# #

Цэцэг тасрав. (Өгүүллэг)

29 Сэтгэгдэлүүд:


(Эрхэмсэг оршихуйн өмнө
ихэмсэгхэн очсон
тэр нэгэн бүсгүй үрд зориулав)

Гал тогооны бачимхан өрөөний хулдаасан шалан дээгүүр нэлий далай болсон цусан дунд үс гэзэг нь сэгсийж, хувцас хунар нь урагдсан бүсгүй ар нуруугаараа шүүгээ налан сууна. Хоёр хөл нь сөөлжиж солбисон нь амьгүй мэт харагдана. Бүсгүйн турьхан биеийг хүйтэн мэсээр хайр найргүй сийчсэн байлаа. Тэр шүүгээн дээрх утсанд хүрэх гэж байдаг чадлаараа тэмүүлсэн боловч эцсийн мөчид түүнийгээ авч чадалгүйгээр унагаасан бололтой өрөөний тэртээ буланд цусанд хутгалдсан утасны гар хөндий дуугаран хэвтэнэ. Өөрийгөө л арай гэж дээш татан, хоёр гараараа шал тулан суужээ. Өрөөнд юмс ундуй сундуй хэвтэх агаад хэн нэгэнд түйвээгдсэн нь илхэн. Энд нэгэн аймшигт аллагын нүд халтирам зураглал тодорч, халуун цусны эхүүн үнэр өрөөгөөр нэг тархана. Бүсгүй үе үе шазав татав хийн шаналгаат дуугаар амандаа гиншинэ. Тэр ухаан орж буй бололтой. Ямар нэгэн юм хэлэх гэсэн шиг ам нь үе үе ангалзавч цустай шүлс савирч, мөгөөрсөн хоолой нь хэржигнэн дуугарна. Зовхио арай хийн өргөж эргэн тойрноо улангассан улаан нүдээр хааяа нэг сүрхий харснаа төдөлгүй зовхио буулгах ажээ. Харин бүсгүйн оюун санаа, энэ бие, энэ шаналалаас салангид оршиж буй бололтой үл ойлгогдом тасалданги ч гэлээ элдэв бодлыг зураглан урсгана.
“Ямар сонин юм бэ? Миний эргэн тойрон нил цус байх юм. Гарт мэдрэгдэж, нүдэнд харагдаж байна. Бүлээн байна энэ цус. Халуун ч гэмээр юм уу. Нээрээ, энэ чинь миний цус байна шүү дээ. Хоёр гар маань цусан дунд байгаа болохоор би халуун байна гэдгийг мэдрээд байгаа юм байна. Эрдэнээ намайг “Миний халуухан бүсгүй” гэдэг байж билээ. Би тэр үедээ халуухан ч байсан юм билүү хэн мэдлээ дээ. Яагаад би Эрдэнээг бодоод байгаа юм бол? Очиж, очиж ийм үедээ шүү. Тэр намайг хайрлаагүй ш дээ. Үгүй ээ, үгүй хайрласан юм байна. Бид хоёр ойлголцоогүй л болохоос. Ямар л хайрлаагүй дээ бидний дундаас тийм хөөрхөн охин төрөв гэж. Миний охин надаас тасран унахдаа бас л ийм халуухан бүлээхэн байж билээ. Эх баригч охиныг минь гарангуут хэвлий дээр минь тавьсан юм чинь би мэдэлгүй яахав. Яг энд”
Тэр хэвлийн тус газраа аажуухан нүд гүйлгэн харлаа
“Хүүе! Энэ чинь яачихаа вэ? Цус гарч байна тэндээс. Юу билээ? Яагаад . . .?
Нээрээ, тэр намайг хутгалсан ш дээ. Эхлээд цохих шиг л болсон, би мэдээгүй. Гараа буцааж авах үед нь цустай хутга атгасан байгааг нь харсан юм байна”
Уусандаа ч юмуу, уурласандаа ч юмуу эхнэр болох энэ бүсгүй рүү улангасан дайрч өрөөсөн гараараа үсдэн дарчихаад, “Май муу гичий минь, ингээд, ингээд, ингээд чи далд ор. Ирсэн там руугаа арилж өг муу янхан минь” хэмээн орилж, зогсоо зайгүй балбаж байсан. Түүнийг хутгатай гараа дахин явуулахад л хутгалж байна гэж ухаарсан ч нүд нь улаанаараа эргэлдэн, цагаан шүлсээ савируулан хашгирах тэр солонгос эрийг хөөрхий бүсгүй зогсоож дийлэхээ нэгэнт өнгөрсөн байлаа.
“Яг л халуун төмрөөр хайрах шиг, хачин их хорсох шиг, гол руу нэг юм зурах шиг болсон. Орохдоо ч, гарахдаа ч яг л тийм мэдрэмж төрсөн. Гэхдээ өвдөхөөс арай ондоо ч юм шиг. Тиймээ, өвдөхөөс арай өөр байсан. Өвдөлтийг анх би Эрдэнээд зодуулахдаа л мэдэрсэн байх. Тэр согтуу байсан. Яагаад намайг цохисныг одоо ч ойлгоддоггүй. Бүр нүүрэн дундуур шүү. Цохиулж үзээгүй хүн бултахаа мэддэггүй л юм билээ. Аргагүй дээ би ямар Эрдэнээд очтолоо хэн нэгэнд гар далайлгаж үзсэн биш. Биеэрээ ч, сэтгэл зүрхээрээ ч шаналж байсныг бодоход тэр үед би өвдөж байсан юм байна. Байхгүй хойгуур нь охиноо аваад гарахдаа хамаг бие минь тэр чигээрээ шархирч байсан байх. Хөндүүр сэтгэлээс хав халуун нулимс урсдаг юм билээ. Өнгө нь л өөр болохоос яг л энэ цус шиг халуун.
Одоо надаас яагаад нулимс гарахгүй байгаа юм бол? Хэвлийнээс цус л гараад байх юм. Бүр бургилаад . . . Булаг шиг ч юм уу. Багадаа би нэг булаг үзсэнсэн. Тэгэхэд яг л ингээд доороосоо зөөлөн гал дээр буцалж байгаа юм шиг ёроолынхоо элсийг хөдөлгөөд л бургилж байсансан”
Гэрт саяхан юу ч болоогүй мэт нам гүм болжээ. Гагцхүү бүсгүйн хүнд амьсгаа, хаа нэг эхэр татан хүржигнэх дуун сонсогдоно. Бүх юм болоод өнгөрсөн хойно нэг амар амгалан ноёлдог шиг бүсгүйд ч гэсэн саяхан болоод өнгөрсөн аймшиг одоо өөрт нь огт хамаагүй мэт. Хамаатай байлаа ч гэсэн бүсгүй яаж ч чадахаасаа өнгөрсөн. Хүн үхэл гээчтэй нүүр тулчихаар ингээд цайрчихдаг байж болох л юм.
“Тэр нүхийг ядаж гараараа дарах юмсан. Даанч гар маань хөдлөхгүй юм. Хөдлөхгүй ч юу байхав дээ гараа авахаар хажуу тийшээ уначих гээд байх шиг байна. Нүднээс минь өөр юм хөдлөхгүй нь ээ. Уг нь гал тогооныхоо шүүгээг нуруугаараа налсан л юм байна л даа. Нуруу гэснээс нуруунаас бас халуу оргиж байх чинь юу билээ? Нээрээ, тэр намайг эхлээд араас цохисон юм байна. Араас хутгалсан юм болов уу? Хэрвээ тэгсэн бол хамгийн өөдгүй зан даа. Аргагүй л харь хүнээс гарах зан байх. За, за мэдэхгүй ээ, ямар ч байсан цусан дунд л сууж байна. Би ямар их цустай юм бэ? Минийх ч гэж дээ аав ээж хоёрын минь цус гэсэн үг. Үнэндээ бол өвөө эмээгийнх гээд бүүр цаашлах юм байна л даа. Гэтэл би гэж амьтан харь хол хүний нутагт авчираад асгачих гэж. Хайран юм. Хөлөө ямар эвгүй эргүүлээд суучихаа вэ? Ичмээр ч юм уу. Яг л охиндоо авсан барби шиг. Охин маань хөл нь нугардаг жинхэнэ барби гээд захиад байсан юм. Харин тэрнийгээ явуулж амжаагүй юмсан. Миний охин яасан их баярлах бол. Баярлаад инээхээрээ Эрдэнээтэй мөн адилхан шүү. Эмээгийнхээ мөөмийг тэмтрээд л унтдаг гэсэн. Эвий дээ үр минь гэж . . .”
