# #

Аав хүү хоёр - 1

Модод нахиалж, цэцэгс алаглан, шувууд шулганасан цэцэрлэгийн нарийхан зөрөг замаар аав хүү хоёр хөтлөлцөн аажуухан алхлана.
Өөдөөс нь намуухан сэвэлзүүр салхи үлээх агаад энэ нь хэн хүнд үнэхээр тааламжтай сайхан ажээ. Ёстой л ирж яваа цаг гэлтэй. Аав хүү хоёрт орчин тойрноо анхаарах сөгөө алга. Аав нь бодлогоширсон бас шоглосон янтай. Хүү сонирхсон байдалтай. Үндсэндээ хүү асууж аав нь хариулах аж.
- Ааваа
- Айн
- Би нэг юм асуучих уу?
- За, Чи тэгээд зогсдоггүй шүү
- Та ч гэсэн
- Ааваа би хаанаас ирсэн юм бэ?
- Миний хүү аавынхаа бодлоос, ээжийнхээ хүслээс ирсэн
- Би таны сүүлчийн бодол уу? (бага хүү нь)
- Харин л дээ
- Би яах гэж ирсэн юм?
- Аавтайгаа ярих гэж
- Та хаанаас ирсэн юм?
- Өвөөгийнх нь бодлоос
- Өвөө хаачсан юм?
- Өвөө нь аав руугаа явсан
- Та өвөө рүү явах уу?
- Явна, Гэхдээ аав нь хүүгээ том болоод ярьдаг хүнтэй болохоор чинь явна
- Миний ярьдаг хүн хэн юм?
- Чиний хүү байхгүй юу
- Аан...

Цааш нь сэтгэмжлье…

- Ааваа
- Айн
- Манай монгол улс яагаад хурдан хөгждөггүй юм бэ?
- Хэн тэгж байна?
- Хүмүүс л тэгж ярих юм
- Манайд дайн болоогүй, атомын бөмбөг дэлбэрээгүй болохоор тэр
- Дайн болбол яах гэж?
- Өлсөж, зовж, ядарч туйлдаж үзсэн ард түмэн хурдан хөгждөг юм

- Ардын зүйр үг ямар учиртай юм бэ?
- Амьдралд байдаг, болдоггүй зүйлсээ болоосой, бүтээсэй, битгий тэгээсэй гэхдээ тийм үг зохиож үр хүүхдээ сургадаг юм
- Ажил хийвэл дуустал ...гэдэг чинь?
- Хүмүүс ажлаа дуусгадаггүй л байсан байна.
- Аан...
- Aаваа
- Айн
- Оросууд монголчуудад архи уухыг заасан гэсэн үнэн үү?
- Худлаа
- Та яаж мэдэж байгаа юм?
- Манай ардын үг байдаг. Дөч хүрээд дөнгөж амс, тавь хүрээд тавьж уу, жар хүрээд жаргаж уу гэдэг чинь архи уудаг, тэр тусмаа архины хорыг мэдэрсэн хүний үг шүү дээ. Тэр ч байтугай Чингис хүртэл бор дарсыг болгоож уу гэж зарлигдсан байдаг. Тэгэхээр бид Оросуудаас өмнө архи уудаг байж.
- Дээр үед архи уусан хүнийг яагаад эсгийнд боодог байсан юм ?
- Тэр үед эрүүлжүүлэх байгаагүй юмаа
- Аан…

Цааш нь хэтрүүлэгтэйгээр…

- Ааваа
- Айн
- “Анхны хайр” гэж яагаад нэрлэдэг юм бэ?
- Хүнд заавал хоёр дахь, гурав дахь хайр байдаг болохоор тэр
- Нууц амраг яагаад байдаг юм бэ?
- Хүн болгон нэг нэг эхнэртэй болохоор тэр
- Хамтран амьдрагч гэдэг чинь юу юм бэ?
- Томчууд айл гэр болж тоглож байгаа юм
- Тэд хүүхэдтэй болох уу?
- Тэдэнд аавынх нь хэлдэг шиг тийм бодол, хүсэл байхгүй
- Аан…

