# #

Хуландай - 2 (Өгүүллэг)

24 Сэтгэгдэлүүд:

Өвөө
- Хүүе! Миний хүү чинь ямар хөөрхөн болчихоо вэ гээд эмээ рүү нүдээ ирмэхийг нь би харчихав. Яагаад ч юм намайг энэ хоёр бөөстлөө гэж худлаа хуурсан юм шиг санагдангуут дотроос нэг юм огшоод гарч гүйгээд түлээн дээр очоод суулаа. Уйлахгүй гэж хичээсэн ч нулимс аяндаа гараад байв. Хонхны жин жин гэх дуунаар сая харсан чинь Хуландай нэмнээгээ навсайлгаад миний хажууд ирчихэж. Тэгээд намайг үнэрлэдгээрээ үнэрлэж байснаа уруулд нь миний халзан толгой хүрсэн бололтой огцом хойшоо болоод тургиад байгаа юм чинь. Миний уур хүрээд
- Чи хүртэл намайг шоолж байна уу? Чамд ёотон өгөхгүй мэдэв үү гэж хошуугаа унжуулан байж хэлсэн чинь “Тэгвэл явлаа” гэсэн шиг цаашаа явах гэж байна. Эмээгийн өгсөн чихэр өвөрт байсан болохоор гараа өвөрлүүгээ явуулсан чинь эргэж хараад байнаа. Горьдомхой амьтан. Тэгсэн чинь эмээ гарч ирээд мэдсээр байж
- Миний хүү юунд гадаа суугаа вэ? Эмээдээ гомдоод байгаа юм уу? гэснээ
- Миний хүүгийн дээлийн өнгөнөөс жаахан үлдсэн. Уг нь хавар хүүдээ шарваар хийж өгье гэж бодож байсан юм. Харин одоо Хуландайгийнх нь нэмнээг нөхөж өгнө шүү гэж намайг аргадав. Хуландайгийн нэмнээг нөхнө гэхээр миний сэтгэл жаахан сэргэж
- Одоо нэмнээгий нь авчих уу? Эмээ гэтэл эмээ намайг ирж үнссэнээ
- Нялх ч амьтан бол доо гэж. Одоо эмээ нь амжихгүй ээ. Орой Хуландайг саравчинд оруулчихаад аваад ир
- Тэгэхээр даарчихна шүү дээ
- Ганц шөнө гайгүй дээ. Тэгээд ч саравчинд байх юм чинь гэлээ.
Тэр орой Хуландайгийн нэмнээг авч байхдаа “Өнөө шөнө битгий хүйтрээсэй” гэж бодож байв. Эмээг хурдхан оёчихоосой гэсэн чинь лааны гэрэлд сүүтийгээд л суугаад байх юм. Хуландайгийн нэмнээг нөхөж байгаа болохоор миний уур бага зэрэг гарсан ч толгой сэрүү оргих тоолонд дотор нэг юм эвгүй оргиод л байсан юм. Би жаал хүлээлээ. Сүүлдээ орондоо ороод хэвтэж байхдаа нэг юм бодож олов. Тэгээд гадагшаа гарсан өвөөг хүлээв. Өвөө хэвтэхээсээ өмнө заавал гарч хашаа хороогоо эргэдэг юм. Ашгүй өвөө ч ороод ирлээ. Тэгээд
- Өнөө шөнө сартай, саруулхан сайхан шөнө байна гэлээ. Би ч дээлээ нөмрөөд гарах гэтэл
- Яав миний хүү?
- Би бие засаад ирье гээд гарлаа. Нээрээ бүх юм тодхон харагдаад саруулхан байв. Би хотруу хурдхан шиг очоод сэмээрхэн орж
- Хуландай гэнгүүтээ бариад автал надаас учиргүй үргэсэн. Түүний нүд аягүй айсан байсан нь сарны цагаан туяанд маш тод харагдсан. Хар нүд нь сарны туяанд хар хөх өнгөтэй харагддаг юм байна лээ. Дээл нөмөрсөн халзан толгойтой надаас айсан байх л даа. Би нөмөрч очсон дээлээ нуруун дээр нь нэмнээ шиг тохоод үхрийн сул уяаг тайлж, дээлэн дээгүүрээ олом шиг дарууллаа. Тэгэхгүй бол миний гоё дээлийг бууцан дээр унагаачихаж мэднэ. Тэгээд
- Битгий даараарай за. Эмээ маргааш чиний нэмнээг оёод дуусгачихна гэж хэлээд хоёр ёотон амруу хийж нүдийг нь зөөлхөн илчихээд гэрийн үүдэнд иртэл Халтарын хоёр нүд гялтганах нь сарны гэрэлд нойтон хоргол шиг үзэгдэв. Би ч ороод эмээг дээл асуух вий гэсэндээ юм ярилгүй шууд л орондоо орлоо. Лааны цаанаас эмээ хараад байгааг би мэдрээд л байв. Гэхдээ өнөөдөртөө эмээ надад бууж өгсөөр байгаа болохоор юм хэлсэнгүй. Өглөө сэрэнгүүтээ “Хуландай яасан бол” гэж бодоод өндийсөн чинь хөнжил дээр миний дээл байж байх юм. Би хар хурдаараа гараад хотруу өнгийсөн чинь Хуландайг яг миний дээлний өнгөтэй адилхан хөх даалимбан гадартай нэмнээгээр нэмнэсэн байлаа.
“Гоё дээлээ хотонд үлдээгээд” гээд загнах болов уу гэсэн чинь чимээгүйхэн өнгөрөв. Гэхдээ эмээгийн царайд өчигдөрийнх шиг намайг аргадсан шинж байхгүй байв. Бодвол эмээ бид хоёрын өгөө аваа тэнцсэн бололтой.
Ингээд Хуландай бид хоёр гэж хоёр бөндийсөн хөх юмнууд болов. Хуландайд өвс тавьж өгдөг байснаа больж сүүлдээ шууд өвсний хашаанд оруулдаг болов. Өөрөөр хэлвэл арын хаалгадаж байна гэсэн үг л дээ. Тэгээд заримдаа өвсөн дотор нуугдаж байгаад дөхөөд ирэхээр нь гэнэтхэн цочоож тоглоно. Хичнээн үргэж байсан ч гэсэн өдөр болохоор тэр үү эртээр шөнийнх шиг тийм айдас нүдэнд нь харагдахгүй байсан юм. Намайг өвсөн дээр тоглож байхыг өвөө хараад гэрийн үүднээс
- Дармаа чи яагаад өвс нураагаад байгаа юм бэ гэж нилээн ширүүхэн хэлээд араас нь гэрийн үүд хаагдах Пүгг! гэсэн чимээ сонсогдов. Бодвол орсон байх л даа. Би ч өлсөж байгаагаа гэнэт санаж
- За за би явж юм идлээ гэж Хуландайд хэлчихээд гэртээ орох гэж явтал эмээ өвөө хоёрын хоорондоо бөг бөг ярилцах битүү дуу дулаалгатай гэрийн гаднаас сонсогдоно. Сэмээрхэн чагналаа. Тэгсэн өвөө
- Муу золиг чинь өвс нураагаад. Энэ унагаа одоо бүр өвсний хашаанд хийчихдэг болж гэв. Би түүнийг сонсоод “Одоо орвол загнуулж мэдэх нь” гэж бодож зогстол
- За яахав ээ. Эхээсээ хол байгаа хоёр амьтан тэгэсгээд бие биенээ саатуулаад тоглож л байг. Хичнээнхэн өвс таараагаа аж. Харин ч хот хороо цэвэрлээд мөн ч их дэмтэй юм хөөрхий. Одоо удахгүй энэ хэдэн хонь хургална. Нэгдлийнх шиг олон биш ч гэсэн чи бид хоёрт цөөдөхгүй гэж хэсэг байзнаснаа
- Үгүй ээ энэ эцэг эх хоёр нь хайчдаг байнаа. Нялх амьтаныг аль халуун намраар л орхиод явсан гэхэд өвөө нь
- Харин тийм. Нэг л их ажил алба гэсэн улс яваа биз
- Арай дэндүү юм. Энэ муу хүү бүр бэтгэрцэрлээ гэв. Аав ээжийнхээ тухай яриаг сонсоод би орох гэснээ больж гэрийн хаяан дахь түлээн дээр очиж суулаа. Хэдийгээр хүйтний улирал ч гэсэн салхинд хөх саарал болтлоо хатсан банзан хашаа өдрийн наранд бүлээсч, дээд ирмэгээр нь үл ялиг зэрэглээ жирвэгнэж байхыг би гөлрөн харж байв. Гэхдээ ухаан санаа минь ээж аавыгаа л бодоод байсан юм. “Нээрээ! Над дээр яагаад ирэхгүй байгаа юм болоо? Эмээ өвөөг, бас намайг санадаггүй юм байх даа. Эсвэл надад хайргүй юм болов уу? Аль эсвэл өөр жаахан хүүхэдтэй болж байгаа юм болов уу? За яахав цагаан сараар ирэх юм гэсэн. Ирэхээр нь үнсүүлэхгүй дээ. Халимаггүй болохоор хөдөөний хөөсөн мантуу л харагдах байх даа. Тэгсэн ч гэсэн үнсүүлэхгүй дээ” гэж ууртай бодлоо. Гэтэл эмээ өвөө хоёр дахиад л бөг бөг ярилцаад эхлэв. Эмээ асууж байна
- Тэгээд яав? Чоно нохой харагдах юмуу? Эртээр орой Халтар ямар их хуцваа гэхэд өвөө нэг юм ярив. Би гэрээс бага зэрэг холдсон болохоор сонсогдсонгүй. Тэгээд ч өвөө шүдгүй болохоор пүл пүл гээд юу гэж байгаа нь мэдэгдсэнгүй. Миний тухай биш шиг болохоор сонин биш санагдав. Гэтэл тэр сонин биш гээд байсан юм маань нэг шөнө боллоо. Би нам унтаж байсан чинь л нойрон дунд эмээ
- Болохоо байлаа шүү цаана чинь. Гараарай. Халтар энэ зүүн тийшээ шуугиад явчихлаа. Босоорой гээд л их сандарсан янзтай. Дөнгөж сэрсэн болохоор би ч нэг их учрыг нь олсонгүй. Өвөө бас л сандруухан хойд авдрын хөндийгөөс буугаа аваад гарлаа. Би ч гэсэн дээлээ нөмгөн нөмрөөд гарч явтал гадаа зогсож байсан эмээ
- Миний хүү энийг аваад сайн дуу чимээ гаргаарай гээд тогооны таг, түлээний мод хоёр бариулав. Гараад ирсэн чинь таг харанхуй. Өвөө
- Тийшээгээ л байх шиг байна гээд зүүн урагшаа зааж байна. Заасан зүгрүү нь чагнасан чинь баахан ноход л харр хурр гээд уралдаад байх шиг. Өвөө буугаа цэнэглэнгээ
- Балбаад байгаарай миний хүү гэхээр нь модоороо тагаа балбаж гарав. Тэгж балбаж байхад миний ар нуруугаар нэг юм жирвэгнэн гүйж шилэн хүзүү өгсүүлэн арзаганаж байсан. Тэгээд байдгаараа
- Хүүг! Хаая! Хаая! гээд хашгирч байтал шөнийн харанхуй тэнгэрт Панн! хийх чимээ гарлаа. Миний цочсон гэж. Тэгтэл өвөө хий буудсан юм байж. Нөгөө ноход ч чимээгүй болов. Жаал харж зогстол чимээ гарсан зүгээс сүүтэг сүүтэг гээд нэг юм ирсэн нь Халтар нохой маань байв. Өвөө эмээ хоёр л
- Еэ эвий минь гэж, эвий эвий Яасан мундаг нохой вэ? гээд л Халтарыг илж эрхлүүлэв. Бид гуравыг гараад ирэхээр Халтар маань зориг орчихсон чимээ гарсан зүгрүү хуцаж давхиад л бас түүнийгээ бидэнд мэдэгдэх гээд л байсан болов ч хамаг бие дагжин чичирч байгаа нь мэдэгдэж байв. Би ч гэсэн нохойгоо өрөвдөж илхэд энд тэндээ хэсэг хэсэг нойтон таарч ямар нэг амьтанд үнгүүлсэн нь гарт тэмтрэгдэж байлаа. Гурвуул гэртээ буцаж ороод, өвөө буугаа буцааж хөндий рүү хийх зуураа
- Энэ муусайн өлөгчингүүд одоо нэг хэсэгтээ гайгүй нь ч гайгүй. Гэхдээ ер нь хотонд орж ирэх нь байна шүү. Сар шинийн дараагаар зүүн баруун хотныхонтой нийлж нэг юм бодохгүй бол болохгүй нь ээ гэхэд эмээ
- Хэлээд юу гэхэв. Хөөрхий муу Халтар хэмлүүлчихээгүй нь яамай. Бид ч амжиж гарлаа. Тэгээгүй бол тасдаад хаячихгүй юү. Хэдүүлээ ч явсан юм билээ.
- Энэ ч багацуул нь л болов уу. Харин чи яаж овоо сонсоов? Би ч бүр нэг хэсэг нам унтчихаж гэж өвөөг хэлэхэд
- Чи ч тэгээд л дэр толгой нийлээд л хурхирах юм байна шүү дээ. Би байхгүй бол яах юм бол гээд л жуумганаад дууных нь өнгө нь манай ээж шиг ярьж уу. Манай ээж бас хааяа аавд нялуурахаараа тэгж сонин ярьдаг юм. Яг тэрэн шиг. Би аягүй гайхсан. Тэгсэн чинь эмээ
- Алив хө. Чи зэлгийн цай уухгүй юм уу? Гал унтарчихаагүй болохоор арай хөрөөгүй байна гээд хийж өгөх зуураа намайг харж
- Миний хүү ч гэсэн сайн дуу чимээ гаргалаа. Тэгээгүй бол ч чоно гэдэг ч барагтай юмнаас айхгүй шүү. За одоо унт унт гэлээ. Миний айдас одоо хүртэл сайн гараагүй байсан болохоор чимээгүй л байлаа. Тэр шөнөөс хойш юм л бол чоно гэсэн яриа өвөө эмээгээс болон манайхаар бууж мордогсдын амнаас салахгүй болов.
Хүсэн хүлээсэн цагаан сар ирлээ. Битүүний өдөр манай аав ээж хоёр ирэв. Би Хуландайгаа өвсний хашаанд оруулж байхдаа хашааны гадаа ирсэн машинаас аав ээж хоёр бууж байхыг хараад бушуухан гүйж очмоор санагдсан ч ирээгүй удсаныг нь бодохоор уур ч хүрэх шиг. Тэгээд зөөлхөн алхсаар очоод эмээгийнхээ хажуугаас хөдөлсөнгүй. Ээж намайг харангуутаа инээд алдан, хоёр гараа алдлаад
- Миний хүү! гээд дуудахад нь гүймээр байсан ч миний хөл урагшаа явсангүй. Харин бүүр эмээрүүгээ шигдэв. Эмээ намайг араас зөөлхөн түлхэж
- Ээждээ очооч миний хүү гэхээр нь “эмээг бодоод” за яахав дээ гэсэн шиг ганц нэг сажлаад хоёуланд нь хурдхан нэг нэг үнсүүлчихээд буцаад гүйчихэв. Уг нь би тэврүүлээд л зогсоод баймаар байсан. Гэхдээ би тэгээгүй. Эд нар чинь өөрсдөө ирэхгүй удсан юм чинь яах вэ дээ. Аав тэгсэн чинь
- Миний хүү үсээ авхуулаад ямар хөөрхөн болоо вэ гэж үү. Би дотроо “Халимагтайгаа байсан бол бүр гоё байх байсан юм” гэж бодож байсан болохоор дургүйхэн
- Хнг! гэчихээд эмээрүүгээ харсан чинь эмээ намайг шоолж байгаа ч юм шиг царай гаргаснаа
- Бид хоёр одоо авхуулчихаад намар сургуульд ортолоо халимгаа ургуулна гэж тохирсон юм тэ? гэхдээ тэр шоолсон нүд нь байгаад л байсан юм. Яг инээдээ бариад тэсээд байгаа юм шиг. Гэсэн ч би эмээгийнхээ дэргэдээс холдохгүй л байв. Уг нь тэр хоёр дээрээ очмоор л байсан. Ялангуяа ээж дээр. Миний ээж их хөөрхөн. Гоё инээдэг. Түрүүн ганцхан үнсүүлэхэд л эмээгээс гоё үнэртэй байгаа юм чинь. Тэгсэн ч гэсэн би очихгүй. Тэр байтугай эмээ тэр хоёрыг “Хүү дээрээ ирсэнгүй” гэж загнаасай гэж бодож байлаа. Тэр орой унтах болсон чинь ээж
- Миний хүү ээжтэйгээ унтахгүй юм уу? гэхээр нь би
- Үгүй. Эмээтэйгээ унтана гээд эмээгийн оронд ороод хэвтчихсэн. Ирэхгүй удсан болохоор нь айлгаж байгаа юм. Тэгсэн чинь тэд нар “Хөөрхий гэрэвшээд байна” гээд байгаа юм даа. Томчуул унтахгүй лааны гэрэлд хоорондоо дүнгэр дүнгэр юм яриад л. Би унтсан дүр үзүүлээд хэвтэж байхдаа нүднийхээ завсраар аав ээж хоёрыгоо хараад л байсан. “Манай ээж их гоё. Хав хар нүдтэй. Аав ч гэсэн цав цагаан шүд гаргаад л инээдэг юм. Би бүр жаахан байхдаа аавын нуруун дээр үсрээд л гарчихдагсан. Аав морь болоод мөлхөнө. Ээж ч гэсэн миний хүзүү хоолойг үнсэхдээ Пурр!пурр! гээд үлээхээр аягүй их инээдэг байж. Одоо ч гэсэн би гэтэж очоод аавын нуруун дээр гэнэтхэн үсрээд гармаар л байна. Даана ч эд нар намайг “Энэ зөнөг чинь одоо аавыгаа алах нь уу” гээд л зэрэг зэрэг дуу алдах биз. Тэгээд бодохоор би дахиад хэзээ ч аавын нуруун дээр сууж, ээж миний хүзүүг багынх шиг тэгж үнсэхгүй юм болов уу. . . миний нүд анилдаад унтах нь ээ. Одоо босоод ээж дээрээ очих гэхээр нэг л эвгүй. За за унтаж байхад ирээд авчих биз. Жаахан байхад тэгдэг л байсан юм чинь. Маргааш энэ хоёрт юу хийж чаддагаа үзүүлнэ дээ” гэж бодсоор би нам унтсан байлаа. Харин өглөө сэрсэн чинь би эмээгийнхээ өвөрт л байж байлаа. Ёстой гомдмоор. Гэсэн ч шинийн нэгний өглөө байсан болохоор “Амар сайн уу” гэж хүн хүнтэй золгосоор гомдол маань нэг хэсэг мартагнав. Аав ээждээ юу чаддагаа үзүүлэхээр өдөрт хийдэг ажлаа маш эрчтэй хийлээ. Би Хуландайгаа, саравчаа, өвсний хашаагаа тэр хоёрт үзүүлмээр байсан ч нэгд урд шөнө намайг аваагүй, хоёрт шинэлээчид ирээд тэдэнд зав гарахгүй байв. Тэр өдөр Хуландай ёотонгоор, Халтар нохой хоолоор, би буузаар ёстой нэг цадав. Тэгсээр байтал орой болж унтацгаах болсон чинь нөгөө гомдол сэргээд ирлээ. Ээж
- Миний хүү өнөөдөр ээжтэйгээ унтана биз дээ гэхээр нь
- Үгүй. Би эмээтэйгээ унтана гэсэн чинь эмээ
- Юу гэж байгаа юм бэ энэ чинь. Ээж аав хоёр нь маргааш өглөө эрт явах гэж байхад чинь гэв. “Нээрээ тийм шүү дээ” гэж бодогдсон ч “Маргааш явах юм бол өнөө шөнө намайг авч л таараа” гэж бас бодогдоод
- Үгүй ээ би эмээтэйгээ унтана гээд эмээгийн орлуу орлоо. Тэгсэн чинь аав
- Хүүхэд ингээд нэг л өдөр том болчихдог юмаа бас гээд байгаа юм даа. Энэ чинь нэг л өдөр биш шүү дээ. Тийм биз дээ. Би зөндөө л хүлээсэндэг.
Нэг мэдсэн чинь өглөө болчихож. Би бас л эмээгийнхээ оронд байж байв. Би ухасхийн гүйж гарснаа очих газар олддоггүй. Хий дэмий л Хуландайруугаа очлоо. “Өөдгүй. Хүүхэддээ хайргүй яасан өөдгүй юм. Аав ээж хоёр намайг дахиад хэзээ ч хайрлахгүй юм байх өө” гэсэн бодол эргэлдээд болдоггүй. Тэндээ удсан уу үгүй юү бүү мэд нэг мэдсэн чинь
