
“Хүний хувь тавилан гэж хачин юм даа. Ямар аз нь хаячихсан амьтан гэхээрээ ийм юм сонсох нь энэ вэ? Ингээд нэг л өдөр хараагүй болчих юм гэж үү? Би тэгээд яах болж байнаа? Яаж алхаж гишгэж, яаж орчноо мэдэрч . . . яаж . . . яаж . . . мэдэхгүй ээ мэдэхгүй. Хорвоо ингээд л хөмөрчих юм гэж үү? Анх төрөхдөө л хараагүй байсан бол тийм ч хэцүү биш байх. Гэтэл орчлон ертөнцийн сайхныг өөрийн дураар харж явсан хүн гэнэт хараагүй болно гэж бодохоор даанч нэг санаанд багтахгүй юм. Ямар гээчийн ад зэтгэр намайг баглаад авах нь энэ вэ? Хараагүй байснаас гаргүй, хөлгүй эсвэл бүр хамаргүй байсан нь дээр. Үгүй ээ үгүй, бүүр үхсэн нь дээр” гэсэн гашуун бодолдоо дарагдаж, энд тэнд гишгэлэн явлаа. Өндөр нуруу, ханхар цээж, хүрлэгэр царайтай намайг хэн ч харсан ийм гачланд уначихлаа гэхээргүй. Гэхдээ амьдрал гэдэг ааш нь нэг хөдлөөд, нүүр буруулахаараа хэнийг ч ялгаддаггүй үнэн аж. Хараагүй болохоор чухам ямархуу байх бол гэж санахдаа хоёр нүдээ анин хэд алхаж үзэв. Орчлонгоос тэр дороо тасарчих нь тэр. Нүдээ дагаад чих маань ч сонсохгүй болчихов уу гэмээр санагдлаа. Таг харанхуй шөнөөс ч долоон дор юм гээч. Шөнө ч гэсэн нүд аажимдаа дасаад ирдэг. Тэгээд ч хэзээ нэгэн цагт үүр цайж, гэгээ орно гэсэн итгэл найдвар байдаг шүү дээ. Харин дахиж хэзээ ч юм харахгүй гэж бодоод нүдээ анихад амьдрал тэр чигтээ дуусчих шиг санагдана. Би нүдээ нээгээд цааш алхлаа. Эргэн тойрноо харна гэдэг нэг л хайр хүрэм. Харахын утга учир гэдэг ондоо ажээ.
“Тиймээ, нарны туяа, гэгээн өдрүүд, гудамжаар тоомжиргүйхэн алхах хүмүүс гээд ерөөсөө энэ бүгд миний хот, миний орчин, миний амьдрал. Ийм л байх ёстой. Харагдаж байгаа юмс бүхэн минийх гэдэгт хамаарч болдог ажээ. Гэтэл би энэ бүгдийгээ харахгүй болчих гээд байдаг” гэсэн урвагар бодолд дарагдан явснаа гэнэтхэн сэхээ авч
“Ингэхэд би одоо юугаа бодоод байна аа. Одоогоор яг ч хараагүй болчихоогүй байна. Эмч юу гэлээ? Энэ хагалгаанд цагтаа орж амжихгүй бол цаашдаа хараагүй болж магадгүй л гээ биз дээ. Гэтэл үхэж хагацахдаа тулчихсан явдаг. Хариугүй ч эр болдоо” гэж бодон сэтгэлээ хүчээр сэргээлээ. Гэхдээ л “хараагүй болчихвол яанаа” гэсэн айдас бүрэн салсангүй. Энэ бодол намайг орхин одох өдөр чухам хэзээ юм бол . . .
Том хотын нүргээнт гудамжнаас нэг их холгүй ч, тэрүүхэндээ буйдхан газарт таван давхар саарал байшин нүүгэлтэн орших том модон хаалганы нугас хуурайшиж аргасан хоолойгоор хүч мэдэн дуугарах адил чихэнд чийртэй нь аргагүй хягтнах авч олны дуу чимээнд үл анзаарагдана. Гагцхүү үйлтэйгээрээ хаалганы модон самбар л орж гарах хүмүүсийн аясаар нааш цааш саван элэгдэж хуучирсан модон хүрээгээ хайр найргүй балбана.
Энэ саарал байшинд жаргаж цэнгэсэн хүн цуглах нь үгүй. Учрыг нь ухаж ядах юмгүй л дээ. Энэ бол улсын төв эмнэлэг. Доороосоо эхний хоёр давхар нь хөл хөдөлгөөнтэй. Харин дээшлээд ирэхээр зөвхөн хэвтэн эмчлүүлэгчид байх тул хүний хөл татарч, чимээ шуугиан намсана.
Давхаруудад зүрхний, эрүү нүүрний, бөөрний гэх мэт өвчнийхөө ангилалаар тасгууд байх бөгөөд гуравдугаар давхарын нэгэн жигүүрт байрлах тасаг бол нүднийх. Тасгийн өвчтөнүүд эрэгтэй эмэгтэй, өвчнийхөө хүнд хөнгөнөөр ангилагдан хэд хэдээрээ тасалгаанд хуваагдан хэвтэнэ. Үүнийг палад гэх орос үгээр нэрлэх боловч бид ийн нэрлэж хэрэглэсээр монгол үгсийн санд орчихож дээ.
За тэгээд найман паладтай энэ тасгийн мухраасаа гурав дахь хаалган дээр нэгэн бүдэг бадагхан сүүмийх пайз бий. Сайн хичээж ажиглавал “палад-6” гэсэн бичиг харагдана. Угаас эмнэлэг болохоор тэр үү хаалга цонх хана туурга гээд бүгд цагаан өнгөтэй. Бодвол цэвэр цэмцгэр харагдуулах гэсэн нь тэр байх. Хэдийгээр асрагч нар ээлж болгондоо арчиж цэвэрлэх авч цагийн аясаар цагаан будагны өнгө хүртэл бүүдийдэг нь жам. Жилийн жилд будаг нэмэхдээ хаалганы дугаарыг хальт мультхан будсаар пайзыг харагдахтай үгүйтэй болгочихсон нь тэр. Гэхдээ өвчтөн болон эмч, сувилагч гээд энд байгсад хэдэн хаалганыхаа дугаарыг албан ёсны бичиг цаасан дээр л тэмдэглэнэ үү болохоос үнэндээ бол тэдгээр пайз нэг их хэрэгтэй эд биш. Хэрэгтэй бол тэд аль ч палад руу бараг зөндөө хөтлөгдөөд шахуу очиж чадна. Үхэр мал ч гэсэн дээ ус бэлчээр, хашаа саравч руугаа нэгэн жимээр явчихдагтай адаил гэсэн үг.
Нүдний зургадугаар палад буюу бидний мэдэх болсон өнөөх хаалганы цаана пүрш нь сунасан зургаан ор, эвгүйхэн татвал уначихаж мэдэх зургаан цагаан шүүгээг сөөлжүүлэн тавьсан харагдана. Зарим нэг нь догонцдог бололтой дөрвөлжин эвхсэн цаас юмханаар хөл доор нь ивээс хийсэн нь эв дүй муутайхан харагдах боловч дээр нь тавьсан цай хоолыг цалгиулаад байхгүй тул үүргээ гүйцэтгэж байна л гэсэн үг.
Миний хэвтэх ёстой газар энэ эмнэлэг, тэр тусмаа энэ зургаадугаар палад. Би палад руу орохоосоо өмнө нэг их гүн амьсгаа авч байсан юм даг. Бодвол энд иртлээ бодсон бодлын сүүдэр байх. Өмнө нь ганц нэг эмнэлэгт хэвтэж байсан боловч ингэтлээ түгшиж, тэгтлээ олон юм бодож, өөрийгөө зовоож байснаа үл санана. Өрөөний хоёр ханаар гурав гурван ор тавьжээ. Нэг талын гурван орон дээр надаас дүү хүмүүс, харин нөгөө талын гурван орны хоёр дээр нь хоёр өвгөн үлдсэн ганц ор нь минийх болох нь тодорхой байлаа. Тэд намайг анх харуутаа яг л ямар нэгэн шинэ сонин юм харж буй мэт болох боловч бас ч гэж түүнээ мэдэгдэхгүй гэсэн шиг дор бүрнээ дуугаа хурааж бүүр гэм хийчихсэн хүүхэд шиг болцгоох нь хүний бас л нэг сонин чанар. Миний хувьд ч гэсэн тэднийг хараад тийм ч аятайхан байгаагүй. Тэд бүгд өрөөсөн нүдээ боосон байсан бөгөөд олон хүмүүс өрөөсөн нүдээрээ зэрэг шахам харах нь бас тийм ч сайхан зүйл биш болохоор тэр. За тэгээд хэчнээн эвгүй байсан ч энэ ертөнцийн зовлон нэгтнүүд хэзээд бие биенээ ойлгодогийн адилаар бидний цэрвээ ч гэсэн төд удалгүй арилж, хоорондоо танилцах нь мэдээж биз. Эрчүүд хүүхнүүдээ бодвол энэ тал дээр арай хурдан ч байж мэдэх юм.
Миний хэвтэх ёстой талын захын орон дээр нилээд өндөр ёхигор хөх өвгөн хэвтэнэ. Нэрээ Пэлжээ гэж их л цовоо танилцуулсан тэр өвгөн залуудаа эр хар махтай, хурдан шалмаг хөдөлгөөнтэй байсан байж болохоор. Ахмад дайчин тэрээр Байтаг богд, Алтай таван богд, алс баруун хязгаарт Гоминданы болон Османы хилийн хулгайч нартай өөрийнх нь ярьснаар бол ёстой л нэгийгээ үзэж, нэхий дээлээ уралцаж явсан, яриасаг нэгэн ажээ. Гэнэт нэг өглөө л баруун нүд нь бүрэлзээд холын юм харахаа байж, тэр ч бүү хэл хэдэн мялангаа ч үзэхээ байсан тул эмчлүүлэх гэж иржээ. Мялан гэдэг нь хэдэн үхрээ хэлсэн байх.
Дунд талын ор нь минийх байж таарав. Нөгөө захын орон дээр махлагдуу хөдөлгөөн удаан, үгээ зөөж ярьдаг гонзгой улаан хүн хэвтэнэ. Нэр Чойнхор. Тэр угаас үсгүй халзан. Гэхдээ бүр гялгар халзан. Халзангаас гадна толгойных нь хачин этгээд шоовон хэлбэр сонирхол татахгүй байхын аргагүй. Ялангуяа Пэлжээ гуай энд хэвтсэн өдрөө түүнийг хараад, гайхахдаа дуу алдсан гэдэг. Одоо ч гэсэн өглөө болгон Чойнхор гуайн толгойг харж ганц нүдэнд нь чөтгөрт гижигдүүлсэн мэт хүн шоолохын ад гийсэн гэрэл цовхчидог нь хэвээрээ.
Чойнхор хаа нэг арц хүж уугиулж, элдэв үнэр тараасан хэргээр асрагч сувилагч нарт загнуулах боловч засарна гэж үгүй. Амандаа юм гуншин гараа магнайдаа авч харагдах нь олонтоо. Гэвч тэрийгээ хүнээс их нууна. Арга ч үгүй юм байх. Ичдэг үү, эсвэл эмнэлэгийн газар болохоор цааргалдаг ч байж болох юм. Хоёр нүдэнд нь цагаан унаж юмс үзэгдэхээсээ бүрэлзэх нь их болсон тул түүнийгээ авхуулах гэж иржээ. Хэдэн хүүхдийн заяа хаячих нь гэж баймгүй юм даа гэж үглэх үе түүнд бий.
Нөгөө талын гурван орны эхнийх дээр өндөр туранхай залуу хэвтэнэ. Нэр нь Соронзон. Хорвоогийн хамгийн азгүй залуу гэвэл Соронзонг хэлэхэд нэг их зөрөхгүй. Модны үйлдвэрт ажилладаг тэрээр хөглөрсөн их үртэс зоргодосон дунд шөнө өдрийн аль ч ээлжинд нойртой нойргүй зүтгэж явахдаа хааяа нэг гарт нь өргөс орохоос өөрөөр гэмтэж яваагүй юм. Харин хоёр долоо хоногийн өмнө ажлынхантайгаа зугаалж явахдаа цехийнхээ хэдэн хүүхнийг голын тохойд усанд орж байхыг бургасан дотроос харж сууж л дээ. Гэтэл гэнэт нэг хүүхэн нь
- Хүүе ээ яанаа. Тэнд нэг хүн биднийг хараад байна шүү дээ. Хэн бэ тэр одоо? гэж хашгиран хамгийн боломжтойгоор нь хоёр гараараа нүцгэн цээжээ дарсан аж. Бусад газраа чухам яасныг бүү мэд. Тэр нь ч надад юуны хамаа байхав. Гэтэл Соронзон хүү ичсэн үү, цочсон уу нуугдаж байсан бургасан дотроосоо гарах гэж ухасхийхдээ нэг муу доёгор мөчирт өрөөсөн нүдээ хатгачих нь тэр. Үнэхээрийн харамсмаар бөгөөд эмнэлэгт хэвтсэн шалтгаан нь энэ. Мод зүсэж, хөрөөддөг болохоор байгаль хариугаа авч байгаа нь тэр гэж Чойнхор гуай дараахан нь бидэнд хэлсэн. Харин би юм дуугараагүй. Тэгвэл тэр залууг бүдүүлгээр доромжилсон хэрэг болохыг өдий насалчихаад мэдэлгүй явна гэж юу байхав. Чойнхор гуайд бол хүн гомдохгүй л дээ. Ер нь үг эзэндээ зохино гэж бий.
Дунд талын орон дээр нэг хүн хэвтэнэ. Бас л залуухан. Юм л бол нүүр гараа байн байн угаах түүнийг Пэлжээ гуай
- Угаавч уг нь хар гэж үнэн юм даа гэж шоолонгоо жуумалзана. Үсээ байдгаар нь самнах Харнүдэн хэмээх сонин нэртэй өрөөсөн нүд хазгайдуу тэр залууг бусад нь дамшиглаад л тэгж нэрлэсэн юм байх гэж бодсон чинь үнэн байлаа. Ёстой л Пэлжээ гуайн хэлдгээр бурхан түүнийг зурж суухдаа түрхэн зуур дугхийсэн юм байлгүй нэг нүд нь хазгай төржээ. Гэхдээ Харнүдэн өөрөө бол сэтгэлийн хөг чангатай, яриа хөөрөө элбэг дэлбэг, ямагт өөдрөг байдагтаа тэр үү хөгжилтэй сэргэлэн нэгэн. Тэр хэрээрээ бусдыг хөгжил баясал руу хөтлөн дагуулагч мэт санагддаг байв. Энэ тасагт гоо сайхны мэс засал хийлгэж, нүдээ тэгшлүүлэн жинхэнэ “Харнүдэн” болохоор ирсэн байлаа. Бусдыгаа бодвол эрүүл гэсэн үг л дээ.
