# #

"ҮР ХАРАМ" - 13 (тууж)


Утсаа таслав. тэр дахиад залгав . . . Таслав . . . Залгав . . . Тэсэхээ байгаад, утсаа авангуутаа
- Чи яах гээд байгаа юм бэ?
- Хэ хэ, та жаргахгүй юм уу? Надад мөнгө хэрэг болоод . . .
- Битгий хуц. Дахиад залгаад үзээрэй. Тэгвэл чиний тухай сургуульд чинь бүгдийг нь дэлгээд түмний шившиг болгоно шүү муу биеэ үнэлэгч минь гэж хашгирлаа. Дүүд . . . дүүд . . .
Утас дахиад л дуугарлаа. Авахгүй тэсээд байлаа. Дуугараад л байна. Харвал “Suhee” байна. Би утсаа аваад л чимээгүй уйлж гарлаа. Бүр цурхирлаа.
- За тайван байгаарай. Одоо нэгэнт . . . бид нар мэдэж байсан юм чинь . . . тайван бай . . . Тэр Сувдааг өнгөрчихлөө гэж бодсон нь илт.
- Үгүй ээ . . . би гэртээ байна . . . дахиад л уйлав.
Нэг мэдсэн чинь Сүхээ манайд ирчихсэн байлаа. Би нулимсаа урсган байж сэтгэл дотроо байсан хамаг бүхнээ ярилаа. Хамгийн сүүлд тэр гурав охиноо хэрхэн өгч, авалцаж байгааг. Одоо Надмид Сувдаа дээр ирсэн байгаа. Анхмаагаар нотариатчийг дуудуулсан гээд бүгдийг давхцуулан байж яриад
- Энэ бүгд чамаас болж байгаа юм. Чамаас . . . чамаас . . . Чи л намайг үргүй болгосон гэж хашгираад тамир муутай гараараа түүний том цээжийг хэд балбасан болж цурхирлаа. Үүнээс илүү би яах юм бэ? . . .
Сүхээ харин хаа очиж нэг ч үг хэлсэнгүй. Хэрвээ ганц үг хэлсэн л бол би галзуурах байлаа. Тэгээд нэг юм хэсэг тайвширч, нилээн удаан чимээгүй сууцгаалаа. Над руу утасдалгүй бараг үдийн хойно болгочихлоо. Одоо би тэдэнд хэрэггүй бололтой. Сая л нэг амьгаа авч санаа алдаад
- Одоо л нэг гайгүй боллоо. Яая гэхэв дээ Сүхээ минь. Би ийм л хувь тавилантай юм байлгүй. Орчлон надад өгөхгүй юмаа өгөхгүй юм байна. Гэхдээ надад хүн чанар гэж нэг юм бий. Би найзыгаа эцсийн замд нь найз шиг нь үдэх болно. Би эмч хүн. Гэхдээ эмчид дийлддэггүй өвчин гэж байдаг юм. Баатарт ч гэсэн үхэл ирдэг шүү дээ гэж хэлээд биеэ чангаллаа. Тэгээд
- За, за ингэсгээд эмнэлэг явъя гэхэд Сүхээ сая нэг ам нээж
- Чи одоо л нэг эргээд Болороо боллоо гэв. Намайг сэтгэлээр дэмжиж байгаа нь тэр. Тэгтэл утас дуугарлаа. Дэлгэцэнд нь миний өчигдөр орой, өнөөдөржин хүлээсэн хүний нэр байлаа. Тэр бол “Suvdaa”
- Миний найз хаачиваа? Хүслэнг хүргээд өгчихсөн биз дээ?
- Тэгсээн Сувдаа. Тэр цэцэрлэгтээ байгаа.
- Чи хүрээд ирээч. Би ганцаараа болох нь
- Өө тийм үү? тэгэлгүй яахав. Би одоохон.
Сүхээ бид хоёр давхиж очлоо. Яг тасгийнх нь үүдэнд ирээд сэтгэлээ чангалж уртаар амьсгаа авахад Сүхээ мөрөн дээр минь зөөлхөн алгадаж зоригжууллаа. Биднийг ороход нэгэн эрэгтэй хүн
- За ингээд бүх юм боллоо. Хурдан эдгэрч надад үнэгүй хоол хийж өгөөрэй гээд гарав. Энэ бол нотариатч байлаа. Миний хүсэл мөрөөдөл нэгэнт өнгөрчээ. Яагаад ч юм дотор хөнгөрчих шиг. Одоо надад хямраад, бачуураад байх юм нэгэнт үгүй болжээ. Тэгээд ч миний хүүхэдгүй байх нь миний л хэрэг. Энэ хүн хүүхдээ хэнд үлдээх нь энэ хүний л хэрэг шүү дээ.