- Дармаа миний хүү хаана байнаа? Ээж аав хоёр нь явах боллоо гээд эмээ дуудлаа. “Явж л байна биз” гэж тунирхаснаа “Нээрээ! Энэ чинь юу билээ. Эрт явна гээд байсан. Одоо явах болчихсон юм байхдаа” гэж бодоод сандарсаар иртэл тэд аль хэдийн машиндаа суухад бэлэн болчихсон намайг хайж байв. Ээж
- Миний хүү хаачиваа? Аав ээж хоёр нь эртхэн явахгүй бол болохгүй нь за. Миний хүү ийм том болчихсон юм чинь дараа иртэл дажгүй биз дээ. За баяртай гээд намайг үнсэв. Би “Өшөө жаахан удаан үнсээсэй” гэж бодов. Хүзүүгээр нь тэвэрмээр л байсан. Гэвч би “том эр” болсон болохоороо болилоо. Аав миний толгойг илж
- Миний хүү мундаг эр болжээ. Аав нь дараа ирэхдээ хүүдээ яг таарсан бакаль авчирч өгнөө гээд толгой дээр нэг үнэрлчихээд машиндаа сууцгаачихав. Надад тэдний ийм хурдан явах гэж байгаа нь нэг л худлаа юм шиг санагдаад байсан. Гэтэл үнэхээр үнэн байжээ. Эмээ сүү өргөөд, өвөө нударгаараа даллаад бүр яг шүү. Аав ээж хоёрыгоо явж байгаад би сая л нэг бүрэн итгэж, аль түрүүн хашаа тойрсон машины араас хамгийн хурднаараа гүйлээ. Тэгтэл машин тэртээ баруун хамар дээгүүр арынхаа жижигхэн цонхыг наранд гялтагнуулаад давж байв. Ингээд нээрэнгээсээ явчихлаа гэж бодохоор миний нүднээс хар аяндаа нулимс гараад ирэв. Би “том эр” болсон болохоороо том хүн шиг чимээгүй уйлах гэж амаа байдгаараа жимийгээд, хичээгээд байсан ч нулимс бөөн бөөнөөрөө гараад, дотроос нэг юм түлхээд байв. Яг тэгээд тэсэж ядаж байтал хэдийдээ ч юм эмээ миний ард ирчихсэн
- Миний хүү эмээ дээ ирдээ гээд нэг их зөөлөн дуугарсан чинь би тэсэхгүй эмээгийнхээ элгэнд нүүрээ нааж байгаад
- Ийн! ийн! ийн! . . . гээд бүр чанга уйлаад л байв, уйлаад л байв. Эмээ миний халзан толгойг илж
- Одоо миний хүү битгий уйлдаа. Тэрийг хараа! Шинэлээчид ирж байна. Ингэсгээд миний хүү өвөөтэйгөө айлаар явж шинэлээд бэлэг цуглуулаарай. Эмээ нь хүүдээ ихээ том цагаан уут бэлдчихсэн байгаа гэлээ. Би гарынхаа араар нулимсаа арчаад “За” гэж хэлэх гэсэн чинь ойр ойрхон ихэр татаад болдоггүй. Арай гэж нэг юм шүлсээ үсчүүлэн байж
- За гэж аажуухан хэлчихээд араас нь ахиад эхэр татлаа. Эмээ тонгойж толгой дээр нэг үнэрлээд
- Эмээ нь гал дээр хоол тавьчихсан. Орохгүй бол горьгүй нь. Хүмүүс ч ирлээ гээд гэрлүүгээ яаруухан явлаа. Би эргэж баруун хамрыг харав. Машин аль хэдийн алга болжээ. Харин дугуйны хос мөр хөтөл чиглээд алсарсан байв. Баруун хамрын дээгүүрх мэлийсэн хөх тэнгэрийг харж, тэндээс ямар нэг юм гараад ирэх гэж байгаа юм шиг би удаан зогсов. Нэг мэдсэн чинь жин жин гээд хажууд хонх дуугарав. Хуландай миний хажууд ирчихсэн надруу нэг сонин хараад байх шиг. Үнэндээ бол надаас ёотонгоо л горьдоод байгааг нь би мэдсэн ч яагаад ч юм намайг өрөвдөөд байгаа юм шиг харагдав. Тээр нэг өдөр Хуландайгийн ээжийг аваад явахад би түүнийг харж байсан шиг. Тэгэхэд тэр цавьдар байдсан гүү хөтлүүлсэн хэрнээ хөндөлсөөд унагаа харах гээд янцгаагаад байсан. Сая миний ээж машин дотроо эргээд арынхаа цонхоор намайг хараагүй л юм байх даа. Хэрвээ намайг хараад буугаад ирсэн бол би жинхэнээсээ хүзүүгээр нь тэвэрч, жинхэнээсээ үнсүүлэх байсан юм. Тэр ч байтугай дахиад нэг хоносон бол би ээжийнхээ өвөрт гоё үнэрийг нь үнэртээд унтах байсан юм. Том эр болсон ч гэсэн би аавынхаа нурууруу авирч тоглох байсан юм. Миний нулимс дахиад гараад ирэв. Гэхдээ би энэ удаа тэсээд үргэлжлүүлж уйлсангүй. Харин нэг их урт санаа алдав. Тэгээд баруун хамрыг биш албаар өөр тийшээ харлаа.
Хуландай намайг нудраад байна. Би өврөөсөө ёотонгоо гаргаж үзүүлчихээд буцаагаад хийсэн чинь Хуландай хошуугаа бүүр миний өвөрт хийх гээд дайраад байгаа юм даа. Миний инээд хүрээд
- Хи хи хи . . . гээд инээж гарав. Намайг инээж байхад миний нүдэнд түрүүчийн гарсан нулимс байж л байсан юм. Тэгээд инээж дуусаад дахиж нэг уртаа санаа алдаад Хуландайдаа ёотонгоо өгчихөөд хоёулаа гэрээдээ явлаа.
Үдийн хойно, маргааш нь бас нөгөөдөр нь өвөөтэйгөө ойр хавиар нутаглаж байгаа айлуудаар явж золгуут хийв. Өвөө маань золгуутаас гадна чоно нохойны тухай л их нухацтай ярих болов. Цагаан сарын дараагаар л тэд нар бөөндөө явж ан хийх юм шиг яриад л байсан. Би ч айлын ганц нэг хүүхэдтэй тоглочих санаатай нэг их анзаараагүй. Тэгээд л дараагийн айл руу явна. Айлуудын өгсөн бэлгийг эмээгээс авсан уутандаа хийж ганзагандаа даруулчихаад явж байх ч бас гоё юм билээ. Гэртээ ирээд бэлгээ янзлана. Ёотонгуудыг Хуландайдаа хадгалав. Хатуу чихрээ нэг дор, зөөлөн чихрээ өөртөө харин боов, тос, өрөм ааруулаа эмээдээ өгсөн.
Цагаан сарын дараагаар цаг илт дулаарч сайхан боллоо. Ээж аавыгаа нэг хэсэг аягүй их санав. Юм л бол гадаа гараад гөлрөөд суучихна. Тэгтэл ч эхний хонь хургалаад намайг уйдаж суух завгүй болгов. Олон хонины хургыг хооронд нь ялгах гэж эмээ бид хоёр сүйд болноо. Сүүлдээ эх, хурга хоёрын үсэнд ижил өнгийн нарийхан даавуу уяж ялгадаг болсон. Өвөө маань хэд хэдэн хүнтэй нийлж чонын аванд явсан. Хэдэн ч гэнэв дээ чоно алсан л гэсэн. Ганцыг ч гэртээ авчраагүй юм.
Өдөр ирэх тусам энд тэндгүй цас ханзраад, довон толгой харлаж байснаа сүүлдээ энд тэндхийн суваг шуудуунд л хөр цас харлаж үлдээд бусад нь үндсэндээ хайлав. Манайх хоёр морио шөнөдөө чөдөрлөөд тавьчихдаг болов. Үхэр мал ч гадуур хоноод. Ер нь манайх хаваржаа руугаа нүүх тухай яригдаж байсан үе. Хуландайг ч гэсэн саравчинд оруулахаа байж, хоёр морь бараадаж хоночихоод өглөө намайг дуудахаар хонхоо дугаргаад л шогшоод ирнэ.
Өнөөдөр хүрэн гунжаа тугална гээд аваад үлдсэн. Манай эмээ тугалах үнээг хэзээ тугалахыг нь яг мэддэг юм. Хүрэн гунж хашаан дотор хэвтэж босоод л . . . Би яахав дээ яаж тугалахыг нь харах гээд байсан чинь эмээ
- Миний хүү битгий хараад бай. Хараад байхаар залуу гунжин үнээ тугалж чаддаггүй юм гэхээр нь би түлээн дээр “Өнөө орой уураг иднэ дээ” гэж бодож суув. Би ер нь янз янзын юм их боддог юм. Амбаарын дээврээс хайлсан цасны шар ус яг нэг газраа чол чол гэж дусах нь нэг л уйтгартай. Дуссан ус цацарч амбаарын доод буланг норгоно. Өдрийн бүлээнд би үстэй дээлэндээ халууцан үүрэглэх янзтай болж байв. Хуландай яахав дээ хэзээний миний хажууд шургааган хашаа шөргөөгөөд л. Шургааган хашаа чинь ёрдгор ёрдгор нарийхан яртай. Нэг харсан чинь Хуландайгийн хонхны дээсэн хүзүүвч нэг шовгор яранд гогдчихоор нь салгах санаатай очтол ухасгээд дээс нь тасраад шар ногоон гуулин хонх хашааны ёроолд торр гээд бөөрөөрөө уначихав. Тэгтэл гэнэтхэн эмээ
- Хүүе! Миний хүү гүйгээрэй. Хүрэн гунж нь хагаа идэхчих вий гэхээр нь би саравч руу чавхадлаа. Хүрэн гунжны доор хөөрхөн алаг тугал аль хэдийн гарчихсан, нойтон биен дээр нь бууц наалдчихсан алцганаад зогсож байв. Эх нь тугалаа долоох хэрнээ бас бөгснөөсөө унжих хагаа идэх гээд эргэлдэнэ. Хагаа идчихвэл сүү нь мууддаг гэж ярьдаг тул хагийг нь сахиж байгаад л авахгүй бол болохгүй. Би хүлээж байгаад хаг нь унангуут аваад гадаах хашаан дээр тохлоо. Эмээ уурагнаас нь жаахан сааж авах, шинэ тугалаа амлуулах гэсээр байтал хонь хурга гээд оройны ажил залгав. Нар ч юу юугүй хэвийгээд жаргалаа. Өвөө морьдоо чөдөрлөөд орж ирэв. Шинэ тугалаа гэртээ оруулсан тул би баахан тоглов. Хөөрхөн алаг юм. Нүүрээ ойртуулахаар
- Мнн! Мнн! гээд юм, юм үнэрлээд хөөрхөн. Хааяа миний нүүрийг долоогоод хаяна. Жижигхэн мөртлөө бэржгэр хэлтэй. Тэгэсхийж байгаад тугал ч унтаад өгөв. Эмээ гурилтай шөл хийгээд гурвуулаа зуухныхаа гурван талд шорр шорр хийлгэн шожигнотол сорсоор байгаад унтацгаалаа. Нэг сэрсэн чинь л
- Яадаг билээ таминь ээ! Еэ хангай дэлхий минь гэж. Юу болох нь энэ вэ. Яваарай, гүйгээрэй сүйд боллоо гээд л эмээ гадаа хашгираад байна. Өвөө ч тэр, би ч тэр ухасхийгээд чихцэлдээд гарлаа. Нар дөнгөж мандаж байв. Эмээ зүүн урагшаа нарны доогуур заагаад л чарлаад байна. Өвөө ч гэсэн нэг юм харав бололтой
- Еэ заяа нь дэлгэр! Хувхай хар өлөгчингүүдийг дээ гээд маажигнаад харайлаа. Өлөгчин гэхийг сонсоод миний толгойд чоно санаанд орж ар дагзруу зарсхийсэн ч өвөөг дагаад л юу байгааг нь мэдэхгүй байж л хар хурдаараа гүйлээ. Гүйж явахдаа харсан чинь тэртээ зүүн хамрын үзүүрт хоёр морь хоорондоо бараг наалдчихаа юу гэмээр харагдана. Гүйсээр байгаад өвөөгийн хажуугаар гартал өвөө
- Гүйгээрэй миний хүү. Бүр барьчихаж уу, яаж вэ гэх хүртэл би ухаарахгүй байв. Морьдоос нилээн наах нь хонхордуу газар нэг хөх юм, түүнээс нилээн наана жижигхэн хар юм хэвтэнэ. Би гүйгээд л байлаа. Тэгтэл манай Халтар нохой энд тэндгүй цус болчихсон хэвтэнэ. Гэхдээ амьд бололтой хөдөлж байна. Тэгээд цаашаа хараад би бараг өөрийн ухаанаа алдлаа. Тэр хөх юм нь Хуландай байв. Би
- Хуландай, Хуландай гээд байдгаараа хашгираад цаашаа гүйлээ. Дөхөх тусам, хэвтэж байгаа тэр хөх юм Хуландай болж харагдахад миний хөл удааширч, сөхөрч унамаар болж байв. Гүйлтэн дунд газар дэлхий болон нүдэнд харагдаж буй бүхэн овогнон хөдөлж байх шиг санагдав. Гүйсээр байгаад иртэл миний Хуландай цустайгаа хутгалдчихсан хэвтэж байв. “Ёстой муухай амьтад. Очиж очиж хамгийн жааханыг нь барьж байхдаа яадгийн” гэж бодонгуут хоёр нүд нулимсаар дүүрч би өөрийн эрхгүй уйллаа. Тэгээд уйлж байхдаа нулимсаа арчин арчин яг үхсэн гэхэд итгэх гэж удаан харав. Надаас ёотон авч иддэг ам нь шазайгаад шороо орчихож. Нүд нь их өрөвдөмөөр. Үнэхээр айжээ. Тэр нэг орой дээл нөмөргөх гээд очиход айсан нүдээр намайг харсан шиг яг тийм нүд тэр чигтээ үлдсэн байв. Яасан их айгаа бол. Аягүй бол намайг үгүйлсэндээ. Өвөө ирээд ногт, нэмнээг нь авах хүртэл Хуландай надад амьд юм шиг л санагдаад байв. Тэгтэл өвөө
- Газрын баримжааг харахад хөөрхий минь гэрээдээ л зугтсан бололтой гэнгүүт би бүр эхэр татаж уйлав. Тэгтэл өвөө
- Үгүй ээ энэ хонх нь яагаа вэ? гээд эргэн тойрноо харахад нь би гэнэтхэн санаж
- Өчигдөр уяа нь тасраад уначихсан. . . гээд уйлахад
- Тэгээд миний хүү хэлэхгүй даана ч яав даа. Хонхгүй болоод л . . . гэснээ намайг хараад цааш нь юм хэлсэнгүй өөртөө нааж тэвэрсэнээ
- За одоо яахав миний хүү битгий уйл. Амьдрал гэдэг чинь заримдаа ийм хатуу байдаг юм гэж намайг ойлгох юм шиг том хүний үг хэлсэнээ
- Энэ жил зөндөө унага гарна миний хүү нэгийг нь аваарай гэв. Гэхдээ тэр үг намайг тайвшруулаагүй. Өвөө цаашаа морьдруугаа явлаа. Хуландайгаа хартал нэмнээний ормоор үс нь шалчийтал дарагдчихаж. Харин бусад үс, дэл сүүл нь өглөөний жавартай салхинд үе үе сэвэг сэвэг хөдлөөд яг л амьд юм шиг. Би нэмнээгээ чирээд явж байхдаа “Би ёотонгоо өгөхгүй түүнийг хуурдаг шиг үхсэн болж намайг хуураад, араас гэнэтхэн босоод ирэх юм шиг санагдан эргэн эргэн харсаар явав. Эргээд Халтар нохой дээр иртэл эмээ аль хэдийн миний үхрийн баас зөөдөг адсагыг чирээд ирчэхсэн байв. Тэгээд намайг тэврээд
- За миний хүү битгий уйл. Цугаараа л малаа сайн харж чадсангүй ийм юм боллоо. Одоо энэ муу нохойгоо эмнэхгүй бол болохгүй. Аягүй бол үхэж мэднэ. Хурдхан гэрлүү аваачъя гэлээ. Нээрээ л Халтар нохойны хамаг бие нь салганан чичирч байсан юм. Бараг долоо хоног өөрийгөө долоож хэвтсэн байх. Тэгсээр байгаад нэг юм боссондоо. Сайн нохой шүү. Харин миний хувьд Хуландайгүйгээр өдөр хоног өнгөрөөх гэдэг ямар хэцүү байсан гээч. Ялангуяа хөдөө хээр нүдэн барааны газар Хуландайгийн маань амьгүй бие нь хэвтэж байхыг өдөр болгон харна гэдэг үнэхээр хүнд байв. Хонх нь тасраад унасаныг мэдсээр байж мартчихсан миний буруугаас болж л Хуландай маань үхчихлээ гэдгийг өвөөгийн ярианаас ойлгосон. Өвөө эмээ хоёр намайг загнаагүй л дээ. Харин би өөрөө өөрийгөө зэмлэж, өөртөө гутарч байлаа. Өвөртөө байгаа ёотонгоо тэмтрэн тэмтрэн урт, урт санаа алдан суухыг минь эмээ маань л их анзаардаг байсан байх. Байсхийгээд л ирж толгойг минь илэн үнсдэг юм. Сайн морийг үхэхээр толгойг нь авч овоо тахидаг гэж би сонссон байсан учраас өвөөгөөсөө би хичнээн гуйгаад өвөө зөвшөөрөөгүй юм. Би тэгэхэд өвөөд их гомдож билээ. Тэгээд нэг их удалгүй манайх хаваржааруугаа нүүсэн. Тэр хавар, бүр тэр хавраас хойш намайг дунд сургуулиа төгстөл маш олон хавар хөөрхөн, хөөрхөн унага, тугал, хурга ишиг төллөж байсан боловч миний сэтгэлд Хуландай шиг тэгж их хайрлагдаж байгаагүй юм. Харин дараа нь тэр жижигхэн хонхорыг нутгийн олон “Хуландайгийн хонхор” гэдэг болсон юм. Хожим бүүр намайг том болсон хойно хүртэл нутгийн улсууд “Манайхны мал өвөлжөөний урд руу Хуландайгийн хонхорын тэрээд байна лээ” гэж ирээд ярьдаг болчихсон байсан. Би сүүлд аравдугаар ангиа төгсөөд өвөөгөөсөө
- Тэгэхэд яагаад Хуландайгийн толгойгоор овоо тахиагүй юм бэ? гэж асуухад өвөө тамхиа татаж нилээн удаан суусанаа
- Хувь тавилан гэж нэг юм байдаг юм даа хүү минь гэж билээ. Тэрнээс өөр олон юм хэлээгүй. Бодвол намайг өөрөө ялгаж салган тунгааг гэсэн байх. Хуландайд тийм сайн адууны хувь тавилан нь байгаагүй юм байхаа даа гэж би ойлгосон. Гэхдээ миний сэтгэлд мөнхөд хадгалагдан үлдэх хувь тавилан Хуландайд маань байсан юмаа . . .
Би бодолдоо болоод усаа цэл хүйтэн болтол хэвтчихэж. “Ерөөсөө гаръя. Юу боллоо гэж ямар гавьяа байгуулсан гэж би ингэж хэвтэх билээ. Явж муу Өнөрөөгөө олж ирье. Хөөрхий минь намайг ирээд авчих болов уу гээд бүтэн сар хүлээж суугаа ч юм билүү. Яахав би унжгардуу, зөөлхөн л хүн байгаа биз. Миний энэ зөн билэг хаанаас ирсэн нь яахав. Ямартай ч гэсэн би л энэ амьдралынхаа төлөө, өөрт оногдсон хувь тавилангийнхаа төлөө явах л ёстой юм шиг санагдчихлаа . . .

