# #

Дөрвөн мөрт-6

18 Сэтгэгдэлүүд:

Цэцэг халууцах зундаа ой хүрнээ миний охин
Зулай нь битүүрээд ирэхээр хүн болноо миний ангаахай
Санчиганд минь сор унахад тохойг минь өргөнөө миний шувуухай
Сарьдагийн энгэрт нойрсоход толгойг минь түшнээ миний тасархай

Бүрэн эхээрээ...

Дөрвөн мөрт - 5

10 Сэтгэгдэлүүд:

Бурхангүй газрын бумба галзуурна гэгчээр
Бор гэртээ би найрагч болон дөвчигнөнө
Бодол мөрөөдөлдөө автан солиорохоороо
Болор цом-оор хэмээн ... гэвч гэртээ ганцаарханаа

Бүрэн эхээрээ...

Цаг Цог хоёр

14 Сэтгэгдэлүүд:

Үүрээ сандаачуулан арзагналдах шоргоолж мэт явган хүмүүс зөрөлдөн сүлжилдэх өргөн гудамжнаа Цогоо таксинаас бууж тэдний дунд орж, яарахгүйгээр үл барам хамаг биеэ сул хаян зарим нэгийг мөргөн, шүргэн гэлдрэнэ.Үзвээс царай зүс нь ноомойн унжиж, галгүй хоёр нүдээр газар шагайж, хоёр гар нь сул унжин өөрийн биенээс тусдаа мэт хаа нэг савчин, бодолд дарагдан сэтгэлээр унасан нь илт.
“Үгүй! Шүрээ өөр хүнтэй явалдаж байна гэж үү, даана ч дээ. Хүн ажлаа хийгээд, цалингаараа ажил амьдралаа залгуулаад явж байхад араар маань өөр хүнтэй зугаалаад л явж байдаг байх нь.
Ингэхэд би ер нь яасийн? Яалаа гэж…” гэхчилэн өөрөөсөө асууж, уурлаж бухимдах эсвэл гомдож тунирхсан нь аль нь үл ялгагдан цээж хөндүүрлэн алхална. Гэтэл гэнэт
- Хүүе ! Байр хам гэх зэвүүн дуу сонсогдоход харвал байрных нь нэг хэцүүхэн гар “ашгүй нэг шаналгах хүн таарлаа” гэсэн шиг арзайтал инээж зогсох ажээ.
Урд нь юм л бол ганц юмны мөнгө, эсвэл гуя, бүр байчихаад таван зуу, гурван зуу гэхчилэн шаналгах энэ хэдэн юмнаас тойрч бултан явдаг байсан бол сая бодолдоо алмайраад анзаарсангүй.
- За бараг уудаггүй хүн чинь яасан? Шартсан шинжтэй харагдах чинь гээд л юунаас яаж эхлэхээ андахгүй тэр гар царайны баргар байгааг анзаарснаар яриа эхлэв. Цогоо сул гараа өмднийхөө халаасанд хийтэл сая таксинаас хариулсан хоёр мянган төгрөг гарт нь тэмтрэгдэв. Тэгтэл гэнэт “энэнтэй нэг юм хуваагаад уучихъя” гэх сэтгэгдэл төрчихөв. Өөрөө ч гайхахшиг. Тэгсэнээ мэдсээр байж
- Чи завтай юу? Хэрвээ завтай бол ганц юм ноолчихуу? гэж сүрхий царайлав. Өнөөх ч яахав уухайн тас гуниг хуваалцаж байгаа аятай байвч баярласан сэтгэлээ нууж ядна.
Байрныхаа орцонд цувралдан орж Цогоо халааснаасаа өнөөхийгөө гаргатал нөхөр архийг нь харангуутаа огиж байгаа харагдлаа. Цогоо шилний хөнгөн цагаан бөглөөг чимхэн урж онгойлгоод нөхөрт өгөхөд огин огин салгансан гараар авсан нөхөр
- Би хүн рүү харж ууж чаддагүй юмаа гээд цааш харан шилээр нь тонгойлгон залгилав. Араас нь харахад түүний хамаг бие нь салганаж, дагзан дээрхи малгай нь чичирч байх ажээ. Тэгээд өрөөсөн гараараа амаа таглан шилтэйгээ Цогоод өгөхөд хамаг нус нулимс нь цувран хүн харахын тамтаг алга. Ингэн ингэн уух гэж байдгаа гэж бодсон Цогоо амруугаа шилтэйг гудартал буруу хоолой нь таарсануу эсвэл угаас чаддагүй дээ тэрүү хоолой зураад хахаж цацан байж хоёр балгаад буцаав. Тэгээд
- Манай гэрийн хүн сая гудамжинд нэг залуутай зугаалаад сүйд бүр уур хүрчихлээ гэтэл
- Аан, чи тэгээд царай дарчихсан яваа юмуу? Муусайн хүүхнүүдийг ёстой будаа болгох хэрэгтэй. Тэр залууг ч гэсэн … ер нь хүүхнүүдийг даврааж болохгүй. Танай хүн хэдтэй билээ? гээд хариу ч сонсолгүй
- Хүүхнүүд гуч дөхөөд ирэхээрээ дандаа тэгж заваардаг байхгүй юү хэмээн онолдож
- Орой ирэхэд нь хараарай уруулын будаг нь арилсан байвал тэгээд л өнгөрөө гэж мэд. Илжиг, эхнэр хоёрыг өдөрт нэг амбаардаж байх хэрэгтэй за, би бол тэгдэг л байлаа гэхчилэн шүлс амаа үсчүүлж эхлэв. Ер нь иймэрхүү байдалтайгаар удаад хэрэггүйг мэдэх тул Цогоо
- За, за чи наадахыгаа өөртөө үлдээчих би гэрээрээ орчихоод эргээд гарахгүй бол болохгүй гээд салахын түүс болов. Өнөөх
- Миний хэлсэнийг мартаваа өдөрт нэг за гээд өвөртөхөө тэмтрэн тэмтрэн цааш гуйвчин салгаллаа. Цогоо нөгөө гайнаас салж дээш өгсөх зуураа “өдөрт нэг гэнэ шүү тийм ч юм гэж байдаггүй байхаа” гээд гэнэтхэн муу ханиа өмөөрөв.
Түрүүн таксины цонхоор харахад тэр залуу нь ямар нэгэн хөгжилтэй юм ярьж байгаа бололтой ухраагаараа яваад л. Өөдөөс нь эхнэр нь гараараа амаа таглан нүдээрээ инээж байгаа харагдсан. Эхнэрийнхээ нь тэр инээмсэглэлийг Цогоо бараг мартахаа шахжээ. Хэзээ ч билээ дээ авчирч өгч байсан эрээн даавуун хослолоо өмсчихсөн, үсээ задгай тавиад, хүзүүгээрээ охиныхоо цагаан сараар олсон алчуурыг зангидсан нь их л зохисон харагдсан. Үсээ задгай тавихаараа зохидог л юм байна. Би анзаараагүй гэж үү? Үгүй ингэхэд орой унтахдаа үсээ боолттой чигээрээ л унтдаггүй баймаар юм.
Цогоо гэрийнхээ үүдэнд ирж хаалгаа нээн онгойлгоход хаалга нь даана ч нэг ёозгүй чахран дуугарна.
- Энэ хаалга ямар муухай дуугардаг болоо вэ? хэмээн сая л анзааран амандаа үглэн дотогш орлоо. Үүдний хонгил харанхуйвтар тул гэрлээ асаан харав. Унтраалгы нь тойроод гарын хир тогтжээ. Гутлаа тайлан хуучирсан хивсэнцэр дээгүүр алхлан цааш өрөөнд ороход гэр нь цаанаа нэг бүүдгэр өнгө буурай ажээ. Өсгий нь нилээд майжийсан хоёр гутал нь “одоо нэг амрав” гэсэн янзтай сөөлжин унав.
Гадуур хувцасаа ч тайлалгүй сандал дээр хэсэг цомцойн суулаа. Гал тогооноос юмуу хаа нэгтэйгээс эвдрээд дутуу хаагдсан цоргоноос зай завсаргүй ус дуслах нь сонсогдоно. Уг нь эхнэр нь гэрээ чадлаараа л цэвэрлэсэн бололтой. Ханан дээр нь хуучирч, өнгө нь гандсан хуримын зураг нь өлгөөтэй байх нь бараг л хэзээ ч билээ дээ гэж бодогдохоор. “Би ер нь энэ зургийг анзаарч хардаг билүү” гэж бодохын зуур босож очин ер үзээгүй зураг үзэж байгаа мэт харав. Зурган дээр дундаа хэн нэгний өгсөн цэцгийг барьсан хуримын хувцастай хоёр хүүхэд гэмээр залуугийн зураг байх аж.
- Одоогоос найман жилийн өмнө хэмээн амандаа бувтнав. Хажууханд нь хоёр хүүхдийнх нилээн багын зураг байх. Энэ жил багыгаа сургуульд орох ёстой санаж амжив. Эхнэрийнх нь нүдээрээ даруухан инээмсэглэх төрх нь яг л түрүүний залуутай явж байхдаа харж байсан тэр төрх ажээ. Би одоо бараг энэ төрхийг анзаарахаа больжээ дээ.
Цогоо цааш нь хана дагуулан шохой нь бага зэрэг шарласан таазыг харан хөврүүлэн бодно. Гэхдээ яагаад ч юм эхнэрээ түрүүнийх шиг үзэн ядаж муугаар бодсонгүй.
“Хөөрхийд минь хүний өмнө өмсөх зүүх ч юм ямар байх бишдээ. Санаа нь байдгаараа л гоён байж өмссөн нь тэр дээ. Хүн шиг, надад ийм тийм юм хэрэгтэй гэж зовоосныг би л санахгүй юм. Тийм дээ ч тэрүү одоо хүзүү хоолойд нь гялалзаж гялтайх ч юм байхгүй дээ гэж өрөвдөх ч шиг. Энэ гэр орон маань ямархуу байнав. Аль дэвэн галавт хуриманд нь хүмүүс өгсөн хоёр ор, ширээ сандалхан. Одоо хуучираад бүр бүүдийж орхиж. Би ер нь яаж шүү амьдарч яваа эр юм болдоо. Хэдийгээр архи тамхи гээд байхгүй ч гэсэн амьдралд зайлшгүй байх ёстой арчаа, амжиргаа гээч юм надад ер нь байна уу? Тэр ч байтугай эхнэрээ хэрхэн хайрлаж байгаа юм бол? Бараг л худалч хүнд царай зүсий нь мартах шахсан байх юм. Энэ хайр мөн үү? Ийм нөхцөлд, ийм гэр оронд эмэгтэй хүн тэсэж байж чадна гэж үү? Харин өдий болтол хань минь яаж нэг байгаад байсан юм бол?
Миний хань надад хайртай нь л тэр. Хар багын л бидэн хоёр бие биенээ гэж, болно бүтнэ гэж гүйж байж суусан биш билүү. Гэтэл одоо . . .” гэхчилэн элдвийг бодон хана дагуулан хараа тэнүүчилсээр явахаа байсан хөхөөтэй цаган дээр хараа нь тусна. Энэ цагийг ангийнхан нь өгч байсансан. Мань эр цонхон дээр очиж салхивчаа нээтэл нэг нугас нь санжаад хэн нэгэн зэс утсаар торгоочихож. Цогоо л лав биш.
Онгорхой цонхоор зөөлхөн сэвэлзсэн салхи түүний нүүрийг илбэн сэвэлзэж нүдээ хагас аньж зогссон Цогоо гэнэтхэн шийдмэгхэн эргэж үүдний өрөөнөөс оёдлын машины тос авч хаалганыхаа нугас руу хийчихээд гал тогоо руугаа орлоо . . .
Одоо хүүхдүүд ирэх дөхөж байгаа. Удалгүй бас нөхөр нь ч ирэхийг мэдэх бүсгүй орцны хаалгаар нэг л хөнгөн орж ирсэн атлаа гэрийнхээ хаалга дөхөх тусам яагаад ч юм яаж ийшээ орно доо гэсэн аятай алхаа нь саарах ажээ. Цүнхнээсээ үснийхээ боолтыг гаргаж үсээ боонгоо хаалга аяархан онгойлгож орсон Шүрээ нилээн гайхан эргэн тойрноо ажина. Угаалгын өрөөнд, баннандаа хамаг хөшгөө хийгээд дээр нь угаалгын нунтаг цацаад орхиж, гал тогоонд, гал дээр тагийг нь хагас онгойлгосон саванд шөлтэй хоол буцлах нь сонсогдоно. Ширээн дээр махны модны хажууд хутга болон хутга ирлэдэг шинэхэн хайрга байгаа нь үзэгдэнэ. Их сонин. Том өрөөгөөр шагайвал хөшгийг нь авчихсан болоод тэрүү өрөө нэг л саруулхан, нөхөр нь салхивчны нугас сольж байгаа бололтой хамаг анхаарлаа төвлөрүүлэн хацраа унжуулан зогсох нь хүүтэйгээ нэн адилхан ажээ.
Ширээн дээр нэгэн цаас байх агаад түүнийг харвал хананы цаас тэд, будаг тэд, шохой бас болоогүй жижиг сажиг авцаа өгцөө гэх мэт багахан тооцоог нямбайлан зоочихож. Хажуугийн сандлын түшлэгэн дээр нөхрийнх нь тохойг нь нөхсөн бор хүрэм нь тохоотой. Энэ бүгдийг харж нөхөртөө баярлан сэтгэл нь илт сэргэсэн Шүрээ уг хүрмийг аль цагт сургуулиа төгсөхдөө авсаныг санаж "миний хань чинь бас ч гэж инженер хүн шүү дээ" гэж бодогдов. “Ерөөсөө энэ сарын цалин буухаар ганц хүрэм авч өгнөө. Байр гэрлийн мөнгийг ганц удаа жаахан унжихад яав л гэж” хэмээн санав. Хүүхэн хоёр гараа зөрүүлэн тэвэрч, хөлөө солбин, мөрөөрөө хаалганы хацар налан энэ бүгдийг ажиглан зогсохдоо саяхан орцонд орохдоо нэг их гэрэл гэгээнээс бүүдгэр харанхуй руу ирж байгаа мэт бодогдож байсан нь оргүй арилж харин ч юу, юу ч үгүй хий хоосноос өөрийнхөө байх ёстой орон зайд ирсэн мэт бодогдох нь гайхалтай.
Гэтэл гэнэт хананы цаг торхийн дуугарч бяцхан хөхөө хэдэнтээ донгодоход хүүхэн залуу хоёр цочин зэрэг бие биенээ харав. Гэтэл Цогоо ам нээж
- Үгүй! чи яасан чимээгүй орж ирээв? гэтэл эхнэр нь
- Нээрээ! энэ хаалганы дуу бүр байхгүй болчихож, бас энэ цаг амь орчихож гэх нь ихэд баярласан шинжтэй.
Цогоо эхнэр лүүгээ зөөлхөн дөхөж мөрөөр нь тэвэрч үснийх нь боолтыг авангаа
- Миний ханьд үсээ задгай тавих нь их зохидог шүү гэлээ. Хариуд нь Шүрээ
- Үнэхээр тийм үү? хэмээн нүдээрээ инээхийг харсан Цогоо “намайг ч гэсэн ингэж хардаг л юм байна” хэмээн бодохын зуур уруул нь будагтайгаа байсанд олзуурхаж, хамар нь шархирахад хурдхан шиг эхнэрийнхээ толгойг үнэрлэн үнсэв. Ханийнхаа анхилхан үнэрийг эргэн санахын зуур цээжиндээ улам чангаар тэврэхэд цээж нь чичирхийлж байлаа. Харин бүсгүйн нүднээс энэ өдрийг хүлээж цөхөрсөн мэт ганц доголон нулимс аядуухан гарч Цогоогийн энгэрт шингэв.
Хүн ер нь мэдэхгүй юмаа мэддэггүйтэй адил мань хоёр ч гэсэн мэдэхгүйгээ хэвээр нь үлдээх гэсэн шиг бие биенээсээ элдвийг асууж шалгаасанүй ээ.
Гэнэтхэн гал дээр юм даргих шиг болоход Цогоо нэг их том хэл гарган
- Цаана чинь хоол гэхэд хүүхэн годхийн гал тогоо руу гүйх нь саяхан гэрлэсэн шинэхэн хосууд гэлтэй.
Намарших шинж орсон бүгчимхэн зуны үдэш сэвсхийсэн сэвшээ хонгор салхи байгаль дэлхийг сэргээдэгтэй адил амьдрал гэдэг юухан хээхэн дээр тогтож, тэр бүгдийг алгачилалгүй арчилан хайрлаваас амьдрал өөрөө эргээд агуу баян тансагаа хэнээс ч харамладаггүй ажээ. Арчилж эс тордовоос алт хүртэл өнгөө алдах буюу.
Онгорхой цонхоор сэвэлзсэн сэвшээ салхины үзүүр өрөөгөөр дураар сэлгүүцэн, эхнэрийнх нь задгай тавьсан үсийг зоргоор нэг оролдож, даашинзны хормойг сэм сэмхэн намируулах нь Цогоод нэн таатай . . .