Хамгийн захынх буюу зургаа дахь орон дээр бахим биетэй зузаавтар бор залуу хэвтэнэ. Бас л өрөөсөн нүд нь боолттой. Би түрүүн хэлсэндээ энэ палад битгий хэл энэ тасгийнхан ихэнхи нь өрөөсөн нүд нь ямар нэгэн юмаар дараатай байдаг нь бусад тасгийнханыг бодвол жаахан эвгүй. Хонгилоор явцгаахдаа мөргөлдчих гээд ер нь л эвгүй шүү. За тэгээд нөгөө залуугийн нэр бол Шоовой л доо. “Анх ирсэн шөнөө бодвол их зөөлрөөд байгаа юм” гэж хоёр өвгөн нэгэн зайндаа надад шивнэсэн юм. Тэр үедээ их л ширүүн байсан юм байх. Түүний амнаас “хуц” гэдэг үг сална гэж үгүй. Харахад ширүүн дориун дүртэй Шоовойд энэ үг нь зохиод ч байх шиг. Учир юу вэ гэвээс энэ нь түүний амны уншлага болсон үг. Тэрээр асуух, хариулах, дэмжих, үгүйсгэх, тэр бүү хэл уулга алдахдаа хүртэл дээрхи үгийг ая данзийг нь тааруулан хэлэх нь гайхалтай. Анх энэ паладанд Харнүдэн орж ирээд хазгай мурий харж байснаа
- Сайн байцгаана уу? Намайг Харнүдэн гэдэг гэж нүдээ солибуулан байж хэлэхэд Шоовой
- Хуцваа гэж дуу алдсан гэдэг. Энэ нь хачин нүдтэй тэр этгээдийг тоглож байна гэж ойлгосон хэрэг. Эдгээр хүмүүс дээр намайг нэмээд биднийг зургаагийнхан гэнэ.
За тэгээд эмнэлэгт хэвтэгсэд эхлээд өвчин шаналалдаа тэр үү баахан дуу муутайхан байснаа бие нь илаарших тусам дуу шуу орж, маазарч марсайлдах нь ихэсдэг нь жам. Хумс хуруугаараа оролдож, үг хэлээ билүүдэх нь уйдагсдын зан шүү дээ. Тэр дундаа зургаагийнхан бол бүр зартай.
Ер нь хүний бүх л эрхтэн эмзэг ч гэлээ түүний дотор нүд гэдэг юмс үзэгдлийг харах гэдэг утгаараа сэтгэлд шууд нөлөөлдөг эмзэг эрхтэн тул үүгээр өвчлөгсөд айхтар сэтгэлээр унах талтай ч нэгэнт нүүрлээд ирсэн зовлонг хүн давж л гарах учиртай.
Цугаараа л гадаад ертөнц рүү нэг нүдээрээ харах бид харин дотоод сэтгэлийн гүн рүүгээ нөгөө нүдээрээ харж, бодол болон хэвтэх нь үүний илрэл байх. Ийм үед манай өрөөнд зүрхний гүнээс хөвсөлзөх гунигийн манан суунагладаг гэж байгаа. Гэхдээ зургаагийнхан гэдэг цоглог эрчүүд юм болохоор хөгшин залуу гэлтгүй хүүхэн шуухан ярьж, түүндээ хөгжин марсайтал инээлдэнэ. Бас бие биенээрээ даажигнан тоглоно.
Нэг өдөр уйдсан хоёр өвгөн юухан хээхэн ярьж хэвтэв. Мэдээж би болоод бусад нь чагнаж байгаа. Гэтэл Чойнхор
- Пэлжээ, чи чинь Гоминданыхантай байлдаж явлаа гэв үү?
- Өө тийм. Тэр үед ч хэцүү байсан цаг даа. Өөрөө ч зах зухаас нь сонсоо байлгүй дээ гэхэд Харнүдэн нүдээ эргэлдүүлэн
- Та цэрэг байсан уу? Дарга байсан уу?
- Цэрэг ч байлаа, дарга ч явлаа гэж ганц нүдээ зальтай ч юм шиг эргэлдүүлэн инээмсэглэв.
- Та хүн алсан уу?
- Тэгэхгүй тэгээд тэднийг яах болж байна гэж баатарлаг царайлах нь даан ч нэг бардам.
- Та хэдэн хүн алсан бэ?
- Өө, тамтаггүй олон. Тоймоо алдсан. Бараг тав зургаан зуу хүрээ биз. Би чинь пулемётчин байсан болохоор өвс хяргаж байгаа юм шиг л хядна шүү дээ гэхэд миний инээд хүрч л суулаа. Баримт юманд бол тэдгээр хилийн хулгайч нар нийтдээ таван зуу хүрсэн эсэх нь тодорхой биш. Мань хүний яриагаар бол Пэлжээ гуай ганцаараа л хядчихсан бололтой. Тэгтэл Чойнхор
- Тэгвэл ч аргагүй л юм байна даа гэж санаа алдах нь Пэлжээг гуайг их л өрөвдөж буй бололтой сонсогдов.
- Юу аргагүй гэж? гэж Пэлжээ гуай асуухад
- Чиний нүгэл чинь нүдээрээ гарч байгаа болоод л энд ирж дээ гэж гараа залбирах байдал үзүүлэн том ламын дүрд хувилав. Бид ч гэсэн үгийг нь дэмжсэн мэт тэрхэн зуур чимээгүй болцгоолоо. Үгээр ялимгүй ялагдсан Пэлжээ жаахан бодолхийлсэнээ
- За би ч яахав. Эх орноо хамгаалсан. Угтаан бол хүн алсан гээд нүгэл нүдээрээ гарч байгаа юм байж. Чи чинь бурхан номын хүн баймаар гэтэл харин яасан болоод энд яваа юм? Чиний юуг нүдээрээ гарч байна гэж ойлгох вэ? гэтэл манай палад тэр чигтээ доргих шиг болов. Хахаж цацатлаа инээсэн Шоовой нулимсаа арчингаа
- Хуцсаан ёстой гэж дуу алдав. Соронзон хэтэрхий их инээсэндээ нүднийхээ оёдлыг хөндөв бололтой нүдээ дарж
- Ёо ёо. Боль боль үхэх нь гэж суув. Би ч бас зүгээр байсангүй гунигаа гээтэл инээсэнсэн. Тэгж инээж суухдаа сүүлийн хэдэн сар ингэж инээснээ санаагүй. Хүн ямар нэгэн гэрэл гэгээг гаднаас биш зөвхөн өөрөөсөө л олж чадах юм байна даа гэж тэр үед бодож байлаа. Маданд орсон Чойнхор гуай хүртэл өөрийгөө шоолон ээрч мууран инээж байсан юмдаг. Магадгүй хүн шоолсон нь тиймхэн байж болох ч энэ бол цагаахан инээд байлаа.
Нэг өдөр биднийг бас шуугицгааж байтал сувилагч жижигхэн тэргэнцэртэй эм тариагаа түрсээр орж ирээд
- Юун их дуу шуу вэ? та нар чинь. Танайхан нээрээ арай дэндүү юмаа. Бусдыгаа бодоход яадаг юм гэж уурссан хэдий ч хахаж цацан инээх биднийг хараад ааш нь зөөлрөв бололтой
- За тариандаа гэлээ. Подхийсэн хөөрхөн махтай хэрнээ богинохон цагаан халаадыг жадайлгасхийн өмссөн нь сүрхий зохисон харагдана. Албаар эсэх нь мэдэгдэхгүй ч энгэрийнхээ товчийг мулталсан тул хоёр хөх нь булталзаж өрөөнд байгаа өвчтөнүүдийн үлдсэн ганц нүдийг өөрийн эрхгүй татна. Хоёр нүд зэрэг хөдөлдөгийн гайгаар өвчтэй нүд нь эрүүл нүдээ дагаж хөндүүрлэн зовоох тул үл ялиг дуу алдах нь элбэгшинэ. Сувилагч тэргэнцэрийнхээ хаа нэгтэйгээс ямар нэгэн юм авах гэж гэдэлзэж годолзох нь ихсэх тусам тэдний нүд төдий чинээ хөндүүрлэнэ. Тэгтэл Харнүдэн тариулах гэж өмдөө доошлуулах зуураа
- Миний бөгсийг харах гээд л яараад байна уу? гэхэд сувилагч
- Хүнд үзүүлчих юмтай бол ч бас яахав. Энэ ямааны гуя шиг юмыг чинь хүн ер нь харах гэж яарах уу? гээд хонгоных нь махыг сайн гэгч нь чимхэж байгаад ширүүхэн тарьж орхив. Харнүдэн орь дуу тавин бөгсөө үрчинэ. Бодвол нилээн өвдсөн бололтой.
- Яасан? үхэх нь үү? Чамайг ер нь эр хүн гэх үү? Эр хүн гэдэг чинь арай өөр юм байдаг байх аа. Чам шиг эр хүний акуркаар эгч нь одоохондоо арай дутаагүй л байна гэсээр гарч одлоо. Тэгтэл араас нь Соронзон ухасхийн гарав. Харин Чойнхор гуай тэндээс
- Хүүхээ чи юм л бол илүү үглээд бай. Тэгэхээр ингэдэг юм гэж Харнүдэнд сургав. Пэлжээ гуай залгуулан
- Та нар залуу улс байж энэ зэргийн хүүхний учрыг олчихож чаддаггүй ээ. Муу л байна даа. Жаахан залуухан байсан бол ч . . . гээд уруулаа шилэмдэхэд Харнүдэн
- Одоо хөгшдөөд байх юу байсан юм. Үзээд алдаач гээд инээвхийлэн ганц нүдээ алаглуулахад
- Хн! Энэ хүүхэн ч тарган цатгалан амьтан харагдана. Аягүй бол хөгшин би пологтож үхэх байлгүй гэхэд паладаар нэг инээд. Шоовой тэндээс
- Хуцаад байгаа ч ээ та нар. Нүд өвдөөд үхэх гэж байхад хамаг юм таталдуулаад байх юм гэж нүдээ даран орон дээрээ өнхөрсөн хэр нь инээд алдсаар байв. Эмнэлэгт олон сувилагч охид байдаг боловч энэ охиныг онцолж ярьдагийн гол учир нь манай Соронзонгийн сэтгэлийг үймүүлж чадсанд байгаа юм.
Соронзон маань орж ирээгүй л байлаа. Өрөөний залуусын ярьсанаар бол Соронзон тэр сувилагч хүүхэнд талтай юм байх. “Бие хаагаар ч, хэл амаар ч хэнээс ч илүү мэт санагдах тэр сувилагч бүсгүй, Соронзон хэмээх донж доройхон өрөөсөн нүдтэй энэ залууг хэзээ ч тоохгүй байхаа даа” гэж би боддог байв. Гэвч Соронзонгийн уйгагүй хичээн чармайлт нь нэр шигээ хүнийг өөртөө татах увидастайнх уу, тэр бүсгүйн хайрын товч тийм мөчидхөн байсан уу ямартай ч тэр хоёр энд тэнд цугтаа зогсож харагдах нь ихсэх болсон юм. Магадгүй цаашдаа хань ижил болохыг ч үгүйсгэхгүй.
Ийнхүү бид хэдийн зарим нь нүдтэй болж баясаж баярлаж, зарим нэг маань нүднээсээ салж гуниглан гансарч өдөр хоногийг өнгөрөөж байсан ч гэсэн тэдний хэн нь ч над шиг “энэ хорвоог орхичих юмсан” гэсэн бодолтой байгаагүй юм. Үгүй ээ байгаагүй ч гэж дээ яг өвдсөн тэр даруйдаа хэн юу гэж бодож байсныг би яаж мэдэхэв дээ. Гэхдээ тэднийгээ тийм муу бодолд ороогдож байгаагүй л гэж итгэдэг юм. Итгэхээс ч аргагүй сайхан хүмүүс.
Хүний орчлон юм болохоор сонин хачин зантай хүн хаа нэгтэй заавал байх юм даа.
Бид хэдийгээр өвчтөн ч гэсэн хэрэндээ бас цэвэр цэмцгэр суух гэж ээлж ээлжээр жижүүр хийх юм болов. Жижүүрсээд байх юм байхгүй л дээ. Хэн нэгнээс эргэлт ирвэл түүнийг нь зургаан аяганд хувааж хийдэг ажил. Аан тийм, бас зургаан аягаа угаана. Нэг өдөр Харнүдэнгийн ээлж тааран хоолоо тарааж явтал хонгилд хачин жонгиносон дуугаар инээх сонсогдов. Соронзон түүнийг сонсоод
- За нөгөө “Илүү” чинь ирж явна гэв. “Илүү” хэмээх хочтой энэ хүнийг тэр таван давхар саарал байшингийнхан андахгүй. Чухам аль тасагт хэвтдэг болохыг нүднийхэн, тэр тусмаа зургаагийнхан бол бүр мэдэхгүй. Түүний орсгой шүд, ёнхигор царай, нүхэлчих нь үү гэмээр шүлэнгэтсэн хэрнээ шооч харц, учиргүй нарийхан хүзүү, урт эрүү гээд түүнд заяасан болгон цаанаа нэг эвгүй. Сэмхэн сэмхэн явах тэрээр хаалга аажуухан онгойлгоод эхлээд эрүү нь, тэгээд хамар нь, нүд нь гээд бүх эрхтэн нь тусдаа юм шиг цуварч орж ирэхийг хараад жихүүцэхгүй хүн ховор. Хэчнээн жихүүцсэн ч гэлээ хажиглаад байж болдоггүй хачин хүн байв. Яагаад ч юм тэр намайг юм хэлэхээр тэгэс ингэс гээд гараад явчихна. Манай хэд “Илүү танаас л нэг жийрхэх юм даа ” л гэнэ. Тэгэхээр би өөрийгөө ямархан амьтан болохоо гадарлахгүй л яваа юм. Тэр өдөр харин сэмхэн орж ирсэнгүй. Хонгилоор нэг дуу шуу болсоор орж ирээд
- За цөөхөн нүдэтнүүдээр юу байна даа? хэмээн орилов. Энэ нь бидэнд яаж олигтой сонсогдов гэж дээ.