Бүрэн эхээрээ...

Хуландай - 1 (Өгүүллэг)

20 Сэтгэгдэлүүд:

“Би ер нь ингэж усанд тайван уужуу ордог билүү. Шүршүүрт нь л сүлэн палан гээд орсон болоод гарчихдаг юм. Олон ч жил ингэж байна даа. Харин өнөөдөр нэг хөөстэй халуун бүлээн усанд хэвтсэн шиг орж байгаа нь энэ. Хааяа бас өөртөө анхаарал тавих хэрэгтэй л юм байна даа” гэж бодоод овоо аятайхан хэвтэх гэж байснаа гэнэтхэн ухасхийгээд гарлаа. Уснаас гарч байхдаа “Үгүй ээ ингээд л яагаа ч үгүй гарчихдаг юм” гэсэн бодол толгойд харвана. Бас “Муу Өнөрөө маань хаана яаж шүү явдаг болдоо” гэж давхар бодов. Бодвол өөрийгөө хэтэрхий их жаргалтай байна гэж санасан юм болов уу даа мэдэхгүй. Өнөрөө яваад сар болжээ. Өнөрөө гэдэг нь миний эхнэр л дээ. Бараг арваад жил ханилчихаад, сарын өмнө намайг
- Ямар ч арчаагүй, овсгоо самбаагүй, арчаагүй, унжгар ноомой, ном гөлөрч цаас эрээчихээс өөр шидгүй гэж байснаа бүр уур нь хүрч, аргаа барсан даа үг нь давхцаад
- Гутрангүй үзэлтэй, аймхай нүдтэй, нэг л их уян зөөлөн, өрөвч сэтгэл. Чиний тэрүүгээр хорвоо ер нь дутав л гэж гэсээр хамаг юмаа аван гарч одсон юм. Нойтон биеэ арчиж зогсохдоо угаалгын өрөөний толинд өөрийгөө харлаа. Хэдийгээр надад ямар нэгэн гаж согог байхгүй ч яагаад ч юм “Өнөрөө маань ийм хүнээс даажин холдолгүй ч яахав дээ” гэж бодлоо. Учир нь надаас ямар нэгэн цог золбоо, гэрэл гэгээ цацарч байсангүй. Байдаг л нэг ноомой шар залуу. Хамаг бие тавираад, арьс хүртэл нялхарчихсан юм шиг санагдана. “Сайндаа ч биш байх л даа. Усанд хийсэн юм болгон л дэвтдэг шүү дээ. Миний арьс байтугай хатсан ааруул хүртэл дэвтчихсэн л байдаг” гэж бодогдов. “Яг л ингэж юм бүхэнд ханддаг нь миний дутагдал юм байх. Тэгэхээр буцаад усандаа орж хэвтэнээ. Угаас ямар яаруу сандар уу ажил байх биш” гэж санан эргээд усандаа орлоо. Ус жаахан хөрөх тийшээ хандсан байсан тул халуун ус нэмэв. Үнэндээ бол тансаглаж байгаа ч юм биш өөрөө өөртэйгөө тэмцэлдэж байгаа царай нь энэ. “Яагаад би ингэж байгаа байдалдаа өөрийгөө зохицуулж ханддаг юм бол. Хувь тавилан л юм байхаа даа. Хувь тавилан гэснээс ер нь энэ хүний үндсэн зан чанар хаанаас ирдэг юм бол” гэж бодонгуут багын нэгэн явдал санаанд орж би онгоцтой усандаа бүтэн биеэрээ багтах гэж их л эв гарган хэвтээд бодолд автлаа.
Тэр жил манайх Өлтийн аманд өвөлжихөөр болов. Манайх ч юу байхав дээ манай өвөөгийнх. Миний нас сургуулийн насанд арай хүрээгүй байсан ч би “сургуульд орчих юмсан” гэж хүсээд, хүсээд ээж аавыгаа дийлээгүй юм. Уг нь бол нас дутуу хүүхдүүд орчихдог л юм билээ л дээ. Гэтэл манай өвөө эмээ хоёр аав ээжтэй ярьсаар байгаад намайг үлдээхээр болчихов.
Өлтийн өвөлжөө гэдэг нь Тожил хайрханы урд өвөрт, баруун зүүн талаараа хоёр нүцгэн цагаан хамартай зүүн урагшаа харсан мухар ам л даа. Яг л өвөлжөө байхад зохицсон нутаг. Өвөлжөөнд буучихаар эхэн үедээ хүүхэд бидэнд өтөг бууцаа л янзалсан болчихвол өөр нэг их сүйдтэй ажил байхгүй. Цас тэгтлээ их лавшаагүй, хааяа нэг хялмайлчихаад л байсан болохоор малын хоншоор хатгах юм ихтэй тул одоохондоо хотонд мал үлдээгүй байгаа юм. Шөнөдөө зэврүүн хүйтэн ч өдрийн ээвэр нар хэсэгхэн хугацаанд ч болов туссан газраа бүлээтгэж байсан тийм нэг налгар өдөр би гэрийн баруун хаяанд Халтар гэдэг нохойгоо илсэн шиг юухан ч юм амандаа яриад сууж байлаа. Би ер нь ганцаараа их ярьдаг юм л даа. За тэгээд өөр надтай хэн ч тоож ярих билээ. Ганц хань болдог нь л энэ нохой. Гэтэл баруун хамар дээгүүр хөтөлгөө морьтой хүн гараад ирлээ. Морьдынх нь хамраас уур савсаж харагдана. Хааяа нэг хүн ирэхээр их гоё шүү дээ. Би түүнийг харж сууснаа гэнэт ухаан орсон юм шиг
- Өвөө! Өвөө! Манайд хүн ирлээ гэтэл гэр дотроос
- Хаанаас вэ? Хүүхээ
- Баруунтайгаас
- Ирж л байг дээ. Хэн юм бол доо гэснээ эмээ рүү
- Цай халуун уу? гэж байгаа нь бүдэгхэн дуулдав.
- Морь хөтөлсөн морьтой хүн байна гэж хашигарах шахам хэлэхэд
- Аан! Ойртохоороо танигдана биз дээ гэлээ.
Сайн хараад байсан чинь хөтөлгөө мориных нь чанх хойно нь нэг унага дагаад явна. Надад илүүлж хэвтсэн Халтар нохой гэнэтхэн хараад, мэдэлгүй ойртуулчихсандаа сандарсан юм аятай харр! хурр! гэж хуцаад л байдгаараа чавхадлаа. Хаалга пүгг! хийн хаагдах нь сонсогдоход эргэж харвал, гэрээс гарч ирсэн өвөөтэй хамт хэсэгхэн цагаан уур тэрүүхэндээ сэвсхийн гадагшилсанаа намжлаа. Өдрийн нар тусаж байсан болохоор тэгж багахан савссан байх. Өвөө надруу гайхангуйгаар
- Үгүй ээ! Миний хүү юу хийж суугаа юм бэ? Хүн ирж байхад нохойгоо хориоч гэхэд би сая л ойлгон сэхээ авч, үстэй дээлэндээ түүртэн гүйж зочныг тослоо. Ирсэн хүн нь Шагдай ах байв. Манай нутгийнхан эрүү Шагдар гэдэг юм. Намайг
- Халтаар Халтар гэж дуудахад шалбиг шалбиг гээд л сүүлээрээ хоёр хонгоо ороолгосоор ирэв. Эрхлэхээрээ тэгдэг юм. Гэтэл Шагдай ах
- Хүүе! Манай Дармаа чинь ямар эрт дулаалаа вэ? Одоо үстэй дээлээ өмсчихөөр идэр ес эхлэхээр яах болж байнаа гээд толгойг минь илэхэд
- Эмээ л өмс, өмс гээд . . .
- Аан! Эмээ өмс гэсэн бол өмсөхөөс яахав. Тэгээд ч удахгүй цас унана. “Өвөл арай болоогүй байхад яах юм” гэж би эмээдээ хэлсэн л юм л даа. Гэтэл эмээ өмс гээд өмсүүлчихсэн болохоор би Шагдай ахаас жаахан ичив. Гэхдээ миний ичмэглэл нэг их удсангүй. Учир нь түүнийг хөтөлж ирсэн унагатай гүү анхаарал татсанаас тэр. Энэ цавьдар зүсмийн байдсан гүү бол өнгөрсөн намар өвөөгийн авцаанд ирсэн бөгөөд ирсэн даруйдаа унагалаад манайх нэг хөөрхөн хэнз унагатай болсон юм л даа. Намар цагт ихэнхи төл томорчихсон байдаг болохоор энэ унага шиг хөөрхөн амьтан манай намаржаанд байгаагүй. Тэгээд нэг их удалгүй гүүгээ тавьсан учир адуу дагаад явчихсан юм. Түүнээс хойш сар гаруй өнгөрөөд танигдахгүй шахам болж. Гэтэл өнөөдөр хөтлөөд ирдэг. Би унагыг харчих санаатай уяатай байдасны урдуур тойртол унага толгой сүүлээ хөөрхөн хөдөлгөөд эхийнхээ нөгөө талд гарчих юм. Дагаад тойрохоор дахиад л нөгөө талд нь гарчихна. Эх нь бас унагаа харамнаад байгаа юм уу эсвэл надаас үргээд байгаа юм уу ширвэгнээд л
- Хнг! хнг! хнг! . . . гээд л адуу яг янцгаахынхаа өмнө дуугардаг шиг хоолойгоо дуугаргаад л дороо эрэгцэв. Би явган суугаад эхийнх нь доогуур хартал ер хар авсан шинжгүй хэсэг зогссоноо буржгардуу долгионтой сүүлээ хөдөлгөн эхийгээ хөхлөө. Би жаал харж сууснаа гэнэт “Энэ унагыг надад өгөх гэж байгаа юм биш байгаа” гэж санагдаад баярласандаа гэрээдээ хар хурдаараа пид пад хийн гүйж ороод
- Өвөө! Энэ чинь манай хэнз унага байна шүү дээ гэж цангинууллаа. Тэгтэл Шагдай ах
- Чи хө! Энэ унагыг онд оруулж дөнгөнө биз? гэж асуулаа.
- Нээрээ юү! Чадна, чадна гэж баярлаж хөөрсөндөө үгээ давхацуулан байж хэлэхэд өвөө
- Энэ гэж нэг уйдсан амьтанд л сайн юм болж дээ. Харин эхийг нь үлдээх арга алга. Гадаа чөдрийн хоёр морь бий. За тэгээд хэдэн үхэр байна. Цаг чангарвал түшүүлж ч мэднэ. Тэгэхээр эх нь бас л нэг эрүүний нэмэр гэхэд Шагдай ах
- Бараг тийм ч байхаа даа. Үнэн дээ бол ганц унага нааш нь авчрах гэж төвөгтэй гэж бодоод эхийг нь хөтөлсөн юм. За за Чойжоо гуай би ч ингэсгээд хөдлөхгүй бол горьгүй нь. Одоо ч цагаан гэгээ яагаа ч үгүй тасардаг болчихлоо гэхэд өвөө
- Хэлээд юү гэхэв. Одоо ч ер нь дөхлөө дөө гэлээ. Бодвол өвлийг хэлж байгаа бололтой. Шагдай ах малгайгаа өмсөх зуураа
- Танай үүгээр чинь саарал нохой гүйгээд байх болжээ дээ. Гайгүй л байдагсан.
- Их гайгүй байдгийн. Энэ жилээс ганц нэгээрээ харагдаад байх болчихоод байгаа юм
- Ганц нэгээр ч тогтохгүй ээ. Наашаа ирж явахад замд нилээн хэдэн мөр таарсан шүү. Ээ дээ болгоомжтой л байхгүй бол ч цаг ширүүсэхээр хэцүү шүү гэсээр бослоо.
Шагдай ах байдсан гүүг хөтлөн хашаа руу ортол хул унага ийш тийш хэд сортолзсоноо эхийгээ даган оров. Шагдай ах надруу нүд ирмэж
- За унагаа бариад үлдээрэй гэснээ гэнэт юм санасан юм шиг
- Энэ Дармаа чинь сургуульд орох болоогүй билүү гэхэд өвөө
- Ирэх жил орох байх гэхэд гэрийн үүдэнд юухан ч юм хийж байсан эмээ
- Миний хүү чинь энэ жил эмээ өвөө хоёртоо хань бараа болж байгаа том хүн байхгүй юу гэв. Шагдай ах унагыг хүзүүдэж аваад өвөөгийн барьж ирсэн ногтоор ногтлов. Толгойдоо ногт углахад хойшоо цахлан ярдаглав. Өвөө харж зогссоноо
- Зөв хө. Адууны хүүхэд . . . гэж өхөөрдөв. За тэгээд Шагдай ах байдсан гүүгээ хөтлөөд баруун хамрыг чиглэн явахад байдсан гүү явуут дундаа хангинатал янцгаан, цулбуураа дугтчин хөтөлгөөтэй хэрнээ хөндөлсөнө. Бодвол унагаа үлдчихээр тэгсэн байх. Хариуд нь унага хашаан дотор яаж ч чадахгүй хий дэмий л нааш цаашаа давхин, сүүлээ шарвагнуулж, хоолойгоо жингэнүүлэн янцгаах нь нэг л өрөвдмөөр.
- Яагаад энэ хоёрыг салгаж байгаа юм бэ? гэж намайг асуухад Өвөө
- Адуу маань цаашаа оторт явах болоо доо. Энэ муу нялх амьтан яаж томчуулынхаа хөлийг гүйцэхэв дээ хүү минь. Тэгээд л энд үлдээж байгаа юм. Миний хүү л унагаа онд оруулна шүү дээ гэхэд эмээ
- Ишш! Эх үр хоёр салахад ямар л олиг байхав дээ зайлуул гэж амандаа үглэв.
Би унагыг дотроо ихэд өрөвдөв. Намайг ойртоход надаас үргэн цааш цахлана. Түүний нүд бүр өрөвдөмөөр. Адууны нүд тэр чигээрээ хар байдаг юм. Хүний нүд шиг цагаан хэсэг нь зовхин завсараараа харагддаггүй гэсэн үг л дээ. Тийм болохоор ч тэр үү эсвэл ээжээс нь салгачихсаныг мэдэж байгаа болохоор ч тэр үү унагыг өрөвдөж миний дотор их хачин болчихлоо. Тэгээд түүнийг илчих санаатай ойртох гэтэл үргэж зулраад надад дийлдэх шинжгүй. Эмээ маань
- Одоохондоо яахав хүү минь тэгж л байг. Яваандаа та хоёр дасах байхаа. Өвлийн хахирган цагт хүн мал хоёр улам ойртдог юм хойно гэв. Өвөө эмээ хоёр гэртээ орж, би унагаа харсаар хоцорлоо. Хараад байсан чинь бүр хөөрхөн гэж. Хөөрхөн хул хонгор зүстэй, долгиолсон дэл сүүлтэй, хэдийгээр жаахан ч гэсэн хүйтэн улирал ирж байгаа болохоор үс нь бөмбийгөөд ургачихаж. Ер нь л анх нялх байснаа бодвол сар гаран хараагүй болохоор сүрхий том болчихож. Духан дээрээ жижигхэн сартай байсан нь бараг мэдэгдэхээ байж. Тэгээд уяатай байгаа хэрнээ үе үе цахлаад л, чихээ солбиод л учиргүй догшин байгаа бололтой. Гэнэт би “Өлсөж байгаа байх” гэж санан гэрт ороод
- Унагандаа өвс өгөх үү? Өлсөж байгаа байх гэтэл эмээ
- Одоохондоо юм идэхгүй байх өө гэхэд өвөө
- Жаахан гэлтгүй адууны хүүхэд. Өнөө маргаашдаа юм үнэрлэх ч үгүй биз гэлээ.
Нээрээ л тэгсэн шүү. Би хэрэндээ л өвс ус ойртуулавч хамраа дуугаргахаас өөр яах ч үгүй байлаа. Би унагандаа ямар нэр өгье дөө гэж хэдэн өдөр бодов. Тэгээд бодож, бодож “Хуландай” гэдэг нэр өглөө. Хуландайг ирснээс хойш урд нь миний ганц хань болдог байсан халтар нохой ч сонин биш болов. Халтар нохой яахав дээ мэдэхгүй юм чинь намайг гарсан ч орсон ч сүүлээ шарвагнуулаад л дагаад явдаг юм. Заримдаа хөөгөөд явуулчихаар гэрийн хаяанд очоод, салтаандаа хошуугаа хийгээд цагиргалаад хэвтчихнэ. Сүүлийн үед түүнийг тоохоо байчихсан болохоор гомддог байх л даа. Тэгэхээр нь өрөвдөөд ганц нэг илдэг юм. Нохой ер нь их гунидаг амьтан байх. Гуниглаж байгаа нь мэдэгдээд байдаг юм. Харин Хуландай намайг нэг л тоож өгөхгүй л байгаа юм даа.
Тэнгэр хангай ингэж тэгж дүлэгнэж байснаа нэг л өглөө босоод иртэл цас цавцайтал орчихсон байлаа. Тасралтгүй хэд хоног орсон байх. Өвөө үстэй дээлээ нөмөрчихсөн цай оочиж сууснаа дээшээ тооно руу харж
- Энэ жил чинь харин ширүүн эхэлж байх чинь вэ. Их цастай жил болж мэдэхдэг шүү гэхэд эмээ
- Харин ээ харин. Хэдэн малын буян ивээж, хангай дэлхий түших байгаа гээд залбирч байгаа харагдав. Маргаашнаас нь хэдэн тугал бяруугаа нэмнэх юм болов.
- Үнээгээ яах юм бэ? гэж намайг асуухад эмээ
- Томчуул нь одоохондоо гайгүй. Ид ес эхлэхээр нэмнэнэ
- Тэгвэл миний Хуландайг?
- Чиний Хуландайг уу? Өвөө нь нэг юм бодож байгаа байхаа гэв. Тэгээд өвөө намайг дагуулаад хойд амбаар луу явцгаав. Манай өвөө нэг их сонин маажиг маажиг гээд инээдтэй явдаг юм. Би өвөөгөө дуурайгаад араас нь маажиг маажиг гээд явсан чинь гэнэтхэн эргэж харчихаад
- Аанхаа! Чи өвөөгөө шоолж байна уу? Айн! гээд хамар чимхэснээ
- Өвөө нь ч бас залуудаа ийм байгаагүй юм шүү гээд байгаа юмаа бас. Би яаж мэдэх вэ дээ. Өвөө явсаар амбаарын хажуугийн том дөрвөлжийг онгойлгов. Дөрвөлж гэдэг нь том л болохоос биш дээрээ тагтай авдар л даа. Том монгол цоожтой тэр авдарт “юу байдаг бол” гэж боддог тул би их сонирхож байсан юм. Нугас нь зэвэрчихсэн байсан болохоор муухай гяхх!, гяхх! . . . гээд л ёолж байгаа юм шиг онгойсон. Өвөө
- Алив миний хүү энийг түшиж бай гээд надаар авдарны таг түшүүлээд өөрөө дотор нь байсан юмнуудыг гаргаж эхлэв. Тугалны нэмнээг нэг тийш нь, хурганыхыг нөгөө тийш нь, баахан бэлхэнцэг байсныг бас нэг тийш нь гээд л ялгаж гарав. Тэдгээрийг авч шидэх болгонд хуучин юмны дармал үнэр үнэртэж байв.
- Одоо жаахан салхи үзүүлж, онгорхой цоорхойг нь цойлдохгүй бол болохгүй. Цас орж байхдаа ч яахав. Орсныхоо дараа цочир хүйтэрч мэднэ гээд л амандаа ч юмуу эсвэл надад ч юм уу үглэнэ. Юмнуудыг гаргах тусам авдар дундарч өвөөгийн толгой болон цээжин бие нь доошоо тонгойх нь ихсэж байв. Өвөө миний түшиж байсан тагийг нэг юмаар торгоогоод
- Миний хүү эднийг сайхан салхинд сэргээ гэлээ. Би ч Хуландайдаа л санаа зовж байсан тул
