# #

Нурам - 8 ( тууж)

Суурь энэ бүгдийг бодон зургаа хатгасаар сууна. Аймгийн төвийн ноход гудамжаар нэг улилдаж эхлэхэд Суурь сая нэг юм сэхээ авч, цонхоор харвал үүрийн гэгээ харанхуйг мөрлөж, ертөнцийн өнгө ямх ямхаар тодорч байв. Суурь суудлаасаа өндийн яргай махаа тэнийлгэн, яс үсээ дуугарган хэд хэд тонголзож, биеийн чилээг гаргаад, шилэн аягатай вискийг жаал харж сууснаа лонхны хүзүү рүү нямбайлан тонгойлгоод таглав. Түүний архи гарсан бололтой. Толгой хүзүүгээ угааж, сахлаа хусан зогстол яагаад ч юм Тусгай-2 салааны Хэрлэнгийн инээмсэглэсэн төрх зурсхийв. “Хөөрхөн л инээдэг юм билээ” гэсэн аядуу бодол дагалдахад “Бас гал унтраана гээд байгаа” гэсэн бодолтой хамт түүний инээмсэглэл дахин зурсхийв.
- Юу болоод үе үе бодогдоод байгаа шулам бэ? гэж хэн нэгэн хажууд нь байгаа юм шиг чанга хэлэв. Тэгэвч цайгаа уухад нь ч, машиндаа суухад нь ч, ажил руугаа явахад нь ч Хэрлэнгийн алаг нүд дүрлэгнээд болсонгүй. Тэрээр амаа нэг их том ангайн эвшээснээ “Нойргүй хоноод галзуурах гэж байгаа юм байх даа” гэж бодон голынхоо толинд өөрийгөө харж, нүдээ нухлаа.