Бүрэн эхээрээ...

Аав хүү хоёр – 4

9 Сэтгэгдэлүүд:

Сонин гарчиглаж суухад хүү нилээн уйдсан янзтай өрөөгөөр хэд эргэлдсэнээ аавынхаа бугалаганаас хүү чангааж
- Ааваа
- Айн
- Юмыг олон талаас нь харна гэж яадгийн?
- Хэн тэгж хэлж байна?
- Зурагтаар
- Аан! За байз гээд аав бодолхийлснээ
- Энэ ширээг цэвэрлье гэж бодъё за
- За
- Ширээний тавцанг цонхон талаас нь харвал гялалзаад хачин цэвэрхэн байгаа биз гэхэд
- тийм байна
- Тэгвэл нөгөө талаас нь харъя. Тээр зөндөө хурууны хээ байгаа биз гэхэд хүү ширээн дээр булцгар шанаагаа тавьж өрөөсөн нүдээ аньж харахад аав нь инээмсэглэснээ
- Миний хүү буруу нүдээ аниад байна гэхэд хүү
- Өө би дандаа ингэдгийн гээд аньсан нүдээ нээж хараад
- Аан тийм байна
- Түүнийг арчих хэрэгтэй гээд
- За бас доороос нь харж болно гэтэл хүү сурамгай гэгч нь ширээн доогуур орсноо
- Өө, өө бохь наачихаж гээд хацар нь улайхыг ажсан аав нь
- Хэн?.. гэснээ: За хэн наасан нь яахав. Түүнийг авах хэрэгтэй
- Одоо ингээд хаанаас нь ч харсан цэвэрхэн ширээ боллоо тийм үү?
- Тийм
- Юмыг олон талаас нь харж, бас бодож хийвэл алдаа мадаггүй болдог
- Тэгвэл олон ургалч үзэл гэж?
- Яг л саяынх шиг нэг сэдвийг олон талаас нь бодож, олон санаа гаргахыг хэлж байгаа юм. Гагцхүү тэр бодож ярьж байгаа сэдэв нь утгаа алдахгүй байх хэрэгтэй гэснээ
- Ингэхэд миний хүү яагаад ийм том хүний юм асуугаад унав даа?
- Энэ зурагтаар чинь хүүхдийн юм гарахгүй л юм байна шүү дээ. Зурагтын ах эгч нар хүүхэд юм үзнэ гэж бодохгүй байгаам байлгүй гэснээ
- Ер нь бол олон талаас нь харж чадахгүй л байна даа гээд нилээн догь үг хэлчихэв
Эцэг нь хий дэмий ам ангалзсанаа
- Миний хүү үлгэрийнхээ номнуудыг аваад ир аав нь уншиж өгье гэсэнд хүүгийн нүд нь илт сэргэж
- За гээд өрөө рүүгээ гуяа алгадан гүйвээ...
Бүрэн эхээрээ...

Блогоор аялсан түүх-4

20 Сэтгэгдэлүүд:

Хүмүүс сом-нд их сайхан хариу бичихийм. Би ерөөсөө тэгэхгүй юм . Тэрний оронд сөрж блог руу нь орох гэх. Зөв эсэхийг мэдэхгүй.
Хачин чамин эрээн мяраан блогнууд байхым. Уг нь их гоё юм . Цаг маг, тоолдог моолдог тоолуураас авхуулаад зөндөө зөндөө. Минийх болохоор "хуучирсан хүрэн костюм" шиг л юм байхым. Үгүй тэгээд гоёх гэхээр миний өөрийн зангаас болоод гоёж гоодож чадахгүй юм.
Цаг тавъя гэж нэг өдөр санав. Гэтэл өнөө мангар чинь хүмүүс цаг руу хараад яараад гарчихаж магадгүй гээд л санах. Ухаандаа санаа нь цаг наргүй л суулгах санаатай байх нь их эдээ. Тоолуур тавъя гэж бодов. Тэгсэнээ. Тоолж байгаа тоо нь цөөхөн харагдахаар чамлаад гараад явчих болов уу гэж бодох. Харин тэр дуу намуухан яваад байдаг нь зүгээр шиг. Даана ч ах нь өөрөө чаддаггүй гэж байгаа. Тэгээд юмыг дандаа эсрэг талаас боддог энэ зандаа хөтлөгдөөд "нөгөө муу бор костюмтайгаа л" үлдлээ дээ ах нь хэхэ.
Эцэст нь бас нэг юм бодоод л байгаа. Та нарт хэлэх гэхээр буруугаар ойлгоод уурлах боловуу гэж айгаад. Дэмий балай юм бодож байж хэдэн сайхан дүү нараа үргээчих болов уу гээд л... Заримдаа ганц нэг болохгүй байгаа юмаа эвтэйхэнээр шүүмжилвэл ямар бол. Тэгвэл хүн алдаагаа олж харж засахад дэмтэй шиг. Өөр хүмүүс энэ блогчид гэж хэдэн биенээ хөөрөгдөж магтсан улс. Сүүлдээ бүр магтах үг нь олдохоо болих нь гэж бодох вий дээ гэж битүүдээ бодоод яваа. Бодвол миний буруу байж болох л юм . Хэрвээ буруу санасан бол намайг өршөөнө буй заа.
Бүрэн эхээрээ...

Блогоор аялсан түүх-3

3 Сэтгэгдэлүүд:

Нэг үеээ бодвол блогны учрыг овоо олоод байгаа би. Анх бүр нэг сайн бууж өгөхгүй хүмүүсийн блогийг шүтэн бишрэхээс цаашгүй байж. Одоо ч гэсэндээ гоё гоё блогнууд таарахаар ам хагас ангайдаг гэж байгаа. Амраагийн блог гэж айхтар эд нэг байна. Ахмадуудынхаа араас орж байгаа мундаг залуу. Байды гуай ингээд хэлчихсэн болохоор Бумаа дуугай л байсан нь дээр л дээ. Бас шог талаасаа Дөлгөөний блог байна. Их маазтай хэрнээ ойлгомжтой. Эрхэсийн блог гэж дөнгөж нүдэлж байгаа яргуйг санагдуулам блог бий. Танин мэдэхүйн талаасаа Ганбаагийн Хишгээгийн г.м. Төрөө дүү, Үүнээ дүү гээд эрчтэй залуус байна. Эднийг би бусдыгаа тэвчээртэй уншдаг гэж санадаг. Уншина гэдэг өөрт бичихээсээ илүү эддээ. Цаг зав муухан болохоор (өөрийгөө аргалав) орж ирсэн рүү сөрж орж байгаа. Дамжаад дамжаад явахаар толгой эргээд төөрчих юм. Хөгшдөөд тэр байх. Нана маань таг байгаа. Бие хаа нь зүгээр байгаа гэж бодно. Сүрхий юм болохоороо нүүж мүүсэн ч байж магад. Ээбээ гэж эвгүй блог нэг бий. Орж болохгүй , орохгүй байж бүр болохгүй. Викторы гэж байхым. Даана ч нэр ус, пасс, виз энэ тэр гээд орж чадахгүй юм. Шинэ буюу шинэвтэр гэвэл (миний л хувьд) Ганаа гэж гэр бүлсэг блог саяханаас гарч ирэв. Заяа Пийкфиндэр гээд шажигнуулдаг улсууд байна. Нөөц материал ихтэй боловуу гэж санадаг.
За тэгээд хуучцуулаас манай хоёр (Тэлмэн Бямбаа) байнга ирдэгт баярладаг. Миний хувьд блогны хүрээ их бага юм . Их олон блогруу орж сом-т үлдээж байж өөрийгөө уншуулах ёстой юм шиг байгаам. За тэгээд залхалгүй манайхаар ордог та бүхэндээ баярладаг шүү. Та нартаа сайн сайхныг хүсье
Бүрэн эхээрээ...

Ижилгүй заяа.