- Өвөө! Хуландайг нэмнэх үү?
- Нэмнэлгүй яахав. Нялх амьтаныг. Харин чи наанаасаа таарах нэмнээг ол гэв. Би хөгц чийг үнэртсэн нэмнээг тараагаад амьхандаа сайн нэмнээ олчих санаатай барьж тавилна. Тэгж байгаад нэг хөдсөн нэмнээг аваад өвөөрүүгээ харсан чинь өвөө нөгөө дөрвөлжнийхөө ёроол руу толгойгоо шургуулчихсан юу ч юм ухаад ухаан алга. Би ч “Өвөөг араас нь түлхчихвэл ямар гоё оочих болоо” гэж бодогдоод инээд хүрээд явчихлаа. Би хааяа нэг инээхээрээ зогсдоггүй муу зантай. Гэвч энэ удаа тэгсэнгүй. Өвөөг бол харин түлхээгүй л дээ. Хэрвээ түлхвэл “Үгүй ээ! Энэ лүд чинь яаж байнаа” гээд л нэг муухай хашгираад л нүд ам нь ямар сонин болох болоо. Хи хи
Тэгсэн чинь өвөө ухаж, ухаж сая нэг юм эрснээ олов бололтой нэг хуучны гуулин хонх гаргаж ирээд
- Үүнийг Хуландайдаа зүүж өгнөө. Чимээ гаргаж л яваг хөөрхий гэлээ. Эмээ бид хоёрын хойноос гарч ирээд нэмнээнүүдийг хашаан дээр тохож сэргээгээд, заримыг нь нөхөж цойлдов. Би эмээд
- Энэ нэмнээг би Хуландайд авсан гээд үзүүлтэл
- Бас овоо шүү дээ миний хүү. Бүр гайгүй нь сонгочихож гэхэд өвөө
- Харин тийм. Сүрхий золиг гэснээ
- За орж халуун унд оочицгооё. Гайгүй байгаа юм шиг хэрнээ сүрхий жиндүүн байна гээд гэрээдээ маажигнаад алхсан. Араас нь эмээ бас яг адилхан маажиг маажиг гээд цувраад инээдтэй. Тэгэхээр нь би бас эмээгийн араас хоёр тийшээ ганхаад явсан чинь бид гурвын сүүдэр наашаа цаашаа болоод л . . . Халтар нохой бид гурвыг бүүр гайхчихсан харж байсан гэж байгаа.
Ингээд Хуландай нэмнээтэй бас хонхтой болов. Анх ирсэн үеээ бодвол надад овоо дасаад миний өгсөн өвсийг иддэг болчихоод байгаа юм. Өвөө эмээ хоёр надад Хуландайг дасгах гээд зориуд зөвхөн надаар л өвс, ус өгүүлнэ. Намайг одоо Хуландай гэж дуудахаар надруу ирдэггүй ч гэсэн наашаа хардаг болсон. Мал хотлохоос өмнө Хуландайг хонх болон нэмнээтэй нь дасгах гэж нуруун дээр нь нэмнээг тохоход хамраа тачигнуулан үргээд л. Бодвол нуруун дээрээ юм тавьж үзээгүйгээс болсон уу эсвэл тэр хөгцний үнэрнээс болсон байх. Хуландайд байтугай миний хамарт хүртэл цоргиж байсан юм чинь. Тэгсэн чинь өвөө
- Адууны хүүхдээ бас . . . гэж өхөөрдсөн бассан алин болох нь мэдэгдэхгүй мушийснаа
- Өнгө нь жаахан муухан ч гэсэн дулаан л бол яамай. Одоо хонхыг нь гээд хүзүүнд нь зүүгээд тавьчихваа. Тэгсэн чинь Хуландай өөрөө өөрөөсөө үргээд ганц нэг бухаад, хашаан дотуур давхиж өгсөн. Хуурай бууц туурайнаас нь үсрэн хашааны модон дээр цацагдан шаржигнах нь сонсогдоно. Бүр орой мал хотолж ирэхэд хүртэл хулмалзсаар байсан юм. Хонь мал хүртэл түүнээс үргэн хашааны нэг булангаас нөгөө булан руу хуйлрав. Үхэрнүүд гайхсан янзтай мэлрээд л, толгойгоо данхалзуулна. Халтар нохой бүр элэг аваад хаяв. Дандаа л гэрийн гадаа хэвтэж байдаг юм чинь тэндээ л үүргэлж байсан байлгүй. Хуландайгийн бужигнаанаар гэнэтхэн л хаашаа хамаагүй хуцаж давхиад саравчны нөгөө талаар хадуурсанаа юм хараагүй бололтой буцаад хашаа тойроод пөг пөг гээд шогшиж явтал гэнэтхэн Хуландай гараад ирсэн чинь цосондоо хэсэг газар зугтсан гэж байгаа. Аймхай амьтан. Тэгээд ч нэг их удалгүй хүн малгүй дасцгаасан даа. Заримдаа хонх дуугарахгүй бол “Нөгөө Хуландай хаачив. Яагаад чимээгүй болчихов” гэж байх жишээтэй.
Удалгүй нээрээ өвөөгийн хэлдгээр хүйтэн тачигнаж эхэллээ. “Есөн ес наян нэг хоногийг л давчихвал болох нь тэр. Дамаан бүр идэр гурван есийн ард гарчихвал даа” гэж ирээд л эмээ маань дандаа ярина. Цас улам лагвийтал орж, хунгарлаж зузаарсаар байв. Хөр цас хатуурчихаар хонь ямааны шилбэ хагарч язраад заримынх нь цус шүүрээд хөлдчихнө. Үхэр хамраараа цас түрж өвс гаргаж иддэг болохоор хамрын арьс нь язрана. Манайх бух, том шарнаас бусад бүх үхрээ нэмнэлээ. Хонио бараг бэлчээхээ болив. Өдөрт миний ажил мэдээж өглөө босохоос эхлэнэ. Өглөө гэрээс гараад ирэхээр халтар нохой байдгаараа цантчихсан дугуй цагаан юм хэвтэж байдаг юм. Шөнөдөө үнэхээр хүйтэн болохоор цавиндаа шургуулсан хошуугаа ч гаргах дургүй. Хажуугаар нь явахаар өрөөсөн нүдээ нээчихнээ бас болоогүй. За тэгээд хашаа саравчаа цэвэрлэнэ гэж том ажил бий. Урд шөнө нь баасан үхрийн баасыг, хөлдүү адсаган дээр овоолоод холгүйхэн чирч аваачиж асгадаг юм. Адсагыг сэнжлээд оосорлосон болохоор тийм ч хэцүү биш. Харин нэг хэцүү юм нь өглөө үхэрнүүдийг болж өгвөл хэвтэр дээрээ шээхээс нь өмнө саравчнаас гаргах л байдаг байлаа. Үхэр чинь халуун хэвтэрээсээ дөнгөж босоод суниахдаа л зэрэг шээчихдэг байхгүй юү. Тэгээд шээчихвэл орой ирэхэд нь дош болоод хөлдчихнө. Яаж дээр нь хэвтэх вэ дээ. Заваанаа мэдэхгүй муусайн үхэрнүүд их лазаан. Ялангуяа манай чагтан эвэртэй халзан үнээ бүр залхуу. Бас их муухай ааштай. Түүнээс бүх үхэр айна. Чагт эвэрт хашааны аман дээр очоод зогсчихвол бусад нь гарч чадахгүй хойгуур нь эргэлдсээр байгаад шээчихнэ. Тэгээд чагт эвэртийг л хурдхан гаргах гээд балбаад байдаг гэж байгаа. Харин би Хуландайгаа өглөө эрт саравчнаас гаргадаг ч үгүй. Хүйтэн өдөр бол бүр үгүй. Шээвэл шээж л байг. Шээчихвэл би нойтон дээр нь хусаж хаяад л хуурай бууц доор нь дэвсэж өгдөг юм. Түүний дараа хотондоо үлддэг малдаа өвс тавьж өгнө дөө. Энэ л миний хамгийн дуртай ажил. “Хахир цаг болохоор мал хүнд ойртдог” гэж эмээгийн хэлдэг үнэн юм билээ. Намайг өвсний хашаа руу явахаар хонь, ямаа, тугал бяруу бүгд мэднэ. Тэр ч байтугай Хуландай ч мэднэ. Цөмөөрөө намайг дагуулаад л зэрэг зэрэг хараад л байдаг юм. Аягүй хөөрхөн. Би заримдаа тэднийг хуурч өвсний хашаанаас хоосон гарч ирээд тэднийг ер тоохгүй юм шиг царайлж горьдоодог гэж байгаа.
Цаг улам ширүүсч байсан учир сүүлдээ орой хашихаасаа өмнө манайх зарим малдаа тэжээл өгдөг болов. За энэ бол ёстой жинхэнэ хэцүү ажилдаа. Бүгдээрээ зэрэг дайрна. Эсвэл том нь жижгийнхээ тэжээлийг идэх гэнэ. Хоёр морь, Хуландай гуравт бол овъёос өгдөг. Овъёос өгдөг болсоноос хойш Хуландай маань нэрээ мэддэг болсон. Намайг Хуландай, Хуландай гэхээр хотны хаанаас ч гэсэн хонхоо жин жин дуугаргаад хүрээд ирнэ. Хөөрхөн. Заримдаа эмээгийн авдарнаас сэмхэн авсан ёотонгоо Хуландайтайгаа хувааж иднэ. Алган дээрээ ёотон тавиад өгөхөөр үнэртэж байснаа уруулынхаа цомбогороор бөмбөрүүлж байгаад л амандаа хийчихдэг юм. Хуландайг дуудахаар Халтар нохой бас андуураад хүрээд ирнээ. Тэгээд бас горьдчихно. Манайд бас нэг мухар улаан ямаа бий. Хавар, зун, намар дандаа хонийг ийш тийш дагуулж давхина. Гэрийн бүрээс урна, үхрийн нэмнээ зулгаана. Нэг шөнө Хуландайгийн нэмнээг салмайтал зулгаачихсан байсан. Эмээд хэлэхээр
- Эмээ нь тэгж байгаад завтай болохоороо нөхөж өгнөө гээд нөхөөгүй л яваад байгаа юм. тэр ямаа тэжээл өгч байхад яаж ч хөөгөөд дийлдэхгүй заавал ам дүүрэн үнхэж байж санаа нь амрана. Манай гэрийн баруун орон доорхи төмөр тэвшинд малд өгөх тэжээл байдаг. Гадаа байлгахаар хөлдчих гээд байдаг тул гэрт гэсгүүн байлгаад оройд бага, багаар хуваагаад өгдөг байхгүй юү. Тэжээл тэнд байдгийг улаан ямаа мэднэ. Орой бэлчээрээсээ ирээд л гэрийн үүд сахиад зогсчихно доо. Аягүй бол өдөржингөө л бодоод явдаг байх. Өвөө эмээ бид гурав орж гарахдаа ямаатай ноцолдох гэж бас нэг бөөн ажил. Нэг удаа Хуландайд овъёосоо тавьж өгчихөөд хажуугаар нь хонь малын хошуу оруулчихгүй санаатай зогсож байсан чинь өнөө улаан ямаа ирэхээр нь үргээлээ. Тэгсэн чинь салжиг, салжиг гээд л гэрийн үүдрүү явсын. Би түүнийг “Яах л гэж байгаа бол доо” гэж бодоод харж байсан чинь гэрийн дулаалгатай хаалга сэв хийж онгойгоод нэг их цагаан уур савссанаа Пүгг! гээд хаагдангуут түмпэн сав тачигнаад л явчихлаа. Түүнтэй зэрэгцээд
- Хүүе! Энэ муу годронг хараач ээ . . . гэх өвөөгийн гэр дүүрэн хараах дуу хадчихваа. Би ч барьж байсан саваагаа хаячихаад гэрлүү харайлаа. Тэгсэн чинь өвөө гэрээс гарах гээд хаалга онгойлгонгуут гэрээс халуун уур савсаад юм харахгүй ядаж байх хооронд нөгөө улаан ямаа салтаан доогуур нь ороод тэр чигээрээ тэжээл рүү зүлтгэхдээ юу юуны завдалгүй өвөөг баруун орон дээр аваачаад суулгачихсан байгаа юм даа. Намайг гүйсээр орж ирэхэд өвөө ерөөсөө тайвшираагүй бололтой нүд нь орой дээрээ гарчихсан
- За! чамай муу годронг ирэх намар борц хийе ээ байз . . . гээд хараахаас өөр яаж чадахгүй. Өнөө улаан ямаа тэжээлээс нь ухаан жолоогүй үмхэлж байгаа юм чинь. Миний инээд хүрээд болдоггүй ээ. Эхлээд сэмээрхэн
- Хи хи хи . . . гэж байснаа сүүлдээ бүүр тэсэхгүй
- Ха ха ха . . . гээд явчихсан чинь эмээ дагаж шоолоод, тэгсэн чинь өвөө бас инээгээд. Гурвуулаа нулимсаа гартал инээсэн гэж байгаа. Эмээ бүр хорлонтой
- Мухар байсан нь их юм даа. Эвэртэй байсан бол яанаа гээд хоёр гуравхан шар шүдээ ёрдойлгоод тас тас гээд инээгээд байсан. Өвөө ч бүр санаа амар шүдгүй юм чинь дээ.
- Хоёр лүд минь намайг шоолох яахав. Энэ годронг гаргая. Хамаг тэжээл барчихлаа гэсэн мөртлөө л нэг их улаан ам гаргаад л инээсэн. Би бүр элгээ тэврээд газар эвхэрч авсан. Инээхгүй гээд хичээхээр бүр инээгээд. Ямар сайндаа амаа жимийгээд тэсэж байтал хамарнаас нус бүлт үсрээд гараад ирсэн чинь нөгөө хоёр бүр савж унаад. Сүүлдээ өвөөг биш намайг шоолоод. Ёо ёо тэгэхэд ёстой нэг сайхан инээж авсан шүү. Би өвөө эмээ хоёрыгоо тэгтлээ их инээж байхыг анх удаа л харсан юм. Хааяа тэгж инээх ч гоё юм билээ.Улаан ямаа харин нилээн сайн далимдуулсан байх.
Хүйтрэх үедээ хүйтэрч, шуурах үедээ шуурч өвлийн хахир өдрүүд ээлж дараалан өнгөрсөөр байлаа. Хуландай бид хоёр улам бүр ижил дасал болсоор. Өвс уснаас бусад үед бол намайг хаа ч явсан дагаад л явна. Заримдаа бүр үхрийн баас овоолгоотой хөлдүү адсага чирээд явахад хүртэл хонхоо жин жин дуугаргаад л дагна гээч. Хуландайг хараад л байхаар үс нь бавайтал ургаад царай муутай ч гэсэн нүд, хошуу энэ тэр нь их хөөрхөн, эгдүүтэй. Намайг ажлаа хийж байгаад жаахан амрахаар хажууд хүрээд ирнэ. Хараагүй юм шиг суугаад байхаар толгойгоороо шөргөөгөөд л, үнэрлээд л халуун амьсгаа нь гижиг хүргээд байдаг юм. Надаас ёотонгоо нэхээд байгаа нь л тэр л дээ. Тэгээд би тэсэхгүй
- За за өглөө, өглөө гээд өврөөсөө гаргаад өгөхөөр торр торр хийтэл зажлаад бас нэг хэсэг яваад өгнөө. Их зантай амьтан. Заримдаа би нуугдаж тоглоно. Хашааны буланд нуугдаж байгаад л гэнэтхэн хашгираад гараад ирэхээр овгос гэж бусгаад, огол харайдаг юм. Хонх нь дагаж дуугараад л сүртэй.
Цагаан сар дөхөөд эмээ өвөө маань хэрэндээ л бэлдэж эхлэв. Бууз баншаа бас боовоо хийх юм болов. Боовоо шинэ тосонд чанана гээд надаар нэг өдөржин шахуу өөх татуулсан. Махны машинд хийгээд эргүүлээд л байлаа, эргүүлээд л байлаа. Эхлээд сонирхолтой байснаа сүүлдээ залхуутай болж эхлэв. Хажуугаар нь эмээ өөхөө шарлааж байгаа нь энэ гээд гал өрдчихсөн чинь халууцаад, хөлс урсаж өгсөн. Эмээ
- Миний хүү ядарч байна уу? гэхээр нь хэрэндээ нэрэлхээд
- Гайгүй ээ. Нэг их бяр орохгүй байна гээд залчихсан. Уг нь бол гарч Хуландайтай тогломоор л байсан.
- Миний хүү наад их үсээ авхуулчихгүй юм уу? гээд л эмээ хошуу дэвсээд л. Би ирэх жил сургуульд орно гээд халимагаа авхуулахгүй байсан юм. Бас нэг өдөржингөө боов хийж байна гээд надаар бэмбээ нухуулсан. Үнэхээр хэцүү. Ерөөсөө эвэлж өгөхгүй. Эмээ зуухныхаа өмнө суучихсан хөлсөө арчин, арчин боовоо чанана. Өвөө хэвээ тавих зуураа намайг хараад байх шиг санагдахаар нь би улам хурдан хурдан нухаад л . . .
- Муу хүү маань байгаагүй бол манайх ер нь цагаан сараа хийж чадахгүй байх аа даа гэхээр эмээ
- Чухамаа чухам. Дармаа маань байхгүй бол гар мухар л гэсэн үг гэхээр би овгос овгос гээд хэд хэд хүчтэй нухдаг гэж байгаа. Тэгэхээр эмээ
- Харин энэ их үсээ л авхуулчихвал гэхээр нь би сулраад л явчихна. Тэгэн тэгсээр цагаан сарын ид ажил ерөнхийдөө нугарч Хуландай бид хоёр урьдын адил эрхэлсээр бас дотроо цагаан сар болох өдрийг хүлээсээр, тоолсоор. . . Эмээ миний үстэй дээлэнд хөх даалимбаар өнгө татаж өгөв. Тэгээд
- Алив хүүгийнхээ дээлийг эмээ нь мялаая гээд атга чихэр өгөөд духан дээр үнсэхдээ
- Байз, байз. Энэ чинь юу вэ? гээд толгойг минь татаж, ойртуулж харснаа
- За болохоо ч байсан шүү хүүхээ. Миний хүүгийн толгой хуурстачихаж гэдэг байгаа.
- Одоо яах вэ эмээ? гэтэл эмээ суудал дээрээ эргэж хөлийнхөө шүүгээг ухаж нэг үсний шүүр гаргаад шүүрдэв. Миний үс ширэлдчихсэн юмуу, зулгааж өгсөн. Хэсэг самнаад эмээ
- Миний хүү үсээ авхуулчих. Ирэх намар гэхэд зөндөө их ургачихна шүү дээ. Цагаан сараар улс амьтан ирнэ. Тэгэхээр муухай толгойтой байж болохгүй. Миний хүү чинь өвөөтэйгөө айл хэсэж бэлэг авна. Бас аав ээжийгээ ирэхэд хоёулаа бөөстчихсөөн сууж байж болохгүй биз дээ. Эмээ нь ерөөсөө өвтгөхгүй аваад өгье. Тэгэх үү? гээд байхаар нь “Нээрээ бөөстчихсөн юм байх” гэж бодоод толгой дохилоо. Эмээ эхлээд хайчаар хяргав. Хайран үс минь хяргах тоолонд эмээгийн өвөр дээрх дэвссэн даавуун дээр бөөн бөөнөөрөө унах нь харамсмаар. Би бас бөөс харчих санаатай унаж буй үсээ байдгаараа л харав. Юм л харагдсангүй. Тэгээд дараа нь үсний машинаар хусаад, бүлээн усаар угааснаар би халзан толгойтой болов оо. Яг дуусаж байхад гаднаас өвөөтэй хамт орж ирсэн хүйтэн агаарт толгой сэрүү татаж байгаа нь мэдэгдэв.
Үргэлжлэл бий . . .
Бүрэн эхээрээ...

