# #

Хүрлээ - 1 (Өгүүллэг)

7 Сэтгэгдэлүүд:

Хүрлээ нойрноос сэрлээ. Цонхоор тусах нарны шаргал туяа орны хөлийг ороон алдахыг бодоход бөх унтжээ. Тэр өндийх гэж яарсангүй. Нойрондоо зунгааралдах нүдээ гараараа нухмар болж, хэвтэрээ эвтэйхэн засаад дахин нүдээ анилаа. Нойроо ханасан эсэхэд эргэлзэнэ. Тэгтэл гэнэтхэн өчигдөрийн явдал тархинд харвахад уур нь хүрч эхлэв. Бодвол өчигдөр дутуу орхисон уур унтууны үлдэгдэл бололтой. Тэрхэн зуур Хүрлээгийн нойр сэргэж, орондоо хоёр хөрвөөгөөд ухасхийн бослоо. Тавиур дээрх цаг руу хяламхийвэл аль хэдийн арав өнгөрчээ.
“За, за өчигдрийн юманд өнөөдөр уурлаад яахав. Нэгэнт босчихсон юм чинь сайхан усанд оръё байз” хэмээн бодоод алчуур халаадаа аван угаалгын өрөө чиглэлээ. Гэрийнхэн нь бүгд алга. Хамаг хувцас хунар нь үүгээр түүгээр, ундуй сундуй хэвтэхийг бодоход ихэд яаруу сандруу гарцгаасан бололтой.
Хүйтэвтэр тааруулсан ус нойрмог биен дээр асгарах нь цаанаа нэг таатай. Нүүрэн дээрээ ус гоожуулаад зогсоод баймаар. Усны мянга мянган дуслууд арьсны нүх бүрээр сүвчин, өөрөө ч гэсэн усны нэгээхэн хэсэг болчихов уу гэлтэй санагдана. Гэтэл гэнэтхэн дахиад л өчигдөрийн явдал ямар ч сануулгагүйгээр тархинд харван орж ирэв. Хүрлээ сүүлийн хэд хоногийг эс тооцвол өчигдөрийг хүртэл урамтайгаар ажил хайж байсан гэж болно. Ямар ч ажлыг чин хүсэл эрмэлзлэлтэйгээр хийж чадах, бас ч гэж англиар ойр зуурын юм ярьчихтайгаа болсон түүнийг хэзээ нэгэн цагт, хэн нэг нь заавал ажилд авна даа гэсэн итгэл салахгүй дагаж байсан юм. Өчигдөр тэр нэгэн байгууллагын “Хүний нөөц” гэсэн хаягтай хүрэн хаалгыг татан орохдоо
“Хамгийн цовоогоор, хамгийн сайхнаар, хамгийн . . . хамгийнаар өөрийгөө танилцуулах юм шүү. Эх орондоо, эх хэлээрээ ярьж байгаа юм чинь болох байгаа” гэж бодсоор орсон. Хэсэг хугацааны дараа Хүрлээ гарч ирээд, хонгилд тавьсан сандлын наад үзүүрт урамгүйхэн суулаа. Тэрээр дутуу хаасан хаалгаа хаах гэж нэг ухасхийснээ
“Үгүй ээ, би ер нь яагаад энийг хаах ёстой гэж” хэмээн бодоод хаа нэгтээгээс өдөржингөө сажилж, сажилж ирээд сандал олдсон дээр нь суугаад авч байгаа хүн шиг хамаг биеэ сул хаян, ар дагзаа хананд наагаад нүдээ анилаа. Хүйтэн хана дагзнаас жиндүүлэх нь таатай ч юм шиг. Тиймээ! тэр ядарчээ. Хүрлээ маш олон сар, маш олон хаалга татан хуучнаар бол боловсон хүчинтэй уулзаж, эцэстээ аргаа баран сууж байгаа нь энэ. Манайд одоогоор орон тоо алга. Та энэ анкетийг бөглөөд орхичих, бид утасдъя гэж хоорондоо ярилцсан юм шиг нэг л ижилхэн хариу өгдөг юм тэд. Яагаад тэгдэг юм бол? Хэлэх ч үг алга даа.
Хонгилоор сэвэлзэх хөнгөн салхи Хүрлээгийн духны хэдэн ширхэг үсээр оролдоно. Тэрээр шууд явахыг төвдсөнгүй. Үнэндээ тийм тэнхэл ч байсангүй. Гараад хайчих ч юм билээ.
“Би гадаадад байхдаа бас л ажил хайгаад өдөржингөө гудамж хэмжин алхдагсан. Гэлээ гэхдээ их удлаа гэхэд бүр цаад тал нь нэг сарын дотор заавал нэг ажил олддог юм. Угаасаа хоол унд, байр савны төлбөр гээд тархи, зүрхний там болдог болохоор олохгүй бол болохгүй юм чинь дээ. Орой, бас л урамгүй мэдээтэй харих нь дээ. За, за би юугаа ч бодоод унав даа. Босохоос дургүй хүрч байх чинь. Үгүй тэгээд энд суугаад яах ч юм билээ” гэсэн эцэс төгсгөлгүй тэгсэн атлаа үр дүнгүй бодлууд Хүрлээгийн толгойд эргэлдэнэ. Тэгтэл түүний гарч ирсэн хүрэн модон хаалганы завсраар эр, эм хоёр хүний хоорондоо ярих нь тодхон сонсогдлоо. Эрэгтэй нь түрүүхэн Хүрлээтэй уулзсан хүн мөн ажээ. Эмэгтэй нь
- Яасан? Саяын хүн чинь гайгүй хүн юм биш үү? Гадаад дотоод яваад галуу шувууны мах зулгаасан, харахад ч аятайхан залуу байна даг.
- Хн! Хаашаагаа тэнэж, юугаа зулгаасан нь ямар хамаатай юм.
- Үгүй ээ, ядаж хэлтэй устай . . .
- За, засс! Тэрний хэл усаар би дутаагүй зүгээр
- Чи юундаа уурлаад байгаа юм бэ? Чи чинь хүний нөөц биз дээ? Хүн ажил хайгаад ирэхээр уурлаад байдаг. Манайд орон тоо байгаа ш дээ.
- Энэ одоо чиний хүн юмуу? Хаашаа юм?
- Үгүй л дээ
- Тэгээд. Тэгээд юундаа хүн шалаад байгаа юм? гэж бачимдан чарласнаа цааш нь
- Тэгээд ч би авахгүй. Аягүй бол сарын дараа гэхэд хэл усаараа гайхуулаад манийхаа толгой дээр гарчихыг хэн байг гэх юм
- Аан! Чи тэгж бодоод байгаа юм бий.
- Чи ямар тэнэг юм бэ? Ганцхан миний ч биш, чиний ч толгой дээр гарна ш дээ. Тэгээд хагас жилийн дараа гэхэд чи бид хоёрын нэг нь халагданаа гэсэн үг. Чи ер нь юм ойлгодог юмуу? Үгүй юү?
- Нээрээ тэгэх юм болов уу?
- Тэгээд ч би энэ хар амиа бодож гадаадад гайхуулж яваад ирсэн юмнуудад дургүй.
- Тэр ч арай хэтэрнээ
- Ямар ч байлаа гэсэн би энэ сандал дээр суугаа цагтаа гадаадаас ирсэн хүнийг ажилд авахгүй. Төр төмөр нүүртэй гэж мэдэх үү?
- Чи ч гэсэндээ хаанахын ч билээ визэнд ороод гараагүй гээд л урвайчихсан явсан биздээ?
- Харин тэгээд яагаав. Ямрынх нь гараад, ямрынх нь гардаггүй юм. Тэгээд ч тэр үед надад виз гараагүй нь болсон юм. Тэгээгүй бол саяын өрвийсөн юм шиг ажил хайгаад хүн долоочих гээд явахгүй юү . . .
Хүрлээ үүнээс цааш сонсож чадсангүй. Хэдий эрүүл саруул байсан ч чухам яаж гэртээ ирснээ ч мэдэх юм алга. Хамгийн их итгэж найдаж байсан хүн нь, хамгийн хүнд хэцүү үед уравчих шиг тийм сэтгэгдэл төрж байлаа. Монголдоо ирэх гэж яасан их хүслээ дээ. Тэр өнөөдрийг хүртэл яг зургаан сар ажил хайгаад олоогүй ээ.
Хаанаас ч юм ирсэн бухимдал, гомдол эсвэл юу ч юм бэ дээ нэг юм Хүрлээгийн сэтгэл дотор дахиад л босож ирэх гээд байгааг анзаарав. Энэ үл үзэгдэгч их сонин. Амьтай ч юм шиг, нүдтэй ч юм шиг, шар өнгөтэй ч юм шиг, шарвагнуур зантай ч юм шиг байгаа юм. Хүрлээд юу бодогдож, түүний сэтгэл санаа ямархан байнав, тэр аясаар хувирч, заримдаа бүүр өөрт нь дийлдэхгүй болтлоо авирлаад байгааг Хүрлээ дөнгөж өчигдрөөс л анзаараад байгаа.
Тэр уснаас гарч, саарал өнгийн зузаан том алчуураар биеэ зүлгэх зуураа
“Үгүй шүү! Өнөөдөр энэ талаар бодохгүй. Ерөөсөө өнөөдөр ажил төрөл гэж бодохгүй тайван өнгөрөөе байз. Эх орондоо байх ч сайхан байна шүү. Ажилгүй байгаад байхад л амьдраад болоод байдаг” гэж бодсоноо энэ хачин бодолдоо өөрийгөө шоолон жуумагнаад
- Ажилгүй байхад амьдраад байхдаа яахав дээ. Амьдарсан болоод гэвэл зохих байх. Гэхдээ л сайхан байна шүү. Ах дүү, аав ээжийнхээ хажууд байхыг сайхан гэхгүй бол өөр юугаа сайхан гэхэв гэж өөрөө өөртөө шивнэн хэлэв. Өөрийгөө хүчээр тайван байлгах гэж оролдож буй ч нэг л болж өгөхгүй л байлаа. Тэр кофе буцалгав. Сэтгэлийн мухарт өнөөх шарвагнуур шар түр намжиж буй нь мэдрэгдэж байв. Гэвч ямар нэгэн сэдэл гарах л юм бол тэр мэдээж сэрэхэд бэлэн байгаа.
“За, хө! Өнөөдөр чинь тэгэхээр юу хийдэг билээ. Кофегоо уучихаад жаал ном уншнаа. Багадаа ч олон ном уншсандаа. Нэг амтанд нь орчихоор мөн ч сайхан шүү. Яг л дотор нь орчих шиг болдогсон” гэж бодоод тавиур дээр жирийтэл өрсөн номнуудыг нүд гүйлгэн харав. Хүрлээд яг энэ номыг уншчихъя гэсэн зорилго байсангүй. Тэрээр хавтас нь нилээн муудсан нэг номыг яагаад ч юм сонгон авсан нь “Зуун жилийн ганцаардал” байв.
- Хн! Намайг мэдсэн юм шиг зуун жилийн ганцаардал байхдаа яахав дээ гэж амандаа үглээд, “Нээрээ, ажил олдох нь уу, үгүй юү гэж номоор мэргэлдэг юм билүү” гэж бодсоноо өөрийгөө шоолов. Энэ шоололт ч гэсэн ямар нэгэн хор шар дагуулах гээд байх шиг. Хүрлээ түүнээ хурдхан анзаарч
- За, за тийм ядарчихсан юм гэж юу байдаг юм. Өнөөдөр угаасаа энэ талаар бодохгүй гэчихээд. Тэгээд ч энэ номоор мэргэлэхгүй гэж хэн нэгэнтэй ярьж байгаа юм шиг тод хэлэв. Тэр бухимдахгүйг хичээж байлаа.
“Энэ номыг би урьд нь хэд уншлаа? Бараг хоёр ч уншсан байх. Хүн амьтны хэлдэгээр салахын аргагүй сайхан ном гэж мэдэрсэндээ биш, зүгээр л анх уншаад юу ч ойлгоогүй. Нас насны ялгаагаар ойлгодог юм болов уу гэж бодоод сүүлд, оюутан байхдаа дахиж нэг уншсан. Тэгээд ч ойлгоогүй юм. Гэтэл энэ зохиолчийн бараг энэ номонд нь байхаа Нобелийн шагнал өгсөн байдаг. Бодвол би л тааруухан тархитай гайхал юм байх даа” гэж бодон номоо барьсаар буйдан дээр хэвтлээ. Хүрлээ хаа очиж номыг уншиж сурчээ. Хоёр нүд нь аяган дотроо хэдхэн гүйгээд л нэг нүүрийг уншчих нь тэр. Зарим хүмүүс бараг л үсэглээд байна уу гэмээр үг үгээр нь, удаан уншдаг бол Хүрлээ ерөнхийд нь мөр мөрөөр нь харж амждаг юм. Бараг л зурагтай сэтгүүл үзэж байгаа юм шиг.
“Үе үе дамжсан үхэж өгдөггүй энэ эмгэнд л нэг учир байгаа юм даа. Бодвол энэ, хүн хэлбэрээр гарч ирсэн хүний оюун санаа юм болов уу” гэж хүртэл бодов. Түүний хэвтэж буй чив чимээгүй өрөөнд номын хуудас хааяа нэг эргэх чимээ, ханад өлгөөтэй кварцан цагны чаг чаг дуугарах л сонсогдоно. Номоо уншиж хэвтсэнээ Хүрлээ хамгийн дуугай дүмбэгэр юм бол яаж ч бодсон ном мэт санагдавч хуудас нь эргэхээрээ чимээ гаргадаг болохыг сая анзаарав. Ном чимээтэй ажээ.
“Яагаад би ийм гэж бодож байгаагүй юм бол. Номон дотор чинь голын шаргиа, навчисын сэрчигнээн, адуу янцгааж, амгай шаргиж, ардын дуу шуранхайлж, айраг хүртэл эсэж байдаг биш билүү. Тэр ч байтугай энэ номонд гарч байгаа шиг цаг хугацаа зуу зуунаар үргэлжилж байхад яагаад дуу гарахгүй билээ. Энэ бяцхан тосгонд эмс охид инээж эсвэл уйлж, эр цэргүүд ирж буцаж, элсээр шуурч байхад, үгүй ядахдаа л сүмийн хонх гунигаар цохилж байхад яагаад ном дуугүй байх гэж . . .
Нээрээ! сүмийн хонх гэснээс энэ үед цаг байсан болов уу. Байсан л байж таарна даа. Гэхдээ энэ кварцан цаг шиг дуугардаггүй байсан байх”
Нэг мэдэхэд Хүрлээ номоо тэвэрсээр бодолдоо ороогдон цагны цохилтыг өөрийнхөө зүрхний цохилттой харьцуулан тоолж байлаа. Аль нэг нь арай хурдан ч юм шиг . . .
Үгүй ээ үгүй, яг адилхан ч юм уу. Тэр ялгаж чадсангүй. Түүний доторх өнөөх шарвагнуур шар хүртэл гайхаж хоцорсон янзтай төсөөлөгдөнө. Тэр тэгж байхдаа таарсан амьтан. Тэгээд л маанайж байг цаашаа.
“Тиймээ! Тэр үед цаг байгаагүй байх. Нарнаас нарны хооронд баримжаалдаг байсан байх. Өглөөний нар мандахаар үзэмнийхээ талбай руу явж, үдийн нар голлоход сүмийн хонх дуугарч хөөрхий ажилчид бутны сүүдэр доор нуруугаа амраан, хавтгай гурилаа халуун чинжүүтэйгээ иддэг байсан байх. Магадгүй, үдэш нар бөхийхөд ажлаа дуусгаад, газар өнгөтэй амбаар луугаа тааваараа алхахдаа хэн нэгэн бүсгүйн энгэрээ сулхан нээж, өргөн хондлойгоо холбилзуулан алхахыг тэр ч байтугай нэвт хөлөрсөн суга хонхорцогийг хүртэл тийм нэг хүслийн ад гүйсэн харцаар ширтэн алхацгаадаг байсан байх. Тэд ажлаа тарахад жаргалтай байдаг байсан байх” Хүрлээ ийн бодож хэвтэнэ. Түүний нүд цаган дээр, гарт нь ном, бодол санаа нь зуу зуун жилийн тэртээх халууцаж хөлөрсөн Испани бүсгүй дээр туссан байлаа.
Тиймээ, тэд ажилтай байж. Хүн төрөлхтөн үеийн үед ажилтай байж. Харин Хүрлээд ажил байхгүй. Энэ үед Хүрлээгийн шарвагнуур шар мурчигнах шиг болов. Энэ үл үзэгдэгч хэзээнээс эхлэн бий болсныг мэдэхгүй. Ямарч байсан өчигдрөөс эхлэн амилсан уу эсвэл тэр анзаарсан уу нэг л юм болсон. Хүрлээгийн дотор бачууран харанхуйлж, барьж байсан номоо эгээтэй л шидчихсэнгүй.
“Би эх орондоо ирэх гэж ямар их хүслээ. Бараг л өдрийн бодол, шөнийн зүүд байсансан. Гэтэл энд үлдсэн хүмүүс маань гадагшаа явагсадынхаа тухай ийм бодолтой байсан гэж үү. Яалаа гэж энэ вэ? Юу биднийг ингээд хуваачих нь энэ вэ?” гэж бодох зуур өглөөнөөс хойш хүчээр барьж байсан сэтгэлийн шаналал нь гомдол болон хоолойд зурна. Өнөөх шарвагнуур шар нэг болохоор даапаалан шоолох шиг, нэг болохоор түүнийг даган нурмайх шиг болно. Нэг мэдсэн чинь Хүрлээгийн нүдний аяга шингэнээр дүүрсэн байлаа.
“Үгүй ээ, үгүй. Би иймхэн юманд ингэж нормойгоод яах ч юм билээ. Өнөөдөр ерөөсөө энэ талаар бодохгүй шүү. Сайхан амрах л хэрэгтэй. Өнөө орой нөгөөдүүлээ ирэхэд сайхан хоол хийе. Яалаа гэж тэр хаа хамаагүй танихгүй хүний хэлсэн үгний төлөө би энд боож үхэх гэж суух билээ” гэж тэр өөрийгөө тайвшрууллаа. Шарвагнуур шар ч учиргүй сагсалзан байснаа эзнээ харсан хоточ шиг цагиргалан хэвтэх шиг болов.
Хүрлээ өөрийгөө тайвшруулах, жаргалтай байлгахын тулд юу хийхээ бодно. Түүнд одоо ном хэрэггүй болсон. Тэрээр гэр дотроо нүд гүйлгэн явтал үүдэнд хэвтэх хоёр гутал тусав. Монголд ирэхдээ өмсөж ирсэн гутлын өсгий нь мөлийжээ. Тэрээр ихэд олзуурхан
- Өө, хөө! энийгээ янзлуулъя байз гэж дуу алдах шахам хэлээд “Уг нь чанартай л юм гэсэн. Манай энэ шороо чулуу болсон гудамжинд хаанахын, ямар гутал байгаад ч нэмэргүй бололтой доо” гэж бодтол нүдэнд нь эхнэрийнх нь гутал бас тусав.
- Үгүй тээр! Манай хүний гутал хэдийдээ бас ингээд яайжийж орхив гэж өөрийнх нь гутал зүв зүгээр байгаа юм шиг гайхан үглэснээ
- За, за хоёуланг нь аваад гаръя гэж бувтнаад өөрийгөө сатааруулах ажилтай болсондоо тэгсэн үү сэтгэл нь овоо хөнгөрөн хурдхан шиг хувцаслан гарлаа. Яг л уйт орчноос зугатах мэт.
Хүрлээг босож, суун бодолдоо ороолдсоор байтал аль хэдийнээ нар голлож, өдрийн хугас өнгөрчээ. Наашилж буй цагийн нар ээж байрных нь хэдэн хөгшид дүнгэр дүнгэр гэлдэн сууцгаана. Зарим нэг нь Хүрлээгийн эцэг эхийг амьд ахуйд орж гарч байсан тухайн цагийн андууд мөн. Цагтаа хуучны энэ хороолол битгий хэл, энэ хот, энэ улсыг нуруун дээрээ авч явцгаасан улс гэхэд одоо итгэхэд бэрх харагдана. Хэдэн хүүхэд шаагилдан, элс шороо бужигнуулан тоглоцгооно. Байшингийн ёроолоор нялх ногоо цухуйсан нь хэн хүний сэтгэлийн үзүүр дулаацмаар.
Хүрлээ нэгэн гуталчингийн газрыг мэднэ. Хүрлээ байтугай энэ хавийнхан бүгд мэднэ. Орон сууцны хамгийн анхны гэж болох энэ хорооллын гурван давхар ягаан байшингуудын дунд бас ягаан өнгөтэй жижигхэн дөрвөлжин цэг шиг тийм нэг шавар мухлагт нэгэн гуталчин суудаг юм. Яг ямар нүүр царайтай хүн байсныг нь тэр санадаггүй. Осолдохгүй хөх өнгийн хөвөнтэй өмд цамцтай, том хар дугуй унасан хөгшин дотор хүн байдаг байсан. Хүрлээ бусад хүүхдүүдийн адил “Хужаа, хужаа. Хөгцөн шүдэт, хөгшин луухаан” гэж хашгирчихаад гүйж одно. Тэгэхэд арзгар хар шүдээ гаргаад инээдэгсэн. Яг инээж байсныг мэдэхгүй юм. Гэхдээ хэн ч харсан инээж байна л гэж бодогдоно. Тэр шүд л санаанд байхаас бусдыг бол мартжээ. Хожим сургуульд явахад тэр жижигхэн мухлаг, тэр хүн хоёр байж л байсан. Яагаад ч юм санаанд үлдсэн хэрнээ санагддаггүй тийм л нэг мухлаг, тийм л нэг хүнийг өнөөдөр Хүрлээ гутлаа янзлуулах болохоор л санасан хэрэг. Тортой гутлаа гартаа санжуулан хөгшин улиасны доогуур яаралгүйхэн алхахдаа
“Энэ моддыг бидний дээд үеийнхэн ямар их сэтгэлийн хөгөөр тарьж бас ургуулсан бол. Тиймдээ ч ийм сүрхий ургасан байх”
Анхны хороолол, хуучин байшингууд, хөгшин модод, эртний дурсамж бүгд нийлээд сэтгэл дулаацуулчих юм гэж, өнөөх шарвагнуур шарыг хүртэл унтуулчих юм гэж Хүрлээ хэзээ ч санаж яваагүй байх. Харин сүүлийн үед хотын хаа ч гэсэн харагдах болсон хар хөх өнгөтэй машин хуучин байшингуудын дунд зогсох нь дэндүү гялгар бас содон гэмээр.
“Хотын хүн ам ихэссэн өнөө үед энэ хөдөлгөөнт эргүүл гарсан нь сайшаалтай шүү” гэж тэр харсантайгаа зэрэг шахам бодож амжив. Эдгээр байшингуудын нэг давхрууд одоо бүгд үйлчилгээний газрууд болжээ. Ихэнх нь л гадаад хаягтай юм. Тэрээр “40000 уушийн газар” гэсэн хаягийг харж
“Энд чинь нус Зоригоогийнх байсан ш дээ. Сайн санаж байна. Ядруухан гэхэд хаашаа ч юм нэг тийм айл байсансан. Хүүхдийнх нь нус нь дандаа л гоожиж явах. Угаасаа тэр үед нэг давхар чинь жаахан нэр муутай байсан юм. Зах зээл энээ тэрээ гээд л үнэд орсон болохоос биш. Бодвол тэднийхэн энийгээ зарж аль нэг тийшээ явж одсон байх л даа. Харин энэ хаягийг тоо, үсэг холиод овоо сүрхий донжийг нь олоо юу даа” гэж сунжруу бодолд автан булан тойров. Хүрлээг шавар мухлагт ирэхэд тэртээ санаанд үлдсэн хуучин мухлаг байдгаараа байж л байлаа. Яг л нэг юмны төгсгөл шиг. Харин жижигхэн цонхондоо төмөр сараалж хийсэн байв. Угаасаа л сүүлийн үеийн нэг давхрын бүх цонхонд байдаг болчихсондоо. Хүрлээ гадаадаас ирээд энэ хавиар зөндөө л явсан баймаар. Гэхдээ энэ бүгдийг ингэж сүрхий ажигласнаа санахгүй. Гутал засвар гэсэн хаягийг хараад “Нээрээ ч дээ. Энд гутлыг засах болохоос ямар хийх биш. Тэгэхээр гуталчин гэж бичихгүй нь зөв юм. Бид л гуталчин гэж яриад заншчихаж” гэж хэрэгтэй ч юм шиг, хэрэггүй ч юм шиг юм бодсоор орлоо. Өөдөөс хаймар, цавуу, ширний тийм гэхийн аргагүй содон үнэр тас хийтэл үнэртэнэ. Аргагүй ч юм биз. Түүний бодсоноос хамаагүй залуу хүн тэнд суух бөгөөд Хүрлээг харуут
- Сайн уу ах? Гутлаа засуулна уу? гэж түүний барьж явсан торлуу хяламхийв. “Туужууны өвс шиг ширүүн хар үс, хув гэмээр өчүүхэн чих, хүүхнүүдийн дуртай давхраатай ч, хаанаа ч юм бэлцгэртэй хачин нүд зэргээс харахад энэ яав ч монгол цусны хүн биш”
- Сайн. Гутлын өсгийд резин наалгавал ямар үнэтэй байх вэ?
- Дөрвөн мянга таван зуу ш дээ.
- Юу?
- Манайх шиг хямдхан газар энэ хавьд байхгүй дээ. Та яваад үзсэн ч болно.
“Өгүүлбэрийн зохион байгуулалт нь буруу болохоос бараг аялгагүй шахам ярих юм. Бас л их монголжсон байгаа юм шүү. Бидний багад хятадууд өмссөн зүүснээрээ ч, хэл яриагаараа ч илт ялгардаг байж. Одоо ч тийм байхаа больжээ”
- Би хоёр гуталд наалгах гэсэн юм. Найман мянгаар наагаад өгчих гэчихээд “яагаад заавал хямдруулах гэсэн юм бол” гэж санахдаа өөрийгөө гайхав.
- Хаа яаа! Би таваан мянга байсаан. Тэгээд дөрвөө мянга таван зуу гэсээн. Та дөрвөө мянга гэнээ гэж амандаа үглэн, толгойгоо сэгсэрч гаслах авч гутлыг эргүүлж тойруулан үзнэ.
“Өө, хөөрхий! бас аялгагүй ч биш юмаа. Хэлэнд даанч нэг муу улс шүү”
- Чи таван мянга гэж хэлээгүй ш дээ
- За, за би наанаа, наанаа гээд залуу гуталнуудыг нь тэрүүхэндээ шидлэв. Мэдээж тэр таван зуун төгрөгнөөс болж найман мянган төгрөгний ажлаа алдахыг хүсээгүй бололтой. “Чи муу ингэхгүй гээд яахав дээ. Энэ тэрүүгээр хэдэн жил тэнсэнийх чинийхээ занг мэдэлгүй дээ” гэж бодон эргэж сандал дээр суулаа. Тэр хоёрын хэн хэн нь дуугарсангүй. Бодвол дор дороо л юм бодож суугаа байх.
“Уг нь хүний нутагт амьдраад тухайн улсынхаа хэл яриаг сураад ирэхээр сайхан л байдаг юм. Тэгээд ирэхээрээ хүн хартай ярьж, үгүй ядахдаа өөрийнхөө хэлний түвшин хэр байгааг бусдад мэдрүүлэх ч бас бахархамаар мэдрэмж төрдөг шүү. Би ч гэсэн тийм л байсан. Даяарчлал гэж их ярих болсон өнөө үед хүн хаа ч явлаа гэсэн хүнд тустай ажил хөдөлмөр хийж яваа бол одоо яалтай ч билээ дээ” гэж Хүрлээ гуталчинг өөртэйгөө зүйрлэн, бодлоо бүгээнтгэж, өрөөг тойруулан ажин сууна. Энэ нь чухам өөртөө залуугийн тухай төрсөн таагүй сэтгэгдэлээ хорьж байгаа юу эсвэл угаасаа нас ахиад юмыг арай уужуу бодох болсон нь нөлөөлсөн үү алин болохыг ялгасангүй.
Мухлагаа тэг дундуур нь намхан хаалтаар хоёр хувааж. Нэг талд нь хана дагуулан бандан сандал тавьж, эрээн хулдаасаар хулджээ. Гурав дөрвөн хүн суугаад дүүрчихмээр аж. Энэ нь үйлчлүүлэгч нарын суух хэсэг бололтой. Нөгөө талын хананд зүлгүүр бүхий бага оврын машин байрлуулчихаж. Толины хоёр хэсэг хагархай хаанаас ч юм олж ирээд наачихаж. Өөрийнхөө суудаг сандал дээр ямааны өөдсөхөн хөдөс тавьчихаж. Мөлийж гялайсан гутлын тахир төмөр, хажуугийн тавцан дээр жижигхэн дөрвөлжин нүднүүдтэй модон хайрцаг байх бөгөөд нүд болгонд нь хоорондоо үл ялиг ялгаатай зүсэн зүйлийн шивээ хадаас, үдээс зэргийг хийжээ. Түүний хэрэгтэй бүхэн эргэн тойронд нь байх бөгөөд залуу хүссэн зүйлээ хүссэн үедээ нэг их эрж хайлгүй авах ажээ. Ер нь эргэн тойронд байгаа болгон тохилог гэхэд хаашаа юм нэг тийм амархан, сэтгэлд дулаахан ч юм шиг Хүрлээд таалагдаад байх шиг санагдана. Хүн заримдаа яагаад ийм жижигхэн бөглүүхэн орчинд дуртай байдаг юм бол. Хүүхэд байхдаа хувцасны шкафанд эсвэл ширээн доогуур орж орчноосоо тусгаарлагдан тоглох дуртай байж билээ. Хүрлээгийн эмээ ч гэсэндээ тэдний жижигхэн гал тогоонд хаашаа л бол хаашаа юм юмандаа хүрээд амар гэсэн шиг цай оочлон хөлсөө бурзайлган суудаг хүн байж билээ. Тэндээсээ ч бараг гарахгүй. Бодвол орчин нь яг л иймэрхүү санагддаг байсан байх. Арынхаа тавиур дээр энэ мухлагтаа таарсан бяцхан хөгжим тавьчихаж. FM бололтой. Сүүлийн үед ихэд нэрд гараад байгаа залуу дуучны дуу эгшиглэнэ. Хөгжимийн дэргэд алгын чинээ цаасан дээр улаанаар дармалдсан хоёр ханзыг скочоор нилээд нямбайлан наажээ. Өлөн тоосонд дараатай тэр хоёр ханз чухам юу гэсэн үг юм бол гэсэн бодол Хүрлээгийн толгойд өөрийн эрхгүй бууна. Ер нь энэ өрөөний бүх юм тоос шороо, үртэс үйрмэгт дарагдсан тул цаанаа нэг өнгө алдсан харагдана. Түрүүнээс хойш зүгээр суулгүй зай завсаргүй хөдлөх залуу хөгжим даган гиншигнэн толгойгоо бөнжигнүүлэн ажиллана. Ерөөсөө л тэр сэтгэл хангалуун байгаа бололтой. Энэ юундаа ийм жаргалтай байдаг билээ. Хариуг олоход тийм ч их цаг орсонгүй. Хүрлээг бодвол тэр өөрийн гэсэн ажилтай байлаа. Тиймээ, тэр ажилтай. Өчигдөр, уржигдар ер нь хэзээ ч юм хүмүүсийн авчирч өгсөн хуучин гуталнууд тэр хөндийгөөр дүүрэн. Залуу оёхыг оёж, наахыг нь нааж, хадахыг нь хадаад нөгөө хөндий рүү шидлэнэ. Хүрлээ хараад байгаа болохоор тэр үү залуу улам ч хурдан хөдөлж байх шиг. Өнөөдөр, маргааш, нөгөөдөр хэзээ ч юм хүмүүс эдгээр гутлыг авахаар ирэхэд эд бүгд мөнгө болон хувирна. Тиймээ, энэ залуу ажилтай. Тэр ч бүү хэл өөрийн гэсэн орчинтой. Тэр энэ мухлагтаа жаргалтай.
Харин . . . харин Хүрлээд ажил байхгүй. Түүний доторх шарвагнуур шар сэмхэн сэрэх шиг мэдрэмж төрж эхэллээ.

