# #

Алсад зорчсон Жийжээ

7 Сэтгэгдэлүүд:

Зуны дэлгэр цаг ч сүүлийн хэд хоног хүйтэвтэр шиврээ бороо зүсэрч уйлагнан байснаа өнөөдрөөс овоо татарч, наран авхай хэд хоног нуугдсандаа гэмшсэн мэт аядуухан мандаж бага үдийн алдаас халж эхэллээ. Гэвч ханатлаа дэвтсэн газар дэлхий энэ зэргийн халалтыг даана ч нэг үл тоон уур савсуулан уухичин хэвтэнэ. Хэдийгээр зуны сар цаашаа ханатай болсон ч ус чийг хийгээд нар төөнөсөн тааламжтай энэ орчинд ногоод эргэн нялхарч, цэцэгс дахин цэцэглэхийг санаархан хоорондоо шаагилдан байх мэт. Хүрэнтийн хөндийн хүн ард тэр аяараа тайван уужуу, малын толгой бүрэн бүтэн цатгалдахын туйлд хүрч амьсгаадан байх ажээ. Хүрэнтийн хөндийн баруун талаар хөвөөлөн хэвтэх Цагаан тэмээт хэмээх гүвээний эцсийн гүвгэрийн цаанаас хонгор морьтой нэгэн өгсөн гарч ирсэнээ жолоо татаж буунгаа хантайрах гэснээ “за ганц нэг хазлагдээ” хэмээн санаж жолоогоо шанаанд нь толомдоод, цулбуураа тахимандаа хавчуулан өрөөсөн хөл дээрээ борхирон сууна. Арван зургаан угалзат монгол гутлынхаа түрийнээс сөөм хэрийн соруултай гаанс гарган сэтгүүрээр хэд сэтгэн гутлынхаа зуузайн дээр тогшин бохийг нь унагаснаа тамхиныхаа уутанд толгойг нь шургуулж хэд бондогнуулан гаргаж, баруун завжаа дорвойлгон ногоон пийсүү соруулыг шүдтэйгээ харшуулан зууж, өврөөсөө чүдэнз гарган зурж тамхиа асаагаад хоёр сороод эрхийгээрээ цогон дээр нь дарна. Тэрээр хэдхэн ховдоглон сорсноо дахин нэрэх нь тамхилаагүй удсаных. Гэдэс нилээн татсан хонгор морь нэг сайн шилгээснээ уруулынхаа цомбогороор урдаа таарсан халтар хомоол, өөрийн дургүй борог шорогхоныг яран шинэхэн ногоог шир шир хазлана.Эмээлийн хойд бүүргэний араар опо ногоон цувыг хуйлан хоёр ганзагаар даруулсан харагдана.
Мань эр хөндийн эхэнд шахуу байгаа гурван гэрлүү саравчилсанаа өврөө уудлан ганц нүдний дуран гаргаж дурандахад хоёр гарын завсараар тамхины хөх утаа саагина.
- Үгүй! Манай гадаа өөр нэг машаан харагдана. Хэн ирдэг билээ байз гэж амандаа бувтнах энэ эрийг Жигжид гэх агаад нутгийн олонд нудрага Жийжээ гэгдэнэ. Энэ эр тавь хэдийн гарсан хэдий ч бие хөнгөн шингэн, ухаан санаа эрүүл саруул нэгэн. Биеэр их жижиг тул овор баахан бага, хөдөлгөөн хурдан, биендээ байхгүй ажилсаг, аж амьдралаа хэнээс ч дутахгүй авч яваа олон хүүхдийн эцэг.
Тогооны хүн Долгор гэх нилээн биерхүү, мань эрийг бодвол хаа хаагуураа хоёр дахин том шахам. Нутгийн олон том Догоо хэмээн авгайлна. Жийжээ яагаадыг бүү мэд дээлээ хөөргөн бүсэлж, богинохон хормой дэрвийлгэн бүслэх хэрнээ уртавтар ханцуй том нудрага далбагануулан явах дуртай. Догоо бол бие баахан том боловч царай зүс тэгшхэн. Цагтаа нутаг нугын харчуулын харааг хэрэндээ л булааж явсан нэгэн. Гарал удамд нь бөхийн үүх түүхийн улбаатай болоод ч тэрүү хаа нэг огцомхон хөдлөх болон санаандгүй гарах дуу хоолой нь эр хүнийх гэмээр.
Харин Жийжээд бол тийм юм байхгүй ээ зайлуул. Нуруугаар нам, нүд онигор шооч шинжтэй, хамар саргар, чих нь хувлаад жижгэвтэр, хүн хүнээс юм юм авчираад наачихсан мэт амьтан. Догоотой нэг гэрт орсныг нь сонсоод нутгийн олон нэг хэсэгтээ л гайхсансан. Тэр үеээ бодвол хэрэлдэж хэлцсээр есөн хүүхдийн эцэг эх болцгоосон ажээ.
Морь нь идшиндээ улайран цулбуураа угзрахад Жийжээгийн өвдгийг огцом хөдөлгөж, өвдгөн дээрээ тохойлдсон гар нь угзрагдан өвөр дээрээ тамхины цог унахад сандарч
- Ээ эцэг чинь нээ! хэмээн уулга алдан босож энгэр хормойгоо нударгаараа савчин цогийг унагахдаа муу дунд хуруугаа хөндчихөв. Хүүхэд ахуй цагтаа тарваганы толгой заах гэж байгаа нь энэ гэж хүчлэн татаж байгаад үүдэн шүдэнд нь дунд хуруугаа шувтарч шөрмөсийг нь тасдаад тэр нь гозойгоод тахийхаа байсан хэрэг. Түүнээс хойш юм л бол түүгээрээ зааж ярьсаар одоо бүр хэвшил болчихождээ.
Жийжээд энэ зах зээлийн буюу өөрөө өөрийгөө авч явах нийгэм их зохисон нөхөр. Нутгийнхаа олны зан чанар хийгээд хэн нь юун дээр давуу, хэн нь юун дээрээ сул зэргийг хүн нэг бүрчлэн мэднэ. Хэнээр юу хийлгэх, хэнээр юу хэлүүлэхээ бас андахгүй. Ер нь бол биеийн дорвиор биш ухааны цараар ажил амьдралаа зохицуулна гэсэн бодолдоо бат итгэдэг нэгэн. Тиймдээ ч хүнээс дээрүү л гэхээс доргүй амьдардаг. Мянга давсан малтай. Хоёр хүү нэг охин гурван томыгоо мал дагуулчихсан. Удаах хүүгээ аймаг бараадуулчихсан. Бас нэг хүүгээ хот оруулчихсан. Хотод байх хүүгээ ер нь мал хуйтай нэг их ойртуулаагүй. Сургууль хөөлгөөд хот оруулсан нь дээд сургууль дүүргээд одоо нэгэн банкинд ажилладаг. Саяханаас тэр хүү нь тушаал дэвшсэн дуулдаад байгаа. Нэг охиноо хэлний сургууль хөөлгөөд хотод ах руу нь явуулсансан. Мөн наймдугаар ангийн хоёр ихэр охин байх. Өнгөрдөг намар бага хүүгээ цэргээс ирсэн даруйд нь жолооны сургуульд явуулаад жолооч болгоод сая хавар ахад нь хэлж байж супер гэдэг 69 авсан. Одоо гэрийн гадаа байгаа хоёр машины нэг нь. Ач зээ гэвэл тоймоо алдсан. Хэн нь хэнийхийг Жийжээ ялгахгүй.Ер нь Жийжээ хүүхдүүдийг илүү үзнэ гэж үгүй. Хүүхэд гэдэг боов боорцогхон байвал өөрөө өсчихдөг амьтан. Бага нь томынхоо хувцасыг өмсөөд болцгоочихдог гээд харин ч нэг тээр шаахгүй дээ.
Эднийх хотондоо гурван гэр. Мэдээж нэг нь Жийжээгийнх, нэг нь тэдний илүү гэр, нөгөө нь гурав дахь охиных нь буюу хүргэнийх нь. Гаднаа нэг машин, нэг мотоцикль, тавган антенн юм юмтай. Зар голдуу ч гэсэн зурагт хааяа хааяа үзчихнэ. Хоёр том хүүгээ бэлчээр захлуулаад нутаглуулчихаад, хүргэнээ болохоор айл буулгаад гарын доор зараад байхаа Жийжээ мэднэ. Наанаа болохоор
Ганц хүргэнтэй. Энэ маань байхгүй бол би бараг хамраараа газар хатгаад босохгүй мэт л ярина. Цаанаа бол тийм биш л дээ.
- За байз хэн байдаг билээ гэж дурандаж сууснаа дурангаа гүйлгэж Хадатын ар хунхуй руу мал орсон эсэхийг хараачилна. Энд өрөөлийн байтугай өөрийнхөө малыг ч оруулахгүйн тулд сахин наадмын өмнө буусан энэ буйрнаасаа нүүгээгүй байгаа юм. Уг нь эднийх зундаа бараг гурав буйр сэлгэдэг айл.
Хаваржаа намаржаа гээд буусан нутаг болгондоо өндөр шаттай тавцан зоож орхино. Амьтан хүн асуувал
За даа би ч нуруу нугалам дутуу төрсөн хариугүй амьтан. Мал хуй зэгэс дэрсэнд орчихоод харагдахгүй юм. Дээр нь гарч хардаг ухаантай л гэнэ.
Нутгийн зарим нь шоолоод өнгөрхөөс цаад ухааныг нь олохгүй л дээ. Үнэндээ бол энэ хөндийд зэгссээд байх юм бараг байхгүй. Нутаг булаацалдах болсон өнөө цаг үед нутгалдаг нутагтаа айл буулгахгүй гэхдээ дархалж байгаа нь тэр. Энэ бол Жийжээгийн ухаан.
Өнгөрдөг цагаан сарын дараахнаар мань эр Хадатын арын хунхуйд цасанд ташуураа дүрэн цас хэр хунгарласныг үзэж
- Энэ хавьд дундуур, тэр хавьд дундуураас арай дээгүүр гэхчилэн үзэж явтал гэнэт ард нь
- Хөөе! Жийжээ гуай гэх дуунаар үхтэлээ цочсон Жийжээ
- Ээ эцгийн чинь бондгор! хэмээн муухай орилж огол үсрэв. Учиргүй цочсондоо ичсэн уурссан тэрээр Балдангийн бага хүүг
- Уа хувхай булдруу! Дуу чимээ өгөхөд яадаг барам бэ? гэтэл
- Өгөөд л ярьж байгаа юм бишүү. Та харин энэ хөр цасан дунд юугаа хийж яваа юм Юмаа гээчээ юү? Гэтэл
- Аа! үгүй үгүй. Ингэж их цас унасан газар тэр цана чаргаар гулгадаг наадам хийвэл мөн сайхнаа гэж хэний ч санаанд оромгүй тэс өмнөө юм ярин дүйвүүллээ.
Тэндээс салсан Балдангийн бага хүү гэртээ ирэн аавдаа болсон явдлыг ярьж
- Надаас цочоод үгүй ээ мөн муухай орилвоо. Тэгээд асуухаар цана чаргаар гулгадаг наадам ч гэх шиг үл бүтэх юм ярих. Хөгийн ч юм бодож явдаг хүнээ дээ гэхэд Өвгөн эцэг нь
- Хөгийн ч юм боддог хүн биш дээ. Ирэх жилийнхээ хадланг тэндээс л авах санаатай болов уу. Чамд л тааруулж ярьж байгаа нь тэр. Уг нь Жийжээ шиг ийм арван хүнтэй бол энэ сумын мал бэлчээртээ багтахгүй болтлоо өснө дөө. Даана ч ийм хүн ховор юмдаа гэх яриа болсоныг Жийжээ мэдэхгүй. Гэхдээ Балдан гуайтай бусадтай ярьдаг шиг ярьж болохгүйг Жийжээ мэднэ.
Ингээд л бүх юм Жийжээгийн санаснаар болдог нь хууль мэт бодогдоно. Эсвэл ганц нэг юм санаснаас зөрвөл өөртөө зохицуулна, эсвэл өөрөө зохицоно.
Гэтэл Жийжээгийн санаагаар болоогүй “чөтгөр нь харласан” нэг юм болсон билээ. Тэр нь юу вэ гэхээр. Одоо ч хэл усгүй бол хол явахгүй нь дээ гэдгийг аль тэртээ хөдөөний тэр хонхороос ухаарсан Жийжээ нэг охиноо хотод байх хүүгээ бараадуулан хэлний сургуульд явуулсансан. Гэтэл өнөө “лүд” нь хэлтэй болсон биш Ээсүүс гэнэ үү Хээсүүс гэнэ үү юмаар ирсэн нэг юмтай орооцолдоод эхэлсэнийг мань эр анзаарсангүй. Нэг удаа америк гэдэг газар явлаа гэхэд нь "хэл усанд нь сайн биз" хэмээн санаж хоёр үхэр таван хонь махлаад зардалдаа хэрэглэ гээд явуулсан нь өнөөх нь ирдэггүй дээ. Гурван ч жил өнгөрчихөж. Хэдийгээр ирэхгүй байгааг нь буруу шаавч тэр газар өөрийн талын нэг хүн байвал гэсэн сэтгэлийн мухарт нэг бүүр түүрхэн бодол үүсчихээд буцаж ир гэж шахахгүй байгаам. Нутгийнхандаа бол гадны хүнтэй орооцолдсоныг нь санаа зовоод хэлэхгүй сургуульд явсан л гэдэг.
Дурангаа гэрээдээ гүйлгэн сайн хартал хотын хүүгийнх нь машин мөн шиг болоод явчихлаа. Үүнийг танихтайгаа зэрэг Жийжээ яаран дурангаа өвөртөлж, гаансаа түрийлэн мордон шогшлоо. Гэртээ саахалтын дайтай иртэл юмс ил болж хоёр том хар нохой нь эзнээ танин ирж даган шогшино. Гарч орж харагдах Догоо хурдан хурдан хөдлөхийг хараад “за даа хүү ирсэн нь лав бололтой” гэж бодсоор уяандаа буулаа.
Хавар жаахан ноолууртай хот орох үед нь хүүгийнх нь авсан жийп гэдэг машин мөөн. “Дугуй мугуй нь банхайгаад мөн ч сүртэй эдээ. Харахад гаднах арьс нь л жаахан тааруу боловуу даа чи. Манай муу 69 хажууд нь өлөн чоно шиг л юм” гэж бодонгоо босго давлаа. Хүү нь хаврынхыг бодвол нилээн гүзээлчихсэн, хойд авдарын өмнүүр хэвтэх суухын завсар байснаа
- Өө аав! гээд босох гэж янцаглахыг харж “энэ их гэдсийг ямар хурдан хураагаав” гэж бодох зуур
- За хүү минь сайн уу? Гэсээр дээш өгслөө. Тэгтэл Догоо тэндээс
- Нэг гарахаараа орохоо мэдэхгүй. Аймаг орлоо л гэсэн хаагуур доншуучлаад алга болчихоов. Алив май гэсээр аяга цай сарвайнгаа үглэн дуулна. Түүнийг сонсох хүн нэг ч алга.
- Аав хаа ороов?
- Аймаг ороод хоёр дүүгийн чинь дотуур байранд энэ өвлийнх нь махыг залгуулахаар болоод
- Аав нээрээ сэргэлэн шүү. Хаа байсан аймаг ороод мах борлуулах болчихоод ирдэг.
- Аа манай сумын уржнан өөд болдог хар Батын хүү захирал нь юм тэгээд л
- За чи хэзээ ирээв? Гэтэл Догоо
- Мөн түрүүхэн орж ирээд л байна.
- За тэгвэл гэснээ
- Өнөө Лутаа хаа байна дууд гэснээ дээлээ хөнгөллөө
Лутаа (хүргэн) нь гаднаас орж ирэнгүүт
- За миний хүү! цаад яааваа (мотоцикль) унаад ухасхий. Хуруу эвэртэй хар нүдэн төлөгөө барьж ирээд янзал гэхэд Догоо чамлангуй
- Хүүд төлөг гэтэл
- Энэ ялааны цагаар нэг их махаар юухэв. Хүү энэ хоёр хоногтоо л идчихээд явах юм байвал барав. Лутааг гарах завсар
- Хонио битгий үргээгээрэй. Одоо хайлган цаг эхэллээ гэж сануулна
- За тэгээд миний хүү тушаал дэвшлээ гэв үү? Гэтэл
- Тиймээ банкныхаа зээлийн хэлтэсийн захирал болсон
- Хүү минь хүний баахан мөнгө хаа хамаагүй хүнд тараачихаад шоронд орох юм болов. Ер нь нүдээ цавчихдаа хүртэл бодож байж цавчдаг юм шүү гэтэл Догоо
- Хн! Энэний амыг. Яасан бүтэлгүй юм ярьдаг юм.
- За за чи наад сүү саалиа хурдал. Цаана чинь хоол ирэх нь.Урдахаа л хийж үз гээд
- Юун яааруу сандаруу яваа юм. Хэд гурав хонохгүй. Цаад хэдийгээ авчирч айраг цагаан дээр гаргахаа яана гэтэл
- Би ч хагас, бүтэн тааруулж байгаа ухаантай. Сайндаа ч биш цаад Урнаагаас (америкт байх охин) чинь та хоёрт урилга ирээд гэтэл Догоо
- Харин тийм гэнэ. Муу охин минь чааваас бид хоёрыг газар үзүүлэх гэсийм байх гэтэл Жийжээ
- Газар мазар үзэх ч яамай. Одоо өвс ус, хадлан тэжээлийн ажил эхлэх гэд байхад гэхэд Догоо хэлж ярьж байгаа нь үнэний хувьтай юм болохоор явахгүй гээд хөшиж мэднэ гэхээс голруу нь нэг юм зурж, хий дэмий зуухныхаа амыг точигнуулан ухангаа
- Би гэдэг амьтан хэдэн үнээний дэлэн шувтарч, энэ хоёр гэрийн хооронд бөгтгөнөсөөр юм үзэж харах хувьгүй хүн юмдагуу даа гээд л гомдож бухимдсандаа хоолой дээр нь бөөн юм тээглэнэ. Аав хүү хоёрын яриа үргэлжлэнэ.
- Тэгээд тэр газар луу чинь хэзээ явах, хэдий хэр удахийм болдоо?
- Ямарч байсан маргааш эндээс гараад, хоёр дахь өдөр визэнд орно. Виз өгвөл л явна шүү дээ.
- Зардал мөнгө гэж учраа алдсан юм байдаг байхдаа?
- Нэг нь л гэхэд ирэх очихын бараг хоёр сая болох болов уу.
- Пээ бараг нэг хүний хөрөнгө шахуу юм болох нээ. Ээдээ дэмий байхаа
- За тэр яахав бид нар болгочихно. Харин эндэх ажлаа л яадгийн байгаам. Уг нь нэг долоо хоноод л ирэхэд болно л доо. Цаадуулд чинь үүнээс илүү чөлөө зав гарах ч үгүй.
- Ажил ч яахав. Маргааш Лутааг урагш нь Хадат руу гаргаад овоохой шиг юм бариад ганц нэг мөр ширвээд орхи гэвэл болох нь тэр. Уг нь арай л эрт байгаа юм. Амьтан орж мэднэ гээд эндээс нүүж чадахгүй бараг сар болчихов. Тэгээд арав хоногтоо гайгүй л дээ гэх нь одоо л нэг голынх нь үг гарав гэлтэй.
Жийжээ дотроо “Америк гэдэг ч хэр баргийн хүн яваад байдаггүй газар гэдэг. Хүн болсных яваад нэг үзэхэд болохгүй нь юү байхав. Болдог л юм бол яваад ирэхэд энэ Хүрэнтийн хөндийдөө л үхтэлээ нүүр бардам. Бас энэ нэг амьтан гэснээ (Догоог харж) явбал хүн болсондоо баярлах байлгүй чааваас. Нээрээ л энэ хоёр гэрээс гарах биш. Бид хоёр ч отруу ч (хот) тоотойхон орсон доо. Хүүгийн хүчинд тэр шүү дээ. Одоо охиныхоо буянаар бүр хол явах ч юм билүү” хэмээн бодно.
Жийжээгийн үг нааштай сонсогдож эхэлсэнд баргар нүүрэнд баярласан царай гэрэлтэх нь тэр жил нэг шараараа хуруунд нь гайгүй том бөгж хийлгэж өгснөөс илүүтэй мэт харагдана.
Хонь руу явсан Лутаагийн амнаас гарсан үг хээрийн салхины аясаар хөгжин нисэх бор шувуу мэт ам ам дамжсаар бэлчээр залгасан нутгийн хэдэн айлаас хүмүүсийн хөл Жийжээгийнхийг чиглэж эхэллээ. Тэртээ тэргүй хийх ажилгүй улсад “Жийжээгийн дарга болсон хүү нь ирж гэнэ” гээд аян шалтаг аман гудас.
Гацаа Готов, Шулга Очироос авхуулаад өвгөн Балдан хүртэл хөл нь хөнгөрөн иржээ. Лутаа ч хонио төхөөрч, Догоо гэдсийг хурдан шалмаг гэж жигтэйхэн арилгаад л, хүүхэд багачууд шуугилдаад, холгүй нутаглах хоёр ахруу нь хүүхэд давхиулсан нь мотоциклиэр пар гээд л ирцгээв.
Хүн хар ирсээр гэр дүүрчээ. Хоол унд буцлаад, айраг цагаа болоод зуны нимгэн гэр ч гэлээ халуу дүүгээд явчихлаа. Жийжээ дотроо “найр наадам болох нь илүүц ч гэлээ үр хүүхдийн минь сайн сайханд улс амьтан цуглаж байхад ганц өдөр яахав” хэмээн санана.
Хотоос ирсэн хүү нь гоё ганган хайрцагтай, шилтэй Хар Чингис, Шар Чингис, Атилла, Галдан бошгот ч гэх шиг есөн жорын архинуудыг гаргахад хүмүүс гар гар дамжуулан үзэж гоё ганганы нь шагшин магтана.
Гэтэл мэдсэн юм шиг сумын намдын дарга нар орж ирлээ. Хувьсгалт намын Лочин дарга, Ардчилсан намын Ганцог дарга хоёул шүү. Жийжээ тэднийг харснаа “үгүй юу билээ. Эд чинь зэрэг зэрэг юу болов. Нөгөө сонгууль нь дөхчихсөн юм байхдаа. Яасан хурдан юм бэ” хэмээн санана. Хүмүүс ч дарга нар дээшээ дээшээ биздээ. Лочин дарга ингэх л ёстой мэт дээшилсээр хамгийн дээр, Ганцог дарга араас нь дагасаар бүр Балдан өвгөний дээр гараад суучих ажээ. Дарга байх сайхан аж.
Тэд мэнд мэдэж, зуслан намаржаа, цаг агаар гэхчилэн ерөнхий зүйл ярьж байснаа доошилж хэвийн байдалд орж ирлээ. Лочин дарга архинуудыг харж
- Манайх ч мөн сайхан хийдэг болжээ гэхэд Ганцог дарга яаж дутахав
- Ингэж хийнэ гэдэг чинь монгол улс хөгжиж байна л гэсэн үг тийм биз. Энэ чинь ардчилалын л хүч. Бид чинь Чингис архи хийх нь байтугай Чингис ч гэж хэлж чаддаггүй байсан биздээ гээд л нэг их цэцэн үг хэлсэн мундаг хүн гэрийг тойруулан харна. Гэвч бүгд л “дахиад л улс төр” гэсэн янзтай дэмжих хүн ер алга.
Нам жимийг эвдэж Жийжээ
- Уг нь Чингис хаан хойд төрөлдөө монголдоо хүн болж төрсөн бол тун хэрэгтэйсэн. Даанч тэгсэнгүй архи болоод төрчих юмдаа. Тун тоогүй. Тэгэхдээ бүр ах дүү төрөл саднаараа шүү. Эсвэл хэн нэгэнд нь хэрэгтэй болоод тэгээд төрүүлээд байна уу мэдэхгүй ээ.
“Жийжээгийн хэлдэг хоржоонтой ч гэсэн түмэн зөв санж. Үүнийг дэмжээд үг хэлчихвэл муу золиг чинь цааш нь хураачихаасаа сийхгүй” гэж өвгөн Балдан санаж жилийн дөрвөн улирал хонь дагаж үдээр шиг болтлоо хөхөрсөн нүүрээ илж
- Уг нь тийм. Гэхдээ идээний дээд гэж л залсан боловуу. Бодвол сайхан л эд байгаа даа гэх нь хурдхан амсах юмсан гэх шиг.
Хоолны эхнийх царан дээр гарч, өрөн дээр тавигдаж эхэллээ. Хоёр даргын өмнө эхний цар очиход Жийжээ хоёр хутга гарган нэгийг нь дарга нарын дунд тавиад нэгийг нь аяганы ёроолд үрж эхэллээ. “Хурц л юмсан” гэж бодсон Догоо бас л нэгийг бодоо биз хэмээн санаж дуугарсангүй. Олны дунд нөхрийнхөө урдуур дуугараад байдаггүй зантай.
Жийжээ хутгаа үрэх зуураа “Үзэл бодол таардаггүй энэ тэр гээд л байдгийн эд. Цөөхөн хүнтэй монголд тийм л их олон үзэл бодол хэрэгтэй байдгийн байхдаа. Идэж уухаа болохоор яадгийг харъя байз” гэж бодсон аж. Нэг хутгатай хоёр дарга жаахан харж сууснаа Лочин нэг огтолж, хутгаа Ганцог даргад өгч байна. Өнөөх нь нэг огтлоод буцаагаад өгч байгаа харагдана. Лочин дарга ахиад л огтлохыг харсан Жийжээ “эд нар ч ингэж л таарна. Цааш нь дамжуулахгүй байна шүү. Улсын юмыг идэж уухаа хүрвэл ингээд л идэх улс. Энэ хоёр мэдээж Балдан хөгшнөөс насаар бага шүү дээ. Гэтэл өнөө үед дарга байнаа гэдэг юм юманд эхэлж хүрэх арга зам, эрх дарх юм даа. За за би ч би . Үмх мах тавьчихаад ийм ч юм бодож суух” гэж бодохын зуур санаа нь зовсон Догоо
- Галхын ухаан хойноо гэж манай энэ яг хоол болохоор л гутгаа гурцлах болж гээд
- Хөөе одоо болоо байлгүй гэтэл бодолдоо болоод хутгаа мартсан Жийжээ
- За та минь хоол руу ойрт. Ид ид. Миний хүү наанаасаа задал гээд дунд хуруугаа гозогнуулан юм юм руу заана. Тэгээд
- Өнөө манай америкт байгаа охиноос урилга ирж гэнэ. Бид хоёрыг л газар үзүүлэх гэсэн юм байх гэтэл бүгд л
- Өө тэгээ юү. Ямар сайхан юм
- Үртэй хүн жарганаа гэж гэцгээхэд бараг л явах нь тодорхой болсоныг бүрэн ойлгосон Догоо
- Харин тиймээ. Би ч бүр хөл газар хүрэхгүй л байна гэлээ. Хүү нь архи задлангаа
- Бас болоогүй ээ. Эхлээд визинд орно. Тэгээд зөвшөөрвөл явах юм шүү дээ.
Тэр баруунтайгаас шулга Очир
- Үгүй тэл виазанд олно гэж яадгийн? Гэж асуухад хүү нь
- Америкийн элчин дээр очиж ярилцлаганд ороод зөвшөөрвөл явна гэсэн үг
- Ялих ч яахав ялидаг юм байж. Виазанд олно гэхээл л ойлгохгүй юм. Хэл зэлэг том юм бол? Жийжээ ч яахав хэл балгийн юманд олчихоно. Халин Догоо л яадаг болдоо хэмээн ихэд санаа зовоход гэхэд Жийжээ
- Яахав дээ Очир минь! Явуулах эсэхийг шийдэхийг визинд орох гэж хэлдэг гэнэ. Ядаж виз гэлдээ чи виаз! виаз! л гэх юм гэтэл гэрээр дүүрэн инээд.
Мөнгөн аягатай Чингис явсаар Гацаа Готов дээр ирэхэд тэрээр босож
- Б..Б..Би нэг үг хэлчихүү гэтэл энд тэндээс
- хэрэг байна уу даа
- Гацааг сонссоноос хээр очоод хэвтэж байсан нь дээр гэх мэтээр төвөгшөөнө. Жийжээ наадмын өмнөхөн хэдэн хонио ноосноос нь салгахад Готовын нусаа татаад хэд хоног суусныг санаж
- За хэлж л байг л дээ гэлээ
- З..З..за гэж овоо эхэлсэнээ
- б..б..би чадахгүйнээ гээд аягатайгаа хөнтөртөл дахин гэр дүүрэн инээд болсоор энэ өдрийн бяцхан найр эхэлж марал мичидтэй зэрэгцэн өндөрлөлөө...

