# #

Нурам - 10 (тууж)

Би эгээтэй л доошоо суучихсангүй. Нүүр маань халуу шатаад байх юм. Харин Суурь Хэрлэнгийн гараас татан босгоод зөөлхөн алхсаар булан тойроод одлоо. Тэд бие биедээ дурлажээ гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Хүн дурлах л юм бол хулгайчтай ч сууна гэж хаа нэгтэйгээс сонссон шиг. Гэхдээ энэ бүхэн надад хамаагүй. Гол нь сэтгэл зүрхээ ойлголцож л байвал насны зөрүү хэнд хамаатай байх билээ дээ. Тэдний дүрс булан тойроод алга болсонтой адил тэдний тухай бодлоо гэгээрүүлэхийг хичээлээ. Гэтэл түр мартагдаад байсан өнөө сэжиг дахиад л эргэлдэв. .
Хэрвээ миний таамаг үнэн бол өнөөдөр л явах ёстой мэт. “Үнэн үү, худлаа юу? Явах уу, Болих уу? Ингэхэд яагаад болохгүй гэж” эргэлзэж тээнэгэлзэх хэрнээ зузаан хувцас, гар чийдэн, хоёр сав ус, жаахан идэх юм зэргийг үүргэвчинд хийж бэлдээд Однарыг дуудаж
- Би жаахан гадуур яваад ирье. Намайг оройтвол санаа зовох хэрэггүй. Салаагаа чимээгүй бай гэж хэлээрэй гэчихээд Однарыг гайхсан харцтай нь үлдээгээд гарлаа.
Үдшийн улаан нар баруунаа хазайжээ. Хуурай атлаа явган салхигүй тогтуун орой юм. Маргааш овоо аятайхан өдөр болж магадгүй юм. Аймгийн төвийн дэлгүүрийн үүдэнд очиж нэг мотоцикльтой залуутай ярьж хэдэн төгрөг өгөхөөр тохироод Эрдэнэ Хайрхан тийш гараад давхичихлаа. Яг таг баталгаа байхгүй болохоор ганцаараа явахаар шийдсэн хэрэг. Уулынхаа бэл рүү нилээн давхиад тэндээ бууж үлдэв. Дээш алхсаар нар унаж, бүрэнхий болохын алдад энэ хавьд л гарах болов уу гэсэн газраа ирж нэг өндөрхөн хадан дээр гараад сууж авлаа. Орчны юм үзэгдэх нь хавьгүй илүү юм. Гэхдээ мөдхөн ингээд харанхуй болно гэдгээ мэдэж байгаа. Тэгснээ “Би мөн ч тэнэг хүн юмаа” гэж өөрийнхөө тэнэгийг шоолж баахан инээв. Энэ олон ам, энэ их моддын хаанаас нь гал гарна гэж энд сууж байгаа юм болоо гэж бодохоор өөрийгөө шоолохоос яахав. Мөдхөн хав харанхуй нөмрөөд ирэв. Буцна гэхээр унаа байхгүй. Тэгээд ч энэ харанхуйд хаашаа ч яваа билээ. Багад болсон явдал санаанд орж ирэв.
“Би багадаа их нэхэл хатуутай, заргач маягийн нөхөр байв. Нэг удаа би хулгайн хэрэгт унав. Уг нь бол эмээ маань л надаар тоглосон юм билээ л дээ. Нэг өдөр эмээ маань юухан ч юм шидэж сууснаа Хойд амбаарт байгаа өлгөөтэй борцноос нэг хүн аваад байна. Миний хүү биш биз? гэлээ. Би аваагүй гэтэл эмээгийн харц нэг их шоолонгуй болж ирснээ Үнэн үү дээ гэж байна. Миний дотор нэг юм арвагнаад болдоггүй. Үгүй ээ, би биш гэж уцаарлах маягтай хэлэв. Тэгээд тэр нөхрийг нь бариад өөрийгөө цайруулах юм шүү гэж бодлоо. Тэгээд оройхон амбаарт ороод нэг буланд нуугдаад хүлээлээ. Харуй бүрий ч болов. Эмээ намайг хайгаад, дуудаад байна. Би хариу дуугарсангүй. Нэг мэдсэн чинь өглөө болчихож. Миний дээрээс өвөөгийн хөвөнтэй дээлээр хуччихсан байж билээ”
