# #

Амьдралын дэр мод

18 Сэтгэгдэлүүд:

- Манай Эрдэнэхүү энэ охин хоёр чинь хоорондоо сүйд гэнэ шүү дээ гэж Жарантавын хэлэхэд Дулам
- Тийм үү? гэж нухацтай асуухад
- Харин тийм гэнээ. Өнөө өглөө намайг үнээ шувтарч байхад Эрдэнхүү бие засах гэж явсанаа ирж хэллээ гэхэд Дулам
- Үнэн үү дээ? Манай энэ хар ч худлаа залж байж мэдэхдэг шүү гэхэд Жарантав
- Үнэн байж мэднэ. Хааяа энэ хоёр чинь гар хөлөө барилцаад, мөрөөрөө тэврэлцээд сүрхий байдийг ажаа биздээ
- Нээрээ ч тиймэрхүү харагдах нь ч харагддаг л юм. Нэг шинэ хүнтэй болчихвол бидэнд хэрэгтэй л юм. Даана ч Эрдэнэхүүтэй хэн удахав дээ. Энэдээ гэж хэлэхэд Оргой чинь харин нэг ханьсавал эр хүн шиг байж мэднэ шүү хэмээн хоорондоо хошуу холбоод Бүжинг анзаарсангүй. Энэ хоёрын яриаг санаандгүй сонсчихсондоо Бүжин санаа зовох авч эд нар өөрийнх нь талаар буруу ойлголттой явдагийг мэдэв. Түүнээс хойш хүн болгон нэг л өөр болчих шиг санагдаж эхлэв. Ангийнх нь Болд яг л ийм залуу. Юу ч болоогүй байхад Бүжин бид хоёр хоорондоо сайн гэж хэлнэ. Хэлэхгүй юмаа гэхэд тэгж ойлгуулж дөнгөнө Тэрнээс болсон уу яасан өдий болтол Бүжинд залуучууд нэг л ойртож чадахгүй явсан билээ. Тэр бүгдийг санасанаа газар газар л иймэрхүү ижил төстэй юмнууд байх юмдаа гэж бодоод Эрдэнэхүүг бодлынхоо гадна гарган хаялаа.
Харин энэ Оргой их сонин хүн юм. Эндхийн хүн болгон Оргойд ам сайтай ч өөрөө их нууцлаг байгаа нь Бүжингийн сэтгэлийг гижигдэнэ. Даруу гэхэд дэндүү даруу, тэгээд дуу цөөтэй тул тэр болгон ойртож чадахгүй байгаа юм. Тэгэх тусам шохоорхоно. Эмэгтэй хүний сэтгэл гэдэг сонин шүү. Уг нь эр хүн гэж ийм л хүнийг хэлдэг байхаа даа гэсэн дурлал шохоорхолын хачин гэмээр зөн совин цээжин дотор хургах нь сонин. Хорвоо сонин юмаар дүүрэн ажээ.
Тэгвэл Оргойн хувьд бас л нэг хачин. Хүний сэтгэл зүрх гэдэг яахаараа ингэж өөрчлөгдөж, бүр байж сууж чадахаа больтолоо догдолдгийг Оргой ойлгож ядан олон хонолоо. Урд нь тайван амгалан байдаг байсан нь Бүжинг ирсэнээс хойш үнэхээр биш болсон. Багаасаа өнчин өрөөсөн явсан Оргой үеийн залуучуудтай дарвиж ялих ялихгүй хэрэгт орооцолдон аавын хаалга татсан. Тэндээ бас зүгээр байж чадалгүй байсаар жилийг ганц хоёроор нэмсээр нэг л мэдэхэд нас талийж гуч дөхчихөж. Тэр газар бараг арваад жил мод хийсэн байдаг. Нэг галд байсан өөрөөс нь ахмад насны нэгэн түүнийг энд олон жил байсан гэхэд эвдрээгүй сайхан залуу гэж үнэлж юм л бол захын юмыг зааж сургана. Ямар сайндаа Оргойг хугацаагаа дуусгаад гарахад бүр аминчлан “За хө чи эндээс гарах яахав. Шууд олны дунд битгий ороорой. Эхлээд хүн хар багатай газар очиж өөрөө өөрийгөө олж авахыг бод. Бусад нь яахав болно” гэснийг санаж энэ буйдхан газар ирсэнсэн. Гэтэл энэ газрын мухарт тэнгэрийн дагина ирж зүрх сэтгэлийг нь хөвсөлзүүлчих юм гэж яаж санахав дээ. Оргой тэр олон жил муу сайн юмны хажууд байсны хувьд хэдийгээр сэтгэлдээ үүссэн хайрын цучлыг саранд хуцсан саваагүй нохойн үлгэр болно хэмээн хоривч хорих тусам битүү уугисаар байлаа.
Нэгэн өглөө бригад ажилдаа гарлаа.Бүжин Буга даргад хандаж
- Манай хариуцсан хэсэгт өмхөрсөн дэр мод нилээн харагдах юм. Бид сольчихвол уг нь зүгээр л юмдаа гэхэд ихэд гайхсан Буга
- Бид иймхэн хүчээр солино гэж юу байхав дээ. Дэр модыг чинь хавийн өртөөнийхөнтэй нийлж нилээн өргөн хүчээр, нилээн юм болж байж солино шүү дээ гэж бурхиллаа.
- Тэгж их сүр болохын хэрэг байхгүй л дээ. Нэг дороос тийм олныг биш ганц нэгийг, нөгөө хэсгээс ганц нэгийг сугалах маягаар солиход болохгүй юм байхгүй. Тэгээд ч хугацаа нь дууссан дэр мод байснаасаа илүү их хортой
- Тэр нь ч тийм. Гэхдээ бид толгой мэдэн хийх хэцүү. Ямар нэгэн тоогүй юм болж замд гажилт үүсэн осол аваарь болвол хэн хариуцах вэ.
- Харин тэгээд осол гаргахгүйн тулд л бид солих хэрэгтэй. Та миний үгэнд орно гэж юу байхав. Гэхдээ нэг мод солиод үз л дээ. Өөрсдийнхөө хүчээр сольчихвол улсад ч хэрэгтэй. Бид биш юмаа гэхэд хэн нэг нь сольж л таарна. Хөгшин дэр мод гэдэг ямар ч гарзанд хүргэж мэднэ. Бид үүгээр явах галт тэрэгний хуваарь харж байгаад өдөрт бараг хоёр ч мод сольчихож амжина. Тэгээд чигжилтээ сайн хийгээд цаг үргэлж хэмжилтээ шалгаад байвал болохгүй юмгүй. Танд олон жилийн туршлага байна. Залуус бидэнд та нар л үлгэр үзүүлэхгүй бол бид цаашдаа энэ замыг чинь яаж авч явах юм? Та хичээгээрэй гээд Бүжин гүйгээд явчихав.
Тэр орой Буга үүднийхээ довжоон дээр тамхиа соронгоо өдрийн яриаг санаж “Бүжингээс ч аргагүй шинэ хүний үнэр үнэртэж байнаа. Энэ охины хэлдэгч зөв. Өмхөрсөн дэр модыг энд тэндээс нь алагчилж солино гэдэг цөөн хүнтэй бидэнд болдог л арга. Гагцхүү сүүлд нь вагон нурааж хэл ам болох вий гэдэг л санаа баахан зовно. Ерөөсөө ганц мод солиод үзье. Чигжилт, хэмжилт хоёроо л анхаарах юм шүү” гэж шийдэн тамхиныхаа ишийг няслан гэрлүүгээ оров.
Маргааш өглөө нь цоо шинэ дэр мод тэргэн дээрээ тавиад Бугын бригад гарч өглөө. Хүн болгон санаа нь зовж түгшиж явна. Ганцхан Бүжин л өөрийнх нь санааг ажил болгох гэсэнд Буга даргад баярласандаа болоод хүн болгоныг үнсэх нь холгүй яваа. Өнөөдөр замд дайчлагдсан Өлзийтогтох Бугад
- Энэ ер нь зөв үү дээ.Сүүлд нь элдэв юм болохгүй байгаа гэхэд Буга дотроо”чи ч элдэв юм болвол би хэлж л байсан гэх гэж хаяагаа манаж байгаа ухаантай биз” гэж бодонгоо
- Чи бид хоёр энэ их айлын хоолыг олон ч жил цохилоо доо. Одоо нэг өөрсдөөсөө шалтгаалах ганц юм хийсэн нь дээр байхаа. Санаа чинь тэгж их зовоод байгаа бол маш хянуур л хийцгээе гэлээ.
Тэд нэгэн хуучин дэр модыг сонгож, хоёр талаас нь модныхоо доогуур шороог нь султгалаа. Тэгээд зургаан ширхэг зэвэрч гүйцсэн төмөр гадсан хадаасыг авч, дэр модоо нэг тийш нь сугалан авав. Олон жил чийгтэй шороонд лав суурьшин хэвтсэн дэр мод хүнд гэж учиргүй тул гарын аясаар даагдана гэж үгүй. Арай хийж гаргав. Оронд нь шинэ модоо шургуулж, доогуур нь шороогоор сайтар чигжинэ. Энэ бүгдэд Буга гэхээсээ илүү Бүжингийн тэг, ингэ гэсэн заавраар хийгдэж аргагүй л эрдэм ном үзсэний хэргийг гаргаж байв.
Олон хуучин модны дэргэд ганц шинэ дэр мод их л содон бөгөөд тэр хавийн дэр моддын итгэлийг даах мэт цайран харагдана. Яг л тэр нэгэн өдөр жаран нэгийнхний дунд Бүжин орж ирсэн шиг.
Эхний оролдлого амжилттай болсонд ганц Бүжин гэлтгүй бүгдээрээ л сэтгэл нь сэргэцгээв. Бүжин бүр хөөрцөглөн дороо цовчиж
- Бид чадлаа шүү дээ. Одоо хэмжилтээ л сайн хийгээрэй Буга гуай гэж санууллаа.
Нөгөө хуучин дэр модыг тэргэн дээр гаргах гэж Эрдэнэхүү өргөх гээд өрөөсөн булангийн ч даасангүй. Уг нь Эрдэнэхүүгийн хувьд өөрийгөө хэн болохоо харуулах, алдаагаа засах гэсэн сүүлчийн боломж байсан юм. Санасандаа хүрч чадсангүй түүний нүд хачин их гуниглах нь бас ч гэж өрөвдөмөөр. Эрдэнэхүү тэр нэгэн үдшээс хойш харамсах, гэмшихийн зовлонд хатаж яваа билээ.
Бүжинг ирснээс хойш Эрдэнэхүү ч гэсэн бусдын адил сэтгэл нь хөдөлсөн байж таарна. Гэхдээ тэр харсан цагаасаа эхлэн ямар ч аргаар хамаагүй өөрийн болгох гэж улайрсан нь овилгогүй занд хөтлүүлсэн гэлтэй. Тэр нэгэн бороотой үдэш ханзархай цамцаа барин Бүжин дээр орж
- Ахынхаа энийг нэг умайлгаад өгөх арга байна уу? гэхэд нүцгэн цээжин дээрх борооны дуслыг харсан Бүжин
- Хөөх гадаа бороо орж байгаа юм уу? Ойрд ийм нартай бороо хараагүй юм байна шүү гээд тэгэлгүй яахав нааш нь өгчих гээд сандал руу зааж
- Та суугаач дээ. Би хурдхан шиг оёчихъё. Харин гоё оёж чадахгүй байх шүү. Онгойж явахаар умайж яв гэдэг л болох байх гээд элдэвийг ярин оёж дусаад шүдээрээ учигаа таслаад
- Та ер нь өдий болтол эхнэр авахгүй яасан юм бэ? гэтэл өдий хүртэл Бүжинг өөртөө талтай гэж бодсоор ирсэн Эрдэнэхүү
- Чамайг хүлээгээд хэмээн айлгүйтэв. Бүжин инээд алдаж
- Аа яг шүү дээ гээд цамцыг нь өгөөд эргэтэл Эрдэнэхүү гараас атгаад авав. Бүжин эхлээд тоглож байна хэмээн санаж инээмсэглэн
- За боль л доо гэтэл Эрдэнэхүү хошуугаа цорвойлгон
- Чамайг ирсэн цагаас чинь эхлэн энэ сэтгэл зүрх минийх биш болсон. Бүжээн чи ойлголдоо гээд л . . . зууралдав. Байдал биш болсоныг ойлгосон Бүжин хэдийгээр айж сандарсан ч түүнээ мэдэгдэхгүйн тулд уурлан цамнаж хамаг юмаа шидлэн
- Би хашгирлаа шүү. Буга гуай, Оргой ахаа гэж орилон Эрдэнэхүүг гараа тавингуут хаалгаар гүйн гарч, борооноор мотоциклоо хуччихаад эргэсэн Оргой дээр гүйн очиж тэврэн мэгшин уйлав. Эрдэнэхүү ч хар хурдаараа гэртээ орон цонхоор хартал, шаагитал асгарах азарган бороон дунд тэр хоёр тэврэлдэн зогссоор байсым. Нартай бороо чухам хэнд нь гуниг үлдээсэн юм бол . . . Тэрнээс хойш Эрдэнэхүү маань хүрэн нүүрээ хийх газар олдохгүй хулмалзсаар л яваа. Тэрэндээ бантаад өнөөдөр их л сүрхий ажилсан боловч сүүлчийн оролдлого хамаг юмыг баллаад хаячих шиг болов.
Оргой замын төмөр дээр сууж байснаа босон, хүнд дэр модыг нэг үзүүр дээр нь босгож байгаад
- Чүү! гээд л ганцхан ташаалдаад алхчих нь тэр. Энэ зэргийн модыг өргөхөд бяраас гадна эв дүй хэрэгтэй гэдгийг мань эр мэдэлгүй дээ. Бүжин “ Эр хөөн гэж” хэмээн Оргойг таашаан харна. Ичиж ядсан Эрдэнэхүүг Өлзийтогтох гуай доогтой нүдээр харж
- Яасан Эрдэнэхүү? Бяртай хүн чинь өмдөө задалчих гээд хэцүү байгаа биздээ гэж даапаалахад бүгдээрээ л хөгжилдөн инээлдэнэ. Энэ инээд үнэндээ Эрдэнэхүүг шоолсон инээд биш дан ганц бригадаараа хэзээ ч хийх гэж зүрхэлж үзээгүй ажлыг хийж чадсаны баяр бахдалын инээд байлаа. Гэсэн хэдий ч гуниг хүлхсэн нүдээ нууж ядан байгаа Эрдэнэхүүг харсан Бүжин
- Би л лав өнөөдөр хамгийн мундаг ажилласан нь Эрдэнэхүү ах гэж бодож байнаа гэтэл Буга дарга тэндээс
- Тэр ч харин тийм шүү гэж дэм өгөв. Эрдэнэхүү дороо эргэж тэртээ Өндөр Улааны оройг ширтэн хэнгэнэтэл санаа алдахыг ганцхан Бүжин л анзаарав.
Энэ орой Оргой гэртээ тогтож сууж чадахгүй, болдог бол ямар нэгэн шалтаг олж Бүжингийн хаалгыг тогшмоор санагдавч бас Эрдэнэхүү шиг юм болох вий хэмээн санаж биеэ барина. Гэсэн ч эргэж хургасаар тэдний хаалганд дөхтөл өөдөөс нь хаалга цэлсхийн нээгдэж
сандарсан Оргой эргээд алхчихав. Бүжин дуудаагүй бол хаа хүртэл алхах байсан юм бүү мэд.
- Оргой хүлээ л дээ гэсээр Бүжин гарч ирээд
- Би бас чамайг цонхоор хараад л байлаа гээд баргил бүдүүн гараас нь атгалаа. Юу хэлэхээ мэдэхгүй Оргой ээрч мууран зогсоход Бүжин
- Хоёулаа жаахан алхах уу? гэхэд Оргой жаахан хүүхэд шиг толгойгоо маажин ганхана. . .
Буга дарга өдрийнхөө ажилд ядарсан хэдий ч хийсэн ажилдаа битүүхэн баярлаж шилний ёроолд жаахан юм байсныг татчихаад сурсанаараа үүднийхээ довжоон дээр тамхилан суутал өртөөний хажуугийн сэтэрхий чиглэн зам даган хоёр хүн цаашлан явна. Буга дарга тэр хоёрыг хэн болохыг төвөггүй танив. Гэсэн ч тэднийг сатааруулахыг хүссэнгүй.
Голлон туссан сарны гэрэлд замын төмөр гялтаганан зурайж, Бүжин нэгэн дээгүүр нь тэнцэж ядан өрөөсөн гараараа Оргойн мөрөн дээр хаа нэг түшин, нөгөө гараараа савчин тэнцвэрээ олж ядан явна. Түүндээ болсон уу эсвэл угаас тэр жаргалтай байсан уу цангинатал инээх нь сарны мөнгөн хонх мэт. Оргойн сэтгэл ч гэсэн нялхамсажээ. Хэдийгээр тэр эр бордуухан ч нэгэн боловч хайр сэтгэл гээч энэ ханхар эрийг уяран хайлуулах увидастай юмсан уу. Уурлаж бачуурсан хувь тавилан гэдэг уужирч ариусахаараа өгөх юмаа ч бас өгдөг ажээ.
Тэднийг харсан Буга дарга “ Зөвдөө Оргой минь. Эр хүн гэдэг ийм л байдаг даа. Залуу явах ч сайхан шүү. Яг л шинэхэн дэр мод шиг. Бид бол харин хөгшин дэр мод болж шүү дээ. Амьдрал ч гэсэн цаг нь болохоор биднийг нэг нэгээр нь сольж л таарна. Ажил амьдралыг дааж хорвоог туулуулсан хос ган замдаа ийм сайхан залуусаар дэр хийж мөрлүүлэхээр үеийн үед зурайж байнаа л гэсэн үг. Эд маань сайхан залуусдаа. Бид ч санаа амар байж болох нь ээ” гэж амандаа шивэгнэнэ.
Сарны цагаан туяанд замын дундах дэр модон дээгүүр туссан тэврэлдэн алхах хос залуусын дүрс долгиолон алгуурхан цаашилна. . .



Бүрэн эхээрээ...

