# #

"ҮР ХАРАМ" - 9 (тууж)

- Ямар ч байсан өглөөнөөс химийн эмчилгээнд оруулах байх. Юутай ч гэсэн өглөө ирээрэй гэлээ. Намайг гарахын алдад Сувдаа
- Өнөөдөр Хүслэнг авах ёстой. Чи авчих тэгэх үү? Би ийм байдалтай охиндоо харагдмааргүй байна. Охин маань өдрийн ангид орно гээд ээрээд байхаар нь ээж нь жаахан өвдөөд байна гайгүй болохоороо оруулна гээд гэчихсэн. Тэгэхээр одоо намайг хараад итгэл нь хугарчих байх. Гэрт өөрийнх нь нэг бор туулайн чихмэл байгаа түүнийг битгий мартаарай тэвэрч унтдаг юм. Аа, тийм “ээжийн бүүвэйтэй хорвоо” гэдэг дууг аялж өгвөл дуртай байдаг юм гэлээ. Сувдаагийн охиныг хажуудаа хэд хоног байлгана гэхээр сонин ч юм шиг, сайхан ч юм шиг санагдана.
Эмнэлэгээс гараад ирсэн чинь дөнгөж үүр хаяарч байлаа. Зуны өглөө шувууд жиргэж, модод сэрчигнээд цаанаа нэг сайхан. Нүдний угаар аргаж байхыг бодоход ядарсан юм болов уу. Гэхдээ олон удаа жижүүрт гарч, олон арван өвчтөнтэй зууралдаж явсан хүн чинь энэ зэргийг даалгүй яахав. Сүхээ намайг хүлээгээд зогсож байх юм.
- Чи яваагүй юм уу?
- Чамайг дөхүүлээд өгдөг юмуу гэнэ. Би нэг их цааргалсангүй. Тэр намайг суулгаад өглөө эртийн хоосон шахуу гудамжаар давхилаа. Хараад байсан чинь манайх руу биш, урагшаа чиглээд байх юм.
- Манайх ийшээ биш л юмсан. Чи осолдохгүй өчигдөр орой хүргэж өгсөн, мэдмээр юмаа гэж хэрэндээ дургүйцэнгүй хэллээ.
- Би чамд юм үзүүлье. Одоо очоод чи унтана гэж байхгүй.
Нээрээ ч тийм л байсан л даа. Гэртээ очоод тэгэс ингэсгээд л эргээд ажилдаа гарна. “Өнөөдөр Сувдаагийн охиныг цэцэрлэгээс нь авна. Тэр надтай ямар байх бол” гэсэн сонин хэрнээ сайхан бодол намайг хөглөж байв. Бид давхисаар Зайсан толгойн тал дээр гараад ирлээ. Тэрнээс цааш машин явах биш. Бууцгаалаа
- Хоёулаа дээшээ гарах уу? гэнэ
- Ядарч байна
- Би чамайг үүрье. Ажилдаа хоцорчихож магадгүй. Одоо хүн байхгүй юм чинь хэн л харав гэж
- За яршиг байнаа. Хар өглөөгүүр хаа байсан бага насандаа хаяад явсан залуудаа үүрүүлчихсэн Зайсан өөд мацаж явна гээд төсөөлөөд үз л дээ
- Болохгүй нь юү байхав дээ гэнэ. Ингээд зогсоод байвал хэрэлдэх шинжтэй болохоор нь шатаар ганц нэг гишгэсээр дээшээ явлаа. Өндөрийг нь нэг их анзааралгүй гараад ирэх нь тэр. Сүхээ
- Удалгүй нар мандана. Чамд үүнийг л үзүүлэх гээд хоцорчихож магадгүй гэсэн юм. Яагаад ч юм би дөнгөж мандаж буй наранд их дуртай. Тэндээс нэг тийм сэтгэл ханамж ирээд байх шиг байдаг юм гэнэ.
Тун удалгүй тэнгэр зүүнээсээ улайрч байснаа томоо гэгчийн улаан нар гарч ирлээ. Байгаль гэдэг хүний сэтгэлийг хөглөдөг ажээ. Тэр тусмаа гэрэл гэгээ. Нээрээ ч түүний хэлснээр ямар нэгэн эрч хүч ирэх шиг. Дуу аялмаар ч юм шиг. Цээжний гүнээс хөнгөн гуниг хөндүүрлэх хэдий ч тэгтлээ муухай санагдсангүй. Тэглээ гээд жаахан охин шиг хөөрч дэвхцэлтэй биш. Өндөрт юм болохоор салхи сэвэлзэж байна. Сүхээ хүрмээ тайлж надад нөмрүүлэв. Нэг тийм эр хүний содон, эзэрхэг үнэр түүний хүрэмнээс үнэртэнэ. Хүсэл, сэрэл, мэдрэмж гэж чухам юу юм бол . . .?