Блогоор аялсан түүх - 10

5 Сэтгэгдэлүүд:


Блогчин Амарсайхан, Галаарид хоёр маань шинэ сонин гаргажээ. Мэдээг Амраагийн блогноос олон тайлбаргүйгээр татлаа
Сонины тухайд
"Уншдаг, сэтгэдэг оюунлаг хүмүүний сонин" гэсэн танилцуулгатай манай сонины хоёр дахь дугаар уншигчдын гар дээр очиж байна. Хов жив, тулга тойрсон хэрүүлээр сонины талбайг дүүргэх болсон энэ бараан цагт өчүүхэн ч атугай гэрэл гэгээ түгээхийн төлөө өөрийгөө хүндэлдэг, гэгээлэг уншигч олон
түмэнд зориулан энэ сониныг гаргах болсон билээ. Экологи, эдийн засаг, шинэ технологи, парапсихологи, виртуал сонин, түүх соёл, уран зохиол гэсэн тогтмол булангуудтай манай сонин нийтлэлийн бодлогоо цэвэр танин мэдэхүйн чиглэлд хандуулах юм.
Сониныг сэтгүүлч Б.Галаарид болон миний бие тэргүүтэй цомхон редакцийн хамт олон хөтлөн гаргана. 14 хоногт нэг удаа гарах, таны оюуны талх болсон "Гэрэлт Цалиг" сониноо хэвлэл борлуулах цэгүүдээс авч уншаарай. Сонины шинэ дугаарын тоймыг блогтоо нийтэлж байх болно.
Эрхэм танаа мэхийн ёсолсон А.Амарсайхан
Шинэ дугаарын тойм
Зарим нийтлэлээс хэсэгчлэн авч сонирхуулъя.
Эдийн засаг нүүрт:
Нефтийн үнийн хэлбэлзэл: Хөшигний ар дахь нүцгэн үнэн

1980-аад оноос хойш дэлхийн нефтийн үнэ тогтоогч нь нефть, нефтийн бүтээгдэхүүн борлуулдаг Нью-Йорк, Сингапурын барааны, Лондонгийн нефтийн бирж гурав болж хувирчээ. 24 цаг тасралтгүй худалдаа явуулдаг энэ гурван биржээр дэлхийн нефтийн нийт борлуулалтын 1 хүрэхгүй хувь зарагддаг. Тэгээд ч энэ гурван бирж дээр бодит бараа биш, харин нефть нийлүүлэх гэрээ л зарагддаг. Тэгэхээр дэлхийн нефтийн үнэ өнөөдөр бодит арилжааны үр дүнгээс биш, харин санхүүгийн арга хэрэгслээс хамаардаг байх нь ээ.
Нефтийн үнэ огцом өсөх тохиолдол болгоны ард улстөрийн нөхцөл байдлын өөрчлөлт оршдог. Дурын мэдээ маш богино хугацаанд нефтийн үнийг огцом өөрчилж чадаж байна. Жишээ нь, 2005 онд Нигерт байгаа Элчин сайдын яамаа ажилтнуудынхаа аюулгүй байдлын үүднээс түр хаах шийдвэрийг Герман, Англи, Америк гурав гаргасан тухай мэдээлэх төдийд нефтийн үнэ огцом өсч байжээ. Гэтэл нефтийн үнэд үүнээс хавьгүй илүүгээр нөлөөлөх ёстой нөхцөл байдал огт үйлчлэхгүй нь бий. Жишээ нь “Кэтрин” хар салхины улмаас АНУ-ын нефтийн үйлдвэрлэлд ноцтой хохирол учирчихаад байхад үнэ нь огт хөдлөөгүй билээ.
Нефть олборлогч томхон орон болох ОХУ яаж хичээгээд ч нефтийн үнэд нөлөөлж чадахгүй байна. Орос сүүлийн арваад жил нефтийн экспортоо нэмж буй, Ойрхи Дорнотын орнуудын олборлолт ч нэмэгдсэн зэрэг хүчин зүйл дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ урт хугацаанд өссөөр байгаад нөлөөлж чадаагүй юм.
Хөнгөн онгоц уу, хар зам уу?
Хувийн онгоц гэхээр саятан тэрбумтан л санаанд буудаг байсан цаг улиран одлоо. Хуучин жийпний үнээр онгоц авдаг боллоо. “Шадивлан зуугаар ниснэ” гэх хүүхдийн мөрөөдлийг бодит амьдрал болгох шинэ зууны дэвшил хаалга тогшиж байна.
Зуслан руугаа ниснэ гэж ярих нь Канад, Америк зэрэг орнуудад хэвийн үзэгдэл. Нисгэгчийн лицензтэй 1.3 сая хүн хувийн нисэх онгоцоороо төрөл бүрийн үйлчилгээ явуулж, бага нисэх хүчин Америкийн эдийн засагт жил тутам 150 тэрбум доллар оруулж байгаа тухай Онгоц эзэмшигч, нисгэгчдийн холбооны “www.aopa.org” цахим хуудсанд бичжээ.
Хойд хөршөд ч малая авиация буюу бага нисэх хүчин хөгжиж, түүний харилцааг зохицуулах хууль, тогтоомжууд гарч эхлээд байна.
Манайх шиг өргөн уудам нутагтай, хүн ам сийрэг суудаг нутагт хамгийн тохиромжтой унаа бол хөнгөн онгоц гэдэгтэй маргах хэрэг гарахгүй л болов уу. Алтайгаас Ховд ортол 12 цаг сэгсчүүлж, тоосонд даруулж, тамаа цайхын оронд зүгээр л 2 цаг нисчихчихдэг болох гээд үзвэл ямар вэ.

Экологи нүүрт:

Сүрлэг Хангайн ой хөвч-зэрлэг хэрэглээний золиос
Монгол орны ойн эзлэх талбай хоёр дахин хорогдчихоод байхад нэмж устгасаар л байна

Дэлхийн хуурай газрын гучин хувь нь л ой модон хучлагатай. Гэхдээ сүүлийн 200 жилд энэ бүрхүүл хоёр дахин багассан гэж байгаа. Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 10 хүрэхгүй хувийг ой эзэлдэг гэдэг байлаа. Гэтэл сүүлийн 50 жилд Монголын ой модны хэмжээ хоёр дахин буурчээ. Өөрөөр хэлбэл мод муутай монголчууд ойгоо устгах гэж дэлхийн дунджаас дөрөв дахин илүү хүчээр чармайжээ. Үүний цаана төрийн бодлогын алдаа, иргэдийн экомэдлэгийн түвшин, эдийн засгийн хүчин зүйл, нийгэм-эдийн засгийн үр дагавар гээд асар олон асуудал бий.
Энэ талаар өгүүлэхийн өмнө дэлхийн ногоон бүрхэвч хэдийнээс хэрхэн сүйдэж ирсэн талаар түүхийн хуудас сөхье. Хүн төрөлхтний ололт, технологийн хөгжил дэвшил болгон өөрийн гэсэн гэрэл сүүдэртэй байлаа. Синантропууд 400 мянган жилийн тэртээ гал хэрэглэж сурсан тэр цагт байгаль орчин анхны том хохирлоо амссан гэдэг. Тэр цагийнханд байгаль орчноо хамгаалах хэрэгцээ үнэндээ байсангүй. Гал алдаж түймэр тавьчихаад зугатан одох хүн сүргийн хамгийн том золиос нь ой мод, ургамлын бүрхэвч болдог байж.

Парапсихологи нүүрт:

Психотроны хүүхэлдэй
1980-аад оны эхээр ЗХУКН-ын төв хоро оны онцгой чухал гишүүдийг дуу чимээний аргаар “боловсруулсан” гэдэг. Түлхүүр үгийг утсаар, эсвэл радиогоор сонсгоход л тэр хүн өмнө нь далд ухамсарт нь суулгаж өгсөн дурын даалгаврыг биелүүлэхэд бэлэн болдог байв. ЗХУ задарсны дараа онц чухал мэдээлэлтэй харьцдаг байсан томоохон албан тушаалын найман хүн нэг өдөр цонхоор үсэрч амиа хорлоцгоосон. Хүн бүр амиа хорлохынхоо өмнө хэн нэгэнтэй утсаар ярьсан байдаг. Тэд дэндүү ихийг мэдэж байсан учраас амьд үлдээх нь аюултай байсан учраас "амиа хорлох" аргаар устгасан гэж үздэг.