Үргэлжлэл бий...
Бүрэн эхээрээ...

Дөрвөн мөрт-7

6 Сэтгэгдэлүүд:

Зэрэглээ наадаж , солонго татсан
Зээр нь сүрэглэж , янзага тонгочсон
Зэл нь уртсаж , мал нь өссөн
Зэгс нь хүртэл дуугий нь хөөмийлдсөн
Зэмлэж бас эвийлж хүлээх эх орон мину

Бүрэн эхээрээ...

Дэндүү уужим.

13 Сэтгэгдэлүүд:

Тэд баарнаас гарцгаахад намрын сэрүүн салхи халамцуухан хацар нүүрийг илбэж, хормой хотыг хийсгэнэ. Залуу хүүхнийг мөрөөр нь тэвэрч авах нь эгээ л өөрийнх юм шиг. Хүүхэн ч хүйтнийг далимдуулан наалдана. Такси хүлээх зуураа залуу хүүхнийг салхи зунгааралдуулан үнсэнэ. Такси яван явсаар хуучивтар байрны гадаа ирээд жолооч
- Аль орц вэ? гэхэд сая ухаан орсон мэт өнөө хоёр уруулаа салгаж
- Захынх гэж хүүхэн хэлнэ.
Үзвээс гурван жил гарангийн өмнө хашаа байшингаа зараад эхнэр хүү хоёртоо хөлсөлж өгсөн байр мөөн. Хүүхэн долоовороо гозойлгон амандаа барьж
- Чш! гээд шатаар өгсөхөд залуу хүүхний араас нь харж, орцны гэрэлд бөгс хондлой нь холбилзон шат өгсөх тусам хамаг бие нь зарас зарас хийн өөрийн эрхгүй гараа явуулна. Хүүхэн хаалгандаа тулж зогсонгоо юунд ч юм сэтгэл нь эвгүйцсэнээ гурван жил гаран эр бие ойртоогүй хүсэл тачаалдаа дийлдэн залуугаа дагуулсаар сэмхэн орлоо. Түрүүнээс хойш энэ мөчийг хүлээж байсан залуу бүсгүйг эргүүлж өөрлүүгээ харуулан, жирэвгэр сахалтай архитай уруулаар хүүхнийг, анхааруулж амандаа барьсан долоовор хуруутай нь юутай хээтэй нь идчих шахан шунаглан үнсэж үнгэлж, хүзүү хоолойгоор нь эрвэгнүүлэхэд хүүхэн үл мэдэг ёолон гийнана. Сайн харвал эхнэр нь байх юм.
Яг л энэ агшинд Жаргал амжиж давхийн сэрлээ. Хамаг хөлс нь цувж, хучлагаа тийчлэн ярж, хоёр гараа зөрүүлэн цээжиндээ авсан ажээ. Чийг ханхалсан жижигхэн умгар өрөөнд бүгчим гэж жигтэйхэн. “Цонхоо онгойлгоё уу” гэж бодсоноо “шумуул” хэмээн санаж бодлоо орхив. Угаасаа газар хэвтэж байгаа тул мөлхөн очиж сэнсээ залгавал сая нэг амь орох мэт. Өрөөний нөгөө хана даган хэвтэж байгаа Өлзий ах бас л халууцаж байгаа бололтой тийчлэхдээ хөлдөө хэвтэх өчигдар оройны уусан сү-жү-ний хэдэн шилийг харжигнуулан унагана. Гэвч түүнд сэрэх сөгөө алга.
Хар дарсанаасаа болоод Жаргалын нойр сэргэлээ. Цагаа хартал үүрийн таван цаг. Нэг цагийн дараа анх ирсэнээс хойш өглөө болгон ёнгинон сэрээдэг цагны сэрүүлэг дуугарна. Зэвүү хүргэсэн тэр сэрүүлгийг сонсохоос жийрхэн унтраа юу гэснээ бас унтчихвал төвөг хэмээн орондоо хөрвөөнө. Тархинд нь өнөөх зүүд бодогдоостой. Хэдийгээр сэрүүн ч гэсэн зүүдээ үргэлжлүүлчих санаатай. Уур нь хүрч хөмхийгөө зуун хий дэмий уухчина. “Урьд нь зөндөө л зүүдэлдэгсэн ингэж айхтар тод томруунаар зүүдэлдэггүй л юм даа. Энэ л лав учиртай” хэмээн санана.
“Арай ч дээ Жоохоноо нээрээ” гэж зүүдэндээ итгэж ч байх шиг. Тэгээд уур нь хүрээд юун унтах бүр хэвтэж ч чадахгүй шинжтэй. Босож усанд орлоо.
Жоохоноо гэдэг нь эхнэр нь. Нэр нь өөр боловч анх эхнэртэйгээ танилцахад тормолзсон алаг нүдтэй жижигхэн хөөрхөн охин байж билээ. Түүнээс улбаалж өхөөрдөн Жоохоноо гэж дуудсаар одоо нэр нь болчихож дээ.
Жаргал хоёр гараараа хана тулан, бүрэн сэрэхийн тулд дух магнай дээрээсээ хүйтэндүү тааруулсан усаар шүршүүлэн нүдээ анин амьдралаа эргэн санахыг оролдовч зүүд нь үнэн мэт санагдаад болох биш. Хурдхан шиг ажилдаа очиж цайны цагаар монгол руу залгахыг хүсэмжлэнэ. Гарч ирээд биеэ арчин зогстол нөгөө гайт сэрүүлэг хангинав. Энэ өглөө сэрүүлэг гайтай мэт санагдсангүй. Харин Өлзий ахад ёстой хэцүү байгаа шинжтэй. Нүд нь аниатай нүүрээ үрчийлгэж ярвайсанаа хөнжлөө толгой дээгүүрээ татаж харагдана. Яагаад ч юм Жаргал яарч байгаа тул
- Хөөе! Өлзий ах! бос бос хэмээн нилээн зандрангуй дуугарав.
- Аа новш гэж. Болчихсон уу? гэж Өлзий ах өндийж суунгаа нүд нь аниатай хүзүүгээ сарлан маажилж, амаа зунгааралдуулан тамшаалснаа
- Хаа яа яа. Ам хамар гэж ёстой хогийн бункер л гэсэн үг. Бохь хийвэл шууд л гашлах байхаа гэсээр жорлон зүглэв. Ах хүү турсикээ өрөөлдөөд татсаныг араас нь харж инээд нь хүрсэн Жаргал “ярина гэж алдаг гар шүү” гэж бодон жуумагнана.
Өчигдөр Өлзий ахын эхнэрээс захиа ирсэн аж. Цайны цагаар түүнийгээ уншаад нөгөө их алиа марзан гэхдээ бас ухаалаг ах маань царай барайгаад үдээс хойшжингоо дуугаа хураачихсан. “Сэтгэл нь л тавгүй болчихлоо доо. Гэр орныхонд нь л нэг юм болохоо байж дээ” гэж Жаргал гадарлан
- Яасан Өлзий ах? гэр орон аав ээж чинь гэтэл
- Миний дүү урдахаа хий. Гар хуруугаа авчихна. Ах нь орой… гээд таг.
Ажлаасаа тараад хоёр шил сү-жү авч байгаа харагдана. Гэрээсээ ирсэн захиагаа үзүүлж байна.
- Би уншаад яахав дээ. Та зүгээр л утгы нь ярьчих гэлээ
- Нээрээ ч тийм дээ гээд санаа алдсанаа
- Манай жанжин өөр хүнтэй болж байгаа юм байхаа. Болж байгаа ч юу байхав. Болчихсон. Бүр нэг гэр оронд орж байгаа гэнэ гэлээ
- Юу гэсэн үг вэ? Та энд махаа идэж байхад танай хүн тэнд… арайч дээ. Ямар амьтан байгаа бол алах юмсан гэтэл
- Аа, нэг гадаад юм байх. Хүүхдүүдэд цаашдаа хэрэгтэй мэрэгтэй ч гэх шиг. Мэдэхгүй ээ мэдэхгүй. Хятад л биш байгаасай. За ямарч байсан ах нь маргааш ажиллаад цалингаа аваад явлаа. Чи миний сүүлийн арван дөрөв хоногийн мөнгийг аваад араас явуулчихаарай. Би Салхид хэлчихье. Салхи гэдэг нь Ким гэдэг менежер нь. Хурдан хөдөлгөөнтэй нэг байрандаа удаан байдаггүй тул Өлзий ахын өгсөн нэр.
Өнөө орой харин уухгүй бол сэтгэл бачуураад нэг л биш гэсээр мань хоёр эхэлсэнсэн. Өлзий ахын яриа хөвөрч эхлээд эхнэртэйгээ хэрхэн танилцаж, хэрхэн хоёр хүүхэдтэй болсон хийгээд өөрөө дээд боловсролоос цаашгүй, ажил гэр гэхээс өөргүй нэгэн байсан гээд л урьд нь ярьсанаа хөврүүлж гарав. Нэг муу байр шиг юмтай болчих санаатай эхнэртээ итгэн итгэн энд ирсэн одоо ч өнгөрч, дашийн шоог болж байна даа гэх. Өлзий ахынхаа сэтгэлийг хуваалцаж дахин хоёр шилийг авлаа. Жаргал нэг их уудаггүй ч өнөөдөр Өлзий ахыгаа бодсон уу нилээн дориун авлаа. Шилнүүд харшилдан өрөөний булан руу өнхөрсөөр. Өлзий ах нэг их урт санаа алдсанаа
- Ерөөсөө бидний амьдрал нэг л биш. Манай улс эх орны байдал ч гэсэн. Юуны төлөө бид ингэж хүний нутагт үйлээ үзэж явнав. Сайхан амьдрах гэсэн бидний буруу юу. Гэтэл ганцхан энэ солонгост биш өөр олон оронд, олон мянган залуучууд явж байна. Явах гэж мөн л олон залуучууд охид хүсэл мөрөөдөл болон суугаа. Гэтэл явсан болгон сайн сайхан байна уу, үгүй л байхгүй юу. Ахыгаа хар.
Чи бодвол манай эхнэрийг буруутгаж суугаа байх. Би ч гэсэн өөрцгүй. Гэхдээ гол гогцоо нь эхнэрт маань байгаа юм биш. Энэ цаг үеийн шуурганд, энэ цаг үеийг туулж чадахгүй байгаад, энэ үед улс эх орноо зөв зүйтэй зохицуулж удирдаж чадахгүй байгаад л байгаа юм. Одоо манай гэр бүл гэж үгүй боллоо. Бид хоёрын амьдрал дууслаа. Хүүхдүүд өнчирч, тэдний маань хувь заяа нь буруугаар эргэлээ. Хэрхэн эргэхийг хэн мэдлээ. Би амьдралынхаа лаахайг хэн нэгэнд тохох гээгүй юм шүү. Цаашилбал зарим сайхан залуучууд хүний газар үхэж үрэгдэж байна.
Энэ одоо юу гэсэн үг вэ Жаргалаа? Чи бид хоёр ч яахав харлачихсан учир энд ажиллаад сардаа саяыг авч байна. Гэтэл цаана чинь гэрээний муусайн залуучууд таван зуухан вонн авч байна шүү дээ. Гэтэл тэдний амьдрал нь ямар байна. Биднээс долоон доор. Гэрээний хүн гэж хорионы хүн л гэсэн үг. Бас болоогүй ээ наашаа явахаас нь өмнө эмнэлэгийн үзлэг нэртэйгээр ангилан ялгана. Манайх шиг ядуу улсад эрүүл хүн цөөхнийг хэлэхүү, эрүүлийг нь шилээд авчихаар цаана нь ямар улс үлдэхэв. Дээх нь үеийнхээр бол малиний адуу л гэсэн үг. Би эдгээр залуусаа муулж байгаа юм биш. Гэрээгээр явуулахад гар бие оролцоод байгаа энэ төрийн хүмүүсийг буруутгаад байгаа юм. Энэ төрд байгаа зарим нөхөд ард түмнийг амар амгалан амьдруулахын тулд зөв бодлого явуулах ёстой атал түүнийгээ хийж чадахгүй болохоороо залуус охидоо харь оронд зарж, өөрсдийнхөө хийх ажлыг хөнгөвчилж байгаа юм. Тэгээд бас хүний наймаатай тэмцэнэ гээд байгаа шүү гээд Өлзий ахын хамар сарталзах нь ингэж амьдарч байгаадаа үнэхээр гутаж байгаа шинжтэй. Тэрээр цааш нь
- Ард түмнийхээ арай гэж олж ирсэн хэдэн цаасыг нь банкны аргаар хурааж аваад л байшин барилга гэж эргэлдүүлээд л эргээгээд бидэндээ шахаад л. Өөрсдөө өдөржин бие биенийгээ нохой гахайгаар нь дуудчихаад, орой нь баар саванд заваарч байх хооронд халаасанд нь мөнгө зүгээр сул орж ирж байгаа юм чинь. Гэтэл үнэндээ ард бидний амьдрал ямар байна. Намайг хар, манай гэр бүл үндсэндээ мөхөж байна. Хүн харахад биднээс өөрөөс нь болж байгаа юм шиг хэрнээ тийм биш байгаа байхгүй юү. Миний эхнэр буруутай ч би буруутгамааргүй байна. Үнэндээ бол гэр орноо олигтой авч яваагүй надад ч бас буруу бий. Гэтэл өчнөөн залуус охид энэ замруу орж байна. Хэдэн гэр бүл тэсэж, хэд нь салж сарних юм бүү мэд гэхчилэн эцэс төгсгөлгүй ярьсаар завилж суусан чигээрээ хойшоогоо уначихсан юм. Тасарч байгаа нь тэр.
“Хөөрхий минь амьдралдаа, хайр дурлалдаа, гэр бүлдээ хичнээн хайртай ч өөрийг нь ингэж хуурсанд гомдсондоо ухаан тасартал уусан нь энэ дээ” гэж хучлагыг нь засах хоорондоо Жаргал бодож байлаа.
Өлзий ахыг угаалгын өрөөнөөс гарч ирэхэд нь сэтгэлий нь сэргээх санаатай эрчүүдийн хээгүй зангаар - Шөнөжингөө л салтаа саамаа ухчих юм. Хүн ч унтуулахгүй гэтэл
- Өө харлаа тэгсэн үү? За даа хар багын юм даа. Тэгээд ч бадаг шүлэг бичдэггүй, баруун гараараа оролддоггүй залуу нас гэж хаа байлаа гээд л пар пар инээх авч, нүд нь цаанаа нэг гунигтай. Жаргал Өлзий ахыгаа худлаа ч гэсэн инээлгэсэндээ сэтгэл нь жаахан онгоймор болсон.
Энэ бүгдийг бодсоор үдээс өмнөх ажил дууслаа. Ажил эхлэхэд хуурай барьдаг гар нь хөндүүрлэн бадайрч өвдөж байсан ч хэдхэн минутын дараа гарын өвчин нь багасаж халуу дүүгэнэ. Гарын хөндүүрч яахав арилдаг байж. Сэтгэлийн хөндүүр харин тийм амар арилдаггүй ажээ. Цайны цаг болохтой зэрэг л цайгаа ч уулгүйгээр утсаа шүүрэн монгол руу залгав.”Жоохоноо ч байхгүй дээ. За тэр хүү авлаа”
- Байна уу?
- Өө миний хүү юу? Ээж нь бий юу ? Ээж нь урд шөнө гэртээ ирсэн үү? гэтэл
- Тэгээд л би ээжийн утсыг авч байгаа биздээ. Бид хоёр өвөөгийнд хоносон гээд хүү нь
- Ээж! Аав ярьж байна гэлээ. Жаргал энэ хооронд “би юу л болоод байна даа” гэж толгойн манараа арилаагүй байтал утасны цаанаас Жоохоноо
- Байна уу? өө миний хань уу? бие хаа нь гайгүй юу саяхан залгаа биздээ
- Би зүгээрээ гэснээ ээрч
- Зүгээр л чамайг санаад, та хоёр аавынд хоноо юу?
- Тиймээ ээжийн бие жаахан эвгүйрхээд, бид хоёр энд бараг гурав хонож байна.
- Өө харлаа. Тэгээд гайгүй юу?
- Гайгүй ээ гайгүй. Чи минь санаа зовоод яахав.
- Хойшоо манай аав ээж дээгүүр хааяа орж байгаарай даа гэтэл - Бид хоёр хойд аавынд л байна шүү дээ.
- Өө манай ээж өвдөө юү? гэнгээ “би ер нь яагаад л байна даа” гэж бодож амжив
- Тиймээ гэхдээ одоо гайгүй, эвгүй юм идсэн шиг байна. Захаас л нэг жимс авч идсэн гэсэн. Манай энд ч хоол хүнс хүртэл хэцүүхэн л болоод байна шүү. Тэгээд ч манай байрны эзэн байраа засна энэ тэр гээд байгаа. Бид хоёр ер нь энд ирдэг юм билүү гэхэд Жаргал зүгээр л уухайн тас
- Тэг тэг өнөөдөр нүүгээд оч. Би дүүд чамд тусла гэе гэлээ
- Харин чи зүгээр үү? Нэг л хачин яриад байх чинь
- Би сайн сайн. Харин Өлзий ахад базаахгүй юм болоод. За за дараа энэ тухай яръя гээд
- Харин чи наддаа хайртай хэвээрээ биз дээ? гэхэд
- Жагаа минь дээ. Чи минь яасан бэ дээ? Найз нь чамдаа хязгааргүй хайртай. Хүү бид хоёр өдөр тоолон хүлээгээд л байна даа гээд хоолой нь зангирлаа.
- Энэ цалингаа авчихвал бид гурав байртай болчихно. Тэгээд… гэтэл дундуур нь
- Тэгээд л хүрээд ир л дээ. Байртай л болчихвол бусад нь яахав дээ. Гол нь хэдүүлээ цугтаа л байцгаая гээд Жоохоноогийн дуу цаашлан хамар нь шуухитнаж сонсогдоно. Зүүдэндээ итгэж ханиа зовоохоо шахсандаа бантсан Жаргал