Үргэлжлэл бий . . .

Бүрэн эхээрээ...

Салхи амтагдтал санаа алдмаар сайхан монгол эр хүнд би хайртай

14 Сэтгэгдэлүүд:

Манай блогчидын нэг Idea маань аль 2007 оны 11-р сарын 7нд ийм бичлэг оруулж байжээ. Тэгээд үүгээр орж ирж буй бүх эрчүүддээ зориулан тавихаар чирээд ирлээ. Жилдээ нэг удаа ч гэсэн ийм юм сонсмоор доо бид чинь. Idea-даа баярлалаа.


Эрээн бодол, хөнгөн гуниг хургах тоолонд энгэрт нь наалдаад мэгшмээр болдог. Хангайн уулс шиг ханхар цээжийг нь түшээд, хангинатал шүүрс алдах нь жаргал мэт санагддаг…
Гаднаа гоё үг, ялдам ааль гаргахгүй ч гүдэсхэн зан, уучхан сэтгэлийг нь мэдэрдэг. Үг сүггүй магтаж, үргэлж соёлтой загнахгүй ч уужим холч ухаанаар харийн эрчүүдээс ялгардаг. Хаанахын хэн нь ч үл мэдэх холын шалиг эрээс хатуу боловч үнэн үгтэй монгол эрчүүд зөөлөн...
Бор дарсанд дурлаж болчимгүй авир гаргадаг л биз, богино ухаанаар хэмжиж болохгүй юманд татагддаг л биз. Алдаагаа залруулж амьдралаа аваад явчих алсын хараа ноён нуруу аль ч муухан монгол эрд бий…
Зорьсон бүхнээ эзэмшиж, зоорь хөрөнгө хураагаагүй ч зовох цагт тэд зоосны нүхээр шагайхгүй. Түрийвчээ тэмтэрч, янчаанаар даллах нанхиадаас төө илүү сэтгэж, сөөм хол гишгэдэг.
Нийгэмд огших бухимдлаас түр ч атугай ангижрах гэж нийлж дарвиж ууж идэж явдаг л биз. Үүр цүүрээр гэрээ зориод ирэхэд нь үглэж дуулаад үргэлж гоморхох хэрэг юун. Үүрэх ачаандаа түүртээд хөнгөн зугаа хайгаа л биз, үзэмжний сайханд хууртаад өөр бүсгүй рүү сэвээ л биз. Буруугаа мэдэж дотроо гэмшдэг болохоор буян бодож тэдэнд дандаа битгий хатуурх.
Наанаа хэнэггүй царайлж чихгүй толгойлж суух ч цаанаа тэд чинь ихийг бодож яваа. Хатуухан үгийнх нь суудэрт хааяахан жиндэн байвч хаа ч явсан монгол эрчүүдээ хайрла. Хүний гэсэн болгонд хүзүүгээ дөрлүүлэх бүрийд хөөрхий тэдний минь сэтгэл хөвөрч сэмэрч л яваа. Дугараа эргэх бүрийд гуниг үргээж одох дуу шиг сайхан эрсийг өөр хаанаас эрэх вэ.

Нүд алдам сайхан монгол залууг би харах дуртай, нүгэл хурааж цээжээ хөндүүрлэтэл шүүрс алдмаар болдог...



Бүрэн эхээрээ...

Такси баригч - 2 (Өгүүллэг)

52 Сэтгэгдэлүүд:

- Тийм үү? Өнгө ч үгүй хар цагаан зураг юм болохоор нэг сүг сүүдэр шиг юмнууд харагддаг гэж хэлэх гэж байгаа юм байх гэж бодлоо гэснээ нэг их тасхийтэл цочмогхон инээгээд
- Худлаа, худлаа. Надад ч бас тиймэрхүү бодол төрдөг юм. Одоогийн та нарыг бодвол бид ч зорилгогүй шахам улс байсан шиг байгаа юм.
- Яг тийм ч биш байх л даа. Зүгээр л, сургуулиа төгсөөд хаана ажиллах, тэр ч бүү хэл хэдэн төгрөгний цалин авахаа мэддэг байсан болохоор ирээдүй нь бараг харагддаг байсан байх. Одоо ч бид нэг л юу нь мэдэгдэхгүй нүүгэлтсэн хар юм руу орох гэж байгаа юм шиг л төсөөлөгддөг юм.
- Харин тэр тусмаа л сонирхолтой ш дээ. Тэгээд ч чиний хэлээд байгаа тэр нүүгэлтсэн хар юмыг чинь залуу нас гэж нэг сайхан юм л гэрэлтүүлж өгдөг юм даа.
Ай даа! Залуу насаа гэж . . . гээд үгээ тасалж хэсэг байзнаснаа
- Юутай ч зүйрлэшгүй эд юм даа гээд нэг их урт санаа алдав.
Бидний яриа огцомхон өрнөсөн шигээ гэнэтхэн нам болчихов. Гэрт, хурандаагийн хоолоо эвгүйхэн сорохоос өөр чимээгүй хэсэг сууцгаалаа.
Зул эгчийн яриа яагаад ч юм надаас хүртэл залуу насыг өмгөөлөх аястай. Аргагүй юм даа, би тэр хоёроос залуу байвч тэр зурган дээрх залуусаас аль хэдийн хөгширсөн байсан болохоор тэр байх. Сая тэр харахгүй юү, залуу насных нь тухай ярихаар тэдний нүд нь сэргээд л, инээж хөхрөөд л . . . Хурандаа ч гэсэн өөрийнхөө хэмжээгээр ярианд оролцчих гээд л . . . Ер нь ч тэгээд залуу насыг эрхлүүлэх ч хэрэгтэй юм билүү хэн мэдлээ дээ.
- Чи л дээ! Ингээд асгаад цутгаад байх юм. Ядаж наад хоолоо аятайхан идээд сурчих л даа гэж зандран хэлэх Зул эгчийн дуу орчныг сэрээв. Би тэр үед нь “Хөөрхий, өрөөл татанхай хүнийг ингэж зандраад ч яах юм билээ. Үргэлж цуг байгаа болохоор төвөгшөөдөг юм болов уу” гэж бодож суулаа. Эхнэрээ энгэрийнх нь будааг унагаж байх зуур
- Б . . . Би хурандаа Санги . . . л гэж байв.
- Юуны чинь хурандаа Санги гэж, гэж Зул эгч амандаа үглэнэ.
Би хэдийгээр хүн өрөвдөөд байх хүн биш ч гэлээ тэднийг харжээ суухад нэг л тийм өрөвдөм зураглал нүдэнд тодроно.
Хооллож дууссан бид явах боллоо. Аав ээжтэйгээ цуг нэг тийш явахдаа хүүхэд хөөрцөглөдөг шиг хурандаа маань хөнгөмсөж, хэдэн өрөөнийхөө хооронд хэрэндээ л хурдан, хурдан өрөөлдөн алхана. Нөгөө өрөөнөөс Зул эгч
- Үгүй чи, холхиод байхаар хувцасаа өмсөөч
- Гу . . .гу . . .гутал. Миний гутал
- Миний хүү, аавынхаа гутлыг өмсгөөд өг. Харин чи уначихваа. Хана түш гэхэд
- Би . . . би . . . хурандаа Санги гэнэ.
Одоо би түүний өөртөө итгэлтэй байгаа үедээ “Би хурандаа Санги” гэж хэлдгийг ойлгох болжээ. Зул эгч хурган дотортой хөх торгон дээлийг жимбийтэл бүслээд өмссөн байхыг хараад миний нүд өөрийн эрхгүй дальдарч, хурдхан шиг гарлаа. Яагаад гэвэл Зул эгч хоёр хөхгүй байв. Гэрийн халаадтай байхад нь би анзаараагүй байх. Миний төсөөлөн байсан онош мөн байжээ. Шат уруудаж явахдаа “Тавын таван хүүхэд хөхүүлж өсгөсөн түүнийг яалаа гэж ийм хэрцгийгээр шийтгэнэ вэ” гэж бодохоос ойр дотны минь хүн өвдсөн аятай харамсал төрж байсан юм. Бүр машиндаа орж суусан хойноо ч гэсэн “Амьдрал гэдэг хатуугаа үзүүлэхээр ямар хатуу байдаг юм бэ. Хэн хүний нүд булаам тийм сайхан байсан хосыг ийм болгочихдог даанч дэнүү хорвоо юмдаа” гэхээс голоос нэг юм зулгаасаар байв.
Есөн давхар байшингийн орцны төмөр хаалга хяхран онгойж өнөө хоёр маань нэг нь нөгөөгөө түшсээр гарч ирлээ. Хүү нь суулгалцаж өгөөд үлдэв.
- Танай хүү чинь явахгүй юм уу?
- Хичээлтэй гэнээ.
- Аан, Уг нь явсан бол. Энэ хальтаргаа гулгаатай үед та хоёрт дэмтэй юм даа гэж хэлэхдээ би тэр хүүг чамлангүй байгаагаа нуусангүй
- Харин тийм ээ. Гэхдээ хичээл ном, ажил төрөлтэй эдэнд бид саад болоод юүхэв. Эд урдахаа л хийж байвал барав гэх нь хүүхдүүддээ саад болохгүй гэхээсээ илүү огт танихгүй надаас өмөөрч байх шиг санагдсан.
Тэднийг суусны дараа эргэж буцах вий гэж хаширлахдаа
- Өөр юмаа мартаагүй байгаа гэж анхааруулахад Зул эгч юмаа бүртгэх мэт тойруулж харснаа
- Гайгүй юм шиг байнаа, миний дүү. Одоо хөдлөе гэлээ.
Биднийг тэгж ингэсээр байтал хотын хөдөлгөөн ихэсчээ. Энд тэндгүй л түгжрээ. Угаасаа л ингэдэг юм хойно яая гэхэв. Зайчилж явсаар шатахуун нэмэхээр зогслоо. Зул эгч гэнэт санасан бололтой
- Өө, май миний дүү. Гучин мянга гэсэн байхаа? Манай том хүү өглөө тэгж хэлсэн гээд мөнгө өгөхлөөр нь хорин мянгад бензин хийлгэн үлдсэнийг нь халааслаад, цааш замд нийлэхийн алдад бидний өмнүүр нэг жижигхэн улаан тэрэг шурхийн өнгөрөхөд
- Э . . . э . . .энэ . . .энэ гэж мартсан зүйлээ гэнэт санасан мэт хурандаа нэг их муухай дуугаар бид хоёрыг цочтол хашгирав.
- Ямар юмаа харчихаад хашгичаад унав даа гэж Зул эгч цочсоноосоо болон уцаарлан асуухад хурандаа тэртээ цааш хурдлан давхиа сүүлийн үед их харагдах болсон жижигхэн японы машиныг хуруугаараа зааж
- Ч . . . ча . . . чамд тийм машин аваад өгчих юмсан. Тэ . . .тэ . . . тэгвэл чи унаад л . . . Би . . . би . . . хажууд нь суугаад л . . . хэ хэ гэж ирээд л нүүр дүүрэн инээгээд
- Я . . . яаг ийм улаан гэхэд түүний нүүрнээс инээмсэглэл нь арилаагүй л байлаа.
Хөөрхий тахир нүүрэнд нь инээд тэгтлээ их зохиогүй ч тэр жаргалтай харагдаж байлаа. Хурандаа маань бас эхнэртээ улаан өнгийн машин аваад өгөхсөн гэж боддог л байх нь байна шүү дээ. Хорвоо гэдэг юутай баян бэ.
Би энэ өдөр огт танихгүй хүмүүстэй явж байгаа хэрнээ хэзээний танилуудтайгаа яваа юм шиг сэтгэлд нэг л дулаахан сайхан байлаа. Тэдний хэлж байгаа, хийж байгаа бүхнээс амьдралд итгэх, түүнийг хэзээ ч дуусахгүй мэт сайхнаар харж чадах нь үнэхээр сайхан чадвар юм даа гэсэн бодол төрж явлаа.
Бид замдаа шуударч, машины мотор нэгэн хэмээр хүнгэнэнэ. Замын хагархайг нөхсөн гувруун дээгүүр хөлдүү дугуй пад пад дуугаран урагшлана. Энэ замыг тавь жараад оны үед барьсан гэхэд хаа очиж их сайн тавьсан зам шүү. Хотоос гарсан болохоор задгай салхинд цасан шамрага цардмал зам дээгүүр явгалах нь үелзэх үүл мэт.
Нэг мэдсэн чинь бид нам гүм болцгоочихож
- Ингэхэд та хоёр айлд очих гэж яваа юм уу? гэж намайг яриа өдөхөд Зул эгч
- Тиймээ. Нэг бөө байдаг гэсэн. Улс амьтан сайн л гэцгээх юм.
- Бөө ч дээ мэдэхгүй. Хэр байдаг юм бол доо
- Дүү минь. Өвдсөн хүн гэдэг чинь хүний амаар л байдаг юм хойно “Нээрээ, очвол гайгүй болдог болов уу” гэж горьдсоор бид хоёрт очоогүй газар, ус, үзүүлээгүй эмч, домч, угаагүй эм тан гэж байхгүй болсон доо гэх Зул эгчийн нөгөө сайхан дуу нэг л тамирдангуй сонсогдлоо. “Өвчин гэдэг ямар ч хүнийг цөхрүүлдэг бололтой. Харин ч хаа очиж сэтгэлийн тэнхээтэй улс юм” гэж бодлоо.
- Та өөрийгөө үзүүлэх юм уу? гэж асуучихаад “Би юугаа асуучихав даа” гэж амаа барих шахав. Учир нь уулзсан цагаасаа эхлээд Зул эгч өөрийгөө өвчтэй гэж нэг ч удаа ам ангайгаагүй байсан юм. Тэгтэл харин хэзээний мэддэг хүнтэй ярьж байгаа юм шиг
- Үгүй дээ. Энийг л нэг гайгүй болгочих юмсан гэж бодох юм. Би ч одоо яахав . . .
- Юу гэсэн үг вэ? Харин ч сэтгэлээр өөдрөг байвал ямар ч өвчин эдгэдэг гэсэн гэж хэрэндээ урмын үг хэлж буй боловч элсэнд дуссан дусал ус мэт хэнд ч хэрэггүйгээр чихний хажуугаар замхарч байгаа нь тодорхой байлаа. Гэтэл ухаалаг, сайхан хүн гэдэг хэзээ ч гэсэн тэр хэвээрээ л байдаг зангаар Зул эгч
- Харин тиймээ. Тэгж бодоод л, эгч нь инээж ханиагаад л, юу ч болоогүй юм шиг явдаг юм. Ер нь хүн өвдлөө гээд бусдын өмнөөс өвдсөн мэт байж болохгүй ш дээ. Муу хань ижил, үр хүүхэд, ах дүүсээ мөн ч их зовоолоо. Одоо болно. Тэгээд ч одоо нэг их юм бодохоо больсоон гэлээ. Хэдийгээр надад мэдэгдэхгүйг хичээж байгаа ч цөхөрч гүйцсэн тэр өнгөө нууж чадаагүй юм.
Урд сандалд суучихаад, дээд талынхаа гогцооноос өрөөсөн гараараа атгачихсан яг эрүүл саруул байхдаа иймэрхүү дарга явсан болов уу гэмээр дүртэй явсан хурандаа маань таг дуугайхан яваа ч дотроо чухам юу бодож явааг хэн мэдэх билээ.
Тэгтэл хурандаа гэнэтхэн
- Ш . . . шэ . . . шээлээ. Би шээлээ гэж хашгирав. Би ч замын хажуугийн бартааг харж зогсох гэсэн боловч надад тийм завдал өгсөнгүй. Хурандаа яаран сандран бууж явган шуурганд уруудах мэт өрөөлдөн хэд алхаад бие заслаа. Түүний араас харж суусан Зул эгч
- Хөөрхий дөө, ийм ч хүн байгаагүй юмсан. Өвчин гэдэг хэлж ирэхгүй юм даа
- Залуудаа ч мөн аатай хүн явсан биз?
- Тэгэлгүй яахав. Жинхэнэ эх орны хүү, эр цэрэг явсан байхгүй юү. Арми гэдэг чинь эрчүүдийн хэн нь хэн бэ гэдгийг ялгаж өгдөг газар. Мэдээж хүн л юм болохоор сайн муугаараа ялгардаг л юм. Тэр дундаас бие бялдар, эр чадал, эрдэм ухаан адаглаад энэ олон эрчүүдийн зүрхэнд хоногштол командлах эр хонгор дуугаараа хүртэл ялгаран гарч, анги дивизийн мянга мянган офицер цэргүүдийг өмнөө жагсаана гэдэг чинь ховорхон хувь заяа л даа. Ер нь армид яагаад бие биендээ ёсолдог гэж бодож байна. Энэ чинь “Би чамаас бага шүү” л гэсэн үг шүү дээ. Залуу ч явсан, цойлгон ч явсан, муу ханиараа бахархаж явсан үе надад бий. Гэтэл одоо өөрөөс нь өөр “Хурандаа Санги” гээд хэлчих хүн олдохгүй болчих үе ирдэг л юм байна. Ер нь тэгээд дүү минь амьдралын өдрийг өдөрт нь хайрлаж явах хэрэгтэй юм байхаа даа гэснээ санаа алдаж
- Айдаа! Амьдрал гэдэг сайхан юмаа. Амьдрах бүр ч сайхан юм. Үүнээс илүү хишиг гэж хүнд байдаггүй биз ээ . . . гэх Зул эгчийн яриа намуухан хөвөрнө. Би түүний яриаг тасалж зүрхэлсэнгүй.
Хурандаа дуусав бололтой эргэж ирэхэд Зул эгч ухасхийн бууж хурандаагийн өмдний цахилгааныг татаад, тэрүүхэн хавьд норсон хэсгийг ер эрээлэлгүйгээр гараараа гөвөх мэт арчингаа
- Ишш! Чи минь дээ. Чамайг би өмд хамдан дээрээ дусаалгүй бие засаад сурчих гэж мөн олон удаа хэлэх юм даа. Чи гэж хэдэн хүүхдээ зовоосон хүн болох гээд байгаа юм уу? Чи бид хоёр юу гэж тохирлоо? Мартаагүй биз?
- Б . . . би . . . хурандаа Санги
- Тэгээд, тэгээд . . . хурандаа шиг бай л даа хэмээн ярилцах тэдний дуу дутуу хаагдсан хаалганы цаанаас бүдэгхэн ч гэсэн сонсогдсоор байлаа. Хэрвээ тэдний амьдралыг голын урсгал хэмээн төсөөлвөл би эрэг дээр нь суугаа мэт. Харин Зул эгчийн дууг голын шаригаа гэлтэй. Тэд тийм нэг энгүүн хэрнээ намуухан улс байв.
Бид цааш давхисаар удалгүй Налайхын наад талын гүдгэр дээр гарч ирэв. Хуучны буурал тосгон өвлийн жавар, нүүрсний утаа хоёртоо дарагдан навсайн хэвтэнэ. Энэ жижиг хотхон үйлдвэр, уурхай ажилласан, тухайн үеийн залуучуудын хотжин соёлжиход ихээхэн хөшүүрэг болсон нэгэн төв байсан гэхэд одоогийн залуус итгэхэд бэрх. Бидний явж байгаа эдгээр гудамжинд залуус хайрлан дурлалцаж, халуухан гараа атгалцаж, хаврын цэцэгс шиг дэлгэрч явсан гэхэд худлаа ч юм шиг. Одоо ч хүн зон амьдарч байгааг мэдсээр байж миний ингэж бодох нь өрөөсгөл байх л даа. Гэхдээ л надад энэ хотхон яагаад ч юм тэртээ он жилүүдийн аглагт гээгдэж хоцорсон мэт шүүрс алдмаар санагддаг юм.
Гудамжаас гудам дамжин, тахиралдаж мушгиралдан явсаар булан тохойд нь цацаг яндар болсон нэгэн шургаагаан хашааны дэргэд ирцгээлээ. Бодвол өнөөх бөөгийнх бололтой. Нэгэнт хүрэх газраа ирсэн болохоор тэднийг буулгаад, халаасанд үлдсэн арван мянган төгрөгийг авч Зул эгчид өгвөл
- Хүүе! яахнав миний дүү. Наад бензин тосоо ав
- Зүгээрээ. Та хоёр харин эм тандаа нэмэрлээрэй
- За, за баярлалаа миний дүү. Буян чинь дэлгэрч яваг
- Та хоёр ч гэсэн сэтгэлээр чанга байж, хурдан эдгээрэй гэлээ. Надад тэрнээс өөр олигтой үг ч олдсонгүй.
- Замдаа болгоомжтой яваарай. Халтиргаа их байна шүү гэж Зул эгч аминчлан захив. Цаана нь хурандаа маань өрөөсөн мөрөөрөө шургааган хашаа налсан хэр нь яг л өглөөнийх шигээ ихэмсэг гэгч нь зогсоно.
Би машиндаа суухаасаа өмнө хурандаа руу харж гараа чамархайндаа авч цэргийн ёсолгоог дүрслэхэд хурандаа маасайтал инээгээд хариу ёсолж харагдав. Магадгүй түүнд сайхан ч байсан байж болох юм. Би гудамжны булан тойрохдоо голынхоо толинд харвал тэд хашааныхаа гадна бөртөлзөх нь машины яндангаас саагих цагаан ууран дунд бүүр түүрхэн харагдаж байв.
Гудамжны энхэл донхолд овогнуулсаар төв зам дээр гарч ирэхэд хот явах гэж байгаа болов уу гэмээр хэдэн хүн зогсоно. Тэднийг авъя гэж ч төвдсөнгүй, тэд ч гар өргөсөнгүй. Мөнгөнд дургүйдээ ч биш. Зүгээр л нэг хэсэг гав ганцаараа баймаар санагдаад гэх үү дээ.
Би хүссэн хүсээгүй бодолд автан явна.
“Хэзээ ч өвдөж болох, магадгүй хэзээ ч үхэж болох энэ амьдралд хүн ер нь яаж амьдрах ёстой юм бол? Өнөөдөр тэгж ч магадгүй, ингэж ч магадгүй гээд бээцийгээд явах нь хаашаа юм. Гэхдээ л Зул эгчийн хэлсэнээр амьдралыг өдөр өдрөөр нь хайрлаж, амьдралд хамгийн анзаарагдамгүй сайхан бүхнийг анзааран эрхлүүлж, тэжээж явах нь сайн сайханд хүрэх цорын ганц гарц юм байхаа даа. Зул эгч үнэн хэлжээ”
Ийнхүү бодож явснаа би гэнэтхэн тоормозоо гишгэлээ. Машин чухам яажшуухан гулгаж зогссоныг ч анзаарсангүй. Зөрж буй машинууд дохио өгөхийг бодоход ихэд эвгүй зогссон байх. Зул эгч энэ хорвоогоос түрүүлж явах юм байна гэдгийг гэнэтхэн ойлгосон болохоор тэр. Тиймээ, тэр түрүүлж явах юм байна.
“Хоолоо асгаж цутгалгүй идэж бай л даа” гэж зандарч, “Өмдөн дээрээ дусаалгүй бие засаад сурчих л даа” гэж гуйж, “Хэдэн хүүхдээ зовоосон хүн болох нь дээ чи” гэж санаа зовох нь ерөөсөө “надаас хойш” гэсэн утгатай байсныг дөнгөж сая л ойлгосон болохоор би тэгж гэнэтхэн зогссон хэрэг. Тэр ч байтугай “Чи бид хоёр юу гэж тохирлоо” гэж байсныг санав.
“Хөөрхий дөө, хаашаа ч мултарч чадахгүй болсон энэхэн хувь заяаныхаа энэлэнг хэзээ ч юм магадгүй шөнийн бүрийгээр орондоо шивнэлддэг байж ч болох юм. Осолдохгүй хүүхдүүдээ байхгүй үед хоёрхон биендээ ярьж, арга ядахдаа “тохиролцож” хүртэл үзсэн байх нь. Чи надаас арай урт наслана гэж нэг нь хэлж нөгөө нь зөвшөөрсөн байх нь байна шүү дээ. Ямар их гачлан, ямар их цөхрөл, ямар их уй вэ? Бас ямар их хайр вэ? Яг тэгж ярьж байх үедээ хоёул хоёулаа ийм гайд унасандаа энэ хорвоод яасан их гомдоо бол. Хурандаа ч яахав эр хүн гэж бодоход Зул эгч ямар их уйлаа бол. Эмэгтэй хүн хоёр хөхөө авхуулчихаар чухам юу боддог бол. Ёстой хэдэн хүүхдээ бодоод л улаан гол нь тасардаггүй байх” гэж бодонгуут миний самсаа шархирч байлаа.
Зогсоод хэр удсанаа мэдсэнгүй. Машин хөрсөн байхыг бодоход овоо удсан бололтой. Цаг яагаа ч үгүй байхад хотод орж ирлээ. Дөнгөж цайны цаг болоод хүмүүс ид хөлхөлдөж, хэд тойрвол тойрчихмоор байвч би тэгсэнгүй шулуухан явсаар граждаа ирэв. Манаач залуу маань өглөөг бодвол бүүр хүн төрх орчихсон эртээ гэгч нь тэргээ тавьж байгааг минь ихэд гайхсан янзтай
- Ах хүү яасан? Яагаад ийм эрт бууж байх юм?
- Өнөөдөр жаахан эрт харимаар санагдаад
- Аан, авгайгаа санаа юу? гэж маасайтал инээв. Өөр үед байсан бол би юу гэх байснаа мэдэхгүй юм. Харин яг тэр үед би түүнийг харжээ зогсохдоо “Хүн ер нь инээмээр үедээ инээж л байх нь зөв юмдаа” гэж бодож байлаа. Тэгээд
- Өнөөдөр ах нь эхнэртээ мөнгөгүй өдөр зарлая гэж бодоод гэж маазрах аятай хэлсэн боловч тийм ч марзан болсонгүй. Нөгөө залуу
- Заримдаа ч мөнгөгүй байх нь жаргал байдаг юм шүү дээ гэж өөрт нь зохиогүй ч гэсэн ихэд догирхов. Гэхдээ надад жаргал гэдэг үг нь яагаад ч юм тааламжтай сонсогдсон.
Тэндээс гараад гэрийнхээ хажуугийн мухлагт орж хүүгийнхээ дуртай чихэрнээс авах гэтэл мөнгө байдаггүй. Түрийвчнийхээ жижиг халаасыг ухаж нилээн дээх нь хийсэн арван мянгатыг гаргалаа. Нугалаасаараа урагдахаа шахаж. Хааяа нэг дүрэм зөрчөөд торгуулвал хэрэг болж магадгүй гэж хадгалж явдаг юм.
“Өнөөдөр ямар ч орлоггүй хэрнээ жигтэйхэн эрт буусан болохоор гэрийнхэн маань гайхах л байх. Гэхдээ яахав. Тэдэндээ нэг сайхан хоол хийсгээд, тойрч суугаад идсэн шиг, хүүхдүүдтэйгээ тоглосон шиг шуугилдаж өнжье байз” гэж бодсоор гэр лүүгээ алхлаа . . .

Төгсөв.
Түмэнбаярын Бум-Эрдэнэ 2010 оны 2 дугаар сар 22




Бүрэн эхээрээ...

Такси баригч (Өгүүллэг)

10 Сэтгэгдэлүүд:

Урд шөнө үнэхээр чанга хоносон бололтой. Чанга гэдэг нь хүйтэн гэсэн үг л дээ. Энэ жилийн өвөл миний санах бусад жилүүдийн өвлөөс илүүтэй хүйтэн эхэлж байгаа юм. Уг нь бол хонь мал, хашаа хороо, худаг ус гэхгүй хот газрын бидэнд өвлийн хүйтэн, зуны бороо, хаврын хавсрага нэг их хамаагүй мэт. Гэхдээ надад бол хамаараад байгаа юмаа. Яагаад гэвэл би нэг хуучивтар тэрэгтэй. Түүгээрээ халтуур хийдэг ухаантай. Жаахан давруулбал таксины үйлчилгээ гэх үү дээ. Манай такси бааз нь нэг машинтай, нэг жолоочтой, нэг засварчинтай. Тэр нь би. Харин өөр нэг даргатай. Тэр нь манай эхнэр. За нэг иймэрхүү төсөрхөн байгууллага даа. Хааяахан, сэтгэл хөдлөл нааштай үедээ би ингэж хошигнодог юм. Үнэндээ бол өнөөгийн нийгэмд олон гэр бүл иймэрхүү маягаар амьдарч байгаа. Тэдний нэг нь манайх.
Гэрээсээ аажуу уужуухан гарсан хүн чинь нэг их холгүй байх дулаан граж руу чихээ ойр ойрхон даран, гүйх шогшихын завсар очив. Хүйтний эрч, тэр тусмаа өглөө үүр цайхаас өмнөх үнэгэн харанхуйн жавар тачигнаж байгаа нь энэ аж. Гражны хаалгыг чадлаараа балбавал нилээд удсаны эцэст манаач залуу сая нэг юм хаалгаа нээв. Хаалганы завсраар саагих ууран дунд зогсох түүний өрвийсөн үснээс нь хүртэл халуу дүүгэн байх шиг. Тэр сэрсэн эсэхдээ итгэхгүй байгаа бололтой хир шигсэн хумстай гараараа хоёр нүдээ ээлжлэн нухлана. Би тэрүүхэн хооронд хөлдөж үхэх гэж байгаагаа мэдэхгүй зүүд зэрэглээ шиг харагдах түүнийг бас шоолон жуумагнав. Тэр залууг хэлэлтгүй би ч гэсэн нойрондоо харам л даа. Гражнаас бензин тосны юмуудаа, нэг тийм техникийн үнэр ханх тавина. Гэхдээ энэ үнэрт би аль хэдийн дасаад бүр эерүү санагдах болчихож дээ. Манаач залуу маань гэнэт нэг юм санав бололтой шалавхан хөдөлж, том хаалгыг нээлээ. Бодвол намайг хурдхан шиг гаргах гэж яарсан байх. Гаднаас өглөөний тас хийсэн жавар хуйрагнаж гогцоорон орж ирэх нь гражны жижигхэн ёлтгор гэрэлд сүртэйеэ харагдана. Угаас өглөө эртлэн гардаг байсан болохоор миний тэрэг үүдэнд шахуу байсан хэрэг. Би ч гэсэндээ тэр залууг умгар өрөөнийхөө богинохон ханзан дээр хэсэгхэн ч болов хэвтээд аваг гэсэндээ тэргээ асаан хурдхан шиг гарлаа. Дулаан гражны давуу тал энэнд л байгаа юм даа. Хөөрхий, гадаа хоносон машинуудыг асаах гэж хүчлэхэд ёолох мэт ёнгинох нь яагаад ч юм шээсээ савиртал чихдүүлсэн унага сарвааг санагдуулаад байдаг юм. Өрөвдмөөр шүү.
Ингээд гражнаас нэг л гарлаа бол миний баяр хөөртэй эсвэл уйтгар гунигтай нэгэн өдөр эхэлдэг юм даа. Тэрэг чарга гайгүй, орлого дажгүйвтэр бол тэр өдөр сэтгэл тэнүүн, зовхи өөдөө. Харин хүн хар багахан олдоод, тоолдог хэд нь шалихгүй бол цаагуураа гундуу. За тэгээд машин эвдэрвэл ч бүүр нурмайж гүйцдэг гэж байгаа. Ялангуяа өвлийн хүйтэнд машинаа түрэх шиг гуниг ер нь байдаг болов уу. За, за тийм юм л битгий болоосой.
Сурснаараа төмөр замын буудал руу энэ өдрийн хамгийн эхний галт тэрэг тосохоор хөдөллөө. Угаасаа өдөр болгон л ингэж эхэлдэг юм. Вокзал дээр яваад иртэл заримыг нь зүс таних, заримыг нь огт хараагүй яг над шиг зорилготой нөхдүүд нааш цааш хөлхөлдөнө. Тэд цөмөөрөө л хүн тосож байгаа хэрнээ ер тэгээгүй мэт царайлах нь сонин. Удсан ч үгүй галт тэрэг ирлээ. Би ч ухасхийн бараг эхний гарч ирсэн хоёр хүнээс
- Такси авах уу? Хаа явах вэ? гэтэл
- Нэгдүгээр хороолол . . . гэж эрэгтэй нь хөндийвтөр дуугарлаа.
- За, за явъя, явъя. Ачаа бий юу?
- Байхгүй ээ гэх нь цаанаа нэг ихэмсэг. Энэ ч яахав. Хүн, хүн янз янз л байдаг юм чинь.
Нэгдүгээр хороолол учиргүй хол биш ч гэлээ нэг их ойрдоо орохгүй. Заримдаа өглөө хар үүрээр ирчихээд хоёрын хооронд газар явах тохиолдол ч байдаг л юм. Тэрийг бодвол яахав ээ боломжийн эхлэл. Халтуур хийдэг бидэнд үл биелэгдэх мөртөө гэнэн ч гэмээр нэгэн мөрөөдөл байдаг гэж байгаа. Нэг хүн суугаад л нисэх яваад л . . . тэндээс бас нэг хүн суугаад Амгалан гээд л . . . тэндээс бас нэг нөхөр суугаад Дамба явъя гээд л . . . байх юм гэнэ дээ. Даанч тийм юм гэж хаа байхав дээ. Гэхдээ л сайхан мөрөөдөл шүү.
Төдөлгүй үүр цайгаад эхэллээ. Харуй бүрий арилж, гэгээ ороход би их дуртай. Санаа дагаад тэр үү сэтгэл ч гэсэн хөнгөрөөд, бүх юм дахин эхэлж байх шиг санагддаг юм.
Удсан ч үгүй өнөө хоёрыг буулгаж, энэ өдрийн эхний орлогоо гар дээрээ авлаа. Цаанаа нэг сайхан л даа. Өглөөний жихүүдэс гараагүй болохоор тэр үү “Одоо л нэг халуун юм уучихдаг бол” гэсэн бодол тархинд эргэлдэнэ. Гэвч цайлж, майлж сүйд болж байхаар ганц ч болов хүн авчих юмсан гэхдээ нэгдүгээр хорооллыг бараг бүтэн тойрлоо. Уг нь нэг буудал бараадаад зогсож байвал бензин тосонд ч гамтай, зүгээр л дээ. Гэхдээ яагаад ч юм би тэгсэнгүй. Ингэж тойрч байгаад л нэг хүн авчих юм шиг санагдаад байв. Би алдаагүй бололтой. Замын хажууд хоёр хүн гараад ирчихсэн зогсоно. “Намайг яг зогсооно” гэсэн совин татаад байв. Такси барих гэж байгаа хүн андашгүй л дээ. Би бүр баярласандаа
- Тэгнээ тэр. Би мэдээд байсан юмаа гэж өөрийн мэдэлгүй амандаа хэлээд хэн нэгэнд өөрийгөө гайхуулах гэсэн мэт машин дотроо ганцаараа хэрнээ ийш тийш харан маасайтал инээлээ. Нэг нь нөгөөгөө түшисхийн зогсох нилээд биерхүү хөгшин залуу хоёр хүн рүү дөхөөд миний оргилсон сэтгэл унтрах шиг болов. Тэд согтуу харагдав. “Урд шөнөжингөө савсан хоёр байна даа” гэсэн бодол зурсхийлээ. Согтуу хүн зөөнө гэдэг ёстой там шүү дээ. Үглэнэ, дуулна, уйлна, орилно. Бас бөөлжинө. Зарим нь бүр мөнгөө өгөхгүй гэхдээ худлаа агсам тавина. Арай настайвтар нь хоёр хөл дээрээ нэг л итгэлгүй туниа муутайхан гишгэлэх агаад харваас түүнээс илт залуу харагдах нөгөөх нь түүнийг лавхан сугаджээ. Зөөлхөн гулссаар нэгэнт зогссон би яалтай билээ. Уначихгүйг хичээн бэдрэх тэднийг машиндаа ойртож буйг цанатай цонхны цаанаас хараад зэвүү, дургүй хүрэвч яаж ч чадсангүй. Тэгтэл залуу нь хаалга нээж
- Сайн уу? Ахаа. Та өнөөдөр хэр завтай вэ? гэх нь эв эрүүл ээ. Түүнээс архи үнэртсэнгүй. Харин ийм асуулт ирнэ чинээ бодоогүй байсан би юу гэхээ мэдэхгүй хэсэг ангалзсанаа
- Завтай бол яах гэсэн юм? гэж дургүйлхэж буйгаа мэдэгдэхгүйг хичээсэн ч цаанаа нэг хөндийвтөр дуугарлаа. Тэгтэл залуу
- Ингэх гэсэн юмаа ахаа гээд бодлоо цэгцлэх мэт үгээ хэсэг таслах зуур “Эд нар мөнгөгүй болчихсон золигнууд байна ш дээ. Надад яахаараа ийм хөгийн юмнууд таардаг байнаа” гэж бодож амжив. Залуу цааш нь
- Энэ манай аав байгаа юмаа. Тал цус харавчихсан юм. Ухаан санаа нь бол эрүүл л дээ. Аав ээж хоёрыгоо Налайх явуулах гэсэн юм. Хэрвээ та зөвшөөрвөл эхлээд Москва хороолол орж эм аваад буцаж энд ирээд манай ээжийг суулгаад явах юм. Үнэ мөнгийг нь гомдоохгүй ээ. Гэхдээ арай км- ээр төлж чадахгүй нь. Тантай тохирчихмоор байх юм гэлээ
Ямартай ч согтуу биш гэдгийг мэдээд тэрүү сэтгэл бага ч гэсэн хөнгөрөв.
- Чи тэгээд хэдийг өгөх юм?
- Танд би хорин мянгыг өгье гэлээ. Надад энэ бага санагдаж байв. Гэлээ гэхдээ энэ их түгжрээтэй зам дээр гэрлээс гэрлийн хооронд том жижиг автобус, эсвэл баячуудын жийпэнд шахуулан өдөржингөө уур уцаараа баран явдаг надад учиргүй хол биш ч гэлээ бас ч гэж алсхан гарах нь орчин өөрчлөгдөөд зүгээр ч юм шиг санагдаж
- За яахав тэгье л дээ гэж хэлэхдээ “Хорь арай л бага байна даа” гэсэн харамслаа нууж чадсангүй. Тэгтэл залуу
- За, за би танд арван мянгыг нэмж өгнөө. Таныг үнээ нэмэх байх гэж бодоод би бага хэлсэн юм гэснээ цааш эргэж түрүүнээс хойш гадаа зогсоо эцгийгээ урд суудалд суулгачихаад, өөрөө суусангүй. Би бага зэрэг гайхаж
- Үгүй ээ чи . . .
- Зүгээрээ ахаа. Манай аав бүх юмаа мэднээ. Та санаа зоволтгүй. Манай аав чинь цэргийн хүн байсан гэсэндээ чанга эр шүү. Харин та яриаг нь муухан ойлгох байх. Гэхдээ яваандаа ойлгогдоноо. Би ажилтай яараад байна гээд нүдээ ирмэчихээд эргээд алхчихав.
“За байз яадаг билээ. Энэ хүн одоо яаж балладаг бол. Буруу зөрүү яваад төөрч будилаад хамаг бензин бараад эсвэл өтгөн шингэн алдаад мөнгө олох гэсэн биш өдөржингөө нэг өвчтэй хүн асраад таарах юм биш байгаа даа” гээд л баахан юм бодож амжив. Амжлаа гээд яахав дээ өнөө залуу аль хэдийн арилаад өгсөн юм чинь. Хий дэмий л тэргээ асаахаасаа өмнө толь юмаа тохируулж байгаа дүр үзүүлж хажуу дахь хүнээ зэрвэсхэн анзаарлаа. Цус харвасан хүмүүс гэхээрээ л яагаад ийм адилхан байдаг юм бүү мэд. Тал харвасан юм болохоор тэр юмуу даа нэг талын мөр, гар нь унжисхийгээд эвгүй. Өрөөсөн завж нь унжаад, шүлс нь гоождог байх гэмээр харагдана. Уг нь нуруу туруу өндөр, цээж өргөнтэй ер нь их том хүн юм. Гэхдээ том биетэй хүнд чинь ийм гай дайрчихаар бүр эв хавгүй харагдаад байх юм билээ. Нэгэнт яриад тохирчихсон болохоор түүнийг гөлрөөд суугаад байж яаж болох вэ дээ. “За өнгөрсөөн, өнгөрсөн” гэж бодоод
- Одоо хаашаа явах билээ? гэж мэдэж байгаа хэрнээ бататгах гэсэн шиг асуулаа. Тэгтэл санаанд багтамгүй бүдүүн, сөөнгө дуугаар
- М . . .Мо. . . Мосвка хороолол гэв.
“Бага зэрэг гацаатай ч гэсэн үгүй ээ бас яахав ээ. Ойлгогдохоор л ярьдаг юм байна” гэж бодоод
- Та чинь сайн л ярьдаг юм байна шүү дээ гэхэд
- Хэ . . . Хэ . . . хэн намайг муу ярьдаг гээв? гэж ууртай ч юм шиг асуув. Би хэлэх үгээ олж ядлаа. Ямар хүү чинь тэгсээн гэлтэй биш. Хий дэмий л
- Үгүй ээ, юу л даа . . . Хэн ч тэгээгүй л дээ гэж ээрч муураад бүр хачин болчихов. Тэр хооронд мань эр жишим ч үгүй сууна. Намайг тэвдэж ядаж байгааг мэдэж байгаа ч юм алга.
- Би таныг тааруухан ярьдаг болов уу гэж бодлоо гээд туучихлаа. “Уурлаад сүйд болдог болов уу” гэж бодсон чинь
- З . . . зү . . . зүгээр ээ, би сайн ш дээ гэж эв хавгүй инээгээд
- Б . . . би . . . би хурандаа Санги гэв.
“Зүгээр ч биш дээ чи” гэж бодсон хэдий ч түүнээ мэдэгдсэнгүй. Яаж мэдэгдэхэв дээ. Бид явсаар Москва хороолол ортол мань хүн одоо ийшээ, одоо тийшээ гэж хуруугаараа замчилсаар нэгэн эмийн сангийн гадаа ирээд
- Э . . .э . . .энд . . . гэнэ
- Та ганцаараа ороод эмээ авчихаж чадах уу? гэтэл
- Б . . . б . . . би хурандаа Санги гэж хүнгэнүүлэв. Бодвол би цэргийн хурандаа юм чинь чадахгүй яах юм гэж байгаа бололтой. Ер нь түүний “Би хурандаа Санги” гэдэг үгэнд их сэтгэлийн тэнхээ, итгэл найдвар оршиж байдаг нь илт. Хөл гарынхаа эвийг олж арайхийн буугаад, татанги гараа тохойгоор нь нугалан урдаа авч, хатинга хөл дээрээ доголох маягтай гишгэн өрөөлдөн явах түүнийг хэн ч харсан эрүүл гэхгүй. Хурандаа маань эмийн сангийн хаалганд тулж очоод надруу зориуд эргэн харснаа эрүүл гараараа хаалга онгойлгон ихэмсэг гэгч нь яваад орчихов. “Хүн ийм үедээ ч гэсэн ихэмсэг байж чаддаг бас л онцгой чанар юм даа” гэж бодож суулаа. Учир нь надад ийм чанар байхгүй. Хэрвээ надад ийм гай тохиолдсон бол бүр унжийж гүйцээ байлгүй. Түй, түй шал дэмий юм бодчихлоо. Түүний энэ ихэмсэг зан нь одоо байгаа байдалд нь зохиогүй ч гэсэн надад байхгүй чанар болохоор таалагдаж байлаа.
Нэг их удсангүй тэр эрүүл гартаа жижигхэн хайрцагтай эм, дөрвөлжин цаасыг цугт нь хам хум атгасаар гарч ирээд машины хаалганд ойртох үед би ухасхийн гарч суухад нь тусаллаа. Тэгэхээс ч өөр арга байсангүй. Тэргээ асаан хөдөлсний дараа хурандаа
- До . . .до . . . долоон мянга. Энэ эм. Их үнэтэй. Гэ . . .гэ . . . гэхдээ би хорооныхоо эмчид үзүүлээд л хямдхан авдаг юм гэж хэлээд эв хавгүй ч гэлээ ихэд бахархалтайгаар инээлээ.
Тиймээ, хүн заримдаа онгирмоор, сэргэлэн байгаагаа хэн нэгэнд мэдэгдмээр санагддаг үе байдаг даа. Яг тийм мэдрэмж хурандаагийн тэр инээдээс мэдрэгдэж байлаа. Бид ч гэсэндээ хааяа хямдхан юм авчихаараа баярлаж л байдаг даа. Яг тэр мэдрэмж.
Бид буцаж давхисаар анх намайг зогсоосон тэр байшингийнхаа гадаа ирлээ. Хурандаа
- Ма . . .ма . . . манайд оръё. Чи даарна гэлээ
Одоо нэгэнт өөр хүн хайх хэрэггүй болсон тул “Хурандаагийнд ганц аяга халуун юм уунгаа бие засаад авъя” гэж бодоод түүнийг даган орлоо. Арван найм есөн насны туранхай өндөр хүү хаалга нээж өгөв. Намайг том өрөөнд орохыг урих мөртөө буйдан дээрхи новшийг хурдхан шиг нэг тийш болгоод суулгалаа. Цонх нь буруу харсан болоод тэр үү өглөөний нар тусахгүй юм. Энд тэндгүй хувцас хунар, элдвийн юмс ундуй сундуй хөглөрөөд, цаанаа нэг бүүдгэр. Яг л нэг өглөө босч буй айлын шинж нүднээ илт. Тэднийхээс ундуй сундуй болсон ор хөнжлийн ч юмуу, хуучин эд юмсын ч юмуу эсвэл шөнөжингөө амьсгалсан агаарын хүнд үнэр ханхлана. Цэвэр агаар оруулаагүй удсан байх. Хэдий тийм ч би гэр доторхийг ажиглан харсаар суулаа. Гэтэл хурандаа хүү рүүгээ хандан
- Ч . . .чи . . . чи яасан бэ тэр мөнгө? гэх нь хэзээ ч юм ярьж байгаад орхисон яриагаа үргэлжлүүлж байгаа бололтой. Хүү нь
- Би танд өгсөн ш дээ
- Э . . . э . . . энэ чинь дутуу байнаа. Яасан чи?
- Хэлсэн ш дээ би танд. Мөнгө хэрэг болоодоо гэж . . .
- Хэ . . .хэ . . . хэдийг нь үрсэн чи?
- Хорин таван мянгыг
- Я. . . яа . . . яаж байгаа юм чи. Байтлаа биднээс хулгай хийгээд . . .
- Заа, засс! та ямар сүртэй юм. Би ээжид хэлчихнэ гайгүй гэж дээрэлхүү ч юм шиг, тунирхуу ч юм шиг хэлэхэд хурандаа ихэд сандрангуй амандаа долоовор хуруугаа ойртуулж
- Чшш! тэ . . .тэ . . .тэгж шууд ээждээ хэлж болдоггүй юм
- Тэгээд яах юм? Та чинь хүн загнаад байж гэхэд хурандаа шүлс нь савирсан амаа ангалзуулан байж
- А . . .ар. . . арвыг нь аав авсан гэж хэлээрэй гэж арай хийн хэлэв. Хөөрхий хурандаа хүүгийнхээ үрсэн мөнгөнөөс арван мянгыг нь ч болов өөрийнхөө нүүрээр эхнэрийнхээ өмнө тахлах гэж байгаа нь тэр юм л даа. Амьдралын эгшин бүр яагаад ийм хайрын нандин ширхэгтэй байдаг юм бол гэж анзаарсандаа миний дотроос нэг юм огшиж ирэв.
Тэгээд хурандааг ажвал саяын үргэлжилсэн ярианд нилээд тамирдсан бололтой завжнаасаа савиран унжих өнгөгүй цагаан шүлсээ муу тахир гараараа арчмар аядаад надруу харснаа
- М . . .ми . . . миний бага хүү. Оюутан гэлээ. Хүүгийнхээ хийсэн үйлдлийг ч, өөрийнхөө өмөөрсөн шалтгааныг ч маш богинохон мөртөө оновчтойгоор тайлбарлаж байгаа нь тэр.
- Өө, тэгэлгүй яахав дээ. Оюутан хүнд хэдэн төгрөг хэрэг бололгүй яахав гэж ойлгосноо илэрхийлэн өөдөөс нь нүдээ ирэмлээ. Амьхандаа хурандаагийн сэтгэлийг амраах гэж байгаа ухаантай. Гэтэл хурандаа гэнэт юм санав бололтой
- Зу . . . Зулаа, цай цай гэж огцомхон чанга дуугарав. Ер нь тэр үе үе их хүч гаргаж чангахан дуугардаг бололтой юм. Нөгөө өрөөнөөс
- За, одоохоон одоохон гэх зөөлхөн дуу гарч, удалгүй хурандаагийн эхнэр хоёр гартаа цай барьсаар орж ирлээ. Хурандаа
- Жо . . . жо . . . жолооч гэж намайг заав. Яг л ангийн захирагч шинэ жолоочоо танилцуулж байгаа юм шиг.
- Сайн уу? Миний дүү. За энэ цай ууж бай. Манай энэ гэж юу юуны духанд хүрэлгүй орилчихдог юм зүгээр гэлээ. Түүний дуу намуухан, дөлгөөхөн ажээ. Гэхдээ би түүний дууны сайханд уярсандаа ч биш зүгээр л үсгүй шахам болсон толгойг нь гайхан харлаа. Түүний толгойн үс нь бүгд хогжруутан унаад дөнгөж ургаж байгаа юмуу гэлтэй энд тэндээс нь буржгардуу сөөвгөр цагаан үс сөрвийжээ. Тэр эгч намайг хараад байгааг гэнэт анзаарсан бололтой
- Өө, эгч нь алчуураа зүүхээ мартчихаж гээд нөхөр лүүгээ толгойгоороо дохиж
- Энэ гэж нэг юм хүн яаруулаад тэр байхгүй юү гээд нэг их сайхан инээмсэглээд гарч одлоо. Хэн ч харсан түүнийг залуудаа сайхан хүүхэн байсан байх гэж бодохоор байлаа.
“Яасан хүний үс ингэж унадаг билээ” гэж би ой ухаанаасаа самнаж суув. Бодвол сониуч зангийнх байх. Гэтэл гэнэт “Хорт хавдар” гэсэн бодол харвалаа. “Хорт хавдар туссан хүнд химийн эмчилгээ хийхээр л ингэж үс нь унадаг гэсэндээ” гэж бодож суутал нөгөө эгч толгойдоо нэг алчуур зангидаж ирээд
- Миний дүү цай уугаад . . . гэж үгээ сунжруулан тасалснаа, эргэн тойрноо ширвэж
- Өө, тийм. Энэ альбом үзэж бай. Эгч нь авч явах юмаа бөөцийлж амжаагүй байна. Манай энэ чинь (хурандааг хэлж байна) тэгнэ, ингэнэ гээд хэлчихээр хар үүрээр босож дэвдэгнээд, хамаг амьтныг сандраачихдаг хүн байгаа юм. Харахгүй юү, манай томыг яаруулсаар байж хар өглөөгүүр л аваад гарсан тэгээд чамтай таарч л дээ гээд надад нэг зургийн цомог өгөөд гарлаа. Хурандаа руу хартал, заль хийгээд баригдсан хүн шиг том улаан хэл гарган инээмсэглэж байлаа. Тэр тийм ч муухай харагдсангүй. Харин ч өрөвдмөөр юм шиг харагдав. Би өрөвдөх нь утгагүй л дээ. Гэхдээ л “хөөрхий дөө” гэмээр санагдсан.
“Айлын зураг үзэж байхад заавал нэг зүс мэдэх хүн таардаг даа” гэсэн бодлоор цомгийг эргүүлж суулаа. Бараг эхний хуудсыг үзээд л надад бишрэх хайрлахаас гадна учиргүй харуусах сэтгэл төрлөө. Армийн зав залуухан дэслэгч, сайхан, хөөрхөн гэдэг үг багадмаар тийм нэг бүсгүйтэй бөгж солилцож буй хуримын зураг байлаа. Хуримаа хийж байх үе бол хүмүүний, хамгийн аз жаргалтай үеийн сэтгэлийн торгон агшин гэж боддог ч тийм сайхан байсан улс өнөөдөр ийм болчихсон байгааг нь харж суугаа болохоор надад тэгж харуусал төрсөн байх. Таван хүүхэдтэйгээ авахуулсан нилээн сүүлийн үеийн зураг ч харагдана. Хуудас эргэх тусам зузаан ултай гутал өмсөж, өргөн өмд намируулсан залуус тухайн үеийн оросын бололтой нэгэн хотын гудамжаар инээмсэглэн алхаж яваа зураг нилээд байв. Тэдний дунд хамгийн өндөр нь, хамгийн сайхан нь, бас хамгийн хөөрхөн нь тэр хоёр л байлаа. Өнгөцхөөн харахад тэдгээр залуусын инээмсэглэлд ирээдүйн тухай санаа зовсон бодрол огт байгаагүй мэт. Байхгүй гэхээр хаашаа ч юм дээ. Ирээдүй нь хаа нэгтэйгээс тэдэн рүү инээмсэглэн байгаа юм шиг төсөөлөгдөнө. Тэдний ирээдүй гэрэлтэж байдаг байсан байх гэмээр ч юм уу.
Зулаа эгч хоёр гартаа хоол барьсаар ирээд нэгийг нь нөхрийнхөө өмнө тавьж, нэгийг нь надад өгөхдөө
- Дүү, халаасан хоол иддэг үү? гэлээ. Надад ямар эрээ цээрээ байх биш дээ. Тэгээд ч халаасан хоолонд, тэр тусмаа хоноод шөлгүй лагайчихсан хоолонд би яагаад ч юм дуртай. Шөл нь гуриландаа шингээд амт нь сайхан л даа.
- Иддэгээ л гэлээ.
- Зарим хүн хоносон хоол иддэгүй гэдэг болохоор эгч нь асуулаа. Түүнээс биш асуухаар асга гэдэг. Өчигдөр манай энэ хэдийн зутагнуулсан хоол. Өдөржингөө халтуур хийгээд давхихаар өлсдөг л байлгүй яав гэж гэх нь намайг нилээн сайн анзаарсан бололтой юм. Зулаа эгч их яриасаг бөгөөд түүний дууных нь өнгө урссан, намуухан аястай. Ер нь л зүрхэнд их ойрхон дуутай хүн юм.
Би шөлгүй шахам будаатай хоол халбагдах зуураа цомгоо харж
- Та хоёр хойно сурдаг байсан уу?
- Тийм, Одесст, Аль далан таван онд
- Та хоёр тэгээд нэг сургууль төгссөн юм уу? Ер нь та нар яаж танилцсан юм бэ?
- Үгүй, үгүй. Би юу гэж цэргийн сургууль төгсөх вэ. Манай хотод монголчууд тийм ч олон байгаагүй. Эдний сургуульд дөрөв таван нөхөр, манайд гурван охин л байсан
- Э . . . э . . . Зулаа хамгийн хөөрхөн нь байсан хэ хэ гэж хурандаа сахилгагүй ч юм шиг этгээд маягаар инээхэд Зул эгч
- Тэгээд л цөөхөн охидууд байсан болохоор энэнд аз болохгүй юү гээд хурандаа руу шоолонгуй харав.
- Б . . . би . . . ха . . .хамгийн мундаг нь байсан гэж хурандаа нилээн бардам дуугарахад
- Мундагаа ч хатдаа нэг л их горзойсон улаан юм л байсан. Үгүй ээ гэхдээ тэдэн дундаа гайгүй нь байсан шиг байгаа юмаа. Спорт, урлаг гээд юм юманд л оросуудтай хамт оролцож явдаг залуу байсан.
- Тэгээд л танд таалагдаж эхэлсэн үү?
- Таалагдах юу байхав. Би дөнгөж очсон шинэ амьтан. Энэ чинь гуравдугаар курсийн том курсант.
- Ц . . . цэ . . . цэцэг өгдөг би. Дандаа . . .
- Өө, тийм. Манай байранд ирэх болгондоо надад нэг их гоё цэцэгнүүд авчирч өгнөө. Цэцэг чинь бас ч гэж оюутан бидэнд үнэтэй л санагддаг байсан. Тэгтэл энэ багц багцаар нь бариад л ирнэ.
- Б . . . би . . . ба . . . баян курсант байсан юм чинь гэж хурандаа хэлэхэд Зул эгч яг л тэр үедээ очсон мэт нэг их инээснээ
- Баян байхдаа яахав дээ. Балиар амьтан. Эдний сургууль хотын захруу, нилээн зайдуу. Тэр дүүрэгт нь голдуу хашаатай, тэндээ цэцэг жимс ургуулдаг Деревнья маягийн айлууд байх. Тэгсэн чинь сүүлд нь сонсох нь ээ мань эр тэр хавийнхаа айлуудын цэцгийг туугаад л надад авчирч өгдөг. Би болохоор яасан мундаг ах вэ гээд л . . . хөгжилтэй
- Но . . . но . . . нохойгоороо намайг уруулах гээд . . .
- Хөөрхий тэр хавийн орос бабушканууд бүр уураа бардаг байсан шиг байгаа юм. Ямар сайндаа сүүлдээ бүр нохойгоо өөдөөс нь тавьдаг болсон гэсэн
- Тэгээд цэцэггүй ирдэг болсон уу?
- Яахав тэгээд бид хоёр бие биендээ ойртож байсан үе таараад цэцэгний шаардлагагүй болчихгүй юү. Ер нь эрчүүд чинь тийм ш дээ. Эхлээд л нэг их сүрхий байснаа сүүлдээ яадаг билээ дээ. Чи мэднэ биз дээ гээд инээлээ. “Нээрээ ч бид ч дээ нэг л тиймэрхүү шүү” гэж бодоод ярианы сэдвийг өөрчлөх санаатай
- Би яагаад ч юм жар, далаад оны ийм зураг харахаар налгар, тайван тийм нэг нарлаг өдрүүд санаанд ордог юм.