                                                                    *   *   *

Зөөлөн амьсгаа сэрвэгнэж, эр хүний үнэр үнэртэхэд дээшээ харвал өвгөн маань мойнийж яваа хуруугаараа хацрыг минь илж, уруул дээр минь үнсэв. Бид чинь өтөлсөн л болохоос үхчихсэн биш дээ. Бичиж байснаа тэр чигт нь хаяв. Хөөрхий дөө, өвгөн минь намайг одоо ямар өргөж даах биш. Хөтлөлцсөөр унтлагын өрөөндөө орлоо. Хэсэг хугацааны дараа өвгөн маань нилээн амьсгаатай дээшээ харж хэвтээд
- Бас ч гэж болж байна шүү гээд над руу эрэмшүү харж инээмсэглэх нь өөртөө баярлаад байгаа бололтой. Эрчүүдээ гэж хөгтэй ч улсаа даа та нар. Тэр өнөөх л зангаараа миний гарыг атгаж, дахиж нэг сайхан үнсээд хэвтэж байснаа унтаад өглөө. Өвгөнийхөө жигдхэн амьсгааг сонсон хэвтэж байхдаа
- Болж байна гээд байгаа юм шүү гэж амандаа хэлчихээд хэнээс ч юм ичмэглэн хөнжлийнхөө захаар амаа даран харанхуй шөнө нүдээ гялтгануулан айлгүйтлээ. Яахав дээ. Хажууд байгаа Бүжингээс өөр хэн л намайг харав гэж. Эмгэн ч гэсэн эм юм чинь хааяа нэг харанхуйд ч болов айлгүйтэж болно биз дээ, би . . .?