Нэг мэдсэн чинь тас харанхуй болжээ. Хэдий хэр сууснаа анзаарсангүй. Шөнийн тэнгэрт түм буман одод анивалзаад үзэсгэлэнтэй. Хувцсаа зузаалсан тул даарах нь гайгүй. Жаахан идэх юм идчихээд усаа ууж хэсэг суулаа. Тэртээ доогуур бэл ороосон замаар нэг машины гэрэл давхиж явна. Хүссэн хүсээгүй тэр гэрлийг дагуулан харсаар байв. Харанхуй шөнийн ганц гэрэлийг харахгүй хэн байх билээ. Гэтэл тэр гэрэл замаас гарав уу гэлтэй тэндээ эргэж хургаснаа дээш өгсөж, тун удалгүй моторын уухилах чимээ тод сонсогдож ирэхтэй зэрэг миний зүрх хүчтэй цохилж, амьсгаа давхцаж ирэв. Тэгсэн хэдий ч энд ирсэн зорилго минь энэ болохоор гэрлийн зүг газрын бартаа барин гүйлээ. Машины гэрэл тэмтчих мэт явсаар модны ёроолд ирж зогсов. Би угтан гүйсээр барааны газар очиж амжив. Тэд намайг мэдэхгүйд миний давуу тал байв. Машинаас хоёр хүн бууж тамхи асаагаад хэсэг зогссоноо уул өөд яаралгүйхэн мацаж эхлэв. Хоёулаа юүдэнтэй цамц өмссөн нь нүдэнд хүйтэн харагдана. Эдэнд өөрийгөө мэдэгдэхгүйн тулд ойртож чадсангүй. Хөл доороо мөчир хугалж хар авхуулахгүйн тулд хичээх хэрэгтэй болов. Анхаарлаа төвлөрүүлчихээр нөгөө сандрах хийгээд зүрхний цохилтоо ч анхаарах сөгөө алга. Тэднийг даган өгссөөр голын сайрт хүрлээ. Сайрыг хөндлөн гарч яг л миний газрын зураг дээр зааж байсан цэг хавьцаа ирэх нь тэр. Би тэдэнд улам ойртохыг хичээж гэтсээр. Нөгөө хоёр дахин нэг тамхи асаалаа. Нэг нь хуурай мөчир хэд хэдийг хугалж овоолоод дээр нь хуурай өвс тавив. Гэтэл нэг нь
- Эндээс болох байлгүй дээ. Салхи нь баруунаасаа юм чинь
- Чи бүр туршлагатай болжээ гээд хоёул бөглүүхэн инээлдэв. Тэд доош сууж бэлдсэн газраа гал тавилаа. Би хичнээн сандарсан хэдий ч
- Зогс . . . буудлаа шүү гэж хашгирахад нөгөө хоёр хүн байна гэж санаагүй дээ тэр үү сандарч нэг хэсэг гацсанаа цааш эргэн зугтлаа. Би харайлгасаар тэдний тавьсан асаж амжаагүй галыг хэд хэд дэвслээд
- Та нарыг хэн болохыг таньж байна шүү. Зогс та нар гээд араас нь харайлгав. Яг тэр мөчид би өөрийгөө чухам яах гэж яваагаа ч ухаарсангүй. Тэд хоёр тийш салан гүйв. Би нэгнийх нь араас гүйлээ. Тэр мод бут тойрон ийш тийш үсчин харайлгана. Уулын уруу болоод тэр үү би юу юугүй түүний ар дээр ирж, мөрөн дээрээс нь атгаж автал тэр гэнэтхэн эргэж намайг элгэдэн миний барьцыг тавиулаад цааш гүйлээ. Түр саатсан ч гэлээ би хэдхэн харайгаад дахиад ард нь ирэв. Хариугүй барьдагийн даваан дээр нэг хөндлөн мод гэнэт нүүрэн дээр тусаж би хойшоо саван унав. Тэдний пижигнэлдэн холдох нь сонсогдоно. Би ухасхийн боссон боловч толгой эргээд гүйх нь битгий хэл олигтойхон харайж ч чадахгүй шинжтэй. Харамсалтай нь юүдэн угласан тэдний царай төрхийг харж чадсангүй. Төдөлгүй машины мотор ассанаа улам бүр холдож одлоо. Би гэлдэрсээр ойгоос гарав. Одоо хэн ч ирэхгүй нь тодорхой. Яаж ийж байгаад аймгийн төв орохсон. Юутай ч гэсэн зам бараадах хэрэгтэй. Хамраас бага зэрэг цус гарсан байна. Толгой ангалзаад, дух нүд хавьцаа час час хийнэ. Бодвол хавдаж байгаа бололтой. Уначихгүй л юмсан гэж бодогдоно. Шүд зуун гэлдэрсээр зам хүрлээ.
“Аймаг хүртэл хорь гаран км. Эрүүл үед бол юу ч биш л дээ. За яахав ямар нэгэн унаа явах байгаа. Харин миний бодсон үнэн болох гээд байдаг. Яах аргагүй л гал тавих гэж оролдсон. Энэ үнэн. Харин хэн, юуны тулд тэр вэ? Би ч гэж би. Өдий хүртэл хашир суудаггүй, арай л түргэдчих юм” гэж бодон гэлдэрч явтал тэртээ ард нэг гэрэл гарч, төд удалгүй давхиад ирэхэд нь би гар өргөлөө.