Бүсгүй нэг хэсэг амьсгаагүй мэт таг суулаа. Хэрвээ хажууд нь хэн нэгэн байсан бол түүнийг өнгөрчихлөө л гэж бодогдохоор ажээ. Гэтэл тэрээр нүдээ алгуурхан нээж, харсан чигтээ гөлөрлөө. Бүсгүй харах гэснээ биш харагдаж буйгаа л харж байгаа бололтой. Гэвч ухаан бодол, бие цогцост огт хамааралгүйгээр оршино.
“Сая энд яг юу болсныг сайн санахгүй юм. Нэг л их орилоон, хашгираан, дуу чимээ, тэгээд л учир зүггүй улаанаар эргэлдээд л өнгөрсөн санагдана. Хамаг бие минь хэсэг хэсгээрээ салж, хаа нэг тийшээ чангааж байна. Зовхиноос өөр юм хөдлөхгүй болохоор би яах билээ. Хөл ямар их даарч байнаа. Аав маань охин хүүхэд доороосоо даарч хөрч болохгүй л гэдэгсэн. Гэтэл би одоо даараад л . . . Аавынхаа үгэнд ордоггүй муу л охин байна даа би. Ер нь би та хоёрынхоо үгийг авсан билүү. Анх энэ хүнтэй танилцах албаар танилцахад тэд маань дургүй л байсан. Тэр тусмаа бүр гадаад хүнтэй шүү. Яагаад тийм шийдвэр гаргаснаа би мэддэггүй. Ямар ч байсан Эрдэнээг айлгаж байгаагаа л мэдэж байсан. Яагаад ч юм ирээд, намайг зогсооно гэж боддог би мөн тэнэг хүн шүү. Сүүлдээ зогсоож байгаагаар зүүдэлдэг, эцэстээ зүгээр л мөрөөддөг болсон. Тэгсэн хэрнээ чамтай хаа нэг газар таарчих вий гэж санаа зовдог байж. Бодвол ичиж байсан юм байхаа даа. Солонгосын онгоцонд суух гэж байхдаа хүртэл эргэн, эргэн харж эргэцээд л. Чамайг заавал гараад ирэх юм шиг санасан. Үлгэр шиг. Гарч ирээгүй. Яаж ч гарч ирэх билээ дээ.
Огт танихгүй хүн дагаад, огт танихгүй газарт ирснээ би одоо болтол гайхдаг. Энд ирлээ гээд надад бүх зүйл шинээр эхэлж байгаа юм шиг санагдаагүй. Харин өөр мэдрэмж төрдөг байсан. Чухам юу мэдрээд байгаагаа тэр үед мэддэггүй байж. Одоо бодоход ямар нэгэн юм дуусаж байгаа юм шиг мэдрэмж төрдөг байсан юм байна. Би гэдэг хүн дуусаж байгаа юм болов уу”
Түүний нүүрэнд шаналгаа улам бүр нэмэгдэхийн хажуугаар ямар нэгэн зэвүүцэл илрэв. Ийм шаналгаат царайд сэтгэл хөдлөл бас давхар илэрч болдог ажээ. Хэрвээ ямар нэгэн хүч чадал байвал тэр хамаг чадлаараа хашгирмаар байсан байх.
“Миний өвөрт орж ирсэн анхны шөнө гэхэд л тэр угаасаа надад байсан юм шиг. Эсвэл бүр хамаагүй мэт тийм л сэтгэгдэл төрж байсан. Харин миний санахын уруул, хамар, бие нь хүртэл хүйтэн байсан. Бээрчихсэн хүн шиг. Солонгос хүмүүс тийм хүйтэн байдаг юм уу бүү мэд. Ногоо үнэртүүлсэн амаараа миний хүзүү, хөх гээд хаа тааралдсан газраасаа үнсэж, үнхэлж байхад надад сэрэл төрөх нь битгий хэл “Яанаа, Эрдэнээд би юу гэж хэлэх юм бол” гэж бодож хэвтсэн. Тэр ч нэг их удаагүй. Би хурдхан шиг л усанд орохыг хүсэж байсан байх.Одоо бараг мартаж дээ”
Бүсгүйн ам нь ангалзаж, цусанд хутгалдсан улаан хэлээ үл мэдэг цухуйлгаснаа далд хийлээ. Уруулаа долоож буй бололтой. Энэ агшинд түүний амнаас улаан хөөс сахарна.
“Ёо, ёо! Ямар их цангаж байнаа. Ам аргаж байна гэж жигтэйхэн. Жаахан ус балгахсан. Амьсгаа тасалдаад байна. Амьсгаа тасалдахаар бодол хүртэл тасрах юм.
Тэгэхэд Эрдэнээ бид хоёрын анхны шөнийг би энэ насандаа мартахгүй. Хайрт минь, хонгорхон минь, янагхан минь гэж тэр зогсоо зайгүй шивнэж, чичирхийлсэн гараараа хамаг биеэ чангалсан намайг илэн таалж байсан юмдаг. Тэгэхэд нээрээ бас их өвдсөн юм байна шүү дээ. Миний амьдралдаа мэдэрсэн анхны өвдөлт тэр юм байна. Гэхдээ ямар гоё өвдөлт байгаа вэ. Тийм нэг . . . тэр гэхийн аргагүй жаргалтай өвдөлт байж. Би жаргаж байсан хэрнээ маш том нулимс гаргаж билээ. Тэгэхэд чи минь хуруугаараа арчаад нүдэн дээр минь үнсэж байсан. Би санаж байнаа. Хүн гэдэг яагаад ингэж үргэлж өнгөрсөн хойно нь харамсах тавилантай байдаг юм бол”
Тэр хүчлэн байж хүзүүгээ үл ялиг хөдөлгөв. Түүний бие өөрт захирагдахаасаа нэгэнт өнгөрсөн бололтой. Хамаг биеэр нь халуу шатаж, үе, үеэрээ салж байх шиг санагдана.
“Усны цорго нүдэнд харагдаад байгаа хэр нь очиж даанч чадахгүй юм даа. Нөгөө цус бургилахаа больчихож. Ашгүй тогтож байгаа юм болов уу, эсвэл бүр юүлчихэв үү”
Түүний амьсгаа улам бүр хүндэрч, улам бүр ойртож байлаа. Түүнийг амьсгалах тоолонд хэвлий дээрх шарх болгоноос нь улаан хөөс ээлжлэн бөмбийлдөнө.
“Улаан хөөс гарч байна надаас. Яг хүүхдийн хамарнаас гардаг “чийдэн” шиг. Инээдтэй ч юм уу”
Бүсгүй дагжин чичирч эхлэв.
“Нээрээ, ямар их даарч байнаа. Энэ их тунасан цус надаас гарлаа гэж үү. Итгэмээргүй юм. Тэр хар аа. Захаасаа хатаж эхэлж байна. Ийм хурдан уу? . . .
Аа, нээрээ энэ байр чинь шаландаа халаалттай ш дээ. Тэгээд тэр байх нь. Хичнээн халаалттай ч гэсэн би даараад л байна даа. Хамаг юм бүдгэрч эхэлж байна. Хаа нэгтэйгээс гэрэл сүүмэлзэх шиг”
Түүний амьсгаа улам холдсоор . . . удааширсаар . . .
“Бороотой өдөр борцтой цай уучихаад дээл нөмрөөд хэвтэхээр халуу дүүгээд нойр хүрдэгсэн. Болдогсон бол тэгж нэг хэвтэхсэн. Нүдээ аньсан чинь ямар гоё байнаа. Унтмаар болж байх чинь. Миний нойр хүрээд байгаа юм биш үү. Унтмаар байна. Уг нь охиндоо авсан барбигаа явуулчихсан бол . . .”
Бүсгүйн бие сул уналаа. Одоо хэн ч харсан түүний биеийг амьтай гэж харж чадахааргүй болжээ.
“Би дийлэхгүй нь ээ. Жаахан унтахаас. . . Энэ гэрэл улам тодрох юм. Нэг их гүн амьсгаа авмаар юмуу . . . Хацар дээгүүр халуу оргиж байна”
Бүсгүй эцсийн удаа нэг их дуутай эхэр татлаа. Хоёр гар нь тулахаас өнгөрч, хэдэн мөч нь чичирхийлэхэд шүүгээ түшсэн бие үл ялиг гулгав. Бүсгүйн турьхан хүзүү толгойгоо даахгүй мөрөн дээр сул унахад хагас аньсан нүднээс нь томоо гэгчийн нулимс гарч хацар даган урсана.
“Юун их гэрэл, хаанаас тусна вэ? Би ийм их гэрэлд унтаж чаддаггүй ш дээ . . .”