                                                                    *   *   *

Орой нь би Хүслэнг цэцэрлэгээс нь авахаасаа өмнө гэрээр нь дайрч түүний туулайг авч очлоо. Тэгэхгүй бол ээж нь биш намайг очихоор дургүйлхэж магадгүй гэж бодсон юм. Явах замдаа бас “Ээжийн бүүвэйтэй хорвоо” гэдэг дууг тархинаасаа хайж, олсон хэсгээ амандаа аялж үзлээ. Болж байнаа. Тэр их хөөрхөн юм. Би урд нь түүнийг өнөөдрийнх шиг ингэж шимтэн харж байсангүй. Дөрвөн настай бумбайсан охин шүү дээ.
- Нөгөө, нөгөө . . . Та нь намайг авч байгаа юм уу? гэнэ. Тэр та нь, би нь, чи нь гэж ярьдаг юм байна. За тэгээд дуугай байна гэж байхгүй юм даа.
- Нөгөө, нөгөө . . . Манай ангийн Анука их муу хүүхэд
- Яагаад? Та нар чинь найзууд биш юм уу?
- Нөгөө, нөгөө . . . Заримдаа л найзууд. Анука нь намайг аавгүй, аавгүй ингээд байдгийн. Ярихсан гэж яарах, асар олон нөгөө, нөгөө нь зэрэгцээд бүр амьсгаа нь давхцана. Хөөрхөн гэж яаваа. Гараас минь атгаж яваа бяцхан гар нь аргалын цог шиг халуун. Хэрвээ би жинхэнээсээ ингэж охиноо хөтөлж яваа бол ийм мэдрэмж төрөх эсэхийг мэдэхгүй юм. Эртээрийн Сувдаагийн “Чи мэдэхгүй л дээ” гэж уурладаг үнэний хувьтай юм гэж бодож явлаа.
- Нөгөө, нөгөө . . . та нь паркыг мэдэх үү? гэж амьсгаадна. Би бодолдоо болоод нилээд хурдан алхчихаж. Миний алхааг гүйцэх гэж шогшиход дээрээ хоёр боосон үс нь сөөсөгнөж, тас тэвэрсэн туулайных нь хоёр чих далбаганана.
- Мэдэлгүй яахав. Эртээр бид гурав тэнд байсан шүү дээ. Чиний туулайг хэн гэдэг юм?
- Нөгөө, нөгөө . . . Нэр байхгүй ш дээ
- Манайд Бүжин гэдэг туулай бий
- Нөгөө, нөгөө . . . Жинхэнэ үү?
- Үгүй ээ, бас л чинийх шиг. Чи бас түүгээр тоглож болно. Чи парк явах тийм дуртай юм уу? гэхэд охины нүд цог шиг гялтганан толгой дохино
- Хоёулаа маргааш очиж тоглоноо
- Нөгөө, нөгөө . . . Ээж нь ирэхгүй юм уу?
- Ээж нь ажилтай. Хөдөө явсан гэхэд түүний харц бүүдийж, хачин уруу царайлна.
Хөөрхий дөө, ээжтэйгээ л уулзах гэж бүтэн тав хоног хүлээдэг байж таарна. Арай хийж тав хоногоо дуусгаад ирэхээр ээж нь байхгүй. Ийм жаахан охины хурууны үений чинээ зүрхэнд ямар их харуусал хурж байгаа нь ойлгомжтой. Орой чухам яадаг болдоо гэж санаа зовж байсан чинь Хүслэн их биеэ даасан хүүхэд байлаа. Хорин дөрвийн цэцэрлэгт явдаг болохоор тэр юм байна даа гэж бодов. Хоёр туулайтайгаа ярьсаар байгаад унтлаа. Түүнийг жаал ширтэж сууснаа орхин интернет рүү орж Сувдаагийн өвчний талаар жаал харлаа. Аргаа л барсан хэрэг л дээ. Миний барагцаалснаар Сувдаад 3-4 сар л үлдсэн байв. Шинжилгээнээс үзэхэд нойр булчирхайд нь хүртэл үсэрхийлсэн байлаа. Тэгэхээр багшийн хэлдгээр ёстой тавилангүй. Санаагаар болдог юм бол энэ бүгдийг хэлээд охиныг нь гуймаар. Гэвч хүн ёс гээч юм бидэнд байх ёстой шүү дээ.
