# #

"ҮР ХАРАМ"- 14 (тууж)

“Өөрийн ганц охин Хүслэнгээ хамгийн хайртай найз Болороодоо үрчилж үлдээснээ гэрээслэв” гэсэн байв. Би нүдэндээ итгэсэнгүй. Нотариатчийн тамга ч харагдах шиг. Сувдаагийнхаа зургийг тэврээд уйлж гарлаа. Ийм юм гэж байдгаа бас . . . Еэ, тэнгэр минь гэж . . . Бурхан минь гэж . . . сад тавьсан нулимс маань урсаж, эрүүнээс дусалж байсныг ч мэдэлгүй нэг хэсэг л уйлж суулаа.
- Баярлалаа Сувдаа минь, баярлалаа. Би охиныг чинь хүний зэрэгтэй хүн болгоно. Нүднийхээ цөцгий мэт хайрлана. Би амлаж байна гээд л өөр юу юу гэсэн юм бүү мэд. Үглээд л, амлаад л, Сүхээг тэврээд л уйлаад байлаа. Энэ бол өөрийгөө бодохоор баярын, Сувдаагаа бодохоор харамслын уйлалт байсан юм.
Энийг нь эртхэн мэдсэн бол би хамгийн сүүлчийн үгээ арай өөр үг хэлэх байсан юм. Энэ амлалтаа түүнийг ухаантай байхад нь амлах байсан юм. Юм гээч яагаад ингэж өнгөрсөн хойно хоцорч ойлгогддог байнаа. Хорвоо гэдэг хожимдож ухаарахын харууслаар дүүрэн байдаг ажээ.
Хэсэг тайвшраад дугтуйгаа дахиад үзвэл бас нэг цаас гарч ирсэн нь кафегаа охиндоо үлдээсэн гэрээслэл байлаа. Тэгэлгүй яахав дээ. Тэрний төлөө л өөрийгөө эмчлүүлээгүй юм чинь. Мөн дотроос нь ганц нэг ээмэг зүүлт, мөн цаг үргэлж барьж явдаг дуу хураагч нь гарч ирэв. Энийг би бүр мартчихсан байв. Болороод гэсэн зурвас гарч ирлээ. Энийг би унших эрхтэйгээ батлах гэсэн шиг Сүхээ рүү дахин харав. Тэр харцаараа зөвшөөрч байна.
Болороод
Найз минь. Яаж ч болохгүй хорвоогийн тавилан гэж байдаг юм байна. Би чамд сүүлчийн үгээ захиж байна. Аливаа бүхэн сүүлчийнх байна гэдгийг мэдрэх их сонин юм. Сүүлчийн үг, сүүлчийн захиас, сүүлчийн уулзалт ийм байгаа юм чинь надад хамгийн сүүлд харагдах зүйл тэр ч байтугай сүүлчийн амьсгаа хүртэл их л сонин байх байхаа. Ялангуяа ганц охиноо сүүлчийн удаа харцандаа үлдээх ямар хэцүү байх бол? Гэхдээ тэртээх ор мөргүй хоосон ертөнцөд охиноо инээсэн чигээр нь харж явахын тулд би хичээх болно. Найз нь өөрийгөө явцгүй болчихож гэдгээ тэр нэг өдөр эмчээс сонссондоо биш, чамайг манай кафены гадаа ирчихээд орж чадахгүй эргэлдэж, над руу “Өнөөдөр очиж чадахгүй нь ээ” гэж утсаар хэлэхэд чинь бүрмөсөн итгэсэн юм шүү дээ. Би чамайг цонхоороо хараад зогсож байхдаа “Би чинь ийм л найзтай шүү дээ” гэж бодож, чиний сэтгэл хэрхэн зовниж буйг ойлгож байсан юм. Найз нь өнгөрсөн амьдралдаа өөрийгөө зовсон гэж бодохгүй байна. Гэхдээ амьдралын төлөө бусдаас илүү, магадгүй чамаас ч илүү тэмцсэн гэдгээ сайн мэддэг. Чи ч мэднэ. Даанч үр дүнд хүрсэнгүй. Яалт ч үгүй хувь заяаны төөрөгт ялагдаж байна. Яаж ч хичээгээд хүч хүрэхгүй хувь тавиланг би яалтай билээ. Миний өмнө өглөө оройгүй зурайх тэр нарийхан цагаан жимээр би явах л ёстой юм шиг байна.Түүний цаана юу гээч нь намайг хүлээж байгааг бас мэдэхгүй. Амьдралд хоргодох юм ганц охин минь л байна. Одоо яая гэхэв. Би яаж ч цахлаад энд, охиныхоо дэргэд үлдэж чадахгүй нь. Тийм болохоор би алгын чинээхэн ганц охиноо хамгийн хайртай найздаа ихийн их итгэл найдвар тээн үлдээж, “Миний охиныг хүний дайтай хүн болгож өсгөж өгөөч гэж бас гуйж байна” Би хэрийн юмыг энэ амьдралаас гуйж яваагүй. Одоо л . . . Энэ эцсийн мөчид ганц охиныхоо төлөө гуйж байна. Болороо минь, миний төлөө хичээгээрэй. Энэ миний сүүлийн үг шиг санагдаж магадгүй. Гэхдээ найз минь чамайг насан туршдаа миний энэ гуйлтыг сонсож явах болно гэдгийг мэдэж байна. Болороо минь, би чамд үргэлж итгэдэг
Сувдаа нь .