- Хуцаад байгаарай гэж Шоовой дургүйцэхэд тэрээр жин жин инээж
- Яасан хөндүүр газрыг чинь чичиж орхив уу? гэж хоржоонтой инээгээд Харнүдэнгийн хийж байгааг харж
- Аанхаа! эргэлт ирээд л . . . булагнаад л . . . гэж үгээ сунжруулсанаа
- Би мэдсэн юмаа хи хи хи гэж зэвүүн инээхэд Чойнхор гуай
- Чи ер нь ямар өвчнөөр хэвтсэн хүүхэд вэ? Эр эм нь ч мэдэгдэхгүй, эрүүл өвчтэй нь ч ялгагдахгүй, орохгүй гарахгүй газар ч байхгүй нэг хачин сүг сүүдэр шиг л хүн явах юм гэх нь ихэд эгдүүцэж буй бололтой
- Яасан лам гуай? Дүүгээ нэг л илүү үзээд байнаа даа? Таныг бас сэмхэн юм хум үзээд, ном уншаад байдаг тухай энэ эмнэлэгээр л нэг ярих юм. Хүн мунхруулаад байгаа хүнийг гадуур бас хайгаад л байдаг сурагтай хи хи хи гэх нь хэн хүний голд хүйтэн зураа татуулна. Шашин номыг хорьж байсан цаг болохоор чамайг матна шүү л гэсэн санаа шүү дээ. Ер нь тэр цагт иймэрхүү хүмүүс хүн зоны дунд шигдэн нуугдаад бусдыг гоочлон зовж шаналахыг нь үзэн, түүндээ сэтгэлийн ханамж аван амьдарч байсан шиг байгаа юм. Тийм хүмүүс хэдий хоёр нүдтэй ч юм бүхнийг ганц нүдээр шагайж явдаг байсан байх. Тэрээр цааш нь
- Нээрээ! Шоовой та хоёр нэрээ сольчихвол зүгээр юм биш үү гэж Чойнхор өвгөний толгойн хэлбэрийг дайруулан хэлэхэд түрүүнээс хойш дуугайхан суусан Шоовой ухасхийн босоод түүнийг бариад авах тэр мөчид би дундуур нь орж амжсан юм. Тэгэхгүй бол хор шартай Шоовой хэнийг ч гэлээ дэлсээд авахаас буцахгүй. Өрөөсөн нүд нь хилэгнэн дүрэлзэж, хамар нь сарталзан байв. Харин Илүү намайг дундуур нь орсон болохоор юу юугүй зодуулчихгүйгээ мэдэн омгойтож, мөн л нөгөө зэвүүцмээр жонгиносон дуугаараа
- Хи хи хи ахыгаа зодох нь уу? Хуультай л байхдаа гэхэд би хүртэл тэсэлгүй
- Чи ер нь яасан их хүн хүний шар малтаж, эрхтэн дутуу хүмүүсийг эрээ цээргүй доромжилж явдаг хүн бэ? Одоо орж ирсэн хэрэг чинь бүтсэн бол гарч болох уу?Аль эсвэл би чамд туслах уу? гээд сээрэн дээрээс нь базсан чигээрээ хаалгаар түлхэн гаргалаа. Миний уур хэчнээн хүрч байсан ч гэсэн түүнийг цохиод авахгүйгээ мэдэж байлаа. Харин манай Шоовой бол яаж ч мэднэ. Би тэр хүнийг тэгтэл их муу хүн гэж мэдэхгүй ч гэсэн харах тоолонд олигтой сэтгэгдэл төрж байгаагүй юм.
Түүнийг гарсанаас хойш манайхны инээж наргиж байсан тэр сайхан агшин нэг хэсэгтээ л үгүй болж, нам гүм болчихож билээ. Хаа явсан газраа хар санаа, хий хор тарааж явдаг ганц нэг хүн байх л юм. Гэхдээ тэд ховор л доо. Тиймдээ ч хорвоо ийм сайхан байдаг байх.
Манай Шоовой бас дурлав. Дурлал ч юмуу, шохоорхол ч юм уу мэдэхгүй. Ямар ч байсан манайхан дурлал гэж нэрлэсэн юм. Гэхдээ Соронзон шиг сувилагчид биш л дээ. Тэр бүсгүй нь нөгөө паладны өвчтөн байсан юм. Нэг өдөр Шоовой
- Дөрөвдүгээр паладанд нэг хөөрхөн охин иржээ. За тэрийг л өөрийн болгохгүй бол Шоовой чи хэний хүү болох бол доо гэж их л бардам маягаар ярих нь тэр. Уйдаж суусан бидэнд маш сонин юм болох нь тэр. Харнүдэн шууд л ухасхийн босоод
- Би очиж харчихаад ирье гээд гараад алга болов. Соронзон Шоовойн орон дээр очиж зэрэгцэн суув. Би хэвтэж байснаа орон дээрээ хагас өндийв. Харин хоёр хөгшин тохойлдосхийн хажуулдаж Шоовойн зүг харцгаасан юм. Тэгтэл Чойнхор гуай
- Насны онцлогоо гэж сонин юм шүү гэж нухацтай ч юм шиг хэлэхэд нь би
- Юун насны онцлог? гэж чухам юун тухай ярьсаныг нь ойлгоогүйгээ илтгэж асуухад
- Аан! Тэр яахав. Эднийгээ бодвол чиний нас жаахан наана юм байна. Тэгж байгаад ойлгоно биз гээд чимээгүй болчихов. Шоовой нэг охиныг харсан гэх сургаар бидний хийсэн үйлдэл, хөдөлгөөний тухай ярьж байсан юм байна гэж би нэлээд хожуу ойлгосон юм. Нээрээ л бодоод байх нь ээ, Харнүдэнгийн гарч гүйх, Соронзон түүний ор луу очих, миний өндийж суух, хоёр хөгшний хажуулдах энэ үйлдэл яг л насны онцлог байсан юм даа. Энийг хүртэл ажиглаж амждаг мөн лут байгаа юм шүү.
За тэгээд Соронзон Шоовой хоёр маань өрөөндөө тогтох нь ховордож эхэллээ. Дурлал гэдэг бүтээд, болоод ирэхээрээ аятайхан ч бүтэхгүйгээ тулахаар бас ч гэж тиймхэн. Учир юунд вэ гэвэл Соронзон маань ихэд амжилттай байгаа нь бидэнд мэдэгдэж байв. Нөгөө хэлэмгий доломгой сувилагч маань өдөр ирэх тусам зөөлөрч, манай өрөөнийхөнд элгэмсүү болж байлаа. Заримдаа Соронзонгийн орны хөлд хэсэг хугацаагаар сууж бидэнтэй марзагналдаж байгаад гардаг болов. Харин Шоовой маань нэг их сүрхий гүйгээд байснаа сүүлдээ өрөөнөөсөө гарахаа болих тийшээ хандах нь тэр. Энэ нэг л болсонгүйдээ гэдгийг дор бүрнээ гадарлаж байсан ч хэн нь ч асууж зүрхэлсэнгүй. Хээ шаагүйгээрээ Пэлжээ гуай л нэг өдөр
- Шоовой хүүхээ! Чи нэг охины тухай яриад л . . . Бас ч гэж ам гараад байгаагүй билүү? Тэр ер нь юу болов оо? гээд асуугаад тавьчихлаа. Энэ удаа бид анх сонссон шиг ээ үйлдэл хийсэнгүй. Гэхдээ хүн бүрт сонин байгаа нь мэдээж болохоор дор бүрнээ чимээгүйхэн хүлээж хэвтлээ. Тэгтэл Шоовой
- Хайр гэдэг ч ёстой над шиг хуцмарт зохидоггүй новш юмаа гэж хэлээд санаа алдах нь сонсогдов. Ингэж санаа алдахыг бодоход үнэнээсээ дурласан юм болов уу гэж бодогдохоор байв. Пэлжээ гуай
- Үгүй ээ, тэгээд юу нь болсонгүй вэ? Эсвэл дүү хүүг голчихов уу? гэтэл
- Ёстой хуцваа. Би гологдоно гэж юу байсан юм гэж нилээн сандруухан хэлээд
- Харин надад жаахан эвгүй санагдаад гээд хэсэг чимээгүй болов. Яг яасан юм бол гэсэн сониуч бодол бидний толгойноос гарсангүй. Тэгтэл Шоовой ухасхийн босоод
- За, за муусайн хуцмарууд хүний үг чагнах гээд л . . . Хэзээ байтлаа та нар ийм чимээгүй болчихоов гээд нэг муухан инээмсэглэснээ
- Бид хоёр үнсэлцэх гэхээр нүд таарахгүй болохоор нь би больчихлоо гээд гараад явчихлаа. Энэ үгийг биднийг инээлгэх гэж хэлсэн байх л даа. Гэхдээ бидний хэн нь ч инээж чадаагүй юм. Тэр ч байтугай нэг хэсэг чимээгүй болцгоов. Хэдийгээр маазарч марсайлддаг ч гэсэн бид гунигийг мэдэрдэг байв. Тэр гуниг бидний нүдээр дамжин ирдэг байсан юм. Хөөрхий Шоовой маань үнэн хэрэгтээ гологдсон юм билээ л дээ. Хэдийгээр Шоовойгийн дурлалын түүх ингэсхийгээд өндөрлөсөн ч гэлээ тэр цаашдаа хэн нэгэнд дурлаж, хэн нэгэн охин түүнийг хайрлах болно гэдэгт би итгэлтэй байдаг юм.
Бидний хэд хоногийн хамтын амьдрал маань өвчин илааршихын хэрээр дуусаж байлаа. Хамгийн түрүүнд манай Харнүдэн хачин гоё нүдтэй болоод гарч одов. Удалгүй Пэлжээ гуай хэдэн мялангаа харах нүдтэй болж, Чойнхор гуай хэдэн хүүхдийн заяа гомдчихоогүй юм байна гэж наминчилсаар гарцгаав. Дараа нь Соронзон хэдий нэг нүдгүй ч заяаны ханиа олсон болохоор алдагдсан өрөөсөн нүдэндээ бараг “баярласан” гэхэд хилсдэхгүй байх. Харин Шоовойд маань тун тааруухан зүйл тохиолдсон юм. Яг эмнэлэгээс гарч явах тэрхэн мөчид өнөөх гайтай Илүү үүдэнд таарахдаа бас л илүү үглэж, өрөөсөн нүдээ авч яваа эсэхийг асууснаар хор шартай Шоовойд дэлсүүлж цагдаа цэрэг болсон тухай Соронзонгийн найз бүсгүй надад нэлээн сүүлд хэлсэн юм. Гэхдээ арай шорон орон болоогүй гэсээн зайлуул. Базаахгүй санаатай хүний зам мөр нь хүртэл бараан байх юм даа. Шоовой маань эмнэлэгээс гарахдаа ихэд сэтгэлээр унасан харагдсан ч хэзээ нэгэн цагт нэг нүдээрээ ч болов хорвоог харж яваадаа баярлах өдөр ирж л таарна. Тэд маань одоо өөр өөрсдийн амьдралын түүхийг бүтээн, алиа хошин, эгэл хээгүй тэр л зангаараа хэн нэгэнд амьдралын гэрэл гэгээг ойлгуулсаар яваа гэдэгт би итгэдэг юм.
Би ганц хүний тасагт шилжин сар орчим хэвтсэн байх. Анх энд ирэхдээ айж байсан айдсыг одоо нэгэнт тоохоо больсон байв. Харин тэдэнтэй цуг байсан хэд хоног насан туршид минь мартагдахгүйгээр сэтгэлд үлдэж дээ. Тэдний дунд байх үедээ л амьдрал гэдэг эгэл жирийн хэрнээ зогсолтгүйгээр үргэлжилж байдгийн шалтгаан нь ерөөс хүний сэтгэлд нь, зүрхэнд нь, өөрт нь байдаг юм байна гэдгийг ойлгосон. Харагдаж буй бүхнээ хайрлана гэхээр хаашаа ч юм. Гэхдээ сэтгэлд хүрсэн сайхан зүйлийг хэрвээ хаа нэгтэй харах л юм бол хайрын тухай бодож л байх хэрэгтэй юм даа гэж боддог болсон юм.
Надад амьд явах утгагүй мэт санагдан сэтгэлээр унадаг үе байдаг хэдий ч зургаагийнхны дунд байж гансрахдаа гансарч, инээхдээ инээж явахдаа хүний хорвоод сэтгэлийн нар гэж байдгийг илүү тод мэдэрсэн маань энэ орчлонд хорогдох том шалтгаан болсон доо.
“Яагаад тэр зургаагийнхны тухай яриад байгаа юм бол? Нэг их сүртэй юм болоогүй л байна шүү дээ” гэж хэн нэгэн бодож магадгүй л дээ. Учир нь тэд миний гэрэлт хорвоод нүдээрээ харсан хамгийн сүүлийн хүмүүс байсан юм.
Түмэнбаярын Бум-Эрдэнэ 2010.10.10
Бүрэн эхээрээ...
Зургаагийнхан (Өгүүллэг)
Хэрмэн цав (Зураг)
Өнгөрсөн зун аялсан газруудын маань нэг болох Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутагт орших Хэрмэн цав хэмээх байгалийн үзэсгэлэнт тогтоц газрын зарим нэг зургийг тайлбаргүйгээр оруулав. Нар мандахаас өмнөхөн, мандаж байх үед, мандсан хойно гээд гэрэл нь өөр өөр гарсан байна лээ
Бүрэн эхээрээ...
Цэцэг тасрав. (Өгүүллэг)
Гал тогооны бачимхан өрөөний хулдаасан шалан дээгүүр нэлий далай болсон цусан дунд үс гэзэг нь сэгсийж, хувцас хунар нь урагдсан бүсгүй ар нуруугаараа шүүгээ налан сууна. Хоёр хөл нь сөөлжиж солбисон нь амьгүй мэт харагдана. Бүсгүйн турьхан биеийг хүйтэн мэсээр хайр найргүй сийчсэн байлаа. Тэр шүүгээн дээрх утсанд хүрэх гэж байдаг чадлаараа тэмүүлсэн боловч эцсийн мөчид түүнийгээ авч чадалгүйгээр унагаасан бололтой өрөөний тэртээ буланд цусанд хутгалдсан утасны гар хөндий дуугаран хэвтэнэ. Өөрийгөө л арай гэж дээш татан, хоёр гараараа шал тулан суужээ. Өрөөнд юмс ундуй сундуй хэвтэх агаад хэн нэгэнд түйвээгдсэн нь илхэн. Энд нэгэн аймшигт аллагын нүд халтирам зураглал тодорч, халуун цусны эхүүн үнэр өрөөгөөр нэг тархана. Бүсгүй үе үе шазав татав хийн шаналгаат дуугаар амандаа гиншинэ. Тэр ухаан орж буй бололтой. Ямар нэгэн юм хэлэх гэсэн шиг ам нь үе үе ангалзавч цустай шүлс савирч, мөгөөрсөн хоолой нь хэржигнэн дуугарна. Зовхио арай хийн өргөж эргэн тойрноо улангассан улаан нүдээр хааяа нэг сүрхий харснаа төдөлгүй зовхио буулгах ажээ. Харин бүсгүйн оюун санаа, энэ бие, энэ шаналалаас салангид оршиж буй бололтой үл ойлгогдом тасалданги ч гэлээ элдэв бодлыг зураглан урсгана.
“Ямар сонин юм бэ? Миний эргэн тойрон нил цус байх юм. Гарт мэдрэгдэж, нүдэнд харагдаж байна. Бүлээн байна энэ цус. Халуун ч гэмээр юм уу. Нээрээ, энэ чинь миний цус байна шүү дээ. Хоёр гар маань цусан дунд байгаа болохоор би халуун байна гэдгийг мэдрээд байгаа юм байна. Эрдэнээ намайг “Миний халуухан бүсгүй” гэдэг байж билээ. Би тэр үедээ халуухан ч байсан юм билүү хэн мэдлээ дээ. Яагаад би Эрдэнээг бодоод байгаа юм бол? Очиж, очиж ийм үедээ шүү. Тэр намайг хайрлаагүй ш дээ. Үгүй ээ, үгүй хайрласан юм байна. Бид хоёр ойлголцоогүй л болохоос. Ямар л хайрлаагүй дээ бидний дундаас тийм хөөрхөн охин төрөв гэж. Миний охин надаас тасран унахдаа бас л ийм халуухан бүлээхэн байж билээ. Эх баригч охиныг минь гарангуут хэвлий дээр минь тавьсан юм чинь би мэдэлгүй яахав. Яг энд”
Тэр хэвлийн тус газраа аажуухан нүд гүйлгэн харлаа
“Хүүе! Энэ чинь яачихаа вэ? Цус гарч байна тэндээс. Юу билээ? Яагаад . . .?