16 Сэтгэгдэлүүд:


(зураглал)
Өглөө үүр хаяарахаас өмнөхөн боссон хархүү хөхүүртэй хүйтэн айргийг бүлүүрээр хэд бүлж тосыг нь хөдөлгөнгөө хул аягаар гурав хөнтрөн, чимчигнэсэн уруулаа эрхийгээрээ дарж арчаад, гарч уяатай хоносон гялалзсан сортой хар голтой улаан хээр морио эмээллэж, цантай уургаа нударгаараа шудраад, морь нь эргэцэх агшинд уургаа тулаад мордох нь харсан хүнд даана ч нэг жавхаатай. Уяандаа жихүүцэж хоносон хээр морь эзнийхээ хантайралтанд сагалдраганыхаа мөнгөн чимгийг хазаарын товгор товруунд харшуулан, амгайгаа харжигнуулан ангалзаж, цээж өргөн хүзүү гэдийж, толгойгоо хоёр тийш нь хаялан солбилзож, хөлөө өндөрхөн хаялан ергөх шогшихын хооронд дэгэлзэх нь үнэхээр хөнгөн хөлтэй, яалт ч үгүй залуу хүний унаа гэмээр. Залуугийн суганд хавчуулаатай суналзсан хэдэн алдын урт уурга морины явдалд нахилзан үзүүр ёзоор нь газар шүргэн алдана. Зээрийн хүзүүний ширийг идээлэн элдэн хийж, гурамсалж сүлжсэн суран хуйв уурагны даялзах тоолонгоор модоо ороолгон дуугаргана. Адуугаа өвсний сор, сөл хөөж зайдуу хоноглдогийг мэдэх залуу явдлаа жаахан ширүүсгэн мориныхоо амыг султгахад түрүүнээс хойш хий дэвхцэн хэнхдэг сугаараа хөлс чийхруулан явсан хээр морь нь газар эвхэн сунаж, хурц туурайнд нь нойтон чийгтэй газрын хөрс туурайн хэлбэрээр онхилогдон тэртээ хойно үсэрч, тал дээр тал саран хээ дурайн үлдэнэ. Эр бор харцагыг исгэрэн дөрөөн дээрээ дэрийтэл босож наран сөргөө давхихад нарны туяа хойд бүүргэнд нь туяарч, залуугийн хөөргөн бүсэлсэн дээлийн богинохон хормой чадлаараа дарцаглаж, бүрх малгай шилэн дээр нь сагалдрагандаа торон давхих нь ёстой л нэг морин дээр ургаж төрөө юү гэмээр.
Хээр морин ижлээ танин үүрсэхэд хар дэлтэй хул азрага хамраа дуугарган нойтон туурайгаараа газар цавчилан адуугаа тойрлох нь нэн сүртэй. Ташаа өндөр, бүрээ хамарласан сортолзсон хэдэн морьд захдуу хоноод өнгөлөг.
Унага дааганы дэл хэрээрээ ургасан хэдий ч босоогоороо, хонины хоргол ч холбирхооргүйгээр зоолж, хондлойных нь хонхорт шиврээ борооны ус тогтмоор байгаа нь таргыг ч нэг зунзайлгажээ. Адуугаа гурылан хураахад сүүл толгойгоо өргөн унгалдан ухасхийх нь бие чилж, хөл хөссөний шинж.
Залуу адуугаа хусан гадсандаа чивчрэх зэлнээ хураахуй ногтондоо зүгширсэн унага зэлэндээ бараг өөрсдөө очоод чагтлуулах нь зуны хэдэн сардаа ханьсаж ижилстлээ уюулсных.
Зах хязгааргүй мэт үргэлжлэх цэлийсэн өргөн тал, гүвээ толгод, үгүй ер нь дэлхий ээж тэр аяараа л налгартан шарласан нь сайтар загссан намрын өрөм гэлтэй.
Намар оройн уруул чимчигнэсэн хүйтэн айрган дээгүүр хөвөх хөх тос мэт ганц нэг дов довцог, тарвага зурамны дош ногооноороо бусад газраараа шарласан тул нилээн гүн ногоон харагдана. Хөмсөглөн хүрээлэх мөөгөн хүрээ хөхөмдөглөн хөхөртөж үлдсэн ажээ.
Шөнөдөө хүйтэн хонож, үүрээр цан хяруу унаж, өглөөдөө сэрүүн байгаа тул наран ургаж элч нь ээнэгшихийн алдад хүн малгүй л тааламжтай байх ажээ. Намаржаандаа налайх хот айлаас аргалын цэнхэрхэн утаа салхины аясаар аядуухан суунаглаж хөндийгөөр нэг цэнхэрлэн туурцаглан туялзах нь хайхрамжгүйхэн татсан уран бийрийн татлага аятай. Урд хярын хэдэн тарвага арьсандаа багтаж ядан амандаа өвс зуухаас ч залхууран нүхнийхээ аман дээр “эднийхэн бужигнаад явчихлаа өнөөдөр ч үзэх юмтай боллоо доо” гэсэн янзтай хярцгаана. Ганц нэг мөндөл саваагүйрхэн сортолзон хошгирох нь “тоглох амьтан байна уу” гэсэн аятай.
Цаг хугацаа зогссон мэт амар амгалан ийм оронд анир үргээж сүүлчийн шувууд ганганалдан гуниг үлдээн сандрангуй буцах нь уйтай.
Тун удалгүй хол ойроос морьтон цуглаж, цал буурал өвгөн хуураа барин тэргүүлж, цагаан цартай идээгээн барьсан эзэгтэй дагалдаж, хувин сугавчилсан хүүхнүүд дараалж, хүүхэд багачууд хөлөөр хөгжилдөн гүйлдсээр гүүн зэлнээ ирвээс.
Уургач залуус ураа гайхуулж, урдуураа гарах эмнэг хангалын араас ухасхийхэд уургач морьд зогсоогоосоо хөдлөсөн ч сүүл даган нэхэж, толгойг биш хошууг харж, урагш сунан уурга даялан шидэх агшинд морины хондлойд хоёр дөрөө ханхийн харшидах нь сонсогдоно. Хуйв даялан эргэж хангалын толгойд оров уу үгүй юү уургач аргамаг зогтусан найман ганзага цацруулан, дөрвөн туурай шийрлэн, чийгт хөрсийг сийлэн, борви сүүл нь газарт хүрэн алдан, ташуу шаасан гадас адил суух нь энэ адгуус зөвхөн энэ эрдэмд хэрхэн сурсанаа гайхуулах мэт. “Одоо ч залгаа л мэдэж дээ” хэмээн залуу урд бүүргэн дээгүүрээ даван нэг тонгойгоод эмээлийнхээ араар сууж байдгаараа гэдийн татах агшинд бүрх малгай бүчиндээ санжин унжина. Энэ бүгдийг харахад ёстой л нэг харах нүдний урам, халуун насны ааг, ховорхон заяатны удам, хосгүй нэгэн эрдэм болой.
Суран хуйв хангал адууны чамархайнд нь чивчирэн чангарахад залуус ухасхийн очиж чихдэн дарж сэв хийтэл мордон хоёр суганд нь хөлөө жийн мундааных нь согсооноос атган гэдийхэд хуйваа султган авахуй уурандаа багтрах адгуус, учраа мэдэх залуу хоёр хорвоогийн үйлийг хоёр биендээ ойлгуулах нь энэ дэлхийн хаана ч үгүй эгэлгүй нэгэн гайхамшиг.
Нэгэнт ялаа шумуулын цаг өнгөрсөн тул хөнгөн гартай нэгнээр шижигнэсэн хэдэн үрээг хөнгөлж, хөрстөд ховорхон хурдан ажнай болоорой хэмээн ерөөж,
Түй түй түрр түрр хэмээн шившиглэн үлээж босгоно.
Гэрийн эзэн тамгаа улайтгаж, гэргий бүсгүй сацлаа өргөж, ууган унагаа ивэлгэж эцсийн удаа татаад, уучлалт гуйх мэт духыг нь нэгэнтээ илэн чихтэх агшинд зүүн гуя нь янгинан хорсгож, хярвас ханхалуулан нутаг олондоо данслагдан нум суман тамга тодровоо…Тунгалаг хархан нүднээс нь шүүдрийн дусал шиг нулимс бөмбөрөн сормуусанд нь торох нь энэ хорвоогийн эхний зовлонг амсав гэлтэй.
Баруун онийг тэгнэн хэвтэх намар оройн навсгар шар нар уруудан адуун сүрэг алгуурхан цуврана. Эхээ даган гэлдрэх унага ногтны оромтой толгойгоо эхийнхээ борвинд шөргөөж, гуя нь хорссондоо сүүлээ шаравчин, эргэн эргэн янцгаалдах нь ижилдэж дассан зэл юугаа үгүйлэх мэт.
Залуу хархүү гүүн зэлээ алдлан алдлан эвхэж, хусан гадсанд нь айраг дусааж, ирэх жилийн төл бүрэн бүтэн байх өлзий дүүрэн ерөөл айлтгана.
Удам дамжсан хуураа өвгөн татаж, найрын дугараа эхлэхэд уртын сайхан дуугаа даган, ганхан ганхан түрцгээлээ. Унааны хэдэн морьд адуугаа даган байж ядан уяандаа эргэцэн янцгаана. Өвлийг өнөтэй, хаврыг ханатай давахыг бэлэгдэж энэ жилийн отгон наадаанаа их ажлын хажуугаар амжиж, амжуулж хийж байгаа нь энэ.
Сарны мөнгөн туяа мөөгөн цагаан гэрүүдийг сувд адил цайруулан цацарч, саахалтын тэртээ газарт адуу тургилж хононоо…
Бүрэн эхээрээ...

Борог өвс

8 Сэтгэгдэлүүд:


Наран ээсэн хаврын налгархан өдөр ээрэм талд цас нэгэнтээ хайлж, энд тэндгүй шалбааглан хаа нэг нуга судагт хур цасны үлдэгдэл амь бөхтэйгээр харлан цоохортоод байгаль дэлхий нялхарч, атирсан биенийхээ зоог тэнийлгэнэ.
Хөрст дэлхий аагаараан гэсэж, өт хорхой хийгээд өвс ургамалын үндэс амь орж, үржил шимээр ивэлсэн газар эхийн мөөмийг ховдоглон үмхэлж байна уу гэлтэй. Бор борхон толгодын энгэр ээвэр газарт бурзайн шаргалтах хэсэгхэн борог өвс бүтэн өвөл цасанд шалчийтал дарагдсан хэлбэрээ хадгалан бодол болох мэт хэвтэх агаад хаа зарим нэг салхинд сэрвэлзэн сэгэлзэх нь дахиж ирэхгүйгээр одсон насаа дурсах мэт. Харин нялх ногоод соёолон, хөөрхий борог өвсөн дундуур наран зүг тэмүүлэн зэргэлдээх үеийн нөхөдтэйгээ уралдан, хашгичин гарч ирнэ.
Гэнэн цайлган насандаа ч болоод тэрүү, гэрэлт ертөнцөд цухуйж чадсандаа тэрүү өөрийг нь юуханаас ч хамгаалан манаж хэвтэх урд жилийн борог өвсийг үл тооно. Урд жилийн борог өвсний доорхи уржнан жилийн өвгөн борог өвс өөрийнх нь үндэсийг хооллон өнгө зүс нь харлан хаг болон хэвтэхийг бол бүр анзаарахгүй. Анзаарахгүй ч юу байхав ерөөс тэр мэдэхгүй.
Гагцхүү ганган ногоон биеэ гялтагнуулж, нарны алтан цацраг, анхны бороон ариухан дуслыг танхилхан биендээ шингээж, өнгөний сайхныг цэцэгсийн хамт хослуулан, үнэрийн анхилууныг өргөн талаар нэг агаарын мандалд униартуулахыг хичээх мэт. Өнгөрсөн жил өөрийгөө ямар байсныг, өвгөн борог өөрийг нь хэрхэн ачласныг, орчлонгийг эрээн барааныг одоо л нэг ойлгож байна уу гэлтэй харьцуулж борог өвс өвгөн боргийн дээр, өнөө жилийн нялхасын ёроолд атиран нугарч хэвтэнэ.
Ноднин жилийн хавар бас л ийм байсан даа би. Болгоомжгүй багын зангаар салхины аясаар сэгэлзэж, бороо борооны түрүүчид баярлан ганхалзаж, болох болохгүй юмыг үл анзаарч, энэ бяцхан довон дээр ганцаараа юм шиг дэрвэлзсэнсэн. Дуутай бороог дагаж мөндөр цохидгийг, дуугүй бороо зүсэрч нар үзүүлэхгүй найм хоноход шалбийтал нороод навсайж унадагийг, эсвэл үндсээ баахан тарчлааж өөрийнхөө биеийг хорчийж хонхойтол шимээд ч юу ч гарахгүйгээр хатаж харангаддагийг мэддэггүйсэн. Энэ бүгдэд миний доор хэвтээ хаг болсон энэ хөөрхий хамгаалж намайг аварсныг тэр үед би мэдээгүй л юм даа. Бусадтай уралдан сугсарч бузгай хурдан ургаж үхэр малын хоол болдогийг энэ нялх амьтан яаж ч мэдэх билээ дээ хөөрхий. Бэржгэр хатуу хэлээрээ битүү нэг ороогоод татах агшинд чиний өмнөөс би амруу нь урьдчилж орохыг чи мэдэхгүй, буцаад эрүү нь эргэж буухаараа бузгай зөрж буудгийм. Тэр агшинг бид тэнгэрийн аз гэдгиймдаа. Бултаж бид ямар чадах бишдээ.
Нар налайсан налгар намар гэж байдгийм. Салхи салхины аясаар эм цэцэгсийн тоос энүүгээр тэрүүгээр эргэлдээд л ээдээ мөн чиг сайхан шүү. Олондоо олон тэд. Олдоно доо олдоно тэд. Сэрүүн намар наашлаад, сэрчиг сэрчиг салхи гунигаар үлээхэд сэм сэмхэн санаа алдах шиг сэрвэгэр эрэвгэр үзүүрээс чинь сэтгэл гундтал цайраад эхэлдгийм. Ээдээ! энэ орчлон хатуудаа хатуу .
Цаг цагийн хатуу эхлэж цасны түрүүч унахад, гандаж гундсан чи гайгүй сайн нугарч үндэсээн даран хэвтэх болно. Чиний доор би үржил шимээ газарт шингээн өгөрч харлан унах болно. Амьдрал гэдэг угаасаа л ийм шүү дээ.
Гэхдээ одоо чамайг хавар зун намар гээд хачин урт, дэндүү тансаг амьдрал хүлээж байнаа. Сугсайтал ургаж, сагсайтал цэцэглээрэй. Энэ сайхан дэлхий чиний үнэрт мансууран нялхарч, чиний өнгөнд баярлан бахархадгийм шүү дээ.
Бодол болон хэвтэхдээ мань борог бас болоогүй ээ хажуу хавиргынхаа борогтой хань татах мэт орооцолдон гогцоорно…
Бүрэн эхээрээ...