* * *
Намайг байрны үүдээр орж ирэхэд тэр шөнийн жижүүр
- Таныг хэн ингэчих вэ? Согтуу хөлчүү юмнууд уу?
- Мэдэхгүй ээ, хоёр нөхөр л байна
- Цагдаад мэдэгдэх үү?
- Хэрэггүй, хэрэггүй. Би гайгүй байна. Одоо тэгээд ч олдохоосоо өнгөрсөн гээд дээшээ гарлаа. Маргааш ч харахын аргагүй юм болно доо гэж бодсоор өглөө толинд харсан чинь харин гайгүй шүү. Гэхдээ хэн ч харсан цохиулж гэдэг нь тодорхой. Манайхан “хэн бэ? хэн бэ? Хэн таныг ингэчихэв?” гэсэн асуултаар зэрэг зэрэг буллаа.
- Таныг шөнө ирэхийг мэдшэн л дээ. Гэхдээ ийм болшныг мэдээгүй гэж Сансар бувтнав.
- Уаа, ангайтлаа унтаж байсан чи яаж мэддэг юм гэж Лхагвын хэлэхэд
- Мэдэлгүй яадгийн. Дарга Хэрлэнгийн дараахан иршэн юм чинь гэлээ. “Хэрлэн бас шөнө дунд ирсэн байх нь” гэсэн бодол бүгдийн царайнд илрэв. Тэгтэл жижүүр орж ирээд
- Эрхэм ахлах дэслэгчийг Батсуурь ахмад дуудаж байна гэлээ. Би толгой дээрээ байсан хүйтэн жинг авч, малгайгаа хазгайдуухан тавиад гарахад
“Суурь ахмад, дарга хоёр зодолдсон юм болов уу? Харин ээ, арай Хэрлэнгээс болоогүй байгаа”гэх яриа хаалган завсар хавчуулагдаж үлдэв.
- Хэнтэйгээ зодолдоод нүүр амаа ийм болгочихоов? гэсээр Суурь намайг угтлаа. Би жижүүрээс сонсождээ гэж ойлгов.
- Эрдэнэ Хайрхан ууланд гарч байгаа гал надад санаатай тавигдаад байх шиг санагдаад байна.
- Юу гээд дэмийрээд байгаа юм бэ?
- Би урд шөнө тэнд хоёр этгээд гал тавьж байхыг хоёр нүдээрээ харлаа. Харамсалтай нь барьж чадсангүй.
- Чи арай энэ нутгийнхан гал тавиад байна гэх гээд байгаа юм биш биз дээ?
- Чи сая сонслоо ш дээ
- Наадах чинь харин явуул хүний зуугуул бодол байна даа. Яалаа гэж энэ орон нутгийнхан уул хангайгаа түймэрдэж байх юм?
- Мэдэхгүй юм даа. Ямар ч байсан энэ ойг шатаах зорилго зарим нэг хүнд байна. Ийм юм болоод байнаа гэдгийг нүдээр харсан хүн хэлээд байхад огт цочрох ч үгүй байгаа нь сонин байна шүү гэхэд Суурийн харц ширүүсч ирснээ
- Чи надад заах гээ юу? Аль эсвэл . . . гэснээ нэгийг санасан мэт царай гарган
- Эсвэл алдсан цолоо олж авахын тулд надаар туг тахихаар шийдээ юу? гээд намайг сэжиглэнгүй харлаа.
- За юу гэж бодох нь чиний хэрэг. Бодит байдлыг чамд хэллээ. Яах аргагүй хоёр хүн гал тавих гэж оролдсон. Би харсан
- Чи мөн сүрхий хүн ээ. Тэр их уулын яг хаана нь хүн гал тавих гэж байна гэж чи мэдээд бас яг тэнд нь очоод отов? Сонин л юм. Үүнд чинь ер нь хүн итгэх үү? Ер нь харанхуй ойд төөрсөн хүн зүг чиг гаргахын тулд гэрэл гарганаа даа. Гэтэл гэнэтхэн хүн ч юм уу, амьтан ч юм уу нэг юм дайрахаар яах ёстой вэ? Чи бол яах вэ? амиа хоохойлохыг бодохгүй гэж үү? гэж надаас ноцтой асуулаа. Би тодорхой хариулж чадалгүй түгдрэв. Нээрээ хэн ч байсан гэсэн биеэ хамгаалж л таарна л даа. Гэтэл Суурийн дууны өнгө гэнэтхэн зөөлөрч
- За ямартай ч гэсэн Галаа чи жаахан амар. Наад толгой тархиа үзүүл. Би бас бодъё гэлээ.
Суурийн өрөөнөөс хурдхан шиг гарч Сэлэнгээ рүү залгалаа. Санаанд буугаад байгаа хараа тодруулах гэсэн хэрэг.
- За яасан бэ?
- Яах юу байхав дээ. Танай яаманд уул уурхайн компаниудын бүртгэл, судалгаа байдаг биз дээ?
- Байх нь ч байгаа байх. Гэхдээ манай хэлтэст энэ чинь хамаагүй ш дээ
- Чи ямар ч байсан нэг компаний тухай мэдээлэл олоод өг. Эзэн нь хэн юм? Ямар түүхтэй юм? гэх мэтээр
- Чи бас юугаа сэдчихээд хүн давчдуулаад унав даа? Ямар нэртэй юм, тэгээд?
- Их тулгат. Энд үйл ажиллагаа явуулдаг. Сайн ухаад, хурдхан шиг хариу хэлээрэй
- За, за би асууя. Юм олж мэдвэл залгая гээд утсаа таслав. Өрөөндөө оруут толгой дээрээ хүйтэн жин тавьж хэвтлээ. “Энэ яг ямар учиртай юм бол?” гэсэн асуулт толгойноос гарсангүй. Шөнө жаахан нойр муутай хоносон учир тэгсгээд унтжээ.