Амьдралын дэр мод

5 Сэтгэгдэлүүд:

Олон олон нүцгэн гүвээ толгодын дундах арай шовх өндөрийг нь Өндөр Улаан хэмээн нэрлэнэ. Энэ нь энэ хавьдаа хайрхан нь. Төмөр зам Өндөр Улааныг ороон эргэн тойрны хэдэн толгодыг сэтлэхийг нь сэтлэн, заримыг нь тойрон дэр модон дээрээ сунайтал хэвтсээр хаашаа ч юм зурайн одно.
Өндөр Улааны ар хонхорт өртөөний хоёр цагаан байшин зүүрмэглэж хоцорсон цагаан хун мэт гуниглан дүнсийнэ. Хэдийгээр энэ төмөр зам, энэ хоёр байшин хүний гараар бүтсэн нь тодорхой боловч одоо тэднийг харахад байгаль өөрөө бүтээчихсэн мэт сэтгэгдэл төрнө.
Энэ хоёр байшингийн албан ёсны нэрийг төмөр замын дөрвөн зуун жаран нэгийн өртөө гэх боловч ярианы явцад жаран нэгийн өртөө л гэх болжээ. Тэр ч байтугай тэрүүхэн төмөр зам дугуйран тойрсон тохойг жаран нэгийн тохой хэмээн нэрийдэх болсоор уджээ. Хөдөөгийн буйдад орших энэ өртөөнд ердөө үндсэн дөрвөн айл л амьдрана.Энэ дөрвөн айл нэгэн бригад бөгөөд өөрийн гэсэн хариуцсан замын хэсгээ арчилан тордож байх үүрэгтэй. Бригадын дарга Буга гэж жижигхэн биетэй, хурдан хөдөлгөөнтэй, сартгар хамартай хар хүн. Авгай нь Дулам гэж бас л шалвалзсан бор авгай. Эднийх зургаан хүүхэдтэй. За тэгээд хөдөөгийн өртөөнд цайвар царайтай хүн ховордоо. Улаан ягаан хүн бол цайруудаа орчихно.
Тэдний эсрэг хаалганд Өлзийтогтох гэж хүн “намайг нүдгүй гээд хэлчихвий” гэсэн шиг том дүрлэгэр хар нүдтэй, өндөр хар хүнийх байна. Энэ хүн тус өртөөнд морин эргүүл хийнэ. Эднийх найман хүүхэдтэй. Авгай нь Жарантав гэж нэг их цагаан шүд яралзуулсан бор, бараг хар гэмээр нэгэн байна. Энэ хоёр айл унааны ганц нэг морь, саалийн хэдэн үнээтэй төмөр замын хишгийг хүртээд насаараа зам дагасан айлууд.
Гурав дахь хаалганд нь өнгөрсөн жил цэргээс ирсэн Эрдэнэхүү хэмээх залуу амьдрана. Бас л нэг бараан зүсмийн дунд зэргийн нуруутай, худлаа инээсэн залуу байх. Энд ирсэнийхээ дараахан хаанаас ч юм намхан таргавтар улаан хүүхэн авчирсан боловч юу нь болоогүй юм бүү мэд хагас жил хэртэй болоод нэг өглөө энэ айлын ганц өнгөтэй эд болох нугастай толийг нь аваад арилж өгөх нь тэр. Эднийд нэг ширээ, хоёр яйжгий сандал, пүрш нь сунасан ганц цагаан ор, нэг хүрэн чемодан, ганц майжийсан бакаль гээд үндсэндээ болчихно.
Дөрөвдөх хаалганд Оргой нэртэй жирвийсэн хар сахалтай, өргөн духтай, бүдүүн дуутай ханхар цээжтэй, онигордуу нүдтэй бас ганц бие залуу амьдрана. Хэдийгээр ганц бие боловч эмх цэгцтэй, мөнгөн тоногтой эмээл, нэгдүгээр утас нь тасраад залгачихсан гитар, дуугардаг эсэх нь үл мэдэгдэх пянз тоглуулагч, радио хүлээн авагч, нүүр гар угаах тосгуур, ганц нэг хоолны сав аяга халбага харагдах нь Эрдэнэхүүгийнхээс арай дээр.
Замын эсрэг талд цахилгаанаар ажилладаг гүний худагтай. Ажлын шаардлагаар энэ өртөө цахилгаан, утас, ус унаа гээд дэд бүтэц сайтай. Худгийн хойхон талд их бага хоёр гэр байх бөгөөд тэр нь энэ нутгийн айл Доной гуайнх. Эднийх өртөөний айл бол биш. Тийм ч учраас төмөр замд хэт ойрхон гадны айл балгаж болохгүй гэсэн хууль дүрмийн дагуу тэднийх үе үе замаар явах дарга нарын хараанд өртөж, хааяа хааяадаа хөөгдөх сануулга авах авч эндээс нүүсэн нь үгүй. Иймэрхүү яриа гарахад Доной гуай дуугаа хураагаад таг. Харин түүний эмгэн Пагма л галынхаа аман дээр сууж байгаад зохицуулчихна даа.
Иймэрхүү янзын таван айл энэ хөдөөний өртөөнд амьдрана. Уг өртөөнд өглөөд урдаасаа хойшоо, өдөр нь хойноо урагшаа явж байгаа суудлын галт тэрэг хоёр хормын зайтайгаар зогсож өнгөрнө. Энэ хоёр суудлын галт тэрэг өглөө өдрийн баримжаа болохоос гадна энэ таван гэрийн амьдралын салж боломгүй нэгэн хэсэг болно. Өглөөний суудал өнгөрөхөд айл бүр үнээ малаа сааж бэлчээрт нь гаргана. Тэгээд цай цүй болсоор бага үдийн алдад Буга дарга, Оргой хоёр тэргүүлээд, араас нь хоёр авгай дараалаад, хамгийн сүүлд Эрдэнэхүү дагаад л зам дагаад гэлдэрнэ дээ. Ажилдаа явж байгаа нь тэр. Бусад нь юу боддогийг бүү мэд. Харин Эрдэнэхүү өдрийн суудал ирэхийг тэсэн ядан хүлээж, ирсэн үед нь өдөржин харанхуйлсан дотор нь онгойно. Өдрийн суудал ирэхэд Пагма хөгшин будаатай цай чанаж, хаа нэг борц хаяна. Харин Өлзийтогтох гуай бол өөр. Морин эргүүлийн ажил бол өөрийн хариуцсан хэсэгт мал оруулахгүй, замын хоёр талын өргөст торны бүрэн бүтэн эсэхийг шалгаж засах ажил хийнэ. Ажлын онцлогоос болоод тэрүү нилээд аашлах зандрах аястай. Мэдээж өөрсдийнхөө малыг гоочлоод байхгүй. Тэгээд л үлдсэн нь Доной гуайнх учир тэднийд очиж хууль дүрэм ярьж мундагдана даа. Пагма хөгшин ч андахгүй. Орны хөндийд ганц нэг шилтэй нэрмэл хэзээний бэлэн түүнийгээ гаргаад урд нь тавьчихна. Тэр дуусахын багцаанд дарга бол дарга, ажил бол ажил гээд л эхлэхэд нь дахиад нэгийг гаргана. Өдрийн суудлын сургаар Өлзийтогтох Пагма хөгшнийхөөс гуйвж дайвсаар гарна. Уг нь бол шар модоо өргөөд ихэмсэг нь аргагүй зогсож өнгөрөөдөг. Заримдаа баруун орны урдуур хурхирч өнжих нь ч бий. Ийм үед Доной гуай дохио өгөөд өнгөрөөчих тохиолдол бас байна. Гэсэн ч энэ өртөөний ажил явдгаараа явж л байгаа нь тэр. Энэ өртөөний хариуцсан газарт элдэв зөрчил гарах нь үгүй.
За тэгээд иймэрхүү янзтай өдөр хоногийг өнгөрөөж байсан зуны эхэн сарын дундуур уг өртөөнд хэзээ ч байгаагүй, цаашдаа ч байхгүй байж болох нэгэн явдал боловоо.
Өдрийн галт тэрэг ирдгээрээ ирлээ. Пагма хөгшнийх хаяагаа шуучихсан будаатай цайгаа ууж суусан биз. Бугын бригад тэр өдөр гэрийнхээ ойрхон байж таарав. Өлзийтогтох өнөөдөр хууль дүрмээ яриагүй учир алаг морио хөтлөн шар дохиогоо өргөн зогсов. Энэ өдрийн галт тэрэг нэг л сонин бага зэрэг удах шиг. Зогсоолоосоо хөдлөхдөө ямар нэгэн юмаа үлдээсэндээ харамссан юм шиг дуут дохиогоо өгөн алгуурхан хөдөлж, өртөөний хажуугийн сэтэрхий рүү уурлах мэт мурилзан оров. Хүн бүр сүүлчийн вагоныг өртөөний хоёр байшинг өнгөртөл ширтэн зогстол урт хархан гэзгээ задгай тавьсан, цайвар өмдтэй, цагаан цамцтай гартаа нэг цүнх барьсан бүсгүй зогсож байх нь тэр.
Пагма хөгшин хэзээний харчихсан
- Хөөе! Доной тийшээ дурандаач. Зам дээр нэг юм гялайгаад байна гэхэд Доной
- Юу? гэж үл итгэсэн янзтай дуугарав
Өлзийтогтох бүсгүйг гэнэтхэн харж цочих шахан шар дохиогоо гутлын түрийнийхээ цаагуур наагуур дүрэн сандрав. Мөрөн дээрээ хүрз шидсэн Эрдэнэхүү түүнийг хараад нүд нь гялбав гэлтэй бүдчин замын хажуу руу тоос татуулан унав. Буга дарга зогтусаж
- За байз энэ хүүхэд буруу газар буучихваадаа янз нь хэмээн таамагласнаа дэргэдээ зогсоо Оргойд шивнэхэд Оргой дотроо “энэ хүүхнийг нэг тийш нь хүргэж өгөх ажил гарлаа даа” хэмээн төвөгшөөн бодож амжлаа. Ингэж л Жаран нэгийн тохой тэр аяараа цочирдон гайхав. Бригад гэрлүүгээ буцахад Эрдэнэхүү урд нь гардагаараа гарч дэр модыг алгасан хурдлана. Тэднийг явсаар иртэл бүсгүй өөдөөс инээмсэглэн угтан ирэв. Хөөрхөн гэхэд үг багадам хөөрхөн ажээ. Турьхан цагаан гар, нарийхан бэлхүүс, бие барьсан өмд, бумбагар хөөрхөн хацар, дүрлэгэр алаг нүд, цагаан царай үгүй ер нь түүнд муухай юм алга. Багахан салхи задгай энгэртэй цамцных нь товчийг мулталчихна уу дээ гэмээр сэвэгнэнэ.
Бүсгүй тэдний өөдөөс ирж хацар дээрээ хөөрхөн хонхорхой гарган инээмсэглэснээ
- Сайн байцгаана уу? Та нарын хэн нь бригадын дарга вэ? гэж түрүүнд ирсэнээр нь Эрдэнэхүүгээс асуутал өнөөх нь өөдөөс нь хараад таг гацаж авсан. Араас нь ирсэн Оргой
- Манай дарга энэ гэж хүнгэнүүлснээ эрүүгээрээ Буга гуайг заав. Гэтэл бүсгүй
- Өө би төмөр замын техниккумын төгсөх ангийн оюутан. Танай бригадад дадлага хийхээр ирлээ гээд дөрвөлжилж эвхсэн цаас гаргаж
- Энэ миний томилолт гээд сарвайв.
Буга дарга хэдийгээр тэр цаасыг ширтэх авч дотроо “Оюутан хүүхдийг дадлага хийх яриа байдаг ч ийм жижиг өртөөн дээр дадлагын оюутан ирж байсан удаагүй. Голчлон төв суурин газар, үгүйдээ л зөрлөгтэй газар хийдэгсэн. Нааш нь явуулдаг нь сонин л юмдаа. За байз энэ хүүхдийг чинь одоо хаанаа байлганаа, ор дэвсгэр, түмпэн савнаас эхлээд юу байдаг билээ” хэмээн бодож зогсоно. Буга даргын хувьд энэ охинд байтугай байгаа хэдэн хүнээрээ хийлгэх ажил ховор шахам билээ. Энэ бүрийг эргэцүүлэн бодож томилолтын цаасыг гөлөрч зогссон Буга
- За хө тэгхээр чинь одоо чамайг хаанаа оруулдаг билээ. Чи чинь энэ цүнхнээс өөр юмгүй яваа юу? гэтэл
- Өө тэр талаар санаа зоволтгүй даргаа. Энэ хоёр байшинд чинь намайг шингээчих ганц өрөө олдоно биздээ. Тэгээд л болоо. Харин өнөөдөр юу хийхэв? гэх нь залуу хүний эрч хүч оволзох мэт
- Өнөөдөртөө ч бараг ажил дууссан гэхэд болно. Чамайг л төвхөнүүлэхийг бодъё.
- За тэгвэл танилцацгаая. Намайг Бүжин гэдэг гээд гараа өгөхөд Буга даргаас авхуулаад бүгд л нэрээ хэлэн гар барьцгаав.
- Оргой гэж нэрээ хүнгэнүүлэхэд Бүжин айсан гэрэвшсэн янзтай гараа өгөв. Эрдэнэхүүгийн инээдэг зан энэ удаа Бүжинд ихэд таалагдав. Хоёр авгай ч гэсэн эмэгтэй хүн гэсэндээ үс толгойгоо илэнгээ гар барилцлаа.
Тэр өдөртөө Буга гуай нөгөө байшингийнхаа нэг өрөөг онгойлгож Бүжинг оруулахаар болов. Хойд талын сараанаасаа ганц төмөр ор гаргаж, хөнжил гудас гэрээсээ илүүчлэв. Бүжин ч эрээлж цээрлэлгүй ханцуй шамлан орж тэр байрыг угааж цэвэрлэн гялалзуулав. Айл айлаас жаал зугаа юм цуглуулсаар подхийсэн айл болчихов.
Буга гуай Доной гуайнх руу явж учир явдлаа хэлж цалин буухаар өртөгийг нь өгөхөөр тохирч ганц төлөг, таван литр монгол авчрав. Бага ч гэсэн бригадын дарга тул буйр зааж байгаа нь тэр. Тэр оройдоо шинэ хүнээ хүлээн авч багахан найр аятай юм болов. Байчихаад Доной гуай Пагма хөгшин хоёрыг авчрав. Жаран нэгийн өртөөнд ийм сонин баярт үйл явдал тохиож байгаагүй хэлэх үү, гэнэтийн зочин нь явж явж хот газрын хөөрхөн хүүхэн байсныг хэлэх үү аль өдрөөс хойш эр эмгүй л цочирдон биеэ барьчихсан байсан нь тавигдаж хүн бүр л дуу шуу орцгоов. Энэ байдалд Бүжингийн инээж хөхөрсөн, тэр ахаа, энэ эгчээ гэсэн чөлөөтэй байдал нь ихэд нэмэр болж бүгд л бишүүрхэнгүй байдлаасаа гарлаа.
Одод тэнгэрт гялалзаж цаг нилээн орой болжээ. Доной гуай донхойж, Пагма хөгшин орж гарч байгаарай гэж захиад гэрээдээ гэлдрэв. Бусад нь нэг их удалгүй өндөрлөлөө.
Шөнийн тэнгэрт цацсан оддоо хариулах мэт хавирган саран бүүдгэр гэрлээ цацруулан тэртээ доор газрын мухарт сүүмэлзэх өртөөний хоёр байшинд чухам юу болов гэж гайхсан аятай мэлмэрэн туяарна.
Маргаашнаас нь жаран нэгийн өртөөнийхөн хачин өөр болцгоолоо. Эрдэнэхүү өглөө хачин эрт босож гимнастик хийж харагдана. Хүрэн бор биеэн дээрээ цагаан майк өмссөн бөгөөд эвхээсний нь нугалаа арилаагүйг бодоход цоо шинээр нь өнөө өглөө задласныг илтгэнэ. Ажлынхаа бакалыг хүртэл тосолсон байв. Буга дарга хүртэл нимгэн хавтаст цүнх үүрэв. Хоёр авгай толгойдоо саатай алчуур ороож. Өлзийтогтох ногоон хүрмээ тайлж хүрэн даавуун дээлээ авгайгаа хориглосоор атал өмсжээ. Мэдээж бүгдээрээ гар нүүрээ сайтар угаасан байж таараа. За тэгээд хэрэндээ эртхэн цуглаж Бүжингээ хүлээсэн байдаггүй ээ. Бүгд гайхав. Буга дарга
- Үгүй, энэ хүүхэд яачихав? гэхэд Эрдэнэхүү
- Яах юу байхав. Хотын танхил хүүхэд унтчихаа л биз очиж сэрээе гээд бүгдээрээ хөглөрөлдөн Бүжингийн хаалган дээр ирээд одоо яахав болцгоолоо. Жарантав авгай тэндээс л
- Бугаа хаалгыг нь тогшооч гэхэд Буга дарга хаалгыг тогшлоо байдаггүй. Хаалган дээр нь чихээ наан чагнахад бусад нь бас л дуурайн чихээ наах мэт дүр үзүүлэн хүзүүгээ гилжийлгэн чимээ чагнана.
Онгорхой цонхоор орж ирсэн өглөөний цэнгэг агаар, болжморын жиргээтэй зэрэгцэн сэрсэн Бүжинд бүх юм өнгөлөг. Шинэ амьдрал, шинэ өглөө, шинэ хүмүүс, шинэ орчин. Тэрээр гарч яаралгүйхэн алхсаар сарааны ар талын бяцхан гүвгэрийг даван очрныг сонирхон явна. Өвсний толгойдох мянга мянган шүүдэр, тарваганы хошгирох, огтоно зурамны гүйлдэх, үхэр тугалын мөөрөх, Доной гуайн яндангаас суунаглах утаа гээд түүнд юм бүхэн сонин. Энэ бүгдийг сонирхон алхаж явсан Бүжин гэнэтхэн үсээ ч самнаагүй, унтлагныхаа нөмгөн хувцасаа ч солиогүй яваагаа санаж яаран сарааг тойрон гараад иртэл бригадын хамт олон нь бүгдээрээ тэдний үүдэн дээр зогсоно. Бүжин гайхан “юу болсон юм бол” гэж бодсоор хамгийн ард зогсох Өлзийтогтох гуайн ханцуйнаас аажуухан татаж
- Юу болоо вэ? Өлзий гуай гэж сэмхэн асуутал өнөөх нь хариуд нь шивнэн
- Юу болохов дээ . . . гээд эргэж Бүжинг харах мөртөө учиргүй цочиж
- Еэ бондгорын гэлээн . . . энэ чинь энд байгаа юм биш үү гэж агдагнан орилов. Өлзийтогтохын муухай дуунаар хоёр авгай даган чарлав. Буга гуайн хөгшин халтар нохой нойрмоглон хаашаа ч хамаагүй хөв хөв хуцав. Хашааны шонгоос уяатай алаг морь хоёр чихээ солбин ийш тийш сортолзов. Хэдий завандаа ч юм байшингийн буланд үсэрч очсондоо ичсэн Эрдэнэхүү наашаа ч үгүй, цаашаа ч үгүй гацаж орхив. Иймэрхүү дүр зурган дундаас Буга дарга загзагнасан биеэ засах гэж хоолойгоо шахаж хий ханиаснаа
- Аан бид чамайг босоо болов уу л гэж. Ингэсгээд ажилдаа гарцгаая даа гээд буруу хараад алхчихлаа. Бусад нь гэр гэрлүүгээ хөдөлж, ичсэн бантсандаа үл дуугарна. Тэднийг ажлынхаа хувцасыг өмсчихсөнийг хараад Бүжин
- Би одоохон гэсээр сандран гүйж оров. Буга дарга амандаа
- Өлзий гэж моньдоос болоод хүүхэд ичээчих вүү дээ. Ядаж байхад яасан муухай дуутай нөж вэ зүгээр гэх нь өөрөө ч бас нилээн сайн цочсон бололтой. Өнөөх нь
- Би яаж мэдэхэв дээ. Нэг харахнаа л ард үс гэзэг нь задгай, нүцгэн нимгэн хувцастай сүүмийсэн юм зогсох юм. Нүдний үзүүрт эвгүй гэж. Ядахнаа надтай ярихыг нь яана гэж үглэнэ.
Иймэрхүү байдлаар жаран нэгийн өртөөнд шинэ амьдрал эхлээд нилээд хэдэн өдрийг үдлээ. Биеэр бага хэрнээ энэ бүсгүй чухам юугаараа, ямар хүчээрээ юм бүү мэд зөвхөн өртөөний хэд ч биш жаран нэгийн тохой тэр чигээрээ өөрчлөгдөж орхив. Санаа дагаад ч тэрүү байгаль дэлхий хүртэл шөнөдөө ганц нэг бороо дуслан өдөртөө нарлаг сайхан өнгөрнө. Бүжингийн гуйснаар Оргой Эрдэнхүү нар банз хадан хотынхны тоглодог сагсны шийд зоосонд хүүхдүүд голдуу тэнд өнжинө. Хоёр багана босгож голоор нь хэц татаад гар бөмбөг тоглох болов. Энд харин эр эм хөгшин залуугүй оролцоно. Хамгийн идэвхитэй нь Эрдэнэхүү Өлзий тогтох гуай хоёр. Шартай ч гэж учиргүй. Хэцнийхээ дээгүүр доогуур цохисноо ялгах гэж сүйд болцгооно. Заримдаа түүнээсээ хэдэн өдөр хоорондоо дуугарахгүй байх нь ч бий. Бас зарим оройдоо Оргойгийн гитарийг балбан гадаа сууцгаана. Ерөөсөө энэ өртөөнд амьдралын шинэ хэв маяг, шинэ уур амьсгал бий болж, хоёр байшин маань уйтгар гунигт автан дүнсийж байхаа больж, амьдрал буцалсан амралтын өргөө мэт хүн хүний сэтгэлд гэрэлтэн гийх боллоо.
Бүжинд Эрдэнэхүү хэмээх нүд шүд нь гялалзсан залуугийн хүнтэй инээмсэглэн харьцах нь эхэн үедээ зүгээр мэт байвч сүүлдээ энэ инээд нэг л биш болохыг анзаарч эхэллээ. Яг л ангийнх нь Болдоо шиг. Үргэлж хажууд нь хачиг мэт наалдах гэнэ. Юу ч болоогүй, яагаа ч үгүй байхад “Чи зүгээрүү? Яадарч байна уу? би чамд туслахуу?” гээд л шалгаах нэг талаасаа үнэн юм шиг. Нөгөө талаасаа тэр дуугарч байгаа дуу байж байгаа байдал зэрэг нь нэн төвөгтэй санагдах болов. Хааяа нэг зэрэгцээд явахаар гарыг нь барьчих гээд л, мөрөөр нь тэвэрчих гээд л. Эхэндээ ч гайгүй байснаа сүүлдээ Бүжинд энэ бүхэн яршигтай болж эхэллээ.
Нэг өдөр түр амасхийх болохоор нь Бүжин эмэгтэй л хүний зангаар хоёр авгайн хажууд бараадасхийн суучих санаатай дөхтөл цаашаа харж суусан тэдний яриаг хальт сонсоодхов.
үргэлжлэл бий ...