Би чам дээрээ эрхэмсэг очиноо.

14 Сэтгэгдэлүүд:

(хоёр дугаар хэсэг)

Дуу чимээтэй ихтэй, хүн зон хөлхсөн их хотын гудамжнаа харахад үеийн болов уу гэмээр хоёр бүсгүй бие биенрүүгээ даллан даллан өөд өөдөөсөө яаравчлан уулзав.
Арай өндөвтөр нь
- Үгүй. Та чинь яачихваа. Би бараг хагас цаг хүлээлээ.
- Харин тиймээ. Би дотроо яараад л байгаа хэр нь энэ замын түгжрэл гэдэг чинь явуулахгүй юм.
- Та урдуураа хурдны замаар яваад Энхтайвны гүүрний гарцаар гараад ирэхгүй. Жаахан тойруу ч гэсэн арай хурдан
- Бодож л байсан л даа. Эгч нь жолоо бариад удаагүй болохоор үнэндээ хурдны замнаас баахан жийрхээд байх юм.
- Өө, тийм л дээ. За энэ ч яахав. Ээжийн билетийг өөрийнхтөйгөө цуг авчихлаа. Яаж билетийн касс явнаа гэж бодож байсан чинь ашгүй Цогоо (нөхөр нь)утасдаад интернетээр авчихлаа. Хоёр суудал гарчихсан байна гэнээ гэтэл нөгөө бүсгүй нь олзуурхсан янзтайгаар
- Өө, ашгүй ашгүй. Ер нь манайхан их гадагшаагаа явдаг болсон байна шүү
- Учиргүй ээ, учиргүй гэснээ
- За явъя. Ээж гэнэт сонсоод яасан их баярлах болоо гэсээр хоёр бүсгүй сугадалцан машины зогсоол руу алхацгаав.
Арай өндөрдүү нь Үүрсолонго. хажууд нь яваа намхавтар нь Үүрийн ахынх нь эхнэр Болор (бэргэн эгч нь)
Хонх жингэнэх дуунаар эмгэн сандуу мэндүү хаалга руу алхсанаа “үгүй ингэхэд юундаа ингэж сандчаад байна даа” гэж бодсоор хаалгаа онгойлготол
- Эмээ эмээ гэсээр хэдэн хүүхэд цувралдаж, араас нь томчуул залгав.
- Хүүе, миний хүүхдүүд!Үгүй бас тээр хүргэн, бэр охин юу боловоо та нар чинь гэж дуу алдаснаа
- Еэ, бурхан минь, еэ бурхан минь гэж багачуудыг нь барьж авч үнгэлэх нь тэднийгээ хараад нар нь гарсан шинжтэй. Тэгсэнээ гэнэт ухаан орсон мэт
- Өө, зөнөг толгой ингэдгийм гээд
- Ээж нь цай хоол гээд цаашаа сандчихад.
- Ээж хэрэггүй ээ! Хэдүүлээ гараад энүүхэнд нэг аятайхан ресторан байдаг юм тийшээ оръё. Харин та хувцасаа сольж өмс гэж охин нь хэлэв.
- За, тэгье тэгье гэж эмгэн хөнгөмсөх нь ойрд энэ хэдийгээ хараагүй уйдсаны шинж.
Ресторанд хүн хар цөөтэй намуухан хөгжим эгшиглээд цаанаа нэг таатай ажээ. Булангийн нэгэн томхон ширээнд үдшийн хоол даруухан эхэлтэл Эмгэн
- Үгүй нөгөө Тамирынхан яасан? гэтэл охин нь
- Яахав дээ. Цаадах чинь ямбатай амьтан тийм ч зангиа, ийм ч цамц гээд зогсчихоо биз гэтэл эмгэн
- Байг дээ миний муу хүүг. Угаасаа л аавыгаа дуурайсан цэвэрч цэмцгэр амьтан тэгж л байг гэтэл охин нь
- Тээр, ээж Тамирыг болохоор энэ шүү дээ гэснээ
- Миний дүү ч харин муу хүн болоогүй шүү гэх нь хэн нэг нь ёозгүй үг хэлчихвий гэсэн аятай. Энэ нь дүүдээ амь байгаагийн шинж.
Аав нь тэр жил нутгаадаа явахдаа хүүхдүүдээ ээлж дараалан үнсэж том хүүдээ
- Миний хүү айлын том хүү. Аавыгаа эзгүйд энэ айлын гадуур дотуурх бүх ажил чиний толгой дээр буух байх. Аливаа юмыг заавал давхар бодож ултай суурьтай шийддэг юм шүү. Бусад нь яах вэ миний хүү сэтгэл зүрхээ чагнахад л болчих байх. Хичээгээрэй миний хүү гээд охин руугаа эргэж
- Миний охин гэр гийсэн сайхан охин болох нь дээ.Аав нь гурван хүүхэдтэй ч ганцхан охинтой хүн. Миний охин ээждээ тусалж энэ муу жаахан дүүгээ харахын дээдээр харж, хайрлахын дээдээр хайрладаг юм шүү.Ээж нь ажил ажил гээд дүүд нь цаг зав бага гаргаж мэднэ гээд духан дээр нь удаан гэгч нь үнссэнсэн.
Аавынх нь уруул үл ялиг чичигнэж байсныг мэдэрч байсан хэдий ч учир явдлыг сайн ойлгоогүй л дээ хүүхдүүд. Удахгүй ирэх байж гэсэн шүү юм бодоцгоосон байх.
Тэр цагаас хойш ах нь хичээлийн хажуугаар ажил хийж ээждээ нэмэр болох гээд гэрт бараг үзэгдэхгүй. Ээж нь ч мөн адил. Үүрсолонго дүүгээ харж хандах асрах хүмүүжүүлэх том үүрэг хүлээж, харин ч зарим залуу эхчүүдээс дутуугүй өсгөсөнсөн. Тийм болохоор дүүдээ амь. Ер нь л дүүдээ хир халдаахгүй.
Тамир ч эгчдээ амь. Ийш тийш явахаараа эхнэртээ гэхээсээ илүү эгчдээ гэх нь холгүй.
Тун удалгүй Тамирынхан шуугилдан орж ирцгээлээ. Тамирын эхнэр Сувд хадам эгч, бэргэн жаажаа нартайгаа тэврэлдэн мэндчилж, хадамдаа үнсүүлэнгээ
- Пээ, ээж ямар гоё болчихсон юм бэ? Тамираа, ээжийг хараа бүр залуужчихаж гэж халуун дотноор уулзацгаасан гэр бүл оройн хоолондоо шуударцгаалаа. Том ахаас бусад нь бүрэн цугларчээ.
Том жижиггүй л хоорондоо хөхрөлдөн хөгжилдөж, хэн нэгэн багыгаа шоолон инээлдэж, хаа нэг хөнгөн гуниг сэдрээж аавыгаан ярьцгааж үнэхээр халуун дулаан уур амьсгал нуугисан сайхан гэр бүл ажээ.
Хоолны дундуур хүүхдүүд нь
- За нэг нь хэлээчээ гэж, гэж Үүрсолонго
- За Тамираа миний дүү хэл гэтэл Тамир
- Юу гэж байгаа юм. Том эгч байхад чинь Болор эгч хэл гэх нь энэ гэр бүлд хүний өөрийн гэж ялгаагүй ахмадыгаа л хүндэлдэг нь мэдэгдэж байв. Болор босож
- Ээжээ! Өнөөдөр бид таньд нэгэн цочир сонин барих гэсэн юм. Удахгүй, долоо хоногийн дараа аав та хоёрын хуримын өдөр болно. Энэ жил тавин жил шүү дээ.
Тэгээд бид хэд ярьж байгаад таныг гадаадад амраахаар шийдлээ. Билет энэ тэрийг чинь авчихсан. Үүнийгээ өгөх гээд л бид хэд өнөөдөр гэтэл ээж нь
- Аав ээж хоёр нь энд, энэ хуримын ордонд хуримаа хийсэн шүү дээ. Тэгээд ч нэг их зардал мөнгө болоод яахнав дээ хүүхдүүд минь гэтэл Үүрээ
- Бид мэднэ л дээ ээжээ. Гэхдээ ах л ингэж шийдсэн. Ах хэлэхдээ энэ өдөр та хоёрын хуримын өдрөөс гадна, аавыг дурсах дурсамжийн өдөр байх болно. Аавыг хамгийн ихээр дурсаж чадах агшин бол та хоёрын хамгийн сүүлд салсан тэр газар байж таарна. Тэгэхээр хэдүүлээ ээжийгээ аваад тэр улсын тэр хотод, магадгүй тэр байранд очно. Ээжид хэцүү байх нь мэдээж гэхдээ бид хэд аавыгаа хамгийн тодоор санах цэг тэнд байх шиг байна. Тамираа төрсөн хийгээд бидний аавтайгаа байсан хүүхэд ахуйн дурсамжууд их бий гэж ах хэлсэн гээд ахынхаа хэлсэн
“ Тэгээд ч хэзээ хойно эргэн санахад ахад нь сонин санагддаг зүйлс их бий. Хэрвээ ахынх нь бодож явдаг үнэн бол бид энэ хоёр хөгшний хайр сэтгэл хийгээд бидний төлөө гэсэн тэр хэмжээлшгүй их тэвчээрийг, хүний санаанд багатамгүй тийм шийдэлд хүргэж чадсан тийм их хайрыг мэдрэхэд таатай байх болно” гэснийг эгээ л хэлчихсэнгүй.
- Бид ч гэсэн ахын санааг бүрэн дэмжиж байгаа гэлээ.Эмгэн хүүгийнхээ үгийг дам сонсонгоо хэсэг зуур хоолой нь сааралтаж ирсэнээ “хүүхдүүд маань ийм сайхан байхад би юу гэж усан нүдэлж болох билээ” хэмээн санаж нулимсаа аягандаа эгшээж бодол болон суух нь амьдралыг аяглаж биш ааглаж гарсан эмэгтэй гэлтэй.
- Ээж нь тэгээд ганцаараа явах хэрэг үү? гэтэл том бэргэн нь
- Үгүй ээ. Та эндээс Үүрээ Тамир хоёртой ниснэ. Цоомоо (нөхөр нь) цаанаас сүүлчийнхээ эмний нээлтэнд оролцчихоод наашаа та хэд дээр ирэхээр тохирсон
- Үгүй тэгээд энэ хэдийг яах вэ гээд ач нараа болон хүргэн бэрүүдээ хартал Сувд
- Бид хэд яахав ар гэрээ хариуцаад байж байна. Та нар л энэ удаа яваад ир. Энэ олон улс чинь зардал мөнгө нь хэцүү шүү дээ ээжээ.
- Нээрээ ч манайхан өнөр өтгөн болсон байна шүү . . .

