Санагдах алс, оногдох ойр, дүүжин гүүр шиг сэтгэл минь
Салхин зүгт, альхан цагт, даажин зүүд шиг мартагдах бол?
Амьсгалын хэмнэл, аньсаганы нэрмэл, амьдралын амттай итгэл минь
Амьсаад дурсахгүй, ханьсаад урсахгүй гольдролын дунд яах бол?
Рерихийн хөрөг, эгээрэхийн төлгө, аль нь ч надад сонин биш
Ренбрандтын зураг, эрээн бараан сураг, бүгд адилхан, сөгдөх хэрэггүй
Уул минь, уур минь, ууршаад манантах хүсэл минь
Уйтан хийгээд уудам, зурж болохгүй сүм-сэтгэл минь
Учрал минь хагацал минь, алсраад амьсах алдаа минь
Уйлж суугаад дуулахдаа үгийг нь мартсан дуу-зүрх минь
Лаврин үдэш авиран зүдэгч эвий хонгор гунигтай би
Лавран хийдийн уншлагат эдгэхгүй эртний ерөөлт хөндүүртэй би
Эрслэн зорих тэрслэн золих эмзэг зовиурт зүрхээ яалтай
Энэлэн шархирах зэмлэн архирах гэмшил дүүрэн өдрүүдээ яалтай
Рамын уулнаа мөнх оршсон даяанчийн билиг
Рахын сүүдрээс бодол аврахад сэм цэлмэнэм
Дагшин хөдөөд лагшин амирлаж үүлс өргөн шувууд одоход
Дахиад ирэх хаврыг хүлээж уулс урган тэнгэрт тэмүүлнэм
Эндэхийнхэн Тэндэхийнхтэй адилгүй эрвэн сэрвэн зөнтэй
Эдгэж өвдөхийн зуурт мартаж санах зүүдтэй
Нэг дэхийнх нь тав дахийнхтай адилгүй бүгд өөрийн замтай
Нэгдэхийн аргагүй ертөнц мөнх бусын жамтай
Эгээрэм алсын анир гэгээрэм совингоо илгээхэд
Элийрэм холын бодолдоо дүлийрэм чимээгүй дуншнам
2020 World Photography Awards Book (PDF)
3 years ago
1 comment:
Гоё шүлэг юмаа
Post a Comment