2010.09.23

Бүрэн эхээрээ...

Ийм нэгэн тууж

11 Сэтгэгдэлүүд:

Зүүн толгой дээгүүр зуны өглөөний наран өнгийжээ. Нарны туяанд өвсний мянга мянган шүүдэр бөнжигнөн гялтагнаж, жижигхэн бор шувууд жиргэхээрээ нэг жиргэнэ. Үүднийхээ довжоон дээр тамхилж зогссон Буга, тамхины цог уруулд нь хүрэхийн алдад эвлэгхэн гэгч нь чимхэн тэртээ хол нясалж орхиод байшингаас холгүй утасны шонгоос өлгөөтэй угаалтуур луу гар нүүрээ угаахаар яаралгүйхэн алхлаа. Тэрүүхэн зүүн урд руу байх үхрийн зэлэн дээр өөрийнх нь авгай, Өлзийтогтохын авгай хоёр саалийнхаа дээлийг нөмгөн өмсчихсөн хаа, хөж бололцон үхэр туглаа нааш цааш гулдчин навсралдана. Тэндээс ногоонд цадсан үхрийн хүнд амьсгаа, идсэнээ хивэх, хивэгдэсээ гүдхийн залгих, хаа нэг тугал мөөрөх, тэр ч байтугай сааж буй хувинтай сүү хэрхэн дээшлэх нь хүртэл ямар нэгэн битүү юманд байгаа мэт тодхон сонсогдоно. Тэдний дээгүүр жижиг хар ялаа бум түмээрээ бужигналдан үхэрнүүд чихээ далбагнуулан толгойгоо сэжиж, сүүлээрээ шарвана. Гэсэн ч нэмэр алга. Үүдний довжооний ёроолд халтар нохой өглөөний наранд ээнэгшин үүрэглэнэ. Өлзийтогтох холгүйхэн аргамжаатай хоносон алаг морио сарааны тэнд авчирч эмээллэж байгаа харагдана.
Буга гадаа хоносон хүйтэн усаар нүүр гараа угааж зогсоход үнээ шувтрах зуураа хоёр авгайн ам хуурайгүй чалчих нь сонсогдовч тэр сонирхсонгүй. Угаалтуурын хажуугийн хадааснаас өлгөөтэй хоносон алчуураар гар нүүрээ арчихад хэдийгээр гадаа хоносон ч гэлээ чийг авсан алчуураас хирний нэгширмэл үнэр ханхлана. Тэр гэрлүүгээ эргэн мөн л яаралгүйхэн алхлаа. Өлзийтогтох дохионыхоо шар тугийг гутлынхаа түрүүнд лавхан дүрээд мориндоо мордон хажуугаар нь өнгөрөхөд Буга
- Ирэх болчихсон уу?
- Урд хонхорын гарам хавьд дуугарах шиг боллоо гээд зөрлөө. Буга түүний араас хэсэг харж зогсов. Алаг морины хөлөөр өвсний шүүдэр хэдэн тийш үсчин нарийхан хар ногоон мөр зурайлган, үзүүр нь норсон өтгөн зэгэл саарал сүүлээ нойтон туураараа арагш нь өшигчсөөр өртөөний урд товгор өөд явж одов. Өлзийтогтох урдаасаа хойшоо явах өглөөний галт тэргэнд дохио өгөхөөр явж байгаа нь тэр. Буга гэртээ орохоосоо өмнө хажуугийн цонхыг тогшиж
- Эрдэнэхүү босоорой. Суудал ирж явна гэж цонхны гаднаас чангахан хэлчихээд гэрийнхаа хаалган дээр ирэхэд үхрийн зэлнээс хувинтай сүүгээ барьсан авгай нь ирж таарав. Буга хувинтай сүүг нь авсан ч үгүй осолдохгүй хаалган дээр таарсан тул хаалга онгойлгож өгөв. Буга орохоосоо өмнө эргэж харвал нүднийх нь үзүүрт Өлзийтогтохын авгай мөн сүүгээ барьчихсан байшингийн булан тойрч байгаа харагдав.
Буга гэртээ орон хоолны ширээний ард суун ямар нэгэн юм хүлээх мэт авгайгаа харна.Түүний эхнэр Бадам саалийнхаа дээлийг тайлан нөгөө өрөөний орны хөл рүү чулуудаж, үнээндээ гарахаасаа өмнөхөн буцалгасан данхтай цайгаа аяганы хамт Буга руу дөхүүлээд, зуухны хажуугийн шүүгээнээс түмпэнтэй боорцог, иш нь хугархай шанаганд хийсэн өчигдөр оройны гурилтай хоолны үлдэгдлийг ширээн дээр гаргалаа. Одоо л нэг бүх юм нь бүрдэж цайлахад бэлэн болсон Буга шанагатай хоолон дээр хэдэн боорцог унагаад халуун цай хийв. Тэр хооронд Бадам нөгөө өрөөний шалаар зулах хүүхдүүдийнхээ хажуугаар зайчлан явж цээжиндээ ажлын шар хантааз олж эгэлдрэглээд өөр бас нэгийг Бугын хажууд авчирч орхив. Тэр ажилдаа явахад бэлэн болсон бололтой Бугын өөдөөс харан сууж цайллаа. Буга сая ам нээж
- Энэ Оргой, өнөөх рүүгээ л яваа байх даа?
- Нилээн түрүү Жарантав бид хоёрыг үнээнд гарч явахад зүүн хойд дээгүүр давж яваа харагдсан
- Аан! Цаадах чинь уг нь сахиандаа сайн л юмсан. Өнөөдөр нэг юм амсуулах байгаа
- Харин л дээ. Үгүй ээ тэгээд энэ олны аманд ч үгүй, хамарт ч үгүй гэдэг л болох юм даа.
- Тийм нь ч тийм. Гэхдээ ангийн юм гэсэндээ час хийдэг юмаа.
Нээрээ л тэдний яриа дуусаагүй байхад шахам зүүн хойд толгой дээгүүр буу үүрсэн явган хүн өрөөсөн гартаа нэг тарвага атгачихсан ирж яваа харагдав. Явдлын байрыг харвал нилээн том эд бололтой. Буга, завсраар нь хэдэн ялаа ороод үхчихсэн хуучирсан модон хүрээтэй ойрын мөд угаагүй жижигхэн цонхоор зүүн хойноос ирж яваа Оргойг харж нүдэнд нь үл мэдэг оч гэрэлтэн
- За тэр, мөн ч том амьтан унагаж дээ. Эр хүн хө гэж амандаа шивнэлээ. Түүний нар салхинд түлэгдсэн үрчлээт хүрэн царайд инээмсэглэл тодрон, яарсхийн гарав. Багажны сараа тойрон ирж яваа Оргойгийн үүрсэн бууны гол төмөр дээр өглөөний нар гялтагнан ойно.
- Мундаг том эдээ?
- Муугүй шүү. Хангай дэлхий өнөөдөр надад юмаа харамнасангүй ээ гээд Оргой Бугын үүдний довжооруу том бурхины амьгүй биеийг пүдхийтэл шидэв. Шүүдэрт норж улам тодрон харлах түүний түрийтэй гутлан дээр өвсний жижигхэн ногоон буурцаг үрэнцэрүүд энд тэндгүй наалджээ. Буга
- За, за орж унд уу. Бадам сайхан цай чаначихсан, боорцог ч байгаа л байх. Суудал юү юүгүй ороод ирэх нь. Ажилдаа гарч харагдахгүй бол горьгүй. Өлзийтогтох дохиогоо өгөх гээд урагшаа яваа харагдсан. Тэгэхээр дөхсөн хэрэг.
- Тэгье дээ. Энэ Эрдэнэхүү босоо болов уу?
- Түрүүн би цонхыг нь нүдсэн л юмсан босоо биз. Бодвол Жарантавыг ёроолдож аяга цай эргүүлж яваа байх. Та хоёр ч яахав эдний манай хоёроор зөрөлдөөд л гэдэс гарчихдаг улс даа гэхэд