гэсэн байлаа. Би захиа бичсэн цаасан дээр нулимсны ганц ч толбо хараагүй юм шүү. Тэгэхээр манай Сувдаа үнэхээр чанга эмэгтэй байсан байгаа биз. Харин миний нулимс л сул асгарч байлаа. Сүхээ миний нурууг зөөлөн, зөөлөн илнэ. Намайг тайвшруулж байгаа нь тэр. Би дуу хураагчийг нээх гэснээ Сүхээ рүү харвал Сүхээ санаа нь зовсон янзтай
- Би гал тогоонд байж байя гэхээр нь
- Үгүй ээ, үгүй. Чи энд байж болно гээд түүний гарыг атгав.
Дектафон жаахан шажигнаж байснаа
. . . Хоол хийхэд хамгийн амт оруулдаг зүйл бол сэтгэл . . . гээд цааш нь баахан хоолны жор, хоол хийх заавар явав. Түүнийг чагнаж хоолоо хийдэг байсан бололтой. Сувдаагийн дууг сонсоход тийм ч амар байсангүй. Хөөрхий минь яг дэргэд байгаа юм шиг цовоо сэргэлэн тэр л хэвээрээ. Тэгээд цаашаа сонслоо.
. . . Болороогийн эрчүүдтэй харьцдаг харьцаа надад таалагддаггүй. Тийм зуршил эмэгтэй хүнд байх нь бусдад тийм ч сайхан сонсогдохгүй байгааг Болороо өөрөө мэдэрдэгүй юм байх даа . . .
. . . Анхмаагийн гэр бүл маш халуун дулаан гэр бүл байхаа. Анхмаа ч гэсэн аливаад хандахдаа нэг л сайхан юм. Яг манай ээж шиг . . .
. . . Анхмаагаас өнөөдөр арван сая төгрөг зээллээ . . .
. . . Охин маань 24-ийн цэцэрлэгт дургүй болж эхэллээ. Өдрийн ангид оруулна гэхээр энэ кафеныхаа ажлыг яах вэ? За яахав. Кафегаа өөрийн болгочихвол охиноо заавал өдрийн ангид оруулнаа . . .
хөөрхий минь охиныхоо төлөө л амьдарч байсан нь илхэн. Цааш нь чагнавал
. . . Ааваа, ээжээ та хоёр охиноо харж байна уу? Өнөөдөр охин нь төрж өссөн гэрээ буцаагаад авчихлаа. Та хоёр минь надаар бахархаж байгаа гэдэгт итгэж байна . . .
. . . Би өвчтэй болчихож. Найдваргүй. Удахгүй юм гэнэ. Муу охин минь яанаа (уйлав) . . .
. . . Охиноо хэнд үлдээх вэ? Болороо асрамжийн газрын тухай ярьлаа. Яагаад ч асрамжийн газар үлдээхгүй . . .
гэх мэтээр сонсож байтал гэнэт эрэгтэй хүний хоолой орж ирлээ. Би энэ сонссон хэсгээ бүхлээр нь бичихийг хичээе. Яагаадыг уншсан хүн ойлгох биз ээ. Надмид эмнэлэг дээр ирсэн үе байлаа. Эхлээд Надмидын нялуун дуу гарч баахан юм ярьж байснаа

                                                                 Надмид
. . . Цаадах Анхмаа чинь ичдэг үү, нэрэлхдэг үү ямар ч байсан та нарт хэлдэггүй юм. Үгүй, тэгээд бид 2 хоорондоо ярьж байгаад танай Номинг . . .