Нээрээ, тэр намайг хутгалсан ш дээ. Эхлээд цохих шиг л болсон, би мэдээгүй. Гараа буцааж авах үед нь цустай хутга атгасан байгааг нь харсан юм байна”
Уусандаа ч юмуу, уурласандаа ч юмуу эхнэр болох энэ бүсгүй рүү улангасан дайрч өрөөсөн гараараа үсдэн дарчихаад, “Май муу гичий минь, ингээд, ингээд, ингээд чи далд ор. Ирсэн там руугаа арилж өг муу янхан минь” хэмээн орилж, зогсоо зайгүй балбаж байсан. Түүнийг хутгатай гараа дахин явуулахад л хутгалж байна гэж ухаарсан ч нүд нь улаанаараа эргэлдэн, цагаан шүлсээ савируулан хашгирах тэр солонгос эрийг хөөрхий бүсгүй зогсоож дийлэхээ нэгэнт өнгөрсөн байлаа.
“Яг л халуун төмрөөр хайрах шиг, хачин их хорсох шиг, гол руу нэг юм зурах шиг болсон. Орохдоо ч, гарахдаа ч яг л тийм мэдрэмж төрсөн. Гэхдээ өвдөхөөс арай ондоо ч юм шиг. Тиймээ, өвдөхөөс арай өөр байсан. Өвдөлтийг анх би Эрдэнээд зодуулахдаа л мэдэрсэн байх. Тэр согтуу байсан. Яагаад намайг цохисныг одоо ч ойлгоддоггүй. Бүр нүүрэн дундуур шүү. Цохиулж үзээгүй хүн бултахаа мэддэггүй л юм билээ. Аргагүй дээ би ямар Эрдэнээд очтолоо хэн нэгэнд гар далайлгаж үзсэн биш. Биеэрээ ч, сэтгэл зүрхээрээ ч шаналж байсныг бодоход тэр үед би өвдөж байсан юм байна. Байхгүй хойгуур нь охиноо аваад гарахдаа хамаг бие минь тэр чигээрээ шархирч байсан байх. Хөндүүр сэтгэлээс хав халуун нулимс урсдаг юм билээ. Өнгө нь л өөр болохоос яг л энэ цус шиг халуун.
Одоо надаас яагаад нулимс гарахгүй байгаа юм бол? Хэвлийнээс цус л гараад байх юм. Бүр бургилаад . . . Булаг шиг ч юм уу. Багадаа би нэг булаг үзсэнсэн. Тэгэхэд яг л ингээд доороосоо зөөлөн гал дээр буцалж байгаа юм шиг ёроолынхоо элсийг хөдөлгөөд л бургилж байсансан”
Гэрт саяхан юу ч болоогүй мэт нам гүм болжээ. Гагцхүү бүсгүйн хүнд амьсгаа, хаа нэг эхэр татан хүржигнэх дуун сонсогдоно. Бүх юм болоод өнгөрсөн хойно нэг амар амгалан ноёлдог шиг бүсгүйд ч гэсэн саяхан болоод өнгөрсөн аймшиг одоо өөрт нь огт хамаагүй мэт. Хамаатай байлаа ч гэсэн бүсгүй яаж ч чадахаасаа өнгөрсөн. Хүн үхэл гээчтэй нүүр тулчихаар ингээд цайрчихдаг байж болох л юм.
“Тэр нүхийг ядаж гараараа дарах юмсан. Даанч гар маань хөдлөхгүй юм. Хөдлөхгүй ч юу байхав дээ гараа авахаар хажуу тийшээ уначих гээд байх шиг байна. Нүднээс минь өөр юм хөдлөхгүй нь ээ. Уг нь гал тогооныхоо шүүгээг нуруугаараа налсан л юм байна л даа. Нуруу гэснээс нуруунаас бас халуу оргиж байх чинь юу билээ? Нээрээ, тэр намайг эхлээд араас цохисон юм байна. Араас хутгалсан юм болов уу? Хэрвээ тэгсэн бол хамгийн өөдгүй зан даа. Аргагүй л харь хүнээс гарах зан байх. За, за мэдэхгүй ээ, ямар ч байсан цусан дунд л сууж байна. Би ямар их цустай юм бэ? Минийх ч гэж дээ аав ээж хоёрын минь цус гэсэн үг. Үнэндээ бол өвөө эмээгийнх гээд бүүр цаашлах юм байна л даа. Гэтэл би гэж амьтан харь хол хүний нутагт авчираад асгачих гэж. Хайран юм. Хөлөө ямар эвгүй эргүүлээд суучихаа вэ? Ичмээр ч юм уу. Яг л охиндоо авсан барби шиг. Охин маань хөл нь нугардаг жинхэнэ барби гээд захиад байсан юм. Харин тэрнийгээ явуулж амжаагүй юмсан. Миний охин яасан их баярлах бол. Баярлаад инээхээрээ Эрдэнээтэй мөн адилхан шүү. Эмээгийнхээ мөөмийг тэмтрээд л унтдаг гэсэн. Эвий дээ үр минь гэж . . .”
Бүсгүй нэг хэсэг амьсгаагүй мэт таг суулаа. Хэрвээ хажууд нь хэн нэгэн байсан бол түүнийг өнгөрчихлөө л гэж бодогдохоор ажээ. Гэтэл тэрээр нүдээ алгуурхан нээж, харсан чигтээ гөлөрлөө. Бүсгүй харах гэснээ биш харагдаж буйгаа л харж байгаа бололтой. Гэвч ухаан бодол, бие цогцост огт хамааралгүйгээр оршино.
“Сая энд яг юу болсныг сайн санахгүй юм. Нэг л их орилоон, хашгираан, дуу чимээ, тэгээд л учир зүггүй улаанаар эргэлдээд л өнгөрсөн санагдана. Хамаг бие минь хэсэг хэсгээрээ салж, хаа нэг тийшээ чангааж байна. Зовхиноос өөр юм хөдлөхгүй болохоор би яах билээ. Хөл ямар их даарч байнаа. Аав маань охин хүүхэд доороосоо даарч хөрч болохгүй л гэдэгсэн. Гэтэл би одоо даараад л . . . Аавынхаа үгэнд ордоггүй муу л охин байна даа би. Ер нь би та хоёрынхоо үгийг авсан билүү. Анх энэ хүнтэй танилцах албаар танилцахад тэд маань дургүй л байсан. Тэр тусмаа бүр гадаад хүнтэй шүү. Яагаад тийм шийдвэр гаргаснаа би мэддэггүй. Ямар ч байсан Эрдэнээг айлгаж байгаагаа л мэдэж байсан. Яагаад ч юм ирээд, намайг зогсооно гэж боддог би мөн тэнэг хүн шүү. Сүүлдээ зогсоож байгаагаар зүүдэлдэг, эцэстээ зүгээр л мөрөөддөг болсон. Тэгсэн хэрнээ чамтай хаа нэг газар таарчих вий гэж санаа зовдог байж. Бодвол ичиж байсан юм байхаа даа. Солонгосын онгоцонд суух гэж байхдаа хүртэл эргэн, эргэн харж эргэцээд л. Чамайг заавал гараад ирэх юм шиг санасан. Үлгэр шиг. Гарч ирээгүй. Яаж ч гарч ирэх билээ дээ.
Огт танихгүй хүн дагаад, огт танихгүй газарт ирснээ би одоо болтол гайхдаг. Энд ирлээ гээд надад бүх зүйл шинээр эхэлж байгаа юм шиг санагдаагүй. Харин өөр мэдрэмж төрдөг байсан. Чухам юу мэдрээд байгаагаа тэр үед мэддэггүй байж. Одоо бодоход ямар нэгэн юм дуусаж байгаа юм шиг мэдрэмж төрдөг байсан юм байна. Би гэдэг хүн дуусаж байгаа юм болов уу”
Түүний нүүрэнд шаналгаа улам бүр нэмэгдэхийн хажуугаар ямар нэгэн зэвүүцэл илрэв. Ийм шаналгаат царайд сэтгэл хөдлөл бас давхар илэрч болдог ажээ. Хэрвээ ямар нэгэн хүч чадал байвал тэр хамаг чадлаараа хашгирмаар байсан байх.
“Миний өвөрт орж ирсэн анхны шөнө гэхэд л тэр угаасаа надад байсан юм шиг. Эсвэл бүр хамаагүй мэт тийм л сэтгэгдэл төрж байсан. Харин миний санахын уруул, хамар, бие нь хүртэл хүйтэн байсан. Бээрчихсэн хүн шиг. Солонгос хүмүүс тийм хүйтэн байдаг юм уу бүү мэд. Ногоо үнэртүүлсэн амаараа миний хүзүү, хөх гээд хаа тааралдсан газраасаа үнсэж, үнхэлж байхад надад сэрэл төрөх нь битгий хэл “Яанаа, Эрдэнээд би юу гэж хэлэх юм бол” гэж бодож хэвтсэн. Тэр ч нэг их удаагүй. Би хурдхан шиг л усанд орохыг хүсэж байсан байх.Одоо бараг мартаж дээ”
Бүсгүйн ам нь ангалзаж, цусанд хутгалдсан улаан хэлээ үл мэдэг цухуйлгаснаа далд хийлээ. Уруулаа долоож буй бололтой. Энэ агшинд түүний амнаас улаан хөөс сахарна.
“Ёо, ёо! Ямар их цангаж байнаа. Ам аргаж байна гэж жигтэйхэн. Жаахан ус балгахсан. Амьсгаа тасалдаад байна. Амьсгаа тасалдахаар бодол хүртэл тасрах юм.
Тэгэхэд Эрдэнээ бид хоёрын анхны шөнийг би энэ насандаа мартахгүй. Хайрт минь, хонгорхон минь, янагхан минь гэж тэр зогсоо зайгүй шивнэж, чичирхийлсэн гараараа хамаг биеэ чангалсан намайг илэн таалж байсан юмдаг. Тэгэхэд нээрээ бас их өвдсөн юм байна шүү дээ. Миний амьдралдаа мэдэрсэн анхны өвдөлт тэр юм байна. Гэхдээ ямар гоё өвдөлт байгаа вэ. Тийм нэг . . . тэр гэхийн аргагүй жаргалтай өвдөлт байж. Би жаргаж байсан хэрнээ маш том нулимс гаргаж билээ. Тэгэхэд чи минь хуруугаараа арчаад нүдэн дээр минь үнсэж байсан. Би санаж байнаа. Хүн гэдэг яагаад ингэж үргэлж өнгөрсөн хойно нь харамсах тавилантай байдаг юм бол”
Тэр хүчлэн байж хүзүүгээ үл ялиг хөдөлгөв. Түүний бие өөрт захирагдахаасаа нэгэнт өнгөрсөн бололтой. Хамаг биеэр нь халуу шатаж, үе, үеэрээ салж байх шиг санагдана.
“Усны цорго нүдэнд харагдаад байгаа хэр нь очиж даанч чадахгүй юм даа. Нөгөө цус бургилахаа больчихож. Ашгүй тогтож байгаа юм болов уу, эсвэл бүр юүлчихэв үү”
Түүний амьсгаа улам бүр хүндэрч, улам бүр ойртож байлаа. Түүнийг амьсгалах тоолонд хэвлий дээрх шарх болгоноос нь улаан хөөс ээлжлэн бөмбийлдөнө.
“Улаан хөөс гарч байна надаас. Яг хүүхдийн хамарнаас гардаг “чийдэн” шиг. Инээдтэй ч юм уу”
Бүсгүй дагжин чичирч эхлэв.
“Нээрээ, ямар их даарч байнаа. Энэ их тунасан цус надаас гарлаа гэж үү. Итгэмээргүй юм. Тэр хар аа. Захаасаа хатаж эхэлж байна. Ийм хурдан уу? . . .
Аа, нээрээ энэ байр чинь шаландаа халаалттай ш дээ. Тэгээд тэр байх нь. Хичнээн халаалттай ч гэсэн би даараад л байна даа. Хамаг юм бүдгэрч эхэлж байна. Хаа нэгтэйгээс гэрэл сүүмэлзэх шиг”
Түүний амьсгаа улам холдсоор . . . удааширсаар . . .
“Бороотой өдөр борцтой цай уучихаад дээл нөмрөөд хэвтэхээр халуу дүүгээд нойр хүрдэгсэн. Болдогсон бол тэгж нэг хэвтэхсэн. Нүдээ аньсан чинь ямар гоё байнаа. Унтмаар болж байх чинь. Миний нойр хүрээд байгаа юм биш үү. Унтмаар байна. Уг нь охиндоо авсан барбигаа явуулчихсан бол . . .”
Бүсгүйн бие сул уналаа. Одоо хэн ч харсан түүний биеийг амьтай гэж харж чадахааргүй болжээ.
“Би дийлэхгүй нь ээ. Жаахан унтахаас. . . Энэ гэрэл улам тодрох юм. Нэг их гүн амьсгаа авмаар юмуу . . . Хацар дээгүүр халуу оргиж байна”
Бүсгүй эцсийн удаа нэг их дуутай эхэр татлаа. Хоёр гар нь тулахаас өнгөрч, хэдэн мөч нь чичирхийлэхэд шүүгээ түшсэн бие үл ялиг гулгав. Бүсгүйн турьхан хүзүү толгойгоо даахгүй мөрөн дээр сул унахад хагас аньсан нүднээс нь томоо гэгчийн нулимс гарч хацар даган урсана.
“Юун их гэрэл, хаанаас тусна вэ? Би ийм их гэрэлд унтаж чаддаггүй ш дээ . . .”
2010.09.23
Бүрэн эхээрээ...
Ийм нэгэн тууж
Зүүн толгой дээгүүр зуны өглөөний наран өнгийжээ. Нарны туяанд өвсний мянга мянган шүүдэр бөнжигнөн гялтагнаж, жижигхэн бор шувууд жиргэхээрээ нэг жиргэнэ. Үүднийхээ довжоон дээр тамхилж зогссон Буга, тамхины цог уруулд нь хүрэхийн алдад эвлэгхэн гэгч нь чимхэн тэртээ хол нясалж орхиод байшингаас холгүй утасны шонгоос өлгөөтэй угаалтуур луу гар нүүрээ угаахаар яаралгүйхэн алхлаа. Тэрүүхэн зүүн урд руу байх үхрийн зэлэн дээр өөрийнх нь авгай, Өлзийтогтохын авгай хоёр саалийнхаа дээлийг нөмгөн өмсчихсөн хаа, хөж бололцон үхэр туглаа нааш цааш гулдчин навсралдана. Тэндээс ногоонд цадсан үхрийн хүнд амьсгаа, идсэнээ хивэх, хивэгдэсээ гүдхийн залгих, хаа нэг тугал мөөрөх, тэр ч байтугай сааж буй хувинтай сүү хэрхэн дээшлэх нь хүртэл ямар нэгэн битүү юманд байгаа мэт тодхон сонсогдоно. Тэдний дээгүүр жижиг хар ялаа бум түмээрээ бужигналдан үхэрнүүд чихээ далбагнуулан толгойгоо сэжиж, сүүлээрээ шарвана. Гэсэн ч нэмэр алга. Үүдний довжооний ёроолд халтар нохой өглөөний наранд ээнэгшин үүрэглэнэ. Өлзийтогтох холгүйхэн аргамжаатай хоносон алаг морио сарааны тэнд авчирч эмээллэж байгаа харагдана.