* * *
Түгшүүрийн дохио хангинах дуунаар манайхан “Хаана вэ? Хаана вэ?” гэсээр гарч жагсацгаалаа. Суурь бидний өмнө ирж
- Энэ удаагийн гал Бүрэнгийн нуруунд гарлаа. Ирсэн мэдээгээр бол галын хүрээ их байх шиг байна.Танайхан тэндээ нилээн хэд хонох байх. Араас чинь бүх бэлтгэлийг явуулна. Одоо ингээд хурдан хөдөлцгөө гэлээ.
Биднийг машиндаа суун хашааны хаалгаар гарч байх тэр агшинд бөөрөн дээрээ “Их тулгат” гэсэн бичигтэй машин ирж өмнөх зогсоолд зогсов. Би тэр машинаас харцаа салгаж чадсангүй. Машинаас нөгөө шар залуу мөн л тамхиа зажилсаар бууж ирэхдээ зөрөөд өнгөрч байгаа бидэн рүү нэг л доогтой харцаар харав. Сэтгэлд нэг л эвгүйцэл төрж, дотор зарсхийхтэй зэрэг нэг бодол харвав.
- Эрдэнэ Хайрхан чинь бидний замд байхаа? гэвэл жолооч
- Улаан зам дээр
- Хальтхан дайрах юм шүү. Урд шөнө нэг юмаа унагаачихаж гэхэд жолооч “Дуудлаганд явж байж юу гэнэ вэ?” гэсэн янзтай гайхан харав. Би аймгаас гарахаас өмнө Сэлэнгээ рүү дахиад залгалаа.
- Яасан бэ? Юм олж мэдэв үү? гэхэд
- Харлаа, харлаа. “Их тулгат” гэдэг чинь алтны уурхайтай бас хайгуулын лиценз эзэмшдэг юм байна. Хэл ам багатай л юм шиг байна ш дээ. Эзэн нь наанаас чинь сонгогдсон гишүүн учраас одоо эхнэрийнх нь нэр дээр байдаг юм байна.
- За за ойлголоо
- Ингэхэд чи юугаа асуугаад байгаа юм бэ?
- Юу ч биш ээ, юу ч биш
- Битгий л нэг янз бүрийн юмтай орооцолдоод санаа зовоогоод байгаарай
- Зүгээрээ, зүгээр. Бид одоо яг дуудлага аваад аймгаас гарч байна. Ингэсгээд утас тасрах байх шүү
- Чи л болоод зүгээр байх даа. Түүгээр явсан гайг үүгээр дуудна гэгч болов. Яаж ийж байгаад бүрэн бүтэн ирэхийг бодоорой гээд л яг эхэлж байтал утас тасарлаа.
Бид давхисаар Эрдэнэ Хайрхан уулын хажуугаар ороход нь
- Ийшээ, тийшээ гэж жолоочид заан шөнийн ирсэн машины мөрөөр оруулан бэл өөд өгсөж яг зогссон газар нь машинаа зогсоогоод