* * *
Суурийнд очсоноос хоёр хоногийн дараа эхний дуудлага ирж, түгшүүр зарлалаа. Жижүүрийн “Эрдэнэ Хайрхан, Мухарын ам” гэж хашгирах чимээ хүн хүний ам дамжин хонгилоор нэг давтагдаж манай Тусгай-2 салаа ийш тийш гүйлдэн түргэн авч байлаа. Жолооч маань машинаа хашааны гадна гаргахад бүгд машиндаа сууцгаалаа. Суурь албаны 69-тэй урд нь гарч, манай ГАЗ-66 араас нь давхив.
Аймгаас холгүй, хорь гаран км-т Эрдэнэ Хайрхан хэмээх сайхан хайрхан байх агаад түүний Мухарын ам хэмээх хойшоо харсан нэгэн аманд утаа саагих нь харагдана. Суурийн 69 давхисаар хошуу ороон саагиж буй утааг өнгөрөх нь үү дээ гэмээр тойров. Бид гайхасхийн дагана. Тэгээд түүнийг салхины дороос нь очих гэж байгааг сая ойлгов. Хоёр машин уулын энгэрт цааш явахааргүй газарт тулж ирээд зогслоо. Суурь газрын зураг гаргаж машиныхаа хамар дээр дэлгэж, бид тойрч зогсов.
- Наашаа анхаар! Манайхны шүдний өвчин энэ Эрдэнэ Хайрхан байгаа юм. Утааны байдлыг харахад нэг их газар аваагүй бололтой. Салхи баруунаасаа гэж тооцвол танай салаа эндээсээ жаахан зүүн талаар энэ хар толгойг тойрч очих хэрэгтэй. Тэнд хэсэг хэсэгхэн сайр бий. Тэндээс эхлээд галынхаа өөдөөс цуруу тавих хэрэгтэй. Хурдлахгүй бол та нар сайр давуулчихаж мэднэ. Тэгвэл барихад тун хүнд болно.
- Салхи эргэхгүй гэсэн баталгаа байхгүй дээ гэж намайг хэлэхэд
- Мэдэж байна. Цаад сугаар нь нарийхан гол урсаж байх ёстой. Одоохондоо судаг нугаараа бага сага чийгтэй байгаа байх. Гэхдээ ердөө хэдхэн хоногийн дараа гэхэд бүх чийг алга болно. Жинхэнэ хуурайшилт эхлэнэ. Дэд ахлагч Хэрлэн очсон даруйдаа Галаагийн тогтоосон координатыг төв рүү дамжуул. Бас байдлыг надад ойр ойрхон мэдээлж бай. Би та нарыг эндээ хүлээнэ.
- Мэдлээ
Тэр үнэхээр ажлаа ч, газар орноо ч сайн мэдэж байлаа. “Аргагүй дээ хорь гаран жил энэ л газар оронд амьдарч, гал түймэртэй тэмцсэн хүн чинь” гэж анх удаа түүний талаарх эерэг бодол орж ирж байв. Манайхан өөртөө таарсан бүх л багажаа үүрэх нь үүрч, тэврэх нь тэвэрсээр гарч өглөө. Бидний багаж гэж хорин литр устай ирло хэмээх сав, хүрз, савар, төмөр шүүр, цуруу өдөөгч, цуруу үлээгч гэсхийгээд болчихно. Хүн бүр гар станцтай. Хэрлэн холбоогоо үүрэн эгнээнд орон явахдаа Суурь луу харан нэг их наалинхай инээмсэглэхийг би санамсаргүй хараад орхив. Энэ инээмсэглэлийг харахад Хэрлэн гэдэг охин миний бодож буй шиг охин биш бололтой. Бараг л харах ёсгүй юм харчихсан шиг надад санагдах нь сонин. Гэхдээ хүүхдээрээ амьтан санамсаргүй л сахилгагүйтээ байлгүй гэж бас бодогдоно. Суурийг сэм ажвал хулмагнаад ч байх шиг. Хэдийгээр нэг их сүйд болохоор үйлдэл биш ч гэлээ сэтгэл сэрхийлгээд орхив. “Золигийн хүүхэд вэ” гэж Хэрлэнг цагаатган бодлоо.
Манай салаа алхсаар хоёр онийг даван байж галын захад хүрлээ. Салхины ам цаашаа. Бид араас нь явбал гүйцэхгүй шинжтэй. Тиймээс урдуур нь амдахаар болов. Бид амдан гүйсээр Суурийн хэлсэн сайрт хүрэв. Одоо гал бидний ард гарсан бөгөөд салхинд туугдсаар ирэх нь тодорхой. Суурь үнэн хэлжээ. Газар орноо ч, галын байдлаа ч сайн мэдэж байгаа нь илт. Даваа, Лхагва хоёроор цуруу тавиулж, араас нь Мягмар, Пүрэв хоёроор дотогш нь үлээлгэж бусдыг нь цурууны ирмэг даруулан цуваанд орууллаа. Сансарыг хамгийн ард гарган давхар хянууллаа. Хэрвээ араараа гал алдвал цөөхөн хүнтэй учир самарч гүйцнэ гэсэн үг. Би газрын координатыг Хэрлэнд хэлж төв рүү дамжуулав.
Хамгийн сонин нь Суурийн хэлээд байсан нарийхан гол гэдэг нь байсангүй. Энүүгээр л урсаж байсан болов уу гэмээр хуурай сайр үе үе тахиралдана. Энэ жил ус багатай байна уу эсвэл энэ гол ширгэчих нь энэ үү? ялгасангүй. Ер нь энэ Эрдэнэ хайрхан уулын мод доороосоо эхлэн хэсэг хэсэг газар цооноглон шатсан болохыг анзаарав. Гал гарах болгонд нь хэсэгчлэн унтрааж байсан байх гэмээр юм. Шатсан модод хөсөр даан сэрийж, өлөн саарал өнгөд үүрд хувилсан байв. Зарим нэг нь өт хорхойд баригджээ. Нүцгэн моддын оройд хар хэрээ хэд гурваараа суун ийш тийш хараачилна. Магадгүй бидний хийж буй тэдэнд сонин байж болох юм. Хэрээ гэдэг энэ шувуу хэзээний байраа олчихдог нь сонин. Гурван зуун настай гэдэг нь үнэн байж мэдэх.
