Аав хүү хоёр гадаалан хүүхдийн тоглоомын талбай тойрон алхлана. Намрын өнгө орж цаанаа нэг тайван. Хүү хөлөөрөө хөглөрөх хатсан навчсыг өшгичөн ааваасаа элдвийг асуусаар...
- Ааваа
- Айн
- Хайр гэж юу юм бэ?
- Хүний сэтгэлээс урган гарч байгаа маш халуун дотно, сайхан энергийн урсгал гэж хэлж болно. Эрэгтэй эмэгтэй хүний хайр сэтгэлийн хувьд бол тодорхой хугацаанд дэндүү дассан тэр сэтгэлийг хайр гээд байх шиг байгаа юм.
За байз аав нь хүүдээ яаж ойлгуулъя даа байз.
- Тэгвэл хугацаагүй хайр гэж байхуу?
- Байна. Хугацаагүй буюу мөнхийн хайр гэж байлгүй яахав.
- Ямар хайрыг хэлдэг юм?
- Эхийн хайр шиг мөнхийн хайр гэж үгүй
- Яагаад?
- Чи анх хүн болохдоо ээжийнхээ эд эс болгоноос бий болж, ээжийгээ уйлуулан хайлуулан байж, уран тасдан байж, үхэл амьдралын зааг дээр аваачин байж төрсөн болохоор тэр
- Өө тэгвэл надад бүр хайргүй байх юм бишүү?
- Үгүй дээ үр минь. Эх хүний үрээ гэх сэтгэл шиг агуу юм, ариун юм, уужим саруул, үнэнч мөнхийн юм гэж үгүй юм. Тэгэхээр хэдий чинээ зовж шаналж, бодож хүсэж байна төдий чинээ хайрладаг. Эх хүний агуу гайхамшиг үүнд л байгаа юм. Ер нь өсөж хөгжих, үр үндэсээ үлдээх нь байгалийн мөн чанар. Түүний гол үндэс нь эмэгтэй хүн, түүний сэтгэл зүрхнээс ундрах хязгааргүй их хайр юм даа.
- Тэгээд ээж намайг хааяа байлгаад л хаядаг шүү дээ. Гэхдээ хааяа л даа
- Ээж нь чам дээр муу юм тогтчихвий гэхдээ гөвж, цэвэрлэж байгаа нь тэр
- Гэхдээ заримдаа өвддөг л юм даа
- Хааяа чангахан гөвөхгүй бол толгой дотор чинь муу юм орчих гээд байгаа юм
- Эмээ таныг гөвж цэвэрлэдэг байсан уу?
- Тэгэлгүй яахав. Хааяа бүр шилбүүрийн хуйв, үнээний тушаагаар гөвнө.
- Тэгвэл толгойд чинь их муухай юм орох гээд байж дээ.
- Тэрний хүчинд л аав нь өдий зэрэгтэй яваа юм
- Чи ээждээ хайртай биздээ?
- Аягүй их хайртай. Заримдаа би ээжийг ажилдаа явахаар нь уйлмаар болоод, тэгээд санаад л байдаг
- Тээр. Хайр гэдэг ийм сайхан. Чи хайрын тухай мэдэхгүй байхад чамд хайр байж л байгаа юм даа
- Өө нээрээ надад байна.
- Тэгэхээр миний хүү том болоод хаа ч явсан ээжийгээ хайрлаж, ярьсан хэлсэн болгоныг нь санаж, хаанаас ч гэсэн утас шөрмөсөөр ч болов ярьж элгий нь дэвтээж байгаарай.
- Элэг нь яагаад хатдаг юм?
- Үр хүүхдүүдээсээ холдоод хүүхдүүд нь ээжтэйгээ холбоо барихгүй, эргэж тойрохгүй болохоор хүүхдээ санаад бэтгэрсээр байгаад зөвхөн элэг нь биш сэтгэл санаа нь, гоо сайхан нь яг энэ модны навч шиг хатаад өдөр өдөрт ширхэг ширхэгээр тасран унасаар байдаг юм. Тийм болохоор ээжийгээ навчаа гөвсөн мод шиг болгож болохгүй.