- За найзынх нь цайны цаг дуусах нь дараа залгая. Чамдаа хүүдээ хайртай, хайртай үнсье, үнсье гэхэд Жоохоноо туниа муутайхан
- Үнсье гээд таслав.
Жаргал утсаараа шүдээ тогшин хэсэг сууснаа “Би яагаад тэгж зүүдлэв? Муу Жоохоноогоо гомдоохоо шахлаа. Үгүй гэхдээ л тэр муу сахалтай хар юмтай хачин байсан юмаа. Их л тод харагдаад байсан даа. Нээрээ л Өлзий ахын хэлснээр бид ингэж тусдаа амьдрах заяатай гэж үү. Ерөөсөө буцдаг ч юм билүү. Уг нь дахиад хэдэн сар болчихвол байрандаа тавилга авчих юм даа.За за бүгдээрээ л хамт байвал газар унтахад юу нь болохгүй гэж. Энд бараг гурван жил сүүжээ хавтгайртал л газар хэвтлээ. Муудсан л юм алга. Өлзий ахад хэлвэл шооч амьтан чинь авгайгаа хардаад гээд шоолдог боловуу яадаг бол” хэмээн бодолдоо ороогдон явсаар цайны өрөөнд орж ирлээ. Өлзий ах
- Үгүй чи хаашаа алга болчихдог юм бэ? Хоолоо хурдан идээд ажиллахаа бод. Би Салхид бүх явдлаа хэлээд эрт явахаар боллоо. Цаадах чинь хамартаа баас түрхчихсэн юм шиг л ярвагнаад сүйд. Одоо ганц нэг дэлгүүрээр ороод хоёр хүүдээ хэдэн чихэр мэхэрхэн авъя. За орой уулзая гээд яаран гарч одлоо.
Жаргал араас нь харж суухдаа “Яахаараа ингэж сайн хүмүүс нь амьдралд хохирч байдаг байнаа? Гурван жил хамт байлаа. Гэр орон авгай хүүхдээ л ярихаас өөр хүүхэн мүүхэн гэснийг нь би л санахгүй юм. Өглөө харин баруун гар мар гэж солиорч байж ахыгаа зовоочихвуу даа. Дандаа л гэр орноо ярина. Эхнэрээ манай жанжин л гэх. Хөдөлгөөнтэй сэргэлэн хүүхэн бий. Бид гурвыг чирээд л яваа юм гэнэ.
- Танай жанжин хөөрхөн үү? гэхэд зураг үзүүлэнгээ
- Бусдад бол яадгийг мэдэхгүй. Надад бол наран саран л гэнэ. Ер нь бол хүүхэн болгон хөөрхөн. Яагаад гэвэл бүгд нөхөрт гардаг. Нөгөө талаас нь хэлвэл бүгд л борлогддог юм даа гээд л маазрана. Бэлэн цэцэн тэгсэн хэрнээ хошин үгтэй, царай зүс тийм муу биш цэвэрхэн шар царайтай. Харин өмссөн зүүсэндээ нэг их анхаарал тавихгүй, тайл соль гэхгүй л бол өмссөнтөйгөө байгаад байх санаатай. Ном сонингоос толгой салгана гэж үгүй. Өрөөсөн хөлөө чичигнүүлээд л уншаад суудаг. Өөрийнхөө мэргэжилээр эх орондоо ажиллаж чадахгүй байгаадаа сэтгэлээр баахан унадаг боловуу гэмээр санагддаг юм. Гэхдээ сэтгэлээ их барьдаг хүн юм байна даа. Өчигдөр оройхон л тийм байсан хүн чинь өглөө болохоор юу ч болоогүй юм шиг л. Эсвэл надад тэгж харагдах гэсэн юм боловуу. Нэг их уудаггүй юм байсан. Өчигдөр ч нэг татаж өгсөндөө. Арга ч үгүй юм байхаа даа. Амьдрал нь ийм болчихоод байхад сэтгэлээр унахгүй хэн байхав. Би бол ч аль хэдийн сальфетик болсоон. Согтчихоод элдэв юм болохвий гэж болгоомжлоод
- Та ч өнөөдөр явуулж өгч байх шивдээ гэхэд
- За даа ямар нэг их бяр орох бишдээ л гэж суусан”
Өлзий ахыгаа болон өчигдөрийн болсон явдлаа бодож суусан Жаргал гэнэтхэн
“Аан би энэ бүхнээс болоод л муухай зүүдэлсэн байна шүү дээ” гэж сая нэг юм бодож олов. Энэ хүртэл жаргал зүүдэндээ итгэсээр л байсан шиг.
Орой ажил тараад харих замдаа дэлгүүрийн гадаа бууж Өлзий ахдаа нэг цамц, нэг шил виски авлаа. Гэртээ иртэл Өлзий ах баахан новшин дунд хөглөрөн сууна. Юмаа янзалж байгаа бололтой. Гараас нь гарч байгаа юм гэж ер алга. Хий дэмий л ийш нь ч нэг, тийш нь ч нэг хийгээд л эсвэл буцааж гаргаад л суух. Нөгөөдөр өглөөний тийз авсан юм байх. Маргааш үдээс хойшдоо Сөүл ороод нисэх буудал дээр нэг хоносон болоод өглөө нь нисэх гэнэ. Жаргал юмыг нь базааж өглөө. Авсан юмаа өгтөл
- Өө надад яахнав дээ. Харин гэрийнхэндээ бага сагахан юм явуулахгүй юмуу? гэнэ. Гэнэтхэн явах болчихоод хэн хэн нь нэг их дуугарч чадсангүй. Мань хоёр хэдэн жил цуг амьдрахдаа хоёр биендээ бас ч үгүй нилээн дассан бололтой. Тэгэсхийгээд дуу муутайхан хонолоо. Тэр шөнөдөө Жаргал элдэв зүйл зүүдлэлгүй нойр ханан өглөө сэртэл Өлзий ах аль хэдийн босчихсон цай чанаад, гамбир хайрчихаж.
- Та унтахгүй яагаа вэ? үдийн хойно явах байж гэтэл
- Ах нь яахав алгын чинээ газраас алдын чинээ газар очиж арвалзаж тарвалзах гэж байгаа хүн. Харин сүүлийн удаа нэг сайхан цай чанаад өгье гэж санаад л гэх.
Хоёул гамбираа цайндаа хөшиглөн хийж, шоржигнуулан сорж хэсэг сууснаа Жаргал
- Өлзий ахаа би ч гэсэн ерөөсөө буцдаг юм билүү. Гэр орноо ч санаж байна. Орох оронтой ч болчихлоо. Жоохоноо ч ир гээд…гэтэл Өлзий ахын нүдэнд хүссэн цэг дээр нь дарчихав уу гэлтэй оч гялалзаж
- Нээрээ юү? Уг нь ах нь чамд хэлье гэж бодсон боловч чамайг уруу татсан болчих болов уу гээд дуугараагүй юм. Гэр бүл хамтдаа байх шиг жаргал гэж үгүй юм даа. Өвдсөн ч зовсон ч, өлссөн ч цангасан ч хамтдаа л байвал гээд бүр нэг санаа нь амарсан хүний шинжтэй гүнээ амьсгаа авч
- Засаж болдог алдааг алдаа гэдэггүй юм дүү минь. Засаж болохгүй алдаа чинь л жинхэнэ алдаа шүү дээ. Ах нь амьдралдаа алд дэлэм алджээ.
- Та ямар юмандаа алдсын. Таны буруу гэж байхгүй шүү дээ.
- Үгүй ээ миний дүү. Буруутайгаа оллоо гээд алдааг засаж байгаа юм биш. Ах нь авгай хүүхдээ арчлаад төрсөн нутагтаа хүн шиг амьдарч чадаагүйгээрээ хамгийн том алджээ. Тэр хөөрхий хүний бүсгүй үрийг хайрласан ч юм байхгүй харь хүний гар харуулаад. Би олигтой байсан бол миний жанжин юу гэж хүний царай харж суухав. Харь хүний доор хүсэл сэтгэлийг нь хангаж хэвтэх тийм сайхан байдаггүй байхаа. Энэ бүхэн ахынх нь л алдаа. Би бараг засаж чадахгүй л болов уу даа. Чамд энэ бүхнээ хэлэх гэснээ чадаагүй юм.
Хэрвээ чи буцъя гэж үнэн голоосоо шийдсэн бол амьдрал руугаа, аз жаргал руугаа, амраг руугаа, алаг үрлүүгээ буцах л хэрэгтэй. Амьдралд нэг нь алдсан байхад нөгөө нь заавал оносон байдгийм шүү дээ гэх Өлзий ах өөрт нь юу ч тохиолдоогүй юм шиг сэтгэл онгойсон шинжтэйгээр Жаргалыг харж, ямар нэгэн юмыг аварсан мэт нүд нь баяртайгаар гялалзана. Тэгээд
- Тиймээ, дүү минь хоёулаа ээж аав руугаа, эх орон руугаа буцацгаая гэлээ.
Энэ бүгдийг харж суухдаа Жаргал “миний төлөө, манай гэр бүл, миний амьдралын төлөө энэ хүн ингэж л зовж байсан юм байхдаа зайлуул. Өлзий ах та өөрийгөө тос даасан бор талын хүй дарсан шар чулуу. Би талын хүү гэдэгсэн. Үнэхээр л та тал шигээ уужимхан хүн юмдаа” хэмээн бодож суулаа…

Бүрэн эхээрээ...

Миний отчигон

14 Сэтгэгдэлүүд:

Өглөө би эрт ажилдаа гардгаараа гарч тэргээ асаан хөдлөнгөө хоёрхон цагийн дараа босох хүүгээ бодлоо. Миний бага хүү аавынхаа гучин долооны жил дээр, ээжийнхээ ёстой л нэг хүсэл мөрөөдөл нь болсоор энэ хорвоод ирээд дөнгөж гурван жил хэдэн сар болж байгаа юм. Гэхдээ энэ өдөр хүүд маань ер бусын өдөр эхлэх юм. Хүү маань өнөөдөр эндхийн хэлээр бол “сургууль”-д орж байгаа юм. Бидний ойлголтоор бол цэцэрлэг маягийн.
Хүү маань энэ улсад төрсөн монгол хүү.
Монгол улсын нэгэн бичилхэн хэсэг болсон бор гэртээ эрхэлж нялхарч, уйлж дуулж, инээж хөхөрсөөр гурван жил гаран болжээ. Нэг үеэ бодвол эргэн тойрноо өөрийнхөө бяцхан ухаанаар ялган салгаж, болох болохгүйг ойлгож, тэр ч бүү хэл өөрийн гэсэн эд хогшилтой (тоглоом) болж, түүгээрээ биеэ саатуулан ганцаар шулганан тугдайн суух нь үнэхээр эгдүүтэй.
Хүү минь том болохын хэрээр бидэнд нэгэн асуудал тулгарч эхлэв. Тэр нь хэл яриа байлаа. Хүүгийн үзэж байгаа болгон (телевиз, хүүхэлдэйн кино) англи хэл дээр. Бидний гэр орондоо харилцан ярилцах нь монгол. Ээж бид хоёр нь монголоор, эгч нь голдуу англиар өөртэй нь яриад байхаар ёстой л нөгөө толгой нь эргэнэ гээч нь болж байх шиг. Хөөрхий минь хэлд орох гэж оролдож байгаа ч тэр нь нэг л удаан. Монголоор хэлж ярихыг ойлгох авч хариулахдаа англиар хариулах юмдаа. Нэг өдөр хүүгээ нэг юм ярих гээд түгдчээд ээрч муурахаар нь өрөвдсөн гэж жигтэйхэн. Хүүгээ энд төрөхөд нь нэгэн бодлын юм юм нь хөгжсөн сайхан газар гэж бодогдох авч нөгөө талаар эх орноосоо төөрчихсөн мэт санагдаж гол харлаж явдаг болсон юм. Гэтэл дээр одоо бүр хэл ус ч үгүй болох нь гэж бодохоос голоос нэг юм огшоод явчихсан гэж байгаа. Тэгээд ээж нь хөөцөлдөж элдэв шалдавын анкет юм бөглөж гүйсээр энэ сургуулийг бүтээсэн. Өөр зарим мужид бол нилээд чөлөөтэй, бас үнэгүй байдгийг бодвол энэ муж нилээд төвөгтэй юм. Гэлээ гэхдээ яах вэ ямарч байсан өдөрт хоёр цагаар долоо хоногт дөрвөн өдөр явах болсон нь дэвшилттэй. Сургууль дээр нь очиж уулзахад
- Хэрвээ танай хүүхэд уйлдаг бол эртнээс хүүдээ сайн хэлж ярьж өгөөрэй. Бүр болохгүй бол эхний үед “богиносгосон” цагаар явж болно гэж багш болох хүүхэн манай хүнд хөнгөлөлт үзүүлэхэд миний инээд хүрээд байлаа. Тэр нь нэг цаг л даа. Гэхдээ нэг цаг гэдэг манай хүнд их хугацаа. Тэгээд бараг долоо хоногийн өмнөөс л - Миний хүү цүнхээ үүрээд сургуульд явна - Хангай мундаг том - Маамуутай тоглоно - Том хүүхэд уйлдаггүй - Ээж нь орхиод явна, чи үлдэнэ - Ээж нь эргэж ирээд хүүгээ авна гэхчилэнгээр өдөр бүр л бид хэд чадах ядахаараа ойлгуулах гэж оролдоно. Хүү балчирхан ухаандаа ойлгож ядан байхдаа ээж явна гэдгийг сайн ойлгож
- Ээж явахгүй гээд л уйлна.
- За даа мань хүн ч орилж өгнө дөө. Миний хүүг битгий ширүүлээрэй гээд л эхнэрээсээ өчигдөр оройжин гуйж гуйж орхисон. Одоо би жолоогоо мушгин хотоор давхиж яваа ч сэтгэл санаа минь хүүтэйгээ хамт явна. Энэ нэг нөхөр хөгширсөн хойноо нэг хэнз хүүхэдтэй болоо л биз, тэр нь цэцэрлэгт ороо л биз юун сүртэй юм. Хүний газар төрж, хэл усаа ч мэдэхгүй монголоо алдсан юмыг юугий нь гайхуулах гээв гэж зарим хүн бодож магадгүй гэхээс өр өмрөнө. Миний хүү монгол хүү. Шинэчлэгдэж өөрчлөгдөх энэ цаг үеийн хүнд нудрага эх орны минь нүүрийг алгадахад хувь заяаны эрхээр энд үсэрч дуссан эх орны минь цусан дусал. Тиймийн учир миний хүү монгол хүү. Хэдийгээр одоохондоо тоонот цагаан гэрийн босго алхаагүй ч, тунгалаг ариун булгийнхаа усыг амсаагүй ч, аргалын цэнхэрхэн утааг үнэрлэж үзээгүй ч, адуу малын бараа харж, дуугий нь сонсоогүй ч гэсэн энэ хүү монгол хүү. Ийм хүүхдүүд энэ тэнд олон бий. Эднийгээ битгий л гоочлоорой доо ...
“Мань хүн ч орилж өгсөндөө” гэж бодсоор ажлаасаа буулаа. Өнөөдөр ажил сулавтар тул эртхэн буув. Хүү маань бялуунд учиргүй дуртай. Түүнийг “бөөд дэй кэйк” гэнэ. (Birth day cake). Заримдаа юухан хээхэн (гамбир, тарвас г.м) дээр ч лаа асаалгаж байгаад “бөөд дэй кэйк” болгон иднэ. Тийм л дуртай. Би харих замдаа нэг “бөөд дэй кэйк” авлаа. Гэртээ ирсэн чинь манай хоёр алга. Ойр ойрхон цонхоор харж байгаад ээжтэйгээ ирэхээр нь машин зогсоол дээр угтаж очлоо. Тэгтэл хүү маань өөдөөс - “Хан-гай том” (өөрийгөө онгироохоороо ингэж хэлдэг) гэсээр л бууж ирэнгүүтээ цүнхээ нуруундаа үүрээд хачин. Ээж рүү нь хартал - Ёстой уйлаагүй гэдгийн. Тэгэхээр нь - Миний хүү уйлаагүй юу? гэтэл - - Хан-гай том л гэж байна. Өөрийнхөө нэрийг хэлэхдээ дундуур нь тасалж байгаа юм шиг Хан-гай гэж хэлдэг юм. Тэгээд л цүнхээ дуугаргаад л, үсээ сөөвөг сөөвөг хийсгээд л, овгос овгос гээд л нэг их том болчихсон амьтан аав ээж хоёрынхоо өмнө ороод л орц руугаа алхаж өглөө. Миний эгдүү хөдөлж, хайр хүрсэн гэж юухэв. Ээж нь хамаг хийсэн юмс, цааснуудыг авчихсан тул тэр цүнхэнд хэдэн харандаа, цавуухан л байсан хэрэг. Хүүгийнхээ араас харжээ явахад яагаад ч юм цээжнээс нэгэн хүнд юм салчих шиг болсон доо.
Алд хүрэхгүй энэ амьтан сурч мэдэх хийгээд хүн болох анхны гараагаа эхэлж байгаагаа яахан ойлгох билээ. Тэр ч байтугай амьдралыг үзэх үзлийн минь буурийг хэрхэн сэлгэж, аавынхаа амьд явах заяаны алтан аргамжааг хэд дахин сунгаснаа миний хүү одоогоор мэдэхгүй яваа. Гагцхүү зүгээр л
“Хан-гай том”, ”Хан-гай уйлахгүй” бол дайдий (Daddy) “бөөд дэй кэйк” авч өгнө л гэж бодож яваа . . .
Тиймээ! Миний “Хан-гай том” . . .
Бүрэн эхээрээ...