Бүрэн эхээрээ...

Би чамайг мартахгүй (Өгүүллэг)

29 Сэтгэгдэлүүд:


Би өнөөдөр чамайг ямар ихээр дурсана вэ? Чиний нүд, харц, царай төрх чинь тодоос тод орж ирэх тусам нулимс төдий чинээгээр ундрах юм. Сэтгэл зүрхийг минь уралж сарласан он жилүүд тэртээд одсон ч би өнөөдөр чамайг ороолж зугтаасан бодлоосоо нэхэн байж санах юуны учир юм бол. Гуниглахын жаргал гэж байдаг гэж үү.
Аав ээжийнхээ өврөөс гараагүй шахам, алиахан багадаа, хоёр салаа гэзэгтэй, хорь хүрээгүй насандаа би чамтай анх учирчээ. Хайр гэдгийг ямар мэддэг байсан биш дээ. Хайр гэдэг бол тэрийг, энийг хэлнэ гэж ном зохиолд гардаг ч, хайр гэж чамайг л хэлнэ гэж би дотроо боддог байж билээ. Тиймээ! хайрыг би чамаар л төсөөлдөг байсан.
Эр хүний тухай эгч нарын өдий төдий тодорхойлолт байвч би эр хүнийг чамаар л дүрсэлдэгсэн. Хайр сэтгэл гээч нь хажууд удахаараа тэгж их өнгө зүсээ хувиргадаг гэдгийг тэрхэн үед би яахин мэдэх билээ.
Он цаг улирч, охин нас минь ичих, эмзэглэхийн зэрэгцээ нулимс дуслуулан бас ч гэж нууцхан баяр дагуулсаар тэртээ ард хоцорчээ.

Ургаж гүйцээгүй хөх, нарны туяанд гэрэлтэм нимгэн хувцастай
Урагдаж шархлаагүй сэтгэлдээ хайрын дуу аялаастай
Урд шөнийн шүүдэр өвсний толгойд бөнжигнөөстэй
Урьхан салхины аясаар урсгал үс минь задраастай
Учирсан хайрын сэвшээнд сэтгэл задгай, энгэр задгай
Уудамхан талд хөл нүцгэн гүйсэн охин нас минь тэнд үлдсэн.

Чиний үгэнд итгэсэндээ би бусдыг сонсоогүй. Чамайг би ганцхан хэмээн санаж өөр бусдыг хараагүй. Дэндүү их хайрласандаа, дэлхийг хүртэл чамаас бага хэмээн төсөөлөхдөө би сохорсон. Хайранд сохорсон хүн ухаардаггүй юм билээ.
Намайг хамгийн ихээр хайрлаж суугаа ээжийгээ хүртэл гомдоосон. Тэднийгээ би даанч нэг сонсдоггүй байсансан. Сэтгэл зүрхний минь эзэн чи л байсан хэрэг. Тэгэхэд ухаарсан бол би алдаагаа засахгүй юмаа гэхэд өөрийгөө улам бүр талхилуулж, урт удаан хугацааг алдахгүй байсан байх. Гэхдээ ойлгох цаг минь тэр үед болоогүй байсан юм байлгүй дээ.
Хайр гэдэг тийм увайгүй, хаврын зэврүүн салхинд гэрийн яндан ёнгинох мэт хөндий хоосон. Хайртай гэдэг үг харанхуй хонгилийн тэртээ үзүүрт үүсэх хөлийн чимээ мэт хүйтэн гэдгийг би мэдээгүй. Сүүлд мэдэрч эхэлсэн хэрнээ өөрийнхөө доторхи хайртай харьцуулж, сэтгэлдээ илэрч эхэлсэн тэр мэдрэмжиндээ итгэхийг хүсээгүйсэн. Анх би цамцны чинь захан дээрхи уруулын будагны өнгө нь минийхээс өөрийг мэдсээр байж юунаас ч юм чамайг хамгаалж, “Миний будаг болчихож би угаачихъя” гээд эргэхдээ хананд өлгөөтэй толинд туссан чиний царайг өдий болтол мартддаггүй. Миний тэнэгийг гайхсан тэр харцыг мартах ч үгүй байх. Тэр л миний анхны мэдрэмж байсан. Тэрнээс хойш тийм будагтай тамхины иш, аяга, халбага манай гэрийн хаа нэгтэйгээс олдох тусам гол харлана. Гэсэн ч би тийм тэнэгтээ тэр үү эсвэл миний хайр тийм бөх байсан уу би олон жилийг өнгөрөөсөндөө. Санаа зовдгоороо ээж минь л түүнийг гадарлаж надад хэлэх. Чаддагаараа би ээж рүүгээ л орилж, цамнаж хэн нэгнийг магадгүй түүнийг өмөөрөн хэрэлдэнэ. Бодвол би ээжтэйгээ биш өөрөө өөртэйгөө л тэмцэлдэн байсан нь тэр байх. Одоо ээж минь баяртай байдаг юм. Хүн хань ижил, үр хүүхэдтэй болж ээжийгээ баярлуулдаг байхад би хүнээс салж ээжийгээ баярлуулсандаа.
Чамтай амьдарсан арван жилийн хэдийг нь би уйлж өнгөрөөсөн юм бүү мэд. Уруулын будагтай цамцыг чинь угааж суухдаа би нулимстай байсан. Уусан архины чинь шилийг тушааж, шарыг чинь тайлахдаа би нулимстай байсан. Унтах нойрондоо өөр хүний нэрийг дуудаж, могой шиг хүйтэн гараараа хөхийг минь тэмтэрч явахад чинь нулимстай байсан. Аягатай хоолоо идэх гэж амаа олохгүй согтууд чинь халбагадаж өгөхдөө би нулимстай байсан. Ам руу нь халуун хоол аятайхан хийсэнгүй гэж алгадуулахдаа ч нулимстай байсан. Өглөө босоод эцэс төгсгөлгүй уучлалтаа гуйж, амлалтаа амалж, амнаас минь үг гаргалгүй дарж, үйлт ажлаа хийж дуусахыг чинь хүлээхдээ ч би нулимстай байсан. Би яагаад тэгж их тэвчиж байснаа одоо хэр нь ойлгоддоггүй. Бусад бүсгүйчүүл шиг би хардаж сэрдэж, хашгичиж гуугачсан эхнэр байгаагүй. Хашгирах нь битгий хэл хамгийн сүүлд явахдаа ч хаалгаа савж гараагүй.
Гаднаас орж ирээд би, миний орон дээр галзуу юм шиг тачьядан орлилдох та хоёрын дууг сонсоод гацаж орхисноо санадаг. Би тэр хүртэл өөрийгөө буруутгаж, чамд итгэсээр явсан. Тэгээд чичирч салганасан гараараа “Би явъя даа” гэж биччихээд хаалгаа зөөлөн хаагаад гарахдаа харин би уйлаагүй ээ. Хар эрээн амьдралтай он жилүүдийн хаалгыг хааж чадсандаа би баяртай байдаг юм. Гэрээсээ гараад шат уруудан явахдаа “Халуун саванд нь цайг нь хийсэнгүй дээ. Хөрчихвий дээ” гэсэн хамгийн эцсийн дадал болсон гэмээр хачин тэнэг бодлоо би одоо ч гайхдаг.
Бурхан тэнгэр зохицуулсан юм болов уу даа бидэнд хүүхэд заяагаагүй. Тэр нь ч болсон юм. Тэгээгүй бол бас л нэг зовлонт амьтан нэгээр нэмэгдэх байсан биз.
Уусан архи чинь чамаас хальж, уруулын будаг цамцнаас чинь хэтэрсэн тэр нэг орой хүзүүн дээрх цус шүүртлээ шимүүлсэн шархыг чинь хараад, чамайг яаж ч хайрлаад энэ минийх гэж «худлаа тэнэгтэж» чадаагүй. Түүнийхээ хариуд сувай хуурайгаараа дуудуулж, түүнийг харсны төлөө өрөөсөн нүд минь юм харж чадахгүй болтлоо таглуулсандаа. Унтсаны чинь дараа хүүхэд гаргаагүй заяандаа гомдож өөрийгөө баахан зүхэж, үстэй толгойгоо зулгааж билээ. Өглөө нь босоод олны өмнө гардгийг чинь бодож өнөөх улааных нь өнгийг бүдгэрүүлэх гэж пүүдрээсээ түрхэж өгөхөд чи хорссон янзтай татагнаж байсансан. Нэг нүд маань таг, нөгөөх нь дүүрэн нулимстай болохоор сайн харалгүй хөндчихсөн юм л даа. Өрөөсөн нүд уйлдгийг тэгэхэд би мэдсэн.
Чамаас салаад арван сар болж байна. Өнөөдрийг хүртэл уйлсангүй. Эмэгтэй хүн гэдэг сонин ааштай байх юм. Арван жил уйлсан тэр зуршлаасаа болдог уу эсвэл миний муугийнх уу. Өнөөдөр гэнэт уйлмаар санагдаад. Тэгээд л чамайг бодсон хэрэг. Түүнээс биш би чамайг ахин хайрлах гэж, эсвэл аль хэдийн унтарч бөхсөн гал голомтоо бадраах гэж би чамайг бодъё гэж бодоогүй. Зүгээр л асгартал уйлж, дотроон цэлмээх гэж, ахиж чамайг хэзээ ч хайрлахгүй гэдгээ мэдрэх гэж чамайг бодож байна даа.
Чамайг хайр дурлал гээчийн эзэн, эр хүний дээд гэж боддог байсан учраас өөр бусдыг би боддоггүй байсан. Харин одоо бол өөрөө. Алтан нар хэнийг ч ялгалгүй тусдагийн адил амьдрал, хайр дурлал хэнийг ч ялгалгүй ирдэг гэдэгт би итгэсээр байгаа. Гагцхүү харин зөв сонгох л хэрэгтэй. Одоо би хорин найман настай яадгаа алдтал хөгширчихөөгүй байна. Бүх эрчүүлийг чамаар төсөөлөн бодож чадахгүй нь. Би хэзээ нэгэн цагт хүсэл мөрөөдлийн хайртайгаа учрах л болно. Магадгүй тэр маань миний гандаж гундсан хайрын цэцэгсийг ахиж цэцэглүүлэхээр хаа нэгтэй намайг хайсаар яваа. Хүүхэд шуугиж, инээд ундарсан тэр сайхан гэр бүлээ бий болгохын тулд тэрэнд минь ихийн их тэвчээр хэрэгтэй болох байх даа. Харин чамайг бол мартмаар байсан ч би хэзээ ч мартахгүй. Уйлж сэтгэлээ онгойлгож, урсах нулимс хичнээн гашуун байдгийг санаж байхын тулд би чамайг дурсаж байх болно. Яг л гэрт орохдоо гутлынхаа улыг арчдаг шалавчны алчуур шиг.
Чи миний гэрэлт амьдралд хүрэхийн тулд авирсан гаслант шатны хамгийн сүүлчийн гишгүүр байх болноо . . .

2008.01.31
Бүрэн эхээрээ...

Блогоор аялсан түүх - 8

10 Сэтгэгдэлүүд:

Тоглоомонд идэвхитэй оролцсон та бүгдэдээ баярласнаа илэрхийлье. Саяхан нэг найз маань надад дэлхийг тойрсон агаар мандалын давхрага байдаг шиг оюуны мандалын давхрага байдаг тухай нүдэнд харагдтал тайлбарлаж өгсөн юм. Тэнд манай хүн төрөлхтөний бүхий л оюунлаг хүмүүсийн хийсэн бүтээсэн, бичсэн, зурсан, сэтгэсэн нийлээд тэр давхрага болж байдаг мэт ойлгогдсон. Тэгээд хүн болсоных тэр давхрагын нэгээхэн хэсэгт ч болов очих юмсан гэж мөрөөддөгөө ярив.
Эндээс үүдээд надад блог бичдэг, уншдаг найзууд маань мөн нэг тиймэрхүү давхрага байгаа мэт төсөөлөгдөнө. Бидний оюун санаа тэр давхрагыг бий болгох юм. Яагаад ч юм орчин нь мэдээж хий хоосонд нэг харахын зүүд ч юм шиг, нөгөө бодлын огторгуйд ч юм шиг. Гэхдээ сансар шиг харанхуй биш. Нар туссан гэрэл гэгээтэй харагддаг. Тэнд л бид хамгийн чөлөөтэй, дур зоргоороо, хамгийн жаргалтайгаар бие биенээ харж, инээж хөхөрч,заримтай нь гар гараасаа атгалцаж, заримтай нь мөр мөрөн дээрээ алгадалцаж байх юм.
Нэг нөхөр хөвөнтэй дээл өрөөлдөөд нөмөрчихсөн унтаагаараа яриад байх. Тэр хэн бэ? гэсэн Зүүдчин гэнэ. Нэг нөхөр урвайсан янзтай сууж байснаа гэнэтхэн босоод харвачих. Тэр хэн бэ? гэсэн Арсун гэнэ. Яасан гэсэн чинь модоор эвлүүлдэг пуужин хийгээд. Өнөөх нисэхдээ шатчихаад байгаа гэнэ. Одоо тэгээд хаачив? гэсэн. Блаватскаяатай уулзахаар явлаа гэнэ. Нэг хөгшин нэг бүсгүй сугадаж зам гарахад нь туслана. Түүний нэг халааснаас ном, нөгөө халааснаас нэхмэлийн зүү цухуйж байх юм. New York-ийн нэгэн байшинд нэгэн бүсгүй нөхөр, компьютер, гал тогоо, хүүхэд, одны дуран гэсэн чиглэлээр салхи мэт хурдлана. Бас нэ
бүсгүй Зүүдчинг сэрээж цамын зураг гуйж зогсоно. Цаана нь нэг цэцэрлэг байна. Тэнд Тэлмэнгээс авхуулаад блогчидын олон хүүхдүүд байна. Манай бага ч гэсэн тууж явна.Нэг харсан гар нүүр нь хар бал болсон нэг нөхөр өвлийн өвгөнийг Өвөрхангайн зам дээр сэгсэрч зогсоно. За тэгээд цэцэгсийн дунд, голын хөвөөнд, хундага дарсны хажууд шүлэгч блогчид маань сууцгааж байна.
Ойрдууд хэдэн лам хөнгөлөөд сүйд хийж явахад нэг бүсгүй цаагуур наагуур нь зургийн аппарат барьчихсан гүйж явна. Баахан Ветьнамууд дунд нэг өндөр залуу явна. Нэг туранхайвтар залуу хуушуур хийх гээд хөглөж байх. Тэр тэгсэн чинь тэгжийнэ,тэгэхээр нь би ингэжийнэ, яадгийн би ус шиг нөхөр гээд нэг бүсгүй явна. Би их олон нэртэй юмаа. Аль нь миний нэр юм болоо гээд нэг охин явна. Цонхон дээр нэг хүн өдөржингөө л суугаад байх юм гэнэ. Тэгтэл хэн нэг нь Хүүе, Ганбаагийнд биднийг байр эзлүүлжээ гэтэл бүгд тийшээ ханаран гүйлдэв. Бас нэг нь Хүүеээ, Бумаагийнд биднийг дүрсэлжээ гэсэнд бүгд тийшээ давхилдав. Энэ би юмуу? Чи энэ юмуу? Бид нар ийм юмуу? гэж баахан гайхацгаав. Гэх мэтээр бодитоор бол Марзан Шарав гуайн "Нэг өдөр" гэдэг зураг шиг төсөөлөгдөнө. Зургаа дахь мэдрэхүй гэдэг шиг бид хий хоосон оюуны орон зайн ертөнцөөр чөлөөтэй тэнүүчлэн, бие биенийхээрээ айлчлан зочилж, найрсагаар амьдарсаар...
Гэхдээ бид бие биенийгээ үнэн төрхөөр нь харж нүүр дүүрэн инээж, гар гараасаа жинхэнээсээ атгалцаж уулзах юмсан гэсэн сэтгэлийнхээ цангааг тайлах болно. Тэр цаг удахгүй. Тэр газар бидний эх орон байх болноо. Та бүхэндээ сайн сайхныг хүсье.
Та нарыгаа хүндэтгэсэн Т.Бум-Эрдэнэ.


Бүрэн эхээрээ...