- Би ч бас ханатай шүү. Хааяа хангайн хишиг хүртээчихээд байгаадаг
- Тэгж байгаа, тэгж байгаа. Одоо ч бараг арьс нь гүйцээ шив дээ. Энэ жилийн зун, намар сайхан болж мэдэхээр байна гээд нэг тамхи гарган асаагаад байшингийн булан тойрлоо. Оргой хамрынхаа нэг нүхийг эрхий хуруугаараа таглан нусаа пүрхийтэл нийж, гараа өмднийхөө гуянд шударсан болоод Бугынх руу орлоо.
Байшингийн нөгөө булангийн хаалганд Өлзийтогтохынх амьдрана. Жарантав мөн л гаднаас орж ирээд аяганы амсар зууж амжаагүй шахам байхад Эрдэнэхүү орж ирлээ Тэрээр нойр нь сэргэж амжаагүй бололтой нүдээ нухлан байснаа ширээний шургуулганаас аяга аван цай хийж уух нь эгээ л энэ гэрийн эзэн гэлтэй. Жарантав
- Үгүй ээ, чи ядаж наад нүүр амандаа худлаа ч гэсэн ус хүргэчихэж байгаа ч. Хэдийгээр царай дорой ч гэсэн наадах чинь чиний нүүр юм байгаа биздээ.
- Харин тийн минийх болохоор л залхуурч байхгүй юу.
- Хн! Чи бид хоёр ч тэгж л таарна даа. Энэ Оргойг хар. Өглөө зүүн хөтөл дээгүүр гүйгээд л явсан сая нэг юм бариад л ирж байгаа харагдана лээ гэхэд Эрдэнэхүү
- Аа тэгвэл тарваганы мах идэх нь дээ гээд арзайтал инээснээ хөдөө газрын хамгийн элбэг идээ болох хатуу хар боорцогноос атган авч аягаруугаа хийлээ.
- За за, хэдэн хүүхдэд маань жаахан боорцог үлдээгээрэй лүд минь гэлээ. Тэгтэл суудлын галт тэрэг нүжигнэн ирж өртөөний хоёр байшингийн өмнө бүр яаж нэг юм тоогоов гэмээр түр зогсоод хөдөллөө. Үйлчлэгч нар нь хаалгаа ч бүтэн онгойлгосонгүй. Зарим нэг нь цонхоороо дохио өгч харагдана. Зэлүүд газрын энэ өртөөн дээр хэн л буугаа аждээ. Дэвтсэн боорцог амруугаа чихэх зуураа цонхоор харж суусан Эрдэнэхүү
- Манай жаран нэгийг эд нар даана ч нэг тоохгүй шүү
- Энд байгаа нь чи бид юм чинь ер нь хэн тоох вэ дээ. Биднээс арай өөр юманд бол эд чинь ядаж л хаалгаа онгойлгоно шүү дээ.
- Энэ муусайн үйлчлэгч нар хүртэл ингэхээр нь ажилдаа ч явмааргүй санагдах юм.
- Заа чи зүгээр залхуурах аяа мөн олж дээ. Нэртэйгээр нь замын даргад наад үгээ хэлээч. Үгүй, ядаж энэ Бугад хэлэхгүй юү.
- Хэлсэн ч яадаг юм.
- За за үг олдлоо. Ядаад наад нүүрээ угаачихаад ийм юм ярьж сур. Хурдал хурдал. Одоо өнөө Буга чинь хашгичаад унана гэсээр гарав.
Тэднийг гарахад суудлын галт тэрэг өртөөний хажуугийн сэтэрхий рүү мурчигнан орж байв. Бадам, Оргой, Буга нар жижигхэн тэргэнцэрт хамаг багажаа ачаад аль хэдийн зам дээр гарахад бэлэн болжээ. Буга дарга тамхиа асаан амандаа зуугаад замын баруунтай нэг их холгүй буусан их бага хоёр гэрийг харан зогсоно. Шөнийн чийгэнд гэрийн бүрээс норсон бололтой тэгтлээ цайрч харагдсангүй. Ямар ч салхигүй учир их гэрийн яндангаас олгойдох шингэн хөх утаа эгц дээшээ суунаглана. Хотны зүүн урд талын үхрийн зэлнээс хоёр хувинтай сүү барьсан Пагма хөгшин гэрлүүгээ мааригнаж, Догсом өвгөн үхрээ бэлчээрт зүглүүлж яваа харагдана.
Ажилд гарна гэхээс Эрдэнэхүүгийн дотор нь загзагнаж, залхуу нь хүрэв ч одоо яая гэхэв явахаас биш гэсэн янзтай ганц нэг сажлан төмөр замын хайсруу орж явтал хажуугаар нь Жарантав авгай явуут дундаа товч бүчээ гүйцээн товчилсоор өнгөрөв. Аминдаа их л яарч яваа бололтой. Түүнийг харсан Эрдэнэхүү “Ямар элэнцэгтээ ингэж яардаг байнаа” гэж үл тоогчийн өнгөөр бодож явав. Ажилдаа явах нь Бадам Жарантав хоёрт өдрийн хугаст ч болов гал тогоо, хэдэн хүүхдийн шуугианаас хөндийрдөг тул хэрэндээ дуртай. Буга дарга Эрдэнхүүг харцаараа чирэх мэт дагуулан ширтэнэ. Эрдэнэхүү нэг их том ам гарган адуу шиг эвшээснээ
- Өнөөдөр хаашаа явах вэ Буга гуай гэж үгээ, амандаа орсон агаартай цуг зажлан, лазандуу өнгөөр асуухад
- Өнөөдөр үү? Өнөөдөр энүүхэн урдруу л явдаг байх даа гэж хэлэх нь бас ч гэж ажилдаа тийм ч шимтэж байгаа шинжгүй ажээ. Буга дарга иймэрхүү байх үедээ өдрийн суудал өнгөрөв үү, үгүй юү бригадаа буулгадаг учир Эрдэнэхүү их дуртай. Зарим өдөр жаахан шоволзоод л, дуу нь чангарч, хэнхэг нь залгаад ирэхээрээ мөд буулгадаггүйг хэн хүнгүй мэднэ.
Тэгтэл урд бондгор дээгүүр Өлзийтогтох алаг морьтойгоо ирж яваа харагдав. Саяын өнгөрсөн галт тэрэгт дохио өгчихөөд буцаж яваа нь тэр. Түүнийг харсан Эрдэнэхүү уртаар санаа алдаж
- Биднийг ажилдаа гарч байхад Өлзийтогтох гуай бууж явдаг сайхан ч юмаа даа гэхэд Бадам авгай
- Юу боллоо гэж буух вэ дээ. Ингэс гээд тороо эргэх байлгүй
- Хн! Мөн тэгэх байхдаа. Биднийг энэ үзүүр тойрлоо л бол орондоо ороод хурхирч өгөх байлгүй гэхэд Буга
- Чи ер нь юунд ингэж хүнтэй барьцаж байдаг юм бэ. Урдахаа л хийж байвал болоо биш үү?
- Заа, за ингээд л намайг загнаад байдаг юм даа гэж амандаа бувтанлаа. Гэтэл Жарантав авгай түүгээр өнгөрч явсан Өлзийтогтох руу
- Өлзий! Хэдэн тугалаа уяад үхрээ тавиарай. Цаад охиноо даавуу угаа гээрэй гэхчилэн баахан захиас хэлэхэд өнөөх нь дуугарсангүй.
- Үгүй, чи дуулав уу, үгүй юү?
- За за хар өглөөгүүр хашгичаад. Чамайг дуулахгүй хэн байдаг юм гэж хахирлах сонсогдов. Ингээд Буга, Оргой хоёр тэргэнцэрээ түрэн түрүүлээд, араас нь хоёр авгай дараалж, хамгийн сүүлд Эрдэнэхүү гэлдэрсээр Бугын бригад ажилдаа гарч байгаа нь энэ.