Цааш нь шогчилоод…

- Ааваа
- Айн
- Нямдорж гэдэг хүн яагаад хуулийг засдаг юм бэ?
- Тэр хүн хуулийг өөрийнхөө юм гэж бодоод байгаа юм
- Аан. Тэгээд орон дотроо байлгаад байгаа юм уу?
- Мэдэхгүй л дээ миний хүү
- Аав мэддэггүй ээ…

- Ааваа
- Айн
- Та намайг таны бодлоос, ээжийн хүслээс гарсан гэсэн тэ?
- Тийм ээ
- Тэгвэл авилгалын эцэг Энхбаяр гээд л байх юм. Энхбаяр гуай бодоод, эхнэр нь хүсээд л байдаг юм байх даа
- Ха ха харин л дээ Аав нь сайн мэдэхгүй л юм
- Хн, аав бас л мэддэггүй ээ …

Эргээд эцэг хүү хоёр дээр…

- Ааваа
- Айн
- Гэрэл байхад заавал сүүдэр байдаг гэсэн тэ?
- Тэгэлгүй яахав
- Тэгвэл сүүдэр нь гэрлийг тодруулдаг гэвэл болох уу?
- Бараг л болно
- Тэгэхээр Солонгоог онц сургахын тулд би дунд гарч болох нээ?
- Тэр чинь харин болохгүй дээ хүү минь
- Хн, аав энийг болохоор мэдээд байх юм…
- Ааваа
- Айн
- Та өвөө рүү явахдаа намайг аваад явах уу?
- Яалаа гэж миний хүү чинь хүүтэйгээ ярих ёстой юм шүү дээ
- Харин ээ, Би бодоод л байна. Солонгоо харин хүсдэг болов уу яадаг бол?
- Хүс…Үгүй, юу гэчихвээ миний хүү???????

Эцэг хүү хоёрын эцэс төгсгөлгүй асуулт хариулт үргэлжилсээр...
Эцэг нь хүүгээ нэг гараараа хөтлөн нөгөө гараараа дохин занган ямар нэгэн юм тайлбарлаж , хүү нь эцгийнхээ алхааг гүйцэх гэж бас царайг нь харчих гээд аавынхаа хажууд өрөөлдөн шогшсоор нарийхан зөрөг замаар цаашлан цаашилсаар...
Түмэнбаярын Бум-Эрдэнэ 06,14,07

8 comments:

Anonymous said...

Nice blog
http://hotironic.blogspot.com/

БЭ said...

yasan aihtar huu ve te, yum yumyg asuuj shalgaadag hehe. goy zohiol bailaa, thx.

byambaa said...

wow. jaahan huuhduud nyamdorj ene ter geed ulstorjdog bolson bna sh dee. he he. zarim neg yuman deer surhii asuult asuusan bna shuu ter huu.

Nana said...

hehe, hoorhon yum bna,ugaasaa ineeh durtaim bolohooroo baahan l ineej avlaasht,

Д.Цогбадрах said...

Би саяхан Батзаяагийн блогийг уншлаа. Үнэхээр өрөвдөлтэй юм. Тэрээр одоо хүнд өвчинтэй байгаа. Түүндээ шаналан зовж байгаа ....... Та бүхэн түүнд туслахыг хүсвэл http://lovelife.delhii.net/ руу ороорой. Д.Цогбадрах

birdmgl said...

HAPPY FATHER`S DAY!!!
Hendee ch neg l zang-raa heegui gudeshen aav min
Daldhan nuusan hairandaa dandaa olgiitei osgoloo doo...

Ene odroo saihan bayarlaarai!

Bi ch aav-gaa sanaad l suujiin...
Oirhon bsan bol ochood l erhlehsen:-)

Anonymous said...

Ih hogjiltei um aa

:-)

Мөөнөө said...

Айхтар хүүхэд байна шүү.