Дунд гарын хар лимузин том хотын гудамжийг сүлжин хурдлан давхисаар нилээд хуучирсан боловуу гэмээр орон сууцны гадна ирлээ. Том хүү нь тэднийг тосон авахдаа үүнийг түрээсэлсэн байж. Эмгэн машинаас бууж уг байшинг нарны гялбаанд саравчлан харснаа хуучны танилтайгаа уулзсан мэт инээвхийлснээ
- Манайх чинь энэ орцонд байсан байхаа гэтэл
- Тиймээ ээжээ. Та яасан сайн санадаг юм бэ? Энэ хоёр давхрын энэ хоёр цонх манайх гэвэл. Тэр хүндийн хүндээр өнгөрсөн он жилүүд сэтгэлд нь хадаатай үлдсэн бололтой санаа алдаж
- Тийм л дээ. Аав чинь шөнө ажлаасаа ирээд энэ зогсоол дээр машинаа тавьчихаад шатаар өгсөхдөө биднийг сэрэхгүй гэж их л хичээсэн ч энэ модон шатыг дуугаргачихдаг байж билээ. Би хүлээж байсан хэрнээ л яг ороод ирэхэд нь хурдхан орондоо ороод унтсан дүр үзүүлдэгсэн. Яах ч гэж тэгдэг байсан юм, эрхэлж л байсан ухаантай юм байхаа даа. Аав нь орж ирээд л та гурвыг, намайг үнсдэгсэн.
Эмгэн байшингаа тойронгоо хажуу талынх нь довцог руу гарсан жижиг зөргөөр дээш өгслөө. Бага нь
- Та хаачихна вэ? гэтэл эмгэн
- Энүүхэнд нэг жижиг сандал байх ёстой гэтэл ах нь
- Ээжийг нэг хэсэг ганцааранг нь орхи доо гэв.
Эмгэн довцог дээр гарч хүүхдүүд рүүгээ эргэн хартал тэд бага байснаа ярилцаж байгаа бололтой хөхрөлдөцгөөнө. Эмгэн эргэн сандлаа харж
- Мөн байна. Энэ олон жил өнгөрч байхад намайг л хүлээж байгаа мэт байж л байдаг гээд уярч энэрсэн харцаар эгээ л хэн нэгнийг харж байгаа юм шиг харж, чичирсэн гараараа илэн байв. Тэгээд сандал дээр сууж тэртээ олон жилийн өмнөх явдлуудыг хөврүүлэн бодож эхэллээ.
Чи минь анх энэ сандал дээр тэр гай тотгорын тухай надад хэлж байж билээ. Ёстой л нэг тэнгэр харлана гэдэг л болсондоо. Одоо чи минь хаана яаж шүү явдаг юм болдоо.
Чамайгаа явсаны дараа бид хэд гэж хэдэн амьтан эхэндээ ямар янзтай байсан гэж бодно. Нулимс гэдэг чинь ширгэхдээ ширгэж, ивлэхдээ энэ нүднээс гадагшаа биш дотогшоогоо урсаж болдог л юм билээ дээ бурхан минь. Хэдэн хүүхдийнхээ л зүрхий нь хэмлэж, сэтгэлий нь сэмжлээд яахав гэхдээ л тэр шүү дээ. Чамайгаа нутаг буцаад яг хоёр сар арван зургаа дахь хоног дээрээ тэр гайт мэдээг дуулсандаа.
Мэдээ ч гэждээ мэдэж байсан юм чинь.Тийм юмыг хүлээж хүний нутагт хоног тоолон сууна гэдэг ёстой алаг зүрхний тарчлаан, амьдын тамлан юм билээ дээ. Тэр үедээ би чиний үгэнд орж энд үлдсэндээ яасан ч их харуусаж, өөрийгөө харааж зүхэхийн дээдээр зүхэж, үзэн ядаж суусансан. Утас дуугарах тоолонд зүрх зогсчих шиг болно. Сүүлдээ орчин тойрны бүх юм утгагүй мэт санагдаж, энэ бүгдийг орхин оргүй хоосонд алга болмоор өдрүүд олон байсаан.
Хажуугаар нь зүгээр байж болохгүй ажил хиймэр болох хэрэгтэй байдаг. Заримдаа ч ийм хэцүү хүнд бэрхийн дунд намайг орхиод явчихлаа гэж чамдаан хүртэл цөөнгүй өдөр гомдсон доо. Хүн цөхөрсөндөө тэгдэг л юм билээ.
Тэгж тэгж нэг өдөр муу аавын (хадам) цахиртсан дуу утасны цаана гарч
- Бүх юм болоод өнгөрлөө дөө охин минь гэж хэзээ хойно дуулгасансан. Хүний ухаан гэж тийм л байдаг юм билээ. Тэгээд
- Миний охин биеэ сайн бодоорой. Наад хэдийгээ хүн болгохын тулд охин минь өөрөө л эрүүл саруул бүрэн бүтэн байх ёстой юм шүү гэсэн үг миний насан туршийн зарчим болно гэж тэр үед бодоогүй л юм даа. Болохгүй л шинжтэй бол хүрээд ирээрэй амьд улс байна болж л таараа гэсэн үг яагаад ч юм чи бид хоёрын шийдэлийг зөвтгөсөн мэт санагдаж дотор онгойлгож байлаа. Үнэндээ бол би танайхнаас айж байсан. Үхсэн хүн босоод үг хэлэх биш гээд намайг хүн чанаргүй хандлаа гэж санахвий гэж би их ч айсансан. Харин аав ээж хоёр биднийг ойлгохын дээдээр ойлгосон юм билээ.
Түүнээс хойш нэг сар хиртэй бөглөрөөд л тэгээд л шуударсандаа. Амьдрал ч тэгж шаардсан. Аавыг утсаар ярьсанаас хойш яг долоон жилийн дараа хүүхдүүд сургуулиудаа дүүргээд бид нутагтаа эргэж ирсэндээ. Тэгэхэд аав хэсэг чимээгүй бөглөрч сууснаа ус гүйлгэнэсэн нүдэндээ баярын мишээл тодруулж
- Миний хүүхдүүд хүрээд ирэвүү. Хүсэн хүлээсэн өдөр ирдэг л юм байна гэж билээ. Чамаас хойш ач нартайгаа, надтай ч гэсэн уулзах гэж хамаг бие сэтгэлээ баран баран хүлээсэн шиг байгаа юм. Ээж өнгөрөөд жил гаран л болж байсан.
- За хүүхдүүдээ харлаа одоо бол аав нь яасан ч яахав гэж байсныг бодоход “үхэж ч болдоггүй цаг хугацаа гэж байдаг л юм байна” гэж хэлэх шиг санагдсан шүү.
Тэрнээс хойш хорин гурван жил нийтдээ гучин жил улиран оджээ. Манайх гэдэг айл одоо олон ч ам бүлтэй болсон. Хань минь одоо хаа нэгтэйгээс харж л байгаа гэж бүх амьдралынхаа туршид л ингэж бодож итгэж ирсэн. Тийм ч учраас бид хэд үргэлж хамтдаа байсан гэж боддог.
Тэгээд ч тэрүү хүүхдүүд маань чиний ухааныг өвлөж, бүгд л эх орондоо ирж, яг л чиний хүсэж мөрөөдсөн тийм хүмүүс болсондоо. Том хүү маань сургуулиа дүүргээд нэг хөөрхөн охинтой сууж гурван хүүхэдтэй болсон. Хичнээн ч олон эм бүтээв. Одоо нэг том професор болсон. Гэхдээ аавынхаа амийг авч одсон тэр өвчний эсрэг эм хараахан хийгээгүйээ. Хүүгээ зовоогоод яахав гээд энэ тухай ярьдаггүй юм.
Охин маань барилгын зураг зохиодог зохион бүтээгч болсон. Монгол улс маань урдынхаас өөр болж ёстой л бидний хүсэж байсан тэр хөгжлийнхөө голдирол руу орсондоо. Улаанбаатар хот маань олон олон өндөр барилга,гүүр зам гээд барилга байгууламж жигтэйхэн болж толгой эргэм цоо шинэхэн хот болж эхэлж байна. Үүнд охины чинь хувь нэмэр орж л байгаа. Бага маань чамаас хойш гуравхан настай амьтан үлдсэн одоо том эр бас л хань ижилтэй болж хоёр хөөрхөн жоохон амьтан хайр татаад л байгаа. Хүү нь хэдийгээр энэ улсын иргэн байсан ч би монгол хүний үр удам, монгол цустай хүн л юм бол би монголын иргэн байх ёстой. Тэр байтугай би цэрэгт явах ёстой гэхэд ах нь эсэргүүцээгүйгээр барахгүй дэмжиж бас дүүгээрээ бахархаж байж билээ. Том хүү маань хүнийг хагалгаанд ороход нь унтуулдаг шинэ эм хийсэн гэхдээ хүү нь унтуулах нь яахав сэрэхдээ яах бол гэх, охин нь шинэ барилгын зураг хийхдээ барих нь яахав хэрэв ямар нэгэн байдлаар нурах шалтаг гарах вий гэх мэтчилэн хандах нь яг л чиний минь давхар ухаан эдэнд маань өвлөгдөн ирждээ гэж бахархаж суудагдаа хэмээн эмгэний бодол хөвөрч орчлонгоос тасарсан нь илт. Хааяа нэг сэтгэлийн шаналан нүүрнээ илэрч доголон нулимс гунигтайяа хацар даган бөмбөрч, тэгсэнээ урсаж амжаагүй нулимстай нүүрэнд нь өхөөрдөл баярын инээмсэглэл тодрох нь эмгэний бодол өөрийн биеийн үйлдэлд үл гүйцэгдэх ажээ.
Чи минь яасан ч их холыг харж чаддаг хүн байсан юм дээ. Тэр үед л чи яг энэ өдрийг харж байсан гэхэд итгэмгүй юм. Чи минь тэгэхэд
- Хожмын өдөр бид хоёр зөв шийдэж дээ гээд эмгэн болсон хойноо бодож суух болно гэж билээ. Хүн л юм болохоор бас хань бараа бодогддог үе байсан уу гэвэл байсаан хань минь. Чиний минь хэлсэн
- Хүүхдүүддээ л хэрэгтэй гэж үзвэл юу гэж бодсон зүйлээ хэнээс ч, тэр байтугай надаас ч зоволгүйгээр хийгээрэй гэж байж билээ. Энэ үгнээс чи минь намайгаа хүнтэй суухыг зөвшөөрсөн хэдий ч бяцхан харамлаж байсныг чинь хожмоо ухаарсандаа. Аргагүй дээ чи минь наддаа ямар их хайртай байлаа даа.
Тиймээ! надад чиний өгсөн хайр намайг өдий хүртэл амьдрахад хангалттай хүрсэндээ.
Энэ бүх амьдрал хэдийгээр бидэн хоёрын зорилго байсан боловч чинийхээ өмнө хүлээсэн үүрэг мэтээр төсөөлөн сэтгэлийн хат нугарах үедээ нугарч, тэгшрэх үедээ тэгшрэн явсаар өдий хүрлээ. Одоо хүүхдүүдээ, амьдралаа эргээд харахад чинийхээ өмнө би нүүр бардам байхаар болжээ.
Хэзээ нэгэн цагт би чам дээрээ очихдоо эрхэмсэг очих болноо хань минь!
Гэхдээ чамдаа очоод хүүхдүүдийнхээ тухай, амьдралынхаа тухай, эх орныхоо тухай өшөө илүү сайн сайхныг, өшөө илүү жаргалыг ярьж, өөр хаа нэгтээ чамтайгаа хамт үүсгэх шинэхэн амьдралдаа дурсан санах юм ихтэй байхын тулд хань нь энд бас жаахан байх нь дээ.
Хаа нэг ганцаардахдаа чамайгаа их үгүйлдэгсэн. Гэсэн хэдий ч энэ бүх өнгөрсөн амьдралд чи минь үргэлж минийхээ болон хүүхдүүдийнхээ дэргэд үргэлж хамтдаан байсан юм шүү. Тийм учраас бид хуримаа хийсний тавин жил биш, хуримаа хийгээд тавин жил хамт байсан мэт санагдаж байна. Хүүхдүүд нь ч тэгж бодож байгаа.
Яагаад ч юм яг одоо чамайгаа хаа нэгтээгээс гараад ирдэг ч болоосой яасан их үгүйлж байнаа гэхийн сацуу нэгэн хүний зөөлөн зөөлөн ахлан ирэх чимээ ард нь гарч, халуун дулаахан гараараа мөрөн дээр нь тавихад яг л хань нь мэт санагдана. Эмгэн харцаа аажуухан эргүүлж тэр гарыг харваас яг ханийх нь гар мэт ажээ. Тэгтэл Цолмон
- Ээжээ та зүгээр биз? Ямарч хөдөлгөөнгүй суугаад байхаар чинь санаа зовлоо гэх том хүүгийнх дуу ханийх нь дуутай ямар ижилхэн байна вэ гэж санасан эмгэн
- Зүгээрээ хүү минь. Цаадуул чинь юу хийж байна? гэтэл
- Тэр хоёр Тамирын багадаа тоглож байсан тоглоомон дээр очихоор байшин тойрлоо гээд
- Ээжээ би танаас олон жил бодоод явсан нэг зүйлээ асуучих уу?
- Тэг л дээ хүү минь, ээж нь мэдэхийн боловуу даа?
- Аавыг гэнэтхэн нутаг буцсан тэр шалтгааныг би их боддог юм. Яагаад ч юм та хоёр ийм гачлант зүйл болноо гэдгийг мэдэж байсан мэт санагддаг. Тэр үнэн үү?
- Тиймээ миний хүү! Бид мэдэж байсан. Мэдэх мэдэхдээ бүр мэдэхийн цаагуур мэдэж байсан. Гэхдээ аав чинь ингэж л шийдсэн хэрэг. Гол учир нь та нарын энэ одоогийн гэрэлт ирээдүйг тэр үед аав нь харж чадсанд л байгаа юмдаа.
Бас надад ч итгэсэн чадсан хэрэг.
- Аав маань гайхалтай ухаантай хүн байжээ. Одоо би аавынхаа тэр үеийн наснаас бараг зургаа долоо ах хүн гэхэд аав шиг тэгж шийдэж чадна гэхэд эргэлзэж байна. Та аавын тэр их итгэлийг даасан шиг даасаан ээжээ. Биднийг өдий зэрэгтэй хүн болгосон ээж тандаа хүүхдүүд бид чинь хязгааргүй хайртай.
- Би яах вэ хүү минь яаж амьдрах ёстой байсан түүгээрээ л амьдарсан. Энэ бүх сайн сайханд хүрэхэд миний зүтгэлээс гадна, хүүхдүүд та нарын минь чармайлт ухаан хийгээд, бид бүгд аавыгаа сэтгэлдээ хамт байлгаж, ер нь ямарч үед гэр бүлээрээ хамтдаан байсны хүч юм шүү дээ.
Тэр үеийн бидний шийдэл бол ерөөсөө бид хоёрын ч биш асар их хайрын илчинд илэрсэн хайрын шийдэл байсан юм даа. Тийм болохоор аливаа юмыг хэдий чинээ сэтгэлээсээ хайрлаж чаднав төдий чинээ зөв шийдэлд хүрдэг бололтой юм. Миний хүүхдүүдийн хэн нь ч гэсэн цаг нь ирвэл юуг ч зөвөөр шийдэж чаднаа гэдэгт ээж нь итгэдэг дээ. Та нарын өмнө одоо амьдрал чинь гэрэлтэж байнаа хүүхдүүд минь . . .
- Тиймээ ээжээ! Энэ амьдрал, энэ улс эх орон, энэ дэлхий ертөнц тэр аяараа бидний үеийнхний гарт ирж байна. Бид та нарынхаа уламжлуулж ирсэн эх орон, зан заншил, оршин амьдрахуйн ухаан, үр ач хийгээд хайр сэтгэл, тэдгээрийн дотоод мөн чанарыг ухаарч цааш нь өртөөлөн авч явах болноо . . .
- Одоо хөдлөх үү дээ ээжээ? Эртхэн амарч хоно. Маргааш хэдүүлээ музей үзнэ. нөгөөдөр таныг энэ Үүрээтэй хамт Хавай явуулна. Тамир бид хоёр замдаа Лондон Парисаар дайраад буцна. Бидэнд бас ажил байна. Удахгүй хүүхдүүдийн сургууль эхлэнэ.
- Өө, тийм. Аавын гар бичмэлийн нооргийг би хадгалаад байдаг юм. Хобби байсан гэхэд бараг л зохиолч шахуу хүн байсан байна лээ. Манай найз ихэд ойшоосон. Тэрүүгээр нь нэг ном гаргачихвал энэ багачуудад маань хэрэгтэй боловуу гэж санах. Тэгээд ч бид бас хааяа харж суухад дурсамжтай бас сургамжтай гэх мэтээр хүү нь итгэл төгс ярихад эмгэн дотроо
“Нээрээ л эдний цаг үе иржээ” хэмээн бодсоор хүүгээ сугадан довцог уруудав.
Эмгэнийг харахад яг л тэр үеийнхээ амьдралд эргэн очиж, насан залуугийнхаа ханийг сугадан, алхаа нийлүүлэн яваа бүсгүй мэт сэтгэл нь хөнгөмсөв . . .
Амьдрал цаг цагийг өртөөлөн дуусашгүй мөнх үргэлжилсээр . . .