Олон олон нүцгэн гүвээ толгодын дундах арай шовх өндөрийг нь Өндөр Улаан хэмээн нэрлэнэ. Энэ нь энэ хавьдаа хайрхан нь. Төмөр зам Өндөр Улааныг ороон эргэн тойрны хэдэн толгодыг сэтлэхийг нь сэтлэн, заримыг нь тойрон дэр модон дээрээ сунайтал хэвтсээр хаашаа ч юм зурайн одно.
Өндөр Улааны ар хонхорт өртөөний хоёр цагаан байшин зүүрмэглэж хоцорсон цагаан хун мэт гуниглан дүнсийнэ. Хэдийгээр энэ төмөр зам, энэ хоёр байшин хүний гараар бүтсэн нь тодорхой боловч одоо тэднийг харахад байгаль өөрөө бүтээчихсэн мэт сэтгэгдэл төрнө.
Энэ хоёр байшингийн албан ёсны нэрийг төмөр замын дөрвөн зуун жаран нэгийн өртөө гэх боловч ярианы явцад жаран нэгийн өртөө л гэх болжээ. Тэр ч байтугай тэрүүхэн төмөр зам дугуйран тойрсон тохойг жаран нэгийн тохой хэмээн нэрийдэх болсоор уджээ.
Хөдөөгийн буйдад орших энэ өртөөний дөрвөн буландаа хаалгатай хоёр байшингийн нэгэнд ердөө үндсэн дөрвөн айл амьдрана. Харин нөгөө байшин нь эзгүй. Заримдаа энэ дөрвөн айл буйр сэлгэн нөгөө байшиндаа нүүж орно. Яг адилхан хийцийн энэ байшиндаа яг л хувь заяагаар оногдсон мэт өөр өөрсдийнхөө булангийн хаалганд нүүж ороход нэг их ялгаагүй мэт боловч ингэж нэгээс нөгөө рүү нүүх нь энэ дөрвөн айлын хувьд маш сонин содон үйл явдал төдийгүй, байгаа орчноо ихэд өөрчлөгдсөн мэт санагдаж түүнээ дагаад хүн бүрийн сэтгэл хэдэн хоногтоо чамгүй сэргэнэ. Өглөө оройд гарч орохдоо үүдээ андууран хоосон хаалга татсан тухай бие биендээ ихэд хөгжөөн болгон ярина. Өөрсдийгөө мэдэхгүй хуучин үүдээрээ эргэлдэх нохойгоо хүртэл бүгдээр шоолцгоох нь тэдэндээ бол их л хөнжөөнтэй явдал мэт боловч суурин газрын улс бол бараг өрөвдмөөр.
Энэ дөрвөн айл нэгэн бригад бөгөөд өөрийн гэсэн хариуцсан замын хэсгээ арчилан тордож байх үүрэгтэй. Бригадын дарга Буга гэж жижигхэн биетэй, хурдан хөдөлгөөнтэй, тавь орчим насны хүн. Гэр бүлийн хүн нь Бадам гэж бас л шалвалзсан бор авгай. Эднийх зургаан хүүхэдтэй.
Тэдний эсрэг хаалганд Өлзийтогтох гэж “хүн намайг нүдгүй гээд хэлчих вий” гэсэн шиг том дүрлэгэр хар нүдтэй, өндөр хар хүнийх байна. Насаар Буга даргатайгаа ойролцоо болов уу гэмээр энэ хүн тус өртөөнд морин эргүүл хийнэ. Эднийх долоон хүүхэдтэй. Хүүхдийнхээ тоогоор нэгээр илүү учир Өлзийтогтох заримдаа “За даа манайх ч олон хүүхэдтэй айл” гэж ирээд л ямар нэгэн шалтаг шалтгаан тоочоод авахаа мэднэ. Авгай нь Жарантав гэж нэг их цагаан шүд яралзуулсан туранхайвтар бор авгай. За тэгээд хөдөөгийн өртөөнд цайвар царайтай хүн ховордоо. Улаан ягаан хүн бол цайруудаа орчихно. Энэ хоёр айл унааны ганц нэг морь, саалийн хэдэн үнээтэй төмөр замын хишгийг хүртээд насаараа зам дагасан айлууд.
Гурав дахь хаалганд нь Эрдэнэхүү хэмээх залуу амьдрана. Бас л нэг бараандуу царайтай, дунд зэргийн нуруутай, худлаа инээсэн залуу байх. Анх энд ирэхдээ намхан таргавтар улаан хүүхэн дагуулан ирсэн боловч юу нь болоогүй юм бүү мэд хагас жил хэртэй болоод нэг өглөө энэ айлын ганц өнгөтэй эд болох нугастай толийг нь аваад арилж өгөх нь тэр. Түүний хойноос Эрдэнэхүү яваа ч үгүй. Шинэхэн улс байсан болохоор бусад нь ч нэг их хаая, хүүе болоогүй тэгэсхийгээд өнгөрсөн. Одоо тэр хүүхэн бараг мартагдаж дээ. Эднийд нэг ширээ, хоёр яйжгий сандал, пүрш нь сунасан ганц цагаан ор, нэг хүрэн чемодан, ганц майжийсан бакаль гээд үндсэндээ болчихно.
Дөрөвдөх хаалганд өнгөрсөн жил цэргээс халагдаж ирсэн Оргой нэртэй жирвийсэн хар сахалтай, өргөн духтай, бүдүүн дуутай ханхар цээжтэй, онигордуу нүдтэй бас ганц бие залуу амьдрана. Хэдийгээр ганц бие боловч эмх цэгцтэй, мөнгөн тоногтой эмээл, нэгдүгээр утас нь тасраад залгачихсан гитар, дуугардаг эсэх нь үл мэдэгдэх пянз тоглуулагч, радио хүлээн авагч, нүүр гар угаах тосгуур, ганц нэг хоолны сав аяга халбага харагдах нь Эрдэнэхүүгийнхээс арай дээр. Мөн байшингийн арын өөрийн эзэшлийн сараандаа цоо шинэхэн ИЖ мотоцикль сойчихсон. Ер нь их чамбай.