Харин найз минь нүдэн дээр минь муудаж, өдөр хоног биш хором мөчөөр охиноосоо, энэ амьдралаас, биднээс холдож байгааг мэдрэх хэцүү байлаа. Өөрөө ч гэсэн өрсөх гэж, бүхнийг амжуулах гэж суугаа нь энэ шүү дээ зайлуул. Сувдаагийн царай ядрангуй, нилээн шарлаж ногоорсон харагдана. Тэр өвөр дээрээ байгаа дугтуйгаа дэрэн доогуураа хийгээд их л хөнгөнөөр
- Өө, Болороо хүрээд ирэв үү? Би чамайг өглөөнөөс хойш яачихваа гэж бодож байсан юм. Чамайг харалгүй их удах шиг боллоо гэснээ хойшоо налан хагас суугаа байдлаар хэвтлээ.
- Чи яаж байна? Жаахан ядраа юу даа?
- Сүүлийн энэ нэг хоногт чухам юу болоод өнгөрөв дөө бүү мэд. Охин маань гайгүй юү?
- Өнөө өглөө цэцэрлэгтээ явсан. Нааш нь нэг авчрах гэснээ арай л төвдсөнгүй.
- Ээ, аваад ирэхгүй дээ. Ухаантай байгаа дээрээ охиноо нэг үнсчихмээр байна.
- Сүхээг явуулчих уу? Хүслэнг аваад ирэг . . . гэхэд
- Тэгээч Болороо. Чөлөө авчих гээд амьсгаадлаа. Сүхээ надаар хэлүүлэлтгүй гараад гүйлээ. Сувдаа дэрэн доогуураа гараа шургуулж том дугтуйг арай гэж гаргаж ирээд надад өглөө. Би гайхаж
- Сувдаа, би үүнийг яах ёстой вэ? Анхмаад өгөх юмуу? гэтэл
- Дээр нь биччихсэн байгаа. Харвал “Дараа нь задлаарай” гэсэн байв.
- Анхмаадаа битгий муу юм бодоорой. Цаадах чинь энэ бүхэнд буруугүй гэв. Дотор чичрээд л явчихлаа. Тэр түүнд охиноо өгсөн юм байна гэдэгт би бүрэн итгэлээ. Дараа нь гэдэг нь юү гэсэн үг юм бол? Юуны дараа гэсэн үг байх билээ? Өөрийгөө өнгөрсний дараа гэж байгаа юм байна гэж ойлгосон хэдий ч лавлаж асууж хэрхэн чадах билээ. Хий дэмий л түүн рүү харвал тэр “Тиймээ тийм” гэх шиг нүдээ алгуурхан анивчлаа. Хоёр нүднээс нулимс урсаад ирэв. Түүнд харуулахгүй гэсэндээ дугтуйг тэвэрсэн чигтээ цонх руу эргэж харлаа.
“Охиноо тэдэнд өгсөн юм байна. Нотариатчаар батлуулсан баримтаа надад өгнө гэж байхгүй баймаар. Охиндоо захиас үлдээсэн бол надаар дамжуулахгүй нь мэдээж. Харин яагаад надад охиноо өгөөгүй учраа тайлбарлаж уучлалт гуйсан захиа л байж болох юм” гэж би бодож зогсов. Тэрнээс зайлахгүй. Мэдээж дугтуйг нээх хүсэл хязгааргүй их байвч би өмнө нь нээхгүй. Өмнө нь гэдэг нь түрүүний дараа нь гэдгийн эсрэг утга шүү дээ. Ашгүй Сүхээ нэг их удалгүй Хүслэнг дагуулаад ирлээ. Хүслэн орж ирүүтээ
- Ээжээ, ээжээ . . . Би нөгөө, нөгөө . . . концертонд дуу дуулна. Нөгөө . . . нөгөө . . . ээжийн бүүвэйн энэ дуу . . . гэдэг таны дандаа дуулж өгдөг дууг
- Өө тийм үү? Ямар мундаг охин бэ? Миний охин дандаа дуулж яваарай
- Дандаа концерт болдог юм уу?
- Тийм, тийм. Дандаа болдог юм
- Ээжээ би нь нөгөө, нөгөө . . . Болороо эгчийн туулайгаар тоглохгүй байгаа
- Одоо миний охин тоглож болно. Алив нааш ир. Ээж нь чихэнд үг хэлье. Энэ чи бид хоёрын нууц шүү гэхэд Хүслэн хэвтэж байгаа ээжийнхээ аманд чихээ наалаа. Сувдаа юу ч юм хэлж, Хүслэн