Дөрвөн мөрт-6

18 Сэтгэгдэлүүд:

Цэцэг халууцах зундаа ой хүрнээ миний охин
Зулай нь битүүрээд ирэхээр хүн болноо миний ангаахай
Санчиганд минь сор унахад тохойг минь өргөнөө миний шувуухай
Сарьдагийн энгэрт нойрсоход толгойг минь түшнээ миний тасархай

Бүрэн эхээрээ...

Дөрвөн мөрт - 5

10 Сэтгэгдэлүүд:

Бурхангүй газрын бумба галзуурна гэгчээр
Бор гэртээ би найрагч болон дөвчигнөнө
Бодол мөрөөдөлдөө автан солиорохоороо
Болор цом-оор хэмээн ... гэвч гэртээ ганцаарханаа

Бүрэн эхээрээ...

Цаг Цог хоёр

14 Сэтгэгдэлүүд:

Үүрээ сандаачуулан арзагналдах шоргоолж мэт явган хүмүүс зөрөлдөн сүлжилдэх өргөн гудамжнаа Цогоо таксинаас бууж тэдний дунд орж, яарахгүйгээр үл барам хамаг биеэ сул хаян зарим нэгийг мөргөн, шүргэн гэлдрэнэ.Үзвээс царай зүс нь ноомойн унжиж, галгүй хоёр нүдээр газар шагайж, хоёр гар нь сул унжин өөрийн биенээс тусдаа мэт хаа нэг савчин, бодолд дарагдан сэтгэлээр унасан нь илт.
“Үгүй! Шүрээ өөр хүнтэй явалдаж байна гэж үү, даана ч дээ. Хүн ажлаа хийгээд, цалингаараа ажил амьдралаа залгуулаад явж байхад араар маань өөр хүнтэй зугаалаад л явж байдаг байх нь.
Ингэхэд би ер нь яасийн? Яалаа гэж…” гэхчилэн өөрөөсөө асууж, уурлаж бухимдах эсвэл гомдож тунирхсан нь аль нь үл ялгагдан цээж хөндүүрлэн алхална. Гэтэл гэнэт
- Хүүе ! Байр хам гэх зэвүүн дуу сонсогдоход харвал байрных нь нэг хэцүүхэн гар “ашгүй нэг шаналгах хүн таарлаа” гэсэн шиг арзайтал инээж зогсох ажээ.
Урд нь юм л бол ганц юмны мөнгө, эсвэл гуя, бүр байчихаад таван зуу, гурван зуу гэхчилэн шаналгах энэ хэдэн юмнаас тойрч бултан явдаг байсан бол сая бодолдоо алмайраад анзаарсангүй.
- За бараг уудаггүй хүн чинь яасан? Шартсан шинжтэй харагдах чинь гээд л юунаас яаж эхлэхээ андахгүй тэр гар царайны баргар байгааг анзаарснаар яриа эхлэв. Цогоо сул гараа өмднийхөө халаасанд хийтэл сая таксинаас хариулсан хоёр мянган төгрөг гарт нь тэмтрэгдэв. Тэгтэл гэнэт “энэнтэй нэг юм хуваагаад уучихъя” гэх сэтгэгдэл төрчихөв. Өөрөө ч гайхахшиг. Тэгсэнээ мэдсээр байж
- Чи завтай юу? Хэрвээ завтай бол ганц юм ноолчихуу? гэж сүрхий царайлав. Өнөөх ч яахав уухайн тас гуниг хуваалцаж байгаа аятай байвч баярласан сэтгэлээ нууж ядна.
Байрныхаа орцонд цувралдан орж Цогоо халааснаасаа өнөөхийгөө гаргатал нөхөр архийг нь харангуутаа огиж байгаа харагдлаа. Цогоо шилний хөнгөн цагаан бөглөөг чимхэн урж онгойлгоод нөхөрт өгөхөд огин огин салгансан гараар авсан нөхөр
- Би хүн рүү харж ууж чаддагүй юмаа гээд цааш харан шилээр нь тонгойлгон залгилав. Араас нь харахад түүний хамаг бие нь салганаж, дагзан дээрхи малгай нь чичирч байх ажээ. Тэгээд өрөөсөн гараараа амаа таглан шилтэйгээ Цогоод өгөхөд хамаг нус нулимс нь цувран хүн харахын тамтаг алга. Ингэн ингэн уух гэж байдгаа гэж бодсон Цогоо амруугаа шилтэйг гудартал буруу хоолой нь таарсануу эсвэл угаас чаддагүй дээ тэрүү хоолой зураад хахаж цацан байж хоёр балгаад буцаав. Тэгээд
- Манай гэрийн хүн сая гудамжинд нэг залуутай зугаалаад сүйд бүр уур хүрчихлээ гэтэл
- Аан, чи тэгээд царай дарчихсан яваа юмуу? Муусайн хүүхнүүдийг ёстой будаа болгох хэрэгтэй. Тэр залууг ч гэсэн … ер нь хүүхнүүдийг даврааж болохгүй. Танай хүн хэдтэй билээ? гээд хариу ч сонсолгүй
- Хүүхнүүд гуч дөхөөд ирэхээрээ дандаа тэгж заваардаг байхгүй юү хэмээн онолдож
- Орой ирэхэд нь хараарай уруулын будаг нь арилсан байвал тэгээд л өнгөрөө гэж мэд. Илжиг, эхнэр хоёрыг өдөрт нэг амбаардаж байх хэрэгтэй за, би бол тэгдэг л байлаа гэхчилэн шүлс амаа үсчүүлж эхлэв. Ер нь иймэрхүү байдалтайгаар удаад хэрэггүйг мэдэх тул Цогоо
- За, за чи наадахыгаа өөртөө үлдээчих би гэрээрээ орчихоод эргээд гарахгүй бол болохгүй гээд салахын түүс болов. Өнөөх
- Миний хэлсэнийг мартаваа өдөрт нэг за гээд өвөртөхөө тэмтрэн тэмтрэн цааш гуйвчин салгаллаа. Цогоо нөгөө гайнаас салж дээш өгсөх зуураа “өдөрт нэг гэнэ шүү тийм ч юм гэж байдаггүй байхаа” гээд гэнэтхэн муу ханиа өмөөрөв.
Түрүүн таксины цонхоор харахад тэр залуу нь ямар нэгэн хөгжилтэй юм ярьж байгаа бололтой ухраагаараа яваад л. Өөдөөс нь эхнэр нь гараараа амаа таглан нүдээрээ инээж байгаа харагдсан. Эхнэрийнхээ нь тэр инээмсэглэлийг Цогоо бараг мартахаа шахжээ. Хэзээ ч билээ дээ авчирч өгч байсан эрээн даавуун хослолоо өмсчихсөн, үсээ задгай тавиад, хүзүүгээрээ охиныхоо цагаан сараар олсон алчуурыг зангидсан нь их л зохисон харагдсан. Үсээ задгай тавихаараа зохидог л юм байна. Би анзаараагүй гэж үү? Үгүй ингэхэд орой унтахдаа үсээ боолттой чигээрээ л унтдаггүй баймаар юм.
Цогоо гэрийнхээ үүдэнд ирж хаалгаа нээн онгойлгоход хаалга нь даана ч нэг ёозгүй чахран дуугарна.
- Энэ хаалга ямар муухай дуугардаг болоо вэ? хэмээн сая л анзааран амандаа үглэн дотогш орлоо. Үүдний хонгил харанхуйвтар тул гэрлээ асаан харав. Унтраалгы нь тойроод гарын хир тогтжээ. Гутлаа тайлан хуучирсан хивсэнцэр дээгүүр алхлан цааш өрөөнд ороход гэр нь цаанаа нэг бүүдгэр өнгө буурай ажээ. Өсгий нь нилээд майжийсан хоёр гутал нь “одоо нэг амрав” гэсэн янзтай сөөлжин унав.
Гадуур хувцасаа ч тайлалгүй сандал дээр хэсэг цомцойн суулаа. Гал тогооноос юмуу хаа нэгтэйгээс эвдрээд дутуу хаагдсан цоргоноос зай завсаргүй ус дуслах нь сонсогдоно. Уг нь эхнэр нь гэрээ чадлаараа л цэвэрлэсэн бололтой. Ханан дээр нь хуучирч, өнгө нь гандсан хуримын зураг нь өлгөөтэй байх нь бараг л хэзээ ч билээ дээ гэж бодогдохоор. “Би ер нь энэ зургийг анзаарч хардаг билүү” гэж бодохын зуур босож очин ер үзээгүй зураг үзэж байгаа мэт харав. Зурган дээр дундаа хэн нэгний өгсөн цэцгийг барьсан хуримын хувцастай хоёр хүүхэд гэмээр залуугийн зураг байх аж.
- Одоогоос найман жилийн өмнө хэмээн амандаа бувтнав. Хажууханд нь хоёр хүүхдийнх нилээн багын зураг байх. Энэ жил багыгаа сургуульд орох ёстой санаж амжив. Эхнэрийнх нь нүдээрээ даруухан инээмсэглэх төрх нь яг л түрүүний залуутай явж байхдаа харж байсан тэр төрх ажээ. Би одоо бараг энэ төрхийг анзаарахаа больжээ дээ.
Цогоо цааш нь хана дагуулан шохой нь бага зэрэг шарласан таазыг харан хөврүүлэн бодно. Гэхдээ яагаад ч юм эхнэрээ түрүүнийх шиг үзэн ядаж муугаар бодсонгүй.
“Хөөрхийд минь хүний өмнө өмсөх зүүх ч юм ямар байх бишдээ. Санаа нь байдгаараа л гоён байж өмссөн нь тэр дээ. Хүн шиг, надад ийм тийм юм хэрэгтэй гэж зовоосныг би л санахгүй юм. Тийм дээ ч тэрүү одоо хүзүү хоолойд нь гялалзаж гялтайх ч юм байхгүй дээ гэж өрөвдөх ч шиг. Энэ гэр орон маань ямархуу байнав. Аль дэвэн галавт хуриманд нь хүмүүс өгсөн хоёр ор, ширээ сандалхан. Одоо хуучираад бүр бүүдийж орхиж. Би ер нь яаж шүү амьдарч яваа эр юм болдоо. Хэдийгээр архи тамхи гээд байхгүй ч гэсэн амьдралд зайлшгүй байх ёстой арчаа, амжиргаа гээч юм надад ер нь байна уу? Тэр ч байтугай эхнэрээ хэрхэн хайрлаж байгаа юм бол? Бараг л худалч хүнд царай зүсий нь мартах шахсан байх юм. Энэ хайр мөн үү? Ийм нөхцөлд, ийм гэр оронд эмэгтэй хүн тэсэж байж чадна гэж үү? Харин өдий болтол хань минь яаж нэг байгаад байсан юм бол?
Миний хань надад хайртай нь л тэр. Хар багын л бидэн хоёр бие биенээ гэж, болно бүтнэ гэж гүйж байж суусан биш билүү. Гэтэл одоо . . .” гэхчилэн элдвийг бодон хана дагуулан хараа тэнүүчилсээр явахаа байсан хөхөөтэй цаган дээр хараа нь тусна. Энэ цагийг ангийнхан нь өгч байсансан. Мань эр цонхон дээр очиж салхивчаа нээтэл нэг нугас нь санжаад хэн нэгэн зэс утсаар торгоочихож. Цогоо л лав биш.
Онгорхой цонхоор зөөлхөн сэвэлзсэн салхи түүний нүүрийг илбэн сэвэлзэж нүдээ хагас аньж зогссон Цогоо гэнэтхэн шийдмэгхэн эргэж үүдний өрөөнөөс оёдлын машины тос авч хаалганыхаа нугас руу хийчихээд гал тогоо руугаа орлоо . . .
Одоо хүүхдүүд ирэх дөхөж байгаа. Удалгүй бас нөхөр нь ч ирэхийг мэдэх бүсгүй орцны хаалгаар нэг л хөнгөн орж ирсэн атлаа гэрийнхээ хаалга дөхөх тусам яагаад ч юм яаж ийшээ орно доо гэсэн аятай алхаа нь саарах ажээ. Цүнхнээсээ үснийхээ боолтыг гаргаж үсээ боонгоо хаалга аяархан онгойлгож орсон Шүрээ нилээн гайхан эргэн тойрноо ажина. Угаалгын өрөөнд, баннандаа хамаг хөшгөө хийгээд дээр нь угаалгын нунтаг цацаад орхиж, гал тогоонд, гал дээр тагийг нь хагас онгойлгосон саванд шөлтэй хоол буцлах нь сонсогдоно. Ширээн дээр махны модны хажууд хутга болон хутга ирлэдэг шинэхэн хайрга байгаа нь үзэгдэнэ. Их сонин. Том өрөөгөөр шагайвал хөшгийг нь авчихсан болоод тэрүү өрөө нэг л саруулхан, нөхөр нь салхивчны нугас сольж байгаа бололтой хамаг анхаарлаа төвлөрүүлэн хацраа унжуулан зогсох нь хүүтэйгээ нэн адилхан ажээ.
Ширээн дээр нэгэн цаас байх агаад түүнийг харвал хананы цаас тэд, будаг тэд, шохой бас болоогүй жижиг сажиг авцаа өгцөө гэх мэт багахан тооцоог нямбайлан зоочихож. Хажуугийн сандлын түшлэгэн дээр нөхрийнх нь тохойг нь нөхсөн бор хүрэм нь тохоотой. Энэ бүгдийг харж нөхөртөө баярлан сэтгэл нь илт сэргэсэн Шүрээ уг хүрмийг аль цагт сургуулиа төгсөхдөө авсаныг санаж "миний хань чинь бас ч гэж инженер хүн шүү дээ" гэж бодогдов. “Ерөөсөө энэ сарын цалин буухаар ганц хүрэм авч өгнөө. Байр гэрлийн мөнгийг ганц удаа жаахан унжихад яав л гэж” хэмээн санав. Хүүхэн хоёр гараа зөрүүлэн тэвэрч, хөлөө солбин, мөрөөрөө хаалганы хацар налан энэ бүгдийг ажиглан зогсохдоо саяхан орцонд орохдоо нэг их гэрэл гэгээнээс бүүдгэр харанхуй руу ирж байгаа мэт бодогдож байсан нь оргүй арилж харин ч юу, юу ч үгүй хий хоосноос өөрийнхөө байх ёстой орон зайд ирсэн мэт бодогдох нь гайхалтай.
Гэтэл гэнэт хананы цаг торхийн дуугарч бяцхан хөхөө хэдэнтээ донгодоход хүүхэн залуу хоёр цочин зэрэг бие биенээ харав. Гэтэл Цогоо ам нээж
- Үгүй! чи яасан чимээгүй орж ирээв? гэтэл эхнэр нь
- Нээрээ! энэ хаалганы дуу бүр байхгүй болчихож, бас энэ цаг амь орчихож гэх нь ихэд баярласан шинжтэй.
Цогоо эхнэр лүүгээ зөөлхөн дөхөж мөрөөр нь тэвэрч үснийх нь боолтыг авангаа
- Миний ханьд үсээ задгай тавих нь их зохидог шүү гэлээ. Хариуд нь Шүрээ
- Үнэхээр тийм үү? хэмээн нүдээрээ инээхийг харсан Цогоо “намайг ч гэсэн ингэж хардаг л юм байна” хэмээн бодохын зуур уруул нь будагтайгаа байсанд олзуурхаж, хамар нь шархирахад хурдхан шиг эхнэрийнхээ толгойг үнэрлэн үнсэв. Ханийнхаа анхилхан үнэрийг эргэн санахын зуур цээжиндээ улам чангаар тэврэхэд цээж нь чичирхийлж байлаа. Харин бүсгүйн нүднээс энэ өдрийг хүлээж цөхөрсөн мэт ганц доголон нулимс аядуухан гарч Цогоогийн энгэрт шингэв.
Хүн ер нь мэдэхгүй юмаа мэддэггүйтэй адил мань хоёр ч гэсэн мэдэхгүйгээ хэвээр нь үлдээх гэсэн шиг бие биенээсээ элдвийг асууж шалгаасанүй ээ.
Гэнэтхэн гал дээр юм даргих шиг болоход Цогоо нэг их том хэл гарган
- Цаана чинь хоол гэхэд хүүхэн годхийн гал тогоо руу гүйх нь саяхан гэрлэсэн шинэхэн хосууд гэлтэй.
Намарших шинж орсон бүгчимхэн зуны үдэш сэвсхийсэн сэвшээ хонгор салхи байгаль дэлхийг сэргээдэгтэй адил амьдрал гэдэг юухан хээхэн дээр тогтож, тэр бүгдийг алгачилалгүй арчилан хайрлаваас амьдрал өөрөө эргээд агуу баян тансагаа хэнээс ч харамладаггүй ажээ. Арчилж эс тордовоос алт хүртэл өнгөө алдах буюу.
Онгорхой цонхоор сэвэлзсэн сэвшээ салхины үзүүр өрөөгөөр дураар сэлгүүцэн, эхнэрийнх нь задгай тавьсан үсийг зоргоор нэг оролдож, даашинзны хормойг сэм сэмхэн намируулах нь Цогоод нэн таатай . . .

Бүрэн эхээрээ...

Аав хүү хоёр – 4

9 Сэтгэгдэлүүд:

Сонин гарчиглаж суухад хүү нилээн уйдсан янзтай өрөөгөөр хэд эргэлдсэнээ аавынхаа бугалаганаас хүү чангааж
- Ааваа
- Айн
- Юмыг олон талаас нь харна гэж яадгийн?
- Хэн тэгж хэлж байна?
- Зурагтаар
- Аан! За байз гээд аав бодолхийлснээ
- Энэ ширээг цэвэрлье гэж бодъё за
- За
- Ширээний тавцанг цонхон талаас нь харвал гялалзаад хачин цэвэрхэн байгаа биз гэхэд
- тийм байна
- Тэгвэл нөгөө талаас нь харъя. Тээр зөндөө хурууны хээ байгаа биз гэхэд хүү ширээн дээр булцгар шанаагаа тавьж өрөөсөн нүдээ аньж харахад аав нь инээмсэглэснээ
- Миний хүү буруу нүдээ аниад байна гэхэд хүү
- Өө би дандаа ингэдгийн гээд аньсан нүдээ нээж хараад
- Аан тийм байна
- Түүнийг арчих хэрэгтэй гээд
- За бас доороос нь харж болно гэтэл хүү сурамгай гэгч нь ширээн доогуур орсноо
- Өө, өө бохь наачихаж гээд хацар нь улайхыг ажсан аав нь
- Хэн?.. гэснээ: За хэн наасан нь яахав. Түүнийг авах хэрэгтэй
- Одоо ингээд хаанаас нь ч харсан цэвэрхэн ширээ боллоо тийм үү?
- Тийм
- Юмыг олон талаас нь харж, бас бодож хийвэл алдаа мадаггүй болдог
- Тэгвэл олон ургалч үзэл гэж?
- Яг л саяынх шиг нэг сэдвийг олон талаас нь бодож, олон санаа гаргахыг хэлж байгаа юм. Гагцхүү тэр бодож ярьж байгаа сэдэв нь утгаа алдахгүй байх хэрэгтэй гэснээ
- Ингэхэд миний хүү яагаад ийм том хүний юм асуугаад унав даа?
- Энэ зурагтаар чинь хүүхдийн юм гарахгүй л юм байна шүү дээ. Зурагтын ах эгч нар хүүхэд юм үзнэ гэж бодохгүй байгаам байлгүй гэснээ
- Ер нь бол олон талаас нь харж чадахгүй л байна даа гээд нилээн догь үг хэлчихэв
Эцэг нь хий дэмий ам ангалзсанаа
- Миний хүү үлгэрийнхээ номнуудыг аваад ир аав нь уншиж өгье гэсэнд хүүгийн нүд нь илт сэргэж
- За гээд өрөө рүүгээ гуяа алгадан гүйвээ...
Бүрэн эхээрээ...