Үргэлжлэл бий . . .




Бүрэн эхээрээ...

Нэрэлхэлгүйгээр - 4

11 Сэтгэгдэлүүд:


"Товч"- ийг тодруулсан утгын чимэг
Монголынхоо уран зохиолд хайртай, хэл соёлоо эрхэмлэдэг хүн бүхэн ирээрэй гэж зар тараасан энэ уралдааны танхимд номын сангийнхаа танилцуулга, үзүүлэнгийн номууд, самбар сэлтээ гаргаж бэлтгээд, номын өргөөнийхөө хойморт, төрийн далбаагаа залж, хүндэтгэлийн идээ будаа зассан байв.

Нэг жилийн өмнө 200 орчим Монгол ном тал, талаасаа цуглуулж Монгол Номын сангийнхаа эхийг тавьж байсан. Уншихгүй байж болохгүй ном, Байхгүй юмгүй ном, Монгол ёс заншил, зан үйлийн товчоон гэх мэт сонин содон нэрт тэргүүлэн, Монголын шилдэг өгүүллэгийн болон яруу найргийн түүврүүд, Монголын зохиолчдын болон Америкт суугаа Монгол уран бүтээлчдийн олон шинэ номуудыг энэ үеэр дэлгэн үзүүлэв. Номын санд олсон орлогоороо ном авсаны дээр Америкийн Монголчуудын худалдааны танхим зэрэг байгууллага, найз нөхөд, хувь хүмүүсийн хандиваар фондоо өргөжүүлэн нийт 400 гаруй номтой болоод байгаа гэнэ. Түүнчлэн цөөн ч гэсэн байнгын уншигчидтай, Ганзориг гэдэг хамгийн идэвхитэй уншигчтай болсон хэмээн Уран уншлагын уралдааны нээлтийн үеэр танилцуулав.

Монгол Улсын Соёлийн тэргүүний ажилтан хуучирч Ичинноров сонгодог аяз тоглож танхимийн жаврыг үргээлээ.

Уралдааны салхийг Лос Анжелес хотноо ажиллаж амьдардаг Сэтгүүлч Мөнхцэцэг өөрийн бичсэн “Цасан зүүд” өгүүллэгээрээ хагалав. Тэрээр “Шинэ жилийн үдэш анхны хайрт бүсгүйнхээ зургийг олж үзэж, сургийг нь гаргаад догдлон буй эх орноосоо алс суугаа залуу эрдэмтний тухай” өгүүлсэн.

Яруу найрагч Л.Өлзийтөгсийн “Хүлээлт” өгүүллэгийг Санта Моника коллежид жүжигчний мэргэжлээр суралцаж байгаа Билгүтэй үзэгчдийн сонорт хүргэлээ. http://www.biirbeh.mn/modules.php?name=News&file=article&sid=2716

...Намайг шуугин урсахын цагт
Чи минь санаад байвал
Намуун шөнөөр ирж
Давалгаан дээр минь унтаарай... хэмээн бичсэн Л.Өлзийтөгсийн шүлэг, өгүүллэгээс нандин мэдрэмж, өвөрмөц өнгө будаг харагддаг тул түүнийг унших дуртай гэж Билгүтэй хэлсэн юм.

... Ээжийн захидал төгсгөл хэсэгтээ балархай. Бодож санаснаа “цээжээ онгойлгон” биччихээд “хүний нутагт юугаа хийж удаад байдаг юм бол доо хүү минь” хэмээн өөртэйгөө ярьж, нүүр лүүгээ унжсан буурал үсээ чихнийхээ арлуу давуулж илчихээд л захидлаа уншиж суусан даа. Энэ сацуу хацрыг нь даган нулимс бөмбөрч бичсэн захидал дээр дуслахад сандран арчиж энэ хэдэн үсгийг нь бүдэгрүүлсэн байлгүй” хэмээн ээжийгээ санасан хүүгийн сэтгэлийн үгийг Батсүх гуай дамжуулсан юм.
http://dayarmongol.com/index.php?option=com_content&task=view&id=1807&Itemid=117

Батсүх гуай өнгөрсөн жилийн уралдаанд өөрийн зохиосон Нүүдэлчин шүлгээрээ оролцож дэд байр эзэлж байсан билээ.

Америкийн Монголчуудын дундаас олон сайхан өгүүллэгээрээ онцгойрон шалгарсан нь Түмэнбаярын Бум-Эрдэнэ билээ. Түүний Товч өгүүллэгийг Д.Уранчимэг амилуулаа. Тэрээр алс холын Санфранцискогоос ногт ганзаглан ирж энэ уралдаанд оролцсон юм.

Товч гэж ...Ээжээ, ээжээ миний товч тасарчихлаа гэсээр тав зургаа орчим насны хүүгийн алганыхаа бяцхан хонхорхойд атгагдаж ирсэн жижигхэн цагаан товч эмээгийн товчний хайрцаганд хэсэг товчнуудын хамт хагас өдөр болоод гарахдаа мэдэрсэн мэдрэмжээр дамжуулан хүмүүний амьдралын бардам эрхэмсэг, эрх танхи, ганцаардмал, цөхөрмөл, мөхмөл, бүр үхмэл, бас байж болох олон өнгө аяс, хөг аялгууг илэрхийлэн цагаан инээд хөгжөөн, хөнгөн гуниг, ухааралыг хослуулан гаргасан хөөрхөн өгүүллэг.
http://dayarmongol.com/index.php?option=com_content&task=view&id=3141&Itemid=111
Энгэрийн гэхдээ яаг хоёр хөхний хооронд таардаг тийм нандин товч, Хэдэн шүд нь мултарч унаад, эвдэрчихсэн яайжийсан цахилгаан, эрдэмтэн хүний пиджакны товч, генерал хүний шинельний товч, саатай торгоор, хар даалимбаар сампин зангидсан монгол товчнууд, эрлийз товч, зураачийн товч, яруу найрагчийн товч, наалдан пад болчихоод салдаг ч үгүй, ичдэг ч үгүй кноп, тасар татуулсан ташааны товч гээд хүүхдийн жижигхэн цагаан товчинд өөрсдийгөө танилцуулсан тэдний үйл хөдлөл, үг яриа ийм л байна даа гэж бодогдохоор Урнаа маань уншиж, товчийг тодруулав.

Дараагийн өгүүллэг дахиад л Т.Бум-Эрдэнийн “Боб” байлаа. Эх нутгаасаа алс хол суугаа хүмүүсийн амьдралын жаргал зовлонг мэдэхийн тул түүний бичсэн өгүүллэгүүд эндэхийн уншигчдад ойрхон байдаг биз ээ. http://dayarmongol.com/index.php?option=com_content&task=view&id=2273&Itemid=111

Өөрийнхөө харж асардаг баян өвгөнөөс хүн энэ хорвоод ирэхдээ ямар нэгэн хүнээс хайр энхрийлэл, уянга ухаарал авах гэж ирдэг. Харин буцахдаа хэн нэгэнд ямар нэгэн юм өгчихөөд буцах ёстой гэдгийг ухаарч,Та эцэг эх, элгэн садан, эх оронд минь буцааж, аавыгаа ачлах их ухааныг өгсөн хэмээн эх нутгийнхаа зүг нисч яваа залуугийн бодрол. Д.Дашдорж Боб өгүүллэгээ “Гэгээн алсад одохсон” гэж сайхан аялгуугаар чимэглэн сонсогчидоо хүргэсэн. Бас өгүүллэгтээ өөрөө гүн ороод нулимас дусаагаад авна лээ. Саяхан бурхан болсон зулай гишгэн төрсөн ахыгаа, тойроод суусан ахмадуудыг хараад гэнэт нулимас гарчихлаа шүү гэсээр суудалдаа очсон.

СанФранцискод суугаа утга зохиолч судлаач, зохиолч Я.Баатар, Виржинад суугаа Зохиолч, сэтгүүлч Л.Батбаяр, Лос Анжелест суугаа Орчуулагч Ж.Оюунцэцэг нарын Америкт суугаа Монголын уран бүтээлчид Утгын чимэг уралдааныг халуунаар дэмжиж өөрсдийн мэндчилгээ шүлэг зохиолоо ирүүлснийг уралдааны дундуур уншиж сонсголоо.

Нутаг нугийн цөстэй эрийн морийг хөтлөн сумын наадамд явах замдаа сайхан залуу эхнэрт татагдан, сайхан дуу дуулж, сайхан мөрөө түшилцэн Ононгийн тохойд учирсан залуу насны сайхан хайрын тухай бичлэг энд бас уншигдлаа. http://www.biirbeh.mn/modules.php?name=News&file=article&sid=725

Цамба салхи татуулан давхиж ирээд хэдэн үгийн солиогүй морин дээрээс минь хуу татаж орхиод Хулангийн цулбуурыг шүүрч аваад, морьдоо хайр найргүй ташуурдан улаан тоос манарган давхин одохуй зам дээр явган хаягдаад

Би чамаас хариугаа авна даа. Заавал авна! Хулан ч чамайг хаяна. Yзээрэй, муу нохой! 'Хулан чамайг заавал хаяна! гэж нулимсаа арчиж нусаа татсаар хоцордог Арван долоон нас ч дээ. Хөөрхий. зайлуул. Би тэгэхэд өөрийгөө эр хүнд тооцож явжээ. Гэтэл тэр зун ёстой шалчгар эр болохоо мэдсэн тухай өгүүлдэг Эрдэнэ баавайн ур шингэсэн Хулан бид хоёр гэж нэгэн оргил өгүүллэг байдгийг хэн хүний мэднэ. Энэ өгүүллэгийг хүүхдүүд дээрээ ирж амарч яваа Сурмаажав гуай намбалагхан уншиж олны сонорт хүргэлээ.

Номын санг эрхлэн ажиллуулж байгаа Б.ГанЭнхбаяр маань Зохиолч Шүүдэрцэцэгийн бичсэн Тал гамбираас болж өнчин дүүгээ хороосны гомдол цөхрөл, харуусал, бас ахан дүүсээ халуун бүлээ хайрлахын ухаарал шингээсэн “Тал Гамбир” гэдэг өгүүллэгийг сэтгэлээ хөдөлгөн, нулимсаа дуслуулан байж олонд хүргэсэн.

Ингээд уралдаан тэргүүн байрыг Д.Уранчимэг “Товч” өгүүллэгээр, Дэд байрыг Батсүх “Ээжийн Минь үнэртэй захиа” өгүүллэгээр, Билгүтэй “Хүлээс” өгүүллэгээр тус тус хүртэж, Тусгай шагналыг Д.Дашдорж Боб өгүүллэгээр хүртлээ.

Энэхүү уралдаанаа өргөжүүлэн Америкт суугаа утга зохиол, хэл соёлоо дээдэлдэг Монголчуудаа, уран бүтээлчдээ өргөнөөр оролцуулдаг, Америкийн Монголчуудын оюуны нэгэн наадам болговол зүгээрсэн гэсэн саналыг гаргаж, бас шүлгээр дэврээд авцгаалаа. Батсүх гуай Нүүдэлчин шүлгээ өргөсөн бол Б.Энхтуяагийн Эх хэл гэсэн шүлгийг Урнаа уншиж, бас Бавуугийн Лхагвасүрэн, Данзангийн Нямсүрэн, Гомбожавын Мэнд Оёо, Бавуудорж, Эрдэнэ-Очир найрагчдын шүлгээс савныхаа хэмжээгээр утган залгилаад тарцгаав.

Номын буян арвижих болтугай.

Д.Бишүүгарам
Лос Анжелес хот
Мэдээг Даяармонгол сайтаас авсан болно





Бүрэн эхээрээ...

Би дугираг биш дөрвөлжин баймаар байна (Өгүүллэг)

31 Сэтгэгдэлүүд:

Хүн болгоныг яг над шиг байгаасай гэж боддоггүй л дээ. Гэхдээ яг л над шиг хоёр янз гэдэгт би эргэлздэггүй. Учир юу вэ? гэвэл би цаг үргэлж өөрийнхөө оюун санаатай зөрчилдөж байдаг юм. Бүр цаг үргэлж шүү. Зарим нэг хүн, магадгүй ухаантай гэгддэг хүмүүс ч тийм байж болно. Тэд хэлэхдээ “миний дотоод хүн” гэж ирээд л ярьдаг даа. Ганцхан тэд л дотоод хүнтэй юм шиг. Үнэндээ бол хүн болгон дотоод сэтгэлдээ өөр ертөнцтэй. Хүн болгон нууцтай. Өөрөөр хэлбэл хүн болгон нүгэлтэй. Үүнийгээ л нууц гэж нэрлэдэг байх. За, за би хүний тухай яриад яахав. Өөрийнхөө тухай л жаахан яръя. Гэхдээ бусдыг миний тухай бод гэсэндээ биш өөрийнхөө тухай бодоосой гэсэн дээ шүү дээ.
Би оюутан байхдаа нэгэн охинд дурлав. Дурлал гэж юу байдгийг мэдэхгүй л дээ. Гэхдээ л дурлав. Тиймээ, би түүнийг дурлал гэж ойлгосон. Яагаад гэвэл тэр охин надад нэг тийм эерүү, зөөлөн, дотно ч юм уу, эсвэл их ойрхон харагдсан хэрэг. Ойрхон гэдэг нь хол ойрын ойрхон биш шүү дээ. Сэтгэлд ойрхон гэсэн үг. Тэгээд бодохоор тэр үед надад сэтгэл байсан юм шиг байгаа юм. Хүмүүс сэтгэлийн энэ өөрчлөлтөө янз янзаар хэлдэг л дээ. Анхны харцаар дурлах, сэтгэл алдрах, өөр юу юу гэдэг ч билээ дээ. За тэр зохиолч, яруу найрагч нар бол
Гал хайрыг минь асаасан
Ганган харцанд чинь би бүдрэв ээ . . . гэж ирээд л солиорч өгдөг дөө.
Аа, харин надад бол тэр охин зүгээр л түрүүн хэлсний адил дотно дулаахан санагдсан юм. Магадгүй, би тэгтлээ дурлаагүй юм уу бүү мэд. Гэтэл сонин нь, зүгээр л санагдаад өнгөрсөн юм руугаа татагдаад байдаг юм билээ. Тиймээс үүнийг би дурлал гэж нэрлэсэн. Тэр охины хойноос гүйдэг болов. Гэхдээ би өөрөөсөө “Яагаад би ингэж явах ёстой гэж?” гэж асуудаг байв. Тэр надад хөөрхөн санагдсан. Хөөрхөн гэдгийг би мэдэхгүй ш дээ. Мэдэхгүй ч юу байхав. Хөөрхөн гэдэг тодотгол яагаад хүмүүсийн хэлдэг шиг, боддог шиг байх ёстойг би ойлгодоггүй. Та ч гэсэн бод л доо. Хөөрхөн гэхээр ямар байх вэ? Танд нэг төсөөлөл орж ирж байгаа биз дээ. Хөөрхөн гэдэг яагаад яг одоо таны бодож байгаа шиг байх ёстой юм бол гэдгийг би бас ойлгодоггүй юм гэдгээ л хэлэх гэсэн юм. Юутай харьцуулаад түүнийг хөөрхөн гээд байгаагаа мэдэхгүй ч би түүнийг хөөрхөн гэж бодов.
Дугуй танхимд ордог лекцэнд хааяахан таарах түүнтэй яриа өдөхийг хүсдэг болов. Хэд, хэдэн удаагийн оролдлогын дараа би түүнтэй ярилцдаг болов. Тухайн лекцийг ойлгоогүй тухайгаа, өөртөө ямар нэгэн туслалцаа хэрэг болоод байгаагаа, тэр ч байтугай зав гаргаж өөртөө туслахыг хүртэл гуйгаад амжив. Энэ бүх хугацаанд хавтсаа энгэртээ тэврээд өрөөсөн буланг нь шүдээрээ оролдож зогсоо тэр охин яагаад ч юм хаяад явчихсангүй. Түүнээс хойш кино үздэг болов. Кино үзэж суухдаа “би энэ охинтойгоо цуг кино үзээд сайхан байна шүү” гэхээсээ илүү “яагаад заавал кино гэж хэн нэгний зохиосон худлаа юмыг үзэх ёстой юм. Үүнийг үзэхийн тулд хэн нэгэнд таалагдах эсвэл хэн нэгнийг хөөрхөн гэж харах ёстой юм байхдаа. Хөөрхөн гэдэг цуг байснаар, хамт кино үзэхээр батлагдах ёстой юм гэж үү” гээд шал өөр юм бодож суудаг байв. Гэсэн хэрнээ л би долоо хоногт хоёрхон удаа ордог тэр лекцийг их хүлээдэг байлаа. Яаж ийж байгаад л түүнтэй тааралдахыг хичээнэ. Түүнийг харахгүйгээр, намайг харж байгаа тэр харцыг харахгүйгээр өдөр хоногийг өнгөрөөж чадахаа болив. Ингэх тусмаа өөрийгөө гайхна.
Миний хар багадаа харсан нэг юм түүнд байдаггүй байлаа. Би тэр үед арван хоёр гуравтай л байсан байх. Миний харсан юм бол мөөм байсан юм. Тэр мөөм манай ээжийн найзын мөөм л дөө. Одоо бодоход тэгтлээ том байсныг би мэдэхгүй л дээ. Нэг өдөр манайд аав ээжийн найз нар ирсэн юм. Уг нь дандаа ирдэг ч би тэр өдрийг л сайн санадаг. Ямар нэгэн баяр болж байсан байх. Тэр эгч яагаад ч юм энгэрийнх нь нэг товч мултарчихсан энгэр задгай палажтай ирсэн. Түүний хоорондоо шахалдаад нийлчихсэн мөөм харагдсан. Бүтнээрээ биш л дээ. Бумбагар цагаан хэсэг нь л харагдсан. Тэр эгчийн бие хаа, царай зүс, бусад юм нь надад сонин биш байв. Гагцхүү мөөмний тэр цагаан хэсэг л нүд татаад байлаа. Би бүр эрэлхийлж, хайж байгаад л энд тэндээс сэм сэмхэн хараад байсан. Харах тусам тэр хүнийх биш өөр газраас авч ирээд наачихсан юм шиг харагдана. Унтахаар хэвтсэн хойно, бүр нүдээ аньсан ч гэсэн тэр мөөм надад харагдана. Түүнээс хойш би хаа ч явсан тэр мөөмийг боддог, магадгүй хайгаад явдаг болов. Тухайн үед миний суга цавинд армаг тармаг үс ургаж байсан болохоор найз нартайгаа зэрэгцэж зогсоод бие засахаас ичээд ганцаараа бие засна. Тэгээд зогсож байхдаа нөгөө мөөм бодогдоод харахын тулд би нүдээ анина. Ерөөсөө би хүссэн юмаа сэтгэлдээ харахын тулд нүдээ л аних хэрэгтэйг тэр үед ойлгож авсан юм. Ангийнхаа охидуудыг харахаар тэд хэзээ ч тийм мөөмтэй болохгүй мэт. Тэр ч байтугай эмэгтэй багш нараа ажиглана. Манай тооны багш бол бүр хавтгай цээжтэй. Тооны багшийг хүүхэдтэй гэж сонсоод гайхсан. Хүүхэд нь лав угжны хүүхэд байсан байж таараа. Сүүлдээ би эмэгтэй хүнийг, эсрэг хүйстнээ тэр мөөмөөр л төсөөлдөг болов. Тийм мөөмгүй бол эмэгтэй гэхэд хэцүү мэт.
Миний хойноос нь гүйгээд байгаа охинд тийм мөөм байгаагүй. Гэсэн ч би гүйгээд л . . .
Сүүлдээ би тэдний дотуур байраар ордог болов. Ямар нэгэн шалтаг гаргаад л очно шүү дээ. Эхлээд ичдэг байснаа больсон. Надад нэг л тийм өөриймсүү хандана. Тэдний өрөөнд анх ороход түүний орны арын ханан дээр томоо гэгчийн плакат наалттай байв. Доор нь хуанли байсан байх би анзаараагүй. Далайн эрэг дээр, давхраатай, тас хар нүдтэй, буржгардуу хар үсээ задгай тавьсан испани гаралтай болов уу гэмээр бүсгүй цээж нүцгэн, урдуураа барьсан торон алчуураар хоёр хөхөө хааж зогсоно.
Торон алчуурны дээгүүр дээд хэсгээр хоёр хөхнийх нь булцгар хэсэг томбойж, унжсан доод цацган хэсэг нь эмзэгхэн нууц газрыг нь хаасан байв. Бүсгүй хөлөө солбиж зогссон нь бүр эрхэмсэг харагдана. Ном зохиолд чилгэр гуя энэ тэр гээд байдаг даа тэр нь байсан байх. Уснаас дөнгөж гарсан болохоор тэр үү хүүхнээс чичрүүдэс мэдрэгдэнэ. Түүнийг батлах гэсэн мэт товойн булцайх хөхнийх арьс бэжрүүтэж харагдах нь зургийн сайных байсан юм байхаа даа. Тэр нэг гадаад бүсгүй яг л над руу хараад зогсож байх шиг. Дутуу юм гэвэл түүнээс үнэр л үнэртэхгүй байв. Гэхдээ би сэтгэлдээ нэг тийм содон үнэр төсөөлж, түүнийгээ тэр хүүхний үнэр гэж боддог болов. Түүнээс хойш энэ охины өрөөнд орж ирэх бас нэг шалтгаан нь энэ зураг болов. Орж ирээд угаасаа тэднийд байх ганцхан сандал дээр суухад л хүүхний зурагны өөдөөс харж таарна. Охин орон дээрээ сууна. Юу ярьдаг байснаа санахгүй ч дуугай байдаггүй байлаа. Ингэсээр бас нилээд хугацаа өнгөрөв. Нэг өдөр намайг иртэл түүний өрөөний хоёр охин гараад явчихав. Бид хоёр хоёулхнаа үлдсэн. Би ч сандал дээрээ суухыг урьтал болгов. Зургийн цомог үзэх болоод намайг хажуудаа суухыг урив. Би нөгөө хүүхнээ хармаар байсан ч татгалзаж чадсангүй. Хажууд нь суухад араас хэн нэгэн хараад ч байх шиг, эсвэл бүр хүний амьсгаа сэрвэлзээд байх шиг санагдсан. Хананы зурагаас уу, эсвэл тэр охиноос уу алин болохыг би ялгаж чадсангүй. Бодвол амьд юм болохоор тэр охиноос байх. Харин би болохоор хүүхний зурагнаас байгаасай гэж хүссэн ч байж болох юм. Зураг үзж байхдаа эхлээд бид хоёрын дух нийлэх үед түүний амьсгаа мэдрэгдэж эхэлсэн. Их ойр ойрхон түргэн, түргэн амьсгалж байлаа. Миний хацар түүний хацарт хүрэв. Яагаад ч юм надад даарсан байх ёстой байсан хацар, халуу шатаж байв. Бид хоёрын уруул бие биенээ олов. Шунаг, өөртөө итгэлтэй, этгээд амттай байх юм шиг санагдаж байсан уруул зөөлөн, номхон байв. Шал өөр нэг тийм, эмэгтэй үнэр үнэртэх нь миний бодож олсон, хүсэмжилдэг үнэр биш ч гэсэн би нэгэнт дургүйцэж чадахааргүй болсон байлаа. Бодвол надад таатай байсан байх. Одоо өөрт захирагдахгүй нь тодорхой болсон гараа түүний цамцан доогуур оруулж хүүхэд ахуйдаа харж байснаас жижигхэн, гэхдээ тооны багшийнхаас том, тийм мөөмийг барив. Энд тэндээс уншсан шиг тийм ч хатуу байгаагүй. Харин тэр мөөмөн доор зүрх нь маш хурдан, хурдан цохилж байгааг мэдэрсэн. Хөх нь даарсан юм шиг байгаагүй. Бас цамц нь тор шиг биш байсан. Миний гар доошилсоор байлаа. Тэр яг миний төсөөлж байсан шиг хоёр хөлөө солбисон бас тэнд яг миний төсөөлж байсан шиг нойтон байлаа. “Тийм ээ, яг л ийм байх ёстой” гэж бодсон. Нэг мэдэхэд би нүдээ аниад нөгөө охиноо мартсан байв.
Ингэж бид хоёр анх удаа секс хийсэн. Үүнээс хойш бид маш олон удаа үүнийг хийсэн. Тэр охины бие хаа тэгш, арьс нь зөөлөн тэр ч байтугай эмэгтэйлэг үнэр нь хүртэл таалагддаг болсон л доо. Гаравч, оровч бодогдох болсон сексийг бид боломж олдсон газраа л хийдэг боллоо. Харин би яг тэр үедээ нүдээ анихад ханан дээрхи зурагны хүүхэн харагддаг байлаа. Би нуулгүй үнэнээ хэлье. Би найз охинтойгоо биш зурагны хүүхэнтэй секс хийдэг байв. Хэдийгээр найз охин маань бага зэрэг жихүүцэж даараагүй, бас нойтон биш ч гэлээ би гэлээ түүнийг хүссэнээрээ төсөөлж чаддаг байв. Гэхдээ зөвхөн нүдээ анихад л шүү дээ.
Харин найз охин маань юу төсөөлдгийг би мэдэхгүй. Бид хэдэн зуу магадгүй хэдэн мянган удаагийн үйлдэлд зөвхөн намайг л бодоод, энхрийлээд, үнсээд байсан гэвэл би итгэхгүй. Учир нь тэр бас л нүдээ аньсан байдаг байлаа. Гэхдээ би түүнийг үгүйсгэх юмуу буруутгахгүй. Яагаад хэн нэгэн, хэн нэгнийхээ өмнө буруутан болж байх ёстой гэж. Магадгүй танд ч гэсэн хаа нэгтээ үзэж харсан киноны чинь баатар эгзэгтэй үед чинь төсөөлөгддөг байж болно ш дээ. Түүний төлөө буруутгагдаж болохгүй биз дээ. Тэгээд ч энэ бол нөгөө нууц гэдэгтээ ордог байх. Би л үнэнээ яриад байгаа болохоос.
Надад үргэлж харагддаг байсан ээжийн найзын мөөм ор тас мартагдсан юм. Магадгүй өөр нэгэн арван хоёртонд харагддаг байхыг үгүйсгэхгүй. Ерөөс байж болохгүй юм гэж хаа байх билээ. Би бүүр эхэндээ хэлж байсан даа. Аливаа юм байтугай хувь хүн хүртэл хоёр янзаа гэж. Би л лав тийм. Та үгүй гэж магадгүй. Болно л доо. Гэхдээ үнэндээ бол тийм шүү дээ. Хүмүүс доторх байдлаа дандаа гаднахтайгаа харьцуулж, тохируулж харьцдаг. Би зөв буруугийн тухай яриагүй. Зүгээр л тэр нь надад таалагддаггүй. Надад заавал таалагдах эсвэл би таалж байх албагүй л дээ. Би дээд сургуулийнхантайгаа, үеийнхэнтэйгээ багш нартайгаа нийцдэггүй байлаа. Тэд яг арван жилийн сургуулийн хөгшрүүлсэн хэлбэр мэт санагддаг байв. Тэд ярьснаасаа дандаа эсрэг, эсвэл өөрөөсөө дандаа эсрэг ярьдаг байв. Ганц нэг жишээ хэлэхэд “анхны хайр” гээд л бүхэл бүтэн том сэдэв байна. Хоёр дахь, гурав дахь гээд хайр байдаг болохоор л “анхны хайр” гэж тодотгодог байх гэхээр үгүй чи мангар тэнэг. Чам шиг ийм гаж амьтан хаа ч байхгүй гэнэ. Нууц амраг л гэнэ. Хүн бүр нэг, нэг ханьтай байхыг эрмэлздэг болохоор нууц амраг гарч ирэхгүй яах юм гэхээр чам шиг бузрын амьтан байхгүй л гэнэ. Ариун хайр л гэнэ. Хаа нэгтэй ариун биш хайр байж л байгаа шүү дээ. Тэрнийгээ мэдсээр байж гэр бүл, хайр сэтгэлийн тухай амтай болгон худлаа ярьдаг мэт санагддаг. Ярих ч яахав. Ярьснаасаа эсрэг байгаад байх нь л өрөвдмөөр. Ганц тэд ч биш л дээ хүн төрөлхтөн хэдэн мянган жилээрээ ийм байсан байх. Та ч гэсэн энэ талаар нэгийг бодож л байгаа. Гэхдээ надтай заавал санал нэг байх албагүй.
Би нөгөө охинтойгоо гурван жил үерхсэн юм. Яагаад гэвэл би дээд сургуульд гурван жил яваад нэг л өглөө яваагүй. Дандаа худлаа мэт санагдах юмыг сонсож суух зовлонтой санагдаад. Найз охиндоо ч хэлээгүй. Яагаад би түүнд ямар нэгэн юм худлаа зохиож хэлэх ёстой гэж. Үнсэхдээ, энхрийлэхдээ, секс хийхдээ би түүнтэй байна гэж хуурахыг хүсээгүй.
Намайг хэн ч мэдэхгүй тийм газар очиж бүхнийг шинээр, бүхнийг өөрөөр эхлэхийг хүссэн. Энэ шийдлээ ээж аавдаа ч хэлээгүй. Юу гэж загнахыг нь мэдэж байсан учраас тэр. Хайртай дуртай гэх хэрнээ хэрэлдэхээрээ хорвоогийн хамгийн муу үг болгоныг түүж бие биендээ шидэлцэнэ. Өөрсдөө л хүссэнээрээ эсвэл байгаа чадлаараа амьдарч байгаа хэрнээ та нарын төлөө л ингэж зовж шаналж явна гэж ирээд л үглэцгээнэ. Чи энэ ах шигээ байсангүй. Ядаж энэ дүү шигээ байж чадахгүй эргүү толгой, буруу ишлэсэн сүх гээд л загнана. Яагаад би тэдэнтэй адилхан байх ёстой гэж. Яагаад ер нь сүх иштэй байх ёстой гэж. Ишгүй ч гэсэн сүх л баймаар юм. Харсаар байтал өөр бие махбодь, өөр харц, өөр сэрэл мэдрэхүй байхад яагаад ив ижилхэн байх ёстой гэж. Яагаад тэр ер нь заавал миний төрсөн ах байх ёстой гэж. Тэд түүнийг юмуу эсвэл намайг хийж байхдаа юу ч бодож байсан юм билээ бүү мэд ш дээ. Тэд лав нүдээ аниж байсан байж таарна. Яс махны хувьд мөн байлаа гэхэд оюун санааны тохиолын хувьд бид ах дүү байтугай нэг айлын хүүхэд гэдгийг хэн мэдэх юм. Тийм биз дээ.
Би одоо л ингэж бодлоо эмх цэгцтэй (хэн нэг нь эмх цэгцтэй гэж бодвол шүү дээ) илэрхийлж байгаа болохоос багадаа бүр хачин хачин юм боддог байсан юм. Хүмүүс газар дэлхийг ил харагдах байдлаар шагшин магтдаг байхад би газрын гүндээ ямар амгалан байгаа бол гэж боддог байлаа. Хүмүүс амьд яваагаа жаргал гэж боддог байхад хүмүүсийн жаргал гэж нэрлээд байгаа бүхэн үхсэний дараа л байдаг байх гэж санана. Кинонд, жүжигт хүн үхэх гэж байхдаа зовж, шаналж байснаа яг үхэх агшиндаа бүх зовиур нь арилаад, тэр хүн нэг л амарчихаж байгаа юм шиг надад санагддаг. Тэр жүжиглэж байгаа хүн хэзээ ч үхэж байгаагүй ш дээ. Гэтэл тэгдэг. Тэгэхээр цаанаасаа л өгсөн мэдээ дохио, өгөгдөл. Тэгэхээр тэр жүжигчин урд байсан хэлбэртээ орж байгаа нь тэр байх гэж бодно.
Бага байхдаа эмээгийнхээ оршуулганд оролцсон юм. Тэгэхэд эмээ маань надад хэн нэг нь хэрэглэж байгаад хуучруулаад орхичихсон зүйл шиг л тийм харагдаж байсан. Нэг тийм амарч буй мэт. Түүнийгээ аавдаа хэлээд, арьсаа зулгартал зодуулж байлаа. Би ийм л хүүхэд байсан.
Гэрээсээ “Яаж чимээгүй алга болчихов” гэж санаад “Би хүслээ дагаад явлаа” гэсэн бичиг үлдээгээд л яваад өгсөн. Уг санаа нь “би амьд шүү” л гэж байгаа ухаантай. Бодвол гутлаа толгойдоо угласан новш гэж хараасан байлгүй. Тэртээ тэргүй тэд надаас залхаж гүйцсэн байсан л даа.
Би нэг жижигхэн хотод ирэв. Тэр хотынхон бие биенээ сайн мэднэ. Бүр удам угсаагаар нь мэднэ. Үйлдвэрт ажилд орлоо. Гэлээ ч гэсэн жижиг том хотынхон бүгд адилхан байлаа. Ер нь яагаад хүмүүс ийм адилхан байдаг юм бол? гэсэн бодол намайг солиоруулдаг байв. Бүгд л худлаа ярина. Бүгд л гэр бүлтэй байхыг хүсэх хэрнээ бүгд нууцаар амраглана. Чадахгүй бол чадсан нэгнийгээ муу хэлнэ. Нүгэл гэдэг юм өөрсдөө зохиочихоод өөрсдөө тэр нүгэл рүүгээ тэмүүлнэ. Гагцхүү хүмүүс л ийм байдаг байх л даа.
Хотоос ирсэн болоод тэр үү эсвэл би тийм гайгүй харагддаг байсан уу уг үйлдвэрийн царайлагаасаа авхуулаад жаахан тааруухан нь хүртэл надтай унтдаг байв. Хэнтэй нь ч унтсан би нүдээ аниж нөгөө зургаа л боддог байсан болохоор тэдний ямар байх нь надад хамаагүй байсан юм. Тэдэн дунд манай даргын эхнэр ч байж л байсан. Гэхдээ би хэнээс нь ч өөрийнхөө хүсдэг тийм мэдрэмжээ, нөгөө хүсэж явдаг үнэрээ олоогүй.
Ажлын байрандаа ч гэсэн ойлгохгүй юм их байлаа. Зүгээр жишээ хэлэхэд орны толгой хийдэг цех хөл хийдэг цехтэйгээ уралдаан зарлахыг би ойлгодоггүй байлаа. Үүнийгээ хэлээд л дарга нартаа ад болдог байв. Хамгийн сонин нь үүнийг бүгдээрээ ойлгоод байгаа хэрнээ хэлдэггүй байсан юм.
Нэг удаа гай болж миний ажиллаж байсан машинд цахилгааны гал авалцаад шатаж орхив. Эсэргүү бодолтой, танхай, ухамсаргүй . . . (өөр юу юу билээ дээ) энэ этгээд санаатайгаар үйлдвэр шатаах гэлээ гээд баригдаж мөрдөнд оров. Тэнд миний үсийг хуссан юм. Үс бөөн бөөнөөрөө унахдаа яагаад тийм жаргалтай харагддагийг, толгой нүцгэрэхээрээ сэрүү татаад яагаад тийм эрх чөлөөтэй болдгийг би олон хоног бодсонсон. Гурван сар мөрдөнд суугаад, шүүх хурлаар орж тэнсэн харгалзах ял авч, хөдөө суманд хоёр жилийн хугацаатай нутаг заагдаж туслах малчнаар ажиллах шийдвэрийг сонсч байхад хүртэл бодсон. Гэхдээ олоогүй. Шүүх хуралд сууж байгаа хүмүүс дунд манай дарга сууж байсан.
Манай цехийн дарга авгайтайгаа унтдаг намайг холдуулж амарлаа л гэж бодсон байх. Гэтэл авгай нь яг эгзэгтэй үедээ намайг ч бодох юм билүү хэн мэдлээ. Ер нь хүмүүс хурьцал үйлдэх үедээ нүдээ аниж өөрийнхөө амьдралд тааралдсан хамгийн сайхан хүнээ төсөөлөн боддог бол манай жижигхэн хотынхон замбараагаа алдсан гинжин хэлхээ шиг болох байх даа гэж санаад инээд хүрч, инээмсэглэхэд тэнд байгсад ам амандаа дүнгэнэлдэн намайг адгийн шаар гэцгээж байгаа нь сонсогдож байв. Би адгийнх нь байлаа гэхэд миний урдхан талд нэг шаар байж л байгаа. Одоо тэр адгийнх болно. Бүх юм хэвээрээ.
Намайг тэндээс ачаад миний мэдэхгүй хөдөө хязгаарын аглагт аягын чинээ ганц гэрт буулгаж хаяад, бах нь ханасан янзтай харцаар ширвээд явцгаав. Би эзгүй айлд суугаад л байлаа. Суугаад л байлаа. Чив чимээгүйн дунд. Их гоё.
Оройхон, нилээн оройхон гадаа малын чимээ гарав. Гараад хартал тэдгээр малыг ардаа багахан хүүхэд сундалсан нэгэн хүн тууж ирлээ. Би түүнийг эмэгтэй хүн байна гэж харсан. Үнэхээр эмэгтэй хүн байсан. Салхинд түлэгдсэн бор царайтай, нуруугаар хаа очиж намгүй, мах шөл нь биедээ таарсан бүсгүй байлаа.
Би өөрийгөө танилцуулж, энд ирсэн учраа нэгд нэгэнгүй хэлсэн. Харин бүсгүй “өө тийм үү л” гэсэн. Надаас тэр айж эмээсэнгүй. Яагаад ч юм тэр бүсгүй хоёр биш нэг янзаар байх шиг санагдсан шүү. Хоньтой, үхэртэй, тэмээтэй бас хүүхэдтэй ганц бие бүсгүй энэ хөдөө хээр яаж болоод байдгийг би гайхсан хэдий ч цаанаа нэг сайхан санагдав. Гайхлаа гээд яахав дээ. Надаас өмнө байгаад л байсан юм чинь.
Бүсгүй надад хоол хийж, цай чанаж өгөв. Өөртөө ч гэсэн бас. Өглөө нь би нам унтав. Тэр сэрээсэнгүй. Би ч сэрэхийг хүссэнгүй. Хэвтээд л баймаар, бүр үлдсэн амьдралдаа босохгүйгээр хэвтээд баймаар байсан. Босоод юу хийхээ мэдхгүй дээ биш зүгээр л юунд ч захирагдахгүй болчихсон мэт байх нь сайхан байлаа. Ийм янзаар гурав, долоо арав хонов. Яг хэвээрээ. Нэг өглөө сэрээд би энд бүтэн хоёр жил болох ёстойгоо санаж юу хийхээ бүсгүйгээс асуулаа. Өөрийгөө саатуулахын тулд шүү дээ. Тэр надад юу ч заасангүй. Бүсгүй, миний мэдэх хүмүүс шиг хоёр янз биш ажээ. Би усанд явна, малын хашаа цэвэрлэнэ. Өдөр өдөрт, өөрөө өөртөө ажил олж хийсээр нэг л мэдэхэд орой болдог болов. Энд би хийгээд миний ухаан бодол ерөөсөө маш чөлөөтэй байж чадаж байлаа. Жаргал гэж энэ л байх. Бүсгүй бид хоёр орой лааны гэрэлд бие биенийгээ олж хараад инээмсэглэдэг болсон байсан.
Ирснээсээ хойш сарын дараа нэг өдөр хуц, хонины дээр харайхыг хараад аль дээр мартагдсан мэдрэмж сэргэж ирэв. Тэр хуцыг би сайн харсан. Тэр нүдээ анихгүй байсан юм. Тэр лав өөр хонь бодоогүй байх. Яагаад ч юм энэ нь надад сэтгэл уярам санагдсан. Энэ үг тохирохгүй ч юм шиг, эсвэл би мэдрэл муутай ч юм шиг танд санагдаж магадгүй л дээ. Гэхдээ тэр хуц хүмүүс шиг, над шиг нүдээ аниж, өөрийг бодоогүй болохоор надад тэгж сэтгэл уярам байсан хэрэг. Ерөөс тэд боддоггүй. Боддоггүй болохоор тэд бидэн шиг хоёр биш нэг янзаар байдаг байх гэж би бодож олсон. Үнэн юм шиг байна лээ.
Тэр орой би бүсгүйн өвөрт орсон. Бүсгүй ер цааргалаагүй, хориогүй. Бас намайг өөрлүүгээ татаагүй, хувцасаа ч тайлаагүй. Бүр хөдлөө ч үгүй. Би өөртөө хэрэгтэй байсан тэр бүгдийгээ л хийсэн. Харин би нүдээ нээж, хуц шиг биш юмаа гэхэд урдынхаасаа өөр байя гэж бодсон ч чадаагүй. Аних шалтгаан байсан юм. Тэдний орны аравчинд амаа байдгаар нь ангайлгасан барын дүрс байдаг байв. Яагаад ийм авцалдаагүй аравч хадсаныг мэдэхгүй ч заавал авцалдаатай байх албагүйг би мэднэ. Зуухны амаар улалзах галын дөлөнд тэр бар тийм ч таатай харагдаагүй болохоор л би нүдээ анисан юм. Гэтэл нөгөө оюутан цагийн хархан үстэй, торон халхавчтай, нойтон биетэй испани бүсгүйг би дахиад л бодож эхэлсэн. Өөрөө өөртөө зохиож олсон хэзээ ч үнэртэж байгаагүй тэр үнэрээ бас үгүйлсээр байв. Энэ бүгдээс хэсэгхэн нойтон газрыг л би тэмтэрч байснаас бусдыг мэдэхгүй. Би хардаггүй байсан учраас бүсгүйг нүдээ аньдаг эсэхийг анзаараагүй. Харин би түүнийг хоёр янз байсан гэж бодохгүй байна. Яагаадыг бүү мэд. Би ялынхаа хугацааг дуустал тэднийд айлын аав шиг, өрхийн тэргүүн шиг л байсан. Намайг тэндээ үлдсэн бол тэр бүсгүй дуртай ч байсан байх. Харин би үлдэж чадаагүй. Яагаад гэвэл түүнтэй ойртох болгондоо нүдээ анидаг байлаа. Өөрөөр хэлвэл түүнийг үргэлж хуурдаг байлаа. Бүтэн нэг жил арван нэгэн сарын турш. Хоёулхнаа хэрнээ хуурч болдог муухай байгаа биз. Хүнд л ийм чанар байдаг байх. Би гурван жилийн ялтай байсан бол гурван жил хуурах байсан. Аз болоход арай богинохон байсан болохоор түүнээс цааш чадаагүй. Тэр бүсгүйн сэтгэл дэндүү цагаан байсан. Хүний амьдралд тийм цагаахан, тийм сайхан юм таардаг л юм билээ. Тиймээс түүнд би өөрийн мэдэх муухай бүхнийг мэдүүлэхийг хүсээгүй. Хүмүүсийн яриад байдаг хайр гэдэг үүнийг ч хэлдэг байж болох юм. Урд нь таарч байгаагүй энэ мэдрэмжийг тэгж нэрлэхээс өөр яахав.
Би тэднийхээс яг ирсэн шигээ л явчихсан. Орой малаас ирээд бүсгүйн сэтгэл хэрхэн харласан бол гэхээс миний ч өр өмөрдөг. Бүсгүйн аньсага норсон ч байж магад. Гэлээ гээд үлдсэн бүх амьдралаар нь хуураад яахав дээ, тийм үү.
Би буцаж нөгөө хотдоо очоогүй. Анх сургуулиа хаяж явсан тэр хотдоо ирсэн. Ирээд, бүх юм хуучнаараа. Манай гэрийнхэн жаахан өтөлсөн ч яг л урдынхаараа. Намайг загнасан хэвээрээ. Гэхдээ бүр мэдрэл муут, солиот, галзуугийн эмнэлэгт аваачиж өгвөл таарна гэдэг шинэ үгээр загнадаг болсон байна лээ. Намайг загнаж байхад нь би тэднийг зүгээр л харж л суудаг юм. Ингэж орилж чарлаж байхдаа тэд л харин галзуу юм шиг харагддаг. Гэтэл намайг л галзуу гэдэг юм. Иймэрхүү янзтай байсаар ер нь хичнээн ч жил өнгөрчихөөв дээ бүү мэд. Удсан л санагдана. Одоо надад өдөр хоног, цаг хугацаа, хүмүүний орчлон, ер нь л бүх юм утга учраа алджээ. Харин хамгийн сонин юм бол үхэл гэж бодогдоод байх болсон юм. Эхлээд би тэднийг үхчих юм бол намайг харж ингэж уураа барж байхгүй тэдэнд их амар байх болов уу гэж боддог байв. Тэгтэл тийм биш шиг юмаа. Тэд үхлээ гэхэд ахиад л хэн нэгэн намайг харж уураа барна. Хоорондоо хэрэлдэнэ, бие биенээ хуурна, бас үзэн ядна. Ер нь хүмүүс хэвээрээ л байх болно. Харин эсрэгээр, би үхчихвэл тэд ямар байх нь, яаж үлдэх нь надад хамаагүй болно гэж бодсон. Яг л багадаа харсан эмээгийн минь амар амгалан дүр санаанаас гарахаа байсан. Тэгээд бодохоор үхсэн хүмүүс хичнээн жаргалтай байдаг бол. Үхэж буй үедээ сэтгэл санаа нь хичнээн баярладаг бол.
Саяхан нэг сонин юм болсон нь аль оюутан цагийн найз охинтойгоо таарав. Охин юу байхав дээ одоо нэг авгай болж. Би түүний өрөөний ханан дээрх зургийг бүх л амьдралдаа санаад явсан хэрнээ тэр охиныг ор тас мартсан байснаа нуугаад яахав. Тэр намайг уулзсан цагаасаа эхлээд л нэг тийм өөр харцаар харж байлаа. Хүмүүс тийм харцыг өрөвдөх гэдэг дээ. Би ерөөсөө хүн өрөвдөж байгаагүй болохоор хүний дотоод сэтгэлд чухам ямар өөрчлөлт орохоор нүд нь ингэж хувирдагийг мэддэггүй юм.
Чи тэр үед ямар нөхцөлд намайг хаяж явснаа мэдэхгүй л дээ. Одоо тэрийг мэдээд ч яахав гэж нилээд тунирхах маягтай ярьж байв.Хажуудаа дагуулж яваа хорь орчим насны өндөр хүүхнийг “энэ манай охин” гэж танилцуулсан. Ээждээ байхгүй том, тас хар нүд, задгай тавьсан тунарсан хар гэзэгтэй, харваас монголжуу биш царайтай тэр охиноо надад хэрэг гаргаж танилцуулсныг би ойлгоогүй. Хэзээ ч юм бэ энэ охиныг харсан л юм шиг санагдсан. Аль юм санагдахыг тэр гэхэв дээ. Магадгүй л дээ, оюутан цагийн найз охин маань гадаад хүнтэй холбогдсон байж болно ш дээ. Би үгүйсгэхгүй. Би ер нь байж болохгүй юм гэж байхгүй л гэж боддог.
Тэднээс салсны дараа би хурдхан шиг л буцах юмсан гэсэн сэтгэл маань улам хүчтэй оргилсон гэх үү дээ. Анх хаанаас ирсэн тэр газар луугаа. Нэг тийшээ явъя л гэвэл гэнэтхэн л явчихдаг хүн шүү дээ, би чинь . . .