- За . . . за . . . гэж толгой дохиж, бас завсраар нь намайг үе үе харна. Би яриаг нь сонсох гээд байгаа юм шиг анаад байлтай биш гэж бодоод тэр хавийг янзалсан болов. Сүхээ намайг ойлгоод байгаа бололтой харцаараа надад дэм өгнө. Сувдаа
- Миний охин хэзээ ч битгий мартаарай
- За . . .
- Заа, ээж нь охиноо үнсье гээд удаан гэгч нь үнслээ. Сувдаагийн шанх даган ганц дусал нулимс урсана. Сая харах нь ээ түүний санчиганд буурал орсон байлаа. Тэгээд Сувдаа
- Одоо миний охин Сүхээ ахтайгаа яваад гэртээ байж бай гэж эрсхэн хэлэв. Сүхээ Хүслэн хоёр гарахаар явтал Хүслэн эргэн гүйж ээждээ дахин үнсүүлээд
- Ээжээ, та хурдан зүгээр болоорой гээд эргэцэн, эргэцэн гарлаа. Хаалга хаагдсаны дараа Сувдаа хамаг биеэ сул тавьж амьсгаадав. Тэр их хүчилж байсан бололтой. Сувдаа
- Найз нь хэзээ ухаан алдах вэ? Болороо гэж тэр нилээн нухацтай гэхээсээ илүү хэзээ ухаан алдахаа хүлээж буй байдлаар асуулаа. Намайг яг таг мэдэж байгаа гэж тэр бодсон байх. Би мэдэж байсан хэдий ч түүнд төдийд, өдийд гэж хэлж чадсангүй.
- Гайгүй дээ. Тэгэсгээд үдээс хойш Хүслэнг дахиад аваад ирье гэлээ. Сувдаа намайг харж гунигтай нь аргагүй инээмсэглэснээ “нааш ир” гэж гараа над руу сарвайв. Түүний гарыг атгавал хурууны үзүүрээс бусад нь бүлээн байв.
- Болороо, би чамд үргэлж итгэдэг гэлээ. “Намайг эмчлээрэй гэж байна” гэж би ойлгов. Даанч найз нь дийлэхгүй өвчний өмнө яаж ч чадахгүй юм даа гэж бодоод “Сувдаа минь намайг уучлаарай” гэж хэлэх гэснээ арай чадсангүй. Дуугай л аргаа барсандаа доошоо харлаа. Сувдаа миний гарыг элгэмсүү зөөлхөн алгадаад
- Бүх юм сайхан болноо Болороо минь гэв. Уг нь энэ үгийг би л хэлж баймаар. Би дугтуй руу харц шидээд
- Тиймээ, Сувдаа минь бүх юм сайхан болно гэлээ. Энэ бол тэрний сонссон сүүлийн үг байлаа. Сувдаа маань тун удалгүй шоконд орж ухаан алдлаа. Тэр дахиж сэрсэнгүй. Тэр дахиж охиноо үнсээгүй. Тэр минь нүдээ ч нээлгүй гурав дахь хоног дээр хорвоог орхилоо. Хэн нэгэн ирлээ ч, хэн нэгэн явлаа ч энэ орчлон бахь байдгаараа л байж байдаг нэгэн бодлын хаашаа ч юм дээ гэмээр. Гэхдээ иймдээ ч сайхан байдаг байж болох юм.
Сувдаагийн маань ажил явдалд нэг их олон ч хүн ирсэнгүй. Кафены ажилчид, Сүхээ, би, аан бас нотариатч ирсэн юм байна. Анхмаа нэг их том нарны шилтэй, маск зүүчихсэн ирээд, яагаад ч юм надтай ч нэг их юм ярилгүй яваад өглөө. Би яахаа мэдэхгүй байлаа. Ёс юм болохоор Сувдаагийнхаа зургийг гэртээ авчирч тавьлаа. Хүслэндээ бүгдийг хэлж ойлгуулсан.
- Ээж нь бурхан болоод тэнгэрт явчихсан. Чамайг тэндээс харж байгаа
- Ээж нь ирэхгүй юм уу? Би яах юм бэ? гээд уйлсан. Тийм жаахан зүрх тэгтлээ гашууддагийг би анх удаа мэдэрч билээ. “Хүүхэдгүй хүн гэдэг хорвоогийн тэн хагасыг хардаггүй юм байна даа” гэж анх удаа бодсон доо. Миний бодсон үнэн байхаа . . .