Блогоор аялсан түүх-4

20 Сэтгэгдэлүүд:

Хүмүүс сом-нд их сайхан хариу бичихийм. Би ерөөсөө тэгэхгүй юм . Тэрний оронд сөрж блог руу нь орох гэх. Зөв эсэхийг мэдэхгүй.
Хачин чамин эрээн мяраан блогнууд байхым. Уг нь их гоё юм . Цаг маг, тоолдог моолдог тоолуураас авхуулаад зөндөө зөндөө. Минийх болохоор "хуучирсан хүрэн костюм" шиг л юм байхым. Үгүй тэгээд гоёх гэхээр миний өөрийн зангаас болоод гоёж гоодож чадахгүй юм.
Цаг тавъя гэж нэг өдөр санав. Гэтэл өнөө мангар чинь хүмүүс цаг руу хараад яараад гарчихаж магадгүй гээд л санах. Ухаандаа санаа нь цаг наргүй л суулгах санаатай байх нь их эдээ. Тоолуур тавъя гэж бодов. Тэгсэнээ. Тоолж байгаа тоо нь цөөхөн харагдахаар чамлаад гараад явчих болов уу гэж бодох. Харин тэр дуу намуухан яваад байдаг нь зүгээр шиг. Даана ч ах нь өөрөө чаддаггүй гэж байгаа. Тэгээд юмыг дандаа эсрэг талаас боддог энэ зандаа хөтлөгдөөд "нөгөө муу бор костюмтайгаа л" үлдлээ дээ ах нь хэхэ.
Эцэст нь бас нэг юм бодоод л байгаа. Та нарт хэлэх гэхээр буруугаар ойлгоод уурлах боловуу гэж айгаад. Дэмий балай юм бодож байж хэдэн сайхан дүү нараа үргээчих болов уу гээд л... Заримдаа ганц нэг болохгүй байгаа юмаа эвтэйхэнээр шүүмжилвэл ямар бол. Тэгвэл хүн алдаагаа олж харж засахад дэмтэй шиг. Өөр хүмүүс энэ блогчид гэж хэдэн биенээ хөөрөгдөж магтсан улс. Сүүлдээ бүр магтах үг нь олдохоо болих нь гэж бодох вий дээ гэж битүүдээ бодоод яваа. Бодвол миний буруу байж болох л юм . Хэрвээ буруу санасан бол намайг өршөөнө буй заа.
Бүрэн эхээрээ...

Блогоор аялсан түүх-3

3 Сэтгэгдэлүүд:

Нэг үеээ бодвол блогны учрыг овоо олоод байгаа би. Анх бүр нэг сайн бууж өгөхгүй хүмүүсийн блогийг шүтэн бишрэхээс цаашгүй байж. Одоо ч гэсэндээ гоё гоё блогнууд таарахаар ам хагас ангайдаг гэж байгаа. Амраагийн блог гэж айхтар эд нэг байна. Ахмадуудынхаа араас орж байгаа мундаг залуу. Байды гуай ингээд хэлчихсэн болохоор Бумаа дуугай л байсан нь дээр л дээ. Бас шог талаасаа Дөлгөөний блог байна. Их маазтай хэрнээ ойлгомжтой. Эрхэсийн блог гэж дөнгөж нүдэлж байгаа яргуйг санагдуулам блог бий. Танин мэдэхүйн талаасаа Ганбаагийн Хишгээгийн г.м. Төрөө дүү, Үүнээ дүү гээд эрчтэй залуус байна. Эднийг би бусдыгаа тэвчээртэй уншдаг гэж санадаг. Уншина гэдэг өөрт бичихээсээ илүү эддээ. Цаг зав муухан болохоор (өөрийгөө аргалав) орж ирсэн рүү сөрж орж байгаа. Дамжаад дамжаад явахаар толгой эргээд төөрчих юм. Хөгшдөөд тэр байх. Нана маань таг байгаа. Бие хаа нь зүгээр байгаа гэж бодно. Сүрхий юм болохоороо нүүж мүүсэн ч байж магад. Ээбээ гэж эвгүй блог нэг бий. Орж болохгүй , орохгүй байж бүр болохгүй. Викторы гэж байхым. Даана ч нэр ус, пасс, виз энэ тэр гээд орж чадахгүй юм. Шинэ буюу шинэвтэр гэвэл (миний л хувьд) Ганаа гэж гэр бүлсэг блог саяханаас гарч ирэв. Заяа Пийкфиндэр гээд шажигнуулдаг улсууд байна. Нөөц материал ихтэй боловуу гэж санадаг.
За тэгээд хуучцуулаас манай хоёр (Тэлмэн Бямбаа) байнга ирдэгт баярладаг. Миний хувьд блогны хүрээ их бага юм . Их олон блогруу орж сом-т үлдээж байж өөрийгөө уншуулах ёстой юм шиг байгаам. За тэгээд залхалгүй манайхаар ордог та бүхэндээ баярладаг шүү. Та нартаа сайн сайхныг хүсье
Бүрэн эхээрээ...

Ижилгүй заяа.

16 Сэтгэгдэлүүд:


(зураглал)
Өглөө үүр хаяарахаас өмнөхөн боссон хархүү хөхүүртэй хүйтэн айргийг бүлүүрээр хэд бүлж тосыг нь хөдөлгөнгөө хул аягаар гурав хөнтрөн, чимчигнэсэн уруулаа эрхийгээрээ дарж арчаад, гарч уяатай хоносон гялалзсан сортой хар голтой улаан хээр морио эмээллэж, цантай уургаа нударгаараа шудраад, морь нь эргэцэх агшинд уургаа тулаад мордох нь харсан хүнд даана ч нэг жавхаатай. Уяандаа жихүүцэж хоносон хээр морь эзнийхээ хантайралтанд сагалдраганыхаа мөнгөн чимгийг хазаарын товгор товруунд харшуулан, амгайгаа харжигнуулан ангалзаж, цээж өргөн хүзүү гэдийж, толгойгоо хоёр тийш нь хаялан солбилзож, хөлөө өндөрхөн хаялан ергөх шогшихын хооронд дэгэлзэх нь үнэхээр хөнгөн хөлтэй, яалт ч үгүй залуу хүний унаа гэмээр. Залуугийн суганд хавчуулаатай суналзсан хэдэн алдын урт уурга морины явдалд нахилзан үзүүр ёзоор нь газар шүргэн алдана. Зээрийн хүзүүний ширийг идээлэн элдэн хийж, гурамсалж сүлжсэн суран хуйв уурагны даялзах тоолонгоор модоо ороолгон дуугаргана. Адуугаа өвсний сор, сөл хөөж зайдуу хоноглдогийг мэдэх залуу явдлаа жаахан ширүүсгэн мориныхоо амыг султгахад түрүүнээс хойш хий дэвхцэн хэнхдэг сугаараа хөлс чийхруулан явсан хээр морь нь газар эвхэн сунаж, хурц туурайнд нь нойтон чийгтэй газрын хөрс туурайн хэлбэрээр онхилогдон тэртээ хойно үсэрч, тал дээр тал саран хээ дурайн үлдэнэ. Эр бор харцагыг исгэрэн дөрөөн дээрээ дэрийтэл босож наран сөргөө давхихад нарны туяа хойд бүүргэнд нь туяарч, залуугийн хөөргөн бүсэлсэн дээлийн богинохон хормой чадлаараа дарцаглаж, бүрх малгай шилэн дээр нь сагалдрагандаа торон давхих нь ёстой л нэг морин дээр ургаж төрөө юү гэмээр.
Хээр морин ижлээ танин үүрсэхэд хар дэлтэй хул азрага хамраа дуугарган нойтон туурайгаараа газар цавчилан адуугаа тойрлох нь нэн сүртэй. Ташаа өндөр, бүрээ хамарласан сортолзсон хэдэн морьд захдуу хоноод өнгөлөг.
Унага дааганы дэл хэрээрээ ургасан хэдий ч босоогоороо, хонины хоргол ч холбирхооргүйгээр зоолж, хондлойных нь хонхорт шиврээ борооны ус тогтмоор байгаа нь таргыг ч нэг зунзайлгажээ. Адуугаа гурылан хураахад сүүл толгойгоо өргөн унгалдан ухасхийх нь бие чилж, хөл хөссөний шинж.
Залуу адуугаа хусан гадсандаа чивчрэх зэлнээ хураахуй ногтондоо зүгширсэн унага зэлэндээ бараг өөрсдөө очоод чагтлуулах нь зуны хэдэн сардаа ханьсаж ижилстлээ уюулсных.
Зах хязгааргүй мэт үргэлжлэх цэлийсэн өргөн тал, гүвээ толгод, үгүй ер нь дэлхий ээж тэр аяараа л налгартан шарласан нь сайтар загссан намрын өрөм гэлтэй.
Намар оройн уруул чимчигнэсэн хүйтэн айрган дээгүүр хөвөх хөх тос мэт ганц нэг дов довцог, тарвага зурамны дош ногооноороо бусад газраараа шарласан тул нилээн гүн ногоон харагдана. Хөмсөглөн хүрээлэх мөөгөн хүрээ хөхөмдөглөн хөхөртөж үлдсэн ажээ.
Шөнөдөө хүйтэн хонож, үүрээр цан хяруу унаж, өглөөдөө сэрүүн байгаа тул наран ургаж элч нь ээнэгшихийн алдад хүн малгүй л тааламжтай байх ажээ. Намаржаандаа налайх хот айлаас аргалын цэнхэрхэн утаа салхины аясаар аядуухан суунаглаж хөндийгөөр нэг цэнхэрлэн туурцаглан туялзах нь хайхрамжгүйхэн татсан уран бийрийн татлага аятай. Урд хярын хэдэн тарвага арьсандаа багтаж ядан амандаа өвс зуухаас ч залхууран нүхнийхээ аман дээр “эднийхэн бужигнаад явчихлаа өнөөдөр ч үзэх юмтай боллоо доо” гэсэн янзтай хярцгаана. Ганц нэг мөндөл саваагүйрхэн сортолзон хошгирох нь “тоглох амьтан байна уу” гэсэн аятай.
Цаг хугацаа зогссон мэт амар амгалан ийм оронд анир үргээж сүүлчийн шувууд ганганалдан гуниг үлдээн сандрангуй буцах нь уйтай.
Тун удалгүй хол ойроос морьтон цуглаж, цал буурал өвгөн хуураа барин тэргүүлж, цагаан цартай идээгээн барьсан эзэгтэй дагалдаж, хувин сугавчилсан хүүхнүүд дараалж, хүүхэд багачууд хөлөөр хөгжилдөн гүйлдсээр гүүн зэлнээ ирвээс.
Уургач залуус ураа гайхуулж, урдуураа гарах эмнэг хангалын араас ухасхийхэд уургач морьд зогсоогоосоо хөдлөсөн ч сүүл даган нэхэж, толгойг биш хошууг харж, урагш сунан уурга даялан шидэх агшинд морины хондлойд хоёр дөрөө ханхийн харшидах нь сонсогдоно. Хуйв даялан эргэж хангалын толгойд оров уу үгүй юү уургач аргамаг зогтусан найман ганзага цацруулан, дөрвөн туурай шийрлэн, чийгт хөрсийг сийлэн, борви сүүл нь газарт хүрэн алдан, ташуу шаасан гадас адил суух нь энэ адгуус зөвхөн энэ эрдэмд хэрхэн сурсанаа гайхуулах мэт. “Одоо ч залгаа л мэдэж дээ” хэмээн залуу урд бүүргэн дээгүүрээ даван нэг тонгойгоод эмээлийнхээ араар сууж байдгаараа гэдийн татах агшинд бүрх малгай бүчиндээ санжин унжина. Энэ бүгдийг харахад ёстой л нэг харах нүдний урам, халуун насны ааг, ховорхон заяатны удам, хосгүй нэгэн эрдэм болой.
Суран хуйв хангал адууны чамархайнд нь чивчирэн чангарахад залуус ухасхийн очиж чихдэн дарж сэв хийтэл мордон хоёр суганд нь хөлөө жийн мундааных нь согсооноос атган гэдийхэд хуйваа султган авахуй уурандаа багтрах адгуус, учраа мэдэх залуу хоёр хорвоогийн үйлийг хоёр биендээ ойлгуулах нь энэ дэлхийн хаана ч үгүй эгэлгүй нэгэн гайхамшиг.
Нэгэнт ялаа шумуулын цаг өнгөрсөн тул хөнгөн гартай нэгнээр шижигнэсэн хэдэн үрээг хөнгөлж, хөрстөд ховорхон хурдан ажнай болоорой хэмээн ерөөж,
Түй түй түрр түрр хэмээн шившиглэн үлээж босгоно.
Гэрийн эзэн тамгаа улайтгаж, гэргий бүсгүй сацлаа өргөж, ууган унагаа ивэлгэж эцсийн удаа татаад, уучлалт гуйх мэт духыг нь нэгэнтээ илэн чихтэх агшинд зүүн гуя нь янгинан хорсгож, хярвас ханхалуулан нутаг олондоо данслагдан нум суман тамга тодровоо…Тунгалаг хархан нүднээс нь шүүдрийн дусал шиг нулимс бөмбөрөн сормуусанд нь торох нь энэ хорвоогийн эхний зовлонг амсав гэлтэй.
Баруун онийг тэгнэн хэвтэх намар оройн навсгар шар нар уруудан адуун сүрэг алгуурхан цуврана. Эхээ даган гэлдрэх унага ногтны оромтой толгойгоо эхийнхээ борвинд шөргөөж, гуя нь хорссондоо сүүлээ шаравчин, эргэн эргэн янцгаалдах нь ижилдэж дассан зэл юугаа үгүйлэх мэт.
Залуу хархүү гүүн зэлээ алдлан алдлан эвхэж, хусан гадсанд нь айраг дусааж, ирэх жилийн төл бүрэн бүтэн байх өлзий дүүрэн ерөөл айлтгана.
Удам дамжсан хуураа өвгөн татаж, найрын дугараа эхлэхэд уртын сайхан дуугаа даган, ганхан ганхан түрцгээлээ. Унааны хэдэн морьд адуугаа даган байж ядан уяандаа эргэцэн янцгаана. Өвлийг өнөтэй, хаврыг ханатай давахыг бэлэгдэж энэ жилийн отгон наадаанаа их ажлын хажуугаар амжиж, амжуулж хийж байгаа нь энэ.
Сарны мөнгөн туяа мөөгөн цагаан гэрүүдийг сувд адил цайруулан цацарч, саахалтын тэртээ газарт адуу тургилж хононоо…
Бүрэн эхээрээ...

Борог өвс

8 Сэтгэгдэлүүд:


Наран ээсэн хаврын налгархан өдөр ээрэм талд цас нэгэнтээ хайлж, энд тэндгүй шалбааглан хаа нэг нуга судагт хур цасны үлдэгдэл амь бөхтэйгээр харлан цоохортоод байгаль дэлхий нялхарч, атирсан биенийхээ зоог тэнийлгэнэ.
Хөрст дэлхий аагаараан гэсэж, өт хорхой хийгээд өвс ургамалын үндэс амь орж, үржил шимээр ивэлсэн газар эхийн мөөмийг ховдоглон үмхэлж байна уу гэлтэй. Бор борхон толгодын энгэр ээвэр газарт бурзайн шаргалтах хэсэгхэн борог өвс бүтэн өвөл цасанд шалчийтал дарагдсан хэлбэрээ хадгалан бодол болох мэт хэвтэх агаад хаа зарим нэг салхинд сэрвэлзэн сэгэлзэх нь дахиж ирэхгүйгээр одсон насаа дурсах мэт. Харин нялх ногоод соёолон, хөөрхий борог өвсөн дундуур наран зүг тэмүүлэн зэргэлдээх үеийн нөхөдтэйгээ уралдан, хашгичин гарч ирнэ.
Гэнэн цайлган насандаа ч болоод тэрүү, гэрэлт ертөнцөд цухуйж чадсандаа тэрүү өөрийг нь юуханаас ч хамгаалан манаж хэвтэх урд жилийн борог өвсийг үл тооно. Урд жилийн борог өвсний доорхи уржнан жилийн өвгөн борог өвс өөрийнх нь үндэсийг хооллон өнгө зүс нь харлан хаг болон хэвтэхийг бол бүр анзаарахгүй. Анзаарахгүй ч юу байхав ерөөс тэр мэдэхгүй.
Гагцхүү ганган ногоон биеэ гялтагнуулж, нарны алтан цацраг, анхны бороон ариухан дуслыг танхилхан биендээ шингээж, өнгөний сайхныг цэцэгсийн хамт хослуулан, үнэрийн анхилууныг өргөн талаар нэг агаарын мандалд униартуулахыг хичээх мэт. Өнгөрсөн жил өөрийгөө ямар байсныг, өвгөн борог өөрийг нь хэрхэн ачласныг, орчлонгийг эрээн барааныг одоо л нэг ойлгож байна уу гэлтэй харьцуулж борог өвс өвгөн боргийн дээр, өнөө жилийн нялхасын ёроолд атиран нугарч хэвтэнэ.
Ноднин жилийн хавар бас л ийм байсан даа би. Болгоомжгүй багын зангаар салхины аясаар сэгэлзэж, бороо борооны түрүүчид баярлан ганхалзаж, болох болохгүй юмыг үл анзаарч, энэ бяцхан довон дээр ганцаараа юм шиг дэрвэлзсэнсэн. Дуутай бороог дагаж мөндөр цохидгийг, дуугүй бороо зүсэрч нар үзүүлэхгүй найм хоноход шалбийтал нороод навсайж унадагийг, эсвэл үндсээ баахан тарчлааж өөрийнхөө биеийг хорчийж хонхойтол шимээд ч юу ч гарахгүйгээр хатаж харангаддагийг мэддэггүйсэн. Энэ бүгдэд миний доор хэвтээ хаг болсон энэ хөөрхий хамгаалж намайг аварсныг тэр үед би мэдээгүй л юм даа. Бусадтай уралдан сугсарч бузгай хурдан ургаж үхэр малын хоол болдогийг энэ нялх амьтан яаж ч мэдэх билээ дээ хөөрхий. Бэржгэр хатуу хэлээрээ битүү нэг ороогоод татах агшинд чиний өмнөөс би амруу нь урьдчилж орохыг чи мэдэхгүй, буцаад эрүү нь эргэж буухаараа бузгай зөрж буудгийм. Тэр агшинг бид тэнгэрийн аз гэдгиймдаа. Бултаж бид ямар чадах бишдээ.
Нар налайсан налгар намар гэж байдгийм. Салхи салхины аясаар эм цэцэгсийн тоос энүүгээр тэрүүгээр эргэлдээд л ээдээ мөн чиг сайхан шүү. Олондоо олон тэд. Олдоно доо олдоно тэд. Сэрүүн намар наашлаад, сэрчиг сэрчиг салхи гунигаар үлээхэд сэм сэмхэн санаа алдах шиг сэрвэгэр эрэвгэр үзүүрээс чинь сэтгэл гундтал цайраад эхэлдгийм. Ээдээ! энэ орчлон хатуудаа хатуу .
Цаг цагийн хатуу эхлэж цасны түрүүч унахад, гандаж гундсан чи гайгүй сайн нугарч үндэсээн даран хэвтэх болно. Чиний доор би үржил шимээ газарт шингээн өгөрч харлан унах болно. Амьдрал гэдэг угаасаа л ийм шүү дээ.
Гэхдээ одоо чамайг хавар зун намар гээд хачин урт, дэндүү тансаг амьдрал хүлээж байнаа. Сугсайтал ургаж, сагсайтал цэцэглээрэй. Энэ сайхан дэлхий чиний үнэрт мансууран нялхарч, чиний өнгөнд баярлан бахархадгийм шүү дээ.
Бодол болон хэвтэхдээ мань борог бас болоогүй ээ хажуу хавиргынхаа борогтой хань татах мэт орооцолдон гогцоорно…
Бүрэн эхээрээ...