2010.1.21
Бүрэн эхээрээ...

Нэрэлхэлгүйгээр - 3

46 Сэтгэгдэлүүд:


Сайн байцгаана уу? Та бүхэндээ шинэ жилийн мэнд дэвшүүлье!
Мөн Өөрийнхөө "61 АХ" нэртэй шинэ номоо өргөн барьж байгааг минь хүлээн авна уу.
Нэрт сэтгүүлч, зохиолч Б.Галааридын бичсэн өмнөтгөлийг оруулав.
Бум–Эрдэнийн ертөнцөд тавтай морилогтүн
Т.Бум-Эрдэнэ үргэлжилсэн үгийн төрлөөр бичиж эхлээд олон жил болоогүй ч өөрийг нь мэддэг, шинэ өгүүллэгийг нь хүлээдэг үнэнч уншигчидтай болж чадсан нэгэн. Энэ нь түүний өгүүллэгүүд дэх энгүүн атлаа нэг л донжтой зураглал, өвөрмөц санаатай холбоотой гэж болно.
Амьдралын эрээн бараан, гэрэл сүүдрийг нэг их төөрөлдөлгүй ялгаж салгаж чадахуйц ухаан суусан дөчин насандаа тэрээр бичиж эхэлжээ. Цагийн хувьсал, хувь заяаны учралаар хүний нутаг, гүний газарт очиж, өөр орчин, өөр ахуйд орсноор монгол гэсэн бүхнээ өөрөөр харж, шинээр нээж, тэрхүү шинэлэг сэрэл мэдрэмж зохиол бүтээлд нь гүнээ шингэсэн нь тодорхой байдаг. Түүний зохиол бүтээлд монгол ахуй, аж байдлын зураглал ихээхэн үүрэгтэй нь анзаарагддаг. Мэдээлэл технологиор мэргэжил эзэмшиж, Америкт чамгүй хэдэн жил амьдарсан тэрбээр харийн соёлд омтгойрч, алив нэгэн хэлбэр хөөсөнгүй.
Энгийн, үнэн, ухаарал өгсөн, амьдралын мөн чанар, утга учрыг олж таних эрлийн үр дүн болсон өгүүллэгүүд нь түүний урын санг үнэ цэнэтэй болгодог.
Хуландай нэрт хайртай унагаа хээрийн нохойд идүүлчихээд өөрийгөө зэмлэх бяцхан хүү, дөч тавин сая долларын ашигтай наймаа хийж явсан ч насны бөгсөнд хэвтрийн хүн болчихоод үхэж чадахгүй шаналж байгаа өвгөний дотоод ариуслыг олж хараад хайрласандаа орхиод явж буй Самдан хоёрын аль алинаас нь Т.Бум-Эрдэнэ хэмээх зохиолчийн уран бүтээлийн нийтлэг дүр- ер бусын хүнлэг, ер бусын гүн нарийн мэдрэмжтэй, амьдрал, хүн, оршин буй байгаль дэлхийгээ ер бусаар хайрладаг нэгэн тодроно. Ерөөсөө түүний бүтээл хайр, хүн чанар, хүнлэг сэтгэлээр дүүрэн бүлгээ.
Бас нэг олзуурхууштай зүйл нь түүний өгүүллэгүүд хэвшмэл хэв загвараас зайлсхийж, шинийг эрэлхийлсэн өнгө аяс бүхий стандарт бус шийдлүүдтэй. Энэ бол уран бүтээлчийн чансааг тодорхойлох тун чухал хэв шинж юм. Чухамдаа энэ л хэв шинжийг илүүтэй үнэлж, түүний өгүүллэгийн түүврийг “Өөр өнгө” цувралд оруулж байна.
Монголын утга зохиолын хөлгүй урсгал дундаас өөр өнгөөр дуугарч буй Т.Бум-Эрдэнэ уран бүтээлчийн эрэл, бэдрэлийн их аянд нэгэнт өөрийн хүсэл зоригоор морджээ. Мордсон л бол эргэх арга байдаггүй холын энэ замын үзүүрт буй өндрөөс өндөр оргилд гарч гэмээнэ тэрбээр сэтгэл оюунаа хөвчилж, чөмгөө дундалсныхаа хэргийг гаргах билээ. Тэр оргилд гарах нь бийр бэх нийлүүлэгч хүн болгоны мөрөөдөл хэдий ч даанч цөөн хүнд оногддог хувь тавилан гэдгийг бүү март хэмээн сануулж, дөрөөнд нь сүү дусаая.

Урианхан Б.Галаарид
(“Өөр өнгө” цувралын эрхлэгч)

2009 оны 12 сарын 15

Мөн ийм хөөрхөн цаасан уут хийж өгсөн байгаа. Шинэ оны эхний долоо хоногт худалдаанд гаргах учир одоохондоо дэлгүүрт байхгүй байгаа. Тэгэхээр 99017136 гэсэн энэ утсаар залгаж авч болно. Та бүхэнд баярлалаа



Бүрэн эхээрээ...

Эхнэр (Өгүүллэг)

38 Сэтгэгдэлүүд:


“Хаашаа алга болчихдог байнаа. Утсаа ч авахгүй юм. Ямар нэгэн муу юм болсон бол мэдэгдмээр юмаа. Үнэндээ бол өнөө хар усаа гудраад л яваа даа. Би мэдэж л байна. Зэвүүн амьтан. Үгүй, гэхдээ ямар нэгэн юм болчихсон юм биш байгаа даа”
Бүсгүй бодолдоо ороогдон өрөөн дотроо холхино. Тэгтэл ямар нэгэн юм хаалга тэмтчин сарлах чимээ гарав.
- Еэ! Ашгүй дээ, ирэх шиг боллоо гэж шивнээд хүүхдээ сэрээхгүй гэхдээ бүсгүй хөнгөн, хөнгөн гишгэлэн ирж
- Хэн бэ?
- . . . хариу алга. Гэхдээ ямар нэгэн хүн хаалганы цаана шуугитнахад бүсгүйн сэтгэлд гэнэтхэн уур ноцож
“Яг мөн. Заяагүй амьтан бас л гудраа биз. Өөдгүй новш”
- Хэн бэ? Чи
- Би байнаа . . . гээд дараагийн үгээ гүйцээж чадалгүй хана даган гулсах чимээ доошлов. Хаалга нээтэл тэр хана налан явган суужээ.
- Алив ороо ч дээ. Хүн амьтан харчихлаа.
Завсар зайгүй зогисох тэрээр босож чадсангүй. Бүсгүй суганаас нь өргөн арай гэж оруулав. Гишгэх газраа олж ядан тэмтчих түүний амнаас, амнаас ч гэж дээ хувцас хунар, үгүй ер нь бүх л юмнаас нэлэнхүйдээ архины эхүүн үнэр ханх тавина. Тогтож ядан байгаа хэр нь бас гутлаа тайлчих гэж оролдоно. Харин хаа очиж гутал нь амархан сугарсан хэдий ч хүчиндээ нөгөө тийш унах шахан гуйвлаа. Бүсгүй түүнийг унагаачихгүйг хичээвч хамаг биеэ сул хаясан согтуу “махыг” яаж ч чадахгүй даган гуйвчина. Гэхдээ арай унагачихсангүй. Архины огиудас хүргэм эхүүн үнэр эрүүл хүнд, тэр тусмаа эмэгтэй хүнд тэсэхийн аргагүй ажээ. Гэвч бүсгүй тэвчин тэвчсээр арай гэж өрөөнд нь оруулан орон дээр унагалаа. Тэвчихгүй гээд яах билээ.
“Хайран ор хөнжлийн даавуу. Өчигдөрхөн угаасан юмсан”
Бүсгүй түүнийг нааш, цааш нь өнхрүүлэн байж хувцсыг нь тайллаа. Зарим нэгийг нь шувталж хаяв. Босоо байхаасаа хэвтээ байгаа нь арай хөнгөн аж. Тэр ямар нэгэн юм амандаа бувтнана. Тэгснээ хэн хүнд ойлгогдохоор
- Би эхнэртээ хайртай шүү гэж үглэнэ.
“Хн! гэртээ ирснээ мэдээд байгаа шүү юм байх даа”
Эхнэрийн сэтгэлд ээвэр бодол зурсхийнэ. Бүсгүй хүний сэтгэлээ гэж . . .
Тэгтэл нөхөр нь гэнэтхэн өндийж, өөрийн биш нүдээр эргэн тойрноо нэг хармар болсноо эргэж уналаа. Дотуур өмд, өрөөсөн оймсноос өөр юмгүй цүрдийн хэвтэх түүний дээрээс нөмрөх юм хаяад өрөөнөөс гарлаа. Эхнэрийн санаа түр ч атугай амрсхийв.
“Тэр шөнийн гурван цагт гэртээ ирлээ. Амьд мэнд, бүрэн бүтэн иржээ”
Хэдийгээр ингэж бодож тайвшрах аядавч бүсгүйн хоёр аньсаганаас халуун бүлээн нулимс өөрийн эрхгүй гарч, юу юугүй хацар даган урсав. Энэ мэдээж хайрын нулимс биш байх.
“Би хэдий болтол ингэж амьдрах юм бэ? Энэ бүгдээс ой гутаж, үзэн ядаж байна. Намайг яалаа гэж ингэж тамлаж байдаг юм бэ? Даанч дээ. Би юуг буруу хийсэн юм бэ? Хоол ундыг чинь хийж, хувцас хунарыг чинь угааж, үр хүүхдээ өсгөхөөс илүү надаар яалгах гээд байгаа юм бэ? Би үүнээс илүү байж чадахгүй. Би тэсэхгүй нь”
Бүсгүй улам бүр цурхиран уйллаа. Гэхдээ чимээгүй уйллаа. Тэгэхгүй бол хүүхдүүдээ сэрээчихэж мэднэ. Хүний бүсгүй үрийг нулимстай нь хутгаж орхидог хатуу атлаа хүйтэн хорвоог яалтай.
Нилээд уйлсны эцэст түр зуур сэгхийж, нөхрийнхөө хувцсыг угаахаар угаалгын өрөөнд оров. Энд тэнд унаж тусан явсан бололтой өмд нь гэж авах юмгүй шороо тоос, цамц нь өлөн хир суужээ. Эхүүн үнэр шингэсэн тэдгээр хувцасыг баннанд хийж, угаалгын нунтаг цацаад дээрээс нь халуун бүлээн ус гоожуулав. Ус аажим аажмаар тунаран хатуу ширүүн жинсэн өмдийг захаас нь норгож эхлэв. Норсон хэсэг нь уяран нугарна. Удалгүй угаалгын нунтаг урвалд орж, дээрээс гоожих усанд цохигдон мянга түмэн хөөсөн бөмбөлөг болон үржинэ. Бүсгүй энэ бүгдийг харж гөлрөн зогсох авч ухаан санаа нь хаа нэг тийш нисэн оджээ. Тэр гэр орныхоо ажлыг үнэнхүү сэтгэл гарган хийдэг. Үүндээ ч дуртай. Түүнд эр нөхөр нь эрүүл саруул, үр хүүхэд нь аз жаргалтай байвал л болоо. Өөр юм түүнд хэрэггүй. Ямар ч ажлыг сайхан бодол хөврүүлэн хийх хичнээн жаргалтай. Гэвч энэ удаа бүсгүй тийм байж чадсангүй.
“Өөдгүй муу шаар. Ингэж ухаангүй ууж идэж явахдаа хэнтэйгээ юугаа ярьж, юугаа ч хийж, хэнийхээ өвөрт хэвтэж байсан ч юм билээ. Гэтэл би энэ балиар хувцасыг нь угаах гээд л сууж байдаг. Ёстой утга алга”
Бодол дагаад тэр үү түүний хаанаас ч юм гомдол харууслын хар зураа дотор давчдуулан огшиход, барьж байсан савангаа ус руу пүлл хийтэл чулуудаад, хөөстэй гараараа нүүрээ даран уйллаа. Плитан ханан дээр ойсон савангийн хөөс зунгааралдан урсана. Бүсгүй, уйлахаас цаашгүй арчаагаа алдан суугаадаа бухимдавч яаж ч чаддаггүйдээ өөрийгөө л буруутгана. Салаад явъя гэхээр хоёр хүүхдээ яахав. Салахгүй гэхээр сайхан амьдрах гэсэн гэгээхэн хүслээ яалтай. Тэлээ бодлын угт тэлчилж ядна. Амьдрал гэдэг заримдаа бүсгүй хүний хэрээс хэтэрсэн сэтгэлийн их тэвчээрийн сүүлийн оньсон дээр тогтож байдаг юм чинээ бүсгүй яахин санах билээ дээ. Өөрийнхөө шанлалаа хүүхдүүддээ мэдэгдэхгүй гэхдээ усныхаа цоргыг улам ихээр нээв. Тэр одоо түгших юмгүй “жаргалтай” уйлж сууна.
“Үгүй ээ, үгүй. Би ингэж амьдарч чадахгүй. Энэ хүнийг хэзээ ч юм нэг өдөр уухаа больчих болов уу гэж. Үгүй ядахдаа тааруулаад уучихдаг болох болов уу гэж. Энэ амьдралыг эхлүүлсэн тэр гэгээлэг өдрүүд хэзээ нэгэн цагт эргэж ирэх болов уу гэж хүлээсээр цөхрөнгөө барлаа. Итгэл найдвар минь үхэж дууслаа. Одоо болъё доо”
Бүсгүй, асгарах нулимсаа арчин, арчин уйлна. Гэлээ гэхдээ чангахан уйлах эрх түүнд алга. Хий дэмий амаа ангалзуулан, мөрөө чичигнүүлэн бөнжигнөн сууна. Айлын эхнэрийн буурь зааж, энэхэн биенд заяасан амьдралаа өөртөө л хамаатай хэмээн бодохдоо эцэг эхдээ ч хэлдэггүй. Хий дэмий л энэлж шаналсан энэхэн үедээ аль тэртээд үлдэж хоцорсон охин зөнгөөрөө сэтгэлийнхээ гүнд “Ээжээ, ааваа! Хүний жаргал гэдэг чинь хаана байдаг юм бэ?” гэж гомдол цөхрөлийн нулимстайгаа хамт хахаж цацан залгилж суух. Аргагүй дээ, ээж аавын энхэр охин байсан цаг түүнд байсан л юм чинь.
“Би чамайг анх удаа уучихаад согтуу ирэхдээ энд тэнд гишгэлэн гуйвлахад чинь эгдүү хүрч, инээж угтсансан. Амьхандаа нөхрөө эр хүний дайнд хүрлээ гэж эндүүрч байсан нь тэр байх. Бараг хайрлаж байсан. Нялхаараа байж дээ. Ингээд хар усанд толгойгоо мэдүүлчих юм гэж тэр үед яахин мэдэх билээ. Одоо болъё доо хань минь”
- За, за. Намайг ингэж суулаа гээд хүн ямар мэдэх биш гэж амандаа шивнээд нулимсаа шудраад, усны цоргыг хаалаа. Уйлахаа больсон тул усны чимээ одоо хэрэггүй. Тэгтэл ямар нэгэн чимээ нөхрийн байгаа өрөөнд гарав. Яаран сандран ортол өөдөөс нь архины, бөөлжисний нясуун үнэр хамар цоргин хоолой хорсгоно. Тэр эгээтэй л огисонгүй. Нөхөр бөөлжжээ. Нөгөө угаасан даавуу, цэвэрлэсэн шалан дээгүүр тэр гэхийн тэмдэггүй шар ногоон бас эрээн. Бүсгүй сэхээрч ядан байтал нөхөр нь дахин хоолойгоо татаж эхлэв. Сандран гүйж угаасаа бэлэн байдаг түмпэнг авчран эрүүн доогуур нь шургуулж амжлаа. Нилээд том амсартай нимгэн ногоон түмпэнг зориуд худалдаж авсан юм. Харин түрүүн орных нь урд тавихаа мартчихаж. Нөхөр нь нэг их огих авч хамар амнаас нь нус, шүлс нь мэдэгдэхгүй нунжирч цэхэртсэн юм санжралдан унжихаас хэтэрсэнгүй. Бодвол түрүүн хамаг юмаа гаргаж “гийгүүлсэн” бололтой. Бүсгүй нэг гараараа духнаас нь түшиж, нөгөө гараараа дал нуруун дээр нь зөөлөн, зөөлөн дарав. Нөхөр нь ходоодныхоо гүнээс хий огиулан, хоолойгоо хоржигнуулан дуутай гэгч нь хэхэрнэ. Үнэр танар гэж ойртохын арга алга. Энэ амьдрал түүнд хэзээ ямагт түмпэн бэлэн байлгаж, түүндээ нөхрөө хэрхэн яаж бөөлжүүлэхийг хүртэл сургажээ. Мэдээж тэр цэвэрлэж чадна. Магадгүй маргааш нь бантан багсрахыг хүртэл сургаа биз.
“Даанч яав даа. Энэ миний хайрлан дурлаж, хамаг байдгаа зориулж байсан тэр залуу мөн гэж үү. Ийм балиар амьтан намайг эвийлэн тэвэрсэн гэхэд . . . За, за юу ч гэхэв дээ”
Бүсгүй өрөөнөөс бушуухан гарлаа. Гарахаас ч өөр яахав. Хэсэг байзнаад буцаж орон бөөлжсийг цэвэрлэж эхлэв.
“Ерөөсөө л явъя. Би амьдрах гэж, жаргах гэж, хайрлах гэж, дурлах гэж энэ орчлонд инээд байдгийг мэдрэх гэж чамтай амьдарсан. Түүнээс биш шаналах гэж, уйлах гэж, шөнийн хугаст бөөлжис арилгах гэж, өөрийгөө мартах гэж чамтай ханилаагүй. Хурдхан шиг энэ балиар юмыг арчсан болчихоод сэрэхээс чинь өмнө арилах минь”
Тэр шал арсан алчуурыг мушгихад хурууных нь завсраар шүлтэнд дутуу идэгдсэн мэт тосорхог бөөлжис бие арзагнуулан шүүрнэ. Бүсгүй яаравчилна. Хурдхан шиг цэвэрлэсэн болчихоод өөрийнхөө болон хоёр хүүхдийнхээ хэдэн хувцасыг бөндийлгөсөөр байтал нэг л мэдэхнээ үүр манхайтал цайлаа. Үүнийг сая анзаарсан бүсгүйн эрч өөрийн эрхгүй саарч жаахан суув. Бага хүү нь одоо цэцэрлэгтээ явах ёстой. Хүү нь цэцэрлэгтээ дуртай. Тэндээ олон найзтай. Өдөржингөө инээж хөхөрдөг. Тийм ээ, хүүгээ цэцэрлэгт өгсөн нь дээр. Яагаад гэвэл хүү минь тэндээ аз жаргалтай. Хүүгийн минь жаргалаас өөр надад юу хэрэгтэй билээ.
“За яахав. Хүүгээ цэцэрлэгт хүргэчихээд явъя. Одоо хүүдээ кашийг нь чанахгүй бол болохгүй. Хүү маань дуртай шүү дээ. Хоёр хацраа халтартуулаад л иддэг юм. Муухай амьтан шүү миний хүү”
Бүсгүй ус буцалгаж, каш чаначихаад, хүүгээ босголоо. Нойроо харамлах хүү нь эхээсээ салахгүй зууралдана. Арайхийж нүүрийг нь угаатал нойр нь сэргэлээ. Ангийнхаа хүүхдийн тухай, кашны тухай, зүүдний тухай, модны тухай, ээжийгээ өөртөө хайртай хэвээрээ байгаа тухай хүү нь цайгаа ууж байх даа, хувцасаа өмсөж байхдаа, ээжтэйгээ цэцэрлэгтээ явж байхдаа, ангийхаа хэн нэгэнтэй уулзатлаа тасралтгүй ярилаа. Харин яг ангидаа орохоосоо өмнө хүү нь
- Аав ирсэн үү? гэж бүр өөдөөс нь тогтож харж байгаад яг том хүн шиг асуулаа.
- Ирсээн хүү минь. Аав нь ирсэн. Хүү нь нэг хөөрхөн инээчихээд гүйгээд орчихов. Хүүгээ өгчихөөд бүсгүй сая нөгөө гомдлоо саналаа.
“Одоо ороод л явна. Би ингэж үйлээ үзэн үзэн байж чадахгүй . . .”
Нэг л бишээ. Түрүүчийнх шиг болохгүй л байна даа. Тийм хүчтэй гомдохгүй байгаа юм болов уу.
“Тэгсэн ч гэсэн явна даа. Хувцасаа боогоод тавьчихсан юм чинь. Муу ногоон толгой одоо ороход унтаж л байх биз”
Хаалга онгойлгох чимээнээр том хүү нь босож ирэв.
- Миний хүү унтахгүй яагаа вэ? Жаахан эрт байгаа юм биш үү?
- Ээж! Би танд хэлээ биз дээ. Өнөөдөр манай анги хичээл орохоос өмнө музей үзнэ гэж. Та харин өмд индүүдэж өгөөрэй.
- Өө! тийм л дээ. Ээж нь одоохон индүүдээд өгье. Явахаасаа өмнө миний хүү юу идэх юм? ээж нь өндөг талх шараад өгөх үү?
- Аанхаан, дуртай шүү.
“Өмд нь хаа байгаа билээ. Өө!тийм түрүүн боочихсон. Задлахаас”
Хүү нь шарсан талхыг амтархан иднэ. Тэгэхдээ мөн л ангийнхаа тухай, найзынхаа тухай, багшийнхаа тухай, хэн нэг охины тухай, хэзээ ч юм бэ өөрийг нь хараад инээсэн тухай зай завсаргүй ярина. Ярьж байгаагаасаа бага зэрэг ичмэглэх хүүгээ ээж нь өхөөрдөн өхөөрдөн харна.
“Миний хүү ядаж байхад аавыгаа яасан ч их дуурайсан юм дээ”
Тэр уртаа гэгч нь санаа алдана. Хүү нь нэг өндөгөө идсэнгүй.
- Миний хүү гүйцээгээд идчихгүй яагаав дээ
- Аавд өгчихөөрэй гээд бослоо.
- Үгүй чи аавыгаа ирснийг яаж мэдээв?
- Шөнө би сонссон юмаа гээд гараад явчихав. Бүсгүйн тархин дундуур татах шиг болов.
“Би яаж явах юм бэ? Хоёр хүүгээ яаж өнчрүүлэх юм бэ? Хүүхдүүд маань аавдаа ямар их хайртай юм бэ дээ. Аргагүй дээ аав нь юм чинь. Даанч энэ нэг юм нь ойлгохгүй л дээ. Одоо ингэсгээд сэрнэ. Орчлонд хамгийн адгийн шаар гэдгээ ухаарна. Уйчлалт гуйна. Дахиж уухгүй гэдгээ дахин, дахин амлана. Бөөлжиснийхөө түмпэнг өөрөө цэвэрлэнэ. Бөнжигнөж, миний энд тэнд гарч гүйнэ. Яаж ийж байгаад надаас урин дулаан үг горилно. Би чамайг мэдэхийн дээдээр мэдэж байнаа. Энэ бүгдийг бид тоть шиг давтсаар олон жил өнгөрч дээ”
Чив чимээгүй өрөөнд бүсгүй хэсэг суулаа. Түүнд шөнийн гомдол ч алга, нулимс ч алга. Тэр зүгээр л гөлийж орхиж. Тэгээд гэнэтхэн босоод хүүхдүүдийнхээ орыг хураав. Тэвэрч ундтаг бамбарууш нь газар уначихаж. Яагаад ч юм авч хэсэг үнэрлэснээ орон дээр нь буцааж тавилаа. Тэд эзнээ хүлээж дуулгавартай үлдэв. Түүнийг харж зогссон бүсгүй
- Тиймээ! миний хүүхдүүд орой, өнөөдөр тохиолдсон болгоноо нэгд нэгэнгүй шулганалдсаар гэртээ ирнэ. Эжийдээ ирнэ. Бас “аавдаа” ирнэ. Энэ амьдралд тэдний минь буруу гэж юу байхав гэж амандаа шивнээд нэг их урт санаа алдаж
- Би юу? гэж өөрийнхөө бодлоос өөрийгөө асуугаад
“Би яахав дээ . . . Хүн өөрийнхөө хувь заяаг өөрөө л сонгох юм даа. Би өөрөө сайн сайхан явах гэлээ гэж хоёр хүүгийнхээ хувь заяаг эргүүлээд яахав дээ”
Түүний нойргүй хоносон ядранги нүднээс нь гомдлын ч биш, цөхрөлийнх ч биш, баярынх бол бүр ч биш тийм нэг сул нулимс гарч хацрыг нь даган урслаа.
Одоо түүнийг хөндлөнгөөс нь харвал “Аав ээжийн энхрийхэн, охин үр шүү дээ, уг нь” гэж бодогдохоор байлаа.

2009.12.13

Бүрэн эхээрээ...

Эргэлт (Өгүүллэг)

24 Сэтгэгдэлүүд:

Зай завсаргүй ханиалгасандаа Долдын цээж хөндүүрлэж, ар дагзаар нь хатгуулна. “Ханиаданд дарлуулна гэдэг нь энэ юм байхдаа. Би ч ханиад хүрдэггүй биш л дээ. Үе үехэн хүрээд л, эмнээд л явдаг байснаас ингэтлээ их халуурч бүлээрч бүр нэг өвчин маягтай болж байснаа үл санана. Бодвол залуу байсан юм байхаа даа. Эрийг нас, уулыг цас дарнаа гэж хэн хэлсэн юм бол доо. Энэ л үнэн болж таарах нь” гэсэн шүү юм бодон цонх руугаа гэлдэрч очлоо. Иймхэн юманд учиргүй шаналж хэвтээдээ Долд бас ч гэж санаа зовж буй бололтой юмаа.
Урд шөнө Богд хан уул, Цэцээ гүний оройгоор цас цавцайн унажээ. Зүүнээс мандсан өвлийн эхэн сарын нимгэн шар нарны зөөлөн илч зүгээр ч үгүй хяр хэцийн нимгэн сармай цасыг язайлган ил гаргасан нь дээлийн сэмэрсэн эмжээр гэлтэй. Аргагүй хүйтний ам наашилсан болохоор үүнээс цааш хайлуулж дөнгөхгүйгээ илтгэн гөлийн шарлана.
“Ай даа, намрын налгар өдрүүд хүссэн хүсээгүй цаашилж яваа нь энэ бие дээ” хэмээн бодож зогстол хаалганы хонх юу болов гэмээр огцомхон дуугарав. Бодол болон зогссондоо цочмор аядсан ч байж болох. “Үгүй өдийд хэн манайхаар ирдэг билээ” гэж цаг яагаа ч үгүйд гайхсаар хаалгаа тайлтал Долдын аав зогсож байв.
- Хүүе! Аав. Энэ өглөөгүүр яаж яваа юм бэ? За ор ор гэж Долд санаанд оромгүй юм гэнэт харсан мэт үргэлжлүүлтэл аав нь барьж явсан цагаан тортойгоо хаалганы хажууд тавьж, амьсгаадан байж хоёр гутлаа өөрөөсөө салган өшиглөөд том өрөө рүү орлоо. Нилээд том биетэйгээс гадна хөгшрөөд бие нь хүндэрсэн түүнд гутал хувцаснаасаа салах нь төвөгтэй байгаа бололтой. “Одоо яахав дээ орчин цагийн айл болгон л ингэдэгээс хойш. Түүнээс биш муу хөгшин эцгийгээ орж ирүүт нь гутал хувцастай нь ноцолдуулах ямар олиг байхав” гэж Долд бодож зогслоо. Аавдаа аяга цай барьсaны дараагаар эцэг нь сая нэг ам нээж
- За, миний хүүхдүүд сайн уу даа? Ханиад хүрлээ гэсэн гайгүй юү?
“Нээрээ, би чинь ойрд аавынхаар ороогүй юм байх чив”
- Гайүй дээ.
- Гайгүй ч гэж дээ наад царай зүс чинь . . .
“Намайг жаахан анхиатайхан байгаа ч дээ гэж байгаа бололтой”
- Аан, жаахан ханиад хүрээд
“Өдий дөч хүрчихээд ханиад томуу яриад гэртээ үлбийж суух ч гэж дээ”
Аав нь цайгаа оочилж сууснаа нэг юм санав бололтой аягатайгаа орхин босож цагаан торноосоо жижигхэн гялгар ууттай юм гаргаж Долдод өгөөд
- Энэ жаахан аарц. Буцалгаж уувал ханиадад сайн байдаг гэдэг
- Өө, яахнав дээ гэсэн хэдий ч авлаа.
“Би ингэхэд ганц цайны сүү бариад очлуу”
- Өнөө хоёр маань гайгүй биз? гэж түрүүнээс хойш үзэгдэхгүй байгаа Долдын хоёр хүүхдийг асуув.
“Манай хоёр хүүхэд гэж өвөөдөө ирээд үнсүүлчихгүй юм даа”
- Бага нь бас цор цор гээд л байгаа.
“Өрөөнөөсөө ч цухуйхгүй юм золигнууд. Одооны хүүхдүүдээ гэж . . .”
Долдын дараагийн ээлжийн ханиалга зогсолтгүйгээр үргэлжлэхэд тэрээр өөрийн эрхгүй буруу харж хэсэг бөгшүүлэв. Эцгийнхээ дэргэд сүржигнэж баашлахгүйг хичээсэн ч тархи нь ангалзан цээж хөндүүрлэнэ. Түүнийг эргэн харахад эцэг нь өрөвдсөн, хайрласан эсвэл бүр “Яана даа энэ одоо” гэсэн чамласан алин болох нь мэдэгдэхгүй харцаар харж суулаа. Долд ч юм дуугарсангүй.
“Энэ өвгөн болсон хүн зүв зүгээр байхад би гэж нэг амьтан ингэж ч арчаагаа алдаж суух ч гэж дээ. Өнөө цагийн бид ч дээ адуу малын битгий хэл хонь хурганы бэлчээр гүйцэхгүй бээрээд үхчих амьтад юм байхаа даа”
Аав нь халуун цайг чимээгүйхэн оочилж дуусаад юу ч юм хайж энгэр заам, халаас юугаа тэмтэрснээ гэнэтхэн юм санав бололтой
- За за, аав нь ингээд хөдлөхгүй бол горьгүй нь. Ингээд суугаад байвал өдрийг барна гэсэн үг гээд нилээд яаран босож хоёр маажиг гутлаа эв хавгүйхэн углаад гарлаа. Долд араас нь
- Би хэд хоногоос очноо гэж хэлж амжив.
“Юунд ингэтлээ яараа юм болоо”
Яагаад ч юм тэрээр цонх руугаа очив. Бодвол эцгийгээ хармаар санагдсан байх. Нөгөө яаран сандран гарсан аав нь тамхиа асаагаад, гүн гэгч нь уушиглан цэнхэр утааг амнаас гарах цагаан ууртай сүлэлдүүлэн тэнгэр өөд үлээсэн шиг орцны өмнө тайван нь аргагүй зогсоно. Өрөөсөн гутлынхаа цахилгааныг ч татаж төвдөөгүйг бодоход тамхиндаа л тэгтлээ их яарсан бололтой. Гэрт тамхиа татаж болохгүй. Энэ бол орчин цагийн бас нэг дүрэм. Эцэг нь хүүгийнхээ гэрт тамхи татаж болохгүй. Нэгэн бодлын хэцүү ч юм шиг.
“Муу аав маань насаараа л тамхи татсан хүн дээ”
Тайван уужуу суулгаад тамхийг нь ч татуулсангүйдээ Долд битүүхэн харамсан зогсоно.
Түүнд аав нь нэг л өвгөн харагдана. Аав гэхээр л хэзээ ч өтөлж хөгшрөхгүй мэт, хэзээ ч үгүй болохгүй мэт, үгүй нэг л уул аятай байж л байх юм шиг санагддагсан. Санагддаг гэхээсээ илүү энэ талаар ер нь хүн тэр болгон бодоод байдаг билүү. Үгүй шүү дээ.
Толгойтой үс нь був буурал болчихож. Буурал болжээ гэж харж л байсан болохоос ингэтлээ бүр цав цагаан болсныг нь анзаараагүй юм байна. Цагаан үс ийм өрөвдөм харагддагийг Долд урьд нь анзаарч байсангүй. Ер нь түүнд анзаарч байгаагүй юм их ажээ. Нуруу нь нилээн бөхийчихөж. Бүр мэдэгдэхүйц шүү. Бага байхад аав нь их л том том алхлан явдагсан. Харин одоо ойр ойрхон гишгэлэх болжээ. Өлмийгөө дугуйруулж ирээд дотогшоо гишгэдэг нь л яг хэвээрээ. Улам ч нэмэгдээ юү гэмээр. Долд бас яг ингэж аавыгаа дуурайсан явдалтай хүүхэд байж билээ. Үүнээсээ ичиж, мөн их хичээсний хүчинд тэгшхэн гишгэдэг болж байсан юмдаг. Засардаг л юм билээ.
Цагтаа гүн ногоон гадартай байсан “Дарханы” хэмээн нэрийддэг нэхий дотортой орос маягийн дээл нь одоо гандаад, нэхий дотрынх нь зүйдэл гадна өнгөндөө гувруутан цайрах нь улам бүр хуучныг санагдуулна.
“Энэ урдах Богд уул миний муу аав хоёр юутай ижилхэн харагдана вэ” гэж бодох зуур Долдын сэтгэлд нэгэн хөнгөн гуниг хүүгэчихэв.
“Аав маань хүүхдүүдээ эргэчихээд сэтгэл тэнүүн яваа нь энэ юм шүү дээ. Эцэг хүн гэдэг нэг их олон юм яриад байхгүй хэрнээ ямар их ухаарал дагуулдаг юм дээ. Ямар ч байсан ороод гарах төдийхөнд л миний өдий хүртэл бодож яваагүйг бодуулж, анзаарч яваагүйг анзааруулах юм”
Өрөөсөн гартаа цагаан тор санжуулан атгасан, өрсөөсөн гутлынхаа цахилгааныг татаагүй хэрнээ ажиг ч үгүй тамхиа татан алхалж яваа тэр өвгөнөөс Долд нүдээ салгаж чадахгүй л байлаа. Түүнд эцэг нь бүх л насаараа туулсан амьдралаа ухаарал болгон нуруугаа бөгтийлгөн байж араасаа чирч яваа мэт санагдана.
Өглөөний жаварлаг салхи өвгөний буурал санчигаар олон жил оролдож байсан тэр л янзаараа сэрвэгнүүлэвч өвгөн “энэ ингэж л байдаг юм” гэсэн аятай үл анзааран харин ч уушигнаасаа гарах тамхины хөх утааг хоёр шанаагаараа савсуулсаар байшингийн булан тойрлоо. Аавынхаа тойрсон тэр буланг Долд, аав нь буцаад гараад ирэх юм шиг, адаглаад тэндээс хэсэгхэн цэнхэр утаа пургих юм шиг нилээн удаан харж зогсохдоо
“Нэг л өдөр аав минь яг ингээд хэнэггүйхэн алхсаар амьдралын буланг тойрчих вий дээ” гэсэн бодол харвав.
Төд удалгүй нөгөө булангаас нэгэн годгоносон жаахан охин савтай сүү барьсаар гарч ирээд, хаашаа ч юм гүйж одлоо . . .

2009.11.20

Бүрэн эхээрээ...