Хундага нулимс

17 Сэтгэгдэлүүд:

Сараа урд шөнө хүүхдүүдээ зүүдлээд өглөө босохоосоо өмнө чаддагаараа дэрээ баахан норгож аваад босов. “Заяа бас л ирж хоносонгүй дээ” гэж бодсоор ажил руугаа гарлаа. Сараа Заяа хоёр монголд байхдаа цуг ажилладаг байлаа. Сараа бол царай зүсээр муугүй, хамт олондоо нэр хүндтэй. Түүнийгээ дагаад яриа хөөрөөтэй, гэр бүл, үр хүүхдэдээ хайртай. Ер нь цаанаа л нэг аз жаргалтай нэгэн. Нөхрийг нь Түвшин гэнэ. Бас л аятайхан залуу. Эрдэм мэдлэгтэй, доктор хүн. Хүүхэн болгон л Сараагийн азтайг гайхна. Нөхөр нь гэж өөрийнх нь үгээр, хүүхдүүд нь гайгүй сургуульд явна. Ганц дутуу юм нь байр байлаа. Байргүй тул хөгшчүүлтэйгээ цуг амьдарна. Хөөрхий нөхөр нь чадлаараа оролдож байж ганц хашаа байшинтай болсон ч түлээ нүүрс, унаа, ус гээд дээр нь хүүхдүүдийн сургууль холдоод, өвөл хаврын сэрүүнд ханиад томуу эргүүлэхээс эхлээд төвөгтэй зүйл их тул түүнээ зараад хөгшчүүл дээрээ ирчихсэн нь энэ. Хадмууд нь хэдийгээр илүү дутуу ааш гаргаад байхгүй ч олуулаа шуугиад ирэхээр наанадаж хоёр хөгшинд төвөгтэй, цаанадаж өдий гуч гарчихсан улс гэр орондоо өөрийн тааваар байх боломж жаахан муу. Адаглаад санаа амар хэдэн хором хэвтчихэж үл болно. Ажлаасаа орж ирээд нэг сайхан үнсчих, үнсүүлчих энэ тэр бол бүр хавчлагатай. Хөгшчүүд нь байх тул юм юм нь хурдан түргэн талдаа. Гэвч яая гэхэв өөрсдийн хийсэн үйлийн үр тул сэтгэл дундуур ч гэсэн байж л байгаа юм .
Харин Заяа бол өөр. Царай зүс тийм айхавтар биш. Ажил дээрээ мэдэх мэдлэг тун бага. Түүнээсээ болоод тэрүү харц баахан доогуур. Ер нь байгаа үгүй нь үл мэдэгдэм. Гэр бүлийнхээ талаар бараг ярина гэж үгүй. Осолдохгүй л нэг хүүхэдтэй гэдгийг нь мэднэ. За тэгээд хүүхнүүд голдуу тул юу эсийг ярихав дээ. Хоршоо дэлгүүрээс авхуулаад хов жив, хэн хэнтэй холбоотой, энэ ийшээ, тэр тийшээ явсан гээд л элдвийг ярьж өдрийг барцгаана. Нэг өдөр Сараа нэг их юм бодолгүйгээр багын найз нь хаа нэг хүний материал бүрдүүлээд, визэнд оруулаад байдаг тухай дуулсанаа ярьж суулаа. Тэгтэл ч удалгүй цайны цаг болж гарах нь гарцгаав. Ард нэг юм дуугарахад учиргүй цочсон Сараа сандран эргэн хартал Заяа зогсож байв.
- Ёоё хүн айлгаад хаячихлаа. Чамайг чинь гарсан л юм бодсон чинь
- Сараа! намайг тэр хүнтэйгээ уулзуулаад өгөөч
- Хэнтэй?
- Яагаав тэр виз гаргаад байгаа
- Өө! тэр чинь үнэн худал нь мэдэгдэхгүй залж ч байж мэднэ
- Гэхдээ л юмыг яаж мэдэхэв. Би ямар нэг аргаар гадагшаа л явмаар байна. Надад энэ ажлыг хийх сонирхол ч алга. Явж, ядаад нэг байрны мөнгө хиймээр байна. Надад тусалчих тэгэхүү гээд нэг л хүлцэнгүй. Бараг дуугардаггүй хүнээс ийм овоо хэдэн үг гарсанд гайхсан Сараа
- Тэгье, тэгье. Би асуугаад өгье. Яг одоо утас шөрмөсийг нь санахгүй байна гэлээ.
Орой нь ажлаа тараад харих зуураа бодлоо. “Заяа ямар сүрхий хүүүхэн бэ. Санаандгүй ярьсаныг маш сайн тусгаж авсан байна шүү. Байртай болъё гэж бодож байдаг” гэснээ “тэднийх чинь байранд байдаг ш дээ. Томсгоё гэж бодсон байж болно л доо. За тэр хүний явдал ч яахав” гэж бодсоор гэртээ орлоо. Гэртээ ороод нойлын өрөөнд орох гэсэн нь хэн нэгэн тэнд байгаа бололтой. Ус дуугарна. Сараа буцаж өрөөндөө орон хүлээж суухдаа “Би яагаад өөрийн гэсэн байр ч үгүй байж Заяа шиг бодож чадахгүй байна вэ? Түүнд таньдаг хүн ч алга. Тэгэхэд би...
Удсан ч үгүй нөхөр нь орж ирлээ. Нөхөртөө болсон бүхнээ ярьдагаараа ярьж
- Ерөөсөө би тэр найзаасаа виз гаргахад туслах боломж хэр байгааг асуунаа
- За даа хэрэг байна уу даа
- Чи дандаа л ингэж байхын. Цаана чинь байртай хүн түүнийгээ яаж томосгох вэ? гэж бодож байхад чи бид хоёрын царай ч дээ.
- Манайх хашаа байшинтай л байсан ш дээ.
- Ишш! чи нээрээ... Чамд хэлэх ч үг алга. Чи ч яахав аав ээж дээрээ төрсөн гэртээ. Харин би... гээд л эхэллээ. Хааяа ингээд нэг эхлэхээрээ хөөрхөн үглээд авдаг. Аягүй бол нулимс унагахаас ч буцахгүйг Түвшин санаж
- За өөрөө л мэддээ. Чадах л юм бол яахав гэлээ. Энэ өдрөөс хойш Сараа хөөцөлдлөө. Нөгөө найз нь эв нь таарвал бүтдэг л юм хэлж байна. Заяа түүнээс хойш өдөр болгон шахуу л асууна. Сараа юмыг яаж мэдэхэв гээд тоймтой хариу хэлэхгүй л байлаа. Нэг өдөр найз нь утасдаад
- Бид нэг зөвлөлгөөнд оролцох хэдэн хүн оруулах гээд байна. Өөр найдвартай мөнгөө төлчих хүн байвал дагуулаад ир гэнэ.
- Би нөхөртэйгөө очиж болохгүй юмуу? Гэтэл
- Дандаа хүүхнүүд явах юмаа л гэнэ. Заяаг дуудлаа. Заяа ч бөөн баяр, мөнгө бэлэн гэнэ. Сараад харин байдаггүй ээ. Хашаа байшингийн хэдэн төгрөг нь дөнгөн данган талд нь л хүрэх. Бас л нөхрөө эрүүдэж байж хадмынхаа байрыг барьцаанд тавиад сая нэг юм жигдрэв. Нөхөр нь дургүйхэн хэвээрээ байвч Сараа өөрийнхөөрөө зүтгэхдээ сайн юм чинь дээ.
Энэ бүгдийг бодсоор Сараа ажлынхаа гадаа ирчихэж. Энэ байшин руу орно гэхээс яс нь хавталзана. Өнөөдөр нөгөө Халзан өглөөний ээлж. Гэсэн ч яая гэхэв орохоос өөр аргагүй. Ойрдоо нуруу бөөрөөр нь өвдөөд байх болсоныг хэлэх үү, дээр нь энэ Халзан менежер байнга оролдоно. Ар өврөөр нь гарахдаа зүгээр байна гэж бараг үгүй. Шунал тачаал нүүгэлтсэн улаан нүдээр байнга ширтээстэй. Царай өгөхгүй болохоор тэр нүдэнд нь өсөө хорсол давхар дүрэлзэн уусна. Сарааг хамгийн хүнд хэцүү бохир хэсэгт хувиарлаж, байн байн эргэн шалгана. Дотоод санаандаа “энэ муу хүүхэн хэзээ нэгэн цагт хугаран нугарч миний санаснаар байх болно” гэсэн бүрэн итгэлтэй.
Харин Заяа бол тийм биш. Инээж хөхөрч хэн нэгэнтэй хэзээний сүрхий болчихсон энд тэнд тамхи улалзуулан зогсох. Хажуугаар нь өнгөрөхөөр дуугаа хурааснаа өнгөрсөн хойно нь тас тас хөхрөх нь энүүхэнд. Энэ хоёр энд ирээд монголд байсан зан байдал нь бүрэн эргэсэн гэхэд болно. Эхэн үедээ ч яахав Сараа ганц нэг үг илүү мэддэг. Тэгээд ч гаднаас хараад хэн ч гэсэн Сараатай л түрүүлж харьцдаг байлаа. Гэтэл энэ Халзан менежер Сарааг оролдоод байх болсон нь Заяагийн атааг улам бүр зүлгэнэ. Харин Сараагийн уур унтуу хүрэхийн сацуу сэтгэлээр унаж эхэлсэн. Хий дэмий л Заяаг хань татах гэвч тэр түүнд сэтгэлийн дэм болох нь үгүй. Заяа өдрөөс өдөрт өөрчлөгдөж, ганц нэг үг хэлдэг болсон биш байдал одоо эсрэгээр эргэчихээд байгаа нь энэ.
Одоо хэдийгээр Заяатай нэг өрөөнд амьдардагч Сараа ганцаардахын дээдээр ганцаардана. Дээр нь ажлаар дарамтлуулж, заримдаа ганц нэг цагийн ажлын хөлс авч чадахгүй өнгөрөх болов. Хажуугаар нь Заяагийн байж байгаа байдал бас их дарамттай. Гэр орон үр хүүхдээ санах зэргээс болон юм л бол Сараагийн нүдэнд нулимс бүрэлзэж явах болов. Хааяа нөхөртэйгөө утсаар ярьж дотроо онгойтол уйлж авна. Мэдээж ажиллаж л байгаа юм болохоор хэдэн доллар зулгаана. Анх ирсэнээ бодвол өрөө дарчихсан. Хашаа байшингийнхаа мөнгийг олоод дээр нь хэдэн цаас нэмчихсэн гэж байгаа. Одоо хоёр сар л тэсчихвэл ингэж тэгээд өөрийн гэсэн байртай болчих юм. Ганц сэтгэл зогоож байгаа юм нь л энэ. Түүнээс бусад юм бол Сараад үнэхээр утгагүй болж байлаа. Харин Заяад бол бүх юм сайхнаар эргэж байгаа. Ялангуяа өөрөөс нь бүх талаараа илүү байдаг байсан Сараа нүдэн дээр нь царай алдаж эхэлсэнд тэр их таатай. “Хүний газар өөрийгөө ч аятайхан аваад явж чадахгүй. Хэдэн цаас олоод тэрийгээ ч өөртөө нааж чадахгүй. Нөхөр хүүхэд гээд л лоолойгоод явдаг. Нэг их үнэнч амьтан. Хаа байна тэр царайлаг, нуруулаг туруулаг. Чи надаас юм юмаараа илүү билүү. Ингээд л шал арчаад явахдаа таарсан амьтан” гэж дотроо шүд зуун бодно. Дээрхэн нэг өдөр хүүхнүүд л юм хойно гэр орон үр хүүхдээ яриваа. Сараа
- За хурдхан л байрны мөнгөтэй болчихоод буцах минь
- Юу? Чи буцна гэж боддог гэж үү?
- Тэгэхгүй тэгээд яахын? Энд насаараа ийм ажил хийж ганцаараа бөгтрөх гэж үү? Чи бол буцахгүй юү?
- Үгүй! Тэнд тэгж шал дургүй ажил хийж, цалин мөнгө ч авсан юмгүй. Нэг мангар нөхөр шиг юмны доодохыг харж энэ насыг барна гэж ёстой байхгүй шүү
- Нөхрөө ч яахав тэгж боддог юм байж. Үр хүүхдээ яах болж байна? Чамд ердөө хамаагүй юү?
- За юун сүртэй юм. Ямар үхэж үрэгдээд алга болчихож байгаа биш. Яваандаа бичиг баримттай болчихвол өөр дээрээ татах юухан байхав. Хамгийн гол нь бичиг баримт. Эдэнтэй аятайхан байвал ч болж л таараа. Чи ч гэсэн нөхөр мөхөр гээд л үнэнч царайлаад л. Түүнээсээ болоод өөрийгөө зовоож байгаа юм. Тэр Халзан юу нь муу байгаа юм. Сайн хараад байвал бас ч гэж дажгүй ш дээ. Тэгээд ч менежер. Ажил төрөл хувиарлахаас авхуулаад наад биенд чинь ч гэсэн амар байхдаа. Дотроо бол “энэ мууг тэрэнтэй унтахыг нь нэг харчихвал омог нь жаахан сулрах байлгүй” гэж санана.
- Еэ! бузар бузар. Чи ч бүр айхтар юм бодож явдгийн байна. Чамайг ёстой ийм гэж бодсонгүй
- Ийм гэсэн чинь юу гэсэн үг юм? Та нар намайг ийм тийм гэж бодох нь байтугай хүн гэж боддог байсан уу? гэж хоолойных нь өнгө өөрчлөгдөн дуу нь чахартан чангарахад Сараа гайхан харснаа айх шиг болов. Заяа цааш нь
- Муусайн монгол эрчүүд юу юм. Архи ууж, агсан тавьж, үмхий амлахаас өөр яадгийн. Хоосноо мэдэхгүй бас хүний авгай эргүүлнэ. Нэг л их хаанууд. Хачир дээрээ наад захын мэндлэх хүндлэхээс авхуулаад эмэгтэй хүнийг хайрлаж мэдэхгүй.Хувиа бодсон бэртэгчид гэх нь ихэд уурлаж байгаа бололтой. Сараа
- Чи тэгээд нөхрөө яах болж байна?
- Хн! тэр бид хоёрын эхнэр нөхөр гэж ёстой эр эм хоёр л байсан байх. Тэнд ч адил эр эм, энд ч адил эр эм. Дутах юм ер алга. Чи нөхрийгөө чамаас мөнгө аваад хадгалаад л, чамайг хүлээгээд л, нэг их үнэнч хүн байдаг гэж бодож байна уу. Тэгдэггүй л байхгүй юү.
- За за чи бид хоёр энэ тал дээр яриа нийлэхгүй юм байна больё
- Хн! яахыг цаг хугацаа харуулах байлгүй. Ийнхүү хэрэлдэх хэлэлцэхийн завсар дууссан энэ ярианаас хойш Сараад өдөр ирэх тусам хүнд хэцүү болж байлаа.
Сараа яарсаар хувцас солих өрөөнд ортол Халзан Заяа хоёр зогсоно. Заяа хэлэндээ тааруухан тул ганц нэг юм ярих санаатай дохин занган байснаа Сарааг хараад больчихов. Нүд нь талимаараад эрүүл гэхэд нэг л биш. Сараа “ядаж тамхиа гарч татахад яадаг байнаа” гэж бодон гутлаа солиод үг ч сольсонгүй гарахад ард нь Заяа хагас жимийсэн уруулаасаа тамхины утаа саагуулан инээх шоолохын завсар дуугаран хоцорлоо. Сараа дотроо “саяхан нэг мөнгө явуулсандаа. Одоо ердөө хоёрхон сар” гэсээр цехрүүгээ орлоо...