                                                                            *    *    *

Би бичиж буй, бодож буй, дурсаж буй зүйлийнхээ хамгийн хүнд хэсгийн ард нь гарч байгаагаа мэдэрч байлаа. Надад энэ хэсгийг даван туулах ямар хэцүү байсныг өвгөн маань сэтгэлээрээ мэдэрч байх шиг санагдсан. Яагаад гэвэл тэр энэ хорвоо дээрх намайг бүрэн дүүрэн ойлгодог ганц хүн байв. Хүнийг үнэн сэтгэлээсээ хайрлахаар тэгж ойлгодог байх гэж би боддог юм. Хүүхдүүд маань бид хоёрын шинэ байр баригдтал байх байрны тухай ярьж байсан үе.
Наадмын дараа намар гэдэг шиг зуны халуун цаагуураа намсаж, сэр сэр салхи нэмэгдсэн байлаа. Моддын навчис хүртэл байдгаараа томорч, харлаж ногоороод хөгшрөх янзандаа орчихож. Сонин юм шүү хүний сэтгэл гэдэг. Нэг юм руу шунаглаад орчихоороо орчноо ч анзааралгүй хэдэн сарыг ч өнгөрөөчихсөн байх жишээтэй. Миний хувьд тийм л зун өнгөрч байгаа юм байна.

                                                                            *    *   *

Надад бүх юм хоосорчихсон юм шиг мэдрэмж төрнө. Сувдаагийн ажил явдлаас хойш нилээн хэд хоносон ч Анхмаа Надмид хоёр яриагүй, ирээгүй байлаа. Тэднийг ирж Хүслэнг авах байх гэж бодно. Гэтэл байдаггүй. Гэхдээ тэр хоёр луу утасдаж бас чаддаггүй. Шууд ирээд л Хүслэнг аваад явчихвал бас яах юм. Дугтуйг яагаад ч юм би ганцаараа задлах ёсгүй юм шиг бодогдоод болохгүй.
- Чамд л өгсөн юм чинь чи л задлах ёстой гэж Сүхээ надад хэлсээр байлаа.
Тэр орой Хүслэн хоёр туулайгаа тэврээд унтлаа. Сүхээг дуудлаа. Ядаж тэр миний хажууд байг гэж бодов. Тэгээд өвөр дээрээ том дугтуйг гаргалаа. “Дараа нь задлаарай” гэсэн бичиг харагдана. Одоо сайн харвал хөөрхий минь их л хүч гарган байж бичсэн бололтой их л чичирхийлсэн харагдана. Дугтуйн дотор гар утас шиг нэг бондгор юм байх юм. Задлах гэсэн нэг л эвгүй.
- Намайг задлаарай гэсэн үнэн биз дээ? гэж Сүхээгээс өөрийгөө зоригжуулах гэсэндээ лавлан асуулаа. Тэр миний мөрийг зөөлөн цохиж байна. Тэгээд амьсгаагаа нэг гүн аваад задаллаа. Тэндээс юу гарч ирсэн гэж санана . . .

                                                                            *   *   *

Том охин маань хоёр сүү, нэг уут боов барьчихсан сүр сархийсээр орж ирэв.
- Ээж, аав хаачаав?
- Мэдэхгүй л дээ. Ойрхон гараа байлгүй. Гадаа, сүүдрэвчинд алга уу?
- Аан, би та хоёрыг байлгах байр олчихлоо. Түрээс нь хямдхан юм.
- Яахнав дээ. Танай хоёрын нэгнээр л байвал болох биз. Тэгж мөнгө үрж яадаг юм. Эртээр дүү чинь манайд бай гээд байсан
- Өө тэр бүтэхгүй. Хүүхдүүд шуугилдаад та хоёрыг амраахгүй. Тэднийх бол бүр бүтэхгүй. Дэжигнүүлээд өгнө. Ямар мэдэхгүй биш. Цаадах чинь та хоёроор хүүхдүүдээ харуулах гээд л тэгж байгаа юм. Манай Сувдаа нээрээ . . . гэснээ хэлэх үггүй мэт толгой сэгсрээд
- За, за ээж би явлаа. Цайны цагаар явж байна. Үнсье гээд өөрөө ч үнссэн юмгүй надаар үнсүүлчихээд гараад өглөө.
“Үгүй энэ маань салхи шуурга шиг юу болчихов доо. Гайгүй л тайван хүнсэн. Нээрээ ч бодохноо том охины зөв шиг” гэж бодоод эргэж суулаа . . .