                                                                 Сувдаа
Хүслэн . . .

                                                                 Надмид
Айн? . . . Аа, тийм л дээ. Хүслэнг өргөж авдаг юм билүү гэж . . . Үгүй ээ, авдаг юм уу ч юу байхав ерөөсөө л авъя гэж шийдээд. Тэгээд л би ирж байгаа маань энэ. Бид чинь том хүмүүс, нөхцөл байдлыг сэтгэл хөөрлөөр биш арай өөрөөр харах хэрэгтэй юм болов уу гэхдээ шулуухан хэлчихлээ.

                                                                  Сувдаа
Анхмаа яагаад ирээгүй юм?

                                                                  Надмид
Хэ хэ. Цаадах чинь харин жаахан санаа нь зовоод байх шиг байнаа. Тэгээд л . . . хэ хэ, эр хүн байна чи хэл, чи хэл гээд намайг бүр суулгадаггүй. Би ч бас дуртай л байгаа л даа

                                                                   Сувдаа
Харамсах юмгүй гэдэг утгаар гэх үү, эсвэл мөдхөн үхэх гэж байна гэдэг утгаараа гэх үү би чамд шуудхан хэлье. Ер нь ч чи бид хоёрын яриа тиймэрхүү байгаа болохоор. Миний охины талаар санаа тавьж байгаа Анхмаа, ялангуяа чамд маш их баярлалаа. Даанч би хүүхдээ аль хэдийн өөр хүнд өгөхөөр шийдчихсэн. Тэгэхээр би чамд уучлаарай гэдэг үгийг хэлэх болох нь . . .
гээд Сувдаагийн амьсгаадах дуу сонсогдоно. Тэр их хүнд амьсгалж байв. Хэсэг хугацааны дараа Надмид шал өөр шүд зуусан өнгөөр

                                                                   Надмид
Юу гээч . . . ? Чи үхэж байна. Чамайг хаа нэг тийшээ арилсны дараа энд бүх юм чиний бодсоноос эсрэг байх болно. Чамд бас ч гэж сонголт ч байна, цаг ч байна. Үхэх гэж бүү яар. Сайн бод. Оройтоогүй дээрээ Номинг, үгүй ээ нөгөө . . . за хэн ч байсан яахав хүүхдээ надад өгсөн нь дээр. Тэгэхгүй бол . . .

                                                                    Сувдаа
Тэгэхгүй бол юү гэж?

                                                                    Надмид
Эцэг нь гэж нэг яргачин амьд байгаа шүү. Солгой Аюуш өнөө мөдгүй суллагдана. Шоронгоос гарсан хулгайчид юм юм л хэрэгтэй болно доо . . .
Үүнийг сонсоод би Сүхээ рүү айсан нүдээр харлаа. Сувдаагийн амьсгаа улам хүндэрч байгаа нь илт. Өндийх гэж байна уу гэлтэй орных нь пүрш дуугарна.

                                                                    Надмид
Тээр хараа биз? Цээжин дээр чинь ганц хуруугаа хүргэхэд л чи наад хэнд хэрэггүй болсон зовлогоо даахгүй байна шүү дээ.
Тэр Сувдаагийн цээжин дээр нь хуруугаараа дараад байгаа бололтой. Хөөрхий минь яаж дийлэх вэ дээ. Хий дэмий л хүчлэн амьгаадна.