...Түвшин ажлаасаа тараад эхнэрийнхээ явуулсан мөнгө, захиаг айлаас аваад ирлээ.
Захиандаа ажлынхаа тухай, хэрхэн ядардаг тухайгаа, хүүхдүүдээ санаж байгаа тухайгаа, мөн Заяа болон менежерийнхээ тухай ч дурдаад авч. Тэгээд шөнө болгон өвдгөө тэвэрч хэвтэхдээ чамайгаа санаж үгүйлж, хүсэн мөрөөдөж, чинийхээ үнэрийг үнэрлэж цээжийг чинь тэвэрч, нэг сайхан бие сэтгэлээ уустал нялхарч жаргахсан гээд цаас нь халтардсаныг бодоход уйлсан бололтой. Хөөрхий минь тэрэнд тэдийг, энэнд эдийг гэхчилэн хүн болгоны тоогоор л бага сага мөнгө, Түвшинд ч гэсэн тавин доллар өөртөө хэрэглээрэй гэжээ. Түвшингийн сэтгэл эвгүйрхэж, хэн нэгнээс магадгүй өөрөөсөө ичих шиг болж байлаа. Гэрийнхэн нь тус тусынхаа хувийг авч, юунд хэрхэн үрэх тухайгаа ам уралдан ярина. Түвшингий ээж болох эмгэн хүртэл сайхан сүү, хонины гуя муяхан ярив. Харин тэндээс Түвшингийн аав
- Та нар мөнгө үрэх ч яахав. Амархан. Харин наад хэдэн төгрөгийг чинь тэр муу алгын чинээ охин хүний нутагт хичнээн шөнө уйлж, хичнээн өдөр хөлсөө урсган байж олоо бол. Сайн л бодоорой. Дотроо “манай энэ үйлсээс л болж хүний бүсгүй үр тэнд үйлээ үзэж яваа юм. Яаж ч бодсон ядарч л яваа” гэж хашир ухаандаа тунгаана.
Түвшин өөрт оногдсон тавин доллароо түрийвчиндээ хийлээ. Үүнийг үрчих бодол түүнд байсангүй. Гэхдээ бусадтай нь хамт банкинд хийсэнгүй.
Нэг өдөр ажлаасаа тараад явж байтал насан багадаа үерхэж байсан, ер нь гарын таван хуруунд багтах найз нарынхаа нэгтэй таарлаа. Түүнтэй бараг уулзалгүй хэдэн жил болж. Жаахан турчихсан, муу балин хамар нь улам ч том болсон шиг. Хувцас хунар нь муугүй ч хир даг болсон харагдана. Үс зүс нь өрвийгөөд, за тэр нүүр царай ч харахын эцэс алга. Бүрзийсэн л юм. Хажуудаа нэг юм дагуулсан нь царай зүс нь ижилхэн. Этгээд сонин шаариган хамартай юм. Түүн дээгүүрээ улаан улаан судас гүйгээд ерөнхийдөө хамар нь улайж байгаа шинжтэй. Харин нүд нь нэг л жигтэй. Зүгээр байгаа хэр нь жартайгаад инээгээд байгаа юм шиг. Хальт харсан хүнд бол нүдээрээ инээгээд байгаа. За тэгээд уулзав даа. Яриа өдөж байгаа энэ тэр бол хачин авъастай. Авъяас ч юу байхав сайхан найзууд байсан юм чинь. Уулзаагүй удсан улс яахав ийхэв болов. Түвшин ч яахав царайг нь хараад ганц юм авч өгөөд салахын түүс. Түрийвчээ уудлан задгай гурван мянган төгрөг байснаараа нэг шил архи авч өгөөд
- За найз нь ажилтай. Дараа тухтай уулзъя гээд салах гэтэл Жартгар нүдэт найзынх нь чихэнд нэг юм шивнэж харагдана. Тэгтэл найз нь
- Юу! Чи одоо өчнөөн жил уулзаагүй байж. Намайг архичин гэж бодоо юу. Наад архи чинь надад хэрэггүй гэснээ, тэгээд ч энийг чинь хаана уухын гэж тунирхлаа. Түвшин “Нээрээ ч би арай дэндүүлчих вүү. Уулзаагүй удсандаа” гэж санан
- Тэгээд яахав? Манайх ч зайтай даа. Тэгээд ч хөгшчүүл... гэтэл найз нь
- Тийм байлгүй дээ.Энүүхэнд ойрхон нэг баар бий. Би үйлчлэгчийг нь танина. Жагаагийн дуу л хадаж байдгийн. Би чинь Жагаагийн улаан фен шүү дээ. За явъя.
Явсаар нэгэн бааранд орлоо. Гаднаас оронгуут таг харанхуй мэт санагдана. Архи тамхины эхүүн үнэр хамар цоргино. Өнөө хоёр ч яаж хардгийн бүү мэд хурдан шалмаг гэгч нь булангийн ширээнд тухалж авлаа. Нээрээ л хаа нэгтэйгээс
... Аяа анд минь чи хаалгыг минь тогшооч... хэмээн Жагаагийн дуу аялгуулна.
Жаал байзнасны эцэст нүд дасаж ойр зуурханыг харж эхэллээ. Эсрэг буланд баар тендерийн дэргэд гэрэл цацруулсан жижигхэн бөмбөлөг ёс төдий эргэнэ. Голдоо жаахан зайтай юм. Бүгд ширээнд сууж, найз нь гараа дохитол үйлчлэгч хүрээд ирлээ. Таньдаг бололтой. Найз нь гараа үрчин, их юмтай хүн шиг
- Гурван пиво бас нэг хундага өгчих ганц юм гялалзуулах гэсэн юм гэлээ. Үйлчлэгч цааш эргэтэл найз нь араас нь хараад
- Аятайхан хүүхэн шүү. Зөв яривал ч үгүй гэхгүй дээ гэнэ. Удсан ч үгүй үйлчлэгч захисаныг авчирч араас нь нэг хундага өгөнгөө
- Хурдлаарай, хүнд харагдав гээд эргэлээ. Найз нь инээд алдаад л
- За муу Түвшинтэйгээ ингэж таардаг байж. Сайхан байна шүү. Тээр мэдсэн юм шиг ийм дуу яваад л ... Түвшин “саяхан л мөнгөгүй царайлаад байсан орж ирэнгүүтээ л юм захиалаад, за за юм авахгүй бол уулгадаггүй юм байлгүй” гэж санав. Эхний хундагыг татангуут зовлонт гашуун ус хоолойг нь улайсгасан төмрөөр хайрах мэт ёолон гиншин орорв. Жаахан бие тавирч хуучин цагаа дурсацгаалаа.
- Чи чинь Солонгос явлаа гэж дуулдсан яасан бэ?
- Харин тийм. Эхлээд овоо байсан. Энэ залуу... гэснээ нээрээ танилцуулаагүй байна ш дээ. Зоригоо танилц гэхэд нэрээ хэлэн гар барилцлаа. Нөгөө нүд нь инээсэн хэвээрээ. Бүүдгэр гэрэлд тэр инээсэн нүд Түвшинд нэг л эвгүй харагдана. Найз нь цааш нь
- Зоригоо бид хоёр тэндээс эхэлж үерхсэн улс. Овоо байсан чинь нэг нартай өдөр баригдаад ирдгийм даа.
- Гэр орныхон, эхнэр хүүхэд чинь?
- Салсаан салсан. Яваад ирсэн чинь л нэг өөр. Сүүлдээ бүр таарч тохирдоггүй.Тэгээд л хоёр тийшээ болсон. Гэхдээ харамсаж байгаа юм ер алга гэснээ
- Хөөрхий минь харин сайн хүүхэн байсан байна лээ шүү. Түвшин дотроо “Зайлуул даа хэдэн жил цуг амаьдарсан юм болохоор санадаг л юм байлгүй” гэж санан
- Яасан? гэтэл
- Дээр нэг шартаад үхэх гэж явсан чинь таараад, надад таваг шөл, зуун грамм авч өгөөд ёстой нэг сайхан болгосон шүү гэх. Сүүлдээ халах тусам зөвхөн тэрийг л ярих. Бараг таван жил амьдарчихаад тэрнээс өөр сайхан дурсамж байхгүй мэт ажээ. Дахиад л юм захиалав. Найзын царай тэгшрээд дотор нь засарч байгаа бололтой. Тэгсэнээ
- Танай хүн бий юу? гэлээ Түвшин
- Америк явсан. Удахгүй ирэх байх
- Ирэх байх гэнэ шүү. Хүүхнүүд ч дээ мэдэхгүй. Гэрээс гараа л бол өөр болдог улсдаа хэмээн мэдэмхийрлээ.
- Сараа тийм бишээ чи мэднэ ш дээ гэтэл
- Сараа ч сайхан хүүхэндээ. Сайхан хүүхнүүд хэцүү. Хорвоод мэдээж чамаас сайхан залуу байж л таараа гэснээ нөгөө хоёр бие биенээ нудран их л сүрхий үг хэлсэн шинжтэй мар мар инээцгээнэ. “Миний муу хань ч ёстой хаа очиж тийм биш шүү. Хөөрхий минь хэдэн төгрөг олох гэж ядарч зүдэрч, уйлан хайлан байхад миний байж байгааг. Яалт ч үгүй багын найз юм даа хэмээн бодож” хундагатай архиа харан сууна.
Хэзээ ч юм ая солигдож Жагаагийн
... Хань минь дээ
Миний л хань ... хэмээн уянга гэхээсээ илүү утга зодсон дуу явна.
Баарны голын зайд хоёр хос бүжиглэнэ. Түвшин тэр хоёрыг харан бодол болно. Эрэгтэй нь нилээд халамцуу эмэгтэйгээ нилээн сайн тэвэрчих гээд л дайрах.Эмэгтэй нь арай гайгүйдүү. Урт түрийтэй гутал, жинсэн өмд, ноосон цамцтай байх аж. Залуугийнхаа зулгаалтаас зуларсан янзтай. Бас ч гэж хавь ойрынхоноосоо зовж байгаа юмуу гэмээр. Ерөнхийдөө тэр хоёр нэг л биш. Энэ орчин нь ч, тэр ая нь ч, хувцас хунар нь ч, байдал төрх нь ч нэг л биш. Ингэж бүжиглэмэр болж байхаар больчихоосой гэмээр ажээ. Энэ хоёр яавч хань ижил биш. “Би ер нь Сараатайгаа хэзээ хамгийн сүүлд бүжиглэсэн юм бол. Нэг сайхан сууж, дуулж, бүжиж сэтгэлээ сэргээхсэн л гэдэгсэн. Сараагийнхаа тэгтлээ их инээж ханиасан дүрийг сүүлийн үед харлуу? Бараг үгүй байхаа” Энэ бүгдийг бодож суухдаа Түвшин Сараагаа улам бүр хайрлан санаж байгаагаа мэдэрч байлаа. “Гэтэл би одоо найз нэртэй энэ хоёртой архидаад сууж байдаг” гээд л элдвийн юм бодон суутал дахин пиво авчирсан үйлчлэгч
- За өнөөдөр бас ямар баяр болоов? гэж асуухад
- Багын найз. Тийм биздээ? гэхэд Түвшин хариуд нь толгой дохисонд
- Яасан дуу муутай залуу вэ? гэхэд Жартгар нүдэт дуу гэнэт орж
- Яахав. Банк. Ер нь банкны байшин бусад байшингаа бодвол дүнсгэр, ууртай шинжтэй харагддаг биздээ гэхэд тэр гурав зэрэг зэрэг инээд алдав. Тэрхэн агшинд Түвшинд “Энэ муу жартгар миний тавин долларыг харчихаж дээ. Тэгээд л эд ингэж баярхаад байсан юм байж. Тийм ч юм гэж байхгүй байх шүү” гэж бодон
- За би одоо болно доо. Та нар ингээд үргэлжлүүл гээд өндийхөд, найзынх нь нүд улаанаараа эргэлдэж
- Энэ бүгдийг хэн төлөх юм болж байнаа. Надад юм байхгүй шүү гэхэд Түвшин
- Надад байгаа гэж хэн хэлээв. Ганц юм уучихаад гаръя гэхээр чинь л нэг юм авч өгөө биздээ гэхэд Жартгар хажуугаас нь
- Гар зүсэм тавьт байхад юундаа санаа зовно вэ гэж нөгөө муухай нүдээрээ инээж харагдана. Түвшин тэссэнгүй
- Энэ чамд ер нь ямар хамаа байна гээд зэвүүн нүдэнд нь буулгалаа. Хэдийдээ ч юм цагдаа цэрэг болчихсон, Түвшинг аль хэзээний гавалчихаж. Цагдаа нар хармаа хотыг нь нэгжиж тавин долларыг нь гаргаж яг л өөрийн юм шиг тооцоо хийнэ. Түвшин “Сараагийн минь явуулсан мөнгө” гэж бодохоор голруу нь нэг юм зурж тэссэнгүй
- Наадахаа болио, би өөр мөнгө өгье. Наад тавин доллароо л битгий гэж гуйх авч түүнийг тоож байгаа амьтан нэг алга. Харин ч бүр нөгөө цагдаа
- Чи яах гээд олон юм хуцаад байгаа юм бэ? Яасан их мөнгөтэй хулгайч вэ? Тийм л их мөнгөтэй юм бол уусан идсэнээ төлчихөд яасын гээд станцаараа машин дуудан гарцгаалаа. Яагаад ч юм нөгөө хоёрыг зүгээр орхих ажээ. Тэр хоёр баарны гадаа байшингийн буланд тамхилан зогсох агаад Жартгар нүдтийн инээх зэвүүн дуу тэр булангаас сонсогдоно. Баарны хаалганы завсраар
... Нөхөд гэдэг нөхөд байдаг юмдаа
Нөхөд заримдаа ноход болдог юмдаа... хэмээн Жагаагийн дуу явсаар...
Гутлаа тосолж, мөрдөсөө байдгаар нь дэрийлгэсэн, төрийн хувцасыг нь тайлчихвал зүгээр л нэг арав төгссөн банди болов уу гэмээр цагдаагаас Түвшин
- Ахыгаа явуулчих, хоёулаа эр улс байна ярилцъя гэтэл
- Өө тийм үү бас. Юу ч үгүй чамтай юугаа ярих юм болж байна Муугаа мэдэхгүй бас их эрээ гэж даапаалаад ар нуруулуу нь бороохойгоор татаад авлаа. Түвшин цааш нь нэг их юм ярьсангүй явсаар эрүүлжүүлэхэд ирлээ. Хувцасаа тайлж шээстэй адъяал тэврэн сараалжтай өрөө рүү орлоо.Үнэр танар ч гэж ой гутам байж суух арга алга. Гэхдээ тэсэхээс өөр яахав. Үзээгүй юмаа үзсэн Түвшин өөрийгөө зүхэж сууна. “Муу хань маань тэнд ядран зүдрэн явах, би энд аав ээжийнхээ гар дээр тарвалзаж, бас архи ууж арайхийж олсон хэдэн төгрөгийн нь үрээд л. Зүгээр ч үгүй арчаагүйтэж эрүүлжүүлэгдээд л... Одоо аав ээж, хэдэн хүүхдийнхээ царайг яаж харна даа. Сараа маань сонсвол гомдох л байхдаа. Ханийн маань явуулсан тавин доллар үнэхээр үнэтэй юмаа. Үрэхэд ийм хэцүү байгаа юм чинь олоход энэнээс хэцүү байсан байгаа даа. Миний байж байгаа ч дээ орон гэр ч байхгүй. Амьдралынхаа сайн сайхны төлөө зүтгэсэн ч юмгүй. Хүсэл эрмэлзэл, тэмүүлэл гээч юм ер нь надад байна уу? Ямар сайндаа л Сараа минь миний хүлээх ёстой үүргийг хүлээн дуртай ажил төрлөө орхин хүний нутагт ганцаараа явахав дээ. Ганц хүүхэн авч суучихаад хадмын царай харуулаад...” гэхчилэн элдвийг бодон өөрийгөө зүхэн босоо суугаагийн завсар байтал ашгүй үүр хаяарч байх шиг.
Түвшин халгаж халгаж гэрлүүгээ залгалаа. Ашгүй ээж нь авангуут үнэн учраа хэлж ирж авахыг гуйлаа. Удсан ч үгүй ээж нь ирж, тэр хоёр хар цагаан дуугүй явсаар байрныхаа орцоор орж хаалган дээрээ тулж ирээд ээж нь яагаад ч юм Түвшинг татаж үнэрлэн
- Уг нь ээж нь хүүгээ яах аргагүй л хөхнийхөө сүүг л хөхүүлж өсгөсөн юмсандаа гээд дуу нь тасалдаж, анисагаа арчин цааш харлаа. Түвшин ээжийгээ араас харахад шилэн дээрээ гүн хонхорхойтой нарийхан хүзүүн дээр нь буурал толгой бөнжигнөж байгаа харагдана. Уйлж л байгаа бололтой. Ээжийгээ их л зовоож дээ. Ээжийнхээ араас гэмшилт нүдээр харан зогсоно. Цаад өрөөнөөс аав нь таягаа түг түг дуугарган ирж яваа сонсогдоно. Түвшин аавруугаа харж чадахгүй дальдчин ороход аав нь таягаараа нэг сайн байлгаж авсанаа
- Хаана хоноод, нэр нүүрээ бараад яваа юм чи?
- Найз таараад
- Тэгээд амруу чинь цутгаа юу? Эцсийн эцэст цутгасан байсан ч залгисан нь чи юм байгаа биздээ. Архийг залгисан хүн л уусанд тооцогддогийм. Архи ууж чадахгүй юм бол юундаа гудраав, амьдарч чадахгүй юм бол үхсэнээ хийж айлын охин авчраав. Яв чи тэр муу охиныг олж ир. Утас шөрмөс байдгийм бол ярь чи. Доктор доктор гэнэ. Дээврээ зохицуулж чадахгүй доктороор дэлхий ер нь дутав гэж гээд буцааж хөөж гаргалаа.
Дотор нь бөглөрч явсан Түвшин аавдаа нэг сайн гөвшүүлээд лам багшаасаа адисаа авсан шавь шиг л бие сэтгэл нь хөнгөрөх шиг. “Ойрын хэдэн жил жавтий хүртээгүй дээ. Миний өвдөх гэж юу байхав. Хөөрхий аав минь тохойгоо барилж харагдсан гараа эвгүй болгочихоогүй байгаа даа. Нэг орой уусны төлөө аав ээж хоёр ингэтлээ их гомдлоо гэжүү?
Үгүй ээ! Энэ бүхэн ерөөсөө миний хэрхэн амьдарч байгаагийн л илрэл. Миний амьдрал ээж аавыгаа гомдоох хэмжээнд л байгаа юм байна даа. Сараагийн явуулсан тавин доллароор би, архи биш түүнийхээ нулимсыг хундага хундагаар худалдан авч уусан юм байж. Тийм ч учраас учиргүй их гашуун байж”гэж бодлоо.
Зэмлэчих аавтай, эвийлчих ээжтэй, үгүйлчих ханьтай, үнсүүлчих үрстэй байх сайхан гэж хаа нэгтэйгээс ямар нэгэн зөн совингийн салхи сэвшээд байх шиг.
“Нээрээ! Ерөөсөө Сараагаа дуудъя байз. Байр яахав. Амьд мэнд, элэг бүтэн явахад болж л таараа” хэмээн утсаар ярьчих газар эрэлхийлэн ийш тийш хараачлав.
Өвлийн сэнгэнсэн агаар шөнөжин бохиртсон уушиг цээжийг цэвэрлэх мэт энгэр нэвт сийгүүлж, дух магнайг жиндээнэ.
Хэдийгээр хүйтэн жавартай ч Түвшин даарсангүй, харин яаранхан алхана ...

Бүрэн эхээрээ...

Блогоор аялсан түүх – 7

14 Сэтгэгдэлүүд:

Над шиг өөрийнхөө блогоор аялчихдаг нөхөр байдаг болов уу. “Хоосрол”-ынхоо тухай л үг зулзагалуулах гэсэн юм. Энд миний нэг дутагдал байгааг хэлэхгүй өнгөрч болохгүй нь. Ямар бичлэг дээр минь билээ Даяар монгол сонин дээр нэгэн уншигч надад сэтгэгдэл үлдээсэн байсан юм. Яг санахгүй байна. Утга нь:Бумаа гуай будаатай цайгаа уугаад л бурж сууна уу. Чи аргагүй л мэргэжлийн биш байна даа гэж. Тэр их голыг нь олсон үнэн үг байж гэж санадаг. Түүний нэг баталгаа нь энэ “Хоосрол” юм л даа. Надад ухааны болон үгийн ур дутаад санасан юмаа гаргаж чадахгүй ямар сайндаа дахин тайлбарлаж сууна. Хүмүүн төрөлхтөний энэ их хурдтай хөгжил байгалийг бүр дарлаж гүйцэж байгаа юм. За үүнийг ч хүн болгон надаар хэлүүлэлтгүй мэднэ. Түүний хажуугаар хүн өөрөө бүр байгалаасаа, натур байдлаасаа тусгаарлагдан тасарчихсан яваа. Одоо хүний эргэн тойронд химийн элементүүд. Жишээ нь хуванцараас авхуулаад тоолж барамгүй. Дээр нь нүсэр том хотын хөгжил гэдэг хүнийг, түүний сэтгэл, сэтгэлгээг хиймэлжүүлж байгаа эд. Хүнээс гарч байгаа энэ үй олон гаж гэмээр зүйлүүд энэ их хөгжилтэй ямар нэгэн байдлаар холбоотой болов уу гэж санадаг. Энэ их олон үгний эцэст хүн ч тэр, амьтан ч тэр цаагуураа натур байгаль руугаа ямар нэгэн сэжимээр татагдаж байдаг байх гэсэн таамаглал үлдээе. За одоо Намжилдаа жаахан ойртоё. Энэ эрдэмтэн хүн юм. Их өндөр хөгжилтэй нүсэр хотод амьдардаг хүн. Тэр нэг юмыг ургуулчихъя гээд зорьсон. Тэрнийхээ төлөө чадлынхаа хэрээр явсан. Түүнээсээ болоод бусад зүйлээ гаргуунд нь хаяжээ. Өмссөн хувцаснаас авхуулаад авгай хүүхэд амьдралаа хүртэл. Гэхдээ үнэндээ бол эд надад хэрэггүй. Ганцхан үүнийг л ургуулж байвал бусад нь хамаагүй гэж ганц ч удаа бодоогүй юм шүү дээ зайлуул. Гэтэл ганц зориулж байсан хүн нь тэссэнгүй юү яасан ямарч байсан явчихаж. Тэрийг тэр олон жилийн дараа, санасандаа хүрсэн тэр агшинд үнэхээр өөрөөс нь бүх юм явчихажээ гэдгийг ойлгосон нь сонин. Тэр хоёр мод бол Намжилийн хоёр тал юм . Шарлаад, хатаад, тайруулаад, сүүлд хар хэрээ хааяа суудаг нь Намжилийн амьдрал тал нь гэж болно. Харин шарласан ч гэсэн яаж ийж байгаад үлдсэн тэр мод нь Намжилийн ажил тал буюу зорьсондоо хүрэх гэсэн тэр тал нь байх. Хуучин цагаан байшин нь Намжилийн ажил амьдралын эхний гараа мэт намуун, тогтуун, жаргалтай юу гэмээр ч юм дээ. Сүүлчийн тэр шил толин байшин бол Намжилийн шинэ бүтээл юм. Мэдээж Намжил барилгачин биш шүү дээ. Үлдсэн ганц мод шил толь болсон тэр байшинд өөрийгөө хэрвээ харж чаддаг бол олиггүй л юм харагдана даа гэдэг шиг шинэ бүтээлээ хийчихээд Намжил түүндээ өөрийгөө харахад түүний бүх амьдрал ямарч утгагүй болчихсон байх юм л даа. Яг энэ агшинд түүнд сэтгэлийн их хоосрол үүсээд ирэх. Энэ эмоуцыг дааж гарах чадвар харин түүнд байсангүй. Тухайн үед Намжилийн хувьд бүх юм ханасан, болсон байдалд орчихож байгаа юм. Ийм байдалд орсон дэлхийн сонгодогууд, суутнууд их бий. Жишээ нь: Хэммэнгуэ, Толстой ч гэдгийм үү. Би тэднийг яагаад ийм алхам хийдэг юм бол гэж бодох нь олонтоо. Мэдээж мань мэт нь хэзээ ч тэгж “одоо боллоо” гэсэн байдал орохгүй тул хэзээ ч ойлгохгүй байх л даа. Тэгээд дээр хэлсэнчлэн натур байдал руугаа татагдах нь цаад совин гэлтэй. Ус руу ороод тэр том хот, дуу чимээ, санаа зоволт, гэх мэтээс тасарч зөвхөн өөрөө өөртэйгөө үлддэг. Тэр нь түүнд хязгааргүй таалагддаг гэхүү дээ. Намжил бидний ойлголтоор бол үхэж байгаа боловч үнэндээ бол өөрийнхөө таалагдсан орчинд л очиж байгаа юм. Түүний хувьд бол тэр үхээгүй. Усан доор байхдаа Намжил нөгөө модны үндэс ийм доор бүх ертөнцөөс тасарсан нам тайван байдалд байгаа ураас дээрээ тийм амгалан царайлан байж чаддаг байх гэж бодож амждаг. Яг тэрэн шиг Намжил өөрөө өөрийнхөө үндэс болж түүний хийсэн бутээсэн нь тэр дээр навч нь болж жил жилд дэлгэрэх юм гэсэн санаа байгаа ухаантай. Амьдрал бөөрөнхий гээд л нэг сүрхий үг байдагаа. Би бодохдоо амьдрал яг бөөрөнхий биш байх гэж санадаг. Хүн болгон амьдралыг үзэх үзэл нь өөр өөр байдаг болов уу. Тойргийг 4,6,8, гээд хичнээн олон тэнцүү хэсэгт хуваана төдий чинээ тойрог хэлбэр тойрог хэлбэрлүүгээ ойртдогийн адил амьдралыг өөр өөр өнцгөөс харж байгаа хүмүүс хичнээн олон байна амьдрал төдий чинээ бөөрөнхий юм шиг болдог болов уу гэж. Миний хэлэх гээд байгаа санаа авсан жишээ хоёр маань хэрхэн тохирч байгаа эсэхийг мэдэхгүй юм. Хичнээн олон хүн хичнээн олон өнцгөөс харж чаднав амьдрал төдий чинээ баян байдаг байх. Тэрэн шиг ямар нэгэн юмыг бичигч нэг өнцгөөс харж бичдэг. Түүн дээр сэтгэгдэл бичигч нар өөр өнцгөөс харж сэтгэгдлээ үлдээдэг байх. Тэгээд үндсэн бичлэг болон түүнд тавигдсан сэтгэгдэлтэй хамт нэгэн цул санаа болж уншиж буй хүндээ тусдаг гэж ойлгодог. Ер нь сэтгэдэл гэдэг урмын үр тарихаас гадна ухааны бяд суулгадаг сайн эд. Сэтгэгдэл хүлээдэггүй блогчин гэж бараг үгүй байх. Тийм учраас манайхаар цаг зав гарган орж, уншиж, сэтгэгдэл үлдээдэгд чинь чин сэтгэлээсээ баярладаг шүү гэж хэлмээр байна. Манай хажуу хөрш айл байдгийн. Хааяа нийлж буу халнаа. Нэг удаа би нэг их сүрхий амьтан зохиогчийн бичээгүйг унших тухай сүрхий юм ярьсан чинь тэдний эхнэр
- Үгүй. Би нэгэнт л мөнгөөрөө авч цагаа зарцуулж уншиж байгаа учир надад заавал энэ зохиолч юу хэлж вэ гэж бодож суух шаардлаггүй. Би бүх юм ил тод, тэгээд утга төгс төгссөн юм л унших дуртай гэсэн. Бас л бодох л бодол шүү. Өөрөө өөртөө шүүмж бичээд л. Өөрөө өөртэйгөө яриад л... Би их завтай суунаа. Нэгэн бодлын мангар ч хүн шиг... хэхэ