Манайхан эгнээгээ барин ирж буй галын өөдөөс цуруугаа тавьсаар явна. Цурууны дотор талд нэгэн өвгөн хайлаас орж таарав. Үйлийн үрээ үүрэх гэсэн мэт хүлцэнгүйгээр сэрийсээр үлдэв. Салаа яг нэг хэмээр зогсолтгүй явсаар үдшийн бүрийтэй золголоо. Газрын баримжаагаар бид амжилттай ахиж, тэмдэглэсэн координат газартаа цуруугаа тавьж дуусахад үндсэндээ шөнө дунд болсон байлаа. Буцаж машин руугаа явна гэхээр нэгд баримжаа алдана. Хоёрт тавьсан цуруугаа ажих ёстой. Тиймээс эндээ түр амсхийхээс өөр арга үгүй. Манайхан дор бүрнээ ус уух нь ууж, жаал жуул юм гарган амаа хөдөлгөцгөөв. Эрчүүд л болсон хойно ээлж дараалан Хэрлэнд жижиг сажиг юм барин гүйв. Харин Хэрлэн тэгтлээ тоож сүйд болсонгүй. Надад л тэгж ажиглагдаад болсонгүй. Харанхуй ойгоос айх юм болов уу гэж санаад
- Чи наашаа ойрхон хэвтээрэй гэхэд
- Зүгээрээ, зүгээр эрхэм, ахлах дэслэгчээ гэж эршүүд ч юм шиг, эгдүүцсэн ч юм шиг өнгөөр хэлээд холбоогоо дэрлэн хэвтээд өгөв.
Бүхэл өдөржин газар нүдэн явсан болохоор бүгд ядарцгаажээ. Нэг мэдсэн чинь хэний яанаагүй дуг хийцгээчихэж. Богино холбоо шажигнан дуугарах чимээнээр сэрвэл үүрийн бүдэг саарал гэгээ ойг нилэнхүйд нь бүрхжээ.
- Тусгай-2-оо, Тусгай-2-оо та нар хаана байнаа малнуудаа гэх Суурийн дуу сонсогдлоо. Би хариуд нь
- Бид түрүүхэн галын төвийг тойруулан цуруунд оруулсан салаа түр амарч байна гэвэл
- Үхсэний чинь амрах, та нар ардаа гал алдсан байна эргээд ... эргээд ... хамгийн ард ямар юм нь яваа юм бэ гүйгээд ... гэж муухай ориллоо.
Салаа санд мэнд босон ирсэн замаараа эргэж гүйлээ. Тэгтэл өнөө өвгөн хайлаас шатаад цурууг давж унаснаас хэсэг гал авалцсан байлаа. Хэдийгээр энэ галыг бид нэг их газар авхуулалгүй дарсан ч гэлээ энэ бол бидний ялагдал байсан юм. Манай салаа галын өмнө бэлэн биш бас туршлагагүй, харин би Суурийн өмнө хэн ч биш болсон ичгэвтэр ялагдал байв. Өөрөөр хэлбэл, Тусгай-2 салаа анхныхаа шалгалтанд унаж байна гэсэн үг.
Биднийг бууж ирэхэд Суурь тун дурамжхан царайлж, над руу нэг их сүрхий харснаа
- Энэ бол тактикийн алдаа, таны алдаа гээд ширэв татав. Би дуугарсангүй.
- Та нар очингуутаа хоёр тийш салах байсан тэгвэл алдахгүй, алдсан ч цаанаа голтой учраас нэг их холдохгүй байсан.
- Тэр гол бараг хатсан байна лээ.
- Юу..уу? бүр ширэгчихэж үү? гэж Суурь сүрхий огцом асуув.
- Хэдэн сайр л үлдэж гэхэд тэрээр машинаа тойрон хэд холхисноо
- Явцгаая гээд машиндаа суугаад давхичихлаа.
Уг нь биднийг хяргачих шахан байсан тэрээр гэнэтхэн ингээд явчих нь гайхмаар санагдсан ч тэгсэн байх гээд хэлчих юм олдсонгүй.
ОБА-ны хашаанд манай машиныг орж ирэхэд Суурь аль хэдийн ирчихсэн нуруугаа үүрэн алхаж байв. Манай салаа жагсахад Суурь
- Та нар сая хоёр гүвээ давуулж алдлаа, дараагийн удаа хоёр нурууг давуулах уу? Энийг юу гэдэг гээч? Энийг чадахгүй байна гэдэг юм. Та нар чадахгүй байнаа хулчгаруудаа гэлээ. Бид дуугарсангүй. Гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр өөр яахав дээ. Суурь цагаа харснаа
- Хоолны дараа бэлтгэлийн талбайд гэхээр нь би
- Эд нар дөнгөж ирлээ шүү дээ. Жаахан амраах ... гэтэл тэр миний үгийг тасалж нүүрэнд нүүрээ тулгаад
- Одоо ахиад гал гарлаа гэвэл яах юм бэ? Жаахан амарчихаад явнаа гээд хэвтээд байх уу айн,
- Гэхдээ эрүүл саруул, тамир тэнхээтэй байж байж л галтай тэмцэх биш үү гэхэд Суурь шал дургүй нь хүрсэн янзтай жишүү харан нулимаад
- За тийм бол явж үхэцгээ, үхэцгээ. Гэхдээ энэ бол онцгой бүс, танай салаа тусгай салаа, та болоод танай хүмүүс бэлэн байх ёстой. Магадгүй үхэлд ч бэлэн байх ёстой гэж хашгираад эргэж ч харалгүй алхаж одох нь тэр. Үнэндээ бол түүний зөв байлаа. Бид ийм л шаардлагатай байж гэмээнэ энэ эх орныг гамшгаас хамгаална. Салааныхан маань жаахан санаа зовсон байдалтай миний амыг харцгаана. Хэрлэн, Суурийн араас биширсэн харц илгээн зогсож байв. Энэ үед л надад “Энэ охин чинь Суурийг сонирхоод байгаа юм биш үү” гэсэн бодол зурсхийв. Яагаад ч юм дотор жаахан эрвэлзэх шиг. Бодвол би Суурьт жаахан атаархсан байх л даа. “Нээрээ энэ чинь нас биенд хүрсэн эмэгтэй хүн шүү дээ” гэсэн бодлоор өөрийнхөө атааг дарахыг хичээв. Урьд нь бол залуу хүүхэд, манай салааны охин гэдэг ч юм уу нэг тийм өөртөө хамааруулж бодоод байсан байх.