Утас дуугарангуут Сувдааг бодон сандруухан автал Сүхээ ярьж байна. Сандарсандаа тэр үү жаахан дургүйцэв.
- Маргааш та хоёр юу хийх гэж байна? гэнэ. Юу ч хийсэн түүнд юуны хамаатай гэж. Гэхдээ ингэж хариулж чадсангүй.
- Парк явнаа л гэлээ. Ямар нэг их ярих юм байх биш. Тэгэсгээд тасарлаа. “Энэ нэг юм чинь одоо яах гээд л ойр, ойрхон залгаад байна даа” гэсэн бодол бодогдож байна.
Маргааш нь амалсан ёсоороо Хүслэнг авч парк явлаа. Ээжийгээ ойр ойрхон ярих боловч хүүхэд юм болохоороо тоглоомондоо сатаарна. Тэгтэл хаанаас ч юм Сүхээ гараад ирлээ. Юу билээ гэж бодох зуур өчигдөр наашаа ирнэ гэдгээ хэлсэн санагдана. Гартаа бүх тоглоомын тасалбар атгачихаж. Яахыгаа бас мэддэг бололтой юмаа. Би Сүхээд
- Чи бид хоёр одоо ингэж цагаа үрж, мартагдсан тоглоомоор тоглоод яахав даа. Чи явж ганц нэг хүн авбал дээргүй юү гэж такси барьдгаар нь дайруулан наашаагаа битгий гүйгээд бай гэсэн чин санаагаа хэллээ.
- Би өнөөдрөөс больж байгаа
- Яасан? Өөр ажилд орж байгаа юм уу?
- Би чинь цагдаагийн ахмад хүн шүү дээ.
- Хөөх, Танайх чинь тийм муу цалинтай юм уу?
- Үгүй дээ, Ганц бие надад хангалттай. Энэ манай дүүгийн түрээсийн тэрэг л дээ. Дүү маань хоёр хоног явж чадахгүй болоод. Тэгээд л түрээсийнх нь мөнгийг олох санаатай явж байсан чинь чамтай таарсан хэрэг.
- Жаахан хүчгүй л болохоос байж болох л шалтаг юм гэж намайг итгэж ядан байгаагаа нуулгүй хэлэхэд
- Би хойшоо яваад тэндээ цагдаагийн сургуульд орсон юм. Тэр үед цагдааг сэргийлэх гэдэг байсан. Төгсөж ирээд Ховд, Увс, Баян-Өлгий гээд дандаа баруун аймгуудад ажиллаж байгаад хотод ирээд хоёр жил болж байна.
- Авгай хүүхэд . . . ? гэснээ санаа зовж
- Зүгээр л сонирхоод л асуучихлаа. Хариулахгүй ч байсан болно гэдэг нэвтрүүлэг байдаг байхаа?
- Уг нь нэг бүсгүйтэй суусан юмаа. Яагаад ч юм бид үр хүүхэдтэй ч болсонгүй. Миний ажил гэж хөдөө их явах юм. Гэртээ ганцаараа байх хэцүү байсан биз дээ. Харин чи . . . ?
- Суусаан суусан. Олон ч хүүхэдтэй болсон. Сайхан л байна . . . гэж түүнд тунирхаж байгаа юм шиг хэлээд
- За, за худлаа солиорсон юм. Ямар сайндаа л хүний ганц үрийг саатуулж явахав дээ гэчихээд “Би чинь одоо юугаа солиороод унаваа” гэхдээ амаа хамхилаа. Хэсэг чимээгүй сууцгаалаа.
- Засаж болдоггүй алдааг л алдаа гэдэг юм гэж муу аав маань хэлдэгсэн. Тэр нь л болж байх шиг байна. Тэртээ хаврын нэгэн өдөр яг л ингэж хэлсэн юм даа. Өдий болтол хүүхэд гаргасангүй. Үүнийг бодох тоолондоо би чамайг үзэн яддаг. Юугаа ч мэдэхгүй, учраа ч ойлгохгүй жаахан охиныг чи яалаа гэж хаяж явсан юм бэ? Тэгээд одоо гэнэтхэн хаанаас ч юм гарч ирчихээд гэмгүй шувууны тухай үлгэр яриад . . . л. Яагаад би чамд итгэх ёстой гэхэд Сүхээ
- Харин одоо бол би том болсон шүү. Хэлсэн ярьсандаа эзэн болно
- Тэгээд тэр чинь хэнд хэрэгтэй гэж? гээд цааш нь үргэлжлүүлэх гэснээ тэвчлээ.