- За та нар наанаа байж бай. Би удахгүй гээд тэднийг гайхсан харцтай нь хамт үлдээгээд дээшээ гүйлээ. Аахилж уухилсаар гал тавих гэж байсан газар нь ирж тэр хавиар нь эргүүлдэж хайсаар хоёр тамхины иш оллоо. Модны мөчирөөр хавчин шүдэнзний хайрцганд хийж аваад чихэр олсон хүүхэд шиг л юм машин руугаа дэгдчихлээ. Сэтгэл хөөрч, баяр ч төрөөд байх шиг.
- Болоод явчихсан шүү хө. Гишгээд байгаарай гэж жолоочдоо хэлээд халаасаа тэмтэрч хайрцаг байгаа эсэхийг нягталж үзэв. Толгойд түмэн зүйлийн таамаг, гайхшрал, эргэлзээ төрсөөр одоо дуудагдаж байгаа галын тухай огт бодсонгүй явлаа. Аймгийн төвөөс бараг зуун наяаад км дахиад Бүрэнгийн нуруунд ирлээ. Хойноосоо урагшаа сунаж тогтсон их нуруу юм. Бүрэнгийн нуруу цааш үргэлжлээд Сэрвээ хайрхан, Улаан даваа гэхчилэн үргэлжилсэн их уулс ажээ. Утаа суунаглаад байгаа газрыг тойрч давхисаар доод талд нь ирж бууцгаалаа. Нэг үеэ бодвол манайхан газар орныхоо баримжаанаас хамаарч хэн нь юу хийхээ мэддэг болсон байв. Жолоочийг отоглох газраа үлдээж, майхан саваа барьж хоол унд хий гэж тушаагаад өөрсдөө гарч буй утааг чиглэн өгслөө.
Хөвд ихтэй, цас нь эрт хайлснаас борог өвс нь учиргүй хуурайшчихсан ер нь л яаравчлахгүй бол бид барьж дийлэхгүй ч байж мэдэх шинжтэй. Арайхийж дөхөж очсон даруйдаа координатыг газар дээр нь тогтоож, талбайн хэмжээг нүдэн баримжаагаар аваад Хэрлэнгээр төв рүү мэдээллээ.
Үргэлжлэл бий . . .

"ҮР ХАРАМ" туужийн номноос

6 comments:

Piglet said...

Дараагийхийг тэсэн ядан хүлээж байна.

Bat said...

Meded bsan yum aa :D

bilgeedb said...

za daa manai suuri ch neg l holbogdoh geed l bna uu daa :D bayrlalaa Bum ahaa

miracle said...

Харин тиймээ Суурь ч том юманд унах гээл бна. Бас Хэрлэн ямар санаатай нь тодорхойгүй бнаа. Суурьт үнэхээр дурлачихав уу эсвэл охин нь бгаад албаар ийм юм хийгээд бдийн бол уу

Баярлалаа

Anonymous said...

Хэрлэн бол анхнаасаа үүрэг даалгавартай ирсэн цагдаагийн хүн.байх өө. Охин нь ч болж таарч магад

Frank said...

Улам ээдрээд л байдаг. Гэснээс нэлээд хэдэн хэсэг орчихсон байна. Бөөнддөг хэрэгээ :P