- Тэгвэл энэ модны хүүхдүүд нь ээждээ ирэхгүй байгаа юм уу?
- Магадгүй
- Дараа жил дахиад л навчтай болно биз дээ?
- Яахав тэр үед хүүхдүүд нь ирж модод ихэд баярлаж элэг нь дэвтэж байгаа нь тэр
- Гэхдээ бас л их удаан юм даа тиймээ ааваа
- Харин тийм. Бас л удаан л юм
- Би тэгж ээжийгээ удаан хатаахгүй ээ
- Тиймээ! Миний хүү ийм их хайран дунд өсөж байгаа юм чинь сэтгэл зүрхээ чагнахад л болно доо
- Хүн болгон ээжтэй тэ ааваа?
- Тиймээ миний хүү! Энэ дэлхий дээрхи хүн бүхэн сайхан ээжтэй
- Бүгдээрээ ээждээ үнсүүлээ л, бүгдээрээ ээждээ хайрлуулаа л, бас бүгдээрээ ээжээрээ цэвэрлүүлээ л...(гэснээ хэсэг бодсоноо) за тэгсэн ч гэсэн бүгдээрээ ээжтэйгээ хамтдаа байвал ямар гоё вэ тиймээ ааваа ?
- Тиймээ хүү минь Тэрэн шиг аз жаргал гэж хаа ч үгүй дээ
- Тэгвэл эрэгтэй эмэгтэй хүний хайрын тухай?
- Тэрийг аав нь хүүгээ жоохон том болохоор нь хэлж өгье
- За, за дурамжхан санаа алдав...
Намрын хонгор салхи нам гүмхэн сэвэлзэж, ногооны үзүүр шарлаад, ганц нэг навч уйтайхан газардаж, байгаль дэлхий нэг их ажлын дараах амралт мэт тайван. Хүүгийнхээ бүгдээрээ хамтдаа байвал гоёоо хэмээн цангинуулж хөхүн баясаж гүйх хүүгээ аав нь араас нь харж баярлах авч цаанаа нэг гуниглангуй. Хүү үүнийг анзаарахтай мантай. Ганц нэг модод нилээд эрт навчисаа гөвсөн нь нүдэнд нэг л эвгүй.
Нээрээ л хүүгийн хэлснээр хүүгээн харуулдаж цөхөрсөн ээж гэлтэй...
Элдвийг бодон алхах аав хүүгээ чимээгүй болчихоор нь гайхан харвал хүү нь нэг навчийг нүцгэн модны холтсонд хавчуулахыг оролдож зогсовоо...
2020 World Photography Awards Book (PDF)
3 years ago
5 comments:
yamar huurhun yum be, navchiig n butsaagaad naah geed zogsoj baina geed unshian chin bur setgel hudulchihluu. huuhed gej ariuhan yostoi tsagaan tsaasaar dursevlel deer n neg ch tolbo uuseegui tiim tseverhen yum daa. mash saihan bichleg baina. aale hediin tany ulaan fan bolchood bichleg hurdan oruulaasai hemeen udur bolgon shagain suudag bolsoon. thx!
huuhduud neeree sonin sonin asuult asuuna shuu. manai ohin nadaad huuhed haanaas gardgiin geed l bgaa. hehe
tani zohiolig unshaad bur eejigee sanchihlaa, heden odrin omon zalgaad yarsan chin eej ny utsaa bainga hajuudaa avch yavaj baigaa mini ohin shono ch bolov yarij bagaarai gej baisan eejinhee setgelig bainga tevteeh bolno, saihan surgaal hairalsand tanyd bayarlalaa
Эхийн хайр гэж үнэхээр аугаа зүйл шүү.
Их сайхан бичжээ. Таны бичих хэв маяг үнэхээр хүмүүсийн сэтгэлд хүрч чадаж байна. Гайхалтай.
yamar egduutei yum be. Bur aav huu 2 nudend haragdaad, huugiin navch modnii holtsond havchuulj bgaa ni tusuulugduud huurhun yumaa. ogshood l irlee. yostoi goyo bichleg bna . bayarlalaa
Post a Comment