Замын эсрэг талд цахилгаанаар ажилладаг гүний худагтай. Ажлын шаардлагаар энэ өртөө цахилгаан, утас, ус унаа сайтай. Худгаас баруун урагшаа бараг саахалт хэрийн зайд түрүүний Буга даргы харж зогссон Догсом гуайнх байна. Догсом гуай төмөр замд ямар нэгэн хамааралгүй, нутгийн айл юм. Ус, унааны сайханд нь татагдаад энэ жаран нэгийн тохойноос холдож чаддагүй. Эхэн үедээ төмөр замд хэт ойрхон буулаа гэж хөөгдөхдөө хөөгдөж, туугдахдаа туугдах хэдий ч эндээс нүүсэн нь үгүй. Одоо бол төмөр замын томчуулаас хааяа үүгээр явж өнгөрхөд л энэ яриа сөхөгдөхөөс бусдаар бол гайгүй. Иймэрхүү яриа гарвал Догсом гуай тэгэсгээд дуугаа хураачихна. Дамжуулж яваа хүн нь Өлзийтогтох тул Пагма хөгшин зуухныхаа аман дээр сууж байгаад л аргална даа.
Иймэрхүү янзын таван айл энэ хөдөөний өртөөнд амьдрана. Уг өртөөнд өглөөд урдаасаа хойшоо, өдөр нь хойноосоо урагшаа явж байгаа суудлын галт тэрэг хоёр хормын зайтайгаар зогсож өнгөрнө. Энэ хоёр суудлын галт тэрэг өглөө өдрийн баримжаа болохоос гадна энэ таван гэрийн амьдралын хэмнэлээс салж боломгүй нэгэн хэсэг болно. Өглөөний суудал өнгөрөхөд айл бүр үнээ малаа сааж бэлчээрт нь гаргана. Зуны цагт юм бол бригад өглөөний суудалтай зэрэгцэн ажилдаа гарсан байх ёстой. Өвлийн улиралд бол арай ч бас тийм эрт гарч чадахгүй. Угаасаа өглөөний суудал ирэхэд нар ч гараагүй байдаг болохоор тэр. Харин тэр үед босцгоосон байвал их юм.
Харин Өлзийтогтохын ажил бол бусдаасаа арай өөр. Морин эргүүлийн үндсэн ажил нь өөрийн хариуцсан хэсэгт мал оруулахгүй, замын хоёр талын өргөст торны бүрэн бүтэн эсэхийг шалгаж засах ажил хийнэ. Хэдий тийм ч энэ бригадад хамаарагддаг тул хүн хүч хэрэгцээтэй үед замд гарч ажиллах нь ч бий. Ажлын онцлогоос болоод тэрүү нилээд аашлах зандрах аястай. Мэдээж өөрсдийнхөө малыг гоочлоод байхгүй. Тэгээд л үлдсэн нь Догсом гуайнх учир тэднийд очиж хууль дүрэм ярьж мундагдана даа. Пагма хөгшин ч андахгүй. Орны хөндийд ганц нэг шилтэй нэрмэл хэзээний бэлэн, түүнийгээ гаргаад урд нь тавьчихна. Тэр дуусахын багцаанд дарга бол дарга, ажил бол ажил гээд л эхлэхэд нь дахиад нэгийг гаргана. Хөгшин хүний дархан мэхэнд орсон Өлзийтогтох өдрийн суудлын сургаар тэднийхээс гуйвж дайвсаар гарна. Уг нь бол шар модоо өргөөд ихэмсэг нь аргагүй зогсож өнгөрөөдөг хүн чинь заримдаа баруун орны урдуур хурхирч өнжих нь ч бий. Арганд орсон ийм үед нь Догсом гуай алаг морийг нь унан зам дагасан аль нэг бондгор дээр зогсоод галт тэргэнд хэзээ язааны морин эргүүл аятай дохио өгөөд өнгөрөөчих тохиолдол бас байна. Гэсэн ч энэ өртөөний ажил явдгаараа явж л байгаа нь тэр. Энэ өртөөний хариуцсан газарт элдэв зөрчил гарах нь үгүй.
За тэгээд иймэрхүү янзтай өдөр хоногийг өнгөрөөж ядаж байсан жаран нэгийн өртөөнийхөнд зуны эхэн сарын энэ өдөр буюу Буга дарга алсыг ширтэж тамхиан татаж, Оргой нэг бүдүүн бурхи буудаж, хоёр авгай үглэдгээрээ үгэлж, Эрдэнэхүү залхуурдгаараа залхуурч эхэлсэн яг энэ өдөр уг өртөөнд урд нь хэзээ ч болж байгаагүй, цаашдаа ч болохгүй байж болох нэгэн явдал болох юм гэж хэн, хэрхэн яаж мэдэх билээ дээ.
Бугын бригад өнөөдөр гэрээсээ нэг их холдсонгүй. Тэрүүхэн хавьдаа юухан хээхэн хийж өнгөрөөв. Өнгөрөөх ч гэж дээ Эрдэнэхүү л доторхоо ил гаргаад байгаа болохоос үнэндээ бол хүн бүр дор бүрнээ өдрийн суудлыг хүлээж байгаа нь илт. Буга энд тэнд ганц нэг хэмжээ тавьж, хоёр авгай замын хажуугаар сагсайтал ургасан хэн өгсөн нь мэдэхгүй ч айраг гэхээр бүгд мэддэг том далбагар ногоон навчтай, шүүслэг ягаан голтой сонин нэртэй ургамалыг зулгаан замын хажуу руу чулуудна. Сул шороонд ургасан болоод тэр үү нэг их хүч орохгүй сугарах нь нэгэн бодлын амар. Эрдэнэхүү, зулгаалтаас суларсан шороог дээш нь шууж тэгшилнэ. Хуучин дэр модноос тосны нэтгэрсэн үнэр хамар цоргино. Оргой нэг томхон лантуу мөрөн дээрээ шидчихсэн нэг нэгээр гишигхээр алхаанд ойртоод, нэгийг алгасахаар холдоод байхаар суулгасан дэр модон дээгүүр эв дүйгүүхэн алхлан хаа нэг сугарч, суларсан хадаасыг лантуудан явна. Тэгснээ тэд түр амсхийн замын төмөр дээр зээглэн сууцгааж, зарим нь тамхилна. Наранд халсан зам төмөр тэдний бөгснөөс халуу төөнүүлнэ. Тэгтэл тэдний доороос үл мэдэг чичиргээ мэдрэгдэхэд бүгд хойшоо галт тэрэг ирэх зүгрүү харцгаалаа. Үнэхээр хоёр сэтэрхийний цаана галт тэрэг дохио өгөх нь бүдэгхэн сонсогдов.