Би чам дээрээ эрхэмсэг очиноо.

14 Сэтгэгдэлүүд:

(хоёр дугаар хэсэг)

Дуу чимээтэй ихтэй, хүн зон хөлхсөн их хотын гудамжнаа харахад үеийн болов уу гэмээр хоёр бүсгүй бие биенрүүгээ даллан даллан өөд өөдөөсөө яаравчлан уулзав.
Арай өндөвтөр нь
- Үгүй. Та чинь яачихваа. Би бараг хагас цаг хүлээлээ.
- Харин тиймээ. Би дотроо яараад л байгаа хэр нь энэ замын түгжрэл гэдэг чинь явуулахгүй юм.
- Та урдуураа хурдны замаар яваад Энхтайвны гүүрний гарцаар гараад ирэхгүй. Жаахан тойруу ч гэсэн арай хурдан
- Бодож л байсан л даа. Эгч нь жолоо бариад удаагүй болохоор үнэндээ хурдны замнаас баахан жийрхээд байх юм.
- Өө, тийм л дээ. За энэ ч яахав. Ээжийн билетийг өөрийнхтөйгөө цуг авчихлаа. Яаж билетийн касс явнаа гэж бодож байсан чинь ашгүй Цогоо (нөхөр нь)утасдаад интернетээр авчихлаа. Хоёр суудал гарчихсан байна гэнээ гэтэл нөгөө бүсгүй нь олзуурхсан янзтайгаар
- Өө, ашгүй ашгүй. Ер нь манайхан их гадагшаагаа явдаг болсон байна шүү
- Учиргүй ээ, учиргүй гэснээ
- За явъя. Ээж гэнэт сонсоод яасан их баярлах болоо гэсээр хоёр бүсгүй сугадалцан машины зогсоол руу алхацгаав.
Арай өндөрдүү нь Үүрсолонго. хажууд нь яваа намхавтар нь Үүрийн ахынх нь эхнэр Болор (бэргэн эгч нь)
Хонх жингэнэх дуунаар эмгэн сандуу мэндүү хаалга руу алхсанаа “үгүй ингэхэд юундаа ингэж сандчаад байна даа” гэж бодсоор хаалгаа онгойлготол
- Эмээ эмээ гэсээр хэдэн хүүхэд цувралдаж, араас нь томчуул залгав.
- Хүүе, миний хүүхдүүд!Үгүй бас тээр хүргэн, бэр охин юу боловоо та нар чинь гэж дуу алдаснаа
- Еэ, бурхан минь, еэ бурхан минь гэж багачуудыг нь барьж авч үнгэлэх нь тэднийгээ хараад нар нь гарсан шинжтэй. Тэгсэнээ гэнэт ухаан орсон мэт
- Өө, зөнөг толгой ингэдгийм гээд
- Ээж нь цай хоол гээд цаашаа сандчихад.
- Ээж хэрэггүй ээ! Хэдүүлээ гараад энүүхэнд нэг аятайхан ресторан байдаг юм тийшээ оръё. Харин та хувцасаа сольж өмс гэж охин нь хэлэв.
- За, тэгье тэгье гэж эмгэн хөнгөмсөх нь ойрд энэ хэдийгээ хараагүй уйдсаны шинж.
Ресторанд хүн хар цөөтэй намуухан хөгжим эгшиглээд цаанаа нэг таатай ажээ. Булангийн нэгэн томхон ширээнд үдшийн хоол даруухан эхэлтэл Эмгэн
- Үгүй нөгөө Тамирынхан яасан? гэтэл охин нь
- Яахав дээ. Цаадах чинь ямбатай амьтан тийм ч зангиа, ийм ч цамц гээд зогсчихоо биз гэтэл эмгэн
- Байг дээ миний муу хүүг. Угаасаа л аавыгаа дуурайсан цэвэрч цэмцгэр амьтан тэгж л байг гэтэл охин нь
- Тээр, ээж Тамирыг болохоор энэ шүү дээ гэснээ
- Миний дүү ч харин муу хүн болоогүй шүү гэх нь хэн нэг нь ёозгүй үг хэлчихвий гэсэн аятай. Энэ нь дүүдээ амь байгаагийн шинж.
Аав нь тэр жил нутгаадаа явахдаа хүүхдүүдээ ээлж дараалан үнсэж том хүүдээ
- Миний хүү айлын том хүү. Аавыгаа эзгүйд энэ айлын гадуур дотуурх бүх ажил чиний толгой дээр буух байх. Аливаа юмыг заавал давхар бодож ултай суурьтай шийддэг юм шүү. Бусад нь яах вэ миний хүү сэтгэл зүрхээ чагнахад л болчих байх. Хичээгээрэй миний хүү гээд охин руугаа эргэж
- Миний охин гэр гийсэн сайхан охин болох нь дээ.Аав нь гурван хүүхэдтэй ч ганцхан охинтой хүн. Миний охин ээждээ тусалж энэ муу жаахан дүүгээ харахын дээдээр харж, хайрлахын дээдээр хайрладаг юм шүү.Ээж нь ажил ажил гээд дүүд нь цаг зав бага гаргаж мэднэ гээд духан дээр нь удаан гэгч нь үнссэнсэн.
Аавынх нь уруул үл ялиг чичигнэж байсныг мэдэрч байсан хэдий ч учир явдлыг сайн ойлгоогүй л дээ хүүхдүүд. Удахгүй ирэх байж гэсэн шүү юм бодоцгоосон байх.
Тэр цагаас хойш ах нь хичээлийн хажуугаар ажил хийж ээждээ нэмэр болох гээд гэрт бараг үзэгдэхгүй. Ээж нь ч мөн адил. Үүрсолонго дүүгээ харж хандах асрах хүмүүжүүлэх том үүрэг хүлээж, харин ч зарим залуу эхчүүдээс дутуугүй өсгөсөнсөн. Тийм болохоор дүүдээ амь. Ер нь л дүүдээ хир халдаахгүй.
Тамир ч эгчдээ амь. Ийш тийш явахаараа эхнэртээ гэхээсээ илүү эгчдээ гэх нь холгүй.
Тун удалгүй Тамирынхан шуугилдан орж ирцгээлээ. Тамирын эхнэр Сувд хадам эгч, бэргэн жаажаа нартайгаа тэврэлдэн мэндчилж, хадамдаа үнсүүлэнгээ
- Пээ, ээж ямар гоё болчихсон юм бэ? Тамираа, ээжийг хараа бүр залуужчихаж гэж халуун дотноор уулзацгаасан гэр бүл оройн хоолондоо шуударцгаалаа. Том ахаас бусад нь бүрэн цугларчээ.
Том жижиггүй л хоорондоо хөхрөлдөн хөгжилдөж, хэн нэгэн багыгаа шоолон инээлдэж, хаа нэг хөнгөн гуниг сэдрээж аавыгаан ярьцгааж үнэхээр халуун дулаан уур амьсгал нуугисан сайхан гэр бүл ажээ.
Хоолны дундуур хүүхдүүд нь
- За нэг нь хэлээчээ гэж, гэж Үүрсолонго
- За Тамираа миний дүү хэл гэтэл Тамир
- Юу гэж байгаа юм. Том эгч байхад чинь Болор эгч хэл гэх нь энэ гэр бүлд хүний өөрийн гэж ялгаагүй ахмадыгаа л хүндэлдэг нь мэдэгдэж байв. Болор босож
- Ээжээ! Өнөөдөр бид таньд нэгэн цочир сонин барих гэсэн юм. Удахгүй, долоо хоногийн дараа аав та хоёрын хуримын өдөр болно. Энэ жил тавин жил шүү дээ.
Тэгээд бид хэд ярьж байгаад таныг гадаадад амраахаар шийдлээ. Билет энэ тэрийг чинь авчихсан. Үүнийгээ өгөх гээд л бид хэд өнөөдөр гэтэл ээж нь
- Аав ээж хоёр нь энд, энэ хуримын ордонд хуримаа хийсэн шүү дээ. Тэгээд ч нэг их зардал мөнгө болоод яахнав дээ хүүхдүүд минь гэтэл Үүрээ
- Бид мэднэ л дээ ээжээ. Гэхдээ ах л ингэж шийдсэн. Ах хэлэхдээ энэ өдөр та хоёрын хуримын өдрөөс гадна, аавыг дурсах дурсамжийн өдөр байх болно. Аавыг хамгийн ихээр дурсаж чадах агшин бол та хоёрын хамгийн сүүлд салсан тэр газар байж таарна. Тэгэхээр хэдүүлээ ээжийгээ аваад тэр улсын тэр хотод, магадгүй тэр байранд очно. Ээжид хэцүү байх нь мэдээж гэхдээ бид хэд аавыгаа хамгийн тодоор санах цэг тэнд байх шиг байна. Тамираа төрсөн хийгээд бидний аавтайгаа байсан хүүхэд ахуйн дурсамжууд их бий гэж ах хэлсэн гээд ахынхаа хэлсэн
“ Тэгээд ч хэзээ хойно эргэн санахад ахад нь сонин санагддаг зүйлс их бий. Хэрвээ ахынх нь бодож явдаг үнэн бол бид энэ хоёр хөгшний хайр сэтгэл хийгээд бидний төлөө гэсэн тэр хэмжээлшгүй их тэвчээрийг, хүний санаанд багатамгүй тийм шийдэлд хүргэж чадсан тийм их хайрыг мэдрэхэд таатай байх болно” гэснийг эгээ л хэлчихсэнгүй.
- Бид ч гэсэн ахын санааг бүрэн дэмжиж байгаа гэлээ.Эмгэн хүүгийнхээ үгийг дам сонсонгоо хэсэг зуур хоолой нь сааралтаж ирсэнээ “хүүхдүүд маань ийм сайхан байхад би юу гэж усан нүдэлж болох билээ” хэмээн санаж нулимсаа аягандаа эгшээж бодол болон суух нь амьдралыг аяглаж биш ааглаж гарсан эмэгтэй гэлтэй.
- Ээж нь тэгээд ганцаараа явах хэрэг үү? гэтэл том бэргэн нь
- Үгүй ээ. Та эндээс Үүрээ Тамир хоёртой ниснэ. Цоомоо (нөхөр нь) цаанаас сүүлчийнхээ эмний нээлтэнд оролцчихоод наашаа та хэд дээр ирэхээр тохирсон
- Үгүй тэгээд энэ хэдийг яах вэ гээд ач нараа болон хүргэн бэрүүдээ хартал Сувд
- Бид хэд яахав ар гэрээ хариуцаад байж байна. Та нар л энэ удаа яваад ир. Энэ олон улс чинь зардал мөнгө нь хэцүү шүү дээ ээжээ.
- Нээрээ ч манайхан өнөр өтгөн болсон байна шүү . . .

Дунд гарын хар лимузин том хотын гудамжийг сүлжин хурдлан давхисаар нилээд хуучирсан боловуу гэмээр орон сууцны гадна ирлээ. Том хүү нь тэднийг тосон авахдаа үүнийг түрээсэлсэн байж. Эмгэн машинаас бууж уг байшинг нарны гялбаанд саравчлан харснаа хуучны танилтайгаа уулзсан мэт инээвхийлснээ
- Манайх чинь энэ орцонд байсан байхаа гэтэл
- Тиймээ ээжээ. Та яасан сайн санадаг юм бэ? Энэ хоёр давхрын энэ хоёр цонх манайх гэвэл. Тэр хүндийн хүндээр өнгөрсөн он жилүүд сэтгэлд нь хадаатай үлдсэн бололтой санаа алдаж
- Тийм л дээ. Аав чинь шөнө ажлаасаа ирээд энэ зогсоол дээр машинаа тавьчихаад шатаар өгсөхдөө биднийг сэрэхгүй гэж их л хичээсэн ч энэ модон шатыг дуугаргачихдаг байж билээ. Би хүлээж байсан хэрнээ л яг ороод ирэхэд нь хурдхан орондоо ороод унтсан дүр үзүүлдэгсэн. Яах ч гэж тэгдэг байсан юм, эрхэлж л байсан ухаантай юм байхаа даа. Аав нь орж ирээд л та гурвыг, намайг үнсдэгсэн.
Эмгэн байшингаа тойронгоо хажуу талынх нь довцог руу гарсан жижиг зөргөөр дээш өгслөө. Бага нь
- Та хаачихна вэ? гэтэл эмгэн
- Энүүхэнд нэг жижиг сандал байх ёстой гэтэл ах нь
- Ээжийг нэг хэсэг ганцааранг нь орхи доо гэв.
Эмгэн довцог дээр гарч хүүхдүүд рүүгээ эргэн хартал тэд бага байснаа ярилцаж байгаа бололтой хөхрөлдөцгөөнө. Эмгэн эргэн сандлаа харж
- Мөн байна. Энэ олон жил өнгөрч байхад намайг л хүлээж байгаа мэт байж л байдаг гээд уярч энэрсэн харцаар эгээ л хэн нэгнийг харж байгаа юм шиг харж, чичирсэн гараараа илэн байв. Тэгээд сандал дээр сууж тэртээ олон жилийн өмнөх явдлуудыг хөврүүлэн бодож эхэллээ.
Чи минь анх энэ сандал дээр тэр гай тотгорын тухай надад хэлж байж билээ. Ёстой л нэг тэнгэр харлана гэдэг л болсондоо. Одоо чи минь хаана яаж шүү явдаг юм болдоо.
Чамайгаа явсаны дараа бид хэд гэж хэдэн амьтан эхэндээ ямар янзтай байсан гэж бодно. Нулимс гэдэг чинь ширгэхдээ ширгэж, ивлэхдээ энэ нүднээс гадагшаа биш дотогшоогоо урсаж болдог л юм билээ дээ бурхан минь. Хэдэн хүүхдийнхээ л зүрхий нь хэмлэж, сэтгэлий нь сэмжлээд яахав гэхдээ л тэр шүү дээ. Чамайгаа нутаг буцаад яг хоёр сар арван зургаа дахь хоног дээрээ тэр гайт мэдээг дуулсандаа.
Мэдээ ч гэждээ мэдэж байсан юм чинь.Тийм юмыг хүлээж хүний нутагт хоног тоолон сууна гэдэг ёстой алаг зүрхний тарчлаан, амьдын тамлан юм билээ дээ. Тэр үедээ би чиний үгэнд орж энд үлдсэндээ яасан ч их харуусаж, өөрийгөө харааж зүхэхийн дээдээр зүхэж, үзэн ядаж суусансан. Утас дуугарах тоолонд зүрх зогсчих шиг болно. Сүүлдээ орчин тойрны бүх юм утгагүй мэт санагдаж, энэ бүгдийг орхин оргүй хоосонд алга болмоор өдрүүд олон байсаан.
Хажуугаар нь зүгээр байж болохгүй ажил хиймэр болох хэрэгтэй байдаг. Заримдаа ч ийм хэцүү хүнд бэрхийн дунд намайг орхиод явчихлаа гэж чамдаан хүртэл цөөнгүй өдөр гомдсон доо. Хүн цөхөрсөндөө тэгдэг л юм билээ.
Тэгж тэгж нэг өдөр муу аавын (хадам) цахиртсан дуу утасны цаана гарч
- Бүх юм болоод өнгөрлөө дөө охин минь гэж хэзээ хойно дуулгасансан. Хүний ухаан гэж тийм л байдаг юм билээ. Тэгээд
- Миний охин биеэ сайн бодоорой. Наад хэдийгээ хүн болгохын тулд охин минь өөрөө л эрүүл саруул бүрэн бүтэн байх ёстой юм шүү гэсэн үг миний насан туршийн зарчим болно гэж тэр үед бодоогүй л юм даа. Болохгүй л шинжтэй бол хүрээд ирээрэй амьд улс байна болж л таараа гэсэн үг яагаад ч юм чи бид хоёрын шийдэлийг зөвтгөсөн мэт санагдаж дотор онгойлгож байлаа. Үнэндээ бол би танайхнаас айж байсан. Үхсэн хүн босоод үг хэлэх биш гээд намайг хүн чанаргүй хандлаа гэж санахвий гэж би их ч айсансан. Харин аав ээж хоёр биднийг ойлгохын дээдээр ойлгосон юм билээ.
Түүнээс хойш нэг сар хиртэй бөглөрөөд л тэгээд л шуударсандаа. Амьдрал ч тэгж шаардсан. Аавыг утсаар ярьсанаас хойш яг долоон жилийн дараа хүүхдүүд сургуулиудаа дүүргээд бид нутагтаа эргэж ирсэндээ. Тэгэхэд аав хэсэг чимээгүй бөглөрч сууснаа ус гүйлгэнэсэн нүдэндээ баярын мишээл тодруулж
- Миний хүүхдүүд хүрээд ирэвүү. Хүсэн хүлээсэн өдөр ирдэг л юм байна гэж билээ. Чамаас хойш ач нартайгаа, надтай ч гэсэн уулзах гэж хамаг бие сэтгэлээ баран баран хүлээсэн шиг байгаа юм. Ээж өнгөрөөд жил гаран л болж байсан.
- За хүүхдүүдээ харлаа одоо бол аав нь яасан ч яахав гэж байсныг бодоход “үхэж ч болдоггүй цаг хугацаа гэж байдаг л юм байна” гэж хэлэх шиг санагдсан шүү.
Тэрнээс хойш хорин гурван жил нийтдээ гучин жил улиран оджээ. Манайх гэдэг айл одоо олон ч ам бүлтэй болсон. Хань минь одоо хаа нэгтэйгээс харж л байгаа гэж бүх амьдралынхаа туршид л ингэж бодож итгэж ирсэн. Тийм ч учраас бид хэд үргэлж хамтдаа байсан гэж боддог.
Тэгээд ч тэрүү хүүхдүүд маань чиний ухааныг өвлөж, бүгд л эх орондоо ирж, яг л чиний хүсэж мөрөөдсөн тийм хүмүүс болсондоо. Том хүү маань сургуулиа дүүргээд нэг хөөрхөн охинтой сууж гурван хүүхэдтэй болсон. Хичнээн ч олон эм бүтээв. Одоо нэг том професор болсон. Гэхдээ аавынхаа амийг авч одсон тэр өвчний эсрэг эм хараахан хийгээгүйээ. Хүүгээ зовоогоод яахав гээд энэ тухай ярьдаггүй юм.
Охин маань барилгын зураг зохиодог зохион бүтээгч болсон. Монгол улс маань урдынхаас өөр болж ёстой л бидний хүсэж байсан тэр хөгжлийнхөө голдирол руу орсондоо. Улаанбаатар хот маань олон олон өндөр барилга,гүүр зам гээд барилга байгууламж жигтэйхэн болж толгой эргэм цоо шинэхэн хот болж эхэлж байна. Үүнд охины чинь хувь нэмэр орж л байгаа. Бага маань чамаас хойш гуравхан настай амьтан үлдсэн одоо том эр бас л хань ижилтэй болж хоёр хөөрхөн жоохон амьтан хайр татаад л байгаа. Хүү нь хэдийгээр энэ улсын иргэн байсан ч би монгол хүний үр удам, монгол цустай хүн л юм бол би монголын иргэн байх ёстой. Тэр байтугай би цэрэгт явах ёстой гэхэд ах нь эсэргүүцээгүйгээр барахгүй дэмжиж бас дүүгээрээ бахархаж байж билээ. Том хүү маань хүнийг хагалгаанд ороход нь унтуулдаг шинэ эм хийсэн гэхдээ хүү нь унтуулах нь яахав сэрэхдээ яах бол гэх, охин нь шинэ барилгын зураг хийхдээ барих нь яахав хэрэв ямар нэгэн байдлаар нурах шалтаг гарах вий гэх мэтчилэн хандах нь яг л чиний минь давхар ухаан эдэнд маань өвлөгдөн ирждээ гэж бахархаж суудагдаа хэмээн эмгэний бодол хөвөрч орчлонгоос тасарсан нь илт. Хааяа нэг сэтгэлийн шаналан нүүрнээ илэрч доголон нулимс гунигтайяа хацар даган бөмбөрч, тэгсэнээ урсаж амжаагүй нулимстай нүүрэнд нь өхөөрдөл баярын инээмсэглэл тодрох нь эмгэний бодол өөрийн биеийн үйлдэлд үл гүйцэгдэх ажээ.
Чи минь яасан ч их холыг харж чаддаг хүн байсан юм дээ. Тэр үед л чи яг энэ өдрийг харж байсан гэхэд итгэмгүй юм. Чи минь тэгэхэд
- Хожмын өдөр бид хоёр зөв шийдэж дээ гээд эмгэн болсон хойноо бодож суух болно гэж билээ. Хүн л юм болохоор бас хань бараа бодогддог үе байсан уу гэвэл байсаан хань минь. Чиний минь хэлсэн
- Хүүхдүүддээ л хэрэгтэй гэж үзвэл юу гэж бодсон зүйлээ хэнээс ч, тэр байтугай надаас ч зоволгүйгээр хийгээрэй гэж байж билээ. Энэ үгнээс чи минь намайгаа хүнтэй суухыг зөвшөөрсөн хэдий ч бяцхан харамлаж байсныг чинь хожмоо ухаарсандаа. Аргагүй дээ чи минь наддаа ямар их хайртай байлаа даа.
Тиймээ! надад чиний өгсөн хайр намайг өдий хүртэл амьдрахад хангалттай хүрсэндээ.
Энэ бүх амьдрал хэдийгээр бидэн хоёрын зорилго байсан боловч чинийхээ өмнө хүлээсэн үүрэг мэтээр төсөөлөн сэтгэлийн хат нугарах үедээ нугарч, тэгшрэх үедээ тэгшрэн явсаар өдий хүрлээ. Одоо хүүхдүүдээ, амьдралаа эргээд харахад чинийхээ өмнө би нүүр бардам байхаар болжээ.
Хэзээ нэгэн цагт би чам дээрээ очихдоо эрхэмсэг очих болноо хань минь!
Гэхдээ чамдаа очоод хүүхдүүдийнхээ тухай, амьдралынхаа тухай, эх орныхоо тухай өшөө илүү сайн сайхныг, өшөө илүү жаргалыг ярьж, өөр хаа нэгтээ чамтайгаа хамт үүсгэх шинэхэн амьдралдаа дурсан санах юм ихтэй байхын тулд хань нь энд бас жаахан байх нь дээ.
Хаа нэг ганцаардахдаа чамайгаа их үгүйлдэгсэн. Гэсэн хэдий ч энэ бүх өнгөрсөн амьдралд чи минь үргэлж минийхээ болон хүүхдүүдийнхээ дэргэд үргэлж хамтдаан байсан юм шүү. Тийм учраас бид хуримаа хийсний тавин жил биш, хуримаа хийгээд тавин жил хамт байсан мэт санагдаж байна. Хүүхдүүд нь ч тэгж бодож байгаа.
Яагаад ч юм яг одоо чамайгаа хаа нэгтээгээс гараад ирдэг ч болоосой яасан их үгүйлж байнаа гэхийн сацуу нэгэн хүний зөөлөн зөөлөн ахлан ирэх чимээ ард нь гарч, халуун дулаахан гараараа мөрөн дээр нь тавихад яг л хань нь мэт санагдана. Эмгэн харцаа аажуухан эргүүлж тэр гарыг харваас яг ханийх нь гар мэт ажээ. Тэгтэл Цолмон
- Ээжээ та зүгээр биз? Ямарч хөдөлгөөнгүй суугаад байхаар чинь санаа зовлоо гэх том хүүгийнх дуу ханийх нь дуутай ямар ижилхэн байна вэ гэж санасан эмгэн
- Зүгээрээ хүү минь. Цаадуул чинь юу хийж байна? гэтэл
- Тэр хоёр Тамирын багадаа тоглож байсан тоглоомон дээр очихоор байшин тойрлоо гээд
- Ээжээ би танаас олон жил бодоод явсан нэг зүйлээ асуучих уу?
- Тэг л дээ хүү минь, ээж нь мэдэхийн боловуу даа?
- Аавыг гэнэтхэн нутаг буцсан тэр шалтгааныг би их боддог юм. Яагаад ч юм та хоёр ийм гачлант зүйл болноо гэдгийг мэдэж байсан мэт санагддаг. Тэр үнэн үү?
- Тиймээ миний хүү! Бид мэдэж байсан. Мэдэх мэдэхдээ бүр мэдэхийн цаагуур мэдэж байсан. Гэхдээ аав чинь ингэж л шийдсэн хэрэг. Гол учир нь та нарын энэ одоогийн гэрэлт ирээдүйг тэр үед аав нь харж чадсанд л байгаа юмдаа.
Бас надад ч итгэсэн чадсан хэрэг.
- Аав маань гайхалтай ухаантай хүн байжээ. Одоо би аавынхаа тэр үеийн наснаас бараг зургаа долоо ах хүн гэхэд аав шиг тэгж шийдэж чадна гэхэд эргэлзэж байна. Та аавын тэр их итгэлийг даасан шиг даасаан ээжээ. Биднийг өдий зэрэгтэй хүн болгосон ээж тандаа хүүхдүүд бид чинь хязгааргүй хайртай.
- Би яах вэ хүү минь яаж амьдрах ёстой байсан түүгээрээ л амьдарсан. Энэ бүх сайн сайханд хүрэхэд миний зүтгэлээс гадна, хүүхдүүд та нарын минь чармайлт ухаан хийгээд, бид бүгд аавыгаа сэтгэлдээ хамт байлгаж, ер нь ямарч үед гэр бүлээрээ хамтдаан байсны хүч юм шүү дээ.
Тэр үеийн бидний шийдэл бол ерөөсөө бид хоёрын ч биш асар их хайрын илчинд илэрсэн хайрын шийдэл байсан юм даа. Тийм болохоор аливаа юмыг хэдий чинээ сэтгэлээсээ хайрлаж чаднав төдий чинээ зөв шийдэлд хүрдэг бололтой юм. Миний хүүхдүүдийн хэн нь ч гэсэн цаг нь ирвэл юуг ч зөвөөр шийдэж чаднаа гэдэгт ээж нь итгэдэг дээ. Та нарын өмнө одоо амьдрал чинь гэрэлтэж байнаа хүүхдүүд минь . . .
- Тиймээ ээжээ! Энэ амьдрал, энэ улс эх орон, энэ дэлхий ертөнц тэр аяараа бидний үеийнхний гарт ирж байна. Бид та нарынхаа уламжлуулж ирсэн эх орон, зан заншил, оршин амьдрахуйн ухаан, үр ач хийгээд хайр сэтгэл, тэдгээрийн дотоод мөн чанарыг ухаарч цааш нь өртөөлөн авч явах болноо . . .
- Одоо хөдлөх үү дээ ээжээ? Эртхэн амарч хоно. Маргааш хэдүүлээ музей үзнэ. нөгөөдөр таныг энэ Үүрээтэй хамт Хавай явуулна. Тамир бид хоёр замдаа Лондон Парисаар дайраад буцна. Бидэнд бас ажил байна. Удахгүй хүүхдүүдийн сургууль эхлэнэ.
- Өө, тийм. Аавын гар бичмэлийн нооргийг би хадгалаад байдаг юм. Хобби байсан гэхэд бараг л зохиолч шахуу хүн байсан байна лээ. Манай найз ихэд ойшоосон. Тэрүүгээр нь нэг ном гаргачихвал энэ багачуудад маань хэрэгтэй боловуу гэж санах. Тэгээд ч бид бас хааяа харж суухад дурсамжтай бас сургамжтай гэх мэтээр хүү нь итгэл төгс ярихад эмгэн дотроо
“Нээрээ л эдний цаг үе иржээ” хэмээн бодсоор хүүгээ сугадан довцог уруудав.
Эмгэнийг харахад яг л тэр үеийнхээ амьдралд эргэн очиж, насан залуугийнхаа ханийг сугадан, алхаа нийлүүлэн яваа бүсгүй мэт сэтгэл нь хөнгөмсөв . . .
Амьдрал цаг цагийг өртөөлөн дуусашгүй мөнх үргэлжилсээр . . .