Буга гадаа хоносон хүйтэн усаар нүүр гараа угааж зогсоход үнээ шувтрах зуураа хоёр авгайн ам хуурайгүй чалчих нь сонсогдовч тэр сонирхсонгүй. Угаалтуурын хажуугийн хадааснаас өлгөөтэй хоносон алчуураар гар нүүрээ арчихад хэдийгээр гадаа хоносон ч гэлээ чийг авсан алчуураас хирний нэгширмэл үнэр ханхлана. Тэр гэрлүүгээ эргэн мөн л яаралгүйхэн алхлаа. Өлзийтогтох дохионыхоо шар тугийг гутлынхаа түрүүнд лавхан дүрээд мориндоо мордон хажуугаар нь өнгөрөхөд Буга
- Ирэх болчихсон уу?
- Урд хонхорын гарам хавьд дуугарах шиг боллоо гээд зөрлөө. Буга түүний араас хэсэг харж зогсов. Алаг морины хөлөөр өвсний шүүдэр хэдэн тийш үсчин нарийхан хар ногоон мөр зурайлган, үзүүр нь норсон өтгөн зэгэл саарал сүүлээ нойтон туураараа арагш нь өшигчсөөр өртөөний урд товгор өөд явж одов. Өлзийтогтох урдаасаа хойшоо явах өглөөний галт тэргэнд дохио өгөхөөр явж байгаа нь тэр. Буга гэртээ орохоосоо өмнө хажуугийн цонхыг тогшиж
- Эрдэнэхүү босоорой. Суудал ирж явна гэж цонхны гаднаас чангахан хэлчихээд гэрийнхаа хаалган дээр ирэхэд үхрийн зэлнээс хувинтай сүүгээ барьсан авгай нь ирж таарав. Буга хувинтай сүүг нь авсан ч үгүй осолдохгүй хаалган дээр таарсан тул хаалга онгойлгож өгөв. Буга орохоосоо өмнө эргэж харвал нүднийх нь үзүүрт Өлзийтогтохын авгай мөн сүүгээ барьчихсан байшингийн булан тойрч байгаа харагдав.
Буга гэртээ орон хоолны ширээний ард суун ямар нэгэн юм хүлээх мэт авгайгаа харна.Түүний эхнэр Бадам саалийнхаа дээлийг тайлан нөгөө өрөөний орны хөл рүү чулуудаж, үнээндээ гарахаасаа өмнөхөн буцалгасан данхтай цайгаа аяганы хамт Буга руу дөхүүлээд, зуухны хажуугийн шүүгээнээс түмпэнтэй боорцог, иш нь хугархай шанаганд хийсэн өчигдөр оройны гурилтай хоолны үлдэгдлийг ширээн дээр гаргалаа. Одоо л нэг бүх юм нь бүрдэж цайлахад бэлэн болсон Буга шанагатай хоолон дээр хэдэн боорцог унагаад халуун цай хийв. Тэр хооронд Бадам нөгөө өрөөний шалаар зулах хүүхдүүдийнхээ хажуугаар зайчлан явж цээжиндээ ажлын шар хантааз олж эгэлдрэглээд өөр бас нэгийг Бугын хажууд авчирч орхив. Тэр ажилдаа явахад бэлэн болсон бололтой Бугын өөдөөс харан сууж цайллаа. Буга сая ам нээж
- Энэ Оргой, өнөөх рүүгээ л яваа байх даа?
- Нилээн түрүү Жарантав бид хоёрыг үнээнд гарч явахад зүүн хойд дээгүүр давж яваа харагдсан
- Аан! Цаадах чинь уг нь сахиандаа сайн л юмсан. Өнөөдөр нэг юм амсуулах байгаа
- Харин л дээ. Үгүй ээ тэгээд энэ олны аманд ч үгүй, хамарт ч үгүй гэдэг л болох юм даа.
- Тийм нь ч тийм. Гэхдээ ангийн юм гэсэндээ час хийдэг юмаа.
Нээрээ л тэдний яриа дуусаагүй байхад шахам зүүн хойд толгой дээгүүр буу үүрсэн явган хүн өрөөсөн гартаа нэг тарвага атгачихсан ирж яваа харагдав. Явдлын байрыг харвал нилээн том эд бололтой. Буга, завсраар нь хэдэн ялаа ороод үхчихсэн хуучирсан модон хүрээтэй ойрын мөд угаагүй жижигхэн цонхоор зүүн хойноос ирж яваа Оргойг харж нүдэнд нь үл мэдэг оч гэрэлтэн
- За тэр, мөн ч том амьтан унагаж дээ. Эр хүн хө гэж амандаа шивнэлээ. Түүний нар салхинд түлэгдсэн үрчлээт хүрэн царайд инээмсэглэл тодрон, яарсхийн гарав. Багажны сараа тойрон ирж яваа Оргойгийн үүрсэн бууны гол төмөр дээр өглөөний нар гялтагнан ойно.
- Мундаг том эдээ?
- Муугүй шүү. Хангай дэлхий өнөөдөр надад юмаа харамнасангүй ээ гээд Оргой Бугын үүдний довжооруу том бурхины амьгүй биеийг пүдхийтэл шидэв. Шүүдэрт норж улам тодрон харлах түүний түрийтэй гутлан дээр өвсний жижигхэн ногоон буурцаг үрэнцэрүүд энд тэндгүй наалджээ. Буга
- За, за орж унд уу. Бадам сайхан цай чаначихсан, боорцог ч байгаа л байх. Суудал юү юүгүй ороод ирэх нь. Ажилдаа гарч харагдахгүй бол горьгүй. Өлзийтогтох дохиогоо өгөх гээд урагшаа яваа харагдсан. Тэгэхээр дөхсөн хэрэг.
- Тэгье дээ. Энэ Эрдэнэхүү босоо болов уу?
- Түрүүн би цонхыг нь нүдсэн л юмсан босоо биз. Бодвол Жарантавыг ёроолдож аяга цай эргүүлж яваа байх. Та хоёр ч яахав эдний манай хоёроор зөрөлдөөд л гэдэс гарчихдаг улс даа гэхэд
- Би ч бас ханатай шүү. Хааяа хангайн хишиг хүртээчихээд байгаадаг
- Тэгж байгаа, тэгж байгаа. Одоо ч бараг арьс нь гүйцээ шив дээ. Энэ жилийн зун, намар сайхан болж мэдэхээр байна гээд нэг тамхи гарган асаагаад байшингийн булан тойрлоо. Оргой хамрынхаа нэг нүхийг эрхий хуруугаараа таглан нусаа пүрхийтэл нийж, гараа өмднийхөө гуянд шударсан болоод Бугынх руу орлоо.
Байшингийн нөгөө булангийн хаалганд Өлзийтогтохынх амьдрана. Жарантав мөн л гаднаас орж ирээд аяганы амсар зууж амжаагүй шахам байхад Эрдэнэхүү орж ирлээ Тэрээр нойр нь сэргэж амжаагүй бололтой нүдээ нухлан байснаа ширээний шургуулганаас аяга аван цай хийж уух нь эгээ л энэ гэрийн эзэн гэлтэй. Жарантав
- Үгүй ээ, чи ядаж наад нүүр амандаа худлаа ч гэсэн ус хүргэчихэж байгаа ч. Хэдийгээр царай дорой ч гэсэн наадах чинь чиний нүүр юм байгаа биздээ.
- Харин тийн минийх болохоор л залхуурч байхгүй юу.
- Хн! Чи бид хоёр ч тэгж л таарна даа. Энэ Оргойг хар. Өглөө зүүн хөтөл дээгүүр гүйгээд л явсан сая нэг юм бариад л ирж байгаа харагдана лээ гэхэд Эрдэнэхүү
- Аа тэгвэл тарваганы мах идэх нь дээ гээд арзайтал инээснээ хөдөө газрын хамгийн элбэг идээ болох хатуу хар боорцогноос атган авч аягаруугаа хийлээ.
- За за, хэдэн хүүхдэд маань жаахан боорцог үлдээгээрэй лүд минь гэлээ. Тэгтэл суудлын галт тэрэг нүжигнэн ирж өртөөний хоёр байшингийн өмнө бүр яаж нэг юм тоогоов гэмээр түр зогсоод хөдөллөө. Үйлчлэгч нар нь хаалгаа ч бүтэн онгойлгосонгүй. Зарим нэг нь цонхоороо дохио өгч харагдана. Зэлүүд газрын энэ өртөөн дээр хэн л буугаа аждээ. Дэвтсэн боорцог амруугаа чихэх зуураа цонхоор харж суусан Эрдэнэхүү
- Манай жаран нэгийг эд нар даана ч нэг тоохгүй шүү
- Энд байгаа нь чи бид юм чинь ер нь хэн тоох вэ дээ. Биднээс арай өөр юманд бол эд чинь ядаж л хаалгаа онгойлгоно шүү дээ.
- Энэ муусайн үйлчлэгч нар хүртэл ингэхээр нь ажилдаа ч явмааргүй санагдах юм.
- Заа чи зүгээр залхуурах аяа мөн олж дээ. Нэртэйгээр нь замын даргад наад үгээ хэлээч. Үгүй, ядаж энэ Бугад хэлэхгүй юү.
- Хэлсэн ч яадаг юм.
- За за үг олдлоо. Ядаад наад нүүрээ угаачихаад ийм юм ярьж сур. Хурдал хурдал. Одоо өнөө Буга чинь хашгичаад унана гэсээр гарав.
Тэднийг гарахад суудлын галт тэрэг өртөөний хажуугийн сэтэрхий рүү мурчигнан орж байв. Бадам, Оргой, Буга нар жижигхэн тэргэнцэрт хамаг багажаа ачаад аль хэдийн зам дээр гарахад бэлэн болжээ. Буга дарга тамхиа асаан амандаа зуугаад замын баруунтай нэг их холгүй буусан их бага хоёр гэрийг харан зогсоно. Шөнийн чийгэнд гэрийн бүрээс норсон бололтой тэгтлээ цайрч харагдсангүй. Ямар ч салхигүй учир их гэрийн яндангаас олгойдох шингэн хөх утаа эгц дээшээ суунаглана. Хотны зүүн урд талын үхрийн зэлнээс хоёр хувинтай сүү барьсан Пагма хөгшин гэрлүүгээ мааригнаж, Догсом өвгөн үхрээ бэлчээрт зүглүүлж яваа харагдана.
Ажилд гарна гэхээс Эрдэнэхүүгийн дотор нь загзагнаж, залхуу нь хүрэв ч одоо яая гэхэв явахаас биш гэсэн янзтай ганц нэг сажлан төмөр замын хайсруу орж явтал хажуугаар нь Жарантав авгай явуут дундаа товч бүчээ гүйцээн товчилсоор өнгөрөв. Аминдаа их л яарч яваа бололтой. Түүнийг харсан Эрдэнэхүү “Ямар элэнцэгтээ ингэж яардаг байнаа” гэж үл тоогчийн өнгөөр бодож явав. Ажилдаа явах нь Бадам Жарантав хоёрт өдрийн хугаст ч болов гал тогоо, хэдэн хүүхдийн шуугианаас хөндийрдөг тул хэрэндээ дуртай. Буга дарга Эрдэнхүүг харцаараа чирэх мэт дагуулан ширтэнэ. Эрдэнэхүү нэг их том ам гарган адуу шиг эвшээснээ
- Өнөөдөр хаашаа явах вэ Буга гуай гэж үгээ, амандаа орсон агаартай цуг зажлан, лазандуу өнгөөр асуухад
- Өнөөдөр үү? Өнөөдөр энүүхэн урдруу л явдаг байх даа гэж хэлэх нь бас ч гэж ажилдаа тийм ч шимтэж байгаа шинжгүй ажээ. Буга дарга иймэрхүү байх үедээ өдрийн суудал өнгөрөв үү, үгүй юү бригадаа буулгадаг учир Эрдэнэхүү их дуртай. Зарим өдөр жаахан шоволзоод л, дуу нь чангарч, хэнхэг нь залгаад ирэхээрээ мөд буулгадаггүйг хэн хүнгүй мэднэ.
Тэгтэл урд бондгор дээгүүр Өлзийтогтох алаг морьтойгоо ирж яваа харагдав. Саяын өнгөрсөн галт тэрэгт дохио өгчихөөд буцаж яваа нь тэр. Түүнийг харсан Эрдэнэхүү уртаар санаа алдаж
- Биднийг ажилдаа гарч байхад Өлзийтогтох гуай бууж явдаг сайхан ч юмаа даа гэхэд Бадам авгай
- Юу боллоо гэж буух вэ дээ. Ингэс гээд тороо эргэх байлгүй
- Хн! Мөн тэгэх байхдаа. Биднийг энэ үзүүр тойрлоо л бол орондоо ороод хурхирч өгөх байлгүй гэхэд Буга
- Чи ер нь юунд ингэж хүнтэй барьцаж байдаг юм бэ. Урдахаа л хийж байвал болоо биш үү?
- Заа, за ингээд л намайг загнаад байдаг юм даа гэж амандаа бувтанлаа. Гэтэл Жарантав авгай түүгээр өнгөрч явсан Өлзийтогтох руу
- Өлзий! Хэдэн тугалаа уяад үхрээ тавиарай. Цаад охиноо даавуу угаа гээрэй гэхчилэн баахан захиас хэлэхэд өнөөх нь дуугарсангүй.
- Үгүй, чи дуулав уу, үгүй юү?
- За за хар өглөөгүүр хашгичаад. Чамайг дуулахгүй хэн байдаг юм гэж хахирлах сонсогдов. Ингээд Буга, Оргой хоёр тэргэнцэрээ түрэн түрүүлээд, араас нь хоёр авгай дараалж, хамгийн сүүлд Эрдэнэхүү гэлдэрсээр Бугын бригад ажилдаа гарч байгаа нь энэ.
Олон олон нүцгэн гүвээ толгодын дундах арай шовх өндөрийг нь Өндөр Улаан хэмээн нэрлэнэ. Энэ нь энэ хавьдаа хайрхан нь. Төмөр зам Өндөр Улааныг ороон эргэн тойрны хэдэн толгодыг сэтлэхийг нь сэтлэн, заримыг нь тойрон дэр модон дээрээ сунайтал хэвтсээр хаашаа ч юм зурайн одно.
Өндөр Улааны ар хонхорт өртөөний хоёр цагаан байшин зүүрмэглэж хоцорсон цагаан хун мэт гуниглан дүнсийнэ. Хэдийгээр энэ төмөр зам, энэ хоёр байшин хүний гараар бүтсэн нь тодорхой боловч одоо тэднийг харахад байгаль өөрөө бүтээчихсэн мэт сэтгэгдэл төрнө.
Энэ хоёр байшингийн албан ёсны нэрийг төмөр замын дөрвөн зуун жаран нэгийн өртөө гэх боловч ярианы явцад жаран нэгийн өртөө л гэх болжээ. Тэр ч байтугай тэрүүхэн төмөр зам дугуйран тойрсон тохойг жаран нэгийн тохой хэмээн нэрийдэх болсоор уджээ.