Нарны туяанд Догсом гуайн хоёр гэр өглөөнийхийг бодвол учиргүй цайсан харагдана. Их гэрийнхээ хаяаг байдгаар нь шуусныг бодоход Пагма хөгшин өдрийнхөө будаатай цайг чанасан бололтой. Яг л өдрийн галт тэрэг ирэхийн алдад Пагма хөгшин цайгаа чанаж, хэд гурван годгор борц үйхээ мартахгүй. Тэднийх рүү харц гүйлгэж зогссон Эрдэнэхүү
- Пагма гуайн цай ч мөн аатай шүү. Өнөөдөр даллахгүй юм байхдаа гэж илт горьдсон өнгөөр хэлэхэд Бадам
- Ишш! Эрдэнэхүү минь ингэж айлын тогоо өнгийж суухаар өөрөө нэг хүүхэн олж ирээд цайгаа чануулахад яанаа
- Хн! Манай энэний цайг чанадаг хүн Пагма хөгшин, чи, бид гурваас өөр байдаг юм уу. Үгүй ээ тэгээд тэлээ хурга шиг энэ хэдэн гэрийн хоолонд бүүр зоолох маягтай шүү ха ха гэж Жарантав авгай тачигнуулан инээв. Жарантавын инээд чимээ анир үргээж тэрүүхэн тэндээ цуурайтах шиг. Гэхдээ хэн хүнд тийм ч таатай сонсогдсонгүй.
Дунд гарын жижгэвтэр ширмэн тогоонд тослог шаргал цай зөөлөн галын аясаар пур пур буцлан гэрээр нэг хуурсан гурилны түлэнхийвтэр үнэр ханхлана. Босгоны цаана том бор нохой урд хоёр хөлөн дээрээ эрүүгээ тавин хэвтэвч ус бөнжийсөн чийгтэй сарьсан хоншоор нь үе үе өөрийн эрхгүй татвагнах нь цайнд үйсэн борцны үнэрийг авсаных бололтой. Пагма хөгшин цайнд хөвөх хэдэн борцыг галын хайчаар сурмаг гэгч нь чимхэн авч хөнгөн цагаан царан дээр гаргаад явган ширээний дэргэд суугаа өвгөн рүүгээ түлхлээ. Догсом борцны шар өөхтэй хэсгээс нь нэг огтлон үмхэв. Борцолсон өөхний хуршмал хэрнээ тааламжит амттай тос нь хоёр завжаар нь юу юугүй сул асгах мэт тархан уусахад тэрээр өөрийн эрхгүй завжаа шилэмдэн сорно. Тэр мөн хэдэн хэрчмийг хөгшнийхөө аяга руу унагаад Пагмын өгсөн цайг зөрүүлэн авангаа онгорхой үүдээр алсыг ширтэн
- Цаадуул чинь бууж яваа болов уу? гэж гэрийнхээ хэн нэгнийг хүлээх мэт асуув.
- Тэд өнөөдөр нэг их холдсонгүй шүү дээ. Энүүхэн урдруу л өнжлөө гээд гэрийнхээ хойдруу харц гүйлгээд
- Нар голлоод өдрийн суудал ирж баймаар юм удахгүй буух биз.
- Цай халуун дээр даллавал. . .
- Өчигдөрхөн ирж цай ууцгаасан. Өдөр болгон дуудах юм гэж хаа байхав. Өнөөдөр угаасаа багахан чанасан. Өөрөө л ууж үз.
- За ганц аяга цай шүү дээ
- Тэр нь ч тийм л дээ. Гэхдээ аяга цайны төлөө энэ халуунд наашаа сажлах гэж эдэнд ч хэцүү байлгүй. Өдөржингөө наранд явсан улс
- За тийм ч байхаа даа.
Ийнхүү хоёр хөгшин ярилцаж суутал өдрийн суудал олон, олон цонхоо гялтагнуулсаар ирж зогслоо. Гэрийн хаалгаар харахад наранд гандсан мэт бүүдгэр ногоон суудлын тэрэг зэрэглээн дунд жирвэлэх нь их хол газар сульдатлаа давхиад, амьсгаадан зогсох мэт харагдана. Бараг л зогссон үгүй нь мэдэгдэхгүй шуртхийгээд л өнгөрдөгсөн өнөөдөр Догсом өвгөнийг цайгаа хоёр гурав оочуулчихыг бодоход их л удах шиг санагдан
- Өнөөдөр юун овоо сүрхий удах юм? гэхэд
- Харин л дээ. Өнөө хүүхдүүд арай л ирэх болоогүй баймаар гэж Пагма хөгшин өөрийн хэдээ бодож амжив. Үнэндээ бол энэ хоёр хөгшин хөөгдөн туугдан энэ жаран нэгийн тохойг бараадаад байдгийн нарийн цаад учир нь ердөө л энэ. Хот оронд суух муусайн хүүхдээ ирж очиход нь унаа унштай гэж энэ хавиар нутаглаад нилээд хэдэн оныг үдэж, одоо бараг өртөөний орон тооны бус айл болчихоо шахаад байгаа юм.
Өлзийтогтох өнөөдөр хууль дүрмээ яриагүй учир алаг морьтойгоо өөрийн биеэр дохиогоо өгөхдөө мөн л өртөөнөөс нэг их холдсонгүй. Зөвхөн хоёр хөгшин ч биш бусад бүх л хүмүүс галт тэрэг үл ялиг удаан зогсохыг анзааран дор бүрнээ сортолзов. Галт тэрэг зогсоолоос хөдлөхдөө ямар нэгэн юмаа үлдээсэндээ харамссан юм шиг дуут дохиогоо ёнгинуулан алгуурхан хөдөлж, өртөөний хажуугийн сэтэрхий рүү уурлах мэт мурилзан оров. Хүн бүр галт тэрэгний сүүлийн хэсгийг өртөөний хоёр байшинг өнгөртөл ширтэн зогстол урт хархан гэзгээ задгай тавьсан, цайвар өмдтэй, цагаан цамцтай гартаа нэг цүнх барьсан бүсгүй зогсож байх нь тэр.
Пагма хөгшин хэзээний харчихсан
- Хөөе! Догсомоо тийшээ дурандаач. Зам дээр нэг юм гялайгаад байна гэхэд Догсом
- Юу? гэж үл итгэсэн янзтай дуугаран цайнаасаа салж ядан байтал Пагма хөгшин
- Үгүй ээ, чи хурдал гэмдээ. Наад аягатайгаа тавьчихаач хэн л авав гэж хэмээн нилээн адгуу дуугаар хэлэв. . .