Бүрэн эхээрээ...

Би чам дээр эрхэмсэг очно.

0 Сэтгэгдэлүүд:

(нэгдүгээр хэсэг)

Шөнө дунд өнгөрөөд нилээд уджээ. Таг харанхуй өрөөнд цонхны цаанаас өлөн саран цаанаа нэг ёозгүй цухуйна. Хааяахан нэг машин өнгөрөхөд түүний гэрэл өрөөгөөр хагас тэнүүчлэнэ. Өрөөний хана дагуулан тавьсан орон дээр дөч гаран насны эрийг араар нь дэр хийж хагас суугаа байдлаар хэвтүүлсэн аж.
“За одоо л эхлэх нь дээ” гэж мань эр бодохын сацуу хамаг л үе мөчөөр янгинаж, ар голоос нь нэг юм зулгааж, тархи нугас, хамаг арьс булчин нь тэр чигээрээ хумин үрчийж байна уу гэлтэй. Эр хойшоогоо гэдийн атирч орны хөлнөөс тусгайлан бэхэлсэн уяанаас хоёр гараараа ороон чангаахад залуугаасаа хөгжүүлсэн булчин нь товойж, судас нь гүрийнэ. Цоо эрүүл гучин хоёр цагаан шүд нь тачигнан хавирч, орчны нам гүмийг эвдэнэ. Хоёр нүднээс нь гал бутарч байгаа юм шиг маналзаж, толгой дотор нь ямар нэгэн юм нэгэн хэмнэлээр давтаж, тархи нь юу юугүй задрах гэж байгаа мэт ангалзана. Хамрын самсаа сарталзан, өөрийн эрхгүй хоолойны нь угт гийнах хүнгэнэхийн засвар дуу гарч, хамаг биесээ чангалан юутай ч юм тэмцэлдэхэд арьсных нь сүв болгоноос бөнжийж гарах хар хөлс хүзүү шанаа, цээж бөгс, булчин шөрмөс тэр аяаараа халуу дүүгэн норно. Муу бэлэг эрхтэнийх нь үзүүр чимчигнэн юу юугүй алдахнуудаа гэхийн зуур бүхий л бие нь тавирч эхэллээ. Тас аньсан нүдээ алгуурхан нээтэл нүдэнд нь хурсан нулимс шанаагий нь даган сул асган урсана.
Уяагаа алгуурхан тавьтал цус нь боогдсондоо хурууны нь үзүүр чимчигнэнэ. Энэ бүгдийн дараа мань эр уртаар амьсгаа авч
- За яахав энэ удаагийнх нь нэг юм өнгөрлөө. Муу аавыгаа сэрээчихээгүй байгаа даа, одоо нэг цаг орчим гайгүйдээ амандаа шивнэнэ.
Уг нь энэ ганц цагт сайн унтаад авбал залууд хэрэгтэй. Дараа дараагийн дайралтанд тэнхээтэй байх аж. Даанч нойр нь хүрэхээ байжээ. Тэгээд ч түүнд арав хүрэхгүй цаг үлдсэн учир бодол санаа нь үзсэн туулсан өнгөрсөн амьдрал хийгээд алс тэртээд байгаа эхнэр гурван хүүхэд, бага зауу нас, анд нөхөд үгүй ер нь юу эсийг бодох билээ. Мөн түүний сүүлийн хэдэн сарын амьдрал илүүтэй бодогдох ажээ.
Энэ эрийг Готов гэх бөгөөд харахад энэ залуу нуруу түрүү бие хаа, булчин шөрмөс, тэгш цагаан шүд, том алаг нүд, хийгээд ухаалаг сэргэлэн зан ааш гээд хорвоо түүнд эр хүний гоо сайхныг даанч нэг харамгүй заяажээ. Дээр нь айлын ганц хүү бөгөөд эцэг эхийн суурь хүмүүжил, боловсрол сайтайн дээр өөрөө сэргэлэн гярхай нэгэн учир зах зээлд нилээн сүрхий явсан ч гэнэн итгэмтгий зангаас болж хамтрагчдаа хамаг юмаа алдчихдаг байна. За тэгээд арилжаа наймаа ч муудах тийшээ хандахын цагт өөрт танил нөлөө бага тул олигтой ажил төрөл олсонгүй. Аргагүйн эрхэнд эхнэр хүүхдээ аван хүний нутагт цагаачилж хэдэн жилийн нүүрийг үзэж шинэ хүүтэй ч болж, илүү дутуу юманд санаа зовохгүй ажил амьдралаа залгуулаад бас ч үгүй аав ээж, хадмууд болон амьтан ах дүүд боломжийн хэрээр туслан хүү нь, хүргэн нь болсоны хэрэг гарч байна даа хэмээн бодож ханьтайгаа, хэдэн хүүхэдтэйгээ ёстой л нэг сэтгэл дүүрэн явсансан.
Готовын эхнэр Цэрмаа гэж гялалзаж шавалзсан хулан хөдөлгөөнтэй, алаг нүдтэй намхавтар нуруутай бондгор хүүхэн байх. Том хүү Цолмон. Удаах охин нь Үүрцолмон. Харин энд төрсөн хөөрхөн амьтныг Тамир гэнэ.
Мань эр энэ газар хэл усандаа овоо болсон учир эмнэлэгийн байгууллагад ажилд ороод бүр сайчуудын тоонд ороод тууж явсан юм. Гэтэл сүүлийн үед нойр нь сэрвэлзээд , нүд нь улайгаад шөнө дунд үе мөч нь янгинаад байх боллоо. Хүний нутагт ямар эрүүл мэндээ нэг их анхаараад байхгүй, тэгээд ч ямар тэр айхтар даатгал маатгал нь байх биш
- За жаахан ядраа биз гэсхийгээд л өнгөрчээ. Эхнэр нь харин
- Чи минь нэг л ядраад байнаа даа. Уг нь болдог бол эх орон руугаа нэг яваад аав ээж ,уул усандаа очоод ирдэг бол... Даана ч гээд санаа алдана.
Мань эр ч тоосон шинжгүй
- За за гайгүй дээ хө. Нэг л өдөр эх орон, аав ээж элгэн садандаа очно доо гээд өнгөрсөнсөн.
Нэг өдөр өөрт нь овоо талтай, мэнд устай явдаг нүдэндээ шилтэй, хянган хамарласан хэл яриа хийгээд царай зүс нь бас л гаднаас ирсэн болов уу гэмээр нэгэн эмч тааралдаад их л нухацтай нь аргагүй шилнийхээ дээгүүр харж
- Чи зүгээр үү? Бие хаа чинь гайгүй юү? Нэг л хачин байна даа би чамаас ерөөсөө шинжилгээ авнаа гэнэ. Тэгэхэд нь Готов нэг их юм бодсон ч үгүй “Юу ч болоогүй байхад үгүй эд нар мөн сүртэй улс шүү” гэсэн шүү юм бодсоноо. “Үгүй, энд ажилддагийнх үнэгүй шинжилгээ өгчихөд яах вэ дээ” гээд өгч орхилоо. Түүнээс хойш хоёр ч удаа шинжилгээ авлаа. Түүний хариу гарсны дараа танил эмч нь царайгаа төв болгоод - Чи маргааш миний өрөөнд нэг цагт гэрийнхээ хүнтэй хамт ирээрэй гэнэ. Тэр өдөр Цэрмаа ажилтай байж таарсан тул ганцаараа давхиад очтол
- Танай хүн чинь ирээгүй юмуу? гэнэ
- Үгүй гэтэл эмч жаахан дурамжхан байгаа нь илт
- Уг нь ирсэн бол зүгээрсэн. Гэхдээ энэ яахав чиний хэрэг харин чи өөрөө заавал мэдэх ёстой гээд л энэ өвчний тухай, дэлхий нийтээрээ тэмцээд өдий хүртэл үр дүнд хүрээгүй байгаа тухай, өөрт нь газар авсан тухай,ер нь эмчилгээгүй болсон, маш богинохон хугацаа үлдсэн тухай, чиний биений эсэргүүцэл сайн үнэхээр онцгой биетэй учраас өдийд ингээд яваад байгаа тухай, сүүлчийн сар бараг хэвтэрт орох тухай гээд маш олон зүйл ярилаа. Хүн гэдэг амьд явах хугацаандаа юу эсийг сонсох билээ. Гэхдээ яг өөр дээр тулаад ийм юм сонсоно гэдэг үнэхээр өөр ажээ.
Готов хичнээн их биеэ барьж байсан ч сүүлдээ чих нь шуугиж ,нүд нь бүрэлзээд юу яриад байгааг ойлгохоо больж эхэллээ. Гэсэн ч биеэ хүчлэн барьж маш энгийн байдалтайгаар
- За байз би одоогоор юм ойлгоход хэцүү байна. Маргааш ирвэл та завтай юу?
- Ок! Маргааш дөрвөн цагт гэлээ.
Түүнээс хойш Готов маш хүнд байдалтайгаар өдрийг арай чүү гэж өнгөрөөв. Яг юу хийгээд байгаагаа ч мэдсэн юмгүй шахам байж байгаад л нэг юм ажлын ард гарлаа. Гэртээ харих ч хүсэл байсангүй. Гадаа сууж эхнээс нь бодож эхэллээ. Өөрөө өөртөйгөө ярьж баахан уйлав. Хүн амьд яваагийнхаа сайн сайхныг тэр болгон ойлгож мэдэрдэггүй бололтой. Үхэл амьдралын зааг дээр ирсэн хүн амьд явах алтан хором амьсгалынх тоолонгоор хорогдож байгааг мэдрэх нь ямар их гаслан бэ. Хэдий тийм ч Готов уртаар санаа алдан сэтгэл доторхоо бага ч болов үргээгээд
- За би үхэх нь гарцаагүй гэхдээ хэзээ? хэдийд? яаж? ... Тайван л байх хэрэгтэй
Маргааш эмчтэй уулзъя, сайн асууж лавлая хэмээн бодлоо.
Гэртээ иртэл Цэрмаа үүдээ нээснээ
- Чи минь яачихаа вэ? Нүд чинь бөлцийгөөд, нойр муутай хоноод дээр нь их ажиллаад ядраа юу? Найз нь сайхан шөл хийж өгье. Миний өвгөн усанд ор гээд эргэлээ.
Готов усанд орох зуураа
- Энэ хорвоогоос ингээд эднийгээ орхиод явна гэж үү. Энэ эмч ер нь үнэн яриад байна уу? Эсвэл...
- Үгүй, гэхдээ надад яах гэж худлаа ярих билээ. Тэгээд л үр хүүхэд хань ижилээ бодохоор цээжнээс нэг юм огшоод арай л гэж биеэ барьж байв.
Маргааш нь эмч дээр дахин очоод бүх юм тодорхой боллоо.
Эмчийн хэлснээр бол түүнд ердөө дөрвөн сар л үлдэж. Одооноос эхэлж бага зэрэг шаналгасаар сүүлчийн хоёр долоо хоног тэсэхүяа бэрх өвдөх гэнэ. Түүнийг тэсвэрлэн давахад хэцүү тухай дурдаад авав.
Үүнээс хойш Готов хэдэн өдөр бөглөрч явсаны эцэст богино хугацаа үлдсэнийг ухаарч хувь заяатайгаа эвлэрч чухам яагаад ч юм сэтгэл шулуудаж, юуг ч юм амжуулах хүсэлд автаж ёстой л нөгөө цайрна гээч нь боллоо. Бүр өөрөө ч гайхмаар.
Гэхдээ Готовын хувьд амьдралд хичнээн хайртай, түүнд хичнээн үнэнч байсан нь талаар өнгөрч байгаа мэт санагдана. Гарцаагүй үнэний өмнө хүн хэдийгээр сул дорой байдаг ч одоо түүнд гунихарч гоморхож, уйлж унжиж суух цаг нэгэнт байсангүй. Тэр үнэхээр ухаалаг тайван байгаа нь уншигч авхайд хүртэл гайхмаар байгаа биз. Гагцхүү үлдэж байгаа даа л санаа нь зовох ажээ. Тэгээд тэр орон гэр ахуй, хүүхдүүдийн сургууль соёл бүхий л зүйлсийг эхнэртээ аль болох амар байхаар бодолцож зохицуулж эхэллээ.
Готов Цэрмаа хоёр хэдийгээр хүнд хүчир ажил хийж амьдарч байгаа ч хүүхдүүдийнхээ тав тух, сурч боловсроход нь гар татахгүй гэж хүүхэд болгоныхоо тоогоор дөрвөн өрөө байр хөлсөлдөг байснаа больж Цэрмаагийнхаа ажлын ойролцоо хоёр өрөө болголоо. Өөрийнхөө унадаг машиныг бензин их идээд гэж шалтаглан зарчихав, хэдийд ч эх орондоо ирж магад тэр үед хэрэг болно хэмээн хоёул эрвийх дэрвийхээрээ цуглуулсан гурван өрөө байрныхаа мөнгийг эхнэр хүүхдийнхээ нэр дээр болгочихов. Тэгээд ч өөр юу байхав дээ зайлуул ямар хүнтэй адил ууж идэж хурааж хумисан юм байх биш. “Хүн ер нь сайхан амьдрахад нэг их юм орохгүй дээ” гэж амгаландуухан боддог байсан учир хэдэн хүүхэд сайхан ханиас өөр эд хөрөнгө гэх юм түүнд байсангүй. Эмнэлэгийн чиглэлээр сурдаг хүү Цолмонгоо уурлан байж сургуулийнх нь дотуур байрнаас гаргаад гэртээ авчрав. Цолмон оюутны байранд олон залуустай хөгжилдөн байх дуртай авч эцгийнхээ үгнээс зөрж чадсангүй.
Өөрөө даргадаа элдэв шалтаг тоочин илүү цаг л байвал ажиллах болов. Энэ бүгдийг янзалсаар хоёр сарыг юу юугүй өнгөрөөчихөв. Угаас бие сайтай тул хоёр сар нэг их шаналгааүй өнгөрлөө. Гагцхүү Цэрмаадаа л яаж ойлгуулна даа л гэж зовно.
Үнэн худал шалтаг тоочоод хэрэлдэж хэдэрлээд салсан болоод явбал... гэж санаснаа
Тэгж ч биенийхээ тал болсон ханиа амьдаар нь хатааж, үр хүүхдээ амьдаар нь өнчрөөвөл хожим хойно хүүхдүүдийн маань хувь заяа буруугаар эргэж амьдралд нь муугаар нөлөөлж мэднэ. Нөгөөтөйгүүр насан багын ханиа гомдлын нулимастай, хагацал салалтын хар муухай толботой үлдээж хэрхэн болох билээ. Готов үүнийг яасан ч чадахгүй. Ийм зүйл бодож чадсандаа өөртөө цухал төрнө.
Сүүлийн хэдэн сарын Готовын байгаа байдал болон хийж байга бүхэн нь эрс өөрчдөгдөхийг ажиглаж байсан Цэрмаа
- Үгүй, чи минь юу л болоод байна даа өвгөөн. Юу ч байсан надтай зөвлөдөгсөн яагаад байгаа юм дээ ? гэж шалгаана. Энэ бүгдийн эцэст Готов хэдий шаналж байгаа ч бүх үнэнээ хэлэхээр шийдлээ. Муу Цэрмаагаа зовооно гэхээр өр нь өвдөж түүнийхээ царайг яаж харна гэхээс өөрөө үхэхээс хэцүү зүйл тэр мэт санагдана. Гэвч яая гэхэв түүнд хугацаа байсангүй.
Нар ташсан нэгэн намуухан орой Готов эхнэрээ дагуулаад гарлаа. Ээж аав хоёр нь оройтох байх миний хүүхдүүд дүүгээ аваад унтаж байгаарай гэж хүүдээ шивнэж амжив. Гарахдаа нууцалж байсан эмнэлэгийнхээ бүх бичиг цаасыг авч эхнэртэйгээ нэгэн цэцэрлэгт сууж бүх үнэнээ хэллээ. Хорвоод хүн болсоных үүн шиг хэцүү хар өдөр гэж түүнд байсангүй. Хөөрхий Цэрмаа эхлээд худлаа гэж баахан цамнав. Хоёр муу гараа зангидмар болж Готовын цээжрүү хэд савчиснаа, сөхөрөн унаж газар сарлан цурхиран уйлна. Чухамхүү ямархан хүнд хэцүүтэй тулгарна гээч нь энэ вэ.
Мэдээж энэ орой энэ бүхнийг эцэслэн шийдэж чадаагүй юм тэр хоёр. Гагцхүү хүүхдүүдэд одоохондоо бүү дуулгаарай л гэж Цэрмаагаас гуйлаа.
Хэдхэн хоногийн дотор Цэрмаагийн царай гундаж эхэллээ. Хүн гэдэг зовлонг даадаг ажээ. Шөнө өдөргүй нет дээр сууж уг өвчний тухай унших, мэдэж чадах бүхнээсээ асууж сураглах авч өөдтэй хариу олдолгүй үнэний мухарт шахагдана.