Хөдөөгийн буйдад орших энэ өртөөний дөрвөн буландаа хаалгатай хоёр байшингийн нэгэнд ердөө үндсэн дөрвөн айл амьдрана. Харин нөгөө байшин нь эзгүй. Заримдаа энэ дөрвөн айл буйр сэлгэн нөгөө байшиндаа нүүж орно. Яг адилхан хийцийн энэ байшиндаа яг л хувь заяагаар оногдсон мэт өөр өөрсдийнхөө булангийн хаалганд нүүж ороход нэг их ялгаагүй мэт боловч ингэж нэгээс нөгөө рүү нүүх нь энэ дөрвөн айлын хувьд маш сонин содон үйл явдал төдийгүй, байгаа орчноо ихэд өөрчлөгдсөн мэт санагдаж түүнээ дагаад хүн бүрийн сэтгэл хэдэн хоногтоо чамгүй сэргэнэ. Өглөө оройд гарч орохдоо үүдээ андууран хоосон хаалга татсан тухай бие биендээ ихэд хөгжөөн болгон ярина. Өөрсдийгөө мэдэхгүй хуучин үүдээрээ эргэлдэх нохойгоо хүртэл бүгдээр шоолцгоох нь тэдэндээ бол их л хөнжөөнтэй явдал мэт боловч суурин газрын улс бол бараг өрөвдмөөр.
Энэ дөрвөн айл нэгэн бригад бөгөөд өөрийн гэсэн хариуцсан замын хэсгээ арчилан тордож байх үүрэгтэй. Бригадын дарга Буга гэж жижигхэн биетэй, хурдан хөдөлгөөнтэй, тавь орчим насны хүн. Гэр бүлийн хүн нь Бадам гэж бас л шалвалзсан бор авгай. Эднийх зургаан хүүхэдтэй.
Тэдний эсрэг хаалганд Өлзийтогтох гэж “хүн намайг нүдгүй гээд хэлчих вий” гэсэн шиг том дүрлэгэр хар нүдтэй, өндөр хар хүнийх байна. Насаар Буга даргатайгаа ойролцоо болов уу гэмээр энэ хүн тус өртөөнд морин эргүүл хийнэ. Эднийх долоон хүүхэдтэй. Хүүхдийнхээ тоогоор нэгээр илүү учир Өлзийтогтох заримдаа “За даа манайх ч олон хүүхэдтэй айл” гэж ирээд л ямар нэгэн шалтаг шалтгаан тоочоод авахаа мэднэ. Авгай нь Жарантав гэж нэг их цагаан шүд яралзуулсан туранхайвтар бор авгай. За тэгээд хөдөөгийн өртөөнд цайвар царайтай хүн ховордоо. Улаан ягаан хүн бол цайруудаа орчихно. Энэ хоёр айл унааны ганц нэг морь, саалийн хэдэн үнээтэй төмөр замын хишгийг хүртээд насаараа зам дагасан айлууд.
Гурав дахь хаалганд нь Эрдэнэхүү хэмээх залуу амьдрана. Бас л нэг бараандуу царайтай, дунд зэргийн нуруутай, худлаа инээсэн залуу байх. Анх энд ирэхдээ намхан таргавтар улаан хүүхэн дагуулан ирсэн боловч юу нь болоогүй юм бүү мэд хагас жил хэртэй болоод нэг өглөө энэ айлын ганц өнгөтэй эд болох нугастай толийг нь аваад арилж өгөх нь тэр. Түүний хойноос Эрдэнэхүү яваа ч үгүй. Шинэхэн улс байсан болохоор бусад нь ч нэг их хаая, хүүе болоогүй тэгэсхийгээд өнгөрсөн. Одоо тэр хүүхэн бараг мартагдаж дээ. Эднийд нэг ширээ, хоёр яйжгий сандал, пүрш нь сунасан ганц цагаан ор, нэг хүрэн чемодан, ганц майжийсан бакаль гээд үндсэндээ болчихно.
Дөрөвдөх хаалганд өнгөрсөн жил цэргээс халагдаж ирсэн Оргой нэртэй жирвийсэн хар сахалтай, өргөн духтай, бүдүүн дуутай ханхар цээжтэй, онигордуу нүдтэй бас ганц бие залуу амьдрана. Хэдийгээр ганц бие боловч эмх цэгцтэй, мөнгөн тоногтой эмээл, нэгдүгээр утас нь тасраад залгачихсан гитар, дуугардаг эсэх нь үл мэдэгдэх пянз тоглуулагч, радио хүлээн авагч, нүүр гар угаах тосгуур, ганц нэг хоолны сав аяга халбага харагдах нь Эрдэнэхүүгийнхээс арай дээр. Мөн байшингийн арын өөрийн эзэшлийн сараандаа цоо шинэхэн ИЖ мотоцикль сойчихсон. Ер нь их чамбай.
Замын эсрэг талд цахилгаанаар ажилладаг гүний худагтай. Ажлын шаардлагаар энэ өртөө цахилгаан, утас, ус унаа сайтай. Худгаас баруун урагшаа бараг саахалт хэрийн зайд түрүүний Буга даргы харж зогссон Догсом гуайнх байна. Догсом гуай төмөр замд ямар нэгэн хамааралгүй, нутгийн айл юм. Ус, унааны сайханд нь татагдаад энэ жаран нэгийн тохойноос холдож чаддагүй. Эхэн үедээ төмөр замд хэт ойрхон буулаа гэж хөөгдөхдөө хөөгдөж, туугдахдаа туугдах хэдий ч эндээс нүүсэн нь үгүй. Одоо бол төмөр замын томчуулаас хааяа үүгээр явж өнгөрхөд л энэ яриа сөхөгдөхөөс бусдаар бол гайгүй. Иймэрхүү яриа гарвал Догсом гуай тэгэсгээд дуугаа хураачихна. Дамжуулж яваа хүн нь Өлзийтогтох тул Пагма хөгшин зуухныхаа аман дээр сууж байгаад л аргална даа.
Иймэрхүү янзын таван айл энэ хөдөөний өртөөнд амьдрана. Уг өртөөнд өглөөд урдаасаа хойшоо, өдөр нь хойноосоо урагшаа явж байгаа суудлын галт тэрэг хоёр хормын зайтайгаар зогсож өнгөрнө. Энэ хоёр суудлын галт тэрэг өглөө өдрийн баримжаа болохоос гадна энэ таван гэрийн амьдралын хэмнэлээс салж боломгүй нэгэн хэсэг болно. Өглөөний суудал өнгөрөхөд айл бүр үнээ малаа сааж бэлчээрт нь гаргана. Зуны цагт юм бол бригад өглөөний суудалтай зэрэгцэн ажилдаа гарсан байх ёстой. Өвлийн улиралд бол арай ч бас тийм эрт гарч чадахгүй. Угаасаа өглөөний суудал ирэхэд нар ч гараагүй байдаг болохоор тэр. Харин тэр үед босцгоосон байвал их юм.
Харин Өлзийтогтохын ажил бол бусдаасаа арай өөр. Морин эргүүлийн үндсэн ажил нь өөрийн хариуцсан хэсэгт мал оруулахгүй, замын хоёр талын өргөст торны бүрэн бүтэн эсэхийг шалгаж засах ажил хийнэ. Хэдий тийм ч энэ бригадад хамаарагддаг тул хүн хүч хэрэгцээтэй үед замд гарч ажиллах нь ч бий. Ажлын онцлогоос болоод тэрүү нилээд аашлах зандрах аястай. Мэдээж өөрсдийнхөө малыг гоочлоод байхгүй. Тэгээд л үлдсэн нь Догсом гуайнх учир тэднийд очиж хууль дүрэм ярьж мундагдана даа. Пагма хөгшин ч андахгүй. Орны хөндийд ганц нэг шилтэй нэрмэл хэзээний бэлэн, түүнийгээ гаргаад урд нь тавьчихна. Тэр дуусахын багцаанд дарга бол дарга, ажил бол ажил гээд л эхлэхэд нь дахиад нэгийг гаргана. Хөгшин хүний дархан мэхэнд орсон Өлзийтогтох өдрийн суудлын сургаар тэднийхээс гуйвж дайвсаар гарна. Уг нь бол шар модоо өргөөд ихэмсэг нь аргагүй зогсож өнгөрөөдөг хүн чинь заримдаа баруун орны урдуур хурхирч өнжих нь ч бий. Арганд орсон ийм үед нь Догсом гуай алаг морийг нь унан зам дагасан аль нэг бондгор дээр зогсоод галт тэргэнд хэзээ язааны морин эргүүл аятай дохио өгөөд өнгөрөөчих тохиолдол бас байна. Гэсэн ч энэ өртөөний ажил явдгаараа явж л байгаа нь тэр. Энэ өртөөний хариуцсан газарт элдэв зөрчил гарах нь үгүй.
За тэгээд иймэрхүү янзтай өдөр хоногийг өнгөрөөж ядаж байсан жаран нэгийн өртөөнийхөнд зуны эхэн сарын энэ өдөр буюу Буга дарга алсыг ширтэж тамхиан татаж, Оргой нэг бүдүүн бурхи буудаж, хоёр авгай үглэдгээрээ үгэлж, Эрдэнэхүү залхуурдгаараа залхуурч эхэлсэн яг энэ өдөр уг өртөөнд урд нь хэзээ ч болж байгаагүй, цаашдаа ч болохгүй байж болох нэгэн явдал болох юм гэж хэн, хэрхэн яаж мэдэх билээ дээ.
Бугын бригад өнөөдөр гэрээсээ нэг их холдсонгүй. Тэрүүхэн хавьдаа юухан хээхэн хийж өнгөрөөв. Өнгөрөөх ч гэж дээ Эрдэнэхүү л доторхоо ил гаргаад байгаа болохоос үнэндээ бол хүн бүр дор бүрнээ өдрийн суудлыг хүлээж байгаа нь илт. Буга энд тэнд ганц нэг хэмжээ тавьж, хоёр авгай замын хажуугаар сагсайтал ургасан хэн өгсөн нь мэдэхгүй ч айраг гэхээр бүгд мэддэг том далбагар ногоон навчтай, шүүслэг ягаан голтой сонин нэртэй ургамалыг зулгаан замын хажуу руу чулуудна. Сул шороонд ургасан болоод тэр үү нэг их хүч орохгүй сугарах нь нэгэн бодлын амар. Эрдэнэхүү, зулгаалтаас суларсан шороог дээш нь шууж тэгшилнэ. Хуучин дэр модноос тосны нэтгэрсэн үнэр хамар цоргино. Оргой нэг томхон лантуу мөрөн дээрээ шидчихсэн нэг нэгээр гишигхээр алхаанд ойртоод, нэгийг алгасахаар холдоод байхаар суулгасан дэр модон дээгүүр эв дүйгүүхэн алхлан хаа нэг сугарч, суларсан хадаасыг лантуудан явна. Тэгснээ тэд түр амсхийн замын төмөр дээр зээглэн сууцгааж, зарим нь тамхилна. Наранд халсан зам төмөр тэдний бөгснөөс халуу төөнүүлнэ. Тэгтэл тэдний доороос үл мэдэг чичиргээ мэдрэгдэхэд бүгд хойшоо галт тэрэг ирэх зүгрүү харцгаалаа. Үнэхээр хоёр сэтэрхийний цаана галт тэрэг дохио өгөх нь бүдэгхэн сонсогдов.
Нарны туяанд Догсом гуайн хоёр гэр өглөөнийхийг бодвол учиргүй цайсан харагдана. Их гэрийнхээ хаяаг байдгаар нь шуусныг бодоход Пагма хөгшин өдрийнхөө будаатай цайг чанасан бололтой. Яг л өдрийн галт тэрэг ирэхийн алдад Пагма хөгшин цайгаа чанаж, хэд гурван годгор борц үйхээ мартахгүй. Тэднийх рүү харц гүйлгэж зогссон Эрдэнэхүү
- Пагма гуайн цай ч мөн аатай шүү. Өнөөдөр даллахгүй юм байхдаа гэж илт горьдсон өнгөөр хэлэхэд Бадам
- Ишш! Эрдэнэхүү минь ингэж айлын тогоо өнгийж суухаар өөрөө нэг хүүхэн олж ирээд цайгаа чануулахад яанаа
- Хн! Манай энэний цайг чанадаг хүн Пагма хөгшин, чи, бид гурваас өөр байдаг юм уу. Үгүй ээ тэгээд тэлээ хурга шиг энэ хэдэн гэрийн хоолонд бүүр зоолох маягтай шүү ха ха гэж Жарантав авгай тачигнуулан инээв. Жарантавын инээд чимээ анир үргээж тэрүүхэн тэндээ цуурайтах шиг. Гэхдээ хэн хүнд тийм ч таатай сонсогдсонгүй.
Дунд гарын жижгэвтэр ширмэн тогоонд тослог шаргал цай зөөлөн галын аясаар пур пур буцлан гэрээр нэг хуурсан гурилны түлэнхийвтэр үнэр ханхлана. Босгоны цаана том бор нохой урд хоёр хөлөн дээрээ эрүүгээ тавин хэвтэвч ус бөнжийсөн чийгтэй сарьсан хоншоор нь үе үе өөрийн эрхгүй татвагнах нь цайнд үйсэн борцны үнэрийг авсаных бололтой. Пагма хөгшин цайнд хөвөх хэдэн борцыг галын хайчаар сурмаг гэгч нь чимхэн авч хөнгөн цагаан царан дээр гаргаад явган ширээний дэргэд суугаа өвгөн рүүгээ түлхлээ. Догсом борцны шар өөхтэй хэсгээс нь нэг огтлон үмхэв. Борцолсон өөхний хуршмал хэрнээ тааламжит амттай тос нь хоёр завжаар нь юу юугүй сул асгах мэт тархан уусахад тэрээр өөрийн эрхгүй завжаа шилэмдэн сорно. Тэр мөн хэдэн хэрчмийг хөгшнийхөө аяга руу унагаад Пагмын өгсөн цайг зөрүүлэн авангаа онгорхой үүдээр алсыг ширтэн
- Цаадуул чинь бууж яваа болов уу? гэж гэрийнхээ хэн нэгнийг хүлээх мэт асуув.
- Тэд өнөөдөр нэг их холдсонгүй шүү дээ. Энүүхэн урдруу л өнжлөө гээд гэрийнхээ хойдруу харц гүйлгээд
- Нар голлоод өдрийн суудал ирж баймаар юм удахгүй буух биз.
- Цай халуун дээр даллавал. . .
- Өчигдөрхөн ирж цай ууцгаасан. Өдөр болгон дуудах юм гэж хаа байхав. Өнөөдөр угаасаа багахан чанасан. Өөрөө л ууж үз.
- За ганц аяга цай шүү дээ
- Тэр нь ч тийм л дээ. Гэхдээ аяга цайны төлөө энэ халуунд наашаа сажлах гэж эдэнд ч хэцүү байлгүй. Өдөржингөө наранд явсан улс
- За тийм ч байхаа даа.
Ийнхүү хоёр хөгшин ярилцаж суутал өдрийн суудал олон, олон цонхоо гялтагнуулсаар ирж зогслоо. Гэрийн хаалгаар харахад наранд гандсан мэт бүүдгэр ногоон суудлын тэрэг зэрэглээн дунд жирвэлэх нь их хол газар сульдатлаа давхиад, амьсгаадан зогсох мэт харагдана. Бараг л зогссон үгүй нь мэдэгдэхгүй шуртхийгээд л өнгөрдөгсөн өнөөдөр Догсом өвгөнийг цайгаа хоёр гурав оочуулчихыг бодоход их л удах шиг санагдан
- Өнөөдөр юун овоо сүрхий удах юм? гэхэд
- Харин л дээ. Өнөө хүүхдүүд арай л ирэх болоогүй баймаар гэж Пагма хөгшин өөрийн хэдээ бодож амжив. Үнэндээ бол энэ хоёр хөгшин хөөгдөн туугдан энэ жаран нэгийн тохойг бараадаад байдгийн нарийн цаад учир нь ердөө л энэ. Хот оронд суух муусайн хүүхдээ ирж очиход нь унаа унштай гэж энэ хавиар нутаглаад нилээд хэдэн оныг үдэж, одоо бараг өртөөний орон тооны бус айл болчихоо шахаад байгаа юм.