Бүрэн эхээрээ...

Хоосрол

13 Сэтгэгдэлүүд:

Намжил өнөө өглөө ажил руугаа нэг л яаралгүйхэн гэлдэрч явна. Нэгэн том нуурын хөвөөнд орших энэ хот дуу чимээндээ хахаж цацан галзуурах гэж байна уу гэмээр л байх аж. Машин тэрэг хүржигнэн ар араасаа хөвөрч, хоорондоо хавиралдах нь холгүй сигналдан зөрнө. Галт тэрэгний нүргэлээн, тэгтэл хаа нэгтэйгээс аваарын дуут дохиот машин дотор зарайлган орилсоор одох. Уг нь бол хэн нэгнийг аврах гэж яваа боловч харин ямар нэгэн юмнаас амь тавин зугатаж байгаа мэт чавхдана.
Намжил “Одоо очиход ургасан байдаг болов уу? Яадаг бол?” гэхээс зүрх хөөрөн догдлохын зэрэгцээ бага зэрэг шаналана. Мань эр энэ ургацагийг ургуулах гэж арван зургаан жил зовож, шаналж байгаа юм. Тэрээр улсдаа нэртэй шинжлэх ухааны нэгэн хүрээлэнд ажилладаг химийн ухааны доктор, профессор хүн. Лабораторидоо ороод иртэл багийн гишүүд нь цөм ирчихсэн айсан, эргэлзсэн, шаналсан бас горьдсон нүдээр өөрийг нь ширтэнэ. Зарим нь бүр дуу нь ч гарахгүй байгаа шинжтэй. Саяхан сургууль төгсөж ирсэн хэрнээ тэдний багт багтаж чадсан шөвөлзсөн шар охин
- Яасан бол? Ургасан болов уу? Профессороо хэмээн сандчина. Аргагүй юм. Энэ нь түүний анхны оролдлого. Харин бусад гишүүний хувьд хэд хэд оролдсон учир цочироо багатай гэх үү дээ. Харин Намжилийн хувьд арван зургаан жил. Энэ хугацаанд мань хүн юу эсийг үзсэн гэх вэ. Амьдралынх нь хамгийн сайхан аз жаргалт үеүд ч бий. Хүүхдүүдийнх нь нус нулимстай хагацал салалтын хар жилүүд ч бий. Тэрээр дотроо “Энэ одоо л ургах ёстой. Тэгэхгүй бол надад дахиад энэнтэй зууралдаж, толгойгоо өвтгөж байх нас болоод хамгийн гол нь сэтгэл зүрх алга” хэмээн бодож нэг л мэдэхэд амьсгаагаа түгжсэн байлаа. Тэр амьсгаагаа түгжиж хоёр зуу тоолж чаддаг юм. Энэ нь түүний хар багын чадвар гэх үү дээ. Багадаа саахалтын хүүхдүүдтэй голын хөвөөн дээр өдөржин хөх сайр болтлоо тоглож өнждөгсөн. Тэгээд хэн нь усан доор удаан амьсгаагаа түгжин барьж чадахаа үзэх гэж оролдоно. Саахалт айлын Нүд Намсрай хэмээх нэг их эргэлдсэн том алга нүдтэй, өндөрдүү хамартай нэгэн байх. Тэдний бас л том нүдтэй жаахан нусгайдуу хүү. Түүнийг Тугал нүдэн хэмээн хочилно. Түүнтэй нэг удаа усан доор хэр удахаа үзвээ. Усан доор ч юу байхав дээ. Голын ус шагайнаас арай дээхнүүр, ерөнхийдөө гүехэн. Усанд нүүрээ л дүрэн үздэг хэрэг. Тугал нүдэтийн ээлж болж, нүүрээ дүрээд бусад нь тоолж байтал хөөрхий тэссэнгүй унгас алдчихав. Хүүхдүүд нэгэн дуугаар нирхийтэл инээтэл сандарсан мань хүн босож ирснээ амьсгаагаа яаж гаргасан юм бүү мэд хамраас нь нусаа суга үсэргэв. Бүр инээдэм болтол ичсэндээ болоод уйлаад л гэр лүүгээ гүйчихсэн. Оройхон л нэгнийхээ мууг үзсэн хэргээр ээжээсээ жавтий хүртэж байхад аав нь “миний хүү усаар битгий тоглож бай” гэж байсансан.
Тэгж өссөн болоод тэрүү одоогоороо бассейнд сэлэхгүй өдөр өнжиж бараг чаддаггүй гэвэл үнэндээ хилсдэхгүй. Гэхдээ өндрөөс үсэрч ердөө чаддаггүй гэж байгаа. Бүр багшаар заалгаад ч бардаггүй. Энэ бүгдээ санан Намжил жаахан инээвхийлэв. Багийн гишүүд гайхсан янзаар түүний хөдөлгөөн бүрийг харна. Тэрээр өрөөндөө орж хаалгаа хаалаа. Тэгсэнээ ургацаг байгаа савруу зөөлхөн дөхөж хавхлагыг аажуухан нээж үзэв. Бодис шингээсэн нимгэхээн жижигхэн хавтан дээр энгийн хүнд бол хөгц аятай хэд гурван мөөгөнцөр хөх үсээ сэрвийлгэн ургажээ. Ердөөсөө л энэ. Зөвхөн үүний төлөө л Намжил бүх сурсан мэдсэн хийгээд арван зургаан жилийн нойртой нойргүй хоногууд, шаналж энэлсэн өдрүүдийг өнгөрүүлсэн. Сүүлдээ бүр халуун дулаан байсан гэр бүл нь салж сарнин, үр хүүхэд нь өнчирч, хаа нэгтээ хойд эцгийн царай харан яваа. Юуны тулд вэ? Ердөө л энэ нэг мөөгөнцөрийн хөх үс шүү дээ. Энэ хөх үсэнд нэгэн бодис байгаа. Энэ бодисоор эм хийсэн тохиолдолд энэлж шаналсан олон мянган хүмүүсийг өвчнөөс нь салгаж аврах юм.
Хадам нь энэ өвчнөөр өөд болсон тэр жил Намжил гуч хүрч сурсан мэдсэн хийгээд, ажил амьдралын туршлага хуримтлагдсан ид хийе, нээе гэдэг үе дээрээ байсан цаг. Ханийнх нь эцэг өвдөж, хүн бүр сандарч тэвдсэн тэр үед эхнэр нь зайлуул аргаа барахдаа Намжилд “Чи надад хайртай л юм бол энэ өвчнийг эсэргүүцэх химийн элемент, эм, тариа ямар нэгэн юм хийгээч” гэсэн тушаах гуйхын завсар хэлсэн тэр үг мань хүнийг энэ их аяны гараанд хөл тавихад шалтаг шалтгаан болсонсон. Тэр золгийн бэлдмэлийг хийх химийн бодис энэ үсэнд байгаа. Үүнийг нээх гэж, олох гэж, ургуулах гэж энэ олон жилийг зарцуулжээ. Арайхийж ургуулаад эргээд хартал түүнд юу байнав. Юү ч алга. Нөгөө анх захиалсан хамгийн хайртай эхнэр нь ч алга.
“Бухын доодохыг харж үнэг турж үхнэ гэгчээр чамайг харж хэзээ нэгэн цагт мундаг нээлт хийж, бид сайн сайхан амьдрана гэж бодсоор хүлээсээр энэ нас дуусах нь. Одоо боллоо. Бид нэг л амьдрана” гээд хоёр хүүхдээ чирсээр зургаан жилийн өмнө арилж өгсөнсөн. Яг л ургах гээд, болох гээд байсан үе болохоор энэ бүгдээ хаяж чадаагүй юмдаа хэмээн бодож санаа алдлаа.
Тэр тавиураас холдож цонхон дээр очин өдөр болгон хардаг өвгөн улиасаа харлаа. Уг нь ингэж их хүсэж хүлээсэн, мөрөөдсөн зүйлээ биелэхэд хүн хагартлаа баярламаар. Тэгсэн чинь тэгсэнгүй. Бүх юм дууссаны дараа тэр энэ их дуу чимээ, учраа алдсан их хөгжил, хагацал салалт, нэр төр, хүнээ байсан энэ нийгэм гээд ер нь бүхнээс тэр залхсан мэт санагдана. Сэтгэл нь гэнэт гунигт автаж тэртээ доор уначих шиг. Яагаад ч юм тэр модруу очмоор санагдлаа. Тэгээд хаалга руу эргэхдээ л гадаа багийнх нь гишүүд хүлээж ядаж байгааг сая санав. Гарч ирээд
- Болжээ хүүхдүүдээ. Та нар чадлаа гэж хэлчихээд гарах хаалга руу шууд чиглэв. Бусад нь гайхсан хэдий ч баярлалдан шаагилдах дуу хаалганы цаана үлдэв.
Намжил яагаад ч юм яаран, яаран гарав. Гудамжны эсрэг талын тэр ганц модыг харах гэсэн үү яасан бүү мэд. Ганцхан юм түүнд мэдрэгдэнэ. Түүний сэтгэл яг л цоорхой савнаас ус шүүрэн дундрах мэт доошилон дундарсаар байлаа. Тэрээр давчидан гүйн гарч ирсэнээ гэнэтхэн алхаа нь аажуурч модны эсрэг талын хайсан дээр сууж өвгөн улиасыг гөлрөв. Энэ модыг тэр олон жилийн өмнөөс мэднэ. Модны хажууд байгаа шил толь болсон өндөр байшинг ч мэднэ. Урд нь энэ байшингийн оронд жижигхэн хоёр давхар цагаан тоосгон байшин байсан юм.
Тэр байшин учиргүй гоёмсог биш ч гэсэн цаанаа нэг нүдэнд дулаахан эрхэмсэг сайхан харагддагсан. Түүнийг нураагаад энэ гоё байшинг барьсан. Гэхдээ энэ модыг унагаагаагүй. Гэсэн ч өнчрүүлчихсэн. Энэ модны хажууд бас нэг мод байлаа. Ойрхон тарьчихсан болоод тэрүү энэ хоёрын мөчрүүд сүлжилдэн орооцолдож, сагсайн зууралдан ургасан нь сүртэй харагддаг байж билээ. Гэтэл энэ гоёмсог байшин бариад хаалганых нь саравчийг урагш нь сунгахдаа яг хоёр модны дундуур барихаар тааруулсан байж. Тэгээд л нөгөө сүлжилдсэн олон мөчрийг таслахыг нь тасалж, хөрөөдөхийг нь хөрөөдөөд зай гаргав. Төдөлгүй хоёр мод хоёул гандаж шарлаж эхэлсэн бөгөөд нөгөө мод нь илүүтэй нэрвэгдсэнээр халуун зун ч гэсэн арзайсан хар мөчрөө сэрийлгэсэн юм болж хатав. Их хотод бараг шувуу гэх юм байхгүй ч нөгөө хар модон дээр хааяа нэг хар хэрээ хаанаас ч юм ирчихсэн сууж байх нь харагдах болсонсон. Хэрээ суудлаа олдог л юм билээ. Тэгтэл нэг шөнийн салхи шуургатай борооны дараа өглөө нь ажилдаа иртэл хугараад уначихсан байсныг хот тохижуулахын улсууд угаар нь хөрөөдөж байгаа харагдсан. Одоо ормонд нь модны тайрдас зоочихсон юм аятай нэг тав л үлдэждээ. Тэрнээс хойш энэ мод ганцаар байх болсон доо. Гэхдээ энэ хоёр мод газар дээр мөчирөөрөө сүлжилдэн орооцолдон байсан шигээ газар доор үндсээрээ зай завсаргүй шахам зууралдан ургасан байх. Одоо ч гэсэн тэр хатаж хорчийн амьгүй болсон үндсийг хэзээ нэгэн цагт амь орчих юм шиг тас зуурсаар байгаа гэдэг итгэнэм. Магадгүй энэ тэндээс бүр газрын гүнээс олсон ус чийг, эрдэс бордоогоо нөгөөхдөө өгөх гэж оролддог ч байж болох. Хуучин намхан байшин байхад модод нүдтэйсэн бол тэртээ цаад талын моддыг ч болов хардаг байсан байх. Даана ч одоо халхлагдаад яаж харахав. Харин шинэ байшингийн шил толинд нь өөрийгөө хардаг байж болох юм. Гэхдээ тэр өөрт нь ямар олиг байв гэж дээ чааваас хэмээн Намжилд эх адаггүй юмс бодогдоно. Одоо түүний сэтгэл гэх орон зай нэгэнт хоосорч дотор нь юу ч үгүй болжээ. Тэр одоо хэнд, юунд хэрэгтэйгээ, яах гэж амьд яваагаа, цаашдаа яахыгаа мэдрэхгүй байлаа. Яагаад ингэж үгүйрэн хоосорч байгаагаа ч үл ойлгоно. Өнөө ганц мод салхинд найган ганхан байгаа нь навчис нь найгалзан хөдлөнө. Гэвч түүнд тэр навчисын сэрчигнээ сонсогдохгүй байлаа. Чих нь дүлийрчээ юү гэвэл үгүй. Их хотын дуу чимээ гэдэг байгалийн дууг хүчээр баллан дардаг ажээ. Цаг хугацааны хувьд дэндүү урт, амь амьдралын хувьд дэндүү үнэтэй, шаналан энэлэн болсон тэр мөрөөдөл биелснийхээ дараа ийм уйваагүй хов хоосонд ганцааранг нь хаячихдаг юм боловуу.
Зуны нар дээрээс төөнөн ихэд халахыг сая анзаарав. Хээрийн задгай салхинд цээжээ эгшээмээр байвч энэ нүсэр том хотод ямар юмных нь хээрийн задгай салхи байхав. Тэр гэнэт хоёр гудамжны цаана нуур байдгийг санав. Яагаад ч юм тийшээ яаран алхлав. Сүүлдээ гүйв. Зам хөндлөн гарахдаа машинд сигналдуулан байж гүйв.
Нуурын эрэг дээр хүмүүс нарлах нь нарлаж, хаа нэгтээ хосууд бие биенээ тэврэн сууж, ганц нэгэн хүн усанд сэлж цаанаа нэг тааваараа. Олон мянган жил болсон буурал дэлхий яг л хэвээрээ. Намжил гүйсээр замдаа хүрмээ тайлах гэснээ больж завь уясан бандангийн эцсийн ирмэгээс хамаг л чадлаараа нуурлуу үсэрлээ. Тэр хэзээ ч усанд ийм гоёмсогоор шумбан орж байсангүй. Үүнийг сурах гэж бассейнийхээ багшид мөн их загнуулсансан. Яг эгцээрээ, маш цэвэрхэн орсон учраас нэг их ус цалгиж сүйд болсонгүй. Намжилд хачин сэрүү татахын зэрэгцээгээр хотын нүргээн чимээ гэнэтхэн сонсогдохгүй нам гүм, нэг л тайван амгалан мэт болох нь нэн сайхан. Нүдээ нээн хартал хар ногоон ус улам бүр харанхуйлна. Тэрээр тоолж эхэллээ. Нэг... хоёр…дөчин нэг…дөчин хоёр... Тэр хоёр зуу хүртэл тоолж чадах юм чинь. Гэнэт “Тугал нүдэт шиг унгах вий” гэж санан инээвхийлэв. Тэгсэнээ ээжийгээ жавтий хүртээх вий хэмээн шоолохоо болив. Аав нь хаа нэгтээгээс «Миний хүү усаар битгий тоглож бай» гэж хүнгэнэв. Яг зуун ерөн найм, ерөн ес гээд газарт хөл нь тулав. Хамгийн сайхан ер бусын нам гүм амар амгалан энд л байдаг ажээ. Бодвол тэр модны үндэс үүнийг мэддэг учраас дээрээ тийм амгалан удаан оршдог байх хэмээн Намжил бодов.
Тэр хоёр зуугаас илүү тоолж чадахгүй. Гэхдээ тэр ерөөс сандарсангүй. Сайхан юманд нэгэнт л хүрсэн болохоор салахыг тэр хүссэнгүй…
Нуурын хөвөөгөөр жижигхэн дөрвөлжин цааснууд усны долгионд татагдаж түлхэгдэн хөвөх нь профессорийн нэрийн хуудсууд ажээ.

Бүрэн эхээрээ...