Пси-генератор
Пси-зэвсэг нь “үүсгүүр-өсгөгч-цацруулагч-хүн” гэсэн схемээр ажилладаг. Алдарт зохион бүтээгч, анагаах ухааны доктор, ийм зэвсэг бүтээсэн анхдагчдын нэг Яков Рудаков психотроникийн асуудлаа р хийсэн хурал дээр “Миний төхөөрөмж овор бага ч 150 метрт цохилт өгөх чбдвбртай туяа цацруулдаг. Тодорхой нөхцөлд энэ туяаг өргөжүүлж том танхимд нөлөөлж болно. Нөлөөллийн хувьд янз бүр. Нойрсуулна. Янз бүрийн, зарим тохиолдолд өөрт нь аюултай байж мэдэх үйл хөдлөл рүү хүнийг хөтөлнө. Үнэхээр хүнийг биоробот болгож болно” гэж мэдэгдэж байв.

Шинэ технологи нүүрт:

Ус өөрийгөө өргөнө

Монгол нутгийн хот хөдөө, хаа сайгүй ногоо тарьдаг өрх айл элбэг болжээ. Өрийнхөө хэрэгцээг хангаад, өрөөлд илүүчлээд борлуулчих багахан ч болов ногоо авчихна гэдэг аштай юу.
Бас манайд барилга үсрэнгүй хөгжиж байна. Томхон амбаар барьчихаад түүнийгээ зуслангийн байшин гэдэг байсан үе улиран одлоо. Хүмүүс зуслангийн сайхан орд харш бариад, түүнийхээ орчныг цэцэрлэгжүүлэх, цэцгийн мандлаар хүрээлэхэд их анхаардаг боллоо.
Ногоо тарих, орчноо цэцэрлэгжүүлэхэд нэгэн том бэрхшээл гарч ирдэг нь усжуулалт билээ. Чухам усыг хаанаас, хэрхэн яаж хямд төсөр аргаар татаж ирэх вэ гэдэг асуудал хүн бүхний толгойн өвчин болж байдаг.
Холгүй урсан өнгөрөх голоос ус ирүүлэхийн тулд хоёр километр дээрээс суваг шуудуу татах болно. Эзэнгүй алга дарам ч газар олдохгүй болсон өнөө цагт хүний газар дээгүүр шуудуу татах гээд “за” гэсэн хариулт сонсоно гэдэг юу л бол. Зөвшөөрчихлөө гэхэд нэгнийхээ байгалийн хийг нутаг дээгүүрээ өнгөрүүлсний төлбөр тооцоо хийх гэж байнга хэрүүл хийж байдаг Орос, Украин хоёр шиг байдалд удахгүй орохыг хэн мэдэх вэ. Насосоор татах гээд үзвэл өчнөөн шатахуун эсвэл цахилгаан зарцуулж, бөөн мөнгө төлөх болно.

Бид энэ дугаартаа усыг өөрөөр нь өөрийг нь өргүүлдэг хэмнэлттэй технологийг танилцуулж байна.
Эрчим хүч зарцуулдаггүй энэхүү насосыг орос инженерүүд зохион бүтээжээ. Ямар нэгэн хөдөлгүүргүй бөгөөд, нэмэлт эрчим хүчний эх үүсвэр шаарддаггүй. Голын савын өөрийнх нь хэвгийн түрэлт, эсвэл 1 метр өндөртэй жижиг далангийн түрэлтийг ашиглан ус өргөдөг. Ашиглалтын хугацаа нь 10 – 15 жил байдаг юм байна.

Виртуал сонин нүүрийн тухай

Энэ нүүртээ бид, блогчдын бичлэгээс, болон блог ертөнцийн сонин хачнаас нийтэлж байх юм. Эхний дугаарт Микагийн "Утаагүй зуух", Баатарын "Худам монгол бичиг-бидний дархлаа", Санакае-гийн "Яахоогийн шилдэг хайлтууд", Баярсайханы "Виндоүсээс Макинтош руу шилжсээр" бичлэгүүд гарсан.
Энэ дугаарт Гансүхийн фото зурагчдад зориулсан зөвлөгөө, Бум-Эрдэнийн "Зүрх" өгүүллэгийг нийтэлсэн шүү.
"Гэрэлт Цалиг" сониноо уншина уу
Бүрэн эхээрээ...

Таван стакан архи (Өгүүллэг)

39 Сэтгэгдэлүүд:

Гочоо гараа үрчсээр гаднаас орж ирлээ. Муу умгар өрөө нь хүйтэн зэврүүн ч гэлээ гадааг бодвол дээр байлгүй яахав. Өрөө нь ундуй сундуй. Энд тэндгүй хуйлсан хуйлаагүй цаас, дутуу хагас зурсан зураг, хар цагаан сюжет тавьсан ноорогнууд мөн ширээ сандал, цонхны тавцан зэрэг юм тавьж болох бүхэн дээр элдвийн будаг шунх, багс бийр арзайж сарзайна. Ер нь зураач хүний өрөө ямар байдаг вэ яг л тийм нэг өрөө. Ер нь өрөөний эзэн хэд хэдэн зурган дээр зэрэг ажилладаг бололтой. Зарим тавиур дээрхи зураг бараг дуусаж байхад, зарим нь дөнгөж суурь өнгөө тавьж байх жишээтэй. Тэрүүхэн буланд хэзээний ч юм бүү мэд нэгэн буйдан нормойн хөглөрнө. Уг нь саарал өнгөтэй байсан бололтой. Харин одоо бол ирмэг хүрээгээр нь өлөн хир нүүгэлтэж, энд тэндгүй будаг үсчээд нэг бүүдийсэн л юм болж. Энэ өрөөг саяын орж ирдэг Гоё Гочоо гэж битүү хоолойтой ноосон цамц, хавтгай хар малгайнаас салдаггүй ногтон сахалтай нөхөр эзэмшинэ. Гочоо гадуур хувцасныхаа энгэрийн халааснаас ганц шил архи гаргаснаа зурж буй зурагныхаа хажууд тавин хаалга руу эргэн очиж сайтар түгжээд, нэг шилэн аяга аван сандал дээрээ тухлан суулаа.Тэр Тунгаагаа зурж байгаа юм. Харин энэ шилэн аяга бол Гочоогийн хувьд бийр багснаас дутахгүй үүргээ гүйцэтгэж байгаа эд. Тэр шилэн аягаа гартаа эргүүлэн хэсэг харж суулаа. Гочоог бага байхад галт тэргэнд л ийм аяга байдагсан. Одоо ч гэсэн байдаг байж магад. Нэг л өвөрмөц амттай тэр цайг Гочоо “вагоны цай” гэдэг байж билээ. Сүүлд хойшоо явахдаа мөн ч их уусандаа. Түүнийгээ санан инээмсэглэж “Одоо ч энэ аяганд өөр юм уудаг болждээ” гэж бодлоо. Дээрээсээ доошоо талстуудаар эвлүүлээд хийчихсэн юм шиг шувтан хэлбэрийн энэ аяга овоо зузаан шилээр хийгдэж. Тиймдээ ч Гочоогийн өрөөнд нилээд удаж байгаа байх. Тэр ч байтугай Гочоогоос өмнө энэ өрөөнд байсан гээд бодчих. Аяганы доод ёроолоос дээш дөрвөн хуруу хиртэй зайд хөндлөн судал уг аягыг бүтэн ороожээ. Энэ судал өөрөө аяндаа тогтсон уу эсвэл хэн нэг нь хэргээр тэмдэглэсэн үү бүү мэд. Уг аягыг угааж байгаа хүнийг Гочоо хараагүй. Гочоо архиа задлан аягандаа хүл хүл хийлгэн судал хүртэл нь хийлээ. Гар нь үл ялиг салгална. Аяганд жижигхэн бөмбөлөгнүүд хэсэг бужигнаснаа тэгэсгээд намжлаа. Архи нь яг тэр судалтай зэрэгцэн цэхвэлзэнэ. Ямар ч хөдөлгөөнгүй болсон тэр архи ер гэмгүй царайтай гээч. Гочоо аягатайг харж хэсэг сууснаа тамхиа гарган асаагаад, хөлөө ачин гэдийх зуураа уушиглан, нөгөө гараараа ногтон сахлаа илэхэд гарынх нь завсраар цэнхэр утаа багтаж ядан саагина. Аяганы талаас арай дээгүүрх хөндлөн зураасаар тааруулаад хийхэд нэг шил архи яг тав тэнцүү хуваагддаг юм. Өөрөөр хэлбэл Гочоо шил архийг энэ аягаар таван удаа л хөнтөрдөг гэсэн үг. Гочоо яагаад ч юм хундага гэхээсээ илүү шилэн аягыг илүүд үзнэ. Бүр хойно оюутан байхын л тийм байсан. Бодвол зуун граммаар туудаг болоод тэр байх. Тэрээр тамхиа дахин нэг сорж, их үйлийн өмнө сэтгэл санаагаа төвлөрүүлэх гэж буй хүн шиг яаралгүйхэн бодол болон сууна.
“Тэр чаджээ. Үнэхээр чадаж. Булгаа гэж овоо эр юм даа” гэж бодон шазуураа нэг зууснаа “Манай Булгаа ч авъяастай л даа” гэж бодон түрүүчийнхээ бодлыг цайруулна. Тэгсэнээ
- Ердөө гуравхан жилийн дотор шүү гэж амандаа шивнэхэд тамхины хөх утаа зэрэгцэн пургина. Гараа зугуухан явуулж шилэн аягатайг аван шийдсэн янзтай
- Пүү! гэж үлээхэд уушиганд нь үлдсэн багахан утаа тэрүүхэнд цэнхэртэх агшинд амьсгаагаа хагас татаад залгилж эхэллээ. Хэрвээ хажууд нь хүн харж суугаа бол өөрийн эрхгүй шүлс ялгаран ам дүүрмээр гүд гүд хийн залгилна. Тэр яг таван удаа залгилж дуусгадаг юм. Нүднийх нь аяганд ус цийлэгнэн дүүрч ирэхийн багцаанд аягатай архи дууслаа. Аягаа буцааж тавих зуураа дутуу татсан тамхи нь хуруун завсар нь уугих нөгөө гараа хагас атган амандаа барьж
- Пүү үү . . . гэж уртаар үлээхэд толгой дээрхи малгай нь үл ялиг чичигнэнэ. Тэрээр нүд хамар хоёроос нь юу угүй гараад ирэх шингэнийг тогтоох гэхдээ хойшоогоо гэдийлээ. Энэ бол нус ч биш, нулимс ч биш л дээ. Зүгээр л хаа нэгтэйгээс шахагдан гарч буй шингэн юм. Гочоо сая нэг амьсгаа авч тамхиа сороод, халцарч шарласан адар өөд үлээлээ. Хөхөлбөр утаа дээшээ угалзран олгойдох тэрхэн агшинд түрүүхэн залгилсан сархад тэртээ доошоо халуу шатуулан уруудах нь мэдрэгдэнэ. Түүний царайд тааламжтай байдал илрэв. “Тиймээ! Манай Булгаа ч авъяастай ч юм, чадалтай ч юм” хэмээн үргэлжлүүлэн бодов. Булгаа гэдэг түүний шавь гэхээр хаашаа ч юм. Бас найз ч гэх нь хаашаа юм нэг тийм л нөхөр л дөө. Булгааг тэр гурван жил гаран мэднэ. Анх бас л эдний өрөөгөөр орж гарагсадтай цуг ирээд л танилцсан. Түүнээс хойш ирэх нь олширсоор сүүлдээ оров ч, гарав ч цуг наалдан пад болсон тийм л залуу. Зурах сонирхол, жаахан авъяастай болохоос ямар ч сургууль соёл төгсөөгүй л дээ. Гэхдээ тэр өнөөдөр үзэсгэлэнгээ гаргажээ. Ихэнх зурагнуудынх нь схез, сюжет, за тэгээд цаашилбал суурь болоод үндсэн өнгөнүүд тавигдаж байх тэр бүхий л хугацаанд Гочоо Булгаа хоёр өрөө өрөөгөөрөө орж гаран, санаа оноогоо ярьж хэлж, ууж идэж, унаж тусаж явсан болохоор Гочоо ерөнхийд нь мэднэ. Тэр ч байтугай Булгааг ч өөрийг нь мэднэ гэж Гочоо боддог юм. Булгаа сайн л даа. Түүний зургийн ерөнхий цаад санаа шийдэлүүд нь яах аргагүй сайн. Гэхдээ Гочоо Булгааг “үнэхээр сайн шүү” гэж үнэлдэг эсэх нь үл мэдэгдэнэ. Өөрөөс нь сайн байх вий гэж сэрвээтдэг ч байж магад.
Харин Гоё Гочоо гэдэг маань Булгааг бодох юм бол хойно дүрслэх урлагийн дээдийг төгссөн. Мөн энэ урлагийн тогоонд овоо хэдэн жил чанагдсан, мэддэг чаддаг хийгээд үзсэн харсан нь Булгаагаас төө илүү том амьтан байхгүй юү. Тиймээс Гочоогийн сэтгэлд Булгаа үргэлж жижгээрээ. Гэтэл Булгаа нэгэн зургийг үнэхээр зурж чаджээ. Тэрийг нь сая Гочоо харчихаад ирсэн хэрэг. Өрөөндөө ганцаараа архи уух шалтгаан энэ ч байж болох юм. Гочоогийн бодол жигдрэх тийшээ хандлаа. Тэрээр бодлоосоо хөндийрөх дургүй байгаа бололтой. Гэвч хуруун дахь тамхи нь уугиад дууссан тул бодлоо таслахаас яахав. Тэр дахин нэг тамхи асаагаад архинаасаа шилэн аягандаа хүл хүл хийлгэн яг л нөгөө зураас хүртэл хийгээд энэ удаа нэг их юм бололгүй залгиллаа. Түрүүчийнхийг бодвол сүртэй зовоолгүй орсон ч тэрээр атгасан гараа амандаа барин нүдээ аньж хэсэг сууснаа амьсгаагаа зөөлхөн үлээж гаргаад тамхиа сорон түшлэгээ наллаа.
“Гочоо багаасаа л зураг сонирхдог, зурдаг байсан тул хойшоо Ленинград явж сурсан хэрэг. Тэр тэнд юмыг логик дараалалтайгаар бодож, сэтгэх, түүнийгээ ашиглан зурах, хүнтэй хэл амаа ололцох, олны дунд биеэ хэрхэн авч явах гэх мэт. Санаагаа хэрхэн зургандаа шингээх, цаашилбал хүссэн өнгөө хэрхэн гаргах гээд сураагүй юм үгүй. Бас энэ архийг ч гэсэн тэнд л ууж сурсан. Тэр аливаа юмны өнгө гаргахдаа гаргуун. Мөн Гочоогийн бүх зурганд нэг онцлог байсан нь тэр аливаа харагдацуудыг маш тунгалагаар гаргаж чаддаг байв. Гол ус, хөх тэнгэр, нар сарны тусгал гээд ер нь л тодрол сайтай тунгалагхан зурж чаддаг байлаа. Сургуулиа төгсөж ирэнгүүтээ хэд хэдэн зураг урласан нь зургийн хүрээнийхэндээ ихэд тоогдож байв. Гэлээ ч Гочоод өөрт нэг л юм дутаад байгаа юм шиг санагдан өөрийгөө голно. Чухам юу вэ гэдгээ яг оноож мэдэхгүй. Тэр дутаад байгаа юмаа хаа нэгтэйгээс эрж хайж эрэлд хатан явна. Тэгж явах үедээ өөрийнхөө багш Умбаатай таарсан юм. Энэ хүртэл бодоод Гочоо
- Багш . . . багш . . . гэж чамлангүй өнгөөр амандаа сунжруулан дуугарсанаа “Тийм л дээ багш. Би анхандаа багш л гэж боддог байсан юм чинь. Умбаа гэдэг бол монгол даяар алдартай зураач. Дөнгөж сургууль төгсөж ирсэн Гочоод байтугай, нилээд доль цохьсон зураачдын хувьд ч Умбаа гэдэг тэнгэрийн амьтан байв. Түүнтэй уулзаж, үг сольсон хүн бол нэг хэсэгтээ л сэтгэл цатгалан явах. Гочоо тэр хүнд л шавь ормоор санагдаад болох биш. Тэгсээр байж Гочоо Умбааг нилээн сайн уудгийг мэдээд авав. Ер нь уудаггүй хүн урлаг, утга зохиолынхонд байв л гэж дээ. Нилээд удаан ажигласны эцэст нэгэн өглөө Умбаа зураачийг дотор баахан муу байхыг далимдуулан ганц юм өвөртөлсөөр яваад орлоо. Махлагдуу намхан биетэй, бавгар сахалтай Умбаа хаалга онгойх чимээнээр шартсандаа болоод сул хаясан байсан биеэ хүчлэн барьж, хэн орж ирсэнийг харсанаа
- Аан! Гочоо хүү яаж явна даа? гэж асуух хэдий ч дотроо “Ганц юм бариад ирээгүй л байгаа даа” гэж санахыг бодоход ихэд шартсаны шинж. Үүнийг нь мэдсэн юм шиг Гочоо
- Сайн байна уу? Умбаа гуай. Таны наад царай чинь. Урд шөнө жаахан таагүй хонож ээ дээ гэхэд
- Тавгүйгээр барах уу . . . гээд эгээтэй л араас нь үг алдчихсангүй.
- Надад нэг юм байгаа юмсан. Аваад ирэх үү? гэж худлаа асуухад
- Асуугаад байх юу байна хүүхээ. Аваад ир гэлээ.
Гочоо гарснаа тэртэй тэрэнгүй өвөрт нь байсан тул нэг их удалгүй орж ирлээ. Тэндээ хоёул нэг нэг татчихаад Гочоо
- Баянгол орж нэг нэг таваг хуйцаа идэнгээ үлдсэнийг нь . . . гэтэл
- Тэгвэл ч бүр болоод явчихлаа гэсэн үг шүү гэж олзуурхаад
- Надад бас өнөөдөр дуусгахгүй бол болохгүй ажлууд бий гэж эрэмбээ харуулахыг хичээнэ.
Түүнээс хойш Гочоо Умбаагийн гарын шавь хэмээгдэх болсон юм. Умбаа мөн л Гочоог маш авъяастай, хөдөлмөрч залуу. Мөдхөн амжилтанд хүрнэ хэмээн хөөргөн ярина. Гэхдээ үеийнхээ зураачид дундаа чухам юу ярьдагийг Гочоо мэдэхгүй.
Гочоо яг энд бодлоо таслан тамхиа соронгоо өөрөө Булгаагийн тухай хэрхэн дүгнэдгээ санах зуур яагаад ч юм завьж нь шазвасхийн татвагнав.
Тэр Булгааг өөрөөсөө илүү гэж хэзээ ч боддоггүй. Гэхдээ илүү гарчихвий гэсэн хөндүүр, шаралхал бол байгаа нь нууц биш. Мэдээж илт дутуу хүнийг өөртэйгөө жишихгүй шүү дээ. Үеийнхэн дундаа ч гэсэн халамцуу үедээ “Булгаа бол болоогүй шүү дээ” гэж үг алдаж байсан удаатай. Тэгэхээр “Умбаа ч гэсэн намайг тэгж боддог байсан байж болох л юм” гэж бодсондоо завьж нь татвагнасан хэрэг.
Багш шавь гэж явахдаа Гочоо амьхандаа Умбаагаас зөвлөмж хүснэ. Умбаа харин
- Хүнээр зөвлүүлж зурна гэж юу байхав дээ. Тэгвэл тэр зураг чиний зураг, чиний сэтгэл биш болно гэсэн үг. Харин би чамд ганц үг хэлье. Чи “Мал гаталсан ус битгий зурж байгаарай” гэж үл ойлгогдох үг хэлсэн юм. Тэгээд их учир утгатай мэт энэ үгээ эрүүлдээ ч, согтуудаа ч хэлнэ. Гочоо энэ үгийг ойлгохгүй бүтэн зургаан жил явсан даа. Ойлгохгүй ч юу байхав дээ шууд утгаар нь ойлгосон хэрэг. Тэгээд Гочоо гол горхи зурах болгондоо маш тунгалагаар зурна. Тэр угаас үүнийг маш сайн чадна. Энэ зургаан жилийн хугацаанд Гочоо хоёр үзэсгэлэн гаргав. Умбаагаас бусад зураачид Гочоогийн талаар өөр бодолтой байсан юм. Яагаад гэвэл Гочоо хоёр үзэсгэлэнгийн хооронд өөрчлөгдсөнгүй. Энэ янзаараа бол цаашдаа ч энэ л хэвээрээ үлдэж магадгүй. Харин Умбаа багшийн хувьд хаа ч гэсэн түүний талаар таатай үг хэлж, магтан бавгар сахлаа илэн явна. Ингэж харагдах л юм бол багш нь сэтгэл хангалуун байна гэсэн үг. Хэрвээ уурлах юмуу эсвэл хэн нэгэнд шаралхаж, сэтгэл нь тавгүйтэх юм бол хөмхийгөө зууж, шүдээ хавиран, нүднийх нь хүүхэн хараа цоолохно уу гэмээр хурц болдгийг Гочоо хэдэн жил хажууд нь байсных мэднэ. Гэхдээ тэр нь бараг үл анзаарагдана. Нэг удаа ихэд халамцахдаа
- Уран бүтээлч хүн гэдэг байнгын өрсөлдөөн дунд байдаг юм. Өрсөлдөж л байж сайн бүтээл гарна. Сайн бүтээлийг нэр алдар гэж нэг аюултай юм дагаж явдаг хуультай. Нэгэнт нэр алдар чамд ирсэн бол чи түүнийг алдахгүйгээр яаж оршин тогтнох вэ? гэдэг асуудал гарч ирдэг юм даа. За тэгтэл атаа жөтөө гэж юм бий. Үүнийг яахав аргалж болно. Гэтэл халгиж цалгисан их авъяас хажуугаар чинь гэнэтхэн гарч ирээд салхи татуулан өнгөрч бас болно тийм үү? гэж дультраатсанаа гэнэтхэн болохгүй юм руу хальж байгаагаа мэдрэн
- За энэ ч яахав гэж үгээ займчуулан өөрийгөө татаж байсныг санана. Тэр үед Гочоо багш өөрт нь хэрэгтэй юм хэлж байна л гэж бодож байснаас өөрийг бодоогүй.
Гочоо шилтэй архиа авч шилэн аягаа гурав дахиа дүүргэлээ. Мэдээж нөгөө зурааснаасаа хэтрүүлээгүй. Тэр “Би яагаад энд ганцаараа архи уух болов?” гэж бодонгоо дахин нэг тамхи асаалаа. Цаана нь ганц ширхэг тамхи хайрцганд нь ташиж унасан харагдана. Ууж буй архины аагаар түүний сэтгэлд бугшин уугиж буй уур хилэн жижигхэн сэгэлзсэн салхи үзсэн цог мэт ноцож эхэлж байв. Яагаад ч юм эхлээд хайрцагаа дараа асаагуураа ширээ рүү зөөлхөн шидлээ. Тэд ширээн дээр юуханд ч юм торон тогтоно. Толгойд нь тааруухан бодлууд эргэлдэх гээд байгааг мэдэрч түүнээсээ зайлах гэсэн мэт Гочоо аягатай архиа аван залгилаа. Тэр тал шил архинд ухаанаа тавьдаггүй ч ухаан бодлоо цэгцлэх гэж чармайж байгаа нь илт.
Гочоо сайхан юм бодов бололтой царай нь гэрэлтэв. Түүний сэтгэл наадмын гурав хоног сойгдсон хөнгөн хөлт адуу хазаар даран дүүхэлзэх шиг хөнгөмсөв. “Гоё Гочоог мэдэхгүй хүнгүй болж байсан үе. Үеийн залуус, бүсгүйчүүл түүнийг шагшин магтана. Хэдийгээр дүрслэх урлаг нь бусад урлаг болох яруу найраг, дуу хуур шиг хүнд шууд очихгүй ч гэсэн бас ч гэж зураг үздэг сонирхдог, дурладаг бүр шүтдэг тийм хүрээ бас байдаг юм. Хүүхнүүд гэдэг сонин амьтад шүү. Жаахан нэр алдар олов уу, үгүй юү аль хэдийн үнэр авчихсан, эрвээхэй шиг л эргэчихнэ дээ. Нэр алдар ч гэж дээ жаахан хэлтэрхий төдий юм шүү дээ. Үнэхээр сонин. Яасан ч мундаг мэдрэмжтэй улс байдаг юм бүү мэд. Зураач Гоё Гочоо гээд л явж алдана шүү дээ. Энэ нэр алдар гээчийн зах зухаас шүүрсэн хүний анхны даваа нь л архи, хүүхэн хоёр байдаг байх. Энэ давааг л эцэж цуцахгүй, бүдэрч унахгүйхэн шиг давах хэрэгтэй юм шиг байгаа юм.
Хэдийгээр Гочоо хоёр ч үзэсгэлэн гаргачихсан, амтай болгон магтаад байна уу гэлтэй атал бас тийм биш шиг. Ахмад үеийнхэнээс Умбаагаас бусад нь олигтой дүн тавихгүй байгаа нь анзаарагдана. Нэг өдөр Умбаа багшийн найз Зүмбэр зураачтай нэг юм уух шалтаг гарав. Багш нь нэг удаа үй зайгүй гэх энэ найзыгаа
- Миний нэг нойморын дайсан гэж байсан удаатай. Үнэндээ бол наанаа уран бүтээлийн өрсөлдөгч, найз гэх боловч цаанаа ямар их атаа жөтөө явдгийг Гочоо тэгэхэд анзаарсан. Гэсэн ч Гочоо багшийн найз хэмээн санаж нилээн үйлчлэв. Бас тэдний үеийнхэн өөрийг нь хэрхэн үзэж байгаа талаар үг сонсчих санаатай байсан нь үнэн. Зүмбэр яриан завсараа
- Уран бүтээлч хүнд сэтгэл, сэтгэлгээ хоёр шиг хэрэгтэй юм байхгүй дээ. Тэрнийг алдаж болохгүй. Хүн болгон чамайг магтаад л байгаа бол чамд болохгүй юм байна л гэсэн үг. Одоо ч хүмүүс захиалгаар их юм хийх болж. Уран зохиолд ч гэсэн хэн нэгэн, ямар нэгэн сэдэв өгөнгүүт л чи биччихээд байгаа бол энэ чинь цаагуураа л нэг худлаа. Сэтгэл шингэхгүй байна л гэсэн үг. Тийм бүтээл яаж амьд байх вэ дээ. Хүн чамайг цаг үргэлж магтаад л байгаа бол алах гэж байгаагийн анхны оролдлого гэж ойлгоход нэг их хол зөрөхгүй шүү гэхэд Гочоо ихэд гайхлаа. Учир нь Умбаа багш нь үргэлж магтаж байдаг учраас тэр. Гэхдээ эд нар өрсөлдөгчид болохоор надад ингэж хэлсэн байх гэж багшийгаа дотроо өмөөрөх аядав. Гэсэн ч Гочоогийн сэтгэлд өмөөрөгдөж үлдээгүй юм. Үүнээс хойш багшийнхаа үгнээс зөрж зурвал яадаг бол гэсэн бодол хургана. Үүнтэй зэрэгцэн Умбаагийн цаг ямагт хэлдэг “Мал гаталсан ус битгий зураарай” гэсэн үл ойлдгогдох үгс санагдах болж, чухам юу гэсэн үг болохыг олохыг хичээх болов.
Гоё Гочоогийн үзэсгэлэнгийн хаалтын өдөр танхимд нэгэн бүсгүй орж ирсэн юм. Тэр үед Гочоо бүсгүйчүүдээр цадаж байсан үе. Гэвч тэр тэдний хэнд нь ч гэсэн үнэн голоосоо сэтгэл алдарч явсангүй. Харин тэр бүсгүйг хараад Гочоо өөрийн эрхгүй хийж байсан зүйлээ орхив. Түүний мөрөн дээгүүр намиран унжсан тунгалаг хүрэн үс, дэрвэгэрдүү хормойтой эрээн даавуун даашинз, өндөр өсгийт жийсэн чийрэг тэгшхэн хөл, алхах тоолонд нь эвлэгхэн хөдлөх өгзөг гээд түүнд сайхан бүхэн заяажээ. Тэрээр толгойгоо хагас өргөж, нүдээ бага зэрэг сүүмийлгэн зураг бүрийг шимтэн харж, алхах нь цаанаа нэг эрхэмсэг. Гочоо нэг л мэдэхэд түүний хажууд ирчихсэн байлаа. Бүсгүй түүний “Нар атаархам” гэдэг зургийг харж зогсоно. Энэ зураг бол өвлийн нарлаг тунгалагхан өдөр гол дээр мөсөн харваагаар наадаж буй бүсгүйн зураг байсан юм. Хурган дотортой дээл, үнэгэн лоовуузтай хар нүдэн бүсгүй мөс тэврэн инээмсэглэж буй зураг л даа. Түүн дээр тусаж буй нар тунгалаг, түүний тэвэрч буй мөс тунгалаг, түүний хаш цагаан шүд гарган инээж буй нь үнэхээр хүн байтугай нар атаархам зураг байлаа. Яриа өдөхөд яг тохирох зураг таарсаныг хэлэх үү Гочоо