Хий дэмий л эртхэн хэлэхгүй гэж ханьдаа ч юмуу хэнд ч юм гоморхоно.
Хаа очиж эрийн сайхантай ханилж, үеийн хүүхнүүдийн атаархалыг гозолзуулж, үр хүүхдээн төрүүлж, жаргаж өнгөрүүлсэн хоногийн тоо ийм богинохон гэхэд итгэж ядна.
- Үгүй ээ би ингэж зүгээр сууж болохгүй хэмээн өөрөө өөрийгөө шахан бүх л сайн гэсэн эмнэлэгт хандсан ч даанч яаж ч чадахгүй гэсэн хариу ирсээр бас нэг сарыг алдчихлаа.
Готов одоо нилээн шаналгаатай шөнөдөө заримдаа ёолж сэрэх боллоо.
Цаг улам л давчидсаар. Готовын гол зорилго бүхнийг Цэрмаад ойлгуулж гэр бүлээ эндээ үлдээх, өөрөө эх орондоо очиж аав ээжтэйгээ уулзаж хэд хоноод л энэ хорвоогоос буцах төлөвлөгөө зохиолоо. Энэ нь төлөвлөгөө ч гэж дээ аргаа барсан хүний аргагүйтсэн санаа байлаа.
Тэгээд нэг өдөр Цэрмаатай хоёулахнаа байхдаа анх түүнийг хэрхэн харснаа, яаж санаж мөрөөдсөөр өөртөө өөриймсүүлснээ, үр хүүхэдтэй болсон хийгээд эхнэрийнхээ мэдэх болгоныг хөврүүлсээр байлаа. Цэрмаа харин “Энэ маань юу л гэх гээд байгаа юм бол доо.Юм гуйх болохоороо л ингээд эхэлдэгсэн” гэж бодон Готовыг харна. Готов цааш нь
- Хүн болсных хүн ер нь ямар нэгэн зүйлийн төлөө итгэл үнэмшилтэйгээр зүтгэж, хийж бүтээж, түүгээрээ бахархаж амьдрах ёстой юм даа. Чи бидний хамгийн сайн хийж чадах зүйл маань энэ хэдэн хүүхдийг сайн сайханд хүргэх л явдал юм байна. Үүний төлөө бид хоёр чадлаараа тэмцэх хэрэгтэй болж. Найз нь мэдээж ингээд чадахаа байлаа.Чи минь л цааш нь ганцаараа үргэлжлүүлэх боллоо. Хэдийгээр чамд минь хэцүү байх боловч ингэхээс өөр зам алга. Миний хань маш тайван уужуу байж одоо байгаа нөхцөл байдлыг ухаараач гэж гуйх гэсэн юм гэлээ. Гэтэл Цэрмаа
- Чи минь юу яриад байгаа юм дээ?
- Найз нь ирэх долоо хоногт буцъя даа. Миний хань хүүхдүүдээ аваад үлдэх хэрэгтэй байна гээд тавьчихлаа. Цэрмаагийн нүд нь нэг их том болж ирсэнээ
- Юу гэсэн үг вэ? Тийм юм гэж юу байсан юм гээд л урсгалаа.
- За тайвширдаа. Би энд ч адил, тэнд ч адил. Чи минь буцвал тэнд ажил төрөл ч олдохгүй, хэдэн хүүхдийн сургууль соёл ч өнгөрнө. Бага маань ч эрүүл саруул өсөө ч үү, үгүй ч үү. Эндээ байж байвал ядаж хоёр том нь сургууль соёлоо дүүргэчихээд ажил амьдралын захаас зуучихаад буцацгаавал чамд дэмтэй. Харлах гээч нь болсон болохоор одоо надтай явлаа гэхэд буцаж ирж чадахгүй тэндээ түгжигдэх болно. Бодит байдал ийм байгаа болохоор бидэнд өөр сонголт алга байна. Чи бид хоёр чинь эцэг эх хоёр шүү дээ. Энэ хэдэн хүүхдийн сайн сайхан амьдралыг үргэлжлүүлэх ёстой гээд л үгээ таслуулахгүй гэсэн шиг урсгаж гарав. Гэтэл Цэрмаа
- Үгүй ээ, үгүй. Би чамайг эндээс чи минь явдаа, тэнд очиж үхдээ гэж хэлж чадахгүй шүү дээ. Чи намайг бод л доо. Эх орондоо очиж байгаа юм чинь амьтан ах дүү байна болох л байлгүй дээ. Би чамтайгаа ханилснаас хойш чинийхээ үгээр л явдаг байсан. Тэгсэндээ ч бид өдий зэрэгтэй яваа гэж боддог, алдаа ч үгүй.
Харин энэ удаа чадахгүйнээ. Бид хэд чамтайгаа хамт буцна гээд л цамнав.
- Тийм л дээ хонгор минь гэж Готов байдлыг зөөлрүүлэхийг хичээж
- Би эх орноо муу муухай гэж байгаа юм биш. Гэхдээ бодит байдал манай гэр бүлийн хувьд үүнээс олигтой гарц олдохгүй байна. Тэнд байхад үр хүүхэд маань их л сайн сайхан байлаа гэхэд чи бид хоёроос илүү гарч харагдахгүй байна. Гэтэл хүмүүн бид чинь үргэлж урагшаа, үргэлж өөдөө, үргэлж сайн сайхан, хөгжил дэвшлийн төлөө тэмцэж байх ёстой шүү дээ. Ингэхийн тулд хүүхдүүд маань өмнөх өмнөх сургуулиа дүүргээд дараагийн шатандаа сурвал эндээ арай дээр байгаа нь өнөөгийн хувьд гарцаагүй үнэн. Магадгүй миний хүү энэ өвчний эсрэг эм тариа хийгээд хүн төрөлхтнийг аврах ч юм билүү хэн мэдлээ.
Эрдэм мэдлэгтэй болоод эх орноо санаж мэдрэх хийгээд хүн болж ухаажаад ирэхийн цагт тэд эх оронруугаа тэмүүлэх нь гарцаагүй.
Тэгүүлэхийн тулд ч би тэнд очиж . . . гэснээ хоолой нь зангирч үгээ тасалж хэсэг байснаа
- Тэр цагт чи минь хажуугаас нь дэмнээд өгвөл болох нь тэр. Ер нь ч тэгээд энэ хэдийг чи бид хоёр л энд авчирсан юм чинь буцааж эх оронд нь хүлээлгэж өгөх нь чи бид хоёрын үүрэг шүү дээ. Хэдийгээр аж амьдрал хөөж энд ирсэн ч гэсэн тэр орны охид хөвгүүд шүү дээ бид чинь гэж намуухан хүүрнэв. Цэрмаагийн дууны өнгө өөрчлөгдөж
- Ишш! миний өвгөн ийм байдалд орчихоод юун ч их юм ярьдаг юм билээ дээ. Төдийгөөс өдий хүртэл ханилчихаад одоо хэрэгцээгүй болсон бол буцдаа ,би энэ хэдэн хүүхдээ бодож байна гээд намайг үлдэнэ гэж яаж бодоод байгаа хүн бэ? Юун амгалан юм боддог юм. Адаглаад бурханы оронд очсон ч бузартай гээд авахгүй биз дээ гэхэд Готов хаа нэг хошигнохоороо гаргадаг царайгаа гарган гунигтай ч гэсэн нүдээ жаатайлган сахилгагүйтсэн харцаар Цэрмаагаа харж
- За за би түрүүлээд очих юм чинь бурханыг аргалчихна гайгүй гээд инээмсэглэв
- Хн! гэснээ эхнэр нь инээх уйлахын завсар нулимсаа арчивч хатуугийн хатуу хувь тавилангаа яаж ч үл чадна.
- Худлаа худлаа тоглосон юм. Хань минь дээ ийм үед харин бүр их амгалан болчихдог юм байна. Одоо ч гэсэн хар л даа.
Хэдийгээр чамд минь хэцүү байгаа боловч хэзээ өнгөрсөн хойно санахад “энэ цаг үед бид хоёр зөв зүйтэй шийдэждээ” гэж бодож суухад сайхан байх болно.
Тэгээд ч энэ их хайраар хашиж, сэтгэлээр түшсэн гал голомтоо унагаж унтраахгүй авч явах том үүрэг чамд минь үлдэх нь. Үүнийг чи чаднаа. Би та хэдийгээ тэндээс үргэлж харж байх болно. Чи минь амьдралд, хүүхдүүдэд хэрэгтэй л бол зөв гэж бодсон зүйлээ хэнээс ч, тэр байтугай надаас ч зоволгүйгээр хийж байгаарай.
Чи минь миний төлөө гэж бодоод энэ удаа бас зөвшөөрчих. Чамайгаа дандаа зөвшөөрдөгийг би мэднэ. Гэвч энэ гуйлт хамгийн сүүлчийнх бас хамгийн агуу нь гээд тийм гэхийн аргагүй хайр гийсэн харцаар харж, халуун энгэртээ Цэрмаагаа тэвэрлээ.
Хөөрхий Цэрмаа учирсан гай, ухаарч сэнхрүүлэх Готолын яриа, үр хүүхдийнхээ ирээдүй гээд олон олон асуудлын дунд хий дэмий л ам нь ангалзаж, нулимсаа арчин санаа алдахаас өөрийг хэлж чадсангүй ээ.
Дараагийн ээлж яах аргагүй болжээ. Дахиад л шилэн хүзүүнээс нь татаж, тархи нь янгинаад, хоёр нүдэнд нь гал дүрэлзэх шиг.
- За даа эхэллээ дээ гэж Готов амандаа бувтнаад, уяанаасаа зулгааж, амандаа хөнжлийнхөө захыг зууж, гэдийн яраглана. Энэ удаа нэг их удсангүй арваад минут үргэлжлээд дууслаа. Готов ганцаар ярина.
- Би уг нь үхэл чамтай эвлэрч ,чамтай уулзахад аль хэдийн бэлэн болсонсон. Гэтэл чи заавал намайг энэ өвчний өмнө өвдөг сөхрүүлж, намайг өөрийн минь гараар егүүтгүүлж, үхэл чи өөрийнхөө өмнө адгийн арчаагүй байдлаар очуулах гээд байх шиг байна. Би хэдийгээр дуусаж байгаа ч гэсэн даанч нэг тэгэхгүй юм даа. Хаа очиж би тийм өчүүхэн хүн биш юм. Чи намайг сонс !!! Үхэл би чам дээр эрхэмсэг очих болно.
Харин үр хүүхэд, аж амьдралаа ганцаар дааж үлдсэн өөрийн минь тал болтлоо ханьссан ханьдаа би мэхийх болно.
Үйлийн үрийн заяанд үр болгон төрүүлж өсгөсөн үсэн буурал аав ээжээсээ алтан дэлхийд олдсон ганцхан үр нь болчихоод, амьдад нь үхэж зовоож байгаа болохоор тэдэндээ сөгдөн мөргөх болно.
Түүнээс биш үхэл чи болон чиний үнэнч туслагч өвчний өмнө өвдөг сөхрөхгүй шүү.
Миний хүү энэ өвчнийг чинь нэг учрыг нь олох байгаа гайгүй.
Тэр ганцаар бодсоор бас ярьсаар...
Нөгөө өрөөнд өвгөн эцэг нь унтсан дүр эсгэж хөрвөөнө. Сүүлийн хэд хоног бас л унтсангүй ээ. Хол явсан хүү нь нэг л өдөр хэл чимээгүй инээсээр ороод ирсэнсэн.
- Үгүй энэ чинь миний хүү. Хаанаас? Хэзээ? Нөгөө хань ижил үр хүүхэд гээд л бараг мэндийн зөрөөгүй шахам шалгаасансан.
- Зүгээр зүгээр хэд хоног нутагтаа сайхан амраад буцна гэх авч нэг л өөр.
Эмгэн нь сандчаад л тогоо шанага, хоол унд...Тэр өдрөөс бараг хоёр долоо хонож байгаа нь энэ. Өьгөн хүүгээ яраглахыг сонсох авч, очиж хүүгээ зовоогоод яахав хэмээн санаж, хоолой нь хорсох шиг болоход хий ханиана.
- Хүүгийн хэлснээр бол ямарч арга байхгүй л гэх. Би ч өдөрт сүм хийдээр эргэхээс өөрийг чадахгүй юм даа. Ээжийнхээ санааг зовоочихно гээд хэлэхгүй байхыг гуйгаад байсан. Муу эх нь зөнгөөрөө гадарлаж байдаг юм боловуу даа. Юм л бол уйлаад л байгаа харагдах юм.
Мэдсээр байж, харсаар байж өдөр өдрөөр хүлээнэ гэдэг яасан ч хэцүү юм байдаг юм. Олон жил хүсэж хүлээсний эцэст арай гэж олдсон ганц үр минь юмсан. Хөөрхий өдөр болохоор инээж хөхрөөд, ярьж хөөрөөд тун ч сэргэлэн болчих юм. Миний хүүгийн ярьж хэлж байгаа нь, бодож санаж байгаа нь, юмыг ондоо өөдрөг гэрэлтэй талаас нь харж байгаа зэрэг нь бусад хүнээс хувь илүү юмаа.
Арай л дэндүү эрт, арай л дэндүү залуухан байна даа миний хүү.
Бидний энэ үеийн хүмүүс гэж дайн байлдаан, үймээн самуун болоогүй байхад хил даван цагаачилж, хагацаж салахын үед ч цугтаан байж болдоггүй тэртээ холоос санаж сарвайсаар салцгаадаг. Үр хүүхэд нь ч дэргэд нь байж болдоггүй, харж ч болдоггүй, барьж ч болдоггүй муулж ч болдоггүй, сайлж ч болдоггүй, тэр гэхийн тэмдэггүй ямар гээчийн хувь тавьлан гэж ийм байдаг юм, сэтгэл итгэл алдраасан хаашаа янзын нийгэм гээч нь энэв дээ бүү мэд гэж өвгөний хоолой цахиртана.
Гал голомт сахиж үргэлжлэх үр удмыг минь төрүүлж өсгөж байгаа хөөрхий бэрээ л бодох юм. Одоо ганцаар бүхнийг авч явна гэдэг бүсгүй амьтанд хэцүү дээ. Даа ялангуяа хүний нутагт.
Эд маань хоорондоо их л сайн ярилцаж дээ зайлуул. Түүнээс манай бэр бас тийм амар үлдэх хүн биш. Магадгүй эдний маань зөв ч байж мэднэ. Одоохондоо энд ирээд бүх юм хэцүү л байх шиг байна.
Хүн ер нь хэд наслах нь яахав. Энэ хорвоод хүн шиг хүн болж чадах нь л чухал юм даа. Хүн болж чадаагүй муусай юмнууд гудмаар дүүрэн л байх юм. Миний хүү ч харин хүний дайтай хүн болсым байнаа. Сайхан хүүтэй, сайхан бэртэй, сайхан ач үрстэй байна гэдэг хамгийн эрхэм жаргал байдаг юм байна даа. Энэ бүхнийг амьдад минь үзүүлсэн хүүдээ аав нь даанч нэг хайртайсан.
Энэ буурал хорвоогоос буцталаа аав нь хүүгээрээ бахархаж бахдаж байх болноо.
Он цагийн уртад үрчийж атираатсан нүүрэн дээгүүр нь хагацал харууслын өнчин ганц нулимс тамирдаж туйлдсан мэт аажуухан доошлоно.
Дахиж эхэлсэнгүй ээ.Сүүлчийн хэдэн цаг өвдсөнгүй. Готов өвчнийг ялан дийлжээ. Өвчин одоо түүнийг яаж ч чадахгүй болжээ.
Харин жихүүцэх шиг санагдаад гараа барьж үзтэл нэг их юм мэдэгдсэнгүй. Гараа цээжин дээрээ тавьтал гар нь үнэхээр хүйтэн болжээ.Нойр нь ч хүрэх шиг.
- Шөнөжин унтаагүй болохоор тэр байхаа даа. За байз унтахаасаа өмнө Цэрмаадаа утасдаж урьдын адил тэвчээртэй байхыг гуйх хэрэгтэй юм байна даа . . .
Готовын ухаан атаархмаар саруулхан байлаа. Ханийх нь насан залуугийн инээмсэглэх төрх нүдэнд нь үзэгдээд, хүүхдүүдийнх нь шуугилдах чимээ чихнээ сонсогдоод, нэг их гэрэл гэгээ тэднийг минь гийгүүлээд л тэгсэн хэрнээ алгуурхан цаашлаад л . . .
Үүр хаяараад нарны туяа цонхноо тусаад өрөө хачин саруулхан, өглөөний сэнгэнэсэн сэрүүн агаар орж өрөөгөөр сэлгүүцнэ.
Шувуудын жиргээ тодхон сонсогдоод ер бишийн сайхан өглөө ажээ.
Харин нэгийг явуулж, хаа нэгтээ нөгөөг угтах буурал хорвоо л харин хэнэггүйхэн хэвээрээ . . .
Бүрэн эхээрээ...