* * *
Тэр оройны хоолон дээр манайхан дуу шуу муутайхан байлаа. Сэтгэлээр унах гэдэг хүний бас л нэг шаналант шинж билээ. Аяга халбага харших, халуун шөл сорохоос өөр чимээ алга.
- Чи өнөөдөр ядаршан уу? гэж Сансар Хэрлэнгээс нам гүмийг эвдэн асуув.
- Үгүй ээ, юундаа ядрахав дээ. Хоёр хоног битгий хэл хоёр гурван сараар явдаг гээ биз дээ? гэж овоо өндөр дуугаар хариулж байна.
“Аргагүй дээ хар нялхаараа амьтан өлсөж цангах, ядрах зүдрэхийг үзээгүй байлгүй. Ингэхэд ийм сайхан охин яахаараа энэ газрын мухарт ирдэг юм бол? Тэгээд бүр саналаараа шүү. Манай охин бол заяа нь ингэж явахгүй дээ” гэж бодогдов. Уг нь залуусынхаа сэтгэлийг өргөж элдвийн юм яримаар. Миний ч гэсэн цээжин дээр ямар нэгэн хүнд юм дарчихаад байх шиг. Гэхдээ би ямар байна эд маань тийм л байх болно.
- Ажил хийж буй хүн л алдаа гаргадаг. Сэтгэлээр унах юм огт байхгүй. Өнөөдөртөө сайхан амарчих. Дараагийн удаа бид дор бүрнээ анхааралтай байх хэрэгтэй гэтэл манайхан хоолоо идэнгээ толгой дохицгоож байна. Гэтэл Лхагва
- Тийм л их хуурайшчихсан юм байх даа. Тэр гол бүр урсахаа байчихсан байх юм.
- Ер нь тэр гол уршдаг юм уу? Уршдаггүй байхаа гэж Сансарыг эргэлзэнгүй хэлэхэд
- Батсуурь ахмад л гол байх ёстой гэж хэлээ биз дээ?
- Нээрээ, ширэгчихсэн байна гэхэд ахмад их гайхаад бараг шоконд ороод байсан шүү гэж Однар дуугарахад Мягмар
- Аргагүй дээ, нутаг орноо хайрлаж байгаа байлгүй
Манайхан овоо дуу шуу орж эхэллээ.
- Хөөрхий тэр уулыг ээ, Өм цөм шатчихсан. Яаж гарсан гал гэхээрээ тэгж энд тэнд гардаг байнаа? гээд Хэрлэн шүүрс алдав.
- Их хөвдтэй газар чинь зарим гал хөвдөн доороо уугиад бүр өвөлждөг юм ш дээ. Магадгүй, тэгээд цооноглошон байж болох юм гэж Сансарын хэлэх нь ихээ догь сонсогдов. С үсэг бага орсон болохоор тэгсэн байж болох юм.
“Тийм ч их хөвдтэй газар биш байсан даа. Одоо нэг том түймэр гарвал тэр уул чигээрээ хувхайрахад ойрхон байсан даа” гэж бодогдож байлаа.