Сэмэрч үл барагдана

20 Сэтгэгдэлүүд:

Билгээг ажлаасаа орж ирэхэд бага хүү нь тосон гүйж ирсэнээ гарт нь элдэв юм байхгүйг мэдээд нүдэнд нь үл ялиг гуниг үелзээд эргэж чавхадлаа. Багыгаа горьдоочихлоодоо гэж мэдэрсэн хэдий ч нэгэнт юмгүй тул одоо яахав. Гадуур хувцсаа тайлан зогстол эхнэр нь
- Өө, миний өвгөн! гээд хошуун дээр нь шопхийтэл үнсчихээд цай аягалж өгөөд, хийж байгаагаа үргэлжлүүллээ. Эхнэрийнхээ хийж байгааг харсан Билгээ “Өнөөдөр бууз идэхнээ” гэж бодох зуур эхнэр нь нэг л хөнгөн сэргэлэн, сэтгэл өндөр байхыг ажив. Яагаад ч юм хацар дээрээ гурилдчихаж. Эгдүүтэй ч харагдах шиг.
- За миний хань! Өнөөдөр буузны өдөр үү?
- Үгүй ээ! хөгшөөн. Маргааш хүү ирнэ.
- Өө! нээрээ тийм л дээ хө. За тэгвэл би туслая.
Эднийх дөрвөн хүүхэдтэй. Том хүү нь өөр хотод сурдаг оюутан. Ахлах болон дунд сургуульд хоёр охин байх. Орж ирэхэд нь гүйж явсан нөхөр хамгийн бага нь. Хэнз амьтан. Хайр даллаж, хар хороон, энгэр газар дэлгэрсэн энхэр цэцэг л гэсэн үг.
Том хүү буузанд дуртай. Хүү нь ганцаараа байгаа тул эцэг эх л болсон хойно “идэж уухаас авхуулаад дутагдаж гачигдаж л байгаа хэмээн санаж, хэд хоног төрсөн гэртээ дуртай хоолоо идэж амраг” гэж бодсон хэрэг. Билгээ цайгаа ганц нэг оочлонгоо эхнэртээ тусаллаа. Энэ зуур эхнэр нь хүүгийнхээ тухай хэрхэн тэнтэр тунтар алхаж байсан, тэр үедээ ямар баривч, ямар бойтогтой байсан тухай, хүзүү хоолойноос нь нялхамсаг хөөрхөн үнэр үнэртдэг байсан тухай гээд нэгд нэгэнгүй ярьж гарав. Ихэнхдээ л бага балчир байсан тухай л ярих ажээ.
“Хөөрхийдөө хүүгээ их л санаж дээ” хэмээн санаж эхнэрээ нилээн ажиглалаа. Эхнэрийнх нь нүдэнд саяхан төрсөн эх үрээ харах мэт гэрэл цацарч, аль залуу цагтаа Билгээгийн хөөрхөн гэж хардаг байсан тэр агшин царайд нь хаа нэгтээгээс очтон харважээ. Түүнийг дагаад Билгээд ч гэсэн хүүгийнх нь багын дурсамжууд өөрийн эрхгүй хөвөрч эхлэхэд, цээжний толионд зүүрмэглэж хоцорсон сэтгэлийн цэгээн шувууд дэрхийн, нар даллан дэвэх мэт сайхан.
Хүүгээ бага ангид байхад сургуульд нь хүргэж өгөхөөр явтал хүү нь замдаа ангид нь нэг шинэ охин шилжиж ирээд, багш нь хажууд нь суулгасан гээд. Түүнээс ээжийнх нь үнэртэй ус үнэртдэг тухай ярьж явснаа яг сургуулийнхаа үүдэнд ирээд
- Ааваа би нэг оймстой яваа гэх нь тэр
- Юу? Өрөөсөн оймсоо яасан? Одоо яанаа? гэтэл
- Эрээд олоогүй. Гэхдээ зүгээрээ би заримдаа ингээд л явчихдаг гэж авч билээ. Тэр үеийг нь санасан Билгээ “өрөөсөн оймсгүй байж бас охин ярьчихдаг овоо эр байжээ” хэмээн бодож инээд нь хүрнэ.
Тэгтэл бага хүү нь давхин ирж ганжин булаацалдаад дийлэхгүй болохоороо нэг бууз аваад зугтлаа. Ээж нь араас нь хөөцөлдөж харайна. Инээж, ханиаж явсан хүү нь уйлаан майлаан болсоор буузаа алдана. Эднийд хүүхдийн шуугиан, охидын хэрэлдэх, ээжийн хангинах бол эгэл жирийн л үзэгдэл. Энэ бүхэн эдний амьдралын симфонийн үндсэн дуугаралт. Ерөөс хүүхэд бужигнасан айлын дүр төрх ийм л байдаг тул нэг их гайхам зүйл биш. Билгээ эхлээд эхнэрээ ажиж байснаа одоо бүгдийг ажиглаж эхэллээ. Тэгээд
- Охидууд хаачаав?
- Хайчихав. Өрөөндөө ороод, хаалгаа хаагаад, таг гэснээ
- Хөөе! хүүхдүүдээ алив туслаач. Эднийг хөлдөөмөөр байна. Ядаж энэ дүүгээ саатуулж байж чадахгүй нь үү. Бага охин нь гарч ирсэнээ
- Яа яа! Баяр болж байгаа юм уу?
- Үгүй ээ үгүй. Агаа чинь маргааш ирнэ гэнэ. Хоёр хоног амрах юм байх гэтэл том охин нь
- Ээж зүгээр Агаа ирнэ гэхээр хөл алдчих юмаа. Ямар өлсөж үхэх гэж байгаа биш.
- Юу гэж байгаа юм энэ чинь. Гэрээсээ хол байгаа амьтан хааяа өлсдөг ч юм билүү. Та нар шиг ямар бэлэн хоолон дээр тарвалзаж байгаа биш.
- Сайхан юмаа. Хэзээ нэг цагт, хаа нэг тийшээ явж Агаа шиг ингэж хүндлүүлж үзэхсэн гэх нь ахдаа жаахан атаархаж байгаа бололтой. Ер нь иймэрхүү зөрөх маягтай яриа өрнөхөд Билгээ ихэвчлэн хүүхдүүдийнхээ талд ам ангайдагсан энэ удаа тэгсэнгүй дуугүй л байлаа. Төдхөн нөгөө өрөөнөөс бага охин
- Ээжээ энэ Оргилийг хараачээ. Хүний үзэг авчихаад өгөхгүй байна гэх дуулдана
- Аргалаад авахгүй юү. Дүүгээ аргалчихаж чадахгүй гэх.
- Агаа бидэнд бэлэг авчирч өгөх болов уу?
- Ишш! Өөрийгөө яая гэж байж юун та нарт бэлэгтэй манатайв дээ гэснээ
- Өө тийм! Хүү чинь найз охинтой болсондогоо доо
- Яаж байна?
- Дээр л нэг ярихдаа асуусан чинь байгаа л гэх шиг болсон гэтэл том охин нь
- Хн! Тэгвэл тэр лүүгээ хамаг ухаан санаа нь явчихаад юун биднийг гэх манатай. Хоёр хононо гэсэн нь үнэн юмуу? Аягүй бол өдөртөө буцна гэх байлгүй. Ямар амьтан байгаа бол? гэж намжирдана. Одоо бол ахыгаа хэн нэгнээс харамлаж байгаа шинжтэй. Ээж нь
- Зулай зулайгаа гишгэж төрөөгүй юм шиг та нар юунд ингэж бие биенийгээ хэмлэж байдгийн гээд Билгээг нэг юм хэлэх болов уу гэсэн янзтай түүн рүү харснаа дуугарах шинжгүйд нь “Хн! манай энэ ер нь юу бодож явдаг бол” хэмээн бодно.
Харин Билгээ дотроо “Хүүхдүүд том болно гэдэг сонин юмдаа. Эд нар маань тус тусдаа хүн гэдгийг бид урьд нь яагаад боддоггүй байсан юм бол. Яагаад ч юм бүгд л нэг ижил бодол санаатай, нэгэн зүгт байх ёстой мэт санадагсан” хэмээн бодож суулаа.
Хүсэн хүлээсэн өдөр болж хүү ирлээ. Нэг л их том залуу болжээ. Ганц жилийн дотор бие хаа нь ч байрагшиж, дуу хоолой нь бүдүүрсэн шиг. Аав ээждээ үнсүүлчихээд, дүү нараа үнсэх гэхээр эвэлж өгөхгүй байгаа нь харагдана. Хэдэн дүү нар нь тэгэсхийн мухайж байгаад духаа үнэрлүүлэх. Өнөө бага атаман бол мэдэх юм алга. Агаа гэдэг энэ юм байх гэсэн янзтай. Харин бага сага юм хүн болгонд өгсөн болохоор сайн хүн гэж бодогдоно.
- За миний хүү сайн уу? Сонин сайхан юу байна? Хичээл ном сайн уу?
- Өө! яахав сайн сайн. Та нар сайн уу? гэснээр эхэлж цай цүй, хоол унд болцгоов.
Хүү нь ноднин ирэхдээ гэрээ нилээн санасан янзтай, элдвийг ярьж, асууж, дүү нартайгаа тоглож, гэртээ байгаадаа жаргалтай байгаа харагдсан. Энэ жил нэг л өөр харагдана. Ерөнхийдөө дуу цөөтэй. Тэгсэн хэрнээ өөрийгөө нилээн хүчлэн байгаа нь анзаарагдана. Муу ээж нь л чааваас энд тэнд гараад л, хаа нэг хацар мацрыг нь илчих, үнсчих санаатай. Эхлээд зүгээр л байснаа төдөлгүй ээж рүүгээ нэг их харснаа зулрах аястай. Өчигдөрхөн л хүүгээ нялхаараа шахам байгаа мэт төсөөлөн хөнгөмсөж байсан ээжийнх нь сэтгэл тэр тоолонд сэмрэн урагдах нь Билгээд бараг сонсогдоно. Хэсэг хугацааны дараа нь хүү нь нэг л хийж байх юм нь олдохгүй байгаа бололтой босож, сууна. Ээж нь хий дэмий
- Миний хүү яамаар байна? гэх
- Зүгээрээ ээжээ гэснээ байчихаад
- Аяга угаадаг ч юм билүү гэнэ. Тэгсэнээ дүүдээ
- Төгсөх боллоо шүү дээ. Хичээл номоо анхаарч байгаа биз. Ямар сургуульд орох бодолтой байна? гэхэд дүү нь
- За мэдэж л байна шүү дээ. Юун том болчихсийн хэмээн уцаарлах нь яг л нэг гэртээ байсан шигээ ажээ. Билгээ энэ бүгдийг ажиж суухдаа бодсоор байна. “Хүүхдүүд маань өсөж байгаа юм байнаа. Тус бүр өөрсдийн гэсэн өнгө хослуулсан, өөр өөрийн ертөнцтэй болж байгаа юм байна. Түүнээс манай хүүхдүүд л гэж хоорондоо таардаггүй, ааш хүүдийлсэн улс биш. Айл айлд л ийм байдаг. Бид ч гэсэн багадаа ах дүү нартайгаа таарахгүй хэрэлдэж, маргалддаг л байсан санагдана. Хүүхдүүд маань эндээс гараад өөр өөрийн хувь тавилангаар амьдарцгаах гэж одооноос бэлдэцгээж байгаа нь энэ. Яг ийм үе дээрээ тэд эцэг эхийгээ нэг их анзаардаггүй гэхэд болно. Би ийм байна, тийм байна. Намайг мэдэхгүй, ойлгохгүй байна гэсэн буюу ерөнхийдөө тэд одоо «би» дээрээ л байгаа” хэмээн санаж тэднийгээ хэн нэгнээс, бараг юуханаас ч өмөөрч, өмгөөлж бодох нь сонин.
Хүү нь тэгэс ингэсхийгээд хаа нэгтээ утсанд цаг заваа гарган суух. Бодвол нөгөө охинтойгоо л ярьж байгаа бололтой. Ээж нь харин хүүгээ ажих тусмаа хэн нэгнээс харамнах мэт болж голруу нь нэг юм зурах ажээ.
Хүүгийн хоёр хоног дорхноо л өнгөрлөө. Яг явахын толгой дээр хэн хүнгүй л эвгүйрхэнэ. Гадаа гарч хүүгээ гаргаж өглөө. Хүү нь аав ээждээ үнсүүлж, дүү нарынхаа толгойг илчихээд, цаагуураа бас ч гэж нилээн сэтгэл дүүрээ юү гэмээр сэвлэг үлээх бяцхан салхи сөрөн итгэл төгс цааш алхах нь ижлээ харан сэгэлзэх ганц бүгээн унага мэт.
Эхнэр нь хүүгийнхээ явсан тэр л замыг ширтэн амьдралын харгуйд хүүгээ мордуулчихаад баясах, харуусах сүлэлдүүлэн өмөлзөн зогсох нь өрөвдмөөр.
Билгээгийн дотор ч гэсэн намрын сүүлчийн шувуу нисэхдээ нуурын мандалд үлдээсэн долгион аажим аажимаар замрах мэт гэгэлзсэн хөнгөн гуниг гүвэлзэнэ.
Муу эхнэр нь зайлуул өчигдөр “энэ хүү миний хүү биш болжээ” гэж суусан.
Үгүй дээ хань минь! Яг одоо миний хүү залуу хүний сурч мэдэх, хайрлан дурлах, хүсэж мөрөөдөхийн гэгээн алсад үргэлжлэх ногоон талын захад нүүр илбэн үлээх зөөлөн салхи сөрөн зогсож байна. Алс тэртээд нүүгэлтсэн газар тэнгэр тэврэлдэх тэр хязгаарт хүрэхийг хүсэн жигүүр дэлгэн нисэхийн тулд одоохондоо эргэж харахыг хүсэхгүй байгаа юм. Аавын хүү ээж аавтайгаа хорин жил амьдарсаан. Харин одоо жар далан жил хайрлаж энхрийлэх, хацрыг чинь илж, гарыг чинь атгах тэр хүн рүүгээ, хувь тавилан руугаа явах нь, яарах нь зөв өө. Энэ хүүгийн нисэх цаг нь болжээ. Түүнээс биш хэзээ ч гэсэн бидний хүү хэвээрээ л байх болно.
Чи минь сайн эжий. Тийм ч учраас хүү нь сайн явна. Өөрийгөө ойлгохгүй байна гэж хүүдээ битгий гомдоорой. Тэд ээжийгээ ойлгоно. Ойлгож ч байгаа. Гэхдээ тэдний илэрхийлэх цаг нь болоогүй. Тэд өөрсдийгөө их том болчихлоо гэж бодож байгаа юм. Эжий аавынхаа хайр энэрлийг санасан, мэдэрсэн иймэрхүү юм яривал буцаад жоохон болчих юм шиг санаж яваа. Чи бид ч гэсэн ийм насан дээрээ ямархуу л юмнууд явлаа даа. Надад зөвхөн чи, чамд ганцхан би байгаа мэт л байсан даа. Тэр үед бид ээж аавыгаа биднийг хэрхэн харж, анзаарч, бас хайрлан өхөөрдөж байгааг мэддэггүй байсан. Магадгүй тэд яг л өнөөдрийн бидэн шиг сэтгэл зүрхээ сэмлэн байж, сар гансарч, нар халиртал санаа алдан зогссон болов уу. Тиймээ миний хүүхдүүд хэзээ нэгэн цагт энэ бүгдийг ойлгоно. Харин ойлгосон тэр цаг үедээ оройтож удалгүй ээждээ мэдэгдэж элгий нь дэвтээж байгаарай. Хүмүүн бид чинь мөнх биш шүү дээ” хэмээн тэртээд одсон хүүгийн араас Билгээгийн бодол гүйцчих юм шиг салхи салхиар өртөөлөн явна. Гэвч тэр хоёр зогссоор ...
“Хүү маань ч яахав эхнийх нь. Одоо удахгүй охидууд маань сэтгэлийг чинь сэмлэж, түүгээрээ жигүүрлэсээр энэ гэрээс нисэн одоцгоох болно. Тэр тоолонд чи минь үрээ гэх үгүйлшгүй баян сэтгэлээ тэнцүү хуваах хэрэг гарна даа. Гэхдээ чи минь чаднаа. Эх хүний сэтгэл гэдэг яасан ч сэмэрч үл барагдах агуу эд байдгийм дээ.
Энэ нялх маань арай болоогүй байна. Хаа очиж бид яаж зориг гаргаж ганц хэнз амьтантай болсон юм. Тэр маань ч онож. Хувь заяаны хишиг юм байхаа даа” гэснээ тэртээ холын аянаас дөрөө мултлах мэт хэт аяншсан бодлоо хурааж, цааш харан мөрөө чичрүүлэн зогсоо эхнэрээ “яаж тайтгаруулдаг юм билээ” гэж бодсоноо. “Энэ бодсон бүгдээ ярьвал бүр улцайчихаж мэднэ. Хэнэггүйхэн байя” хэмээн санаж эхнэрээ мөрөөр нь тэврэн
- За энэ чинь уйлах нь уу дээ. Хол газар унаа тэрэгтэй яваа хүүхдийн араас уйлж унжаад яахнав. Элдэв янзын юм болчихвол яана. Ямар дахиж уулзахгүйгээр явчихаж байгаа биш гээд гэрлүүгээ эргэлээ. Тэр эхнэрээ мэддэг ажээ.
Эхнэр нь “Нээрээ л хүүгээ машин барьж яваа” гэж санасан хэдий ч гунигийн гол тасарсангүй. Тэрээр Билгээгийн араас харж санаа алдан “Эрчүүдээ гэж юмны нарийн ширийнийг ойлгохгүй, бүдүүн баргийн ч улсаа даа та нар” хэмээн бодон явсанаа “Хүү маань аавынхаа явдлыг хүртэл дуурайжээ” хэмээн санав.
Тэгтэл тэдний өөдөөс
- Ээжээ! Ааваа! гэсээр бага хүү чавхдаж ирэв. Тэр цаанаас бага охиных нь
- Ээжээ! наад Оргил чинь дэвтэр дээр сараачаад хаячихлаа шүү дээ гэсэн дуу хадна . . .

Бүрэн эхээрээ...