Өлзийтогтох өнөөдөр хууль дүрмээ яриагүй учир алаг морьтойгоо өөрийн биеэр дохиогоо өгөхдөө мөн л өртөөнөөс нэг их холдсонгүй. Зөвхөн хоёр хөгшин ч биш бусад бүх л хүмүүс галт тэрэг үл ялиг удаан зогсохыг анзааран дор бүрнээ сортолзов. Галт тэрэг зогсоолоос хөдлөхдөө ямар нэгэн юмаа үлдээсэндээ харамссан юм шиг дуут дохиогоо ёнгинуулан алгуурхан хөдөлж, өртөөний хажуугийн сэтэрхий рүү уурлах мэт мурилзан оров. Хүн бүр галт тэрэгний сүүлийн хэсгийг өртөөний хоёр байшинг өнгөртөл ширтэн зогстол урт хархан гэзгээ задгай тавьсан, цайвар өмдтэй, цагаан цамцтай гартаа нэг цүнх барьсан бүсгүй зогсож байх нь тэр.
Пагма хөгшин хэзээний харчихсан
- Хөөе! Догсомоо тийшээ дурандаач. Зам дээр нэг юм гялайгаад байна гэхэд Догсом
- Юу? гэж үл итгэсэн янзтай дуугаран цайнаасаа салж ядан байтал Пагма хөгшин
- Үгүй ээ, чи хурдал гэмдээ. Наад аягатайгаа тавьчихаач хэн л авав гэж хэмээн нилээн адгуу дуугаар хэлэв. . .
За хө ийм нэгэн тууж ингэж эхлэх бөгөөд цааш үргэлжлэх нь зайлшгүй боловч зарим нэгэн андын зөвлөснөөр бүгдийг нь блог дээрээ тавихгүй юм байна. Та бүхнээсээ хүлцэл өчмүй. Бодвол хэвлэгдэх юм байхаа даа.
Бүрэн эхээрээ...
Аудио - 1 (Товч)
БНСУ-д ажиллаж амьдардаг монголчууд маань MGLclub гэдэг дундын сайт ажиллуулан мэдээ, мэдээллээ солилцдог бөгөөд уг сайтын интернет радио буландаа миний зарим нэг өгүүллэгийг хөтлөгч Батаа хэмээх залуу уншсаныг нэрэлхэлгүйгээр чирээд ирлээ. Энэ дашрамд тус сайтын хамт олонд болон хөтлөгч залууд баярласнаа илэрхийлж бүгдэд нь сайн сайхныг хүсье! Бүрэн эхээрээ...
Вансэмбэрүү цэцэгс (Зураг)
Вансэмбэрүү хэмээх энэ сайхан цэцэг далайн түвшинээс 3000м-ээс дээш өндөрт ургадаг гэдэг юм билээ. Бидний очсон энэ газар бол Баянхонгор аймгийн Баянговь, Богд сумын заагт орших Их Богд хайрхан юм. Яг энэ цэцэгс 3600м орчим (GPS-ээр хэмжсэн)өндөрт хадан хавцал, сайр уруудаан ургасан байв. Нийтдээ дөчин хэдэн ширхэг байсан. Их ховор харагддаг энэ цэцэгсийг бид (манай гэр бүлээс гадна өөр хоёр гэр бүл явсан)ийм олноор нь харсандаа ихэд олзуурхсан шүү. Зарим нэг маань ямар нэгэн хүслээ шивнэж харагдсан. Жишээ нь манай бага хүү маш удаан эвдэрдэг усан буу хүсэж байгаагаа шивнэж байсан.
Бүрэн эхээрээ...
Блогоор аялсан түүх - 15
Энэ удаа бас нэгэн блогийг танилцуулмаар санагдлаа. "Цуглуулагч" хэмээх этгээд ч гэмээр нэрлэсэн энэ блог нь одоохондоо монгол зохиолчдын википедиа (wikipedia) хэлбэрээр бичигдэж байгаа юм байна лээ. Яваандаа гадаад зохиолчид ч нэмэгдэж магадгүй юм уу гэж санагдсан. Уг нь ноднин эхэлсэн энэ блог дундаа нилээн завсартай байсныг бодоход хөтлөгч нь зав зайгаараа л амжуулдаг байх. Хөтөлж буй арга барил нь нилээн өргөн хүрээнд бараг бүтэн сайт байвал зүгээр юм даа гэж бодогдсон. Өөрөөр хэлбэл хэрвээ ганц хүн хөтөлж байгаа бол их л нүсэр ажил юм даа гэж бодогдов. Гэхдээ үр өгөөж нь үнэхээр их юм. Ялангуяа тухайн чиглэлийн оюутан залууст. Олон хүн орж байгаасай гэсэн үүднээс өөрийн блог танилцуулдаг буландаа оруулахдаа таатай байлаа.
Бүрэн эхээрээ...
Хуучин ном (Өгүүллэг)
Нэг мэдсэн чинь өвгөн өрөөсөн гартаа сийрсэн цагаан малгайгаа хумиад базчихсан байрныхаа гадаах сүүдрэвчинд “Яана гэнээ чи. Насандаа нэг бүтэн ном уншиж үзээгүй байж үлдсэн гурван номыг минь авах гэнээ чи. Хэзээ байтлаа чи номонд ингэтлээ хайртай болчихоов. Би ямар чамайг мэдэхгүй биш. Бас л нөгөө архиа гудрах гэж байгаа биз. Тэгж ч ярихгүй ээ хүү минь” гэсэн уур унтуунд ороогдон нилээн амьсгаатай сууж байв. Сая чухам юу болоод өнгөрснийг ухаарах сөхөө одоо л орж байх шиг.
“Наад муу цаасыг чинь хэн ч уншихгүй за юу, зарагдах ч үгүй. Харин ч би ганц нэгээр нь зарж өгч байгаад баярла. Одоо та нарыг уншдаг хүн гэж хаа байсан юм. Та нарын үе чинь өнгөрч байна шүү дээ, хөгшин зөнөгөө. Ер нь чиний зохиолч гэж юу байсан юм бэ, айн!” хэмээн чарлах согтуу хүүгийнх нь дуу чихэнд нь хадна. Баруун шанаа нь халуу дүүгэхийг сая анзаарч, чичирхийлсэн гараараа сэмхэн дарж үзвэл гайгүй нь ч гайгүй бололтой.
Цээжнийх нь гүнээс гомдол харууслын хар манан багтаж ядан огшиж, хүүгийн тухай бодол гашуун нулимс дагуулан гадагшилна.
“Даанч яав даа хүү минь. Хөгшин болсон эцгийгээ ингэж ч зовоох гэж. Чамд ер нь юу дутлаа гэж энэ хар усыг эцэс төгсгөлгүй гудрана вэ. Миний хүү чинь ийм ч амьтан яваагүй шүү дээ. Ханьтай бол ханьтай, үртэй бол үртэй, ажилтай төрөлтэй, амьдралтай гялалзаж явсан хүн чинь одоо ийм дээрээ тулчих гэж. Ямар гээчийн хар дон хүүг минь ороочих нь энэ вэ, бүү мэд. Муу эх чинь чамайг ийм байхыг хараагүй нь яамай даа. Би ч одоо дүүрч. Үхэж өгдөггүй өгөр толгой үүнийг л үзэх гэж өдий хүртэл салгалж яваа юм байлгүй дээ, чааваас гэж. Уг нь эмгэн бид хоёрын хүсэж, хүсэж олсон хорвоо дээрх ганц үр юмсан даа” гэж бодон мохоо хутгаар өрөө зуруулах мэт тэртээ цаанаас эхэр татан санаа алдлаа. Үүнээс цааш өвгөн уйлсангүй. Циймэл хоёр нүдэнд нь тунарч ирсэн нулимс нь зовхио давалгүй үлдэв. Дахин нэг санаа алдсан өвгөн
- Заа, за. Энд ингэж суугаад яахав. Аягүй бол байрны хэдэн хөгшид мөдхөн гарч ирнэ. Тэгээд л нэг их хийх ажилтай болсон юм аятай муу хүүг минь хиймэл шүдээ амнаасаа унагачихаа алдан муулцгаах юм болох биз гэж хэн нэгэнд ярьж байгаа юм шиг амандаа үглэх нь саяхан гэртээ байж суух газаргүй болтлоо агсам тавиулж, эгээтэй л зодуулчихаагүйгээ албаар мартан, ганц хүүгээ өөрийнхөө бодлоос ч, өрөөлийн амнаас ч өмөөрч буй бололтой.
Өвгөн малгайгаа өмсөх гэтэл гурван ном хийсэн нэг муу даавуун уут бугуйнд нь санжих ажээ. Хэдийдээ аваад гартаа угласнаа ч санах юм алга. Хүүгийнх нь агсам тавих шалтаг ердөө л энэ хэдэн ном. Хэдэн жилийн өмнө нутгийнх нь нэг том ой болж нутгийн зөвлөл нь өвгөн зохиолчийн номыг хэвлүүлж өгсөн юм. Магнайгаа хагартал баярласан өвгөн номын дэлгүүрээр хэдэн номоо тараадаг ажилтай болсонсон. Тав арваар нь авч явж чадахгүй ээ зайлуул. Гурав гурваар нь зөөдөг ухаантай. Тэрнээс хойш бараг хоёр жил өнгөрөө юу даа. Өнөөдрийн энэ гурав нь хамгийн сүүлчийнх нь. Заримыг нь хүн хард бэлэглэсэн байх, зарим нь ч зарагдсан байх. Ихэнх нь чухам хайчсаныг өвгөн мэдэхгүй. Тэр нь ч дүүрч. Харин өвгөн номоо тараах далимдаа хаа нэг таньдаг хүн таарвал мэнд ус солилцсон шиг явах нь хэдий насанд дарагдсан ч гэлээ хүний тоонд багтаж яваагаа мэдэрч, ёстой л нэг сайхан байдагсан.
Үнэн хэрэгтээ өвгөнөөс илүүтэйгээр уг номыг хүү нь борлуулсан гэхэд болно. Бараг өдөр бүр шахам шартах түүний шараа тайлах хамгийн сүүлчийн арга нь энэ байлаа. Эх нь өөд болсноос хойш бүрэн бүтэн байсан энэ айл долоон жилийн дотор юу ч үгүй болсон. Байгаагаас ханхай оргисон гурван өрөө, хоёр түлэнхий сав, нэг муухан цагаан ор, эвдэрч унахаа шахсан ширээ сандлаас өөр юмгүй болтол нь хоосолсон өвгөн зохиолчийн ганц хүү өнөө өглөө гэртээ ирээд хамгийн сүүлчийн гурван ширхэг номыг авах гэлээ гэж өвгөн аавтайгаа муудалцсан ажээ. Тэр ч байтугай хүүгийн агсамнахдаа хаа хамаагүй савчсан гар аавынхаа шанааг оносон нь тэр аж. Санаатай, санаагүйг хэн мэдлээ дээ.
Өвгөн сийрсэн цагаан малгайгаа нэг гартаа, нөгөө гартаа даавуун ууттай номоо сайн гэгч нь атгасаар, хүн харахад гэлдрэх авч өөртөө бол нилээд дориухан алхалж явна. Моддын навчис хөгжөөх салхины хөнгөхөн сэвшээнд шингэн буурал үс нь намирч, ягаахан хуйхан дээр нь намрын налгар нар гялтганан ойно. Өлөн хиртэй дотуур цамцныхаа захыг товчилж, өмдөө баахан дээш нь татсан тул богиндсон шуумган доор нь маажиг хар гутал нь илхэн харагдана. Тэрээр энэ бүхнээ анзаарсан шинж алга. Уначихгүйг хичээн ус гүйлгэнэсэн циймэл нүдээр урдах замаа ширтэн явна. Уг нь намрын нар налайсан сайхан өдөр санж. Хотын гудмаар хүмүүс энэ өдрийн тийм ер бусын сайхныг анзаарсан шинжгүй хаа нэг тийшээ яаралдан сүлжилдэнэ.
“Аргагүй дээ, өдийд чинь сургууль соёл эхлэх цаг тулчихаад тул залуучууд, оюутнуудын ид бужигнадаг үе дээ” хэмээн өвгөн бодоод ямар нэгэн юманд хөхин баясах шиг эсвэл юунд ч юм атаархах шиг болоод хөнгөн санаа алдлаа. Өвгөн зохиолч их хотын урсгалд ороод, ихийн их гомдлыг тэрүүхэн зуур мартжээ. Иймдээ ч тэр өөрийгөө урж, тасчин байж эсвэл уяран хайлж урсдаг уран бүтээлч байх.
Өвгөн өөрийнхөө явдаг, тэр байтугай амьдралынхаа ихэнх үед алхаж өнгөрөөсөн тэр л гудамжаараа явж байлаа. Хэд хэдэн их сургууль зэрэгцэн орших энэ гудамжинд цаг цагийн оюутан залуус хөлхөлдөн байдаг тул ёстой л мөнхийн залуу гудамж гэлтэй. Зөрөн өнгөрөх залуусын царайг ажин явахдаа “Энэ гудамжинд инээмсэглэл тасардаггүй байх” гэсэн ер бусын гэрэлт бодол зурсхийнэ. Энд бас гадаад монгол холилдсон нэртэй нэгэн номын дэлгүүр бий. Өвгөн өөрийн мэдэлгүй тийшээ явж байгаа. Энд ирж номын далайд умбан орчноосоо тасран жаргадаг гэж байгаа. Усан дунд ямар ч том амьтан хүнддэггүй шиг номон дунд байхдаа өвгөн хэзээ ч хөгшддөггүй юм. Юу ч худалдаж авахгүй хэрнээ тэр номнуудыг гарчигласан шиг зүгээр л барьж тавилан явах нь түүнд юутай ч зүйрлэшгүй жаргал болно. Уг нь өвгөн зохиолчийнд ийм их биш юмаа гэхэд өөрийгөө саатуулчих хэмжээний номын сан байсан уу гэвэл байсаан. Одоо байхгүй. Ад зэтгэрийн дон шүгэлсэн нэгэн муухай гар босож суух хооронд нь шургалсаар байгаад одоо зүгээр л сарзайсан тавиур л үлдсэн.