Үргэлжлэл бий . . .

15 comments:

gigi said...

Suheetei suuhnidee

Anonymous said...

tanii zohioliig untsihaar setgeld oirhon baidag yam. ergej ergetsuulj bodoh saihan baidag yam. bi ch gesen ene owchnoor owdood tenger hol gazar hatuu ye baisan. arai gej owchnoo daraad daraa ni bur ch hund shalguurtai nuur tulsan. amidral gedeg setgeliin tenheetei hund iluu ihiig daalgadag bololtoi. temtsel urgeljilseer.

Бум said...

gigi: Харин ээ
Анон: Тийм шүү. Тийм ч учраас амьдралыг хайрлахгүй байхын аргагүй

deni said...

unshihad saihan baina daraagiinh ni huleej suuya< suhee chin odoogiin honhgor shar uvgun ni biz dee tegeheer suusanm suvdaagiin ohin aygui bol tom ohin ni baigaa daa

Frank said...

Сонин юм шүү. Нэг тийм гэмшил бас омогшил төрөх...

Сайхан бүтээл ч бас л сэтгэл хөгөлдөг. Үнэндээ өмнөх сэтгэгдлийн хариунд дурьдсан чин шударгаар бүтээлийг үнэлж, нөхөрсөг шүүмж, зөвлөмж хэлэх тэнхээгүй болтол автуулж л байна таны бүтээл..

ZAYA said...

Би уншаад л байгаа шүү, сэтгэгдэл оруулж амжихгүй байна, уучилаарай.
Үргэлжлэлийг нь бушуухан оруулаарай.

бум said...

Дэни: харин л дээ харж л байя хэ хэ
Франк: Хэдүүлээ чин сэтгэлээр шүүж сайхан бүтээл болгохыг хичээнээ
Заяа: уншиж л байхад болно.

Anonymous said...

Ih shan bolj bnaa. Gehdee dursamj bichij bgaa bolhoor ter ued hariulahgui ch bsan bolno gedeg nevtruuleg bdaggui bsan bhaa.

Бум said...

Анон: Цааш уншихаар ойлгогдох байхаа. Энэ чинь одоо үеийг дурсаад байгаа ирээдүй цаг юм шүү дээ. Дээх нь нэг уншигч цаг хугацааг нь нилээн сайн гаргасан байсан

Бондууш said...

зиак, Бүгдээрээ сайн уу? ингэж л үргэлжлэх болов гэж санаснаар яваад л байна. Цаг үеийн тухайд ч алть эрт учрыг нь олчихсон л доо.хэхэ. ХАрин одоогийн ханьтайгаа яаж суусан, том охиндоо яагаад Сувд нэрийг өгсийм бола л гэж бодоод яваад байна даа би.

Bonko said...

Энэ чинь тэгэхээр эмгэн ирээдүйд бичээд байгаа юм байна тэ. Харин өнгөрсөн үе нь одоо цаг болж таарах нь ээ. Би чинь Эмгэн нь одоо үед бичээд байна гэж бодсон юм. Гар утас, интэрнет, компютер энэ тэр гэхээр

Anonymous said...

Emch gert ni irj bhiig bodohoor 50,60 onii ueiin dursamj ymuu gesen bas buruu oilgoson ym bhdaa.

Anonymous said...

Сайхан зохиол болж байна. Баярлалаа. Гэхдээ "сэтгэлийн гүнд хүлээлт байгаагүй л байлтай", "сэтгэл ханамж ирээд байх шиг байдаг юм" гэсэн хэсгийг уншингуут гоё давхиж байсан машин ондгос хийтэл донслоод өнгөрөх шиг санагдлаа. "сэтгэлийнхээ гүнд хүлээж байгаагүй л байлтай" ч юм уу "сэтгэл ханаж, дүүрээд ирэх шиг санагддаг юм" мэтээр(энэ зүгээр л дорд миний санаа) найруулж бичвэл бүр сайхан болох юм шиг санагдлаа.
Заяа.

Бум said...

Бондууш: Анх уншиж байсан битүү төсөөллүүд хаа нэг газраараа сэмэрч л байгаа байх.
Бонко: Ай даа яг
Анон: Масктай эмчийг хэлж байх шиг бнаа даа. Соц-н төгсгөлд ч гэсэн буюу 80-аад оны сүүлд ч үх хөндөлт "нууц" байсан
Заяа: хэ хэ энэ мэтийн санаагаа хэлэхэд өөрийгөө дорд үзээд яахав ээ. Санал, шүүмжлэл авахын тулд л хэвлэхээсээ өмнө энд сийрүүлж байгаа болохоор санаа зовох юм огт байхгүй. Надад найруулгын болоод үсгийн алдаа их байдаг юм. Бүр санаа зовмоор. Би эдгээр өгүүлбэрийг заавал эргэж харнаа. Баярлалаа.

Anonymous said...

Нэг амьсгаагаар есийг уншчихлаа. Маргааш үргэлжлүүлнэ. Пока. БМ