Блогоор аялсан түүх - 6

17 Сэтгэгдэлүүд:

Шилдэг блогчид - 2007

Манай блогчин залуус маань шинэ оны өмнө шилдэгээ шалгаруулжээ. Олон олон уншигч, бичигчийн сэтгэгдлээр шүүн тунгаагдаж гарч ирсэн блогчиддоо болон бусад хамтран зүтгэгч нартаа шинэ ондоо ихийн их амжилт хүсэн ерөөе. Ганбаагийн блогоос татан буулгав За хө арай гэж үсээ зулгаангаа алддагын даваан дээр дүнгээ гаргаж дуусгалаа. Гэхдээ Сэтгэл их өндөр байна ээ. Санал асуулгад маань идэвхтэй оролцсон блог андууддаа бүгдээрэнд нь маш их баярласанаа илэрхийлье. Ингээд уламжлал ёсоороо энэ оны шилдэг блогчдыг үзүүлье ээ.
эмэгтэй: mikarito.blogspot.com 17
эрэгтэй: amarsaihan.blogspot.com 12
IT: sanakae.blogspot.com 12
Дэбүүүт: addidea.blogspot.com 7
Амьд домог: amarsaikhan.blogspot.com 6
Мартагдсан аялгуу: togoruu.blogspot.com 7
Төрөлжсөн: gadaadhelblog.blogspot.com 6
Сэтгэгдэл: miniibodol.blogspot.com 6
Дизайн: deppsu.blogspot.com 6
Цахиур: addidea.blogspot.com 4
Цахиур: amarsaihan.blogspot.com 4

Хадагтай Микарито аргагүй олны талархал хүлээсэн хүчирхэг бүсгүй юм аа. Баяр хүргье.
Шилдэг Эрэгтэй, бас амьдаараа домог болсон, бас ч үгүй цахиур халах хүнээр тодорсон эрхэм ах Амарсайхан бол яалт ч үгүй орчин цагийн блог ертөнцдөө Идол болжээ гэдгийг ард түмэн андахаа ч байж. Блог гэж ийм байдаг байх гэж тодорхойлсон фэнийх нь үгтэй санал нэг байна.
Манай IT салбарынхан блог ертөнцөд өргөн хүрээтэй ажиллаж "амьдардаг" билээ. Тэдгээрээс олны санаанд нийцсэн Санакидаа нийт ажилчин ангийнханыхаа өмнөөс баяр хүргье ээ. :D
Хүч түрэн орж ирсэн энэ Idea хэмээх энэ хүн үнэхээр өргөн чөлөөнийх бололтойдогоо. Цахиур хагалах нь ойлгомтой дог. Баяр хүргье 2008 онд шилдэг эрэгтэй/эмэгтэй блогчин болоорой. :D (эрэгтэй эмэгтэйг нь мэддэггүү наасан сори шү.)
Мартагдсан аялгуу номинацийн эзэн Тогорууг олон хүн санан хүлээдэг бололтойм аа. Хорхойссон блогчид хүлээсээр л ... :D Ирэх онд дахин гарч ирэх болтугай гэж ерөөе.
Гадаад хэл сурах гэж буй хүмүүс энэ блогийн нэрийг алдаагүй зөв бичиж сурахаас хэл судлах анхны алхамаа тавиуштай юм шүү. Хэрэгтэй олон ч зүйл татаж авсан даа. Дашрамд нь баярласанаа илэрхийлээд орж нэг аяга "кофе" ууя даа. :D
Блог ертөнцийн бас нэг салшгүй хүчин зүйл бол сэтгэгдэл билээ. Энэ олон блогчид дундаас хүмүүсийн анхаарлыг татаж сэтгэлд нь үлдэнэ гэдэг чансаатай хүний л чадах ажил болов уу.
Баяр хүргье.
Сувдан охин Дэрсү Узала маань шилдэг дизайнтай блогоор шалгарчээ. Аргагүй ээ аргагүй. :D
За ингээд он онд нэг бужигнуулдаг ажил маань хоёр дах удаагаа амжилттай өндөрлөлөө. Цаашид програм хийж ашиглахгүй бол маний iq хүрэхээ байх шинжтэй юм байна гэж сая үсээ зулгааж байхдаа бодлоо.
Ийгээд Бийрбэх комоос авсан сайхан үгээр, гоё зургаар энэ оны блогдолтоо өндөрье өөө.

Будрах цасан гоёлтой орчлонгийн гоо улиралд
Буман оддыг шаргиулах тэнгэрийн мөнгөн заадаснаас
Болор эрдэнийн чимэгтэй сүлд ногоон модноос
Баярын жавхаа дүүрэн шинэ жил айсуй
Их хайр,жаргал баярын дуутай
Илбэ шидийн мэт тансаг ертөнц бэлэглэж
Хаан цэнгэл вальсийн аялгуу дундаас
Хасын туяа цацруулан шинэ он ирлээ... сайхан баярлаарай, аз жаргал хүсье !


Бүрэн эхээрээ...

Гагнаас

22 Сэтгэгдэлүүд:


Хангай дэлхий цасан хөнжлөө нөмрөөд өөр бусад түүнд огт хамаагүй мэт хэнэггүйгээр цэлийж, цасан дундаас гэнэн нь дэндсэн зэгс дэрс цухуйн салхин аясаар дуртай дургүй сэрвэлзэнэ. Турьхан иш нь хугарчихмаар хөлдүүслэн харагдавч оройдоо цан татуулсан нь бас ч гэж амь голтой ажээ. Дэжидийн хунхуйн баруун дөрөлж давсан үхрийн жимээр ганц морьтой хүн алгуурхан гарч ирсэнээ яараагүй бололтой мориноосоо буулаа.
Далбагар нудрагатай үзүүрсгэн нэхий дээл хөдөрч, нэхий дотортой өмдөн дээр монтгор эсгий гутал углаж, том улаан үнэгэн лоовууз буулгаж бүчлээд, мануулын сүүлэн хүзүүвч эрүүвчилжээ. Үс нь бөмбийтөл ургасан хөгшин цавьдар морь нь цан хүүргэнд дарагдан бууралтан харагдана. Өвгөн цантсан сормуусаа хуруугаараа арчаад, хүзүүвчээ хойш нь эргүүлэхэд уур савсах нь ер даарсан шинж алга.
Өвгөн мориноосоо бууж, ялимгүй хазганан жимээс гарч, хормойныхоо үзүүрээр өвдгөө тумлайдан ороогоод дороо хийн, муу хөлөө жийн сууж, гаансаа сугалж тамхи нэрэн, асаасан чүдэнзээ шатаж дуустал нь маанийн зургаан үсэг амандаа шивнэнэ.
Ирж буцдаг хорвоогийн жамаар бие барсан нутгийн өвгөн Нахиу Нанзадынхаа ажил явдалд оролцчихоод буцан, гэрийнхээ барааг харан сууж байгаа энэ хүнийг Хазгар Олзод гэнэ. Тээр жил юм даа, цэргээс ирсэнийхээ хойтын хойт жил билүү, хайнагийн шар явгаар уургалчихаад чирэгдэж гүйж яваад тугалын зэлний нарийхан хушин гадсан дээр зузаан гуяараа унаад цус алдаад сүйд болчихоо шахсан Олзодод таарах бүлгийн цус олдохгүй сандарч байтал нэгэн ачтан таарч цусаа өгсөнөөр мань эр амь аврагдсан гэдэг. Эдгэж тэнхэрсэн Олзод сумын бага эмчээс тэр ач тустай хүн хэн болохыг асуутал “явуулын л хүн дээ” гэснээс өөр нэг их юм хэлээгүй.
“Юмыг яаж мэдэхэв үүгээр дахиж ирвэл үүнийг өгөөд, манайхыг зааж өгөөрэй” гээд үргэлж барьж явдаг аавынхаа үлдээсэн нэг их томгүй халтар манан хөөргөө үлдээгээд эмнэлэгээс гарсан. Хожим нь тэр хүн сумаар нэг ирсэн сураг байвч Олзодынд ирээгүй. Тэр цагаас хойш Хазгар Олзод хэмээн нэрлэгдэх болсоор насыг элээж яваа хүн.
Өвлийн ёлтгор нар цасан дээр ойн гялбаж харахад нэн төвөгтэй тул Олзод хий дэмий гэрээдээ саравчлана. Дэжидийн наад нөмөр хонхорт гурван гэр барьсан өвөлжөө эргэн тойрон мэлийсэн цасан дунд хуруугаараа дарж гэсгээсэн хэсэгхэн газар мэт харлан харагдана.
Өчигдөр Нанзадынхаа хойдохыг гүйцээчихээд тэндээ нэг унтчихаад өглөө наашаагаа гарсан нь энэ.
- За Балжид минь биеээ бодож, сайн л сууж байгаарай даа гэж Олзод аргадангуй хэлээд босоход галын өмнө уймарч суусан Балжид гэнэт нэг юм санасан бололтой
- Еэ элээ минь! гэж мартах нь. Ингэдэг л өгөр байгаа юм гээд орны толгойн тушаа жижигхэн бор авдар ухаж цагаан пансан алчууранд боодолтой юм гаргаад
- Бүрлээч маань энийг таньд өгөх юм шүү гээд байсан гэтэл
- Ишш! юу юм болдоо? зайлуул
- Мэдэхгүй л дээ. Элдвийн юм л хэлээгүй
- За за гээд авч өвөртлөөд гарав. Араас нь нэг хүү нь болох залуу гүйн гарч мордуулж өгөөд
- Өнөөдөр бас л тачигнах нь дээ. Та гайгүй яваад хүрчих байгаа гэх нь эгээ л Нахиу Нанзад дуугарвуу гэмээр. “Яасан сүрхий дуурайгаа вэ. Урд нь ер анзаарч байгаагүй юм байна. Хүний бие баравч, үр хүүхдээрээ дамжин хэдэн үедээ амьдардаг нь үнэндэгээ” гэж бодонгоо
- Гайгүй дээ. Ямар анх удаа явж байгаа биш. Та нар муу эхийгээ л сайн харж хандаж байгаарай гэж захиад мордсон. Тэгээд буцах замын турш Нахиу Нанзадынхаа тухай бодоод салах биш. Үе үе цээж нь давчдаж, нүдэнд нь нулимс бүрэлзэхэд “За одоо уйлж унжаад хойд төрлөө олох гэж ядаж явахад нь усан бороо цутгуулж саад хийгээд яахав” хэмээн санан биеэ барьсаар явлаа.
Нахиу Нанзад гэж дунд зэргийн нуруутай хөнгөн шингэн, бэлэн цэцэн үгтэй нэгэн байсан аж. Нанзад Олзод хоёр энэ нутгийн үе тэнгийн хоёр. Нэгэн үе залуу халуун ч байж эрсэж, тэрсэж явсан юм энэ хоёрт бий. Нанзад ганц насаар ах юмдагуу. Олзодыг цэргээс ирэхэд жилийн өмнө ирсэн Нанзад Олзодоос өрсөж Балжидтай тоонот гэрт толгой холбосноос үүдэлтэй.
Олзод, Балжид хоёрынх голдуу айл саахалт явсан болоод тэрүү тэд багадаа хурга тугалын бэлчээр, сүүлдээ гүү саахаас авхуулаад ер салангид байгаагүй тул Олзод түүнийг өөрийнхөө бүсгүй мэт л санаж явсансан. Цайвар шингэвтэр царай, цангинасан хөөрхөн инээдийг нь цэргийн гурван жил цээжиндээ тээсээр ирэхэд тэр хэдийнээ хоцорсон байжээ. Гэхдээ ил цагаан хадаг сүй тавиагүй байсан болохоор нэг их айхтар зүйлгүй, атаархал төдий байсан нь цагийн аясаар бүдгэрсээр сүүлдээ бие биенээ давах гэж хэл амаа билүүдсэн, хаа нэг уулзахаараа тоглож наргисан, бас ч гэж хоёр биенээ үгүйлэх янзтай нутгийн буурал өвгөцүүл болцгоосон билээ.
“За байз Нахиутайгаа хэзээ хамгийн сүүлд уулзлаадаа” гэж санаснаа Нахиу Нахиу л гэх. Хэн түүнийг хамрыг нахиу болголоо доо. Би шүү дээ. Тэр жил бас л хэд гурван үг шидэлцэж байгаад муу золиг чинь надад
- За чи ч дээ. Муу цустай лүд гээ биздээ. Таарчих цустай хүн олдохгүй балардгийн даваан дээр бас нэг тийм хачин амьтан таарч амь гарсан гээ биз. Аз л юм даа. Нэг тэрэгний хоёр дугуй гэгчээр тийм амьтан байж л байдаг гэж өнөө ачтаны маань дайруулж хэлчихээд арсайтал инээхээр нь залуу ч байсныг хэлэх үү гэнэтхэн дотроос нэг юм дүрэлзэж
- Чи намайг л хэмлэж байвал барав. Тэр хүнээр багахан шиг оролдоорой гээд таягныхаа үзүүрийг явуулчихсан нь хамарт нь таарч нахиу болгож орхисон доо. Уг нь бол их л уурламаар. Тэгсэн харин
- Тэр хүнээ мартаагүй чинь овоо доо гээд хамраа угаачихаад мордоод явчихаж билээ.
Түүнээс хойш энэ нутгаар Нахиу Нанзад гэх болсондоо. Би ч эхэндээ гайгүй шиг байснаа нас ахих тусам эмзэглэж түүнд ямар нэгэн тус хийчих юмсан гэж бодох болж билээ. Сайндаа ч биш л дээ зайлуул залуугийнхаа гэмийг л цайруулах гэсэн юм биз. Тэр жилийн намар мал тооллогоор Нанзадынх хоёр үхэр дутаад байгаа сураг гарангуут нь би эндээс хоёр үхэр холбож хөөгөөд гарсан. Ашгүй хомиссынхон хөдлөөгүй байж. Би ч мэдээгүй дүр үзүүлж зэлэн дээр байсан Балжид руу
- Аль зун оодонгийн цагаар танай энэ хоёр мялан чинь манай хэдтэй нийлсэн. Ирээд авчихаа яана. Одоо тэр тооллогынхон ирж явна гэнэ цаана чинь. Манайхаас илүү гараад сүйд хийнэ. Шоронгийн хадаас ч болох юм билүү гэж хашгирчихаад үгийн ч зөрөөгүй давхиад явчихсан. Дотроо Нанзадад овоо тус хийж нүглээ цайруулж байгаа ухаантай. Сүүлд нь сонсохноо тоо толгой дутаагүй л сурагтай байсан. Дараа жил нь миний сонирхоод байсан хурдан хээрийнхээ удмын нэг даагыг хүүхдээр хөтлүүлээд
“Тэр нэг хөл муу, хурд муу амьтанд буян болог” гээд явуулсан байсан. Бид гэж ийм л улс байждээ. Тэгсэнээ хадуурч давхисан бодлоо эмхлэх мэт хэсэг байзнаснаа. Тийм л дээ. Сүүлд бид наадмын дараахан нэг уулзахад царай зүс нь тийм ч аятайхан харагдаагүй шүү.
- Сүүлийн үед цээжээр хатгуулаад, нойр баахан муутай болсон гэж байсан. Гэтэл би гэж өдий болтлоо ухаан суудаггүй хог
- За чи бас л юм юманд урьтдаг хүн болох гэж галзуураад гэхэд
- Тэр ч үнэн бололтой. Чи ч яахав дээ намайг бодвол залуу хүн арай болоогүй биз гэж суусансан. Гэхдээ миний бие баравч би чамтай хамт л үлдэх болов уу гэж юу бодсон нь мэдэгдэхгүй юм хэлж билээ. Бодвол чи намайг дурсан санаж явах болно гэсэн юм болов уу даа. Нээрээ бид хоёр насаараа шахуу бие биенээ адарч, арсаж явсан ч хоёр биендээ нэг их муу санаж яваагүй дээ.
Чамаас илүү гарчих санаатай амьдралынхаа турш л оролдож явсан тулдаа би өдий дайны яваа юм болов уу. Юм л бол “залуу хүүхэд” гэж намайг явуулах. Бусад үед барилдаад хаяад байх хэр нь яг наадамд зодоглохоор бардаггүйсэн. Намайг бодвол тооцоотой байсан юм байхаа даа. За тэгээд энэ муу хөлнөөс болоод нэг их ч ноцолдоогүй дээ. Нэг л наадамд ноцолдсон шиг билээ. Сүүлдээ нас явж үг уралдуулахаас цаашгүй болоход бас л намайг даваад байх. Нэг удаа би
- Бага байхад, бараг өлгийтэй байсан байх. Дээр нэг юм гялайгаад л байдагсан. Одоо бодоход тооно байсан байна шүү дээ гэчихээд “энэ золиг одоо юу гэж золигтох бол” гэж бараг бодож амжаагүй шахам байхад л
- Тэр ч яахав тооно. Нэг их сүйдтэй юм биш. Харин эхээс унахад сэрүү татаад л, ээ дээ! мөн эвгүй шүү. Хавар байсныг хэлэх үү гээд муу нахиу хамрынхаа үзүүрийг харангаа тамхиа сороод сууж байж билээ. Миний шар хөдлөөд болох биш. Гэсэн ч хариу хэлж чадаагүй дээ.
Дараа нь өвсний гарц үзэх далимаар эднийхээр нэг буусан. Сайндаа ч биш л дээ. Муу бөгтөр хээр аргамжаагаа тасалчихаад барьж чадахгүй мунгинаж явахдаа нэг үг бодож олоод түүнийгээ л муу золигт хэлэх гэж яваа нь тэр л дээ. Балжид жижиг бетонтой юм бид хоёрын дунд тавьчихаад
- Ахиад юм байхгүй шүү хоёр лүд минь гэчихээд үнээндээ гараад явчих.
- Ойрд юмны бараа харуулаагүйсэн. Энэ Балжид ер нь одоогоороо чамд муугүй шүү гээд нахиу хамраараа хий гаргаад инээж байсан. Би ч дуугай ч байгаагүй.
- Уулын өндөр, усны тунгалаг гэдэг дээ. Хожимдсон ч гэсэн юмны сайн мууг ялгадаг болж байгаа нь тэр гээд л нэг их амьтан. Тэр үедээ ч давчихлаа л гэж бодож суусан. Бедонтой юм шингэрч дон хийх үед
- Цаадах чинь одоо ороод ирнэ. Тэгэхээр уул усныхаа сайхныг одоо л харуулна даа гээд л марсайсан муу золиг. Ухаандаа надаар Балжидыг аргалуулж нэмэх гэж түрүүчийн үгийг хэлсэн байгаа юм. Балжид ч намайг хэлсэн хэлээгүй гаргаад л ирсэн л дээ. Жаал сууж байгаад ярианыхаа завсраар
- Нас ахиад ирэхээр хашир дэндээд байх бололтой. Аргамжаатай морио уургалж барьдаг боллоо гэж өглөө бодож олсон үгээ хэлчихээд нүднийхээ булангаар ажиглаж суутал гутлынхаа хоншоор дээр гансаа цохингоо
- Харин тиймээ хэний яанаагүй. Би чинь одоо алсан адуугаа чөдөрлөж байгаад өвчинө гэж бодож байгаа гэж нохойтдог байгаа. Мөн чиг бэлэн үгтэй туучий шүү хэмээн санана.
Эрт эдүгээгийн эгэл жирийн өдрүүд Олзодын нүдний өмнүүр жирэлзэнэ. Хэдийгээр Олзодын биед элдэв шаналан байхгүй ч өнгөрдөг жил муу эмгэн нь унаад өгсөн. Энэ жил Нанзад гээд бодохоор ээлжтэй юм ээлж нь ирэхээр яах ч аргагүй юм даа хэмээн бодолд ээрэгдэн тамхилсаар. Хүний хорвоо ээлжлэн өнгөрөх авч яг өөр дээр тулаад ирэхээр бас ч гэж харамсах хоргодох юм байдаг нь жам. Нас өдий зэрэгт хүрсэн хүний хувьд хэрийн юманд биеэ барих боловч орь ганцаар байх үед сэтгэл гэдэг сулардаг юм болов уу даа Олзод өөрийн эрхгүй гунигт дарагдан суух ажээ. Тамхины утааных уу, бодлын шорвогийнх уу цээж нь хөндүүрлэн хий юм өгсөж хоёр нүдний нь аньсагийг хоросгоно. Олзод сүүлчийнхээ нэрэлтийг асаагаад мааниа хэлчихээд, чүдэнзээ өвөртлөхөд, Балжидын өглөөний өгсөн боодолтой зүйл гарт нь таарав. Түүнийг гэнэт санаж гаргаж хормой дээрээ тавин задлахад аль цагийн мартах шахсан аавынх нь халтар манан хөөрөг өөрийг нь хүлээж цөхөрсөн мэт хэвтэнэ. Үүнийг харангуут
- Ээ моньд минь дээ. Энэ чинь чи байж шүү дээ хэмээн амандаа шивнэн салганана. Тэртээ тэрэнгүй бараг бэлэн байсан Олзодын нулимс сад тавин, муу циймэн хоёр нүд нь мэлийсэн цагаан тал дээгүүр хэн нэгнийг хайх мэт тэнүүчилж, хоолойноосоо хэржигнэсэн дуу гарган енгэнүүлнэ.
Хөдөө хээр хөр цасан дээр өрөөсөн хөлөө жийн суусан буурал өвгөний хаваас нь чангадсан мэт үрчлээт нүүрэн дээгүүр халуун нулимс урсахад, мойнийсон хуруугаараа арчин арчин, хоёр мөрөө чичрүүлэн гав ганцаар суусаар …

Бүрэн эхээрээ...