                                                                    Сувдаа
Чи . . . чи ийм болсон хүнийг ингэж дарамталж байдаг адгийн шаар юм даа

                                                                     Надмид
Хүнд, ганц хуруу ч хүнддэх үе ирдэг юм, үхдэл минь. Ийм өдрүүд охинд чинь хичнээн удаа ирэх бол?, сайн бод. Хэрвээ охин чинь манай хаяанд хэвтэж байвал цаад Аюуш гэдэг золбин чинь хэзээ ч мэдэхгүй гэдгийг би амлая. Би чинь бас ч гэж хүн шүү. Надад бас сэтгэл бий . . . Сайн бод. Гэхдээ үхэхээсээ өмнө амжиж шийдэх хэрэгтэй гэдгээ мартав даа, үхэж буй ээж минь . . .
гээд бас амьхандаа хариу хүлээгээд байгаа бололтой хэсэг удав. Тэгтэл

                                                                      Сувдаа
Чи чадвал хүлээ л дээ. Чамайг мянган жил хүлээсэн ч би чиний өмнө амь тавихгүй. Хүсвэл би чамтай хамт явж ч дөнгөнө шүү. Итгэхгүй бол чи наанаа үхдэл сахисан хар хэрээ шиг сууж л бай.
гэхэд Надмидын хөлийн чимээ хурдан хурдан гишгэлсээр гарах нь сонсогдохыг бодоход тэр айсан байх. Мэдээж Сувдаа түүнийг ямар л олигтой харцаар харав гэж.

- Ямар зэвүүн, заваан . . . гэж намайг хэлэх үгээ олж ядахад Сүхээ
- Тэр заавал үүнийхээ горыг амсах ёстой. Гэхдээ хуулийн хүрээнд гэж шүд зуун хэллээ. Сая л би түүнийг “Нээрээ, Сүхээ чинь цагдаа ш дээ” гэж саналаа.
Би гэдэг амьтан хэдхэн хормын өмнө баярлаж, хайлж уярч байсан бол одоо үзэн ядалтын манан дунд нүдээ эргэлдүүлэн зогсож байв.
- Энэ хорвоо яагаад ийм Надмид шиг юмнуудыг дааж байдаг юм байнаа? гэхэл Сүхээ
- Болороо минь одоо тайвшир. Эхлээд Анхмаатай уулзах хэрэгтэй. Энэ бол хөдлөшгүй баримт. Яагаад тэр Надмид гэдэг этгээд охиныг авах гээд байсны учрыг олж болно. Харин одоо охиноо хар даа. Чиний хүсэл мөрөөдөл болж байсан охин чинь одоо орон дээр унтаж байна шүү дээ гэхэд нь сая нэг сэхээ авч
- Сувдаа минь баярлалаа. Би охиноо яг чиний хүссэн шиг сайхан хүн болгож өсгөнө. Амлаж байна гэж шивнэлээ. Тэр үед Сувдаа намайг тэнгэрээс харж байсан байхаа. Охиныхоо гарыг очиж үнслээ. “Намайг хүүхдээ надад өгсөнгүй гэж гэртээ бачуурч суухад хөөрхий минь охиноо надад өгөх гэж Надмидтай хэрээрээ л тэмцэж байсан байна шүү дээ” гэж бодохоор дотор нэг юм шатна. Охин минь тайван унтана.

                                                                    *   *   *

Хананд өлгөөтэй хоёр туулай тэвэрсэн охиныхоо зургийг өөрийн эрхгүй харлаа. Эвий минь гэж энэ өчүүхэн амьтан өөртөө ирж буй хувь заяагаа хэрхэн мэдэрч байсан бол? гэж бодсон чинь яагаад ч юм хамар шархирч, нулимс цийлэгнэж ирэв. Яг юу бодож байсан бол?
Ээж маань намайг орхиод явчихлаа . . .
Би нь Болороо эгчийн хүүхэд болох ёстой . . .
Ээжээ та нь эдгэнэ гэчихээд худлаа хэлчихлээ ш дээ . . . гэсэн үү? Ямар ч байсан өөртөө таарсан нэг л юм бодож л байсан байж таарна даа гэж бодохоор өр зүрх маань өмөрчих шиг л санагдлаа. Би урд нь охиныхоо талаар ерөөсөө ингэж бодож байгаагүй юм байна. Би охиныхоо зургийг хананаас авч харжээ суутал шилэн нүүрэн дээр нь юу юугүй нулимс дусахаар нь хурдхан шиг арчлаа. Тэгээд зургаа элгэндээ тэвэрч бүүвэйлж байгаа юм шиг ганхан, ганхан хэсэгхэн суув. Нүдний буланд нэг юм хөдлөх шиг болохоор нь хартал өвгөн маань над руу хошуу цорвойж харагдана. Тэр минь намайг ойлгохын дээдээр ойлгож байгаа нь тэр.

