цайгаа бариад явдаг гэдэг шиг л байсан шүү.

Баярлалаа. Танд амжилт хүсье
Улам илүү сайхныг бичээрэй.

Ингэхэд Бум-Эрдэнэ ах, бодож явдагаа яг бодож явдагаа гаргасан юм шиг санагдлаа.

Anonymous said...

Тагм: Хүмүүс хотжих тусам, бөөгнөрөх тусам, нийгэмших тусам өөрсдийгөө л бодох хандлагатай болоод байх шиг. Тэр нь буруу биш л дээ. Тэрний сүүдэртэй тал нь хүний сайхан сэтгэлийн цар хэмжээ багасаад байгаа юм. Шүр бол яахав сайхан амьдрах л гэсэн бүсгүй хүн. Түүний үглэлтэнд Тогтох ч гэсэн буруутай байж бно ш дээ.
Зүүд: Монгол сэтгэлгээ гэдэг юм уу эсвэл монгол хүний сайхан сэтгэл хөтөл давчих вуу гэж бодоод байгаа. Ялангуяа тэр хүүгийн хэлсэн үг давс нэмчих шиг санагдсан надад
Буяа: Аа тэр нэг тийм цүнх түгждэг жижиг цоож байдгийг санаад. Надад нэг байсан юм. Тэрийг харахаараа энэ ч санааны л юмдаа гэж боддог ч би бас цүнхэндээ хийдэг гэж байгаа. Шүр бас л санаагаа л түгжсэн хэрэг
Лулу: Шүрийн үгэлж байгаа нт хөөрхөн шүү дээ. Тогтох хэдийгээр Шүрийн үглэлтэнд залхаж байгаа юм шиг боловч үнэн хэрэгтээ Шүргүйгээр, түүний үглэлтгүйгээр цааш амьдарч чадахаа байчихсан байгаа юм. Тэрийгээ бараг өөрөө мэдэж байгаа байх
Арсун: Энэ мэтийн хөдөө явдаг улс учир нь олдохгүй майхан сав гэж байхаар чиний угсардаг гэрийг аваад явж байвал бас л холдож буй юмны нэг ойртох юм даа
Док: Ямар сонин юм. Ер нь шаварт суугаад хээр хонох тохиодол манайханд зөндөө байхаа. Одоо ч гэсэн хөдөөнийхөн маань сайхан сэтгэлтэй хэвээрээ л байгаа. Харин яваан даа. . .

Anonymous said...

Таны зохиолыг уншсаны дараа би хэсэгтээ юм бичдэггүй. Ичээд л, энд ийм зохиол байхад би зэрэгцээд даяар монголд юугаа нийтлэх билээ гээд л. Таны зохиолын ачаар олон олон хүн уран зохиолын амтанд орж байгаа байх даа

Anonymous said...

bayarlalaa ah mine. terteed odson dursamj sergeed yavchihlaa. manaih dornodiinh hom bish tergen deer achaaldag bsan yum. baga baihdaa suih tegen dotor l yavdag bj bilee. uvul nuuh uneheer hetsuu daaraad bur neg udaa daarsandaa uilaad muu geree barih geed zavgui bgaa aav eej 2iigoo zovooj bilee. arai tom bolson hoino malaa dagaad yavdag bolson. shine nutagt buugaad anhnii tsaigaa uugaad mah chanasan mah boortsog tsaind hiij ideed suuj bh uneheer jargal bjdee. odoo ch ter dahin irehguigeer alslan odojdee. tand bayarlalaa

Anonymous said...

saihan zohiol bolj, bayrlalaa bumaa ahaa. ehen hesgiig n unshij baihdaa ene ch yag bumaa ahiin uuriih n bodol esvel muruudul baih gej bodoj baisan shuu.yag ene uguulleg deeree garch baigaataigaa adilhan saihan huduu yavahiig husej baigaa baih.

za tand ajiliin undur amjilt.bas ger buld chin az jargal sain saihan buhniig husie!

Anonymous said...