Үргэлжлэл бий . . .

20 comments:

Anonymous said...

Zurhee daran daran unshlaa, bayrlalaa. Amidralaa gej...Bayrlalaa.

Anonymous said...

Setgel negl gunigtai bolchihloo. Uilmaar bur changa tsurhiraad uilmaar.,.

Frank said...

Захиа задалсан мөч ямар байх болоо? Маш их өрнүүн, эсвэл гашуун, эсвэл нэг тийм хоосон...

Таашгүй нь, ямартай ч ирэх бүлэг нь их л догдлом байна.

Piglet said...

Баярлалаа! Хувь заяа гэж

Anonymous said...

Ee yag ingeed tasalchixiin. Uillaashdee

Anonymous said...

Yoooh buur dogdlon dogdlon unshlaa. Yamar muuhai tasaldiin be ?

Бум said...

Анон: Амьдрал баян
Анон: өө уйлчих, уйлчих
Франк: Харин ямар байх бол
Piglet: хувь заяа
Анон: харин тэгээд л тасалчихлаа
Анон: уучлаарай

Anonymous said...

daraagiin hesgiig ni tesen yadan huleej baina,
Ta negmusun duusgachikh l daa ;)

buyaka said...

hunii setgeliig hodolgoj es chadavaas hongon biiriig hoshihiin hereg yun gedeg ug bdgdaa uneheer setgel hodlohgui bhiin arga algaa ho

GUNIGLUUN... said...

сувдаа хүүхдээ анхмаад үлдээгээгүй байхаа даа...хурдан дараагийн хэсгийг оруулаарай...

Anonymous said...

daraagiin hesgiig ni hurdan oruulaarai.tesen yadan huleej bna shuu. bayarlalaa.

Anonymous said...

Oligtoihon urt urt hesgeer oruulaach. solongos kino shig balai yum

Anonymous said...

1. Suhee chini odoo Boloroogiin uvgun ni umshuudee.
2. Husleng Bolorood orhison umshuudee.

Бум said...

Анон: Хэ хэ дуусганаа
Буяка: Баярлалаа
Гуниглуун: Харин хэнд нь үлдээсэн болдоо?
Анон: хурдан оруулнаа
Анон: хүнийг загнаж байж уншина гэх. Ах нь балай нь ч балай шүү
Анон: Таамаглаж унших сайхан л даа. "орхисон" гэдэг үг хүйтэн санагдаж бна шүү

Уяа said...

Мэдээж Хүслэнг Болороодоо л захиж үлдээсэн. Цаг хугацаа өнгөрч гадаадад амьдраад удаж байгаа Хүслэн удахгүй ирнэ. 2 охиноос нь эгч юм чинь...
Бас одоогийн хань нь Нотариатч ах байхаа. Хэ хэ хэ. Би Сүхээтэй гэрлүүлмээргүй байна. Хэдий хайртай байсан ч гэлээ заавал хамт амьдрах ёстой гэсэн үг биш шүү дээ.

Уяа said...

Ажлаа хийгээд сууж байсан чинь Хүслэнгийн тухай бодогдоод салахгүйн.
Ерөөсөө л том охин нь Хүслэн юм байна. Ухаалаг, юманд хүлээцтэй ханддагаараа том охин нь Хүслэн юм байна... Бас хамгийн ихээр хайрласан хүн нь ойлгодог гэж байсан юм чинь Сүхээтэйгээ л ханилсан юм байна. Нотариатч ах гуайд тэгж хайрлах хугацаа гарахгүй юм чинь...

Бум said...

Уяа: За за ах нь маргааш оруулъя даа

Anonymous said...

nadmid ankhmaa 2 bairtai ni l kholbootoi notariat khiijee de. nukhur ni bair bodoj ineemsegleed ankhmaa uilsiin bn da.
okhinoo bolorood zakhij urguulsen yum bn gj bodogdloo.

Anonymous said...

Bi bodohdoo Tom ohin ni Huslen. Ankhmaag oilgooroi gesen ni anhmaad örniihö orond Café.g ögsön. Duu huraagchdaa bugdiig tailbarlaj helsen bgaa bh. Tegeed bolorood ögsön... Harin Tom ohin yagaad shuurgand bgaa ym shig yaraad yavsan ym bol yanz buriin ym bolohgui bgaa...

Anonymous said...

Shuurgand höögdöj bgaa ym shig gej bgaa ym shuu orhigdchihoj.