                                                                    *   *   *

Маргааш нь Сүхээ бид хоёр Анхмаа дээр очлоо. Тэр дүүгийндээ ирсэн байв. Дүүгийнд нь уулзах гэснээ больж түүнийг авч гарлаа. Нүүр ам нь хөхрөөд, эдгэж байгаа бололтой шар ногоон юм болчихож.
- Анхмаа, талийгчийн үлдээсэн бичгээс чиний тухай там тум ойлголоо. Чи минь иймэрхүү юмаа бидэнд хэлэхэд яадаг юм дээ. Ингэж гэр бүлийн хүчирхийлэл дор хэдэн жил амьдрах юм бэ? Би чинь чамайг маш сайхан амьдардаг гэж ойлгож байлаа.
- Харин тийм ээ. Эхэндээ бидний амьдрал сайхан л байлаа. Сүүлийн үед уурхай энэ тэр гээд энэ алттай холбогдсоноос хойш Надмидын зан ааш, хүсэл шунал нь хэрээс хэтэрсэн. Бүхнийг өөрийнхөө санаснаар болгох, бүгдийг өөрөөсөө дорд үзэж, гар хөлийнхөө дор байлгах гэдэг болсон. Ууж идээд байгаа нь харагдахгүй хэрнээ юм л бол мөнгө, эрх мэдэл, алт ярьдаг болсон. Хүний сайхан сэтгэл энээ тэрээг бол бүр мартсан. Тэр ч бүү хэл орчлонд тийм юм гэж байдаггүй юм гэж хэлдэг болсон. Хоёр хүүгээ харцаараа хөдөлгөнө гэснээ гэнэтхэн бид хоёрыг харж өөрийгөө зөв буруу эсэхэд эргэлзэх мэт болсноо
- Би та хоёрт ингээд хамаг байдгаа ярьж, баахан зовлон тоочих нь дээ.
- Зүгээр, зүгээр сэтгэлээ жаахан онгойлгоод ав гэхэд тэрээр шийдэв бололтой
- Энэ жил Надмидын үйлдвэрт хүн нас бараад. Мэдээж ар гэрийнхэн нь хэл ам хийлгүй яахав дээ. Түүнээс болоод тэр их бухимдуу байх болсон юм. За тэгээд талийгаачийн бие муудсан тухай сонсогдсоноос хойш намайг ээрээд болохоо байлаа.
- Юу гэж?

Үргэлжлэл бий . . .

21 comments:

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

Миний бүхий л хаягаар (e-mail, fb, messenger) уншигчид маань орж ирээд дараагийнхийг шаардаад байгаа учраас хугацаанаас нь өмнө орууллаа

Anonymous said...

kkk Bum ah daramtluulsan bna shd hehehe, odoo dahaid daraagiihiig n shaardaj ehlene dee heheh, zurhee daran baij l unshij bna daa...

Anonymous said...

daraagiih n hezee ve gevel yahuu hehehe, hogjiltei sanagdchlaa :)

Piglet said...

Дандаа эгзэгтэй хэсэг дээр нь таслаад улам уншмаар санагдаад, дараагийн хэсгийг тэсэн ядан хүлээж байнаа.

Anonymous said...

Daraagiinhaa yg odoo oruul tegehgui bol . . . Kkk yoh tosologdogui Nohor Bn Shuu. Ene Nadmid-n uildel sonin sanagdaad ybchlaa shuu

би said...

Хөөрхий охины хувь заяа азтай байлаа,
Тэр муу яг муу зүйлд ашиглах гээд байж.

Anonymous said...

ok, bumaa bayrlasan shuu
hugatsaanaas n omno oruulsan yavdald
kkkk
odoo daraagiihiig n unshihval gej...

Anonymous said...

Nadmidiig alaad hayah yumsan.