Миний хэлэх гээд байгаа юм бол Тогтох яг л бичих гэснээ харж дунд нь орж, онгод нь ордог шиг та тэгсэн юм шиг санагдаад байна. Магадгүй харсан, харахыг хүссэн юмаа удаан бодож байгаад л...

Anonymous said...

Сиенна: Ахыгаа одоо явуулах нь уу. Би ч гэсэн жирийн нэг сонирхох ч шүү дээ
Лио:Сайхан дурсамж байна. Хүн бүр дандаа хожуу ухаарах юм. Хүн бүр шүү
Шонтоок: Ерөөс орж үзээгүй блогны нэр бна. Орж үзнээ. Ер нь хүсээд л байгаа
Док: Хэ хэ ер нь бол бараг зүүдлээд л байгаа. Бодол санаа минь нутагтаа

oyunaa said...

Uneheer saihan yag l nudend haragdtal bichjee, bi ch bas ene buhnii zahaas uzej medersen aztai hun gej ooriigoo boddog shuu... Neeree l ter hotol davsan hosognii araas hamag setgel sanaa mine yavaad ogoh shig neg l uitai bolchihloo... Bumaa ahdaa amjilt hucie.

ganga said...

Dok zohioliinhoo dotor ni orj ongodoo duuddag gej unen helsen sho. Bum Shuriig buteeh gej onisogo taaltsahad uglej ugsun baidag.

ulaak said...

Бумаа ахаа гоё болжээ, үнэхээр юм бодогдуулж байна, Монгол ахуй маань биднээс холдоод явж байгааг үнэхээр гоё гаргасан байна шүү.

Anonymous said...

Оюунаа: Хөгжилийн нэг эвгүй тал нь хуучин ахуйгаасаа холддогт байх шиг. Гэхдээ авах юмаа аваад хаяхыгаа хаяад явах нь зөв л дөө.
Ганга: Оньсого таалцахад сахилгагүйтмээр санагдаад. Өдий насны хүн өөрөөр яаж ч дэггүйтэх вэ дээ
Улаак: Алслан одох юм бүхэн хөнгөн гуниг дагуулдаг

byambaa said...

bi ter Shur shig bolchihgui yum san, kkk, ug ni huduu gadaa yavahdaa hotiin tsamaan zan gargaj mayglahguig l hicheediin,

Anonymous said...

uneheer tasarhai. bi anh udaa setgegdel uldeej baina. tanii bichleguudiig yalanguya ygyylleguudiig unshihaar nadad sanjn purebiin gaatstai nutag unertsen saihan uguulleguud l setgeld buudag yum. tand bayarlalaa. ta uneheer saihan bichij

Anonymous said...

bas neg zuiliig helehed odoogoos arvaad jiliin umnu bi aabtaigaa habar zyrgaan sar neleed garchihsan baihad mori tarlasan yum. darmvin tsenher nuruug damjij heseg dabhiad aabiigaa dallahaar ni ergeed irtel aab tamhi asaagaad heseg duugui suusnaa minii bas chinii tursun nutag... sain haraad abaarai. dahij bid ingeed yabahgui l bolob uu. hezee negen tsagt enuugeer yabahdaa aabtaigaa ingeed l yabj bilee gej chi bodoh baih.magadgui chi bodohgui ch baij boloh yum. gehdee hunii tursun nutag tursen gerees yalgaagui baidiim shuu dee ohin min geed turuulj mordood yabhichihaj bilee.ter sanaand orood samsai sharhirch bailaa...

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

Бямбаа: Тэгвэл Шүр шиг болохгүй байх өө
Анон: Баярлалаа. Үнэлсэнд. Гэхдээ яаж тийм мундагчууд шиг байв гэж дээ. Ирж байгаарай
Ганаа: Хөгшчүүл маань үр хүүхдүүддээ нутаг орноо өвлүүлж өгч байгаа нэг хэлбэр юм даа. Эх эцэггүй байдаг ч эх оронгүй байж яаж болном