Бүрэн эхээрээ...

Би чам дээр эрхэмсэг очно.

0 Сэтгэгдэлүүд:

(нэгдүгээр хэсэг)

Шөнө дунд өнгөрөөд нилээд уджээ. Таг харанхуй өрөөнд цонхны цаанаас өлөн саран цаанаа нэг ёозгүй цухуйна. Хааяахан нэг машин өнгөрөхөд түүний гэрэл өрөөгөөр хагас тэнүүчлэнэ. Өрөөний хана дагуулан тавьсан орон дээр дөч гаран насны эрийг араар нь дэр хийж хагас суугаа байдлаар хэвтүүлсэн аж.
“За одоо л эхлэх нь дээ” гэж мань эр бодохын сацуу хамаг л үе мөчөөр янгинаж, ар голоос нь нэг юм зулгааж, тархи нугас, хамаг арьс булчин нь тэр чигээрээ хумин үрчийж байна уу гэлтэй. Эр хойшоогоо гэдийн атирч орны хөлнөөс тусгайлан бэхэлсэн уяанаас хоёр гараараа ороон чангаахад залуугаасаа хөгжүүлсэн булчин нь товойж, судас нь гүрийнэ. Цоо эрүүл гучин хоёр цагаан шүд нь тачигнан хавирч, орчны нам гүмийг эвдэнэ. Хоёр нүднээс нь гал бутарч байгаа юм шиг маналзаж, толгой дотор нь ямар нэгэн юм нэгэн хэмнэлээр давтаж, тархи нь юу юугүй задрах гэж байгаа мэт ангалзана. Хамрын самсаа сарталзан, өөрийн эрхгүй хоолойны нь угт гийнах хүнгэнэхийн засвар дуу гарч, хамаг биесээ чангалан юутай ч юм тэмцэлдэхэд арьсных нь сүв болгоноос бөнжийж гарах хар хөлс хүзүү шанаа, цээж бөгс, булчин шөрмөс тэр аяаараа халуу дүүгэн норно. Муу бэлэг эрхтэнийх нь үзүүр чимчигнэн юу юугүй алдахнуудаа гэхийн зуур бүхий л бие нь тавирч эхэллээ. Тас аньсан нүдээ алгуурхан нээтэл нүдэнд нь хурсан нулимс шанаагий нь даган сул асган урсана.
Уяагаа алгуурхан тавьтал цус нь боогдсондоо хурууны нь үзүүр чимчигнэнэ. Энэ бүгдийн дараа мань эр уртаар амьсгаа авч
- За яахав энэ удаагийнх нь нэг юм өнгөрлөө. Муу аавыгаа сэрээчихээгүй байгаа даа, одоо нэг цаг орчим гайгүйдээ амандаа шивнэнэ.
Уг нь энэ ганц цагт сайн унтаад авбал залууд хэрэгтэй. Дараа дараагийн дайралтанд тэнхээтэй байх аж. Даанч нойр нь хүрэхээ байжээ. Тэгээд ч түүнд арав хүрэхгүй цаг үлдсэн учир бодол санаа нь үзсэн туулсан өнгөрсөн амьдрал хийгээд алс тэртээд байгаа эхнэр гурван хүүхэд, бага зауу нас, анд нөхөд үгүй ер нь юу эсийг бодох билээ. Мөн түүний сүүлийн хэдэн сарын амьдрал илүүтэй бодогдох ажээ.
Энэ эрийг Готов гэх бөгөөд харахад энэ залуу нуруу түрүү бие хаа, булчин шөрмөс, тэгш цагаан шүд, том алаг нүд, хийгээд ухаалаг сэргэлэн зан ааш гээд хорвоо түүнд эр хүний гоо сайхныг даанч нэг харамгүй заяажээ. Дээр нь айлын ганц хүү бөгөөд эцэг эхийн суурь хүмүүжил, боловсрол сайтайн дээр өөрөө сэргэлэн гярхай нэгэн учир зах зээлд нилээн сүрхий явсан ч гэнэн итгэмтгий зангаас болж хамтрагчдаа хамаг юмаа алдчихдаг байна. За тэгээд арилжаа наймаа ч муудах тийшээ хандахын цагт өөрт танил нөлөө бага тул олигтой ажил төрөл олсонгүй. Аргагүйн эрхэнд эхнэр хүүхдээ аван хүний нутагт цагаачилж хэдэн жилийн нүүрийг үзэж шинэ хүүтэй ч болж, илүү дутуу юманд санаа зовохгүй ажил амьдралаа залгуулаад бас ч үгүй аав ээж, хадмууд болон амьтан ах дүүд боломжийн хэрээр туслан хүү нь, хүргэн нь болсоны хэрэг гарч байна даа хэмээн бодож ханьтайгаа, хэдэн хүүхэдтэйгээ ёстой л нэг сэтгэл дүүрэн явсансан.
Готовын эхнэр Цэрмаа гэж гялалзаж шавалзсан хулан хөдөлгөөнтэй, алаг нүдтэй намхавтар нуруутай бондгор хүүхэн байх. Том хүү Цолмон. Удаах охин нь Үүрцолмон. Харин энд төрсөн хөөрхөн амьтныг Тамир гэнэ.
Мань эр энэ газар хэл усандаа овоо болсон учир эмнэлэгийн байгууллагад ажилд ороод бүр сайчуудын тоонд ороод тууж явсан юм. Гэтэл сүүлийн үед нойр нь сэрвэлзээд , нүд нь улайгаад шөнө дунд үе мөч нь янгинаад байх боллоо. Хүний нутагт ямар эрүүл мэндээ нэг их анхаараад байхгүй, тэгээд ч ямар тэр айхтар даатгал маатгал нь байх биш
- За жаахан ядраа биз гэсхийгээд л өнгөрчээ. Эхнэр нь харин
- Чи минь нэг л ядраад байнаа даа. Уг нь болдог бол эх орон руугаа нэг яваад аав ээж ,уул усандаа очоод ирдэг бол... Даана ч гээд санаа алдана.
Мань эр ч тоосон шинжгүй
- За за гайгүй дээ хө. Нэг л өдөр эх орон, аав ээж элгэн садандаа очно доо гээд өнгөрсөнсөн.
Нэг өдөр өөрт нь овоо талтай, мэнд устай явдаг нүдэндээ шилтэй, хянган хамарласан хэл яриа хийгээд царай зүс нь бас л гаднаас ирсэн болов уу гэмээр нэгэн эмч тааралдаад их л нухацтай нь аргагүй шилнийхээ дээгүүр харж
- Чи зүгээр үү? Бие хаа чинь гайгүй юү? Нэг л хачин байна даа би чамаас ерөөсөө шинжилгээ авнаа гэнэ. Тэгэхэд нь Готов нэг их юм бодсон ч үгүй “Юу ч болоогүй байхад үгүй эд нар мөн сүртэй улс шүү” гэсэн шүү юм бодсоноо. “Үгүй, энд ажилддагийнх үнэгүй шинжилгээ өгчихөд яах вэ дээ” гээд өгч орхилоо. Түүнээс хойш хоёр ч удаа шинжилгээ авлаа. Түүний хариу гарсны дараа танил эмч нь царайгаа төв болгоод - Чи маргааш миний өрөөнд нэг цагт гэрийнхээ хүнтэй хамт ирээрэй гэнэ. Тэр өдөр Цэрмаа ажилтай байж таарсан тул ганцаараа давхиад очтол
- Танай хүн чинь ирээгүй юмуу? гэнэ
- Үгүй гэтэл эмч жаахан дурамжхан байгаа нь илт
- Уг нь ирсэн бол зүгээрсэн. Гэхдээ энэ яахав чиний хэрэг харин чи өөрөө заавал мэдэх ёстой гээд л энэ өвчний тухай, дэлхий нийтээрээ тэмцээд өдий хүртэл үр дүнд хүрээгүй байгаа тухай, өөрт нь газар авсан тухай,ер нь эмчилгээгүй болсон, маш богинохон хугацаа үлдсэн тухай, чиний биений эсэргүүцэл сайн үнэхээр онцгой биетэй учраас өдийд ингээд яваад байгаа тухай, сүүлчийн сар бараг хэвтэрт орох тухай гээд маш олон зүйл ярилаа. Хүн гэдэг амьд явах хугацаандаа юу эсийг сонсох билээ. Гэхдээ яг өөр дээр тулаад ийм юм сонсоно гэдэг үнэхээр өөр ажээ.
Готов хичнээн их биеэ барьж байсан ч сүүлдээ чих нь шуугиж ,нүд нь бүрэлзээд юу яриад байгааг ойлгохоо больж эхэллээ. Гэсэн ч биеэ хүчлэн барьж маш энгийн байдалтайгаар
- За байз би одоогоор юм ойлгоход хэцүү байна. Маргааш ирвэл та завтай юу?
- Ок! Маргааш дөрвөн цагт гэлээ.
Түүнээс хойш Готов маш хүнд байдалтайгаар өдрийг арай чүү гэж өнгөрөөв. Яг юу хийгээд байгаагаа ч мэдсэн юмгүй шахам байж байгаад л нэг юм ажлын ард гарлаа. Гэртээ харих ч хүсэл байсангүй. Гадаа сууж эхнээс нь бодож эхэллээ. Өөрөө өөртөйгөө ярьж баахан уйлав. Хүн амьд яваагийнхаа сайн сайхныг тэр болгон ойлгож мэдэрдэггүй бололтой. Үхэл амьдралын зааг дээр ирсэн хүн амьд явах алтан хором амьсгалынх тоолонгоор хорогдож байгааг мэдрэх нь ямар их гаслан бэ. Хэдий тийм ч Готов уртаар санаа алдан сэтгэл доторхоо бага ч болов үргээгээд
- За би үхэх нь гарцаагүй гэхдээ хэзээ? хэдийд? яаж? ... Тайван л байх хэрэгтэй
Маргааш эмчтэй уулзъя, сайн асууж лавлая хэмээн бодлоо.
Гэртээ иртэл Цэрмаа үүдээ нээснээ
- Чи минь яачихаа вэ? Нүд чинь бөлцийгөөд, нойр муутай хоноод дээр нь их ажиллаад ядраа юу? Найз нь сайхан шөл хийж өгье. Миний өвгөн усанд ор гээд эргэлээ.
Готов усанд орох зуураа
- Энэ хорвоогоос ингээд эднийгээ орхиод явна гэж үү. Энэ эмч ер нь үнэн яриад байна уу? Эсвэл...
- Үгүй, гэхдээ надад яах гэж худлаа ярих билээ. Тэгээд л үр хүүхэд хань ижилээ бодохоор цээжнээс нэг юм огшоод арай л гэж биеэ барьж байв.
Маргааш нь эмч дээр дахин очоод бүх юм тодорхой боллоо.
Эмчийн хэлснээр бол түүнд ердөө дөрвөн сар л үлдэж. Одооноос эхэлж бага зэрэг шаналгасаар сүүлчийн хоёр долоо хоног тэсэхүяа бэрх өвдөх гэнэ. Түүнийг тэсвэрлэн давахад хэцүү тухай дурдаад авав.
Үүнээс хойш Готов хэдэн өдөр бөглөрч явсаны эцэст богино хугацаа үлдсэнийг ухаарч хувь заяатайгаа эвлэрч чухам яагаад ч юм сэтгэл шулуудаж, юуг ч юм амжуулах хүсэлд автаж ёстой л нөгөө цайрна гээч нь боллоо. Бүр өөрөө ч гайхмаар.