* * *
Түгшүүрийн дохио хангинахтай зэрэгцэн
- Сэрээд, сэрээд . . . Салаа бэлтгэлийн талбайд гэх Суурийн дуунаар манайхан дэрхийн босоцгоолоо. Цаг харвал үүрийн тав гуч. Суурийн дуудах нь нэг их сонин зүйл биш. Тэр өчигдөрийнхөө санааг үргэлжүүлж байгаа хэрэг.
Манайхныг жагссаны дараа Суурь
- Өнөөдөр би та нарыг бэлтгэл хийлгэнэ. Миний найз . . . гэснээ үгээ тасалж над руу хараад
- Та нарт арай зөөлдөөд байх шиг байна. Тэр угаасаа их “сайн хүн” байгаа юм гэлээ. Зөв юм шиг хэрнээ хамгийн утгагүй юм хийж байгаагаа тэр мэдэж байгаа. Уг нь үүнийгээ зөвхөн надад л хамааруулсан бол оновчтой.
Хоёр эгнээгээр гүйх манайханд Суурь чанга чанга хашгиран сүрийг үзүүлсээр байв. Талбайн хажуугийн сандал дээр сууж тэднийг ажиж суулаа. Хэрлэн Сансар хоёр зэрэгцээ таарчихаж. Тэд гараанаас гаран уралдана. Хаа очиж Хэрлэн эмэгтэйгээрээ далимдуулж хойргошоод байхгүй юм. Хацартаа улаа бутруулан хамаг хүчээ шавхан гүйх нь харц татмаар. Энэ охин эр хүнийг өөртөө татах нэгэн увидастай нь илт. Сансар эр юм гэсэндээ түүнээс хурдан байв. Харин Суурь Хэрлэнг даган гүйж бараг чихэнд нь шахам
- Чи яах гэж ирснээ одооноос бод. Болимоор байгаа бол эртхэн гэртээ харь. Чамайг хэн ч шоолохгүй. Яагаад гэвэл чи эмэгтэй . . . эмэгтэй гэж хашгиран дарамтлана. Хэрлэн тэгэх тусам шүд зуун зүтгэнэ.
- Хүн өөрийгөө мэддэг байх ёстой. Хэрвээ чи илүүдэж байгаагаа мэдэрч л байгаа бол тэнд байх хэрэггүй гэсэн үг
- Мэдлээ ахмадаа
- Чи юугаа мэддэг юм?
- Би яах гэж ирснээ мэдэж байна, ахмадаа
- Харъя, чамайг юу мэддэгийг харъя. Хурдал . . . хурдал
Хэрлэн цааш гүйсээр саад дээгүүр харайгаад буухад мөн л хажууд нь очиж
- Чиний хэн байх надад хамаагүй. Гагцхүү чи гал унтраадаг л бах ёстой. Чи эмэгтэй хүн биш. Гал сөнөөгч. Хүйсээ мартатлаа бэлтгэл хий гэж хашгирлаа. Энэ бүхэн надад таалагдсангүй. Суурь зүгээр л өөрийгөө бачуурлаас гаргаж байх шиг санагдав.
Үргэлжлэл бий . . .

3 comments:

Bat said...

Юу л болоод байна даа

Бум said...

Бат: Харин?

Frank said...

оргил хэсэг хүртэл нэлээд хүлээх бололтой нь...