Өвгөн өнөөдөр ч гэсэн номын дэлгүүртээ ирлээ. Дэлгүүрийн хүүхэн
- Өө, сайн байна уу? Хэн гуай. Сониноос таны нэг ном зарагдсан шүү гэж их л баясангуй өгүүлээд түүнд номны тооцоо болох зургаан мянга хоёр зуун төгрөг өглөө. Зарим хүнийх хорь гучаараа зарагддаг байхад өвгөнийх бараг гурван сарын хугацаанд ганцхан зарагдаж. “Одооны хүмүүс ном бага уншиж байна гэж би хэлэхгүй ээ. Цаг цагт хүмүүс ном уншиж л байсан. Уншсаар ч байх болно. Харин хүүгийн хэлснээр намайг л хүмүүс уншихаа больсон нь үнэн бололтой. Хоцрогдоно гэдэг нь энэ юм байхаа даа. Гэхдээ яах вэ гэрээсээ хоосон гарсан хүн чинь хэдэн төгрөгтэй болчихлоо. Энэ чинь бас л буян шүү дээ. Хөөрхий, миний номыг авсан хүний буян нь дэлгэрч яваг. Надад ямар их тус хийж яваагаа мэдэхгүй л яваа байх даа, зайлуул” гэж бодон зогсов. Мөнгийг хоёр гардан авахдаа өвгөний гар салганаж байв. Хэн ч харсан өдий насны хөгшин хүний гар ингэж салганах нь энгийн үзэгдэл мэт боловч үнэн хэрэгтээ өвгөн зохиолч ойрд зарагдаагүй ном нь зарагдсандаа, огт санаагүй байсан мөнгө гэнэт гараад ирсэнд баярласандаа салганан чичирч байлаа. Энэ зургаан мянга хоёр зуун төгрөг сард оногддог түүний тэтгэвэрийн хэдээс илүү үнэтэй бас илүү жинтэй. “За, өнөөдөр сүү авч, нэг сайхан сүүтэй цай чанаж ууя байз” гэж санах түүний сэтгэл зүрх баяраар бялхаж байв. Мөнгөө өвөртөлсөн өвгөн
- За, өвөө нь баяжиж орхилоо. Бүр баярлаад бүр сүйд гэж нүүрнийхээ түмэн үрчлээг яран байж инээмсэглээд
- Энэ гурван номоо зөрүүлээд өгчихнөө гээд хүүтэйгээ булаацалдан байж авчирсан өнөөх сүүлчийн номнуудаа өгөхөд
- Таны ном ч цагтаа энэ байтугай зарагдаж байсан байлгүй гэх худалдагч бүсгүйн ухаалагхан урмын үг өвгөний алдарч буй сэтгэлийн ончийг атган авах шиг санагдсан ч ахмад хүний ухаалаг зангаар
- Цагийн юм гэдэг цагтаа шүү дээ хүү минь. Тэр цагийн юмаар өнөө цагт гул барьж яаж болох вэ дээ гэлээ.
Энгэрийнхээ дотуур халаасанд мөнгөө лавхан хийсэн өвгөн сурсан зангаараа дэлгүүрийн тавиур дээрх номнуудыг нүд гүйлгэн явна.
“Өнөө цагийн ном гэдэг зураг хөрөг, хийгээд цаас цавуу нь хүртэл мөн ч сайхан болжээ. Бидний үед ямархуу байлаа даа. Манай үеийнхний номнуудыг хүртэл өнгө будаг нь гялалзаад сайхан хэвлүүлж тавиур тавиураар нь өрж тавьсан байна. Бодвол үр хүүхэд нь л ингэдэг байх даа” гэж бодоод санаа алдав.
“Үгүй ээ тэр, зураг хөргийг нь хараачээ яг л амьд сэрүүнээрээ, өчигдөрхөн авхуулсан юм шиг яасан ч сайхан гараав дээ. Энэ хэнийг хараач, бүр яг над руу хараад байгаа юм шиг. Энэ маань л гэхэд
. . . Бод л доо та нар! Тэгэхэд
Шиврээ борооны дусал
Шивээлсэн жадны үзүүрт бутарч
Шинелийн хормойд
Шингэж явсым . . . гэж бичиж явсан хүн шүү дээ. Уянгын халил гэж энийг л хэлдэг байх даа. Агуудаа агуу миний муусайн найз нар. Цаг үе биднийг юу гэж хэлэх нь яахав ээ. Бид л цаг үедээ хүн шиг явсан бол болох нь тэр” гэж өнгөрсөн үеэ өнөө цагийн өнгө аясаас өмгөөлөн бодов. Түүнтэй залгаа шахам тавигдсан номын зургийг харж
“Энэ нөгөө зурагтаар ойр ойрхон гардаг хүү байна. Биднийхээс жаахан өөр ч гэлээ бас л сайн бичдэг хүү шүү. Аргагүй биз дээ та нарын минь цаг үе өөр юм. Би ч бас уншихгүй биш уншдаг юмаа. Араасаа гарч ирж байгаа ирээдүйгээ харахгүйгээр үргэлж л өмнөхөө гөлрөөд явна гэж юу байхав. Бид чинь үе үеийн тасарч үл болох гинжин хэлхээ шүү дээ” хэмээн эгээ л ямар нэгэн сурвалжлагчид ярилцлага өгч буй мэт бодов. Тавиураас тавиур хооронд тэр байтугай номноос номны хооронд түүний бодол тэлээлэн урсана.
“Энэ зохиолч хүү лав миний хүүгээс насаар дүү дээ. Гэтэл ийм сүрхий байх гэж. Хүүгээ би зохиолч бол гэж шаардаагүй шүү дээ. Зүгээр л номыг сэтгэл зүрхнээсээ уншдаг хүн болоосой гэж хүссэн. Тэгсэн бол өдийд амьдралд хайртай хүн явахгүй юү. Юу боллоо гэж хамаг байдгаа өөрийн гараар үгүй хийж явахав” гэсэн бодол нь харуусал болон хувирав.
Тун удалгүй өвгөн номын дэлгүүрийн эргэдэг хаалгаар түүртэх маягтай гараад гудамж өгсөн гэлдрэв. Ийн гэлдрэхдээ тэртээ холын гэгээн алсад гэгэлзтэл санаа алдуулсаар харваж одсон хэдэн нөхөдтэйгээ эргээд нэг уулзсан мэт санагдан сэтгэл нь хөнгөрчих шиг болов. Тэрээр тэрүүхэн буланд байрлах усан сангийн хажууд очин хэсэг суулаа. Намрын нар хамаг л чадлаараа халах авч цаанаа нэг тамир муутай. Цагтаа ажиллаж байсан энэ усан сангийн чулуун хашлаган дээр одоо хэсэг хүмүүс хуучин ном зардаг болжээ. Өвгөн тэрийг ч гэсэн үзэхгүй байж чадсангүй. Цаахан талд нь жижигхэн зөөврийн тэрэгтэй квас зарж байгаа харагдана. Өвгөнийг идэрхэн явахад энэ квасыг том том грушикээр л зардагсан. Одоо ч нэг муу жижигхэн хальсан аяганд зардаг болжээ. Түүнийг ном руу очиход тэндээс хуучирсан номны нэгширмэл үнэр хамар цоргих шиг болов. Халуунд хуучин цаас халсандаа тэр байх. Энэ үнэр өвгөнд тийм ч муухай санагдсангүй. Яагаад ч юм гэрийнх нь хуучин номын сан үнэртэх шиг цаанаа нэг таатай. Өвгөн зохиолч ганц нэг ном үзэн, авахгүй ч гэсэн үнийг нь сонирхон явав.
Тэгтэл . . . Тэгтэл яасан гээ. Өвгөний нүдний буланд нэгэн халцархай хүрэн хавтастай ном сэрвэлзэн үзэгдэв. Шаргалтаж хуучирсан хуудас нь ямар нэгэн далдын совин даллах мэт зөөлөн намирах тэр номыг хараад өвгөний зүрх өөрийн эрхгүй хурдан хурдан цохилж, амьсгаа нь давчдаж ирэх нь тэр.
“Мөн гэж үү? Арай биш байлгүй дээ” гэж бодон өвгөн алгуурхан дөхлөө. Тэрээр уг номыг гартаа барин барьталаа бүрэн дүүрэн итгэж өгсөнгүй. Гэтэл өвгөн чичирч салганасан гараараа халцарч холцорсон хавтастай номыг эргүүлж тойруулан үзээд
- Мөн байна. Эвий минь гэж тэр чигээрээ мөн байна гэж эвгүй саарал хоолойгоор цахиртан дуугараад, номыг амандаа барин үнсэх ая үзүүлэхэд номны хуучин хавтасыг түүний амнаас савирах цагаан шүлс норгон толботуулав. Ном зарж байсан тарган бор авгай ухасхийн босож
- Хөөе! Өвгөн гуай, та чинь яасан заваан юм бэ? Яах гэж наад номоо заваартуулаад байгаа юм. Одоо ингээд шүлстэй номыг чинь хэн авах юм. Балиар хог вэ. Алив цаашаа, цаашаа гэж хажиглан хөөхөд өвгөн ээрч мууран
- Үгүй ээ, энэ ном чинь хүүхээ . . .
- Та дийлэхгүй ээ, дийлэхгүй. Өөрөө авч чадахгүй байж хүнд гай болоод гэж үглэн өвгөний гараас номыг шувт татан авч өргөн банзалынхаа хормойгоор хэд шудраад буцааж тавихдаа өвгөнийг дахиад авах вий гэсэн янзтай цэвхэлзэн харна. Өвгөн дахиж номыг авч зүрхэлсэнгүй.
“Яг мөн байна. Дөчин хоёр жилийн өмнө хэвлүүлсэн миний анхны ном мөн байна. Хөөрхий минь гэж, хаагуур тэнэж яваад өдийд ингээд гэнэтхэн гараад ирэх нь энэ вэ дээ. Эвий минь гэж. Хавтсан дээр нь бүдэг бадагхан ч гэлээ миний нэр харагдаж байнаа. Намайг зохиолч хэмээн зарласан анхны ном. Чамайг хэвлүүлчихээд ёстой л нэг анхны хүүхдээ төрүүлсөн эх хүн шиг баярласандаа цээжээ дэлдэн гүйж явсансан. Хүүхэд гэснээс энэ ном чинь манай хүүгээс нэг ах юм шүү дээ. Хүүг гардагийн урд жил хэвлүүлсэн санагдана. Тэр үед одооных шиг ямар өөрсдөө зарах гэж хэд гурваар нь тэврээд гүйж явсан биш дээ. Хэвлэгдсэн л бол бусад нь бидэнд хамаагүй байсан үе дээ. Дам сонсоход гучин мянган хувь хэвлэгдлээ л гэж байсан. Үнэн байхаа. Залуухан байхдаа анзаарсангүй, хэд гурав байсныг нь тараагаад дууссан байсан. Хожим нь өөрөө олж авах гээд чадаагүй юмдаг. Гэтэл өнөөдөр өтөл насны шувтарга дээр ингэж таарах гэж. Ерөөсөө худалдаж авдаг хэргээ” гэж бодоод эргэж очин энгэрээ тэмтрэн зогсохдоо
“Би одоо энийг аваад ч яах юм билээ. Хэндээ ч гэж авч очих юм билээ. Аягүй бол манай өнөөх бас л нэг зуун граммнаас өгөөд шараа тайлчих биз. Манай тэрэнд ямар энэ аавын минь анхны ном юм шүү гээд нандигнаад явах ухаан байх биш. Тэгснээс хэн нэгэн сонирхсон хүн нь аваг дээ” гэж бодон өвгөн цааш эргэлээ. Гэхдээ тэр шуудхан яваад өгч чадсангүй. Үрдээ хорогдох амьтан шиг эргэж хургасаар байв. Нэгэнт явж чадахгүйгээ ойлгосон өвгөн өнөөх квасны тэрэгний дэргэд бетонон сандал дээр сууж авлаа.
Нилээн ч удаан суулаа. Нар ч нилээн дальдарч, үд хэвийхийн алдад том хар цүнх дамнуулан барьсан нэгэн залуухан хүү ирж хуучин номыг эхнээс нь үзэж явснаа яг өвгөний номыг авч эргүүлж тойруулан хэсэг үзээд юу юугүй авах болоход өвгөн хэрээрээ хурдхан босож, яагаад ч юм залуугийн хажуугаар дайран орж номны булангаас барьж автал ном зарагч авгай номыг угзран авч
- Та чинь одоо яагаад байгаа солиотой өвгөн бэ. Хүн юм авах гэж байхад гэнэтхэн босож ирээд булаацалдаад унах чинь. Өвчтэй юм уу хаашаа юм. Тийм л байсан юм бол өдөржингөө гөлөрч суухын оронд авахгүй яасан юм гээд хариу хэлэх завдалгүй дуржигнуулснаа өнөө залууд өгөөд явуулчих нь тэр.
“Хэн нэгэн ирж аваасай” гэж бодож суусан өвгөн яг хүн авдгийн даваан дээр гэнэтхэн харамнах сэтгэлдээ хөтлөгдөн очсон нь тэр байлаа. Залуу номоо авч цүнхэндээ шургуулаад өвгөн рүү гайхан харснаа цаашаа явж одов.
“Миний ном. Энэ чинь миний ном шүү дээ. Та нарынх биш” гэж сэтгэлдээ шивнэж зогссон өвгөнд гэнэтхэн “Нээрээ! Миний номыг хүн авч байна шүү дээ” гэсэн гэрэлт бодол орж ирэв.
“Миний номыг бүр дөчин хоёр жилийн дараа ч гэсэн худалдаж авсаар, уншсаар байна шүү дээ. Би амьд байгаа юм байна. Үүн шиг сайхан юм гэж байх уу” гэсэн бодол харавахад туранхай хатингар цээжинд нь омогшил төрөн, ус гүйсэн үлбэгэр нүдэнд нь үл мэдэг оч гэрэлтэн эргэн тойрноо харав. Өдөржингөө шахам гадаа суусан тэр ам ангаснаа сая ухаарч өнөөх квасаас нэг аягыг авч залгилав. Жижигхэн хальсан аяга гэж голмоглоод байсан ч өвгөндөө бол овоо сав бололтой хэд хэд тасалж уулаа. Хоолой сэрүү татаад даанч нэг сайхан. “Миний цангаа тайлах ч яахав. Өнөө муу хүү маань бүр харангадаад үхэх гэсэн юм хэвтээ байхдаа. Бодвол архи их уухаар хамаг цус нь хуурайшчихаа шахдаг биз. Энэ хэдэн төгрөгөөр би яагаа ч билээ. Сүүтэй сүүгүй болох л байлгүй яав гэж. Хүүдээ уух юм авч өгдөг юм билүү дээ. Өнөө маргаашгүй болсон би хэд наслана гэж хүүдээ хатуурхаж явахав. Намайг унаад өгөхөөр ухаан суух биз. Муу эх нь миний оронд байсан бол ганц хүүгээ ингэж явуулаа ч уу, үгүй ч үү. Энгэрээ цөмлөөд ч болов шарыг нь тайлж өгөх байсан биз. Эх хүний сэтгэл гэдэг тийм л байдаг хойно. Хүү маань ном уншихгүй ч гэсэн хэн нэгэн хүний хүү миний номыг уншиж л байна шүү дээ. Үүнээс илүү надад юу хэрэгтэй гэж” хэмээн бодох өвгөн зохиолч хүнсний дэлгүүр лүү алхав. Хүн харахад гэлдэрч явах шиг боловч үнэндээ бол тэр дэгдэж явлаа. Тэрээр “За байз, таван мянга есөн зуун төгрөг үлдсэн юмсан. Өнөөх юманд нь хүрдэг л байгаа даа. Саяын квасыг хэрэггүй ч уув уу . . .” хэмээн гэнэтхэн санаашрав . . .
2010. 08. 29
Бүрэн эхээрээ...