Гэхдээ Готовын хувьд амьдралд хичнээн хайртай, түүнд хичнээн үнэнч байсан нь талаар өнгөрч байгаа мэт санагдана. Гарцаагүй үнэний өмнө хүн хэдийгээр сул дорой байдаг ч одоо түүнд гунихарч гоморхож, уйлж унжиж суух цаг нэгэнт байсангүй. Тэр үнэхээр ухаалаг тайван байгаа нь уншигч авхайд хүртэл гайхмаар байгаа биз. Гагцхүү үлдэж байгаа даа л санаа нь зовох ажээ. Тэгээд тэр орон гэр ахуй, хүүхдүүдийн сургууль соёл бүхий л зүйлсийг эхнэртээ аль болох амар байхаар бодолцож зохицуулж эхэллээ.
Готов Цэрмаа хоёр хэдийгээр хүнд хүчир ажил хийж амьдарч байгаа ч хүүхдүүдийнхээ тав тух, сурч боловсроход нь гар татахгүй гэж хүүхэд болгоныхоо тоогоор дөрвөн өрөө байр хөлсөлдөг байснаа больж Цэрмаагийнхаа ажлын ойролцоо хоёр өрөө болголоо. Өөрийнхөө унадаг машиныг бензин их идээд гэж шалтаглан зарчихав, хэдийд ч эх орондоо ирж магад тэр үед хэрэг болно хэмээн хоёул эрвийх дэрвийхээрээ цуглуулсан гурван өрөө байрныхаа мөнгийг эхнэр хүүхдийнхээ нэр дээр болгочихов. Тэгээд ч өөр юу байхав дээ зайлуул ямар хүнтэй адил ууж идэж хурааж хумисан юм байх биш. “Хүн ер нь сайхан амьдрахад нэг их юм орохгүй дээ” гэж амгаландуухан боддог байсан учир хэдэн хүүхэд сайхан ханиас өөр эд хөрөнгө гэх юм түүнд байсангүй. Эмнэлэгийн чиглэлээр сурдаг хүү Цолмонгоо уурлан байж сургуулийнх нь дотуур байрнаас гаргаад гэртээ авчрав. Цолмон оюутны байранд олон залуустай хөгжилдөн байх дуртай авч эцгийнхээ үгнээс зөрж чадсангүй.
Өөрөө даргадаа элдэв шалтаг тоочин илүү цаг л байвал ажиллах болов. Энэ бүгдийг янзалсаар хоёр сарыг юу юугүй өнгөрөөчихөв. Угаас бие сайтай тул хоёр сар нэг их шаналгааүй өнгөрлөө. Гагцхүү Цэрмаадаа л яаж ойлгуулна даа л гэж зовно.
Үнэн худал шалтаг тоочоод хэрэлдэж хэдэрлээд салсан болоод явбал... гэж санаснаа
Тэгж ч биенийхээ тал болсон ханиа амьдаар нь хатааж, үр хүүхдээ амьдаар нь өнчрөөвөл хожим хойно хүүхдүүдийн маань хувь заяа буруугаар эргэж амьдралд нь муугаар нөлөөлж мэднэ. Нөгөөтөйгүүр насан багын ханиа гомдлын нулимастай, хагацал салалтын хар муухай толботой үлдээж хэрхэн болох билээ. Готов үүнийг яасан ч чадахгүй. Ийм зүйл бодож чадсандаа өөртөө цухал төрнө.
Сүүлийн хэдэн сарын Готовын байгаа байдал болон хийж байга бүхэн нь эрс өөрчдөгдөхийг ажиглаж байсан Цэрмаа
- Үгүй, чи минь юу л болоод байна даа өвгөөн. Юу ч байсан надтай зөвлөдөгсөн яагаад байгаа юм дээ ? гэж шалгаана. Энэ бүгдийн эцэст Готов хэдий шаналж байгаа ч бүх үнэнээ хэлэхээр шийдлээ. Муу Цэрмаагаа зовооно гэхээр өр нь өвдөж түүнийхээ царайг яаж харна гэхээс өөрөө үхэхээс хэцүү зүйл тэр мэт санагдана. Гэвч яая гэхэв түүнд хугацаа байсангүй.
Нар ташсан нэгэн намуухан орой Готов эхнэрээ дагуулаад гарлаа. Ээж аав хоёр нь оройтох байх миний хүүхдүүд дүүгээ аваад унтаж байгаарай гэж хүүдээ шивнэж амжив. Гарахдаа нууцалж байсан эмнэлэгийнхээ бүх бичиг цаасыг авч эхнэртэйгээ нэгэн цэцэрлэгт сууж бүх үнэнээ хэллээ. Хорвоод хүн болсоных үүн шиг хэцүү хар өдөр гэж түүнд байсангүй. Хөөрхий Цэрмаа эхлээд худлаа гэж баахан цамнав. Хоёр муу гараа зангидмар болж Готовын цээжрүү хэд савчиснаа, сөхөрөн унаж газар сарлан цурхиран уйлна. Чухамхүү ямархан хүнд хэцүүтэй тулгарна гээч нь энэ вэ.
Мэдээж энэ орой энэ бүхнийг эцэслэн шийдэж чадаагүй юм тэр хоёр. Гагцхүү хүүхдүүдэд одоохондоо бүү дуулгаарай л гэж Цэрмаагаас гуйлаа.
Хэдхэн хоногийн дотор Цэрмаагийн царай гундаж эхэллээ. Хүн гэдэг зовлонг даадаг ажээ. Шөнө өдөргүй нет дээр сууж уг өвчний тухай унших, мэдэж чадах бүхнээсээ асууж сураглах авч өөдтэй хариу олдолгүй үнэний мухарт шахагдана.
Хий дэмий л эртхэн хэлэхгүй гэж ханьдаа ч юмуу хэнд ч юм гоморхоно.
Хаа очиж эрийн сайхантай ханилж, үеийн хүүхнүүдийн атаархалыг гозолзуулж, үр хүүхдээн төрүүлж, жаргаж өнгөрүүлсэн хоногийн тоо ийм богинохон гэхэд итгэж ядна.
- Үгүй ээ би ингэж зүгээр сууж болохгүй хэмээн өөрөө өөрийгөө шахан бүх л сайн гэсэн эмнэлэгт хандсан ч даанч яаж ч чадахгүй гэсэн хариу ирсээр бас нэг сарыг алдчихлаа.
Готов одоо нилээн шаналгаатай шөнөдөө заримдаа ёолж сэрэх боллоо.
Цаг улам л давчидсаар. Готовын гол зорилго бүхнийг Цэрмаад ойлгуулж гэр бүлээ эндээ үлдээх, өөрөө эх орондоо очиж аав ээжтэйгээ уулзаж хэд хоноод л энэ хорвоогоос буцах төлөвлөгөө зохиолоо. Энэ нь төлөвлөгөө ч гэж дээ аргаа барсан хүний аргагүйтсэн санаа байлаа.
Тэгээд нэг өдөр Цэрмаатай хоёулахнаа байхдаа анх түүнийг хэрхэн харснаа, яаж санаж мөрөөдсөөр өөртөө өөриймсүүлснээ, үр хүүхэдтэй болсон хийгээд эхнэрийнхээ мэдэх болгоныг хөврүүлсээр байлаа. Цэрмаа харин “Энэ маань юу л гэх гээд байгаа юм бол доо.Юм гуйх болохоороо л ингээд эхэлдэгсэн” гэж бодон Готовыг харна. Готов цааш нь
- Хүн болсных хүн ер нь ямар нэгэн зүйлийн төлөө итгэл үнэмшилтэйгээр зүтгэж, хийж бүтээж, түүгээрээ бахархаж амьдрах ёстой юм даа. Чи бидний хамгийн сайн хийж чадах зүйл маань энэ хэдэн хүүхдийг сайн сайханд хүргэх л явдал юм байна. Үүний төлөө бид хоёр чадлаараа тэмцэх хэрэгтэй болж. Найз нь мэдээж ингээд чадахаа байлаа.Чи минь л цааш нь ганцаараа үргэлжлүүлэх боллоо. Хэдийгээр чамд минь хэцүү байх боловч ингэхээс өөр зам алга. Миний хань маш тайван уужуу байж одоо байгаа нөхцөл байдлыг ухаараач гэж гуйх гэсэн юм гэлээ. Гэтэл Цэрмаа
- Чи минь юу яриад байгаа юм дээ?
- Найз нь ирэх долоо хоногт буцъя даа. Миний хань хүүхдүүдээ аваад үлдэх хэрэгтэй байна гээд тавьчихлаа. Цэрмаагийн нүд нь нэг их том болж ирсэнээ
- Юу гэсэн үг вэ? Тийм юм гэж юу байсан юм гээд л урсгалаа.
- За тайвширдаа. Би энд ч адил, тэнд ч адил. Чи минь буцвал тэнд ажил төрөл ч олдохгүй, хэдэн хүүхдийн сургууль соёл ч өнгөрнө. Бага маань ч эрүүл саруул өсөө ч үү, үгүй ч үү. Эндээ байж байвал ядаж хоёр том нь сургууль соёлоо дүүргэчихээд ажил амьдралын захаас зуучихаад буцацгаавал чамд дэмтэй. Харлах гээч нь болсон болохоор одоо надтай явлаа гэхэд буцаж ирж чадахгүй тэндээ түгжигдэх болно. Бодит байдал ийм байгаа болохоор бидэнд өөр сонголт алга байна. Чи бид хоёр чинь эцэг эх хоёр шүү дээ. Энэ хэдэн хүүхдийн сайн сайхан амьдралыг үргэлжлүүлэх ёстой гээд л үгээ таслуулахгүй гэсэн шиг урсгаж гарав. Гэтэл Цэрмаа
- Үгүй ээ, үгүй. Би чамайг эндээс чи минь явдаа, тэнд очиж үхдээ гэж хэлж чадахгүй шүү дээ. Чи намайг бод л доо. Эх орондоо очиж байгаа юм чинь амьтан ах дүү байна болох л байлгүй дээ. Би чамтайгаа ханилснаас хойш чинийхээ үгээр л явдаг байсан. Тэгсэндээ ч бид өдий зэрэгтэй яваа гэж боддог, алдаа ч үгүй.
Харин энэ удаа чадахгүйнээ. Бид хэд чамтайгаа хамт буцна гээд л цамнав.
- Тийм л дээ хонгор минь гэж Готов байдлыг зөөлрүүлэхийг хичээж
- Би эх орноо муу муухай гэж байгаа юм биш. Гэхдээ бодит байдал манай гэр бүлийн хувьд үүнээс олигтой гарц олдохгүй байна. Тэнд байхад үр хүүхэд маань их л сайн сайхан байлаа гэхэд чи бид хоёроос илүү гарч харагдахгүй байна. Гэтэл хүмүүн бид чинь үргэлж урагшаа, үргэлж өөдөө, үргэлж сайн сайхан, хөгжил дэвшлийн төлөө тэмцэж байх ёстой шүү дээ. Ингэхийн тулд хүүхдүүд маань өмнөх өмнөх сургуулиа дүүргээд дараагийн шатандаа сурвал эндээ арай дээр байгаа нь өнөөгийн хувьд гарцаагүй үнэн. Магадгүй миний хүү энэ өвчний эсрэг эм тариа хийгээд хүн төрөлхтнийг аврах ч юм билүү хэн мэдлээ.