Anonymous said...

Nadmid ohind bish cafed sanaatai baij l dee. Oodgui hog.
Daraagiih ni hurdhan oroosoi.

Anonymous said...

Үнэхээр хүмүүс шаардахаас өөр аргагүй байх аа ийм сайхан бичдэг учраас. Таны зохиолуудыг бүгдийг нь уншдаг. Би ч бас танаас хурдан оруул гэж шаардаж байна шүү.... Хурдхан шиг л уншиж дуусгамаар байна.

Уяа said...

Хүн гэдэг хуурамч шүү. "Охиныхоо инээмсэглэсэн төрхийг сүүлчийн удаа харж сэтгэлдээ тогтоогоод" гэсэн өгүүлбэрийг уншиж байхдаа би нулимстай байсан.
Надмидын дарамталж байгаа хэсэгт өөрийн эрхгүй гараа атгачихаж...
Харин одоо жигтэйхэн тайвшраад үргэлжлэл хэрэггүй мэт санагдаж байна.
Хэн нэгнийг хайрласан хайр дуусаж дундардаггүй нь хичнээн сайхан юм бэ. Бум ахаа амжилт...

Anonymous said...

Одоо үргэлжлэлийг нь нэг дэх биш бүтэн сайнд оруулах уу? тэгэхгүй бол хүлээх интервал төлөвлөснөөс уртсах гээд байнаа хэхэ

Unknown said...

Сувдаагийн Болороод хандан бичиж үлдээсэн зүйл сэтгэлийг минь хамгийн их догдлууллаа.

ETSI said...

гайхалтай

etsi said...

ih taalagdaj bna































Unknown said...

Надмид шиг хог шаартай энэ зун тааралдаж байсан. Алчихмаар, гэвч чаддаггүй, зодчихмоор бас чаддаггүй, арга барагдаад яаж чадалгүй өнгөрдийм билээ.

Anonymous said...

"Дандаа эгзэгтэй хэсэг дээр нь таслаад улам уншмаар санагдаад, дараагийн хэсгийг тэсэн ядан хүлээж байнаа"- tai sanal neg bna.
Khezee nom bolgoh ve?
Tusalj demjeed yavchihna schdee.
Amjilt. Hurdan uldseniig ni oruulaarai gej husii.!!!!

Anonymous said...

mar orno bizdee. b mar. l unshmaar bnashteeeeee

Anonymous said...

Mash ih bayarlalaa.13-g bol uilan baij unshlaa "Huuhedgui hun gedeg ene horvoogiin ten hagasiig hardaggui uym baina daa" gej yaj iim goe ug olj helj chadaj baina.Sanal bolgohod 'The Words' gej movie olood uzeerei goe baisan zohiol bichdeg humuust bol iluu sonirholtoi baih bolov uu.Thanks again Amara

bilgeedb said...

yaay huleej tesehgui nee yaj iij bgaad tur martaad bugdiig ni oruulsanii daraa unshdag ch ymuu gehdee ingej horhoisj suuh ch bas saihan shuu bayrlalaaa bum ahaa

Frank said...

Яг миний хүсээд байсан зүйл энэ хэсэгт орж шүү. Хүний араншин дүрсэлж бичих хэзээд хэцүү байдаг. Харин Надмид-г ямар сайхан дүрслээ вэ? Үг сонголт бол шууд л нүдэнд буутал тодорхойлох сайн сонголт байлаа. Баяр хүргэе.

Нөгөө талаас Сувдаа-г яагаад орхиод байгааг ер ойлгохгүй хэвээр байгаа шүү Бум ахаа. Уг нь орчлонгын хамаг зовлонг өөр дээрээ үүрч байгаа энэ бүсгүйн араншинг илүү тод бөгөөд, зүрхэнд хатгатал дүрсэлбэл.. Эцсийн эцэст гол дүр Болороо яваад байгаа ч туслах дүрийн араншин тодорч байж Болороогоор дамжуулах гэсэн санаа гарах шиг.

Өөрөөр хэлбэл зовлон нь өөрөө жаргалын амтыг илтгэдэг юм шиг гэсэн санаа.


Бум ах Надмидуудад битгий бууж өгөөрэй :)