- Уучлаарай. Энэ үзэсгэлэн өөрт чинь хэр санагдаж байна даа? гэж асуутал
- Үгүй ээ. Яахав ээ. Зүгээр л юм.
- Тэгэхээр чамд ямар нэгэн юм нь таалагдахгүй байна гэсэн үгүү? Чи энэ зураачийг таних уу?
- Үгүй. Танихгүй. Хүмүүс шуугиад байхаар нь л үзэж байгаа юм.
- Тэгээд?
- Тэгээд үү. Яахав сайхан л зурагнууд юм. Гэхдээ дэндүү тунгалаг юм.
- Юу гэсэн үг вэ?
- Би уг нь зургийн ямар нэгэн мэргэжилтэн биш л дээ. Зурах чадвар нь бол гайхалтай. Ийм гоё тодролтой, өнгө гаргаж зурдаг зураач манайд ховор л доо. Гэхдээ энэ зурагнууд амьдралаас жаахан тасархай юм
- Тийм гэж үү? гэхэд бүсгүй
- Ингэхэд та хэн болоод намайг ингэтлээ байцаагаад байгаа юм бэ?
- Аан! Би тэр Гочоо гэдэг нөхөр байна л даа
- Өө тийм үү? Яанаа. Уучлаарай. Миний үгийг нэг их юманд битгий бодоорой
- Зүгээрээ зүгээрээ. Харин ч надад их таатай байна. Бид чинь та нарынхаа үгийг л сонсох ёстой юм шүү дээ. Та хэрвээ завтай бол хамт үдийн хоол идэхгүй юү? Би таныг урьж байна гэхэд бүсгүй хэсэг тээнэгэлзэн зогсох агшинд Гочоо
- Өө! Би тантай танилцаа ч үгүй байж гээд духаа алгадан
- Намайг Гочоо гэдэг. Харин таныг?
- Намайг Тунгалаг гэдэг
- Айн? Үгүй байлгүй дээ Тоглоод байгаа юмуу? гэсээр тэр хоёр хаалга зүглэв. Үүнээс хойш Гочоо Тунгаа бүсгүйтэй үерхэж, сүүлдээ нэг хэсэг цугтаа амьдрах болсон юм.
Гочоо гурав дахь үзэсгэлэнгээ гаргах гэж бэлдэж байсан үе. Умбаа багш өдөр болгон шахуу түүний урлангаар ирж, зурж буй зургийг нь сонирхоно. Нөгөө л сахлаа илэн сайхан аашилсаар.
Гочоо заримдаа Тунгаатайгаа хэдэн өдрөөр гэрээс гарахгүй өнжих нь бий. Түүний булбарай зөөлөн болгоныг илж, бүлээн нойтон болгоныг тэмтэрч, нүд гижигдэх болгоныг үнсэн хэвтэх нь заримдаа ямарч зураг зурахаас илүү таашаал өгнө. Гэхдээ заримдаа л шүү дээ. Хажуугаар нь архиа залгилна. Тэгж байхдаа гэртээ нэг зургийн хүрээ зангидаж, зотон даавуу татаад нэгэн зураг эхэлсэн юм. Тув тунгалагхан гол. Бүр доод хайрга нь хүртэл харагдана. Тэдгээр хайрган дээр нарны туяа усыг нэвтэлж, хугаран нугаран алтранхан тусна. Голын хайрга голдуу мөлгөр байдагч Гочоо зарим нэг хайргыг ирмэгтэйгээр зурлаа. Анх удаа тэр амьдралыг сөрж зурж байгаа нь тэр. Дотроо тэрээр “Яадаг юм” хэмээн бодно. Голын урсгал дунд мэдээж нэг хүүхэн зурав. Нүв нүцгэн тэр хүүхэнд Гочоо гоо сайхныг харамгүй өгч байлаа. Хэдийгээр Тунгаагийн хажууд байгаа ч хүүхнийг зурж байхдаа оюутан үеийнхээ учирч явсан орос охидуудыг төсөөлж байсан юм.
Гочоо тэднийг сайн мэднэ. Ялангуяа тэдний нүдийг. Тийм цэв цэнхэрхэн нүд зөвхөн орсуудад л байдаг байх. Гочоо сургууль төгсөхөөсөө өмнө нэг өрөөнд дөрвөн жил амьдарч, дөрвөн жил архи уусан Митя найздаа нэг зүйлийг сэтгэл харамгүй хийж өгсөн юм. Тэр нь тэр гүн цэнхэр нүдний өнгө байлаа. Дам сураг дуулахад цайвар ногоон нүдтэй Митя найз нь одоо “Цэнхэр нүдэн Митя” нэртэй болсон гэсэн. Бодвол тэр өнгийг уран бүтээлдээ маш их хэрэглэдэг хэрэг. Мэдээж монголын Гочоо найздаа цаг үргэлж баярладаг байх.
Орос хүүхнүүдээ гэж хөлөрсөн нойтон үедээ жаахан эвгүй үнэртэй л болохоос тэдэн шиг өв тэгш үзэсгэлэн гоог хаанаас ч олохгүй. Энэ бодолдоо Гочоо үнэхээр итгэлтэй. Гочоогийн гоо сайхны үзлийг тэд л авч одсон. Харин хүн талаасаа бол мэдэхгүй. Тэд сайхан л хүүхнүүд байсан болохоос сайн нь биш байсан. Оюутан цаг, тарчигхан үеийг даван туулах бололцооны түрийвч л тэднийг Гочоо руу ойртуулж байсан байх. Тийм түрийвчтэй оюутны тоонд Гочоо ордог байлаа. Эх оронруугаа жилдээ хоёр явчихна. Бас бусад оюутныг бодвол бийр, будгаа эрт нийлүүлсний хүчинд түрийвч нь хоосон байгаагүй юм. Тэгээд ч Гочоо амьдралдаа үзээгүй гоо сайхны мэдрэмжээ тэдгээр охидоос л мэдэрсэн юм. Тийм ч учраас Гочоогийн сэтгэлд тэд ийнхүү лав үлдсэн хэрэг. Тунгаатай байх тэрхэн үедээ ч түүний сэтгэлээс тэд гардаггүй байлаа.
Түүнийг энэ зургаа бараг дуусган ганц нэг будаг энд тэнд хүргэж байх үед ард нь зогсож байсан Тунгаа хойноос нь зөөлхөн тэврэн хацарт нь хацраа нийлүүлж эрхлэнгүйгээр
- Энэ хэн бэ? Би юү? гэтэл Гочоо хэсэг түгдэрсэнээ
- Тэгэлгүй яахав. Энэ чинь чи шүү дээ гэж заллаа. Энэ үед тэд өөд өөдөөсөө биш хоёул зураг руугаа харж байсан нь Гочоод аз боллоо гэж санав. Гэтэл Тунгаа
- Худлаа зураг. Энэ шал худлаа зураг байна гэлээ.
- Яагаад? Би гараа гаргаж зурж байгааг чи харж байгаа биздээ. Энэ зургийг хүмүүс шагшин магтах болно чи харж л байгаарай
- Зөвхөн бялдуучлагч нар л . . .
- Яагаад? Яагаад чи тэгж бодоо вэ?
- Өдий болтол чамайг зөвхөн бялдуучлагч, зусарч, худалч нар л тойрон хүрээлж байсан. Чи сайн зураач уу гэвэл үнэхээр сайн зураач. Чам шиг өнгө гаргаж, чам шиг тусгал ялгадаг зураач ховор. Харин хэзээ ч чиний санаа гарч байгаагүй. Чи сэтгэж чаддаггүй. Чи дотроо бодож байгаагаа гадагшаа гаргаж чаддаггүй. Наад хүүхэн чинь ч гэсэн би биш. Харваас монгол хүний бие биш байгаа биздээ.
- За чи юундаа уурлаад байгаа юм бэ?
- Би уурлаагүй ээ. Чи өөрөө бод л доо. Би л лав энэ хүүхэн шиг хүйтэн усанд, энэ хайрга чулуун дээр зогсож байгаа бол юун ингэж инээхдээ манатай. Үнэндээ бол халтирч уначих гээд хэцүү л баймаар юм гэснээ
- За за би ч юугаа мэдэх вэ дээ гээд эргэлээ. Тэгээд л би дахиж зурсан даа” гээд бодлоо тасаллаа.
Гочоо гэнэт юм санасан хүн шиг ухасхийн аягандаа дөрөв дэхь удаагаа дүүргэлээ. Энэ удаа түүний бодол алсарч хундага хоорондын зай жаахан холджээ. Ширээрүү шидсэн асаагуураа аваад буцаж суухдаа үл ялиг ганхаж байгаагаа мэдрэв. “Би чинь согтох нь уу дээ” гэж бодож амжлаа. Тэгсэнээ инээмсэглэн толгой сэгсэрч
- Арай ч болоогүй ээ. Гоё Гочоо ч болоогүй шүү гэж өөрийгөө хөөргөөд сүүлчийн тамхиа асаалаа. Тэгээд архиа мөн л гүд гүд залгиллаад араас нь тамхиа сорж нүдээ аниад удаан гэгч нь утаагаа үлээснээ зовхио аажуухан нээлээ.
- Тэгээд яалаа гэж өөрөөсөө асууснаа цааш нь үргэлжлүүлэн бодов.
“Тиймээ! Би тэр зургийг дахиж зурсан. Тэр бүсгүйг хайрган дээр тэнцэж ядан явж байгаагаар, түүний хөлөөр тэр их усны тэрүүхэн хэсэгт булингартаж байгаагаар, тэр бүсгүйн бие хаа, бэлхүүс өгзөг, суга, цавь гээд гоо сайхны туйл байгаа ч царайд нь “уначихвий “ гэсэн түгшүүр илэрч байгаагаар зурсан юм. Миний урд нь зурдаг байсан зурагнаас нэг л өөр болсон. Шинэ юмыг анх харахад хэцүү ч миний сэтгэлд үгүйлэгдээд, дутагдаад байдаг юм бий болчих шиг санагдсан даа.
Миний тэр үзэсгэлэнд Умбаагийн тооцоолсоноор хорин найман зураг тавигдах байсан ч хорин есөн зураг тавигдсан юм. Сүүлчийн зураг нь манай гэрээс очсон бөгөөд Умбаа урд нь хараагүй байлаа. Умбаа шинэ зургийг харж нилээд удаан зогслоо. Урд нь үзүүлээгүй болохоор “Умбааг юу гэх бол” гэж санан би түүнийг ажина. Тэгтэл Умбаагийн харц ширүүсэн ширвээтэж, хөмхийгөө зуун, үүдэн дөрвөн шүдэндээ ямар нэгэн юмны жижигхэн үртэс хэмлэж байгаа болов уу гэмээр хавирч эхлэх нь тэр. Умбаагийн уурлахаараа илэрдэг энэ зуршилыг хараад Гочоо мэл гайхав. “Би буруу юм зурчихсан юм болов уу” гэж бодоход хүрэв. Гочоог Умбаа руу хулгасаар дөхөж ирэхэд Умбаа сая сэхээ авч харц нь зөөлрөн нүдэнд нь инээмсэглэл тодрох хэрнээ шүдээ хавирах нь зогсохгүй л байсан юм даа. Тэрхэн мөчид л Гочоо бүхнийг ойлгосон юм. Бүр бүгдийг. Тэр хааяахан халамцахаараа хэлдэг “Өрсөлдөөн, нэр төр, өндөрлөг, түүндээ хэрхэн ямар аргаар оршин тогтнох вэ” гээд бүгдийг ойлгох шиг. Тэрний золионд өөрөө явж байсан юм шиг санагдав. Бүтэн зургаан жилийн дараа шүү. Яагаад би энэ олон жил энэ хүний үгээр явж, энэ хүний өгсөн архийг ууж амьдраа вэ. Тэр “Мал гаталсан ус битгий зураа” гэсэн учир нь үл ойлгогдох “ухаантай” үгэнд би хууртаад л явсан байж таарах нь ээ. Сүүлд Гочоо тэр үгний гаргалгааг “Мал гаталсан усаар туучиж яваа юм шиг зураг битгий зур” гэж ойлгосон. Өөрөөр хэлвэл хүн дуурайж битгий зур гэсэн үг гэж. Гэхдээ энэ үгийг надад буруу ойлгуулах гэж тэгж дутуу хэлсэн байж болох. Тэгвэл надад үнэхээр байгалиас өгсөн жаахан юм байсныг нь Умбаа гуай мэдрээд нухчин дарж чадахгүй болохоороо хэдэн жил хориглон барьжээ дээ гэж Гочоо сая л нэг юм ойлгосон юм. Гочоо ч юу байхав дээ Тунгаа л түүнд ойлгуулсан. Үүнээс хойш Гочоогийн зураг эрээнтэй бараантай, гэрэлтэй сүүдэртэй үнэхээр амьд зураг болж эхэлсэн дээ. Түүнийг аль ч үеийн зураачид хүлээн зөвшөөрч эхлэв. Нэр алдар гэдэг ч хүссэн хүсээгүй нэг мөсөн лав дарж авлаа. Харин энэ бүгдийг дагаад түүнд нэгэн үл мэдэгдэх сэрэл төрж эхэлсэн нь “Энэ өндөрлөгөөс унах вий” гэсэн айдас байсан юм. Энэ зовнил өндөрт гарсан л бол сайн, муу ялгалгүй хүн болгонд ирдэг бололтой. Дайллага цайллага гээд уух шалтгаан урдынхаасаа их боллоо. Үүнтэй зэрэгцээд Тунгаагийн үглэж дуулах нь ихсэв. Суугаагүй байж ингэж байгаа юм чинь суучихвал бүр дөнгөлөх санаатайдаг шүү. Угаасаа идэж уудаг байсан хүнтэй дотносчихоод одоо ингэж үгэлж дуулах нь зохимжгүй мэт Гочоод санагдана. Тэгээд ч ер нь нэгэнт архинд дурласан хүн бол ямар ч үед, шартсан, шаналсан, өвдсөн хавдсан, хагацсан гээд бүр ямар ч үед шүү тэд хэзээ ч архийг үнэн голоосоо буруутгаж боддоггүйг энэ хүүхнүүд мэддэггүй юм байхдаа гэж Гочоо бодож суудагсан.
Тунгаа тэссэнгүй ээ. Түүнийг энэ замаа алдсан найр наадам, наргиан цэнгээн, нэр хүнд дундаасаа гарч ирэхгүй юм байна гэдгийг ойлгосон байх. Тэр нэг л өглөө сэрэхэд нь Гочоогоос явчихсан байсан. Уг нь хүнд дасаж хайрлаж сүйд болж яваагүй Гочоо Тунгаад л овоо дассан байж. Сэтгэлд нь өвчин болтлоо шингэн хоногшсон тэр орос хүүхнийг магадгүй Тунгаа л нэг тийш нь болгох байсан байж магад. Гэтэл тэр явчихсан байлаа.
Бодолдоо болсон уу эсвэл уусан архи нь тархинд нь гарч ухаан санааны тэнцвэрийг алдагдуулж эхэлсэн үү Гочоогийн сэтгэл үймэрсээр байв.
- Тунгаа надаас нэг л өглөө явчихсан юм даа гэж шивнээд салганасан гараараа дахин тамхи авах гэсэн боловч дуусжээ. Гочоо хайрцагийг хэмх базан хана руу шидлээ.
- Новш, новш . . . гэж амандаа хараана. Тамхи дууссандаа гол нь биш зүгээр л анх орж ирэхдээ л сэтгэлийг дарж байсан зүйлс стакан стаканаар уусны дараа хөвсөлзөн гарч ирж байгаа бололтой. “Муу хөгшин Умбаа намайг бүтэн зургаан жил дороо байлгасан. Тунгаа байгаагүй бол өшөө хэдэн ч жил байлгах байсан юм билээ” гэж бодолдоо уурсана. Тэгсэнээ
- Гэтэл одоо энэ муу Булгаа бас . . . гэснээ үгээ гүйцээлгүй хэсэг байзналаа. Хором мөч өнгөрөх тусам тархи нь уусандаа мансуурч байгаа бололтой. Тэрээр хүчлэн бодно. “Өнөөдрийн уух шалтаг, уурлахын шалтгаан энэ Булгаагаас болсон. Муу новш найз ч юм шиг, нохой ч юм шиг өрөөгөөр шиншлээд явдаг юм” гэж бодоод шилний ёроолд үлдсэн архийг шилэн аяганд юүлэхдээ хүчтэй хийснээс болж гадуур нь цалгиулав. Гочоо сандран ширээн дээрхи багахан цалгиадсанд ядам хуруугаа дүрэн духандаа хүргэж бас тааз өөд няслах нь асгасандаа эмзэглэж байгаа бололтой ихэд хүндэтгэл үзүүлнэ.
Энэ удаа архи хөндлөн зураасанд арай хүрсэнгүй. Цалгиснаас болсон байх. Шилээ ширээн дээр тавих гэснээ хоосон тул шалан дээр тавихдаа хөндөлдүүлэн унагав. Лонх модон шалан дээгүүр түрр түрр хийн өнхөрсөнөө ширээний өрөөсөн хөлөнд торон зогслоо.
Өнөөдөр Булгаагийн үзэсгэлэн тавигдсан юм. Яахав дээ байдаг л зурагнууд. Булгаад байгалиас өгсөн жаахан юм байдаг ч намайг гүйцнэ гэж юу байхав дээ.
Гэтэл! . . . Гэтэл яасан гээч. Тэнд нэг зураг байна аа. Тэр үнэхээр зураг юмаа.
- Муу Булгаа тэрийг зурсан гэхээр дотор арзаганаад болохгүй юм даа гэж хэлэхдээ түүний царай минчийн улайж байлаа. Осолдохгүй өрөөндөө ганцаараа байгаа тулдаа л тэрээр биеэ барилгүйгээр аашилж байв.
Гочоо зурагнуудыг үзжээ явтал тэр зураг байсан хэрэг. Бас л гол ус, гоё хүүхэн. Гэхдээ “Хүнд нулимс” нэртэй тэр зургийг Булгаа шал ондоо өнцгөөс харж зуржээ. Голын эрэг дээр нэгэн сайхан эмэгтэй суух агаад түүнийг гаднаас нь хэн ч харсан дутуу юмгүй жаргаж л яваа хүүхэн гэмээр. Түүнийг усан доороос харж байгаагаар зурсан байв. Бас л сонин шийдэл. Харин урсгал ус руу буюу үзэгчид рүү харж буй түүний борголхон нүдний гуниг сүүмэлзсэн харцанд түм түмэн зовлонг үүрч, тэсэж яваа бүсгүйн сэтгэлийн дарамт харагдана. Яа! яа! яаж тэгж гаргаа вэ? Бүсгүйн нүднээс ганцхан дусал нулимс унах бөгөөд тэр нулимс их устай голын ширүүн урсгалыг дагалгүй яг л хүнд чулуу голруу эгц доошоо унаж буй мэт дүрсэлжээ. Үүнийг харж зогссон Гочоогийн завьж нь татвагнан, хамар нь сартаганаж, нүднийх нь ухархай ухаарч ягааран, ус цийлэгнэн дүүрч эхлэв. Хажуугаас нь харвал тэр зургийг үзээд уярсандаа уйлах гэж байна уу даа гэмээр. Гэвч үнэн хэрэгтээ Гочоогийн хувьд яагаад ч юм өөрт ялагдал нүүрлэн ирж байх шиг санагдан хор шар нь буцлах шиг болж байв. Хэзээ ч ойшоож байгаагүй Булгаадаа атаархаж байгаагийн илрэл байлаа. Яг л энэ мөчид хэдэн жилийн өмнө өөрийнх нь зурсан зурагны өмнө зогсож байсан Умбаа зураачийг Гочоо саналаа. Тэр тэгэхэд уурлаж байсан нь үнэн байжээ. Сонин юм шүү. Хүн нэг л өдөр ялагдалын совинд ороолгуулан зогсоход хажуугаар нь хэн ч биш байсан юмнууд ялалтын марш хангинуулан өнгөрдөг. Энэ өрсөлдөөнт хорвоогийн жам юм байхаа даа.
Тэгсэнээ Гочоо биеэ барьж “За за энэ ганцхан л зураг шүү дээ” гэж өөрийгөө тайтгаруулахыг оролдоно. Гэвч уран бүтээлч хүн ганцхан бүтээлээс дөрөөлөн босож, түүнээсээ улбаалан улам ихийг хийж бүтээх нь байдаг байхад мөн ганцхан бүтээлээрээ насан үүрд цоллуулах нь ч бий. Үүнд ганц зураач ч хамаарахгүй юм.
Гочоо аягатайгаа аван амруугаа удаан гэгч нь явууллаа. Түүний нүд дуниартан, гар нь салгалж, зүрх базлана. Тэрээр зугуухан залгилж эхэллээ. Тэр хамаг л хүсэл мөрөөдөл, сайн сайхнаа ууж байх шиг санагдана. Аяганы ирмэг даган хоёр завжаар нь юу юугүй архи урсаад ирэхэд тэр яаран арчив. Аягаа ширээний ирмэг дээр арай гэж тавиад хойшоо гэдийлээ. “За яахав Булгаа чи муу тэгж л бай. Чам шиг юмыг хэн зураач гэх юм бэ. Гайгүй ээ би нэг л зураг зурна гэж шүлсээ үсчүүлэн, долоовор хуруугаа гозойлгон нүүрэндээ барьж, өрөөсөн нүдээ анивчсанаа
- Тэгэхэд л та нар шиг муусайн юмнууд нам шүү дээ. Чёрт гэж. Түүний дараа та нар бүгд надруу шавах болно. Муусайн Тунгаанууд мянга мянгаараа шавна даа гэж өөрийн ухаангүй бувтнаад цамцных нь хоолойноос зулгаан амьсгаа авсанаа
- Тунгаа хүүхэн надаас зайлж, Булгаа дурак од болж миний дээр гялтаганах цаг болсон юм биз дээ. Гайгүй ч хэвтэнээ. Умбаа өвгөн чи ч намайг мөн ч их хорьж дээ. Ха ха мундаг байна шүү. Зургаан жил намайг мангартуулдаг. Би тэгэхэд Булгааг гурван жил болгоод алдлаа даа гэж амандаа үглэн толгойгоо санжуулан буйдан дээр хэсэг чимээгүй суулаа. Өрөөсөн гараараа духаа түшин доош харан хэсэг суутал амнаас нь шүлс сунжран урсав. Тэрээр амаа хальтхан арчаад гуйваж дайван босоод хаалга руу явлаа.
- Би түүнд ойлгуулж өгнөө гэж ямарч утгагүй юм үгэлсэнээ хаалгаа онгойлгож чадсангүй
- Муу новш одоо бүр хаалгаа онгойлгохоо больжээ чи. Их зантай болж. Чи муу хэзээ ийм байсан юм бэ гэж өрөөгөөр нэг хашгирав. Хариу алга. Тэрээр буцаж салгалж ирээд уначихгүйн тулд ширээ түшин
- Тунгаа, Тунгаа гэж дуудсанаа зурж буй Тунгаагийн зураг руу харж
- Чи ч гэсэн дуугарахгүй юү . . . айн. . . гээд түшиж зогссон ширээгээ өрөөсөн талаас нь өргөж шидэхдээ өөрөө хүчиндээ арагшаа саван буйдан дээр уналаа. Ширээн дээр байсан юмс бүгд цацагдав. Хэсэг хар будаг бүсгүйн зурагны нүүрэн дээр тусаж хар зам татуулан урслаа. Зузаан шилэн аяга шалан дээр түг хийн унаснаа шувтан талруугаа гортиглон нэг эргээд сүүлдээ байран дээрээ хэсэг займчаад зогслоо. Аяганы ирмэг дээр ганц дусал архи гомдлын нулимс шүүрэх шиг цэхэлзэнэ. Үнэхээр бөх аяга бололтой.
Гочоо буйдан дээр унасан чигтээ ухаангүй тарвайна. Амнаас нь шүлс бололтой тунгалаг шингэн сунжиралдан сахалтай нь ороолдон унжина. Хавтгай хар малгай нь аль хэдийн тоосонд ороогдон хэвтэх нь хэзээ ч юм босож ирэх эзнээ хүлээх мэт. Гоё Гочоо тасарчээ. .
Бүрэн эхээрээ...