За хө ийм нэгэн тууж ингэж эхлэх бөгөөд цааш үргэлжлэх нь зайлшгүй боловч зарим нэгэн андын зөвлөснөөр бүгдийг нь блог дээрээ тавихгүй юм байна. Та бүхнээсээ хүлцэл өчмүй. Бодвол хэвлэгдэх юм байхаа даа.
Бүрэн эхээрээ...

Аудио - 1 (Товч)

8 Сэтгэгдэлүүд:

БНСУ-д ажиллаж амьдардаг монголчууд маань MGLclub гэдэг дундын сайт ажиллуулан мэдээ, мэдээллээ солилцдог бөгөөд уг сайтын интернет радио буландаа миний зарим нэг өгүүллэгийг хөтлөгч Батаа хэмээх залуу уншсаныг нэрэлхэлгүйгээр чирээд ирлээ. Энэ дашрамд тус сайтын хамт олонд болон хөтлөгч залууд баярласнаа илэрхийлж бүгдэд нь сайн сайхныг хүсье! Бүрэн эхээрээ...

Вансэмбэрүү цэцэгс (Зураг)

26 Сэтгэгдэлүүд:


Вансэмбэрүү хэмээх энэ сайхан цэцэг далайн түвшинээс 3000м-ээс дээш өндөрт ургадаг гэдэг юм билээ. Бидний очсон энэ газар бол Баянхонгор аймгийн Баянговь, Богд сумын заагт орших Их Богд хайрхан юм. Яг энэ цэцэгс 3600м орчим (GPS-ээр хэмжсэн)өндөрт хадан хавцал, сайр уруудаан ургасан байв. Нийтдээ дөчин хэдэн ширхэг байсан. Их ховор харагддаг энэ цэцэгсийг бид (манай гэр бүлээс гадна өөр хоёр гэр бүл явсан)ийм олноор нь харсандаа ихэд олзуурхсан шүү. Зарим нэг маань ямар нэгэн хүслээ шивнэж харагдсан. Жишээ нь манай бага хүү маш удаан эвдэрдэг усан буу хүсэж байгаагаа шивнэж байсан.















Бүрэн эхээрээ...

Блогоор аялсан түүх - 15

1 Сэтгэгдэлүүд:

Энэ удаа бас нэгэн блогийг танилцуулмаар санагдлаа. "Цуглуулагч" хэмээх этгээд ч гэмээр нэрлэсэн энэ блог нь одоохондоо монгол зохиолчдын википедиа (wikipedia) хэлбэрээр бичигдэж байгаа юм байна лээ. Яваандаа гадаад зохиолчид ч нэмэгдэж магадгүй юм уу гэж санагдсан. Уг нь ноднин эхэлсэн энэ блог дундаа нилээн завсартай байсныг бодоход хөтлөгч нь зав зайгаараа л амжуулдаг байх. Хөтөлж буй арга барил нь нилээн өргөн хүрээнд бараг бүтэн сайт байвал зүгээр юм даа гэж бодогдсон. Өөрөөр хэлбэл хэрвээ ганц хүн хөтөлж байгаа бол их л нүсэр ажил юм даа гэж бодогдов. Гэхдээ үр өгөөж нь үнэхээр их юм. Ялангуяа тухайн чиглэлийн оюутан залууст. Олон хүн орж байгаасай гэсэн үүднээс өөрийн блог танилцуулдаг буландаа оруулахдаа таатай байлаа.
Бүрэн эхээрээ...