Эрдэм мэдлэгтэй болоод эх орноо санаж мэдрэх хийгээд хүн болж ухаажаад ирэхийн цагт тэд эх оронруугаа тэмүүлэх нь гарцаагүй.
Тэгүүлэхийн тулд ч би тэнд очиж . . . гэснээ хоолой нь зангирч үгээ тасалж хэсэг байснаа
- Тэр цагт чи минь хажуугаас нь дэмнээд өгвөл болох нь тэр. Ер нь ч тэгээд энэ хэдийг чи бид хоёр л энд авчирсан юм чинь буцааж эх оронд нь хүлээлгэж өгөх нь чи бид хоёрын үүрэг шүү дээ. Хэдийгээр аж амьдрал хөөж энд ирсэн ч гэсэн тэр орны охид хөвгүүд шүү дээ бид чинь гэж намуухан хүүрнэв. Цэрмаагийн дууны өнгө өөрчлөгдөж
- Ишш! миний өвгөн ийм байдалд орчихоод юун ч их юм ярьдаг юм билээ дээ. Төдийгөөс өдий хүртэл ханилчихаад одоо хэрэгцээгүй болсон бол буцдаа ,би энэ хэдэн хүүхдээ бодож байна гээд намайг үлдэнэ гэж яаж бодоод байгаа хүн бэ? Юун амгалан юм боддог юм. Адаглаад бурханы оронд очсон ч бузартай гээд авахгүй биз дээ гэхэд Готов хаа нэг хошигнохоороо гаргадаг царайгаа гарган гунигтай ч гэсэн нүдээ жаатайлган сахилгагүйтсэн харцаар Цэрмаагаа харж
- За за би түрүүлээд очих юм чинь бурханыг аргалчихна гайгүй гээд инээмсэглэв
- Хн! гэснээ эхнэр нь инээх уйлахын завсар нулимсаа арчивч хатуугийн хатуу хувь тавилангаа яаж ч үл чадна.
- Худлаа худлаа тоглосон юм. Хань минь дээ ийм үед харин бүр их амгалан болчихдог юм байна. Одоо ч гэсэн хар л даа.
Хэдийгээр чамд минь хэцүү байгаа боловч хэзээ өнгөрсөн хойно санахад “энэ цаг үед бид хоёр зөв зүйтэй шийдэждээ” гэж бодож суухад сайхан байх болно.
Тэгээд ч энэ их хайраар хашиж, сэтгэлээр түшсэн гал голомтоо унагаж унтраахгүй авч явах том үүрэг чамд минь үлдэх нь. Үүнийг чи чаднаа. Би та хэдийгээ тэндээс үргэлж харж байх болно. Чи минь амьдралд, хүүхдүүдэд хэрэгтэй л бол зөв гэж бодсон зүйлээ хэнээс ч, тэр байтугай надаас ч зоволгүйгээр хийж байгаарай.
Чи минь миний төлөө гэж бодоод энэ удаа бас зөвшөөрчих. Чамайгаа дандаа зөвшөөрдөгийг би мэднэ. Гэвч энэ гуйлт хамгийн сүүлчийнх бас хамгийн агуу нь гээд тийм гэхийн аргагүй хайр гийсэн харцаар харж, халуун энгэртээ Цэрмаагаа тэвэрлээ.
Хөөрхий Цэрмаа учирсан гай, ухаарч сэнхрүүлэх Готолын яриа, үр хүүхдийнхээ ирээдүй гээд олон олон асуудлын дунд хий дэмий л ам нь ангалзаж, нулимсаа арчин санаа алдахаас өөрийг хэлж чадсангүй ээ.
Дараагийн ээлж яах аргагүй болжээ. Дахиад л шилэн хүзүүнээс нь татаж, тархи нь янгинаад, хоёр нүдэнд нь гал дүрэлзэх шиг.
- За даа эхэллээ дээ гэж Готов амандаа бувтнаад, уяанаасаа зулгааж, амандаа хөнжлийнхөө захыг зууж, гэдийн яраглана. Энэ удаа нэг их удсангүй арваад минут үргэлжлээд дууслаа. Готов ганцаар ярина.
- Би уг нь үхэл чамтай эвлэрч ,чамтай уулзахад аль хэдийн бэлэн болсонсон. Гэтэл чи заавал намайг энэ өвчний өмнө өвдөг сөхрүүлж, намайг өөрийн минь гараар егүүтгүүлж, үхэл чи өөрийнхөө өмнө адгийн арчаагүй байдлаар очуулах гээд байх шиг байна. Би хэдийгээр дуусаж байгаа ч гэсэн даанч нэг тэгэхгүй юм даа. Хаа очиж би тийм өчүүхэн хүн биш юм. Чи намайг сонс !!! Үхэл би чам дээр эрхэмсэг очих болно.
Харин үр хүүхэд, аж амьдралаа ганцаар дааж үлдсэн өөрийн минь тал болтлоо ханьссан ханьдаа би мэхийх болно.
Үйлийн үрийн заяанд үр болгон төрүүлж өсгөсөн үсэн буурал аав ээжээсээ алтан дэлхийд олдсон ганцхан үр нь болчихоод, амьдад нь үхэж зовоож байгаа болохоор тэдэндээ сөгдөн мөргөх болно.
Түүнээс биш үхэл чи болон чиний үнэнч туслагч өвчний өмнө өвдөг сөхрөхгүй шүү.
Миний хүү энэ өвчнийг чинь нэг учрыг нь олох байгаа гайгүй.
Тэр ганцаар бодсоор бас ярьсаар...
Нөгөө өрөөнд өвгөн эцэг нь унтсан дүр эсгэж хөрвөөнө. Сүүлийн хэд хоног бас л унтсангүй ээ. Хол явсан хүү нь нэг л өдөр хэл чимээгүй инээсээр ороод ирсэнсэн.
- Үгүй энэ чинь миний хүү. Хаанаас? Хэзээ? Нөгөө хань ижил үр хүүхэд гээд л бараг мэндийн зөрөөгүй шахам шалгаасансан.
- Зүгээр зүгээр хэд хоног нутагтаа сайхан амраад буцна гэх авч нэг л өөр.
Эмгэн нь сандчаад л тогоо шанага, хоол унд...Тэр өдрөөс бараг хоёр долоо хонож байгаа нь энэ. Өьгөн хүүгээ яраглахыг сонсох авч, очиж хүүгээ зовоогоод яахав хэмээн санаж, хоолой нь хорсох шиг болоход хий ханиана.
- Хүүгийн хэлснээр бол ямарч арга байхгүй л гэх. Би ч өдөрт сүм хийдээр эргэхээс өөрийг чадахгүй юм даа. Ээжийнхээ санааг зовоочихно гээд хэлэхгүй байхыг гуйгаад байсан. Муу эх нь зөнгөөрөө гадарлаж байдаг юм боловуу даа. Юм л бол уйлаад л байгаа харагдах юм.
Мэдсээр байж, харсаар байж өдөр өдрөөр хүлээнэ гэдэг яасан ч хэцүү юм байдаг юм. Олон жил хүсэж хүлээсний эцэст арай гэж олдсон ганц үр минь юмсан. Хөөрхий өдөр болохоор инээж хөхрөөд, ярьж хөөрөөд тун ч сэргэлэн болчих юм. Миний хүүгийн ярьж хэлж байгаа нь, бодож санаж байгаа нь, юмыг ондоо өөдрөг гэрэлтэй талаас нь харж байгаа зэрэг нь бусад хүнээс хувь илүү юмаа.
Арай л дэндүү эрт, арай л дэндүү залуухан байна даа миний хүү.
Бидний энэ үеийн хүмүүс гэж дайн байлдаан, үймээн самуун болоогүй байхад хил даван цагаачилж, хагацаж салахын үед ч цугтаан байж болдоггүй тэртээ холоос санаж сарвайсаар салцгаадаг. Үр хүүхэд нь ч дэргэд нь байж болдоггүй, харж ч болдоггүй, барьж ч болдоггүй муулж ч болдоггүй, сайлж ч болдоггүй, тэр гэхийн тэмдэггүй ямар гээчийн хувь тавьлан гэж ийм байдаг юм, сэтгэл итгэл алдраасан хаашаа янзын нийгэм гээч нь энэв дээ бүү мэд гэж өвгөний хоолой цахиртана.
Гал голомт сахиж үргэлжлэх үр удмыг минь төрүүлж өсгөж байгаа хөөрхий бэрээ л бодох юм. Одоо ганцаар бүхнийг авч явна гэдэг бүсгүй амьтанд хэцүү дээ. Даа ялангуяа хүний нутагт.
Эд маань хоорондоо их л сайн ярилцаж дээ зайлуул. Түүнээс манай бэр бас тийм амар үлдэх хүн биш. Магадгүй эдний маань зөв ч байж мэднэ. Одоохондоо энд ирээд бүх юм хэцүү л байх шиг байна.
Хүн ер нь хэд наслах нь яахав. Энэ хорвоод хүн шиг хүн болж чадах нь л чухал юм даа. Хүн болж чадаагүй муусай юмнууд гудмаар дүүрэн л байх юм. Миний хүү ч харин хүний дайтай хүн болсым байнаа. Сайхан хүүтэй, сайхан бэртэй, сайхан ач үрстэй байна гэдэг хамгийн эрхэм жаргал байдаг юм байна даа. Энэ бүхнийг амьдад минь үзүүлсэн хүүдээ аав нь даанч нэг хайртайсан.
Энэ буурал хорвоогоос буцталаа аав нь хүүгээрээ бахархаж бахдаж байх болноо.
Он цагийн уртад үрчийж атираатсан нүүрэн дээгүүр нь хагацал харууслын өнчин ганц нулимс тамирдаж туйлдсан мэт аажуухан доошлоно.
Дахиж эхэлсэнгүй ээ.Сүүлчийн хэдэн цаг өвдсөнгүй. Готов өвчнийг ялан дийлжээ. Өвчин одоо түүнийг яаж ч чадахгүй болжээ.
Харин жихүүцэх шиг санагдаад гараа барьж үзтэл нэг их юм мэдэгдсэнгүй. Гараа цээжин дээрээ тавьтал гар нь үнэхээр хүйтэн болжээ.Нойр нь ч хүрэх шиг.
- Шөнөжин унтаагүй болохоор тэр байхаа даа. За байз унтахаасаа өмнө Цэрмаадаа утасдаж урьдын адил тэвчээртэй байхыг гуйх хэрэгтэй юм байна даа . . .
Готовын ухаан атаархмаар саруулхан байлаа. Ханийх нь насан залуугийн инээмсэглэх төрх нүдэнд нь үзэгдээд, хүүхдүүдийнх нь шуугилдах чимээ чихнээ сонсогдоод, нэг их гэрэл гэгээ тэднийг минь гийгүүлээд л тэгсэн хэрнээ алгуурхан цаашлаад л . . .
Үүр хаяараад нарны туяа цонхноо тусаад өрөө хачин саруулхан, өглөөний сэнгэнэсэн сэрүүн агаар орж өрөөгөөр сэлгүүцнэ.
Шувуудын жиргээ тодхон сонсогдоод ер бишийн сайхан өглөө ажээ.
Харин нэгийг явуулж, хаа нэгтээ нөгөөг угтах буурал хорвоо л харин хэнэггүйхэн хэвээрээ . . .
Бүрэн эхээрээ...